Anonymous
![](../assets/images/interviewees/990205.jpg)
Basic information
Interviewee ID: 990205
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Batbuyan
Sex: f
Year of Birth: 1950
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Head of XX district Red Cross
Belief: Buddhist
Born in: Tonhil sum, Govi-Altai aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: worker
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
foreign relations
authority
industrialization
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
childhood
schoolchildren's life
foreign relations
consumer goods
authority
boss - worker relations
industrialization
men and women
women's organization
democracy
nature and environment
funeral rituals
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
За сайн байна уу, өмнөх ярилцлагаа үргэлжлүүлье?
Нэргүй -
Сайн, сайн байна уу? Заа.
Саранцэцэг -
Заа, таныг бага байхад хүүхдүүд яаж боловсрол эзэмшиж байв, сургуульд та голдуу юу сурч мэдэв, сургуулиас гадуур та ямар боловсрол олж авсан бэ?
Нэргүй -
Бага байхад 8 нас хүрээд сургуульд оруулдаг байлаа. Одоо бол яахав, 6- тайдаа оруулж байна. Дөрөвдүгээр анги хүртэл бага боловсрол эзэмшүүлдэг. Таваас аравдугаар анги хүртэл дунд боловсрол эзэмшүүлдэг, тийм байлаа. За сургууль дээр болбол яахав, хичээл 5,6-н цагийн хичээл хийчихээд, зарим өдөр нь бол пионерийн ажил гэж том ажил хийдэг байлаа. Пионерийн ажил гэдэг нь тэр одоо, жишээлэх юм бол хүүхэд болгон пионерийн гишүүн байна. Тэр ангид пионерийн гишүүн биш хүүхэд байхгүй, заавал пионерийн гишүүн байдаг байсан. Тэгээд л одоо жишээлэх юм бол, би одоо Шарын голд байдаг байлаа. Пионерийн ажил гээд мөсөн каток дээр юугаар, тэшүүрээр, цөмөөрөө гулгаж сурна. Пионерийн ажил гээд тэр каток дээр л байна. Эсвэл тэр пионерийн ажлаар дуу сурна, уншсан зохиолоо ярилцана. Тийм ажлууд хийдэг байсан.
Саранцэцэг -
Тэр үед төр боловсролыг яаж удирдаж байсан бэ?
Нэргүй -
Одоо тэр үед чинь сургалтын программ /удирдамж/-аар л удирдаж байсан байх. Тийм сургалтын программаар л удирддаг байсан. Өөр одоо хичээлээс гадуур зохиогдох соёл хүмүүжлийн ажил байсан, тэгээд пионерийн ажил гэж байсан. Одоотой адилхан нийгмийн ажилтан гэж байдаггүй байлаа ш дээ. Ерөөсөө л сургууль дээр чинь захирал, хичээлийн эрхлэгч, хүмүүжлийн эрхлэгч ийм л 3-н хүн удирдах ажилтан нь байсан ш дээ .Одоотой адилхан нийгмийн ажилтан, арга зүйч багш, диспетчер багш гэж байхгүй ш дээ. Боловсрол бол огт үнэ байхгүй, тэр чинь одоо нэг зүйл нь бүгд эрх тэгш, бүгд адилхан пионерийн гишүүн байна, бүгд адилхан форма өмсөнө, бүгд адилхан багшаараа хичээл заалгана. Тэгсэн мөртлөө дүн нь сургууль, хичээлд хандаж байгаа байдлаасааа болоод өөр байна. Аа түүнээс одоогийнхтой адилхан сонгон шалгаруулдаг, би одоо математикийн ангид явна, би одоо хэлний ангид явна, би одоо энэ зохион бүтээхийн ангид явна гэсэн сонгон шалгаруулалт байхгүй. Бүх хүүхэд л хүссэн хүсээгүй тоо үзнэ, геометр үзнэ, монгол хэл үзнэ, биологи, газар зүй үзнэ. Тэр бол бүх хүүхдүүдэд нэгэн жигд, бүх хүүхдүүд адилхан хүрэн форма, хар фартуктай, галстуктай, тийм байсан. Жигд формтой байсан болохоор энэ ямар амьдралын түвшинтэй байсан нь харагдахгүй ш дээ.Тэр форма чинь жигдхэн нэг үнэтэй, таарах размерийг л аваад өмсчихнө.
Саранцэцэг -
Танай хүүхдүүдээс гадаадад сурч байсан хүүхэд байгаа юу?
Нэргүй -
Манай хүүхдүүдээс бол сурч байна даа сурч байна. Ач ч одоо сурч байна гадаадад. Аа тэр социализмын үед бол байхгүй ш дээ. Социализмын үед бол гадаадад явах нь маш ховор байсан. Аа онц сурсан хүүхэд 10-аа алтан медальтай төгссөн хүүхэд гадаадын дээд сургуулиас хуваарь ирнэ. Аа тэнд бол малчны хүүхэд ч явна, ажилчны хүүхэд ч явна, даргын хүүхэд ч явна. Аа тэр сурлагаараа л онц бол Орос-д голдуу явна ш дээ. Одооных шиг Англи, Америк гэж байхгүй. Америк чинь бол капиталист нийгэм, тэрэнтэй бол халдаж, ойртож болохгүй тийм. Манайх бол социалист системтэй, капиталист, социалист систем бол нэг биш, ийм үе байсан байхгүй юу.Тэгэхээр тэнд бол Зөвлөлт.., Оросын холбооны улсад сургуульд явна, Хятад мятад руу сургуульд явна гэж бараг байдаггүй байсан. Нэн ховор байсан байх.
Саранцэцэг -
Хүмүүст ер нь гадаадад явах боломж байсан уу?
Нэргүй -
Өө явна явна, би гэхэд л одоо зөндөө явсан ш дээ. ЗХУ, Герман гээд л Эвлэлийн ажлаар аялал, тэнд чинь нөгөө тойрон аялал хийнэ гэдэг гэнээ. Тэгээд л хэрвээ сайн ажилласан бол тойрон аялалд оролцоод явна даа. Тэгээд одоо төлбөрийг нь байгууллагаас төлчихнө ш дээ. Тийм, тэгээд зохион байгуулдаг байсан. Би Эвлэлийн хороон дарга байхдаа тойрон аялалаар Эрхүү, Улан-Удэ, Москва, Ленинград маршрутаар явж байсан.Германы залуучуудтай уулзалт хийх, ер нь Орос тал руугаа их явдаг байсан байна, одоо бодоход. Оросуудтай чинь одоо Залуучуудын их наадам, зургаан удаагийн их нааадам хийлээ ш дээ.Тийм найрамдал наадам гэж, оюутан залуучуудын “Найрамдал” наадам гэж, “Эв модны наадам” хийдэг байсан ш дээ. Тэр чинь одоо 81 онд явж байсан юм байна, 78, 79 онд явж байсан юм байна.
Саранцэцэг -
Ер нь многолчууд гадаадын хүмүүстэй ямар харьцаатэай байсан бэ?
Нэргүй -
За ер нь 60-аад оны эхээр 60-аад онд болбол хятадууд манайд их байлаа ш дээ. Усны гудамж гээд хятадуудын гудамж байсан юм. Одоо төмөр замын хэрэг эрхлэх газар байгаа, одоо энэ Сүхбаатар дүүргийн 5-р хороо байгаа газар гэдэг чинь тэр аяараа Усны гудамж гэдэг байлаа. Одоо энэ дүб/царс модон/-н хашаатай, ингээд хашаа нь хонхтой, одоо гэртээ бол гэр нь хаалган дээрээ цонхтой, тийм гэртэй, тэгээд одоо би тэр Сэлбийн гүүрийн тэнд анх сургуульд сурч байсан, цэцэрлэгийн багшийн сургуульд Багшийн дээдийн тэр хавиар чинь хятадууд ихтэй, хятад нарийн боовны дэлгүүрүүд ихтэй, ногоо самар их зардаг, тийм байсан ш дээ.Тэгээд тэр хятадуудыг чинь нэг 68,69 оны үед гаргасан байхгүй юу, 1966-68 оны үед, нэг их гаргасан ш дээ. Дандаа тийм хар хөх хувцастай хятадууд байсан. Монголчуудаас их ялгардаг. Хар хөх өнгөтэй хувцас өмсчихдөг, тэгээд настай эмэгтэйчүүд нь ийм ийм жижигхэн хөлтэй. Тэгээд яагаад ингэдэг байсан юм гэхээр хол явуулахгүй гээд хөлийнх нь улыг зүсээд, давс хийгээд боочихдог, тэгээд салхинд гуйвж уначих гээд, салхинд ингээд хашаа түшиж явж байгаа нь харагддаг. Тэгээд тэрнийг яагаад гаргасан юм, хятадууд нэг их гарсныг л би санадаг юм. Яагаад гэвэл би тэр хятадын боовтой самар, манай тэр лүү нэг жижигхэн гартай хятад хужаа ингээд л самар зараад сууж байдаг. Би аягүй их самар авч иддэг, хятадын хүүхэдтэй нь их найзалдаг байсан. Манай ангид ч гэсэн байдаг байсан. Тэгээд сүүлдээ тэр хятадууд чинь ихэнх нь гарч яваад, дараа нь хятадууд орж ирэхдээ тийм хар хөх хувцасгүй болчихсон орж ирж байсан, ерөөсөө ялгагдахгүй. Тэгээд л одоо бодвол дэлгүүр мэлгүүрээр явж байхад чинь монголоор ч яриад, хятадаар ч яриад л явж байна ш дээ, тийм. Ерээд оны эхээр бол бид нар Эрээн, Хөх хот руу анх удаа гарч байсан.Тэгэхэд бол дөнгөж ардчилсан хувьсгал ялсны дараахан, одоо тийшээ бараг л анх удаа л 90 онд хувьсгал ялахад 91,92 онд анх урагшаа явж байсан. Тэгэхэд Эрээн чинь нэг тосгон байсан чинь, одоо Улаанбаатараас том болчихсон байналээ ш дээ.
Саранцэцэг -
Ер нь гадаад эд барааг монголчууд хаанаас олж авдаг байсан бэ?
Нэргүй -
Оросуудаас, дандаа оросуудынх. 80% нь манайд орос бараа эзэлдэг байсан ш дээ. Манайх чинь Орос руу түүхий эдээ гаргадаг, малаа гаргадаг, ноос үсээ гаргадаг, махаа гаргадаг, хөлөөр нь ч малаа гаргадаг байсан ш дээ. Хятад бараа бараг байдаггүй шахам байсан ш дээ. Хятад бараа бараг байдаггүй байсан юмаа. Би л лав хятад бараа гэж мэдэхгүй, дандаа л оросынх. Монголчууд нь тэгээд тэр оюутан залуучууд нь тэр социализмын үед оюутнууд нь аягүй их сангийн аж ахуй явдаг. Би гэхэд л 3 жил сангийн аж ахуй явсан ш дээ, тэгээд л нөгөө төмс, хүнсний ногоо, гурил эд нарыг чинь өөрснөө зуун хувь хангадаг байсан ш дээ. Хятад ногоо, хятад төмс гэж байдаггүй байсан ш дээ тийм. Тэгээд монголчуудын идэх юмны төрөл цөөхөн байсан ш дээ. Мах, ногоо, гурил, сүү, цагаан идээ, ерөнхийдөө л тийм. Одоо ийм олон оронтой харьцаагүй байсан учраас тийм. Олон юм орж ирдэггүй байсан ш дээ. Дэлгүүрт чинь одоо оросын бараа, оросын дэлгүүрт чинь одоо, дарга нар чинь пропусктай орчихно, за цэргүүд бол очерлоод орчихно,тэгээд бид нар чинь бол мөнгө өгөөд орчихно. Тэгээд орос дэлгүүрээс орос бараагаа их авдаг. Тэр нь их хямдхан, их гоё хувцас байдаг байлаа ш дээ, тийм. Манай Шарын гол чинь уурхайтай, оросууд ихтэй байдаг байсан, тэгээд 2 орос дэлгүүртэй. Тэрэнд нь бид нар очерлоод ордог. Аа Чойрт очсоны дараагаар чинь орос дэлгүүрийн пропуск өгчихнө.Тэгээд тэр Чойр чинь тэр аяараа 3-н том дивиз байсан юм чинь.Танкийн дивиз, явган цэргийн дивиз, одоо тэр 18, 22, Хонхор эд нар чинь одоо ингээд л газар дороос л онгоц нисээд гараад явчихдаг. Одоо бид нар чинь хөдөө шугам замаа хийгээд л явж байхад чинь танкийн цуваа явж л байдаг, тийм л байлаа ш дээ.Чойр гэхэд чинь наадмаа хийнэ гэхэд чинь 100 гаруй км гарч хийдэг, яагаад гэвэл оросын цэргийн полигон сургалтын талбайтай. Нэг бодлын аймаар ч юм шиг, тийм.
Саранцэцэг -
Та ер нь орос найз нөхөдтэй байсан уу?
Нэргүй -
Өө зөндөө зөндөө. Миний тэр төмөр зам чинь хувь нийлүүлсэн байгууллага гээд оросууд ихтэй. Тэгээд л тэр оросын тэр авгай нартай чинь их найзална. Тэгээд замын даргын үзлэг гэдэг чинь оросоор рапорт өгөхийг шаардана. Хичээл хүртэл дээд сургуулиудад чинь оросоор л заадаг байлаа ш дээ, бид нарт чинь. Зарим нэг хичээлүүд оросоор ордог байлаа ш дээ.
Саранцэцэг -
Социализмын үед эрх мэдэлтэй хүн гэвэл?
Нэргүй -
Социализмын үед эрх мэдэлтэй хүн гэвэл одоо ер нь одоо тэр хамтын шийдвэр их гаргадаг байлаа ш дээ. Одоо тэр хурал дээр их айхтар үг хэлдэг хүнийг л би яасан эрхтэй дархтай юм хүнийг, тэр хүнээс чинь хүмүүс их айдаг, одоо тэр улаан цайм шүүмжилдэг, бие биенээ хайр найргүй хэлдэг, тийм хүмүүсээс их айдаг ичдэг байлаа ш дээ.Тэрнээс дарга нараас ч нэг айхгүй, хүн хүнээсээ ш дээ.
Саранцэцэг -
Дарга нар доод тушаалын улстайгаа яаж харьцдаг байсан бэ?
Нэргүй -
Доод тушаалын улстайгаа бол тэр хүнийхээ хувийн чанараас их шалтгаална. Зарим дарга нар бол доод тушаалын хүмсүүдтэйгээ их сайн харьцана. Хүмсүүдийнхээ саналыг авна, тэд нартайгаа аль болох их сайн харьцана, зарим хүмүүс нь дээшээгээ ажилладаг, доошоогоо ажилладаггүй дарга нар гэж ярьдаг л байлаа ш дээ. Тэр чинь тэр хүний өөрийнх нь ухамсар, тэр хүний боловсролын түвшин, тэр хүний хүн чанартай л холбоотой асуудал. Тэр дарга ямар байх нь. Аа тэгэхдээ муу дарга хамт олныхоо хурлаар их шүүмжлүүлнэ ш дээ. Улайтал нь шүүмжилчихнэ. Тэр нь нэг сайн тал байсан. Яагаад гэхлээр их хуралддаг байсан. Одоо тэгээд яагаад хороо морооны хурал болоход настай улс, цуглаан болоход настай улс суугаад байна, тэд нар чинь одоо залуу байхад нь хуралдуулсаар байгаад яагаад настай улсууд микрофонд оочерлоод үг хэлэх дуртай байна, нөгөө шүүмжилсээр байгаад сурчихсан, одоо залуучууд хэзээ ч хуралд суухгүй ш дээ. Бид нар ярьдаг байхгүй юу, бид нарын үе дуусахаар хороо хориных нь хуралд хэн очих юм бол доо/инээв/, одоо уулзалт цуглаанд нь ямар улсууд очиж суух юм бол, одоо ч яахав, одоо хүүхдийн эцэг эхийн хурал болохоор дандаа эмээ, өвөө нар очоод суучихдаг, аймар хурлын хэнхэгтэй /инээв,/ хуралдаад сурчихсан. Тэгээд л хуралдангуутаа очоод л босоод л яриад л, тээ. Юм хэлэх гээд л. Одоо тэр чинь тийм өвчин байна ш дээ. /инээв/ Тэр чинь тийм байсан үе. Нэг бодлын инээдтэй байгаа биз дээ,тээ. Хуралдаа аймар дуртай/инээв/.
Саранцэцэг -
Ер нь одоо дарга нарыг харахад жирийн улсуудаас өдөр тутмынхаа байдлаар ялгагдах уу, өмсөж зүүж эдэлж хэрэглэж байгаа юм ч байдаг юм уу, биеэ авч яваа байдал нь?
Нэргүй -
Заа яахвээ, бас дарга гэдэг утгаараа бас нэг жаахан ялгагднаа. Өрөө мөрөө нь арай өөр тээ. Тавилга мавилга нь арай өөр. Аа тэгэхдээ тэр үеийн дарга нар арай идэж ууж чаддаггүй байсан байх тийм тэгж боддог. Байгууллагын хууль нь чанга тэр олны хяналт гээд нэг юм байлаа ш дээ. Социализмын үед Ардын Хянан Шалгах Хороо/АХШХ/ гээд нэг мундаг юм байлаа. Заа тэр АХШХ-нд чинь хэн дуртай хүн нь мэдээлэл бичнэ шүү дээ. АХШХ-нд мэдээлэгдсэн хүн болбол хуга шалгуулна шүү дээ. Тэр чинь комисс гарч ирээд л ёстой уудалж өгнө. Тэгэхээр тэр АХШХ гэдэг юм болбол байгууллага болгонд байна, тэгээд тэр чинь хэдэн сонгуультантай. Тэгээд тэр бол ардын хяналт. Тийм байсан үе дээ, тийм. Тэр АХШХ гэдэг юмыг чинь ард түмнийг их дарладаг, их дарамталдаг гээд анх 90 онд чинь хамгийн түрүүнд АХШХ –гоо буулгаж байлаа ш дээ. Намын дайчин туслагч, бэлтгэл хүчин гэдэг эвлэл гэдэг юмыг буулгана гэхэд бид нар Эвлэлийн Төв Хороо 4 цаг хүртэл хуралдаад эвлэлээ аврах гээд аварч чадаагүй ш дээ, /инээв/ тийм. Одоо энэ хэн энэ тэр чинь байсан байхгүй юу, Сангийн сайд байгаа Баярцогт, Баярцогт чинь Эвлэлийн үүрийн дарга эд нар байлаа, ...Эвлэл бол ерөөсөө хэрэггүй, одоо эвлэл татан буугдахгүй бол энэ мундаг диктатур татан буулгахгүй бол салахгүй задрахгүй, энэ их дайчин байгууллагыг заавал татан буулгана, тэр байтугай пионерийн байгууллагыг хүртэл татан буулгаж байж сая одоо чөлөөтэй болно гээд тэгж байлаа ш дээ.
Саранцэцэг -
Хүмсүүд эрх мэдэлтэй хүнд яаж ханддаг байсан бэ?
Нэргүй -
Тэр бол хүмсүүд янз янз хандана ш дээ. Зарим нь даргад их сайн, даргад долигноно, даргад бэлэг өгнө, даргыг гэртээ аваачиж цай уулгана, одоо албан тушаалд дэвших гээд л одоо янз янз. Зарим хүмүүс бол даргыг одоо шүмжлээд л даргыг одоо АХШХ-нд бичээд л, /инээв/ тээ, даргыг бол одоо.., хүн хүн янз янзаар л харьцдаг байсан. Тэгэхдээ тэр үеийн дарга нарын онцлог болбол энэ хамтын шийдвэр гаргадаг байсан юм шиг байгаам. Байгууллага дээр ч гэсэн одоо захиргааны зөвлөл гэж байлаа, одоо энэ хороо хорин ч гэсэн хорооны засаг даргын зөвлөл гэж байдаг байсан ш дээ. Тэр засаг дарга өөрөө шийдвэр гаргахгүй, засаг даргын зөвлөл хуралдаж байж шийдвэр гаргана гэх жишээтэй. Эвлэлийн байгууллагад бол эвлэлийн хорооны товчоо хуралдаж байж л шийдвэр гаргана. Тэнд бол хамтын шийдвэр гаргадаг, тэр нь бол маш хэнхэг, тэр улсууд дотор асуудлыг бол эргүүлээд тавьчихдаг улсууд байна ш дээ. Тийм байхгүй, ийм байна гэж.
Саранцэцэг -
Ер нь одооны энэ дарга нар ямархуу байх юм?
Нэргүй -
Заа одооны дарга нар байна ш дээ, ийм л юм байгаад байгаам. Би боддогийм ш дээ, социализмын үеийн дарга нар бол яахав, яг мэргэжлийн хүн, яг томилсон хүн нь, яг эх оронд нь ингээд томилоод очуулдаг байсан, тээ. Хэрэгцээтэй газар нь. Одоо жишээлэхийн бол би Зүүнхарааг мэдэхгүй байж л Зүүнхараад очиж байлаа ш дээ. Аа одооны дарга нар уламжлал маягтай, тийм. Одоо би дарга байлаа гэхэд одоо миний хүүхдүүд тэр байгууллагад ч юм уу өшөө өөр байгууллагад ч юм уу, ер нь дарга нарын хүүхэд арай давуу эрхтэй байгаад байна уу даа гээд харагдаад байдаг ш дээ. Гадаадын сургуульд явчихаад л тэгээд л мэргэжлийн бус хүн ирээд л танай эмнэлгийг чинь инженер хүн ч удирдаж мэднэ ш дээ. Яамыг чинь өөр хүн эдийн засагч хүн удирдаж байгаа юм чинь танай эмнэлгийг чинь өөр эдийн засагч хүн удирдахад яагаад болохгүй байхав. Тийм л тогтолцоо байна ш дээ. Одоо тэр бол надад сонин санагдаад байдаг юм, харин дээр үед бол тэр байгууллагыг мэргэжлийн хүн нь л удирддаг байсийм. Мэргэжлийн бус бол удирдахгүй ш дээ. Одоо эмч ирээд сургуулийг удирдахгүй ш дээ, багш очоод эрүүлийг хамгаалах яамыг удирдахгүй ш дээ. Тэр Батлан Хамгаалах Яамыг Цэргийн дээд сургууль төгссөн мэргэжлийн л, их мундаг хүн удирдана уу гэхээс зүгээр одоо нэг хүн ирээд удирдахгүй ш дээ. Цэргийн форм ч өмсөөгүй, дэслэгч ч аваагүй, ахмад ч болоогүй, тийм хүн Яам удирдахгүй ш дээ. Тийм сонин юм байсан ш дээ. Одоо бол би тэрнийг гайхаад байдаг байхгүй юу. Асуусан л даа, асуухаар энэ бол бодлого барьж явж байгаа учраас мэргэжил шаардлагагүй л гэдгийм билээ. Тийм, тэрүүгээрээ ялгаатай. Тэр үеийн дарга нараас одооны дарга нар, тийм байгаа биз.
Саранцэцэг -
Одоо бол төрийн бус байгууллагууд /ТББ/ их болсон, танд төрийн бус байгууллагуудтай харьцаж байсан туршлага бий юу?
Нэргүй -
ТББ-тай би их холбоотой ажиллаж байсан ш дээ, одоо ч гэсэн. Одоо тэр ахмадын байгууллагатай нь эмэгтэйчүүдийн байгууллагатай нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагатай нь хамтарч ажиллаж байна л даа. Энэ ТББ-ууд чинь 2 талтай байна. Аа сайн ажиллаж байгаа байгууллага бол нийгэмд нөлөөлж чадаж байна. Нийгэмд ямар нэгэн зорилтыг хэрэгжүүлж чадаж байна, аа мөнгөний төлөө ТББ-ууд зөндөө байна ш дээ. Зүгээр л нэг одоо Хууль зүйн Яамаар ороод л гэрчилгээ, тамга хоёр авчихдаг, сайхан нэртэй, ард нь бол ашиг хөөгөөд л, мөнгө хөөгөөд л явчихдаг. Аа эсвэл гадаадын гар хөл болсон ТББ-ууд байна ш дээ. Аа гаднаас ивээн тэтгүүлээд, тэр гадны хүмүүсийн бодлогыг хэрэгжүүлдэг ч юм уу, одоо яадаг юм, тээ. Одоо ТББ-ын хууль, одоо дээр үед бол олон нийтийн байгууллага гээд цөөхөн байгууллага байлаа. Одоо бол янз бүрийн нэртэй ТББ-ууд байна, тэгээд зарим нь ч хэрэгтэй, зарим нь ч хэрэггүй л юм шиг л байна ш дээ.
Саранцэцэг -
Социализмын үед шинэ техник технологи гэвэл юу байв, танд хамгийн сайхан санагдаж байсан технологи гэвэл юу байсан?
Нэргүй -
Би ч одоо хамгийн анх төмөр замыг мэдрээд л аягүй сайхан юмаа, ийм олон хүнийг тээвэрлээд л ийм тав тухтай зорчуулаад л ийм хүчтэй, би анх эхлээд л ерөөсөө төмөр замыг мэддэггүй байсан ш дээ. Төмөр замд анх орж ирээд л ямар гоё юм бэ, гээд л боддог байсан. Тэгээд би онгоцоор болбол Дорнод хүртэл нисч байсан, анх удаа л онгоцонд сууж үзэж байсан, ямар сайхан юм бэ, цаг гучин минутанд ийм хол газрыг туулаад гээд улс хөгжихөөр чинь гээд л, заа Эрдэнэтийн үйлдвэрийг ашиглатанд орж байхад БЕЛАЗ-ыг аягүй гайхаж байсан. Эрдэнэтийн үйлдвэрийг анх 1976 онд суурийг нь тавьсан ш дээ. Би чинь 76 онд баахан залуучууд аваад л нэг вагон урлагийн хүмүүс, нэг вагон тэргүүний ажилчид аваад л, Эрдэнэтийн үйлдвэрийг үзүүлнэ гээд бас л нөгөө тойрон аялал хийж очсон. Тэгээд л ингээд л очсон чинь БЕЛАЗ гээд л нэг том машин байсан, дугуй нь одоо надаас өндөр, ...Үгүй ээ одоо ийм том өндөр дугуйтай, үгүй ээ одоо энэ чинь хэдэн тонн-ын даацтай юм гэсэн чинь ...40 тн даацтай, төмөр замд вагон 40тн –ын даацтай ш дээ, тийм. Вагон шиг том даацтай тэрэгнүүд орж ирэхэд би ёстой их гайхаж байсан ш дээ. Ямар өндөр юм, ийм хүнээс өндөр мундаг дугуйтай, машины дугуй гэдэг чинь энүүгээр татдаг, би тэгээд тэр дугуйных нь өмнө очиж зориуд зургаа авахуулж байсан тэр БЕЛАЗ-ыг их гайхаж, тэгээд одоо 40-63 тн -ын даацтай тэрэгнүүд хараад. Тэр их надад их сонин санагдаж байсан. Тэгээд би амьдралдаа 3-н тийм том техникийг харж гайхаж, эх орондоо бол, тийм. Аа яахав усан онгоцоор бол аялж байсан. Сүхбаатар хөлөг онгоцоор, манай эх орны хэмжээнд л их том далай л даа, Хөвсгөл далай, тийм.
Саранцэцэг -
Ер нь социализмын үед үйлдвэржүүлэлт яаж явагдаж байсан бэ?
Нэргүй -
Үйлдвэржүүлэлт бол манай төмөр замын хүрээнд одоо энэ төмөр замынхаа дэр модыг манай Монголд өөрөө үйлдвэрлэдэг байлаа, тийм. Тэр үйлдвэр нь бол манай Зүүнхараад, Зүүнхараа чинь 3 том үйлдвэртэй. Төмөр замын модны үйлдвэр одоо юуны барилгын материалын үйлдвэр, одоо шал мод хийдэг үйлдвэрүүд байлаа бас. Зүүнхараагийн модны аж ахуйн үйлдвэр тэгээд бас хоригдлууд модны аж ахуйтай. Модон дээр ажилладаг байлаа ш дээ. Тэгээд нааш нь явуулдаг, тэр үед чинь модоо авах, модоо тарих, тийм модны үйлдвэрүүдтэй. Барилгын үйлдвэрлэл бол бас хөгжсөн. Бас их хөгжсөн ш дээ, тиймээ. Барилга гээд л одоо дандаа орос инжинерүүдтэй, одоо бол дандаа хятад болсон ш дээ, тиймээ. Барилга үйлдвэрүүд чинь тэгээд том том кран орж ирээд л, одоо тэр блок их үйлдвэрлэдэг байлаа. Манай цементийн завод чинь цаашаагаа Хөтөлд их ойрхон, Хөтөл цементийн завод гэдэг чинь бас төмөр замаар, тэгээд бас Дархан цементийн үйлдвэртэй. Тэгээд тэр бүх юмнууд чинь төмөр замаар УБ руу урсдаг.Тэгээд тэр дундаас чинь Зүүнхараа бас блокны үйлдвэр байгуулчихсан, барилгын суурь блок хийдэг байлаа. Миний мэдэхээр бол тэр барилга, барилга мод 2 манай дотоод нөөц нь тэр юм даа тиймээ. Өө тэгээд яахав, хивсний үйлдвэр манай УБ-т байсан. Ноосон нэхмэлийн үйлдвэр, ноос ноос угаах боловсруулах, арьс шир, хромны үйлдвэр, тиймээ. Ер нь бол манайд хүнсний үйлдвэр зонхилдог ш дээ. “Талх чихэр” байна, “АПУ” байна, ус ундааны нэгдэл гээд тиймээ. Сүүлд нь нэхий эдлэлийн үйлдвэр гээд бас Дарханд байгуулагдаад, тэгээд одоо нэхий эдлэлээрээ бол олон улсад дээрээсээ 10-т ордог байсан, тиймээ. Тэгээд уурхайнууд бол их байсан. Шарын голын уурхай, Багануурын уурхай, Шивээ-Овоогийн уурхай гээд л уурхайнуудаа дагаад эрчим хүчний ТЭЦ-1,2,3,4 байх жишээтэй УБ-т тээ. Заа, савхин эдлэлийн үйлдвэр байна. Заа, усан цахилгаан станцуудын хамгийн.., Хархориний тэр усан цахилгаан станц дээр очиж үзэж байсан. Тэр эрчим хүчийг яаж гаргаж авдаг юм, тэрийг харахад бас их сонин л юм байналээ. Тэгээд манайх бол хөдөө аж ахуй-аж үйлдвэрүүдийн орон байлаа ш дээ. Үйлдвэрийн орон болгож чадалгүй л одоо үйлдвэрүүдээ тараагаад хаячихсан. Тэгээд бусад газрууд бол.., Дарханы төмөрлөгийн үйлдвэрүүд дээр очиж үзэж байсан. Тэгээд нөөц нь дуусаад зогсчихсон байдаг юм байналээ ш дээ, тэгээд төмрийнхөө хогийг тийшээгээ төвлөрүүлж чадахгүй.
Саранцэцэг -
Ер нь бол социализмын үед ямар хүмүүс үйлдвэрт ажилд ордог байсан юм?
Нэргүй -
Өө тэр үед чинь мундаг их санаачлага болж байсан юм. Жишээлэхийн бол 10-р ангиа төгсөөд ангиараа илгээлт аваад, үйлдвэрт гарна. Одоо ингээд л хивсний үйлдвэрт ангиараа шүү, ангиараа үйлдвэрт гарах уу, ...Гарна, илгээлтийн эзнээр атар газар луу ангиараа явна, ...Ангиараа одоо тийшээ явъя гээд л ийм мундаг санаачлагууд гардаг байсан. Тэр дотор онц сурдаг хүүхэд ч байсан, их дээд сургуульд орох хүүхэд ч байсан, санаачлагатай хүүхэд ч байсан ч хамаагүй, тэр үйлдвэрүүдэд тэгж ажилчин анги бий болгож байсан. Тэгээд л тэр дотроос одоо 25-хан настай төмөр замаас Ойдовням гуай Хөдөлмөрийн баатар болж байлаа. Амгалан гээд л арьс ширний үйлдвэрт Хөдөлмөрийн баатар болж байлаа. Ногоочин Баатар гээд л тээ, тэд нар чинь бол залуучуудыг их юу яахын тулд илгээлтээр нь мал дээр гардаг байсан, хөдөөгийн сумдуудын сургууль дээр. Илгээлтийн эзэн гэж нэг сайхан нэр томъёо байлаа ш дээ, тэгээд тэр чинь одоо ангиараа илгээлт аваад гараад явчихна. Аа нөгөө нэг хэсгийг нь бол техник мэргэжлийн сургуулиар /ТМС/Заа, тэгэхлээр 10-р анги төгссөн хүүхэд чинь бол нэлээн сайн сурлатай гадаадын дээд сургуульд явна, Оросын холбооны улсад тиймээ. Дараагийн нэг сурлагатай нь дотоодын дээд сургуульд орно. Тэрний дараагийн нэг сурлагатай нь болвол ТМС-д явна, тиймээ ингээд 10 төгссөн хүүхэд тэр үед хүн ам нь цөөн ч байсан юм уу, 10 төгссөн хүүхэд бараг гудамжинд үлдэхгүй шүү. За ер нь нэлээн муу, дунд сурлагатай байсан хүүхэд бол ТМС-д очоод, тэрүүгээрээ мэргэшээд, ТМС чинь их олон байлаа ш дээ. Барилгын ТМС, одоо хими цэвэрлэгээний ТМС, алтны дархны ТМС гээд л. Хөдөө аж ахуй, ахуй үйлчилгээний ТМС, трактор комбайны ТМС гээд л аймар ажилчдаа сайн бэлддэг байлаа ш дээ. Сүүлд нь яасан гэхлээр ТМС гэж байхгүй болоод, үйлдвэр байхгүй болоод, хувийн дээд сургуулиуд өсөөд ирэхлээр зэрэг дээд сургууль төгссөн хүүхдүүд бол ажлын байргүй болчихож байна ш дээ. Гараад ажилгүй болчихож байна. 2-рт хувийн дээд сургууль хуульгүй явж байна ш дээ. Заа одоо дээд сургууль гээд л яваад очиход 2 багш, хорин хэдэн хүүхэдтэй, дээд сургууль гээд сууж байна ш дээ. Тийм юмнууд надад ингээд нэг сонин санагддаг юм ш дээ. Одоо боловсрол олгоод ч байгаа юм уу, эсвэл ашгийн байгууллага ч юм уу, тээ. Тэр үед чинь манайх цөөхөн дээд сургуультай байсан юм чинь. Монголд хувийн дээд сургууль гэдэг чинь байхгүй байлаа ш дээ Монголд, тийм. Зах зээлд ороогүй байсан болохоор.
Саранцэцэг -
Үйлдвэрт ажиллаж байхад үйлдвэрийн ажилчид цалин мөнгө гэж хэдийг авдаг байсан бэ?
Нэргүй -
Нормчлолоор. Норчлолоор авдаг байсан юм. Өдрийн ажилчин бол их хийвэл их л авна. Нормчлол тогтоогоод өгчихсөн, бага хийвэл бага л авна. Тэр чинь дамжлагатай ш дээ. Сайн хийсэн хүн бол сайн авна, муу хийсэн хүн бол муу авдаг. Тэр социализмын үед бол их сонин, тэгш хуваарилалттай байсан учраас нэн ядуу, гудамжинд ингээд халтайгаад, сарайгаад явж байдаг хүн байхгүй, нээх баян хүн гэж байхгүй, одоо саятан хүн гэдэг чинь Монголд ганц хоёр л байсан байх. Одоо бол тэрбумтан л гэж ярьдаг болсон байна. Саятан бол одоо юу ч биш л болсон юм байна л даа. Зах зээлийн нийгэм хөгжөөд, улсууд бас их сайхан л болж байгаа юм байна л даа. Олон улстай харьцаа холбоотой болоод, хүн болгон гадаад паспорттой болоод, янз бүрийн бизнес эрхлээд бас, саятан бол их л болсон ш дээ. Одоо тэрбумтан л байвал болдог юм шиг байна, тиймээ.
Саранцэцэг -
Одоо үйлдэрт ажиллаж байгаа хүн өөрийн ноогдсон нормтой ажлаа хийхээс гадна бусад олон нийтийн ямар ажлууд зохиогддог байв, тэрэнд оролцдог байсан уу?
Нэргүй -
Өө тэр чинь маш их идэвхтэй, нормын ажлаа хийж байгаа хүн чинь. Одоо тэр олон нийтийн ажил хийхээрээ л ганц жаргадаг байсан гэж ярьдгийм ш дээ. Одоо чөлөөт цагийн ажил бүжиг, танец, дуу тэгээд л сайн дурын уран сайханч гэдэг юм чинь мундаг дэлгэрч байсан ш дээ. Хамт олноороо суугаад л дуу муу заадаг, одоо социалист хөдөлмөрийн бригад гээд л мундаг хамт олныг төлөвшүүлдэг юм байлаа ш дээ. Одоо энэ Мандахбаатар гээд л төмөр замаас эхэлсэн, социалист хөдөлмөрийн бригадын хамт олон гээд л “Дуулвал дуу нэгтэй, Дугтарвал хүч нэгтэй” гэсэн уриатай. Тэгээд л нэг айлынхаа гэрийг очоод л бариад өгчихдөг, нэг айлынхаа түлээг очоод л бэлдээд өгчихдөг, сууна гэвэл хамтдаа суучихдаг, хувцас форма жигд хийгээд л өмсчихдөг, тэр дотор ерөөсөө хоцорсон хүн байх ёсгүй. Ёс зүйгээр хоцорсон хүн байх ёсгүй. Тэгшхэн сайхан, дээшээ явах ёстой гэсэн тийм л нэг юм байлаа ш дээ, тэр үед чинь тэгээд. Дараа нь больсон ш дээ/инээв/. Оросоос орж ирсэн юм байхгүй юу, тэр чинь.
Саранцэцэг -
Ер нь тэгээд социализмын үед эрэгтэй хүмсүүд, эмэгтэй хүмсүүдийн байдал нь ямархуу байв, одоо яаж өөрчлөгдөөд байна?
Нэргүй -
Социализмын үеийн эрэгтэй эмэгтэй хүмүүсүүд ер нь их жигд байсиймуу гэж би боддогийм, дараа нь ерөөсөө нэг хэсэг эмэгтэйчүүд нь давамгайлаад ирсэн ш дээ. Дээд сургуульд орсон ч охидууд, эмэгтэйчүүд их орчихсон байх жишээтэй, эрэгтэйчүүд нь цөөн. Ер нь тэгээд эхийн эрхт ёс тогтоод байгаа юмуу даа гэж би хааяа анзаардаг байсан байхгүй юу. Яагаад гэвэл социализмын үед чинь одоо сургууль эхлэхэд эрэгтэй, эмэгтэй багш нар жигдхэн байсан байхгүй юу, одоо ингээд сургуулиудаар явахад эрэгтэй багш аягүй цөөхөн ш дээ, голцуу эмэгтэй. Социализмын үед чинь эрэгтэй, эмэгтэй эмч нар ойролцоо ш дээ. 60,70-аад оныг аваад үзэхэд чинь эрэгтэй эмч нар олон байдаг байсан. Одоо бол эмнэлгүүдээр эрэгтэй эмч нар цөөхөн ш дээ, эмэгтэйгээсээ. Заа худалдааны байгууллагад бол бас эрэгтэйчүүд их олон ажилладаг байсан бол одоо цөөрчихсөн. Тэгээд тэр бас одоо хүйсийн ялгаа гарчихсан юм шиг л надад ойлгогдоод байдаг юм ш дээ. Би ч одоо буруу бодоод байдаг юм уу, үйлчилгээний байгууллагад эмэгтэйчүүд олон ажиллаад байдаг, амралт сувиллын газар яваад очиход дандаа л эмэгтэйчүүд л амарч байдаг ш дээ, аягүй сонин. Эрэгтэйчүүд нь хаана амардаг юм мэдэхгүй. Социализмын үед бол дандаа гэр бүлээрээ амрах нь их байсан ш дээ. Бүр тэгээд гэр бүлийн өрөөнүүдтэй, гэр бүлийн дача/зуслан/-ууд ихтэй, Тэрэлж, Тарни, Сөгнөгөр ерөөсөө тэд нарт чинь амрахад хүүхдүүдээ цэцэрлэгт нь өгчихнө. Одоо бол тэгж гэр бүлээрээ амардаг юм байхгүй болчихсон байлээ ш дээ.
Саранцэцэг -
Эмэгтэйчүүдийн талаар төрийн ямар ямар бодлого явуулж байсан бэ?
Нэргүй -
Эмэгтэйчүүдийн талаар гээд нэг их чиглэсэн юм байдаггүй, харин эмэгтэйчүүдийн байгууллага нь их дайчин ажилладаг байсан. Яагаад гэвэл байгууллага болгонд эмэгтэйчүүдийн соёлжих өрөө гэж нэг юм байдаг байсан. Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй, эмэгтэйчүүдийн зөвлөл нь соёлжих өрөөтэй. Байгууллага болгоны дэргэд эмэгтэйчүүдийн соёлжих өрөө гэж нэг сонин өрөө байдаг байсан ш дээ. Тэнд нь яах уу гэхээр нэхмэл хатгамал, ногоо яаж даршлах уу, хоолыг яаж хийх үү, гэрийг яаж тохижуулах уу гээд дээлийг яаж оёх уу гээд л тээ, ийм юмнуудыг заадаг, сургадаг. Эмэгтэйчүүдийн байгууллагын тэр ажил нь аягүй тийм дайчин. Одоо бол байгууллагуудын дэргэд соёлжих өрөө гэвэл юугаа донгосоод байгаа юм гэх байлгүй. Эмэгтэйчүүдийн зөвлөл гэж байгууллагуудын дэргэд одоо ажиллаж байна уу, ажиллахгүй байна уу. Эмэгтэйчүүдийн тийм чуулга уулзалтууд аягүй их хийдэг байсан ш дээ.
Саранцэцэг -
Тэр ажил нь эмэгтэйчүүддээ сайн нөлөөлөх үү?
Нэргүй -
Сайн нөлөөлнө ш дээ. Тэр чинь уйлаад ирэхэд чинь эмэгтэйчүүдийнхээ соёлжих өрөөнд оруулаад л тэгээд л энэ нь ийм болсон байна, тийм болсон байна, гээд л. Тэрний нөхөр мөхөр нь архи уудаг бол очоод л будаа болгоод өгнө ш дээ. Тэр олон хүүхнүүд чинь очоод. Их сонин байсан байгаа биз, тээ. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурлаар архи уусан хүнийг авч хэлцдэг байсан ш дээ. Эмэгтэйчүдийнхээ зөвлөлийн даргаар эмэгтэйчүүдийнхээ зөвлөлийн хурлаар байгууллагынхаа даргын илтгэлийг авч хэлэлцэнэ ш дээ, тийм. Тийм сонин сонин, захиргаадалтын юмнууд их байлаа ш дээ.
Саранцэцэг -
90-ээд оны үеэр ардчилсан хөдөлгөөн гарлаа ш дээ. Яг энэ ардчилал гарч байх үеэр та ямар ажил эрхэлж байв, энэ ардчилал таны амьдралд яаж нөлөөлөв?
Нэргүй -
Би яг тэр ардчилсан хөдөлгөөний үеэр 89 онд өөрчлөлт шинэчлэлт гээд эхэлж байх үед эвлэлийн байгууллагад ажиллаж байсан. Эвлэлийн байгууллагад төмөр замын хэсгийн залуучуудын хороог зохион байгуулах төв аппаратад ажиллаж байсан. Эвлэлийн байгууллага татан буугдсан, тэгээд манайх 42 хүнтэй аппарат байсан юм. Тэрнээс 2 л хүнийг төмөр замд ажилд авна гэсэн юм. Нэг нь манай 2-р нарийн бичгийн дарга, хойно энэ компьютерийн мэргэжил эзэмшээд ирсэн хүн байлаа. Тэгсэн чинь тэр хүн нөгөө компьютер нь орж ирээгүй, мэргэжил эзэмшчихсэн, хийх ажил хотод байхгүй байсан юм. Тэгээд тэр нь ирээдүйд компьютер орж ирнэ гээд хүнээ бэлдэж л байсан үе юм байналээ л дээ. Тэрнийг удирдах газар тооцоолон бодох газар ажилд авсан юм. Тэгээд компьютерийн мэргэжилтэн ирээдүйд хэрэгтэй гэж. Надыг бол Улаан загалмайд одоо энэ хүн бол олон нийтийн байгууллагад ажиллаж байсан, төмөр замын Улаан загалмайд арга зүйчээр авч, бид хоёр л ажилтай үлдээд, бусад нь дансанд байсан мөнгөө хувааж аваад, хамгийн дурсгалтай юм авна гээд, зарим нь одоо ээмэг аваад, зарим нь хувцас аваад, зарим нь ном аваад, зарим нь гэртээ юм аваад, ингээд нэг сайхан идэж уугаад тарж байсан юм даа, төмөр замын Эвлэлийн хороо. Миний амьдралд ардчилал анх тэгж ирж байсан. Тэгээд дараа нь би тэр ардчиллын буянгаар гадагшаа явсан л даа. Солонгос молонгос гээд л явж байсан. Тэгээд энэ юу чинь.., олон улсын байгууллага болохоор Улаан загалмай чинь их гоё байгууллага ш дээ. Тэр ажлынхаа шугамаар ч явж байсан, ардчиллын юугаар чинь урагшаагаа анх хил нээгдээд л, анх гараад л.
Саранцэцэг -
Ер нь одоо хүмсүүд нийтлэг ардчилалаас юу хүлээж байсан бэ?
Нэргүй -
Эрх чөлөө л хүлээж байсан. Ер нь бол диктатур, захиргаадалт их байсан ш дээ. Тэрнийг л одоо яахав дээ, залхтал. Одоо бид нар чинь яахав дээ, би захиргааддаг бүтцэнд явж байсан болоод бага мэдэрсэн байж магадгүй, ер нь бол хүмсүүд анх ардчилал гарч байхад энэ захиргаадалтын үе өнгөрсөн л гэж их ярьдаг байсан ш дээ. Би боддог байсан, захиргаадалтын захирдаг талд нь явж байсан болохоор одоо ингээд л тэгээд үзэл суртал гээд их ярьдаг байлаа ш дээ. Үзэл суртал гэдэг чинь, тэр үг бүр үгийн сангаас хасагдсан ш дээ, тээ. Одоо ингээд л төлөөлөгч ирэхэд чинь баахан туг далбаа хийгээд л, жагсаагаад л нисэхээс энэ Улаанбаатарын талбай хүртэл жагсагаад л, хүлээж авах ч байдаг юм уу, тэр энэ тэрийг чинь үзэл суртал гэдэг, тэгээд л баяр болоход чинь Сүхбаатарын талбай дээр чинь мундаг их жагсаал явдаг байлаа ш дээ. Байгууллага байгууллагаараа, цэргийн парад яваад, тэгээд л нөгөө удирдагч нарын том том хөрөгнүүдийг тавиад л, бариад л, ингээд улаан туг эд нарыг чинь мандуулаад, нэг их машин энэ тэр чимэглээд л, тэр үзэл суртал муртал юу ч байхгүй болсон ш дээ, тэр 90 оноос хойш. Ерөөсөө жагсана магсана гэсэн тийм юм байхгүй. Тэгээд тэр үзэл суртал гэдэг юм нь лав байхгүй болсон. Нөгөө талаар тэр нэг намын систем дэндүү давамгайлаад, нөгөө намын байгууллага нь төрийн байгууллагаа удирдаад байдаг байсан байхгүй юу. Одоо тэр чинь болбол болиулчихсан ш дээ. Ардчилал гарч ирээд л олон намын систем олон нам гарч байгаа учраас олон ургалч үзэл гэж байж болно, хэсэг бүлэг хүн нийлж гарч ирээд л нам байгуулаад л, тэгээд л нөгөө Монгол Ардын Хувьсгалт Намын Улс Төрийн Товчоог чинь буулгаад л, тэгээд л нөгөө олон ургалч үзлээр чинь хүн одоо ямар ч байж болно, дээр үед бол даргыгаа муулдаг хүн бол байдаггүй л байлаа ш дээ. Одоо бол хэнбгуай нь ч даргыгаа муулж болно ш дээ. Хэн гуайд ч хэвлэн нийтлэх эрх байна ш дээ. Тэр үед чинь тийм юмнууд чинь хаалттай байсан байгаа юм. 2,3-хан сонинтой, “Хөдөлмөр”, “Намын үнэн”, “Залуучуудын үнэн” тэрэн дээр бодлогын хэмжээгээр юмаа бичдэг, түүнээс тэр олон ургалч үзлээр одоо тэр “Халуун хөнжил” гээд л сонин сонин хэвлэл гарч ирээд л энэ чинь одоо ямар балай юм бэ, ямар хаашаа юм бэ энэ тэр гээд л сонин монингийн тоо жигтэйхэн ихсээд л, бүр гайхамшигтай. Одоо тэр чинь одоо хэвлэн нийтлэх эрхтэй, үгээ хэлэх эрхтэй, нэг намаар үзэл сурталжихгүй, нэг намын системд баригдахгүй одоо тэгээд хэн нь хэнтэйгээ сууж байх нь ямар хамаатай юм, гэртээ тэр хоёр зодолдож байна уу, хэрэлдэж байна уу, сууж байна уу, ямар хамаатай юм, тэр талаараа. Нэлээн одоо ардчиллын хамгийн нэг авах юм нь юу байсан гэхлээр зэрэг нөгөө оросуудыг гаргаад, Чойрт байсан болохоор оросуудыг гарахад аягүй сонин, ерөөсөө нэг 24-48 цагийн дотор л шийдвэр өгөөд л 24 цагийн дотор л гаргасан ш дээ. Ерөөсөө тэрнийг мэдэрч байсан улс нь юмаа зарах гэж байсан, тэрнийг зарж чадаагүй улс нь тэр чигээрээ вокзал дээр хаяад л, вагон вагоноор ачигдаад л, тэгж гарч байсан ш дээ. Тэр чинь одоо 1989 оноос ингэж гаргасан ш дээ. Одоо манайх одоо 1986 онд Улаанбаатарт орж ирэхэд 86 оноос оросуудыг эхэлж татчихаад, дараа нь гаргасан оросуудыг чинь. Тэгээд л одоо Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Удвал гуай эд нар очоод л, ...Оросууд аа, битгий гараарай гээд л, бид нар дагаж яваад л, цэргийн анги армиудаар очиж яриа хийгээд л, бид нар ч одоо тэр үед залуу байж, одоо гучин хэдтэй та нарын л үе байж. Одоо ямар учиртай юм болоо, оросууд нь гарах гээд байгаа юм байх даа гээд л, тэгээд одоо яагаад оросуудыг гаргаад байгаа мөртлөөсөө битгий гараарай гээд ингээд байгаа юм болоо гээд, тэгсэн Оросын холбооны улсад ийм юм гараад л, тэгээд л оросууд гараад л, тэгээд л наанаасаа гарга гээд л, тийм л юмнууд болж байсан юм байналээ. Тэгээд л одоо оросуудыг чинь гаргаад л, аймар их оросууд байсан, тэднийг чинь одоо энэ УБ-т байсан оросуудыг ч гаргаад л, орос цэргийн анги манги бүгдийг нь гаргасан. Дараа нь тэр ардчилсан хувьсгал чинь болж байгаа байхгүй юу. 86-90 оны хооронд 80-аас ч байдаг юм уу, нэг хэсэг хугацаанд. Тэр 88,89 оноос л оросууд эхэлж гарсан юм байна.
Саранцэцэг -
Ер нь одоо ардчилсан хөдөлгөөн эрэгтэй, эмэгтэй хүмсүүдэд хүйсийн ялгаатай нөлөөлсөн үү, эрэгтэй эмэгтэй улсуудын оролцоо нь ямар ялгаатай байсан юм болоо?
Нэргүй -
Эрэгтэйчүүд нь давамгайлж байсан ш дээ, яагаад ингэж байнав гэхлээр Сүхбаатарын талбай дээр ардчилсан холбоо ардчилсан юу гээд ингээд байж байхад тэнд ер нь одоо нэг 12,13 хүн анхны 13 хүн гэхэд тэнд хоёрхон л эмэгтэй хүн байсан ш дээ. Эрэгтэйчүүд нь олон байсан ш дээ, тэгээд тэр талбай дээр очоод цугларч байгаа залуучууд олонх нь залуучууд байсан ш дээ, тийм. Тэрнийг нь.., тэр холбоон доор эрэгтэйчүүд нь арай давамгайлж байсан юм бол уу даа.
Саранцэцэг -
Таныг одоо анх хотод орж ирж байхад хот одоо ямархуу байв, одоо ер нь ямар болж өөрчлөгдөөд байна?
Нэргүй -
Анх одоо намайг УБ-т орж ирэхэд би ч одоо УБ-ын хүн л дээ. Ер нь одоо нэг их тийм гоё, барилгууд нь цагаан, тэгээд “Азийн цагаан дагина” нэртэй, хот нь одоо аягүй гоё цэцэрлэгжсэн, зүлгэн дээгүүрээ явсан хүнийг 5000–р торгодог, Сүхбаатарын талбай дээрээ хүртэл зүлгээр гэр барьчихсан, тийм зүлгээр гоё үг, үсэг биччихдэг, оюутнууд нь одоо зун болохоор парк дээр очоод л мод тарьдаг, тэгээд моднуудаа тарьчихдаг, оюутнууд нь цас мөсөө одоо хуваарилж аваад цэвэрлэчихдэг, тийм нэг их цэгцтэй байсан ш дээ, нэг үе. Хот чинь бол нэг хэсэг. Тэгээд дараа нь одоо болбол би ингээд харахад хот болбол төлөвлөлт байхгүй, тэгээд УБ луу чинь шилжилт хөдөлгөөнийг нэг их оруулдаггүй, одоо хөдөөнөөс хот руу шилжинэ гэдэг чинь бөөн там. Манайх бол Чойр очоод Дорноговиос би ирэхэд чинь Чойр очиж, УБ-аас авъя гэсэн бичиг өгч байж, өнөөдхийг нь хариуг авч байж, өчнөөн юм болж байж, 25000 төгрөгний төлбөр төлж байж, энэ тэр хотод орж ирж байсан ш дээ, одоо бол хэн дуртай нь орж ирчихээд л, хаа дуртай газраа буучихаж байна ш дээ. Тэгээд л хот чинь эсгий хот болчихсон, хүрээлээд одоо ингээд харахад, тэгээд энэ барилга байгууламж нь одоо энэ Бээжинд чинь шинэ хот, хуучин хот гээд л, Бээжин ч гэсэн Хөх хот ч гэсэн, Сөүл ч гэсэн аль ч хотыг харахад өндөр өндөр барилгууд нь гудамжаараа ингээд л, ярайтал сайхан ингээд туйпуу өрчихсөн юм шиг жигд, тэгээд тэрнийг нь араар нь тойроод ингээд яваад харахад намхан намхан тагзнууд нь байж байдаг. Дотор нь ингээд байж байдаг, хотод нь. Аа манай өндөр барилгууд бол хаа сайгүй, тэнд ч нэг өндөр барилга, энд ч нэг өндөр барилга, одоо энэ болдогсон бол хотын энэ Энхтайвны гудамжны шар байшингуудыг хусаад л, энд нь ингээд л тэвхийтэл өндөр барилгууд эсвэл нисэхээс УБ орж ирэхэд, одоо энэ гадаадын зочид төлөөлөгч ирэхэд нь тэгж их гоё баймаар байх юм. Тэгэхэд манайх тэр хот байгуулалтын төлөв гэж байхгүй. Эргэн тойрон эсгий нэвсийсэн хар юм, тэгээд хот дунд ороод, одоо тэр Зайсан толгой дээрээс харахад чинь их сонин ш дээ, тэнд нэг өндөр барилга энд нэг өндөр барилга, замбараа байхгүй, ямар ч тийм нийтэд нь ингээд нэг талаас нь цэгцэлдэггүй, ер нь бол Москвад ч гэсэн шинэ хот, хуучин хот гээд байдаг ш дээ. Нэг нь болохоор шинэ хот гээд аягүй гоё, нэг хэсгийгээ хуучин хот гээд зохицуулчихсан шал хоёр өөр ш дээ. Тэгээд тэр хуучин хотынхоо төв талбайгаар нь өндөр өндөр барилгууд нь, соёл үйлчилгээний төвүүдээ жигдрүүлчихсэн байх жишээтэй. Замыг нь дагуулаад. Тэгэхэд манай зам их нарийн байна ш дээ. Гадаадын хотууд ингээд 6, дандаа нэг урсгалд 6 эгнээгээр явдаг байхгүй юу. Манайхан чинь аймар нарийн замтай мөртлөөсөө дунд нь ийм ийм олон юм арзайлгаад, аягүй сонин. Энэ одоо бодвол тэр мэргэжилтэй улсууд нь мэдэж л байгаа байлгүй. Мэргэжлийн улсууд нь мэдэж л байдаг байлгүй бид нар шүүмжлэлтэй талаас нь хараад л тэгдэг байх, тийм.
Саранцэцэг -
Хотын амьдралаас танд таалагдахгүй зүйл гэвэл юу байна, хотын амьдралд хамгийн таалагддаг юм гэвэл юу байна?
Нэргүй -
Хотын амьдраас хамгийн их таалагддаг юм нь болбол интернет холбоо энэ юу их сайхан хөгжлөө ш дээ, телевиз. Одоо бид нар бол мэдээллийг телевизээр дуртай сувгаараа энийг үзнэ, энийг үзэхгүй гээд л, дуртай гар утсаараа хөдөө орон нутагт хаа л бол хаа улс орныхоо 4 өнцөгт байгаа улсуудтайгаа ярьж чадаж байна ш дээ. Энэ нь бол одоо энэ компьютер, нөүтбүүк/notebook/,тэгээд тэр бичил тархи гээд л одоо энэ мэдээллийн юмнууд бол үнэхээр манай хотод хөгжиж чаджээ. Хүн болгон л утас аваад хэнтэй л бол хэдэн цаг минутаар ярьчихаж байна. Хотод хамгийн их таалагдахгүй байгаа юм бол одоо энэ хавтгай архидалт. Одоо бол охидууд аягүй их архи ууж байна, тамхи их татаж байна, тэгээд одоо энэ bar-уудыг бүгдийг нь буулгаад, эрүүлжүүлэх төв ч болгодог юм уу, одоо нөгөө соёлын довтолгоо явуулмаар болчихсон байна ш дээ. Одоо манайх чинь ямар их архины үйлдвэртэй юм бэ, 8 нэрийн, тэр архины дэлгүүр ямар ихтэй юм бэ, тэр ерөөсөө энэ л надад таалагддаггүй ш дээ. Тэгээд л энэ bar-уудад ороход ингээд л нэг нэлмийсэн хар ногоон бүтээлэг, нэлмийсэн хар бараан бүүдгэр харанхуй гэрэл тэнд чинь ёстой нөгөө чөтгөр, шулам чинь тэр харанхуй, хар юмыг чинь дагаж явдаг гээ биз дээ. Тэгээд бид нар ороод ярьдаг байхгүй юу ...Үгүй ээ танайх чинь яагаад цэвцийсэн цагаан ширээний бүтээлэгтэй, дээр нь улаан юм тавиад, цэцэг тавиад байж болдпоггүй юм бэ, гэхлээр ..Үгүй ээ bar тийм байж болдоггүй юм гэнээ, тийм гэгээтэй гэрэлтэй юманд чинь хүн орж суудаггүй юм гэнээ, тэр bar чинь тийм бүдэг гэрэлтэй, тийм хар ногоон юм уу, тийм хар хөх бүтээлэгтэй, тийм арзайж сэгсийсэн хашлагануудтай, хаашаа ч юм, тэр чинь ерөөсөө. Тэндээс хүн ямар ч соёл авахгүй, тэр надад таалагддаггүй. Би хэрвээ юу яадаг бол энийг bar-уудыг янзалмаар байгаа байхгүй юу. Заа, тэгээд дэн буудлууд. Энэ дэн буудал bar эд нар бүгд холбоотой ш дээ. Биеэ үнэлэгчдийн орогнодог газар.Bar-нд согтуунууд нь, дэн буудалд тэнд нь биеэ үнэлүүлдэгүүд нь. Энийг болимоор ш дээ, манайхан одоо. Энэ ерөөсөө бүр одоо тэр архидалт чинь сургуулиудад ороод ирчихсэн, сургуулийн багш нар архиддаг ш дээ, хүүхдүүдийнхээ дунд. Багшийгаа согтуу байж байхыг харсан хүүхдүүд ямар муухай байх уу, хүүхдүүд архи ууж байна ш дээ, тэд нар юу хэлэх юм, өөрснөө уучихаад. 10-р ангийн хүүхдүүд бол архи уудаг юм ш дээ. Тэрч байтугай компанийн захирлууд дээд сургуулийн оюутан охидуудыг архинд оруулж байна ш дээ. Аа бас нэг нөгөө нэг юм байна. Дээд сургуулийн цалин юуг өндөр болгосноос аа оюутан охидуудыг шууд биеэ үнэл, юу..., нөгөө төлбөрийг өндөр болгосноор.
Саранцэцэг -
Ер нь одоо энэ УБ хот чинь бусад суурьшмал газрын хотуудаас юугаараа ялгаатай, юугаараа онцлогтой юм ?
Нэргүй -
Бусад суурьшмал хотуудаас уу? Улаанбаатар хот уу? Манай хот яахав дээ, үгүй ээ яахав, химийн үйлдвэр хөгжчихөөгүй, бусад хотод ингээд явж байхад чинь халуун бороо мороо ордог ш дээ. Тэр чинь их сонин ш дээ, тэгээд явж байтал ингээд татчихдаг энэ тэр. Тэгээд л халуун бороо орохлээр үс мүсээ хамгаалаад, бушуухан л толгой молгой дээгүүрээ нөмрөөд л, ...үгүй ээ энэ чинь яадаг юм, бороо л орж байна ш дээ гэхээр ..Үгүй ээ энэ чинь химийн бороо, үс чинь халцраад уначихна гээд, манайд харьцангуй тийм биш ш дээ. Байгаль цаг уур нь гэхэд 4 улиралтай, бас ч гэлээ гэхэд утаатай утаатай гэхэд тэр талаараа манай хот гайгүй ш дээ. Өшөө ч одоо манай хотын бусад хотуудаас давуу тал нь юу байдаг юм бэ, гэхээр /бодов/ дүүргүүд нь бас нэг зохион байгуулалттай, бас нөгөө жижиг хот болохооро хугацааг арай хэмнэдэг юм уу даа, бусад хотууд чинь нисэхээсээ яваад л төв рүүгээ очиход бараг 2 цаг явдаг ш дээ, тэгэхэд манайд бол 30 минут яваад л орно ш дээ. Ер нь зүгээр яагаад тэгдэг юм, манай хүмсүүд нэг бараан царайтай, хөмсгөө зангидсан, доошоо харсан, ер нь ингээд гадаадад байж байгаад ороод ирэхэд тийм л юм ажиглагддаг. Манай хот нэг гадаадын тосгон ч юм уу даа гэмээр. Тэгэхлээр ялангуяа эмэгтэйчүүд нь их гоё, өнгөлөг хувцас өмсмөөр юм шиг, тэгээд тэр цаг уурынхаа байдлаас ч тэгдэг юм уу, бараандуу байдаг ш дээ. Яагаад тэгдэг юм, манай хот чинь одоо зүлэгжилт, зам цемент байхгүй, шороо шуурдаг болоод ч тэр үү, бас тийм юм ажиглагддаг юм.
Саранцэцэг -
Одоо ингээд таны амьдралын туршлагаас харахад байгаль орчин яаж өөрчлөгдөж байна?
Нэргүй -
Байгаль орчин их өөрчлөгдөж байна. Ялангуяа энэ цаг уурын өөрчөлт агуу их байна гэж би боддогийм. Надыг бага байхад 3 сарын 8-нд зуныхаа туфль-ийг өмсчихөөд, гоёчихоод, Мартын 8-аар чинь бид нар гүйж байдаг байлаа ш дээ. Одоо бол 3 сарын 8 байтугай, 5 сарын 8 болоход бараг зуныхаа хувцсыг өмсөөд, дэрвэллүүлээд ингэж явахгүй байна ш дээ. Тэгэхэд чинь надыг бага байхад болбол 11 сар гэхэд цасан бүрхүүл тогтчихоод л, 3 сарын эх гэхэд л цасан бүрхүүл нь хайлмагтаад л, 4 сар гэхэд л бороо ордог, одоо бол зун нь зун шиг халуун биш, өвөл нь өвөл шиг биш, би боддогийм. Заа за, одоо өвлийн хувцас бэлдэж байснаас ер нь хавар намрын л хувцас л бэлдвэл л арай илүү өмсөх юм байна даа, одоо бол бид нар чинь сэрүүхэн, ингээд байж байтал чинь 7 сард нэг, 8 сарын сүүл болоод л сэрүүхэн царцаа, марцаа гараад л намар болчихож байна ш дээ. Тэгээд л одоо өвөл нэг цас орж өгөхгүй, аягүй удаж удчихаад л энэ чинь одоо ямар сонин юм бэ, 10 сар 11 болчихоод байхад битүү цасан бүрхүүл тогтоод л, нэг сайхан болчихдог ш дээ, нэг их сайхан. Энэ жил тэгэхгүй л байна ш дээ, 11 сар болчихоод байхад. Бараг л өвлийн 12 сар хүрч байж л нэг цасан бүрхүүл тогтож байгаа юм уу хаашаа юм. Өвлийн саруудад чинь манай хот чинь гоё ш дээ, бүх юм цав цагаан болчихдог. Одоо чинь цаг уурын өөрчлөлт ороод, хавар намраараа л байгаад байгаа юм уу даа гэж бодогддог ш дээ. Өвөл нь богино, хавар намар нь урт.
Саранцэцэг -
Газар усны нэр өөрчлөгдсөн газар байна уу? Өмнө нь нэрлэж байсан газар нэр нь бүр өөрчлөгдчихсөн?
Нэргүй -
Бараг одоо тийм юм анзаарахгүй байна. Одоо хотод Октябрийн район гээд л нэрлэж байсан. 90 онд Октябрийн районыг чинь 2 хуваагаад л нэрийг нь өөрчлөөд л 2 Баянгол, Сүхбаатар гээд л. Юуг.., Найрамдлын район гэдэг байсан байхгүй юу, одоо бол Баянзүрх гээд л. 4 уулаараа нэрлээд л. Тэрнээс Чингэлтэй эд нар гэж байхгүй байсан ш дээ. Октябрь, Найрамдал, Хануул байсан юм шиг байна. 4 дүүрэг л гэж байсан. Одоо бол 9 дүүрэгтэй болчихлоо ш дээ. Налайх гээд л, Багануур гээд л шинэ шинэ дүүргүүд гарч ирээд л, Багахангай гээд л шинэ дүүрэг гараад ирсэн тээ, манай хот бол ингээд хотоороо тархчихсан ш дээ.
Саранцэцэг -
Та ингээд өөрийнхөө төрсөн газар луу сүүлд хэзээ очсон бэ?
Нэргүй -
Би 2000 онд, 2003 онд Говь-Алтай явсан ш дээ.
Саранцэцэг -
Тэрний өмнө нь хэзээ явсан?
Нэргүй -
Би ер нь 61 онд орж ирчихээд, 2003 онд л анх Говь-Алтай явсан. Говь, хангай өөр нутагт амьдраад байсан болохоор. Манай нутаг бол сайхан байналээ. Тэгээд тийм элсэн хөрстэй, би тэгэхэд л сайн ажигласан. Би бага байхад бол ерөөсөө ямар уул хадтай, ямар гэдгийг нь мэддэгүй байхгүй юу. Тэгээд Говь-Алтайд Хөнхөр тосгоны рашаанд очсон чинь Алтайн овоонд нурууны салбар уулс болоод тэр үү, Хөвсгөлийнх шиг арсгар сарсгар уулууд нь тийм одоо салхи ихтэй болоод тэр үү, эмтэрсэн болоод тэр үү, Хангайн нурууны уулнууд чинь тийм өлгөр мөлгөр байдаг юм ш дээ, тэр Алтайн нуруунууд чинь арсгар арсгар, хурц говийн нөхцөл болоод тэр юм уу, Хангайн нурууг говийн нуруунуудтай харьцуулаад үзэхэд 2 өөр шал өөр, Хөвсгөл шиг ян сарьдагууд нь тийм юм уу гэхлээр шал өөр, тийм. Тэгээд элсэрхэг хөрстэй, тэгсэн мөртлөөсөө хуурай уур амьсгалтай, тэгэхдээ л нэг дотно байгаа юм чинь, төрсөн нутаг болохлоор. Сонин байгаа биз, хүний төрсөн нутаг гэдэг.
Саранцэцэг -
Таны хамгийн их олон жил амьдарсан газар чинь Зүүнхараа юу?
Нэргүй -
Тийм, би Зүүнхараад чинь 19 жил амьдарсан ш дээ.
Саранцэцэг -
Сүүлд хэзээ очсон бэ?
Нэргүй -
Өө жил болгон очно ш дээ. Миний хүүхдүүдийн төрсөн газар, Зүүнхараа миний хамаг залуу нас тэнд, тэнд очихлоор чинь миний хамгийн дурсамжтай газар тэнд байдаг. Тэгээд одоо би Зүүнхараа явах үгүй мөн их дуртай шүү, тэнд чинь би ганцаараа очоод 6-лаа болж ирснийг хэлэх үү. Тэнд бас манай ээжийн оршуулга байдаг юм. Тэнд нь заавал нэг очно оо. Тэгээд би Зүүнхараад их очих дуртай ш дээ, жилд заавал нэг очно оо. Би Говь-Алтайгаас дээрээсээ 2 дахь эгчийгээ Зүүнхараад авчирч юу яасан байхгүй юу, ажил төрөлтэй болгож, орон байрыг нь бэлдэж өгч, тэнд суурьшуулж, том байшин майшин авч өгч, төмөр замд ажилд оруулаад, тэгээд тэднийх маань тэнд 3,4 айл болчихсон байдаг юм, хүүхдүүдтэйгээ. Надад их баярлана л даа, надыг ингээд гэр оронтой болгоод өгсөн, байшин майшинтай болгоод өгсөн гээд, та л бид нарыг ажил төрөлтэй болгож яасан шүү, таны буянд гээд. Тэгээд тэр урмыхаа үгийг сонсох гээд ч юм уу, тийшээ очих аймар дуртай /инээв/
Саранцэцэг -
Сүүлд очиход Зүүнхараа яаж өөрчлөгдсөн байна?
Нэргүй -
Сайхан, Зүннхараад зам тавигдсан байлээ. Соёлын ордон баригдсан байналээ, төмөр замынх нь байрууд ашиглалтанд ороод, хувьчлагдаад, ногоо могоо тариад, намхан байрууд нь арай бас арай хөгжил нь арай дээр байлээ ш дээ. Ер нь бол дажгүй бас. Ер нь бол юм хийгээд байгаа юм байна даа л гэж харагдаад байгаа ш дээ. Байшин барьчихсан, нэг 4 давхар, 5 давхар байшин нэмэгдээд барьчихсан, энэ тэр. Хөдөөгөө шинэчилчихсэн ч байх шиг. Зам дагаад хөгжил нь байгаад байгаа юм байна, Зүүнхараа бол хөгжөөд байна л гэж боддог ш дээ.
Саранцэцэг -
Заа, би одоо танаас нэг сонин асуулт асууя, монголчууд чинь нас барсан улсуудаа дээр үед яаж оршуулдаг байсан юм, одоо яаж өөрчлөгдөөд байна та тэр талаар мэддэг юм байвал ярихгүй юу?
Нэргүй -
Манай ээж аав ингэж ярьдаг байсан ш дээ. Одоо ингээд нэг хүн нас барна гэхээр одоо ингээд л цуглараад л, уулзалдаад л, орилолдоод л,шаваад байх юм, дээр үед чинь ...өө хөөрхий амьтан тэр уначихаж гэнээ гээд л, бие биендээ ингэж чихэнд нь шивнэж хэлээд л, тэгээд л нөгөөдхийгөө хөдөөлүүлэх гэж байгаа юм гээд л, 2,3-хан эрэгтэй хүн моринд дүүрч аваад л, морин тэргэн дээр тавьж аваад л, хөдөө ил тавьдаг байсан. Тэгээд заримдаа болбол хөөгөөд л босоод суучихсан юм шиг харагддаг, заримдаа бол хурдан алга болчихож их буянтай хүн байжээ гээд, аваад явчихаж, алга болчихсон байна гээд л, тэгээд л авч явахгүй харагдаад байхлээр энэ маань одоо их л нүгэл хийгээгүй л юмсан, яагаад ингэж байгаад байгаа юм бол доо гээд л тэгдэг байсан гэсэн, дээр үед болбол. Тэгээд сүүлийн үед бол яахав, нөгөө хамт олон байгууллага, хамт олон гээд л цуглараад байгаа. Цуглараад л оршуулаад л, нийгэмд төлөвшүүлээд. Хөгшчүүл болбол ямар сонин юм бэ, одооны энэ өөр болж дээ гээд. Дээр үед бол аягүй тийм юу байдаг байсан юм шиг байлээ ш дээ. Хол хол байдаг улсууд чинь ч тийм байдаг юм уу, хот суурин газрын улсууд чинь бие биен дээрээ очоод, манай ээж чинь ямар ч олон машин явдаг юм б дээ тэднийд гээд л, гэдэг байсан. Тэгсэн манай ээж дээр чинь аягүй олон машин явсан ш дээ, хориод машин явсан ш дээ,оршуулганд нь.
Саранцэцэг -
Одоо ингээд?
Нэргүй -
Одоо харин их зөв өөрчлөгдөөд байна ш дээ. Одоо баруун тийшээ гаргая гэвэл баруун талд чандарлах газартай, суварга муварга хийе гэвэл тэнд нь суварга хийгээд, зүүн талд гаргана гэвэл зүүн талд чандарлах газартай, утга бол их сонин байгаад байгаа байхгүй юу, лам нараас очоод асуухаар. Заа, энэ хүнийг бол чандарлаж болохгүй ээ, одоо гал махбодтой байна ч гэдэг юм уу, энэ хүнийг чандарлаж болноо, энэ хүн хий махбодтой байна, энэ хүн ямар махбодтой ч гэдэг юм тээ, тэр одоо хайрцгийг нь нээгээд тэгээд дээр үед бол тийм юм байдаггүй байсан ш дээ. Хайрцаглах, хайрцгийг нь нээх мээх гэж, нөгөө хүнийг нь нас барахаар бушуухан нүүгээд л явдаг байсан, одоо бол хүн нас барлаа гэхэд заавал байшингаа солиод нүүж байгаа улс гэж байхгүй л байна ш дээ тээ. Зарим нь бол дээр нь бол зүлэг хийгээд, тэгшлээд, ингээд мэдэгдэхгүй болгоод тавьчихаж байна, зарим нь бол чандарлаж байна, янз янз л байна ш дээ. Дээр үед нөгөө бүүр өндөр настай хүнийг ясаар гударч алдаг байсан юм байлээ ш дээ. Их сонин байгаа биз.
Саранцэцэг -
Үхэхгүй болохоор нь уу?
Нэргүй -
Тийм. Их сонин байгаа биз. Дээр үед чинь үхэл их цөөн байсан. Одоогийнхтой адилхан янз бүрийн өвчин байдаггүй. Ходоодны нарийнтах гэж л байдаг. Тэгээд тэр нарийнтахаа халуун хоол унд иддэгтэйгээ холбож ярьдаг. Тэгж ярьдаг байсан, манай ээж.
Саранцэцэг -
Таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа, эрүүл энх байгаарай.
Нэргүй -
Заа би баярлалаа. Би бол санаанд орсон юмаа ярьсан шүү, буруу зөрүү юм ярьсан, наана цаана юм байвал уучлаарай гэж хэлье дээ. Ярилцлага авсанд баярлалаа, надад бол их сонин сайхан дурсамжууд, аягүй их өнгөрсөн үеийнхээ амьдралд эргээд очих шиг боллоо /инээв/.
Саранцэцэг -
Заа ярилцлагаа өндөрлье.
Нэргүй -
Заа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.