Dashzeveg


Basic information
Interviewee ID: 990224
Name: Dashzeveg
Parent's name: Bud
Ovog: Taij
Sex: m
Year of Birth: 1947
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: pump machinist, retired
Belief: Buddhist
Born in: Shilüüstei sum, Zavhan aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: State Sain herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
military
keepsakes / material culture
childhood
foreign relations
cultural campaigns


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? Дашзэвэг гуай

Дашзэвэг -

За сайн.Сайн байна уу? Сайхан зусаж байна уу?

Ариун-Ундрах -

Сайхан зусаж байнаа. Та сайхан зусаж байна уу?

Дашзэвэг -

Сайхаан аа.

Ариун-Ундрах -

За.Та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?

Дашзэвэг -

Тэгэхээр энэ интернэтэд тавигдсан антропологийн тэнхимийн монгол дахь дотоод ази судлалын салбар энэ ингээд явагдаж байгаа энэ аман түүхчилсэн ийм ярилцлага өгөхийг одоо зөвшөөрч байна аа.

Ариун-Ундрах -

За таньд баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

Дашзэвэг -

За би бол үндсэн захиргаа Завхан аймгийн Шилүүстэй сумын нутагт Ширээ чулуу гэдэг газар төрсөн. 1947 оны 2-р сарын 10-нд төрсөн юм билээ. За би бол 13 хүүхэдтэй айлын 11 дэхь нь, аан манайх 13 хүүхэдтэй, 4 нь эмэгтэй 9 эрэгтэй ийм өнөр өтгөн айлын хүүхэд.За манай аав болвол тайж угсалтай. Аан аав маань болвол лам байж байгаад 28 насандаа хар болж хувь оч, аан ламынхаа ажлыг хийхгүй мал маллаж, 32 насандаа эхнэр авч хүүхэдтэй болж өрх гэр толгойлон айл гэрийг авч явж ядуу зүдүү амьдралыг туулаад аан сүүлдээ бол малчин, улсын сайн малчин болсон. 2600 орчим малтай ийм айл болж байсан. За миний бага нас гэх юм болвол хөдөө орон нутагт малчин айлын хүүхэд яаж өсдөг үү яг л одоо тэр маягаар олон хүүхэдтэй айлын дээрээ олон ахтай олон эгч нартай.За тэгээд нөгөө хүний бага, гүйдэг шувууны бага жиргэдэг гэдэг шиг бага насандаа бол хурга хариулах, даага шүдлэн одоо сургах ийм одоо ажлуудыг л хөдөөний хүүхдийн заншлаар хийж байж байгаад бага сургуульд орж, улмаар цаашдаа сургууль соёлоор явж, Монголын ардын армид алба хаасан.За ардын армид алба хааж байгаад тэндээсээ одоо сайн ажилласан гэж цэргийн газрын одоо эвлэлийн ажлыг эрхэлсэн.За эвлэлийн ажил эрхэлж ингэж байж байгаад хугацаат цэргийн албан хаагчаар шагналаар цэргийн ерөнхий сургууль гэж байсан тэр үед. Цэргийн ерөнхий сургуулийн улс төрийн ангид орж суралцаж офицер болж, анхныхаа томилолтыг Монголын ардын армийн 097-р анги гэж одоо Зүүнбаян дах цэргийн ангид анх салбарын улс төрийн орлогчоор томилогдон очиж ажилласан.За эндээс эхлэж миний ажил амьдрал бол армийн анги салбаруудтай салшгүй холбоотой 25 жилийг одоо ардаа орхисоон. За одоо энэ хугацаанд бол армийн салбарын улс төрийн орлогчоос тусгай ангийн улс төрийн орлогч хүртэл шат дамжин албан тушаал дэвшин ажиллаж, за энд улс төрийн ажил, намийн ажил хийсэн.За энэ хугацаанд бол манай ардын армийн одоо түүх, за армид ирж байгаа залуучуудыг бие бялдар, ёс суртахууны өндөр хөгжилтэй, бие бялдарын өв тэгш хүмүүжилтэй болгох, армийн өмнө тавигдсан зорилтуудыг амжилттай биелүүлэх, энэ зорилгод цэрэг дайчид офицоруудыг одоо ухуулах сурталчлах, хичээл сургууль заах ийм л ажлуудыг одоо зохион байгуулж хийж удирдаж явж ирсэн.За манай Монголын ардын арми болвол их түүхтэй.Манай ахмад үе маань болвол эх орон, тусгаар тогтнол, газар шорооныхоо төлөө тэмцэж тэр уламжлалаа бол үе үед дамжуулан хадгалуулж ирсэн ийм сайхан баялаг түүх байдаг юм билээ.За энэний нэгэн адилаар бол бид 1973 оноос хойш ардын армийн анги салбарууд,зэвсэгт хүчний анги салбаруудын хөгжил дэвшил ялангуяа мот буудлагийн байлдааны анги салбаруудын байлдааны бэлэн байдал, байлдах чадвар, ур чадварыг дээшлүүлэх.За тэр үед чинь социалист нийгэм энэ, аан хөрөнгөтний нийгэм гэсэн 2 үзэл суртлын 2 эсрэг тэсрэг 2 үзэлд суртлын үйл ажилгаа явагддаг.Тэгээд энэ явагддаг ажилгааны дунд яасан гэхлээр зэрэг Монголын ардын армийн залуучуудыг эх орноо хамгаалах, тусгаар тогтнол, газар шорооныхоо төлөө одоо сургах энэ л сургалтууд явагдаж байсан.За манай армийн ахмадууд бол 1921, 39, 45 оны байлдаануудад 21 онд одоо ардын хувьсгалаа ялуулсан.За 39 онд эх орны дайн, за 45 оны чөлөөлөх дайн гээд ингээд 3 том дайнд манай Монголын ардын арми морьт механикчуулсан ангиас, мот буудалгийн анги хүртэл энэ хөгжил дэвшлийг ОХУ одоо тэр үеийн ЗХУ-ын ах дүү армиудын одоо интэрнацоиналч туршлагад тулгуурлан ажиллаж, сурч хүмүүжүүлсэн ахмад үеэсээ бид их юм сурсан даа.За монголын ардын армийн түүхэн замд болвол 1921 он 1924 оны 11-р сарын 26-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагад нэгдэж тусгаар тогтонолоо хүлээн зөвшөөрсөн Монгол улс гэдгийн бол Бүгд найрамдах Монгол ард улс гэдгийг улс орны дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлсэн.За энээс хойш бол Монгол улс бол дэлхийн давцанд нэр төрөө мандуулсан ийм улс болсон байдаг.За ихэнхидээ армид болвол яахав дээ ер нь цэргийн залуучууд бол, цэргийн хүн бол хатуужилтай, тэсвэртэй аливаа зүйлийг одоо олон талаас нь бодож ухаалгаар шийдэж хандаж чадах ийм хүмүүжилд хүмүүжүүлж сургаж байсан ийм зүйл юм даа товчдоо ярихад... За тэгэхээр цэрэг аримд ажиллана гэдэг бол нэгдүгээрт бахархал.За хоёрдугаарт бол яадаг вэ гэхээр зэрэг цэргийн хүн бол дүрэм хуулийг ягштал биелүүлдэг, одоо гүйцэтгэх чанар сайтай болж хүмүүждэг ийм талаараа бол давуу талтай.За цэргийн хүн болвол төрөл бүрийн зэвсэг техникүүдийг чадамгай эзэмшиж чаддаг болдог.Аливаа юманд ухаалгаар хандаж чаддаг, хүлээц тэвчээртэй болж чаддаг.Ийм одоо онцлог үйл явдалтай албад 25 жил зүтгэсээн. За бага нас яахав сургууль соёлоор явж. Би чинь хөдөө байж байхдаа болохлоор зэрэг мал аж ахуйн бригадын тоо бүртгэгч, мал аж ахуй эрхэлсэн бас жижиг сажиг ажлуудыг бол хийсэн.За тэр үедээ 45 хонгийн одоо курс гэж хэлдэг байсан даа. Курс төгсөөд одоо тэр үеийн малын тоо бүртгэгч малын сантайр гэдэг ийм ажлуудыг бол бас тухай тухай үед хийсэн залуу марктенгийн сургууль гэж бас явж үзсэн.За ингэж залуучуудыг бол бас манай ахмад үе маань бол тухайн нийгэмтэйгээ зохицуулсан чадвартай,тэр нийгэмдээ ажиллаж чадах тодорхой хэмжээний бага ч гэсэн тийм мэдлэг боловсрол олгож байсан нь бол бахархууштай. Одоо хэр нь бас тэр 45 хоногийн курсд суусны үр дүнд бол одоо бас би малын нилээд зүйлүүдийг мэдэж авсан. Малын эргүү авах, аан малын яс бэртэлд хугарахыг боох гэх мэтчилэнгээр. За тэгээл ер нь цаашдаа армид их юм сурсан.За хүний амьдрал бол ер нь ажиллаж хөдөлмөрлөж хийж байж л юмыг их сайн сурж мэддэг юм байнаа л гэж ингэж ойлгож байгаа.

Ариун-Ундрах -

Таны амьдралд ямар нэгэн тийм гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу? Хэрвээ байгаа бол ямар үйл явдал вэ?

Дашзэвэг -

За миний амьдралд одоо Монголын ардын армид байж байх хугацаанд ОХУ-ын Чит мужид Монголын зенэчдийн 2 орны ах дүү армиудын хамтын буудлага болж байсан.За энэ буудлаганд манай онц буудагч нар одоо Сэлэнгэ аймгийн Хүдэрийн сангийн аж ахуйн нэг байлдагч Шагж гэдэг хүүхэд байсан.Энэ бол онц буудаж Монголын ардын армийн нэр төрийг ОХУ-ын тэр бүх зенэчдийн өмнө одоо бахархаж байсан.За энэ бол надад хамгийн одоо саяын өөрийн чинь асуудаг зүйл юм даа.

Ариун-Ундрах -

За бас таны амьдралд тийм бусдынхаас ер бусын онцгой гэх зүйл байгаа юу?

Дашзэвэг -

За бусдын амьдралаас онцгойлоод нэг их одоо өөрчлөлттэй гэж хэлэх юм бол одоо бага.Яагаад гэвэл ер нь л одоо тэр социалист нийгмийн үед чинь хүн болгон хөдөлмөрлөдөг, хүн болгон цалин авдаг,жигд.Баян байж болохгүй, хоосон байж болохгүй гэдэг одоо ийм нөгөө хийснийхээ хэрээр хөдөлмөрлөж, хөдөлмөрлөснийхөө хэрээр ав гэсэн ийм зарчимтай байсан учраас нэг их одоо олноос онцгой тийм юм бол бага байна.Аа зүгээр хувь хүнийхээ хувьд бол аав ээжээс уламжлагдаж ирсэн одоо ясан ба цусан төрлийн хүний генд үлдэгдэж ирсэн юм нь бол байна аа.За тухайлбал манай аав бол нэгт лам байсан гэж би түрүүн хэлсэн.Лам байсан учраас 27-28 жилд ламын хичээл ном үзсэн учраас нилээд их юм мэддэг байсан.Ялангуяа энэ цаг агаарыг урьдчилан мэдэх, цаг агаарыг одоо хэдийд одоо тэнгэр цас орох уу? Бороо орох уу? Нар гарах уу? Салхи шуурга тавих уу? гэдгийг бол яг цагтай, хугацаатай одоо мэддэг байсан.За энэ чанарыг бол надад бас нилээн сайн зааж өгдөг.Мичид марал, үүрийн гялаан, үдшийн гялаан, сар, дохиоллууд за энэ юмнуудыг зааж өгдөг байсан.За манай ээжийн тал гэхлээр зэрэг одоо ургамал өвсүүдийг түүж эм хийдэг, ханаж хатгадаг, хүнийг эмчилж эдгээдэг ийм одоо хүн байсан.Тэгээд энэ юмнаас бол бас харж байсан, сонсож байсан болохлоор бас удам угшил нь одоо цаанаасаа нөгөө одоо манай ээжийн тал чинь 3 үеийн бариач удамтай улсууд, одоо ер тэр талын юм бол бас хөгжүүлээгүй болохоос биш хөгжсөн бол нилээд үр дүнтэй байх байсан байна.Одоо нэгт нас нилээн өндөр болчихсон учраас зүгээр ер нь бага зэрэг өөрийнхөө хэр хэмжээнд бол тодорхой зүйлүүдийг бол хийж мэдэж,амьдрал дээр туршиж үзэж явлаа.

Ариун-Ундрах -

За таны аав ээж хоёр яг хувь хүнийхээ хувьд ямархуу хүмүүс байсан бэ?

Дашзэвэг -

За манай аав бол одоо их ухаалаг, бурхны ном судрыг бол маш сайн үзсэн учраас аливаа юманд бол одоо их ул суурьтай, тайван няхуур ханддаг ийм одоо их хөдөлмөрч, их ажилсаг.Ямар сайндаа л улсын сайн малчин болох уу.Ер нь нэг 21 толгой малтай л байсан юм гэнэлээ анх айл болохдоо.Тэгээд л нөгөө 2600 орчим хүртэл толгой малтай болсон.Энэ улсын сайн малчин болсон 1951 онд.За ийм чанарын хүн.За хүнийг бол хөдөлмөрөөр хүмүүжүүлдэг, ажил хийж хүмүүжүүлдэг, өөрөө дагуулж үлгэрлэж хийдэг ийм хүн байсан.За ээж бол одоо их уран.Тэр 13 хүний юмыг оёдлын машин гэж байхгүй байхад шөнөд нь гутлыг нь хийгээд өгчихдөг, шөнөд нь одоо оёод л дэнгийн гэрэлд дээл хувцсыг нь оёод өгчихдөг.За их уран одоо ийм ажилсаг.За тэр олон малыг одоо цай сүүг нь одоо идээ боловсруулж хийчихдэг ийм хөдөлмөрч ажилсаг.Хоёр их ажилсаг хүн байсан учраас бид 13-уулаа бол ер нь нилээд хөдөлмөрч, ажилч тэр зан чанараас нь бол сурч авсаан.Тийм сайхан чанартай, тийм сайхан хүмүүс байсан даа.

Ариун-Ундрах -

За та өөрийнхөө төрж өссөн нутаг усныхаа тухай жоохон ярьж өгөөч?

Дашзэвэг -

За манай Завхан аймгийн Шилүүстэй сум гэвэл одоо бас их түүхтэй ийм нутаг.Яагаад вэ гэвэл Завхан аймгаас төрж өссөн 10 гэгээд хутагтын 4 нь манай сумаас тодорсон байдаг юм.Нарванчин гэгээн, Жалав хутагт, за хамгийн сүүлд нь одоо энэ 86 онд жанч халж бурхны оронд заларсан агент буюу одоо Андиа өвгөн гэж энэ хүн 2 удаа төрсөн байдаг юм.Ингээд 4 удаа хутагт төрсөн.За газрын хувьд бол Отгонтэнгэр хайрхны баруун талд за Завхан гол, Богдын гол хоёрын дунд оршдог хоёр их голын дунд хангай говь хосолсон, уул ус ургамал нь жигдэрсэн ийм сайхан нутаг.За төрөл бүрийн эд баялаг, ногоо жимсээр элбэг баян ийм сайхан нутаг.За алдарт хүмүүс бол байсан.За 3 өдөр, 3 шөнө найрлахад нэг ч дуу давтаж дуулаагүй алдарт дуучин Товрон гэж манай сумад хүн байсан байдаг юм.Шаварт хөөврийн унага гэж одоо алдартай сайхан хурдан адуунууд байсан байдаг юм.За түүх дурсгалын олон хөшөө дурсгалууд бий.Хүннү, Сүннүгийн үеийн одоо хөшөө дурсгалуудаас өгсүүлээд байж байдаг.За хадны сүг зургууд бол их бий.За манай ээжийн одоо нагац талын хүн юм байна.Чойндон арслан гэж одоо их домогтой хүн байдаг.За энэ хүний цээжинд бол чоно гөлөглөсөн байсаан гэж нутгийн олон түмэн бол ярьдаг.За Чойндон арслан бол за өндрөөрөө нэг 1.30 см орчмын өндөр, өргөнөөрөө 21-22 см-ийн ийм чулуун хөшөөг хуга алгадаж хаяж байсан ийм түүхтэй ийм хүн байсан юм гэнэлээ.За Чойндон арслангийн дүү нь одоо тэр онгрой Балдан гэж бас манай нутаг их, манай сумын бас л манайхны тэр ээжийн талын хамаатан, их түүхтэй.Их том биетэй, өндөр хүн байсан.Аа эхнэр нь бол их жижигхэн хүн байсан.Аа тэгээд тэр эхнэрээ үүрээд унь хатгуурынхаа гэрийг дээрээс нь суулгачихаад, тэгээд гэрээ үүрээд эхнэрээ дээрээс нь суулгаад ингээд тэгээд цөөхөн хэдэн ямаагаа аваад туугаад яваад өгдөг ийм.Одоо хүүхэд гараагүй ийм одоо хүн байсан юм гэсэн.За манай нутгийн одоо хонь бол их мал сайтай, улсын сайн малчид, хөдөлмөрийн баатрууд за ийм улсууд бол нилээд олон төрсөн дөө.Ийм сайн алдартай сайхан нутаг даа.

Ариун-Ундрах -

Танийг бага байхад аав ээж, эмээ өвөө, тэр хөгшин хүмүүс Монголын түүхтэй холбоотой эсвэл янз бүрийн үлгэр домог ярьдаг байсан байх тийм ээ?

Дашзэвэг -

Монголын түүхтэй холбоотой юмыг бол аав ээж бол ярьдаг байсаан.Тухайлбал одоо төрийн соёмбо байдаг тийм ээ? Тэгээд манайхны одоо соёмбо.За энэ соёмбыг чинь одоо анх соёмбо үсэг гэж энэ соёмбыг хийхэд Монголын ард түмнээр хэлэлцүүлж, яриулж ингэж байж хийсэн юм гэнэлээ.Тэгэхлээр зэрэг манай ээжийн тэр Ла Ёндон гэдэг хүн байсан юм гэсээн.Тэр хүн болохоор зэрэг соёмбын тэр хоёр загасийг нь одоо зөрсөн хоёр загас бол хийж өгч, энэ ийм байх ёстой, нүд чих нь болж байг... загасны тэрийг бол бэлгэдэл болгож нэг алтан үсэгтэй үнэмлэх гэдэг юм тэр манай тэр ээжийн ахынд одоо хадгалагдаж байдаг гэж одоо түүх домог шиг юм ярьдаг байсан.За Монголын түүх гэхлээр зэрэг тэр мөн л одоо Манжид дарлагдаж байсан үеийг бол ярьдаг.За мөн тэгээд дараа нь бол ардын хувьсгал ялж, дараа нь бол нэгдэлжих хөдөлгөөн ялж, дараа нь тэр соёлын довтолгоо болж за ингэж л түүх түүхээрээ л ер нь бол нэг 60-70 жил нэг түүх, нэг төрийн үйл ажиллагаа бол давтагддаг юм шиг байнаа гэсэн одоо ийм л юм ярьдаг байсан даа.

Ариун-Ундрах -

За таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?

Дашзэвэг -

За хүүхэд нас бол одоо хөдөөний хүүхэд болохоор, олон малтай айлын хүүхэд болохоор би бол үнэхээр одоо олон ах эгч нарын дунд тэгээд би бол 3 настай морь унаж сурсан юм гэсэн.За тэгээд хурга хариулах, адуу үхэрт явах, ойр зуурын ажилд бол одоо явах тийм л ажил хийнэ, хөдөөний хүүхэд.Аавыг дагаж бол одоо түлээ модонд явах ийм ажлуудыг хийдэг.Энэ хөдөөний хүүхдийн амьдрал бол одоо хөл нүцгэн явах, аа гол усны дэргэд тоглох за энэ чанараараа бол ер нь одоо хөдөө өссөн хүүхдүүдийн шүд бол хорхойтно гэсэн юм байдаггүй.Яагаад гэвэл тэр хөл нүцгэн явж байсан байна, тэр цагаан идээ идэж байсан байна.Ер нь одоо тэр өлчир, борогшуу ийм л амьдралд өссөн дөө.

Ариун-Ундрах -

Тэгээд бас ямар тоглоомоор тоглодог байсан бэ?

Дашзэвэг -

За хөдөөний хүүхэд яахав одоо тэр үеийн тоглоом гэхээр зэрэг нөгөө гэр барьж тоглоно гэдэг одоо чулуугаар чулууг тойруулж дугуйлж байгаад гэр болгоод, хаалга болгоод, тэгээд дотор нь авдар, зуух, тэгээд л одоо тэр тухайн үеийнхээ л одоо гэр нүдэнд харагдаж, айл гэрт юу байдаг вэ? тэр юмнуудыг за нэг бөөрөнхий чулуу таарахаар гүзээтэй тос гээд тавьчихдаг, жоохон гонзгойдуу чулуу болохоор хөхүүртэй айраг гээд л тавьчихдаг гэр дотроо.За жижигхэн шаазангийн хагархайнууд олоод аяга шаазангууд, тэгээд л одоо сүү саалийнхаа сав гээд ингээд яг л тэр хөдөөний амьдралыг яг л тэгээд л янз бүрийн чулуугаар таван хошуу малтайгаа л их болж тоглодог байсан даа.Их олон адуу болгож чулуунуудыг, ацтай чулуунуудыг нь тэмээ болгоно, бөөрөнхий чулуунуудыг нь хонь үхэр болгоно.Тэгээд л өнгө өнгөөр нь ялгана.Ийм л юмаар тэгээд л одоо тэрнийгээ тоолно.Тэгээд манайх одоо төчнөөн адуутай боллоо гэж ингэж ингэж л тоглож байсан даа.Тэр одоо бид нарын тоглодог тоглоом бол гэр барих, чулуугаар тоглох ийм л тоглоом байсан.

Ариун-Ундрах -

Аан тэгээд та бага сургуульд хэзээ орсон бэ?

Дашзэвэг -

1958 онд орсон юм байна.Би чинь бага сургуульд ороод тэгээд тэр үед чинь сумын 4 жилтэй.Тэгээд аймагт 5-р ангиасаа сууна.Ийм л шат дамжлагатай.Тэгээд аймагтаа 7,10-аа төгсөөд их дээд сургуульд явдаг.Ийм байсан юм.

Ариун-Ундрах -

Аа тэгээд сургуулийн амьдрал ямархуу байсан бэ?

Дашзэвэг -

За сургуулийн амьдрал бол одоо би чинь ахтайгаа цуг орсон.Ах маань бол 9 настай орсон, би 8 настай.Тэгээд сургуульд суухын тулд гэр бариад сумын төв дээр одоо ахындаа байж сурдаг.За анх эхлээд гэрт 21 хүүхэд суугаад нэг үнсэн самбаран дээр үзүүрлэчихсан модоор нэг 10 хэд хоног ингэж хичээл орсон.За тэрний дараа болохоор зэрэг балын харандаа, дэвтэр.3 дэвтэр, балын харандаатай болсон.За тэгээд хавар болохлоор зэрэг дүрдэг үзэгтэй болж, өшөө дэвтрүүд нэмэгдэж ирж аа тэгээд 11 сард бид нар чинь гэрээсээ байдаг байснаасаа байшинд орж сууж.Нэг анги гэхэд нэг 20-н хэдэн хүүхэд, 25-26 хүүхэд л байдаг байсан.Ингэж сургуульд сурсан.За сургуульд бол их хөгжилтэй.Олон үеийн хүүхдүүд, тэгээд янз янзын настай байдаг байсан.Тэр үед бол одоотой адилхан ийм биш.Зарим нь 15-16 хүрчихсэн нөхдүүд байдаг л байсан.Зарим нь одоо 8-9-тэй хүүхдүүд байж л байдаг байсан.Ийм л байдлаар сургууль орж сурсан даа.

Ариун-Ундрах -

Аа тэр үеийн багш нар нь ер нь ямархуу багш нар байдаг байсан бэ?

Дашзэвэг -

За багш нар бол одоо хотоос ирсэн гоё гоё багш нар л байдаг байсан.Эрэгтэй, эмэгтэй.Тэгээд л ер нь одоо тэр үеийн багш нар бол ерөөсөө хүүхдэд юм заах, хүүхдүүд юм сургах гэдэг энэ талаар л ерөөсөө бүх амьдралаа зориулсан багш нар байсан даа.Одоо манай багш нар байна.Манай Дашрэнцэн багш гэж миний яг анхны багын багш, .... багш гэж анхны А үсэг заасан багш энэ хотод байдаг байх.Нэг эмэгтэй багш бий... гэж.За Дашрэнцэн багш байна,Цэдэнбамбаа багш маань байна,За Ня багш байна аа бас өөд боллоо.За Бу багш маань бас өөд болсон.Аа До багш бол одоо байна.Тэгээд тэр үед чинь багш нарыг нэрээр нь хэлэхгүй.Доржготов гэдэг багшийг бол До багш, Нямаанбуу гэдэг багшийг Ня багш, ингээд Дашрэнцэн гэдэг багшийг бол Да багш гээд ингээд одоо тэрийг бас ном эрдмийг нь одоо сургаж өвлүүлэх гэж байгаа хүнээ их хүндэтгэдэг, тэр хүнийхээ үгнээс гардаггүй.За багш нар маань одоо орой гэрээр ирж за даалгавраа хийж байна уу? гэж орж ирж шалгадаг, өглөө хичээл дээр очихоор бас шалгадаг.Аа зуны даалгавар өгдөг, зуны даалгавраар бас морь унаж багш нар гэрээр ирчихсэн ямар ямар даалгавар хийж байна, юуг нь хийсэн байна, юуг нь хийгээгүй байна, юуг нь одоо мэдэхгүй ойлгохгүй байна гэж ингэж ирдэг байсан.Тэгээд одоо мэдэхгүй тэгдэг юм байдаг ч юм уу үгүй ч юм уу.Бид нарын үед бол тийм л байсан.

Ариун-Ундрах -

За таны хүүхэд насны хамгийн том мөрөөдөл чинь юу байсан бэ?

Дашзэвэг -

Би хүүхэд байхдаа ерөөсөө нэг л их юм мөрөөддөг л хүүхэд байсан л даа.Юу мөрөөддөг байсан бэ? гэхээр зэрэг нэг л их олон малтай адуучин болъё л гэж их мөрөөддөг байсан.Тэгээд тэр хүсэл маань бол биелээгүй.Ажиллаж сурч явж байгаад тэгээд л цэргийн хүн болоод л явчихсан учраас тэр мөрөөдөл биелэгдээгүй.

Ариун-Ундрах -

Анх яаж цэргийн хүн болсон бэ? Яаж тэр цэргийн амьдралтай өөрийгөө холбох болсон бэ?

Дашзэвэг -

Ерөөсөө л одоо 22-23 хүрээд цэрэгт явдаг байсан.Тэгээд намайг чинь бас тэр сумаас 3 жил буцаачихсан ш дээ, цэрэгт явуулахгүй.Яагаад вэ гэхээр би чинь өнөө улсын сайн малчны хүүхэд, за аймгийн аварга малчин хүн гээд тэгээд одоо намайг чинь мал маллуулаад сум нэгдлийнхэн ингээд байлгаад байх гээд байдаг сонирхолтой.Би цэрэгт явмаар байдаг сонирхолтой.Тэгээд ингэж байгаад 68 онд би ерөөсөө өөрийнхөө сайн дураар явлаа гээд цэрэгт яваад өгсөн.Ийм л учиртай.Тэгээд цэрэгт яваад цэргээсээ 3 жилийн алба хаагаад, 3 жилийн алба хаах хугацаандаа армид онц сураад, тэндээсээ шагнагдаад л ерөнхий цэргийн сургуульд суралцаад ингээд л тэгээд л ерөөсөө тасралтгүй цэргийн юугаар явчихсан ийм л.

Ариун-Ундрах -

Яг тэр үеийн цэргийн амьдрал одооныхтой харьцуулж яривал ямар ямар ялгаатай?

Дашзэвэг -

Тэр үеийн цэргийн амьдрал бол одоо би чинь барилгын цэргийн 022-р анги гэдэгт цэргийн алба хаасан хүн.За үнэхээр гоё байсан.Манай анги чинь болохоор зэрэг нэг 1500 цэрэгтэй.Харуулын салаа салбар нь бол одоо нэг 30-40-өөд цэрэгтэй.Тэгээд ерөөсөө дандаа барилга барьдаг ийм ангид шинэ цэрэг ирж байсан.Мах комбинатыг барьсан, за цэргийн госпиталыг барьсан, архи пивоны үйлдвэрийн өргөтгөлийг барьсан, аа хивсний үйлдвэрийн өргөтгөлийг \Улаанбаатар хотын\ бид нар барьсан.За бас эргээд одоо ингээд харж байхад бас хийчихсэн юмтай.Мах комбинатыг хараад хажуугаар нь явж байхад бол бид нар чинь энийг барьж байж билээ, хийн суурийн цехийг нь ингээд угсарч байж билээ гэх мэтийн одоо юм бодогдоно.Цэргийн госпитал, алдрын барилгын хажуугаар явж байхад эд нарыг чинь бас бид нар барьсан шүү, гар бие оролцсон ийм юм.Тэгээд тэндээсээ зэрэг тэр сургуульд одоо ажиллаж сайн гэж шагнагдаж цэргийн офицерийн сургуульд орсон.

Ариун-Ундрах -

Тэр цэргийн офицерийн...

Дашзэвэг -

За одооны цэргийн албыг хаахыг бодвол тэнд чинь 3 жил цэргийн алба хаадаг.Жинхэнэ одоо цэрэг болдог.Бие бялдартай одоо ийм л болдог байсан.Одоо бол 1 жилийн цэрэг хаадаг.Тэгэхдээ яахав тэр үед чинь бичиг үсэг мэдэхгүй нөхдүүд ирнэ, 4 төгссөн, 7 төгссөн, 10 төгссөн хүн бол тун цөөхөн ирдэг л байсан.За одоо бол өндөр боловсролтой болж, нийгмийнхээ хөгжлийг дагаад бол хүмүүсийн ой ухаан чадвар сайн болсон юм шиг байна.Гэхдээ бие бялдрын хувьд бол тийм их бидний үеийн бэлтгэл хангагддаггүй л юм шиг байна.

Ариун-Ундрах -

Цэргийн сургууль гэдэг нь тэр үедээ ямархуу сургууль байсан бэ?

Дашзэвэг -

Цэргийн сургууль гэдэг маань бол одоо ерөнхий сургуулийн сонсогч нар маань бол мото буудлагын, танкын, төрөл мэргэжлийн цэргийг одоо бэлтгэж сургадаг.Цэргийн дарга нарыг бэлтгэдэг сургууль гэсэн үг л дээ товчоор хэлэхэд бол.Тэгээд л одоо төрөл бүрийн улс төрийн ажилтан бэлтгэх.За би бол улс төрийн ажилтан бэлтгэх сургуульд нь суралцаж улс төрийн ажилтан болсон.Аа тэгэхдээ улс төрийн ажилтан болно гээд ерөнхий цэргийнхээ юмыг мэддэггүй, танкынхаа юмыг мэддэггүй,зенэт ратлерынхаа юмыг мэддэггүй байж болохгүй гээд л бүгдийг заадаг, сургалт сайтай ийм байсан.Дараа нь манай сургууль маань цэргийн нэгдсэн дээд сургууль болсон.Ийм л түүхэн замналтай юм даа.

Ариун-Ундрах -

Аа тэр цэргийн сургуульд улс төрийн анги гэхлээр улс төртэй холбоотой яг ямар ямар зүйлүүдийг заах уу?

Дашзэвэг -

За тэнд болохоор зэрэг улс төр, эдийн засгийн ухаан, ШУКО, ЗХУ-ын коммунист намын түүх, МАХН-ын түүх, аа дэлхийн улсуудын түүх орно.За тэгээд л одоо бүх жанжингуудын дурдатгалуудыг заана.За тэгээд бүх цэргийн төрөл мэргэжлийн тактикийг нь бүгдийг нь заана.Ийм л юмнуудыг заана.За улс төрийн ажилтан болно гэдэг чинь бол одоо тухайн үеийн тэр хүмүүсийг зоригжуулах, зохион байгуулах, улс төрийн одоо идэвхижилттэй болгох, хүмүүсийг дур сонирхолтой болгох энэ чиглэлд л одоо мэргэшсэн мэргэжилтэн болж гарч байгаа л гэсэн үг.

Ариун-Ундрах -

Та тэгэхээр цэргийн амьдралаа нийтдээ 25 жил амьдарсан гэсэн тийм ээ?

Дашзэвэг -

Тийм.

Ариун-Ундрах -

За тэгээд тэр үеийн цэргүүд гэхлээр одоо жишээ нь та өглөөнөөс авхуулаад орой хүртэл нэг өдрийх нь байдлыг нь тайлбарлаж яривал ямархуу байсан бэ?

Дашзэвэг -

Үгүй ээ ерөөсөө юу ш дээ.Нэгдсэн форм өмсчихсөн,тасаг салаа ротын зохион байгуулалттай.3 салаа, салаан дотроо одоо 3-4 тасагтай, тэгээд бас нэг тасаг дотроо бол цэргийн зохион байгуулалттай.Тэр үеийн зохион байгуулалт тэр 7 цэрэг, 9 цэрэг л байна нэг тасаг.Салаа болохоор 21 цэрэгтэй.За тэгээд рот гэхээр зэрэг чинь бол 70-80 цэрэгтэй.Байлдааны бүх буу зэвсэг, техник хэрэгслүүд бүгд байна.Тэгээд өглөө 6 цагт босно.Бие засуулаад л гүйлт гимнастик хийнэ.Тэгээд нүүр гараа угаагаад, ор дэрээ засаад л, хоол ундандаа ороод л тэгээд хичээл сургуульдаа орно.Тэгээд хичээл сургуулиа бол тасралтгүй явуулж байгаад орой 18 цагаас бол хичээл сургууль тарсаны дараа юу хийх үү? гэхээр зэрэг орой нь соёл хүмүүжлийн ажил гэдэг юм.Одоо нөгөө дуулдаг цэргүүд байна, бүжиглэдэг бие биендээ бүжиг зааж өгнө, бие биендээ дуу зааж өгнө.За тэгээд бүгд цагийн хуваарьтай.Бүх л юм ерөөсөө цагийн хуваариар явна, ажиллана.Тэр хэвээрээ л давтагдана.

Ариун-Ундрах -

Хоол унд нь ямар байсан бэ?

Дашзэвэг -

За хоол унд бол өглөө хоол, өдөр 1,2-р хоол, орой 1,2-р хоол иднэ.Аа бас талх масло.Хоолны хувьд бол одоо сайхан амт чанартай, дандаа л одоо сайхан тарган мал иднэ шүү дээ.Ялангуяа цэргийн хоол хүнс бол бас чанартай сайн, хлорлог хоол байдаг юм.

Ариун-Ундрах -

Та цэргийн хүний хувьд өөрийнхөө ажил, хувийн амьдрал хоёрыг ер нь яаж зохицуулж байсан бэ?

Дашзэвэг -

Үгүй ер нь цэргийн хүн чинь юу яадаг юм ш дээ.Гэр бүл, ар талын хүн л бүх юмыг авч явдаг юм ш дээ.Өглөө бол цэргийн хүн ч одоо хүүхдүүдээ унтаж байхад нь босоод явчихна, орой унтчихсан хойно нь хүрээд ирнэ.Тэгэхлээр зэрэг энэ хоёрын хооронд бол одоо зохицуулах, хагас бүтэн сайн өдрийн амралтын үеүдээр л одоо нөгөө ар гэрийнхээ ажил амьдралыг зохицуулна ш дээ.Тэгээд гэрт амьдардаг байсан болохоор хагас бүтэн сайн өдөр гэрээ буулгаж тоос шороог нь янзлах ч юм уу дулаалах юм уу тийм ээ? Дулаалгыг нь авах, зуны байдалд бэлдэх ч юм уу гэх мэтчилэн хагас бүтэн сайн өдрийн л амралтуудыг ашиглана.За тэгээд зав чөлөө л гарвал одоо тэр ажил амьдралынхаа төлөө бүх юмаа.Тэгээд гэр бүлийн хүн гэдэг бол ар талын одоо бүх юмыг зохицуулна.Тэр хүүхдээ сургуульд өгөх, авах, цэцэрлэг яслиас авах ийм л юмнуудыг хариуцна шүү дээ.

Ариун-Ундрах -

Тэгээд бас цэргийн хүмүүс чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг байсан бол?

Дашзэвэг -

Цэргийн хүмүүс бол чөлөөт цагаа болохоор зэрэг соёл хүмүүжил, бие бялдар, өөрийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлэх энэ чиглэлээр л ерөөсөө ажилладаг.Тэгээд тэр бол ерөөсөө зуршил болчихсон.

Ариун-Ундрах -

Дандаа өөрийгөө хөгжүүлэх л...

Дашзэвэг -

Тийм хөгжүүлэх, ер нь одоо тийм байж байж одоо дайсныг ялах үндэслэл нь бий болно гэсэн ийм л нөхцөлөөр ханддаг байсан.Би бол одоо тэгэж л хүмүүсийг удирддаг, зохион байгуулдаг.

Ариун-Ундрах -

Аа тэгээд цэргүүдэд болохоор эх орноо хайрлах тухай тийм янз бүрийн юмнууд ярьдаг л байсан байх тийм ээ?

Дашзэвэг -

Тэххх.Жуковын тухай, Дандар баатарын тухай, Нямтайсүрэн гуайн тухай, дандаа одоо улсын баатруудын тухай одоо тэр үед чинь дурдатгалууд, тэр хүмүүстэй өөрсөдтэй нь уулзуулна.Тэгээд тэр үед чинь тэр улсууд чинь амьд сэрүүн байлаа.Тэгээд хагас сайн өдрүүдэд чинь заавал нэг, сард нэг удаа тэр хүмүүстэй уулзуулна.Түүх дурдатгалуудыг нь яриулна.Өө өшөө зөндөө олон улсууд байна ш дээ.Дайнд оролцсон улсууд, 45 оны дайнд оролцсон, 39 оны дайнд оролцсон улсууд байна.За тэгээд л одоо тэр улсуудаас чинь яг сайхан яриулаад, асуулт тавиулаад.Тэгээд энэ бол хамгийн сайхан одоо яг жинхэнэ амьдрал үзсэн, тэр юманд явж байсан улсууд сайхан түүх ярина шүү дээ.За тэрийг нь одоо их сайн хүмүүст ойлгуулна, тэрнийг одоо их чухал болгож ярьдаг байсан юм аа.

Ариун-Ундрах -

Тэр цэргийн амьдралд дэлхийн 1,2-р дайны тухай ямархуу яриа гардаг байсан бэ?

Дашзэвэг -

Ерөөсөө л дэлхийн 1-р дайн, 2-р дайн гэдэг маань бол ерөөсөө л юунаас болж энэ дайн гарсан бэ? гэхлээр зэрэг ерөөсөө үзэл суртлын тэмцлүүдээс болж гарч байсан гэдэг нь бол одоо 2 талд л хуваагдаж, аа нэг нь нөгөөгөө эзлэн түрэмгийлэх гэсэн ийм л байдлаас болж одоо гарч байсан юм байналээ.Тэр 39 оны болоод тэр баруун Германы Берлины тэр дайралт, за 45 оны бол хэд хэдэн улс орны Япон, Монгол, ОХУ-ын энэ чөлөөлөх дайн.Тэгээд нийтдээ ингээд дэлхийн бүс гэж одоо Азиас Европ хүртэлх энийг бол үндсэндээ чөлөөлж, чөлөөлөх дайн болсон.Аа дайн бол их уршигтай.Олон хүн өлсгөлөн гуйлгачин, өлссөн ийм хүнд нөхцөл байсан.Энийг л одоо чөлөөлж, энх тайвнаар хамтран одоо орших гэсэн ийм зарчим дээр тулгуурлаж дайныг зогсоосон юм байналээ.Тэр эх орноо хамгаалах, газар нутгаа хайрлах, эх оронч үзэл бий болгох гэдэг бол тэр амьдрал хал үзсэн хүмүүсээс их юмыг дуулж сурах, мэдэх.Энэ бол зайлшгүй чухал шаардлагатай юм шиг байналээ.Тухайлбал биднийг одоо социалист нийгэм, капиталист нийгэм гэж одоо хоёр хуваагдмал байх үед янз янзын одоо улс орнуудын, дэлхийн улс орны байдал, АНУ бол одоо хөрөнгөтний хамгийн том гүрэн.Тэндээс дайн дандаа өдөөж байна гэсэн ийм үзэл суртлын юм явуулдаг.За мөн одоо Хятадыг бас хэлдэг.Аа ингээд л одоо социалист нөхөрлөлийн орнуудын ах дүү армийн хамтарсан хээрийн сургууль болох гэх мэтчилэнгээр цэрэг дайны чиглэлээр ингэж юмыг одоо тандаж бэлдэж ингэж явуулж байсан.За энэ бол үзэл суртлын нилээхэн том хүчирхэг хуваагдмал байдал бий болгож, дэлхийг одоо таслан хуваах ийм байдалд байж байсан.За энэ маань одоо явж явж эцсийн дүндээ дэлхийн 2-р дайнаар төгсгөл болж, аа энхийг сахиулах тал руугаа одоо дэлхий нийтээрээ энх тайван байх, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллах гэсэн энэ байдлыг түлхүү бий болгож нилээд одоо сайхан байдал бий болсон.За одоо бол 90 оноос хойш бол энэ бүр сайхан боллоо л доо.Энэ одоо дэлхий нийтээрээ дайнгүй, хамтын нөхөрлөлийн чиглэлээр, үзэл суртлын хувьд бол бие биендээ дайсагналцсан зүйл байхгүй ийм байдал бий болж ирж, энэ бол их сайхан зүйл болж тогтож байна.За ер нь бол манай ахмад үеийнхэн бол хэлдэг байсан.Дайн бол ер нь хүн хүсэх, хүн одоо тийм бодох зүйл биш ээ гэдгийг бол одоо нүдээрээ үзэж,биеэрээ туулсан.Тэр дайны дарийн утаан дотор, тэр буун сум, тэр дайны талбарт олон аавын хүүхдүүдийг одоо нүд хальтирмаар байдалд одоо устгаж байгаа, устгуулж байгаа энийг биеэрээ үзсэн улсууд бол хүсэх зүйл биш ээ гэдгийг бол одоо амьд тэнд оролцож явсан улсууд хэлдэг юм байналээ.Тэгэхээр энэ бол тийм хүний хүсэх, мөрөөдөх зүйл бол биш юм гэдгийг бид нар бол яс махандаа шингэтэл ойлгож авж байсан.Тэгээд манай ахмад үеийнхний нэг сайхан зүйл бол байнга залуу үеийн хүмүүжүүлэх, ахмад үеэсээ сурах, эх оронч байх, эх орныхоо төлөө гэсэн одоо сөөм газар, балга усны төлөө одоо бүх юмаа л зориулсан манай ахмад үеийнхэн.Эд хөрөнгөтэй болъё, баян чинээлэг болъё, би одоо өндөр албан тушаалтай болъё гэсэн тийм юм ерөөсөө манай ахмад үеийнхэнд бол байдаггүй явж ирсэн юм билээ.Тэр ч чанараараа бидэнд одоо энэ сайхан унаган төрхөөр нь байгаль эх дэлхийг үлдээж өгч, бид одоо бас азтай завшаантай хүмүүс гэж бас бид ч өөрсдийгөө бодож явдаг.Энэ бол одоо бас бидний өвөг дээдсээрээ бахархах нэг бахархал юм аа гэж ингэж ойлгож байгаа юм.За одоо бол тэр үетэй адилгүй техник хөгжсөн учраас орчин үеийн дайн гэж одоо ярихад бэрхшээлтэй.Хэрвээ дайн болдог юм бол одоо нөгөө тив алгасан нисэх пуужингууд байж байна, сансарт нисч байна, одоо хаашаа ч нүд цавчихгүй харж байна ш дээ, хөдөлгөхгүй харж байна.Тэгэхээр зэрэг энэ бол байх үндэслэлгүй.Нөгөөдөхийг нь сансраас бүх юмыг одоо хянаж байна.Тэгэхээр энэ бол шинжлэх ухаан техникийн одоо энэ 21-р зууны хөгжил дэвшлийн давуу тал учраас энд бол манай орчин үеийн залуучууд бол энэ шинжлэх ухаан, техник технологийн энэ өндөр хөгжсөн нөхцөлд сурч эзэмшиж байгаагаараа бас бахархах ёстой.Энийг бас сайн эзэмших ёстой.Ялангуяа одоо холбооны талаар бол маш сайн өндөр хөгжиж байна.Дэлхийн аль ч улс орон руу гар утсаар ярьж байна.Интернэтийн сүлжээнд ороод хаана ч одоо холбоотой ярьж болж байна тийм ээ? Мэдээллүүдийг авч чадаж байна.За энэ бол хөгжил дэвшил бас их хурдтай явж байна аа.Ингэж ойлгож байна.Тэгээд Монголын ардын арми бол зэвсэгт хүчнийхээ хэмжээнд бол сүүлийн үед энэ энхийг сахиулах хүчний хэмжээнд хүрч очиж ажиллаж, аа баргийн орнуудад бас манай армийн залуучууд очиж, тэнд энхийг сахиулах үүргээ сайн гүйцэтгээд ирж байгааг харахад бол манай залуу үе, манай Монголын ардын армийн нэр төр бол бас өндөрт тавигдаж байна аа гэж ингэж Чингисийн Монголын арми гэж одоо яригдаж байна гэж байна шүү.Тэгэхээр энэ бол манай Монголын ард түмний, манай Монголчуудын бахархал, Монгол хүний одоо бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжил, чадвараа гэж би ингэж ойлгож байна аа.Ингээд би армиараа бахархдаг.Арми надад бол их юм өгсөн,их юм хүмүүжил олсон, армийнхаа алтан үеийг бас байнга дурсаж, ярьж явдаг юм аа.

Ариун-Ундрах -

Тэр үед зэр зэвсэгээ Оросоос нийлүүлдэг байсан байх тийм ээ?

Дашзэвэг -

Ер нь социалист нийгмийн орнуудын зэвсэг бол бүгд ЗХУ-ын бүх л зэвсэгийг хэрэглэдэг байсан.Одоо ч гэсэн ер нь энэ дэлхийн улс орнуудад ер нь ихэнхи нь Оросын зэвсэг, Америкийн зэвсэг хоёр л байна ш дээ.Ер нь дээр үед л тийм байсан.Одоо ч гэсэн тийм л байна.

Ариун-Ундрах -

Одооны хүмүүсийг харж байхад бол цэрэгт явах их дургүй байдаг ш дээ тийм ээ? Тэр үед яадаг байсан бэ?

Дашзэвэг -

За дээр үед бол цэрэгт явах их дуртай.Яагаад дуртай байсан бэ? гэхлээр зэрэг цэрэгт явж эр хүн болж ирье гэдэг одоо нэг тийм мөрөөдөл залуучуудад байсан.Цэрэгт явсан залуучуудын одоо булчин зангирсан, хүзүү нь лухайсан, сайхан бие хаатай болсон.Ингэж ирдэг байсан.Тэгэхээр тэр залуучуудыг харсан, тэр хөдөөний залуучууд за би ирэх жил бушуухан шиг цэрэгт явъя, эд нар шиг болоод ийм сайхан хүзүү нь лухайсан, булчин зангирсан ийм сайхан болж ирье л гэж одоо ийм мөрөөдөл болдог байсан.За тэгээд цэрэгт яваад ирсэн хүн бол их тохьтой тухтай, яриатай хөөрөөтэй, ер нь одоо хүнтэй их эвсэг найрсаг сайхан харьцдаг болчихсон.Ажил сайн хийдэг, хөдөлмөрч ийм болсон байдаг.Тэгээд тэр талаараа одоо хүмүүс залуучууд бол их үлгэрлэн дуурайж энэнд их дуртай болсон.За одоо бол дургүй ч биш юм шиг байна.Зүгээр ерөөсөө цаг үеийнхээ хөгжил дэвшлийг дагаад яахав ер нь сонирхолтой нь явъя, сонирхолгүй нь суръя.Одоо яахав зүгээр ардчилсан нийгэмд орсон учраас нийгмийнхээ шаардлагын дагуу бас ийм зүйл ажиглагдаж байх шиг байна л даа.Тэрнээс дургүй хүн гэж байхгүй байх.Ер нь бол эр хүний л гүйцэтгэх ёстой, хийх ёстой, хаах ёстой л нэг алба л гэж ингэж бодох ёстой.Тэгэж ойлгодог ч юм шиг байна залуучууд.

Ариун-Ундрах -

Үүрэг нь байх л даа тийм ээ?

Дашзэвэг -

Үүрэг нь байна.Монголын одоо ард түмний үндсэн хуулинд нь ноогдсон үүрэг нь.

Ариун-Ундрах -

Аан тэр үед цэргийн алба 3 жил хаадаг байсан.Тэгэхээр заримдаа урт санагддаг ч юм уу хэцүү үе байдаг байсан уу?

Дашзэвэг -

Үгүй ээ ерөөсөө 3 жил бол за миний хувьд бол 3 жил ер нь ёстой ийм амархан дуусчихдаг юм уу л гэж бодогдож байсан.Яагаад гэвэл өглөө болгон барилгын ажилд гараад явчихна.Тэгээд нэг мэдэхэд л одоо нэг жил болчихсон л байж байсан.Нэг мэдэхэд л 2 жил болчихсон л байж байсан.Тэгээд ерөнхий сургууль руу орчихсон 3 жил болоод.Би чинь ингээд сургуулиудаар явчихсан болохоор зэрэг чинь ерөөсөө цаг хугацаа ер нь ямар хурдан өнгөрч байсан.Ерөөсөө зай завгүй ажиллаад, зай завгүй нөгөө программ, хичээл сургууль, цагийн хуваарьтай ингээд явж байхад нэг мэдэхэд л 3 жил, 1080 хоног чинь ерөөсөө дороо л дуусчихсан.

Ариун-Ундрах -

1080 хоног байдаг юм уу?

Дашзэвэг -

Тийм.1080 хоног байдаг.

Ариун-Ундрах -

Аа тэр таныг тэр цэргийн албанд ажиллаж байх бүх хугацаанд чинь Монголын гадаад орнуудтай харилцах харилцаа нь ер нь ямархуу байсан бэ?

Дашзэвэг -

Монголын НҮБ-ын хэмжээгээр харьцдаг, за тэгээд социалист орнуудынхаа хэмжээнд л харьцдаг байсан.Тэрнээс капиталист орнуудтай бол харьцахгүй.Тийм харилцаа бол байгаагүй.

Ариун-Ундрах -

Аа тэгээд Монгол орон тийм түгшүүртэй байдалд орсон ч юм уу тиймэрхүү тохиолдол гарч байсан удаа байгаа юу?

Дашзэвэг -

1979 оны 3 сард нэг нилээд одоо өмнөд хөршийн байдал хүндэрч, Хятад Монголын харилцаа нилээд бас хүндэрсэн үе байсан.За энэ үед л нэг томоохон одоо сургууль хийж, “Хэрлэн 73” гэдэг сургууль хийсэн.За 79 онд нэг сургууль хийсэн.За энэ бол бас хөрш орнуудын цаг үеийн байдал, улс төрийн байдал хүнд байсан учраас бол тийм үе нэг хэдэн сарын хугацаанд байсан.Тэгээд өөр бол тайван амгалан байсан.

Ариун-Ундрах -

Тэр үед бол зөвхөн сургууль хийгээд л яг дайн бол...

Дашзэвэг -

Тийм ер нь одоо болоогүй ч гэсэн ер нь яг болохыг яг бэлэн байдалд бид нарыг бол сургаж байсан.Гэхдээ харин Хятадын талаас ноот бичиг гаргаад НҮБ тэгээд тухайн үеийн цаг үеийн улс төрийн байдал тэгээд намжмал байдал бий болоод л тэгээд тогтсон.Ер нь 73,79 оны үед нэг тийм асуудлууд.

Ариун-Ундрах -

Аа яг ямар шалтгаанаар Хятад Монголын харилцаа муудах болсон юм бол?

Дашзэвэг -

Үгүй ээ тэр үед одоо ер нь чухам ямар шалтгаанаас байдаг юм гэхээр зэрэг гол нь бол Орос Хятадын хоорондын харилцаа жаахан таагүй байсан юм шиг байгаа юм.Тэгээд Орос Хятадын хоорондын харилцаа таагүй болохлоор зэрэг дунд нь байгаа Монголын ардын арми байнга одоо байлдаанд бэлэн байхгүй бол болохгүй байгаа юм.Тухайлбал Хятадын Дин Со Пин онгоцоор нисэж,Оросын нутагт унаж амь үрэгдсэн байсан нь л одоо гол үүдэлтэй болов уу гэсэн улс төрийн таамаглал байдаг.

Ариун-Ундрах -

Тэгээд тэр хээрийн сургуулилалт ер нь нөгөө байлдаанд бэлтгэж байгаа л үйл явц ш дээ тийм ээ?

Дашзэвэг -

Тийм.Ерөөсөө л хээрийн сургууль маань гэдэг бол яг л одоо байлдаан болвол ингэж байлдана, ингэж л одоо хүч хэрэгсэл, техник, буу зэвсгээ ингэж эзэмшинэ.Цэрэг дайчид бол ийм мэдлэгтэй, ийм чадвартайгаар оролцоно гэсэн ийм л сургалт явагдаж байгаа.Нэг ёсны сургалт.

Ариун-Ундрах -

Та бүр сүүлд нь ч байдаг юм уу хэрвээ тэр үед Хятад Монгол хоёрын байдал бүр хурцдаад тиймэрхүү байдал эхэлсэн бол ер нь яаж төгсөх байсан гэж боддог вэ?

Дашзэвэг -

Хэрвээ тэнд одоо яг дайн үүслээ гэхэд Орос бол дэндүү хүчирхэг,Оросын олон девизүүд ..... цэргийн бүх тойрог манай хилийн дагуу байрласан.За тэр Вьютнамын асуудал нилээн хүнд байсан.Энэ энэ тэрээс болж одоо энэ Орос Хятадын харилцаа жаахан улс төрийн зөрчилдөөн гарсан учраас л тийм байдалд орсон.Хэрвээ тэгээд одоо бие биен рүүгээ дайралт хийсэн бол ер нь Монголын ардын арми, ЗХУ арми бол ер нь нилээн хүчирхэг.Ер нь тэнд хэрвээ дайн болох юм гэх, байлдаан боллоо гэхэд Өвөр байгалийн чинад дахь цэргийн тойргыг бол бүхэлд нь одоо устгаж, Вьютнам хүртэл одоо довтолгооныг явуулах тийм төлөвлөгөө тактикийн сургууль хийдэг байсан.Тэгэхээр зэрэг энэ бол нэг ёсондоо Хятадын тал бол ялагдсан гэсэн одоо ойлголтой л юм л даа ер нь бол.

Ариун-Ундрах -

Аа ер нь тийм ч байсан учраас тухай үедээ Хятад тэгээд буцаад...

Дашзэвэг -

Тэгээд тийм учраас ер нь одоо энд бол хохирол хүлээж байхаар зүгээр энх тайван байдлаар хамтран одоо зэрэгцэн оршиж улс төрийн гэрээ хэлцэлүүдийг хийж, улс төрийн аргаар одоо шийдэх нь зүйтэй гэсэн ойлгоцод хүрсэн байх.

Ариун-Ундрах -

Аан тэгээд тэр үед Монголын тэр цэрэг зэвсгийн хувьд бол ер нь хангалттай байсан байх тийм ээ?

Дашзэвэг -

Монгол бол хангалттай байсан.Олон девизүүдтэй, хилийн ба дотоодын цэрэгтэй.Тэгээд ах дүү армиудын тусламж дэмжлэг гэж одоо хэрвээ юм бол бүх социалист орнууд чинь орж ирнэ ш дээ.Аа тэгэхээр ЗХУ-ын хүчирхэг армийн тэр дайчид бол бэлэн байдалд байдаг ийм байсан үе.

Ариун-Ундрах -

Аа тэгээд тэр цэрэг, дарга нарын хоорондын харилцаа нь ер нь ямархуу байдаг байсан бэ?

Дашзэвэг -

За бид нарын үеийн цэрэг, даргын харилцаа бол маш сайн байдаг байсан.Дарга бол дарга шиг дарга.Цэрэг бол одоо яг нэг жинхэнэ цэргийнхээ үүргийг биелүүлдэг цэрэг л байсан даа.Яг дүрэм, ном, журам ямар вэ? яг тэрүүгээр ажилладаг.Аа тэр цэргийн харилцаа энэ нар бол бид нараас хойш энэ сүүлийн үед л гарч ирсэн.Хуучин, шинэ цэргийн хоорондын харилцаа одоо бас янз бүрийн асуудал гардаг байсан юм билээ.Бид нарын үед бол тийм юм байгаагүй маш сайхан үе байсан.

Ариун-Ундрах -

Ер нь бол байгаагүй юм шиг байналээ тийм ээ?

Дашзэвэг -

Байгаагүй.

Ариун-Ундрах -

Аан тэгээд та чөлөөт цагаа түрүүн... чөлөөт цаг ер нь бага гардаг л байсан байх л даа тийм ээ?

Дашзэвэг -

Чөлөөт цаг бол цагийн хуваарийн дагуу л гарна ш дээ.Бага гарна.Тэгээд тэндээ бол одоо түрүүн би хэлсэн.Тэр бие бялдраа хөгжүүлэх, соёл хүмүүжлийнхээ ажлыг хийх, гэр орондоо захиагаа бичих.За ийм л юм.За тэгээд хувийн бэлтгэлээ усанд орох ч байдаг юм уу тийм ээ? Хувийнхаа бэлтгэлийг хийх, ариун цэврээ сахих гэх мэтчилэн ийм л юмнууд л хийнэ шүү дээ.

Ариун-Ундрах -

Тэгээд тэр үед нөгөө уншдаг байсан ном зохиолууд нь ямархуу ном зохиолууд байдаг байсан бэ?

Дашзэвэг -

Тэр үед ч одоо уншдаг байсан ном зохиолууд гэхлээр зэрэг чинь одоо Монголынхоо зохиолчдын зохиолуудыг л уншина шүү дээ.Тэрнээс гадаадын нэг их одоотой адилхан ийм дэлгэрэнгүй байгаагүй.Бас нөгөө социалист нийгэм гэсэн хаалттай байсан учраас одоо Оросын ном зохиолуудыг уншдаг байсан л байх.За бидний үед бол одоо нөгөө хэдэн “ Тунгалаг тамир”-хан л нэг иймэрхүү ийм л хэдэн зохиолууд номууд уншина.Тэгээд л нөгөө дүрэм номнуудаа уншина.Захиалдаг хэвлэл нь тусдаа.Ийм л байсан юм.

Ариун-Ундрах -

Аа ер нь тэр үеийн хэвлэл мэдээллээр цэрэгтэй холбоотой ч юм уу тиймэрхүү мэдээллүүдийг ямархуу байдлаар цацдаг байсан бэ?

Дашзэвэг -

Тэр үеийн хэвлэл мэдээлэл гэхээр зэрэг Дорнотын армийн чинь одоо “Улаан үүд” сонин байлаа.”Барилгачдын алдар” гэж сонин байсан, “Залуучуудын үнэн” байна.За тэгээд яахав “ Үнэн” сонин гэж байсан,”Хөдөлмөр” сонин гэж байсан.За нэг ганц нэг сэтгүүлүүд гарна.”Цог” сэтгүүл гэж нэг сэтгүүл гарна.За армийн юуг бол армийнхаа л юман дээр “Ардын арми” гэдэг сэтгүүл гарна.Тэрэн дээр бол армийн юу гарна.Улаан үүд сонин дээр армийн юу гарна.Барилгачдын алдар тэр барилгын цэргийн сонин дээр бол... За тэр тухайн үед чинь 71 онд л телевизтэй болсон.Тэрнээс өмнө бол телевиз байдагггүй. Дандаа радио сонсдог, сонин уншдаг.Ийм л байсан үе дээ.

Ариун-Ундрах -

За та цэргийн хүн учраас яг соёлын довтолгоо ямархуу онцлогтой байсан гэж боддог вэ?

Дашзэвэг -

Намайг цэрэгт ирэхээс өмнө 66-67 оны үе юм аа.Улс орон даяар одоо соёлын довтолгоон гэдэг юм өрнөж, тухайлбал энэ соёлын довтолгоон гэдэг маань юу гэсэн юм бэ? гэхээр зэрэг тухайн үед одоо хөдөөд соёлыг түгээх л гэсэн ийм л утгатай юм байсан юм билээ.Тэгээд тэрнийг нь нөгөө манай нөхдүүд жаахан жаахан дэгсдүүлээд дэгээдчихсэн талууд байдаг юм шиг байналээ.Ерөнхийдөө яаж байсан бэ гэвэл хөдөөгийн айлууд чинь одоо гэрийн мод нь утаанд идүүлчихсэн, аа дотуур цагаан бүрээс нь утаанд идээд хар болчихсон.За хүмүүсийх нь өмд цамц хиртэй, за хуруу хумстай.За хөнжлийн дэвсгэр даавуу, углаа даавуу гэж байхгүй шахуу ийм байсан үе юм байналээ.Аа тэгэхээр энэ соёлын довтолгоон гэдгийн үед яасан бэ? гэхээр зэрэг айл болгоныг хөнжил дэвсгэрийн даавуутай болгох, айл болгоныг нүүр гар угаадаг савтай болгох, зочин гийчин унтуулдаг ор пүүгээтэй байлгах.За тэгээд соёлын довтолгооны үед бол айл хүн болгон одоо хумсаа авсан байх, усанд ордог болсон байх гэсэн ийм л одоо шаардлагуудыг тавьж байсан.Тэгээд энэ шаардлагуудаа бол аймгийн төлөөлөгч, сумын төлөөлөгч гээд, сумын хүний их эмчийн салбар, аймгийн эмнэлэгээс байнга ирж үзнэ шалгана.За тэгээд айл болгоныг чинь одоо унийг нь угаалгаад, хусуулаад, будуулаад, за тэгээд соёлын довтолгооны үед тэр дотуур өмд цамцыг нь угаалгах.За тэр үед ч одоо айл болгоноос одоо гардаг нэг бөөс гэдэг юм байсан.Тэгээд энэ бөөсийг чинь одоо арилгуулна гэж одоо ингэж.Тэгээд үнэхээр тэр бол бас үр дүнгээ өгсөн.Ер нь айл болгоны ариун цэвэр, ахуй нөхцөл бол үнэхээр одоо 2 жилийн дотор сайжирсан.Бүх айл бүх юмаа цэвэр цэмцгэр байлгадаг болсон.Бүх хүмүүс өөрийнхөө төлөө анхаардаг болсон.Ийм зүйл юм даа соёлын довтолгоон гэдэг нь бол.

Ариун-Ундрах -

Энэ соёлын довтолгоог яг анх хэрэгжүүлж зохион байгуулсан нь бол яг төр засгийн зүгээс байх тийм ээ?

Дашзэвэг -

Тийм.Ер нь төр засгийн зүгээс л соёлын довтолгоон гэдэг юмыг аймаг сумын хэмжээнд хийсэн юм билээ.Тэгээд тэрэнд чинь бас тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн ийм зүйл юм.

Ариун-Ундрах -

Аа тэгээд тэр шалгалт явдаг байсан гэсэн ш дээ тийм ээ? Аа тэр шалгалтын үеэр хэрвээ шаардлага биелүүлээгүй тохиолдолд юу болдог байсан бэ?

Дашзэвэг -

За шаардлага биелүүлээгүй тохиолдолд бол одоо аймгийн төлөөлөгч, сумын төлөөлөгч хүрч ирж тэр айлыг албадан хийлгүүлдэг байсан.Тухайлбал одоо өөрсдөө ирээд гэрийг нь буулгаад, өөрсдөө унийг нь хусаж өгөөд, өөрсдөө будагыг нь авчирч өгөөд будаад ийм.Тэгээд тэр гол усанд оруулаад аа төмпөнд ус халаагаад усанд оруулдаг.Одоо албадлагын маягаар ингэж хүмүүсийг... Тийм айлууд бол тун цөөхөн, ганц хоёр л гарна уу гэхээс ихэнхи хүмүүс бол ухамсарлаад ойлгож, за тэгээд ухуулга сурталчилгааг хийдэг байсан учраас бол хүмүүс аяндаа энэнд бол өөрчлөлт гарч үр дүнд хүрсэн дээ.

Ариун-Ундрах -

Тэгэхээр хүмүүс бол яалт ч байхгүй ер нь бол их идэвхитэй оролцох нь байна.

Дашзэвэг -

Тийм.За тэгээд нөгөө нэг юм болохоор зэрэг соёлын довтолгооны ариун цэвэр, ахуй соёлын талаар бол ингэсэн боловч айл болгоны гадаа одоо жорлон, тааран шуудайгаар ингээд хийгээд ухуулдаг жорлонтой.Тэрнээс гадна соёлын довтолгооны үед бол бичиг үсэг үл мэдэгч хүмүүсийг бичиг үсэгтэн болгоно гэж аа явуулын ухуулагч гэж одоо багш.Тэр тухайн үед чинь одоо намын хэсгийн зохион байгуулагч гэдэг хүн явдаг байсан.Нэг багш дагуулж яваад л тэгээд нөгөө бичиг үсэг мэддэггүй тэдний тэр тэр тэр гээд нэрийг нь гаргачихаад тэгээд нэг баг дээр юм уу бригад дээр ирж тэр хүмүүсийг цуглуулаад бичиг үсэг нэг 14 хоног заагаад, тэгээд тэрнийг нь одоо гэрээр нь гэр сургалт маягийн юм даа.Гэрээр нь даалгавар өгч, гэрээр нь одоо явж шалгасаар байгаад бүгд бичигтэн болоод бичиг үсэгтэй болсон.За тэгээд нөгөө нэг юм бол одоо соёлын довтолгооны үед энэ “Эх орон 52” радио гэдэг юмыг айлуудад бий болгосон.За ийм л зүйлүүдээр л хийж байгаад л соёлын довтолгоо чинь бол ариун цэвэр, ном гэгээрэл сонсох зүйлийг ингэж хийж л одоо соёлын довтолгоо хийж байсан юм даа.

Ариун-Ундрах -

Тэр ариун цэврийн тал дээр орны цагаан даавуу ч гэдэг юм уу одоо нөгөө нүүр гарны алчуур гээд л янз бүрийн юм шаарддаг ш дээ тийм ээ? Яг тэр тал дээр зарим ядуу айлуудад эдийн засгийн бэрхшээл гардаг байсан болов уу?

Дашзэвэг -

Тэр үед чинь эдийн засгийн бэрхшээл, ядуу гэж одоо нэг их гарч мэдэгдэхгүй.Тухайлбал одоо хүн болгон нэг нэг алчууртай.Тэр болгоныгоо өөрсдөө угаагаад, арчаад цэвэрлэчихнэ.Тэгэхээр зэрэг тэрнийг чинь ингээд нэг их олон солиод байхгүй угаагаад л арчаад цэвэрлээд дахиад хэрэглээд байдаг.Тэгээд тэр ядуу зүдүү гэсэн тийм бол бэрхшээл гардаггүй байсан ерөөсөө.

Ариун-Ундрах -

Хамгийн гол нь цэвэрхэн л өөрсдөө цэвэрлээд л...

Дашзэвэг -

Өөрсдөө л байнга цэвэрлээд, өөрсдөө цэвэрхэн байгаад байх юм бол тэр ахиад юу яах, дахин дахин эдийн засгийн асуудалд ороод байх юм байхгүй.

Ариун-Ундрах -

Хот газар ер нь ямархуу байсан бол?

Дашзэвэг -

За би бол тэр үед яг хөдөө байсан учраас хөдөөгийн нөхцөлөө л ярьж байна.Хотод бол одоо тийм юм нэг их болоогүй байх гэж би бодож байна.Яагаад вэ гэхээр зэрэг хот бол арай нийгэм соёлынх бол арай өөр байсан.Ялангуяа хөдөөгийн ард түмний, хөдөөгийн айл өрхүүд, хөдөөгийн баг сумыг л нилээн эрчимтэй нилээн хүчтэй явсан байх аа л гэж ойлгож байгаа ш дээ.

Ариун-Ундрах -

Нэгдэлжүүлэх хөдөлгөөн нь бол соёлын довтолгооны өмнө юм уу?

Дашзэвэг -

Дараа болсон юм.Нэгдэлжих хөдөлгөөн чинь одоо ер нь 2 янзаар явагдсан ш дээ.1958 оноос эхлээд 59 он хүртэл нэгдэлжих хөдөлгөөн гэдгийн нэг үе.Аа дараагых нь бол арай хойхно нэг явсан.Ингээд ерөөсөө 2 удаа явагдсан ажил.За энэ нэгдэлжих хөдөлгөөн гэдэг маань яасан бэ? гэхээр зэрэг өмнө нь бол дандаа хувийн аж ахуйтай байсан.Хувийн мал аж ахуйтай байсан.За энийг болохлоор зэрэг за зарим нь бол одоо олон малтай, 2000-3000 толгой малтай, 10000-20000 толгой малтай айлууд байдаг.Зарим нь болохоор зэрэг огт мал ч үгүй айлууд байна аа.За ингээд нэгдэлжих хөдөлгөөн бий болгохын тулд яасан бэ? гэхээр зэрэг эдийн засгийн хувьд тэнцвэржүүлэх, айл өрх болгон одоо жигд байх.Баян хоосон гэж байхгүй байх гэсэн ийм одоо ухагдахуунаар нэгдэлжих хөдөлгөөнийг бий болгож.Олон малтай айлыг одоо айл болгон 300 толгой малтай байна аа.Ингээд жишээлбэл одоо манайх 2600 толгой малтай байсан.За энэ малаа бол манайх 58 оны хавар нийхэмчилсэн.Тэгээд нийхэмчлээд манайх бол тэр үед хангайн бүс, говийн бүс гээд хангайн бүсэд хувийн мал нь 75 толгой мал, аа говийн бүсэд 150 толгой малаар бүсчилэн тогтоогоод.Тэгээд хангайд манай хангайд чинь 75 толгой маландаа үхэр тэд, хонь тэд, ямаа тэд ингээд тэмээ тэд байна гээд тэр 75-д нь тохируулаад малыг нь хувьд нь үлдээгээд бусад нь бол нийгмийн мал аа гээд.За нийгмийн малыг маллахад нэг ямаа 20 мөнгө, нэг хонь 30 мөнгө.Бүр малын хөлс гэж ингэж маллуулах.Тэгээд айл болгон одоо ингээд тэнцүүхэн малтай болж ингэж л нэгдэлжих хөдөлгөөн гэдгийг бол.За тэгээд газар тариалан эрхлүүлнэ, мал аж ахуйн машинт станц гэдэг юмыг бий болгоно гэдэг нь бол хадлан тэжээлийг одоо бэлтгэх, зудын өвлийн бэлтгэл нөөцийг хангах гэсэн одоо тийм мал аж ахуйн машинт станц гэж бий болгоод, за газар тариаланг нь бий болгож, аа төмс хүнсний ногоог тариалж иддэг болгох хөдөө.Тэр үед чинь одоо хөдөө төмс хүнсний ногоо тарина гэж мэддэггүй, төмс хүнсний ногоог иднэ гэж мэддэггүй ийм байсан үе.Ихэнхи нь малынхаа сүү цагаан идээгээр ааруул ээзгийгээ боловсруулаад авчихдаг байсан ийм үе.За ийм л юм болсон юм даа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.