Ölziit
![](../assets/images/interviewees/990174.jpg)
Basic information
Interviewee ID: 990174
Name: Ölziit
Parent's name: Jigjid
Ovog: Jigjid
Sex: m
Year of Birth: 1946
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: cook
Father's profession: machinist on railroad
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
authority
cultural campaigns
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
За миний ярилцлага урилгыг хүлээн авч ярилцлага өгч байгаа танд юуны өмнө баярласан талархаж байгаагаа илэрхийлье. Ярилцлага эхлэхээс өмнө лавлаж асуух ганц нэг зүйл байна аа. Ер нь энэ таны ярилцлагын материалыг Кембрижийн их сургууль цаашид телевиз, хэвлэл мэдээлэл, вэб сайтанд байрлуулахад татаж хэрэглэж болох юм. Та одоо ярилцлагаа хэвлэл мэдээллийн бүх зүйлд ашиглаж болохыг зөвшөөрч байна уу?
Өлзийт -
За татгалзах зүйл байхгүй ээ
Дэжид -
Аа 2-рт та хүсвэл нэрээ нууцалж болно. Хүсвэл нууцлахгүй ч байж болно. Та энэ тал дээр юу гэж бодож байна. Нэрээ нууцлах шаардлага байгаа юу?
Өлзийт -
Байхгүй ээ байхгүй.
Дэжид -
За тэгвэл хоёулаа ярилцлагандаа оръё. Ингээд та ярилцлагаа өөрийнхөө бага наснаас эхлэж түүх намтараа ярьж өгөх үү?
Өлзийт -
За намайг Жигжидийн Ж. Өлзийт гэдэг. Би 1946 онд Улаанбаатар хотод төрсөн. Манай аав бол Дорнод аймгийн Гурвал Загал сумын уугуул хүн байсан. 1913 онд төрсөн юм гэнэ лээ. Аа ээж бол Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат хүн байсан. 1915 онд төрсөн гэж ярьдаг. Тэр хоёр маань 37, 38 оны үед Улаанбаатар хотод шилжин ирж амьдарч байгаад танилцаж гэр бүл болсон тийм хүмүүс байсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Миний бага нас тэр хоёр хүний асрамжинд хүмүүжиж өнгөрөөсөн бөгөөд 1954 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургуульд орсон. Ингээд уг сургуульд 10 жил суралцаж 1964 онд төгссөн. Тийм байгаа юм.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тухайн миний бага байхад сургалтыг улсаас даадаг байсан учраас ямар нэгэн төлбөр ял авдаггүй. Сургалтын зарчим нь тухайн үеийн шилэгдмэл зарчмаар явагддаг байсан учраас би тийм ч муу боловсрол эзэмшиж 10 жил төгссөн гэж хэлэхгүй ээ. Болох хэмжээний, боломжийн боловсрол эзэмшиж 10 жилийг 1964 онд төгссөн юмаа.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Миний бага насанд сонирхолтой юм юу вэ гэхээр би Улаанбаатар хотын анхны цэцэрлэгт сургуульд орохоосоо өмнө явж байсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Энэ цэцэрлэг маань намын шинэ хүчний дээд сургуулийн цэцэрлэг гэж байсан. Энэ цэцэрлэг маань тухайн үедээ Улаанбаатар хотод байсан ганц хоёрхон цэцэрлэгийн нэг байсан юмаа. Ингээд 64 онд 10 жилийн сургууль төгсөөд Монгол улсын их сургуулийн геологийн ангид хуваарь авч элссэн. Ингээд 64 оны 8 сард МУИС-ийн оюутнуудын хамт Жаргалантын сангийн аж ахуйд ногооны талбайд ажиллаж ногоо хураах ажилд туслахаар явсан. Энд байж байх үедээ би ардын цэргийн албанд дайчлагдан татагдаж 1964 оны 10 сараас 1967 оны 5 сар хүртэл цэргийн алба хаасан. Ийм түүхтэй.
Дэжид -
Аа ха оюутан...
Өлзийт -
Оюутан байж байгаад татагдаад....
Дэжид -
Татагдаад явсан юм байна.
Өлзийт -
Тэгээд 1967 онд цэргээс ирээд эргэж Монгол улсын их сургуульд орсон. Шалгалт өгч суралцахаар...
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Геологийн ангид биш холбооны инженерийн ангид шалгалт өгч холбооны инженерийн мэргэжлээр 1972 онд төгссөн.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тухайн үед Монгол улсын их сургуульд суралцаж байх үед сургалтын системд гарсан ганцхан өөрчлөлт бол бүх хичээлийг Орос хэл дээр явуулдаг байсан. Бусад нь бол сургалтын систем маш сайн байсан. Бид нар суралцаж байх хугацаандаа бас л төлбөр ялбар гэж юм байхгүй. Улсын зардлаар харин ч тэтгэлэг авч суралцах хугацаандаа амьдрал ахуй маань ямар ч доголдолгүй төгссөн. Ер нь миний үе намайг суралцаж байх хугацаа Монголын боловсролын онцлог тал юу вэ гэхээр боловсролыг ямар ч зардалгүйгээр сургадаг. Боловсрол төлөвлөгөөтэй явдаг байсан учраас боловсон хүчний илүүдэл дутагдал гэж гардаггүй.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Жигд улс ардын аж ахуйд хэрэгтэй боловсон хүчнүүдийг тодорхой төлөвлөгөөний дагуу бэлтгэдэг байсан учраас ямар нэгэн илүүдэл, ямар нэгэн дутагдал гаргалгүйгээр явагддаг байсныг нь би маш сайн гэж үздэг юм. Яагаад гэхээр одоо манайд миний хувийн дүгнэлтээр харахад хуульч мэргэжлийн, эдийн засагч мэргэжлийн хүмүүс хэтэрхий их олширсон ч юмуу. Энэ нөгөө хувийн дээд сургуулиуд ямар нэгэн төлөвлөгөө байхгүй зөвхөн мөнгө өгсөн хүмүүсийг авах төдийгээр цаг хугацаа өнгөрөөж ийм байдалд орсон байх гэж бодож байна. Тэгээд ч дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоо маш ихэссэн нь энэтэй холбоотой гэж ойлгодог.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Сургалтын системийн гол онцлог сайн тал юу байсан гэхээр маш өндөр шаардлага тавьдаг. Тэр шаардлагыг биелүүлж тэр шаардлагыг хангахын тулд оюутнууд бол маш их цаг хугацаа зарцуулж маш их хөдөлмөрлөх хэрэгтэй болдог байсан. Ингэж хөдөлмөрлөж чаддаг байсан. Энэ үеийн оюутнууд. Тийм ч учраас тэр үеийн миний үед суралцаж төгссөн хүмүүс дотроос маш олон эрдэмтэд маш олон .... тухайн үедээ хариуцлагатай ажил эрхэлж байсан тийм улсууд маш олон төрийн шагналтнууд төрж гарсан гэж би боддог. Боддог. Одоо тийм яахыг би бас сайн мэдэхгүй байнаа. Ер нь хүний амьдралын үе шат янз янз дамжиж явдаг байлаа ч гэсэн хүн бол амьдралынхаа өнгөрсөн хугацааг заавал эргэж санаж дурсаж явах нь зүйтэй. Тэрнийгээ бас бодож байх нь хүнд хэрэгтэй. Тэрнийхээ төлөө хойч үеийнхээ хүмүүст ганц нэг үг хэлж байвал зүгээр болов уу? гэж бодогддог юм.
Дэжид -
Аа ха.
Өлзийт -
Одоо мөнгийн авсан болохоор хүмүүс сургуулиуд бол сурсан ч яахав, сураагүй ч яахав гэсэн хэлбэрээр сургаж байгаа учраас их муу тал руугаа жаахан сулавтар хүмүүс дээд боловсролын диплом авч төгсөж гарч ирээд байгаа юм шиг надад санагддаг.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тэр тэгж сургасан дорвол сургаагүй нь дээр байх. Эсвэл сургалтын системийг ахиад нам төр юу төр удирдлагууд дахиад төлөвлөгөөтэй болгож тэр нь дээрээ шалгарч гарч ирж ажиллаж сайн ажиллаж чадах тийм сурч чадах тийм улсуудыгаа төр засгаас нь харин тэтгэлэг өгөөд сургадаг байх юм бол төрд хэрэгтэй, улсад хэрэгтэй сайн чадвартай боловсон хүчин бий болж тэгэхгүй ингэж нэг мөнгөтэй хүн нэг диплом худалдаж аваад байна гэх юм бол зүгээр дипломоо зардаг болчихож байна ш дээ. Тэрний оронд...
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Гэсэн тийм бодол байдаг юм. За би бол одоо бол үндсэндээ гэхэд бол одоо болтол нийтдээ хоёр ч янзын нийгмийн байгууллагад дамжиж ажиллаж байна гэж хэлж болно. 1-рт би социализмын үеийн төлөвлөгөөт эдийн засагтай тийм бүтээгдэхүүн бол одоо ардчилалын юунд орж ирчихээд амьдарч байна. За социализмын үед амьдарч байх үед амьдарч байсан тэр үед бол хүний амьдралд бол янз янзын юм тохиолдож байсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Энэнээс одоо хамгийн гол онцлог нь онцолж хэлмээр юм юу гэхээр тэр нэг хэлмэгдүүлэлтийн тухай асуудал их онц юм шиг байдаг. Энэ яг жинхэнэ бөөнөөр нь хэлмэгдүүлж байсан тэр хэлмэгдүүлэлтийн үед би амьдарч байгаагүй учраас зүгээр хүн амьтнаас сонссон ном сонин сэтгүүлээс уншсан тиймэрхүү юмнуудаас онцолж 1930,40-өөд оны хавилдуу хэтэрхий их олноор нь хэлмэгдүүлж байсан тиймэрхүү байсан байна лээ. Энэ улсуудыгаа тодорхой хэмжээгээр цагаатгаад одоо ч гэсэн тэр цагаатгалынх нь процесс үргэлжилж яваа юм шиг байна.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Гэхдээ зүгээр яг миний жинхэнэ амьдарч байсан одоо амьдарсан тэр хугацаанд 1960,70,80-аад оны үед хэлмэгдүүлэлт байсан уу? гэвэл бага зэрэг байсан. Тиймэрхүү юм байсан. Энд манайхны хүмүүсээс хүртэл өртөж л явсан. Миний нэг нагац ах энэ хэлмэгдүүлэлтэнд өртсөн. Энэ хүн бол 1964,5 оны үед хэлмэгдүүлэлтэнд өртөж өөрийнхөө бүх ажил төрлийг алдаж ингэж явсаар байгаад нас барсан байгаа. Энэ хүн тухайн үедээ нэлээн дориун сайн сэхээтэн байсан. Хоёр ч дээд сургууль төгссөн хүн байсан. Энэ хүний тухай бол бас сүүлд хойно 90-аад оны хавьд цагаатгасан баримт гарсан гэсэн. Би түүнийг одоогоор сайн олж үзээгүй. Миний нагац ах учраас би тэрний тухай сайн мэдэхгүй байна. Хүүхдүүд нь тэр тухай хөөцөлдөж байж цагаатгаж авсан юм гэнэлээ. Гэж би мэдэж байна.
Дэжид -
Аа ха.
Өлзийт -
Тэр хүн маань Монгол Ардын Хувьсгалт Намын гишүүн Монгол Ардын Хувьсгалт Намд удирдах ажил олон жил хийсэн тийм хүн байсан. Хөвсгөл аймаг, Сүхбаатар аймгуудад намын хорооны дарга марга тийм өндөр хариуцлагатай албан тушаал эрхэлж яваад 1960-аад оны эхээр 50 оны сүүл 60 оны эхээр Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намын дээд сургуульд очиж суралцаад 63,4 оны үед төгсөж ирсэн. Тэгээд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороонд ажиллаж байгаад Лоохууз, Нямбуу, Сурмаажавын бүлгийн хэрэг гэдэгт орж Монгол Ардын Хувьсгалт Намаасаа хөөгдөж удирдах албан тушаал эрхэлж байсан хүнийг төмрийн заводод ширмэн төмрийн цутгуурчнаар ажиллуулж ингэж шийтгэж байсан юм байгаа юм. Тэр хүн тухайн үед хийсэн үйлдлийн би тодорхой сайн мэдэхгүй ч гэсэн зах зухаас нь сонсоход зөвхөн Лоохууз гэдэг хүний бичсэн нэг захиаг Төв аймгийн намын хорооны дарга байсан Бугын Ж. Дэжид гэдэг хүнд аваачиж өгсөн юм гэнэлээ. Тэр тэгээд уг захиан дээр бол Цэдэнбалын явуулж байгаа бодлогыг эрс эсэргүүцэж тэрнийг өөрчлөхийг уриалсан захиа байсныг нь тэр Ж. Дэжид гэгч хүн Цэдэнбал даргад өгсөн учраас тэр захиаг зөөсөн Очирын Нямаа гэдэг манай нагац ах хүн бол эсэргүүний буруутан болж Лоохууз, Нямбуу, Сурмаажав нарын хэрэгт орооцолдож тэр намын гишүүн ч үгүй ажил ч үгүй болж хөөгдөж гарч байсан тийм юм байгаа юм. Энэ бол бас нэг тодорхой хэлмэгдүүлэлтийн нэг жишээ.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Энэ бол тухайн үедээ том яригдсан их олон жил дамжиж яригдсан их олон жил үргэлжилж явагдсан ийм хэлмэгдүүлэлтийн жишээ л дээ. Тэр хүнийг бие нь маш их муу асар хүнд тасралтгүй халуураад байхад хүмүүс ирж байцаалт авна гэж байсныг би мэднэ.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тэгээд одоо манай бэргэн эгч энэ хүн байцаалт өгөх чадал байхгүй энэ хүн бие нь их муу халуураад ухаантай ухаангүй байна гэхэд тэр нь хамаагүй ээ бид нар хийдэг ажлаа хийнэ гэж загнаж байсныг би мэдэх юм байна. Загнасан гэдгийг би бүр мэднэ. Загнаж байсныг би мэднэ. Ингээд энэ хүн маань ер нь тэр өвчнөөрөө өвдсөөр байгаад 1973 онд бие барсан. Нас барсан. 73 он хүртэл 64-73 он хүртэл 8-9 жил тэр хүн ер л одоо ....
Дэжид -
Хүнд нөхцөлд...
Өлзийт -
Хүнд нөхцөлд амьдарч явсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Намын гишүүн биш. Төмрийн үйлдвэрийн цутгуурын цехэд байж байснаа сүүлд нь харин ажлын жаахан өөрчлөөд авто тээврийн 5-р баазад аваачиж өгсөн. Тэр чинь 5-р баазад байхдаа зүгээр дарга цэрэг ч биш зүгээр жирийн 5-р баазад тоо бүртгэгч мүртгэгч нэг тиймэрхүү ажил хийж байгаад бригад маригадын дарга марга болох нь болсон. Тэгээд энийгээ удаан ч хийгээгүй. 73 онд нас барсан юм. Энэ бол яг одоо 1970-аад оны үед явагдсан 60-70 оны үед явагдаж байсан хэлмэгдүүлэлтийн нэг л дээ. Энд өртөж байсан хүн нь бол тэр манай нагац ах юм байгаа юм. Тэгээд ч тэрнээс болсон уу? ер нь тэр Очирын Нямаа гэдэг хүнтэй танил байх асуудлыг нааш нь цааш нь хүн амьтанд намайг хэлж болохгүй гэж нагац ах маань надад захиж байсан юм. Аргагүй бас л нэг хамт хэлмэгдүүлчих болов уу? гэж айсан юм байх л гэж би боддог юм.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Гэхдээ ер нь тэгээд тэр хүний хүн 1973 онд нас барсан байхад 1980 онд надаас НАХЯамны хүмүүс асууж л байсан. Тийм удаатай.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Чухам ямар цолтойгийн мэдэхгүй хурандаа ч юмуу дэд хурандаа ч юмуу тийм хүн дуугарах нь дуугарч л байсан. Тийм хүн ирээд ер нь бид нарт мэдээлэл өгч байх ёстой шүү гэсэн тийм юм хэлж байсан. Тэр Цэрэннадмид гэдэг хүн байсныг би бүр сайн санаж байна.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тэгээд тэр нь харин их удаан үргэлжлээгүй. 2-3 удаа тэгж наана цаана ингэж явж байгаад намайг жаахан цааргалаад байхаар тэрийг больж хөндийрсөн. Тэгээд ч би ажлаа солиод ондоо газар шилжээд явчихаар намайг ерөөсөө олоогүй ч юмуу тэгээд өнгөрсөн. Тэгээд дараа нь ... учраас энэ асуудал мултарсан л даа. Хэрвээ залгагдаж явагдаагүй байсан бол өдийд ч гэсэн асуугаад явж байхыг үгүйсгэх үндэсгүй юм гэж би боддог юм даа.
Дэжид -
Аа ха. Тэгэхээр таныг одоо сурагч байхдаа оюутан байхдаа ч гэсэн хичээл сурлагадаа онцгой авъяастай чадвартай бас тэргүүний бас бусдыгаа манлайлсан тийм сурагч, оюутан байсан гэж би сонссон юм. Тэгэхээр та сурагч үедээ суралцаж байсан сурлагадаа мэрийж байсан тэр онцлогийг яаж эцэг эхээсээ өвлөж авсан юм? Танд ямар хүн нөлөөлж байсан юм? Дээр нь оюутан байхдаа та бусдаас онцолж хичээл сурлагадаа шамддаг тэр дайчилдаг байсан үеийнхээ дурсамжаас бас ярьж өгөөч?
Өлзийт -
Би 10 жилийн сургуульд суралцаж байхдаа бусдаас цойлж гарахаар онцгой сайн суралцдаггүй. Ер нь жаахан хөнгөн, цагаан, дүрсгүй гэхэд хаашаа юм нэг их дүрсгүйтээд хэрэг төвөгт орохгүй ч гэсэн тэгээд тоглох наадах гүйх их дуртай хичээл бариад суудаггүй ч гэсэн би хичээл муу авч 3 авч үзээгүй.
Дэжид -
Аа ха.
Өлзийт -
4,5-ыг гуйлгахгүй авч тэгж явсаар байгаад сургууль төгссөн. Цэргийн албанд байхдаа би оросуудтай хамт ажиллаж байсан. Тэгэхдээ бол оросуудтай хамт ажиллаж байхдаа оросуудынхаа үг яриаг бас 10 жилд би суралцаж байхдаа 10 жил орос хэлний хичээл заалгасны үр шим ч юмуу оросоор бусдаасаа арай илүү жаахан илүү ярьдаг.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Би тэр орос мэргэжилтэнгүүдийн яриаг ... болон дайчдын хооронд тэмдэглэж орчуулга морчуулга хийж байсан. Тийм тал бий.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Ингээд их сургуульд ороод ирсэн чинь бүх хичээл монгол аа орос хэл дээр тэгэхэд би ангийнхан дотроосоо ганцаараа бүх хичээлээ би ойлгодог. Хэлний тийм боловсролтой болчихсон байсан. Тэрний боловсролтой болсон гол үндсэн шалтгаан юу гэхээр цэрэгт байхдаа би нэг орос хүнээс нэг эр зоригийн тухай нэг ном ... гэж нэг ном авч уншаад тэрнийг уншаад ер нь овоо ойлгож байсан. Тэгээд уншаад тэр хүнээс орос офицерээс бол маш олон ном авч уншсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Бараг 20-30 ном авч уншсан. Тэгээд сүүлдээ оросын Монголд орчуулагдаагүй тийм номнуудыг орос хэл дээр нь уншиж байсан нь миний хэлний боловсролд нэлээд түлхэц болж байсан болов уу? гэж боддог юм.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тэгээд би их сургуульд суралцаж байхдаа ер нь Монгол Ардын Хувьсгалт Намын түүх дээр л 3 авсан. Математик геометр гэдэг хичээл дээр 3 авсан. Энэ хоёр хичээл дээр л 3 авч байгаа байхгүй юу. Сайн ч цөөхөн авч байсан би. Тувт л онц сурдаг байсан. Ингээд онц сайн суралцаж байхад бол ангийн нөхдүүд маш их хүрээлж байсан учраас би ангийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн үүрийн нарийн бичгийн дарга болсон. Ингээд 4-р курст байж байхад манай нөхдүүд оюутны социалист нөхөрлөл соёлч нөхөрлөл гээч юмыг байгуулъя гээд ярьцгаагаад санал гаргаад тэрнийхээ ахлагчаар намайг тавьсан. Бид тэр соёлч нөхөрлөлийнхөө үүргийг биелүүлж мандатаа ингэж авч байсан. Ийм байгаа.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Ер нь их сургуульд би нэлээд гайгуу оюутны тоонд ордог байсан. ... Эвлэлийн хороонд гишүүн. Ангийн эвлэлийн үүрийн дарга. Сургуулийн эвлэлийн хороонд бас жижиг нөлөө бүхий тийм ажил эрхэлж байсан. Ингээд их сургуульд суралцаж байхад байх үедээ би нэлээд сайн оюутнуудын тоонд ордог байсан учраас намайг 1971 онд 4-р ангид 4-р курс төгссөн жил Зөвлөлт Холбоот Улсад очиж ажиллах 60-аад хүүхэд оюутан залуучуудыг тэнд цуглуулж оролцуулсан. Оюутны ...... багт багтааж улсын зардлаар Зөвлөлт Холбоот Улсад 45 хоног явуулж ажиллуулж хамруулж байсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Энэ бол тухайн үедээ ер нь хүн тэр болгон их сайн явахгүй л бол ажил төрлийн шугмаар л биш бол тэр болгон гадаадад гарч чаддаггүй байсан. Зөвхөн оюутан хүн ингээд бас нэг хил даваад явчихна гэдэг бол боломжийн үзэж харж байгаа тийм улсууд байсан байхаа. Муу шиг сурдаг тийм оюутныг бол тэгж явуулна гэж байхгүй.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тэрэн дотор 60-аад оюутан явахад янз янзын сургуулиас явсан 60-аад оюутан явж байхад тэр оюутнууд дотор бол нэг муу сурдаг дунд сурдаг ч юмуу, сайн сурдаг ч юмуу тийм оюутан нэг ширхэг ч байхгүй. Ямар нэгэн тодорхой хэмжээгээр нэр хүндэд гарсан. Урлагийн талаас нэр төртэй болчихсон байх юмуу, биеийн тамирын талаар нэр хүндтэй болчихсон байх юмуу тийм оюутнууд тиймэрхүү явдалтай байдалтай явсаар байгаад төгссөн.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Харин улаан диплом авах нөхцлийг бол хангачихсан байсан. Тэгээд ганцхан улсын шалгалт болох Монгол Ардын Хувьсгалт Намын түүх дээр 3-тай учраас намайг надад улаан диплом олгож болохгүй байна гэж манай факультетийн декан мекан харамсалтайгаар үг хэлж байсныг би .... яахав дээ. Намын түүх надад хожим хойно амьдралд ямарч хэрэг болоогүй болохоор би намын түүхэд хавчигдаад улаан диплом авч чадаагүй л өнгөрсөн юм даа. Ийм л юм.
Дэжид -
Аа сайхан юу байна. Тэгэхээр ажил амьдралын гараагаа яаж эхэлж байсан? Одоо энэ сайн хүүхдийг тухайн үед сургуулиас тодорхой хэмжээгээр яадаг байсан уу? Өөрөө материалаа өгч ажил амьдралынхаа гарааг байгууллага юугаа сонгодог байсан уу? Энэ талаараа та ярьж өгөхгүй юу?
Өлзийт -
Миний үед сургууль их сургууль ер нь дээд сургууль төгссөн оюутнуудыг бол тухайн тухайн яамнуудынх нь хүмүүст өгөөд тэр яамдууд нь яамны боловсон хүчний ... хүлээж аваад хэрэгтэй хэрэгтэй аймаг, хот юу байдаг юм. Хэрэгтэй хэрэгтэй салбарт нь хуваарилаж явуулдаг тийм зарчимтай байсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Би бол Холбооны яамны мэдэлд очих байсан хүн байсан. Гэтэл нэг өдөр намайг 5-р курст суралцаж байтал төгсөхөөс нэлээд урд одоо 2 сар гарангийн урд байна уу? даа. Нэг өдөр нэг хүн ирж шалгалт авах шалгалтанд орох орос хэл болон мэргэжлийн шалгалт өгөх тийм хүмүүс байна уу? гээд сурагласан манай ангиас ...
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Цаашдаа бол эрдэм шинжилгээний ажил хийх юм шүү гэж хэлсэн.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тэгээд бид нарт тийм хүн байгаагүй. Тэгсэн чинь тэр хүн за энэ Ж. Өлзийт гэж хэн бэ? гэсэн би гэсэн. Та онц сурдаг юм байна. Энэ шалгалтанд оролцохгүй юу гэсэн. За яахав би шалгалтын өгөөд үзье гэж хэлсэн. Тэгээд манайхаас нэг 4-5 хүн ....
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Шалгалт өгөх сонирхолтой байсан 4-5 хүн очиж очиж шалгалтаа өгсөн юмаа. Ингээд тэр шалгалтанд нь бол өгөхөд шинжлэх ухааны академийн хэл математик физикийн хүрээлэнгийн аа ... нэг салбар дээр очиж бид нар шалгалт өгсөн. Тухайн шалгалт маань өгсөн шалгалт маань болбол одоо орос хэлний шалгалт авсан. Тэгээд математик, физикийн талын асуултууд байсан. Энэ бүх шалгалт өгөөд тэгээд би ер нь мартчихсан. 2-3 сар төгсөхөөс 2-3 сарын урд авч байсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Ингээд төгсөлт болоод 7 сард төгсөөд би шалгалт шүүлэг дуусаад ингээд яамдуудад хуваарь муваарь яамдуудаас хуваарь муваарь өгнө гээд хүмүүс ирчихсэн. Холбооны яамнаас ирчихсэн. Тэгээд одоо нааш цааш хуваарилна барина гэсэн тийм юм болж байсан чинь нэг өдөр гэв гэнэт намайг Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгчийн газар дээр дуудаж байна гэсэн тэргүүлэгчийн газар дээр ...
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тэгээд очсон чинь Шинжлэх Ухааны Академийн тэргүүлэгчдийн хурлаар оруулаад математикийн хүрээлэнд математикийн хүрээлэнгийн физик математикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар авч ажиллуулахаар дадлагажигч ажилтнаар авч ажиллуулахаар боллоо гэсэн тийм шийдвэр сонсгоод гаргасан. Тэгээд гарч ирээд сонирхоод би Холбооны яамныхан намайг бүртгээд байсан гэсэн чинь тэр хамаагүй бид нар ярьж зохицуулна гэсэн. Тэгээд би буцаад очсон чинь сургууль дээрээ ирээд байж байтал Холбооны яамны боловсон хүчин авдаг хүмүүсээ аваад намайг аваагүй. Харин намайг Шинжлэх Ухааны Академийн боловсон хүчний газар аваад явсан. ... Тэгээд 7 сарын 5-нд Шинжлэх Ухааны Академи дээр очиж физик тэр чинь физик математикийн хүрээлэн гэж байсан юм. Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан гэж орж байсан. Тухайн үед бол мэдээжийн хэрэг ер нь шалгалт өгөөд л би тэгж ондоо газар шилжиж явснаас биш манай их сургуулийн холбооны инженерийн анги төгссөн бусад бүх хүүхдүүд маань болбол хоёр гуравхан хүүхэд нь МОНЦАМЭ-д очсоноос биш бусад нь бүгд холбооныхоо яаманд. Холбооныхоо яамны системд л ...
Дэжид -
Тухайн яам яамандаа?
Өлзийт -
Тухайн мэргэжлийнхээ эрхэлж байгаа яамандаа цахилгааны инженер бол эрчим хүчний яаманд, дулааны инженер бол эрчим хүчний яаманд гэх мэтчилэнгээр ...
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Аа Монгол хэлний анги төгссөн юмуу орос хэлний анги төгссөн нөхдүүд хэрвээ эрдэм шинжилгээний байгууллагад ажиллахгүй бол боловсролын яамны харъяанд очно. Тэгээд ямар нэгэн газар багш хийнэ гэсэн нарийн хуваарьтай. Ер нь тэр төлөвлөгөөт эдийн засгийн зарчим байсан учраас төлөвлөөгөөгөөр сургадаг. Тэгээд ийм мэргэжлийн хүнийг ондоо газар явуулчихаар тэр чинь төлөвлөсөн хэмжээгээр ашиглах хэмжээнд нь хүрэхгүй дутах тийм байдал гардаг байсан байх. Тийм л нарийн хуваарилалттай тийм байсан. Ингээд би Шинжлэх Ухааны Академийн физик математикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар 1972 оны 7 сарын 5-наас эхэлж ажиллаж байсан. ....
Дэжид -
Аа тэгээд тэндээ байнга ажилласан уу? өөр ажил сольсон уу? тэгээд ажил амьдралынхаа алтан үеийг ?
Өлзийт -
Миний ажил амьдралын гараа шинжлэх ухааны академиас эхэлсэн. Шинжлэх ухааны физик математикийн хүрээлэн гэдэгт анх очиж дадлагажигч ажилчин гэдгээр байж байгаад тун удалгүй хүрээлэн маань математик, физикийн гэж хоёр хүрээлэн болж хуваагдаад тасарсан. Салсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Би физик техникийн хүрээлэнд дадлагажигч ажилчин байж байгаад туслах ажилчин болж дэвшсэн.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Ингээд ажиллаж байх хугацаандаа ажлыг бас муу хийгээгүй байсан. Тэгж би боддог юм. Жил болоогүй байхад дадлагажигч ажилчнаас туслах ажилчин болгосон. Миний цалинг 650-иас 750 болгож 100 төгрөгөөр нэмсэн. 100 төгрөг гэдэг маань маш их өсөж байна гэсэн үг шүү дээ.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тэгж өсгөж өгч байсан юм. Тэгээд ч намайг 7 сард ажилд аваад их удалгүй 72 оны намар 9 сард .... физик хүрээлэнд ажиллуулахаар явуулсан. 1 гаруй Москвад Москвагийн орчим амьдарч тооцоолон бодох электрон машины инженерээр бэлтгэгдэж ажилласан. Тэр машин маань 20-р зууны машин гэж нэрлэгддэг. Нэлээд нүсэр тийм машин байсан. Дараа нь ЗХУ-ын Казань хотод жинхэнэ тэр машин үйлдвэрлэдэг хотод үйлдвэр дээр очиж тэнд курс төгсөж ирсэн. ..... засварын үнэмлэх авсан. Ажиллах үнэмлэх аваад ирж байсан юм. Ингээд би 73, 74 ондоо би физик техникийн хүрээлэнд ажиллаад тэгж ажиллаж байхад машинууд нь ирээгүй байсан. Тийм учраас машин дээр ажиллах боломж байгаагүй. Зүгээр эрдэм шинжилгээний ажил болгож электрон машиныг тооцоолон бодох электрон машины тусламжтайгаар автомажуулах болох юм гэсэн санааг шинжлэх ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга байсан одоо ерөнхийлөгч байгаа Баатарын Чадраабал надад өгсөн.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тэгээд Чадраабалын өгсөн үүрэг даалгавараар ганц нэг юм оролдож байтал тооцоолон бодох электрон машины эд ангийг зохиох чиглэлээр суралцуулахаар 1976 онд Болгар улсад 6 сар туршлага солилцохоор явуулсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Ингээд Болгарт томилолтоор 6 сарын хугацаатай ажиллаад Болгарын тооцоолон бодох электроны төвд нь ажилласан. Тэнд Болгарын эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилчидтай хамтран ажилласан. Бас ганц нэг юманд өөрийнхөө хувь нэмрийг оруулсан учраас намайг Болгарт ирж суралцаж болох юм бид нар яръя гэсэн тэр хүн маань тэр хүн маань ... доктор хүн байсан. Залуу эрдэмтдийг сургах төвтэй гэж надад ярьж байсан. Үүнийг би тухайн үед тэнд очоод байсан манай хүрээлэнгийн Нямаа гэдэг нөхрийг .... гуайтай ярилцуулаад юу яасан. 1976 онд буцахаасаа 7, 8 хоногийн өмнө эвгүй байдлаар ахуйн аваар осолд учраас эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад ирсэн. Нуугаад байх юу байхав. Би хүнд хутгалуулсан юм. Ингээд эмнэлэгт баахан хэвтэж, хэвтэж 2 сар эмчлүүлж байгаад Монголдоо буцаж ирээд 1 сар акт аваад байж байгаад ажилдаа орсон. Тэгээд ороод байж байтал удалгүй тооцоолон бодох машин маань ЗХУ-аас ачигдаж ирээд би бараг ганцаараа угсарч, ганцаараа монтажийн хийж, ганцаараа ажилд оруулж өгсөн. Ингээд байж байтал тэр үед ямар нэг хэлбэрээр ямарч хамаагүй хэлбэрээр одоо зөрчил юунд оролцсон хүмүүсийг намын чиглэлээр ч бай, намын байгууллага ч бай захиргааны байгууллага хавчдаг жаахан жаахан ерөөсөө янз янзын хэлбэрээр хавчаад байдаг байсан. Тэр хавчлага надад шууд гарч ирсэн. Яагаад гэхээр тухайн үед бол академийн санхүүгийн хэлтсийн дарга байсан Мэндсайхан гэж нэг нөхөр намайг дуудаад намайг Болгарт ажиллаж байсан бүх зардлыг чинь чамаар төлүүлнэ гэсэн. Тэг гэсэн. Тэгээд байж байтал удалгүй тэр намар надтай намайг хутгалж хэрэг төвөгт орсон этгээдийн маань хэрэг нь таслагдаад шоронд явчихсан. Аа би бол хохирсон хүн байсан. Өшөө тийм юм байгаагүй.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Гэсэн хэдий ч гэсэн тэр Мэндсайхан гэдэг нөхөр намайг хавчсаар байсан учраас аргагүйн эрхэнд академиас гарах шаардлага гарсан. Ингээд би академиас 1977 онд гарсан юм даа.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Ажлаасаа гарсан. Тэгээд ажлаасаа гарахдаа бол тухайн үед бол Монгол Улсын Их Сургуулийн захирлаар Дулмаа гэж хүн байсан. Орлогч захирлаар ажиллаж байсан Намсрайн Содном гуай академич Намсрайн Содном гуай байсан. Тэгээд Содном гуайтай би очиж уулзаад их сургуульд би бас нэлээд олон жил эрдэм шинжилгээний ажил мажил хийсэн. Нэлээд олон газар эрдэмтэдтэй ажилласан. Тэгээд намайг ажиллуулж болох юм байна Дээд боловсролын хорооноос очоод зөвшөөрөл авч ирэхийг зөвлөсөн. Дээд боловсролын хороон дээр очиход бас дээд боловсролын хороон дээр нөгөө шинжлэх ухааны академиас очсон хов живний асуудал очсон юм байлгүй намайг их сургууль руу өгүүлэхгүйгээр сургалтын техник тоног төхөөрөмж зохион бүтээх угсрах товчоо гэдэг өөрийнхөө дээд боловсролын хорооны харъяа тийм газар инженерээр өгчихсөн.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тэр нь болбол инженерийн хийгээд байдаг ажил биш. Тэр нь нэг модны үйлдвэр шахуу мод төмрөөр юм хийдэг. Тэр нь илүү хийдэг юм юу гэхээр лингафоны кабинет хийдэг. Тэр кабинетын тоног төхөөрөмж нь угсрах тэр ажилд нь жаахан оролцдог. Тэгээд би гараад ус цаг уурын тооцоолон бодох газар тооцоолон бодох инженерээр ажиллаж ингэж явсан даа. Тэр академид байж байгаад яагаад академиасаа гарчихсан юм бэ? гэдэг асуудал дээр ер нь тиймэрхүү юм байсан. Одоо ухаандаа хичнээн чаддаг мэддэг, хичнээн ажил хийж чадах чадалтай боломжтой байсан ч ямар нэг хэлбэрээр зөрчилд нийгмийн ч юмуу ямар нэг жижиг зөрчилд юмуу орсон байх юм бол тэр хүнийг нам захиргааны байгууллагаас даа ялангуяа намын байгууллагаас маш их хавчдаг. Тийм юутай.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Байсан. Одоо тэр Болгарт явахаас урд намайг намын гишүүнээр элсүүлэх тухай намын орлогч гишүүн болгох тухай яригдаж байсан болбол намайг Болгараас тийм асуудалд оролцоод ирснээс хойш тэр тухай асуудал дахиж сөхөгдөөгүй.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тэгэхээр тэр нь намайг намд авахгүй гэсэн асуудал байсан байлгүй дээ гэж боддог. Ер нь ямар нэгэн зөрчил дутагдалд орохгүй яваад байвал социализмын үед ажиллаж амьдарч байгаа улсад бол хөдөлмөрийг нь үнэлэх үнэлгээ бол сайн. Өчүүхэн төдий зөрчил дутагдалд орох юм бол доош нь чихэгдээд байдаг.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Ийм л юм. Аа харин шинжлэх ухааны академи намайг хөөж гаргаагүй. Би өөрийнхөө саналаар хүсэлтээр Мэндсайхан даргыг хавчаад байхаар гарсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тэр хүн ч надаас хойш нэг их удаагүй байлаа даа. Санхүүгийн хэлтсийн даргаа хийж чадалгүй гараад алга болсон байлаа. Одоо хаана явдаг юм мэдэхгүй үхсэн байлгүй дээ бодвол. Иймэрхүү л байдалтай байгаа юм даа.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Өшөө бол шинжлэх ухааны академийн физик техникийн хүрээлэнгийн захирал эрдэмтэн нарийн бичгийн дарга бусад улсууд энэ тэрээс над дээр ирж байсан дарамт байхгүй. Академийн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн газрын санхүүгийн хэлтсийн тэр нөхөр сүүлд нь сонсоод байсан чинь надаас болж шоронд орсон надыг хутгалаад шоронд орсон тэр хүний ээж нь тэр санхүүгийн хэлтсийн даргын багш нь байсан юм байна лээ.
Дэжид -
Хамаатай байж.
Өлзийт -
Аа тэр бол ухаандаа бол Мэндсайханыг санхүүгийн техникумд суралцаж байхад нь тэрний ээж нь санхүүгийн техникумын математикийн багш байсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тэр авгай бол санхүүгийн техникумд математикийн багш байсаар байгаад өнгөрсөн хүн л дээ. Тэгээд тэр хүн бол маш их нэр хүндтэй сайн багш байсан юм байна лээ.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тэгээд тэрний тэр л хүний тухай асуудлыг манай хүү тэрнээс болж хэрэгт орсон гэж Мэндсайханд хэлэхээр Мэндсайхан намайг хавчиж байсан болов уу? гэж боддог юм. Тийм байх.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Иймэрхүү ....
Дэжид -
Тэгээд тэр үед намын орлогчийн тэр асуудал түүнээс хойш намд элсээгүй юу?
Өлзийт -
Намд элсээгүй. Нэг удаа би намынхаа үүрийн даргатай уулзаад намайг намд элсүүлэх асуудал юу болж байна аа гэж асуусан. Тэгсэн чинь надад юм хэлээгүй инээчихээд яваад өгсөн.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Гэхдээ намын үүрийн дарга маань чи ингэсэн тэгсэн учраас оруулаагүй гэж юм хэлээгүй зүгээр л яваад өгсөн. Урьд бол надаар өргөдөл мөргөдөл анкет бичүүлээд авчихсан. Намын үүрийн дарга маань юу ч яриагүй.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Түүнээс хойш би намд элсэн гэж бодохоо байсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Намайг намд элсээч гэж гуйгаач үгүй. Гэхдээ бол элсээч гэж гуйсан хүмүүс бий. Яагаад ч юм сонирхолгүй болчихоод элсээгүй.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тийм л учиртай. Энэ бол нэлээд сүүлд болсон асуудал л даа.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тооцоолон бодох төвийг байгуулсны дараагаар тэгээд шинжлэх ухааны академи гэдэг тухайн үеийн сор болсон хүмүүс ажилладаг байсан. Үнэндээ бол арын хаалгаар нэг даргын хүүхэд ороод ажиллаж чаддаггүй. Хийж чаддаггүй ажил тийм байсан үе л дээ. Юм мэддэг. Чаддаг хүн л ажиллана гэхээс биш хүн болгон ажиллаад байхгүй тийм л сайхан ажил байсан даа.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Гарсан маань...
Дэжид -
Азгүй тохиолдол.
Өлзийт -
Миний хувьд бол азгүй тохиолдол. Ус цаг уурын тооцоолон бодох төвийг ажиллуулаад байж байтал манай миний хамт ажиллаж байсан нөхөд маань хамт сургууль мургууль төгссөн нөхөд маань овоо төгсөөд 7, 8 жил болоод ирэхээр зэрэг хүмүүс байр сууриа олоод эхэлдэг. Цаг уурын тооцоолон бодох төвд байснаас арай өөр ахиж дэвших, гадагшаа дотогшоо явах, ажилд орвол арай дээргүй юмуу гээд нааш нь цааш нь уриад би ус цаг уурын тооцоолон бодох төвөөс шилжсэн.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Аа харин гадаад худалдаанд бол арын хаалга гэдэг юм цэцэглэн хөгжсөн газар байдгийг би өөрийн нүдээрээ үзсэн.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Над шиг толгойтой ч бай толгойгүй ч бай арын хаалга байхгүй бол амьдрана гэсэн түүх байхгүй.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Гадаад худалдаанд бол тэр чигээрээ дарга сайд нарын хүүхдүүд байсан. Дор хаяж жилд 1-ээс 2 удаа хилийн дээс алхчихдаг.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Олигтойхон шиг хоёр гурван жил ажилчих юм бол гадаад орнуудад худалдааны төлөөлөгчөөр ажилчихдаг. Гэр орноороо очоод амьдрал ахуйгаа дээшлүүлчихдэг. Үр хүүхдийнхээ хэлний боловсролыг дээшлүүлчихнэ. Тийм боломжтой байдаг учраас тийм газар дарга сайд нарын хүүхдүүд их байдаг юм билээ. Тийм газар би бас ажиллаж үзсэн. Ийм л байна.
Дэжид -
За хоёулаа түр завсарлаж цай уучихаад яриагаа үргэлжлүүлье тэгэх үү?
Өлзийт -
За тэгье
Дэжид -
За тэгэхээр хоёулаа ажиллаж байсан үеийнхээ алтан үеийг ярилаа. Тэгэхээр та амьдралынхаа тухай ярихгүй юу. Хэдэн онд гэр бүл болов? Хичнээн хүүхэд төрүүлсэн? Яаж өсгөж хүмүүжүүлсэн энэ талаараа? Гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу?
Өлзийт -
За би 1973 онд юу 1963 онд Монгол улсын их сургуульд суралцаж байхдаа, мөн намайг тэнд суралцаж байх үед тэнд суралцаж байсан. Автын механик инженерийн чиглэлээр суралцаж байсан. Одгэрэл гэдэг нэг хүүхэнтэй танилцаад тэр хүнтэйгээ гэр бүл болсон. Ингээд бид хоёр гэр бүл болоод 2004, 2005 он хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд бид хоёр 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Хамгийн анхны хүүхэд маань 69 онд, дараагийн хүүхэд маань 71 онд, дараагийн хүүхэд маань 73 онд дараагийн хүүхэд маань 80 онд төрсөн. Одоо бүгд нас биеэнд хүрч бүгд гэр бүлтэй болсон. Бүгд сайн сайхан амьдарч байна. Тэд маань боломжийн өөрсдийнхөө чадлын хэмжээгээр сайн сайхан амьдарч явна л даа. Манай гэр бүлийн хүн маань их ухаантай хүн байсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Гэр бүлийн хүн маань хүүхдүүдийнхээ хүмүүжил, боловсрол, гэр оронд их анхаарал тавьж байсан учраас манай хүүхдүүд буруу замаар орж элдэв иймээ тиймээ хэрэгт орж байсан хүн байхгүй. Дээд сургууль төгссөн хүн манай хүүхдүүд дотор байхгүй ч гэсэн манай хүүхдүүд тодорхой тодорхой өөрсдийн мэргэжил эзэмшсэн. Орчин нийгэмдээ зохицоод энэ нийгэмд амьдарч явна.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Том хүү маань барилгын техникч мэргэжилтэй. Аа түүний дараачийн охин маань нэхмэлчин сүүлд нэхмэлийн мэргэжил эзэмшсэн.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Аа түүний дараачийн хүү маань хөгжим бүжгийн дунд сургууль төгссөн. Хөгжимчин түүний дараачийн хүү маань тодорхой мэргэжил байхгүй. Гэхдээ одоо бол өөрийнхөө амьдралыг аваад явж байна. Амьдарч чадаж байгаа. Ер нь бид хоёрын бодол яагаад хүүхдүүдээ дээд мэргэжилтэй болгоогүй юм бэ? Яагаад сургууль соёлоор явуулаагүй юм бэ? гэж хүмүүс сонирхдог. Хоёулаа дээд мэргэжилтэй байж яагаад хүүхдүүдээ дээд сургуульд суралцуулаагүй юм бэ гэж сонирхдог. Түүнд би ганцхан хариулт өгч чадна. Хэрвээ тухайн сургуульд суралцуулах гэж байгаа хүн өөрөө сонирхолгүй байвал тэр хүнийг алавдаж сургуульд сургаад ямар нэгэн үр дүнтэй ажил хийж чадахгүй. Хий дэмий цаг хугацаа алдах л хэрэг болно. Ингэж л үзсэн байх гэж би боддог юм. Манай гэр бүлийн хүн маань хүүхдүүдийнхээ боловсрол хүмүүжлийг хариуцдаг байсан учраас би тэгж боддог юм. Түүнээс биш миний хүүхдүүд сургууль соёлд муу сурч байсан хүн байхгүй. Дунд сурч байсан хүүхэд байхгүй. Сайн сурч байсан хүүхэд байхгүй. Бүгд л дажгүй сайн онц онц сурч байсан. Тийм л сурч явсан хүүхдүүд дээ. Манай гэр бүлийн хүн МУИС-ийг автын инженер мэргэжлээр 1973 онд төгсөөд тэгээд тээврийн байгууллагад ихэнх хугацаандаа ажилласан. Нас бартлаа. Тэгээд аажимдаа сүүлд нь сургуульд шилжсэн. Барилгын сургуульд шилжээд жолооч бэлтгэдэг сургуульд дүрмийн багш хийж байсан.
Дэжид -
Хувийн хэвшлийн байгууллага тиймээ?
Өлзийт -
Бишээ улсын байгууллага байсан. Түүнд ажиллаж байсан. Ингээд харин жинхэнэ сайхан ардчилал гарсан 80 оны сүүл 90 оны эхээр бол манай гэр бүлийн хүн мэргэжлээ ашиглаад бид жолооны курс ажиллуулж үзсэн.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Жолооны курс маань 6, 7 төгсөлт хийсэн. Гайгуу хоёр гурван жил ажилласан гэхэд гайгуу төгсгөөд гайгуу ажиллаж байсан. Манай гэр бүлийн хүн маань автын инженер байсан хүн. Би түрүүн хэлсэн. дүрмийн багш, онолын багш байсан. Дүрэм онолоо өөрөө заагаад бид тэгж амьдарч явсан. Тийм учиртай.
Дэжид -
Аа аа та ер нь шашин шүтлэгтэй хүн үү? Шашин шүтлэгийн талаар юу гэж бодож явдаг бэ?
Өлзийт -
Шашин шүтлэгийн талаар би ер нь нэг их шашин шүтэж сүйд болдоггүй. Сүүлийн үед нас яваад, гэр бүлийнхээ хүнийг нас барсанаас хойш бурхандаа нэг зул өргөчихдөг. Нэг хүж асаачихдаг. Арц уугуулчихдаг. Цэвэрлэчихдэг тиймэрхүү хэлбэртэй байгаа. Хааяа нэг жижиг хүнд тустай гэсэн тарни марни уншчихдаг. Түүнээс биш би шарын шашин ч шүтээгүй. Христийн шашин ч шүтээгүй. Бусад ямар шашин шүтэж үзээгүй. Би христийн шашны номыг уншиж үзсэн. Библийн номыг түүнээс надад христийн шашин шүтэх хэрэгтэй юм байна гэсэн бодол үлдээгүй. Аа бурхан багшийн сургаалийг би уншсан. Яг би бурхан багшийг шүтнэ гэсэн тийм ойлголт төрөөгүй. Аа гэхдээ бол би Монгол хүний хувьд гэж ярихад христийн болон бусад шашныг шүтсэнд орвол буддын шашныг шүтэж буддын шашныг биширч явсан нь Монгол хүний хувьд дээр юм уу гэж би боддог юм. Түүнээс биш ямар нэг христийн шашин ч юмуу. Бусад тэр шашны олон урсгалуудаас манай оронд дэлгэрээд байгаа янз бүрийн тэр урсгал руу орох нь тусгүй болов уу гэж боддог юм. Яагаад гэхээр зэрэг тэр олон шашны ямар нь хэрэгтэй ямар нь хэрэггүй гэдгийг судалж мэдээгүй зүгээр л орчих юм бол сайн ч шашин байна. Муу ч шашин байна. Миний зүгээр уншиж судлаж харсан зүйлээс христийн шашин дотроо Мормын шашин гэдэг нь харгис шашин гэж үзсэн.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тэгвэл тэр харгис шашныг манай хүмүүс мэдэхгүй шүтээд байгаагийн учир нь юу байна. Ер тэгээд ардчилал гараад манай шашин шүтэх нь чөлөөтэй дэлгэр сайхан болж байна. Энэ дээрээ дөрөөлөөд хүмүүс шашин шүтнэ гэдэг чинь өөрийнхөө үндэсний өв уламжлалаа хадгалсан. Өвөг дээдсээсээ эхэлж шүтэж эхэлсэн бөө мөргөлийн шашин буюу эсвэл буддын шашин юмуу тиймэрхүү зүйлээ л шүтэж явсан нь дээр юмуу гэж би боддог юм.
Дэжид -
Социализмын үед шашин шүтлэг ямар байсан бэ?
Өлзийт -
Социализмын үед шашин маш их хоригдсон.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Үүний нэг баримт бол МАХН-ын үзэл сурталын хэлтсийн эрхлэгч байсан хүний эх 80 гарсан 90 дөхсөн чавганц хүүдээ гандан хийдэд очоод хийморийн сан тавиулсан байсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тавиулсан нь төв хороонд очсон байсан гэж би сонссон юм. Хүмүүс ярьж байхыг би сонссон. Тиймэрхү шашин шүтлэг бол хаалттай. Үндэсний ухамсар үндэсний гэдэг юм бүгд хаалттай. Тийм байсан. Тэгээд ч цагаан сар гэдэг юм тэмдэглэхгүй. Цаг сарыг нэгдэлчдын баяр болгочихсон. Цагаан сарыг байхгүй болгоод хөдөө хүмүүсийг тэмдэглэж байна уу үгүй юу гэдгийг хараад байж чадахгүй учраас нэгдэлчдын баяр болгосон байх. Харин сүүлийн үед цагаан сарыг их өргөн дэлгэр тэмдэглэдэг болж байна. Энэ нь зөв цагаан сар бол Чингисийн үеэс гаргаж ирсэн цаг тооны бичиг тиймээс үүнийгээ гаргаж ирж шүтэж байх нь зүйтэй юм гэж би боддог юм. Ер нь социализмын үед шашин шүтлэг маш хаагдмал боогдмол байсан. Тийм ч учраас сүм хийд ганцхан гандангаас өөр юм байгаагүй шүү дээ. Одоо тэгэхэд дүүрэг дүүрэгт Улаанбаатар хотод гэхэд нэг дүүрэгт доод тал нь гурван сүм ажиллаж байна.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Энэ чинь дахиад шашнаа шүтэж байна гэсэн үг шүү дээ. Тэр үед шашин шүтэх нь хамаагүй гэр орондоо тийм холбогдолтой зүйл хадгалахыг хүртэл хориглож байсан. Монгол айлд гэрт нь бурхан тахил тийм юм байхгүй байсан. Одоо харин айлуудаар ороод явж байхад бурхантай тийм юм харагддаг болсон байна лээ.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Энэ бол зүгээр юм болов уу гэж би боддог. Аа энэ буддын, шарын шашныгаа хүмүүс шүтээд явбал хүмүүсийн сэтгэл зөөлөн тэгж бие биенийгээ алж хядаад байхгүй. Бие биенийгээ хулгай хийж дээрэмдээд байхгүй. Хүний амьдралд өөрчлөлт гарч магадгүй гэж би бодож явдаг юм шүү.
Дэжид -
Аа ха Социализмын үед нэгдэлжих хөдөлгөөн, соёлын довтолгоо гээд явагддаг байсан.
Өлзийт -
Аа ха
Дэжид -
Энэ талаар таны сонсож дуулж байсан.
Өлзийт -
Нэгдэлжих хөдөлгөөний тухай би нэгэнт хотод төрж өссөн хотын унаган иргэн учраас нэгдэлжих хөдөлгөөнд нэг их хүртэж бариагүй. Аа гэхдээ нэгдэлжих хөдөлгөөний талаар маш их юу мэднэ.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Нэгдэлжих хөдөлгөөн Монголд Комуны дараа гарч ирсэн хоёрдахь том улс төрийн ажиллагаа юм даа. Нэгдэлжих хөдөлгөөн зарим талаараа ашиг өгсөн. Зарим талаараа хор болсон ч байж магадгүй. Би сайн дүгнэж мэдэхгүй. Гэхдээ ер нь хор болсон гэдэг нь хүмүүсийг хувийн өмчөөс нь салгасанд байдаг байх. Тэр нэгдэлжих хөдөлгөөн үүсээд хувьдаа мал хөрөнгөтэй байна гэсэн юм байхгүй. Бүх юмаа нийлүүлээд нийгмийн болсон учраас нийгмийн буюу улсынх. Аа хувь хүмүүс сайн болж ганц нэг мал айлд байдаг байсан байж магадгүй. Аа чөдрийн ганц унаа байдаг байсан байж магадгүй. Нэгдэлжих хөдөлгөөн өрнөж байх үед хүмүүс мал хунараа нууж байсан асуудал гардаг байсан юм байна лээ. Энэ тухай тухайн үед хийгдэж байсан. Кино зохиолууд дээрээс харагдаж л байдаг.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тийм юмнууд зөндөө л байдаг.Аа ном зохиол дээр ч гэсэн бичигдсэн л байдаг. Баян чинээлэг хүмүүс нь нэгдэлжих хөдөлгөөнд орохыг нэг их бодоод байдаггүй. Тийм юм байсан юм байна лээ. Энэ тухай нэг их сайн судалж байгаагүй учраас алдсан оносон талаар би сайн мэдэхгүй байна. Ер нь нэг их алдаагүй болов уу гэж би боддог юм. Түүний үр ашгаар хүмүүс хоршиж хөдөлмөрлөж сурсан байж магадгүй. Хамтын хөдөлмөр эрхлэж сурсан байж магадгүй.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Түүний үр ашгаар төвлөрч сум мум гэдэг ч юмуу. Сум нэгдлийн төв болоод хөрөнгө нь олон хүний хөрөнгө нийлсэн болохоор хөрөнгөтэй соёлын төв клуб мулб номын сан ман, энэ тэрээ байгууллагдаад эмнэлэг, сургууль сайн байгууллагдаад, хүүхдүүд нь дотуур байртай сургууль мургуульд суралцдаг болоод сургуульд сурах нь амжилттай байсан байж болно. Явсан бол бүх юмыг тас хараар эргэж харна гэж байж болохгүй зүйл энэ бол...
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Бид нарын урьд хийж бүтээж явсан зүйлийг тас хараар төсөөлөхийг хэзээч зөвшөөрөхгүй. Байж болохгүй зүйл.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Нэг хэсэг юу гэж ярьдаг байсан гэхээр ална хядагч, байлдан дагуулагч, гэдэг байсан. Гэхдээ Чингисийн нэг онцлог бол гавъяаг бид нар одоо мэдэрч эхэлж байна шүү дээ. Монгол үндэстэнг нэгтгэж нэг Монгол гэдэг үндэстэнг бий болгож үүсгэсэн юмаа гэж тийм юм байна. Тэр хүний ач буянгаар гэсэн юм судлагдаад ирэхээр зэрэг янз бүрийн юм гарч ирнэ л дээ. Сайн судлах хэрэгтэй. Чингисийн талаар дуугарч болохгүй тийм үе байсан юм чинь тэр бүү хэл үндэсний үзэл гэдгээс болоод зарим нэртэй нэртэй зохиолчдын бүтээл хаагдаж дөнгөж саяхнаас олон түмний хүртээл болж байгаа юмнууд байна. Энд бол Р. Чойномын бүтээлийг хэлж болно. Аа Пүрэвдорж гуайн “ Тусгаар тогтнол” шүлгийг хэлж болно. Саяхнаас л Монгол хүн уншиж хүрч эхлэж байна. Тэгэхээр нэгдэлжих хөдөлгөөн дээр бас тиймэрхүү зүйл хэлмээр байна.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Нэгдэлжих хөдөлгөөн сайн ч юм өгсөн. Муу ч юм өгсөн. Аль нэгийн илүү болгох гээд байвал илүүсээд байх юм байхгүй. Тэнцүү л байх байх. Үнэхээр хүмүүсийг дундын хөдөлмөр эрхлүүлж сургасан болохоор сайн л байж таарна. Аа тэгээд үр хүүхдийг нь нэг дор бөөгнүүлж, сургаж, яасан болохоор сайн байна. Ингээд нэгдэлжих хөдөлгөөн гэдгийг дагаж бий болсон бараг холбоотой шахуу соёлын довтолгоон гарч ирсэн. Соёлын довтолгоо чинь хүмүүсийн амьдралд өөрчлөлт оруулах гэсэн, жаахан бүдүүлэг ёс заншлаас салгах гэсэн тийм санаа өөрөөр хэлбэл хүн болгоныг 7 хоног бүр усанд ордог байх. Хүн болгон гар нүүрээ сайн угаадаг байх. Хүн болгон ор дэрнийхээ цагаан хэрэглэл, хувцас хунараа сайхан цэвэрхэн өмсдөг байх. Хүн болгон бичиг үсэгтэй байх, хүн болгон бичиг үсэг тайлагдсан байх. Саяхан хүртэл Монгол улс дэлхийд 1 номерт орж байсан шүү дээ.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Бичиг үсэгтэй хүнийхээ тоогоор одоо тэгэхэд 2, 3 жилийн өмнө цэрэгт татагдаж ирсэн 18, 19 настай залуусын 20%, 30% нь бичиг үсэггүй. Нэрээ ч бичиж чадахгүй улс байна гэж яригдаж бичигдэж байна шүү дээ. Энэ чинь яаж байна. Соёлын довтолгоо ардчилалтай цуг арчигдаад хаягдчихаар зэрэг хүмүүс бичиг үсэггүй болж байна. Үүнийг бол тусад нь юу яах юм байгаа байх л даа. Тэгээд соёлын довтолгооны үед хүмүүс ариун цэврийг эрхэмлэдэг. Ер нь тийм болж хувирсан. Чаддаг болсон. Одоо Монгол хүн ямар ч нөхцөлд амьдарсан усан орчихдог болсон ш дээ. Аа хотод орон сууцанд амьдардаг хүмүүс 2, 3 удаа усанд ороод яваад байж чадаж байгаа. Хиртэй цамц өмссөн хүнийг эвгүй нүдээр хардаг тийм заншил тогтсон. Аяга тавгаа угааж эдлэж хэрэглэж сурсан. Энэ соёлын довтолгооны ач буянаар хүмүүсийн эрүүл мэнд эрүүл ахуй сайжирсан л гэж би боддог. Муу болсон юм гэж байхгүй. Нүүр гараа угаагаад сурчихсан хүнийг муудлаа гэж хэлэхгүй биз дээ. Усанд ороод сурчихсан хүнийг муудлаа гэж хэлэхгүй биз дээ.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тэр бол сайн болсон. Тийм биш хүмүүс манайд байсан юм чинь. Усанд орох дургүй. Тогтмол сайн цэвэрлээд байж чаддаггүй. Хир эвгүй үнэр гарч байгааг мэддэггүй. Үнэртүүлээд явж л байдаг. Тийм үе байсан. Тэгвэл одоо шал ондоо болсон ш дээ. Одоо Монгол хүнийг хаана ч явж байсан хир үнэртсэн яасан муухай хүн бэ гэж хэлэхгүй л байх. Энэ бүхэн соёлын довтолгооны л ач буян, энэ бол социализмын үед авч явуулсан гайгуу гэгээлэг зүйлийн нэг би тэгж л хэлнэ. Түүнээс биш соёлын довтолгоо явагдаад Монголын ард түмэн доошоо орж буруудсан юм гэж ер байхгүй. Дэвшил гарсан байх. Би тэгж л хэлнэ.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Би ээжийгээ амьд сэрүүн байхад 9, 10 ангид байхад би 5 ангиасаа аавыгаа дагаад хөдөө явдаг байсан. Тэгэхэд айлын авгай хүний цай ууж байсан аяганы цайг галын хөвөөнд асгачихаад аяга угаахгүйгээр цай хийж өгдөг байсан юм. Намайг 9, 10 ангид байхад хөдөө явахад айлын авгай сайхан угаасан аяга гаргаж ирээд дахиж усаар зайлаад цай хийж өгдөг болсон байсан. Энэ бол соёлын довтолгооны л ач....
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Түүнийг би амьдрал дээр өөрөө үзсэн учраас яг хэлж чадна.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Иймэрхүү л юм байна. Соёлын довтолгооны хувьд гэж ярих юм бол нэгдэлжих хөдөлгөөний тухай ярихад ийм байна. Дараа ярих цаг олдох байлгүй дээ. Бодоод хэвтээд байх юм бол нэлээд янз янзын юм олдох байх. Үлдсэн юм байвал хоёулаа дараа уулзахдаа сайн ярилцаж...
Дэжид -
За тэгье өнөөдөр хоёулаа эхний ярилцлагаа дуусгая. Тодорхой хугацааны дараа хоёулаа уулзая. Танаас асуух асуулт ч байна. Таны ярьсантай холбогдуулаад нэмж тодоруулах зүйл ч гарах байх.
Өлзийт -
Аа ха
Дэжид -
Дараа уулзаж байгаад...
Өлзийт -
Гэхдээ миний ярьж байгаа зүйлд буруу зөрүү зүйл байж болно. Гэхдээ нэг их буруу зүйл гарахгүй болов уу гэж бодож байна.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Ер нь энэ ардчилалын тухай дахиж уулзахад ултай суурьтай ярих зүйл их байна.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
миний энэ бодол хүмүүсийн санаа сэтгэлд яаж хүрч байдаг юм. Яагаад гэхээр би Монголын ардчилсан хувьсгалын эцэг Санжаасүрэнгийн Зоригтой үерхэж явсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Түүнийг Москвагийн их сургуулийг төгсөж ирчихээд Монгол улсын их сургуулийн философийн багшаар орно гэж байхад нь би Мягмарын Баатар гэж нэг ангид төгссөн найзтай нь хамт хүлээж авч бяцхан дайллага Улаанбаатар зочид буудалд хийж байсан. Түүнийг үхэхээс нь өмнө гэрт нь очиж ээжийнхэн хийсэн хоолын идэж байсан. Түүнийхээ тухай хэрэв би ардчилалд орох байсан бол нэгдүгээр очерт орох байсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Ярих юм их байна.
Дэжид -
За баярлалаа. Хоёулаа хоёрдахь уулзалтан дээрээ сонирхолтой хэлбэрээр ярилцана гэж бодож байна. За баярлалаа.
Өлзийт -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.