Dolgor


Basic information
Interviewee ID: 990225
Name: Dolgor
Parent's name: Pel
Ovog: Mongol
Sex: f
Year of Birth: 1934
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: Singer, retired
Belief: Buddhist
Born in: Nariinteel sum, Övörhangai aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
foreign relations
education / cultural production
travel
keepsakes / material culture
environment


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? Долгор гуай.

Долгор -

Сайн.Сайн байна уу?

Ариун-Ундрах -

За хоёулаа түрүүчийнхээ ярилцлагыг одоо үргэлжлүүлж ярья аа.

Долгор -

За тэгье.

Ариун-Ундрах -

За.Эхлээд таниас нэг 2 асуулт асуугаадахъя.

Долгор -

За.

Ариун-Ундрах -

За.Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу? Хэрвээ байгаа бол тэр нь ямар үйл явдлууд вэ?

Долгор -

Гүнээр нөлөөлсөөн? Баяртай юу?

Ариун-Ундрах -

Аль нь ч байж болно.Ер нь гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал?

Долгор -

За.Өө яахав байлгүй яахав.Их урт насалж ирлээ.Олон жил ажиллаж бас янз бүрийн замыг туулж ирсэн хүнд чинь янз бүрийн юмнууд байлгүй яахав дээ хүү минь.Яахав зүгээр баяртай үйл явдлууд бол их л болж байсан.Бид хоёр анх гэр бүл болоод,нийлээд анхныхаа хүүхдийг гаргаад л их сайхан баярлаж байлаа.Нэг хүү төрөөд л,дараа нь охин төрөөд л тэгээд л их баярлаж байсан.Хүүтэй боллоо,охинтой боллоо гээд их баярлаж байлаа.За тэгээд л одоо энэ ажил төрөлд ороод л,тэр том том фестивалуудад оролцоод л аягүй их баярлаж байсан.Тэр үед чинь одоо хэр баргийн хүн явчихдаггүй үе байлаа шүү дээ тэрүүнд чинь.Тэгээд л тийм 2 юманд яваад л,их баярлаад л бас их сайхан баярлаж байсан.Тийм тийм юмнууд байлгүй яахав.За тэгээд ажил төрөлдөө ололт амжилт гаргаад л,сайн сайхан яваад л,шагнал урамшил аваад л ингээд л ирэхээр хүн их баярладаг юм байналээ.Олон түмэндээ ч их баярлана,найз нөхөд,аав ээж,ах дүүс,хань нөхөр,тэгээд үр хүүхэд цөмөөрөнд нь л баярладаг юм байналээ.Тэгээд их баяртай юмнууд их байсаан.За тэр гунигтай тийм юмнууд байсан л даа.Бид хоёр чинь одоо 3-4 хүүхэд маань үрэгдсэн юм байгаа юм.Би тэрэнд бас их зарим үед бас их гутарч явсан.Гэхдээ яахав ээ бид хоёр хань ижил маань хажууд байсан болохоор яахав дээ тэр хүүхэд ч тэгээд л яваа яваандаа тэгээд л мартагддаг л юм байна.За тэгээд яахав дээ аав ээж маань уул нь мөнх бусыг үзүүлээд л нэг тийм тийм юмнууд байсан л даа бид хоёрт.Байлгүй яахав тийм юмнууд.Хүнтэй муудалцаад,хэрэлдээд,шорон оронд ороод л,муу муухай юм дуулаад л тэгэж явсангүй.Хаа очиж ёстой тэр талаар бол бид хоёр хэн хэн нь ер нь нэр сайтай олон түмэнд.Хамт ажиллаж байсан нөхдүүддээ ч адилхан,албан газартаа ч адилхан ер нь нэр хүнд сайтай хоёулаа.Тэгээд л явж байдаг хоёулаа.Хүний төлөө ч их л зүтгэж явсан.Ийм л улсууд л даа бид хоёр,тийм.Тэгээд ер нь иймэрхүү л үйл явдлуудтай ер нь явлаа даа эмээ нь.

Ариун-Ундрах -

Тэгээд таны амьдралд ер нь ер бусын бусдаас онцгой гэх зүйл байгаа юу?

Долгор -

За нэг их онцгой ч юу байхав дээ.Хүний жишгээр л явдаг.Нэг их учиргүй нэг их онцгой сансарт ниссэн сансрын хүн шиг тийм юм байхгүй ээ.Тийм,онцгой тийм юм бол алга.Хүний л жишгээр,хүн ямар явдаг вэ? тэрүүгээр л сайн юм бол сайн,сайхан бол сайхан тэгэж л явсан.

Ариун-Ундрах -

За.Түрүүчийн ярилцлагаар та нөгөө фестивалуудад явсан тухайгаа ярьсан ш дээ тийм ээ? Тэрийг хоёулаа жаахан дэлгэрэнгүй яг фестивал гэдэг нь яг ямар ямар зохион байгуулалттай,ямар ямар үйл ажиллагаа болж,хэр удаан хугацаагаар юу болдог байсан бэ?

Долгор -

За ер нь тэгээд 8 сарын 1-ээс эхлээд л 14 хоногийн үйл ажиллагаа явсан.За тэр дотор чинь нөгөө л 130 орны гэхлээр чинь зэрэг маш олон орнууд бараг ер нь дэлхийн бараг бүх оронгоос ирчихэж байгаа юм л даа хүмүүс.Тэгээд тэр олон орны чинь концерт,эхлээд л ерөөсөө тэр олон орнуудыг чинь өнөө жагсаагаад л ингээд өнөө хуваарь өгчихдөг юм байналээ.Тэднийх тэд дээр,тэднийх тэд дээр гээд л.Тэгээд манай Монгол улс 36-д орж жагссан юм.Тийм тэгээд л Монголынхоо тугийг мандуулаад л өө гоё хувцсаа фестивалд зориулж хийсэн хувцсаа өмсөөд л,тэгээд ингээд л Монголын жагсаал орж ирлээ гээд л ингээд зарлаж байдаг юм байналээ.Тэгээд л тэр Варшавын тэр 80000 хүний багтаамжтай том стадион байсан.Тэрүүнд тэгээд л яваад орсон чинь хөө зүгээр өнөө тэнгэр одоо нарыг бүрхэж байсан тийм тагтаа нисгээд л,нөгөө орсон улсууд.Тэгээд тийм их олон тагтаа,тэр бодвол хүн болгон тагтаа нисгэсэн байх аа.Тэгээд л ёстой нарыг ингээд халхалж байсан ш дээ.Бид нар өглөө 10 цагт жагсаад л,тэгээд л орой 5 болох гэж байхад л орж байгаа юм чинь тэрэнд.Тийм их олон жагсаал өнөө яваад л байдаг,яваад л байдаг бүтдэггүй ёстой аймаар...Юм хэлээд л одоо тэгээд л ингээд хөө тэр Варшавын гудамжаар явсан чинь нөгөө муу улсууд,ард түмэн чинь өнөө юунуудаар байшингынхаа нөгөө балконуудаар зогсчихсон цэцэг шидээд л үгүй ээ бас их гоё юм байналээ.Их сайхан юм болсоон.Зүгээр ёстой үерийн ус давалгаалж байгаа юм шиг л тэр нэг кино байдаг юм.Тэрийг харсан чинь үгүй ээ мөн гоё юм байналээ.Өөрөө дотор нь ороод явж байхдаа бас тэгээд л залуу байсан болохоороо хөл өвдөөд л жаахан ядар ч л явсан.Олон хоног тэгээд явчихсан болохоор.Тэгээд яг тэр үедээ бол хүн яаж байгаагаа ч мэдэхгүй. Алдчихгүй юмсан,одоо тэгээд өнөө алхах гишгэх болгон чинь эх оронтой чинь холбоотой шүү гээд өнөө аймар аймар захиа захьчихсан болохоор чинь хөндлөн гишгэхээс л айна...

Ариун-Ундрах -

Бөөн хариуцлага уу?

Долгор -

Бөөн хариуцлага ёстой.Одоо бол хамаагаа алдчихсан юм байналээ дээ.Тийм тэр үед чинь одоо тийм л хатуу байлаа шүү дээ.Ер нь хүн болгоныг л бараг одоо ерөөсөө эвгүй үг хэлчихвий,эвтэй эвгүй үг хэлчихвий.Өнөө ярихдаа ч гэсэн аятайхан яриарай.Тэгэж хүнтэй,ингэж мэндэлдэг юм гээд эндээс явахад чинь нялх хүүхэд явуулах гэж байгаа юм шиг л бөөн захиа занаас,янз бүрийн одоо сургалт явуулаад л ухаан нь ингээд өнөө Польшууд чинь өнөө сайн байна уу? гэж хэлэхэд день добрый гэж хэлдэг юм шүү гээд л энэ тэр гээд бүр зааж өгч байсан юм чинь.Тийм тэгээд тэр тэрийгээ бодоод л хүн чинь тэгээд л Монголын Долгор гэж хэлэхгүй шүү,Монгол улс л нэрээ гаргана шүү гээд л ингээд л хэлдэг байсан.Тэр тэр ерөөсөө санаанаас гарахгүй.

Ариун-Ундрах -

Монголынхоо нэрийг л авч гарах гэж...

Долгор -

Монголынхоо нэрийг л зөв байлгах,төвшин байлгах л гэж одоо их мэрийж явсан үе юм байгаа юм даа.Одоо ч замбраагаа алдчихсан юм байна даа.Үхсэн хойноо одоо ингээд л харж байхад одооны залуучууд ёстой хүмүүжилгүй,хэрэг байхгүй.Ерөөсөө дэндүү муухай замбараагүй болчихсон юм байналээ.Би одоо үр хүүхэддээ ч хэлнэ л дээ.Манийх ч өөрцгүй одоо адилхан.Одоо энэ манай хүүхдүүд бол харин их сургуультай,хүмүүжилтэй.Тэгэхдээ тэдний чинь хүүхдүүд гэдэг чинь ид одоо энэ ардчиллын үеэс эхлээд гарсан хүүхдүүд байгаа юм чинь тэр чинь.Тэгээд л одоо ач,гуч,зээ нар одоо гуч гэдэг чинь бүгд одоо энэ ардчиллын үед гарсан болохоороо өө юмыг тоохгүй,ер нь ихэмсэг ерөөсөө тийм л болчихсон юм байналээ.Идэж ууж байгаа юм нь хүртэл маньтай зэрэгцэх юм нэг ч байхгүй.Ёстой шал өөр болчихсон юм байналээ.Тийм л байгаа юм.За тэгээд тэр фестивалд очоод бид нарыг нэг хамгийн нөгөө ардчилсан орон гээд хамгийн захад өнөө Варшавын нэг дунд сургуулийн хичээлийн байранд байрлуулсан бид нарыг.Бусад улсуудыг өнөө хөрөнгөтөн орныг чинь болох дээр зэрэг нөгөө том том зочид буудалдаа авдаг юм байналээ л дээ.Тэгээд манайхныг яахав өнөө муу юм болохоор...

Ариун-Ундрах -

Бас ялгаж байна тэ?

Долгор -

Ялгаад л одоо нэгд,хоёрдугаарт нөгөө ардчилсан орон биш ухааны юм болохоор тэгээд хамгийн захад Варшавын тэр... Варшав чинь өнөө дайнд их орсон юм болохлоор зэрэг аягүй их тийм дайны ул мөр нь арилаагүй байсан.Тэгээд 10 жилийн ой нь л болж байсан.Хувьсгал тогтоод дөнгөж 10 жилийн ойгоор нь бид нар очсон.Берлин ч гэсэн адилхан тийм байсан.Дэлхийн 2-р дайнд нэрвэгдсэн хотууд чинь ёстой аймар,энд тэндгүй нурчихсан барьчихсан.Тэгээд л тэрийг чинь цагаан модон хашаагаар ингээд хашчихсан, онгорхой цооронхой нурчихсан тийм л юм байсан,биднийг очиход тиймэрхүү л байсан.

Ариун-Ундрах -

Балгастай.

Долгор -

Тэххх балгас.Тэгээд бид нар чинь тэрүүгээр чинь тэгэж олон улсын залуучуудтай чинь уулзаад л,гар хөлийнхөө үсгийг аваад л,нэрээ бичээд л тусгай дэвтэртэй.Тэгээд л өдөр болгон л уулзалт зохион байгуулна.Тэгээд тэр кино байдаг юм аа.”Найрамдалт залуучууд” гэж кино байдаг юм.Тэрэн дээр л би тодорхой тодорхой юман дээр гардаг юм.Тэгэж явлаа эмээ нь.Их сайхан л юм үзсэн дээ хөөрхий.

Ариун-Ундрах -

Тэр фестивалд очиход аягүй их бэлдсэн байх тийм ээ?

Долгор -

Тэгэлгүй яахав,одоо тэр чинь нөгөө концертыг бол одоо ерөөсөө 2 сар бэлдсэн.2-3 сар концерт бэлдсэн.Тэгэхэд Чимиддорж гэж одоо урлагийн гавъяат зүтгэлтэн Чимиддорж гэж хүн байсан.Тэр манай хоорыг,тэгээд бүжиг,хоор,хөгжим тэгээд тийм юмнууд бэлдэж байгаа юм л даа.Тэгээд 2 сар бэлдсэн.За тэгээд л хувцас хунарыг чинь тусгай захиалгаар хийлгээд л улсаас бид нарт 1500 одоо мөнгө л дөө,төгрөг өгсөн.Тэгээд тэрийгээ хил дээр очоод солиулдаг юм байналээ.Одоо хойно хил дээр очоод рубль болгоод,тэндээсээ цаашаа Польшд явах дээр зэрэг Польшийн хил дээр очоод бас нэг Польшийн юу билээ дээ коран бил үү юу билээ тийм мөнгө болгоод тэгээд л явдаг юм байналээ.

Ариун-Ундрах -

Аа тэгээд хэрэглэх зардал гэж бас 1500 төгрөг өгсөн юм уу тэ?

Долгор -

Өө тийм,хэрэглэх зардал гэж 1500 төгрөг өгсөн байхгүй юу.Тэрнийгээ л тэгэж солиулаад.Эндээс явахдаа яахав дээ өөрийнхөө юугаар л хэдэн дээл хувцас хийж өгсөн.Үйтэн хуаран дээл 36-ийн торгоор дээл хийж өгөөд хүн болгонд.Фестивалийн түргэн саарал гэж ярьдаг юм бид нар.Нэг костюм пиджак хоёр хийж өгсөн юм.Фестивалийн юманд явахаараа л тэрийгээ өмсөнө.Түргэн саарал нэртэй.

Ариун-Ундрах -

Өмсөхөд амархан юм уу?

Долгор -

Тийм,амархан.Тэгээд өнөө вагоны буудлууд дээр буухаар л бас уулзалт болоод л өө нөгөө Оросууд чинь,энэ Оросуудын хотоор ингээд буухлаар чинь зэрэг л Оросууд чинь гуулин хөгжимтэй ирээд л зүгээр бүжиглээд л зүгээр сүйд болдог юм байналээ.Оросууд чинь хөгшин гэхгүй зүгээр сайхан бүжиглээд л тэгэж хүлээж авдаг юм байналээ.

Ариун-Ундрах -

Бас найрсаг хүлээж авах уу?

Долгор -

Өө ярихгүй,сайхан хүлээж авч байсан.Бид нар эндээс Москвад оччихоод л нэг хагас өдөр болоод л тэгээд тэр шөнө 2 цагт л Белирус вокзал дээр цаашаагаа Польш руу явж байсан юм даг.Тэрийг би мэдээд л байдаг юм.

Ариун-Ундрах -

Эхлээд тэр Варшавын фестивалд ороход ер нь хүмүүсийг шалгаж авсан ш дээ тэ? Ямархуу,хэцүү шалгаж авсан уу?

Долгор -

Хэцүү шалгаж авна.Ерөөсөө бүх л ерөөсөө бүх... Их шалгалт болдог юм аа.Тэгээд л амьтан хүн хасагдаад л уйлаад явдаг юм байналээ.Арга ч үгүй ш дээ залуучууд.Тэгээд л эрүүл мэнд чинь хичнээн удаа эрүүл мэндэд орно ерөөсөө.Байс гээд л эрүүл мэндэд орно,байс гээд л эрүүл мэндийн шалгалтанд орно.За тэгээд л шинжилгээнүүдээ хийлгээд,эрүүл мэндийн шалгалтанд ороод л.Тэгээд л одоо тэр үед чинь өнөө үсийг бол буддаггүй,одоо тайрдаггүй байсан үе шүү дээ.Уртаараа тэгээд л гэзэг үсээ сайхан угаагаад цэвэрхэн,үргэлж цэвэрхэн бай л гэж шаардана ерөөсөө.Үсээ тайруулж ерөөсөө болохгүй шүү л гэнэ.Тэгээд үсээ будах,тайрах тийм юм маань үнэндээ байгаагүй дээ,Монголд цөөхөн байсан байх.Тэгээд бид нарыг үс тайруулж болохгүй шүү л гэдэг байсан.Тэгээд урт үстэй л байсан би тэгэхэд.

Ариун-Ундрах -

Урт үсээ тэгээд шүлжээд л явах уу?

Долгор -

Тэгэлгүй яахав,ерөөсөө 2 салаа сүлжчихнэ.

Ариун-Ундрах -

Тэгээд та фестивалд шалгуулж тэнцээд бас өөр ямар ямар хүмүүс хамт тэнцэж байсан бэ?

Долгор -

Өө зөндөө.Одоо миний мэдэхэд гавьяат жүжигчин Дорждэрэм гээд нэг хүүхэн,авгай бий.Одоо хөгшөөн хөгшин.Тэрний нөхөр Лхамжав гээд байгаа,За тэр Цэцгээ гээд нэг хүүхэн байсан.Олоон олон хүн тэнсэн.Дан л тэнцээд л тэнцээд,тэнцлээ гээд тэгдэг.Тэгээд зарим нь болохоор тэнцэхгүй цус нь муу гараад л уйлаад л явдаг юм байналээ.Зарим тийм улсууд байж л байсан.

Ариун-Ундрах -

Ер нь Монголоос нийтдээ хичнээн хүн явсан юм бэ? Тийшээ?

Долгор -

Өө их олон хүн явсан ш дээ.Зөвхөн манай хоорт гэхэд л 40 хүн явсан.Тэгээд л хөгжим байна 80,тэгээд бүжиг байна бас нэг 20-30-аад хүн байсан байхдаа.Тэгээд л цааш нь одоо удирдлагууд явна.Одоо тэгээд л их олон улсууд явсаан,олон хүн явсан.Тэгээд биеийн тамирынхан бас явна.Миний мэдэх юм бол одоо Зориг гээд л уулын мастер Зориг гэж нэг хүн явсан.Тэр одоо манай нөгөө их хурлын гишүүн нөгөө Алтайгын аав шүү дээ.Тийм Алтайгын аав Зориг гэж хүн явсан юм байгаа юм.Одоо алдартай улсууд,тэр үед чинь одоо тэгээд л жүжигчид одоо драмын театрын мундаг мундаг жүжигчид явсаан явсан.Бадамгарав гуай явсан,манай бидэнтэй цуг.Зөндөө л улсууд явсан даам ер нь тэгээд.

Ариун-Ундрах -

Анх Польшд очиход ер нь хамгийн анх тэнд буугаад ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

Долгор -

Үгүй ээ яахав дээ одоо эндээс ерөөсөө яваад л вагонд ороход л сэтгэл санаа шал ондоо болж байгаа юм чинь ерөөсөө.Өө ёстой гоё баярлаад л,зүгээр ерөөсөө хөөрөөд л,хоол ч цаашаа орохгүй ямар байх бол гэж бодогдоод.Тэгээд л хойшоо яваад л тэрэн дээр чинь орой 4 цагийн үед л гарсан санагдаж байна вагон дээр.Вагонд суугаад тэгээд нийтийн вагонд явж байгаа юм чинь бид нар.Дээр үед чинь одоо нөгөө цахилгаан вагон байхгүй.Тэгээд өнөө янз бүрийн юмны араас ингээд зүүчихдэг байхгүй юу нөгөө суудлынхаа вагоныг.Тэгээд л өнөө вагон чинь нүүрсээр явна.Тэгээд нөгөө цонх онгойлгох дээр зэрэг л хамаг юм ингээд хар утаа болчихно.Тэгээд л нийтийн вагонд Оросуудтай цуг,өө хөл нь ил гарчихсан л унтаад байна Оросууд чинь.Тэгээд бид нар яахав дээ тэр хажуугаар нь тэгээд л нэг явж л байдаг тийм л байсан.

Ариун-Ундрах -

Тэгээд Оросоор дамжаад л Польш...

Долгор -

Тийм Оросоор дамжаад л.Монголын хилээр эхлээд л давахад нэг эвгүй байдаг юм байналээ.Ингээд л нэг ийм томоо ийм өндөр хаалга,энүүн шиг ийм хаалганы доогуур вагон гардаг юм байналээ.Тэгээд л тэрний дээр ингээд цэргүүд ингээд зөрөөд,өнөө хилийн харуул л юм байлаа л дээ.Яг тэр хилээ давж байгаа дээр тийм байдаг юм.Заа хил давлаа гэцгээгээд л тэгэж байсан юм даг.Вагоны цонхоор л бид нар ингээд шагайгаад харж байсан.Тийм л байдаг юм байналээ.Тэгээд л тэр Оросуудын хил давахад юу өнөө намар 8 сард 7 сарын сүүлээр юм чинь нөгөө өвсөө хадаад л ой дотор чинь Оросууд өвс хадаад л зүгээр том том ингээд л горзгор горзгор бухал хийчихсэн тийм байдаг юм байналээ.Тэгээд л нэг вагоны буудал дээр очихоор ийм жижигхээн нэг амбаар шиг юман дотроос нэг эмээ,өвгөн гарч ирээд нөгөө нэг вагоныхаа нэг ийм гэрэлтэй юмыг барьчихсан тэгээд л зогсож байдаг юм.Нөгөө нэг ганц ямаа хөтөлсөн,ганц үхэр хөтөлсөн тийм л юмнууд яваад л байдаг юм байналээ.Тэр төмөр замын л ажилчид юм шиг байналээ.Тэгэж л байсан анх эхлээд.Тэгээд эндээс чинь яваад л Омск,Томск дээр очоод буугаад л тэгээд л юу яасан л даа.Улаан-Үүд дээр очиж хоносон.Монголоос гараад тэгээд Улаан-Үүд дээр хоночихоод өглөө байгаль далайгаа нэг үзчихээд л хэдүүлээ тэгээд л цаашаагаа вагондоо суугаад л яваад өгсөн.

Ариун-Ундрах -

Та тэгэхээр чинь тэр үед хэдэн настай байсан бэ?

Долгор -

Би тэгэхэд нэг 20-той байсан.20-хон настай байсан.Ёстой нэг залуу байж одоо бодож байхад.Өө ёстой юу ч мэдэхгүй хөдөөний хүүхэд.Ёстой хөгийн нэг хөдөөний хэдэн бүсгүйчүүд,жоохон жоохон охидууд.Юу ч мэдэхгүй,нүүрээ будаж мэдэхгүй,үсээ гоёж самнаж мэдэхгүй.Тэгээд л угааж самнахаас ондоо юм юу ч мэдэхгүй ерөөсөө.

Ариун-Ундрах -

Мхмм гоёж мэдэхгүй юу ерөөсөө?

Долгор -

Тэххх гоёж мэдэхгүй,юу ч мэдэхгүй.Одооны охидууд бол айма гоё болчихсон юм чинь ерөөсөө хумс хуруугаа будаад л одоо зүгээр,нүүр амаа будаад өдөрт хэд ч буддаг юм.

Ариун-Ундрах -

Хэ хэ нэг л будна ш дээ.Тэгээд тэр фестивалд 130 гаруй орон гэхээр чинь бүгдээрээ ээлжлээд л өөр өөрсдийнхөө бэлдэж ирсэн концертийг тоглох юм уу тэ?

Долгор -

Тийм,ерөөсөө ингээд урсгалаараа явчихаж байгаа юм чинь ерөөсөө.Нэг газар тоглоод л,дахиад л нэг газар тоглоод л,дахиад нэг газар тоглоод ингээд өглөөнөөс авхуулаад шөнө 12 цаг хүртэл.

Ариун-Ундрах -

Аа тэгээд газар газар явах юм уу?

Долгор -

Тийм.Тэр Карнол байд гэдэг нэг одоо парк културь гээд Польшд байдаг юм.Тэгээд тэрэн дотор ингээд энд тэндгүй өнөө жижигхэн жижигхэн тийм талбай засчихсан,концертын талбай.Тэгээд л нөгөө хүмүүс чинь дуртай дуртай юм аа л үзэж байгаа юм чинь тэрэн дотор ороод л тэххх.Тэгээд л манайхан чиг ороод л тэгэхдээ бүтэнгээр нь бол мөд барахгүй л дээ.Бид нар хамгаас эхлээд л анхан Варшавт очоод нэг цэргийн нэг их том театрт очиж тоглосон байхгүй юу анхныхаа тоглолтыг.Яана даа л гэж бодож байсан,их ч айж байсан ерөөсөө.Тэгээд л дажгүй л болчихсон.Өнөө анх юм үзээгүй өнөө муу хөдөөний хүүхдүүд юм чинь айгаад л бэмбээтэл зүгээр ёстой алдчихвий гэж бодоод сандраад ёстой үхэж байгаа юм.Тэгсэн чинь нэг дуу дуулчихаад эмэгтэйчүүдийн ансамбль гээд нэг дуунд би ордог байсан юм.Тэгээд дуугаа дуулчихаад ингээд орсон чинь юу яасан ш дээ.Ёслоодох гэсэн чинь миний малгай маань ингээд өнхрөөд ойчдог юм тайзан дээр.Нөгөөдөх малгайгаа ч авч чадсан юм байхгүй айгаад бушуухан шиг гүйгээд орчихсон.Тэгсэн чинь хойноос өнөө зарлаж байсан хүн миний малгайг бариад ороод ирсэн.Одоо яанаа би ингээд малгайгаа унагачихсан гээд л тэгсэн чинь Ванган гээд нэг зохиолч.Мэднэ биз дээ та нар? Ванган гуай байж байсан чинь тийм юм байдаг юм аа,тэрнээс айгаад яахав тийм юм байдаг юм байдаг юм гээд Ванган гуай тэгэж байсан.Тэгээд нэг сэтгэл амарч билээ.Хэ хэ хэ хөөх айж байсан ёстой нэг хүүхэд жоохон байсныг ч хэлэх үү,гадаадад явж тэр том концертонд тоглож тэгэж явсан биш ёстой нэг айж байсан.Ёстой нэг арга хэмжээ авхуулах байх гэж бодож байж билээ.Тэгсэн чинь ер тоодоггүй юм байналээ.Тийм юм байдаг юм ш дээ,байлгүй яахав гээд л тэгэж байсан Ванган гуай.Тэгээд л нэг сэтгэл амарч байж билээ.Юм үзээгүй амьтангууд чинь ёстой нэг.

Ариун-Ундрах -

Аа тэгээд тэр фестивал нь уулзалт,тэр концертоос өөр бас ямар үйл ажиллагаа явуулсан бэ?

Долгор -

Өө ерөөсөө нөгөө хөрөнгөтөн орны улсуудтай чиг л уулзалт хийгээд л,дундуур нь тоглолт хийгээд,нэг жижигхэн газар оруулаад л хоол хөнгөн зууш идүүлээд,дахиад л нэг газар яваад л юм үзүүлээд л.Тэгээд тэр Весла мөрөн гээд нэг том мөрөн байдаг юм Польшийн.Тэрэн дээгүүр чинь усан онгоцоор явуулаад л нэг өдөр тэгээд зугаалуулаад бид нарыг чинь.Тэгээд л тэр Польшийн одоо хуучин нэг хуучин нэг тийм сүм,хуучин барилга байсан гээд нэг тийм хуучин газар байдаг юм.Тэр цаад Варшав нь шинэ юм байналээ.Тэнд очиж үзүүлээд бид нарыг дээр үеийн Польшийн тийм хуучин барилгатай нэг тийм газар,эзэн ч байхгүй тийм газар байдаг юм байналээ.Тэнд очиж үзүүлсэн бид нарыг.Тэгээд л яахав дээ дайн үзчихсэн тийм орон болохлоороо биднийг очиход бол их л тааруухан л байсан л даа.Нөгөө хамаг байшин барилга нь нурчихсан,өвс ногоо нь юу ч байхгүй гишгэгдэж,бөмбөг дэлбэрчихсэн ч юм уу яасан ч юм хөөрхий онгорхой цоорхой тийм л байсан.Их ч засвар хийсэн юм байналээ.Тийм л байсан.Тэгээд их юм үзсээн их юм үзсэн бид нар.Юм нь аймар үнэтэй,Польшийн юм тэгэхэд тийм байсан.Харин цаашаа Германд очиход бол юм нь их үнэ нь их бага,бас л одоо бид нарыг тэр Эверест гээд нэг байдаг ш дээ нөгөө,тийм Эверестийн орой дээр нөгөө Оросын цэргүүд ялаад л тэгээд тэрний орой дээр Оросын тугийг хатгаад л тэгэж байдаг ш дээ.Тэгэхэд тэр Эверест чинь нурчихсан байсан.Тийм тэгээд Врандунбург гээд нэг хаалга байдаг юм.Тэр нөгөө цаад Германаас тусгаарласан.Тэр хаалган дээр очоод бид нар зураг хөрөгөө авхуулаад л.Тэгээд юу яасан Германд очоод маш их тоглолт хийсэн.Их ч юм үзсэн дээ.Зоо паркуудыг үзсэн.Германы тэр зоо паркт манай Монголын 2 бөхтэй тэмээ байсан,тэгээд л говийн одоо гүрвэл,могой, Монголын бор шувуунууд.

Ариун-Ундрах -

Бор шувуу хүртэл байна уу?

Долгор -

Тийм байналээ,байдаг юм байналээ.Аль одоо юу 54 жилийн өмнө юм байна ш дээ одоо.

Ариун-Ундрах -

Тэгээд тэр үед чинь Герман чинь ямархуу байдалтай байсан бэ? Улс төрийн хүрээнд?

Долгор -

Яахав нөгөө 2 хуваагдчихсан.Нэг нь ардчилсан,цаадах нь болохоор хөрөнгөтний журмаар явчихсан.Тэгэхдээ сайхан байсаан.Бид нар заан гэж их том газар байрлаж байсан.Их сайхан байсан.

Ариун-Ундрах -

Тэр бол наана Польш улсаас шалгараад тэгээд цаашаа Герман явсан уу тэ?

Долгор -

Ммм шалгараад Польшд ирснийхээ бас тэндээсээ шалгарч явуулаад л.Шалгарна гэхээрээ яахав улсуудаа одоо нөгөө одоо бас л өнөө дуу,хоорын дууныхаа л одоо нөгөө парч,биеийн байдал бүх юмаараа дахиад шалгагдаад явж байгаа юм чинь тэнд дээр чинь.Тал нь л явж байгаа юм л даа.Ухаан нь 40 хүний чинь 20 нь хоороос бол.Тэгээд л тэнд очоод бид нарыг их мундаг хүлээж авч байсаан.Өө базарваань нөгөө баруун Германтай цуг байдаг болоод ч тэгсэн юм уу өө зүгээр автобусаар энэ тэр шөнө ингээд явахад чинь гэрэл гаргахгүй.Бидний чинь урд талд мотоцикльтой,ард ч мотоцикльтой улсууд хамгаалалт хийгээд явж байсан.Ер нь их сайхан явсан даа,ер нь гоё юм байналээ.

Ариун-Ундрах -

Тэгээд зураг хөргөө их даруулсан уу та?

Долгор -

Өө зөндөө л зураг авхуулсан.Зураг авхуулсан юмнууд зөндөө.Хүүхдүүд тараагаад зургийг маань аваад явчихсан,олдохгүй юм зарим нь.

Ариун-Ундрах -

Тэгээд тэр Польшт ч тэр Германд ч тэр ер нь хоол нь Монголоос ямархуу санагдсан бэ?

Долгор -

Өөө гоё байлгүй яахав дээ ёстой бүр хачин сайхан хоолтой.Ерөөсөө вагонд суугаад л бид нарын хоол шал ондоо болсон.Хачин сайхан сайхан хоолтой.Тийм хоол идээгүй дандаа л тийм нэг бантан,гурилтай хоол нэг тиймэрхүү л юм идэж байсан юм чинь...

Ариун-Ундрах -

Эсвэл нөгөө шороотой төмс үү?

Долгор -

Тийм ёстой нэг шороотой төмс идэж тэгэж явж байсан даа.Тэгээд тэр өө гоё гоё хоол өгнө.Сүүлдээ хоолонд орох дуртай,аймар дуртай ёстой гоё хоол өгдөг.Би бүр фестивалд яваад бүр таргалчихаад ирсэн ш дээ.Цав цагаан болоод,таргалаад ёстой аягүй гоё болчихоод ирсэн.Ээж намайг танихгүй байсан гэж байгаа юм чинь.Пөөх манай хүүхэн мөн үү? гэж байсан гэж байгаа юм.Вокзал дээр буучихаад л тэгээд л өнөө намайг авах гээд нэг машин ирсэн байсан юм.Тэрэн дээрээ суугаад л гэртээ орсон чинь ээж тоохгүй тэгээд л ингээд л буруу хараад ингээд л суугаад байх юм.Тэгээд сайн байна уу? Ээжээ гэсэн чинь хөөе энэ чинь манай хүүхэн мөн үү? гээд байдаг.Тэгээд очоод бариад авсан чинь би,тэгсэн чинь өө ийм ямар гоё болчихоов ээ миний хүүхэн чинь гээд ээж тэгэж байсан.Тэр 2-3 сар л болсон байх даа.

Ариун-Ундрах -

Тэгээд бас тэр гадаад орнуудаар явахад өөр сонирхол татсан зүйлүүд нь бас өөр юу юу байсан бэ?

Долгор -

Байлгүй яахав,ёстой гоё гоё юмнууд,сайхан сайхан юмнууд байсаан байсан. Польшийн тэр нэг нөгөө нэг мөлхдөг ургамалууд нь ингээд байшин дээгүүрээ ингээд мөлхөөд бүүр битүү ингээд ургаад,бүр цонх руу нь ингээд орчихсон.Тэр их сонин санагдаж байсан.Тэгээд Польшийн тэр парк культурт нь бид нар очоод тэнд шөнө концерт тоглоод,тэгээд би тэгэхэд айгаад автобусныхаа дэргэд шөнө 12 цагт л цуглаарай гээд орой 6 цагийн үед л биднийг аваачиж орхисон юм,хоолоо идчихээд.Тэгсэн чинь бид нар айгаад автобусныхаа дэргэдээс холдоогүй.Аягүй бол төөрчих байх гэж айгаад,нэг хэдэн охидууд. Инээдтэй тэгээд нэг... бидний хажууханд нэг Нигерийн нэг хэдэн улсууд тоглож байсан. Дандаа хөрөнгөтөн орны тийм хачин шалдан нүцгэн улсууд.Тийм нэг санаа ч зовмоор юм шиг муухай ч юм шиг нэг хачин.Нигерийн нэг муухай тоглоом байдаг юм.Ингээд алчуур дэвсдэг.Алчуур ингээд дэвсээд тэгээд тэрэн дээрээ ингээд өөд өөдөөсөө хараад суудаг, тэгээд толгой дээгүүрээ нэг алчуураар нь бүтээгээд тэгээд үнсдэг муухай тоглоом.Оо ла ла тэрэнд нь тааралдчихвий гэхээс зүгээр айгаад зугтаагаад,хүүхэд байсан болохоор,залуу байсан болохоор.Нигерүүдийн тоглодог тийм балай тоглоом байдаг.Тэрнээс нь ёстой нэг үхтлээ айнаа бид нар.Бушуухан гүйгээд,автобус руугаа гүйгээд орчихож байгаа юм чинь.Тэгээд зарим нь загнаад бүдүүлэг зан гаргалаа барилаа гээд л тэгэж л байсан.Бид нар зугтаагаад тэгээд л зарим нь одоо улаан цайм баригдаад үнсүүлж байгаа юм чинь.Ха ха ха тэгэж л байсан юм.

Ариун-Ундрах -

Дараа нь тэр Москвад болсон фестивал?

Долгор -

Өө Москвагынх бол бүүр гоё,ёстой гоё.Нөгөө түрүү явчихсан болоод догь суучихсан нөгөө сүүлийнх дээрээ,аа сурчихсан.Ёстой тэр хөдөө аж ахуйн үзэсгэлэн гээд нэг их тийм Лениний уулан дээр байдаг юм тэр хөдөө аж ахуйн үзэсгэлэн.16 риспубликтэй байсан ш дээ Орос чинь.Тэгээд л тэр 16 риспубликийн чинь тус тусдаа онцлогтой.Тэгээд тэр л их гоё оо гоё тэр.Тэгээд тэрний дэргэд чулуун цэцгийн пантом гээд нэг их гоё пантом байдаг юм.Тэнд бид нар орой үдэш болохоор их зугаална,тэнд очно.Ерөөсөө тэгээд л таксинд суугаад л ийш тийшээ яваад л Лениний музей үзээд л,тэгээд л одоо тэр түүхийн том том музейнүүд үзээд л Москвад,бид нар тэгсэн л дээ.Тэгээд Польшоос шал өөр юм байналээ.Москва чинь их гайгүй,нэг их дайн байлдааны нэг их тийм юм гайгүй юм байналээ.Тэгээд одоо манай Монголын музей энэ тэр байдаг юм аа,байсан байсан, зөндөө л байсан.Тийм тийм юмнууд үзээд л тэгээд л том том дэлгүүрүүдэд нь ороод л, большой театрт ороод бид нар чинь “Евгений Ониген” гэдэг жүжиг үзүүлээд бид нарыг чинь.Тэгээд Москвагаар онгоцоор зугаалаад нэг орой өө сайхан.Тэгээд нөгөө под Москва-ны вечер бил үү нэг дуу.Тэгэхэд яг тэрийг бид нарт зааж байсан.Цэвэлсүрэн гуай дуулж байсан тэрийг,дуурийн театрийн дуучин,гавъяат.Тэгэж их сайхан юм их юм үзсээн,их юм үзсэн.Тэгэхэд биднийг явж байхад чинь одоо нөгөө Лхагвасүрэн генерал явсан,Цогзолмаа гуай,тэгээд их сайхан сайхан улсууд,элэгний Жамсран гэдэг хүн одоо тэр фестивалыг авч явсан хүн шүү дээ.Тэр элэгний өвчтэй байж байгаад эдгэсэн гээд чи дуулсан уу?

Ариун-Ундрах -

Дуулсан.

Долгор -

Тийм,тэр хүн бид нарыг авч явсан байхгүй юу.Удирдаж одоо биднийг авч явсан хүн тэр.Одоо ухаан нь тэр үед чинь өнөө дотоод яам чинь жинхэнэ ажиллаж байгаа юм чинь.

Ариун-Ундрах -

Тэр бас л олон хүн явсан уу?

Долгор -

Өө олон,зөндөө олон хүн явалгүй яахав тэр чинь тэгээд бас л бүх л заставаараа тэгээд биеийн тамир гээд л зөндөө хүн авч явж байгаа юм чинь.Тэгээд л бид нар тэгэж байсаан.

Ариун-Ундрах -

Тэгээд Монголчууд нөгөө бусад орнуудын хэдий үеэр нь гарсан бэ?

Долгор -

Тэгэхэд чинь юу яасан л даа.Москвад чинь өнөө астанкин бил үү нэг тэрэнд манай Монголынхныг байрлуулсан юм.Астанкин гээд одоо ухаан нь радио телевизийн газар юм байналээ ш дээ тэр.Тэгээд тэрний дээд давхарт нь бид нарыг.. Үгүй ээ дээд давхарт нь гэнэ дунд 2-р давхарт нь биднийг байрлуулж байсан.Тэгээд доод давхартаа болохоор ажилчид нь байдаг,бүр дээд талдаа болохоор зэрэг юм хумаа нэвтрүүлдэг,хүн оруулдаггүй юм байналээ.Тэрэнд бид нар байрлаж байсан,манай Монголынхон.2-р давхарт нь нэг хэсэгт нь эмэгтэйчүүд,нэг хэсэгт нь эрэгтэйчүүд тэгээд ингээд л хамтраад орчихсон.Тийм,тэгээд бас л их юм үзсээн үзсэн.Их сайхан юм үзүүлсэн.Ер нь их сайхан явсан.Тэгээд л ерөөсөө тэр фестивалыг яг дуусгаад л,тэгээд наашаа энэ юуны Сибирийн өнөө хотуудаар бүгдээрэнгээр нь явж тоглосон.Тэр Омск,Томск...тэгээд л тэр хотуудаар бүгдээрэнгээр нь тоглосон ерөөсөө.Вагоноор яваад л нэг газар очдог,вагоноор яваад л нэг газар.Өнөө вагон чинь ингээд яваад нэг газар очих дээр буугаад л тэгээд л тоглолтоо хийгээд,дараачийн вагонд суугаад л дахиад нөгөө хотод нь очоод л тоглолтоо хийгээд л дараачийн вагонд суугаад л дахиад нөгөө хотод нь очоод л тоглолтоо хийгээд тэгээд бүүр наашаагаа яваад, тэгээд энэ хамгийн сүүлд Буриад дээр ирж,Улаан-Үүд дээр ирж тоглож байгаа юм.Тэгээд бүр цаашаагаа яваад Казакстан ороод 3 өдөр тэнд тоглолт хийгээд.Тэнд харин Монголын музей энэ тэр гарчихсан байсан,манай Монголын.Янз бүрийн л сайхан юмнууд,зураг хөрөг гарчихсан байсан.Тэгээд тэрүүнийг үзчихээд тэгээд л эргээд л наашаагаа яг тэр юугаараа яваад тэгээд Улаан-Үүд дээр ирээд наашаа Буриадаараа наашаа Монгол руугаа орж ирж байгаа юм чинь.Тэгэж л явсан даа.

Ариун-Ундрах -

Тэгээд л гоё гоё газруудаар явж байгаад Монгол руугаа орж ирэхээр бас гоё байсан уу?

Долгор -

Тийм.Үгүй ээ бүр чухам.Ямар сайндаа Буриад дээр ирээд бид нарт нэг бууз хийж өгдөг юм.Үгүй ээ нөгөө буузаа идсэн чинь сайхан гэж.Сайхан л хоол идэж явсан л даа бид нар.Тэгсэн ч гэсэн нөгөө бууз хийгээд өгөхөөр нь зүгээр өнөө Монгол гэр харагдаад мөн аягүй гоё санагдаж байсан.Бууз идүүлж байсан ш дээ бид нарт.Манай дарга нар л хэлсэн байх даа.Бодвол эд нар олон хоног Монгол хоолоо идээгүй,одоо Монгол хоолоо идье гэж хэлсэн юм гэсэн.Тэгээд бид нарт бууз хийж өгч байсан юм даг.Тэгээд их сайхан байсаан, сайхан санагдаж байсан.Монгол гэр харагдаад л тэгээд наашаа явсан чинь мал хуй харагдаад өө ёстой гоё.Тэгээд хойно чинь тэгээд нэг бэлчээрийн мал барагтай бол харагддаггүй юм байналээ.Оросод арай нэг дээр,тэр хар тарлан үнээ бэлчээд энэ тэр явж байх нь харагдаж байсан.Бүр цаашаа тэгээд л Польш руу ороод л тэгээд Герман гээд явсан чинь юу тийм бэлчээрийн мал ерөөсөө харагдахгүй байсан.Байхгүй,байхгүй тэр одоо хаанаа бэлчиж явдаг юм,бодвол фермтэй л байхдаа.Тийм л юм байсан.Тэгээд дэлгүүр хоршоогоор оруулаад л бид нарыг бас жаал зугаа... Германд очоод нэг инээдтэй юм болсон.Бид нарт нэг дэлгүүрээр нэг өдөр албаар дагуулж оруулсан юм.Манай хэлмэрчүүд дагуулаад.Тэгээд орсон чинь нэг их гоё тийм хүүхдийн тоглоом л байсан юм.Хөөрхөн хөөрхөн хүүхдийн тоглоомнууд.Тэгээд Үржиндорж гээд энэ Хэнтийгээс ирсэн нэг нөхөр зөндөө олон хүүхдийн тоглоом авчихлаа гээд л нөгөөдөх чинь хормойндоо хийчихсэн хүрээд л ирсэн юм.Тэгсэн чинь ингээд пар гээд л орон доороо ингээд асгасан чинь юу ч үгүй ингээд хөл нь.Лааны тосоор хийчихсэн байж нөгөөдөхийг чинь,лааны тосоор хийгээд ингээд будчихгүй юу.Тэгээд яг гоё тоглоом шиг харагдаж байгаа юм чинь тэр чинь.Тэгээд нөгөө хүүхэд чинь мэдэхгүй зөндөө олныг авчихсан чинь нөгөө хормойн дотроо хийчихсэн чинь нөгөөдөх нь хөл гар нь шалчийгаад хугараад хугараад ойччихсон.Юм мэдэхгүй улсууд гэдэг чинь тийм л байдаг юм.

Ариун-Ундрах -

Хайрцаганд хийгээд аятайхан авч явахгүй тэ?

Долгор -

Үгүй ээ харин тийм,хормойлчихсон л ирсэн юм.

Ариун-Ундрах -

Тэр бас их тоглоомонд дуртай байх нь.

Долгор -

Тийм.Одоо би их олон дүү нартай л гэж тэгэж байсан юм хөөрхий минь тэгээд л дүү нартаа л авсан царай нь тэр байх даа.Тэгээд бид нар чинь өнөө юм үзээгүй.Монголд ямар тийм юм байх биш.Нөгөө хил даваад л ингээд л энэ Оросын вагоны буудлуудаар чинь ингээд хааяа вагон жаахан удаан зогсоод 4-5 цаг энэ тэр зогсдог газар байсан.Тэгээд зогсчихоор хажуугаарх ингээд өнөө вагон замын хажуугаар байгаа нөгөө мухлагуудаар ингээд орохоор л гоё гоё юмнууд байх шиг л байсан.Тэгээд үзээд л тэрнийг авах гэхээр зэрэг л аа загнаад энэнээс ч гоё юм байдаг юм.Энэ чинь хувийн юм шал дэмий юм байдаг байхгүй юу,битгий ав гээд тэгээд.Тэгээд л авмаар санагдаад байна,авмаар санагдаад байна.

Ариун-Ундрах -

Гоё л байгаад байна уу?

Долгор -

Гоё л байлгүй яахав.Бид нар юм үзээгүй юм чинь тэгээд л авах гээд л тэгээд байдаг.

Ариун-Ундрах -

Харахаараа л авах гээд үү?

Долгор -

Тийм.Юм л харахаааа авах гээд л.Энэнээс чинь гоё гоё юмнууд байдаг юм.Цаашаагаа бүр Москвад очих дээр бүр гоё юм байдаг юм байхгүй юу.Хоёрын хооронд юман дээр битгий мөнгөө үр гээд биднийг авхуулдаггүй тэгээд л байсан.Өө сүү аваарай,сүү аваарай гээд Оросууд чинь өнөө вагон зам дээр ингээд буучихсан литрийн сүү зарчихсан тэгээд л байж байдаг байсан юм дээр үед.Одоо чухам тийм байдаг юм уу үгүй юм уу мэдэхгүй ээ.

Ариун-Ундрах -

Та тэгэхээр чинь олон хүүхэд төрүүлж өсгөсөн юм чинь нөгөө янз бүрийн гавьяа шагналууд авж байсан уу?

Долгор -

Өө яахав дээ одон бий,эхийн алдар 1,2-р зэргийн одонтой.Тийм,70,80 жилийн ойн медалиуд бий,Чингисийн 800 жилийн ойн медаль бий.Чингисийн 800 жилийн ойг 800 уртын дуучдын юунд би оролцсон Улаанбаатарт,тийм тэр наадамд.

Ариун-Ундрах -

Саяхан юм байна ш дээ тийм ээ?

Долгор -

Тийм, 2006 онд.Тэрүүнд оролцоод тэр одонгоор шагнуулаад,медалиар шагнуулаад,уртын дуугаараа орсон л доо.Тэгээд ирсээн.Тэгээд хамгийн сүүлийн шагнал маань тэр л байгаа.Манай өвгөн чинь соёлын тэргүүн авсан.Би харин тэр соёлын тэргүүнгүй л байгаа.Энэ жил нэг манай соёлын ордны 50 жилийн ой болох гэж байгаа.Хэрвээ яаж мэдэх вэ? надад нэг тийм юм оногдож магадгүй.Тэр соёлын тэргүүн.Өгмөөр л ярьсан ш дээ.Тэгээд цаад газар нь өгөх юм уу үгүй юм уу? Нас өндөр болчихсон,тэтгэвэрт гарчихсан хүн гээд өгөхгүй байх юм уу? Өгөхгүй байж ч магадгүй л байх.

Ариун-Ундрах -

Тэр тусмаа өгдөггүй юм уу?

Долгор -

Өгдөггүй л юм байналээ ш дээ,тийм.Ер нь хийж бүтээгээд,дуу муу хийж бүтээсэн юмаар бага,тоглолтоор л их явж байсан болохоос биш эмээ нь одоо тэгээд бичээд л хийсэн бүтээсэн ажлаа бүгдийг нь бичээд тодорхойлолт өгөөд явуулсан ш дээ.Тэгээд юу болох юм мэдэхгүй.

Ариун-Ундрах -

Та бас Монголоор баахан явсан тухайгаа ярьсан ш дээ.Монголоор явах ямархуу байсан?

Долгор -

Тийм.Өө Монголоор одоо чухам ёстой энэ 18 аймгийг чинь... Би Сүхбаатар аймагт ерөөсөө очиж үзээгүй,Баян-Өлгий аймагт манайхан ч очиж үзээгүй,ер нь тоглоогүй.Манайхан Баян-Өлгийд ерөөсөө очиж үзээгүй ээ.Сүхбаатар аймагт ерөөсөө би очиж үзээгүй.Тэгээд бусад аймгуудыг үзсээн үзсэн.Зарим дээр нь 2-3 очсон,заримд нь 1 очсон.За тэгээд л энэ Дорнот аймаг,Хэнтий энэ тэрт 1,1 л очсон би.Тэгээд л одоо энэ Өмнөговь,Дорноговь,тэгээд энэ Дундговь,тэгээд энэ баруун тийшээ Баянхонгор,Говь-Алтай,Завхан,Увс, энэ л Ховд энэ тэр аймгуудаар бол ер нь заримд нь 2,заримд нь 1 л очсон.Энэ хойшоогоо Булган,Архангай,Хөвсгөл,тэгээд л Хатгал.Тэгээд бас цаашаагаа 59 онд ш дээ тэр чинь Хатгал дээр очоод тэндээсээ цаана өнөө Сүхбаатар онгоцонд суугаад бүр цаашаагаа Ханхатаар очиж үзсэн.Хөвсгөл далайгаар яваад тэгээд Ханх дээр очоод, тэнд очиж тоглолт хийгээд.Манай машин эвдэрчихээд Хатгал дээрээс наашаагаа эргээд манай машин яваад өгсөн.Бид нар онгоцоор цаашаа Ханх дээр очоод,тэндээсээ бүр тэр хойд талаараа Хөвсгөл далай чинь хойгуураа нэг жаахан нарийхан газар байдаг юм ш дээ.Тийм буландуухан,нарийхан.Тэнд очоод тэндээс завинд суугаад,хувцсаа ачаад тэгээд тэр Бүрэнхаан уулын тэр лүү очиж уулын мухарт нэг хэдэн гэрүүдэд очиж тоглолт хийж байлаа.59 онд.Аа үхэр тэргээр бид нарын хувцсыг ачаад л,бид нар ч гэсэн зарим нь суугаад,зарим нь явганаараа тэгээд л.Тэгээд л тэнд 60 жил тэр уулын мухраас гараагүй гэсэн хөгшчүүл байсан ш дээ.Бид нарыг ингээд дуулж байсан чинь уйлаад л хөөрхий амьтад,настай хөгшчүүл байсан.Овойсон овойсон хар гэртэй.Тэгээд бид нар бүтэн өдөр болж байсан юм тэнд очиж тоглолт хийгээд.Тэгээд л бид нарыг чинь хээр суулгаж байгаад хөөрхий ааруул,өрөм юмнуудаа барьж ирээд л,тос барьж ирээд л бид нарт өгөөд л хөөрхий амьтан дан хөгшчүүл голцуу ерөөсөө тийм л юм байналээ.Тэнд очиж тоглож үзсээн үзсэн.

Ариун-Ундрах -

Их баярлаж байна уу?

Долгор -

Жигтэйхэн баярлаж байсан.Уйлаад л хөөрхий минь ийм сайхан юм гэж бас байдаг юм аа гээд л уйлж байсан.Тэгээд бригадын дарга нь их сайн хүн байсан юм байналээ л дээ.Тэд нарт нэг юм үзүүлчихье л гэж бодсон юм шиг байгаа юм.Тэгээд л бид нарыг ёстой завиар аваачиж тэгэж үзүүлж байсан.

Ариун-Ундрах -

Тэгээд тэр Монголын бүх газруудаар та явсан юм чинь хамгийн гоё газрууд нь ямархуу газрууд байгаа вэ?

Долгор -

Ер нь тэгээд л юу даа.Өмнөговь бол говийн аймаг гэхэд их сайхан.Мод,тарьсан мод гэдэг чинь зүгээр халиураад л байна.Аягүй сайхан модтой ш дээ Өмнөговь, Даланзадгад.Мод их тарьчихсан юм байналээ.Дундговь ч адилхан.Тал дээр л байдаг юм.Тэгсэн мөртлөөсөө л бас их сайхан тарьсан мод энэ тэр ихтэй юм байналээ.Хангайн аймгууд чинь харин мэдэхгүй ёстой өнөө Чоно үүрэндээ өлзий гэгчээр зарим аймгууд мод нэг их тариагүй байдаг юм шүү.Одоо Булган,Архангай энэ тэр чинь нэг их тийм мод байхгүй ш дээ.Төв дээрээ тарьсан нь.Тэгэхдээ хангайн аймаг болохоороо зүгээр маш сайхан нутагтай л даа.Одоо уул устай жигтэйхэн гоё.Тэгсэн мөртлөө төв дээрээ тийм их мод тариагүй.Өмнөговь аймаг болох дээр зэрэг бүр говийн урагшаа элсэн дотор байгаа аймаг чинь болохоор жигтэйхэн их сайхан мод энэ тэр тарьчихсан ёстой сайхан байдаг юм байналээ.

Ариун-Ундрах -

Нууруудыг та үзсэн биз дээ тэ?Хөвсгөл,нөгөө Увс нуур чинь бас том биз дээ?

Долгор -

Ай үзэлгүй яахав.Ай тийм.Би яг Увс нуурыг үзээгүй ээ.Увс нуурын чухам хаагуур нь явсан юм мэдэхгүй ээ би.Тэр одоо мэдэхгүй ээ бодоод байхад Увсын төв дээр яах аргагүй л очсон юм байгаа юм.Манай соёлын яамны харьяа нэг шиф нэг сум байсан юм.Цагал гээд нэг сум байдаг юм.Одоо яг хилийн сум даа хил дээр байдаг.Тэнд очоод бүр нэг инээдтэй юм нэг болсоон.Тэгээд одоо тэр Цагал суман дээр очсон чинь дээр үед одоо нөгөө улаан тариа хийнэ гээд л одоо нөгөө Чойлбалсан чинь нас барахдаа тэр өнөө яр тэмбүүг л одоо арилга гэсэн тийм гэрээслэл үлдээсэн юм гэнэлээ.Тэгээд одоо тэрний юугаар тэр улаан тариа хийдэг,одоо тэр яр тэмбүүнд нь.Шинжилгээ хийгээд л тэгээд одоо цус нь муу гарсан улсуудад улаан тариа хийдэг байхгүй юу.

Ариун-Ундрах -

Улаан тариа гэдэг нь яадаг тариа юм?

Долгор -

Одоо тэр яр тэмбүүний л тариа юм байналээ л дээ.Тэгээд бид нар тийм нэг улаан машинтай очсон юм.Инээдтэй,тэгсэн чинь бид нар ингээд яваад очсон чинь нөгөө улаан тариа хийх гэж бодсон.Тэгсэн чинь манай билет худалддаг хүн нэг хэдэн тийм дандаа нэг тийм Дөрвөд маягийн хэлтэй л дээ,тэр Дөрвөдүүд юм уу даа одоо мэдэхгүй ээ,ямар ч улсууд юм тэр.Тэгээд нэг хачин хачин яриатай.Тэгсэн чинь ингэж хэлсэн гэсэн.Улаан машин ирэх дээр нь улаан тариа шаалгадаг юм гээд ирсэн чинь сайхан юм нь ирсэн байна.Мэдсэн бол мөнгөө авчирдаг байж гэж байна гээд л хөхрөөд байдаг.Тэгээд хөхрөлдөж байсан байхгүй юу.Тэгээд ингээд өнөө клуб гэдэг хөгийн юм аа,хөгийн юм.Яг манай энэ байшингаас жоохон юм.Ерөөсөө л ингээд л клуб ч гэж дээ одоо зүгээр нэг шавар амбаар.Тэгээд ингээд бид нар нэг иймхэн газар л тоглолт хийж байгаа юм.Ерөөсөө л энүүхэн жоохон газар.Тэгээд нөгөө олон улсууд оччихсон чинь багтахгүй.Тэгээд нөгөө хүүхдүүд нь ингээд хормойноос шүүрээд ингээд л,бид нар хормойг ингээд үзээд,тэмтэрч үзээд байгаа юм чинь.Тэгээд нэг билет аваад улсууд орж ирж байсан чинь үгүй ээ 9 хүн дараагаараа ингээд хамаргүй,ингээд дандаа хамраа юмаар даруулаад боочихсон тийм улсууд орж ирж байсан.Тэгээд бид нар чинь хөхрөөд өөө бүр өнөөхийг чинь хараад өнөө бага залуу байсан болоод хөхрөлдөөд.Тэгсэн чинь багшдаа загнуулаад дуугаа дуулж чаддаггүй хөхрөөд.Нэг тэгэж байсан юм.Тэгээд өнөө тэр ёстой нэг тэмбүүтэй байсан сум юм байлгүй хогнууд чинь.Тийм л байсан юм шиг байналээ.Тэгээд тэгэж хамаргүй болтлоо тэгэж өвдөцгөөсөн золигнууд юм байналээ л дээ.

Ариун-Ундрах -

Таныг явж байхад тийм юм тохиолдсон юм байна ш дээ тэ?

Долгор -

Тийм.Ерөөсөө тэнд чинь нөгөө урлаг уран сайхан гэж бараг очдоггүй,их хол сум юм байналээ.Тэгээд манайхан яаж яваад нэг очицгоосон юм нэг юм очих ч оо болсон юм аа.Том машинтай явсан л даа бид нар.Тэгээд л өнөө машин дээрээ нэг юугаа ачаад л,хувцсаа ачаад л,эрэгтэйчүүд дээр нь суучихна.Эмэгтэйчүүдэд нэг автобустай.Тэгээд л тэр автобусандаа эмэгтэйчүүдийг суулгачихна.Эрэгтэйчүүд нь болох дээр зэрэг тэр том машин дээрээ ачаа пүүгээгээ ачаад суучихна.Тэгээд л нэг юм зүтгэсээр яваад л нэг очсон доо.Ер нь ч их хангай голдуу,хангайрхуу,мод ихтэй,даваа гүвээ ихтэй,яггүй юм байналээ.Бас голоор гардаг тийм л юм байсан.Тэгэж байлаа.Тэгэж яваад нэг юм очицгоосоон.Тэгэж явсаан тэгээд сайхан сайхан газрууд бий бий,байдаг юм.

Ариун-Ундрах -

Тэр төлөвлөгөө биелүүлдэг байсан гээд байсан ш дээ тэ?

Долгор -

Тийм.

Ариун-Ундрах -

Тэгээд төлөвлөгөө биелүүлээд яана гэхлээр яг яах уу? Хүмүүс үзэж байгаа юундаа мөнгө өгөж билет авч байж орох уу тэ?

Долгор -

Тэгэлгүй яахав,билет авна.Тэгэхэд чинь өнөө юм хямдхан,нөгөө мөнгө хатуу байсан болоод одоо том хүн нь 2 төгрөг,хүүхэд 1 төгрөг.Тэгээд 60 хонож байгаа юм чинь тэгээд нэг,өдөрт л уг нь нэг 1000 төгрөг ч олох л ёстой байсан байх л даа.Тэгээд 1000 төгрөг хүрэхгүй ш дээ,өдөрт яаж тэр 1 төгрөг,2 төгрөгөөр тоглож байгаа юм чинь яаж хүрэх үү? Том төв газруудаар,одоо аймгийн төвүүдээр тогловол нэг арай жаахан ахиухан мөнгө олно.Тэгээд тэр бусад газруудаар бол олигтой мөнгө олдохгүй.Нэг аймгийн төв дээр нэг 2-3 тоглоход л яахав нэг 2000-3000 төгрөг орчихно оо,орчихдог юм.

Ариун-Ундрах -

Тэгээд нөхөөд авчих уу?

Долгор -

Тийм,тэгээд яахав дээ бусад газруудаар,бүүр өвсний бригадаар очихоор чинь 4-5-хан хүн байгаа юм чинь.

Ариун-Ундрах -

Юун 1000 вэ?

Долгор -

Юун 1000-тай манатай.Тэд нарт зарим нь мөнгө байхгүй.Тэгээд бие биенээсээ нэг зээлээд л 5,3 цаас.Уг нь 2-хон төгрөг л дөө.Тэгээд тэгсэн ч гэсэн мөнгө байхгүй гээд,мөнгө ирээгүй,мөнгө гараагүй энэ тэр гэсэн улсууд байдаг л даа.Тэгээд бид нар чинь бригадаар өвсний бригад дээр очоод,өвсийг нь бухалдаж өгөөд,тэгээд яахав дээ нэг тарваганы махаар хийсэн хоол идээд л бид нар тэгээд явдаг л байсан.Сүүний фермүүдийн дунд очоод буучихна.3-4 хот нэг жижигхэн ийм нарийхан гол дээр буучихсан.Тэгээд тэрэн дээр харин тоглолт хийхээр харин овоо мөнгө олчихдог юм.Тэгээд л явдаг.Нэг 60000 төгрөг олох гээд л 60 хоногийн бригадаар тэгээд явдаг байлаа ш дээ.Одоо бол энэ ансамбль тэгэж явахгүй ээ,үхсэн хойноо явдаггүй юм шиг байналээ.

Ариун-Ундрах -

Ерөөсөө явахгүй байх шиг байна тэ?

Долгор -

Үгүй.Юу гэж тэгэж явж байхав дээ.Том том төвүүдэд нэг их том том тоглолт хийчихээд тэгээд л болдог юм байгаа биз.Төлөвлөгөө гэж байдаг ч юм уу байдаггүй ч юм уу одоо ер нь мэдэхгүй.Тэр үед чинь одоо тэгэж байж л тийм их мөнгө төгрөг олж байж л одоо хөл дээр нь зогсоох гээд нөгөө ансамблийг чинь.Тэгэж л явдаг байлаа ш дээ.

Ариун-Ундрах -

Тэгээд эд нар чинь нөгөө тэр соёлын довтолгоотой бас холбоотой байх тийм ээ?

Долгор -

Үгүй ээ одоо соёлын довтолгоо ч юу байхав дээ.Зүгээр ер нь бол соёл урлагаар л үйлчилж байгаа юм л даа хөдөөний ард түмэнд.Зарим нь юун урлаг гэж юу байдгийг нь ч мэдэхгүй тийм юм байсан байх аа.Энэ захын аймгууд бол ямар юмаа мэдэх вэ дээ.Юу ч мэдэхгүй,тийм юм байхгүй.Харин зүгээр зарим нь хөдөөгөөр явж байгаад аваагүй энэ тэр газрууд болохоор хойноос өгүүллэг тавиад,тэгээд зарим нь урлагийн бригадынхан ирчихээд манай энүүгээр ирсэнгүй,барьсангүй гээд сүүлд нь тэгээд жаахан сүүлхэн хэрдээ тэгээд хэл ам хийгээд байдаг болчихсон байналээ.Нөгөө урлаг сайхан юм гэдгийг мэдчихсэн байналээ л дээ.Тэгээд ирсэнгүй гээд хойноос хэл ам хийгээд,бид нар зарим дээр нь буцаж хүртэл явж байсан.Тийм газруудаар ороогүй гэнэ,та нар яв,очоод ороод тоглоод хүрээд ир гээд.Тэгээд яг тоглох гээд яваад очих дээр зэрэг зун байх дээр чинь сумын төв дээр хүн байхгүй.Бүгд хаяад ингээд хөдөө яваад,мал хуйтай хөдөө гараад явчихсан. Цөөхөөн нэг хэдэн өвгөн,эмгэнүүд юм уу эсвэл хүүхэд шуухад юухан хээхэн л байдаг.Тэд нар чинь мөнгө байхгүй зарим нь.Үзээд ч нэг их базаахгүй нэг 20-30 хүн л үзнэ.Тийм байдаг юм байналээ.Тийм байсаан.

Ариун-Ундрах -

За тэгээд таны гол бахархдаг зүйл чинь юу вэ?

Долгор -

За даа одоо,үгүй ээ яахав дээ одоо тэгээд л нэг их хэдэн муусайн хүүхдүүд минь сайн яваа болохоор сайхан л байх юм.Улс эх орноороо л бахархах юм даа одоо.Манай Монгол орон гэдэг чинь их сайхан орон юм,их ч баян орон юм,их ч одоо янз бүрийн газрын доор дээр янз бүрийн сайхан янз бүрийн одоо металль,янз бүрийн сайхан юутай л юм байна.Монгол орон чинь одоо тэгээд л гадны хүмүүс их шунадаг юм байна энүүнд нь.Тэгээд одоо Монголоороо л бахархахаас өөр ч одоо тэгээд юугаар бахархах вэ дээ.Одоо тэгээд л тэххх.Монгол маань л одоо сайхан юм даа.Манай Монгол шиг сайхан орон гэж хаа байх вэ дээ.Хүн ам цөөтэй,тэгээд их юутай,газрын баялаг ихтэй.Тийм болохоор одоо Монголоороо л бахархахаас өөр яахав дээ.Одоо гадны улсууд гадаад орон сайхан сайхан л гэнэ.Өөрийн орон шиг сайхан юм хаа байх вэ дээ.Хөгжил муутай ч гэсэн өөрийн орон өөрийн гэр орон ямар байдаг билээ тэрүүн шиг өөрийн орон шиг сайхан юм хаа байх вэ дээ.Тэгэж л боддог эмээ нь одоо тэгээд л.

Ариун-Ундрах -

За эсрэгээр нь таны жигшдэг зүйл юу вэ?

Долгор -

Өө жигшдэг зүйл байлгүй яахав.Одоо ялангуяа энэ одоо орчин үед одоо энэ залуучуудын хүмүүжил их муу байна.Архи их ууж байна,аав ээжийгээ тоохгүй байна. Одоо тэгээд л эх орноо мэдэхгүй,тоохгүй голж байна.Одоо тэр нь хөгжил нь муу байна гээд голж байгаа нь голдог л байх л даа.Хөгжил нь муу нь ч худлаа юм биш үнэн л юм чинь.Тэгэхдээ л одоо тэгээд л эх орноо хаячихаад гадаад руу гүйгээд байдаг чинь их муухай л юм гэж би боддог юм нэгдүгээрт.Хоёрдугаарт энэ юу юм аа энэ одоо муухай муухай юм Монголд их бий болсон ерөөсөө.Тийм,одоо хүүхэд нь эхийгээ аллаа л гэнэ,эцэг нь хүүхдээ аллаа,хүчирхийллээ л гэнэ.Тэгээд л одоо энэ хүүхнүүд чинь янз бүрийн муухай янхан,ёстой бүр болохгүй ядуурал гээд л нэг балиар юм байна.Тэгээд л энэ есөн шидийн л юм.Одоо өнөө сүүлийн үед одоо бүр чихэндээ ч итгэхээргүй хачин хачин юмнууд дуулддаг болсон ш дээ.Би тэрэнд ёстой их дургүй,ёстой муухай юм.Муухай юм гэж тэрийг боддог юм.Маний үед даан ч тийм юм байгаагүй дээ хөөрхий.Ёстой хүмүүжилтэй байж.Энийг л одоо би ёстой үзэн яддаг юм аа.

Ариун-Ундрах -

Та ингээд өнгөрүүлсэн амьдралаа ингээд одооноос харахад бол таны амьдралын зорилго ер нь юу байсан бэ?

Долгор -

Үгүй ээ одоо улсдаа хөдөлмөр хийгээд л хэдэн хүүхдүүддээ өсгөе,зөв хүмүүжүүлье,зөв өсгөж хүмүүжүүлье л гэж бодож явсан л даа.Тэгээд одоо юмны нэг их оргилд нь хүрчих юмсан гэж бодож байсан удаа надад бий л дээ.Тэгээд одоо чаддаггүй л юм байналээ л дээ тийм юмнуудаа.Тэгээд л одоо яадаг ч юм бэ дээ одоо янз бүрийн шалтгаан бас байсан л байх л даа.Тухайн үедээ.Тэгээд одоо хэдэн хүүхдээ л нэг зөв хүмүүжүүлээд авах юмсан л гэж бодож явсан.Тэгээд яахав зорилго нь бол яасан гэхээр зэрэг эхлээд хүн чинь хүүхдээ бага байхад нь одоо нэг сургуульд орохыг нь үзэх юмсан, цэцэрлэгт байхад нь сургуульд орохыг нь үзэх юмсан,сургуулиасаа цаашаа нэг цэрэгт явахыг нь үзэх юмсан.Цэрэгт яваад ирэхээр нь нэг авгай авахыг нь үзэх юмсан ххха ха ха.Үгүй ээ нээрээ гэр бүлтэй болохыг нь үзэх юмсан,үр хүүхдийг нь үзэх юмсан гээд өнөө амьд явах дээр чинь хүнд чинь мөрөөдсөн юм зөндөө л байдаг юм байналээ.Тэгээд хүүхэд шуухдаа ажилтай,нэг тийм мэргэжилтэй болгочих юмсан.Одоо нэг хүүхдүүддээ тийм мэдлэгтэй,мэргэжилтэй нэг тиймэрхүү сайн хүнтэй суулгачих юмсан,амьдруулчих юмсан гэсэн одоо ийм л бодол л бодож л явсан даа.Олон хүүхэдтэй хүн чинь тэгээд алийг тэр гэх вэ дээ.Ер нь сайн сайхан байлгахын төлөө л зорьж явсан даа.Одоо тэгээд яах вэ? яах вэ? тэрний хэрэг бүтсээн бүтсэн,яахав бүтэж л байна.Тийм,яахав улс эх орондоо хөдөлмөрлөсөн хэдэн төгрөгний нэг 81000 цаасны тэтгэвэр авдаг юм би.Нөгөө 50 хүрээд л гарсан л даа.Тэгээд яахав бага ч гэсэн одоо яахав дээ улс өгч байгаа юм болохоор тэрийгээ идээд л тэгээд хүрсэн ч хүрээгүй ч яахав дээ тэгээд л болж л байна даа л гэж бодож явдаг юм.

Ариун-Ундрах -

Эцэст нь асуухад яг таны тэр амьдарч байсан социалист нийгмийг та ямархуу нийгэм байсан гэж боддог вэ?

Долгор -

Үгүй ээ одоо энэ социализм байгуулна,байгуулна гэсээр байгаад л тэгээд байгуулсан ч юм байхгүй.Тэгээд ардчилалд орчихсон ш дээ.Тэгээд одоо энэ ардчилал чинь одоо хүнлэг энэрэнгүй нийгэм болно л гээд ингэсэн.Тэгээд л одоо ингээд хараад л байсан чинь мэдэхгүй ээ хүнлэг энэрэнгүй нийгэм байгаа юм уу? Шал өөр ерөөсөө улам л ерөөсөө хүний мөс чанар улам муудаад байна ш дээ.Мөн энэ чинь биднийг чинь социализмын үед чинь одоо нэг нь нийтийн төлөө,нийт нь нэгийнхээ төлөө гээд л одоо ингэдэг.Ингээд л одоо яадаг л байлаа шүү дээ хүмүүжүүлдэг л байлаа.Тийм ээ? Тэгээд одоо мөн чиг бид нар чинь социалист хөдөлмөрийн бригад байгуулаад ядуу хоосондоо туслаад л бас тэгэхэд яахав тэгдэг л байлаа л даа.Ядарсан ч гэсэн яахав бие биендээ туслаад л тэгээд одоо бидний үед чинь бидний үр хүүхдүүд чинь одоо тэгээд бидний үгнээс гардаггүй л байлаа.За чи өнөө орой юманд явах гээд байгаа бол боль чи,дэмий дэмий одоо боль гэхэд чинь хүүхэд больж л орхино.Жаахан мушгинаж байгаад л.Тэгээд одоо бол тийм юм байхгүй ш дээ.Би тийм ажилтай,ийм ажилтай,яамай яамай гээд л гараад гүйчихэж байгаа юм чинь.Би тийм ажилтай,ийм энэнтэй ч уулзана,тэрэнтэй ч уулзана гээд л баар ресторан хэсээд л,архи дарс уугаад л одооны хүүхдүүд тийм л байна ш дээ.Хүмүүжил муутай,их муухай байна.Би тэрүүнийг үзэн яддаг юм аа ёстой нээрээ.За нэг ийм л байна даа.

Ариун-Ундрах -

Заа.

Долгор -

Яахав ээ бид хоёрын амьдрал бол нэг их баян байгаагүй ээ.Гэхдээ яахав амиа борлуулаад л,тэгээд яахав дээ нэг иймэрхүү л явж ирлээ.Тийм,тэр тухайн үедээ бол яахав болж л байна гэж бодож байсан байх даа одоо.За нэг иймэрхүү л байна.

Ариун-Ундрах -

За ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

Долгор -

За баярлалаа миний хүү.

Ариун-Ундрах -

За ингээд ярилцлагаа дуусгая даа.

Долгор -

За баярлалаа.

Ариун-Ундрах -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.