Baatar
![](../assets/images/interviewees/990186.jpg)
Basic information
Interviewee ID: 990186
Name: Baatar
Parent's name: Chogdon
Ovog: Avgas
Sex: m
Year of Birth: 1940
Ethnicity: Myangad
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: mining technician, retired
Belief: Buddhist
Born in: Buyant sum, Hovd aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: worker
Father's profession: worker
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
industrialization
family
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу?Баатар гуай.
Баатар -
За сайн.Сайн байна уу?
Ариун-Ундрах -
За та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?
Баатар -
Аа ярилцлага өгөхийг зөвшөөрч байна аа.
Ариун-Ундрах -
За та нэрээ нууцалж ярих уу?Нууцлахгүйгээр ярих уу?
Баатар -
Нууцлахгүй ярина аа.
Ариун-Ундрах -
За танд баярлалаа.
Баатар -
За зүгээр.
Ариун-Ундрах -
За та өөрийгөө танилцуулаад өөрийнхөө товч намтрыг ярьж өгөхгүй юу?
Баатар -
Тэгье ээ тэгье.
Ариун-Ундрах -
За.
Баатар -
За ах нь 1940 онд Ховд аймгийн нутагт төрсөн.За тэгээд бага сургуульд 8 настай орсон.Ховд аймгийн 10 жилийн дунд сургуульд ороод 1956 онд 7-р анги төгссөн ш дээ.1956 онд 7-р анги төгсөөд тэгээд үйлдвэрийн техникумд ирсэн юм.Тэгэхдээ тэр үед чинь уул уурхайн ангид жинхэнэ уулын мэргэжлийн улсуудыг бэлтгэхийн тулд улсын зардалаар аа машинтай нэг багш очиж,тэгээд сургуулиудаар очиж сайн сурлагатай онц сурлагатай хүүхдүүдийг 7-р анги төгссөн хүүхдүүдийг түүж авдаг байхгүй юу.Нөгөө гэрчилгээ энэ тэрийг нь хараад.Тэгээд надыг явах уу?гэж нэг багш уулзсан юм аа.Гудамжинд явж байсан би.Тэгсэн манайд чинь одоо энэ Улаанбаатар,Ховдод ер нь машин ховор байсан ш дээ тэр үед чинь.Тэгсэн нөгөө монхор ногоон жийз гэж ярьдаг байсан юм даа дээр үед.Нэг тийм ачааны машин явж байгаад зогссон юм.Тэгээд энэ юу гэж яваа юм гэсэн тэнд нь нөгөө улсуудтай юм яриад байхаар нь очсон чинь аа 7-р анги сайн төгссөн,онц төгссөн хүүхдүүдийг энэ уул уурхайн сургуульд үйлдвэрийн техникум гэдэг юу шинээр байгуулагдаж байгаа.Тэнд одоо уул уурхайн мэргэжлийн хүн болно,суралцуулна,тэгээд улсын зардалаар суралцана.Аа авч явах зардлыг нь бид нар даана.Энэ машинаар явна.За явах ёстой хүүхдүүд байвал одоо ээж аавдаа хэлээд,тэгээд тэр албан ёсны сургууль төгссөн үнэмлэх гэрчилгээгээ авчраад ингээд явж болноо гэсэн юм.Тэгээд би ирээд аав ээж хоёртоо хэлсэн байхгүй юу.Манай аав ээж хоёр чинь хоёулаа тэр аймгийн төвд ажилладаг байсан юм л даа.Ээж бол ажилгүй гэрийнхээ ажлыг хийнэ.Аав одоо тэр аймгийн төвд дээр үед чинь хоршоодын холбоо комбинат гэж болсон юм даа.Тэнд нормчин талх хийдэг тийм л хүн байсан юм.За аль тааралдсанаа хийнээ.Тэр хар бор ажил хийдэг л тийм хүн байсан.Тэгээд би ярьсан чинь за чи одоо миний хүү тийм сургууль соёлд тэнцсэн л юм бол одоо яв яв.Тэгээд одоо юм сур гээд ингээд явуулахгүй юу.Тэгээд надыг наашаа явахад маргааш нь над дээр нөгөө улсууд ирчихсэн за ачаа бараагаа,тэр үед чинь ачаа бараа гээд ямар юм байхав дээ.Зүгээр нэг цэнхэр даалимбан дээлтэй,аав нэг шовромон гутал авсан.Тэр үед чинь их ховор байсан.Тэгээд цагаан ултай шовромон Орос гутал.Би Орос гутал өмсөж ч үзээгүй хүүхэд шүү дээ.Хүүхэд байсан байхгүй юу дандаа Монгол гутал өмсдөг,за тэгээд зун бол ер нь хөл нүцгэн шахуу л явна ш дээ.Тэгээд ирсэн чинь намайг тэгэж байна аа.За чи явах гэж байгаа бол одоо чамд юм бичиж өгье гээд одоогын одоо бодоход энэ 50-ийн шуудай байна ш дээ.Ийм 50-ийн шуудайгаар нэг боорцог хийж өгсөн юм.Гарын боорцог,боов хийж өгөхгүй юу тосонд чанаад гурил.Тэгээд нөгөөдөхийг чинь хийж аваад л нэг дээр үед чинь одоо энэ дөрвөлжин ийм жижиг сахар байдаггүй байсан ш дээ.Домбон сахар гэж бөөрөнхий бөөрөнхий хүний гар шиг гар шиг,зарим нь хүний хүний шагай шиг,зарим нь хонины шагай шиг.Тэрийг чинь буталж аваад нөгөө жижигхэн уутанд хийж өгөөд,Орос сахар байдаг байхгүй юу Домбон сахар гээд.Тэгээд л нөгөө машин дээр суулгаад л явсан.Тэгээд наашаа нэг зил 130-тай явав аа.Аа тэгээд машин дүүрэн хүүхэд ирсэн юм.Манай ангиас нэг Мишиг гэж нөхөр явлаа.Лхамсүрэнгийн Мишиг гээд,аа би явсан юм.Тэр Мишиг бид хоёр нэг ангийн хоёр байхгүй юу 7-р анги төгссөн.Тэгсэн тэр Мишиг бид хоёр Улаанбаатар хотод Мишигийн төрөл садан гээд хүн байдаг гэж тийм сураг гэж гарсан юм.Тэгээд тэр Мишиг бид хоёр ингээд яваад.Тэгсэн чинь мань эр хоёулаа гараад л суулаа.Тэгээд баахан олон хүүхдүүд шуугилдаад л,нөгөө уул уурхайн ангид болох дээр зэрэг дандаа эрэгтэй хүүхдүүд.Эмэгтэй хүүхэд ердөө байхгүй.Тэр чинь нөгөө алсыг нь бодож хүнд хөдөлмөр хийлгэх гэж байгаа юм чинь тэр газрын дор ажиллах гэж байгаа улсууд чинь тэгээд бас засгийн бодлого байсан байлгүй дээ.Тэгээд эрэгтэй хүүхэд хамгийн гол нь сурлага,за тэгээд 1-рт нь биеийн байдал.Эрүүл мэндийн үзлэгт оруулж байгаа юм.Тэр чинь эмчтэй,эмчийн үзлэгт оруулаад аймгийн төвд.Тэгээд аваад ирсэн.Тэгээд нөгөө машинд суугаад наашаа явлаа.Их гоё байна.Машинд сууж үзээгүй хүүхэд чинь яахав дээ.Тэгээд тэр 1470 км шүү дээ.1470 км явахад чинь одоо бодоход тэр залуу хүүхдүүд юм чинь ямар юмандаа ядрах вэ?Инээж шуугилдаад л бүгдээрээ тэгээд л.Өө нэг Гомбо гээд нэг багш авч явсан юмаа.Настайвтар багш байсан юм,нилээн 50 гарчихсан настайвтар багш.Тэгээд тэр чинь одоо бодоход тэр сургуулийн унаагаар л явсан шиг байгаа юм.Тэгээд багш нарын бас зуны амралт болчихсон байхгүй юу тэр чинь.Тэгээд амралтаараа тэр чинь бас ажил хийж байгаа ухаантай.Тэгээд бид нарыг аваад наашаа явсан.Тэгээд одоо нэг буудал дээр ирээд л хононо.Тэгээд л наашаа явж явж байгаад Архангай аймаг гэдэг дээр ирлээ дээ.Би чинь одоо Алтай нутгийн хүн болохоор тэр их уул модтой тийм газар үзээгүй байхгүй юу.Нөгөө манай тэнд чинь ой мод байрлалтай бургас,тийм шугуй голын зах дагасан,за тэгээд өндөр өндөр цастай уулнууд л байна ш дээ.Ийм мод ургачихсан,ийм тийм ногоон модтой уул ерөөсөө байдаггүй байсан.Тэгээд Архангай аймагт ирээд л,тэгээд тэр Архангай аймгийн Улаан даваа рүү давсан чинь нэг их мундаг өндөр модтой уул даваад тэгээд л Архангай аймаг гэж нэг хот суурин газар юмаа.Тэнд ирлээ тэгээд хонолоо.Тэгээд наашаа явсан.Тэгээд Ховдоос наашаа ирэхдээ бид нар байна шүү тэр зийс машинтай 7 хоног орж ирсэн ш дээ.Бүтэн 7 хонож,одоо бол 2 хоноод юм уу 1 хоноод л явна ш дээ.Тэр үед чинь онгоц байдаггүй байсан юм чинь дандаа машин явна.Шуудангийн тэрэг гээд нэг жижигхэн тэрэг явдаг байсан.Тийм том тэрэг явдаггүй байсан юм.Тэгээд 7 хоноод энэ Шархүүгийн Дорж гэж тэр бид хоёр ярьдаг юм.Одоо Улаанбаатар ингээд харагдана гээд манай багш тэгэж байна.Тэгээд цөмөөрөө л баахан энэ Улаанбаатар гэж энэ мундаг юм бодоод.Тэгээд өнөө Шархүүгийн Доржоос л наашаа гараад л одоо бодоход энэ 22-ын товчооны цаахнуур.Улаанбаатар чинь одоо шиг ийм их өргөжсөн байгаагүй ш дээ.Аа тэр үедээ их мундаг хот л доо.Нэг их том хот харагдсан.Тэгээд л цөмөөрөө баярлаад л,зөрсөн машиныг боорцогоороо шидэцгээгээд л тэгэж явж байсан юм.Тэгээд бид нар энэ үйлдвэрийн техникумд авчирч.Нөгөө улсууд ч хүүхдүүдийн ихэнхи нь яваад өглөө.Нөгөө Мишиг бид хоёр үлдлээ.Одоо энэ консулын дэнж гэж байсан юм даа дээр үед тэнд үйлдвэрийн техникум гэж одоо тэгээд энэ драм,ардын дуу бүжиг энэ тэр орсон доо.Тэр үйлдвэрийн техникум гэж нэг сургуулийн хашаанд буулаа.Тэгээд нэг майханд бид хоёрыг оруулчихлаа.Нэг хэд хэдэн хүүхдүүд,нэг Бэрлэг гээд нөхөр байсан юм аа.Бас Баян-Өлгийгөөс ирсэн.Нэг тийм хэдэн казак хүүхдүүдтэй бид нар тэгээд байж байсан чинь сургууль тарчихсан байсан юм чинь.Тэгсэн нөгөө хүүхдүүдийн чинь ихэнхи нь яваад өглөө.Хүн ирээд л аваад яваад байх юм,аваад яваад байх юм.Таньдаг улсуудад захисан юм байлгүй дээ эх эцэг нь.Тэгсэн чинь манай тэр миний найз Мишигийг нэг хүн нэг авгай ирээд л одоо манай садангын улсууд эх эцэг нь захисан юм байна.Манай тэр багш нар тэгэж байгаад тэр нөхрийг аваад явлаа.Тэгээд Цэдэндамбаа гээд нэг нөхөр Хөвсгөлөөс ирсэн,Бэрлэг гээд нэг нөхөр энэ Баян-Өлгийгөөс ирсэн,би Ховдоос ирсэн.Аа нэг иймэрхүү хэдэн хүмсүүд тэгээд л хүүхдүүд үлдлээ дээ.Аа тэгсэн яахав дээ тэр үед чинь ямар зовох юм биш.Ямар одоо төлөвлөгөөт төвлөрсөн эдийн засагтай байсан юм чинь,нөгөө социализм юм чинь хүний төлөө.За нөгөө хүүхдүүдийг бид нарыг чинь нөгөө нэг багш хүрч ирээд л за одоо хоолондоо орцгоо гээд л дагуулж аваачаад гуанзанд оруулчихаад л тэгээд бид нарт талон өгчихдөг байсан юм.Ийм талон,энүүн шиг ийм цаас.Тэгээд энэн дээр сар ийм жижигхэн жижигхэн ийм өдөр өдрийг нь тавьчихсан,тэгээд тамгатай.Тэгээд өдрийн хоол,оройны хоол,энэ өглөөний цай,өдрийн хоол,оройны хоол гээд ингээд тамга дарчихсан.Тэр газар тийм газар очиж та нар яа гээд эхлээд дагуулж аваачаад оруулаад тэр улсуудад нь захиж хэлээд ингэж гал тогооныхонд.Тэгээд дотуур байранд очсон чинь одоо тэндээс яваад... чи мэдэхгүй дээ.Одоогоор бол байна ш дээ энэ бөхийн өргөөний цаад талд л юм даа.Энэ өөрөөр хэлэх юм бол энэ консулын дэнж гэж байсан,одоо тэгээд одоогоор ярих юм бол юу байна даа одоо байз.Тэр 2-р бааз гэж байсан юм аа.Тэр хавьцаагаас л явган яваад,багшийн сургуулиас улсууд явган яваад,баахан техникумуудыг нэгтгээд бүгдийг нь нэг их урт том зааланд энэ хоолонд оруулдаг байсан байхгүй юу хөдөөний хүүхдүүдийг.Тэгээд тэнд сурлаа.Тэгээд хоолоо идчихээд тэр сургуульд нь орлоо.Тэгээд 45 хүүхэд тэр уул уурхайн ангид орж суралцлаа.За тэгээд одоо тэр сургуульд үйлдвэрийн техникум байхад нь ороод 1,2-р курсээ төгслөө.Тэгсэн 3-р курсээс эхлээд өргөтгөсөн политехникум болголоо.Одоо энэ офицеруудын ордон байна ш дээ.Тэрний цаад талд цэргийн ерөнхий сургууль гэж байсан юм.Одоо тэр батлан хамгаалах яам байгаа юм уу?юу байгаа юм.Тэр офицеруудын ордны тэр нэг 3 давхар нэг П хэлбэртэй том байшин байна ш дээ.Тэнд баахан техникумууд нэгдэж оров оо.Политехникум болж.Одоо нөгөө үйлдвэрийн техникум,арьс шир,хөнгөн хүнсний техникум за холбооны техникум гээд баахан техникмууд.3,4,5 техникумууд нэгдээд политехникум гэж болж байгаа юм гэнээ.Тэгээд 4,5 салбартай,нөгөө салбар салбар нь декантай,захирал нь нэг.Захирал нь одоо чи таних уу?Одоо энэ Мэндсайхан гээд таних уу?Үгүй ээ Энхсайхан гээд.Одоо энэ улсын их хурлын гишүүн байж байгаад тэр намын дарга байж байгаад тэгээд одоо шадар сайд болоод байгаа ш дээ.Энэний аав Энхсайхан гэж багш хүн байсан юм.Физикийн багш.
Ариун-Ундрах -
Захирал нь тэ?
Баатар -
Захирал нь.Их гоё улаан тийм хүн,их гоё тас хар долгиотой үстэй,ер нь их гоё хүн байсан юм.Тэгээд тэр захирал Энхсайхан захиралтай,Пүрэвхүү захирал гэж өнөө декан,сүүлд нь захирал болсон.Ингээд тэр техникум 1960 онд төгслөө.За 60 онд төгссөн чинь Налайхын уурхайд чинь 8 хүүхэд хуваарилж байгаа юм.За тэгээд бусад хүүхдүүдийг нь одоо энэ аж үйлдвэрийн яамны орлогч сайд тэр Барней гэж хүн байсан юм.Тэр хүний гарын үсэгтэй,аа тэр яамны сайдын томилолттой.Тэгээд бид нэг 8 хүүхэд энэ Налайхын их уурхайд ирсэн байхгүй юу.Аа 1956-1959 онд энэ Налайхын их уурхайг одоо ЗХУ гэж байсан даа тэр үед чинь.Тэр хүмүүс,уурхайчдын тусламжтай,тэгээд манай Монгол уурхайчид ажилчдыг баруун 5 аймгаас авчирдаг байсан юм даа.Сайн дураар авчраад тэгээд энэ уурхайд ажиллуулна.Тэр үед одоо яг нөгөө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэж тийм ашигтай байдаг байхгүй юу.Хүрч ирэхээр зэрэг л ерөөсөө бүх юм бэлэн.Тэр чинь төлөвлөгөөтэй.За 1960 онд энэ хүүхдүүд уулын техникууд болж ирнэ.1960 онд энэ Налайхын уурхай бүрэн хүчин чадлаараа ашиглалтанд орно.Тэгэхлээр тэнд чинь одоо нөгөө юм мэддэг,ном сонссон тийм хүмсүүд хэрэгтэй биз дээ.Тэгээд бэлддэг байсан байхгүй юу.Тэгээд гадаад дотоод ч бас зөндөө л хүүхдүүд явж бэлтгэгддэг байсан.Тэрний нэгэн адилаар тэгээд 8 хүүхэд ирсэн юм аа.
Ариун-Ундрах -
8 хүүхэд ирсэн гэсэн тийм ээ?
Баатар -
8 хүүхэд ирээд Налайхын уурхайд ажилласан байхгүй юу.Тэгээд 8 хүүхдээс чинь одоо тэр үлдсэн хүүхэд нь тэр Бэрлэг гэж нэг казак хүүхэд бид хоёр үлдсэн юм даа.Бусад 6 хүүхэд нь яасан гэхлээрээ энэ уурхайн ажил хүнд байна,энэ дийлэхгүй юм байна,одоо бид нар явдаг хэрэг.Энэ ерөөсөө хэцүү ажил байна.Ингээд ихэнхи нь зарим нь тэр үед чинь нэг их бариад байдаггүй байсан юм даа.Тэгээд өөрийнхөө хүсэлтээр,гачигдал ийм тиймээр ингээд явцгаачихсан юм.Тэгээд бид нар чинь бас тэр үед их санаачилгатай байсан юм аа.8-уулаа ирээд энд ажилчин залуучуудын оройн дунд сургууль гэж байсан юм.Энэ 10 жилийн сургуульд оройн цагаар сурдаг.За бид нарын чинь дипломон дээр нь болохоор тэр үед чинь бас нэг ийм гацаа байсан ш дээ.Аа мэргэжлийнхээ дагуу дээд сургуульд шалгалт өгөх эрхтэй гээд.Аа өөрөөр хэлэх юм бол уулын техникум эдийн засагч юм уу,нягтлан бодох болъё гэхлээр зэрэг чинь өө чи 10-р анги төгсөөгүй байна нөхөр минь 7-р анги л төгссөн байна ш дээ.Тийм учраас болохгүй гэдэг байсан байхгүй юу.Аа дипломоо үзүүлэхээр зэрэг өө наадах чинь мэргэжлийн дагуу дээд сургуульд ор л гэсэн болохоос наадах чинь 10-р анги төгссөн гэрчилгээ биш гэдэг байсан юм.Аа тэгээд бид нар ирэнгүүт бүгдээрээ тэр жилдээ энэ оройн 10-р ангид ороод бүгдээрээ хавар нь төгсцгөөгөөд 10-р анги төгссөн гэрчилгээ олж авсан байхгүй юу бүгдээрээ.Тэгээд дараа жил нь нөгөө гэрчилгээтэй улсууд чинь яахав дээ дуртай дуртай сургуулиуддаа ингээд явна гээд нөгөө 4 хүүхэд бусад нь яваад өгсөн.Тэгээд Бэрлэг нөхөр,би бид хоёр үлдсэн юм.Тэгээд би бас нэг нөгөө найз нарыгаа дуурайгаад шалгалт өгөв өө хот руу ороод.Тэгсэн чинь аа энэ нөхөр нэг зарлал байсан,тэр зарлалын дагуу очсон,шалгалт өг гээд орсон.Миний булчинг хэмжлээ.Тэгсэн чинь онгоцны жолоочийн сургуульд явна гээд би их сонирхолтой байхгүй юу.Жолооч болъё,онгоцны жолооч болъё гээд.Тэгээд сургуульд очсон шалгалт өг гэж байна.Шалгалт өглөө,тэгсэн чинь тэнцлээ.Тэгээд одоо би нөгөөх энэ ажлынхаа заваар хөөцөлдөөд байгаа ш дээ.3 ээлж байсан байхгүй юу 4 ч ээлж.Тэгээд өглөөний ээлжинд шөнө... би тэгээд дарга нартаа болохоор би шөнийн ээлжинд гаръя гээд.Шөнийн ээлж гэдэг маань юу гэсэн үг вэ?гэхлээр зэрэг 12 цагаас өглөө 8 хүртэл байхгүй юу.Аа тэгээд өдөр нь болохоор чөлөөтэй.Тэр үедээ тэгэж явж байхгүй юу.Найзуудыгаа дагаад,нөгөө нөхдүүд алга болчихсон хамт ирсэн улсууд.Үгүй ээ би одоо бид хоёр үлдэх гээд байдаг.Тэр нөгөө нөхдүүд бол яахав участект томилогдсон.Тэр яахав энд ажиллах гэж байгаа бол тэр казак хүүхэд,банди хоёулаа хорьтой шүү дээ.Бид нар чинь 20-той төгссөн юм чинь.Тэгээд тэнцдэг юм байнаа.Тэгээд батлан хамгаалах яаман дээр хүрч ирээд маргааш өглөө хүрч ирж та нар хувцасныхаа,зардлынхаа мөнгө,тэр хувцасныхаа мөнгийг ав гэсэн юм тэгэж байна.Тэгээд шалгалт өгч байгаа улсуудаас бас нэг 2,3 хүүхэд тэнцсэн юм аа бас.Нэг Долгорсүрэн гээд нэг нөхөр байсан юм.Эрэгтэй хүүхэд л дээ тэгсэн мөртлөө эмэгтэй нэртэй.Тэгээд маргааш нь очоод нөгөөхөө авах гээд тэр үед энэ манай энэ миний хань худалдааны техникумд байсан юмаа.Тэгээд тэр жил бас энэ их дэлгүүр ашиглалтанд ороод 61 онд.Тэгээд тэнд худалдааны бараа судлалын анги төгссөн нөгөө охидуудыг чинь бүгдийг нь мэргэжлийн учраас нөгөө их дэлгүүрт бүгдийг нь худалдагчаар,тэгээд заалны зохион байгуулагч гээд мэргэжлийн ажилд томилчихгүй юу.Тэгээд энэ охинтой одоо уулздаг юм билүү гэж бодоод тэр их дэлгүүр рүү явж байхгүй юу.Тэгээд орсон чинь нутгийн нэг хүн тааралдлаа.Сайн сайн байна уу?гээд л яасан чинь хөөе чи хаана байна Баатар?Би ингээд сургууль соёл төгсөөд ингээд Налайхын уурхайд ингээд л ажиллаж байна.Тэгсэн чинь чи ээж аавтайгаа уулзсан уу?гээд тэгэж байна.Үгүй ээ үгүй манай ээж аав чинь одоо нутагтаа л байгаа ш дээ гээд л.Үгүй ээ үгүй сая танай ээж аав чинь ийм дүү,би чинь 3 дүүтэй л дээ.Дүү нарыг чинь дагуулчихсан танай ээж аав хоёр чинь энэ их дэлгүүр ороод гарч явналээ ш дээ гээд тэгнэ.Үгүй ээ чи битгий худлаа хэлээд бай гээд тэгсэн чинь үгүй ээ нээрээ нээрээ.Чи одоо чи тэр ээж аав чинь одоо төөрчихсөн юм шиг ингээд л явж байсан.Орой Налайхын вагон орой явдаг байсан 8 цагт.Налайх руу орой вагоноор явна гэж байналээ гэхгүй юу.Худал хэлэхгүй манай нутгийн нэг миний үеийн нэг нөхөр.Тэгээд дотроо бодлоо энэ нөхөртөө хэллээ.Ингээд ингээд сургуульд орсон чинь ээж ингээд аав эд нар манай дүү нар ингээд ирчихсэн байна гэнээ.Одоо би тэгээд Налайх руу явахаас орой ажилтай байсан юм чинь тэгээд оройны вагоноор л явлаа л даа наашаа.Тэгээд би энд нэг 14 квадратад энэ 8-р байр гэж байсан юм.Энэ 5 давхарууд байхгүй .Хятадууд бариад дуусчихсан.Энэ хороонууд захиргаа ч гэж байхгүй.Энэ чинь уурхайн мэдлийн энэ бүх 2 давхарууд тийм байсан ш дээ.Тэгээд бид нарыг чинь нөгөө мэргэжлийн жинхэнэ мэргэжлийн одоо уулын техник байгаа учраас өө бид нар чинь дураараа.Бид нарыг ч бас их хүндэтгэж үзнэ.Тэгээд нэг 14 квадрат өгөөд,тэр үед чинь ор өгдөг байсан,данх одоо тэгээд плетик бүх юм тэр үйлдвэр хангана.Тэгээд ингээд байж байсан.Тэгээд хүрч ирлээ.Орой бууж ирээд л орлоо.Тэр нэг секцэндээ гурвуулаа байсан 3 айл.Би тэр 14 квадратад л байсан юм.Тэгээд ороод ирсэн өө нөгөө муу байрны чинь цүүцийг нь мулт татаад хаячихсан.Орсон чинь өө бөөн тамхины утаа болчихсон.Манай аав их тамхи татдаг хүн байсан.Тамхи татчихсан сууж байна аа.Ээж эд нар сүйд майд боллоо.За тэгээд л бүгдээрээ уулзлаа.Тэгээд л нэг хөөрөө яриа эхэллээ.Тэгээд манай 3 дүү ч ирлээ.Тэгээд энд сургуульд орсон,10 жилийн сургуульд оруулаад бүгдийг нь тэгээд л.Одоо би яаж явах вэ?Маргааш нөгөөдөр хүрч ир гээд батлан хамгаалах яам.Би одоо сургуульд явлаа,та нар одоо амиа бод гэлтэй биш.Нөгөө ээж аав хүрээд ирсэн,3 дүү нялх.Чамайг одоо ганц хүүгээ дагна гээд нөгөө аав ээж хоёр нөгөө ганц хоёр мал байсан.Тэрийгээ зараад,нөгөө оронгоо нэг 5 ханатай гэр байсан.Тэр энэ тэрийгээ бүгдийг нь зараад ингээд хүрээд ирсэн юмыг чинь яах юм.Аа тэгээд одоо ажлаа хийхээс өөр арга алга даа.Өө ажиллаа тэгээд буцаад очлоо.Тэгээд амьдралын эрхээр яахав дээ.Нөгөө залуучууд чинь бүгд ингээд яваад өгсөн.Нэг мэдсэн тэр 5 жил ажиллачихсан байнаа.За тэгээд уулын ажил гэдэг чинь хүнд хэцүү.Тэгээд одоо өөрөө дадлагажаад тэгээд цалин мөнгөө аваад ирэхээр чинь хүн чинь бас урамшдаг юм байналээ л дээ.Тэр үед чинь сургуулийн хүүхдэд ямар цалин мөнгө гэж байсан биш дээ.Политехникумд байхад чинь би онц сурч байсан зарим нь бас 200 цаасны цалинтай байдаг байсан ш дээ.Техникум чинь степент Оросоор.Тэгээд ярихад би 290 төгрөгний цалин авдаг байсан юмаа би.Тэгээд энд ирээд нөгөө нэг 3 сар малтагч хийлээ,бэхлэгч хийлээ.Тэгээд нэг өдөр намайг дуудаж аваачаад за нөхөр чамайг одоо ерөөсөө тэр ашиглалтын 1-р хэлтэст уулын мастераар тавилаа дэвшүүлээд.Тэгээд ингээд сард нэг 850 цаасны цалин өгч байгаа юм тэр чинь.Тэр тухайн үеийн 60 оны 850 цаас гэдэг чинь их өндөр цалин байхгүй юу.Тэгээд тэр Налайхын уурхайд 5 жил ажиллачихсан байгаа юм аа нэг мэдсэн чинь.Тэгсэн хүүхэд шуухадтай боллоо.Манай хүн ч төгсөөд ирлээ.Тэгээд энд худалдааны байгууллагад ажилд оруулчихлаа.Тэгээд л ингээд амьдрал эхэлсэн юм даа.Нэг мэдсэн чинь 5 жил болчихож.За тэгээд манай чинь хамгийн том нь одоо тэр охин ш дээ.Тэр нэг эрх царайтай,нэг ийм уруул нь ингэчихсэн охин байна ш дээ.
Ариун-Ундрах -
Жижигхэн үү?
Баатар -
Жижигхэн охин.Тэрний наадах нь одоо том болчихсон байгаа нь тэр.Тэр жижигхэн охин гарлаа.Тэгээд дараа нь тэр нэг банди гарлаа.Тэгээд тогтсон гэр бүл болоод нэг эхлээд жамаараа л явлаа л даа.Тухайн үед л хүмүүс яаж амьдардаг байсан тэр намын гишүүнд элслээ.Тэгээд жаахан тэр чинь яаж байгаа юмаа нөгөө тэгээд хамт олон хүмүүжүүлээд авч байгаа юм.Социализмын үед чинь одоо энэ сургуулиас ирсэн хүүхдүүдэд чинь эцэг эх шиг л ханддаг байсан ш дээ.Одоотой адилхан тийм биш.Одоо энэ нөхрийг л хүн болгож авна гэсэн ийм л бодолтой хамт олны дунд байсан байхгүй юу.Тэгээд л хөгшчүүлээс их юм сурлаа.Тэгээд 5 жил ажиллачихаад одоо ер нь энэ сургуульд явъя гэж бодоод өргөдөл өгсөн чинь яв гэнээ.Тэгээд нэг сургуульд явсан юм.Оросод очиж нэг Иркутскийн политехникийн дээд сургуульд очиж нэг сураад 1-р курс төгсөөд.1-р курсийн 2 дахь семистр өнгөрч байсан чинь энэ манай одоо энэ том банди,тэр охины дараах банди тэр хойно суралцаж байсан өвдлөө гэсэн сураг байсан.Тэгээд юуныхаа амралтаар ирэв ээ Иркутскийн политехникийн дээд сургуулиас.За тэр сургуульд сурч байсан зураг нь тэр байна тэр.
Ариун-Ундрах -
Хичээлийнхээ амралтаар уу?
Баатар -
Тийм.Хичээлийнхээ амралтаар ирсэн чинь нөгөө охины дараа нэг банди гарсан юм.Тэр муу чинь өвдөөд.Энд хариуцлагагүй нэг юм хийсэн байгаа юм.Тэр потгож нэг шарласан шиг байгаа юм.Тэгээд потгожны арьс махны завсраар тарьдаг тийм тариа байсан байна.500 грамм хийдэг.Тэрийгээ одоо халааж байгаад тэр эмч ёстой хариуцлагагүй хандаад нөгөө жоохон бүлээсгэж байгаад хийх ёстой юмыг чинь аваачаад өвлийн хүйтэн байсан байхгүй юу 12 сард.Тэгээд хэт халуун хийчихгүй юу 45 градус.Тэгсэн нөгөө хүүхэд чинь ингээд түлэгдээд байхгүй.Тэгээд апсиц болоод,тэгээд нөгөөх чинь бүр ерөөсөө бүр авгай одоо ажлаасаа гарчихсан.Энэ амьдралын гачигдалтай байгаа учраас тэгээд за одоо ерөөсөө чөлөө авъя,болдоггүй юм байна гээд.Тэгээд уулын инженежр,уулын техник 2 хоёрхон жилийн зөрүүтэй.За яршиг яршиг одоо тэгээд гараад мөн адилхан л энэ ажлаа хийх юм чинь больё.Бүр мэргэжлээ нэг өөрчилбөл өөрчилнө,өөрчлөхгүй бол одоо тэгээд ажиллахаас өөр арга алга гээд амьдралд баригдаад эхлээд тэгээд яаман дээр хүрч ирсэн.Дахиад чи нөхөр минь тэр Налайх руугаа явж ажил хий гээд.Ирээд нэг 2 сар ажиллаж байсан чинь энэ нөхөр одоо гадаадад 1 жил сурсан.Тэр яахав 1 жил л сурсан,ерөнхий эрдэм л үзээд ирсэн юм чинь.Аа тэгээд энэ нөхрийг одоо ерөөсөө яанаа,нэг Орос мэргэжилтэн дагалаа.Энэ нөхрийг тэр уурхайн агааржуулалт хариуцсан тэр ажил хариуцуулна энэ нөхөрт гээд участекийн орлогч даргаар дэвшүүлж тавилаа намайг.Агааржуулалтын орлогч дарга болж байгаа юм.Аа тэгээд нөгөө Орос мэргэжилтний хамаатан ирээд тэгсэн чинь сүүлд нь дэвшээд.Нөгөө Орос мэргэжилтэн нутаг явах боллоо гээд энэ нөхөр ерөөсөө яг энэ мэргэжлийн дагуу одоо энэ нөхрийг энэ участекийн дарга болго,агааржуулах хэсгийн дарга болго.Тэгээд энийг тэр мэргэжлийн хувьд нь одоо үндэслээд,мэргэжлийг нь үндэслээд энэ нөхөр ажиллах чадвартай нөхөр гээд.Тэгэж байж байгаад тэр манай участекийн дарга нэг өвгөн байсан юмаа.Нямаасүрэн гэж байсан,Ерэнтэй гэж 2 участек нэгдсэн.Уурхайн гал түймэр аюулгүйн ажиллагаа хариуцсан,агааржуулалт хариуцсан ийм хэсэг байхгүй юу.Бас тэгээд 70,80-аад хүнтэй бараг 100 гаруй хүнтэй тийм участектай хариуцуулж байгаа юмаа надыг тэд нар энэ нөхрийг одоо дэвшүүлж тавина.Тэгээд одоо тэр ажлыг хий гээд.Нэг мэдсэн чинь 17 жил болчихсон байна шүү.Тухайн тэр Налайхын уурхайн тэр агааржуулалт хариуцсан ажил хийж байсан.Тэгээд сүүлд нь аюулгүй ажиллагааны хөдөлмөр хамгаалал гэдэг юмыг агааржуулахтай нэгтгээд бас нэг хэдэн цаас нэмж байгаа юм аа тэр чинь нэг 50 цаас ч билүү юу ч билээ.Тэгээд Налайхын уурхайд одоо 20-тойгоосоо эхэлж ажиллаад л ингээд 50 хүрээд тэгээд одоо тэр чинь тэтгэвэрт гарч байгаа ш дээ.Тэтгэвэрт гарсан.Хуулийн дагуу одоо тэгээд л уурхайд 10 жил ажилласан 50 нас хүрсэн хүн гарна.Нөгөө би яахав дээ гарчихаад газрын дээр нь Налайхын уурхайдаа 40,50-тай гарсан хүнийг чинь бас мэргэжлийн хүнийг энэ олон нийтийн байгууллага татаад авчихгүй юу.Тэгээд нөгөө Кибекей гэдэг чиний ярьж байсан Кибекей гэж хүн бий ш дээ.Тэр чинь үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хийж байсан юм.Тэр нөхөр энэ нөхрийг би одоо дээр гараад надыг ээлжийн дарга хийлгээд,тэгээд дараа нь диспичер хийлгээд тэр бүх л газрын доор дээрх бүх юм удирддаг тийм диспичер гээд тийм ажил хийж байсан чинь нөгөө өвгөн чинь нөгөө дарга чинь намайг энэ нөхрийг ерөөсөө нэгэнтээ ажиллах юм чинь манай намын хорооны дарга Доржсүрэн гэж хүн байсан юм.Тэрэнтэй энэ Мавлет гэж бас үйлдвэрийн дарга казак хүн байсан юмаа.Тэд нартай ярьж байгаад тэгээд энэ Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлийн зөвлөл гэж байсан юм.Тэндээс цалинжуулаад 750 цаасны цалин өгөөд,тэгээд энэ нөхрийг одоо би орлогчоор авна гээд нөгөө хүн чинь.Тэгээд тэр хүний орлогчоор ингээд газрын даргаар ороод бас нэг 9 жил ажиллачихаж байсан даа.Яг тэр уурхай талдаа.Тэгээд Налайхын уурхайд ингээд 32 жил ажилласан байхгүй юу би.Тэгээд 32 жил ажиллана гэдэг чинь бас тэр бүх л дамжлага,бүх л тэр ажлыг яг тэр тухайн үед нь ажил үүрэг гүйцэтгэж бас мэдэж авч байсан л даа.Тэгээд эцэст нь тэр одоо хэрэг болоод яахав дээ тэгээд одоо тэр хүнд үйлдвэрт ажилласны буянд яахав тэтгэвэр аваад ингээд байж байгаа юм.За энэ хугацаанд чинь надыг одоо... би бол энэ яамны түлш эрчим геологийн яам гэж байсан,уул уурхайн яам гэж байлаа.Тэгээд энэ яамныхаа бүх шагналыг авсан л даа.Аа тэгээд юуны медалиуд бол тэр 50,60,70,80 жилийн ойн медалиуд,за тэгээд л одоо яамны чинь одоо шагналууд.Тэр үед чинь бас нэг ажлыг чинь 5,5 жилээр дүгнэдэг байсан байхгүй юу.5 жилийн төлөвлөгөөтэй.МУ-ын хэмжээгээр үйлдвэр аж ахуйн газрууд болон энэ манай аж ахуй ч гэсэн нэг 5,5 жилээр ажлыг нь дүгнэж урамшуулж шагнадаг байсан юм.Тэгээд тэр 3 таван жилийн гавшгайч тэмдгээр надыг шагнаж,тэгээд 5 жилийн ажлыг дүгнэж 15 жилийн ажлыг дүгнэж тийм юм өгдөг байсан ш дээ.За тэгээд социализмын үед чинь одоо бас нэг уриа лоозон,тэр мөнгө гэж ярьдаггүй байсан ш дээ.Одоотой адилхан.Зүгээр л одоо тэр шагнал урамшил,тэр хүний сэтгэл санааг нь өргөж дэмжих тийм л ажил явагддаг байсан.Тэгээд 5 жилийн гавшгайч нь одоо иймэрхүү л шагнал урамшууллыг би авч байлаа даа.Тэгээд үйлдвэрчний эвлэлийн байгууллагын бүх шагналыг авсан бас.Тэр тухайн үедээ тэгээд за дарга нарт үнэлэгдээд сайн л ажиллаж байсан юм байлгүй дээ.Тэгэж л боддог юм.За хувьсгалт намд бол 1967 оны 12 сарын 7-нд элссэн ш дээ би.За залуучуудыг чинь одоо ингээд ажлаар нь шалгаруулж элсүүлдэг байсан ш дээ.1 жил хувьсгалт намын орлогч гишүүн гэж ийм ногоон батлахтай явна.Тэгээд 1 жил энэ нөхөр ажил сайжруулж байна уу?Ажил хийж чадаж байна уу?Тэр намын байгууллагуудаас өгсөн үүрэг даалгавар,тэр төлөвлөгөөнүүдийг биелүүлж байна уу?Үгүй юу гэдэгт хяналт тавьдаг байсан байхгүй юу.Тэгээд тэрийг нь одоо хяналт шалгалтыг нь давж сайн ажилласан бол жинхлэж хувьсгалт намын гишүүнээр авдаг.Аа сахилгагүйтээд архи уугаад ч уу яагаад ч уу янз бүрийн амьдралын алдаа дутагдал гаргаад ингээд одоо хөглөөд байх юм бол тэр ярихын ч хэрэг байхгүй.Тэнцдэггүй тийм байсан байхгүй юу.Тэгээд шалгаж шалгаруулж авдаг байсан юм.Одоотой адилхан багцаар нь ингээд элсүүлчихдэггүй.Ийм чөлөөтэй бус.Тэр намд орно гэдэг чинь тэр үед нэр төрийн хэрэг байлаа ш дээ.Тэгээд тэр хүнийг чинь одоо дэвшүүлж удирдах албан тушаалд тавьдаг ийм байсан юм.Тэгээд зүгээр нэг хүнийг бол тэр тухайн үед чинь албан тушаалд одоо мастер,өө тэр дарга орлогчид,янз бүрийн тийм албан тушаалын одоогоор ярих юм бол энэ төрийн албаны ажилд тавьдаггүй байлаа ш дээ.Яг энэ хүн ямар хүн бэ?гэдгийг үзэж,тэр хамт олонд нь танилцуулж,тэр дундаас санал гаргахаар зэрэг авна ш дээ.Дээш нь тавьж мэдүүлж ингэж ажиллуулдаг байсан л даа.Тэгэж л явсан хүн дээ.За тэгээд хувьсгалт одоо нэг 40-н хэдэн жил болж байх шив дээ.За яамны шагнал бол хамгийн дээд тал нь тэр тэргүүний уурайчин гэдэг шагнал байдаг юм.Дээр үед яахав 150 цаас дагалдаж ирдэг байсан юм.Одоо тэгээд ер нь сүүлдээ явсаар явсаар байгаад энэ яам чинь одоо их олон солигдоод,дээр доороо ороод,тэгээд ардчилал гээд байхгүй,эргэж хөөцөлдөж байгаа юм ч байхгүй тэгээд орхичихсон.Аа дараа нь тэр яамны ахмад ажилтан гэсэн ийм шагналууд байгаа.За чи тэгээд тэрийг дараа нь өөрөө очиж сонирхож үзээрэй за юу.За тэгээд гэр бүлийн хувьд ярих бол манай хүн бид хоёр одоо ханилаад чинь 50 жил болж байна.Би одоо 2 бандитай,2 охинтой.Аа тэр үед бол зүгээр цөмөөрөө 10-р анги төгссөн.Аа бас тусгай мэргэжлийн энэ сургуулиуд төгссөн.За байз 3 нь одоо тэгээд одоо энэ чинь ер нь Налайхчуудад ажил байхгүй байна ш дээ.Хүүхдүүд хийлгэхье гэхээр ажил байхгүй.Тэгэхлээр зэрэг бүгд одоо ажил амьдралаа бодоод 2 нь одоо Солонгост,аа нэг нь Японд байна.Аа бүгдээрээ гэр бүлтэй,бүгд хүүхэдтэй ийм.Бид хоёр бол яахав хүүхдүүдийнхээ буяныг эдлээд,энэ засгийн буяныг эдлээд.Тэгээд энэ 3 өрөө байр анх уурхайгаас надад өгсөн юм.Энэ ч одоо хувьчлагдаад ингээд л өөрийн бас ухаантай юм.Тэгээд эндээ ингээд л амьдраад байж байна бид хоёр.Ийм түүхтэй товчхон ярихад.За энэ бараг цаг...
Ариун-Ундрах -
Аан та яг өөрөө эцэг эхээс хэдүүлээ билээ?
Баатар -
Би чинь эцэг эхээсээ 4-үүлээ ш дээ.Нэг том дүү маань одоо бас л тэтгэвэр авчихсан Дарханд байна.Хүүхдүүд нь том болчихсон.Аа дараачийн нэг эмэгтэй байсан.Тэр зайлуул одоо тэгээд өвчний учраас тэгээд нас барсан.Хүүхдүүд нь том том болчихсон байна л даа.Дараа нь миний нэг дүү энэ уурхайд ажиллаж байгаад одоо бас тэтгэвэрт гарсан.Энэ Налайхдаа байна.Мөн авгай хүүхдүүд нь бас л амьдралын эрхээр одоо Швед явчихсан.Энэ яахав гэр орноо хараад энд амьдралаа бодоод эндээ хашаа байшингаа хараад байж байгаа.
Ариун-Ундрах -
Та нөгөө төрж өссөн нутаг усныхаа тухай,хүүхэд насныхаа тухай жоохон ярьж өгөөч?
Баатар -
За тэр чинь одоо би чинь хүүхэд байхдаа Ховд аймгийн Буянт суманд төрсөн.Ховд аймгийн Буянт сум чинь бас Ховдын төвийн л сум л даа.Тэр ойрхон байсан дээр үед чинь.Уг нь манай нутаг чинь тэр яг одоо энэ дуунд гараад байгаа Буянт голын чинь яг эрэг дээр сум нь байдаг байхгүй юу.Тэнд л би бага насаа өнгөрөөсөн.Хөдөө энэ одоо хөдөөгийн хүүхдүүдийн амьдралаар л миний амьдрал тэгээд эхэлсэн байхгүй юу.За нэг сонин сонирхуулж нэг ярихад яахав тэр хөдөө манай Буянт сум чинь тарвас,шийгуа,тингаа гэж нэг юм их тарьдаг байдаг юм.Тэрийг чинь одоогоор ярих юм бол энэ жантуу нар гэдэг юм даа.Манай Ховд аймгийн хэллэг,одоогоор ярихад одоо тэр Үзбек юм даа.Тийм хүмүүс чинь одоо тэр шийгуа энэ тэрийг тарьдаг байсан байхгүй юу.Тэгээд их амттайхан,тэр чинь том том.Одоо шийгуа нь ургадаг,тингаа гээд нэг сайхан юм ургадаг тийм л байсан юм.Тэгээд тэд нарыг нь хүүхэд ахуй цагтаа нөгөө жантуу нараас чинь шомбодоно,авна,иднэ.Ингэж л сахилгагүйтэж эд нэр тэр Буянт голд л одоо их усанд орж,наранд шарж л өссөн дөө ер нь бага нас бол.Тэгээд л 8 настайгаасаа эхлээд л сургуульд орчихсон юм чинь.Тэр үед чинь бас ерөөсөө хүүхдийг 8 нас хүрэхээр зэрэг тэгээд сургуулиас хоцруулдаггүй байсан ш дээ.Ер нь сургуульд бичиг үсэг мэддэггүй хүн 1940 оноос хойш чинь ер нь байхгүй болсон шүү.Одоо бичиг үсэг мэддэггүй байгаа сураг сонсогдоод байх юм.Би бүр гайхаад байгаа юм.Тэр өөрсдөө гардаг юм уу?Амьдралын боломжгүйгээс болоод тэгээд гарчихдаг юм уу?бүү мэд.Тэгээд сургуульд орсон хүүхдүүд сургуульд хичээл гэр хоёрынхоо хооронд л яваад тэгээд л бага нас тэгээд өнгөрнө ш дээ.Дээр үед чинь одоо ямар тэр би чинь 56 онд 7-р анги төгссөн гэхлээр чинь хэдэн онд ч орсон юм бэ?дээ.Тэр үед чинь цэцэрлэг гэж байдаггүй байсан юм даа.Тэгээд гэрээрээ л хүмүүжигддэг байсан юм чинь сургуулийн нас хүртлээ.Тэгээд сургуулийн нас хүрээд 1-р ангид ороод тэгээд л шувтан сургуулиар дамжсаар байгаад л одоо тэгээд л ажил төрлийн захад хүрдэг байсан ийм л үе байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Яг таны амьдарч байсан тэр амьдралд чинь тийм түүхэнд ямар ямар онцлогтой үеүд байсан гэж та боддог вэ?
Баатар -
За тэр онцлогтой үе гэдэг чинь энэ ажил дээр гараад л мэдэгдэж байгаа юм даа.Налайхын уурхайд ирэхэд чинь юу байдаг байсан юмаа.Энэ лаав гэж байдаг юм даа.Тэр лааванд бол тэр чинь шинэ техник бүр нэвтэрчихсэн байсан юм.Рүүп машин гээд энэ нэг лаавны тэр нүүрсний доогуур нь ингэж огтолж байгаад,тэгээд дээр нь нүх хийж байгаад буудчихаар их сул нүүрс суларч их унадаг нэг тийм машин байсан юм миний үед.За дараа нь тэрний дараа нь юу вэ?гэхлээр зэрэг өөрөө комбайн гаргасан Домбас гэж нэг комбайн байдаг байсан юм.Тэр бол 1 м 40 сантиметрийн өргөнтэй,ингээд 100 метр огтлоод явчихдаг.Тэгээд буцаад их том нөгөөдөхийг чинь задлаад эргүүлж угсраад доош нь огтолдог тийм байсан юм.Дараа нь элгээгээ комбайн гэж гарч ирсэн.Тэр комбайн бол тэр нөгөө домбастайгаа адилхан,гэхдээ хүчин чадал нь арай жаахан дээр.За түүм гэж бэхэлгээ байсан.Кистем гэж төмөр бэхэлгээнүүд ирсэн дээ.За түүнээс гадна сонирхуулаад хэлэхэд чинь 1972 онд Налайхын их уурхайг модернизаци хийхэд энд чинь 200-аад Орос мэргэжилтэн ажилладаг байсан ш дээ.Тэгээд тэр иж бүрэн механикжсан комплекс тийм иж бүрэн механикжсан тийм бэхэлгээ ирсэн.Комбайнтайгаа одоо чи мэргэжлийн бус хүн учраас ойлгохгүй.Лаав гэдэг чинь байна ш дээ.Өөрөөр ингээд чамд ойлгуулахын тулд уртаараа ингээд ийм трапец хэлбэртэй 7,1 метр кв ийм км лаав мэдэв үү?Нөгөө талд нь бас ингээд бас км ингээд малталт явчихсан.Тэр хоёрын хооронд 100 метрийн өргөнтэйгээр холбодог байхгүй юу.Тэгээд тэр холбосон юмандаа тэр том техникийг аваачиж суурилуулдаг.Тийм иж бүрэн механикжсан техниктэй,тэгээд ээлжиндээ 1000 тонн нүүрс гаргадаг байсан.Энэ бол ёстой бахархал байсан юм даа.Ийм одоо уурхай байж байгаад тэгээд зах зээлийн нөхцөлд чинь одоо тэгээд нөгөө энэ хувийн болоод ирэх чинь л ингээд бужигнаан болоод тэгээд одоо ингээд уурхай ажилгүй болчихсон.За би учрыг нь ойлгодоггүй юм ерөөсөө.Яагаад гэхлээр нүүрс нь байна уу?байна.Хүн нь байсан уу?байна.Техник нь байсан уу?байсан.Тэгээд л одоо эдийн засгийн ашиггүй гэдэг байдлаар л уурхай хаагдсан юм.Одоо ингээд хэдэн жилийн нөгөө ардчиллын үед чинь одоо 20 жилийн хойноос ингээд харахад бол энэ хувьчлал буруу явагдсан.Тухайн үед яагаад буруу явагдсан бэ?гэхлээр зэрэг чинь одоо бөөн бужигнаан,дандаа тийм хувийн өмчгүй байсан улсууд чинь тэгээд бөөн бужигнаан болохоор зэрэг энэ дээр ажиллаж байсан яамны нөхөд гэдэг юм уу манай энэ уурхайн удирдах нөхдүүдийн толгойд чинь энэ 1500 хүнийг тэжээгээд,1500 хүнтэй газрын дээр 500 хүн.Энэ олон хүнтэй ингээд ажиллаад энэний нүүрс гаргах гэж зовж байсан нь дээр үү?Би л тэгэж боддог юм.Зүгээр энэ чинь миний санаа шүү.Аа хувьдаа одоо гадаа нэг хөнгөхөн уклан гаргаад нэг 2 уклан ч юм уу тийм юм малтаад жаахан нүүрс гаргаад зараад нэг 10 хүн цалинжуулаад өөрөө нэг жийп авч унаад,дээр нь хэдэн цаасаа банкинд хийгээд ингээд одоо яваад байсан нь ер нь нөгөө ашиг сонирхлын зөрчил гэдэг нөгөө инженерүүд,нөгөө дарга нарт чинь амар байхгүй юу.Тэр 1500 хүнд тэгээд хэрэглэж байсанд орвол нэг 10 хүн,20 хүнийг чинь дор нь зохион байгуулаад өөрөө гаднаас нь тэг ингэ гэчихээд,тэгээд нэг жийп уначихаад,тэгээд нэг хэдэн төгрөг банкинд хийчихээд аа энэ чинь миний хувийн юмаа,хувийн уурхай гээд ингээд сууж байсан нь дээр биз дээ?Ингээд бодоход.Тэгээд л ер нь одоо улсад ашиггүй гэдэг нэрээр тэгээд дампууруулаад л,ингээд л тэгээд л идэх нь идээд л,завших нь завшаад л,тэгээд хоосрох нь хоосроод тэгээд эцсийн эцэст юу болсон гэх дээр тэр олон зуун ажилчид л хохирсон доо.Нэг ч хүрз аваагүй шүү.Тэгээд тэнд байсан тэр удирдлаганд байсан нөхдүүд л тэр улсын хөрөнгөн дээр үлдсэн нөхдүүд л учрыг хаясан байх.Тэр ч битгий хэл бүр ОПК 100 гэж 3 данхрадтай,иж бүрэн,цоо шинэ,тийм асар өндөр хүчин чадалтай техник складанд цоо шинээрээ байж байсан ш дээ.Тэрийг чинь яасан гэхлээр зэрэг нөгөө үлдсэн улсууд чинь Орос ах нарт буцаагаад,нөгөөдүүл чинь хүүе хаая гээд л авна ш дээ.Буцааж өгөөд мөнгийг нь аваад идчихсэн.Тэр яаж идсэн?Ажилчдын цалинд тавьсан нэрийдлээр тэгээд алга болсон.Гэх мэтчилэнгийн Налайхын уурхай чинь ингээд дампуурсан ш дээ.
Ариун-Ундрах -
Яг хэдэн оны үеэр дампуурсан билээ?
Баатар -
Тэр чинь одоо яагаав энэ ардчилал эхэллээ ш дээ.Хэдэн онд ардчилал болсон?1990 онд.Энэ 90 оны ардчилал гэдэг чинь одоо тэгээд нэг иймэрхүү л юм болгочихсон юм.Тэгээд ардчилал ч биш дээ.Тэр чинь одоо тэгээд сүүлд нь ингээд бодоод байхад чинь тэгээд энэ их замбараагүй байдал тэгээд гарчихсан.Нэг л юм бол яахав малчдад тэр малыг нь өгсөн,яахав энэ орон сууцуудыг... Энэ чинь жишээлбэл энийг чинь социализмын үед л барьсан барилгууд шүү дээ эд нар чинь.Энэ социализмын үед барьчихсан барилгыг л ухаандаа хувьд л болгох талаар л хувьчилсан тийм л нэрийдлээр өгчихсөн болохоос тэрнээс биш за ардчилал ингээд энийг чинь барьчихсан ч юм байхгүй.Социализмын үндсэн суурин дээр л одоо ингээд тонгочсон байхгүй юу.Одоо тэгээд энэ байранд байсан улсууд яахав байсан нь яахав хожиж байгаа юм л даа.Ухаандаа 3 өрөө юм уу 1 өрөө байртай болоод.Аа тэр байранд орохгүй хувиараа тэр хашаа байшинтай нь яахав тэгээд тэрүүгээрээ үлдээд л.Нэг хэдэн нэгдлийн малыг яаж хувьчилж байсан тэрүүн шиг л үрэн таран хийгээд.Тэр уурхай дор байгаа юм чинь эргэж гаргана гэж байхгүй ш дээ.180 метр доошоо орчихоод,тэгээд энэ чинь 3,4км 2 тийшээ явж байгаа юм чинь.Бүр доогуур цахилгаан тэрэг явдаг байсан ш дээ.Нүүрсээ цахилгаан тэргээрээ тээвэрлэдэг байсан байхгүй юу.Тэрийг чинь нурааж дараад бүгдийг нь үгүй хийгээд хаячихаар чинь яаж тэр техникүүдийг чинь дээш нь гаргах вэ?Тэгээд л тэр чигтээ тэгээд өнгөрсөн.
Ариун-Ундрах -
Тэр доороо тэр чигтээ л байгаа юу тэ?
Баатар -
Тийм.Ийм л юм өнгөрсөн.
Ариун-Ундрах -
Аа яг социализмын үед ажиллаж байхад ажлын нөхцөл байдал ямархуу байсан бэ?Хангамж нь ямар байсан бэ?
Баатар -
За социализмын үед чинь социализм гэдэг чинь байна шүү хүний төлөө нийгэм байхгүй юу.Хүний төлөө.Тэр үед чинь тэрэнд ажиллаж байгаа ажилчдын чинь төлөө,тэр ажилчдын сайн сайхны төлөө байж байж л,тэр хүнийг сайн сайхан байлгаж байж л ажил хийлгэнэ ш дээ.Одоо жишээлбэл бид тэр чинь юу вэ?гэхлээр ажилчдын нормын хоол өгдөг байсан.Аа хортой газар ажиллаж байгаа гээд сүүг нь өгдөг байсан,нормын хувцаснуудыг нь өгдөг байсан,өвөл зуныхаар нь ялгаатай.Засгаас харж үзнэ ш дээ тэр чинь.Аа тэгээд хөдөлмөрлөх нөхцөлөөр нь хангаж өгнө.Уурхайд зүгээр наад захын юм ярилаа гэхэд л уурхай чинь бүх малталтууд,тэр хонгилууд чинь уулын ажлын паспорт гэж юм байдаг юм.Одоо энэ стандартчилал гээд байна ш дээ.Энүүн шиг ингээд хүн явахад чөлөөтэй,машин техник явахад чөлөөтэй,ажлаа хийхэд чөлөөтэй ийм ажлын байранд л хүн ажиллуулна уу гэхээс тэрнээс зүгээр одоогын энэ шиг тийм аваартай бэхэлгээгүй одоо тийм хулганы нүх шиг юманд чинь хүн ажиллуулах юм бол тэр үед чинь толгой байхгүй.Бүгдээрээ дарга цэрэггүй шоронд орно ш дээ.Яагаад гэвэл хүнийг одоо та нар ийм хүн бусаар үзэж байна гэж ойлгоно ш дээ.Одоо бол хаа байгаа юм?Тэр энэрэнгүй нийгэм алга байна.Одоо уурхай дээр л лав харагдахгүй байна.Өчнөөн олон хүн эрсдсэн.Социализмын үед чинь тэгэж аваар гарч... гардаг тэгэхдээ бол техникийн аваар гарахдаа тухайн нийгмийн юм уу тухайн үйлдвэрийн юм уу буруугаас ингэж гардаггүй байсан ш дээ.Гарах нь гардаг байсан.Яагаад вэ?гэх дээр зэрэг тэр уулын паспортыг зөрчсөн,аа сахилгагүйтсэн,өөрөөр хэлэх юм бол аюулгүйн техникийн дүрмийг биелүүлээгүй энэ нөхцөлд гардаг байхгүй юу.Нөгөөх нь метантай газар тамхи татаж болохгүй ээ гээд ярьж хэлээд гарын үсгийг нь аваад ороод байхад чинь тэнд очоод тамхи татчихвал тэгээд л тэсэрнэ ш дээ тэр чинь.Тэгээд метантай газар тэр тэсрэлт дэлбэрэлтийн аюулаас хамгаалагдсан тэр пускатель тэр тоног төхөөрөмжүүдийг тагийг нь хамаагүй онгойлгож болохгүй ээ.Цэвэр агааржуулж байгаад дараа нь засвараа хийнээ.Гэтэл нөгөөдөхөө зөрчөөд залхуураад,нөгөө тагийг нь онгойлгоод алив залгаад үзье гэх дээр зэрэг л ингэж метан хий одоо тэр аюулгүйн техникийн дүрэм зөрчсөн,тиймэрхүү тухайн хүний буруугаас болоод тэгээд аваар осол гарсан байхаас биш зүгээр ажлын нөхцлийг одоо бүрдүүлж өгөөгүй,нөгөө хүнийг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаанд сурталчилгаа танилцуулгаа,зааварчилгаагаа өгөөгүйгээс болоод одоо тийм аваар осол гардаггүй байсан байхгүй юу.Тийм нөхцөл ч байхгүй.Яагаад гэвэл уурхайд чинь оруулахдаа тухайн хүний ажлын мест ямар газар байна,тэрийг нь нөгөө хүнд танилцуулж өгөөд,за чиний газар бол тэндээ тийм метантай,тэсэрдэг хийтэй,та тэгэхлээр зэрэг тэнд тийм юм хийж болохгүй,ингэж болохгүй,тэгэж болохгүй ойлгов уу?Ойлгуулсан Баатар.Ойлгосон ухаандаа Оюунаа ч гэдэг юм уу.Гарын хөлийн үсгийг нь аваад тэгээд оруулдаг байхгүй юу.Одоо тийм юм байхгүй болсон.Бараг дуртай нь ороод,дуртай нь гараад,нас барчихаар ар гэрт нь нэг хэдэн цаас аваачиж өгчихөөд л нөгөө хүний амь хохироод л ингээд явж байна ш дээ.
Ариун-Ундрах -
Аа тэр үед бас цалин хөлсний тухайд ямархуу байсан бэ?
Баатар -
Цалин хөлс бол тэр үед чинь байна ш дээ.Одоотой адилхан төгрөг чинь ийм хачин ханштай биш шүү дээ мэдэв үү?Тэр үед алтан тариан 1-р гурил 1 кг нь 1 төгрөг байсан.Одоо энэ пульчкин талх одоо энэ 680-ын талх байна ш дээ.Энэ чинь төгрөг 70 мөнгө байсан байхгүй юу.Одоо энэ мөнгөний чинь ханш зах зээлээ дагаад ингэж буурч байхгүй юу.Ухаандаа зүгээр томхон юмаар жишэхэд чинь мотоцикл байна ш дээ.Энэ мотоцикл чинь 6200 төгрөг байсан юм иж мотоцикл.Одоо 6200 цаасаар 1кг мах л авна ш дээ.1 кг мах чинь одоо 4200 гэж байна ш дээ үхрийн мах,цул мах нь.Тэгэхлээр чинь кг гаруйхан махны мөнгөөр л мотоцикл авдаг байсан байхгүй юу.Энэ мөнгөний чинь ханш ийм өндөр болсон байхгүй юу.Гэхдээ доллар шүтдэггүй байсан байхгүй юу тэр үед чинь.Онцлог нь тийм байсан.Хангалттай бүгдээрээ тэгшхэн.Ажилчин ард хийснийхээ хэрээр авдаг байсан байхгүй юу.Тэр үеийн социализмын үеийн эдийн засгийн үндсэн хууль бол юу гэхлээр хийгээд хийснийхээ хэрээр цалин ав,гүйцээ.Их л хийсэн бол их л авна,бага л хийсэн бага л авна.Тийм учраас нөгөө хүн чинь их хийхийг бодно биз дээ.Аа одоо капитализмын үеийн үндсэн хууль юу гэхлээр нөгөө Марксын “Капитал”-д юу гэж бичсэн билээ?Нэмүү өртөг.Нэмүү өртөг олохын тулд тухайн компанийн эзэн үхэн хатан явна биз дээ.Чи үхэж байна уу?хатаж байна уу?өлсөж байна уу?чамд хамаа байхгүй,чи тэр ажил хий.Чи нэмүү өртөг өгч байж,чи сайн ажиллахгүй нэмүү өртөг өгөхгүй бол чамайг халчихна ш дээ.Тэгээд яасан үгүй ээ энэ ажил хийж чадахгүй,одоо энийг явуул гээд ингээд.Тэр үед чинь хүн халах юм бол үйлдвэрчний эвлэлийн байгууллага чинь захиргаатай,тэгш эрхтэй адилхан.Ажилчин хүнийг хамгаалдаг байгууллага байна ш дээ.Ийм байсан цаг байхгүй юу.Одоо бол тэр тийм тийм юм байхгүй.Аа тэгээд л тэрийг чинь одоо юу гэж байна,бэлэнчлэх сэтгэлгээ гэж яриад байгаа юм.Тийм биш.Тэр үед чинь тийм юм байгаагүй.Бүгдийг нь улсаас хангаж байсан нь үнэн.Тэгэхдээ тэр ажиллах нөхцлийг нь бүрдүүлж өгдөг байхгүй юу.Одоо бол ажиллах нөхцлийг нь бүрдүүлбэл энэ олон мянган залуучууд гадаад руу тэгээд яваад байхгүй ш дээ.Хүний хөдөлмөрийг үнэлэхгүй байна ш дээ.Хөдөлмөрийн үнэлгээ гэж байхгүй одоо.Одоо чи ингээд л ухаандаа дээр үед чинь ингэдэг байсан ш дээ.За чи тэндээс энэ 2 метр 50 сантиметрийн нүүрсийг одоо чи ингээд авлаа.Энэ нүүрсийг авахад танд төчнөөн төгрөг өгнө.Тийм үнэлгээтэй байдаг байхгүй юу норм үнэлгээ.Одоо болохоор зэрэг норм үнэлгээ бол байхгүй.Одоо жишээлбэл зүгээр энэ Хятадын компанид тэр оёдолчиноор ажиллаж байгаа хүүхдүүд байна ш дээ.Би бүр харамсдаг юм.Ямар муухай одоо тэгэж хүнийг ажиллуулж байнаа ер нь.Одоо тэдний үнэлгээг аваад харахаар байна ш дээ 7 төгрөгний үнэлгээтэй юм байх шүү.7 төгрөгөөр юу авах юм одоо.Хятадууд...
Ариун-Ундрах -
7 төгрөгөөр яг юуг хэдэн цагийг үнэлэх юм уу?
Баатар -
Үгүй ээ үгүй.7 төгрөгөөр тэр одоо эндээс энэ хүртэл нэг гутал оёлоо тийм үү?Тэр өсгийнөөс энэ хүртэл ингээд оёход одоо 7 төгрөг гэж байгаа юм.Үгүй ээ тэрүүгээр чинь 700 юм уу 7000 төгрөг өгөх ёстой байхгүй юу.
Ариун-Ундрах -
Ядаж 70 төгрөг ч юм уу.
Баатар -
Тэр чинь үнэлгээ байхгүй.Үгүй ээ тэгээд тэр чинь үхтлээ ажиллаад,тэгээд гарсан бүтээгдэхүүнийг нь тэр Хятадууд яаж байна вэ?Монголыг ашиглаж байгаа юм.Яагаад гээч нөгөө Монголд үйлдвэрлэв гэсэн шошго наачихаар олон улсын юугаар чинь бас нөгөө бас нэг тийм юу байдаг юм байна ш дээ.Монголыг чинь бас хөнгөлчихсөн байдаг юм байна ш дээ.Одоо нэг тийм заавар байна бас.Тэрийг нь ашиглаад Монголд үйлдвэрлэв гэж бичээд өөрснөө гадаад далайд гарцад гаргаад,тэгээд 7 төгрөгөөр үнэлэгдсэн юмыг чинь 7000 төгрөгөөр өгч байгаа ш дээ.Ийм үнэлгээтэй.Та нар одоо тэгээд энэ ажилчид одоо энэ Налайхын энэ оёдлын үйлдвэр бий дээ.Тэнд одоо би сонирхоод очиход гэдэг юм уу,одоо ер нь аль ч барилга дээр ч гэсэн тэр.Одооноос эхлээд жаахан сайжирч байна уу?үгүй юу?Уул уурхай дээр юу байгаа юм бүү мэд.Тэр норм үнэлгээ,хүний хөдөлмөрийн үнэлгээ байхгүй.Одоо тэр гадаадад манайхан тэр юм хийлгэсэн ч тэр үнэлгээтэй байгаа ш дээ.Манайд бол одоо 60,70 мянган цаасаар чинь одоо яаж 7,8 ам бүл тэжээх юм бэ?Тийм л үнэлгээтэй байгаа ш дээ.Тийм учраас л одоо ядуу байна ш дээ.Энэ улсууд яриад байх юм.Одоо тэр барилгын ажил дээр барилгын хүйтэнд нь хөрж,халуунд нь халж байгаа ч гэдэг юм уу тэр норм үнэлгээнд нь хяналт тавихгүй.Тийм газар байхгүй.Энэ ил далд уурхай дотор агааргүй,тэр их олон 7,8 хортой хий байдаг юм ш дээ.Хүний амьсгал боочихдог хий байна.Хүн чинь CO2-ыг гаргаад О2-ыг авдаг байхгүй юу.Хүчилтөрөгчөөр амьсгална ш дээ.Тэгээд мод яах уу?ургамал яах уу?
Ариун-Ундрах -
Хүчилтөрөгч гаргана.
Баатар -
О2-ыг гаргаад хүний амьсгалж байгаа хийг өөрөө шингээж авдаг байхгүй юу.Тийм учраас одоо ногоон байгууламж гээд үглээд байдаг чинь тэр ш дээ.Гэх мэтчилэнгийн 7,8 төрлийн хортой хий байна,тэсэрдэг хий байна.Энэ хүнд нөхцөлд ажиллаж байгаа,тэгээд тэр өөр орчинд ажиллаж байгаа энэ хүмүүсийн нормын үнэлгээ гэж юм байхгүй.Тийм учраас манай залуучууд зугатаад байна ш дээ.Амьдралаа бодоод тэр харь оронд одоо үнэлгээ сайтай газар ажиллаж байна ш дээ.Одоо манай энэ төр яах вэ?Залуучуудыг эх орондоо байлгахын тулд нэн ялангуяа тэр ажил хийдэг ажилчин залуучуудыг одоо тэр норм үнэлгээг нь тухайн үйлдэлд нь тохируулж хийж өгөх ёстой байхгүй юу.Тэгэхгүй болохоор тэр чинь хичнээн их ажиллаад үнэлгээ бага болохоор чинь нөгөө хөдөлмөрийг үнэлэх үнэлгээ байхгүй,стандартчилсан үнэлгээ байхгүй болохоор чинь нөгөө компанийн захирлын санаагаар л өө энэ нөхөр,зүгээр бүдүүлгээр энэ нөхөр одоо тэр бага гэсэн,энэ нөхөр тэгсэн гээд энэ нөхөрт тэдэн төгрөг өгчих.Өө чи тэдэн төгрөг авбал ав,авахгүй бол чамайг явууллаа,халлаа гээд ингээд дураараа.Одоо залуу хүн яаж байна.Энд байж хөдөлмөрлөхийн арга алга байна ш дээ.Яагаад вэ?тэр чинь өөрийгөө хувцаслах хэрэгтэй,гэр бүлээ хувцаслах хэрэгтэй,хүүхдүүдээ хувцаслах хэрэгтэй.Гэр орныхноо бүгдийг нь хоолтой байлгах хэрэгтэй,тэжэх хэрэгтэй.Тийм биз дээ.За тэр гоёдох гоодох,сайн сайхан явах ч бүр өнгөрсөн,тэрийг авах чадвар байхгүй.
Ариун-Ундрах -
Таны бодлоор ардчилал гарсанаас хойш яг таны амьдралд ямар ямар өөрчлөлтүүд гарсан гэж боддог вэ?
Баатар -
Ардчилал гарсанаас хойш миний амьдралд бол ганцхан өөрчлөлт гарсан нь юу вэ? гэхлээр энэ социализмын үед барьсан 3 өрөө байрыг л надад хувьчилж өгсөн.Энэ бол нөгөө өмч эзэндээ очно гэдэг чинь ардчиллын үед бол хэрэгтэй юм л даа.Социализмын үед ч гэсэн энийг урд хөрш шиг хийх ёстой байсан байхгүй юу.Аажмаар ингээд ухаандаа том үйлдвэр байлаа гэхэд хувьчлал тэр чинь менежментийн хувьчлал гэдгээр нөгөө ажилчдад нь өгөөд,за энэ үйлдвэр танай үйлдвэр шүү.Энийг та нар ашигтай ажиллуулбал одоо тэгнэ шүү,ашиггүй ажиллуулбал ингээд та нар сөнөнө мэдэв үү? гээд ойлгуулаад аажуугаар.Зүгээр огцмоор аваачаад бужигнуулаад одоо ерөөсөө ингээд дампууруулаад хаячихаар чинь зэрэг чинь тэгээд тэр дотор эрх мэдэлтэй улсууд л нөгөө юуг нь авч байна ш дээ.Бусад нь байхгүй.Манай зүгээр ардчиллыг харж байхад нэг ийм юм байгаа юм 1-рт. 2-рт бол байна шүү ардчилалд бас нэг чөлөөтэй ярьж хэлэх,хэвлэх энэ асуудал бол бас сайн байна.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.