Dariimaa


Basic information
Interviewee ID: 990192
Name: Dariimaa
Parent's name: Avirmed
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1932
Ethnicity: Buriad

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Bayan-Uul sum, Dornod aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: passed away
Father's profession: passed away


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
authority
politics / politicians
travel
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

Батмөнх гуайг бас нөгөө 84 онд Цэдэнбал гуайн халааг авсны дараа бас унагах гэж хуйвалдаан оруулсан гэсэн яриа гарсан юм шиг байгаа юм тиймээ? Тэр талаар та яривал?

Дариймаа -

Тэр хуйвалдаан гэж ярьдаг чинь тэр хэдэн хүний л яриа даа.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Өвгөн бол анх 84 онд чинь тэр юунд амарч байсан. Хар далай дээр амарч байсан.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Зуны амралтаараа 10 хоног 14 хоног явдаг байсан. Яг тэр үед гэнэтхэн Зөвлөлтийн нөгөө нэг Смирнов гээд дарга нь бид амарч байтал очдог юм байна. Бид нар дээр очоод Бал даргын бие муу байнаа. Ер нь тэгээд тантай уулзана барина гээд ирж уулзаад байсан л даа.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Тэгээд уулзаад хөөрхий яахав дээ. Тэгээд л яваад өгсөн. Явчихаад удаагүй 2-3 хоногийн дараа дахиад ирлээ. Тэгсэн бүр ажилдаа бие нь хийж чаддаггүй ээ. Их хэцүү байнаа.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Тийм. Одоо юм санах мартах ер нь тийм болчихсон юм л даа. Хөөрхий. Ярьсан юмаа ... тийм байна. Одоо ярилцана гэж байна. Таныг Кремльд ирж уулзахгүй юу төв хороон дээр гэж хүрч ирээд тэгсэн. Тэгэхээр нь ерөөсөө амрахаа болъё гээд хоёулаа буцаад явчихсан л даа.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

7-8 хоноод л 8-9 ч хонолуу. Тэгээд л буцаад Москвад хүрээд ирсэн. Тэгэхэд Москвад хүрээд ирсэн чинь Москвад чинь Горбачев дарга болчихсон байсан. Горбачев даргатай очиж уулзсан. Уулзахад л тэр байдлаа хэлсэн юм байна лээ. Би тэрийг ганцаараа шийддэг миний асуудал бишээ. Би Монголдоо очиж байж бүх улсуудтайгаа ярьж шийдэж байж тэр ажлыг янзална уу гэхээс би гээд тэгээд Монгол руугаа бид нар хүрээд ирсэн.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Ирээд удаа ч үгүй бүгд хурал хийгээд хэлэлцээд тэгэхэд нь дараагаар нь тэр хурал болохоос түрүүн хэн Намсрай дарга, Моломжамц, Рагчаа гээд энэ 3 дарга таны оронд хэнийг тавих вэ? гэж очсон юм байна л даа.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Бал дарга дээр.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Эмнэлэг дээр. Тэгэхэд нь бичээд өгсөн бичиг нь хүртэл байгаа. Номон дотор байна уу?

Баасанхүү -

Тийм байна лээ.

Дариймаа -

Бичээд өгсөн бичиг нь Батмөнхийг миний оронд тавь гэсэн бичиг хүртэл хийж өгсөн ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Тэрүүгээр нь хүмүүс Рагчаа нар Батмөнх би яагаад ч хийж чадахгүй ээ гэж байхад нь шууд батлаад болгочихоогүй юу.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Оронд нь Содном болоод л сайд нарын зөвлөлийн дарга. Тийм л болсон. Цэдэнбал дарга өөрөө л хэлж яасан юм чинь.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Одоо байгаа улсууд дотор үнэнч шударга бүх юмыг цэгцэлж хийж чадна. Бас 10-аад жил сайд нарын зөвлөлийн дарга хийчихлээ. Энэ хүн бол Монгол орныг аваад явж чаднаа.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Гээд тэгээд хэлээд томилсон гэсэн. Бал дарга тэгж хэлсэн юм байх. Тэгээд тэр улсууд нь ч тэгээд захиа бичүүлээд л ....

Баасанхүү -

Та Филотова гуайг таньдаг байсан уу? Уулзаж байсан уу?

Дариймаа -

Танилгүй яахав. Бид хоёр чинь үргэлж л хүлээн авалтууд уулзалт тэгээд янз бүрийн юман дээр дандаа цуг ...

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Явдаг байсан. Филотова гуай бол үнэнч шударга хүн. Үнэндээ үнэнийг хэлэхэд. Юмыг гүйцэт сайн хийсэн байвал сайн гэж дүгнэнэ. Жаахан л буруу л байвал энэ болохгүй ээ тэг гээд тэгээд өөрөө манай хүн ширүүн ааштай.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Тэгээд улсуудыг загначихдаг. Тэгэхээр муухай ааштай гээд улсууд ярьдаг юм. Филотова гуайтай би хамт ажиллаж л байсан. Тэгэхэд надад нэг их муухай ааш гаргаад байдаггүй л байсан. Чи бол ерөөсөө номын сангаа орхиж энэ ажлын талын авч ажилла гэж надыг тэгдэг байсан ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Чадахгүй ээ би хэзээч энэ ажилд очихгүй. Номын сангаасаа ерөөсөө пенсендээ гартал явна гэж хэлээд би тийшээ зүглэдэггүй байсан юм чинь. Янз бүрийн уулзалт муулзалт янз бүрийн юманд цуг орно ш дээ. Хүлээн авалт мавалт гээд л тийм байсан. Тэгдэг л байсан. Тэгэхдээ бол яахав Монголын ард түмний төлөө зүтгэж явсан хөгшин шүү дээ. Тэгээд дараагаар нь 90 онд инээдэмтэй юм болсон ш дээ.

Баасанхүү -

Өө за...

Дариймаа -

Тэд нар бүгд огцроод өвгөн ч огцроод тэрний дараа манай шүүхийн байгууллага прокурор бид нарыг чинь байцааж гарсан ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Тэгж байцаахдаа хүртэл надыг чинь ёстой уйлуулж байсан юм чинь.

Баасанхүү -

Таныг хүртэл байцааж байсан гэж үү?

Дариймаа -

Байцаалгүй яахав. Уранчимэг билүү тийм хүүхэн байцааж байсан. Тэгээд намайг Монголын их юм идэж уусан гээд загнаад байсан ш дээ. Би яахав хариуг нь хэлсэн л дээ. Ид л гэсэн юмын идсэн болохоос биш илүү дутуу идсэн юм надан байхгүй ээ гэж...

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Гэж би хэлсэн. Тийм. Тэгж байсан. Тэгээд 90 онд чинь бас хэцүү байлаа шүү дээ. Огцорсны дараа өвгөнийг минь прокурор дуудаад л явдаг. Намайг л дуудаад явдаг. Тэгээд би сүүлдээ их гомдсон МАХН-д ...

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Үнэхээр түүний төлөө үхтлээ зүтгэж явахад нь дараагаар нь шүүх болон прокурор дуудаад л байцаагаад л өглөө дуудаж яваад орой хүртэл байцаагаад л....

Баасанхүү -

Дуудаж байгаа гол шалтгаан нь улсын хөрөнгө идсэн гэх үү. Өөр юу гэх үү?

Дариймаа -

Та нар улсын хөрөнгө идсэн. Гэр орондоо их юм авсан. Тэгээд ямар сайндаа Уранчимэг гэдэг хүүхэн намайг чи буриад нөгөөх нь Орос, Орос нь аваад явдаг байж чи...

Баасанхүү -

Их л муухай хэлж байна тиймээ?

Дариймаа -

Орос нь Цэдэнбалаа аваад Орос явдаг байж. Чи бас огцорч буучихаад Батмөнхийг аваад Буриад явах гэж байна.

Баасанхүү -

Хнн.

Дариймаа -

Буриадад та нар байраа бэлдчихсэн. Гэж намайг хэлдэг юм байна. Би тэгэхэд Улаан-Үдэд очиж үзээгүй байхгүй юу. Мэдэхгүй. Би Монголд төрж өсөөд Монголдоо л байсан болохоос биш би Улаан-Үдэд очиж үзээгүй. Батмөнхийг аваад явах гэж байна. Орон байраа бэлдсэн үү гээд л хашгираад л загнаад л ...

Баасанхүү -

Хнн

Дариймаа -

Шууд тулгаад л нэг юм нь дээр гарын үсэг зуруулах гэж зүтгээд л би зурахгүй. Яасан ч зурахгүй. Тэгж явсан бол зурна. Би тэгж яваагүй. Би Монголдоо төрж өссөн Монгол гэж явдаг болохоос биш би өөрийгөө буриад гэж бодож тэр газар луу зүглэж байгаагүй. Очиж ч үзээгүй.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Тэгж хэлчихээд суугаад байсан. Тэгээд байхаар нь би уйлчихгүй юу даа. Улсын хөрөнгө их идсэн гээд. Би өгсөн юмын л идсэн болохоос биш илүү дутуу мөнгө авч явсан юм байхгүй. Өвгөн амралтаараа гадаад дотоод явахдаа намайг авч явдаггүй байсан ш дээ. Улсаас их мөнгө гарна хөгшин минь...

Баасанхүү -

Зарлага гарнаа?

Дариймаа -

Зарлага их гарна. Чи дагаж явахаар дараа нөгөө талын дарга нарыг урихад эхнэрээ дагуулаад ирнэ. Тийм болохоор маш их мөнгө гарна. Тийм болохоор хөгшин минь явж үз гэхдээ өөрийнхөө зардлаар яваарай гэдэг байсан ш дээ. Би хоёр удаа Чехславт очиж хоёр удаа амарсан. Өөрийнхөө зардлаар тэнд хоёр жил очсон. Дараа нь Унгарт ёстой би өөрийнхөө зардлаар явсан. Тэр ч яахав тодорхой.

Баасанхүү -

\Инээв\

Дариймаа -

Түүнээс өөр явсан газар байхгүй. Аа Германд нэг өөрийнхөө зардлаар очиж хүүхэд дээрээ амарсан. Юу ч үзээгүй байхад хүнтэй ярьж чаддаггүй юм байна лээ. Хамгийн сүүлд Болгарт байж байгаад дуудагдаад ороод ирсэн гэж түрүүн хэлсэн ш дээ.

Баасанхүү -

Тийм хэлсэн.

Дариймаа -

Явсан газар тийм л байдаг юм. Румины дарга ирчихээд хэлдэг байсан юм. Таньдаг улс чинь чи яваа ч дээ. Яваад юм үзээд явж яв гэж. Надад тийм сонирхол байгаагүй.

Баасанхүү -

Тийм байхад байцааж байдаг. Сонин юмаа тиймээ?

Дариймаа -

Харин сүүлд Энэтхэг, Солонгос явсан. Тэр үед өвгөн надад шууд хэлсэн. За хөгшин минь хоёулаа цуг явъя. Хойд Солонгос намайг авч явсан юм. Тэр чинь 86 он билүү? 87 он билүү? 86 он байхаа. Тэгж нэг яваад дараа нь 89 онд Энэтхэг урилгаар явах болоод явсан. Тэгэхэд бас хоёулаа очсон. Энэтхэгийн Ражив Ганди гээд байдаг ш дээ. Тэр хүн урьсан. Тэгээд бид хоёр очсон. Энэтхэгт. Би Батмөнхийг дагаж явсан газар Энэтхэг, Солонгос. Албан ёсоор явсан.

Баасанхүү -

Албан ёсоор ...

Дариймаа -

Албан ёсоор тэр хоёрт л явсан. Харин Куба явахдаа надыг авч явна гэсэн юм.

Баасанхүү -

За ...

Дариймаа -

Кубад явахдаа яахав дээ. Тэр өвөл нэг яваад үзчихээд ирэхэд болохгүй гэх юм алга. Хоёулаа явъя гэж байсан чинь манай номын сан шатчихаагүй юу.

Баасанхүү -

Ээ ...

Дариймаа -

Яг явахын өмнө. Тэгсэн шүү. Тийшээ явах нь битгий хэл номтойгоо ноцолдож байгаад явахгүй гээд яваагүй юм. Тэгж л дарга байхад нь дагаж хоёр газар явсан. Бусдын бол өөрийнхөө зардлаар бусад газруудаар нь явж байсан. Улсын зардлаар Энэтхэг Солонгос хоёрт л явсан.

Баасанхүү -

Аа ха. Тэр байцаалт шүүх дээр дуудагдаж байгаа энэ тэр яаж нэг юм дуусав?

Дариймаа -

Аа тэр чинь тэгээд дуусахгүй ээ. Үргэлжилсэн бид нар чинь. 90 онд огцороо биз дээ.

Баасанхүү -

Тийм.

Дариймаа -

92 оны 8 сарын 2-ы өдөр тэр хүртэл байцаагдаж байсан. Байгаад л дуудагдана. Байгаад л дуудагдана. Юу болохыг мэдэх юм алга очоод баахан бичсэн асуусан юмаа дахиж асуугаад л тэгээд би нэг оччихоод хүүхэн дээр байцаагдаад бүр уйлсан байхгүй юу.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Ингэж явах гэж ямар гай вэ? гэж ... Их сургуульд багшаа хийж явж байсан бол юу гэж ингэж байхав. Юм идэж уучихсан бол байцаагдах нь зөв гэж хэлээд уйлж байсан. Идэж уусан юм алга. Ингэж байх гэж тэр Уранцэцэг гэдэг хүүхэн тэгээд би уйлчихсан байж байтал гаднаас нэг 2 залуу ороод ирдэг юм байна.

Баасанхүү -

За ...

Дариймаа -

Тэнд байцаагдаад сууж байсан чинь. Нэрийн мартчихаад байгаа юм. Тэгээд нөгөө хоёр чинь Дариймаа эгчээ Дариймаа эгчээ юу хийж байгаа юм бэ? гээд надыг тэгнэ.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Энэ хүнд л байцаагдаад сууж байна даа гээд тэгсэн. Тэгсэн чинь тэр хоёр чи яаж байгаа юм бэ? Дариймаа эгчийг ингэж байх. Дариймаа эгчийг та нар чи энэ хүнээс их сургуулийн хуулийн анги төгсчихөөд чи энэ хүнээс ном авч байсан биз дээ. Авч л байсан ш дээ гээд л тэнд л бидэнтэйгээ адилхан ном өгөөд л ном тараагаад л явж байсан шүү дээ. Бид нар олон жил төгстлөө энэ хүнээс чинь ном авч байсан ш дээ гээд тэр хоёр залуугийн нэрийн мартчихаж. Хэн билээ бүр санахгүй байгаа юм.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Тэгээд хоёр залуу тэр Уранчимэгийг Уранцэцэг гэдэг хүүхнийг зэмлээд чи ингэж байцаах бол өөр бас юу байцаах гээд байгаа юм. Энэ хүнийг тэгж байцаах хэрэггүй.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Тэр Уранчимэгт ширүүн үг хэлсэн цаад хоёр нь. Энэ юм идэж явдаг ч хүн биш. Бид нарт ном л өгч явсан. Хоёр залуу орж ирчихээд тэгж тэгээд тэр хоёр залуу одоо ерөөсөө больж үз. Хэрэв таныг прокурор дуудаад байвал утсаа ч өгсөн юм. Нэрээ ч өгсөн юм надад. Тэгээд устчихгүй юу. Тэгээд тэр хоёр залуу одоо боллоо Дариймаа эгчээ та яаж гэртээ харих вэ? Унаа мунаатай юу? гэж надыг тэгсэн. Байхгүй надад унаа байхгүй. Гадаа гараад аргалаад харина даа гэртээ гээд гарахгүй юу.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Тэгсэн чинь тэр хоёр залуу унаа дуудаад надыг машинд суулгаад явуулсан ш дээ.

Баасанхүү -

Аа ха. Тэрнээс хойш дуудах нь арай гайгуу болсон уу?

Дариймаа -

Тэрнээс хойш надыг ганц ч дуудаагүй.

Баасанхүү -

Аа яа яа ...

Дариймаа -

Энэнээс хойш дахиж таныг дуудаад байдаг юм бол энэ утас луу бид нар луу мэдэгдээд байгаарай гэсэн ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Ёстой муухай.

Баасанхүү -

Тэгэхээр тэр бол зүгээр л нэг хүний л бараг дуудсан хэрэг бол болчихсон юм байна. Нэг их тийм том юм байгаагүй юм байна.

Дариймаа -

Байгаагүй ш дээ. Байсан бол би байцаагдаад л байхгүй юу.

Баасанхүү -

Тийм.

Дариймаа -

Тэр хүүхэн намайг дуудаад л байсан. Тэр битгий хэл энэ байранд 9 сард ашиглалтанд ороод энд байранд орж ирээд байж байтал тэр шүүх прокуророос 2 залуу, 1 хүүхэн орж ирсэн юм.

Баасанхүү -

За ...

Дариймаа -

Орж ирчихээд шууд ... үзнэ шалгана гээд үз үз гэсэн тэгээд дотор явж харчихаад энэ дээр шкаф дотор юу байна гээд надаас надаас гэнэ өвгөнөөс асууж байна.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Өвгөн хэлсэн. \миний хүү утас аваад ир дээ\ Тэгээд өвгөнийг дарга хийж байхдаа алт мөнгөн юу хийлгэсэн. Хаанаас алт мөнгө авч байсан. Түүнийгээ үзүүл.

Баасанхүү -

За

Дариймаа -

Ийм жижигхэн хайрцган дотор ээмэг бөгж л байсан юм даа.

Баасанхүү -

Ердөө таньд байгаа нь тэр тиймээ?

Дариймаа -

Дандаа нэг юм зүүгээд явах хэцүү ахын авгайн юм аваад зүүгээд явна.

Баасанхүү -

Аа ха. Даргын эхнэр байдаг тиймээ?

Дариймаа -

Хааяа нэг солиод зүүгээд явдаг. Тэгээд түүнийгээ гаргаад өгсөн чинь лацдан гэдэг юм байна. Бүгдийн лацдаад. Хөөе больж үз хүний юм дотор нь байгаа гэсэн юм. Дүүгийн юм байгаа. Ахын юм байгаа. Ахын минь авгайн юм байгаа. Авъя гээд би гараас нь суга татаж аваад нэг хоёр ээмэг бөгж аваад бусдын цаана нь бас нэг л хоёр гурван юм л байгаа юм чинь тэгээд гараад ирсэн чинь өвгөн маань кордерт сандал тавиад зогсож байна. Хөөе чи юу хийж байгаа юм гэсэн чинь дээр нүхэнд байгаа юмыг чинь үзнэ гарга гээд байна. Түүнээс гаргаад татаад өгч байна. Тэгэхээр нь би хашгирсан. Чи дөнгөж цөсний мэс засал хийлгэчихээд хүнд юм өргөж байдаг. Та нар юу үзэх гээд байгаа юм. Бүгдийн аваад гар. Өвгөнийг буу буу гэлээ. Тэгсэн чинь нөгөө улс чинь хайрцагтай юмыг бүгдийн буулгачихсан байна л даа. Тэгээд үзлээ дотор нь юу байх юм. Хуучин өмсөж байсан. Хувцас, гутал, мутал, цаасан хайрцганд хийгээд тавьчихсан. Гэрийн бүх юм нь дээр юм наагаад л энд нэг юм наагаад л тэнд нэг юм наагаад л тамга дараад л үүнийг онгойлгож болохгүй.

Баасанхүү -

За

Дариймаа -

Бүгдийн тэгж лацдаж ломбодсон ш дээ. 90 онд тэгж бүгдийн тэгсэн юм. Тэгээд яахав дээ. Өвгөн яршиг яршиг битгий онгойлго. Би хувцасаа гаргаж өмсөхгүй яадаг юм. Солих хувцас хэрэгтэй байна гээд...

Баасанхүү -

Аа ха. Оо бүр хувцасны шүүгээ хүртэл үү?

Дариймаа -

Тэгэлгүй яадаг юм. Бүгдийн манайд ерөөсөө онгорхой юм байхгүй. Бүгдийн ломбодсон. Тэгээд бид нар бараг 2 жил шахуу юм авч чадахгүй. Хувцасаа ч өмсөж чадахгүй байсан ш дээ.

Баасанхүү -

Арай ч дээ.

Дариймаа -

Ер нь их дарамталсан шүү. Өвгөнийг минь түүний дараагаар 92 оны 8 сард байхаа бүх хэрэг байхгүй болоод нөгөө юмыг бүгдийн онгойлгоод бүх хувцасаа өмсдөг болсон.

Баасанхүү -

\Инээв\

Дариймаа -

Янз бүрийн юм үзэж явнаа хөөрхий. Шүүх прокурор бүх юмыг үзлээ. Тэгээд бүх юмыг маань аваачиж ломбодоод муухай юм байна лээ. Хүн орж ирэхээр гайгуу таваг аяганд ч цай хийх эрх байхгүй. Тогоондоо байгаа аягандаа...

Баасанхүү -

Бусад нь бүгд лацтай.

Дариймаа -

Бүгд лацтай юм чинь тийм тэгж байлаа даа.

Баасанхүү -

Тэр лацдаж барьсан юм улсын болоогүй. Угаасаа та нарын байсан уу?

Дариймаа -

Тэгэлгүй яадаг юм. Тэнд байхдаа улсын хангамжинд байсан юмаа орхиод өөрсдөө нүүж ирсэн юм чинь. Тэгээд хүүхдүүд нааш цааш яваад Орос руу яваад янз бүрийн аяга таваг хоол ундны юм авч өгсөн ш дээ. Аа тэндээс энэ шкаф тэр орыг бид урьдаас ирэхдээ авч ирсэн. Тэгээд мөнгийн тушаасан.

Баасанхүү -

Улсад?

Дариймаа -

Улсад тэгээд авч ирсэн. Наашаа нүүж ирэхэд хоосон байшинд юу ч байхгүй. Толь ч байхгүй. Би л их явсан даа. Өвгөн ерөөсөө яваагүй. Ах дүү нараасаа ганц нэг юм аваад тэгж байгаад болох л байлгүй гээд байдаг. Би яадаг юм мөнгийн төлөөд авах гэж байгаа юм чинь гээд тэгээд би явж байгаад эд нарыг авч тавьсан ш дээ. Хуучин хэрэглэж байсан юмаа. Манай тэр байранд Очирбатынх ороогүй юу.

Баасанхүү -

Оо тэгсэн үү?

Дариймаа -

Аа хөөрхий хөөрхий.

Баасанхүү -

Тэгээд Дамбад байшин барьсан. Ногоо тарьсан чинь хэзээ билээ?

Дариймаа -

Тэгж л байхад. Түүний хойтон жилээс байхаа даа. Тэгсэн манай ах дүүгийн улс, хамаатан садангийн улсууд бүгдээрээ нийлж тэнд газар аваад...

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Мод чулуугийн хаанаас авдаг юм бэ? тэндээс нь худалдаж авч мод буулгаж өгсөн. тэгээд гурван хүүтэйгээ нийлж тэр хашаа машаа өөрөө барьсан ш дээ. Тэгээд цэцэрлэгийн газраас нэг гэр гуйж түр барьж тэгээд тэндээ барьсан. Өвгөн өөрөө байшин бариад байртай болоод хэдэн жил байлаа ш дээ.

Баасанхүү -

Огцорсныхоо дараа засгийн газар, энэ улс төрийн томчуудтай ямархуу харьцаатай байсан бэ? Уулзаж барьж байсан уу?

Дариймаа -

Үгүй. Ямар нэгэн баяр наадам болж байна. Цагаан сар болж байна. Наадам маадам болж байна. Хүний урамд ганц ширхэг ч урилга өгдөггүй байсан. Тэгэхэд надад миний их сургуулиас тийм урилга өгдөг байхгүй юу.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Тэгэхээр өвгөнийгөө ганцаарангийн хаяаад явалтай биш би тэгээд явдаггүй байсан. Тэгээд сүүлд хэдийд билээ дээ? Тэгээд нэлээд сүүлд 90 хэдэн он юм бэ дээ. Өвгөн нас барахын 2 жилийн өмнөөс засгаас урилга мурилга өгдөг болсон ш дээ. Багабанди дарга хэзээ боллоо доо?

Баасанхүү -

96, 97 онд.

Дариймаа -

Үгүй.

Баасанхүү -

Түүнээс арай эрт үү?

Дариймаа -

Түүнээс түрүүнд нь хэн байсан бэ?

Баасанхүү -

Очирбат гуай байсан. Багабанди гуай ерөнхийлөгч болохоосоо өмнө УИХ-ын дарга байсан байх.

Дариймаа -

Багабанди гарч ирээд өвгөнд урилга өгдөг болсон ш дээ. Наадам болбол наадамд очих, Их тэнгэрийн аманд хүлээн авалт болбол хүлээн авалтанд очих урилга өгдөг болсон.

Баасанхүү -

Дарга их баярласан уу?

Дариймаа -

Яахав яваад үзнэ. Хүн урилга өгч байхад явалгүй яахав гэдэг байсан. Тэгээд яахав хоёулаа явна. Унаа байхгүй. \инээв\ хөгийн хүүхдүүд аргалаад тэгээд хоёулаа очиж л байсан. Хоёр жил тэгж явсан байхаа. Наадам үзсэн. Тэгээд хүлээн авалтанд очсон байх. Тэр их хүнд дарамт аваад явчихсан даа. Ямар сайндаа гадуур явахдаа за гадуур явах ч хэцүү байна даа. Хүүхдүүдийг хараад өрөвдөх юм. Хөгшчүүлийг хараад хайрлах юм. Хөөрхий дөө ингэж байх гэж. Талхандаа очерлоод л зогсож байна. Ганц бондгор талханд хичнээн хүн очерлож байнаа. Ингэж байх гэж дээ гэдэг байсан.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Тэгж байгаад нэг өдөр, өдөр болгон сонин авч уншина. Тэгээд сонингоо уншиж байснаа базах гэж байснаа хаячихдаг юм байна.

Баасанхүү -

За

Дариймаа -

Чи яаж байгаа юм бэ? гээд тэгсэн байхгүй юу. Тэгсэн чинь цонхон дээр очоод зогсчихсон. Чи өөрөө уншдаа хөгшин минь наад сонингоо тэгээд би за юу байв гэж гээд тэгсэн чинь. Энэ Очирбат уу гэдэг юм байна. Яачихав гэсэн чинь. Хө ер очиж очиж хар талханд очерлож байгаад 10 настай хүүхэд гишгэгдээд нас барчихсан байна шүү дээ. Баруун дэлгүүрт гэж байна.

Баасанхүү -

Яа яа.

Дариймаа -

Юу гэсэн үг вэ? яахаараа тэгдэг байнаа гээд би хажуунаас нь тэгчихээд хоол ундаа хийх гээд, гэр орноо цэвэрлэх гээд, нааш цааш нь гүйгээд л өвгөн цонхон дээр зогсоод л байх юм. 2 цаг гаруй зогслоо. Юугаа хараад зогсоод байгаа юм бэ? 2 цаг гаруй зогслоо. Наашаа орж ирээд хоолоо идээч гээд тэгсэн чинь дуугүй байгаад байхаар хажууд нь очоод харсан чинь нүүр ам бүх юм нь хөх болчихсон зогсож байна.

Баасанхүү -

Хнн.

Дариймаа -

Хөөе ээ. Даралт нь ихдэж гэж бодоод гараас нь бариад даралтын аппратын аваад ирээч гээд тэгээд гараас нь барих гэсэн чинь пид гээд уначихсан. Ухаа алдаад, тэгээд яах ч арга байхгүй. Янз бүрээр оролдоод яахав дээ номын санд янз бүрийн хэрэгтэй хэрэггүй юм уншиж байдаг байсан болохоор ухаа алдаж унасан хүнд хөлийн уланд нь маш сайн массаж хий гэсэн хүний үг санаанд орчихгүй юу. Тэгэнгүүт оймсын тайлаад хөлийн уланд нь массаж хийгээд үрээд чангаагаад байж байсан чинь ухаа ороод ёх ёх намайг битгий массаж хийгээч гэсэн. Тэгээд ухаан орсон юм. Орон дээр гараад хэвтэе гэсэн чинь. Би эндээ хэвтэе. Гээд наана чинь жаахан хэвтэж байгаад ёо ёо дотор жаахан онгойлоо гээд босоод орон дээр гарч хэвтэе гээд орон дээр гарч хэвтсэн ш дээ. Түүнээс хойш хоёр гурван удаа тэгж ухаан алдсан. Монгол хүн өлсөх ёсгүй. Өөрчлөн байгуулалтанд чөлөөтэй орох байхгүй юу. Гадаадынхантай адилхан янз бүрийн юм нэхээд шаардаад байх биш.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Сайхан чөлөөтэй. Махаа идээд, сүүгээ уугаад, тариа будаагаа сайн тариад гурил будаагаа гаргаад байхад өөрчлөн байгуулалтанд зүгээр чөлөөтэй орчих байсан юм. Энэ юу болж байнаа. Очирбатыг юу хийж байнаа. Тэгсээр байгаад сүүлдээ байхгүй. Тэгээд ухаа алдаж унаад, гэртээ хоёр гурван удаа ухаа алдаж унасан л даа. Эмнэлэгт оч гэхээр очиж өгөхгүй. Очихгүй очихгүй. Зүгээр зүгээр яршиг. Яах юм гээд...

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Түргэн ч дуудуулахгүй. Тийм байсан юм. Тэгж байгаад сүүлдээ гурван хүү гурвуулаа ажил байхгүй. Тэгж байгаад би чамд түрүүн хэлсэн тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Бага хүүгээ Америк явуулах гээд нөгөөдөр нь явна гэж байхад бас бие нь муудаад хоёрдугаар эмнэлэгт очиж үзүүлсэн байхгүй юу. Тэндээ хэвтээд хүү ч явахаа болиод хойшлуулаад, тэгээд хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлээд, хоёрдугаар эмнэлэг овоо сайхан. Түрүүнд нь хэвтүүлэх гээд би очсон чинь ёстой сонин булангийн өрөөнд ганц цонхтой. Тийм юманд хэвтүүлсэн юм.

Баасанхүү -

За

Дариймаа -

Дараа нь хэвтүүлсэн чинь бүр овоо гурван давхарт дарга нарыг хэвтүүлдэг...

Баасанхүү -

За

Дариймаа -

Хэвтүүлдэг. Тэр өрөөнд аваачиж хэвтүүлсэн юм. Тэнд хэвтээд байхгүй ш дээ. Угаасаа байхгүй.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Тэр үеэр Очирбат, Багабанди хоёр халз ярилцлага хийсэн юм. Түүнийг үзнэ гэсээр байгаад дээд давхарт гарч үзсэн юм байна лээ. Тэгээд үзээд орж ирээд л Энэ Очирбат уу? энэ Очирбат уу? гэж хэлээд байсан гэдэг юм. Тэгж хэлчихээд за унтая гээд орондоо ороод тэгээд л байхгүй. Гэнэтхэн бие нь муудаад сарвагнаад хөхрөөд тэгдэг юм. Яг тэгэхэд нь хүү нь сахиж байсан. Дунд хүү сахиж байсан. Түрүүн гурав хоног нь нас бардаг хүү сахиж байсан. Тэгээд очоод эмч, сувилагчид хэлсэн юм байна лээ. Тэгсэн чинь шприцтэй юм авч ирээд хийсэн. Ганц татаад л байхгүй. Тэгээд хүү маань уйлдаг байсан юм. Бага хүү маань чи ямар тариа хийж байна. Сувилагчийн дагаж очиж үзээд хагалж өгөөд хажууд нь дагаад шалгаж явахгүй яасан юм гээд ах руугаа орилоод уйлаад байдаг байсан. Одоо тэр нас бардаг хүү маань.

Баасанхүү -

Аа

Дариймаа -

Бурхан болдог хүү маань тэр маань ч тийм аргаар л явчихлаа шүү дээ. Ямар тариа хийснийг нь мэдэхгүй байхдаа яадаг юм гээд ахыгаа загнаад байсан. Очиж чи юу хийж байна гэдгийн харахгүй яасан юм. Үзэхгүй яасан юм. Би сахиж байхдаа тувт тэгж байсан ш дээ. Аавд тариа хийлгэхэд тэгдэг байсан гэж байсан.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Янз бүрийн юм бодогддог юм. Гэхдээ би хэлж байгаагүй. Одоо л хэлж байна.

Баасанхүү -

90 оны дараа та хоёр тэтгэврийн мөнгөнөөс өөр орлогогүй амьдарч байсан тиймээ?

Дариймаа -

Юу байхав дээ. Өвгөнд 500 цаас надад 300 цаас ...

Баасанхүү -

\Инээв\

Дариймаа -

Юу болохов дээ. 2 жилийн өмнөөс л Арвин гишүүн хөөцөлдөж байж 250 цаас өглөө шүү дээ. Түүний түрүүн 58 онд, 58 гэнээ?

Баасанхүү -

98 онд уу?

Дариймаа -

98 онд залуучууд 50 цаас өгсөн юм. 300 төгрөг чинь байрныхаа ч мөнгийг төлж чадахгүй. Тэгээд хэдэн муу хүүхдүүд л аргалаад, янз бүрийн юм хийж байж л жаахан мантуу сантуу хийнэ. Гурил мурил олдохгүй. Тэгээд бид нар чинь хойшоо урагшаа явж байж. Гурвуулаа ээлжлэн явж байж гурил будаа олж ирдэг байсан юм. Мах шөл олдохгүй. Мах шөлийг яахав миний нэг дүү байсан юм. Нутаг руу Дорнод руу яваад мал аваад алаад нэг үхрийн мах авч ирээд плокон дээр тавьж өгдөг байсан юм. Тэгээд нэг юм амьдарч байсан юм.

Баасанхүү -

Арай ч нэг их дэлгүүрийн очерт зогсоогүй юм байна.

Дариймаа -

Зогсоно.

Баасанхүү -

Та нар өөрсдөө зогсох уу?

Дариймаа -

Өөрсдөө зогсоно. Өөрөө зогсоно. Өөрөө чадахгүй болохоор өвгөнийгөө зогсоно. Өөрсдөө очиж талх малх авдаг байсан юм. Одоо ч хэлдэг ш дээ. Очерт зогсоод байж байдаг байсан гэж.

Баасанхүү -

Яа яа.

Дариймаа -

Очихоор хэцүү юм. Танихгүй хүмүүс та яаж очерт зогсох юм түрүүлээд аваад яв гэх юм. Яаж би хөгшин залуу хүмүүсийн урьдуур орж авах юм. Нэг нь нэг ухраад урьдаа оруулаад нэг нь ухраад урьдаа оруулаад явсаар байгаад Батмөнх даргад өг өг гээд. Даргын юмыг өг гээд тэгээд надад өглөө гээд баяртай нь аргагүй орж ирдэг байсан. Нэг муу талхаа барьчихсан.

Баасанхүү -

Ээ хөөрхий.

Дариймаа -

Орж ирдэг байлаа шүү дээ. Хөөрхий. Одоо ингээд халамж аваад байж байсан бол ямар сайхан байхав тиймээ? Одоо ч байж байх байсан. Өвчин зовлон ирдэггүй. Ямар нэг юм хэлдэггүй хүн байсан ш дээ. Би л бие муу бие муу гээд байж байгаад эмнэлэгт хэвтээд гардаг. Тэгдэг байсан юм. Тэгээд ингээд зүтгээд явж байгаа юм чинь надыг цаанаас ёстой жинхэнэ бурхан гэж байдаг бол бурхан намайг үлдээсэн байх. Цааш нь үргэлжлүүл гэж үлдээсэн байх гээд өөрөө өөртөө даалгавар өгөөд цааш нь зүтгэж байгаа. Зүтгэж яваа шүү дээ.

Баасанхүү -

Та ямар ч байсан хөшөөг нь...

Дариймаа -

Хөшөөгийн босголоо.

Баасанхүү -

За

Дариймаа -

Хөшөөгийн Болд гээд соёл урлагийн дарга байсан. Болд гээд барималчин залуу байна шүү дээ.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Зураг мургийн бүгдийн гаргаж өгсөн надад.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Намайг Америкт байхад манай бага хүү Америкт сайн ч муу ч бай бүх ерөнхийлөгч нарынхаа хөшөөгийн босгодог юм байна. Яадаг юм Монголд аавынхаа хөшөөг босгуулна. Надад ийм маягаар хийлгэ. Сууж байгаагаар аавын сууж байгаа хөшөө хэрхэвч болохгүй. Замдаа явж байгаагаар хийгээрээ. Явж байгаагаар алхаж яваагаар зургийн зуруул гээд...

Баасанхүү -

За

Дариймаа -

Надад янз бүрийн зургууд өгөөд хүү маань аваад түүнийгийн аваачиж Болдод өгөөд Болд их сайхан зурж өгсөн. Одоо хөшөө нь босчихоод байгаа.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Аав хэзээч сууж байдаггүй. Дандаа урагшаа зүтгэж байдаг тийм учраас явж байгаагаар хий гээд тэгээд хөөрхий Болд хормойн хийсээд явж байгаагаар хийсэн. Болд гээд залуу хөөрхий.

Баасанхүү -

Хөшөө, гудамж нэрэмжит болгосон билүү? Аль гудамж билээ?

Дариймаа -

Их сургуулийн арын гудамж...

Баасанхүү -

Аа аа

Дариймаа -

Арын гудамжийн нэрэмжит болгосон. Содномын гудамж байгаа ш дээ. Содном захиралын зүүн тийшээгээ гарсан гудамжийг Батмөнхийн гудамж болгосон. Би очиж чадахгүй байна. Энэ хавар очиж хэдэн хүүхдүүддээ хэлье. Мод содын тохижуулж, субботник мубботник хийж нэг сайхан янзлах юмсан гэж. Мод суулгац суулгаж болно ш дээ.

Баасанхүү -

Тийм.

Дариймаа -

Цэцэг мэцэг аваад тариад зарим газар их суулгаж байна. Өнөө өглөө би цонхоор хараад жаахан зогслоо. Гадаа газар ухаж байна. Тийм мод суулгах гээд. Тийм юм хийлгэх юмсан гээд дотроо бодоод явдаг юм. Гүйж л явах байсан. Гудамжийн тохижуулчихбал аятай юу даа.

Баасанхүү -

Тийм.

Дариймаа -

Хөөрхий, хөөрхий.

Баасанхүү -

Даргын нөгөө гадны дотны хүмүүсийн өгсөн бэлэг дурсгалын зүйлийг задлаад улсад буцаагаад өгсөн юм байна ш дээ.

Дариймаа -

Тэгсэн.

Баасанхүү -

Бид нар түүнээс юу ч авч үлдэхгүй шүү дээ. Түүнийг та нар өөрсдөө өгье гэсэн үү?

Дариймаа -

Үгүй. Өвгөн өөрөө энэ бэлэг дурсгалын зүйлийг битгий хамаагүй нааш цааш нь тарааж бай. Энүүгээр тэрүүгээр хэрэггүй. Энэ чинь улсын хөрөнгө шүү дээ. Улсын мөнгөөр бид нарт өгч байгаа бэлэг. Тэгж хэлээд мань хүн чинь улсад нь тушаа гээд. Тэгээд надаар хаанаас хэдэн сарын хэдний өдөр юу өгснийг нь тодорхой бичүүлээд би түүнийг нь данс хөтлөөд...

Баасанхүү -

\Инээв\ та архив хийдэг байсан уу?

Дариймаа -

Тийм тэгээд хадгалаад нэг том өрөөнд склад маягаар...

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Тэгээд тэнд хураагаад байсан юм. Тэгж байгаад 90 онд үүнийг одоо яах юм бэ гэсэн чинь. Яах юу байхав. Улсад нь аваачаад өгчих. Тэгсэн...

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Падаан бичээд би өөрөө тэнд зогсож байгаад аж ахуйн комисоор гэж түүнийг хариуцдаг хүн байсан юм.

Баасанхүү -

За

Дариймаа -

Тэр нь Аюуш гээд түүнд гарын үсэг нь хүртэл байгаа ш дээ. Аюуш гээд залуу байсан. Хэн гэдэг хүн улсад тушаасан юм бэ дээ. Одоо музей байгуулъя сургуулийн нэрэмжит болголоо гээд...

Баасанхүү -

Дашхүү, Оюунгэрэл гээд хүмүүс хүлээж авсан юм байна.

Дариймаа -

Тийм Аюуш гэдэг залуу хүлээж авсан.

Баасанхүү -

Оо удаагүй юм байна ш дээ. 90 оны 3 сарын 28 гэдэг чинь 10-наас хойш арван хэд хоноод бас хурдан байна тиймээ? Огцрох тушаалаа 3 сарын 10 нд гаргасан тиймээ?

Дариймаа -

Тэгсэн.

Баасанхүү -

Тэгэхээр энэ чинь 28-ны өдөр гэхээр зэрэг 10 хэд 20-иод хоногийн зайтай.

Дариймаа -

Тийм өвгөн маань дор нь тушаасан юм чинь. Тэгэхгүй бол хийх газар байхгүй юм чинь. Өөрсдөө орох оронгүй болчихоод сууж байгаа улс чинь. Түүнийг гудамжинд гаргаад хаялтаа биш. Тэгээд аваачаад үүнийг дор нь тушаалгасан шүү дээ. Одоо музей байгуулъя гэсэн чинь буцааж өгөхгүй. Засгийн газар. Би музей байгуулна гээд бичсэн падаанаа хүртэл бариад очсон чинь мэдэхгүй ээ. Тийм юм энд байхгүй гээд өгөхгүй байгаа. Ард түмэн мэдэг л дээ. Бэлэг дурсгал гэж өдий төдий зүйл байгаа ш дээ. Наана чинь 300 гаруй шахуу юм байна уу?

Баасанхүү -

230..

Дариймаа -

Ар талд нь Их сургуулийнхаа музейд ч өгсөн байхаа. НАХЯ-ны юунд ч өгсөн байгаа. Тийм бүгдийн тушаачихсан юм. Би их сургуулийнхаа музейд өгсөн падаан нь байгаа байх.

Баасанхүү -

Тийм байна. Энэ болохоор хөшөө босгох тогтоол байна.

Дариймаа -

Тийм. Тэгээд хөгшнийхөө хөшөө босгох гэж гүрийж байгаад босголоо доо. Хамгийн сүүлд киноны мөнгийг яана даа гээд бодоод байна. Одоо Баяр дарга дээр оръё гэж бодоод байна шүү дээ. Ороод хөөцөлдөөд өгдөг хүн байгаасай гэж заримдаа бодох юм. Өөрөө л явахаас өөр арга байхгүй. Яахав дээ унаа такси бариад очоод бууна л даа. Буугаад шатаар явж чадахгүй.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Өрөөнд нь орох гэж бас явна. Их явахаар чинь зүрх чинь ингэж савлаад л чамтай эхлээд уулзахад их амьсгаадаж байсан биз?

Баасанхүү -

90 оноос хойш та хоёр тэтгэвэрт гарчихсан. Гэртээ л байдаг байсан уу? хүүхдүүдээ хараад л...

Дариймаа -

Гэртээ байхаас өөр хаачих бэ дээ. Очих газар байхгүй. 90 онд хоёулаа зун гэрт халуун тэгээд аваачаад бид хоёрын дүү хараагүй.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Угийн холын садан Мандалцэрэн гээд аавын дүүгийн хүүхэд, өвгөнтэй ойролцоо насны тэднийх лагерт гарчихсан байсан юм. Тэднийд очиж нэг зун зусаад тэднийд...

Баасанхүү -

За

Дариймаа -

Тэднийх эсгий гэртээ. Нэг муу амбаартай. Амбаарт бид хоёрыг оруулсан. Эсгий гэрт орсноос энэ нь дээр юмуу даа. Цонхоо дэлгээд сууж байхад гээд. Тэнд нь нэг зун зусаад...

Баасанхүү -

За

Дариймаа -

Хойтон жил нь өвгөн хоёулаа ерөөсөө нэг ийм юм барьж авъя гэдэг байхгүй юу. Тэгээд яахав тэгж хэлэхээр нь зэрэг би ах дүүдээ хэлэхгүй юу. Нэг ийм юм газар олоод барих юмсан гэсэн чинь. Миний дүү залуу гүйгээд газар авчихсан. Газар аваад түүн дээр ах дүү нар хэд гурван цаас өгөөд л тэгээд ах дүү нарын буянгаар модтой содтой болоод бүгдээрээ нийлээд хашаа босгоод тэндээ бид нар 95 онд 96, 94 оноос л тэнд байсан байхаа. 93 оноос ч юмуу.

Баасанхүү -

Аа за.

Дариймаа -

Бид нар лагер гарч чадахгүй байсан ш дээ. Нэг жил нь тийшээ яваад, нэг жил нь байшиндаа хоёулахнаа айлууд чинь лагер гараад явчихдаг. Энд чинь...

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Хэн ч байхгүй. Гараад явъя гэхээр очих газар байхгүй. Олон юм ярих ч үгүй. Төвөг төвөг гээд. Тэгээд бид хоёр хашаатай болчихоод хашаан дотроо хачин гоё байсан ш дээ. Бид хоёр...

Баасанхүү -

Ногоогоо тариад л...

Дариймаа -

Ногоогоо тариад л цэцгээ тариад, янз бүрийн мод суулгаад л сайхан байсан. Одоо байж байсан бол тэнд Хаус барьчихсан байх байсан байлгүй. Тэр бага хүү маань хэлж байсан юм. Ээж аав хоёроо шавар байшингаас гаргаж би Улаан-Үдээс хоёр давхар 400 байшин захиалж авч ирж энэ тал дээр барина гээд газрын бэлдчихсэн байсан. Тэгээд аав нь байхгүй юм чинь. Хэн харах юм. Харах хүн байхгүй юм чинь. Аа хөөрхий.

Баасанхүү -

Томчуудаас, засгийн газар ч юмуу. Дээрээс ирж уулзахгүй. Тэтгэмж тэтгэлэг байхгүй байсан ч гэсэн ард түмэн даргыг аягүй сайн мэддэг....

Дариймаа -

Маш сайн. Тэр битгий хэл ....

Баасанхүү -

Зүгээр үү?

Дариймаа -

Энд хатгаад байна. Ард түмэн үнэхээр сайн байсан. 90 онд ардчилал гараад манайд хэн ч орж ирдэггүй байсан ш дээ.

Баасанхүү -

Пөөх.

Дариймаа -

Хүн орж ирэхгүй. Найз нөхөд ч ирэхгүй. Бүгдээрээ жаахан хөл бариад байсан байх. Учир мэдэхгүй.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Тэгээд байж байсан чинь жүжигчин Сосорбарам байна шүү дээ.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Энэ чинь анх түрүүн манайд орж ирсэн ш дээ. Хаалга тогшоод очоод нээсэн чинь Сосорбарам орж болох уу гээд....

Баасанхүү -

\Инээв\

Дариймаа -

Бололгүй яадаг юм гээд. Тэгсэн чинь ороод хоёр залуутай орж ирсэн юм. Ороод ирсэн чинь өвгөн ч баярлаад хоол моол хийгээд архи ч гаргаад ирсэн. Тэд нартай чинь жаахан уугаад, нөгөөдүүл дуулаад, нэг орой сайхан тэгж байгаад явсан. Тэр Сосорбарам чинь анх энэ хаалга нээсэн байхгүй юу. Түүнээс хойш урлагийнхан баяр ёслол болохоор маш их ирдэг байсан.

Баасанхүү -

Өө за.

Дариймаа -

Тэгээд түүнээс хойш газар газраас улсууд ирээд уулзаад байдаг болсон. Тэр битгий хэл Дундговь билүү? Дорноговь билүү? Хаанаас нь билээ? Нэг өвгөн хонь алчихсан. Цоо шинэ бүтэн мах барьчихсан орж ирж байсан.

Баасанхүү -

Еэ хөөрхий.

Дариймаа -

Би түүнийхээ нэрийн мартчихаж хөөрхий хөөрхий. Өвгөнөөс минь настай хүн байсан ш дээ. Батмөнх даргадаа хонины шөл уулгах гээд авч ирж байгаа юм гээд хонины мах бариад орж ирж байсан. Хөөрхий. Амьд явахад олон юм үздэг юм байна гэж бодоод за муу юм хийгээгүй дээ гэж бодож суух юм байна шүү дээ. Монголын ард түмний хүүхдүүдийг чадалтай болгоно гэж үргэлж зүтгэсэн. Бид нарыг хөдөө явахад хачин сайхан юм байна лээ.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Аймаг аймагт яваад очиход чинь Батмөнх багш ирлээ гээд аймгийн дарга нар чинь сүйд болоод л тэгээд байдаг байсан юм. Өвгөнийг дарга байхад хэд хэдэн газар дагаж явсан л даа.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Монголдоо...

Баасанхүү -

За

Дариймаа -

Би Монголоо сайн мэдэхгүй бол хүнтэй ярьж чадахгүй ш дээ.

Баасанхүү -

Тийм.

Дариймаа -

Гадны улс чинь Монголыг сонирхоно.

Баасанхүү -

Тийм.

Дариймаа -

Би Монголоо сайн мэдэж байж хүнд ярина уу гэхээс биш сайн мэдэхгүй байж хүнд худлаа яриад яах юм тиймээ?

Баасанхүү -

Тийм. Тэндээ тийм сайхан юутай....

Дариймаа -

Тийм. Тэнд тийм үйлдвэр байдаг юм. Яриад суух юмтай байхын тулд би өвгөнийгөө дагаж 18 аймаг бүгдийн үзсэн шүү.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Мэдэж байж ярихгүй бол хүний үгээр яриад байх эвгүй юм байна лээ. Тийм. Тэгж л явлаа даа хөөрхий.

Баасанхүү -

Та тулгамдаж байсан уу? Яг ингээд том даргын эхнэр?

Дариймаа -

Тэгэлгүй яахав.

Баасанхүү -

Үүрэг хариуцлага ирнэ.

Дариймаа -

Үүрэг хариуцлага өндөр болчихож байгаа юм. Тэгээд бас өөрийгөө яахав гэдэг асуудал гарч байгаа юм.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Монгол ёс заншил ямар байна. Тийм хэцүү хөөрхий би тэр прокурорт их гомддог юм. Буриад Батмөнхийг аваад буриад гарах гэж байна. Би тэр буриадын очиж үзээчгүй байхад тэгсэн ш дээ.

Баасанхүү -

Хнн.

Дариймаа -

Тэгж байцаагдсаны дараа жил нь явна гэсээр байгаад очиж үзсэн.

Баасанхүү -

\Инээв\

Дариймаа -

Очиж үзээгүй. Ямар газар байдгийн ч мэдэхгүй. Тэр буриад. Миний аавын ээжийн аавын талын ч цөөхөн ээжийн талын ах дүү нар цөм тэнд байдаг юм байна лээ ш дээ.

Баасанхүү -

Пөөх за.

Дариймаа -

Тийм. Миний төрсөн ээжийн ч байна. Өргөсөн ээжийн ч байна. Ах дүү нар...

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Их чадалтай улс байдаг юм байна лээ.

Баасанхүү -

Буриад ястангууд 20-р зууны эхээр хоёр улсын хилээр хуваагдчихсан юм байна лээ тиймээ?

Дариймаа -

Тийм. Тийм л юм байлгүй хөөрхий. Буриадын очиж үзээгүй байхад тэгж байсан ш дээ. Түрүүн ээжийн маань хамаатангууд ирдэг байсан л даа.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Ирээд уулзаад явдаг байсан. Бид нар нэг их явж байгаагүй.

Баасанхүү -

Даргыг огцорсны дараагаар зөвхөн танай гурван хүү, танай гэр бүл ажилгүй болсон уу? Эсвэл таны хамаатан, даргын хамаатнуудад нөлөөлсөн үү? Яасан бэ?

Дариймаа -

Бүгдээрээ ажилгүй болсон юм чинь.

Баасанхүү -

Бүр үү?

Дариймаа -

Тийм.

Баасанхүү -

Аа яа яа.

Дариймаа -

Бүгдээрээ орон тооны цомхотголд орсон. Ахын хүүхдүүд дандаа багш нар байсан ш дээ.

Баасанхүү -

За

Дариймаа -

Намын дээдэд багш байсан. ХААИС-д байсан. Их сургуульд байсан. Тэгээд академид ажиллаж байсан. Манай эгчийн охин доктор профессор хүн байгаа.

Баасанхүү -

За

Дариймаа -

Тэр бүгдийн ажилгүй болгосон. Орон тооны цомхотгол гээд 90 онд бүгдээрээ ажилгүй суугаад байсан.

Баасанхүү -

Яа яа.

Дариймаа -

Ажил олдохгүй. Очиход байхгүй болчихдог. Батмөнхийн хамаатан болчихдог.

Баасанхүү -

Аа мэдэхээр нь ажил байхгүй болчихдог.

Дариймаа -

Тийм. Тэгээд 90 онд ажилгүй олон улс байсан. Өвгөн ажилгүй та нар ганц хэлтэй цааш нь явахгүй. Англи хэл сур гээд явуулчихсан байхгүй юу даа.

Баасанхүү -

Танаатай хамаатан садан хүмүүс хэзээнээс гайгуу ажилд орж эхлэв? Ажилд авч эхэлсэн юм бол?

Дариймаа -

Бас л хоёр гурван жилийн дараагаар л зарим нь ажилд орсон доо. Хүү минь явснаас хойш Америкт 8 жил болж байна. Энд ажил олдохгүй. Тэнд ажил олддог газар юу ч хамаагүй хийе гээд. Тэнд 8 жил сууж байна. Хүүхдүүд нь арван жилд орох нь орчихсон. Дээд сургуульд орох нь орчихсон. Хүүхдүүдээ сургууль төгстөл тэнд байгаад төгсөхөөр нь ирнэ гэж байгаа. Монгол маань жигдэрээр аятайхан болоод ирэхээр ажил олдох байлгүй гэж байгаа.

Баасанхүү -

Хүний амьдралд онцгой нөлөө үзүүлсэн. Тиймэрхүү зүйл тохиолддог шүү дээ. Тэр нь таны амьдралд цаашдаа нөлөө үзүүлэх тийм зүйл таны амьдралд тохиолдож байв уу? Тохиолдож байсан бол тэр нь юу байсан бол ?

Дариймаа -

Надад тохиолдоод байсан зүйл юу байхав дээ. Би ажил төрөл хийж байсан биш дээ. Тэр үед би тэтгэвэрт гарчихсан байсан. Хөөрхий. Жаахан байрны мөнгөө төлж чадахгүй. Хоол ундаа дураараа авч идэж чадахгүй. Мөнгөгүй юм чинь юу авах юм. 300 төгрөгөөр. Тэр үед гурван хүү маань туслаж байсан. Ах дүү нарын хүүхдүүд туслаж байсан. Мөнгө төгрөг авч ирж өгнө. Хоол унд авч ирж өгнө. Тэгээд тэд бүгд ажилгүй болохоор яахав. Нэг хойшоо явна. Нэг урагшаа явна. Тэгээд тэндээс янз бүрийн идэж уух ч юм авч ирнэ. Тэндээсээ бидэнд өгөөд тэгж л байлаа шүү дээ.

Баасанхүү -

Таны амьдралын одоо бусад хүнийхнээс онцлог зүйл юу вэ? Ийм юмаараа л миний амьдрал онцлог онцгой гэсэн зүйл?

Дариймаа -

Надад онцгойроод байх зүйл байхгүй. Одоо жишээ нь дарга болсон байхад тэр л өөр байх. Түүнээс өөр юу байхав тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Бүгд л адилхан. Одоо ч гэсэн хамт гүйлдэж явсан. Техникумд хамт байсан авгай нар хүүхэд залуучууд байдаг байсан. Одоо бүгд үхээд дууслаа шүү дээ. Хоёр гуравхан хүн л үлдчихэж. Одоо ч гэсэн ирдэг.

Баасанхүү -

Холбоотой.

Дариймаа -

Тийм болсон байхад ч холбоотой байсан. Хөөрхий хөөрхий орж ирээд яриад сууж байгаад гардаг байсан юм. Найз нар маань ихэнх нь байхгүй дээ. Эдийн засгийн дээдийн багш нар ирж өвгөнтэй уулзаад гарч ордог байсан. Одоо байхгүй болсон. Одоо Цэрэнпэл гээд багш байгаа. Өөр юу байна мэдэхгүй. Одоо бараг байхгүй болчихоод байна даа. Уг нь яахав дээ насаараа ажиллаж явлаа. Хүүхдүүдийг боловсролтой чадалтай болгох гэж 20 хэдэн жил зүтгэж явлаа. Тэгээд дараагаар нь Монгол улсыг авч явлаа. Муу юм хийж явсангүй. Сайн зүйлийн төлөө зүтгэж явлаа гээд өөрийгөө тайвшируулж сууна даа. Сууж байхаас өөр яахав дээ.

Баасанхүү -

Та ч гэсэн аягүй их түшиг тулгуур болж явсан байна.

Дариймаа -

Яахав дээ. Би түүнийгээ дэмжихгүй бол хэнийгээ дэмжих бэ дээ. Намайг дээд сургуулиас гаргасан хүн аав маань шүү дээ.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

Нэг гэрийн хоёр хүн эрдмийн мөр хөөхөөр тэр айлын амьдрал хөхөрнө. Тийм учраас охин минь гараад гэр орноо сайхан аваад яв. Батмөнхөө сайн дэмжиж бай. Энэ хүн цаашдаа ажиллах их юм хийх хүн. Надад аав маань хэлж байсан юм. Аавынхаа хэлснээр би үгүй гээгүй.

Баасанхүү -

Аа ха

Дариймаа -

3 курс 4-д ороод байхдаа сургуулиа орхиогүй юу. Тэгээд орхичихоод номын санд орчихсон. Харин номын санд 30 жил ажиллаад гарсан. Малын эмч чинь амар ажил биш юм байна лээ. Хотод бол олдохгүй.

Баасанхүү -

Хөдөө л гарах байх.

Дариймаа -

Тийм. Хөдөө л гарна. Хөдөө гараад явна гэхээр гэр орноо яахав.

Баасанхүү -

Уг нь та их дуртай байсан юм байна тиймээ?

Дариймаа -

Дуртай байлгүй яахав. Малын эмч сайхан мэргэжил. Би өөрөө дуртай л байсан. Яахав дээ. Сүүлдээ номын сандаа дасчихаад сайхан болсон.

Баасанхүү -

\Инээв\

Дариймаа -

Номын сангийн хүн чинь хаана чинь ном гарав. Бүгдийн мэдэж байдаг.

Баасанхүү -

Тийм байна.

Дариймаа -

Тийм ном ирсэн. Тийм мэргэжлийн ийм ном ирсэн гээд. Бүгдийн мэднэ.

Баасанхүү -

Номын олдоц сайн.

Дариймаа -

Тийм иймэрхүү ном ирсэн байна. Та нар хэдийг авах уу? Тэгээд номоо захиалчихдаг байсан байхгүй юу. Одоо жишээ нь номын худалдаагаар тийм тийм ном гарсан гээд. Манай Монгол улсуудын ном их ховор байсан шүү дээ.

Баасанхүү -

Ер нь жаахан Орос?

Дариймаа -

Орос ном голдуу гарна. Сүүлдээ англи ном их хэрэгтэй болсон. Тийм ном гарч гээд багш нартайгаа яриад танай танхимд хэдийг авах уу? танайх хэдийг авах уу гээд. Түүндээ тааруулж байгаад заримын хасахгүй бол болохгүй шүү дээ. Тэгж байгаад ном авахгүй.

Баасанхүү -

Их дээд сургуулийн чухал салбар тиймээ? Номын сан гэдэг?

Дариймаа -

Тэгэлгүй яахав. Номын сан байхгүй бол ямар ч эрдэмтэн гарахгүй.

Баасанхүү -

За танд ёстой их баярлалаа. Урт наслаж удаан жаргаарай.

Дариймаа -

Ерөөл бат орших болтугай. Яахав дээ. Монголынхоо их дээд сургуулиа дандаа бодож байдаг юм. Өвгөн маань ....

Баасанхүү -

Өөрөө ч ажиллаж байлаа.

Дариймаа -

Тийм өөрөө ч ажиллаж байлаа. 30 гаруй жил ажилласан. Монголын хүүхдүүд чадалтай боловсролтой болоосой. Хүний гар харахгүй яваасай гээд. Ийм л юм бодож явдаг.

Баасанхүү -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.