Shiimaa


Basic information
Interviewee ID: 990189
Name: Shiimaa
Parent's name: Batdelger
Ovog: Bayajih
Sex: f
Year of Birth: 1930
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist? (Уламжлалт бурхны шашнаа)
Born in: Tögrög sum, Övörhangai aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
foreign relations
funerals
travel
environment


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

urbanization
nature and environment
foreign relations
authority
democracy
techniques and technology
funeral rituals
belief


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Заа сайн байна уу, та ?

Шиймаа -

Сайн сайн байна уу?

Саранцэцэг -

Заа өмнөх ярилцлагаа үргэлжлүүлье, та Өвөрхангай аймгаас нааш хот руу хүүхдүүдээ бараадаад ирсэн байгаа, та хэдэн онд Улаанбаатар хотод ирсэн бэ?

Шиймаа -

Одоо ирээд л 7 жил болж байна гэхээр чинь хэдэн он байх юм б дээ, 2002 он уу.

Саранцэцэг -

Танд хот ямар санагдав, өмнө нь та хот орж ирж байв уу?

Шиймаа -

Өө чухам жилд хэд орж ирнэ. Хот сайхан, манай хүүхдүүд бол хэзээний хотынх би бол хотод их дуртай. Жаахан дутаж байгаа юм юу гэвэл тог л муу, тогны хүч чухам тун муу, цахилгаан тогоо, хөргөгч, телевизор залгах гэж тун байхгүй

Саранцэцэг -

Та хотод гэр хороололд амьдарч байгаа юу?

Шиймаа -

Гэр хороолол юм уудаа, амины орон сууц л гэдэг.

Саранцэцэг -

Та 60,70-аад оны үед хот орж ирж байхад хот ямаршуу байв, одоо хот ямар болоод байна?

Шиймаа -

Хот тэгэхэд ер нь барилга байшин бага байж, одоо бол хаа л зай байна барилга, байшин барьчихсан л байх юм,тэр чинь улам л хөгжиж байгаа нь тэр л дээ. Янзын барилга, байшин барьчихаад танигдах ч юмгүй болж.

Саранцэцэг -

Хотод хүндрэлтэй гэвэл юу байх юм?

Шиймаа -

Хотод хүндрэлтэй гэх юм ер байхгүй, харин хөдөөг бодвол сайхан юм гэдгийм би. Усхямдхан юм гэдэг байсан, одоо ус үнэтэй юм элбэг сайхан л юм, хот бол хөдөө газраас дутах юм алга, хүүхдүүд энд байдаг болохоор сэтгэл санаагаар ч өөр байдаг юм уу, мэдэхгүй. Хот бол ер нь сайхан би бол ер нь айхан л гэж боддог. Гэм нь бол манай хүүхдүүд дандаа автобус дамжиж явдаг, тэр нь л хэцүү, 6 хүүхэд чинь одоо 6 газар л байна, автобус дамжихгүй хүүхэд нэг ч байхгүй, Толгойт, Шархад, Дарьэх гээд л чухам. Дандаа автобус дамжина, тэр нь л хэцүү.

Саранцэцэг -

Өвөлдөө бо хот чинь их утаатай болчихдог ш дээ?

Шиймаа -

Манайхан зах газар болохоор утаа гайгүй, Баянхошуу тэр өөд чинь манайх бол нэлээн зах газар, манайх бол уулын ёроолд агаар сайхан.Энд бол би ер нь сайхан гэж боддог.Хаашаа л хандана унаа.Хөдөө чинь унаа муу шүү дээ. Автобус ч явахгүй, дээр үед чинь явдаг байсан юмаа.Одоо л байчихаад байгаа юм.

Саранцэцэг -

Та ер нь нутаг орон руугаа хэзээ явсан бэ?

Шиймаа -

Одоогоос 2 жилийн өмнө нэг явсан.Уг нь жил бүхэн л явдаг байсан.Хүүхдүүд хүртэл ир гээд л тэгдэг,одоо хүртэл ир гээд л байгаа юм.

Саранцэцэг -

Хөдөө танай хэдэн хүүхэд байна?

Шиймаа -

Зургаан хүүхэд зургуулаа энд.Хамаатны улс,манай ах өвгөн л бий.Хэдэн хүүхэд нь бий.Тийм.Манай ах хэзээний хотын хүн.Хотод тэрэг барьж байгаад тэтгэвэрт гараад хэзээний хотын хүн.Тэгээд хотод ямар л ажил байна, ахад л хэлнэ шүү дээ. Ээ муу өвгөн чинь л явна, тийм.Одоо ингээд л, хөдөөнөөс хот руу ирээд хүн болгоны паспорт л гэнэ, тэрнийг чинь чухам бүгдийг нь явж бүтээнэ.Манай ах өвгөн л явж бүтээж ирнэ.

Саранцэцэг -

Танай ах өвгөн чинь юу хийж байсан хүн билээ?

Шиймаа -

Жолооч,насаараа тэрэг барьсан.Том тэрэг.Тэжээл.Тээврийн баазад байсан,одоо ахмад тээвэрчин гэсэн үнэмлэхтэй,зарим газар хэрэг болдог л бололтой юм.Зарим газар манайх энэнийг чинь тоохгүй ээ л гэдэг гэнэ.Одоо ингээд аймаг руу явахад тал зардлыг нь өгнө.Тэгээд албан газар нь ч бас байхгүй болсон доо.Том албан газрууд чинь ер нь байхгүй болсон ш дээ.Манай хамгийн том хүүхэд тэтгэвэртэй ,над шиг авгай л байх нь тэр.Тэгээд доошоо нэг, тав нь ажил хийж байгаа юм.Хамгийн бага нь одоо 40 хүрэх нь дээ.Хэдэн хүүхэд цугаараа л хотод,үгүй тэр Өвөрхангайд байж байхад чинь хүүхдүүд эцэг эхдээ золгох гэж байгаа нь энэ гээд л, нэг нэг тэрэг унаад л очих юм,үгүй ээ тэгж бензинийг нь бараад яахав,ямар юмаа хийж байхав гээд л хот руу ороод ирсэн.Цугаараа л нэг тэрэгтэй очих жишээтэй,тэгж хүүхдийн мөнгө үрээд яахав жигтэйхэн их мөнгө орно ш дээ,тэгээд л хүрээд ирсэн.

Саранцэцэг -

Өвөрхангайд байхдаа та ахтайгаа хамт байсан уу,тэднийхэн ойр байв уу?

Шиймаа -

Ах бол ерөөсөө хотын хүн хотдоо л байна.Хотдоо байж байгаад л тэтгэвэрт гарчихаад л ,одоо намайг бодвол зун бүхэн хөдөө явах юм байна ш дээ.Энэ жил бас явах юм гэнэ.Наадам өнгөрөөгөөд явна гэж байна,өө насаараа л жолооч хийсэн.Тэгээд одоо нэг хөлгүй өвгөн, зайлуул.Надад зарагдаад л ,манайх олон нохойтой л доо.нохойны хоолонд яваад л ирнэ зайлуул.Хөл нь суучих гээд л яваад байна, зайлуул.Хотын амьдралыг би ер нь сайхан л гэж бодож байна.Хэдэн хүүхэд энд болохоор ч тэр юм уу,сайхан юм элбэг болоод мөнгө л мэдэх юм даа.

Саранцэцэг -

Сүүлд ер нь нутаг руугаа очиход байгаль орчин яаж өөрчлөгдсөн байна?

Шиймаа -

Аа тэгээд л барилга байшин барьчихсан,өөр болох нь болсон,хөгшчүүл нас барчихсан,хүүхдүүд нь том болчихсон,нутаг руу явахад хүний газар шиг л болсон байна лээ,тийм.Яг нутаг руугаа явахад яг тийм болсон байна лээ.

Саранцэцэг -

Танай Өвөрхангай нутаг руу алт их олборлож байгаа?

Шиймаа -

Аа Уянгад алттай.Хүн болгон тийшээ явсан байдгийм.

Саранцэцэг -

Танай нутаг руу гол ус ширгэсэн байна уу?Зарим нутгаар их л ширгэсэн гэж ярих юм.

Шиймаа -

За Онгийн гол гэж,Онгийн гол бол арай тасраагүй,Хайрганы гол бол ер нь тасраад л байх нь тэр.Гол ус бол ер нь тасарчихаад байгаа юм.

Саранцэцэг -

Танайд Улаан Цутгалан гэж байдаг.Тэр одоо яаж байна?

Шиймаа -

Аа тэр Бат Өлзийн нутагт байдаг юм.Телевизээр харахад их л сайхан гоождог юм.Би бол очиж үзээгүй ээ,биетээр нь бол очиж үзээгүй.Холоос үсрээд байдаг л гээд тэгэх юм билээ.Улаан Цутгалан чинь тэр хойшоогоо гол их шүү дээ.Тэр Хар Хорины өөд ч гол бий.Тэр Онгийн гол ч байна,Улаан Цутгалан руу бол ер нь их олон гол урсч байгаа юм.

Саранцэцэг -

Байгаль орчин урьд байдгаараа л байна уу, эсвэл муудаж уу?

Шиймаа -

Өө сайжирсан байна лээ.Барилга байшин барьчихсан,хүмүүсийн харьцаа чухам шал өөр болчихсон байна лээ.Их л сайхан болчихсон байна лээ.

Саранцэцэг -

Агаар хуурайшаад,хөрс муудаад цөлжөөд байх юм гээд л ярих юм, тийм юм харагдах юм уу?

Шиймаа -

Өвөрхангай бол өөдтэй зун болохоо больсон шүү дээ.Бороо ус орохгүй,эртээр хүртэл бороо жигтэй юм орохгүй, мал үхээд л гэж байна лээ.Ер нь сайхан зун болохгүй л оргиод байгаа юм.

Саранцэцэг -

Хөдөөний амьдрал ер нь яаж өөрчлөгдсөн байх юм бэ?

Шиймаа -

Малчдын амьдрал бол дээр үеийнхийг бодох юм бол их сэхчихсэн,одоо айл бүхэн гэрэлтэй, телевизортой болчихсон байна шүү дээ хөдөө чинь, тийм.Мотоциклоор малаа хөөгөөд л,дээр үед айлгачихна,чухам ширүүн туулаа гэдэг байсан бол одоо мотоциклоор хөөгөөд ирэх юм байна ш дээ.Ер нь мал айлгачихлаа наана цаана гэдэг байх,хөдөөний амьдрал их сайхан болсон юм.Төвөрхүү.Эндхээс илүү сайхан гэрэлтэй,манайхан бол гэрэл муутай байхад сайхан гэрэлтэй, телевизор үзчихнэ.Хөдөө бол дутуу юмгүй л болсон байна лээ.

Саранцэцэг -

Танай нутаг тийшээ газар усны нэр өөрчлөгдсөн газар байгаа юу?

Шиймаа -

Газар усны нэр ч байхгүй болуу.Хуучнаараа юм шиг байна лээ.Говь руу бол би их л газар мэддэг байсан,Одоо мартчихсаан мартчихсан.Жаахан толгой байсан ч мэддэг л байсан,тэгээд одоо явахаан байхаар мартчих юм.Яваад байвал нээрээ тэр нь тийм гэхээр л байна лээ.Говь руу бол явахаа байсан,хөгшчүүл нь барагдаад,хүүхдүүд нь том болоод,таних ч юмгүй болсон байна лээ.Аймгийн төв л орно.

Саранцэцэг -

Ер нь социализмын үед жирийн хүмүүс гадаад оронтой харьцах боломж хэр байсан бэ?

Шиймаа -

Байсаан,гадаад руу их явдаг,гадаадад их сурдаг байсийм.Одоо явах суух санааных болсон юм шиг байна,явъя гээд л тэгвэл явчихдаг.Дээр үед чинь барагтай бол явж чаддаггүй,хэрэв явсан хүн чинь чухам янзын юм өмсч ирээд л,юм олж ирээд л сайхан л байдаг байлаа.Одоо явах байх санааны болсон юм шиг байнаа.

Саранцэцэг -

Социализмын үед Монголд орос иргэд их,хятад иргэд цөөн байсан гэдэг юм байна лээ,өөр орны иргэд байсан гэдгийг мэдэх үү?

Шиймаа -

Өөр орны иргэд мэдэхгүй,хятадууд барилга барьж байгаа гээд л чухам олноорообайдаг байсан.Орос бол байдаг байсан.Дээр үед бол орос цэргийн анги,дэлгүүр тэр нь байдаг байсан. Тэгээд л аймагт гараагүй бараа чинь тэр оросод л байна,оросоос чинь чухам юм авах гээд л, тэгэхэд чинь би прокурорт ажилладаг байсан.Орос хэлийг чинь заана.Заалгаад л чухам тэгэхэд залуу ч байж, сонирхоод л чухам сурна.Ойр орчны юмыг очоод авчихдаг болсон байсан,арай томхон юм бол хэлж чадахгүй,хүн дагаж яваад л авдаг байсан.45 ийн гутал авсан хүн чинь ганц гуталтай болсон гээд л тэгнэ шүү дээ.45 ийн гутал гэдэг чинь олддоггүй,гутал олдохгүй, орос дэлгүүрээс л нэг юм авна.За тэрнийг л олоод өмсчихсөн байвал тэгээд л их хүн л байдаг байлаа.Тэгээд оросод гутал ч,байхгүй юм байхгүй байлаа.Жижиг юм байна.Тэрнийг чинь авчраад л,амьтан ч чухам гайхаад л байдаг байлаа.Яасан сайхан юм, сонирхохсон гээд л.Тэгээд тэр болгон хүн хэл нэвтэрч орж чадахгүй,бас нэг муу юм таньдаг ч юм орох юм уу даа,нэг тиймэрхүү байдаг байсан.Хүн болгон зүгээр ч орчихгүй.

Саранцэцэг -

Ер нь гадаад хүмүүстэй монгол хүмүүс яаж харьцдаг байсан бэ?

Шиймаа -

Хятадууд бол нэлээн л байдаг байсан юм.Яаж гарч байсныг мэдэхгүй юм байна,барилга бариад л.Хятад их байдаг байсан.Оросууд ч харин нэлээн байдаг байсан.Тэгээд л нэг юм яриад л яриад л байх юм.Чагнаад л заримыг нь ойлгоод л, заримыг нь ойлгодоггүй байсан.

Саранцэцэг -

Таныг прокурорт байхад орос хэлийг хэн заадаг байсан бэ?

Шиймаа -

Өө орос хэлийг чинь чухам ингээд л коридорт наачихаад л сурцгаа гээд л сүүлд нь шалгалт авдаг.Манай туслах прокурор, тэр шалгадаг л байсан юм.Тэгээд л ойр орчны юм тогтоох гээд л их сонирхоно.Залуу ч байж, одоо бодоход юм ойлгох л байж, одоо бол юу ч ойлгохгүй. Тэгээд л тэндээрээс чинь хараад л тогтоож аваад л очоод л юм авна. Монгол хүнийг орос хэлээр ярьж байгаа хүнд бол сайн оросууд чинь мэдэхгүй заагаад л дохиод байвал мөн шалихгүй, ганц нэг юм дүрслүүлээд байвал сайн, инээгээд л чухам, тэгээд л заримдаа хүн дагуулахад хүнээр хэлүүлж ирээд л авна. Дан дангаараа яваад л сонгино сармис хүртэл аймгийн төвөөс чинь олдохгүй, орос дэлгүүрээс л авдаг байлаа ш дээ.тийм. Тэрнийг чинь хүрэлцээтэй авчирдаг. Перец энэ тэр гээд л чухам оросоос л авна уу гэхээс монголд чинь олддоггүй л байлаа.

Саранцэцэг -

Тэр орос дэлгүүр нь тэгээд олон байдаг юм уу?

Шиймаа -

Аа нэг 2 байсиймаа аймагт. Оросууд нүүж ирээд л шинээр дэлгүүр байгуулаад л, монголчууд чинь овоолцорсон, зарим нь орж чадахгүй, зарим нь ч нэг юм орчихно, бид нар бол нэг үнэмлэх үзүүлээд л, орчихно. Тэгээд л ороод л нэг ойр зуурын юм хэл нэвтрээд л аваад л, сүүлд л прокурор дээр ирэхээр нь сүйд л болно, гэр орноороо орооч ч гэж хэлэхгүй, хэдэн төгрөг өгчихвөл болоод л явчихна тэд нар. Гэр орноор бол оч ч гэж хэлэхгүй, очих ч үгүй л дээ, ер нь

Саранцэцэг -

Танай нөхөрт чинь, ер нь танай гэр бүлд орос найз нөхөд гэж байсан уу?

Шиймаа -

Байхгүй ээ, байгаагүй.

Саранцэцэг -

Улсууд социализмын үед гадаад орнууд руу явдаг байсан гэж ярьдаг, голцуудуу социалист орнууд руу явдаг байсан уу?

Шиймаа -

Аа даа Орос руу их явна, орос руу явсан хүн чинь л чухам юм олж ирдэг, хэл ч сурдаг, тийм байсийм. Тэгээд л орос луу явах бол их дуртай, барагтай бол явахгүй л дээ, нэг аялал жуулчлалаар л хүүхэд хааяа нэг сурвал чухам их юм олж ирнэ. Хэл мэднэ чухам, манайхаас нэг хүүхэд Оросод төгсч ирсэн, Жамбул хот гэлүү, джанбул хот гэдгийм ш дээ.Тэнд техникум төгсөөд, ирж байсийм.

Саранцэцэг -

Танай нөхөр бол гадагшаа явж байгаагүй юу?

Шиймаа -

Өө аялал жуулчлалаар Орос руу явна, байсгээд л очсон газар нь явуулна. Тэгээд л эмэгтэй хүний сам гээд л авчирна, нэг дугуй сам, өнөө зуур шалгалттай хөлийнхөө шилбэнд өдий төдийгөөр нь хийчихэд л гарч ирнэ. Шалгах гэж чухам янзтай шалгаад л, шалгаад гарвал чухам буруудна, жаахан юмтай гарах ёстой. Тэгээд л тэрнийг чинь ирэхэд хүүхнүүдэд тараахад дээд зэргийн бэлэг, одоо бол тоох ч үгүй. Нэг муу дугуй сам л байна гэчихээд. Тэгэхэд чинь тийм шигтгээтэй дугуй сам чинь ёстой ховорхон олддоггүй байсийм. Тэгээд л би улсуудад их өгдөг явахаар нь багш нар чинь чухам мөнгө их өгнө. Тэгээд л таарсан таарсан юм аваад л ирнэ, тэгээд л нэг ирмэдэг түрийвч ч байх шиг, тиймэрхүү юмыг бэлгэнд өгөхөөр амьтан чинь их ойшооно. Нүүрэн дээрээ зурагтай түрийвч, нүдээ ирмэж байгаа юм шиг өөрчлөгдөөд л, тэр чинь чухам олдох гэж байхгүй, тэр гадаад явсан хүн л авчирна. Эмэгтэй сам, пудра энэ тэр чинь ерөөсөө олдохгүй ш дээ. пудра авчирна, хайрцгаар нь нэг пудра авчирсан хүн буруудцороод, ном сонин дээр гардаг л байсийм. Наймаа хийх гэж авсан гэж. Нэг хүн бол жаалхан юмтай гардаг. Тэгээд чухам өнөөхийг чинь нууж авчрах гэж үйлээ үздэг, самнаас өгсүүлээд л. Цагийг чинь эрэгтэй эмэгтэй 2 цаг л гаргана, илүүгий чинь нууж хааж л хаанаа ч хийдгийм, салтаа сармаандаа хавчуулдаг юм уу, тэгж л гарч ирнэ. Тэгэхгүй бол гаргахгүй. Ирсэн хойно тэр нь чухам дээд зэргийн бэлэг байлгүй яахав дээ, зарим хүн бол мөнгө их өгнө. Манай нэг хүүхэд техникум төгссийм, тэгээд л явахад нь хүн мөнгө өгөх гэж чухам янзтай. Би чинь мөнгө барагтай бол тэгж олохгүй, амьтны мөнгөөр л явна. Тэгээд л ирэхээр нь чухам юмыг нь хүргэх гээд л, өнөө хүүхэд чинь ч яахав овоо юмтай л ирнэ, тэгээд л очоод л хэлдэг юм билээ л дээ, явахаар нь мөнгө их өгдөг хүн, очоод хүнд өгнө гэж жаал зуул юм авчирдаг л байсан. Тэгээд өнөө олон жил сурдаг юм болохоороо овоо хэдэн хүний ам хаачихдаг юм, тийм л байдаг байлаа, юм ховор.

Саранцэцэг -

Эндээс монголоос юм авч гарч хойно аваачиж зарах уу?

Шиймаа -

Аа бэлгэнд өгнө,100 г шилтэй нэг машины тос байдаг байсийм, дээр үед. Нэг 50 мөнгөний үнэтэй, тэрнийг аваад л тосыг нь асгачихаад л шилийг нь цэвэрлээд л архи хийхэд, аймгийн архийг чинь тослог сайтай гээд л оросууд чинь жигтэйхэн дуртай. Тийм архийг л их гаргаж өгдөг байсийм. Чихэр, архи энэ тэрийг чинь тослогтой гээд л их сонирхдог, одоо бол тоохоо байгаа биз. Архи, чихэр хоёрыг чинь тослогтой гээд л янзын ойшооно. Оросод халуун сав олддоггүй байсан юм байх даа, халуун сав өгвөл ёстой нэг ойшооно. Манай улаан халуун савыг, халуун сав нь бас ховорхон юм л даа, янзын ховорхон. Бас энд тэндээс нэг юм олоод л өгч явуулна. Тэгээд л халуун сав өгсөн хүнд бол жижиг сажиг юм их өгнө. Эндхийн орос дэлгүүр ч адил халуун сав аваачаад л өгвөл юу авах уу л гээд байна, халуун сав нь олдохгүй ёстой нэг олдохгүй. Ёстой нэг үйлээ үзэж байж л.., ховорхон. Хотод хааяа нэг олдвол олдоно, монголд халуун сав нэг их олдоод байхгүй ээ, халуун сав аваачаад л өгвөл юу авах уу гээд л үзүүлээд л байх нь тэр. Ёстой мөнгө л мэдэхээр авна.

Саранцэцэг -

Социализмын үед эрх мэдэлтэй хүн гэвэл ямар хүн байсан?

Шиймаа -

Эрх мэдэлтэй хүн гээд л дарга нар л байсан байх даа.

Саранцэцэг -

Дарга нар ер нь доод тушаалын улстай харьцахдаа ямархуу байдаг байсан?

Шиймаа -

Зарим нь ч дээрэлхүү байна, зарим нь ч сайн байна, хүн хүний л янз бүр хүнээсээ л шалтгаална. Зарим нь сайн, аргагүй л нэг албан газрын дарга шиг л байна, зарим нь чухам сайндаа дарга болсон юм шиг л байна.

Саранцэцэг -

Ийм эрх мэдэлтэй улсууд өдөр тутмын байж байгаа байдлаараа жирийн улсуудаасаа ялгаатай байсиймуу, өмсөж зүүж байгаа ч юм уу, эдэлж хэрэглэж байгаа юмс нь?

Шиймаа -

Ялгаатай байх ч гэж байхгүй, ер нь тиймэрхүү хүн бол ер нь тэгсхийгээд л гарчихна, хүмсүүддээ сайн дарга нар бол байгаад л байна, жаахан тааруухан шиг нь бол амьтан матдаг ч юм уу, тэгээд л гарчихна

Саранцэцэг -

Ер нь бол хүмсүүд дарга нарт яаж ханддаг вэ? Жаахан, тааруухан дарга нарыг бол хурал дээр шүүмжлэх үү?

Шиймаа -

Өө шүүмжлэнэ. Сүүлийн үед бол огцор л гэж хэлдэг болсон байсан. Дээр үед чинь арай тэгдэггүй байсан, сүүлийн үед чинь тэр огцор, энэ огцор гээд, нэрийг нь хаалган дээр биччихсэн, огцор л гээд байх нь тэр. Тэгээд үнэндээ огцордгийм даа, олны саналаар. Тэгээд л огцордгийм. Сайн дарга нар бол байгаад л байна. Хүнээсээ л шалтгаална. Дарга байсан гээд л наанаа цаана гэхгүй жаахан яравгардуу байх юм бол амьтан чинь үзэхгүй, сайн даргад бол сайн. Тэр мэт хүнээсээ л шалтгаалдаг байсийм.

Саранцэцэг -

90-ээд оны үед монголд нэг ардчилсан хөдөлгөөн гарсан ш дээ? Энэ ардчилсан хөдөлгөөн хүмсүүдийн амьдралд нөлөөлөв үү? Та юу гэж боддог уу?

Шиймаа -

Тийм. Заа, нэг их нөлөөлсөн ч юм байхгүй бол уу гэж боддогийм. Үгүй ээ, энэ хүүхдүүд энэнд орчихвол хэцүүяа гээд л тэгдэг байсийм. Орохгүй гэх ч газаргүй, орвол орж л таарна шүү дээ, гээд л хүн тэгдэг байсийм. Үгүй ээ, ер ийм юманд орж л явдаг, гээд би тэгдэг л байсан.

Саранцэцэг -

Хүмсүүд ардчиллаас юу хүлээж байсан юм бол доо? Хүмсүүдийн яриагаар ардчилалд ямархуу ханддаг байсан юм бол?

Шиймаа -

Заа, жаахан тааруухандуу байсан бол уу гэж боддогийм.

Саранцэцэг -

Юугаараа тааруухан юм шиг санагддаг юм?

Шиймаа -

Өө нэг л сэтгэлд нь таалагддаггүй л байсан юм байлгүй. Жаахан тааруухан л хэлдэг байсийм.

Саранцэцэг -

Ер нь хүйсийн ялгаатай нөлөөлсөн юм ажиглагддаг уу?

Шиймаа -

Тэр нь ч мэдэхгүй ээ.

Саранцэцэг -

Тэр ардчилсан хөдөлгөөний жагсаал, цуглаан юм болж байхад ямар хүйсийн улсууд тэнд давамгай оролцож байсан харагддаг вэ?

Шиймаа -

Тэр жагсаал, цуглааныг чинь би заримдаа ойшоодог л байлаа. Зүгээр юм, нийтэд нөлөөлөх юм гэдэг л байсан. Өөрөө очоод жагсаал цуглаанд оролцох гэж бол байхгүй. Тэгээд л энд ч гэсэн хотод жагсаал цуглаан хийгээд гэхээр нь сайн юм л гэдэг байлаа. Тэтгэвэр мэтгэвэр нэмүүлэх гээд цуглаж байна гээд жагсаж байна гээд тэгэхээр юу гээч нь сайн юм гэдэг л байсан. Оролцоогүй хүн гээд үлдээчих биш гээд зүгээр юм гэдэг л байсан.

Саранцэцэг -

Ардчилал гарахаас өмнөх таны амьдрал ардчилал гарсны дараах таны амьдралд ялгаатай юм байгаа юу?

Шиймаа -

Ялгаа ч юм мэдээгүй ээ. Ер нь хэвдээ л байсан байх гэж бодож байгаа.

Саранцэцэг -

Ардчилсан хөдөлгөөн гарсны дараа төрийн бус байгууллагууд гарсан, та тэдэнтэй харьцаж байсан уу?

Шиймаа -

Үгүй ээ одоо харьцаж, шальсан ч юм байхгүй, сайныг ч мэдээгүй.

Саранцэцэг -

Социализмын үед ямар шинэ технологи нэвтэрч, ...үгүй ээ ямар сайхан юм, үгүй ээ ямар гайхалтай юм гэж айхаж байсан юм санаж байна уу?

Шиймаа -

Тийм юм ч юм мэдэгдээгүй ээ

Саранцэцэг -

Социализмын үед тийм юм байсан уу, одоо жишээ нь радио телевиз анх үзэж байсан юм уу, мал аж ахуй газар тариалангийн машин, техник анх орж ирж байхад, ямар сайхан юм энэ чинь гэж. Урд өмнө байж байгаагүй гэж тэгж байсан юм байдаг уу ?

Шиймаа -

Байнаа, тэр газрын техник янз бүрийн юм чинь сүүлийн үед л гарч ирсэн, бусдаар сайхан л гэдэг байсийм.

Саранцэцэг -

Машин бол ховор байсан биз?

Шиймаа -

Машин ховор байлгүй яахав, шуудангийн тэрэг л явна, шуудангийн машины гүүзүүн /машины тэвш/ дээр хамгийн хойно суучихаад л зутардаг л байлаа.Одоо тэрэгний кабинд суухгүй ш дээ, хөнгөн юманд суух гээд, одоо тийм л болсон байх юм. Дээр үед бол 51 л явдаг шууданд, шуудангийн гүүзүүн дээр хамгийн ард таарна, тэгээд донслох, шороо дарах гэдэг нь өнөө гоё дээлээ өмсчихөөд шүү, тэгээд явдаг л байсан.

Саранцэцэг -

Тэгээд шуудангийн машинаар хот орж ирэхэд ямар үнэ төлж орж ирдэг юм? хэд хоног явж ирдэг юм?

Шиймаа -

Өө зуур нэг хоноод л орно. Нэг 60 төгрөг төлдөг байсан юм бол уу даа, тэгэхдээ 60 төгрөг чинь их л байж л дээ, тийм их байсийм. Тэгээд онгоц бол нэг 100 төрөгний хавьцаа төлдөг байсийм. Тэгээд онгоцоор явах нь сайхан л байсийм.

Саранцэцэг -

Анх та онгоцонд сууж байхад танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

Шиймаа -

Сайхан санагдалгүй яахав, би ч одоо Говь-Алтай руу ч явж л байлаа. Улаанбаатар луу ч явж л байлаа, онгоц бол сайхан. Өвөрхангайгаас Говь-Алтай ороход 150-иар/төгрөг/ явдаг, Өвөрхангай хот хоёрын хооронд 100-аар явдаг байсийм. Манай хүргэнийх тэгэхэд Говь-Алтайд, тэгээд л онгоцоор явдаг, амархан сайхан л байдаг байлаа. ёстой сайхан байдаг байлаа. Дээр үед чинь нэг ногоон онгоц л явбал явдаг, цагаан онгоц гэж явдаггүй байлаа ш дээ. Сүүлийн үед л цагаан онгоц явдаг болсийм.

Саранцэцэг -

Одоо ер нь танд ёстой нэг сайхан гэж санагдаж байгаа юм гэвэл танд юу санагдаж байна?

Шиймаа -

Цагаан онгоцоор явах бол үнэндээ сайхан л байсан. Ногоон онгоц хэцүү л байдаг юм гэнэлээ, би ногоон онгоцонд сууж үзээгүй ээ. Бөөлждөг барьдаг гээд л ногоон онгоцыг голох л юм билээ, би ногоон онгоцонд сууж үзээгүй. Цагаан бол үнэндээ сайхан л байдаг байсан.

Саранцэцэг -

Таны хүүхдүүдээс одоо гадаадад ажиллаж байгаа хүүхдүүд бий юу?

Шиймаа -

Байхгүй ээ, цугаараа хотод ажиллаж байгаа.

Саранцэцэг -

Одоо хөдөөд ч холбоо харилцааны асуудал амар болжээ, та энэ талаар юу гэж боддог уу? Гар утас гээд л.., хүн болгон шахуу л гар утастай болж?

Шиймаа -

Хөгшин чавганц ч адил, цэцэрлэг яслийн хүүхэд ч адил ёстой сайхан болсиймаа, сайхан болсийм. Дээр үед чинь холбоонд оочерлож байгаад л нэг юм ярьдаг байсан, одоо шууд залгаад л ярьчихдаг, тэр нь ч харин сайхан болсон. Дээр үед чинь холбоон дээр л ярих гээд л оочерлоод л байдаг, цаад улс нь ч хариу өгөхгүй юм гээд л чухам. Өнжиж хоноод л холбоон дээр байдаг байсан, тэрийг бодвол одоо сайхан

Саранцэцэг -

Хөдөөнөөс та төв дээр орж ирж байж л утсаар ярина биз дээ?Сумын төв дээр холбооны салбартай тиймээ?

Шиймаа -

Сумын төв дээр холбооны салбартай, тэгэхдээ нэг өөр хүнтэй ярья гэхэд бол хариу өгөхгүй байна, алга байна л гэнэ. Харьцаж чадахгүй л байдаг байсан, одоог бодвол. Сайхан болсийм.

Саранцэцэг -

Танай нутаг руу зам харьцаа сайхан болсон уу?

Шиймаа -

Өө харьцаа сайн. Одоо говийнхон чиь утастай болсон чухам, яриад байх нь тэр ш дээ.

Саранцэцэг -

Та нутаг руугаа явахдаа онгоцоор явчихдаг юм уу, машинаар явдаг уу ?

Шиймаа -

Автобусаар л явчихдаг, автобус явна энэ хооронд автобус хямдхан байсийм, одоо их үнэтэй болсийм билээ. Эхлээд л нэг 6,7 мянга л байсийм. Одоо 10 гаран мянга болчихсон юм билээ. Микро бол бүр үнэтэй. Микрээр ч явж үзлээ, автобусаар ч явлаа, сайхаан, сайхан.

Саранцэцэг -

Та дээр үед хүмүүс нас барахад яаж оршуулдаг байсан талаар санаж байгаа юм байвал ярьж өгөхгүй юу?

Шиймаа -

Аа дээр үед эсгий дэвсээд л ил л тавьдаг байлаа, одоо бол газар ухаад хайрцганд хийдэг, чандар гэж нэг юм байдаг тэр бол газар бохирдуулдаггүй сайн юм, тийм.Үнэтэй гэж жигтэйхэн л юм гэнэ, энэ чинь сүүлийн үед л ингэж газар ухаж хийдэг болсноос биш дээр үед чинь эсгий дэвсээд л тавьдаг байсан. Эсгийг нь чухам орхив уу үгүй юу л морь нуруугаа авдаггүй юм гээд л амьтан аваад л морины тохом хийдэг байлаа ш дээ. тийм

Саранцэцэг -

Тэр дом юм уу, ямар учиртай юм?

Шиймаа -

Үгүй ээ тэгээд урд л морь нуруугаа авдаггүй байсан юм байх даа. Мэдэхгүй юм. Морь нуруугаа авдаггүй сайн байдгийм гээд л дор нь л сэгсэрчихдэг байсийм уу, нохой, шувуу идээд л алга болчихдог юм уу, мэдэхгүй. Эсгийгээр нь тэгээд л тохом хийчихсэн л байдаг байсан.

Саранцэцэг -

Танай тэр ээжийг нас барж байх үед зүгээр ил тавьж оршуулж байсан уу?

Шиймаа -

Өө тэгэлгүй яахав, ил. Тэр үед бүүр тэгж газар ухах гэж байгаагүй, ил л тавьдаг дээр үед чинь дандаа ил тавьдаг байсийм. Одоо чинь намайг ил тавь гэж гуйсан хүнийг л ил тавьдгаас биш ил тавихаар илүү мөнгө олдог улсууд чинь тэгж ил тавиулахаа байсан юм байлээ л дээ. Дээр үед тэгж газар ухах гэж ёстой байгаагүй юм. Энэ чинь сүүлийн үед л гарсийм.

Саранцэцэг -

Танай тэр Өвөрхангай нутагт аймгийн төв дээрээ оршуулгын газар гэж байдгиймуу?

Шиймаа -

Бий, тэгэхдээ хол бий. Хот шиг дотроо нийлээд байхгүй. Төвөөс жаахан зайдуу бий. Зайдуу нэлээн хэдэн газар бий.

Саранцэцэг -

Та ер нь сүсэг бишрэлтэй юу?

Шиймаа -

Өө бий.

Саранцэцэг -

Дээр үед чинь хүнд сүсэг бишрэл гэдэг юмыг чинь хорьчихсон байсан үе?

Шиймаа -

Өө хорьчихсон, тэгэхэд чинь чухам, тиймэрхүү юм мэддэг маань хэлдэг хүн байвал шоронд орохоор байж.Одоо бол сайхан болсийм.

Саранцэцэг -

Айлууд чинь бурхан тахил юм аа нуугаад л?

Шиймаа -

Өө нуугаад л авдрандаа хийдэг, тийм байлаа ш дээ. Манайх ч гэсэн адил далд л байдаг байсан, тэгээд л сүүлдээ сайхан болоод л гаргачихсан юм, хүүхдүүд чухам яах гэж гаргасийм, болоогүй л гэдэг байсийм. Яах гэж .., одоо ийм сайхан болсийм, гаргалгүй яахав гээд л би тэгдэг байсийм. Өө нээрэн тийм юм гээд л хүүхдүүд чинь мэддэггүй тэгдэг л байсийм.

Саранцэцэг -

Яг социализмын үеэр бурхны ном мэддэг хүнийг нууцаар гэртээ авчраад, ном уншуулчихдаг тийм юм байсан уу?

Шиймаа -

Байгаагүй, тэрнийг чинь мэдэх юм бол ёстой шоронд орохоор байсан. Өө их хатуу байсан. Ёстой тийм юм байгаагүй, байхын ч арга байхгүй. Тэр үед хүн сэдэв авах юм бол чухам социализмын үед ажлаас нь гаргаад шоронд орохоор л байсан.

Саранцэцэг -

Айлууд ууланд аваачиж бурхны ном судар, бурхан тахил, шүтээнээ аваачиж нуудаг байсан гэнэлээ, танайх бол өөрснөө л хадгалж байж тиймүү?

Шиймаа -

Аа тэр дээр үед бол ууланд аваачаад, овоон дотор яг тэр гэрт л ямар байсан байна, тэргээр нь аваачаад л тавьчихсан л байсийм. Сүүлийн үед л байсан юмаа нууж байхаас биш, дээр үед бол хэдийн болтол тэр үед нь хийчихнэ. Ёстой бурхан тахил чинь илт байхын аргагүй л байсийм. Тэгэхэд чинь чухам хэдийн овоонд аваачаад хийчихсэн, ямартаа би овоог нь мэднэ, одоо очоод авъя гэвэл манай ах өвгөн, яах гэж одоо олон жил болоод, өрхийн тэргүүлэгч өөрчилчихсөн, бурхан чинь хилэгнэлгүй яадийм, яах гэж болохгүй гэж байсийм. Би ч овоогий нь муу мэдээд байна, очоод авъя гэж мөнгөн гуутай бурхан хүртэл бий гэж байсийм. Тэгэхээр манай ах өвгөн яах гэж, одоо төр өөрчилчихсөн гэсэн үг, тэр бурхан чинь хилэгнэлгүй яадийм, болохгүй гээд хавьтуулаагүй юм. Дэмий юм байх ч гэж боддог байсийм. Тэгээд л ахыг хэлээгүй бол буруу зөв ухаад л явах байх даа.

Саранцэцэг -

Заа,за. Танд сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Та эмчилгээгээ хийлгүүлээд, эдгээд, сайхан болоод гараарай, за эрүүл энхийг хүсье.

Шиймаа -

Заа зүгээр. Заа баярлалаа.Миний хүү ажлын амжилт гаргаж байгаарай.

Саранцэцэг -

Заа баярлалаа.

Шиймаа -

Заа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.