Nergüi


Basic information
Interviewee ID: 990196
Name: Nergüi
Parent's name: Yarinpil
Ovog: Hersüüt
Sex: f
Year of Birth: 1930
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: nurse, retired
Belief: none
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: seamstress
Father's profession: Master


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
life in wartime
cultural campaigns
childhood


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? Нэргүй гуай.

Нэргүй -

Сайн.Сайн уу?

Ариун-Ундрах -

За та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?

Нэргүй -

Зөвшөөрч байна аа.

Ариун-Ундрах -

За та өөрийгөө танилцуулаад дэлгэрэнгүй ярихгүй юу?

Нэргүй -

Яринпилийн Нэргүй.Улаанбаатар хотод 1930 онд 1-р төрөхөд төрсөн.Уг нь эхээс 7-уулаа байсан.6 нь үхээд ганцаараа.Одоо бол ерөөсөө хүний ганц хүүхэд бий.Эцгийгээ хэлмэгдүүлээд,эхийгээ хий судлалд үхүүлээд тэгээд одоо ер нь гудамжаар шахуу явж байгаад хүн болсоон би.Тэгээд яахав дээ өөрийнхөө дураар,өөрийнхөө сэтгэхүйгээр харайлгаж явж нэг жаахан нэр ус, бөгс толгойг нь гаргадаг болгоод яахав засагт 30-аад жил сувилагч хийлээ.Эхлээд би 40-н хэдэн онд 1-р эмнэлэг одоо нэгдсэн нэг гэж явсан юм даа.Одоо ч 1-р эмнэлэг болчихжээ.Төв больнец гэж байхад тэнд идээтэй,идээгүй 2 хирург байхад идээгүй хирургт нь асрагч хийж байсан юм.Асрагч хийж байгаад доктор Ичинхорлоо гэж авгай байсан даа,нилээн цуутай эмч.Тэр намайг өнчин өрөөсөн юм,яаж дандаа асрагч хийлгэх вэ?1 жил хирээтэй ажиллуулаад тэгээд шууд сувилагч болгосон.Тэгэхээр чинь би А ч заалгаагүй юм чинь яахав дээ тэгээд тариа хийгээд амьтан алалгүй шиг яваад 53 онд Налайхад шилжиж ирсэн.53 оноос хойш Налайхад тасралтгүй ажиллаад 80 онд тэтгэвэрт гарсан.Одоо 80 хүрэх нь ээ 79-тэй.Энэ хугацаанд яахав 66 онд сувилагчийн 6 сарын курст явж,бичиг үсэгтэй болох гээд нэг яваад үзэв ээ.Тэгсэн чинь болдог юм биш байналээ.Өөрөө ингээд хийчихсэн ажил чинь ерөөсөө нэг л их юм сурах царай байхгүй байналээ.Тэгэхдээ яахав ээ хөөрхий намайг настай ч хүн юм,тэгээд ер нь ой сайтай ч юм байна та гээд гайгүй л сайн төгссөн үнэмлэхтэй.Тэгээд өшөө надад бол заалгасан юм байхгүй.Тэгээд одоо яахав гарсан хүүхэд гэж юм байхгүй.Энэ нэг өвгөн бид хоёр ингээд ёстой нарыг барж,нартыг жаргааж байна.Тэгээд бага насандаа их зовлон үзсэн болохоороо би чинь одоо хүнийг их өрөвддөг юм ш дээ.Над шиг л битгий амьтан ингэж их хэлмэгдэж,сүйрч битгий байгаасай даа гэж боддог юм нэгт ч.Хоёрт ч одоо засаг төрд бас жаахан гомддог юм.Миний муу ээжийг хүүхдээ дагуулаад гарахад нь гэр байшин,хашаа бүгдийг нь хурааж аваад гадаа гаргачих даа яахав дээ гэж нэг боддог юм.Тэгээд яахав ээ засаг хэлмэгдлээ гээд 1000000 төгрөг өгсөн.1000000 төгрөгөнд хүний амь гэж байхгүй ш дээ тийм биз дээ? Тэгэхдээ яахав сайн эцгийн буян сайхан л байна,болж л байна.Одоо бол засаг төрд гомдоод ч байх юм алга.Одоо 80 хүрчихсэн чавганц чинь ямар юманд гомдох вэ? Тийм ээ? Тэгээд ийм л байна даа миний хүү.

Ариун-Ундрах -

Таны аавын хэлмэгдлийн тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч?

Нэргүй -

Аа манай аав цэргийн оёдлын үйлдвэрт мастер хийж байсан юм.

Ариун-Ундрах -

Тэр хэдэн оны үеэр вэ?

Нэргүй -

35 онд.Энд нэг юм нь бий дээ.38 оны юу ярих юм бэ?

Ариун-Ундрах -

38 оны үеэр таны аав хэлмэгдсэн юм байна тийм ээ?

Нэргүй -

Ай 35 онд биш байна уу?

Ариун-Ундрах -

38 байна.

Нэргүй -

Аан 8 байна уу? За за.Нэг шөнө л унтаж байхад нь ногоон малгайтай улсууд орж ирээд л аваад явсан.Тэгээд л сураггүй болчихсон.Сүүлд нь дуулж байвал улс төрийн хэрэгтэй гээд таслагдлаа л гэсэн,10 жил авлаа гэсэн.Тэгээд дараагаар нь хэдэн жил ч болсон юм бүү мэд,дараагаар нь Баруун хараад мастер хийж байна гэж дуулдсан.Тэгээд би 2,3 удаа очсон тэгэхэд нь.

Ариун-Ундрах -

Уулзсан уу?Тийм ээ?

Нэргүй -

Уулзсан.Тэгэхэд бие нь гайгүй л байсан.Тэгээд тэр олон жил шоронд суусан болоод алсдаа бие нь мууддаг юм байлээ дээ.Дөнгөж гарч ирээд жил ч болоогүй Дорнот аймаг руу яваад,Дорнотод очиж нас барсан.Тэгэхэд нь би энд ганцаараа үлдсэн л дээ.Тэгэхдээ яахав хөөрхий засаг төрийн буянд тэгээд өөрөө жаахан авхаалжтай,хүний доор орохгүй ээ гэж бодож явдаг болохоороо тэгээд амьтны доор орсонгүй ээ.Одоо ингээд явж л байна,болж байна аа болж байна.

Ариун-Ундрах -

Аанхан.Яг аавыг чинь хэлмэгдүүлээд аваад явсаны дараа танай гэр бүлийн амьдрал ямархуу болсон бэ?

Нэргүй -

Манай гэр бүлийн амьдрал маш хүнд болсон л доо.Ээж минь намайг дагуулаад гудамжинд гарчихсан.Тэгэхээр чинь ээж цэргийн оёдлын үйлдвэрт байсан.Хэлмэгдсэн хүний эхнэр,хэлмэгдээд нөхөр нь баригдчихсан болохоор эхийг маань ажиллуулахгүй,тэгээд ажилгүй.Тэгээд хүүхдээ дагуулаад орох оронгүй,идэх хоолгүй,өмсөх л хувцастайгаа гарсан юм.Тэгээд сэтгэл санааны хямрал болоод л аавыг маань дуудаад тэгээд солиороод,галзуураад тэр хэвээрээ байж байгаад нас барсан.2 жил гаран хий судлалын эмнэлэг гэж 1-р цахилгаан станцын хажууд дээр үед байсан.Одоо бол шар хад руу очсон юм гэсэн.Тэгээд ээж маань нас бараад ээжийн шарил гэж өгдөг ч үгүй юм гэсэн.Тэгээд өнгөрсөн дөө.Тэгээд миний амьдрал бол маш хүнд байсан л даа.Тэгээд яахав дээ хүнд юмыг чинь нэгэнтээ л өөрөө тэгээд тийм хүнд замаар явах ёстой юм болов уу? Тэгэж туулж л таарна гээд туулаад л өдийг хүрлээ дээ хүү минь.

Ариун-Ундрах -

Ээж чинь таныг хэдэн настай байхад нас барсан бэ?

Нэргүй -

Намайг 5-тай байхад аав баригдаж... Уул нь бол 5 настай байхад аав баригдсан.35 онд л баригдсан юм.Би 30 онд төрсөн.Тэгсэн наана чинь 38 гээд тавьчихсан байна гэсэн үү?

Ариун-Ундрах -

Аанхан 38 л гэж байна л даа.38 он...

Нэргүй -

Тэгвэл юу юм байна л даа.35 онд баригдаад 3 жил гаруй шоронд суугаад 38 онд таслагдсан байж таарах нь.Тэгэх нь тэгэх нь.Тэгээд тэр чинь тэгээд таарч байна л даа шоронд байсан даа.

Ариун-Ундрах -

Аан тэгээд аавыг чинь яг ямар хэргээр хэлмэгдүүлсэн бэ?

Нэргүй -

Өө тэр Японы тагнуул байсан гэж л байцааж байсан гэсэн.Тэгээд тэр чинь улс төрийн хэрэгт хэлмэгдсэн улсуудыг чинь дээр үед эцгээр нь овоглуулдаггүй байлаа.Тэгээд би чинь одоо их олон овогтой.Яринпил гэдэг чинь миний эцэг,би чинь Жамбал гэж овоглоод,Довчин гэж овоглоод,тэгээд сүүлд нь Налайхт ирээд эцгээрээ овоглосон.

Ариун-Ундрах -

Нөгөө хэлмэгдүүлэлт гайгүй болчихсон үеэр тийм ээ?

Нэргүй -

Налайхад би чинь 53 онд ирсэн.53 онд чинь хэлмэгдэл нам болсон байхгүй юу.

Ариун-Ундрах -

Аан хэлмэгдүүлэлтэнд аав чинь өртөөд 10 жилийн ял авсан тэ?

Нэргүй -

10 жилийн ял авсан.Дээр үед амь хэлтэрсэн нь 10 жил байсан юм гэсэн ш дээ.Тэгээд 10 жилийн ял аваад,тэгээд гарч ирээд жил болоогүй ээ.Орон шоронд байгаад бие нь муудсан юм уу?яасан юм.Дорнотод ганц бие эгч нь байдаг байсан,тэндээ очоод нас барчихсан.Тэгээд би чинь одоо аав ээжийн жаргал үзэлгүй л ингээд өтөлчихсөн юм байгаа юм.

Ариун-Ундрах -

Шоронд бол их зовоодог байсан байх тийм ээ?

Нэргүй -

Тийм.Тэгэж л ярьж байсан гэсэн.Тэр юунд хавтаст хэрэг нь дандаа монголоор биччихсэн байдаг юм байналээ.Би нэг холын хамаатангийн хүн гуйж тэр хавтаст хэрэг нь дотоод яамны юу гэдэг юм бэ? дээ одоо архив ч гэдэг юм уу.Тэнд очиж шүүлгэсэн.Тэгээд тэр хүн чи очсон бол ёстой уйлаад л байхаар юм байна,аягүй хэцүү юм байна аа гэж байсан.Тэр чинь улайхгүй болохоор чинь улайлгах гээд л өндөр сандал дээр суулгадаг, яадаг яадаг ч гэнэ вэ?Би тэрнийг хараагүй болохоор мэдэхгүй юм.

Ариун-Ундрах -

Тамласаар байгаад л хэрэг хүлээлгэдэг...

Нэргүй -

Тийм,тэгдэг юм байна л даа.За өнөө тарчлаагаад л байхаар хүн чинь тарчлахгүйн төлөө тэгээд хүлээдэг юм байх л даа.Тэгэж л ойлгож байгаа ш дээ эмээ нь өшөө яаж ойлгох вэ?Аав бол надад нэг их айхтар ярихгүй ш дээ.За миний хүү одоо ааваараа овоглохгүй шүү л гэж нэг хэлсэн.Яачихсан юм? гэсэн ааваараа овоглож болохгүй,тэгвэл чамайг ажилд авахгүй.

Ариун-Ундрах -

Аа таны ээж тэр эмнэлэгт байхад та хаана байдаг байсан бэ?

Нэргүй -

Би тэр айлд Жамбалын гэдэг айлд байдаг байсан юм.

Ариун-Ундрах -

Нөгөө овоглосон айлдаа юу?

Нэргүй -

Ммхм.Тэр Жамбал гэдэг хүн чинь миний нэг холын хамаатангийн хүнтэй сууж байсан хүн.Тэднийд байсан.Тэгээд тэр холын хамаатан нас барчих дээр зэрэг Довчин гэж нэг хүн бүүр энэ улайстайн голд бас миний холын хамаатангийн хүнтэй сууж байсан Довчин гэж хүн,тэднийд байсан.Тэгээд тэр хамаатангаа нас барчихаар нь тэгээд би чинь одоо 15,16-тай л улсад ажилласан юм уу даа.Тэгээд өнөө олон ингэж ингэж юу яасаар байгаад уурхайн боловсон хүчин,эмнэлэгийн боловсон хүчин хамт байж байгаад,тэгээд хавтаст хэрэгнүүд нь бүгд шатаад,тэгээд би чинь Налайхад 53 онд ажилласан гэж бүртгэдэг юм.Би 46 онд ажилласан юм.16-тай ажилласан.Тэгээд... олдохгүй болохоор яахав олддогоор нь эхэлсэнээр нь 53 оны 3 сарын 5-нд ирсэн юм би Налайхад.Тэрүүгээрээ хөдөлмөрийн дэвтэр нээлгээд 80 онд 27 жил ажиллаад тэтгэвэр авлаа.

Ариун-Ундрах -

Аа яагаад заавал Налайхт ирэх болсон бэ?

Нэргүй -

Би уул нь Налайхын уурхайг их сайхан юм гээд тэгээд их сайхан газар байдаг юм гэнэ гээд л хүрээд ирсэн юм.Сайхан л байна хөөрхий.

Ариун-Ундрах -

Аа тэрнээс хойш ингээд Налайхад суурьшсан уу?

Нэргүй -

Аан тэгээд Налайхад суурьшаад одоо 40-50 жил Налайхад.

Ариун-Ундрах -

Аанхан.Та бага байхдаа бол таны үеийн хүүхдүүд бол сургуульд яваад л та бол сургуульд яваагүй юу тийм ээ?

Нэргүй -

Яваагүй,би ямар ч сургуульд суугаагүй.

Ариун-Ундрах -

Аа тэгээд л ажил хийх насандаа хүрээд л...

Нэргүй -

Ааан.Дээр үед чинь 15,16-тай ажилд авдаг байсан ш дээ.Тэгээд яахав...

Ариун-Ундрах -

Ажил нь гайгүй юу?Хүнд үү?

Нэргүй -

Аа тэр дээр үеийн асрагч нарын ажил чинь одоогийн асрагчтай адилгүй ээ.Одоогийн асрагч нар чинь сайхан цагаан халаад өмсөөд л жирийгээд байдаг.Дээр үеийн асрагч нар чинь их хэцүү,хүнд байсан юм.Гэхдээ яахав бага болохоороо тэр гэмтэл согогдсон,тэгээд л хөл гар нь хугарсан янз бүрийн л юм ирнэ ш дээ хирургт чинь.Тэр болгоныг л ёстой баас,шээс юу байдгийг нь цэвэрлэж асарч л тойглоно гэдэг чинь тийм шагтай ч ажил биш л дээ.Тэгэхдээ яахав сайн эмчийн буянгаар би нэг их олон жил хийгээгүй л дээ.Нэг 3 сар,4 сар хэрээтэй л хийсэн юм уу даа.Тэгээд өнчин өрөөсөн юм,тэгээд ч ер нь овоо авхаалжархуу юм байнаа гээд тэр Ичинхорлоо эмч намайг сувилагч болгосон юм.Тэгээд тасагтаа сувилагч хийж байгаад тэгээд Налайхад шилжлээ гэхэд үгүй ээ чи Налайх шилждэггүй л байсан юм даа.Би чамайг анагаахын дундад оруулъя гэж бодсон юм.Чамд эмч болсон бол арай л хэрэгтэй.Яршиг яршиг А ч мэдэхгүй юмыг анагаахад оруулаад таны нэрийг хөөднө гээд.Тэгсэн чинь сүүлд нь ордог ч байж уу гэж бодож л байлаа.Орсон бол нэг юм төгсчих л байсан байх даа тийм ээ?

Ариун-Ундрах -

Тэгээд тэр үеийн эмнэлэг ер нь ямархуу байсан бэ?

Нэргүй -

Тэр үеийн эмнэлэг ажил нь хүнд,тэгээд тэрнээсээ үйлчилгээ их сайн тийм л байлаа.Одоо улсууд эмнэлгийг их л муу хэлж байх юм байна ш дээ.Би чинь одоо эмнэлэгээс гарсан болохоор эмнэлэг муу хэлдэггүй ээ.Надад зохих ч үгүй,шингэх ч үгүй биз.Эмнэлэг муу хэлвэл ёстой буянд бузар орно биз дээ.Ааш муутай л гэх юм.Мэдэхгүй юмаа мэдэхгүй юм эмээ нь.Би одоо тэтгэвэрт гараад 30 жил болох гэж байхад эмнэлэгт очиж хэвтээгүй ш дээ.Яахав энэ сайны буян биш л дээ.Хальт хульт 3 эмний нэр тогтоосон,аа тэгэж байна гээд нэг эм авч уучихаад,аа ингэж байна гээд нэг юм авчирч тарьчихаад,өвгөнөө бол хааш нь ч хамаагүй хатгаж тарьчихаад.Өөрийгөө ч тарина ш дээ би судас ч тарина,бөгс ч тарина алинийг нь ч тарина.Тэгээд байдаг болохоор очихгүй байхгүй юу.Тэрнээс ер эмнэлэг муу гэж хаа байхав,сайн.

Ариун-Ундрах -

Та тэгэхээр 1930 онд төрсөн тийм ээ?

Нэргүй -

30 онд төрсөн.Одоо 79-тэй.

Ариун-Ундрах -

80 хүрлээ.Таныг тэгээд тэр бага байхад бол Улаанбаатарт байсан байна тийм ээ?

Нэргүй -

Айн.Би 1-р төрөхөд төрсөн.

Ариун-Ундрах -

Тэр үеийн Улаанбаатар хот ямархуу хот байсан бэ?

Нэргүй -

Тэр үеийн Улаанбаатар хот чинь ер нь зүйрлэх юм ч алга л даа.Хамгийн их өндөр байшин нь л 1-р 10 жил гэж байлаа ш дээ.Одоо байдаг л байлгүй дээ бодвол,байхгүй л гэж дуулддаггүй юм.Хэдэн онд ч нээгдэж байсан юм.1-р 10 жил гэж их сайхан сургууль гарч гэнээ гээд л хүүхдүүд гүйлддэг байсан юм даг.Тэгэхэд би бас бодож л байсан юм.Уул нь юм сурчихвал зүгээр юм даа.Одоо намайг ч ямар авах юм биш дээ.Хамгийн том барилга нь тэр байсан юм даг.Одоо музей болчихсон уу?Дээр үед их дэлгүүр байсан юм даа.Музей л болчихсон шиг байналээ.Тэгээд л өндөр довжоот гээд ер нь Улаанбаатар маань тийм гэр хороолол ихтэй,байшин барилга цөөтэй тийм л байсан ш дээ.9 гудамж гээд л баахан Хятадтай тийм гудамж байлаа.Усны гудамж гээд их ус зөөдөг,гантай том 2,3 морь хөллөчихсөн Хятадууд ус зөөдөг,айлуудад ус мөнгөөр нь өгдөг тийм байлаа.Тэгэхээр Улаанбаатарын амьдрал нэг тийм хаашаа ч байсан гэх юм бэ? дээ.Уул нь бол сайхан.Мод хөрөөд,мод хөрөөд гээд улсууд яваад мод хөрөөдөж өгнө.Хөрөөдсөн модоо цуглуулж хурааж өгнө,ус ав ус ав гээд л гантай устай улсууд ирээд л усыг нь зөөгөөд өгчихнө тийм л байж.Тийм крантны ус гэж байгаагүй,байшин барилга байхгүй тийм л байсан.

Ариун-Ундрах -

Улаанбаатарт мал байдаг байсан уу?

Нэргүй -

Байхгүй.

Ариун-Ундрах -

Аанхан,байхгүй юу тийм ээ? Ер нь тэр үедээ л ийм хотын суурьшмал газар...

Нэргүй -

Айн одоо тэгээд тэр үед чинь хот чинь хамгийн том нь л их дэлгүүр гэж байсан.Одоо их дэлгүүр маань сураг ч алгаа.Тэр үед байсан театр шатчихсан ш дээ.Театр шатчихаад энэ засгийн газрын ордон тэр театрын суурин дээр боссон юм.Тэнгэр шиг нэг тийм бөмбөгөр театр байсан юм,цирк маягийн хэлбэртэй театр.

Ариун-Ундрах -

Тэр театрт ямар ямар кино жүжиг гарах уу?

Нэргүй -

Тэр театрт “Гайхамшигт лимбэ” гээд харин зөндөө юм үзэж байлаа.Сайхан сайхан юм тоглодог байлаа.

Ариун-Ундрах -

Өөр юу тоглох уу? Тэр үеийн жүжигчид нь гэвэл ямар жүжигчид байх уу?

Нэргүй -

Өө хачин сайхан тоглоно,” Учиртай 3 толгой”,Лимбэ гэдэг нэг тийм дуут хөгжим байсан юм.Тэгээд л тэр чинь цэргийн дуу бүжиг гээд дээр үед чинь зөндөө л их тоглодог юм байлаа шүү дээ.Тэгээд харин саявтархан гэх юм даа.Та нарын үед бол нилээн дээр үед гэх юм байгаа биз дээ.Тэр залуучуудын ордон,энэ драмын театр чинь сүүлд боссон юм даа.

Ариун-Ундрах -

Та аав ээжтэйгээ хамт 5 нас хүртэлх амьдрал чинь яг ямархуу өнгөрсөн бэ? Санадаг уу? тэр тухайгаа ярьж өгөөч.

Нэргүй -

5 нас хүртлээ аав ээжтэйгээ жаргаж л байлаа хөөрхий.Ээж аав хоёр хоёулаа ажил хийдэг.Би жоохон болохоор яахав дээ идэж эрхлэхээс өшөө ямар юмаа мэдэх вэ?

Ариун-Ундрах -

Та болохоор айлын ганц юм байна тийм ээ?

Нэргүй -

Би айлын ганц.

Ариун-Ундрах -

Магадгүй тэгээд аавыг чинь хэлмэгдүүлж авч яваагүй байсан бол дараа дараагийн хүүхдүүд гарах л байсан байх тийм ээ?

Нэргүй -

Тийм.Манай ээж уул нь 7 хүүхэд гаргасан юм гэсэн дээ.Аав тэгэж байсан 7 гараад 6 нь нас барчихсан,ганцхан би үлдсэн.6 нь хүү байсан гэсэн.6 хүү гараад,ганц охин гарсан чинь би тэгээд үлдээд,заримдаа ч хэрэггүй үлдсэн юм байна даа гэж боддог л юм аа.Цухалдах үед бол өө дөө хэрэггүй л үлдэж,ямар юм үзэх гэж ингэж ганцаараа гохийгоод байж байдаг юм гэж.

Ариун-Ундрах -

Тэгээд яг аав ээж хоёрын чинь угсаа гарал нь ч юм уу ямархуу хүмүүс байсан бол?

Нэргүй -

Өө ёстой мэдэхгүй.Манай аав Дорнотын шар тал гэдэг газрын л хүн юм гэнэлээ.Аавын нутаг руу,ээжийн нутаг руу явж байгаагүй болохоор.Тэрнээс хүний удам судар тасардаггүй юм болохоор байдаг л байлгүй.Миний ээж чинь Сүхбаатар аймгийн л хүн байсан гэсэн.

Ариун-Ундрах -

Та тэгээд багадаа өнчирсөн болохоор сайн мэдэхгүй байх тийм ээ?

Нэргүй -

Ааан багадаа өнчирсөн болохоор би чинь ёстой мэдэх юм байдаггүй юм.

Ариун-Ундрах -

Таныг аавыг тэгээд яагаад заавал тэр улс төрийн ...

Нэргүй -

Айн?

Ариун-Ундрах -

Таны аавыг улс төрийн хэрэгт хэлмэгдүүлсэн гэсэн ш дээ тийм ээ?Тэгээд тэрийг ямар шалтгаантай гэж та боддог вэ?

Нэргүй -

Мэдэхгүй ээ ёстой мэдэх юм байхгүй.

Ариун-Ундрах -

Нөгөө цэргийн хувцас оёдог байсан гэсэн үү?

Нэргүй -

Цэргийн оёдлын үйлдвэр гэж Улаанбаатарт ганцхан байсан.Тэнд мастер хийж байсан юм.Тэгээд л би боддог юм.Японы тагнуул гээд байцааж байсан гэхээр цэргийн хувцас үйлдвэрлэдэг болохоор нь тэгдэг байсан юм болов уу?гэж боддог юм нэгд ч.Хоёрт ч нэг дүү нь 5 настай тодорсон лам гэж авчраад 18-тай шар хаданд буудсан юм гэсэн.Аав миний төрсөн дүүг 5 настай авчраад 18-тай буудчихлаа гэж нэг ярьж байсан юм.Тэгээд тэр дүүгийнх нь юугаар ч барьсан юм болов уу?Би ч олон л юм боддог юм л даа.Тэгээд тэрнийг аль нь гэж мэдэх вэ?Тэгээд одоо тэр дүүгий нь нэг цагаатгая гэж бодохоор чинь овог нь бол манай аав тэр хоёр нэг эхийнх болохоороо овог нь байна,нэр байхгүй ээ.Хамба лам л гээд хамба лам нэртэй хүн гэж хаа байв гэж.

Ариун-Ундрах -

Аан 5 настайд нь том ламаар тодруулсан юм уу?

Нэргүй -

Ааан.Тэгээд тодорсон лам гэж авчраад 18 хүрэхээр нь өнөө айхтар баривчилгаагаар баривчилж шар хаданд буудчихлаа гэж байсан юм аа.Тэгэхээр тэр их л том лам байсан байж таарах нь л дээ.

Ариун-Ундрах -

Хэлмэгдүүлж байсан байна тийм ээ?

Нэргүй -

Ааан.Тэгээд би бол өөрөө л тэгэж боддог юм ш дээ.Тэрийг надад хүн ирж тэгсэн,тэгэхээр нь тэгсэн гэж хэлэх биш.Өөрийнхөө бодсоныг л ярьж байгаа нь энэ.

Ариун-Ундрах -

Тэгээд тэр үед хүмүүс болохлоор хэлмэгдлийн тухай ярьдаг байсан уу? Таныг бага байхад?

Нэргүй -

Ярихгүй.Одоо тэр чинь бараг цээртэй ш дээ.Хүнд бараг нэрийг нь хэлчихвэл хөөх яанаа энэ чинь хэлмэгдсэн хүний хүүхэд юм гэнэлээ гээд бараг л тонших нь дөхнө биз дээ.Тийм л байсан цаг юм чинь.

Ариун-Ундрах -

Тэгээд тэр хэлмэгдүүлэлтийг ард түмэн угаасаа мэдэж байгаа ш дээ тийм ээ? Тэрийг төр одоо юу гэж тайлбарладаг байсан бэ? Худлаа буруугаар л тайлбарладаг байсан байх тийм ээ?

Нэргүй -

За даа яахав дээ цагаатгалаа,одоо бид нарын буруу энэ л тэр л гэж байдаг юм аа.Тэгээд хичнээн ч цагаатгасан тэрний чинь сэтгэл санааг нь цагаатгахгүй ш дээ.Хүн бол нэг л насаараа ингээд дотор юм бодчихсон бол тэр хэвээрээ л явдаг юм шиг байналээ.Би л бодоод байдаг юм.Одоо ч 80 хүрэх гэж байхад чинь тэр заримдаа ингээд л аавыгаа бариад аваад явсан тэр чинь зүгээр тодхон харагдаж байдаг юм ш дээ.Тэгэхээр хүн чинь насаараа тэгэж их зовлонд учирчихсан улс чинь ёстой алтаар бурхан босгоод ч хэрэггүй биз дээ.

Ариун-Ундрах -

Тэгэхээр хэлмэгдүүлэлт бол нууцаар явагддаг байсан гэсэн үг үү?

Нэргүй -

Тийм.Тэрийг чинь ард түмэнд зарлахгүй.Тэгээд барьж аваад тэгээд тэр чинь өнөө одоо шоронгийн улсууд чинь сар юм уу хорин нэг хоногт хувцсыг нь солино барина тэр ер нь тийм юм байхгүй ш дээ.Хаа ч байгаа юм бүү мэд хэлэх ч үгүй. Тэгээл шууд жаал тарчлааж зовоож байгаад тэгээд л ялыг нь тулгаад л, тасдаад тэгээд

Ариун-Ундрах -

Тэгээд явуулах нь байна тийм ээ?

Нэргүй -

Тийм.

Ариун-Ундрах -

Аан амьд үлдэх нь болвол 10 жилийн ял авч байж явах уу?

Нэргүй -

Аанхан. Тэр чинь амь өршөөсөн нь 10 жил байсан гэнэ лээ.Дээр үед амьд үлдсэн нь 10 жил аваад,амьд үлдээгүй шууд буудуулж байсан.

Ариун-Ундрах -

Тэгээд шоронд орж байхад ажил хийлгэдэг байсан байх тэ?

Нэргүй -

Тэр баруун хараад чинь үйлдвэр байсан юм байна лээ.Тэнд мастер хийж байсан.

Ариун-Ундрах -

Тэгээд энэ хэлмэгдүүлэлтийн тухай одоо ер нь нууцаар юм чинь нээлттэй хурал ч юм уу тиймэрхүү юм болохгүй тэ?

Нэргүй -

Байхгүй.

Ариун-Ундрах -

Таны аавыг бол харанхуй шөнө ирээд л аваад авсан уу?

Нэргүй -

Тийм.Шөнө унтаж байхад нь л аваад явсан.Ногоон малгайтай хүн хүрж ирээд л босгоод л... Тэрэг дуугараад л ногоон малгайтай хүн ирээд л босгоод,манай аав нэг 2 морьтой байсан юм шиг байгаа юм л даа.Тэр Туулын хөвөөн дээр гэрээ аваачаад барьчихсан байсан юм.Тэгээд тэрэг ирээд л дээр үед самваар самваар гэж нэг юм байдаг ш дээ дор нь гал түлээд цай чанадаг.Тийм юманд цай чанаж байгаад аав манай аав тамхи их татдаг тэгээд гааньс толгойгоороо ингээд ухаад шөнө тамхи татах гэсэн юм уу.Тэгээд тэрийг дуугарахаар нь хаалга цохиод тэгээд улсууд ирээд босгоод л аваад явсан.Тэгээд буцаад тэр чинь тийм ийм,танай хүн тэгсэн ингэсэн гэж юм хэлэхгүй.Тэгээд шууд тэр аавыг тэгэж барьсаны дараа ээж бид 2-ыг гэрт аваачаад тэгээд л авдар шүүгээг бүгдийг нь ингэж уудалж,юмыг нь гаргачихаад буцааж хийгээд ингээд нэг хүрэн юм гоожуулаад лац гэнэ үү? Тэгээд ийм цагаан утастай тэмдэгээр ингэж гоожуулаад ингээд нэг юмаар дараад,энийг хөдөлгөж болохгүй шүү.Тэд хоноод ирээд авна.

Ариун-Ундрах -

Танай гэрийн юмыг ш дээ тийм ээ?

Нэргүй -

Ааан.Гэртэй,байшинтай,хашаатай нь юутай хээтэй нь.Тэгээд ээжийн ээмэг бөгжийг нь бүгдийг нь аваад.Тэр чинь уул нь бол чихэнд нь зүүсэн юмыг авдаггүй л юм гэсэн л дээ.Яахав дээ дээр үед чинь хэлмэгдэхээсээ наана бас нэг жаахан тийм нугалаа байсан юм байгаа биз дээ.

Ариун-Ундрах -

Ммхм эд хөрөнгийг нь авдаг тэ?

Нэргүй -

Ааан тийм.

Ариун-Ундрах -

Тэгээд бүх эд хөрөнгийг нь авсан уу?

Нэргүй -

Тэгээд хэд хоноод машинтай улсууд ирээд тэр хашааг нь буулгасан юм байгаа биз.Ээж бид хоёрыг гар,яв л гэсэн.Бид хоёр яваад л өгсөн.Сүүлд нь би нэг дээр их олон жилийн дараа даа.Манай хашаа байсны тэнд юу байдаг юм бол гэсэн юу ч байхгүй тэнд.Харин сүүлд нь нэг сургуулийн дотуур байр энэ тэр болчихсон байв уу? Хаашаа юм.Цэргийн оёдлын үйлдвэр байгаа газар чинь ч юу ч байхгүй байналээ.Улаанбаатарт чинь ерөөсөө ганцхан цэргийн оёдлын үйлдвэр байсан.Өшөө үйлдвэр байсан юм уу? Үгүй юу? мэдэхгүй.

Ариун-Ундрах -

Тэгээд таныг амьдарч байхад чинь яг тантай адилхан ийм хэлмэгдүүлэлтэнд өртсөн хүний үр хүүхдүүд ч юм уу тааралдсан уу?

Нэргүй -

Үгүй ээ үгүй.Надтай ямар юм нь тааралдах вэ? Би гэрээсээ гарахгүй юм чинь.Би гэрээс гарахгүй нэгд ч.Аав хэлмэгдсэн юм гэнэлээ.Амьтан дургүйцнэ гээд хүнд ярихгүй.Тэгэхээр чинь тэ?Ангайж болохгүй гээд аав захьчихсан болохоор чинь,одоо чи надаар овоглож болохгүй,миний төлөө юу ч хэлж болохгүй.Чи одоо тэгээд л өөрөө л,дураараа л явна гэсэн л утга ш дээ.

Ариун-Ундрах -

Хэрвээ тэгээд та ааваараа овоглоод,аавынхаа төлөө үг хэлвэл тэр үед ямархуу нөхцөл байдалд орох байсан бол?

Нэргүй -

Ааваараа овоглосон чинь харин сайхан л байналээ л дээ.Аавтай хүн чинь ааваараа овоглохоос сайхан юм хаа байхав.Би чинь одоо 53 онд ааваараа овоглосон байх аа.Налайхад ирээд л ааваараа овоглосон юм.Хотод байхад би Жамбал гэж овоглож байсан.

Ариун-Ундрах -

Тэгэхээр 53 он гэхэд чинь хэлмэгдүүлэлт намдчихсан...

Нэргүй -

Намдчихсан,бүр нам болчихсон.

Ариун-Ундрах -

Юу ч болоогүй юм шиг үү?

Нэргүй -

Юу ч байдаг юм,ёстой мэдэх ч юм байхгүй амар тайван болчихсон байлаа.

Ариун-Ундрах -

Аанхан.Тэгээд бүр таныг тэр бага байхад чинь тэр үед чинь Монголд ховор нандин эд бараа нь юу байсан бэ?

Нэргүй -

Өө зөндөө л юм байлаа.Ёстой нар хамба,нандин чавга янз бүрийн юм,магнаг торго,есөн шидийн юм байлаа.Тэр битгий хэл ингээд хуйлаад тавихад зүгээр буцаад дэвхийтэл нугардаг тийм сайхан торго байлаа шүү дээ.Харин дэлхийн 2-р дайны үед Улаанбаатарт юм их үнэтэй болсон юм.Тэгэхэд харин кг мах 50 төгрөг.Тэгэхдээ тэр үедээ л их үнэтэй байлаа л даа.Тэгээд шуудай гурил 700 төгрөгний үнэтэй энэ тэр болчихоод хачин их үнэтэй болчихжээ.Одоо яанаа?гээд улс тэгэж байлаа.Тэрнээс юм бол маш элбэг.

Ариун-Ундрах -

Тэр чинь сарын цалин л 400-500 төгрөг үү?тэ.

Нэргүй -

Сарын цалин асрагч хүн 190,сувилагч хүн 210 байлаа.Тэгээд 53 оноос 260 болоод,60 оноос байна уу 300 болоод нэмж нэмчихсэн тэр.Намайг тэтгэвэрт гарахад 300 болчихсон.

Ариун-Ундрах -

Тэр 200-н хэдэн төгрөг чинь.... Дэлхийн 2-р дайны үед та хэдэн настай байсан бэ?

Нэргүй -

За 45 он ш дээ.15 настай л байж дээ.Би дэлхийн 2-р дайны үед тэр юуны юунд явах гэж очсон юм.Тэгсэн чинь дэндүү жоохон байна.Авахгүй гээд аваагүй ш дээ.

Ариун-Ундрах -

Аан нөгөө сувилагчаар уу?

Нэргүй -

Ммхмм.Сайн дураараа улсууд их явдаг байсан.Тэгэхэд нь хэтэрхий жаахан байна аа,тэгээд ч чи бүсгүй хүн болохгүй,болохгүй тэр дайнд дурлаад байх сайхан юм биш ээ тэр чинь.Тэгээд яваагүй.

Ариун-Ундрах -

Тэр дайны үед хүмүүс бас юу ярьдаг байсан бэ?

Нэргүй -

Дайны үед яахав дээ одоо тэгээд дээр үед чинь юу яаж байсан ш дээ.Аж үйлдвэрийн комбинат нэг ийм яндан дугардаг байсан юм.Та нар үзсэн үү? Үгүй юу? Өглөө 7,7.30,8, өдөр 12, орой 5 энэ тэрд яндан дугардаг.Тэрийг нь болиулчихаад дэлхийн 2-р дайнд айлын болгоны үүдэнд оков ухуулаад,тэгээд айл болгоны гэрлийг ийм хар хөх юмаар бүрүүлээд,бүх машиныг бас тийм хар хөх юмаар бүрүүлээд өдрийн цагт машин явахгүй,шөнийн цагт машин явдаг.Тэгээд тэр яндан дохиогоор дугарвал тэр оковондоо хэд хоногийнхоо ууж идэх юмтайгаа ор гэж тийм хичээл заадаг байсан юм.Тэгэхээр их түгшүүртэй байсан.Баянтүмэнийг бөмбөгдөж байна гэж нэвтрүүлж байсан юм даг.Нэг их жигтэйхэн далбагар таваг шиг том хар багаж,та нар бол үзээгүй байх аа.Тэр хар юм тэгэж их сайхан дуутай тийм радиогоор тэгээд зарладаг байсан.Тэгэхээр их л түгшүүртэй байсан хэрэг байж таарна.

Ариун-Ундрах -

Аан тэгээд тэр оковондоо орох нь байна ш дээ тийм ээ?

Нэргүй -

Тийм.Тэр яндан түгшүүр дугарна,тэгэж дугарна,тэгэхээр нь ор,тэд хоногийн хоол ундтайгаа.Тэгэхээрээ тэр дайн гэж сүрхий л байсан байж таарах нь.

Ариун-Ундрах -

Таны ойр орчны хүмүүсээс нөгөө дайнд яваад тэгээд...

Нэргүй -

Манай ойр орчны хүн дайнд яваагүй.Манай нэг тэр миний овоглож байсан ах бол Сүхбаатар сайдын авгай Янжмаа гэж байсан.Та нар дуулсан байх.Тэрний тэргийг барьдаг байсан юм.

Ариун-Ундрах -

Жолооч нь уу?

Нэргүй -

Тийм жолооч.1-р зэргийн жолооч,дээр үедээ нилээн ховор жолооч байсан юм гэсэн.Тэгээд тэр дайнд яваагүй.Тэгээд манай ааваас өшөө тэгэж айхтар хэлмэгдсэн юм байхгүй л дээ.

Ариун-Ундрах -

Аан ажиллаж байх үед чинь ажил чинь ямархуу байсан бэ?

Нэргүй -

Ажил гайгүй ээ.Ажил бол өнөө өөрөө дуртай юм болохоор сайхан л байсан.Цалин бол одоо улсуудад хэлвэл элэг хөшмөөр 210 сувилагч нар,асрагч нь бол 190.Тэгээд жижүүр хийвэл илүү цагаа авна.Жижүүр хийхгүй бол тэрийгээ л авна.Тэгээд тэр чинь ашиг гэж суулгана.Тэгээд 100-н хэдэн төгрөг л авна ш дээ.

Ариун-Ундрах -

Суутгаад уу?

Нэргүй -

Ммхм.Тэгэхдээ юмны үнэ бага байсан болохоор 10 төгрөгтэй гарахад орой тор дүүрэн юмтай ирнэ.Одоо 10 төгрөгтэй гарвал хайрцаг шүдэнзгүй л ирнэ л дээ.Тийм байсан.Тэгэхээр амьдрал сайн л байсан.

Ариун-Ундрах -

Та өөрийнхөө хань ижилтэй хэзээ танилцсан бэ?

Нэргүй -

Би энэ хүнтэй 53 онд суусан.Тэрнээс өмнө дандаа ганцаараа явсан.

Ариун-Ундрах -

Аан тэгээд та хоёр 53 онд танилцаад тэгээд тэр үедээ гэр бүл болсон уу? Тийм ээ?

Нэргүй -

Ммхм.Тэгээд энэ надаас 5,6 дүү.Одоо дүү ч гэж хэлэхээргүй л ах л гэмээр болчихоод байна ш дээ.

Ариун-Ундрах -

Өтлөөд ирэхээр юу?

Нэргүй -

Тийм.Олон жил уурхайд явсан болоод хөл гар нь муу болсон юм уу? бүү мэд.Одоо ингээд нэг ийм суумгай өвгөн дөө яахав хөөрхий.Би хоёр хүүхэд дутуу гаргасан.Одоо тэгээд хүүхэд шуухад өргөж авах уул нь дургүй.Тэгээд насныхаа багадаа аваагүй юм чинь насаа өтөлсөн хойно үхсэнээ хийхэв дээ.Одоо хоёр хоноод ч үхэх юм уу? Хоёр сар болоод ч үхэх юм уу? Хар дараа.

Ариун-Ундрах -

Аан таны нөхөр уурхайд ажилладаг байсан юм уу?

Нэргүй -

Ааан уурхайд 21 жил ажилласан.Манай өвгөн уурхайд 21 жил ажиллачихаад өрөвдмөөр шүү.Надтай цуг 80 авдаг ш дээ.

Ариун-Ундрах -

Хүнд нөхцөлд тийм ээ?

Нэргүй -

Муу л авч байна ш дээ.Уурхайд чинь 10 жил ажилласан хүн 200 гаргаж авч байна,ах нь уурхайд ажиллаж байсан 500 мянга авдаг гэж байна,энэний ах.Чулуун ах чинь одоо худалдагч хийж байсан 100 гаргаж авдаг ш дээ.

Ариун-Ундрах -

Энэ тэтгэвэр нь яагаад ийм өөр өөр байгаа юм бол?

Нэргүй -

Бүү мэд ээ миний хүү.Эмээ нь яаж мэдэх вэ? Өгсөнийг нь л засгийн юм гээд л хүртчихээд байж байхаас.

Ариун-Ундрах -

Та хоёр тэгээд хоёр тэтгэврийн хөгшин л...

Нэргүй -

Өвгөн бид хоёр тэгээд хоёр тэтгэврийн хөгшин.Хоёр биендээ сайрхайд л сууж байдаг юм даа.

Ариун-Ундрах -

Хоёр биендээ бас сайрхана аа.

Нэргүй -

Би жаахан хөл хөнгөнтэй гүйдэг болохоороо энэнд жаахан дээрэлхээд чи тэгсэнгүй гээд.Энэ тэгээд суудаг болохоороо энэнд хийх юм гэж юм байхав.Суудаг хүнд чинь хийх юм алга ш дээ.Адгийн нэг хувинтай нүүрс бариад ороод ирж чадахгүй амьтан чинь иймэрхүү л байдаг юм.

Ариун-Ундрах -

Аан социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямархуу байсан гэж та боддог вэ?

Нэргүй -

Одоо юу?

Ариун-Ундрах -

Социализмын үед?

Нэргүй -

Социализмын үед бол өнөө захиргаадалт гэж нэг айхтар юм байсан болохоор чинь яг цагтаа л ирнэ,цагтаа л явна.Тэр чинь бас их хэрэгтэй байж.Одоо тиймгүй болохоор чинь өглөө 8 цагийн хүн 10-т ирээд,12-т цайндаа яваад 4 цагт ирээд,5 цагт тарчихаж байна ш дээ.Тийм байгаа биз дээ.Зүгээр хэтрүүлээд байна уу? Эмээ нь.

Ариун-Ундрах -

Тэгээд бас социализмын үед хүмүүс яаж ажилд ордог байсан бол?

Нэргүй -

Харин их чөлөөтэй ш дээ.Тэр чинь тийм хаалга үүд гэж даан ч тийм юм байгаагүй.Чи бичиг үсэг мэддэг үү?Мэддэггүй юу?гэж асуухгүй.Ажил хийж л чадвал авч л байна.

Ариун-Ундрах -

Одоо бол ажилд ороход ямар өөрчлөлт гарсан бэ?

Нэргүй -

Одоо ажилд ороход ер нь шаггүй юм биш үү? Эмээ нь ажилд орох гэж яваагүй болохоор.Энэ хүүхдүүдийн яриад байгаа нь тийм ч гэрчилгээ аваад ир,ийм ч гэрчилгээ аваад ир,тийм ч хэл сураад ир гэлээ л гээд байх юм байна ш дээ.Худлаа ч яриад байдаг юм уу?Адгийн наад зах нь Англи хэл сайн мэддэг байх хэрэгтэй л байдаг юм гэнэ,комьютер мэддэг хэрэгтэй байдаг л гэнэ.Тэгэхээр чинь их л юм шаарддаг юм шиг байна.Тэгэхээр чинь засаг төр ч тэр шаардах юмаа шаардалгүй яахав.Тэрний буруу гэж байхгүй л дээ.

Ариун-Ундрах -

Та нөгөө түрүүн Монгол бичиг сураад,кирилль үсэг сураад,Латин үсэг сураад гээд яриад байсан.Тэрийгээ яриач?

Нэргүй -

Аан тийм.Холилдуулж байлаа.Эхлээд би дээр 40-н хэдэн онд чинь монгол бичиг л байсан ш дээ.Монгол бичиг гэрээр заалгаад өө нэг ийм хавтгай мод,тэгээд нэг үзүүрийг нь шатаачихсан хөөтэй мод.Тэгээд хөөтэй модоороо модон дээрээ бичнэ.

Ариун-Ундрах -

Аанхан модон дээр бичих юм уу?

Нэргүй -

Ммм тэгээд монгол бичиг заалгаад бүгд үсгүүдийг нь заалгаад холбох болохоор нь хаяачихсан.Эхэн,дунд,адагт ордог гээд нэг юм яриад байхгүй юу.Өө яршиг чи минь тэр олон юмыг чинь яаж тогтоох вэ?гээд хаячихсан.Тэгсэн чинь аа бичиг үсэг мэдэхгүй хүн байж болохгүй гээд л бичиг үсгийн дугуйланд хөөдөг байхгүй юу.45 хоног хоолтойгоо,тэр чинь өөрөө хоолоо авна ш дээ.Тэгээд тэр 45 хоног дотроо сурахгүй бол дахиад хоолоо аваад...

Ариун-Ундрах -

Дахиад л суух уу?

Нэргүй -

Тэгсэн чинь 45 хоногийн хоолтойгоо энэ хойд Баянзүрх суманд өнөө Довчингийн гэдэг айлд байсан болоод ирэв ээ.Нэг 30 хоног дотор сурсаан.15 хоногийг нь яахав одоо хоногоо гүйцээхийн тулд байж байлаа.Тэгээд шинэ үсгийн багш гээд нэг ийм өө нохойд уруулаад л үгүй ээ тэр ч их хэцүү л дээ.Дээр үеийн настай улс чинь цуглана гэж байхгүй,цуглахаараа тийм арьс шир,ийм үнээ мал,тийм адуу үхэр гээд ярилцаад хэдэн тийшээ хараад.Би чинь жоохон хүүхэд болохоороо тэр өвгөчүүлийг чинь яаж наашаа хар гэх вэ? дээ.Тэгээд хаячихсан юм.Багшийг нь хийгээгүй яршиг,ар дээрээ цалин ч үгүй юм гэсэн,сайн дураараа л багш хийнэ.Нэг хүн сургавал 10 төгрөг өгнө ч гэл үү?Би 10 төгрөг ч аваагүй,10 мөнгө ч аваагүй хаячихсан.Тэгээд латин хэл чинь одоо яахав дээ.Заавал сурах шаардлагатай болно ш дээ.Өнөө хүн эмчилж байгаа болохоор чинь эмээ гаргах хэрэгтэй болно,тариагаа гаргах хэрэгтэй болно.Тэгээд сайн дураараа сурчихсан юм.Тэгээд тэр 60-н хэдэн онд сувилагчийн 6 сарын курст явсан чинь өөрөө 20,30-аад жил сувилагч хийчихсэн болохоор ёстой бүгд л мэддэг юм.Аа нэг л ойтой биш,нэг их сайхан санагдахгүй байгаа юм.Тэгээд практик хийх гээд гарахад чинь улсууд практикт гарсан тасгууд энийг л авна,энийг л авна гээд тэгдэг гэнээ.Багш тэгдэг юм чамайг л очоод дадлага хийсэн газрууд чамайг л авна,чамайг л авна гээд байна.Юу боллоо гэж би явж байдаг юм.Налайхаас л ирсэн юм чинь Налайхдаа л очихгүй юу.Чи яагаад ийм сүрхий эм гаргаж,тариа хийдэг юм? Аяндаа л сурчихгүй юу,хэн надад заах юм би өөрөө л сурчихгүй юу.Ямар хачин юм ярьдаг юм.Тэгэж байж билээ.

Ариун-Ундрах -

Яг номыг нь үзээгүй байж өөрөө практик дээр...

Нэргүй -

Ааан практикаар сурсан болохоороо ном үзсэн хүнээс илүү байдаг юм.Дадлагын юм чинь тэ? Илүү байх нь байналээ.Адаг нь тэр ном заалгаад практикт очиж байгаа хүүхдүүд чинь бол яаж мэдэх юм хөөрхий минь.Зааж л өгөхгүй бол мэдэхгүй ш дээ.Зүүгээ хааш нь ч харуулаад,тариураа яаж ч барьдаг юм мэдэхгүй ш дээ.Тэгэхээрээ сайхаан ер нь сайхан.

Ариун-Ундрах -

Тэр үеийн хүмүүс ихэвчлэн ямар өвнөөр өддөг байсан бэ?

Нэргүй -

Өвчнөөр өө? Ёстой мэдэхгүй юм даа.

Ариун-Ундрах -

Таныг эмнэлэгт байхад ямар хүмүүс ер нь ирж эмчлүүлэх үү?

Нэргүй -

Их л хугарч хэмхэрдэг,олгой гээч юм л их тусдаг.За тэр хурдан хугацааны олгой гээч юм чинь өдөрт годронгийн ямаа шиг л ирнэ ш дээ 7,8-аараа.Тэгээд л хугарч хэмхэрдэг тийм л байсан юм.

Ариун-Ундрах -

Машин шиг юм болох нь.

Нэргүй -

Наргиатай байгаа биз.

Ариун-Ундрах -

Хэ хэ гоё ярьж байна.Годронгийн ямаа байхдаа яахав дээ.Тэгээд тэр үед та ажиллаж байх үед чинь цалин бол тэгээд ер нь бол хүрнэ биз дээ?

Нэргүй -

Боломжийн болно.Тэр чинь ганц хүн чинь яадах нь ээ юм хямдхан болохоор боодолтой алим гэхэд чинь 4 төгрөг,хэдэн мөнгө ш дээ.Тэгэхээр чинь ядаад байх юм байхгүй... Нээрээ олгойтой хүн өдөрт 7 ирдэг байсан ш дээ.Тэгэхээр их л байгаа биз дээ.Дандаа хурдан хугацааны олгой.Тэгээд дороо л хагалгаанд орохгүй бол болдоггүй тийм байлаа.Тэгээд гэмтэл их байлаа дээр үед чинь.Яагаад их гэмтдэг байсан юм бүү мэд.Хугарсан хэмхэрсэн хүмүүс их ирдэг байлаа...

Ариун-Ундрах -

Та залуу насандаа тэгээд ямар ямар хувцасаар яаж гоёж байв аа?

Нэргүй -

Би одоо залуу насандаа туфль гээч юм өмсөөгүй,ботинк л өмссөн.Плате өмссөн,тэгээд монгол хувцсаа л өмсөнө ш дээ.Нэг их одоо үеийнх шиг элдэв дээдийн... би чинь одоо нүүрээ будаж байгаагүй,уруул амаа будаж яваагүй.Тэгээд ч хирургийн хүн... Би апирсанд орсон юм нэг хэсэг.Хирургийн апирсаны хүн бол уруул будах ном байхгүй,хумс будахгүй,бөгж хийхгүй,цаг хийхгүй.Тийм хатуу байсан юм.За уруул будахаар өнөө атаглаванд хийхээр будаг нь арилдаггүй гэнэ.

Ариун-Ундрах -

Атаглав гэж юм юм бэ?

Нэргүй -

Юм ариутгадаг сав. ... гээд нэг юм байдаг даа.Атаглав гэдэг чинь өнөө нейтралийг ариутгадаг ийм том савыг хэлдэг юм даа.

Ариун-Ундрах -

Тэгээд социализмын үед нөгөө түрүүн хүмүүсийн ажилд хандах хандлагыг яриад байсан ш дээ тийм ээ? Та тэгээд нөгөө тэтгэвэртээ гарсан ч гэсэн энэ ардчилалын дараагаар ажилд хандах хандлага чинь өөрчлөгдсөн үү? Таны.

Нэргүй -

Үгүй.

Ариун-Ундрах -

Өөрчлөгдөөгүй юу?

Нэргүй -

Үгүй,үгүй.

Ариун-Ундрах -

Аанхан.Та тэгээд тэр сувилагчаас өөр ажил хийж үзсэн үү?

Нэргүй -

Үгүй.

Ариун-Ундрах -

Үзээгүй юу тэ?

Нэргүй -

Үгүй.Би одоо ёстой сувилагчаас өөр ажил хийгээгүй.Насаараа л тэрийг хийлээ.

Ариун-Ундрах -

Аа таны нийт ажилласан жил чинь хэдэн жил билээ?

Нэргүй -

Би одоо анх 46 онд ажилласан юм.Тэгэхээр чинь 40-өөд жил ажиллаж байж тэтгэвэрт гарах уу тэ? Тэгэхдээ 27 жилтэй гарсан.Гомдоод ч байх юм алга л даа яахав,тэрэнд гомдох юм байхгүй.Нэгэнтээ л дээр үеийн уурхай,эмнэлэг хоёр чинь нэг боловсон хүчинтэй байсан ш дээ.Тэгээд одоо уурхайн баахан юм нь шатсан чинь эмнэлэгийх нь цуг шатсан юм гэнэлээ.Тэгээд алга болчихсон.

Ариун-Ундрах -

Бичиг баримтнууд нь уу?

Нэргүй -

Тийм.Тэгээд өнөө юунууд нь алга болохгүй юу.Одоо тэр хотоос шилжиж ирсэн шилжүүлэг энэ тэр нь бүгдээрээ байхгүй болчихсон.

Ариун-Ундрах -

Таныг амьдарч байх үед тэр нөгөө соёлын довтолгоо гэдэг зүйл болсон уу?

Нэргүй -

Аан соёлын довтолгоо болохоор барах уу даа.Айл амьтны чинь ор дэрийг нь хуулаад л хэдэн орны даавуутай,хэдэн аяга шанаганы алчууртай.Адаг нь энэ харахгүй юу.Социализмын үеийн аяга хатаагч,таваг хатаагч байна уу? Байхгүй юу? Заавал аваарай.Өөрөө тэгэж шаарддаг болохоор хамгийн түрүүнд өөрөө авна ш дээ.Өөрөөсөө эхлэхгүй бол хүнийг хэлээд яахав дээ.Танайд очсон чинь таньд байхгүй байналээ гэвэл юу гэж хэлэх үү?

Ариун-Ундрах -

Өөр юу юу шаардах уу?

Нэргүй -

Өө тэгээд л тэр чинь юу яана ш дээ.Адаг нь одоо 7 хоногийн 3 өдөр болгон айл хэсдэг эмнэлэгийхэн.Тэгэж хог цэвэрлэ,ингэж нүүрээ угаа.Зарим айлын юмыг угааж өгдөг тийм л байсан даа.Зарим нь хөөрхий минь дээ зүгээр эмээ нь хэтэрхий муу хэлээгүй шүү.Зарим нь ч мөн хэцүүхэн байна ш дээ.Хүүхдийнхээ баас шээсэнд дарагдчихсан,тэгээд хир буртгандаа дарагдчихсан,үс толгойгоо угааж цэвэрлэхгүй,үс хумсаа авахгүй.Тиймэрхүү юмнууд бол зөндөө байна ш дээ.Тэгэхээр чинь л соёлын довтолгоо гэдэг чинь юу вэ? Хумсыг нь авна,үсийг нь янзлана,нүүрийг нь угаана,хувцсыг нь угаана.Тийм л байлаа.

Ариун-Ундрах -

Тэгээд соёлын довтолгоо хэр үр дүнтэй болсон бэ?

Нэргүй -

Яахав дээ тэгээд соёлын довтолгоо чинь бас улсуудад их ашиг өгсөн юм биш үү? Сүүлд нь тэр айлаар явж байхад шал өөр л болсон байдаг юм даа.

Ариун-Ундрах -

Өөр болсон байна уу?

Нэргүй -

Тийм өөр.Ядаж л бас нүүрээ угаагаад,хүүхдүүдээ аятайхан хувцасладаг болчихсон л байдаг юм байналээ.Тэгэхээр тэр хэрэг болсон байж таарна.

Ариун-Ундрах -

Тэр соёлын довтолгоо яг ариун цэврээс гадна хүмүүсийг сурч боловсрох тал дээр нь ч юм уу бас анхаарах уу?

Нэргүй -

Сурч боловсрох тал дээр нь анхаарч л байсан байх л даа.Эмнэлэгийн улсууд бол дандаа л тийм хог шороотой хөөцөлдөж л явдаг юм чинь.Тэрнийг хогийг арилгуул,энэний жорлонг ухуул,тэрний нүүрийг угаа л гээд байхаас өөр тэнд очоод тэгэж юм заачихаад ир гэдэггүй ш дээ.Тийм байсан юм даг.

Ариун-Ундрах -

Тэгээд монголчууд хэзээ нөгөө бичиг үсэггүй хүнгүй болсон гэдэг билээ?

Нэргүй -

Аа тэр 40-н хэдэн онд чинь бүх нийтийг бичиг үсэгтэй болгоно гээд 45 хоногийг дайчилгаа тэр хоол ундтай нь явж байх үед л тэгээд бүгдээрээ номтой болоо биз бодвол.Тэр 45 хоногийн дайчилгаанд чинь 7 настай хүүхэд ч л байсан,бараг 50 хүрсэн хөгшин чиг л байсан,20-н хэдтэй хүүхэд чиг л янз бүрийн л юм очдог байсан.Тэгэхээрээ тэр бүгдээрээ л номтой болоо байх л даа.

Ариун-Ундрах -

Тэр янз бүрийн насны хүмүүс дотроос яг аль насных нь хамгийн хурдан сурдаг байсан бол?

Нэргүй -

Ер нь нэг 20-н хэдтэй,10-н хэдтэй нь арай илүү ойтой юм болов уу даа гэж боддог юм аа.30-н хэдтэй улсууд чинь одоо цайгаа санаад,хоолоо санаад байдаг юм байгаа биз дээ.Нийтийн гал зуухтай болохоор чинь.Тэгэж ч толгой өвдөөд,ингэж ч чихээр хатгаад л гээд байдаг юм байналээ.Тэгэхээр тэр цай хоолноос болж байгаа юм.Тэр чинь нэг их юм аваачсан нь хохироод л бага юм аваачсан нь завшаад л байгаа юм чинь.45 хоол гээд ихээ авааччихвал өнөө жоохоон юм аваачсантай нь нийлүүлээд нийтийн гал зууханд.Тэгээд бантан,лапша энэ тэр л явна ш дээ.Тэгээд нэг ийм өндөр наар засчихсан,тэгээд жоохон пийшин голд нь тавьчихсан,тэгээд гудсаа бүгдийг нь бөөгнүүлээд хураачихна.Тийм л байсан.Гэрт заадаг байсан юм.

Ариун-Ундрах -

Сураад төгссөний дараа бол гэрчилгээ өгнө тийм ээ?

Нэргүй -

Ааан гэрчилгээ-ягаан цаас.Надад одоо яваад байсан,одоо алга л байна.

Ариун-Ундрах -

Тэр цаас тэгээд ер нь хэрэг болох газраа хэрэг болно биз?

Нэргүй -

Ха ха ха бололгүй дээ.Юу ч болсон тэр чинь бичиг номгүй ээ гэхгүй тийм ээ? Бичигтэй л гээд нэг юм үзүүлээд байгаа болохоор болж л таарна.

Ариун-Ундрах -

Энэ нөгөө МУ чинь бичиг баримт паспортны хувьд хэдэн оноос бий болсон гэдэг билээ?

Нэргүй -

Паспорт ёстой мэдэхгүй юм аа.

Ариун-Ундрах -

Сүүлд юм шиг байгаа юм тэ.Таны бага байхад бол байгаагүй байх тэ?

Нэргүй -

Паспорт гээч юм чинь ёстой бүү мэд.Нэг л мэдэхийн тэр нэг улаан юмтай болчихсон л сүүлд нь одоо нэг ийм алгын чинээхэн юм.Тэр нь харин шал дэмий юм шиг байнаа.Нэг газар хаячихвал олдохгүй байх аа.

Ариун-Ундрах -

Таныг тэр нөгөө анх сувилагч болохыг ер нь хэн зөвлөсөн бэ?

Нэргүй -

Ай Ичинхорлоо эмч гэж нилээн сайн эмч байсан юм даа.Буриад хүн.Нөхөр нь бас эмч,өөрөө эмч.Тэр өөрөө больнезийн хашаан дотор гэртэй.Нэг тийм тайрмал үстэй.Энэ анагаахыг дээр үед төгссөн улсууд л Ичинхорлоо эмчийг их сайн мэднээ.Их сайн эмч,олгойг бол 20 минутанд л хийнэ.Би Ичинхорлоо эмчтэй хагалгаанд орж байсан.Савны гадуур хүүхдийг,олгой аваад л савны гадуур хүүхэд авна ш дээ.Тийм туршлагатай,тийм сайн эмч байсан юм.Одоо чинь тэгээд хөөрхий дөө нас бараад их олон жил болчих шиг боллоо хөөрхий.

Ариун-Ундрах -

Та ажилдаа дуртай байсан уу?

Нэргүй -

Дуртай.

Ариун-Ундрах -

Тэгээд таны хамгийн гол бахархдаг зүйл чинь юу вэ?

Нэргүй -

Үгүй ээ яахав дээ хөөрхий улсад ажил хийгээд нэг засгийн газрын жуух өгч байсан юм.Яахав ээ яахав 50 жилээр нэг 50 жил гэсэн медаль өгч байсан.Үгүй яахав хөөрхий засаг үнэлж л байгаа юм.Болж л байна.Надад нэг их овоогоод товойгоод бүтээчихсэн юм байх биш.Надад бол болно.Энгэр дээр гялалзсан юм зүүсэн зүүгээгүй адилхан даа.Эмээ нь жаахан зөрүүдүү ч юм уу ааш муутай ч юм уу нэг их гялалзсан юм ч яахав дээ гэж боддог юм ш дээ.

Ариун-Ундрах -

Эсрэгээр нь таны жигшдэг зүйл юу вэ?

Нэргүй -

Аа би ер нь шударга бус хүнд их дургүй,бялдуулчилж байх их дургүй,ядуу хүнийг үзэн ядах их дургүй.Тэгээд их л олон юманд дургүй дээ.Тэгээд миний дургүй болгоны тэрүүгээр нь гэвэл хачин юм болно доо.

Ариун-Ундрах -

Та социализмын үед ажил,хувийнхаа амьдрал хоёрыг яаж зохицуулдаг байсан бэ?

Нэргүй -

Одоо болоод л байна л даа тэр чинь.Социализмын үед чинь ер нь гэрт бага орж,гадаа л их явна ш дээ.Тэгэж суботник,ингэж хурал,тэгэж л лекц.Тэр чинь одоо цаггүй ш дээ.Тэнд ч траншейны нүх ухна,энд ч тэгэж юмны нүх ухаад тэгээд гэрт ч юмгүй л.Тэрийг чинь хийхгүй бол яаж болох вэ.Тэгээд нэг юм өглөө харгуйгаар гараад орой харгуйгаар орж ирнэ.Тэглээ гээд ядарсан ч юм алга,болж л байна.Тэрний хүч байсан юм байгаа биз.Хөл,гар өвдөхгүй одоо ингээд яваад байдаг.

Ариун-Ундрах -

Аан бас ажлын хамт олныхоо тухай яриад өгөөч?

Нэргүй -

Манай хамт олон сайхаан.Одоо ч 50-н хэдэн оны хүмүүс бараг байхгүй шүү.Бараг байхгүй.53 оны Налайхын эмнэлэгт ажиллаж байсан улсууд юу ч байхгүй шиг байна.Харин 56 оных бол Балжинням эмч байх шиг байна.70-н хэдэн онд ирсэн байх аа одоо энэ чинь Цэвэлмаа,Дугаржавын авгай.Ер нь тэгээд нэг үе нь дуусч байгаа юм уу гэж эмээ нь бодож байгаа ш дээ.

Ариун-Ундрах -

Тэр үеийн хамт олон ер нь хоорондоо ямархуу харилцаатай...

Нэргүй -

Тэр үеийн улсууд жигтэйхэн эвсэг ш дээ.Бие биенээ тэгэж тэр нь тэгчихэж,энэ нь ингэчихэж гэж муу сайн хэлдэггүй.Нэг нь нэгийнхээ төлөө,нийт нь олныхоо төлөө тэгээд яваад сурчихсан.Тийм цаанаас нь өнөө тэгээд дэглэчихсэн болохоороо тэр дэгээрээ сурчихсан байх.Цагийн юм цагтаа,цаг хожигдоно гэж байхгүй.Цагтаа л ирнэ,цагтаа л явна.Тийм сайхан байлаа.

Ариун-Ундрах -

Хамт олноороо янз бүрийн ажлаас гадуур ажил зохион байгуулах уу?

Нэргүй -

Өө зөндөө л байлаа.Одоо тэтгэвэрт гарахаас арай өмнөхөн чинь өө бөөгнөөд л ийшээ тийшээ амрана,зугаална,гэр гэртээ очно,муу сайнаа ярина,үхсэн хатсаныдаа очно.Харин одоо л яг нам болчихож дээ.Би тэгэж боддог юмаа.Одоогын улсууд миний үеийнхэн дуусчихаад тэгээд одоо залуучууд бол хөгшин бид нарыг яаж мэдэх вэ дээ.Амьд ч байдаг юм уу үхсэн ч байдаг юм уу гэж боддог биз.

Ариун-Ундрах -

Аанхан.Та өөрөө яг ямар ямар найзуудтай байсан бэ? Тэр үеийн найз нөхөд гэдэг ер нь ямархуу харилцаатай хүмүүс байсан бэ?

Нэргүй -

Би чинь одоо их сонин хүн ш дээ.Хүнд яривал хүн одоо үнэмшмээргүй.Би чинь эмэгтэй хүнтэй нэг их нөхөрлөддөггүй,эрэгтэй хүнтэй их дотно байдаг.Тийм сонин,тийм зантай болчихсон.Даан ч нэг тэгээд намайг аав тэгэж ч сургаагүй юм.Миний өөрийн зан.Хүүхнүүд нэг их тийм сонин биш санагдаад,тэгээд эр хүн бол тийм шударга шулуун.Тэгэхдээ ямар эр хүн болгонтой найзалсан гээд тэр чинь яваад ханилаад байхгүй шүү дээ.Зүгээр намайг залуухан байхад улсууд ярьдаг л байсан гэсэн.Би зүгээр өөрийнхөө чихээр дуулаагүй.Чамайг ер нь их завхай гэж ярих юм.Би тэгээд тэгдэг юм завхай гэдэг чинь ч нэр юм л даа.Яахав нэр өгч л байгаа юм бол өгч л байг,шал өшөө юм байдаг ш дээ завхай гэдэг чинь гэсэн юм.Тэгсэн чинь тэр хэлсэн хүн маань хөхрөөд байна.Тэгэхээр нь би тэгсэн юм.Завхай гэдэг юмны учрыг л олж ярихгүй бол эрэгтэй хүнтэй дотны байгаад зайвхай болчихно ч гэж байхгүй ш дээ гэсэн чинь хөхрөөд байсан.Тэгэхээр хүн ч бас үерхэж байгаа хүнээр нь дүгнээд энэ чинь аа харчууд дагаад гүйгээд байх юм,завхай юм гэвэл яаж болох вэ дээ тэр чинь.Завхайрчиж үзээгүй ч явж байгаа юм билүү.

Ариун-Ундрах -

Тэгээд таны тэр найзууд одоо бие биендээ туслах ч юм уу тиймэрхүү байдлаар харилцаа ямархуу байсан бэ?

Нэргүй -

Байлгүй яахав.Одоо бол хөөрхий миний муу нөхөд дууссаан дууссан,нас бараад.Одоо гадаа хэдэн чавганц л.Одоо чинь өшөө болж байна ш дээ.Өнөө социализмаа дагана гэхэд чинь одоо орчноо дагаад энэ гудамжны хэдэн чавганцнууд л найз юм шиг байна даа.

Ариун-Ундрах -

Тэгээд одоо энэ найз чавганц нар нийлээд социализмын үеийн тухай одоо юу гэж ярьдаг вэ?

Нэргүй -

Өө би чинь их сонин гэрээс гардаггүй.Энэ нэг өвгөн ингээд суугаагаараа болохоор чинь одоо тэгээд өлгийтэй хүүхэд маллаж байгаа юм шиг л ингээд л сууж байдаг юм ш дээ.Хааяахан гарангуут энэ авгай нар өө чи байгаа юм уу? Намайг байхгүй гэж хэнээс дуулаав?

Ариун-Ундрах -

Хэ хн бас их хэгжүүн байх нь ээ.

Нэргүй -

Тэгээд хэлчихдэг юм.Эртээр нэг зах дээр явж байхад хөөх чи чинь үхээгүй юм уу? Нэг солиотой юм намайг тэгэж байна.Хөөе чи чинь үхээгүй юу? Хөөе чи үхүүлж яах гээв? гэсэн чинь үгүй ээ чи чинь одоо 90 хүрчихээ биз гэнээ.Өө 100 хүрч байна гэсэн юм зэвүү хүрээд.100 хүрч байна ш дээ,юун 90 вэ? гэсэн чинь тэгэлгүй яах вэ? чи бүр талийж өгсөн байж таарна,аль хэдийн Налайхад ирлээ дээ.Ад үзэж байх шиг байнаа.Сонин байдаг юм шүү тийм ээ? Хүн хүний зан характер,тэр сурсан сурсан зангаараа байдаг байх тэ? Хүнтэй чинь бас нэг эвийг нь олж ярина,ард нь сэтгэл санаанд нь юм унагахгүй ярина энэ тэр гэж байх л ёстой байх аа.Би тэгэж боддог юм зүгээр хүү минь.Тэр чинь буруу ч юмгүй.Хүнтэй мэндэлсэн ч нэг өө та сайн уу? гээд өнгөрч болно.Хөөе чи үхээгүй юм уу? гэдэг мэнд гэж хаа байх вэ дээ.Одоо тийм мэндтэй болсон байналээ.Өө чи үхээгүй юм уу? гээд,яасан үхдэггүй юм гээд байх шиг.

Ариун-Ундрах -

Таны бодлоор социализмын үе ер нь ямар онцлогтой вэ?

Нэргүй -

Социализмын үе чинь одоо ер нь шударга шулуун л байсан юм уу даа.Тийм бялдууч занг наадах чинь шал худлаа л гэдэг байлаа.

Ариун-Ундрах -

Ардчилал гарах үед та юу хийж байсан бэ? Гэртээ байсан уу?

Нэргүй -

Гэртээ.

Ариун-Ундрах -

Аанхан.Тэр олон залуучуудыг тэгээд явж байхад нь та дотроо юу бодож сууж байсан бэ?

Нэргүй -

Одоо юу ч бодох вэ дээ.Одоо тэгээд эвтэй юм эвэндээ ороод эв найрамдалтай л болцгоох юм биз дээ гэж бодоод л... 90 онд гараа биз дээ,би чинь 80 онд тэтгэвэрт гарсан юм чинь.

Ариун-Ундрах -

Аанхан.Тэгээд ардчилал гарсаны дараа таны энэ гэртээ сууж байгаа амьдралд чинь өөрчлөлт гарсан уу? Гараагүй юу?

Нэргүй -

Үгүй.

Ариун-Ундрах -

Ер нь тэгээд нэгэн хэвийн л байх уу?

Нэргүй -

Нэг л хэвийн л.

Ариун-Ундрах -

Социализмын үеийн хүүхдүүдийн ч юм уу ер нь хүмүүсийн хүмүүжил нь ямархуу байдаг байсан бэ?

Нэргүй -

Харин социализмын үеийн хүүхэд,том хүний хүмүүжил бол харьцангуй аятайхан байсан биш юм уу? Би тэгэж боддог юм.Ажилгүй хүн байсангүй,сургуульгүй хүн байсангүй.Тэгээд яахав дээ хулгай хийдэг хүн байсан л байлгүй.Яахав дээ тэр бол байж л таараа.Бид нар гадуур дотуур энэ нь хулгай хийж байна уу? энэ нь хулгай хийж байна уу? гэж явах юм биш.Хулгайч бол байсан л байлгүй.Гэхдээ бол одоо цаг шиг шөнө орой болохоор гадаа гарч болохгүй,жоохон охидууд хүүхдүүд явж болохгүй энэ тэр гээд радио тэгэж зарлаад байна ш дээ.Социализмын үед тийм юм байгаагүй.Харанхуй шөнө ч явж байна уу? Өдөр ч явж байна уу? Тийм юм ерөөсөө байсангүй.

Ариун-Ундрах -

Айдаг ч үгүй байсан байх.

Нэргүй -

Айдаг ч үгүй,тийм айдасгүй сайхан байсан.Тэгэхдээ тэр хулгайч байсан нь байж байсан л байж таарна л даа.

Ариун-Ундрах -

Ер нь тэгээд социализмын үед одооных шиг архи уудаг хүн байгаагүй байх тэ?

Нэргүй -

Байгаагүй байгаагүй.Адаг нь архи уудаг хүн байхгүй.Тэгээд л гудамжаар чинь тэгэж солиотой юм шиг хашгиралдаад,энгэр заам нь задайчихсан тийм юм гүйж яваа харагддаггүй л байсан.Архи чинь маш хямдхан байсан ш дээ.7 төгрөг 50 мөнгө нэг шил архи.Тэгээд харин сүүлдээ явсаар явсаар байгаад талийчихаж.Наадах чинь одоо хэний календарь юм?

Ариун-Ундрах -

Таныг бага байхад тэр уламжлалт баярууд байгаа ш дээ.Цагаан сар,наадам.Энэ баяруудыг яаж өнгөрүүлдэг байсан бэ?

Нэргүй -

Яг л одоо шинэ жил бол шинэ жилээр.Оросын цагаан сар юм шинэ жил чинь.Оросынхоо цагаан сараар яахад нэг тавагтай идээ тавьчихаад,Монголынхоо цагаан сараар гараа зөрүүлчихээд,тэгээд Майн нэгний баяр гээд нэг их жагсдаг байлаа ш дээ.Одоо бол майн нэгний баяр гэж юм байхгүй л юм шиг байна даа.

Ариун-Ундрах -

Юу Мартын 8-аар яадаг байсан бэ?

Нэргүй -

Мартын 8-аар чинь одоо... Сүүлийн үед л их Март хийдэг болсон юм шиг байна даа.Энэ 60-н хэдэн онд Налайхын авгай нар их Марталдаг байсаан.Бөөн бөөнөөр Марталж байна гээд тэр энэнийх,тэдний энэнийх гээд хэсээд шөнөжин,өдөржин хэсээд манай өвгөн баахан согтуу авгай нарыг чинь хэдэн тийш нь хүргээд.Би чинь одоо өсөхөөс аваад өтлөхөө хүртэл архи гээч юм амсч байгаагүй болохоороо би явдаггүй.Өвгөнийг л явуулчихдаг юм.Тэгээд өөрөө явахаар бол томоо данханд сүүтэй цай чануулаад дэргэдээ тавьчихна.За та нар дуртайгаа уу,би дуртайгаа ууя.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.