Tömör
Basic information
Interviewee ID: 990207
Name: Tömör
Parent's name: Süh
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1946
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: milker
Father's profession: carpenter
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
cultural campaigns
belief
work
industrialization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
mother - father
childhood
schoolchildren's life
children's upbringing
repression
cultural campaigns
work - labor
collectivization
belief
men and women
privatization
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
Заа, сайн байна уу та?
Төмөр -
Сайн, сайн байна уу?
Саранцэцэг -
За өмнөх ярилцлагаа хоёулаа үргэлжлүүлье ?
Төмөр -
нннн...
Саранцэцэг -
Монголд одоо ардчилсан хөдөлгөөн 90-ээд оны үед эхэлсэн, ардчилсан хөдөлгөөнд танай гэр бүлээс оролцсон хүн бий юу, ардчилсан хөдөлгөөн хүмсүүдийн амьдралд яаж нөлөөлөв өө? Таны амьдралд чухам яаж нөлөөлсөн бэ? Ардчилсан хөддөлгөөний талаар та жаахан сэтгэгдлээ ярихгүй юу?
Төмөр -
Заа, 90-ээд оны үед чинь энэ ардчилсан хөдөлгөөний эх үүсвэр нь тавигдаж байхад би мөн л цагдаагийнхаа газар ажиллаж байлаа. Тэр үед би МАХН-ын гишүүн байлаа. Тэгээд гишүүнээсээ 90 онд чинь түдгэлзэж байсан ш дээ, цагдаагийн газар төрийн байгууллагад ажиллаж байгаа улсууд чинь намын гишүүнээсээ түдгэлзэж байсан. Тэгээд би гишүүнээсээ түдгэлзэж байсан. Заа, энэ ардчилсан нам гэдгийг анх байгуулагдаж байхад манай тэр нисгэгч тэтгэвэрт гарчихсан байсан боловч, өөрөө ..за би МАХН-д элсэж чадаагүй, Ардчилсан намын гишүүн болноо гэж ардчилсан намд манай гэр бүлийн хүн элсэж 90 оноос хойш 2008 оныг хүртэл 18 жил гишүүнээр нь явсан даа, тийм. Заа энэ ардчиллын буян бол ихөөрөөр туссаан. Аль ч хүний амьдралд. Энд сайн юм маш их байгаа, яагаад гэвэл нөгөө боогдмол хаагдмал эрх чөлөөнүүдийг чинь энэ ардчиллын жилүүдэд л хүмсүүс эдэлж хэрэглэж ирсэн шүү дээ, тэр тухай жишээлбэл би нэг хаа нэгэн газраас банз, мод олоод байшин барьчихвал ..заа энэ банзыг хаанаас авсан, хэдэн төгрөгөөр авсан, энэ ер нь одоо социалист өмч ашиглаад байшинтай болчихож байгаа юм биш үү, ингэж мөрөөр нь хөөж мөчөөр нь санжуулдаг, байсан үе байхгүй юу бид нарын үе чинь. Тэр л сангийнхаа гэртээ суугаад л байна уу гэхээс биш хувийнхаа амбаартай болъё гэсэн бодол байдаггүй, өглөө ажилдаа явчихаад л, орой хэдэн хүүхдүүд хоолтой өмсөх хувцастай л байж байвал болдог, тэрнээс цааш нөгөө ёстой чухам өөрөөсөө өндөр давааг даваагүй, нөхрөөсөө өөр хүний өвөрт ороогүй бидэн шиг тийм л үзэл бодлоор хүмүүжсэн байсан үе, 90-ээд оны энэ ардчиллын буянаар чинь л одоо жинхэнэ задарч хүн болгон орчинтойгоо гадаад орчинтойгоо одоо энэ олон сайхан залуучууд гадагшаа дотогшоо явж, үзээгүй хүн гэж алга ш дээ. Энэ чинь ардчиллын л буян. Хүн болгон гадаад паспорттой, хүн болгон гадагшаа дотогшоо явна гэдэг чинь бид нарын нэг Төв аймаг ороод ирэхийн дайны Налайх ороод ирэх дайны, өдөртөө сардаа л ирж очоод байдаг хөдөлдөг болчихсон чинь ардчиллын л буян. Гэхдээ би бол яахав, Монгол Ардын Хувьсгалт Нам/МАХН/-ын гишүүн байсан учраас үзэл бодолдоо үнэнч гишүүнчлэлдээ үнэнч, өнөөдрийг хүртэл зүтгэсэн одоо ч БГД-ийн 16-р үүрийн намын үүрийн даргаар ажиллаж байна. Сая яахав, бид нар энэ сонгуульд ингээд ажиллаа гэхэд одоо Энхбаяр дарга гараагүй, гараагүйн бурууг би ганц эдлэх ёстой биш яахав цөмөөрөө л одоо байдаг байдаг чадлаараа л ажиллана, “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэж өнөөдөр ингээд л энэ Элбэгдорж гэдэг хүн гарч ирэх л учиртай байсан юм байна, ингэлээ гээд бид нар одоо айхтар халаглаад л нэгэндээ гомдоод л тэгээд байх юм бол байхгүй. Аа хэрэв энэ ардчилал гэдэг юм төрөөгүй байсан бол мэдэхгүй би өөрийгөө боддогийм шүү, тэгж машинтай болчихоод л, халтуур хийгээд л, тэгээд л явж байх тийм хувь зураг байх ч байсиймуу, үгүй ч юм уу, энийг би ардчиллын буян гэж боддог. Ардчиллын буянаар хүүхдүүд наашаа цаашаа явдаг, ганзгын наймаа хийж байж сая нэг хөдөлдөг, машинтай болж энэ их дураараа машин барьж давхиж яг тэр социализмын үеийн амьдралаараа байсан бол би тэтгэврээ аваад л тэгээд л гэртээ сууж л байсан байх. Хүн болгон хөдлөөд ирэхээр зэрэг, бас яахав ажил хөдөлмөр хийгээд сурчихсан болохоор ямар ч байсан энэ хэдийн дунд явж байх нь зүйтэй юм аал гэж бодно ш дээ. хүн чинь тийм. Тийм, энэ ардчиллын буян байнаа байна. Хааяагүй энэний ардчиллын буян эдлээгүй хүн гэж байхгүй аа манай хүн бол тэгж 18 жил тэтгэвэртээ гарчихсан өвгөн, намын гишүүн гээд л тэгээд л яахав дээ, тэр намдаа үнэнч, тэгээд л одоо энэ ардчилсан нам чинь гишүүдээсээ татвар хандив авдаггүй юм шиг байналээ. Ерөөсөө манай хүн татвар хандив гэж авч байхыг нь үзээгүй, аа зүгээр ер нь тэгэхдээ ардчиллын залуучууд бол тэр гишүүнчлэлээ хүнээ татаж авахын тухайд бол айхтар сайн ажиллаж байгаам, ер нь муулахын аргагүй шүү. Хүнтэй ажиллана гэдгийг эд нар хийгээд байнаа л гэж боддог, тийм.
Саранцэцэг -
Ардчиллын үр нөлөө гэж юу вэ, хүмсүүд ардчиллаас ер нь юу хүлээж байсан бэ ?
Төмөр -
Харин тэрэн дээр чинь одоо яахав, ер яахав би боддогийм, ардчилал, хүмүүс, арай нэг хэтэрхий эрх дураараа байдлыг л илүү үзчихэв үү дээ л гэж, тийм. Энэ нь л арай задгайрчихлаа даа, хэрэв тэгээгүй зүгээр бас нэг жаахан тийм зарчимтай, “хүн ахтай дээл захтай” байсан бол өнөөдөр бас арай өөр байх байсан бол уу, манай нийгэмд жишээлбэл одоо ноднингийн 7 сарын 1-ний үйл явдал болбол тэгж задгайраагүй бол тэр гарахгүй л байх байсан даа, хэтэрхий ардчилсан гэж үглээд залуучууд нь хэтэрхий дураараа ээж аавыгаа өнөөдөр чинь ээж ааваасаа айгаад, дахиад ахмад настай хүнийг хүндэтгэж, хүний үг ямар үнэтэйг санаж явдаг байсан үе одоо байхгүй. Тэрэн дээрээ би одоо их алдаж байна гэж боддог. Уул нь хүн ахтай дээл захтай байдаг бол энэ хар цагааныг ялгаад, зөв зүйтэй юмыг нь дагаад хэрэгжүүлж биелүүлээд, буруу бусгаа юмыг нь орхиод яваад байсан бол манай улс өнөөдөр хар толбо үлдээхгүй, сайхан хөгжчих боломж анхнаасаа нээгдсэн ш дээ. Сайхан байсан, тэр одоо нэг үргэлжлээд ингээд нам тайван ингээд явж байж болдог юм бол уу, аль нэгэн юм болбол шүүмжлэлгүйгээр бие биенийхээ алдаа оноог хэлэлцэлгүйгээр одоо явна гэж байхгүй, тэрийг шударгаар хэлэлцээд, алдаа оноогоо засаад явж байсан юм бүтдэг болохоос биш тэрийг л тэр л намайг ингэлээ дээ гээд дотор санаандаа ямар нэг юм бодоод, ингээд үг хөөцөлдөөд явах юм бол үлдэхгүй устана ямар нэгэн учраас ийм үг гарлаа шүү г эж тэрэнд дүгнэлт хийгээд, яагаад энэ гарав гэдэг дээр өөрөө дүгнэлт хийгээд залруулаад явах юм болбол ер нь заавал урагшаа явна. Үүний буян бол их байгаа зөв л хэрэгжүүлж зөв л залж явах хэрэгтэй.
Саранцэцэг -
Ардчилсан хөдөлгөөн ид өрнөж байх үед эрэгтэй эмэгтэй улсуудын оролцоо нь ямар байсан юм бэ? Ардчилал өөрөө эрэгтэй эмэгтэй улсуудад яаж хүйсийн ялгаатай нөлөөлж байсан юм бол та тэр талаар ажиглаж мэдсэн юм байвал хэлж өгөхгүй юу?
Төмөр -
Яг одоо тэр тухайн үед 90 онд өлсгөлөн зарлаад сууж байхад чинь бол ер нь дийлэнх нь эрэгтэйчүүд байсан юм ш дээ, эрэгтэйчүүд залуучууд голдуу байсан юм даа, тийм. Би бүр тодхоон санаж байна. 3 сарын 8-нд өлсгөлөн зарлачихаад биднүүс тэгэхэд чинь манайхны нэг эжий одон аваад тэднийдээ очно гэж байхад чинь ер нь олон нийтийн олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиож болохгүй ээ, заа тэгээд энэ цэрэг цагдаагийнхан ийм ажилд оролцож болохгүй, харин ч болбол янз бүрийн болох бүтэхгүй ниймийн хэв журам зөрчсөн асуудал болох юм бол тэрийг таслан зогсооход л чиглэгдсэн тийм л байх ёстой гэж ингэж л тэгж байхад бид газар сайгүй л явж ажиглалт хийж байхад эрэгтэйчүүд нь дийлэнх байсан юм. Одоо ч гэсэн ерөнхийдөө бас хүйсийн ялгаагаар харах юм бол эрэгтэйчүүд нь дийлэнх шүү. Би одоо яагаад гэвэл нөгөө хороонд нөгөө сонгуульт ажил хийж байгаа учир сайн мэдэж байгаа, тэгээд ер нь эрэгтэйчүүд ерөнхийдөө дийлэнх байдаг юм. Заа эмэгтэйчүүд бол байнаа байна. За одоо яахав, 20 дөнгөж гарч байгаа, шүргэж байгаа энэ залуучууд чинь яах аргагүй энэ үзэл бодол зөв байна, зүйтэй байна ингэж байгаа боловч эд нар дураараа захиргаагүй тал дээр илүү дэмжээд байгаа байхгүй юу, тэр өнгөтэй өөдтэй соёлтой, ухамсартайг нь дагаад явчихаж чадахгүй тэрийг л их зөв ойлгуулмаар. Ёстой болдогсон болбол ийм учиртай шүү гэдгийг сайн хэлж өгмөөр байдгийм.
Саранцэцэг -
Монголд байгаа ТББ-уудтай харьцаж байсан туршлага танд хэр байдаг вэ? Монголын амьдралд ТББ-ууд ямар ач холбогдолтой гэж үздэг вэ?
Төмөр -
Аа ТББ-ууд ач холбогдолтой байлгүй яахав. Үнэхээр одоо хүнийхээ төлөө ажиллаж чаддаг, ТББ-ын чинь ач буянаар нөгөө хүн хүндээ нэгдэж “Нэг нь нийтийнхээ төлөө нийт нь нэгийнхээ төлөө” хамаг л бололцоотой бүхэн чинь тэр ТББ-аас л хүн чинь их юм сурч, нэгдэж, олонтойгоо холбогдож, өөрийнхөө чадахгүй юмыг чаддаг болж мэдээгүй юмаа мэддэг болж байна. Хүмүүс ТББ-ууд гээд онц их тоодоггүй байхгүй юу. Яг үнэн чанар дээрээ бол лав миний хувьд бол ТББ-ууд гээд янз бүрийн сонгуульт ажлуудаа хийж явахад тэр ТББ-ууд үр өгөөж тэд нарын хувь оролцоо, ер нь их байсийм ш дээ. Одоо ч гэсэн хөөрхий бас тэд нар чинь үүргээ гүйцэтгээд ингээд явж л байна. Төрийн бус байгууллагууд гэдэг чинь цалин пүнлүүгүй сонирхолгүй, зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр бүлэг хүмүүс дэмжиж боддог юм шиг байгаам. Энэ дотор чинь авах юм их байна, авах гээхийн ухаанаар л энэ ТББ-уудын үйл ажиллагааг ойлгож явбал их үр дүнтэй юм байгаа юм,тийм. Хэрэгтэй заримууд нь маш сайн ажиллаж байгаа гэж боддог.
Саранцэцэг -
Социализмын үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүн байсан бэ?
Төмөр -
Социализмын үеийн эрх мэдэлтэн гэдэг чинь одоо яахав дарга нар л эрх мэдэлтэй байлаа ш дээ. тэрнээс биш жирийн нэг нормын ажилчин тариачин ч байдгиймуу, заа тэр албан газрын үйлчлэгч эд нарт ямар эрх мэдэл байх юм, тийм. Тэр дарга орлогч дарга нарийн бичгийн дарга нар л тодорхой өөрийн гэсэн эрх мэдэлтэй ш дээ/инээв/ албан тушаалтай байсан нь л эрх мэдэлтэй байлаа.
Саранцэцэг -
Дарга байсан улсууд доод тушаалын улстайгааа ямархуу байдлаар харьцдаг байсан бэ, ер нь тэр дарга нарыг ажиглаад байхад өдөр тутмын байдлаараа жирийн улсуудаасаа ялгагдах уу, жишээлбэл одоо өөрийн эдэлж хэрэглэж байгаа юмс байдаг юм уу, эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа байдал ч гэдэг юм уу?
Төмөр -
Тэр бол ер нь ажиглаж байхад өөрийнхөө ухамсраас л их шалтгаалдаг юм ш дээ. Тэр удирдах ажил хийж байгаа хүн би энэ өөрийнхөө доод албан тушаалын улсуудтай яаж харьцах вэ гэдэг чинь яг өөрийнх нь тэр хүний оюуны потенциалаас шалтгаалж байдаг юм, би янз бүрийн дарга нартай ажиллаж байлаа. тэгэхэд чинь одоо зарим нь зүгээр нэг одоо тушаал өгдөг, тэр тушаалыг хэрэгжүүлж байдаг тийм үүрэгтэй дарга байдаг, зарим дрга нар бол тийм биш, тэр хүнийг тэр өөрийнхөө албан тушаалд тэр өөрийнхөө доороо байгаа албан тушаалтныг ажиллуулахын тулд бүр ерөөсөө гүн дотор нь орж ерөөсөө эхнэр нөхөр хүүхэд бүгдэнг нь 10 хуруу шигээ мэддэг, таньдаг байж байж сая тэр ажиллуулж чадсан дарга бол үнэн олныхоо хүндэтгэлийг хүлээж чадсан жинхэнэ одоо ажилчид нь бүүр даргаа хүндэтгэсэн, тэр даргын амнаас зөв ч үг гарсан буруу ч үг гарсан ...Ээ дээ ёстой даргын хэлж байгаа үнэн шүү, бүүр хууль зарлиг болчихсон, тэгж ажилладаг дарга бий. Тэр Жамьяншарав хурандааг л хэлнэ дээ. Тийм хүн байсан юм. Заа тэгээд ер нь эхний дарга нар бол учиртай гайгүй байсаан, одоо энэ ардчиллаас хойшхи дарга нар чинь сайхан дөөө....яг тэр ардчиллаа дагасан, тэгээд л нэг дураараа тэр дээр ингэж байна шүү энэ дээр ингэж байна шүү, гэсэн чигтээ л байна уу гэхээс биш үнэн сэтгэлээсээ хүний сэтгэлд хүрээд энэ нэг эмзэг, юун дээр эмзэглээд байгаа юм гэхлээр одоо юу нь санаанд таарахгүй байгаа юм бол доо, ер нь яавал энийг хөдөлгөх үү, ер нь хүн бол түлхүүрийг нь олж түлхэж чадвал чадахгүй мэдэхгүй юм болгоноо чадаж мэдэж хийдэг л байхгүй юу, хүн гэдэг чинь. Ямар адгуус амьтан биш өөрөө оюун ухаанаараа бусдаас ялгаатай учраас тэр хүний тэр толгой дотор ямар хэрэгтэй үг олоод хэлчихвэл гийгээд явчих хүн бэ гэдгийг л мэдэж чадвал ямар ч дарга цэргийнхээ эвийг олоод л ажиллуулаад байхгүй юу. Одоо сүүл рүүгээ бол дарга цэрэг 2 чинь ялгарах нь ер нь харьцангуй өөр болчихоод байгаа байхгүй юу, дарга гэхээр зэрэг ерөөсөө нэг л тушаал буулгадаг хүн болчихсон, өөрөө тэр дотроо ороод ажиллана гэж байхгүй, өөрөө үлгэрлээд хийнэ гэж байхгүй, дээхнэ үеийн дарга нар чинь харьцангуй заа ингээд л нэг ажил хийхээр болох юм бол тингээд хамтраад л яваад орчихдог, тэгээд бүгдээрээ ингээд хамтдаа хийгээд тэгээд хөдөлмөрийнх нь үр дүн ч амархан гарна, цэргийн ч бай, энгийн ч бай, улсууд чинь ер нь тэгдэг байсан ш дээ. Одоо бол харж байхад энэ дарга нар өөрсдөө тэр хөдөлмөрийн багаж барьдаг дарга гэж байхгүй л байх юм байна ш дээ. Зүгээр нэг гоё гоё хувцастай улсууд л машин унаад л үүрэгдээд л яваад байдаг, тэр нь тэгээд бүтээд байх юмаа. Хараад л байхад. Одоо тэгээд сүүл рүүгээ дарга цэргийн ялгаа асар их, бүр тод томруун ялгарч байна ш дээ. Тэрнээс дээхнэ үеийн дарга нар болбол тэгэхгүй ш дээ. Шал өөр байсан. Тэр хүнтэйгээ ажиллана гэдгийг сайн хийж чаддаг байсан, одоо бол дарга нар ер нь хийхгүй, заа тэгээд бүр нууцгүй хэлэхэд ингээд ажиглажээ, байхад дарга цэрэг нар хоорондоо эвтэй найртай ажиллах гэхээрээ одоо яадаг юм баяр болгоноор нэг нийлж шоудаж байгаагаа нэг их дотносож байгаад тооцчихоод, тэрнээс бусдад тэр одоо энэ ардчиллын үед л энэ залуучууд шоуддаг нь их дотносож харьцаж байгаа нь тэр юм байлгүй. Тэрнээс бид нарын үед болбол тэр чинь сонин биш ш дээ. Тэр хайран сайхан цагаа гарздаад л тэнд тэгж явж байх/хөхрөв/ Заа, одоо нэг зөв үйлс бүтээж байвал аштай байлгүй яахав. Тийм.
Саранцэцэг -
Ер нь бол жирийн хүн эрх мэдэлтэй улсуудад хүмүүст хандаж байгаа байдал яаж өөрчлөгдөв?
Төмөр -
Ээ чааваас, дандаа нэг аргадсан байдалтай, яавал энэ хүнд нэг зөв харагдчих уу, одоо нэг юм хүсээд орно, 2 юм хүсээд орно бүтэхгүй, 3 дахь дээр нь нөгөө хүний таньдаг хүнийг сураглана, үгүй ядаад л нэг чихэр жимс эмнэлгийнхэн дандаа набор барьдаг гэж загнаад байгаа ш дээ. Тэгээд л одоо нэг аргадсан царайчилсан, байж байж л ажлаа бүтээнэ ш дээ. Тэрнээс биш зүгээр нэг иргэн хүн одоо хаана ч ямар ч конторын хаалга татсан, шууд ажлаа бүтэээгээд гарна гэж ер нь байхгүй дээ. Дамаа энэ хөгшчүүл бол горьдсоны гарз ш дээ. Залуучууд бол шал өөр ш дээ. ховороо ховор. Тэгэхдээ ер нь заавал одоо бол ер нь ямар нэгэн албаны ч бай амины ч бай ажил бүтээе гэвэл таньдаг хүн сураглаад явчихаж байгаа юм ш дээ, ер нь хүмүүс. Шууд одоо би ерөөсөө нэг газрын албан дээр очъё гэхэд чинь тэнд хүн байна уу, таньдаг хүн байна уу гээд яах уу ийх үү гээд л одоо байдаг, тэгээд одоо энэ залуучууд хүртэл энд газрын албаны дарга дарга байж байна, энд мэргэжилтэн байж байна, энд нарийн бичиг бичиг хэрэг байж байна гээд бодоход тэр бичиг хэрэгч гэж нэг их пээдийсэн зантай охин, ..өө энэ мэргэжилтэн ч гэсэн би л энэ конторын эзэн энэ хүн юм л гуйж яваа юм байна гэсэн, тийм бодолтой болсон байна ш дээ, одоо ер нь. Бид нар ингээд албан газраар хааяа ховор ороход байнаа, тэгэхэд ер нь л эвгүй шүү, юм хөөцөлдөнө гэхээс за ер нь ихэнх залуучууд чинь цалингаа голоод, тэгээд л энэ дандаа хувиараа эрхлэх аж ахуйд орж ажиллаад, ачаа болоод яахав гэж ингэж байгаа улсууд чинь юм хуманд явахад чинь ерөөсөө энэ залуучууд чинь явж өгөхгүй байна ш дээ. ..өө хэрэггүй хэрэггүй, та өөрөө явбал яасан юм, тэгвэл яасан юм ингэвэл яасан юм гээд ерөөсөө энэн дээр хэзээ яаж голдрилдоо орох бол албан газрууд гэдэг чинь ер нь сайхан ш дээ, хаалга татаад л яваад ороход сайн байна уу, бичиг хэрэг нь хүлээж аваад л зүг замыг нь заагаад л өгчихвөл болно боллоо ш дээ ааааа.. нэг дуугарч ядаад л ерөөсөө тэгээд л хэдэн цаг ч хамаагүй хүлээлгээд л, хажуудах байгаа хүнтэйгээ амь албаны юм яриад л өнөө орж ирсэн хүнийг хүндэтгэхгүй байгаад ирэхээр чинь зэрэг нөгөө хүн унтууцна. Хэлэх гэж байсан бодол нь ч өөрчлөгдөөд явчихна. Тэгээд одоо харж байхад хөгшин залуугүй улсууд бие бие рүүгээ одоо дүрс дүрс, дүрс дүрс гээд л бие биенийхээ бодол санааг ойлголцохгүй, аягүй тийм нэг хаашаа ч юм б дээ, одоо адгуу гэх юм уу их л сонин харьцаа нь муудсан байгаа байхгүй юу, ажиглаад л байхад.
Саранцэцэг -
Дарга нарын эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа байдал яаж өөрчлөгдсөн байх юм бэ? Тэр үеийн дарга нар эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ яаж хэрэгжүүлдэг байваа?
Төмөр -
Социализмын үеийн дарга нар чинь болбол үүрэг даалгавар өгөх чиглэлээр тэрнийхээ биелэлтийг тооцож үр дүнг нь хэлэлцэж хэрэгжүүлдэг байсан. Заа одоо бол мэдэхгүй ээ, бараг л тийм тушаалыг тэгж биелүүлээрэй, тэгээрэй ингээрэй, тэр нарийн арга заавар өгөөд хэлээд өгөхгүй ш дээ. Сайн л болбол тэг гэж байна шүү, ингэ гэж байна шүү гээд л, жишээ нь одоо бол ингээд л өнөөгийн одоогийн энэ байдал дээр харахад энэ хороонд чинь хэсгийн ахлагч гээд нэг хэсэг улсууд байгаа юм. Тэд нар нь энэ гэр хороололд 4,5 гудамжнууд хариуцдаг. Тэгээд зохион байгуулагч нийгмийн ажилтан бүртгэлийн ажилтан халамжийн мэргэжилтэн, засаг дарга гээд 5 тушаалтан 5 ширээн дээр сууж байна. Энэ 5 хүн чинь айлаараа явахгүй байна ш дээ. Нөгөө хэсгийн дарга нарыг явуулаад байна ш дээ. Тэр хэсгийн дарга гэдэг чинь хэн юм, зүгээр сая ажиллаж байж байгаад тэтгэвэртээ гарсан мань мэт ш дээ. Тэгээд бид нар чинь нэг үеийн “Тоолбол нас чацуу, Төөлбөл нуруу чацуу” ч гэлээ гэсэн үзэл бодол өнөө мэдлэг чадвар чинь харилцан адилгүй ш дээ. Би өгсөн үүрэг даалгаврыг чинь 100% биелүүлчихээд 20 айлыг чинь бүртгэчихээд ороод ирнэ, гэтэл тэр хүн чинь үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан бага тушаалын хүн, яаж тэр улсуудын тэр 200 хүний чинь бүртгэлийг гүйцэд хийж ирэх юм, эхний 50 хүнийг хийж байснаа 60, 70-аас дээшлээд л андуураад л самуураад л регистрийг нь ч зөрүүлж тавиад, нэрийг нь ч овог нэрийг нь ч зөрүүлж тавиад л ороод ирнэ биз дээ, тэрийг хэн ч шалгахгүй ш дээ. Тэгээд л ингээд л нөгөө бүртгэл чинь компьютерт орчихноо, ингээд явж байхад чинь энэ зохион байгуулагч, засаг дарга нар чинь тэд нарын хийгээд ирсэн бүртгэлийг ингээд оруулчихсан учраас одоо юу гэж байнав, энэ бүртгэлийг Хувьсгалт нам буруу хийсээн, Хувьсгалт Намынхан энд сууж байгаа, нэр нь нөгөө Хувьсгалт нам дээрээ очиж байдаг, тэгтэл Хувьсгалт намын анхан шатны нэгжүүд өөрснөө хүнтэйгээ ажиллаж чадаагүй, тэр бүртгэл дээр чинь судалгаа хийх ёстой хүн чинь өөрөө гараагүй, өрөөлийг би одоо хайшаа юм энэ ширээн дээр сууж байгаа учраас өөрийг чинь зарчихаж байна. Өөрөө болохдээр зэрэг ингээд орно, ингээд энэ ажил чинь яг үнэнчээр урагшаагаа явахгүй, бүгд дарганцар болчихсон, дарга монгол орон чинь яг энэн дээр харагдаж байгаа байхгүй юу. Тийм.
Саранцэцэг -
Социализмын үед жирийн хүмүүс гадаад орнуудтай яаж харьцдаг байсан бэ? Монголд Зөвлөлтийн иргэдээс гадна ямар гадаадын иргэд амьдардаг, ирж очдог байсан бэ?
Төмөр -
Тэр үед чинь орос байсан, хятад бас байсан ш дээ, тийм. Заа тэгээд байж байсан чинь нөгөө юуныхан билээ, Чехийнхэн гэж нэг баахан улсууд хэсэг нэг их Монголд чинь орж ирсэн ш дээ. Тэр наян хэдэн онд чинь 70, 80-аад оны үед чинь одоо энэ Шувуун фабрикт чинь тэр чехийнхэн ажиллаад л, бас монголын аль сайхан сор болсон залуучууд залуу охид бүсгүйчүүдийг тэгж чехийнхэн уруу татаж гэнээ, ингэж гутал өмдөөр хуурч гэнээ, гээд л сонингийн бай болдог байсан ш дээ. Тэгэхээр тэр бас гаднаас ирж ажиллаж байсан, ер нь гаднаас их мэргэжилтэн авдаг байсан ш дээ, тийм.
Саранцэцэг -
Голцуу ер нь социалист орнуудаас ирдэг байсан уу?
Төмөр -
Социалист орнуудаас ирдэг байсан. тэр үед чинь одоо хятадын мэргэжилтэн гэж ер нь дуулаагүй ээ, би. Зүгээр яахав ажилчид Хятадынхан гэж ярьдаг болохоос биш, зөвлөлтийн мэргэжилтэн болд байнга ирж очиж байсан, тэгээд тэрэн дээр чех польшийнхон, польш гэж бараг дуулддаггүй байсан, чех маш их ирдэг байсан. Хааяа нэг өдрийн од шиг герман гэж дуулдаж байсан тэрнээс бусад нь би сайн мэдэхгүй, чехийнхэн бол нэг хэсэг бол их ирж байсан ш дээ, ерөөсөө. Тийм.
Саранцэцэг -
Монголчууд гадаадынхантай ямархуу журмаар харьцдаг байсан болоо? Харьцаа нь ямархуу байдаг байсан бэ? Найрсаг уу?
Төмөр -
Ер нь ямар ч улстай монголчууд зүгээр ёстой нэг хээгүй монгол гэдгээрээ монгол гэдэг утгаараа л харьцаж байсан байх. Тэр дундаа бол оростой бол ах дүү шиг харьцаж байсан. Хятадаас болбол ямагт эмээдэг байсан. Ер нь хятадуудтай бол нэг их ойр дотно харьцахгүй ш дээ. Бүүр цаанаа бүр ясны нэг айсан эмээсэн, үл итгэсэн байдал нь болбол байнга л байдаг ш дээ, одоо ч гэсэн хүмүүсийн сэтгэлд. Хятад бол тийм айхтар 100% итгэлтэй түнш гэж орж ирдэггүй ш дээ,Тийм. Орос ах нартайгаа бол маш сайн байсан. Тэд нарыг буруу хэлж байсан ч итгээд л хөөрхий дагаад л инээгээд л гүйж байсан. Дарга тэр том тушаалын улсууд болбол гадаад, дотоодтой яаж харьцаж байсан нь бол ойлгомжтой л доо. Зүгээр жирийн монголчууд болбол тэр гадаад оронтой харьцана гэдэг чинь байхгүй байсан ш дээ. Зүгээр одоо өөрийнх нь хүүхэд Орост суралцаж байна уу, манай хүүхэд Германд сурч байгаа манай хүүхэд Польшд сурч байгаа гэсэн улсууд тэр хүүхдийнхээ хэлж ярьж байгаагаар ойлгоц нь байсан болохоос биш, төдийлөн сайн мэддэггүй байсан ш дээ. Тэгээд л одоо тэр 67 он шүү дээ, одоо тэр анх телевизор нээгдсэн үеэс хойш болбол одоо нэлээн нүд нээгдэж, орчинтойгоо гадныхантайгаа анхны мэдэгдхүүн тэр л үеэс эхэлж төрсөн дөө, ер нь. Хүмүүс ийм байдаг юм байна, тийм байдаг юм байна гэж.
Саранцэцэг -
Монголчууд ер нь тэгээд гадаад эд барааг хаанаас яаж олж худалдаж авдаг байсан юм бол? Гадаад руу ер нь явдаг байсан уу?
Төмөр -
Гадаад руу чинь том дарга нар болбол явдаг байсан. Аа тэгээд айлуудаас чинь ганц хоёр сор болсон хүүхдүүд нь гадаадад сурдаг тэд нар нь л одоо нэг гадна дотны юмыг аав ээж ах дүү нартаа хөөрхий үзүүлэх амсуулах төдий л юмнууд авчирч өгнө үү гэхээс биш тэгж бэлэн зэлэн ихээр ирэхгүй. Заа, Оросын барааг чинь бол яахав, Монголд чинь орос дэлгүүрүүд зөндөө байсан. Тэгээд тэр орос дэлгүүрүүдэд чинь Монголын одоо тэр том том албан газрын дарга нар нэлээн дээгүүр албан тушаалын улсууд ордог, тийм үнэмлэхтэй, их дэлгүүрийн пропусктай. Тэр пропусктай хүмүүсээр дамжуулж, бид нар юмаа авдаг, жишээлбэл би гэхэд чинь кофенд их дуртай, тэгээд тэр үед чинь кофе олдохгүй, орос дэлгүүрт 5 төгрөгний кофе гээд ийм далдуу модны зурагтай, ийм жаахан одоо энэ кофе шиг ийм босоо тийм далдуу модны зурагтай кофе гардаг тэр нь 5 төгрөг. Тэгээд тэр ерөөсөө жирийн хүнд олдохгүй, тэр мэргэжилтэнгийн дэлгүрүүдэд л байдаг хот хөдөөгүй байсан юм. Би чинь нөгөө хөдөө аймагт 65, 66 оны үед чинь хөдөө аймгуудаар явж байхад орос дэлгүүр байж л байна. тэр орос дэлгүүрт харин тэр нисгэгч нар орно. Тэгэхэд би нисэгчийн авгай тэгээд өөрөө нисэхэд ажилладаг гээд орос дэлгүүрт орж өөрийнхөө хэрэгтэй дуртай барааг авдаг, тийм байсан. Аа тэр яахав зүгээр яг одоо миний амьдарч байсан үед бол нисгэгч хүн миний дэргэд байсан учраас хойшоо урагшаа ингээд ниснэ, нисэгч нарт одоо тэр доллар гээч юм чинь сураггүй, рубль гээч юм чинь нэр төдий, тийм байсан үе ш дээ. Тийм, тэр 60,70-аад онд чинь. Тэгээд л бид нар монгол мөнгөө өгөөд л юм захиад л явуулдаг, тэгээд л хойноос тийм юм аваад ирээрэй ийм юм аваад ирээрэй гээд л тэгээд ингээд л ёолкны тоглоом эд нар чинь их нүдний гэм, ёолкны их гоё тоглоом өлгөсөн айл бол дэндүү гоё хүүхэддээ гоё тоглоом засаад өгчихсөн, тоглоомгүй айл бол өнөө муу цаасан гинжээрээ гоёод л онцгүй л айл байна ш дээ. Тийм, тэгэхэд чинь бид нар хойшоо явж байгаа нисгэгч нартаа захина, хүүхдүүддээ ёолкны тоглоом авах гэж л бөөн ажил болдог л байсан үе шүү дээ, тэр 60 хэдэн онд чинь. Тийм.
Саранцэцэг -
Яг одоо танд, танай гэр бүлийнхэнд гадаад найз нөхөд гэж байсан уу?
Төмөр -
Тэр үед ерөөсөө байгаагүй. Аа миний ах эгч энэ тэр бол гадаадад сурч байсан. оюутнууд байсан. Тэд нар маань л одоо тэр гадны соёлыг бид нартаа авчирч заа нэг би сурагч гэхэд чинь л нэг формын хувцасны зах авчраад, нэг формон дээр хаддаг зах авчраад өгөх жишээтэй, нэг формны зах авчраад өгөхдээр 7-р ангиасаа 10-р анги төгстлөө л нэг цагаан зах хадаж, тэр үед чинь капронон лент гэж байгаагүй ш дээ. Тэгээд тэр ах эгч нар маань тэр капронон лент гэж юмыг чинь зүү гэж авчирч өгч, тэр үед тэр капронон лент зүүсэн хүүхэд чинь сургууль дээрээ хамгийн ганган юм хэрэглэсэн хүүхэд байлаа ш дээ/инээв/ ээ дээ тэр капрон лент зүүсэн хүүхэд чинь их тансаг юм зүүсэн хүүхдийн тоонд орно. Тэгээд нөгөө охидууд нь хөөрхий ..би нэг зүүгээд зургаа авахуулъя би нэг зүүгээд зургаа авахуулъя гээд л тэгээд л нэг зах дамжуулаад бүгдээрээ зургаа авахуулаад, ангиараа жигд монтаж хийлгэж энэ тэр хөглөж л байсан, тийм.
Саранцэцэг -
Та ер нь ямар ямар орнууд руу явсан бэ?
Төмөр -
Заа би Бээжинд очиж үзлээ, Эрээнийг очиж үзлээ. Солонгост очиж үзлээ, Орост очиж үзлээ. Орост очихдоо манай хүү тэр Рязань хотын энэ цэргийн шүхэр десантын дээд сургуульд сурч байсийм. Тэгээд тэнд очиж үзсэн. Аливаа улсад очиж тэр дэлгүүр хоршоогоор нь тэнэж, хоол гуанзаар нь явахаас түрүүн тэр жуулчдад үйлчилдэг автобус байдаг юм байнаа, тэрэнд л олж сууж эхэлж явбал ёстой нэг юм үзэж нүд тайлсан юм шиг болдог юм байлээ. Тэгээд тэр юунд Рязаньд хүү дээрээ очоод байж байхдаа манай хүү хөөрхий амьтан ...ээж одоо энд ингэж удахаар та нэг Ленинградыг очиж үзээд ир дээ, Ленинградад манай нэг найз, тэр өнөө хүү цэргийн сургуульд байсийм, тэгээд тэр энгийн сургуульд байгаа найз руугаа намайг явуулсан тэгээд би эгчтэй нь бага дүүтэй нь би энэ 83 оныхоо хүүтэй хамт очсон байсан, тэгээд бид 3-ыг очиход Ленинградад шөнө вагоноос буухад л хүүхэд тосч авсан. Тэгээд л тосч аваад л тэгээд л нөгөө нэг жуулчдад үйлчилдэг автобусанд суулгаад ингээд бүтэн өдөржингөө тэр дотуур ингэж явуулж явуулчихаад, баахан юм явуулж зураг даруулж даруулчихаад, тэгээд маргааш өдөр нь дэлгүүр хоршоо орчноор явахад нөгөө өчигдөр харчихсан, энүүгээр явчихсан, мэдчихсэн болохоор илүү танил юм шиг илүү амархан сэтгэлд дасч тэгээд эргэж хүрч ирээд тэгээд ..Миний хүү Рязань хотод аялал жуулчлалын автобус байдаг бол би тэрэнд нь сууж явъя тэгээд би тэрэнд нь сууж явж байсан. Уржнан даа одоо Солонгост очихдоо би бас очингуутаа ..Үгүй ээ үгүй би яахав нэг олон хоноод ч яахав, 2-рт одоо тэр унаандаа л намайг суулгаад өгчих, тэгээд тэрэнд чинь л одоо хамаагүй, өдөржин бол өдөржин шөнөжин бол шөнөжин явж байгаад ирье тэрэн шиг сайхан юм байдаггүй юм байналээ гээд тэгээд тэрэнд нь хүүхдүүд ч хэлээд дуртай нь аргагүй суулгаад өгсөн, ер нь аль ч улс оронд очсон тэр нь дээр юм байналээ. тэгээд яахав дээ, нэг их айхтар баян чинээлэг жуулчин авгай биш ч гэлээ гэсэн тэр жуулчных нь унаанд мөнгийг нь өгөөд л суугаад л ингээд л тойроод л үзнэ гэдэг чинь их юм үзэх юм байналээ. Тэгээд тэр юун дээр Солонгост очоод болбол хүүхдүүд нөгөө аав бид 2-ыг би операцинд орчихсон, аав нь бас нүдэндээ операцанд орчихсон, ер нь амьд байхад нь хоёулантай нь нэг уулзъя даа, тэгээд бид хоёр хоёулаа очоод байж байхад тэр Намсаны оргил дээр гарч үзье, гээд ингээд тэр “Намсаны оргил” дээр гарлаа л даа. Тэндээс харахад нэг хүн зүгээр ингээд доороосоо төлбөрөө төлөөд явахад 27 доллараар явж байгаа байхгүй юу, тэгээд тэр “Намсаны орой” дээр манай тэр Зайсан толгойрхуу л юм байлээ л дээ, тэгээд ингээд тэрэн дээр очихдээр зэрэг давхар болгон дээрээ ингээд л доллар төлөөлд л ингээд бид нар 4-үүлээ гарахад чинь 560 доллар үрээд гараапд ирж байгаа байхгүй юу, хоёрхон цагын дотор. Тийм айхтар өндөр зардлаар тэрийг очиж үзэж байгаам бид хэд. Тэгээд маргааш нь нэг юм үзүүлье гэхдээр нь зэрэг ...өө болье болье одоо боллоо, энэнээс илүү дурсгалтай юм гэж хаа байхав хүүхдүүд минь гээд тэгээд орхисон, тийм. Аа өөрийнхөө эх орны аймгуудаар бол би ер нь маш их олон аймаг явсан шүү би, нисэгч нөхрийнхөө буянгаар яваагүй газаргүйдээ харин. Тийм.
Саранцэцэг -
Та болбол унаган хотын иргэн. Тэгэхлээр ер нь болбол манайх шиг нүүдэлчин ард түмэнд бол хот бол өвөрмөц зүйл. Хотын амьдрал бусад одоо суурьшмал газруудын хотуудаас манай энэ хот чинь юугаараа онцлогтой болох вэ, та тэр талаар хэлэх үү?
Төмөр -
Заа яахав, бас ч гэж эх орондоо ч бай, гадаадад ч бай, би явж тэр хот хөдөө энэ тэрүүдийг харж байхад яах аргагүй л манай Улаанбаатар хот чинь хүн болгоны тэмүүлэхээр соёл иргэншлийн ганц гол төв цөм нь юм болохдээр зэрэг хаанаас ч харсан хэнд ч гэсэн үзүүлэх юмтай, харуулах юмтай сайхан л хот болсон. Аа сүүлийн бүлэгтээ энэ хүн амын нягтрал гэдэг бол одоо цадигаа алдаад, одоо тэр хөдөөнөөс орж ирж байгаа хүн ам нь ч ихэдчихлээ, заа энэ алга дарам газартаа энэ мөнгөтэй хөрөнгөтэй улс чинь хэдэн давхар ч хамаагүй юм бариад нөгөө замаа боогдуулаад ирэхлээр чинь зэрэг л энэ улсын хөгжил чинь тэгээд л урагшаа явахаа байчихдаг юм байна ш дээ. ерөөсөө л одоо энэ улс орны хөгжил гэдэг чинь энэ зам тээврээ л урагш нь ахиулж явуулж байж, сая энэ одоо өөдрөг өнгөлөг болох ёстой байтал чинь энэ зам чинь одоо бүр боогдмол болчихлоо ш дээ. энэ хэдэн машин нь замдаа багтахгүй, тэгээд замын эвдрэл гэмтэл гэж ёстой жигтэйхэн, тэр Солонгост очоод үзэхэд тэр тэр жаахан газар нутаг дээр замын хөгжил нь ямар айхтар хөгжсөн байнаа, ерөөсөө тэр дээгүүр доогуураа сүлжилдээд л, тэр мөрөнгөө тойроод л, ерөөсөө тэр дээр гараад л харж байхад чинь үнэн хөгжчихсөн, ямар ч айхтар ажилсаг улсууд юм, тэгээд тэр гадаа байж байгаа орчин тойрон нь цэвэрхэн ч гэж жигтэйхэн, жолооч нар нь машиндаа явж байхдаа хог цаас хаяна ч гэж байхгүй, үгүй ээ үнэн гоё соёлтой юмаа. Манайх болбол тэгэхэд чинь байхгүй ээ, зүгээр. замаар нь нэг хөндлөн гулд машинаа тавьчихсан, тэгээд зам нь тийм, тэгээд зай багтаамж байхгүй тийм, энэн нь тэгээд л бас их хүмүүжил энэн дээр харагдаж байгаа байхгүй юу. Дур дурандаа би л нэг их том машин барьчихсан хүн тийм биш энэ чинь миний дараагийн хүн ирвэл энэ чинь яаж явах билээ, энэ тэрэг хөдөлбөл яах билээ, аль болох тэр хүнд л нөлөөлөхгүй өөрийгөө ингэж авч явах ёстой байвал манайд тийм биш. Ерөөсөө бүр тэр амин хувиа нэгд тавьчихсан. Ер нь зай л байвал амжаад л ороод л зогсчихвол ер нь тэр тэнд зогсож байсан машин хөдлөх нь ч хэнд хэрэгтэй юм, дараагийн машин хаана зогсоод хэнд хэрэгтэй юм бодолцохгүй л байгаа байхгүй юу. Уул нь хүн болгон тэрийг л бодож явбал бие биенээ хүндэтгээд заа би энэ зайг олоод орчихъё заа хажуугаар машин ороод ирвэл энд зогсох юм байна энэ машин гарвал ингэсгээд гараг даа, ингээд л байгаад байвал энэ чинь цаг хугацааны хувьд бие биенээ хүндэттгээд үгүй ээ мөн сайхан болноо доо, одоо тэр манайханд бол тэр жолооч нар нь ч тэр ерөөсөө бие биенээ хүндэтгэх соёл гэдэг юм ерөөсөө байхгүй. Зан харьцааны хувьд ч гэсэн алхаад явж байгаа үйлдэл алин дээр нь ч нэг нь нөгөөгөө хүндэтгэнэ гэдэг харьцааны соёл ерөөсөө байхгүй тэр л маш их дутагдаж байгаа одоо яаж энэ хүмүүсийг их сайхан бие биенээ хүндэтгэдэг болгох уу, тиймээ. Тэрэн дээр бол бүр ерөөсөө харааны үзүүрээр захаас аван дүүрэн байгаа ш дээ. Би энд ингээд эмнэлэгт хэвтэх гээд л оочерлож байхад чинь л одоо чи би дээ тулаад л хэрэлдээд л угаасаа өөрсдөө бие нь өвдчихсөн ядруу байгаа улсууд тэнд ингээд л маргаад л зогсож тэгж цаг алдаад яахав, цагийн аясыг тааруулаад явсаар байтал болно биз дээ гээд тэрүүхэн хооронд тэвччихгүй л зүгээр ерөөсөө дүрс гээд л хэлэх хэлэхгүй үг хэлчихэж байгаа юмаа. Хурдан түргэн ч гэж жигтэйхэн/инээв/. Тэгээд би энэ ямар их адгуу болчихсон юм б дээ, ер нь амьдралдаа хүн адгана адгана гэхэд залуучууддаа үлгэр жишээ болоод настангууд нь хүртэл тийм болчихсон байгаа юм чинь. Тэр өвөө эмээ нар чинь бүр хашгичаад зогсож байхыг нь яана гээ. Тэгэхээр одоо залуучуудад бүр хэлэх үг байхгүй ш дээ. Тэгээд л одоо дур зоргондоо л орилолдож байхаас.
Саранцэцэг -
Яг хотын амьдралаас одоо танд яг одоо хотын амьдралаас таалагддаг, таатай санагддаг юм гэвэл юуг хэлэх үү?
Төмөр -
Заа яахав дээ, энэ сүүл рүүгээ хаашаа ч харсан энэ сайхан сайхан барилганууд босоод л эрт одоогийн энэ юмнууд харагдаж байгаа нь бол сайхан харагдаж байна. ерөнхийдээ энэ харахад бол гоё л харагдаж байна л даа бас ч гэж яасан жигтэйхэн юм бэ гэмээргүй сайхан сайхан байшин барилгууд сүндэрлээд л албан газруудын хаяг адресыг жигдлэх гээд л ядаж байгаа энэ энэ тэр нь бол сайхан л харагдаж байгаам. Гэтэл тэр хот дотро амьдарч байгаа улсууд нь хүртэл ингээд арзагнаад, ингээд байгаа болохдээр зэрэг л одоо тэр чинь монгол улсынхаа нэр хүндэд ч гэсэн гаднаас ирж байгаа улсуудынхаа нүдэнд ч гэсэн хэцүү харагдаж байгаа байхгүй юу. Одоо хүүхдийн парк гээд л нэг сайхан юм байсан чинь байхгүй болчихлоо одоо тэр ч тэрүүгээрээ хэзээ гарч ирэх үү тэгэхээр нөгөө жижгүүд чинь цуглаж чөлөөт цагаа өнгөрөөх гоё юугүй болчихож байгаам, төвгүй болчихож байгаам. Тэр тэнд байсан бол мөн сайхнаа, үгүй...сайхаан, сайхан тэр уулан дээр ирж байгаа одоо энэ тэндээ ороод л юмаа үзэж байхад тэгээд энэ сайхан ингээд цэцэг тарьчихсан, тэгээд л тэр усан фона оргилуур энэ тэр ажиллаж байгаа нь үнэн сайхан байгаам гоё байгаам. Тэгээд даанч одоо тэр гоёыгоо гоё чигээр нь хадгалаад хүмүүс нь их гоё болчихвол гоё дээрээ улам л сайхан болно доо, тиймээ.
Саранцэцэг -
Заа, социализмын үед гэр бүлийн амьдрал ямархуу байдаг байв, одоо яаж өөрчлөгдөөд байна ?Одоогийн гэр бүлийг харж байхад?
Төмөр -
Социализмын үеийн гэр бүл ч яахав дээ, хөөрхий жинхэнэ ёстой чухам бие биенийгээ хүндэтгэсэн, хайрласан үр хүүхдээ өсгөсөн, сайхан дэгтэй жаягтай тийм байсан. Тэр социализмын үед чинь тэр болгон хэрэлдээд уралдаад, маргалдаад зөрчилдөөд байхгүй ш дээ. Их сайхан тайван хүүхдүүд нь хүртэл хүмүүжилтэй тийм байсан. Одоо бол яахав, энэ цагийнхаа аясыг дагаад, ороо бусгаа болж байгаа юм уу тэгээд яахав, ер нь өнгө мөнгө хоёр хүний сэтгэхүйг их эвддэг юм болохоор орчин үед чинь энэ залуучууд ёстой ерөөсөө зэрэгцээ үе тэнгийнхээ хүнтэй ижил зиндаанд очиж амьдрахын тулд нэг нь нөгөөгөө их зовоож, тэрнээс болж маргаан үүсч байна ш дээ. Тэрнээс болж амьдралын тэнцвэргүй харьцаатай, тэгээд бие биенийгээ хүндэтгэх тэнхэл байхгүй, сэтгэлийн тэвчээргүйгээс болж л сүүлийн бүлэгт одоо амьдрал салах сарних, охид хүүхдүүд бие биентэйгээ тийм сайхан хүндэтгэлтэйгээр бие биентэйгээ удаан хугацаагаар үерхэх тэгж нэг нь нөгөөгөө таних тийм тэвчээргүй байна ш дээ. Нээх амархан танилцаад л нээх амархан бие биентэйгээ үл ойлголцоод л одооны гэр бүл бол яахав дээ, мөнгөтэй хөрөнгөтэй гэр бүлүүд бол сайхан л амьдрах байх. Ер нь одоо эдийн засаг мөнгө төгрөгөөр тааруухан гэр бүл амьдрахад бол одоо бэрх байна ш дээ, ер нь одоо тэрийг түшиж тулж зааж зааварладаг хүн ч байхгүй, тэгээд л өөрсдөө тэгээд л дутагдаад ирэхээрээ ер нь мөнгөтэй боломжийн амьдралтай улсууд бол ямар юмнаасаа маргаан үүсэх юм, үгүй ш дээ, байгаад л болоод л байна. Гол нь л тэр одоо амьдралын тарчиг ядуугаасаа болж л гэрбүлүүд чинь тогтвортой амьдарч чадахгүй байна ш дээ.
Саранцэцэг -
Төр засгаас ер нь гэр бүлийн тухай ямар бодлогууд баримталж ирэвээ? тэгээд тэд нар нь яаж өөрчлөгдөж байна, одоо?
Төмөр -
Заа, миний мэдэхийн анх бол ерөөсөө анх гэр бүл болох л юм бол заавал батлуулах хэрэгтэй, баталгаагүй гэр бүл бол гэр бүл бишээ, гээд ингээд бүр заавал батлуулдаг. Батлагдсаны дараа л үр хүүхэд нь эцэг эхээрээ овоглох эрхтэй болдог. Баталгаагүй болбол хүүхэд эцэг эхээрээ овоглож чаддаггүй тийм нэг хэсэг үе байсан, тийм. Заа тэгээд яахав ер нь бас нэг батлуулаад л заавал нэг их хурим найр хийгээд л зардал гаргахгүйгээр батлуулж байсан ш дээ, тэр үед чинь. Бас тийм. Тэгээд сүүл рүүгээ тэр дунд үед нь энэ гэр бүл батлуулахад бас хурим хийж баталгааг нь олгодог, бас нэг тийм зурвас үе гараад ирсэн. Тэр үеэс эхлээд л хүмүүс чинь хөөрхий амьтан, тэр их айхтар хуримыг чинь нижгэр хуримны чинь пянг нь даахгүй, төвөгшөөгөөд л, за одоо сүүлийн үед энэ залуучуудын сэтгэхүйд дамаан ялангуяа охидуудад нь болбол ёс төртэй хуримлаж аваагүй л болбол бэр биш гэж тэрүүгээрээ бол өөрснөө их үнэрхэх тэрүүгээрээ их айлгах болсон юм байна. тийм. Бид нарын үед бол юун тэр ёс төртэй хурим найр, баталгаа гэдгийг нь авчихвал болдог л байсан үе. Одоо бол тэгэхгүй байна. Ер нь одоо харж байхад чинь охидууд чинь ёс төртэйгээр ёсолж хуримаа хийж байна тэгтэл хурим хийнэ гэдэг чинь ямар их зардал ордог уу, тэр одоо хөөрхөн үнэнч цайлган сэтгэлтэй хүү тэр хуримаа хийж чадаагүйгээсээ болоод сэтгэлээр унавал яах уу/инээв/ тэгэхээр нөгөө охин чинь болохоор заавал хуримыг нь хийлгэж, заавал тэрийг тэр ёсыг нь гүйцэтгүүлнэ гэхээр нөгөө муу хүү чинь санаагаар унаж үхнэ ш дээ, хөөрхий. Худлаа хэлэх үү хулгай хийх үү бүр тамд унагачихаж байгаа байхгүй юу. Энэ бас их хэцүү. Заа, энийг гайгүй болгоё доо гээд сая шинэ гэрлэлтийн 500 гэхэд чинь гэрлэлтийн 500 чинь тус биш ус болчихож байгаа юм биш үү. Зөвхөн тэр мөнгөн дээр сэтгэхүйнүүд нь ажиллаад л ...заа одоо хоёулаа ерөөсөө батлуулаад 500 цаасаа 250-иар нь салгаад авъя гэж тохиролцоо хийдэг л юм байна. зарим газар чинь бүр одоо хэвлэлээр гараад л байсан ш дээ. Нэг 2 залуу бүр 3 газар батлуулаад 500, 500-г авсан байна гэж хүртэл. Тэр бүртгэл судалгаа муу гарч байгаагийнх. Бүртгэл Судалгаа муу гарч байнаа гэдэг чинь энэ анхан шатных биш тэр иргэний бүртгэл мэдээлэл дээр бүртгэл хийгээд сууж байгаа улсууд юугаа хийдэг юм, тэгэхээрээ юмыг хайнга дандаа морин дэл дээгүүр хийгээд байгаа нь энэ л байхгүй юу. Одоо тэр сонгуулийн юун дээр чинь одоо хүртэл бүртгэл судалгаа үнэнээрээ гарахгүй байна гээд л тэгээд тэр бүртгэл гарахгүй байгаагаа иргэний бүртгэл мэдээлэл рүү чихээд байгаа юм ш дээ. Тэгтэл иргэний бүртгэл мэдээллийн газар чинь болохдээр зэрэг хаа байсан, тэр хороо хориноосоо зааварлаад, заагаад сууж байх ёстой тэр улсуудыг буруутгаад байх ямар хэрэг байна, энэ анхан шатны нэгжний улсууд л өөрсдөө бичгээ бариад л нэг хороон дээр байгаа 5 хүн чинь тэр хороогоо 5 хуваагаад л гүйчихвэл үнэнд ойрхон гарах байхгүй юу. Тэгэхгүй л байна. тэгэхээр ха хаанаа энэ ажлыг ийм бие биендээ зүгээр үүрэг өгчихөөд л тэрнийгээ үнэн худлаач хамаа байхгүй, түүнийгээ цаасан дээр бөглөх тэрний төлөө сууж байгаа болохоос биш жинхэнэ үнэн энэ тоог би бол энэ тоог миний мэргэжил чинь нягтлан бодох мэргэжилтэй, би ерөөсөө юмыг хөлөөр нь бароиулж байж л дүнгий нь зөв гаргаж байж л сая ажил боддог, яг тэр зан зарчмаараа ажиллана. Тэгтэл одооны улсууд бол тийм юм байхгүй ш дээ. энэн дээр юм л тавьчих юм бол болоо. Үнэн байна уу, худлаа байна уу хамаа байхгүй. Тэгж ажиллаж байгаа болохоор улсын хэмжээнд энэ тоо бүртгэлийн юмнууд үнэн гарахгүй байна.
Саранцэцэг -
Заа одоо би танаас сүүлийнхээ асуултыг асуух гэж байна. монголчууд ер нь нас барсан гэр бүлийн хүмүүсээ дурсдаг арга барил дээр үед ямар байсан юм болоо одоо яаж өөрчлөгдөөд байгаа юм болоо? Оршуулга ер нь дээр үед ямар хэлбэрээр хийгддэг байсан бэ?
Төмөр -
Оршуулга бол яахав, дээр үед одоо бүр малчин ардууд бол ойролцоохон сайхан газар яахав, одоо нэг хүнээр газар заалгаад ил тавьдаг байсан юм байлээ. Аа тэгээд сүүл рүүгээ бол миний мэдэхийн одоо өвөг эмэг бол одоо энэ хот дотроо л энэ 70 давхар өөд тавьдаг байлаа, энэ Нарангийн энгэр лүү тавьж байсан. Тэгж байхад яахав нэг хэсэг дандаа ингэж хайрцганд хийгээд бунхалдаг байсан ш дээ. Тэгсэн одоо сүүл рүүгээ эргээд нөгөө задгай тавьдгийг илүүд үзээд тэр чинь нөгөө шашинтай холбоотой болоод ирэхгүй юу. Нөгөө шашин чинь ингээд нэлээд нээлттэй болоод ирэхдээр зэрэг ...ээ ер нь задгай тавьчих, ...задгай тавьчих л гэдэг. Гэтэл энэ задгай тавьсны чинь уршгаар яагаав нөгөө сонин хэвлэл дээгүүр ч гардаг байсан ш дээ. Хүний гар хөл явж байж гэнээ, яачив ийчив гэхдээр зэрэг л шарилаас орж ирсэн бол уу энэ тэр гээд л. Тэгээд л янз бүрийн энэ их өвчин таних танихгүй өвчин гарч байгаа энэ тэр бол задгай тавина гэдэг асуудал бол яагаад ч зохисгүй л байхгүй юу. Орхичихоод ирсэн ар гэрийн хувьд ч гэсэн ямар л өөдтэй л байв л гэж хэнмэдэхэв тэгээд л тэр шашин ном уншаад бас тасдуулдаг л гэж байгаам тэр тасыг нь ч хэн харлаа тасдаж байхыг нь ч хэн мэдлээ. Тэр бол утгагүй л асуудал байсан, одоо харин энэ одоо саяхан доо одоо, манайхнаас чинь нэлээн 2,3 ч оршуулга гарчихлаа. Өнөө олуулаа болохоор чинь. Ёстой барагдана ч гэж байдаггүй юм байна. тэгээд тэр юуны ...өө золиг, юу билээ.? Чандарлах газар дээр очиж үйлчлүүллээ дээ. тэр газрын тэр үйлчилж байгаа улсууд уу, ер нь албан газрын үйлчилгээ тэрэн шиг байдаг бол, хүн нээрээ ёстой толгой эргэнэ, өөрөө л сөгдөж өгнө. Тэнд очиход бол тэр хүнийг яаж нуур нугас шиг болтол үйлчилж байнаа, хээээ.... тэр үйлчилгээний газрын улсууд тэрэн шиг байдаг болбол, дэндүү юмаа. Тэгээд бид нар сая ярьж байгаад хамгийн том эгчийгээ тэнд аваачлаа л даа. Тэгээд тэр зардал нь ч өндөр л байдаг юм байна. тэгээд л яахав тэр газар шороо ухаад л, сэндийчээд л тэр хэдэн жилийн дараа яах уу, байгалийн жам ёсоор хөрс шороондоо шингэх учиртай ч гэлээ гэсэн, тэр хайрцагтай юм хэдэн жилийн дараа шингэж алга болоо билээ, яагаа ч билээ, тэрний оронд бид нар бол одоо ер нь энэ чандарлах нь л их зөв юм байна дөө гэж сэтгэлд сэвгүй нийтийн жишгээ дагаад тэгээд тэр агаарын бохирдол гээч юм чинь байгаль орчноо бохирдуулахгүй ядаж. Одоо энэ 70 давхрын чинь орчим бүүр сүйд болж гүйцлээ ш дээ, энэ чинь. Одоо энэ түрүүчийн шарилууд нь эзэнгүйдээд л айлууд бүр айж ичихээ байгаад л, дотор нь хүртэл тийм юмнууд байж байна. Тэр чинь одоо ерөөсөө еэ базарваань..., харахад ч бодоход ч хэцүү ш дээ. Тэгэхээр одоо энэ шарил чинь 2 газар гарчихсан юм байна ш дээ. Энэ талд ч нэг гарчихсан юм байна, энэ талд ч нэг гарчихсан юм байна, зүг нь баруун тийшээ гэвэл ийшээ яваад баруун тийшээ гэвэл ийшээ яваад байхаар болчихсон юм байна. Тэр улсууд нь ерөөсөө хөнгөн шуурхай, хүнд одоо ерөөсөө юм бодохын өнөө талийгаачаа бодохын нулимс унагахын зав өгөхгүй харьцаж байна ш дээ. Жигтэйхэн эелдэг зөөлхөн харьцаад л одоо очихоор чинь зэрэг л овог нэр нь энэ тэр юун дээрээ гарч ирээд л онгоцны буудал дээр энд тэнд ингээд л бичигнүүд гарч ирээд л байдаг даа, яг тэрүүн шиг. Тэр талийгаачийн овог нэр эд нар нь гарч ирээд л ном уншиж байна, тэгж байна, ингэж байна гээд л, энээ тэрээ гээд л ерөөсөө бүр тэгээд л нөгөө юм бодох сөгөө өгөхгүй л тэгээд л нэг их элэгсэг харьцаад л, хөтлөөд л ийшээ тийшээ гүйгээд л, бүр мэл гайхчихаж байгаа юм чинь. Тэгээд л нэгмэдэхэд л буцөаад л яах аргагүй машинд суух болчихсон, тэр нь ч бараг дээр юм байна даа, орилж унжаад л, хүрз шороогоо хаяж чадахгүй салгалж байснаас тийм юм байна. Тэгээд одоогийн энэ чинь л зүгээр харин тохижсон зүгээр юм уу даа, тэр дээр үеийн ёс төр нь л бол одоо хүнд л юм байна. Ил задгай тавих бол бүр тохирохгүй. Заа тэр булшилна гэдэг чинь одоо тэгээд үхэл төрөлт хоёр чинь зэрэгцэж явдаг хорвоодоо газар нутаг нь олдохоо байх юм байна л даа, ерөөсөө.
Саранцэцэг -
Заа за, таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд их баярлалаа. Та эмчилгээгээ сайхан хийлгээд, эдгээд сайхан болоод гараарай. Танд эрүүл энхийг хүсье. Ажлын амжилт бас хүсье.
Төмөр -
заа баярлалаа. Сонирхолтой ярилцлага авсан танд ч их баярлалаа. Заа ерөөлөөр бологээ!
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.