Baatar


Basic information
Interviewee ID: 990186
Name: Baatar
Parent's name: Chogdon
Ovog: Avgas
Sex: m
Year of Birth: 1940
Ethnicity: Myangad

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: mining technician, retired
Belief: Buddhist
Born in: Buyant sum, Hovd aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: worker
Father's profession: worker


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
work
new technologies


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? Баатар гуай.

Баатар -

Сайн.Сайн байна уу?

Ариун-Ундрах -

Сайн байнаа.За хоёулаа энэ удаагийнхаа ярилцлагыг эхэлье ээ.

Баатар -

За тэгье.

Ариун-Ундрах -

За энэ таниас асуух ийм хоёр ерөнхий асуулт байна л даа.

Баатар -

За

Ариун-Ундрах -

Тэгэхлээр 1-рт нь болохоор таны амьдралд тийм ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу?Хэрвээ байгаа бол тэр нь ямар үйл явдал вэ?За ийм асуулт байна.

Баатар -

Миний амьдралд гүнээр нөлөөлсөн үйл явдал бол сургууль төгсөөд ажилд орох асуудал.Ажилд орсны дараах тэгээд ажилд орсон асуудал л байгаа юм даа.Ажилд орсныг гүнээр нөлөөлсөн гэж хэлэхээр л ажилд орохоор зэрэг чинь л ажил дээрээс л олон түмний дунд орохоор л хүн юм сурна ш дээ.Сургууль төгсөнө гэдэг бол бас нэг тухайн үеийн асуудал.Аа сургууль төгсчихөөд ажил амьдралаа аваад явна гэдэг бол бас нэг өөр асуудал.Энэ чинь хамгийн гол асуудал байхгүй юу.Ийм учраас хамгийн гол асуудлыг бол ажлаас л эхэлнэ гэж бодож байгаа юм.

Ариун-Ундрах -

За дараагийх нь болохоор таны амьдралд яг бусдынхаас ер бусын онцгой гэх зүйл байгаа юу?Тэр нь юу вэ?

Баатар -

За миний амьдралд байна ш дээ.Бусдынхаас онцгой тийм онцгойлох юм байхгүй.Аа жирийн нэг социализмын үеийн хүмүүсийн амьдрал нь ямар байсан,тэр хүмүүстэй л адилхан л амьдарч ирсэн ийм л учиртай юм байгаа юм.Өөр онцгойлох тийм ялгавар байхгүй.

Ариун-Ундрах -

Аан тэгээд та дээр нөгөө түрүүчийн ярилцлаган дээр таны амьдралын тухай товч ярилцаад тэгээд ажил хөдөлмөрийг чинь бас ярьсан ш дээ тийм ээ?Аан тэгээд та нөгөө яг ээж аавынхаа тухай ярьж өгөөч.Тэр үеийн гэр бүлийн хүмүүжил гэж яг ямархуу байсан бэ?Тэр үеийн эцэг эх нар ямархуу байсан бэ?

Баатар -

За тэгье.Тэр үеийн одоо тухайлбал 1940-1960 оны хоорондох л юм ярих гээд байна ш дээ тийм ээ?1940-өөс төрсөнөөсөө хойшхи.За тэр үеийн гэр бүлийн амьдрал гэдэг чинь ерөөсөө л МУ-д гэр бүлийн хууль гэж байгаа ш дээ.Тэр хуулийн дагуу л захирагддаг байсан байхгүй юу 1-рт.2-рт гэх юм бол МУ чинь одоо нэн ялангуяа манай тэр баруун талын аймгууд чинь их өөрийн гэсэн ард түмний хуультай ш дээ.Ер нь тэгээд эцэг эх л хүмүүжүүлдэг байсан байхгүй юу.Эцэг эхийн хүмүүжлээс болоод л одоо бүх асуудал шалтгаална ш дээ.Эх эцгийн үгнээс гардаг тийм хууль байдаггүй байсан миний залуу үед.Аа ялангуяа тэр эрэгтэй хүүхдийг бол аав нь захирна,аа эмэгтэй хүүхдийг бол ээж нь голдуу захирдаг ийм л байсан ш дээ.Эмэгтэй хүүхэд чинь ээжийнхээ үгнээс гарахгүй.Ээж нь тэрүүнд ёс суртахууны болон ажил хөдөлмөрийн арга барилыг зааж өгдөг байсан ш дээ.Аа эрэгтэй хүүхдүүддээ болохоор аав нь бол өөрийнхөө хөдөлмөрлөж байгаа тэр үр уламжлалыг зааж хэлж,захиж аа тэрний мөрөөр нөгөө эрэгтэй хүүхдүүд нь хөдөлмөрлөдөг сурдаг тийм байлаа ш дээ.Тэр журмаар л бид нар өсөж ингэж насны эцэс хүрч яваа улсууд шүү дээ.Тэр өөрөө дураараа явсан бол одоо ямархуу янзтай байх байсан юм бол би мэдэхгүй тэрийг.

Ариун-Ундрах -

Төсөөлөхгүй юу?

Баатар -

Төсөөлөхгүй тэгээд одоо ямар янзтай байсан юм.Эцэг эхийн заавраар,эцэг эхийн сургаалаар л явдаг байсан тэр уламжлалын дагуу.Ер нь Монголчууд чинь ерөөсөө хөгшчүүдийн уламжлалаар л хүмүүждэг шүү дээ.Тийм уламжлалтай.Нүүдэлчин аймаг учраас эцэг эх хүмүүжлийн гол үүрэг гүйцэтгэнэ ш дээ тэр чинь.

Ариун-Ундрах -

Хүүхэд насанд чинь яг таны сэтгэлд тийм дурдатгал,дурсамж болоод үлдчихсэн тийм зүйл байгаа юу?

Баатар -

Хүүхэд насанд чинь одоо дурсамж болоод үлдэх тийм нэг юу чинь ер нь хүүхэд нас гэдэг чинь сайхан шүү дээ.Бодож санах юм байхгүй,гэнэн цайлган.Ер нь сайхан амьдрал чинь одоо хүүхэд нас шүү дээ.Тэрийг л би тэгэж л ойлгодог.Өөр дурсамж бол ердөө надад яахав нэг бусад хүүхдийн адилаар л нэгэн адил тийм дурсамжтай ш дээ.Ер нь тэр үеийн хүүхдүүд чинь нэг л тийм шугамаар л хүмүүжсэн хүүхдүүд шүү дээ.

Ариун-Ундрах -

Одоо бүр нөгөө нэг тийм тодорхой юу гэдэг ч юм яг тэгэж тоглож байсан чинь тэгээд ч гэдэг юм уу нэг тийм хөгтэй ч гэмээр юм уу тиймэрхүү явдал санаанд чинь орж байна уу?

Баатар -

Үгүй ээ тэр чинь яахав.Би чинь одоо санахад нэг дурсамж надад байдаг юм.Тэр юу гэхлээр би их хэмжээний олон гутал урсан байх.Тэр яагаад гэхээр намайг багад чинь энэ телевизор юу гэж байх юм биш бөмбөг их өшиглөнө.Бөмбөг өшиглөхдөө байна шүү одоотой адилхан энэ хаймран бөмбөг олдохгүй ш дээ тэр чинь.Тэгээд яах вэ?гэхлээр даавуугаар ороож байгаад аяга шиг ийм бөндгөр,дотор нь хөвөн элдэв хангайн юм чихэж байгаад нэг бөндгөр бөмбөг хийчихнэ.Одоо энэ төмрөөр поло гээд нэг юм тиймэрхүү.Аа тийм юм хийхэд зун болохоор дулаан цагт нь улиралтай газар нь хавар намар зун бол тийм юм өшиглөж тоглоно.Тэр их дурсгалтай.Хамгийн инээдтэй санаанаас гардаггүй юм юу гэхлээр тэр олон гутал элээнэ.Эсгий гуталтайгаа бөмбөг өшиглөхөөр тэр чинь яаж тэсэх вэ?Монгол гуталтай өшиглөхөөр яаж тэсэх вэ?дээ.За сүүлд нь харин бакаль гарч ирээд тэсдэг болсон байхгүй юу.Нэг тийм дурсгалтай.2-рт нь манай тэр Буянт гол чинь их,багагүй 2 ингэж салаалж урсдаг байхгүй юу.Тэгээд өвөл болохоор нийлээд их өргөн мөс болчихдог.Тэрэн дээр чинь бид нар канькегаар их тоглодог байлаа даа.Оросоор нөгөө каньке хөлдөө угалчихаад.Каньке олдохгүй.Одоо энэ маслоны модон пошикны бүслүүр байна ш дээ төмөр.Тэрийг чинь тайраад модонд зоогоод тэгээд яг энэ завод юм шиг ирлээд тэгээд хөлдөө углачихаад гулгана нөгөө мөсөн дээр.Тэр бол санаанаас гардаггүй юм.Тийм дурсамж байдаг юм.Тэгээд тэр чинь биеийн эрүүл мэндэд их сайн байсан байна л даа.Тэр хөл бөмбөг өшиглөж тэгэж гутлаа орж бас аа тэр өдөржин орой үдэшгүй дандаа тэр амралт бүтэн сайн өдөр чинь гэртээ байхгүй ш дээ.Тэр мөсөн дээр л байна.Тэр их яасан.3-рт гэх юм бол бас санаанд орж байна.Зун болохоор зэрэг усанд их орно.Усны хөвөөнд наранд шарж,усанд их байна.Тэр бол биенд их ашигтай байсан байна ш дээ.Одоо ингээд бодоход.Ер нь хүн тэгээд одоо ингээд 70 жилийн цаанаас харахад хүн ер нь хөдөлж л байвал их сайн байсан байна л даа.Залуу насандаа тэр биеийн тамираар,тэр чинь биеийн тамир л юм даа одоогоор бодоход.Тэгээд тэрүүндээ их дуртай сонирхолтой байдаг байсан.

Ариун-Ундрах -

Та тэгээд бас нөгөө Ховд руу ярихад тэдэн цаг болж байж яаж ярьдаг гээд байлаа.Тэрийгээ ярьж өгөөч? утсаар ярихад.

Баатар -

Тийм утсаар ярихад чинь одоо тэр одоотой адилхан энэ гар утас ийм утас хөгжсөн тийм үе байгаагүй ш дээ.Зүгээр одоо энэ төв холбоон дээр юм уу одоо энэ дүүргийнхээ холбоон дээр очиж захиалга өгч ухаандаа Ховдод миний нэг ээж байлаа.Ээж аав хоёртойгоо ярихын тулд эндээс очиж захиалга өгнө.Одоо тэдэн оны тэдэн сарын тэдний өдрийн тэдэн цагт ярина гэж нөгөө хүнээ дуудуулна ш дээ урьдчилаад.Тэгээд нөгөө хүн чинь ирээд хүлээгээд байж байна.Тэгээд одоо Ховдоос наашаа төв холбоо руу ухаандаа тийм хүн танайд ирсэн үү? Наана чинь байна уу? гэж төв холбооноос Ховдын холбоо руу утасдана ш дээ.Ухаандаа 1450 км-ийн цаана утасдана.Тэрийг чинь одоо энэ шууд ярьдаг утас биш юугаар дамжуулдаг утастай л байна ш дээ.Холбоогоор дамжуулаад тэр модоор ингээд татчихсан утас байна дээ.Одоо Ховдыг хүртэл татсан тийм шугамаар,энэ агаарын харилцаа гэж байхгүй байсан юм чинь.Тэгээд заримдаа бол тэрийг чинь бараг 2,3 цаг хүлээж,заримдаа утас нь тасарчихна,ярихгүй.Агаарын долгион агаар муу бол тэр чинь бүр шуугиад яригдахгүй ийм л зовлон байдаг байсан юм.Тэр утсаар ярина гэж бэрх тэр үед чинь.

Ариун-Ундрах -

Та нөгөө 7-р ангиа төгсөөд хөдөөнөөс нөгөө машинаар ирсэн гэсэн ш дээ.Нэг 7 хоног яваад л тэ? Аа тэгэхэд зам нь хэр байсан бэ? Шороон замтай байсан уу?

Баатар -

Тэр байгалийн одоо байгаль ямар л байсан яг тийм л байсан байхгүй юу.Шороон замтай.Уултай бол уултай,модтой бол модтой,устай бол устай.За тэгээд тэрийг чинь л давж ирдэг байсан байхгүй юу.Тэгэхдээ одоо шороон зам л байна ш дээ.Тэр засмал зам гэж байхгүй байсан ш дээ тэр үед чинь.Улаанбаатар хотод л харин баригдаж эхэлж байсан байхгүй юу зам.Тэр битгий хэл Налайх энэ хоёрын хоорондох замыг чинь байна шүү 1963 онд барьж дуусгасан ш дээ.3 жил барьж байгаа юм.60-63 онд барьж 40 жилийн баталгаатай гэсэн 2003 онд 40 жил болчихсон ш дээ энэ чинь.Хятадууд барьсан 25 сантиметрийн зузаан,бетонон зам ш дээ энэ чинь шилмэл зам байсан юм.Аа тэрнээс өмнө байна ш дээ их дэржигнүүртэй.Настай улсууд нөгөө элэг дотор өвдөөд ирдэг.Аа зарим залхуу нөгөө боолт нь сулардаггүй,зэв идчихсэн тийм боолттой,дугуй нь муудчихсан тийм боолт нь мултардаггүй юмыг Налайхын замд явж боолтыг нь сулруулдаг байхгүй юу.Тийм аюултай дэржигнүүртэй шороон зам байсан ш дээ.Тэгээд тэр нүүрс зөөдөг нөгөө гол зам чинь тийм их хонхор гүдгэр,идэгдчихсэн тийм аюултай зам байсан ш дээ.Тэгээд тэрүүгээр чинь бараг цаг 30 минут шахам явж ирдэг байсан ш дээ.2 цаг шахам нөгөө дэржигнүүртэй зам чинь.Одоо бол ингээд 20 минут,30 минут явна ш дээ энэ чинь засмал замтай.

Ариун-Ундрах -

Тэр нөгөө 7-р ангиа төгсөөд тэр наашаа ирэхэд машинд яг анх удаа суусан гэлүү?яасан гэлээ та?

Баатар -

Тийм машинд чинь анх удаа.Тэр чинь хөдөө аймгийн төв дээр тэр машин их цөөхөн байсан байхгүй юу.

Ариун-Ундрах -

Тэр үед машин ер нь их ховор байсан уу? тэ.

Баатар -

Тэр үед чинь нөгөө Орос ах нарын зис-5 гэж нэг машин байсан юм.Тэр л ганц нэг үзэгддэг байсан байхгүй юу.За тэгээд дараа нь Зис-150 гэж машин байсан.Тэр чинь одоо Улаанбаатар хотоос очиход их сонирхоно.Нөгөө нэг ухаандаа одоо нэг кино байдаг ш дээ.Нөгөө... юу билээ нөгөө нэг кино.Нэг лам хүүхэд дээр ирчихээд нэг Орос чихрийн цаас гарч ирээд гэрийнхэндээ зодуулдаг чинь.

Ариун-Ундрах -

Сэрэлт үү?

Баатар -

Сэрэлт.Сэрэлт дээр гардаг ш дээ Зис-150.Тэрийг үзсэн үү?

Ариун-Ундрах -

Үзсэн үзсэн.Чийчаан гээд байдаг.

Баатар -

Тэр чинь л байсан ш дээ.Аа тэр нөгөө ....-ын дарга бүх Орос хэл дууслаа гэдэг тэр фортер чинь ерөөсөө харагддаггүй.Тэр Улаанбаатар хотод л маршал Чойбалсан л унадаг гэсэн нэг тийм тэрэг хааяа ганц нэг л харагддаг байсан байхгүй юу.Намайг Улаанбаатарт ирэхэд чинь ерөөсөө 3 төрлийн автобус байсан ш дээ.Фаз автобус,нэг лааз автобус гэж сүүлд ирсэн тэр Чехийн нэг автобус байдаг байсан юмаа.Тэгээд улаан автобус.Тийм 3 л юм байсан.

Ариун-Ундрах -

Тралойбус байсан уу?

Баатар -

Юун тралойбус байхгүй ээ байхгүй.

Ариун-Ундрах -

Тэгээд хотод хэр их хүн ам байсан бэ?

Баатар -

Улаанбаатарт чинь ерөөсөө тэр үед чинь хүн гэж юм байдаггүй.Хамгийн том барилга нь энэ гадаад явдлын яам байсан ш дээ.Гадаад явдлын яамны энэ Элдэв-Очир гуай чинь тэр засгийн газрын ордонд л байсан байх.

Ариун-Ундрах -

За социализмын үеийн хүмүүсийн яг ажилд хандах хандлага нь ямархуу байсан бэ?

Баатар -

Социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага байна шүү үнэнхүү чин сэтгэлээрээ л ханддаг байсан.Аа тэр лоозон нь юу гэвэл хөдөлмөр,нэр төр,алдар гавъяаг эрье ээ гэж тийм лоозонтой байсан юм.Тэгээд одоо тэр л байж байгаа зүйлүүдээр л шагнадаг байсан байхгүй юу.Гэх мэтчилэн.

Ариун-Ундрах -

Ажилгүй хүн гэж ер нь байгаагүй гэсэн тийм ээ?

Баатар -

Ажилгүй хүн гэж байгаагүй ш дээ.Бүгд ажилтай.Ажил хийдэггүй хүнийг чинь албадан ажиллуулдаг тийм хуультай байсан байхгүй юу.Чи ажил хий нөхөр минь гэж.Аа бүгд ажилтай учраас архи уугаад гадаа гудамжинд уначихсан хүн харагддаггүй байсан.Ердөө байхгүй.Одоо ингээд хог түүгээд энэ нэг шил түүгээд ингээд яваад байгаа,энэ траншейны гэгдэх ийм хүмүүс байхгүй байсан нээрээ.

Ариун-Ундрах -

Аа тэгвэл яг таны бодлоор одооны хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямар болж өөрчлөгдсөн бэ?

Баатар -

Одоогын хүмүүсийн ажилд хандах хандлага чинь одоо хоёр янз байна ш дээ.Хоёр янз.Аа жинхэнэ одоо өөрийнхөө юмыг хийж байгаа хүн бол тэр чинь өөр хандана ш дээ.Аа чи нэг компанийн эзэн байлаа гэхэд чинь чам дээр гаднаас би очиж ажиллахаар зэрэг яахав? Өөрөөр бас хандана ш дээ.Тэр үнэн сэтгэлээр тэгэж хандах хандлага байхгүй.

Ариун-Ундрах -

Дандаа ашиг хонжоо л харна тийм ээ?

Баатар -

Тийм.Тэр чинь социализмын үеийн хууль ш дээ.Энэ компаниас би яаж нэг нэмүү өртөг олох вэ?Хэдэн цаас яагаад салгачих вэ?гэдэг бодлоготойгоор хөдөлмөрлөхөөс өө энэ чинь одоо улсын юм шүү.Энийг би хийх ёстой энэ ажлыг,миний үүрэг гэж тэр ойлгохгүй.Тийм ойлгоц одоо байхгүй байна ш дээ.Социализм бол тэрүүгээрээ ялгарна.Яагаад гэвэл би энэ улсын юм,улс эх орны юм,энэ чинь нийгмийн өмч гэдэг байдлаар хандана ш дээ тэр хүн чинь.Аа ухамсаргүй өөрөөр ханддаг улсууд ч байсан л даа.Тэр үгүйсгэх юм байхгүй тэр чинь.Энэ чинь хүн болгон адилгүй,хүлэг болгон жороогүй ш дээ.Одоо ч тэр адил ш дээ.

Ариун-Ундрах -

За тэгээд социализмын үед хүмүүс яаж ажилд ордог байсан бэ?Ажилд орох процесс нь ямар байсан бэ?

Баатар -

Ажилд орох процесс чинь одоо юу ш дээ.Тэр үед чинь хүн ам бага байлаа.Жишээлбэл Налайхын уурхайд ажил хайж ирэх биш,Налайхын уурхай чинь өөрөө ажил хайж тэр баруун аймгаас

Ариун-Ундрах -

Хүн хайж тиймээ?

Баатар -

Хүн хайж,энд ажиллаад өгөөч ээ гэж авчирч ажиллуулдаг байсан байхгүй юу.Тэгээд авчирчихаад яах вэ? Гэр өгнө,байранд орно гэвэл байр өгнө.Амьдралаа залгуултал бүх одоо тэр сав суулга,данх,аяга таваг,одоо ор дэр бүгдийг нь өгнө ш дээ.Тэгэхлээр чинь хүн ажилладаг юм байгаа биз дээ.Аа 1-рт.2-рт социализмын үеийн энэ боловсон хүчин байна ш дээ.Тухайлбал та нар.Гарахад чинь одоо ажил бэлэн байдаг байсан.Сургууль төгслөө,дээд сургууль гэдэг чинь тэр үед чинь 1 юм уу 2 л байлаа ш дээ улсын.Одоо миний бодоход лав 3 байсан байх аа.Аан хөдөө аж ахуйн дээд сургууль,улсын их сургууль,багшийн дээд сургууль гэсэн 3 сургууль байсан ш дээ.Өшөө ийм олон сургууль байдаггүй л байсан.Тэд нар чинь маш чанартай боловсон хүчнүүд бэлтгэдэг байхгүй юу.

Ариун-Ундрах -

Аа одоо бол ажилд орох процесс нь яаж өөрчлөгдсөн бэ?

Баатар -

Одоо бол ажилд орох процесс нь байна шүү тухайн хүний чадвараас нь шалтгаалж,тухайн хүн бол тухайн компанийн ажлыг хийж чадаж байвал тэр ажилтай.Хийж чадахгүй бол тэгээд одоо чи халагдав аа,явав аа.Ийм учраас хүн ам ч ихэсчихээд байна.Одоо Улаанбаатар бол энэ олон машин ч олон болчихоод байна.Машин техник янз бүрийн маркийн машинууд байна ш дээ.Аа улсын хөгжлийг харьцуулах юм бол хамаагүй хөгжсөн.Хөгжөөгүй гэж хэлэхгүй.Хөгжил,дэвшил бол сайн явагдаж байна.Процесс.Манайх чинь олон улсын жишигт хүрч байна ш дээ.Хэзээ байхдаа ингэж их багтаж ядсан олон янзын маркийн машин энэ Улаанбаатарын одоо гудамжаар явж байсан юм.Тийм юм байхгүй байсан ш дээ.Тийм юм байхгүй.Залуучуудын соёл ч бас тэр сайхан болсон байна ш дээ.Хүмүүсийн биеэ авч явах байдал залуучуудын энэ тэр.Ганцхан нэг дутагдал бол юу гэхлээр энэ ардчиллыг бас дэндүү замбараагүй байдлаар ашиглаж барьдаг.Тэр чинь хүний ухамсартай холбоотой юм л даа.

Ариун-Ундрах -

Та социализмын үед яг нөгөө ажиллаж байх үедээ ажилдаа дуртай,хэр их дуртай байсан бэ?

Баатар -

Үгүй тэр чинь дуртай байлгүй.Тэр ажил чинь одоо бүх юм бэлэн юм чинь.Өглөө очихоор зэрэг нормын хоол байж байна.Хоол унд гээд зовох юм алга.Нормынхоо хоолыг тэр өгвөл өвөртөлж аваад л уурхай руу орчихно.Бас тэр чинь газтай ус байна.Нөгөөхөө манерканд хийж аваад л өвөртлөөд тэгээд уурхай руу орно ш дээ.

Ариун-Ундрах -

Тэгээд өлсөхөөрөө гаргаж идээд үү?

Баатар -

Тийм.Гарч ирэхэд чинь яахав.Гарч ирэхэд газтай ус гоожиж байна,газтай ус залгилчихна.Гуанзанд хямдхан байна хоол.80 төгрөг,50 мөнгөний л хоол байна ш дээ.Одоо нэг таваг ногоотой шөл чинь л одоо 1 төгрөг л байлаа ш дээ.1 төгрөг 80 мөнгө энэ тэр.Төгрөг 20 мөнгө энэ тэр.Мөнгө мэдэх үү чи?Мөнгө мэдэхгүй ш дээ.Төмөр мөнгө мэдэх үү? 1,2,3 мөнгө,5 мөнгө.

Ариун-Ундрах -

Миний үед тийм юм байгаагүй шүү дээ.Тэгээд та яг нөгөө хэдэн онд тэтгэвэрт гарсан билээ?

Баатар -

Би 1990 онд гарсан ш дээ.

Ариун-Ундрах -

Аанхан яг ардчиллын үеэр л гарсан байна тийм ээ?

Баатар -

Тийм.

Ариун-Ундрах -

Та тэгээд социализмын дараагаар ажлаа сольсон уу?Ямархуу өөрчлөлт гарсан бэ?

Баатар -

Социализмын дараагаар би бол ажил сольсон юм байхгүй ш дээ.Яг 90 онд,92 онд чинь тэгээд гарчихсан юм чинь

Ариун-Ундрах -

Тэгээд түрүүн нөгөө баахан хүмүүсийн ажилд хандах хандлага ярьсан ш дээ тийм ээ?Яг таны хувьд ажилд хандах хандлага чинь одоо яаж өөрчлөгдсөн бэ?

Баатар -

Одоо би тэтгэврийн хүн байна ш дээ.Би бол одоо биеийн эрүүл мэнд л гэхээсээ дийлэхгүй одоо насны л юм байна уу гэхээс ажил хийх сонирхол байлгүй яахав дээ.Тэгээд надыг 70 хүрсэн хүнийг тэгээд л 30-н хэдтэй,20-н хэдтэй хүүхдэд ч ажил олдохгүй байна ш дээ.Тэгээд одоо энэ бас хүнээс тэр нас,нуруу туруу их элдэв хангай юмаар нь одоо дурдаж ингэж ажилд авдаг болчихсон байна ш дээ.Тэр үед чинь тийм юм байхгүй ш дээ.

Ариун-Ундрах -

Үгүй ээ зүгээр нөгөө ажилд ороход,ажил хийлээ гэхэд хэр чин сэтгэлээсээ хийдэг ч юм уу? Ажиллахын төлөө байдаг ч юм уу яг тэр талын хандлага чинь өөрчлөгдсөн үү? Үгүй юу? гэж асуусан юм.

Баатар -

Надад уу?

Ариун-Ундрах -

Аанхан.

Баатар -

Яалаа гэж өөрчлөгдөх юм.Би одоо хаана ч хэний ямар компанид ч ороод юм хийсэн яг л тэр компанид л одоо социализмын үед л ямар хийдэг яг л тэрэн шиг ажиллана ш дээ.Тэгэхлээр нөгөө хүн чинь намайг хална гэж байхгүй ш дээ.Одоо залуучууд тэгэж ажиллахгүй байна.Тэр компанидаа очоод ажиллахад тэр компанийн төлөө үнэнчээр шударгаар ажиллах хэрэгтэй ш дээ.Тэр ажлыг яагаад хийж байгаа юм.Тэгвэл тэр хүн чинь бол энэ нөхрийг битгий явуул,энэ овоо ажил хийдэг хүүхэд шүү гээд ингээд бариад байна ш дээ.Тэгээд өөрөө тэрний хажуугаар ер нь ажил гэдэг чинь социализм ч бай,коммунизм ч бай ямарваа нэгэн юм ажил амьдрал чинь тухайн хувь хүнээсээ шалтгаална ш дээ.Хувь хүн л өөрөө өөрийнхөө төлөө бодлоготой ажиллах юм бол тэгээд л одоо болох нь тэр.Аа хувь хүн л өөрийгөө өөрөө авч явж чадахгүй бол тэгээд өнгөрнө гэсэн үг ш дээ.

Ариун-Ундрах -

Аан тэгээд таны гол бахархдаг зүйл юу вэ?

Баатар -

Бахархдаг зүйл байна ш дээ ажил л байхгүй юу.Ингэж ажил хийснээрээ би байна.Хэрвээ би ингээд ажил хийгээгүй бол надад тэтгэвэр өгөхгүй ш дээ.Капитализм ч бай социализм ч бай тийм биз дээ.1-рт ажил, 2-рт ар гэр амьдрал байна ш дээ.Хань,ижил 4 хүүхэд байна.Тэрүүгээрээ бахархана ш дээ.Өшөө юугаар бахархах юм бэ? Надад бол одоо хөрөнгө мөнгө хэрэг байхгүй.Ер нь би бол ингэж боддог байхгүй юу.Их хөрөнгө мөнгөний хэрэг байхгүй.Ойлгож байна уу? Одоо ингээд ерөнхийд нь ингээд хараад байхлаар байна ш дээ мөнгө гэдэг чинь ерөөсөө хүнийг алдаг байхгүй юу.Тэр Марксийн хэлсэн чинь үнэн ш дээ.Мөнгө гэдэг юм эхээс төрөхдөө хар толботой төрсөн гэж.Тэгээд мөнгө гэдэг юмны чадал юу гэхлээр цагаан хүнийг хар болгоно,хар хүнийг цагаан болгоно.Аюултай байгаа биз дээ.Жейксоныг хар л даа чи.Их мөнгөтэй учраас өөрийгөө цагаан болгож байгаа биз дээ.Хар хүн,тэр чинь хар хүнийг цагаан болгож байна ш дээ чадаж байгаа биз дээ.Тийм учраас тухайн хүн бол аа яахав би бол хүүхдүүдийгээ ингэж сургадаг байхгүй юу.За та нар 1-рт толгойндоо юмтай бай. 2-рт идэх хоолтой,орох оронтой бай.Тэгээд цааш нь сайхан хөдөлмөрлө.Юманд битгий шуна мэдэв үү? гэж байна ш дээ.Одоо манай залуучуудын зарим нь их шуналтай байна ш дээ.Энэ бурхан багшийн юу ч гэх юм уу ер нь хүн бол сургууль төгссөнөөрөө ч болдоггүй юм байна.Аа хүн сургууль төгсөөгүйгээрээ ч болдоггүй юм байна.Ганцхан чинь үнэн хүсэл юу вэ?гэхлээр байна шүү.Хүний одоо цаанаас заяагдсан төөрөг тавилан,энэ хүн яаж явах ёстой вэ? тэр төөрөгөөрөө л явдаг юм байна.Жишээлбэл чи намайг бодоод үз.Одоо 70 жилийн дараа ингээд бодоход би яаж байна.Нөгөө энэ уурхайг паа пий муухай үнэртэй,хүнд байна,энэ тоостой байна,метан хий дэлбэрнэ,ийм хүнд газар агаар нь тийм ийм ёстой хамаг муугаар нь хэлээд би чадахгүй ээ гээд яваад өгсөн нөгөө 6 хүн,залуу.Энэ уурхайд үлдсэн тэр Бэрлэг бид хоёр амьд байж байгаа.Тэр хэдэн хүүхдээ дагуулаад амьдралын эрхээр 90 онд Казакстан явчихсан,тэнд байна гэж байналээ.Би яахав 4 хүүхэдтэйгээ энэ Налайхын орчиндоо л ингээд байж байгаа.Аа нөгөөх дээд мэргэжил эзэмшээд зарим нь яасан гэхлээр багш болсон,сургуулийн багш болоод захирал болсон,зарим нь нөгөө надтай хамт шалгалт өгөөд би үлдчихсэн,нөгөө нөхөр яваад цэргийн их бууны мэргэжлийн хүн болсон,хурандаа болсон.Аа зарим нь бол эдийн засагч болсон.Дандаа газрын дээр.Зарим нь бол одоо тэгээд эмч болоод тэгээд нөгөө 6 чинь ингээд явсан.Өөрөөр хэлбэл би дотроо бодсон л доо.За даа энэ Бэрлэг бид хоёр л хамгийн түрүүнд явах байх,үхэх байх.Яагаад гэхлээр энэ чинь уурхайд их хүнд хөдөлмөр хийж байгаа.Аа энэ хүнд нөхцөлд бид нар ер амжихгүй ээ гэж бодож байсан.Одоо 70 жилийн өндөрлөгөөс эргээд ингээд харахад байна шүү.70 жил юу байхав 50 жилийн өндөрлөгөөс ингээд харахад нөгөө нөхдүүд чинь одоо нас барчихсан ш дээ.Бүгд байхгүй.Тэр яасан хөнгөн хөдөлмөр эрхлээд,аятайхан боловсрол эзэмшээд тэрүүгээрээ ингээд... Хүн жаргал даахгүй,зовлон даадаг.Тэгээд зовж байсан 2 нь үлдээд,нөгөө жаргалаа эдлээд одоо тэгээд том дээгүүр явчихсан улсууд тамхи татаад,архи уугаад,жаргаад дээшээ ингээд телевизор үзээд том том...

Ариун-Ундрах -

Биеийн амрыг хараад.

Баатар -

Биеийн амрыг харах юу байхав.Тэр нөгөө хөдөлгөөн байхгүй.Тэгээд яахав ум маани бадни хум.Тэгээд ингээд төөрөг тавилан гэдэг чинь тийм байна ш дээ.Нөгөө нэг уурхайд хохирч байсан этгээд нь одоо чамтай яриад сууж байна ш дээ.Социализмын үеийн юм яриад.Нөгөө нөхдүүд жаргалтай улсууд чинь яахав тэгээд одоо байхгүй бүгд яваад өгсөн.Амьдрал гэдэг чинь ийм байна ш дээ.Тийм учраас би чамд юу ярьж байна вэ?Хүнд юм хүнд хөдөлмөр хийсэн хүн чинь амьдардаг байхгүй юу.Яагаад гэхлээр социализмын үед бас нэг ийм лоозон байдаг юм.Хөдөлмөр бол хүнийг бий болгосон гэж Маркс хэлсэн байгаа юм.Хүн мич байж байгаад одоо ингээд сармагчин байж байгаад хүн яагаад яачихсан юм гэхлээр нөгөө хөдөлмөрлөсөөр байгаад тэгээд ухаан нь задраад.Тэгээд ингээд уурхайн тэр их хүнд хөдөлмөр чинь за байз энэ хүнд хөдөлмөрийг яаж шиг зовохгүй шиг нэг хийчих вэ?Толгой ажиллана ш дээ.За тэр хүрзийг тэгвэл их амар.Тэр юуг ингэвэл амархан юм байна гэж хүмүүс харна ш дээ.Нөгөө өөрөө зовж байгаа учраас ачаар.Нөгөө дээрээ байгаа улсууд чинь зовох юм байхгүй.Аа нэг хэдэн хүүхэд яахав дээ.Тэр багшид нэр үүрэг өгчихнө.Нөгөө захирал чинь яахав тамхи татаад хэдэн багш нартайгаа ажиллачихвал тэгээд боллоо ш дээ.Тэгээд л бодох юм байхгүй.

Ариун-Ундрах -

Эсрэгээр нь таны хамгийн их жигшдэг зүйл чинь юу вэ?

Баатар -

Залхуу.Залхуу л бол ерөөсөө одоо хэрэг байхгүй.Тэр чинь энэ эрдэмтдийн хэлсэнээр залхуу.Хамгийн муухай юм чинь залхуу байхгүй юу.Чи нэг Облама гэдэг зохиол уншсан уу?Облама

Ариун-Ундрах -

Үгүй уншаагүй.

Баатар -

Залхуугын тухай яагаав бас л Лерментов бичсэн байгаа ш дээ.Сүүлд нь залхуурсаар залхуурсаар нөхөр өмдөө өмсч чадахгүй хүнээр өмдөө өмсүүлдэг болсон ш дээ.

Ариун-Ундрах -

Та социализмын үед яг одоо энэ хувийнхаа амьдрал,ажил хоёроо яаж зохицуулдаг байсан бэ?

Баатар -

Энийг чинь ерөөсөө... Манай хөгшин бол ер нь нэг өглөө босоод л тэгээд ачааны машинд суугаад ингээд барааны нэг... уурхайчдыг чинь мах,сүү,бараагаар хангана гээд худалдааны хүн ингээд л явчихна.Аа би өглөө босоод 7 цагт ингээд.Тэгээд ард нь бол хүүхдүүд тэгээд л цэцэрлэгт хоёрыг нь өгчихөөд л,тэгээд одоо орой нь анхаарлын төвд бол тэр хоёр хүүхэд байна ш дээ.За нөгөө нөхөр чинь одоо тэгээд Дархан явчихсан,чихэр авна гээд ирэхгүй.Би бол нөгөө 2 хүүхдийг цэцэрлэгээс авах ёстой,хоол ундаа хийх ёстой.Ингээд л тухайн хүнээсээ шалтгаална ш дээ.Амьдрал өөрөө зохицуулахыг чинь тэр тухайн хүн өөрөө хийхээс биш хэн ч тэрэнд хийж өгөхгүй ш дээ.

Ариун-Ундрах -

Аан тэгээд бас ажлын хажуугаар чөлөөт цаг зав гардаг байсан байх.Тэрийгээ яаж өнгөрүүлдэг байсан бэ?

Баатар -

Ажлын хажуугаар чинь бид нар чинь 7 хоногт нэг л өдөр амардаг байсан юм даа.Заримдаа ч амардаггүй байсан юм даа.Тэгээд ажлын шаардлага тийм байсан.Тэрийг бол бид нарын үед чинь байна ш дээ ингэдэг байлаа.Бид нарын үед чинь зурагт гээд энэ нэг их юм байхгүй байсан ш дээ.Тэгээд яадаг вэ?гэхлээр волейвол тоглоно,сагс тоглоно,шатар тоглоно.Тийм л юм байсан юм.Голцуу л одоо волейвол тоглоно доо.Бүгдээрээ ингээд гадаа сетки зоочихоод,бид нар чинь амбааруудаас амбаарын хооронд сетки татаад өөрсдөө шон зоочихоод тэгээд волейвол их тоглоно.Залуучууд гадаа нөгөө бөмбөгөөрөө их харилцана.Эрэгтэй эмэгтэйгүй бие биентэйгээ эрээслэнэ,тэрийг босгоно.Гэх мэтчилэнгийн биеийн тамираар л их тоглодог байсан.Тэгээд хөл бөмбөг тоглоно.Чөлөөт цагаараа одоо биеийн тамир л их оролддог байсан юм байлгүй дээ.Залуучууд чинь тийм байсан ш дээ.Ер нь миний залуу үед чинь архи уудаггүй байсан ш дээ залуучууд.Шил архи 15 төгрөг байсан ш дээ.Тэгэхэд чинь уудаггүй байсан бид нар.Мэдэхгүй архи тамхи.Би одоо хүртэл тамхи татахгүй.Угаасаа сураагүй дургүй юм сураагүй болохоор.Аав бол 9 настайгаасаа тамхи татаад 78 хүртлээ тамхи татсан.Би аавдаа улаан дүнс авч өгнө.Нэг дүнсийг чинь 7 хоногт татчихдаг байсан ш дээ.Та наадахаа аав минь одоо боль ийм ийм хортой,хая.Аа би 9 настайгаасаа татсан,одоо 70 гарчихаад үхвэл үхэх болсон гээд.Тийм хүнд чинь юу ярих юм бэ?

Ариун-Ундрах -

Бараг 70 жил татчихсан байна ш дээ тэ?

Баатар -

Тийм.Тэгээд бүх амьдралаа авч явах бол хувь хүнээсээ л шалтгаална ш дээ.Нөгөө эзэн хичээвэл заяа хичээнэ гэсэн үг байгаа ш дээ.Ардын цэцэн үг маш оновчтой шүү.

Ариун-Ундрах -

Тэгээд та бас нөгөө ажлын хамт олныхоо тухай ярьж өгөөч.Ямархуу хамт олон байдаг байсан бэ?

Баатар -

Социализмын үед чинь байна ш дээ.Хамт олон гэдэг чинь ёстой нэг нь нийтийнхээ төлөө,нийт нь нэгийнхээ төлөө гэсэн лоозон байдаг байсан юм.Тэр лоозонгоор л ажилладаг байсан байхгүй юу.Аа тэгээд хамт олон бол хүнийг одоо жинхэнэ хүмүүжүүлэгч багш нар чинь хамт олон байхгүй юу.Гэр орноос илүү.Нөгөө хүнийг чинь болохгүй юм хийлээ.Ингээд ажил таслаад,авгайдаа агсам тавиад ирчихвэл яахав хамт олноор нь хэлэлцэнэ ш дээ тэр чинь.За энэ Баатар чинь одоо өчигдөр ажил тасаллаа яасан?Аа энэ нөхрийг тэгье ингэе гээд,одоо тэгье гээд ингээд яриад нөгөө нөхөр чинь гаднаас нь хамт олон хүн ярьж нөлөөлөх нэг өөр тийм ээ?За зүгээр шүүхээр одоо чи тийм,чи ажил таслаад тэглээ ингэлээ гээд ярих нэг өөр ш дээ.Тэгэхлээр тэр хамт олон гэдэг чинь маш их хүчтэй юм чинь тухайн хүнийг тэр ажиллуулж байгаа хамт олон байдаг байхгүй юу.Социализмын үед чинь тэрний хүчээр бас их ажиллуулдаг байсан байхгүй юу энэ хүмүүсийг.

Ариун-Ундрах -

За таныг үнэтэй ярилцлага өгсөнд маш их баярлалаа.

Баатар -

За.

Ариун-Ундрах -

Хоёулаа ингээд дуусгая даа.

Баатар -

За тэгье ээ.

Ариун-Ундрах -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.