Tuulaihüü
![](../assets/images/interviewees/990187.jpg)
Basic information
Interviewee ID: 990187
Name: Tuulaihüü
Parent's name: Shirendev
Ovog: Hotgoid
Sex: f
Year of Birth: 1939
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education: economist
Work: retired, economist
Belief: Buddhist
Born in: Nömrög sum, Zavhan aimag
Lives in: Han-Uul sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
privatization
relations between men and women
work
funerals
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
democracy
privatization
family
work - labor
foreign relations
funeral rituals
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
За сайн байна уу, та?
Туулайхүү -
Сайн сайн байна уу.
Саранцэцэг -
Та 1990-ээд оны үеэр ардчилсан хөдөлгөөн Монголд гарч байх үеэр таны амьдрал ямархуу байв, яг тэр үед танай хүүхдүүдээс тэр ардчилсан хөдөлгөөний жагсаал юманд оролцож байсан уу, та тэр талаараа ярьж өгөхгүй юу?
Туулайхүү -
90-ээд оны үед сураг дуулдаад л байдаг байсан. Дуулдаад л байсан. 90-ээд оны л эхэн үе юм даа, гэнэтхэн л нэг тооллого явуулаад л бүх дэлгүүр хоршооны юмнуудыг чинь хураагаад л тэгж байлаа. Лангуун дээр нь ёстой давс, гоймонгоос өөр юмгүй байлаа, ингээд л эхэлж байсан. Тэгээд л тэрний дараахан чинь Ардчилсан холбоо эвсэл гарлаа, өлсгөлөн зарлаж байна гээд л тэгээд нэлээд хүн амьтан ч сэтгэл санаагаар тогтворгүй, алийг нь ч ойлгохгүй, сайн ч юм гарч байгаа юм уу, муу ч юм гарч байгаа юм уу, ойлгодоггүй, тиймэрхүү л байсан үе шүү дээ. 90 оны үед чинь тэгээд тэр үеийг чинь дэмждэг ч үгүй, чагнаад л байж байлаа, тийм л байлаа.
Саранцэцэг -
Ер нь тэр ардчилсан хөдөлгөөн гарч байх үеэр хүмсүүд юу бодож байсан бэ, энэ ардчилал гарснаар бид нарт юу авчирна гэж их боддог хүлээдэг байсан болоо?
Туулайхүү -
Ер нь тэр 90 оны үед чинь хүмүүс нэг их сайн ойлголтгүй байсан. Энэ юу вэ, юу вэ гэж их асуудаг. Бие биеэсээ ч асуудаг бас нэг над мэтийн удирдах ажил хийж яваад, тэтгэвэрт гарсан хүнээс ирээд асуудаг зөв юм гарч байна уу, буруу юм гарч байна уу, яах гэж байна, ингээд их асуудаг, тэр талаар нэг их юм их тааруухан гарч ирсэн шүү. Эхлээд ардчилал тийм сайн, ийм муу гээд таниулга өргөн явагдаагүй гарч ирсэн юм шиг байгаам, би тэгж боддог юм. Тиймээс аль нь сайн нь мэдэхгүй мууг нь ч мэдэхгүй, баахан улсууд л залуучууд голдуу шивэгнээд л, энд тэнд бөөгнөөд л юм яриад байдаг байсан болохоос, нэг их тийм тодорхой ойлголтгүй байсан юм шиг байгаам. Тэгээд л нэг их хэвлэл радио ч хаалттай, тодорхой юм бичдэггүй л байсан юм даа. Бас л одоо мэдэх хүн амьтан бид нар чинь одоо мэдсэн юмаа бие биендээ дуулгах, хариу өгөх, юм яриад ирж байгаа хүнд чинь тодорхой юм хэлж өгөөд, сонин монин дээр хайхаар ч тодорхой юм бичихгүй, тийм л байсан үе байсан үе шүү дээ, эхлээд гарч байхад. Баахан холбоо эвсэл гээд , “281 холбоо” гээд л нэг юм гараад л ирсэн, тэр чинь харин радиогоор их ярьдаг байсан. Энэ ардчилсан хувьсгал гээд л яригдаад л байдаг байсан.
Саранцэцэг -
Яг одоо хүний амьдралд нөлөөлсөн үү?
Туулайхүү -
Одоо яах вэ дээ, яг миний амьдралд болбол нөлөөлөөд байх ч юу байхав. Амьдрал тогтчихсон болохоор. Ер нь ардчилал гэж юу вэ гэж ойлгох л гэж их боддог байсан. Ардчилалын ашиг тус нь юу вэ. Ардчилал гараад тэр өмч задарсан нь их буруу задарсан, тэр задрахаас өмнө түрээсийн гэрээ гэж гарлаа ш дээ, түрээсийн гэрээ манайх хэдэн жил байх ёстой байсан бол уу, гэж одоо тэгж боддогийм. Тэгэхийн бол хүн болгон өмчтэй болчихсон, арай өөр байх байсан байхаа. Тэгээд ингээд өмч хувьчлал гэж гараад өмчөө задлаад хаячихсан, үйлдвэрүүд задраад маш их олон хүн ажилгүй болоод, амьдрал доройтчихсон. Энэ их буруу хийсэн би одоо тэгж боддогийм.
Саранцэцэг -
Ер нь болбол одоо ардчилал эрэгтэй, эмэгтэй хүмүүст хүйсийн ялгаатай нөлөөлсөн үү?
Туулайхүү -
Байсан, байсан.
Саранцэцэг -
За, ямар улсуудад илүү нөлөөлсөн?
Туулайхүү -
Энэ дээр одоо боловсрол багатай, ер нь одоо өөрөөр хэлбэл бид нар одоо ...Аа тэр нэг золигийн сагсуу юм байдаг, тэр нэг онгироо юм, тэр орчихсон явж байна гээд нэг тиймэрхүү улсууд байдаг ш дээ, юм мэдээд ч байгаа юм шиг мэдэхгүй ч байгаа юм шиг, тийм улсууд их ордог байсан. Тэгээд энэ өмч хувьчлал их буруу явагдсан, манайд. Тэрнээс өмчөө тараадаг, энэ үйлдвэрээ тараадаг, манайд их буруу байхгүй юу.
Саранцэцэг -
Өмч хувьчлалыг ер нь яаж зарласан бэ?
Туулайхүү -
Нэг ягаан тасалбар цэнхэр тасалбар гарч ирээд л, одоо энэ ерөнхий сайд байсан Бямбасүрэн, халзан Ганболд 2 чинь эхэлж гаргасан, би тэгж ойлгодгийм. Энэ бол миний хувийн дүгнэлт, тийм. Энэ хоёр гарч ирж ингэж өмчөө задлаад, хувьчлаад, тэгээд одоо тэдэн хонь тэдэн үхэр ч гэдгиймуу, тэр байшин тэр өвөлжөө гээд л. Энэ чинь эхлээд л энэ өмчөө хураахдаа бол худалдаа бэлтгэл худалдаанаас эхэлсэн ш дээ. Бүх одоо байсан худалдаанд одоо юу байсан тэр болгоныг нэг л орой лацдаад л, маргааш нь тооллого хийгээд л, тэгээд л давс, гоймон 2-г лангуун дээр үлдээгээд л, бусдыг бүгдийг нь лацдаад,складанд хийчихсэн. Тэрний дараахан өмч хувьчлал явсан. Тэгээд л ингээд л одоо хурал цуглаан хийгээд л, өмчийг одоо ингээд л хэсэг хэсгээрээ бөөгнөрөөд яриад л, гэхдээ энийг хоорондоо л бөөгнөж ярьж байсан болохоос дээрээс Ардчилсан хувьсгал ингэж гарах гэж байна, өмчийг ингэж хүнд өгөх гэж байна гэсэн суртал ухуулга хөдөөд лав явдаггүй байсан. Бид нар чинь бас ойлгоц авбал авахаар улс ш дээ. Тэгэхэд чинь сумын дарга ч мэддэггүй, намын дарга ч мэддэггүй байсан даа. Тэгээд энэ явцын дунд тасалбар тараагаад, өмч хувьчлаад, тэгээд л нэг 2.., САА чинь их хөрөнгөтэй айл байлаа ш дээ. одоо нөгөө ХАА-техник машинтай, газартай, газраа харин хувьчлаагүй, тэгээд тэрний чинь өмч хөрөнгө хичнээн их юм байлгүй яахав дээ. Гүүзүү /кузов/ машинаас эхлээд трактор комбайн бүх л эд анги, тэгээд тэрний запас хэрэглэл, тэгээд л засварын газар гээд л, их өмч байсан даа, хэдэн зуун сая төгрөг, тэгээд л туслах үйлдвэрүүд байна. Тийм тийм юмнууд байсан болохоор, тэгээд ямар ч учраа мэдэхгүй өмчөө задлаад хаячихсан байхгүй юу, энэ болбол их манайд буруу хийгдсэн. Би тэгж боддогийм.
Саранцэцэг -
Ямар хэлбэрээр улсууд одоо бусдаасаа илүү өмч эзэмшиж авсан гэж боддог вэ?
Туулайхүү -
Хөдөөд болбол ерөөсөө тэр тэрнээсээ илүү юм авчихлаа гэх юм ерөөсөө байхгүй. Яахав, тэгээд л одоо нөгөө цэнхэр тасалбараар авч байгаа улсууд нь төрийн өмчтэй давуу эрх эдэлнэ ш дээ, би одоо нэг 75-трактор барьж байсан бол миний өмч, би өөрөө эдэлнэ гэсэн ийм бодолтой нь нэг за яахав нэг трактор комбайнчтай нэг 150 хүн байлаа, гэхэд тэрний нэг 90-ээд % нь тэрнийгээ авч чадсан. За бусад нь болбол тэгээд нэг мал.., хэдэн хонь монь үхэр ч юм уу, тугалтай үнээ ч байдгиймуу, нэг тиймэрхүү юм авсан. Тэгээд байшин барилгын хувьд ч гэсэн, тиймэрхүү. Тэгээд би өмч хувьчлалыг бол ингэж боддогиймаа, тэгээд тэр сайхан байшин барилга, тийм одоо байшин барилга чинь хөдлөхгүй хөрөнгө ш дээ, тэр хүртэл тэгээд л тоногдоод л ямар ч юм хийхгүй ингээд л үлдсэн, сайн ч тийм юм байсан муу талд ч их юм байсан дөө, өмч хувьчлалаар. Тэгээд энэ өмчийг л их буруу задалсан гэж боддогийм. Аа хот суурин газартаа болбол болсон, орон сууцгүй хүмсүүд орон сууцтай болсон, одоо ингээд хөдөө хоттой харьцулахаар төвийнхөн нь хожоод, хөдөөнийхөн нь алдсан, яагаад гэвэл өмчөө задлаад, одоо нөгөө хамтын хөдөлмөр байхгүй болчихсон, тэгээд яахав, хувийн компаниуд, хэдэн авсан техниктэй улс нь нийлээд, нэг компани байгуулаад, одоо бол арай засраад, гайгүй болж байна л даа, одоо сүүлийн 2,3 жил, хүн хөдөлмөрөө нэгтгээд, компаний байгуулаад техникээ нэгтгээд, хөдөлмөрөө хоршоод ирэхээр нөгөө газар тариалангийн үйлдвэрлэл чинь сэргээд өмч хувьчлалын чинь дараа 91- 96,97 оны үед бол газар тариалан нөгөө гурил будаа тарина гэдэг чинь байхгүй болсон ш дээ. Будаа тариа ч ургахаа байсан, нөгөө өөрснөө ч ард түмнийг шаарддагийг биелүүлж чадахаа байсан, өнөөх нь хэдэн тийшээ тараад явчихсан юм чинь, яадаг юм. Үр нь ч муудчихсан. Одоо бол сайхан болжээ. Улсууд чинь тэрэндээ дасаад, тэгээд хувьчлагдчихсан болохоор чинь өөрийнхөө төлөө ажиллахаар шал ондоо. Тийм байсан.
Саранцэцэг -
Ер нь хувьчлалд, хувьчлахад эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаатай нөлөөлсөн юм байсан уу?
Туулайхүү -
Байсан. Тэр тухайн үеийн удирдаж байгаа улсуудаас их шалтгаалж байсан байх. Тийм. Бас одоо юм өгчихөөр хүндээ онож өгч чадаагүй, аа зарим авсан улсууд нь юмаа тогтоож чадаагүй, бас одоо хувь улсуудын буруу ч их байсан. Гэнэтхэн ингээд мал авчраад өгчихөөр чинь өөрсдийн сууцнаас өөр юм байхгүй улс чинь яадгийм, 10 хонь өглөө гэхэд хаанаа хийх юм,тэгээд л тийм алдаатай юмнууд гарч байсан.
Саранцэцэг -
Та өмч хувьчлалын тасалбараа аваад яасан бэ?
Туулайхүү -
Нэлээн их байлгаж байгаад би өөрийнхөө компанид өгсөн.
Саранцэцэг -
Ноогдол ашиг авсан уу?
Туулайхүү -
Аа нэг 2 удаа авсаан, тэгээд бүр худалдчихаад ирсэн. Бүр тэр компанидаа өгчихөөд ирсэн, жил болгон нэг хэдэн төгрөг өгдөг байсаан. Тэднийх чинь бас ашигтай ажилладаг.
Саранцэцэг -
Ямар үйл ажиллагаа явуулдаг компани уу?
Туулайхүү -
Үр тарианы. Одоо ч ажиллаж байгаа. Одоо тэр гавьяат техникч Гантөмөр гээд тэрний компани. Тэднийх ургац сайн авна.
Саранцэцэг -
Яг одоо ХАА-н салбарт ажиллаж байсны хувьд хувьчлал байдлаар явагдсан бэ?
Туулайхүү -
ХАА-н салбарын хувьчлал одоо арай л эрт эхэлсийм. Би бол эхэндээ дургүйцэж л байсан. Энэ хувьчлал буруу явагдах нь ээ, сайн ойлгоогүй, ард түмэн ч ойлгоогүй, бид нар өөрснөө ямар ч ойлгоц байхгүй байгаа юм чинь. Тэгэхээр энэ хувьчлал бол арай л эрт эхэллээ. Би бас энэ Засгийн газарт бичиг явуулж байсан. Тэгээд хариу ч ирээгүй, яах ийхийн завгүй явчихсан ш дээ, энэ хувьчлал. Ерөөсөө л сарын дотор бужигнуулаад хаячихсан ш дээ. Ялангуяа малыг болбол, сарын дотор бужигнуулаад л, нэг 10 хоногийн дотор тасдаад тасдаад, тараагаад тараагаад өгчихсөн ш дээ. Манай хөдөө, сангийн аж ахуйд, тэгээд хоосон хоосон конторууд үлдсэндээ бараг, хэдэн албан хаагч нь үлдээд. Малд дуртай нэг нь нэг тугалтай үнээтэй, малд дургүй нэг нь нэг шар аваад л алж идээд л, тэгээд л нэг өвөл идээд л дууссан. Тийм жишигтэй. Аа техниктэй улсууд нь болж байна л даа, бол нэг ....ч байдгиймуу, нэг 25-тай ч байдгиймуу, нэг комбайнтай ч байдгиймуу, нөгөө олон ам бүлтэй айл чинь тасалбараа өгөөд авчихсан, тийм. Манай хөгшин бид 2 бол авсан юм юу ч байхгүй, бид 2 чинь ямар трактор барьж байсан биш, комбайн барьж байсан биш, бид хоёрт ямар юу ноогдохов дээ, надаа нэг 5 хургатай хонь л өгсөн, нэг тугалшуу юм, эхийг нь манай хүргэнийд өгөөд, тугалыг нь би аваад, тэгээд би ..за танайх энийгээ ав, гээд өгөөд л хургыг нь хүргэнийдээ өгөөд харин хонио бол өсгөсөн, хонь чинь лав арван хэд болсон шүү.
Саранцэцэг -
Ер нь одоо малыг малчдад нь өгснөөр сайн нөлөөтэй боллоо гэж боддог уу?
Туулайхүү -
Сайн нөлөө болсоон. Ор малгүй, сангийн аж ахуйн мал маллаж байсан улсууд чинь хувьдаа малаа авчихаар одоо хол ойроос холын аймгаас ирсэн янз бүрийн л улсууд байсан, тэд нар бол цөөхөн өгсөн, малчиддаа бол сайн өгсөн, лав л 25 хургатай хонь ч гэдгиймуу, ямаа тэд гээд ингээд өгсөн. Тугалтай үнээ, унаа морьтой нь өгсөн шүү малчдад, малчдаа бол сайн харж үзсэн.
Саранцэцэг -
Ер нь томоохон газруудыг бол одоо жишээлбэл, үйлдвэрийн газрыг хувьчлаад авчихсан хүн ямар шалгуураар, ямар баталгаа гаргаж одоо замаар ийм том обьектыг хувьчлаад авчихсан гэж боддог вэ?
Туулайхүү -
Тэднийг толгой улсууд дандаа авсан, том байгууллага тэр бол яахав, тасалбар ч байсан байх, тэр том суурин газар төвлөрсөн газар бол мэдээ мэдээлэл сайн байгаа ш дээ, тэр улсуудын чинь толгой нь хүртэл сайн байгаа, гадаадын юмнуудыг бас, гаднаас нөлөөлөх юм, гадаадын юмнаас сургах юм, харах юм бас их байх л даа, боловсрол өндөртэй улсууд, тэд нар хожсон л доо, хожсон ч юм байгаа, алдсан ч юм байгаа, ялангуяа манайхан бол үйлдвэрийг задалдаг бол их буруудсан. Тийм учраас ажилгүй олон хүн болсон ш дээ.
Саранцэцэг -
Ардчилсан хөдөлгөөн гарсны дараагаар ТББ-ууд олноороо гарсан. Та ер нь төрийн бус байгууллагуудтай хэр их харьцаж байсан уу?
Туулайхүү -
За даа, манай хөдөө бол нэг их төрийн бус байгууллага гээд..., Ардчилсан Холбоо эвсэл, Ардчилсан Нам гээд л байдаг байсан. Тэгээд хүн чинь хичнээн таньдаг сайн сайхан найзуудтай байлаа ч гэсэн, үзэл суртал дээрээ таардаггүй, дандаа бие биенийгээ үгүйсгээд байдаг, нэг сүрхий дэвшилттэй.., санаа бодол нь нийлдэггүй .
Саранцэцэг -
Та ер нь ТТБ-уудыг улсад ямар ач тустай гэж боддог вэ?
Туулайхүү -
Одоо болбол бас ач тус байна л даа, ТББ-ууд чинь бас зохих хэмжээний сургалт явуулж байна, хүнтэйгээ бас ажиллаж байна. Бас зөв зүйтэй юм хийж эхэлж байгаа шүү, одоо бол үйлдвэрүүдээ тараах гээд байгаа юм алга, бас үгээ хэлдэг зарим нь, бас нэг ард түмнийхээ нийтийнхээ төлөө үгээ хэлдэг байгууллага байнаа гэж ойлгодог ш дээ.
Саранцэцэг -
Энэ ардчиллын хөдөлгөөн эрэгтэй, эмэгтэй хүмсүүдэд хүйсээр ялгаатай нөлөөлсөн юм байгаа юу?
Туулайхүү -
Үгүй байх дөө, ёстой хэн дуртай нэг нь л орж байгаа ш дээ. Эвсэл мэвсэлд, дуртай нэг нь орно, дургүй тэрний үзэл бодол ч байдгиймуу, тэрнийг зөвшөөрдөггүй нь орохгүй л байгаа ш дээ.
Саранцэцэг -
Эрэгтэй, эмэгтэй улсуудын оролцоо нь ямар байсан бэ?
Туулайхүү -
Заа хөдөө энэ суманд радио телевизээр харж байхад, ер нь тэнцүүхэн харагдаад байдгийм ш дээ. эрэгтэйчүүд нь санаачилдаг, эмэгтэйчүүд нь дагалддаг, бас дэмждэг, ер нь тэнцүүхэн харагдаад байдаг ш дээ. Миний өөрийн дүгнэлт ер нь тэнцүүхэн байх даа.
Саранцэцэг -
Ер нь таны амьдралын туршлагаас харахад эрэгтэй, эмэгтэй улсуудын байдал яаж өөрчлөгдсөн бэ?
Туулайхүү -
Сайн өөрчлөгдсөн, одоо сүүлийн үед нэг ардчилал гараад л бизнесийн юунд орлоо доо, тээ. Тэгэхэд чинь одоо эмэгтэйчүүд л ихэвчлэн гэр бүлээ тэжээж байна ш дээ. Тэр л нөгөө наймаа худалдаа хийх, тэр нөгөө гахай чирэх, нөгөө гахай гэдэг байхаа, би ямар өөрөө тэрнийг чирч явж үзсэн байсан биш, ер нь л хараад л ингээд л дүгнэлт хийж байхад эмэгтэйчүүд бол маш их дайчин, тэр тал дээр бол эрэгтэйчүүдээс арай л өөр болсон доо.
Саранцэцэг -
Социализмын үед эмэгтэйчүүдийг дэмжсэн бодлого хэр байсан бэ?
Туулайхүү -
Сайн явагддаг байсан, социализмын үед чинь нөгөөх ажилгүй хүн гэж нэг их байдаггүй байсан шүү, хүн заавал ажилтай болгоно. Одоо нэг гэр бүлийн хүмсүүд байлаа гэхэд л ер нь л туслах үйлдвэр дээр ч юм уу, аль нэгэн газар, одоо ахуйн үйлчилгээ гээд л нэг их сайхан газар байлаа ш дээ. Артель гээд, тэрэн дээр чинь одоо маш олон эмэгтэйчүүд орж юм оёж сурч байлаа, юм хийдэг байлаа, САА гэхэд чинь конторынх ч яахав ойлгомжтой, ажилгүй хүн байлгахгүй шүү, дуудаж авчраад л ажил хийлгэнэ. Зүгээр суулгахгүй гээд, хэр таарсан ажлыг нь хийлгэнэ, тэрэндээ ч бас ядуу зүдүү цалин авдаггүй хүн байхгүй байсан шүү, тэд нар чинь ажиллаад тав арван төгрөг заа нэг 180 төгрөгнөөс дээш цалин авдаг л байсан ш дээ. Тэгээд л малчин байна, малаа өгөөд л маллуулна. Ээ дээ, ажилгүй хүн бол тун цөөхөн байсан шүү. Үтрэм гээд сайхан ажил байлаа, ногоо тарьдаг нэг сайхан ажил байлаа, одоо манай Сэлэнгийнхэн чинь ногоо тарьж чадахгүй хүн байхгүй болоо шив. Хүн болгон л ногоочин болж байна ш дээ, бараг. Тийм, тэгэхэд тэр чинь юуны үр шим үү, газар тариалангийн үр шим, газрын үр шим, тэнд ажиллаж байгаа улсуудын хөдөлмөрийн ...нөлөөлж байгаа биз дээ, би бас тэгж боддогийм.
Саранцэцэг -
Таныг залуу байхад эрэгтэйчүүд ямархуу байдалтай байдаг байсан, одоо яаж өөрчлөгдөж байна?
Туулайхүү -
Заа миний залуу үед ч залуучууд ном сурах, биеэ боловсруулах, ялангуяа техниктэй ажиллах, техникийн ажил, техникийн сургуулиудад их сурч байсан дөө. Одоо бол яахав, боловсролтой нь боловсролтой, боловсролгүй нь боловсролгүй, тэгээд одоо янз бүрийн муу арга их сурчихсан, муу аргаар амьдрах одоо үед, их муу тал руугаа орчихож. Одоо бор дарсыг их хэтрүүлэн хэрэглэдэг болчихож, хулгай дээрэм их гардаг болчихож, дээр үед социализмын үед бол их ховор өмчийг чинь нүдлэн хамгаална гэж Улс төрийн товчооноос мундаг тогтоол гарсан, том лоозонтой, гудамжинд бичээд тавьчихдаг тиймээ, хүн болгоныг орос монгол дээр цээжлүүлдэг, сэхээтнүүдээ орос дээр монгол дээр цээжлүүлдэг, зүгээр одоо нэг дунд тушаалаас доод улсуудад бол монгол дээр цээжлүүлдэг, социалист өмчийг нүдлэн хамгаалах гэж том арга хэмжээ авдаг байсан. Том ийм зохион байгуулалттай лоозонтой байсан. Одоо болбол зарим талаараа сайхан дэвшилттэй, олон улсад руу явчихсан юм үзчихсэн, олон хэлний боловсролтой, олон сайхан техник технологийг эзэмшчихсэн, одоо дэвшилт юмнууд их байна. Сайхан байна, аа муу юм ч их байна. Архи уудаг, хулгай дээрэм хийдэг, бас муу юм бол их байна л даа. Сайны хажуугаар саар юм бол бас байна. Тэгээд ер нь эрэгтэй эмэгтэйчүүд сайхан болж дээ, боловсрол өндөртэй, ер нь 100 хүн байлаа гэхэд 80-аад % нь бол ямар нэгэн боловсролтой байна ш дээ. Бичиг үсэг мэдэхгүй хүн бол ховор л байх, гэхдээ залуу үеийнхэнд бол бас байнаа, ялангуяа энэ хүүхдүүд гадуур хүүхдүүд нь подьезд/орц/-онд хоноод явж байгаа улсуудад бол муу байна. Энэнтэй бол манайхан бас ажиллаж л байгаа байх. Залуу үеийг бүр харанхуй болгочихвий гэж айдаг. Бид нар чинь зүдэрч байж нэг бичигтэн болсон улсууд ш дээ. Намайг хүүхэд байхад ....За чи 2 хүн 35 үсгэнд сургана шүү гээд өгч сургаж байсан үе бий ш дээ, надад.
Саранцэцэг -
Социализмын үед гэр бүлийн талд ямар бодлого баримталж байсан, гэр бүлийг дэмжиж ямар бодлого явуулж байсан?
Туулайхүү -
Заа, социализмын үед ч яахав гэр бүл бологсод өөрснөө л нэг болгодог байсан даа. Социализмаас өмнө 40 –өөд оны үед бол бариад бариад суулгачихдаг, танай хүүхнийг одоо бэр болгож авна шүү гээд суулгачихдаг, 50-иад, 60-аад оноос бол өөрсдөө саналаараа бие биетэйгээ суудаг байсан даа, тэр богтлож өгдөггүй болсон. Тэгээд нарийн үзэхийн бол бас хуультай чанга дэглэмтэй, одоотой харьцуулахын болбол одоо чинь өнгө мөнгөний юу болчихсон болохоор хэн хэнтэйгээ сууж байна хэдэн удаа сална уу, хамаагүй болчихсон шиг байнаа зарим нэг нь, хүн болгон тийм биш л дээ. сайхан гэр бүлүүд байна, боловсролтой, үр хүүхдээ сайхан хүмүүжүүлчихсэн, сайхан явж байгаа улсууд их байна, салж сарнисан тааруухан явж байгаа улсууд ч бас байна. Бүүр ч нөгөө гэр орноосоо дайжчихсан, ёстой нөгөө хог түүж идээд явж байгаа улсууд ч байдаг л байх, янз бүрийн л байдаг байх, ямар тэр улсуудтай уулзаад ярих биш. Тэгээд энийг чинь хуулиар их зохицуулалт хийж байна ш дээ. Манайхан чинь дээр үед хуулиа их сайн биелүүлдэг байлаа ш дээ. Ямар ч хуулийг сайн биелүүлдэг. Одоо чинь хуулийн зай завсар чөлөө хуулийн юугаар л гээд байна, энэ болбол хуулиндаа муу биш, хувь улсуудаас л энэ их муу юм гараад байна гэж тэгж боддог. Хуулиндаа захирагддаггүй, энэ гэр бүлийн хууль гэдэг чинь их сайн хууль байлаа ш дээ. Одоо гэр бүл, ийг тогтвортой гэр бүлийг урамшуулдаг, сонин хэвлэлээр сурталчилдаг, хүүхэдтэй хүнд тэтгэвэр тэтгэмж өгдөг, хүүхдийн тэтгэвэр гээд. Тэр чинь их нэмэртэй ш дээ. Тийм, 4 хүүхэдтэй айлд 400 төгрөг, 5 хүүхэдтэй айлд 600 төгрөг, тэрнээс дээш хүүхэдтэй айл чинь 1000 гаргаад ч авах жишээтэй, тэгээд одон медаль өгдөг, “Алдарт эх”-ийн 1,2-р одон гээд л өгдөг, тэгээд л өлгий сүүний мөнгө гээд л өгдөг нам засгаас үед улс чинь бас хүнээ өсгөх талаар том арга хэмжээ авч байсан шүү. Тэгээд бичигтэн болгох, соёлжуулах талаар том арга хэмжээ авдаг байсан шүү. Ямартаа л над 3 хүн даалгаж бичиг үсэг сургах вэ дээ, тээ. Тэгээд л одоо хэл сурах, орой чинь их дугуйлан ажиллуулдаг байлаа ш дээ. Маш их ажилладаг байсан, ерөөсөө. Тэгээд энэ гадаадын мэргэжилтнүүдээр хүртэл одоо орой секц, дугуйлан ажиллуулдаг, юм оёж сургадаг, нөгөө социалист хөдөлмөрийн бригадын чинь үед гадаадын мэргэжилтнүүдийг чинь ашигладаг байсан ш дээ. Арав таван үг заалгадаг, дуу сургадаг бичиг сургадаг, янз бүрийн юм хийдэг байсан, энэ бол соёлтой холбоотой шүү. Одоо бол тэгэхгүй ш дээ, тэгж албадан тэгж зохион байгуулах юм алга. Одоо өргөн нэвтрүүлэг явж байна л даа, телевизээр. Хүн одоо ямар л хэл суръя гэвэл сурахаар болчихож. Чихэндээ радио хийж байгаад сурчихна, телевизээр хэл зааж байна, радио сонсож байна, янз бүрийн хэвлэл ном их болчихож, хүн л өөрийгөө дайчилж чаддаг болбол хичнээн ч дээд сургууль төгссөнтэй адилхан ном ашиглахаар болсон байна. Бидний үед бол тийм юм байхгүй л байлаа ш дээ. 2000 үгтэй 5000 үгтэй словарь/толь бичиг/ л оросын словарь нухаад байдаг, нухаад байдаг, үг цээжлээд л байдаг, холбоод ярих гэхээр чаддаггүй тийм л байлаа ш дээ.
Саранцэцэг -
Социализмын үед жирийн хүмүүс гадаад орнуудтай яаж харьцдаг байсан бэ?
Туулайхүү -
Заа нэг шагналын журмаар Орос руу нэг явна, ардчилсан улс руу нэг шагналын журмаар явна. Сурах журмаар яахав залуучууд нэг явдаг, нэг одоо үнэхээрийн одоо сурах, төв хорооноос ч байдгиймуу, Засгийн газраас ч байдгиймуу, нэр томилж явуулна, тийм байсан. Одоо бол дуртай сургууль руугаа явж байна ш дээ. Одоотой харьцуулахад бол цөөн явдаг байж. Тэгэхдээ л манайхан чинь түүхээс харж байхад үгүй ээ мөн олон явж сурч байжээ. Монгол хүний толгой потенциал гэдэг чинь тэр аяараа л одоо бодож байхын компьютер байж дээ. Одоо манай нэг ах байдаг ш дээ, 5,6 улсын хэл мэддэг. Тэр толгой дотор ямар сайхан толгой юм, энэ компьютер байхгүй байхад.
Саранцэцэг -
Монголд ер нь ямар гадаадын иргэд амьдардаг, ирж очдог байсан бэ?
Туулайхүү -
Хэдэн элчингүүдээс өөр юу байсийм. Элчингүүд л байдаг байсан байх. Би одоо бодоод л байдаг юм. Орос ах нар бол их байсаан. Бүтээн байгуулалтанд их юм хийж өгсөн ш дээ, ХАА-д ч их юм хийж өгсөн, энэ үйлдвэрүүдэд ч их юм хийж өгсөн. Энэ Улаанбаатарын тохижилтонд, барилга байгуулалтанд их юм хийж өгсөн дөө. Олон ч хүн сурсан.
Саранцэцэг -
Энэ үйлдвэрүүд дандаа гадаад орнуудын тусламжтай, тэр дундаа социалист орнуудын тусламжтай байгуулж байсан уу?
Туулайхүү -
Тийм. Одоо мах комбинат гэхэд чинь л Германых, энэ гутлын үйлдвэр гэхэд чинь л Чехийнх, заа тэгээд л энэ АПУ мапу чинь Оросынх, маш их олон, ер нь л энэ ардчилсан 15 орон чинь бүгд л тусалдаг байсан ш дээ. Сургуульд гэхэд чинь л багш нар ирж сургадаг байсан, барилга байгууламж гэхэд чинь л их барьж өгч байсан ш дээ, тэгээд тэр үйлдвэрүүдийн технологиудаа ч өгч байсан. Энэ арьс ширийг чинь боловсруулах, энэ үйлдвэр өгөх л их ёсгүй байсан юм манайхан, энэ малын гаралтай үйлдвэрүүд ноос угаах арьс шир боловсруулах гээд их сайхан юмнууд байлаа ш дээ, одоо юу ч байхгүй.
Саранцэцэг -
Үйлдвэрт одоо жишээ нь арьс ширний үйлдвэрт ажилд оръё гээд очиход ямар журмаар үйлдвэрийн ажилтнаар авах уу?
Туулайхүү -
Өө тэр чинь өргөдлөө хийгээд л очно. Тэгээд л одоо нэг сайн мэргэжилтэй ажилчин байлаа өөрөө, намайг дагалдуулна, одоо сарын дагалдан ч байдгиймуу, одоо сарын хугацаатай дагалдуулаад, сайн сурах юм болбол яахав нэг хэдэн цаасны цалин өгнө л дөө, дагалдангийн хугацаанд, сайн сурахын болбол урамшуулаад, мэргэжлийнх нь үнэмлэх гээд бас нэг жаахан юм бичээд өгчихнөө бас.Тэгээд тэр хүнтэй зэрэгцээ ажиллаад, ингээд цалингаа нэмүүлээд явчихна. Дагалдан их сургадаг байсан, дагалдангаар тэр техник дээр яаж ажиллах уу, яах уу, тэр технологийг их сургадаг байсан.
Саранцэцэг -
Үйлдвэрт ихэнхдээ ямар улсууд голдуу очих уу?
Туулайхүү -
Өө ихэнхдээ тэгээд залуучууд голдуу ордог байсан. Оёдлын үйлдвэр, гутлын үйлдвэр, ээрмэлийн үйлдвэр, тэр чинь их олон төрлийн үйлдвэр байсан ш дээ. дандаа л өргөдлөө бичээд л нөгөө захиргаа үйлдвэрчнээр, эхлээд л Үйлдвэрчний хороогоор цохуулаад л захиргаанд өгчихдөг. Тэгээд л ажилд ордог. Тэр үед чинь мэргэжлийн улс их цөөхөн байлаа ш дээ. Мэддэгээсээ мэддэггүй нь их, ёстой л бор зүрхээрээ гэдэг шиг, тэгээд л үйлдвэрийн сайн ажилчин болдог. Хөдөлмөрийн баатар хүртэл болж байсан, үйлдвэрээс.
Саранцэцэг -
Үйлдвэрт ажиллаж байгаа улсуудын цалин мөнгө хүрэлцээтэй байсан бол уу?
Туулайхүү -
Хийснээрээ л авдаг байсан. Их сайн хийдэг нь сайн аваад, дунд хийдэг нь дунд зэргийн 200, 300-г аваад, бага хийдэг нь нэг зуун хэдийг авдаг байсан байх. Тэр үеийн зуун хэдэн төгрөг 500 төгрөг гэдэг чинь одоогийн сая төгрөгтэй адил биш үү, одоо юмны өртөг бага, мөнгө өндөр үнэтэй өндөр ханштай байсан болохдээр. Бод доо, Ерөөгийн САА-аас бид 100 төгрөгтэй ирчихээд, 3 хүүхдээ хувцаслачихаад, өөрийгөө хувцаслачихаад, буцдаг байсан ш дээ. Тэгэхээр чинь мөнгөний ханш их өндөр байсан байгаа биз. Тэр үеийн чинь 70, 80 цаасны цалин чинь өндөр, хангалттай л цалин байхгүй юу.
Саранцэцэг -
Үйлдвэрийн ажилчдын хангамж ямар вэ?
Туулайхүү -
Өө яахав дээ, гайгүй ш дээ. Үйлдвэр дээрээ хоолоо идчихнэ, дотроо бас цайны газартай, хямдхан өгдөг. Ер нь 1 төгрөгнөөс л доош, 1 төгрөгний үнэтэй хоол гэдэг чинь нэлээн сайн хоол байна ш дээ, 1 хүн чинь нарийлаад, 80 мөнгө 50 мөнгөний талх аваад цайтайгаа, ер нь 1 төгрөгөөр бол хангалттай хооллочихоод гардаг байсан ш дээ. Одоо 1 төгрөгөөр ямар хоол авч идэх үү, юу ч авч чадахгүй ш дээ. 1 төгрөг нь ч алга, 1 төгрөгний дэвсгэрт ч байхгүй болчихсон байна. Одоо 100 төгрөгтэй хүн хоол авч идэж чадахгүй ш дээ.
Саранцэцэг -
Ер нь бол үйлдвэрийн ажилчдын зэрэг дэвийг тогтоох уу?
Туулайхүү -
Өө мэргэжлийн хичээл заана, шалгалт авна, мэргэжлийн зэрэг тогтоож өгнө, тэгээд нөгөө 1-р зэрэгтэй, 2,3-р зэрэгтэй, 4,5,6-р зэрэгтэй хүн чинь аягүй өндөр зэрэглэлтэй, тэр хүн бол өндөр тарифтай, юм болгон тарифтай, тэрүүгээрээ цалинждаг байсан.
Саранцэцэг -
Үйлдвэр дээр социалист хөдөлмөрийн төлөө бригад гэдэг юм ажиллаж байсан уу?
Туулайхүү -
Тийм, ажиллаж байсан. Бөөн бөөнөөрөө хөдөлмөрөө хоршиж. Нөгөө дамжлагаар явдаг, би одоо энэ цамцыг оёход, энэ юмыг би оёод, энэ цамцыг чи оёод, энэ товчийг нь оёод ингээд дамжлагаар аягүй хурдан хурдан гаргаад явчихдаг, тэгэд брак /гологдол/ оёж болохгүй, тэрийгээ төлнө. Тэгэхээр хүн маш сайн юм сурдаг байсан.
Саранцэцэг -
Үйлдвэрт ажлаас гадуур ажил амралтын, олон нийтийн, ямар арга хэмжээ зохиогддог байсан бэ?
Туулайхүү -
Өө тэр янз бүрийн дугуйлан сургалтууд их явагдана. Тэгээд л энэ гадаадын мэргэжилтнүүдийг чинь ажиллаж байхад хэл сургах гээд бас их яана, оройн цагаар бас тэр технологиудаа их заадаг, ажлын бус цагаар, ажил дээрээ нэг их заахгүй ч гэлээ гэсэн ажил тараад, нэг 2 цаг завсарлачихаад, тэгээд буцаж ороод нэг улсууд чинь их идэвхтэй тийм байдаг байсан.
Саранцэцэг -
Та болон таны гэр бүлд гадаад найз нөхөд байсан уу?
Туулайхүү -
Байсан.
Саранцэцэг -
Монголчууд ер нь гадаадын улсуудтай харьцаа сайтай л байдаг байсан уу?
Туулайхүү -
Харьцаа сайтай байдаг байсан. Ерөөсөө л тэгээд л нэг эвэнд орчихдог. Никита Тимерова гээд, тийм орос хүүхэн байдаг байсан, өөрөө оёдлын мэргэжилтэй хүн байсан, нөхөр нь трактор комбайны механик хийж байсан байхаа, бид хоёр 2, 3 жил үерхсэн. Би тэрнээсээ юм оёж сурсан, их нөлөөтэй ш дээ. Гэртээ дугуйлан ажиллуулаад, тэгээд нөгөө гоё гоё палаажуудыг чинь Зүүнхараагийн хүүхнүүд оёж сурсан ш дээ, САА-н хүүхнүүд нөгөө эрээн даавуу аваад, тэр бол өдөр оройн цагаар гэртээ авчирч байгаад 1 хүн орсон ч зааж өгнө, 10-уулаа орсон ч зааж өгнө, тэгж амьдардаг байсан, хөөрхий.
Саранцэцэг -
Ер нь одоо социализмын үед гадаад эд бараа олж авъя гэвэл хаанаас яаж олж авдаг байсан?
Туулайхүү -
Тэр үед чинь Оросын бараа бол элбэг байдаг байсан. Дандаа Оросоос бараа ирж байлаа ш дээ, Оросын гутал хувцас, даавуу даалимба чинь. Хятадаас бол цөөхөн юм орж ирдэг байсан. Торго дурдан л их ирдэг байсан дөө, хятадын бараа чинь, хүнснээс чинь улаан чавга, үзэм тиймэрхүү л юм ирдэг байсан байх. Нар хамба, нандин чавга гэсэн юмнууд. Голцуу л манайх болбол Оросын бараа л авдаг байсан.
Саранцэцэг -
Та гадаад орнууд руу явсан уу?
Туулайхүү -
Орос улсад 2 удаа явсан.
Саранцэцэг -
Ямар санагдсан танд?
Туулайхүү -
Зүгээр, найрсаг. Дандаа нөгөө ХАА-н чиглэлээр явж байгаа болохдээр нөгөө л өөрийнхөө л хийж байгаа ажлын шугамаар л харж үзэж явахаас тэрнээсээ хэтэрдэггүй л байж дээ, одоо бодож байхад.
Саранцэцэг -
Монголчууд ер нь оршуулгыг ямар журмаар, дээр үеэсээ улсуудаа яаж оршуулдаг байсан бэ?
Туулайхүү -
Их хүндэлдэг байсан дөө. Дээр үед бол ил, их сайхан наранд ээвэр газар, энгэр газар, тэгээд одоо хойд үеэ бодож, үр хүүхэд төрөл төрөгсөддөө муу юм болгохгүй гэж, сайн сайхныг бодож, тэр хүнээ хүндэлж, ингэж оршуулдаг байсан. Бурхны номын бичигтэй даавуугаар бүтээдэг, тэгээд чулуу толгой доор нь тавиад, тэгээд хадгаар нь чулуугаа бүтээж хүндлээд, таныгаа бүтээгээгүй ертөнцийгөө харж байгаа шүү гэж хэлээд, тэгээд хадгаа дээрээ дэлгэж тавиад, одоо лус савдгаа аргадаж байгаам. Тэр заншил нь. Тэгж оршуулдаг байсан. Аа сүүлдээ тэр чинь жаран хэдэн оноос хотоос л гарсийм даа, далд газарт булж оршуулдаг чинь. Одоо бүр улам боловсронгуй болж дээ, одоо нөгөө чандарлаад, сүүлийн шатаадаг.., тэрийг болбол их зүгээр юм гэж бодож байгаа. Нэг их хүн амьтан алхаад гишгээд байхгүй, тэрнээс нь жаахныг нь аваад хананд нь юу яагаад, булштай оршуулгын газар нь, тэгээд тэнд нь олон лам нар ирж ном уншдаг, тийм болчихсон юм байналээ. Тэр оршуулгын газар. Тэгээд одоо оршуулгын газар энэ 70 давхар, ингээд айл буучихсан, ямар их газар сүйтгэж байнаа манайхан, тэгээд тэрийг их зөв юм байна даа гэж би газар сүйтгэхгүй, тэрийг зөв юм гэж дотроо боддог.
Саранцэцэг -
Танд аягүй их дурсгалтай эд зүйл байдаг уу?
Туулайхүү -
Манай ээж, аав тайж хүмүүс байсан болохоор тэрний нь хүний отго, жинс байдаг. Тийм, тэрний нь хадгалдаг даа.
Саранцэцэг -
За таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа.
Туулайхүү -
За баярлалаа, та нарын ажилд амжилт хүсье. Эрүүл энх, урт удаан наслаад санасан ажил чинь сэтгэлчлэн бүтэх болтугай гэж ерөөе.
Саранцэцэг -
Ерөөл бат оршиг ээ, танд бас сайн сайхныг хүсье, эрүүл энх байгаарай.
Туулайхүү -
Заа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.