Tserenpil


Basic information
Interviewee ID: 990204
Name: Tserenpil
Parent's name: Tseveen
Ovog: Nemeht
Sex: f
Year of Birth: 1938
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired, worked in trade
Belief: Buddhist
Born in: Servee sum, Ömnögovi aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
childhood
life in wartime
work
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

collectivization
collective member
herder
herder's life before collectivization
childhood
family with many children


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Цэцэгжаргал -

Ярилцлага өгч байгаад баярлалааа. Та өөрийнхөө тухай товч танилцуулна уу?

Цэрэнпил -

Өө яахав, би... миний нэрийг Цэрэнпэл гэдэг, Цэвээний Цэрэнпэл гэдэг. 1938 онд Сэврэй сумын 1-р багт төрсөн, 1-р багын нутаг. Тэгээд одоо 21 хүртлээ мал л маллаж байсандаа бага сургууль, дунд сургууль төгсөөд л. Тэгээд л мал маллаж байгаад л.... тэгээд л хорин...нэгдэлжих хөдөлгөөн ялсан ялалтыг байгуулчихаад л тэгээд л улсын үйлдвэрт очиж ажилласан. Тэгээд л тэрнээсээ хойш улсын үйлдвэрт чинь 10 жил ажилласан л даа. Тэрнээс хойш худалдааны чиглэлээр аймгийн худалдааны газарт л ер нь их ажилласан даа. Тэгээд л тэнд чинь одоо, ер нь насаараа би чинь одоо 38 жил улсад ажилласан хүн байгаа юм. 10-д жилийг нь үйлдвэрт ажилласан байх, бусдыг нь ихэнхийг нь л одоо худалдаанд л худалдааны шугамаар ажилласан. Тийм... тийм л ажил хийсэн.

Цэцэгжаргал -

Та нэгдэлжих хөдөлгөөн ялах үед хөдөө орон нутагт мал маллаж байсан уу?

Цэрэнпил -

Мал маллаж байсан.

Цэцэгжаргал -

Тухайн үед анх яаж нэгдэлжиж байсан бэ?

Цэрэнпил -

Анхан чинь 1957 онд саналаараа нэгдэлжүүлсэн юм. Саналаараа нэгдэлд орьё гэсэн хүмүүсийн саналаар. Манай суманд тэр Доржшүг гэдэг даргатай нэг 10-аад айл анх нэгдэлд орсон юм. Тэр үед би ороогүй л дээ зүгээр. Ороогүй байсан. Тэгээд жил гаруйхан болоод л 1959 оны эхнээс авхуулаад л тэгээд яасан юм даа, бүрмөсөн бүгдийг нь нэгдэлжих хөдөлгөөнд оруулсан юм. Бүх айлуудыг тэгээд л. Ерөөсөө 4-өөс дээш ам бүлтэй айлд нэг 70 толгой мал үлдээгээд л, 4-өөс доош ам бүлтэй айлд чинь ерөөсөө 30 толгой мал үлдээгээд л, хичнээн ч толгой малтай байсан хамаа байхгүй тэгээд л малыг нь бүгдийг нэгдэлд оруулсан. Аа нэгдэлд орохоос өмнө бол ард түмний амьдрал их хүнд байсан. Ер нь тэгээд нэгдэлд орсноос хойш л хамтарч ажилладаг, өвс ногоондоо явдаг, өвлийнхөө бэлтгэл мэлтгэлийг хийж хамтарч хийдэг, идэш хоолоо хийдэг, өвс бууцаа хийж авдаг. Нэгдэл болсоноос хойш ер нь хүний амьдрал бол эрс өөрчлөгдсөн л дөө. Их эргэлт гарч, их өөрчлөлт орсон. Тэгээд л нэгдэлжих хөдөлгөөн ялснаас хойш чинь би бас ч 4, 5 он 4 жил нэгдэлд мал малласан. Тэгээд л нэгдэлд мал маллаж байгаад тэгээд л яасан даа. Гэр бүлийн хүн улсын үйлдвэрт ажиллаж байсан. Тэгээд л тийшээ шилжсэн. Тэгээд л тэрнээс хойш л дандаа үйлдвэрийн газруудаар ажилладаг болсон. Аа нэгдэлжих хөдөлгөөн ялахад бол би багийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, бас ухуулах ухуулагч гэж нэг юм байдаг байсан юм. Ухуулагч гээд тийм өрхийн ухуулагч гээд тийм юм хийдэг байсан юм. Тэгээд л аймгаас ирсэн нөгөө комисс нартай багаас нэг юм уу, хоёр хүн гараад л тэгээд л бид нарыг чинь мал нийгэмчлэхэд бол явуулж мал нийгэмчлүүлсэн л дээ айлуудын, тэр 59 онд. За тэгээд л зарим айлууд нь ч бол яахав ухамсартай очоод л ухуулга хийгээд л ярих дээр зэрэг оо яахав дээ улс нийтээрээ тэгж байгаа юм бол тэгээд л оролгүй дээ гээд л нэгдэлд орж байгаа юм. Зарим нь орохгүй гээд л орилоод уйлна, загнана өө чухам жигэйхэн юм болно л доо. Нэг айлд л нээх их загнуулж байсан. Нээх аашлуулж загнуулж, тэгээд л малыг нь өөрснөө хурааж ирж бид нар чинь бараг тиймэрхүү байдлаар нийгэмчилж байсан ш дээ. Малаа хөдөлгөчихөөд тууж ирдэггүй загнаад. Тэгээд их ч олон малтай айл байсан, тэднийх бас олон ч хүүхэдтэй айл байсан. 70 толгой мал үлдээнэ гээд л. Дуламсүрэнгийн гэдэг одоо Даваагийнх л гэдэг айл байсан л даа. Тэгээд л тэр авгай нь л загнаад л ерөөсөө хавьтуулдаггүй. Тэднийх бол 1000 гаруй малтай айл байсан юм хувийн. Тэгээд л нөгөөхөөс нь нийгэмчлэх гээд тэгсэн. Зөв юм л даа 70 хан толгой мал үлдээж байгаа юм чинь 1000 гаруй малаас чинь. Бусдыг нь улс хураагаад авч байна гэхээр чинь уур нь хүрсэн байлгүй дээ. Тэгээд л уурлаад л, уйлаад, загнаад хоол унд ч хийж өгдөггүй бид нарт чинь. Тачигнаад л загнаад л. Хот хороондоо давхиж очиж хэвтчихээд босдоггүй чухам. Суучихаад босдоггүй. Тэгээд л бид нар нилээн ажил болж байж л тэр хүнийг ухуулж, ухамсарлуулж ойлгуулж л хонууд байж байж л маргааш орой нь л малыг нь яаж байсан, нийгэмчилж байсан байгаа юм. Гол түүх л тийм л дээ. Тэгээд ер нь айлууд ч маш их дургүй байсан л даа. Анх ороход учир мэдэхгүй. Тэгээд л ер нь яаж амьдрах юм 30-хан толгой малаар чинь яаж амьдрах юм, 70-хан малаар чинь яах юм, яаж амьдрах юм энэ тэр гээд л. Тэгээд л яахав дээ ноос ноолуур бүх л юмны одоо юу татвар түрээсийг нь улсаас авна, улс даана гэхээр зэрэг өөр болж байгаа юм л даа тэр чинь. Тэрнээс чинь өмнө ард түмэн өөрсдөө даадаг байсан ш дээ. Тэр л үйлдвэрлэлийн нөгөө бүтээгдэхүүн ноос ноолуур, мах энэ тэр гээд улсын бэлтгэлийн мах өгнө. Тэгээд л одоо тийм юмнаас нь хэлтрэнэ, тэр чинь улс даана улс өөрснөө мэднэ гэхдээр зэрэг шал өөр болоод явчихаж байгаа юм л даа хүмүүсүүдийн ухамсартай нь. Тэгээд ухаан муутай нь жаахан уурлаж хэрэлдэж байгаад л тэгээд сүүлдээ гайгүй болдог юм оо. Тэгээд гайгүйрээд л. Тэгж л улс нэгдэлжих хөдөлгөөн ялж байсандаа. Тэгээд л манайх гэхэд л өөрсдөө манай өөрийнх гэхэд л 300 гаруй 400-аад малтай байсан л даа. Тэгээд манайх бол олуулаа ам бүл олуулаа байсан л даа 10 хэдүүлээ. За бараг 70 толгой мал өгсөн. Ээж ч гэсэн жаахан дургүй л байсан. Тэгж байгаад сүүлдээ гайгүйрсэн л дээ. Тэгээд яахав дээ дуртайгий нь, өөрснийхөө аль дуртай малаа л авч үлд гэж байгаа юм чинь. Хайртай дуртай малаа аваад л үлд, бусдыг нь тэгээд нийгэмчлэнэ гээд л. Тэгээд л нийгэмчлээд тэрийг чинь бүгдийг тамгалана. Нэгдлийн тамгаар тамгалана. Сэврэйд “Социализмын зам” нэгдэл гэж байгуулагдаж байсан юм. Тэгээд л тэр “Социализмын зам” гэсэн тийм тамгаар тамгалана. Тэр чинь ”СЗ” гэж байсан байхдаа, тиймэрхүү л юм байсан. Тэгээд л юуг нь бага малыг нь бас ээмэглэнэ. Тэгээд л тэр олон айлын чинь олон бүх малыг л ээмэглэнэ, тамгалана. Бүх ажил бүтэн хоёр сар л явагдсан юм байгаа юм. Тэр нэгдэлжих хөдөлгөөнд чинь бүтэн 2 сар л явж байж л айлуудын бүх малыг л нийгэмчилж тэгж л дуусч байсан. Тэгээд л тэрнээс хойш нэгдэлд би бас мал малласан даа. 500 гаруй мал маллаж байсан нэгдлийн. За нэг 3,4 жил ажилласан байх даа. Тэгээд л гэр бүлийн хүн тэр үйлдвэрт ажиллаж тийшээ яваад л тэгээд тэрнийхээ хойноос явчихсан. Тэгээд л нэгдлээс гарсан, нэгдлийнхээ малыг хүнд шилжүүлээд айлд шилжүүлээд л тэгээд л нэгдлээс гарсан даа ер нь. Тэгээд л үйлдвэрт л их ажилласан даа ер нь.

Цэцэгжаргал -

Тухайн үед хувь хүмүүс нэгдэлд яаж элсдэг байсан юм бэ?

Цэрэнпил -

Гүй яах юм юу байхав, тэр чинь хоморголоод элсүүлчихсэн юм чинь. Анхандаа бол яахав бас хэд хэдэн мал өгөөд л. Тэдэн толгой мал өгье гээд л тэгээд дуртай нь элсэн л дээ. 1957 онд бол тиймэрхүү маягаар элсэж байсан юм. 1959 онд бол ерөөсөө тийм юм байгаагүй. Ердөөсөө шууд л улсын, улсаас тийм ажил зохиогоод л бүгдийг нь нийгэмчил гэсэн. Ердөө л олон 4-өөс дээш ам бүлтэй айлд бол 70 толгой мал үлдээ, 4-өөс доош ам бүлтэй айлд бол 30 толгой мал үлдээ. Тэгээд л бүгдийг нь л одоо нийгэмчил, тэгээд л тэр чинь өшөө мөнгө төгрөг өгөхгүй шүү дээ тэр хүнд чинь ерөөсөө юу ч байхгүй. Тэгээд л малыг нь аваад л тэгээд л улсын, нийгмийн мал болгочихож байгаа юм чинь. Тийм л маягаар л юу яаж байсан юм, орж байсан юм. Тэгээд л нэгдэлд орсноос хойш яахав дээ, нэгдлийн чинь ноос ноолуур, өвс юугий нь юу яана. Малынх нь юуг, ноос ноолуурыг нь авч өгнө. Мөн ялгаа байхгүй авч өгнө. Тэрнийхээ үнэ өртгийг авна, хөлс өртөгийг авна. Тэгэхдээ харин нэгдэл чинь багахан л хөлстэй байсан юмдаа. Тэр үед чинь мөнгөний ханш бага байсандаа. Тэр үед чинь мал хямдхан байлаа. Ноос ноолуур нь ч хямдхан байлаа. Мал гэхэд чинь, хонь гэдэг чинь сайндаа нэг 15, 16 төгрөг л байдаг байсан даа. Хямдхан байсан байх даа ер нь хямдхан л байсан. Ямаа гэхэд л 10-аад төгрөг ч байсан юм уу 8, 9 төгрөг ч байдаг байсан. Тиймэрхүү байдалтай л байдаг байсан даа. Тэгээд ер нь нэгдэлжих хөдөлгөөн ялснаас хойш бол ер нь ард түмний амьдрал өөр болсон доо. Ер нь гурил будаа, идэх уух юм өөр болоод л одоо яахав өвлийн үүц бууц юу нэгдлээс одоо хүнс хоол авч идье гэвэл өгдөг байсан. Тэгээд л одоо бичиг баримтаар өгнө. Бичгээр өгнө. Хэдэн мал яахав хонь, ямаа... хонь төдийг, ямаа төдийг ав, тэмээ төдийг авч ид гэдэг ч юм уу яадаг юм жишээ нь. Тэгээд нэгдлээс бол багийн дарга энэ тэр бичиг хийж өгнө. Багийн дарга бичиг хийж өгнө. Тэгээд л бичиг, тэр бичгээрээ аваад л тэр чинь өөрийнхөө нэгдлийн мал маллаж байгаа, хөдөлмөр хийж байгаа юм чинь хөдөлмөрийнхөө хөлснөөс үнэ өртөгийг нь суулгаад л тэгж л амьдардаг байсан. Тийм. Гол нь тэгж л амьдардаг байсан даа ер нь.

Насанд л хүрсэн бол ер нь элсүүлж байсан юм. 18 хүрсэн бол элсүүлнэ, заавал элсүүлнэ. Орохгүй гэсэн хүнийг бол шаардлага тавина. Тэгээд ер нь орохгүй гэсэн хүнийг бол бараг л баривчилах л ухааны юм ярьдаг байсан. Тэгдэг л байсан. Баривчлах, одоо хэрэг яланд хийх ухааны л юм ярьдаг байсан л даа. Тэгээд л хүн чинь юу гээд л баригдаад л явья гэх билээ дээ. Тэгээд л бүх ард түмэн бүгдээрээ ингээд л орчихож байгаа юм болохоор хүн чинь тэгээд жаахан цааргалж байснаа тэгээд л орчихож байгаа юм чинь ерөөсөө. Тэгээд л дагалдаад тэгээд орчихож, тийм л байдлаар орж байсан даа. Ер нь тэгээд 2 сарын хугацаанд л ерөөсөө манай тэр сум л гэхэд ер нь л жигдэрчихсэн л дээ. Бүгд л нэгдэлдээ ороод л, тэгээд нэгдэл нийгмийн юм болоод л. Тэгээд л нэгдлээс чинь мал хуйг нь одоо хаа байгаа тэр нөгөө хөвчөөс нөгөө хөвчрүү малыг нь тууж авчраад л бүл олонтой, мал цөөтэй айлруу бол тууж авчраад л нийлүүлчихнэ. Тиймэрхүү л жишээтэй. Тэгээд л яахав, тэгээд л нэгдэлжих хөдөлгөөн ялснаас чинь хойш ер нь тэгээд нэгдлийнхээ малыг маллаад л, малын одоо нэгдэлд малласны хариулганы хөлс гэж авна. Ноос ноолуурыг нь самнаад л өгөхлөөр тэрний бас хөдөлмөр гэж авна. Тэгээд л мал хуй, хүнс мүнс яахав авч идэхдээ бол та нар өөрснөө бичгээр аваад идэж бай гэнэ. Тэгээд л захиалгаа өгөөд. Тэгэхээр зэрэг хүний амьдрал сайжраад л явчихаж байгаа юм чинь ерөөсөө. Тэрнээс өмнө чинь бол юу ч байхгүй дандаа албан татвар өгдөг. Социализмийн үед чинь тийм байсан юм ш дээ. Ноос ноолуураа өгнө үнэ өртөг гэх юм байхгүй. Мах өгнө, бэлтгэлийн мал гэж өгнө. Эр сувай мал ч байлгахгүй ерөөсөө. Тэгэхэд чинь ард түмний амьдрал маш хүнд ерөөсөө. Тэгээд л нэгдэлжих хөдөлгөөн ялснаас хойш чинь амьдрал бол шал өөр болсон л доо. Энэ л гурил будаа ч элбэгшсэн, тэгээд л эд бараа янз бүрийн эдлэх эдлэлүүд ч элбэгшсэн. Тэрнээс өмнө чинь социализмийн үед бол, өмнө бол их л хүнд л байсан даа. Амьдрал их хүнд байдаг байсан. Тэгээд л нэгдэл болсноос хойш л ерөөсөө шал өөр болсон ш дээ. Тиймэрхүү л, тэгж л ажиллаж амьдарч байсан.

Зорьж орно гэсэн юм бол бараг байхгүй ер нь. Бүгд л дургүйлхэнэ ерөөсөө. Бүгд л дургүйлхэнэ. Миний л очиж байсан айлууд л их л дургүйцдэг байсан. Үгүй тэгэхдээ яахав дээ яриад л хэлээд л ойлгуулсаар байтал тэгээд л сүүлдээ орно. Өө тэр чинь бүтэн хонууд өнжүүдээр ухуулга хийж байгаа юм чинь. Ухуулга хийгээд л одоо ингээд л энүүнд орохгүй бол, одоо та нар үлдэх юм бол шүүх мүүхэд явна, шүүхийн мэдэлд очно. Ер нь тийм л байсан юм чинь. Тэгээд л тэгэхээр зэрэг чинь хүмүүс хэсэг дургүйлхэж байгаад л тэгээд орж байгаа юм л даа зайлуул. Тэгэхдээ гайгүй ээ, гайгүй. Нэг л айлд бол, нэг айлын л нэг эмэгтэй, гэр бүлийн хүн авгай л нэг их загнаж, уурлаж нэг их бухимдсан юм байгаа юм. Бусад нь бол ер нь гайгүй л байсан даа. Нэг Сангидоржийнх гэдэг нэг айлд очсон. Тэднийх маш дуртай орж байсан. Тэр нэг нэлээн настай, ахимагхан өвгөн байсан юм. Тэр бас учир мэддэг хүн байсан байлгүй дээ бодвол. Авгай нь ч бас, охин нь ч бас улсад ажилладаг хүн байсан тэгээд улсын байгууллагад. Маш их дуртай орж байсан байгаа юм. Охин нь бас сэхээтэн л хүн байсан л даа, сургууль мургууль төгссөн. Бас өөр л хандаж байсан. Тэр хүн их дуртай “аа өгөлгүй яахав, оролгүй яахав, орно орно тэрүүнд чинь ерөөсөө. Өгнө өгнө малаа өгнө өгнө” гээд л тэгээд л өгдөг малыг өгөөд, аваад тэгээд л орчихно гээд орж байсан байгаа юм. Зарим айл жаахан л дургүй л байдаг байсан. Зарим нь ч яахав гайгүй тэгээд л дагалдаад л орчихдог юм байна лээ тэгээд л.

Тэр чинь юу яана ш дээ. Багийн ухуулагчдыг багдаа л цуглуулаад л үүрэг өгчихнө. Айлуудыг хэсээд тийм тийм ухуулга... одоо тэр үед чинь ингэнэ. Тэгээд л ухуулга, ухуулагч гэдэг нь яадаг вэ гэхээр энэ л бэлтгэлийн мал хуйгий нь, ноос ноолуурыг нь одоо улсад тушаалгах, өвс хадланд гаргах, аян жинд явуулах тийм л ажил хийлгэдэг байсан ш дээ ер нь. Ер нь тэрийг их шаарддаг, тавьдаг хөөцөлддөг тийм л үүрэгтэй улсууд ухуулга гэдэг чинь. Үгүй тэгээд яахав дээ улс нийгэмд тийм юм болж байна гэнэ. Тэр үед чинь нарийн нандин тийм чухал юм байсан биш. Телевиз мэлвиз, радио ч байхгүй. Ямар ч юм байхгүй ш дээ. Тэгээд яахав сум оронд тийм юм зохиогдож байна гэдгийн л ухуулаад л, тэрний дагуу өгсөн үүрэг даалгаврын дагуу л тэрнийг л одоо ард түмэнд ухуулж явна шүү дээ. Өшөө нэг их хийгээд байх юм байхгүй ш дээ. Тэгээд л тийм л юм ухуулна. Тэгээд л тэрнийг л шаардлага тавьж л тэгж л явдаг улсууд. Гэхдээ тэр үед чинь улсууд их ухамсартай. Одооний улсууд тэгээд явах юм бол зарим нь их дургүй нь хүрэх байхаа. Ерөөсөө энэ залуучууд дамаа хүлээж авахгүй байх. Тэр үед маш их хүлээж авдаг байсан ш дээ хүмүүс. Тэр ухуулга таниулга хийгээд л, яриа хөөрөө хийгээд л айлд очиход чинь одоо ингээд яг цуглаж суучихаад л хүн байсан болгон нь. Том хүн болгон чинь цуглаж суучихаад л хүүхдүүдээ чимээгүй бай гэчихээд л тэгээд сонсоод суучихдаг тийм байсан ш дээ ерөөсөө. Тийм. Зарим нэгэн хүн эсэргүүцдэг л байсан л даа янз бүрийн ажлыг. Аян жинд яв ч гэдэг юм уу, тэр л одоо нөгөө ийшээ тийшээ одоо тэр үед чинь машин тэргээр зөөгөөд байх ч юм байдаггүй. Энэ хангайгаас мод зодыг тээврээр татдаг байсан ш дээ бас нэг ганц нэг. Тийм юманд одоо яв энэ тэр гэхээр зарим нь бас дургүйцдэг, эсэргүүцдэг л юм байсан л даа зарим ардууд бол. Зарим нь ч бол гайгүй. Тиймэрхүү л ажил хийдэг байсан юм. Тэгээд л эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга гэдэг бол яахав дээ мөн л нэг эмэгтэйчүүдийнхээ талаар хийгээд байх юм бараг байхгүй л дээ ер нь бол. Мөн л энэ олон нийтийн дунд ямар ажил зохиогдох вэ, тийм юм зохиогдож байна, эмэгтэйчүүд тийм байна соёлтой боловсролтой, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх хэрэгтэй гэнэ, тиймэрхүү л юм ярина шүү дээ ер нь. Тэгээд л сонин хэвлэл тараана даа, сонин захиална сүүлийн үед. Тэгээд л сонин монинг чинь тарааж өгнө, хэвлэл сонин тарааж өгнө дөө айлуудаар. Өшөө мэдээлэл байхгүй ш дээ тэр чинь ерөөсөө. Тийм янз бүрийн радио марадио гэж байхгүй хөдөө чинь. Юу ч байхгүй. Тэгээд л сонин хэвлэл л нэг тарааж өгдөг. Тэрийг захиалуулдаг. Зарим нь захиалахгүй гэнэ, зарим нь захиална гэнэ тэрийг. Тиймэрхүү л байдалтай байдаг байсан даа.

Цэцэгжаргал -

Тухайн үед нэгдэлжих хөдөлгөөнийг хүмүүс, ард түмэн хэрхэн хүлээн авдаг байсан бэ?

Цэрэнпил -

Ер нь бол анхандаа их дургүй байсан ш дээ. Тэгээд л ер нь нийтэд нь аваачаад ингээд л юу яачихаж байгаа юм. Захирамж шийдвэр гаргаад л юу яачихаж байгаа юм болохоор дургүй байсан ч яаж ч чадахгүй тэгээд л орчихож байгаа юм. Яах ч аргагүй л тэгээд л бүгдийг л оруулчихаж байгаа юм чинь одоо ерөөсөө. Тийм. Одоо нэг тийм юм гарах юм бол яаж эсэргүүцэжгээж байх юм болоо мэдэхгүй ерөөсөө. За мэдэхгүй ээ, өөр л байх байх гэж бодоод байдаг юм би нээрээ. Мэдэхгүй. Тэр үед чинь тэгээд л хүмүүсүүдийн чинь одоо ухамсар доройхон байдаг байсан ч юм байгаа биз зайлуул. Хүлцэнгүй, мэдлэг мэргэжилгүй, мэдлэг ч байхгүй яахийг ч мэдэхгүй учрыг нь ч олохгүй. За тэгээд л ор гэж байгаа юм бол орохоос өөр яахав, оролгүй дээ гээд л ийм л байдлаар орж байсан ш дээ. Ямар ч учрыг мэдэхгүй. Би ч гэсэн анхандаа бас ер нь юу байдаг юм бол энэ чинь ямар хэцүү юм байдаг юм болоо. Хүний мэдэлд бүх малаа өгчихөөд тэгээд яаж амьдрах юм бол гэж бодогдож л байсан. Тэгээд сүүлдээ яахав дээ бас өөрт оногдож байгаа юм чинь. Өөрөө бас ухуулга таниулга хийх, аргагүй л нэг тийм одоо багийн хүмүүсийг чинь суман дээр цуглуулаад б”ас тэгж ухуулга, семинар өгчихөж байгаа юм чинь аймгаас төлөөлөгч ирээд л. Тэгээд л сумынханд нь юу яалгуулаад л тэгээд үүрэг даалгавар өгөөд тэгээд л... Үгүй тэгэхээр чинь ёстой яаж ч чадахгүй ш дээ. Эсэргүүцэж чадахгүй ш дээ тэр чинь. Тэгээд л өөрөө ухуулга хийгээд л явж байгаа юм чинь /инээв/. Тэгээд сүүлдээ бол өөрөө юу яачихаж байгаа юм чинь, хүлээгээд авчихаж байгаа юм чинь одоо боллоо, болох л юм байлгүй, засаг төрөөс болохгүй юм яах гэж л хийлгэж байв гэж бодож байгаа юм чинь. Тийм. Тийм болох л учираас ингэж байгаа байлгүй төр засгаас гээд л ингүүлээд гэж бодоод л тэгээд өөрснөө ч их дуртай л, тэр дуртай ч юу байхав дээ тэгээд л орчихож байгаа юм чинь орьё гээд л. Ээжийгээ хүртэл би битгий эсэргүүцээрэй орж үзээрэй гээд л гуйж л байсан байгаа юм. Тэгээд л орж л байсан. Тэгээд манай ээж ч дургүйцээгүй орчихож л байсан. Манайх ам бүл 11-үүл, 12-уул ч байсан. Нилээд л олуулаа байсан. Тэгтэл л, 11 ч арай л хүрээгүй байх л даа 8-9-үүлээ л байдаг байсан байх. Тэгээд нэг 70 толгой мал үлдээж байгаа юм чинь. “Харин ч их мал үлдээж байсан. Зарим айлд 30 мал үлдээж байна. 70 мал гэдэг чинь их л мал шүү дээ. Өөрснөө дуртай малаа л одоо түүгээд ав л гэж байгаа юм чинь. Тэгэхээр одоо та уурлаж, уцаарлаад яахав дээ, одоо тэгээд орох л болж дээ одоо ард түмнийг дагаад л. Одоо бүгдийг, нийтийг л дагаж байгаа юм чинь” гээд л тэгсэн. Тэгээд манай ээж дургүйцээгүй тэгээд л орчихож байсан л байгаа юм. Тэгээд л нэгдлийн л улсууд болчихож байсан. Тэгээд л нэгдлээс чинь ер нь нэг жил л тэгээд үр шимийг нь үзээд ирэхээр зэрэг хүн чинь шал өөр болчихдог юм байна лээ. Тээх. Тэр чинь үр шимийг нь үзэж байгаа юм чинь. Ноос ноолуурыг нь аваад өгөхөөр тэрний хөлс мөнгийг нь өгч байгаа юм. Хөдөлмөрийн малын хариулсаны мөнгө гээд л өгчихөж байгаа юм. Өвс ногоо түүсний мөнгө гээд өгчихөж байгаа юм нэгдлээс чинь. Өвс хадлан бэлтгэсэний мөнгө гээд өгч байна. Заа тэгээд өвөл бас өвс бууцаа хийдэг. Урьд нь тийм юм байгаагүй ерөөсөө. Өвс бууцаа хийдэг айлуудыг чинь одоо нэгдлийн гишүүд залуучууд, малуучууд голцуухан бололцоотой айлуудаас 1-2 хүн татаад. Ер нь бүх л юманд тэгээд явдаг байсан ш дээ. Тэгээд л ноос ноолуур, мал хуйгий нь ... бүл хүч муутай айлын малыг нь чинь очоод самнаад өгчихнө, хонийг нь хяргаад өгчихнө. Тэр нэгдлийн ч байсан хамаагүй, нэгдлийн л малыг хяргана шүү дээ гол нь. Тэгээд л мал, ажлыг нь хийгээд л өгчихнө. Түлээ, түлшийг нь татаад өгчих жишээтэй. Өвс бууцыг нь ч хийгээд өгчихнө. Тэгэхээр зэрэг чинь хүмүүс шал өөр болчихож байгаа юм чинь ухамсар бол. Хамтаараа, хамтын хөдөлмөр гэдэг чинь сайхан юм байдаг юм байна. Энэ ганц ганцаараа амьдарна гэдэг чинь хэцүү юм байдаг юм байна гэж бүрэн ойлгоод авчихаж байгаа юм чинь. Тийм л байдалтай тэгж байсан, тэгж л орж байсан. Тийм.

Цэцэгжаргал -

Нэгдэлжих хөдөлгөөний үед малчид малаа нууж байсан уу?

Цэрэнпил -

Нууж... манай тэнд нуугаагүй ш дээ ерөөсөө. Энэ хангай мангайд нуусан гээд бас нэг, тэр чинь бас нэг телевизор кино миногоор гаргадаг л байсан ш дээ. Бас нэг үхэр мүхэр хөдөө аваачаад уячихсан нь бас алдуураад л чавхдаад ирж байгаа нь харагддаг байсан тэгээд тоолж барьж байхад. Манай тэнд бол тэгж мал ерөөсөө нуугаагүй. Мал нуусан хүн ерөөсөө байгаагүй. Ерөөсөө тэгээд л, ер нь л бас л ухамсартай, жаахан захдуу болоод ч тэгдэг байсан юм уу тэр тийм юм сайн мэдэцгээдэг ч үгүй байсан юм уу ер нь л тэр дургүйцэгүй, мал ерөөсөө нуугаагүй ш дээ манай тэнд бол. Ер нь бүгд л өгсөн ерөөсөө. Нуулгах ч үгүй тэр хууль ч чанга байсан юм байгаа биз. Хуулиндаа баригдаад л тэгээд одоо ер нь малаа нуусан дарсан байх юм бол тэгээд л одоо юунд шүүх мүүхэд дуудагдана, шүүх мүүхэд өгнө, шүүхийн мэдэлд өгнө энэ тэр гээд л тэгчихэж байгаа юм чинь ухуулга хийгээд л. Тэгэхээр зэрэг чинь хүн малаа нуухгүй байгаа юм чинь. Тэгээд л бүгдийг нь тэгээд хураагаад л, цуглуулаад тоолоод тэгээд л хүлээлгээд өгчихөж байгаа юм. Тэгж л өгч байсан байгаа юм. Говийн хүмүүс чинь ер нь жаахан ухамсартай, нилээн дуулгавартай ш дээ ерөөсөө. Тийм бас энэ хангай чигийн улсуудаас чинь бас арай л өөр юм шиг байдаг юм ш дээ ер нь хэдийнээс, дээр үеээс хойш. Манай тэнд чинь хулгай зэлгий гэж байхгүй манай говьд чинь. Ямар ч тийм юм байдаггүй, одоо ч байхгүй ш дээ ерөөсөө. Одоо энд чинь бол малаа тавиадахвал алдаалхалаа, хулгай аваадахлаа л гэж байдаг. Манай тэнд чинь бол тийм юм байхгүй ш дээ. Зэлүүд туучихна, услаад л гаргачихна. Тэгээд тэр малчин тэр юу дурандаж байгаад л мал нь цуваад л ирнэ. Одоо хир нь тийм ш дээ. Айлууд чинь гэр оронгоо хөдөө өвөлжөөн дээрээ бариад л хаячихна. Одоо гэрээ, тэгээд тэрүүн дотроо гэрийн хамаг л эсгий ноос, хивч дэвсгэр юу ч байдаг юм хураасан тос ээзгий, хурууд тийм юмаа аваачаад л илүү гэртээ хийгээд л хаячихна. Тэгээд л зуны зусландаа очоод буучихна. Тэгээд ч юм нь байж л байна ерөөсөө. Манай тэнд говийн нутгийн онцлог, тийм онцлогтой л доо. Тийм. Ер нь хүмүүс тийм даруухан төлөвхөн. Бас их тийм танхай балмад тийм зантай биш ерөөсөө. Дээр үеээс хойш тийм ш дээ ерөөсөө. Манай говь чинь бас нилээн дуулгавартай, нилээн тийм улсууд байсан ш дээ. Одоо ч гэсэн гайгүй ш дээ, манай говийг бол их сайхан гэж ярьдаг юм ш дээ. Айл хүн амьтан очсон ч зан ааш сайтай, унд цайгаа хийгээд л өгнө, юу байснаа л тавьж өгнө хүнд чинь ерөөсөө. Тэгж нарийлах, харамлах юм ч гэж байхгүй ер нь. Тийм говийн нутгийн онцлог бас өөр л дөө. Хүмсүүд нь их зан сайтай, ер нь тэгж яригддаг ш дээ. Зан сайтай унд цай сайтай гэж яригддаг юм ш дээ говийн ард түмэн бол.

Цэцэгжаргал -

Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгдэлжих хөдөлгөөний талаар гарч байсан уу?

Цэрэнпил -

Тэр чинь сонин монин дээр жаал жуул юм бичиж байсан юм уу үгүй юу. Сонинг тэр үед чинь захиалаад байдаг ч үгүй байж. Тэр үед чинь. Үгүй нэгдэлжих хөдөлгөөн ялснаас хойш л тэр сонин захиалдаг болсон ш дээ. Тэр урьд нь юу ч байхгүй ерөөсөө. Тэр амаар л ухуулга хийж явна уу гэхээс, тэр тийм сонин монин, энүүн дээр тийм юм байна энийг уншаад энийг ойлгоорой гэсэн юм бол байхгүй ш дээ. Тэр сонин хэвлэл чинь үзэгдэхгүй ш дээ, мэдэхгүй бараг. Тэгээд л одоо тэр нэгдэлжих хөдөлгөөн ялснаас хойш харин сонин монин захиалуулдаг болсон ш дээ. Тэгээд л сонин “Намын үнэн”, “Хөдөлмөр” сонин энэ тэрийг чинь захиална. Говийн мэдээ гэж манай говь чинь өөрийн сонинтой. Тийм, тийм юман дээр л одоо бүх мэдээллүүдийг гаргана. Бусдаар бол тийм...тэгээд нэгдэлжих хөдөлгөөн ялснаас хойхно чинь одоо тэр юу яасан ш дээ. Соёлын довтолгоон гэж явагдсан юм ш дээ. Тэр үед чинь бол ер нь их шаардлага тавьж бас дээрээс ер нь бас дээрээс их харж үзэж байсан байх. Ариун цэврийг их сахиулдаг. За тэгээд л тэнд чинь бас мэдээлэл зэдээлэл их өгдөг, сонин монин захиалуулдаг тийм болсон ш дээ ерөөсөө. Нэгдэлжих хөдөлгөөн ялснаас хойш л тийм асуудал чинь өөр, өөрчлөгдөж ирсэн ш дээ. Тэрний өмнө чинь нилээн бүдүүлэг улс байсан ш дээ монголчууд чинь ер нь. Чухам энэ хангай чигээрээ арай өөр байсан юм шиг байдаг юм. Энэ хот орныхоо соёлыг дагаж арай дээр байсан юм шиг байгаа юм. Манай говь руу чинь бол алс тийм хязгаар газар юм чинь бас нилээн бүдүүлэг байсан байх гэж би боддог юм. Тэгж л байсан юм шиг санагдээд байдаг юм тэр үеэр. Тийм.

Ер нь ухуулга л хийж байсан ш дээ. Тэр ухуулагч гэдэг хүн чинь тийм л юм хэлж явна шүү дээ одоо. Тийм. За яахав нэг сонин гэх юм ер нь байдаггүй л байсан даа. Би л ер нь сонигоос юм хүнд хэлж байгаагүй санагддаг юм. Амаар л үүрэг даалгавар өгнө. Тийм. Тэр чинь одоо сумын захиргаа чинь одоо аймгаас төлөөлөгч ирчихнэ. Дандаа төлөөлөгч гэж ирнэ. Байнгын төлөөлөгч одоо эвлэлын хорооноос ирнэ, хөдөө аж ахуй гэж байснаас ирнэ. Тэгээд л намын хорооноос ирнэ, тэгээд л аймгийн захиргаанаас ирээд л тэр ухуулга... тэр чинь тэр л мэдээлэл хийж явж байгаа улсууд шүү дээ. Дандаа мэдээлэл өгч яваа. Тэгээд тэр мэдээлэл чинь суманд ирээд л, аймгаас суманд ирээд л, Улаанбаатараасаа аймагт очино төлөөлөгч нар чинь. Тэгэээд л аймгийнх нь сумандаа очно, сумынх нь тэгээд л багийнхныгаа цуглуулаад л багаар явна, багийн айлуудаар явна. Тэгээд л ухуулга хийнэ. Хурал хийнэ, багийн хурал гэж хийнэ. Тэр л хурал дээр л одоо нэг сайн үүрэг даалгавар өгнө дөө. Ер нь нэлээн жавтийдуулна шүү дээ тэгээд л. Тийм. Тэгээд л бас л жаахан тийм юм хуманд явахгүй барихгүй гэснийг нь загнана, аашилана, торгоно, шийтгэнэ гэнэ, шүүх прокурорт шилжүүлнэ гэнэ. Тэгэхээр зэрэг чинь хүмүүс тэгээд л явж л байгаа юм, хийж л байгаа юм ер нь тэгээд л. Мэдээлэл бол тийм л мэдээлэл байсан. Амаар л ухуулга, яриа дандаа ухуулга хийнэ. Бусдаар тэр сонин хэвлэл тийм юм байгаагүй ш дээ ер нь. Байхгүй ерөөсөө. Тийм байдаггүй байсан ш дээ. Манай тэнд л тийм байгаагүй дээ. Одоо чухам сүүлийн үед нэгдэлжих хөдөлгөөн ялснаас хойш л сонин хэвлэл чинь ирдэг, тэр радио марадио тавьдаг болсон ш дээ ер нь тэр. Багдаа бол ерөөсөө 2 юмуу 3 ухуулагч л байна ш дээ. Багийн айлууд чинь тэгээд гайгүй л дээ цөөхөн, 80-90-ээд л айл байна тэр чинь. Тэгээд тэр чинь нэг 30-40-өөр нь хувааж аваад тэгээд ер нь 2-хон ухуулагч заримдаа байна. Заримдаа 3 байдаг л байсан. Ер нь бараг л 3 байдаггүй л байсан даа ер нь 2 л ухуулагч. Тэгээд манайхан чинь тэгээд Сэврэй уул гэдэг чинь тийм өндөр, их эгц уул байгаа юм л даа. Тэрнийхээ ар өврөөр л нутагладаг айлууд нь. Өвөр талын ухуулагч, ар талын ухуулагч гэж байсан юм. Тэгээд би чинь өвөр талын ухуулагч. Ар талаар нь Борохин гэдэг хүн явдаг байсан юм. 2 эмэгтэй л явдаг байсан даа голцуу ухуулга хийгээд. Тэгээд тэрний дээр нь ахлах ухуулагч гэж нэг хүн байсан. Тэрийгээ удирдаж байдаг. Тэр нь манай нэг ах байсан юм. Зайлуул одоо нас барсан даа. Тэр ах тэгээд л бид нарт гол үүрэг чигийг чинь өгнө шүү дээ. Тийм айлуудаар явж тэгж өвс, төчнөөн кг өвс түүлгэ, өвс, ногоо түүлгэ. Тэгээд төчнөөн кг ноос ноолуурийн дутууг нь гүйцээлгэ. Одоо тэгж л тийм л үүрэг даалгавар өгнө шүү дээ ер нь тэгээд л. Тэгээд хичээл сургуулынхаа хүүхдийг явуул, хүүхдээ явуулдаггүй сургуульд чинь улсууд чинь. Тэрийг хөөцөлдөж явуул одоо ухуулж, таниулж ойлгуулж хүүхдүүдийг нь шинэ сургуулиар явуул... тэгээд л төрөх барих хүн байх юм бол бас нэг суманд аваачиж төрүүлдэг байсан юмаа тэр үед чинь хааяа нэг. Эхлээд нэг тийм юм болж байсан юм. За тэр сум мум, тэр нэгдэлжих хөдөлгөөн ялаад л суманд төрүүлдөг болсон ш дээ. Тэр мум мумруу, тэр эмэгтэйчүүдийг нь аваачиж үзүүлж харуулж төрүүл бариул гээд л ийм үүрэг даалгавар, тийм л юм өгнө дөө ер нь. Тэгээд л тийм журмаар л тэгээд ар, өврийн ухуулагч нар гээд л. Тэгээд л нэг... тэр чинь удаан. Сардаа, ерөөсөө нэг сард нэг л удаа айлуудаа эргэнэ. Тэгээд сарын эцэс дээр айлуудаа эргэж ирчихээд тэгээд сарын эцэс дээр дүн мэдээгээ өгнө, ахлах ухуулагчдаа өгнө. Ахлах ухуулагч цааш нь дамжуулж өгнө. Тийм. Мэдээ тайлан ухаантай тийм л юм хийж өгнө л дөө. Тийм мэдээ, мэдээлэл л өгч байгаа юм л даа. Тийм тийм тэглээ, одоо төчнөөн айлаар явсан, тэгж тэгж ухуулга хийсэн, тэгж яасан ноос ноолуурын дутууг нь тэгж гүйцээж өгүүллээ, өвс хадланд ч тэгж гаргалаа ч гэдэг юм уу. Ухаандаа л төчнөөн хүн гаргалаа, тийм тэгж бригад зохиолоо гээд л. Бригад зохионо шүү дээ. Тэгээд л айл, айлуудаас нь хүн гаргаад л тэгээд нэг бригад болгуулаад л тэгээд өвс хадлан түүлгэнэ. Тийм. Тэр нэгдэлжих хөдөлгөөн ялахтай зэрэг яг тэр жилээс эхлээд л... тэр чинь хавар өвөл... хавар, за хавраас л эхэлсэн юм байгаа юм. Тэр хамгийн гол нь бүх юм, нэгдэлжих хөдөлгөөн ялдаг чинь хавар л эхэлсэн юм. Тэгээд л тэр чинь намраас нь эхлээд л тэр өвс хадлан түүлгэдэг нэгдлийн ажил, өвс хадлан түүлгүүлдэг. Тэгээд л ноос ноолуур, тэр нэгдлийн ноос ноолуурийг чинь заавал гүйцээлгүүлнэ. Гүйцээхгүй дутуу байх юм бол энд тэндээс олж гүйцээж өг гэнэ. Тэрийг чинь одоо, тэрнийг л их хөөцөлдөнө дөө ерөөсөө. Тэгээд л айлууд чинь тэгээд л шургуу ч ажиллана. Тэгээд л өгнө дөө. Өгөх дутууг нь яаж ийгээд тэгээд мөн л энд тэндээс тэднийх ноостой байна, илүү ноостой байна. Тэднийхээс ав, худалдаж ав, үнэ өртгийг нь өгүүлье гэж байгаад л тэгээд нэг авхуулна даа. Тэгээд л тэрийг чинь нэг юм очиж ярьж хөөрч байж, эзнийг нь явуулж барьж байж тэгээд л ноос ноолуурийг нь авхуулж юу яадаг байсан юм. Тиймэрхүү л байдалтай л байдаг байсан. Тийм л ажил, чиг өгнө. Тэгээд л нэг сарын эцэст л одоо бүгд цуглаж хурал хийнэ. Багийн хурал гэж хийнэ. Тийм. Нэгдэлчдийн хурал... анхандаа багийн хурал гэдэг, сүүлдээ бол тэгээд ерөөсөө тэр чинь яадаг байсан юм. Нэгдэлийн одоо гишүүдийн хурал гэж. Нэгдлийн гишүүдийн хурал гэж болно. Тэр хурал дээр чинь сар болоод л хурал хийгээд л. Тэр хурал дээр чинь мэдээ тайлангаа өгнө. Дутуу мутуу юмаа ярина, гүйцсэн юмаа одоо үр дүнгий нь ярина. Тийм жишээтэй л байдаг байсан. Тэгж л ажилдаг байсан юм. Ард түмэн хурал хийгээд сонгочихдог байсан юм. Цалин хөлс ч байхгүй. Өөрийнхөө унаагаар явна. Тийм байсан ш дээ. Өөрийнхөө машин, машин юу байхав дээ өөрийнхөө тэмээ мориор явна. Дандаа тэмээ, мориор явна ш дээ. Өөрийнхөө л унагаар явна. Тэр чинь цалин хөлс гэж байхгүй. Харин ерөөсөө сүүлийн үед чухам юу болсныг би сайн мэддэггүй юм. Би чинь хоёр, гуравхан жил болоод тэгээд гараад явчихсан юм чинь. Чухам сүүлийн үед яаж байсныг мэддэггүй юм тэрнийг бол. Тэр анхны үе дээр чинь юун тэр чинь одоо анхалж л нэг юм хөл дээрээ босох гэж хөдөлж байгаа юм чинь эрвийх дэрвийхээрээ хөдлөж байж босгож байгаа юм л даа. Тэр унаа өөрсдийнхөө л унаагаар явна. Тэгж хөлс, цалин ч өгөхгүй. Ард түмний хурал хийгээд одоо багийн ухуулагчаар хэн хэнийг сонгох вэ гээд сонгочихож байгаа юм чинь. Тэрийг сонгьё, арай л нэг хэлтэй амтай. Арай л нэг ямар ч юм байдаг байсан юм бэ дээ тиймэрхүүг нь сонгодог байсан байлгүй дээ. Бичиг үсэгтэйг ч юм уу сонгодог байсан байх л даа. Тийм нөгөө ухуулга хийгээд айлд нэг юм тэмдэглээд авч байх чадвартай, бас нэг хүнд юм хэлээд байх зэргийг нь л тэгж л сонгож авдаг байсан байлгүй дээ одоо бодвол. Намайг л эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, багийн ухуулагч гээд л 2 ч юмаар сонгочихсон л байдаг байсан байгаа юм. Тийм юмаар л ард түмэн л сонгочихно ш дээ, ерөөсөө хурал хийгээд л сонгочихно. Эр эмгүй хурал нийлж байгаад л эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хэнийг сонгох вэ багийн, өө тэрнийг сонгоё гээд л сонгочихно. Аа юу багийн ухуулагчаар хэнийг сонгох вэ, тэрийг сонгьё гээд л сонгочихно ерөөсөө. Гар өргөөд л сонгочихно. Тэгээд л тэрний дагуу л ажиллана өгсөн үүрэг даалгаварыг нь. Тэгээд л улс даяар тийм л том үйл хөдөлгөөн болсон ш дээ тэр. Сүүлд тэгээд соёлын довтолгоон гэдэг чинь бас тийм юм явагдсан ш дээ. Тийм том үйл хөдөлгөөн болсон байхгүй юу. Тэрнээс хойш ер нь тийм үйл хөдөлгөөн болоогүй дээ энэ орон... орон нутагуудаар ер нь. Би л мэдэхгүй.

Цэцэгжаргал -

Нэгдэлжих хөдөлгөөн яг ямар шатлалаар явагдсан бэ?

Цэрэнпил -

Тэр чинь Төв хороо, Засгийн Газрын одоо шийдвэр гарсан гээд л. Дамба гэдэг хүн байсан ш дээ. Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга чинь Дамба гэж хүн байсан, Цэдэнбал гуай байсан дээр үед бол. Дамба гэдэг хүн чинь одоо нэгдэлжих хөдөлгөөнийг ялсан хүн шүү дээ. Тэр хууль дүрмээ гаргаж. Тэр л юун ажил тэгж зохион байгуулж. Тэгээд л тэр чинь ер нь нийтэд нь ер нь нэгдэлжих хөдөлгөөн гэж бүх ард түмэн нэгдэлд элсэнэ, нэгдлийн гишүүн болно. Ийм л юм болсон, ингэж ийм хөдөлгөөн байгуулсан юм ш дээ тэр чинь ер нь. Анханд нь бол харин 1957 оноос саналаар авч байсан юм. Энэ хойгуур моогуур бас саналаар нь авч нилээн гишүүн болж байсан юм гэнэ лээ улсууд. Тэгээд манай тэнд чинь санал авна. Манай суманд санал аваад, саналаар хэдхэн хүн, 10-аадхан хүн нэгдлийн гишүүн болж байсан юм 10-аадхан айл. Тэгээд л тэрний үр дүн ч гэж нэг их сүйд болоод ч байсан юм байгаагүй. Удаагүй л дээ нэг жил гаруйхан болсон юм уу тэр нь. Доржшүг гэдэг даргатай тийм юм болж байсан юм саналаар. Тэгээд нээх сүйдтэй ч юм болсон юм байхгүй байж байтал л тэгээд л бүгдий нь нэгдэлжүүлчихсэн юм чинь ерөөсөө. Бүгдийг нь л ерөөсөө хоморголчихсон юм чинь. Нэг ч айл үлдээгээгүй ерөөсөө. Нэгдлийн гишүүн биш айл байхгүй, үлдээгүй. Бүгдийг нь оруулж байсан ёстой. Энэ хангай мангайд кино миногоор харуулж байдаг ш дээ зарим нь орохгүй гээд л нэг үлдчихсэн. Зарим нь тэгээд л за одоо орохоос яахав, орохоос өөр яахав гээд л орж байгаа харагддаг. Мал хуйгаа нуучихсан барьсан. Манай тэр, манай суманд л тийм юм явагдаагүй. Манай суманд, манай багт бол ерөөсөө маш шударгаар. Тэгээд л ерөөсөө тэрийг чинь учиргүй загнаж аашилахгүй ш дээ. Аа тэгээд манай багийн дарга нэг ширүүн хүн байсан юм. Тэгээд л ер нь би засгийн жолоо барьж, төрийн түлхүүр барьж байгаагийнхаа хувьд гээд л тачигначихна шүү дээ айлд очоод л. Тэгэхээр чинь хүмүүс их бууж өгч байгаа юм чинь хөөрхий амьтан тэгээд л ер нь. Тэгээд л загнаад л, орохгүй бол та нарыг ерөөсөө шууд шүүхэд шилжүүлнэ, шүүхийн мэдэлд өгнө, шүүхэд очоод та нар шорондоо явдаг юм байгаа биз гээд. Тийм. Малыг чинь хурааж аваачаад хүнд өгчихнө. Тэгээд та нар орохгүй юм бол өөрснөө шүүхэд явна гээд. Тэгэхээр чинь хүн орж байгаа юм чинь ерөөсөө. Тийм л жишээтэй. Тэгж л ухуулга хийж байсан юм даа ер нь. Ер нь их сайн, ямар ч одоо зорилго, ямар ч утгатайг нь бараг мэддэггүй шахуу л байсан юм чинь бид нар өөрснөө ч гэсэн. Тэгээд одоо орж л ийм л хөдөлгөөн юм болж, тэгээд л бүгд л нэгдэлд орж байгаа юм одоо...яахав дээ би өөрөө боддог байсан үгүй энэ улс л дээрээс төр засгаас ийм юм зохион байгуулж байгаа юм чинь болох л юм байлгүй, яагаад болохгүй л юмыг ингүүлж байв гэж ямар, мэдээжийн хэрэг. Улс нийгмээ хөгжүүлнэ, одоо цаашид ирээдүйн үед сайн сайхан амьдруулна гэж л одоо ийм л ажил зохиож байгаа байлгүй. Юу гэж л болохгүй юм л хийж байхав мэдээжийн хэрэг. Тийм учраас л одоо тэгж л ухуулна даа хүнд ер нь. Та нар одоо буруу зүтгээд яахав, бид нарын амьдрал хүнд байна. Бас цаашдаа амьдрал сайжрах ийм нийгэмд ч орж байгаа юм уу яаж мэдэх вэ энэ чинь бас. Тийм л нийгэмд оруулж байгаа гэж цаанаасаа ухуулж байгаа юм чинь. Амь амьтны амьдрал дээшилнэ, улс нийгэм ч хөгжинө гэж байгаа юм чинь. Тийм учраас одоо тэгээд л орохгүй бол болохгүй ш дээ бас. Бид нар чинь дандаа ингээд л ийм л байдлаараа хэдэн малынхаа зах үзүүрээс нь нухаж идчихээд өшөө юу ч байхгүй, аяга таваг, гурил ч байхгүй ийм царайтай амьдарна гэж юу байхав. Бас нэгдлийн, өөр нийгэм өөрчлөгдөж байгаа юм чинь арай өөр болох байлгүй дээ. Одоо оролгүй дээ гээд л хэлнэ ш дээ. Тэгэхээр зэрэг хүмүүс орж л байгаа юм чинь. Тийм, тиймэрхүү л байсан. Тэгдэг л байсан. Тэгж л оруулж байсан даа ер нь. Ер нь хүчээр орчихсон юм ш дээ. Хүчээр л ухуулга хийгээд л ерөөсөө ор, та нар орохгүй бол болохгүй гээд. Тэр чинь хүч шүү дээ, сайн дур биш. Албан журмаар, хүчээр оруулчихаж байгаа юм чинь. Хүчээр л элсүүлчихэж байгаа юм чинь. Тэгээд л элссэн, элсээгүй тэгээд л бүгдий нь малыг нь нийгэмчилж аваад л, хүнийг нь бүртгэж аваад л явчихаж байгаа юм чинь. Тэгээд л хүчээр орчихож байгаа ш дээ. Тийм /инээв/. Тийм л болж байсан юм чинь. Тэрийг чинь эсэргүүцээд л тэмцэл хийгээд байдаг тийм хүн манай тэнд байгаагүй ээ. Нэг айлын авгай л нээх уурлаж, бухимдаж байсан байгаа юм. Яаж амьдрах юм гэж л нээх бухимдаж. Олон ч хүүхэдтэй айл байсан, олон ч малтай айл байсан. Тэгээд л бухимдсан байлгүй дээ, нөгөө малыг нь 70-хан мал үлдээнэ гэхээр чинь зөв шүү дээ. Тэрүүгээр чинь би яаж амьдрах юм гээд л уйлаад л, туйлаад байсан байгаа юм. Тэгээд л хэлж байгаа юм л даа. Яахав одоо тэр малыг чинь нийгэмчилнэ, малыг чинь нийгэмчилчихээд та малаа хариулана, хариулагын чинь хөлсийг өгнө, малын ноос үсийг авч өгнө, тэрний чинь ноос үсийг чинь хөдөлмөрлөсөн хөдөлмөрийн чинь хөлсийг өгнө. Одоо бид нарт тийм юм оногдохгүй байгаа юм ш дээ. Урьд нь байгаагүй юм чинь. Тийм юмны чинь хөлс хөдөлмөр ирнэ гэхээр чинь бас өөр шүү дээ, хүний амьдрал дээшилнэ ш дээ гэхээр зэрэг үнэн ч юм уу, худлаа ч юм уу гээд л уйлж байгаа юм чинь. Уйлаад загнаж байгаа юм чинь. Тийм /инээв/. Зарим нь ч одоо өө болох л юм байлгүй, одоо ер нь болох л болоод тэгж байгаа байлгүй дээ орноо, орно гээд л орчихож байгаа юм чинь. Тийм л маягаар л орсон юм даа. Тэгээд ер нь бараг л хүчээр оруулчихсан юм даа. Хүрээд ирэхээр зэрэг чинь хүмүүс өөр болчихдог юм байна лээ ш дээ ерөөсөө. Зүгээр л ерөөсөө, ер нь нэгдэл шиг сайхан юм байдаггүй юм байна, энэ чинь их зөв юм байсан юм байна. Зөв л ажил байдаг юм байна гээд. Тэгээд л өвс ногоондоо явсан чиг, хадлан мадлангаа түүсэн чиг хамтраад л явчихна. Нэгдлийнхээ нэрээр л бүгд л хамтраад л явчихна. Тэгээд л ер нь хамтрах хийх ажил байвал, худаг усаа ч ч гэсэн хамтраад л. Урьд нь бол ганц ганцаар л ухдаг, оролддог байсан юм чинь. Тэгээд төчнөөн худаг ус ух, төдий худаг гарга, ухаан нь тэдэн хороо хашаа барь. Ерөөсөө их янзын юм хийнэ ш дээ тэр чинь. Тэр чинь дандаа нийтийн хүчээр. Нэгдлийн гишүүд нараас. Тэгэхээр зэрэг чинь л хүмүүс их дуртай байгаа юм чинь ерөөсөө. Нэг дор цугларч шуугиж, уугиж тэр ажил төрлөө хийнэ гэдэг чинь бас их соёл хөгжилгүй газар чинь их сайхан болж байгаа юм ш дээ. Бас тийм хөөр болж байгаа юм ш дээ /инээв/. Өвс хадланд явна. Хөдөө очоод л өвс хадлан дээр чинь цуглараад л залуучууд малуучууд чинь дуулна бүжиглэнэ шуугина. Тэгээд л хаад нэг суманд л ганц нэг очсон нь бүжиг мүжигэнд орно доо. Хөдөөнийхөн чинь ямар юмаа мэдэх вэ дээ. Тийм л байсан юм чинь. Тэгээд л тэр нэгдэл шал өөр болгоод л явчихаж байгаа юм чинь нээрээ. Хүмүүсүүдийн ой ухаан бол шаал өөр сэргээд л явчихаж байгаа юм чинь. Тэгдэг л юм байна лээ. Тэгж л орсон ер нь.

Одоо ингэсэн байхгүй юу даа. Малыг нь бараг өөрт нь маллуулдаг. Тэр чинь груплэсэн юм. Манай сум л гэхэд тэгүүлсэн юм. Манай сумыг чинь одоо яг хонийг нь, хонь адууг нь нааш нь Баян нуруу гэдэгт гаргаад л, ямаа тэмээг нь Сэврэй, Алтан уул, Нэмэхт гэдгээр ямаа, тэмээг нь тэгж юу яасан юм. Үхэр ямаа, тэмээг нь тийшээ. Хонь, үхэр адуу 3-ыг нь тэр Баян нуруугаад гаргаад, ямаа тэмээг нь цааш нь... груплээд одоо нутгийг нь зааглаад. Нэг хэсэгт нь говь чигийн нутаг руу нь аваачаад дандаа тэмээ, ямаа 2-ыг нь өгөөд, өө тэр арай хангайрхуу маягийн тэр нэг жаахан уул усархаг тийм газар луу нь адуу хонь үхрийг нь гаргачихсан ш дээ манайх чинь. Тэгж юу яасан ш дээ. Айлуудын чинь малуудыг өөрсөнд нь нийгэмчилхээд л за чи энэ хэдийг маллаж бай гэхгүй, бүр чухам бүгдийг нь янзална. Бүх хонийг нь туугаад тэр Баян нуруугаад гаргаад, бүх ямааг нь тэмээг нь тэр хаанаа ч байдаг юм Баян нуруу луу тууж ирээд л. Тэр цаад Алтан уул, Нэмэхтийн өвөр араар, ар өврөөр байгаа айлуудад тараагаад өгчихнө. Тараагаад өгчихдөг байсан ш дээ. Манайх гэхэд л, манайх чинь өөрөө 300- гаад малтай байсан. Манай бүх малыг чинь бутраагаад л тал тал тийш нь тараагаад л. Тэр Баян нуруунаас манайд 500 гаруй ямаа тууж авчирч өгч байсан ш дээ. Дандаа зэрлэг ямаа. Хөө тэр чинь бүл чадал муутай Дондогийнх гэдэг айл, зайлуул тэр бүр их төвөгтэй. Дондовын гэдэг айл, тийм 2 муу хөгшин малаа дийлэхээ байчихсан, мал нь хаданд л тэгээд... ус уучихаад л ирж худаг, усаа уучихаад л. Ирэхээр нь малыг нь усалчихдаг. Тэгээд л цуваад л гараад, хаданд л гөрөөс шиг л тэнэж, ишиглэж хургалаад л. Төллөө л тэндээ бойжуулаад л, мал чинь өөрснөө. Тэгээд л явж байдаг. Ямар ч тийм засаг захиргаагүй тийм, хүмүүсүүд нь дийлэхээ байчихсан настай 2 хүн. Тэгээд манайх чинь бас, манай ээж чинь их залуухан хүн байсан юм. Тэгээд л манай аав ч бас байгаагүй зайлуул. Тэгээд манай дүү байсан, би байсан. Ингээд нэг 17, 18, 20, 21-тэй 2 ч охин хүүхэн. Тэгээд бас дүү нар хүүхдүүд сургууль мургуулийн том том хүүхдүүд байдаг байсан л даа. Тэгээд тэд нар чинь сургууль мургуулиас гарчихсан тийм улсууд. Малаа, маллуулах гээд л гаргаж авдаг байсан юм чинь ерөөсөө 4 төгсөв үү үгүй юу тэгээд л. Тэгээд л бид нарыг чинь бүл чадалтай гээд л одоо залуу улс олон гээд л олон зэрлэг ямаа тууж авчирч өгч байгаа юм чинь. Тэгээд л тэр олон зэрлэг ямааг чинь авчраад л 500 гаруй зэрлэг ямааг л 2, 3 тэмээтэй хүн л чухам арай гэж тууж ирлээ гэж 5 хоног тууж явж ирлээ чухам алдчих гээд дийлдэггүй гэж чухам л тууж авчирч өгч байсан байгаа юм. Тэгээд л авчираад манайх чинь хариулна даа тэрийг чинь. Хөө чухам нэг хашгираадахвал тэгээд л пар гээд дэргэчихнэ. Өнөө айж байгаа юм, маллаж үзээгүй мал чинь. За тэгээд л өвөл нь төллөсөөн. Тэр маш их хүнд байсан ерөөсөө. Өнөө олон зэрлэг ямааг нь төллүүлэх юм болсон чинь...төллөдөг юм аа. Наанаас нь явахаар нь ишигээ хаячихаад хадаад л үсэрчихнэ өнөөх чинь. Тэгээд л нөгөөдхийг чинь туулгаж байж элдэж байж л барьж авна шүү дээ. Тэгээд л барьж авч ишгийг нь хөхүүлэх гэхээр оцойгоод хэвтчихнэ. Зун саанаа хувин дээр хэвчихнэ. Өнөөх чинь гижиг нь хүрдэг юм байгаа биз зайлуул оролдож үзээгүй мал чинь. Тэгээд л ингээд хэвтчихнэ. Гүй мөн аюултай мал байдаг байсан. Манайх тэгээд тийм сүрхий нэг хэсэг мал малласан. Нэгдэлд чинь бас нилээн хүнд гараар зүтгэсэн юмаа. Ухуулагч, мухуулагчаас нь яваад л, тэгээд ер нь худаг хороо тэр юу, ямар л ажил байна тэр болгонд явна шүү дээ. Тэгээд л сүүлд нь тэр олон зэрлэг ямаа маллах гэж бас нилээн ч хүч үзэж байсан даа ерөөсөө. Бүр төллүүлэх гээд манайх чинь малаа дийлдэггүй, чадахгүй, хөхүүлж барьж дийлэхгүй. Сумын төвөөс чинь, өнөө нэгдлийн нийгэм болчихсон юм чинь өнөө хамтын хүчээр гээд л сумын төвөөс хүн гаргаж өгдөг байсан юм ш дээ. Мал ишгийг нь хөхүүлэлц гэж /инээв/. Манайх суманд ойрхон байсан. Тэгээд л сумын төвөөс чинь л эвлэлийн үүрийн дарга марга, малын эмч энэ тэр ирдэг байсан байгаа юм. Ирж манай малыг хөөцөлдөж барьж өгдөг. Гонгор гээд л нэг малын эмч байсан. Өө зээр шиг хурдан, нээх өндөр янзын шар хүн байсан. Тэр л туулгачихна нөгөө догшин ямаануудыг чинь. Тэгээд л туулгаж байтал үсрээд явчихна ингээд л. Өнөөх чинь бахардаад үсрээд явчихаж байгаа юм. Тэгэхээр нь бариад авна даа. Тэгж л, тэгээд ишиг, мишгийг нь хөхүүлэх гэхээр чинь дараад хэвтчихнэ, босно гэж байхгүй өнөөх чинь. Гүй мөн хэцүү зэрлэг мал гэдэг чинь тийм л болчихдог юм байна лээ л дээ. Мал чинь ерөөсөө зэрлэгшихээрээ. Тэгж л тийм л мал маллаж байсан манайх нэгдэлд байхдаа. Тэгээд л яахав хөөрхий төллүүлэх гээд л манайх 500-аад дандаа ишиглэх ямаа. Тэр үед чинь эр мал байдаггүй байлаа ш дээ өнөө бэлтгэлд явчихдаг. Айлууд чинь эр малгүй байдаг байсан ш дээ бараг ерөөсөө. Дөнгөж эр малыг нь ерөөсөө... социализмын үед чинь тийм байсан юм ерөөсөө эр малыг нь... Ер нь нэгдэл ялаад л, нэгдэлжих хөдөлгөөнд ороод ч гэсэн малыг өнөө бэлтгэлд явуулж байсан юм чинь ерөөсөө. Сүүлийн үед л больчихсоноос биш. Энэ ардчиллаас хойш л бэлтгэлийн мал энэ тэр гэж явахаа байчихсан ш дээ. Тэрнээс чинь өмнө бүгд л явж байлаа ш дээ. Бэлтгэлийн малыг чинь ингээд л туучихна. Эр сувайг нь л туучихна ерөөсөө. Энэ жилийн л эр сувай юу үлдсэн бүгдийг нь л хойтон болоход хамаад л туучихна. Эм мал л үлдэнэ ш дээ /эвшээлгэв/. Тийм л байсан юм.

Юу яаж байсан юм даа тэр чинь. Саналаар хэдэн хүн орж байсан юм. Манайд л тэгж байсан юм. Бусад нь хаагуур хэн мэдэх вэ. Тэгээд л манайх, манай суманд л тэгсэн юм. 1959 онд л хавар л тэгээд эхлэсэн юм даа. Тэгээд л зун гэхэд бүгдийг нь оруулчихсан. Бүгд л одоо нэгдлийн улсууд, нэгдлийн гишүүд л болчихсон байсан. Тэгээд намар гэхэд л хамтраад бүх юмаа нэгдлийн хүчээр л юмаа хийдэг болчихсон байсан. Сайхан л болчихсон байсан.

Зохион байгуулалт нь одоо тийм сум энэ тэр гэж байсан. Тэгээд л яахав манайх гэхэд чинь “социализмын зам” нэгдэл нэртэй нэгдэл болсон. За тэгээд л нэгдлийн дарга, сум нэгдлийн дарга чинь үргэлж байсан юм. Сум, нэгдлийн дарга үргэлждээ. Тэгээд л орлогч нар. Тэгээд яахав дээ ер нь бүтэц зохион байгуулалт бол ер нь одоогийнхоо байдлаар л даа бараг. Ер нь тиймэрхүү ш дээ. Тэгээд л одоо ер нь одоо ч гэсэн нэгдэл сумын дарга л гэж байгаа ш дээ ерөөсөө. Тийм л байдалд орсон ш дээ, тиймэрхүү л байдлаар. Бүтэц зохион байгуулалт бол ер нь тийм л байсан. Ер нь тэр засаг захиргааных энэ тэр гээд байсан юм бараг байхгүй дээ. Багаараа бол хуучин багаар тэр хэвээрээ ерөөсөө. Ерөөсөө тэгж нэг багаар хуваагдаж, нэгдлийн айл тэр, тэр нэгдлийн биш айл гэж байхгүй ш дээ бүгдээрээ орчихсон юм чинь. Тийм цугаараа орчихсон юм чинь тэгээд л ер нь нэгдлийн л айлууд, дандаа нэгдлийн айлууд ерөөсөө. Бүгд л Социализмын зам нэгдлийн л айлууд байсан. Тийм. Тэр чинь юу яаж байгаа юм чинь. Нэгдлийн малыг чинь одоо маллуулаад хөлсийг нь өгдөг байлаа. Мал хариулсны хөдөлмөрийн хөлс, мал төллүүлсний хөлс өгнө, ишиг бойжуулсны хөлс, хурга бойжуулсны хөлс гэж өгдөг байсан юм. За тэгээд л малын чинь төл бойжуулсны хөлс гэж өгнө, мал хариулсны хариулгын мөнгө гэж өгнө. За өвс хадланд явсан дээр хөлс хөдөлмөрийг нь өгнө. Тэр чинь давуу талтай байлгүй яахав дээ. Ард түмэнд тэрний өмнө юу ч байгаагүй юм чинь. Юу ч байгайгүй юм чинь. Аа ноос ноогдлыг нь заавал бүрэн бүтэн, одоо оногдол ноосыг нь авч өгөх ёстой. За тэгээд нэгдлийн тэр нийгмийн тэр, нэгдэлд чинь одоо нэгдлийн маланд чинь тэр мал мах оногдоод л бэлтгэлийн мал мах гэнэ. Тэрийг өгнө гүйцээнэ. Тэрийг нь өгсөний хөдөлмөр өгнө. Дандаа хөдөлмөрийг нь өгдөг байсан ш дээ. Тэрний хүч, тэрний давуу чанар. Тэрний давуу чанараар, тэрний хүч хөдөлмөр, хөдөлмөрийн л хөлс, цалин авдаг болсноос хойш л амьтны амь амьдрал дээшилсэн юм чинь ерөөсөө. Тэр чинь хамаагүй сайхан болсон юм чинь. Тэгээд ч одоо бараа туруу элбэг ч болсон. Амь амьдрал ч сайжирсан. Ер нь улс нийгэм энэ тэр чинь ер нь өөр болдог л юм байна лээ л дээ. Чухам цаагуураа чухам улс нийгэмдээ чухам ямар, яаж одоо ямар нөлөөтэй байсныг нь мэдэхгүй юм. Нөлөөтэй л байсан байлгүй дээ бодвол. Ер нь ямар ч л байсан өөр л болсон л доо ер нь. Амьдрал л их өөр болсон. Асар өөр болсон. Нэгдэлд орсон улсууд чинь тэгээд дандаа хүч хөдөлмөр, юм л хийвэл хөдөлмөр авч байгаа юм чинь, хөлсийг нь авч байгаа юм чинь. Тийм. Хонь хариулсан ч хөлсийг нь авчихна, тэмээ хариулсан ч хөлсийг нь авчихна. Тэгээд л ноос ноолуурыг нь аваад өгөхөд тэрний хөлсийг нь авчихна. Юу яачихна, бэлтгэлийн мал өгнө, тэрний хөлсийг ... за бэлтгэлийн малаас нээх хөлс авдаггүй байсан байхаа харин. Бэлтгэлийн мал чинь харин зүгээр явдаг байсан байх. Зүгээр л явчихдаг байсан байх. Тэр л хариулагын хөлс, ноос, малын ноосны одоо хичнээн кг ноолуур, 50 кг ноолуур өгөх юм бол одоо ухаан ямар үнэтэй ч гэдэг юм тэр чинь тарифтай. Тэрүүгээрээ хөлсийг нь бодож өгнө. Багахан нь бага л байсан л даа. Гэхдээ цалин хөлсгүй байсан ард түмэнд чинь өөр л болно ш дээ. Ямар ч цалин хөлс байгаагүй ш дээ урьд социализмын үе, социализмаас өмнө тэр юу яаж байхад чинь. Социализмын үе ч гэдэг юм уу, феодлийн ч үе байсан юм уу тэр чинь одоо. Феодалийнхаа үед бол юу ч байхгүй. Ямар ч юм байдаггүй байсан ш дээ. Тэгээд л ерөөсөө тэр ноос ноолуур гээд л оногдол өгчихнө. Тэрийг нь тушаана. Тэрүүнд чинь хөдөлмөр, хөлс гэж ер нь өгөхгүй. Тэгээд л мах гээд л мал бэлтгэлийн малыг өгчихнө. Бэлтгэлийн малд нэг хэдэн юм өгдөг байсан юм аа үнэ хөлс.

За би чинь одоо жаахан хүүхэд. Өнөө хүүхэд байж жаахнаасаа л мэддэг юм. Намайг чинь өсч, яг ид нэг юм мэдээд л 8, 9 нэг 10-аад настай байхад яг одоо дэлхийн 2-р дайны дараа л юм байна лээ л дээ. 1945 оны дайны дараа л, би чинь 38 онд төрсөн юм чинь тэгээд л нэг 7, 8 настай хүүхэд. Тэр үеийн амьдрал бол маш хүнд байсан. Тэрийг бол одоо маш сайн мэддэг юм л тэр байдаг юм. Тийм. Тэгээд л манайх чинь олуул, одоо гэртээ бол их олуул. 2 хүүхний л одоо ... манай эмэг ээж байдаг байсан юм. 2 хүүхний хүүхдүүд гарчихсан. Олон хүүхдүүдтэй. Нэг нь 7, 8 –уул. Нэг нь 10-аад хүүхэдтэй шахуу л байсан юм байлгүй дээ ер нь. Манайхан чинь харин 20-оод билүү, би нэг 23 гэж дуулсан тэр нь арай үгүй юм болов уу. Нэг арван найм ес, нэг 19 юм уу 20-оод хүнтэй болоод л 2 айл болж байсан юм байгаан тэр үед. Хүн гэдэг нь учир байхгүй. Малтай байсан л даа, мал олонтой байсан даа манайх бас. Тэгээд л амьдардаг. Тэгэхэд бол ер нь хүүхэд насны амьдрал гэдэг чинь, би чинь жаахан байсан. Тэгээд л нэг 7, 8, 9 настай л байдаг байсан байх даа. Тэгээд л тэгэхэд чинь одоо ер нь идэх уух юм бол ерөөсөө олдохгүй ш дээ. Тэгээд л одоо ингэнэ шүү дээ. Мал хүнсээ хийнэ айлууд чинь. Тэгээд л тэр үед чинь яахав нөгөө эр сувайг нь бэлтгэлд туучихдаг байсан учраас мал бол ерөөсөө, тэгж тэр болгон нухаж идээд байх мал ерөөсөө олддоггүй байсан байхгүй юу бас. Тэгээд л нөгөө эм юмнууд нь зайлуул, хөөрхий эм мал чинь тэгээд л дороо л төллөх юм болчихно ш дээ. Үгүй бол сүүтэй байж байна, үгүй бол төллөх юм болж байна. Тэгээд нэг л ишиг зулзагаа л ганц нэг юм илүүчилж иддэг л байсан л байх даа. Тэгээд л өшөө гурил, будаа байхгүй. Манайх чинь говь хязгаар газар болоод тэгдэг байсан юм уу алс болохоор ер нь гурил будаа байхгүй. Сум юу яана, намайг л тэр 7, 8, 9 настай байхад л тэгдэг байсан. Тэр чинь ер нь хэдий хугацаанд өгдөг байсан юм сардаа өгдөг байсан юм уу нэг 2 кг л гурил өгнө. Цагаан гурил, одоо 1-р гурил ч байсан юм уу, 2-р гурил ч байсан юм уу. Багийн агент гэж байна. Тэр багын агент авчирч өгнө. 2 -хон кг гурил авчирч өгнө. Хуваарилж өгнө айлуудад. За тэгээд манайд чинь 2 кг гурил өгнө. Олон хүн ам бүлтэй айлд нь 2-ыг өгөөд, цөөхөн хүн ам бүлтэйд нь 1 кг гурил өгдөг байсан юм. Тэгээд л бид нарт чинь тэр цагаан гурил чинь олдохгүй ш дээ ерөөсөө. Тэгээд л одоо боов шоов хийнэ гэж байхгүй 2-хон кг гурилаар чинь. Тэгээд нэг хуурна. Ингэж тогоон дээр хуураад л болгоод тэгээд нэг таваг, тэгээд нэг паалан тавганд тэгээд, одоо энэ цагаан даавуу /гэрийн/ энэ тэр гэж байхгүй эсгий навтастай. Тэр завгаад хийчихнэ тэр гурилыг чинь. Тэгээд яасан тэрийг чинь хааяа томчуул хааяа аягандаа хийж ууна. Аа үгүй бол нөгөө ирсэн зочинд өгнө, хүнд тавьж өгнө, бид нар чинь амсуулахгүй. Тэр чинь янзын гоё амттай юм байна, өнөө цагаан юм болоод ч тэр үү. Тэгээд л бид нар чинь энэ 3-н хурууг чинь ингэж долоож байгаад л норгож байгаад өнөөх рүү хуруугаараа дүрээд л эзгүйд нь тэгээд л долооно шүү дээ. Тэгсээр байтал өнөөх чинь бага ч болно. Тэгээд л зодуулна даа. Тэгээд л алгадуулна даа, алганы амтыг чинь авч өгнө дөө. Тэгээд л /инээв/ тэр чинь одоогийн малын хивэг, мал тэжээдэг бор хивэг. Тэрийг чинь харин шуудайгаар авчраад хаячихдаг байсан юм. Үүнийг идэцгээ гээд. Тэрийг чинь бид нараар нүдүүлнэ. Уур, нүдүүрэнд хийгээд нүдээд байна талхлуулаад л. Тэгээд л нөгөөхөөр чинь тийм хоол шиг юм хийнэ. Нэг зунгааралдсан юм, нэг заваарсан юм л болно доо. Тэгээд тэрийг чинь, тэрийг чинь нэг юм иднэ. Ер нь өшөө тийм идүүлээд байх юм байхгүй. За тэгээд л мал нухаад л хүнс хийнэ. Гэдэс гүзээгий чинь ингээд л сайхан, нэг зүсэм элэг, нэг зүсэм жаахан сэмж нэг зүсэм юу олгойны тасархай, нэг жаахан хошного... хошного бараг өгөхгүй дээ ер нь тэгээд. За тэгээд л гүзээ мүзээ, сархинаг ингээд цуулаад цуулаад өнөө олон хүүхдүүдэд чинь. Тэгж өгдөг байсан ш дээ. Тэгээд л тэрийгээ идчихээд л тэгээд унатана даа. Тэгээд нэг ганц нугалмай, ийм нэг нэгээр нь нугалсан зургаан хүзүүгий чинь нэг нэгээр нь нугалсан нугалмай хүзүү, тэр хүзүү ганц юм өгвөл өгнө. Тавьж хоно гээд л загнаад байна. Өглөө цайндаа хийж уу гээд л. Өнөөхийг чинь идмээр болоод болохгүй. Тэгээд л өглөө өнөөхийг чинь яана. Тэрийгээ тавьж хоносон бол өглөө эрт босно доо өнөөхөө идэх гэж. Тэрийг тавьж хоноогүй бол өглөө уур хүрээд босож болохгүй /инээв/. Тийм л байдаг байсан даа жаахан хүүхэд байхад чинь. Тэгээд л өдөр манайхан чинь их олуулаа. Манайд тэр гурил, будаа ховор, ерөөсөө олдохгүй ш дээ. Энэ цагаан будаа мудаа чинь үзэгдэхгүй ш дээ. Ерөөсөө мэддэггүй байсан юм чинь. Цагаан сар мараар чинь одоо яахав нэг хэдэн боов шиг юм хийдэг л байсан байх даа. Тэгээд нэг хэдэн боов хийгээд хүүхдүүдэд жаал нэг “тэвхэн боов” гээд ийм нэг юм өгнө, цагаан сарын бэлэг гээд. Тэгээд л ганц ийм “цохио ёотон” гээд нэг ийм юм /гараа атгаж харуулав/. Тийм юмтай л өгнө ш дээ айл, айлд очвол. Тэр чинь хамгийн гоё л юм өгч байгаа айл л тэр “цохио ёотон” өгч байгаа айл чинь. Барагтай бол айл өгөхгүй. Аян жинд явдаг барьдаг, ийш тийш явдаг барьдаг хүнтэй айл л өгдөг байсан юм шиг байгаа юм. Тэгээд л барагтай бол тийм юм байхгүй дээ ер нь. Тэгээд л нэг тийм юм өгнө. За тэгээд л өнөө гурил, идэх юм байхгүй. Ааруул хурууд гэдэг юм нь одоо...шар тос, мосыг чинь одоо бас л өгчихдөг байсан юм ш дээ тэр бэлтгэлд ч юм уу, юунд ч өгдөг байсан юм. Тэгээд л хураалгаад л өгчихдөг байсан ер нь тэгээд л. Тэгээд л цагаан тосоо чухам хурааж авч чадацгаадаггүй байсан юм уу, яасан юм. Цагаан тос л, жаал жуул цагаан тос л байна даа. Өвөл нэг жаал жуул цагаан тос гээд нэг жаал жуул юм өгнө дөө, эрх биш жаал жуул эмтэлж өгнө. Тэгээд л тэр гурил, мурил л олдохгүй. Будаа, мудаа олдохгүй. Манай эмэг ээж аян жинд явдаг тийм, энд тэнд явж хадлан мадланд явдаг. Тийм цулихар гэж манай тэнд говьд нэг юм ургана л даа. Тэрийг түүж ирж их бид нарт чинь цэлийсэн ногоон тийм цай чанаж өгнө. Тэрийг чинь нүдээд л, халаагаад л хуураад тэгээд нэг нүдээд л. Тэгээд л бид нарт чинь тийм цай чанаж өгнө. Тэгээд л өдрийн цайнд чинь өдий өдий /алгаа харуулав/ сэмж л хийж өгнө ш дээ. Өшөө ямар ч аяганы хийц байхгүй. Гүй чинь гурил, будаа байхгүй юм чинь юугаа өгөх вэ дээ. Тэгээд нэг ааруул, хурууд тосны юм байвал жаал жуул юм өгдөг байсан байх даа. Тэгээд тийм юм идэж уучихаад л хониндоо явна. Тэгээд шөнө чинь мах л иднэ. Махны шөлөнд нэг цулихар хийж иднэ. Тэр будаа, мудаа чинь олдохгүй ш дээ. Сүүлийн үед ирсэн юм ш дээ энэ будаа мудаа чинь ер нь. Тийм элбэг байдаггүй байсан ш дээ. Тэгж л байсан юм даа. Тийм л амьдралд байдаг байсан.

Тэгээд мануус чинь тэгээд л өвөл нь олон ч хүүхэд байдаг байсан. Манайх чинь их олуул. Тэгээд л өвөл нь болохоор чинь нэг нэг нэхий дээлтэй. Ерөөсөө л нэг нэг нэхий өмдтэй. Өшөө юм байхгүй. Сольж өмсөх юм байхгүй ш дээ /инээв/. Тэгээд л тэр нэхий өмд чинь дотуур бандаж өмд гэж байхгүй ш дээ. Шууд л нэхий өмд углуулчихна. Тэгээд л зун нь болохоор нөгөө зээр, аргалийг чинь... гөрөөс ихтэй манай тэнд чинь. Тэрийг их нухдаг байсан юм. Тэрийг нухаад л тэрний махыг харин их иддэг байсан даа харин. Тэгээд л тэрийг нухаад л... манай тэр эмэг ээж энэ тэр чинь өнөө зээрийн чинь арьс энэ тэрийг чинь одоо хурц үсний хутгаар ингээд хусчихдаг байхгүй юу. Тэгэхээр мөлчийсөн гоё тийм хөдөс болдог. Одооны энэ савхи л гэсэн үг ш дээ. Ямааны арьсан савхи. Тийм савхи болгочихоод л... тийм нялцганасан юм болгочихно, элдчихнэ. Зөөлхөн хулганасан нэг тийм улхагнасан зөөлхөн юм байна. Нээх зөөлхөн. Тэгээд тийм юмаар өмд хийгээд өгчихнө ш дээ. За сайндаа бол нэг даалимбаар өмд хийж өгнө. Тэгээд л тэр даалимбан өмд чинь өвдөг нь урагдчихна. За тэгвэл нэг юм хааяа нэг нөхөж өгнө л дөө. Тийм л өмдтэй, тийм л хувцастай. Одоо тэгээд л энэ хүүхдүүдийг би гайхдаг юм ёстой. Хээ өмсөх юм олдохгүй байна л гээд байна. Базарваань, элдэвийн өдий төдий юм овоолчихоод тэгээд л өмсөх юм олдохгүй байна гэх юм. Юу гэсэн үг юм бэ тэр чинь одоо. Ямар амьдрал байсан гэж санана. Өвөл чинь ганц тийм нэхий дээлтэй, ерөөсөө нэг нэхий өмдтэй. Манайх чинь их олуулаа. Энэ хойгуураа ганц ийм цагаан эсгий дуглуур /дэвсгэр/ дэвсчихдэг. Тийм айл байдаг байсан. Тэгээд энэ бусад энэ 2 талруу нь ингээд дандаа тэр хийж идсэн хүнснийхээ арьс, тэр гөрөөсний арьс марьс дэвсчихнэ. Тэгээд л өвөл чинь олон хүүхэд чинь унтана тэрүүн дээр чинь, олон хүүхдүүд зулж унтана тэгээд. Нээх том янхийсан гэртэй тийм айл байдаг байсан юм. Тэгээд л тэр арьсаа нөгөө дэвсдэг арьсыг миний, чиний арьс гээд нэртэй. Өнөө арьсаа гадаа гаргаж гөвчихөөд, авч ирээд дэвсээд хэвтчихнэ ш дээ. Тэгээд л дээлээ нөмрөөд хэвтчихнэ. Юун хөнжил, гудас. Юу ч байхгүй. Тэр томчууд нэг ор морон дээр хөнжил, мөнжилтэй унатана. Нөгөө модон ор энэ тэр дээр унтдаг л байсан байх. Тэгээд л тэр нэгдэлжих хөдөлгөөн ялснаас хойш тэр төмөр ор энэ тэр чинь ирдэг болсон ш дээ. Энэ 200-гийн цагаан ор мор чинь. Тэрнээс өмнө байгаагүй ш дээ тэр чинь. Тэрнээс хойно л ирсэн ор шүү дээ энэ чинь. Тэгж л байж л ард түмний амьдрал сайжирч, тэр чинь одоо хөгжиж л худалдаа, мудалдаагаар тийм ор дэр ирдэг байснаас бид нар чинь тийм юм байхгүй ш дээ. Дээр үеийн модон ор гэж нэг байдаг байсан нэг нүүртэй нэг ор гээд л одоогийн нэг цоохор ор байдаг тиймэрхүү. Зарим чадалтай нь тийм цоохор ортой, чадалгүй нь нэг тийм цагаан модон ортой тийм л байсан /эвшээлгэв/.

Цэцэгжаргал -

Таны хүүхэд нас бусад хүүхдүүдийнхээс юугаараа ялгаатай, онцлог байсан бэ?

Цэрэнпил -

Манай амьдрал ер нь тийм онцлог юм байгаагүй ерөөсөө. Бүгдээрээ тийм амьдралтай ерөөсөө. Айл болгоны хүүхэд тийм ш дээ бараг. За нилээн хүүхэд цөөхөнтэй ганц 2 цөөхөн хүүхэдтэй тийм айлдууд нь бол нэг арай нэг хүүхдүүддээ бас нэг далимбаар нэг өмд, мөмд хийгээд өгчихдөг байсан байлгүйдээ зун мун. Бас нэг өвөл бас нэг арай дотортой өмд өмсгөдөг ч байсан юм уу, үгүй ч байсан юм уу. Ганц ийм, зун нь болохоор хүрэн даалимбаар л, хүрэн даалимбанаас өөр юм байдаггүй байсан юм уу... би л дандаа хүрэн даалимбан цамцтай байдаг байсан. Тэгээд л тэр багаасаа хүрэн даалимбан тийм цамцтай байдаг байсан. Одоо би улаан хүрэн эдэнд их дуртай. Улаан хүрэн юм л өмсөх дуртай. Дээл хувцас бол ер нь дандаа л улаан хүрэн юмруу л явна ерөөсөө. Багаасаа тийм хүрэн цамцтай байдаг байсан байгаа юм. Тэгээд л ерөөсөө өөр цамц байхгүй. Тэгээд л нэг тийм хүрэн цамцтай байж байсан чинь би нэг зун ингээд л тогоо... сүү хөөрүүлсэн, тогоо дүүрэн сүү хөөрүүлсэн юм. Өнөөхийн дэргэд ингэж эргэж давхиж байгаад дугуйлдаад, нөгөө толгой эргээд давхиад үсрээд орчихсон. Өнөө хүрэн цамц чинь /инээв/ ингээд л нэг өрөм, сүү хоёр базаад дардайсан юм болж хоцорсон. Тэрийг чинь угаахыг ч мэдэхгүй ш дээ. Хатааж байгаад, үнгэж байгаад өмс гээд л тэгнэ. Тэрийг чинь хатааж ингэж байгаад л өмсчихөж байгаа юм тэрийг чинь. Ер нь тийм л амьдралд өссөн дөө. Бусад хүүхдээс илүү тийм юм бол ерөөсөө байгаагүй, ер нь хүүхдийн амьдрал тийм байсан юм дээр үед чинь. Тэр намайг өсч байх үед. Тэгэхэд чинь одоо 1938, 45 оны байлдааны дараа л тийм хүнд байсан ш дээ. Тэрнээс хойш 1950 оноос хойш бол шал өөр болсон. Тэгээд л 1957 онд чинь нэгдэлжих хөдөлгөөн ялсан. Тавин он, нэгдэлжих хөдөлгөөн ялах... тавин оноос хойш арай нэг дээр болж ирж байсан юм. Арай нэг өөр болж ирж байсан юм.

Цэцэгжаргал -

Хүүхдийн амьдрал яаж өөрчлөгдсөн бэ?

Цэрэнпил -

Хүүхдийн амьдрал бас нэг арай нэг дээр... тэр үед чинь бас арай нэг дээр бас жаал нэг арай гурил будаа ирдэг. Бас нэг аятайхан хоол моол хийгээд өгчихдөг. Бид нарт чинь гурилтай хоол моол хийнэ, будаа мудаа чанаад өгчихдөг тийм үе болж байсан ш дээ. Нэгдлээс чинь өмнө бас нэг арай эрх биш... тэр нэг 1945 оны дайны дараа л юм байна лээ л дээ. Тэр нэг ид хүнд үе байсан юм шиг байгаа юм. Тэр үед л би өсч байсан юм шиг байгаа юм. Тэгэхэд л ер нь тун хүнд байсан санагддаг юм даа. Үгүй ер нь тун л горьгүй байсан юм даа. Ер нь маш их л өлсдөг байсан байгаа юм.

Цэцэгжаргал -

Эцэг эх, хүүхдийн харилцаа ямархуу байсан бэ?

Цэрэнпил -

Маш их дуулгавартай хүүхэд. Хөө ямар зүг байх вэ. Одоо чинь тэгээд л энэ хойгуур гаргахгүй ш дээ хүүхдүүдийг чинь эцэг эх чинь ерөөсөө. Тэгээд л дамаа нэг хүн ирсэн бол, тэнд нэг хүн ирээд суучихвал “доошоо та нар, тийшээ” гээд л. Үгүй бол гадаа гар гээд л зунд чинь бол. Хүний үг сонсуулахгүй. Өнөө томчууд чинь ингээд ярина. Хүний үг чагнаж байна гар чи гээд л хөөгөөд гаргачихна ш дээ. Тэгээд гадаа л байна. Тэгээд л яахав өвөл бол яахав тэрүүхэнээр, тэгээд л тэрүүхэнээр энүүхнээр гээд л. Энүүгээр чинь яваад байх эрх байхгүй. Ер нь тийм харьцаатай байсан ш дээ. Тэгээд л хүүхдүүд чинь маш их үгэнд нь орно эцэг, эхийнхээ үгэнд асар их орно. Ерөөсөө үгнээс нь гарахгүй. Ширүүн ч байдаг байсан манайх чинь олон хүүхэд өсгөж байсан болоод ч тэр юм уу. Манай ээж бол их ширүүн, бид нарыг чинь их зодно. Айхтар диктатуртай. Тэгээд л айна ч гэж учир байхгүй. Ерөөсөө тас гэвэл босоод л үсрэнэ ш дээ бараг л ерөөсөө. Тийм л диктатуртай байсан юм даа.

Цэцэгжаргал -

Та дотуур байртай сургуульд сурч байсан уу?

Цэрэнпил -

Үгүй. Ер нь дотуур байранд явж байгаагүй. Тэгээд л ерөөсөө хүүхэд гэдэг чинь тийм л сайхан юу яадаг байсан ш дээ. Тийм диктатуртай улс байлаа ш дээ. Гөө мөн сайхан байдаг байлаа.

Цэцэгжаргал -

Таны амьдралын туршид хүүхдүүдийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Цэрэнпил -

Хн, өөрчлөгдөхгүй яахав. Ямар их... одоо бол, одооны хүүхдүүд бол арай дэндэж байгаа юм чинь. Уух идэхийг голно, өмсөхийг голно. Хээ чухам хар мянган хувцастай, тэгээд л өмсөх юм олдохгүй байна гээд л. Жишээ нь одоо ингээд л яриад байна. Тэр чинь одоо юу гэсэн үг вэ. Юун... эрс өөр чухам. Нэгдэлжих хөдөлгөөн ялаад л ер нь өөр болсон ш дээ. Тэрнээс хойш арайхан гайгүй. Энэ ардчиллаас чинь хойш бас өөр болчихоод байгаа юм ш дээ. Бас хүний эрх гээд л одоо бас ардчилал чинь бас юм хийгээгүй биш хийх нь хийсэн л дээ хөөрхий. Бишгүй л юм хийж бишгүй л өөр болголоо. Гэхдээ бас дээгүүр доогуураа л жаахан бужигнуулдаг уу гэхээс биш ард түмний амьдрал эрх биш өөр болж ирсэн л дээ. Өөр л болсон л доо. Гэхдээ ч ардчиллаас чинь өмнө нэгдлээс хойш ер нь их өөр болсон ш дээ ер нь. Шал өөр байсан юм даа нэгдлээс өмнө. Би чинь өөрөө бас нэгдэлжих хөдөлгөөнөөс... нэгдлээс гараад тэр нэг үйлдвэрт ажиллаж байгаад үйлдвэрээс гараад... Үйлдвэрт байхад ч гэсэн юм их л өөр болж байсан. Асар их юм элбэг, ирдэг болж байсан...мөнгө төгрөг л байх юм бол. Би тэр үйлдвэрт ажиллаж байхдаа бол, тэр үеийн чинь цалин их бага байдаг байсан. Тэгэхэд би чинь тэр гар үйлдвэр байсан л даа давсны үйлдвэр, уурхай. Гэхдээ бол сард доод тал нь 700, 800 төгрөг, дээд тал нь 1000 гаргаж авдаг л байсан. Тэр чинь их л мөнгө л дөө тэр үедээ бол. Маш их мөнгө байсан байхгүй юу. Сүүлд нь яахав нөгөө хэмжээтэй нөгөө улсын, тэр худалдааны байгууллагад чинь дөрвөн зуун тавь мавь тийм л цалин, сүүлдээ ч бас яахав долоо, найман зуун мянгыг авдаг л байсан.

Цэцэгжаргал -

Таны амьдралд гүн нөлөө үзүүлсэн ямар нэгэн үйл явдал байдаг уу?

Цэрэнпил -

Миний амьдралд гүн нөлөө үзүүлсэн үйл явдал гээд байх ч одоо яах вэ дээ тэгээд л... ер нь тийм... худалдаанд л юу яасан л даа. Бас нэг нэртэй, хүндтэй болсон. Тэнд бас байгууллагын аварга, маваргаар олон удаа болж байсан. Аймгийн хөдөлмөр соёлын аварга энэ тэр гэж болж байсан. Энэ юу энэ тэрт “Намын үнэн” сонин монинд нэлээн л бичигдэж байсан бас. Тэгээд л намын идэвхтэн гишүүн мишүүн гээд л, аймгийн намын хорооны идэвхтэн гишүүн гээд л бас тийм тийм юм болж л байсан. Бас ажил хөдөлмөрөөрөө сайн гэгддэг байсан л даа. Их сайн ажил хийдэг. Их ажилд сайн л гэж их л магтагддаг л байсан. Нэг тиймэрхүү л юм. Бусдаар нээх үйл хөдөлгөөн гараад л нээх аюултай ядарч зүдэрч зовж байсан ч юм байхгүй. Нээх жигтэйхэн жаргал эдэлж, гийгэж байсан ч юм байхгүй. Тэгээд л жирийн л амьдралд л тэгээд л тийм л. Яахав улс нийгэмд хөдөлмөрлөж байхад сайхан л нэр хүндтэй, сайхан л ажиллаж байсан ерөөсөө. Улсын артельд л орсон, давсны үйлдвэрт. Нэгдэлд байхад ямар юм байх вэ дээ, нэгдэлд чинь ер нь тэгээд л нэг ... тийм нэгдэлд орчихоод л байхад чинь нэгдэл ч өөдтэй сайн хөгжиж чадаагүй байсан юм чинь. Ер нь би хөгжиж чадаагүй байхад нь явчихсан юм чинь би чинь. 1957 онд... 59 онд хөгжсөн ш дээ, нэгдэл чинь ялалт байгуулсан юм ш дээ. Тэгээд би чинь 1960 онд явсан юм чинь тэр юунаас. Тэгээд яах вэ дээ 1957 оноос нэгдэлжих хөдөлгөөн... нэг юу саналаараа хэдэн хүн нэгдэлд ороод л тэгээд явж л байсан. Тэрүүнд би ч ороочгүй явж л байсан. Тэгэхдээ нэгдлийн уур амьсгал тийм юм байдаг юм байна, тэгдэг юм байна гэдгийг бас мэддэг л байсан. Мэдэрч л байсан л даа. Тэгээд л би чинь 1960 он 61 он гэхэд л би ерөөсөө үйлдвэрт очсон юм. 2 жил л гаруйхан ажилласан юм даа нэгдэлд, нийтдээ бол ерөөсөө нэг 2 жил 59 он 60 он, 61 он... за ер нь 2 жил л ажилласан юм байна. Тэгээд ер нь тэр давсны үйлдвэр л яахав хүнд ч үйлдвэр байсан, хэцүү ч байсан. Хөлс өртөг ч ихтэй байсан. Тэгээд л яахав тэр, тэнд л миний амьдрал, ерөөсөө амьдрал өөр болсон доо ер нь. Тэндээс л амьдралын зах үзүүрийг нь дээшлүүлж л ... одоо тэр үед л одоо миний яаж байсан юм, одоо эхэлж авч байсан юм одоо ажил хийгээд л, улсад хөдөлмөр хийгээд одоо энэ нэг жааз /авдар дээр байсан жааз руу заав/ 2 жааз байсан юм. Энүүний нэгийг нь хагалаад хаячихсан юм. Нэг нь энэ, одоо ингээд л явдаг юм. Эд бөх гэдэг үнэн юм одоо надтай цуг өтөлж байгаа юм. Энэ нэг чемодан байгаа юм, энэ. Одоо энүүнд би хувцасаа хийдэг юм. Энэ бол одоо ингээд насаараа надтай цуг явж байгаа юм. Хамгийн анхны цалин авааад авч байсан юм энэ чемондан, энэ нэг жааз 2-ыг. Нэг байгууллагын нэг гэр авч барьчихаад нэг хүүхэнтэй цуг хоёулаа. Хамтарч байгууллагын гэрт амьдарч байсан юм хоёулаа. Үйлдвэрийн гэрт. Тэгээд л одоо энэ бас нэг, нэг муу авдартай байсан юм аа. Бас нэг нэг муу авдартай, яаж нэг авдар байсан юм тэр хүүхний ч авдар байсан юм уу, миний ч юм байсан юм уу. Миний юм байгаагүй байх аа. Тэгээд нэг 2 жааз авч тавьж нэг их гоё айл болж байсан санагддаг юм /инээв/. Тэр амьдрал чинь тийм ш дээ. Тэгээд би ч нэг, манай тэр намайг давс руу явахад манай эмэг ээж нэг ногоон гудас хийж өгсөн. Нэг гудас хийж өгсөн. Тэгээд нэг дахтай, ер нь тэгээд л нэг өмссөн хувцастайгаа тэгээд л явчихаж байсан юм даа ер нь. Тэгээд л өшөө юм байхгүй. Тэгээд бас яах вэ дээ эрх биш арай дээр байсан даа. Бас нэг тэр үед чинь Хятадтай харилцаатай байсан ш дээ одоо бодоход. 1957, 56 онууд 1958, 59 онуудад чинь Хятадтай харилцаатай байсан үе шүү дээ. 1960 оноос хойш л хаачихсан болохоос биш. Тэгээд тэр үед чинь Хятадын торго, морго ирдэг байсан. Бас нэг Хятад торгон дээл, энэ тэртэй байсан бас, тэрлэгтэй хүүхэд байсныгаа бодвол бас тэгээд л. Ер нь давсанд очоод л амьдрал өөр болсон л доо. Би чинь давсанд очоод л ажил, хөдөлмөр хийгээд л тэгээд 5 ханатай гэр худалдаж авсан. Одоо энэ гэр шүү дээ. Тэгээд сүүлд нь худалдаанд байж байгаад 2 өрөө сайхан байр өгсөн байхгүй юу надыг чинь ажил сайтай гэж. Бүр аймгийн худалдаа, юунд... бөөний бараа баазад нярав хийдэг байсан. Тэгээд ажил, төрөл сайтай гэж 2 өрөө байр надад чинь шууд зүгээр өгсөн байхгүй юу. Тэгсэн чинь одоо энэ 2 хүүхэд үрээгээд барчихсан юм аа. Нэг хүү хотод ирж амьдрал, авгай хүүхэдтэй боллоо гээд л. Нэг охин юу яана гээд л... манай энэ дүүгийн охин бас над дээр манай хүн гэж байсан юм. Тэгээд л одоо ч байдаг л юм. Тэр охин маань юу яагаад, тэр их сургуульд суралцана гээд мөнгө төгрөг байхгүй гээд. Манай тэр хүү энэ хотод авгай хүүхэд авлаа, амьдрана гээд. Өнөө байрыг чинь зарж хотод орон... юу хашаа, байшин авна гэж давхиад тэгээд зараад үрээгээд хаячихсан ш дээ. Ёстой 2 өрөө, сайхан байр өгсөн байсан юм надад. Үнэндээ бол би улсад хөдөлмөрлөж байхдаа бишгүй л сайхан амьдарч байсан нээрээ. Бишгүй л сайхан амьдарч байсан юм. Энэ 5 ханатай гэрийг чинь давсан дээрээс л авч гарсан гэр байгаа юм. Тэгэхэд л худалдаж авч байсан. Ах анхалж барьж авч сууж байгаад, сүүлд нь үнэ өртгийг нь өгөөд худалдаж аваад. 280 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Тэгээд л явсан гэр дээ энэ. Тэгээд л бүх юмыг нь холиод, солиод л. Одоо энүүн дотор нэг, тэр чинь 1963, 64 онд авч барьсан. 1964, 65 онд авч байсан юм энэ гэрийг. Тэгээд одоо тэрнээс, энэ тэр нэг 2 хөвөнтэй дээвэр л бий л дээ. Бусад нь бүгдийг нь өөрчлөгдчихсөн /инээв/. Тэр гал голомт л яваад байгаа нь энэ дээ одоо. Тэр давснаас л миний амь амьдрал ерөөсөө эхэлж юу яасан л даа. Амьдралынхаа эх үүсвэрийг л гаргасан даа.

Цэцэгжаргал -

Таны амьдралд бусад хүмүүсээс ялгаатай, онцлог зүйл юу байсан вэ?

Цэрэнпил -

Сайн юм уу? Муу юм уу?

Цэцэгжаргал -

Ер нь л?

Цэрэнпил -

Үгүй тэгээд сайн юм ч яах вэ дээ. Тэгээд сайн юм яах вэ дээ бусад... аа тэр байгууллагын ажил хийж байхад бол ажил төрөл сайтай гээд бас л аварга маварга болгоод л, шагнал урамшил өгдөг л байсан. Тэгээд бас яахав гайгүй нэртэй хүндтэй л явсан даа. Муу юм гэвэл ч бас би нэлээн муу юм үзсэн хүн. Үр хүүхдүүдээсээ салсан, хань нөхрөөсөө салсан. Дандаа нас барсан. Тэгээд нэг, 2 ч хүүхэд нас баруулсан. Тэгээд нэг... манай нөхөр бас залуухандаа нас барсан ш дээ. Дөчин... 45-тай нас барсан. Би чинь 45-тай үлдсэн юм. 46- тай нас барсан. Надаас ганц ах хүн байсан. Тэрнээс хойш дандаа өрх гэрээ толгойлоотой. Өөрөө л ер нь зохицуулж явна даа. Тээх. Тэгээд тэр сүүлд нь харин худалдааны байгууллага надад юу яасан байсан. 2 өрөө сайхан байр өгсөн байсан юм 3 давхарт. Тэгээд л нэг 2 хүүхдээс болоод л үрээгээд хаячихсан юм. Тэгээд юу ч үгүй болгочихсон. Золиг юм аа. Үгүй тэгээд яах вэ дээ. Одоо оронтой л явна. Орох оронтой л явж л байна. Гэр ч гэсэн яахав хөөрхий минь болж л байна. Насаараа амьдарч байсан юм чинь энд чинь. Тийм. Тийм л үйл явдал, тэгээд л нэг байгууллагын олон л удаагийн, байгууллагын аварга чинь 8 удаа болж байлуу даа. Тийн, тэгээд л улс хувьсгалын олон ойнуудын медаль, зидал бий, бий. Аймгийн... сүүлд нь хөдөлмөр соёлын аварга болж байсан даа. Ер нь хаа л бол, байсан газар болгондоо л дандаа л нэг л байгууллагын аварга, маварга л болдог л байсан. Онцгой юм гэвэл түүнээс өөр онцгой нээх сүйд болоод байсан ч юм мэдэгдэх юм байхгүй ээ. Хүнээс илүү сүйд болсон юм биш. Тийм болсон юм байхгүй. Хүний дээр гараад сүйд болчихсон ч гэх юм байхгүй, дундын л байсан. Ер нь нийтийн дунд л явж байсан. Тэгэхдээ бол болж л явсан, бишгүй л болж явсан амьдрал бол. Одоо ч гэсэн болж л явна л даа үр хүүхэд, ах дүү төрөл садангийн буянаар. Улс, нийгмийн тэтгэврийнхээ буянд болж л явна. Болохгүй одоо яадаг билээ, ийдэг билээ. Өнөө шөнө яадаг билээ гэх юм алга байна. Үгүй нээрээ тэгээд л болж л байна.

Дороо 11 дүүтэй байсан хүн байгаа юм. Тэгээд л...10 уу /хажуунаас дүү нь сануулав/, Аан? 11, аа тийм өөртэйгээ 11 л дээ. Тийм 10 дүүтэй. 10 дүүгийн чинь ихэнхийг нь сургуулиар явуулсан даа ер нь би л тэр давсанд ажиллаж. Тэгээд л одоо тэд нар чинь инженер ... манайд чинь инженер 2 байдаг юм. Багш 2 байдаг юм, юу... эмч 2 байдаг юм тэр миний дүү нараас чинь. За тэгээд л газар зохион байгуулагч нэг байдаг юм. Трактор конбайнчин нэг байсан миний чинь тэр олон дүү нараас чинь одоо. За багш чинь 2. Эрдэнээ, Цэгмэд 2-оос чинь өөр багш бий билүү? /гэрт байсан дүүгээсээ асуув/. Цэрэндагва /эмэгтэй дүү нь сануулав/. Цэрэндагва чинь багш биш л дээ. Нансал эгч /эрэгтэй дүү нь сануулав/. Нансал чинь улс төрийн ажилтан хүн ш дээ тэр чинь. Улс төрийн дээд сургууль төгссөн хүн ш дээ, улс төрийн дээд сургууль төгссөн. Тийм. За тэгээд л ер нь... тэгээд л би чинь одоо дээрээс нь одоо сургууль соёлоор явахад нь одоо, дандаа л хөлс мөнгийг өгнө. Зардал хөлсийг нь өгнө. Хувцасыг нь өгнө өнөөдүүлд чинь. Тэгж л их хувцаслаж хунарлаж, тэтгэж явуулдаг байсан даа дүү нарыгаа тэр давсанд очиж. Бусдаар өөрөө мөнгөө хураагаад л байсан бол би одоо хагартлаа баяжихаар болсон. Тэр чинь их мөнгө авдаг байсан юм чинь нээрээ. Тэгээгүй би чинь улс нийгэмд, хөдөлмөрлөөд л. Энэ худалдаанд ч гэсэн ажиллаж байхдаа бас л их л цалин, овоо л цалин авдаг байсан. Тэгээд энэ олон дүү нарт чинь дандаа л одоо ерөөсөө тэгээд хичээл сургуульд нь явахад нь зардал хөлсийг нь өгнө. Хувцас хунар авч өгнө. Тэгээд л ер нь их л, ер нь их л тусалдаг байсан. Эднүүсийнхээ төлөө цацаад л байдаг байсан. Тэгж л юу яасан даа ер нь.

Цэцэгжаргал -

Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.

Цэрэнпил -

За.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.