Tserendulam


Basic information
Interviewee ID: 990233
Name: Tserendulam
Parent's name: Lhagvajav
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1941
Ethnicity: Halh

Additional Information
Education: some elementary
Notes on education: 4th grade
Work: retired
Belief: Buddhist
Born in: Ih Tamir sum, Arhangai aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
family
cultural campaigns
foreign relations
travel


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За манай энэ удаагийн ярилцлаганд Л. Цэрэндулам гэж Архангай аймгийн Ихтамир сумын харъяат насаараа төмөр замд ажилласан гэж байна ш дээ.

Цэрэндулам -

Аа тийм.

Хишигсүрэн -

Ийм хүн ярилцлага өгч байнаа. Таныг ярилцлага өгөх зөвшөөрөл өгсөнд их баярлалаа. Тантай нэг ийм сэдвээр ярилцмаар байна. Та энд суугаад ярьж болно.

Цэрэндулам -

За. Юу ярих уу?

Хишигсүрэн -

За би асуулт асуугаад та хариулаад явна.

Цэрэндулам -

За.

Хишигсүрэн -

Та ер нь өөрийнхөө хийж байсан ажлынхаа тухай яриач? Насаараа төмөр замд ажилласан гэсэн ш дээ. Хэдэн оноос ажиллаж эхэлсэн бэ? Ер нь нэг ажлынхаа талаар яриач?

Цэрэндулам -

Би төмөр замд 69 онд орсон юм. Тэгээд төмөр замдаа байсаар байгаад одоо суугаад байж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Манай төмөр зам чинь их сайхан ш дээ. Амьдрал ахуй их харна. Их сайхан ш дээ. Манайхан.

Хишигсүрэн -

Аа ха. 69 онд та хэдэн настай орсон гэсэн үг бэ?

Цэрэндулам -

Одоо 20 хэдтэй л орж байсан юм даа.

Хишигсүрэн -

69 гэдэг чинь 41 онд төрсөн гэхээр 18 тай орж байсан юм байна. Бишээ 27,28-тай байсан юм байна. Тэр хүртэл төмөр замаас өөр газар ажиллаж байсан юмуу?

Цэрэндулам -

Ажиллаж байгаагүй.

Хишигсүрэн -

Ажиллаж байгаагүй юм байна. Ер нь таныг төмөр замд ажилд орж байхад төмөр зам ямархуу байгууллага байв? Та чухам юу хийдэг байсан бэ? тэр тухай дэлгэргүй яриач?

Цэрэндулам -

Төмөр замд сайхан хамт олон дунд орсон. Төлөвлөгөө норм гээд байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Социалист хөдөлмөр бригад гээд байсан тиймээ?

Цэрэндулам -

Тийм социалист хөдөлмөрийн бригад гэж байлаа. Концерт монцерт их тоглоно. Хөдөө бригадаар их явна. Их сайхан олон л доо. Манай хамт олон....

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Одоо тэтгэвэрт гарчихаад байж байна.

Хишигсүрэн -

Яг юу хийдэг бригад байсан юм. танай бригад?

Цэрэндулам -

Барилгын...

Хишигсүрэн -

Ямар ямар брилга барьсан бэ? танаа бригад?

Цэрэндулам -

Төмөр замын тэр өртөөний барилга. За тэгээд эмнэлэг дээр ажиллаж байлаа. Баянбуурал амралт барилаа. Нэлээд хэдэн барилга дээр ажиллаж цөмийн онц дүнтэй хүлээлгэж өгч байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Тэгээд урагшаагаа оо нөгөө юу Эрээнээс нааш байдаг.

Хишигсүрэн -

Замын-Үүд?

Цэрэндулам -

Замын-Үүдэд гурвуулаа очиж дотоод чимэглэлийн ажил хийж байлаа. Бас онц дүнтэй хүлээлгэж өгч байлаа.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь төмөр замын барилгын бригад хэдэн онд байгууллагдсан байсан? Таныг ажиллаж байхад хэдэн хүн ажилладаг. Ямар хэмжээний байгууллага байсан бэ?

Цэрэндулам -

Их олон хүнтэй том байгууллага ш дээ. Яг хэдэн онд байгууллагдаж байсан талаар сайн мэдэхгүй юм байна. Өөрийнхөө орсноос хойш л мэдэж байна.

Хишигсүрэн -

Тантай хамт ямар хүмүүс ажилладаг байсан бэ?

Цэрэндулам -

Гомбо гээд дарга байлаа. Жаргалан гээд дарга байлаа. Мастерууд удирдаад ажилладаг. Тэгээд тэр үед гар ажиллагаа ихтэй. Кран мран байхгүй байлаа шүү дээ. Тэгээд бид нартай Орос хүмүүс их ажилладаг байсан. Манай багш Орос хүн байсан. Тэгээд бид нар сайхан байсан сайхан байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Манай бригадын мастер Даваа гэдэг хүн байсан. Долгор гээд мастер байсан. Одоо бүгдээрээ тэтгэвэрт гарчихсан байгаа. Цуг ажиллаж байсан хүмүүс цөмөөрөө тэтгэвэрт гарсан л даа. Биднээс хойш саяхан тэтгэвэрт гарсан.

Хишигсүрэн -

Аа ха. Одоо тэр төмөр замын барилгын бригад байгаа болов уу?

Цэрэндулам -

Одоо төмөр замын барилгын бригад бараг л байхгүй болоод байгаа юм шиг байна лээ. Дампуурдаг нь дампуураад байгаа юмуу хаашаа юм тиймэрхүү юм яригдаад байгаа ш дээ. Манай төмөр зам чинь орон сууц барьдаг байсан байхгүй юу. Одоо тэр орон сууц манай хоёр нийлээд байгаад юмуу даа. Энэ 6 сарын 01-нээс нийлэх юм яриад байсан. Одоо манай тэтгэвэрийн дарга ямар ч хүн болоод байгаа юм. Эмээ нь бас гэрээс гарч чадахгүй хүн амьтан барьдаг болохоор очиж чадахгүй л байна. Тэрнээс очоод сураглаад явбал зүгээр л байна. Даанч чадахгүй л байна.

Хишигсүрэн -

Ер нь та яаж энэ ажлыг олж хийсэн юм?

Цэрэндулам -

Ер нь бараг өөрөө л явж байгаад сайн дурын уран сайханд явж байгаад танил талтай болоод ийм ажил байна. Намайг тийм ажил байна. Орох уу? Яах уу? гээд тэгээд л орчихсон. Ерөөсөө төвөггүй орсон ш дээ.

Хишигсүрэн -

Танд тийм тодорхой мэргэжил байгаагүй юм байна тиймээ?

Цэрэндулам -

Байгаагүй. Дандаа дотор ажилладаг байсан. Бид нар. Тэгээд кранистын курсад суусан.

Хишигсүрэн -

Хаана?

Цэрэндулам -

Төмөр замд.

Хишигсүрэн -

Та сайн дурын уран сайханд явдаг байсан гэлээ ш дээ. Тэр нь хэдэн онд ...

Цэрэндулам -

Манайхан чинь манай байгууллага чинь орон тоо байдаг байхгүй юу. Бригад бригадаараа тэгээд байр эзлүүлдэг байхгүй юу.

Хишигсүрэн -

Та дуу дуулдаг байсан уу?

Цэрэндулам -

Яахав дээ. Бас зүгээргүй дуулчихдаг. Одоо бодоход яаж дуулж байсан юм.

Хишигсүрэн -

Уран сайханд та анх яаж орж байсан юм?

Цэрэндулам -

Ажлын газраас шалгаруулаад тэгээд явдаг байсан. Үйлдвэр комбинат гэж байна ш дээ.

Хишигсүрэн -

Тийм үйлдвэр комбинат.

Цэрэндулам -

Тэнд очиж сайн дурын уран сайханд явдаг байсан байхгүй юу. Тэгээд тэндээсээ төмөр зам руугаа явж чадахгүй нь гээд гарчихсан.

Хишигсүрэн -

Та насаараа л өрлөгийн ажил хийв үү?

Цэрэндулам -

Өрлөгийн ажил хийж явлаа. Шаврын ажил ч хийж явлаа. Аль алиныг нь хийнэ.

Хишигсүрэн -

Ер нь тэр барилга дээр ажиллаж байсан танай бригадынхан гэхэд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харьцаа аль их олон байх вэ?

Цэрэндулам -

Эвтэй найртай байдаг байсан.

Хишигсүрэн -

Ихэнх нь эрэгтэй хүн байсан уу?

Цэрэндулам -

Эмэгтэйчүүд байдаг байсан. Залуучуудын бригад гээд хамт байсан. Манай хамт олон их сайхан хамт олон байсан.

Хишигсүрэн -

Өрлөг мөрлөгөнд дандаа хүүхнүүд байдаг байсан уу?

Цэрэндулам -

Тийм.

Хишигсүрэн -

Дандаа барилга дээр ажиллаж байгаа улсуудын ихэнх нь хүүхнүүд байдаг юмуу? Эрэгтэйчүүд байдаг юмуу? Гэж асуугаад байна л даа.

Цэрэндулам -

Хүүхнүүд ч байна. Эрэгтэйчүүд ч байна.

Хишигсүрэн -

Аль аль нь байх уу?

Цэрэндулам -

Аль аль нь байна. Эрэгтэйчүүд нь илүү, эмэгтэйчүүд илүү гээд байх юм байхгүй. Адилхан л байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха. Адилхан. Эмэгтэй хүн барилгын ажил хийх ямар бэ?

Цэрэндулам -

Хүндрэлтэй. Бид нар чинь нуруу нугасны өвчтэй болж байна. Хүнд хүнд юм өргөөд тэгж байгаа юмуу. Бөөр зүрх өвдөг болж байна. Толгой сэгсэрдэг байсан юм.

Хишигсүрэн -

Яагаад?

Цэрэндулам -

Эмэгтэй хүмүүсээр хүнд юм өргүүлж байна гээд толгой сэгсэрдэг байсан юм. Бид нар тоодоггүй байсан ш дээ.

Хишигсүрэн -

Эрэгтэй хүн хүнд ажил хийх ёстой гэдэг үүднээс...

Цэрэндулам -

Аа ха. Одоо ингээд бодохоор яаж хийж байсан юм бол гэж бодмоор байгаа юм чинь. Одоогийн хүмүүсийг харахаар зэрэг хөдлөж ядсан. Дээр үед бид нар тийм байсан биш. Тэгээд бид нар чинь гар ажил ихтэй. Кран байгаагүй. Өндөр барилга барихад чинь тоосго моосго зөөдөг хэцүү байсан ш дээ. Одоо бол сайхан болсон байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Вагон буулгахад бригадаараа очоод хурдан буулгахын тулд 1 цагийн дотор буулгачихдаг. Тэгээд очоод нүүр гараа угаагаад ер нь ядарсан юм байхгүй. Тэгээд л алга болдог байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь тэр ажлыг өөрчлөе сольё хүнд байна гэж бодогдож байсан уу?

Цэрэндулам -

Үгүй байхгүй. Тийм бодол байхгүй.

Хишигсүрэн -

Яагаад?

Цэрэндулам -

Ажил хийгээд хэдэн цалингаа авчихдаг. Тэгээд хөөрхий минь аль болох ажлаа хийгээд аль болох хэдэн хүүхдээ тэжээгээд...

Хишигсүрэн -

Аа ха. Та хэдэн хүүхэдтэй бэ?

Цэрэндулам -

Манайх 8 хүүхэдтэй. 3 банди, 5 охинтой.

Хишигсүрэн -

Одоо та барилга дээр, төмөр замд ажиллаж байхдаа хэдэн хүүхдээ гаргасан бэ?

Цэрэндулам -

Ажилд орохдоо хоёр охин манай том нь охин. Тэгээд нэг том банди гарсан байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Сүүлийн хэдэн хүүхэд гарсан байхад дандаа бригадаар явчихдаг. 4,5, 6, 7-р ангид байхдаа нөгөө хэд дүү нараа харна. Аав нь бас төмөр замд ажилладаг. Аав бас ажилдаа яваад өгнө. Би бригадаар явчихдаг.

Хишигсүрэн -

Аа ха. Тэгээд жирэмсэн үедээ яахав?

Цэрэндулам -

Хийнэ ш дээ. Дикрет авах хүртлээ...

Хишигсүрэн -

Хийдэг ажлаа л хийх үү? Таны ажил хөнгөллөгдөх үү?

Цэрэндулам -

Хөнгөллөгдөхгүй. Юу яана ш дээ. Нормоороо ажиллана. Нормтой. Өдөр ирж хүүхдээ хооллож нэг хөхүүлчихээд явдаг. 45 хоноод ажилдаа ордог. Одоо бол яаж байна. Хэдэн жилээр сараар сууж байна шүү дээ. гэртээ...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Тэр үед бид нар хэцүү байлаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Тэр үед арай хэцүү байнаг гэж та бодож байсан уу?

Цэрэндулам -

Бодож байгаагүй. Ажил бол ажил гэж боддог. Харин хагас бүтэн сайн өдөр амарна.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Хагас бүтэн сайн өдөр амрахдаа гэрийнхээ юмыг сайн хийнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Тийм л байсан юм.

Хишигсүрэн -

Ер нь ажлаа сольё гэж бодвол солих боломж байсан уу?

Цэрэндулам -

Байсан байсан. Бид нар сольдоггүй байсан юм. Барилгаа барьчихаад дараа нь хүлээлгээд өгч байх сайхан шүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Тэгээд сайн онц гэсэн үнэлгээ өгчих юм бол бүр бөөн баяр. Тийм л байдаг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь таны ажил хийх хугацаанд танд хамгийн бэрхшээлтэй байсан зүйл юу вэ?

Цэрэндулам -

Манай өвгөн машинист байсан. Би хэдэн хүүхдүүдтэйгээ үлдэнэ. Ар гэр их хүнд шүү дээ. Цаг наргүй явна. Шөнө дуудлага ирнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Шөнө дуудаад аваад явахаар хоол ундын хийж өгөөд л, ажлаас нь ирэхэд хоол ундын тавиад л тэгээд л явдаг байсан. Тэгээд манай төмөр замынхан депогийнхон бүтэн нойртой хонуулахгүй аваар осол гарах юм бол бүгдийн ар гэр хариуцна гэдэг байсан. Тийм учир сайн амрааж бай гэж даалгавар өгдөг байсан. Тэгээд аятайхан хоол унд хийж өгөөд, унтуулаад ингээд л явуулдаг байсан.

Хишигсүрэн -

Таны ажил 8 цагийн ажил байсан уу?

Цэрэндулам -

8 цаг яг нормын 8 цаг.

Хишигсүрэн -

8 цагаасаа илүү гарч ажиллах тохиолдол байх уу?

Цэрэндулам -

Бий л дээ. Байна. Ер нь барилга барих үед илүү цаг их хийнэ. Илүү цагийн мөнгө төгрөг гээд өгдөг байлаа. Хүүхэдгүй бол илүү цагийн мөнгө өгдөггүй байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Та нар авъя гэж хэлдэггүй байсан уу?

Цэрэндулам -

Авъя гэж хэлдэггүй байлаа. Хөдөө томилолтоор ажиллах юм бол харин хэдэн төгрөг илүү авчихна.

Хишигсүрэн -

Хөдөө ажилласны нэмэгдэл гэж авах уу?

Цэрэндулам -

Авна.

Хишигсүрэн -

Нэг ийм юм асуумаар байнаа. Та сая манай төмөр замын хамт олон их сайхан ш дээ гээд 2-3 дахин хэллээ. Төмөр зам бусад ажлаас юугаараа илүү таны хэлж байгаа шиг сайхан бэ?

Цэрэндулам -

Яахав ажлаа хийчихээд сайхан хүлээлгэж өгөөд байхад их сайхан. Бөөн баяр болдог байсан.

Хишигсүрэн -

Төмөр зам бусад газрыг бодох юм бол хангамж сайтай, цалин сайтай гэдэг тийм ойлголт байдаг ш дээ. Социализмын үед ч гэсэн төмөр зам хангамж сайтай байсан уу? Тэр хангамж юу юугаар илэрдэг байсан. Цалин харьцангуй өндөр. Тусгай ямар хангамж байх вэ?

Цэрэндулам -

Тусгай янз бүрийн хангамж бидэнд байдаггүй ш дээ. Цалингаараа л янз бүрийн юмаа аргалдаг байсан. 50 төгрөг байлаа гэхэд хөөрхөн юм авчихна. 900 төгрөг байлаа гэхэд хөөрхөн юм авчихна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь таны хамт ажиллаж байсан улс чинь ямар улс байсан бэ? тэр талаар ярьж өгөөч?

Цэрэндулам -

Манай хамт ажиллаж байсан улс их хамт олонч, хүнд их тусархуу, тийм л улс байсан даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Настай байсан улс одоо байхгүй болсон. Залуу байсан одоо тэтгэвэрт гарсан хэд хэдэн улсууд бий.

Хишигсүрэн -

Яг танаа дарга ямар хүн байсан бэ? Танаа бригадын дарга?

Цэрэндулам -

Манай бригадын дарга Дуваа гэдэг хүн байсан.

Хишигсүрэн -

Дуваа даргын ажлын онцлог та нарыг удирдах, зохион байгуулах талаар ямар байсан бэ?

Цэрэндулам -

Ер нь гайгуу сайн. Одоо тэтгэвэртээ гарчихсан.

Хишигсүрэн -

Амьд байгаа юу?

Цэрэндулам -

Амьд байгаа. Авгайтай хоёулаа ажилладаг байсан юм.

Хишигсүрэн -

Та Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн гэсэн ш дээ. Тэндээсээ хэдэн онд яагаад шилжиж ирэв? Өөрийнхөө амьдралын тухай яриач? Таны Улаанбаатар хотод шилжиж ирсэн шалтгааныг сая анкет бөглөж байхдаа сайн ойлгосонгүй.

Цэрэндулам -

Яриад байх юм байхгүй л дээ. Мал дээр өргөж авсан аав ээжтэйгээ сайхан л амьдарч байсан. Манай тэр ах айлын ганц хүү байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Айлын ганц хүү тэгээд эгчээсээ ганц хүүхэд өргөж авсан юм байна л даа. Би тэр ахындаа хонь малын хариулаад л сүүн завод байхад сүүгийн өгөөд намайг өргөж авсан ээжтэйгээ хоёулаа ахыгаа 5 жилийн цэрэг хаагаад иртэл хамт байгаад...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Манай нутгийнхан ярьдаг байсан юм. Намайг манай нутгийнхан жижиг Маамуу гэдэг. Өхөөрдөөд жижиг Маамуу малд их сайн. Жаахан гэхгүй ажилсаг гээд ярьдаг байлаа. Өргөж авсан ээж маань энэ хүүхнийгээ алийн болгон мал дагуулах уу? Бэрийн царай харуулахгүй. Манай тэр бэр гайгуу сайн хүн байсан. Хүний царай харуулахгүй гэж бодсон юм байлгүй дээ. Ээж аав руу нь явуулна. Миний хүү хот орж ээж аав дээрээ амьдар. Амьдарч чадахгүй бол эргээд ирээрэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Тэгээд би хот орж ирээд жил гаруй хөдөөгөө санасан. Одоо манай тэр ах өнгөрчихсөн хэдэн хүүхдүүд нь байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Зун болгон тэдэн дээр очдог юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Тийм л байдаг юм.

Хишигсүрэн -

Дээр үед одоо үр хүүхдээ өргүүлсэн улсуудыг харахаар дандаа ах дүүгээсээ...

Цэрэндулам -

Тийм.

Хишигсүрэн -

Хүүхэд гаргаагүй айлд өгчихсөн тиймээ? Монголчуудын нэг, та хүнд өргөгдөж явсан хүний хувьд ах дүүдээ хүүхдээ ингээд өгчихдөг ш дээ. Монголчуудаас өөр газар бараг байхгүй байх. Өргөж авсан аав ээж нь яг төрсөн хүүхэд шигээ ханддаг уу? Эсвэл тэр хэдэн малаа маллуулах шаардлага гараад авдаг ч юмуу. Ажлаа хийлгэхийн тулд авдаг байсан бол уу? Та юу гэж бодож байна.

Цэрэндулам -

Тийм биш л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Дүүгийнхээ хүүхдийг авлаа гээд ажил хийлгээд байсан юм бол байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Яг л өөрийнхөн хүүхэд шиг л байдаг байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Ялгаа байхгүй. Гадуурахсан тийм зүйл байхгүй. Ер нь гайгуу.

Хишигсүрэн -

За тэгээд та хотод орж ирээд төрсөн аав ээж дээрээ байсан чинь ямар байсан бэ? Нэг ёсондоо гэрээсээ хол хөндий өсөөд том болсныхоо дараа ирэхэд...

Цэрэндулам -

Нэг хэсэг хөдөө явмаар санагдаад байдаг байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Сүүлдээ өөрийнөө гэрт ирсэн болохоор дассан. Сургууль: / соёлын хүмүүжил/

Хишигсүрэн -

Аа ха. Тэгээд та сургууль соёлд хаана орсон бэ? Хөдөө байхдаа орсон уу?

Цэрэндулам -

Бүлгэмд орсон.

Хишигсүрэн -

Албан ёсоор 1-р ангид орж сураагүй юу?

Цэрэндулам -

Сураагүй.

Хишигсүрэн -

Хотод орж ирээд

Цэрэндулам -

Хотод орж ирээд...

Хишигсүрэн -

Таны үеийн хүүхдүүд бараг бүгд сургуульд орж бичиг үсэг сурсан байдаг.

Цэрэндулам -

Яахав. Ар гэрийн гачигдлаас болоод

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Өөрөө жаахан сэргэлэн тулдаа жаахан жаахан сурч байсан. Мал маллах хүн байхгүй. Ээж маань настай болчихсон. Манай ээж төрсөн хүүхдүүдийг эх барьж авдаг байсан юм. Би нөгөө хэдэн мал цагаан идээгийн хийдэг.

Хишигсүрэн -

Таны өргөж авсан ээж?

Цэрэндулам -

Дандаа эх барьж авдаг. Тийм байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Та ер нь юу гэж боддог бэ? Социализмын үед хүмүүсийн ажилдаа хандах тэр хандлага, одоо байгаа хүмүүсийн хооронд ялгаа байна уу?

Цэрэндулам -

Ялгаатай ялгаатай. Ялгаа байдаг.

Хишигсүрэн -

Яаж ялгаа харагдаж байна.

Цэрэндулам -

Одоо хөдөө байгаа улс хэдэн малаа дагаад даарахдаа даараад хөрөхдөө хөрөөд тийм байна тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Одоо яаж байна. Бэлэн юм харчихаад ажил хийх дургүй. Ийм л улс байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Бид нар ажил төрлөө хийгээд хамаг юмаа зохицуулж явлаа шүү дээ. Ялгаатай байлгүй яахав. Хамаагүй ялгаатай. Бид нар тэгж байлаа та нар тэгэхгүй байна гээд хэдэн хүүхдүүддээ хэлдэг байхгүй юу. Яаж 8 хүүхдээ өсгөж байсан юм. одоо бол хэцүү л санагдах юм. Дээр үед бол хаячихаад л ажил төрлөө хийгээд явдаг байлаа.

Хишигсүрэн -

Та хэлж байна ш дээ. Та нарын хүүхдүүд маллагаа ихтэй гээд үүнийг та юутай холбоотой гэж үзэж байна бэ? Та нар хүүхдээ орчин үеийн хүүхдүүд шиг анхаарал тавиад бие даасан ажил төрөл хийхгүй. Хар аяндаа өсдөг. Түрүүн ярианд гарсан ш дээ. Том нь багыгаа хараад байж байдаг. Хүүхдээ орхичихоод янз бүрийн юм болчих бий гэж санаа зовох...

Цэрэндулам -

Тийм юм байхгүй. Одоо бол яаж байна. Нөгөө хүүхдийг ямар юман аваад явчих бол. Нөгөө хүүхдүүдийг яачих бол. Одоо том болсон охидуудад манай том охин Дарханд багш хийдэг юм. Бас нэг охин төмөр замд цэцэрлэгийн багш хийдэг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Орой үдэш ажил нь оройтоод ирэхээр санаа зовж байгаа юм чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Янз бүрийн унаанд суугаад янз бүрийн хүн аваад явчих бий.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Ингээд л сэтгэл зовно.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Хөдөө бол ямар юмныхан санаа зовох юм.

Хишигсүрэн -

Аа ха. Би яг таныг өөрийхөө хүүхдүүдийг өсгөж байх үеийг хэлж байна л даа.

Цэрэндулам -

Дээр үеийн хүүхдүүд бол их хүмүүжилтэй. Дуулгавартай. Их сүрхий байсан. Одоо бол мэдэхгүй ээ.

Хишигсүрэн -

Аа ха. Тэгээд та юутай холбоотой гэж боддог бэ?

Цэрэндулам -

Яахав дээ. Социализмын үеийн юутай л холбоотой байх гэж боддог юм. Бас амьдрал мамьдралын аваад үзэхэд ...

Хишигсүрэн -

Нэг ийм юм тодруулж асуумаар байна. Та ажлаа хийгээд явахаасаа гадна социализмын үед ажлын хажуугаар соёл урлагийн ажил ...

Цэрэндулам -

Явалгүй яахав.

Хишигсүрэн -

Тэр ямархуу юм болдог байсан бэ?

Цэрэндулам -

Бид нар ажлынхаа хажуугаар дугуйланд сууна. Социалист хөдөлмөрийн бригадынхаа юунд сууна.

Хишигсүрэн -

Социалист хөдөлмөрийн бригадын юу гэж болдог байсан юм?

Цэрэндулам -

Одоо тэр ажил мажлын тухай л хурал болно. Хичээл мичээл заана.

Хишигсүрэн -

Тэр хурал хэрэгтэй юм ярих уу? Та тэрийг төвөгшөөдөггүй байсан уу?

Цэрэндулам -

Үгүй суулгүй яахав. Хэрэггүй юм юу гэж ярих вэ? тэр улсууд. Гэр бүлийнхэн улсууд, хүүхэд шуухдаа хүмүүжүүлэх тэр талаар одоогийнхонтой адил яриад байхгүй ш дээ.

Хишигсүрэн -

Төмөр замд танай нөхөр машинист хийж байсан гэсэн ш дээ.

Цэрэндулам -

Тийм.

Хишигсүрэн -

Тэгээд сая нэг юм хэллээ ш дээ. Гэр бүлийнхэн хүмүүст хурал хийдэг байсан байна ш дээ. Ер нь төмөр зам ийм байсан юм бол уу? Социализмын үед гэр бүлийн талаар төрөөс ямар арга хэмжээ авч байсан бол?

Цэрэндулам -

Ер нь дипогийнхон хөдөлгөөнт ажил хийдэг учраас тэгдэг байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха. Та гэр бүлийн талаар социализмын үед авч байсан арга хэмжээг санаж байна уу? Одоо жишээлбэл юу байхав?

Цэрэндулам -

Тэр үед бол гэрийн бүлийн хүмүүжилтэй. Гэр орноо сайхан цэвэрхэн авч явахыг л юу яадаг байсан доо. Соёлын довтолгоо:

Хишигсүрэн -

Соёлын довтолгоо гээд нэг юм болсон ш дээ?

Цэрэндулам -

Тийм.

Хишигсүрэн -

Тэр талаар тэр ер нь юу болсон юм бэ?

Цэрэндулам -

Гэр орноо сайхан цэвэрхэн байлгах, үр хүүхдээ сайхан хүмүүжилтэй байлгах, тийм юм л голцуу ярьдаг байсан ш дээ. Тийм.

Хишигсүрэн -

Аа ха. Юу болох уу? Та нэг дүрслээд хэлээч? Соёлын довтолгоо таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн?

Цэрэндулам -

Дээр үед соёлын довтолгоо чинь ариун цэвэр их сайн сахих тухай ярьдаг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Жишээлбэл юу юу шаарддаг байсан бэ?

Цэрэндулам -

Одоо орны даавуу цэвэрхэн байх ёстой ч гэдэг юмуу. Гэр орноо цэвэрхэн байлгах ёстой гээд шалгаад, сайн бол сайн гээд муу бол муу гээд...

Хишигсүрэн -

Шаардлага хангаагүй бол яадаг байсан бэ?

Цэрэндулам -

Шаардлага хангаагүй бол хэлээд яриад тэгээд яваад өгнө дөө.

Хишигсүрэн -

Торгууль моргууль авах уу?

Цэрэндулам -

Авахгүй.

Хишигсүрэн -

Авахгүй юу?

Цэрэндулам -

Авахгүй.

Хишигсүрэн -

Соёлын довтолгооны үр дүнд ямар өөрчлөлт гарсан гэж та бодож байна?

Цэрэндулам -

Тааруухан байсан айлуудын хувьд үр дүн гарсан байлгүй яахав.

Хишигсүрэн -

Цэвэрхэн сайхан болоод...

Цэрэндулам -

Тийм тэгэлгүй яахав.

Хишигсүрэн -

Ариун цэврийг сайжруулахын тулд тийм бие даасан кампанит ажил хийх хэрэгтэй байсан уу?

Цэрэндулам -

Би бол зөв л гэж боддог юм. Хийх ёстой л байсан.

Хишигсүрэн -

Соёлын довтолгоо болж байхад тэгж байсан гээд та хэлж чадах уу? санаж байна уу?

Цэрэндулам -

Соёлын довтолгооны үед бид нар ажил хийдэг байсан учраас зав муутай байсан учраас сайн мэдэхгүй л байна. Манай ажлын газрынхан соёлын довтолгоо ирээд тэгээд ингээд гээд ярьдаг л байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха. Танай ажлын газар, төмөр зам чинь дэг журамтай газар ш дээ.

Цэрэндулам -

Тийм дэг журамтай газар...

Хишигсүрэн -

Төмөр замд дарга нар нь эрх мэдэлтэй улс нь жирийн ажилчдаасаа юугаараа ялгаатай байх вэ? Эрх мэдэлтэй улс гэж ямар байдлаар харагдах уу? Ер нь дарга нар харахаар...

Цэрэндулам -

Манай дарга нар тэр нь ийм энэ нь ийм гэж ялгагдахгүй. Нэгэн жигд л байдаг. Харин болохгүй юмыг ....

Хишигсүрэн -

Дарга цэрэг хоёрын хоорондын харилцаа ямар байх вэ?

Цэрэндулам -

Зүгээрээ. Манайхны дарга нар бол гайгуу ш дээ.

Хишигсүрэн -

Дарга нар та нараас өмсөж зүүх гадаад байдлаараа ялгарах уу?

Цэрэндулам -

Ялгарна л даа.

Хишигсүрэн -

Яаж ялгарах вэ?

Цэрэндулам -

Цалин мөнгө илүү ...

Хишигсүрэн -

Та дарга нар дотроосоо сайн дарга байсан гэж ямар даргыг хэлэх вэ?

Цэрэндулам -

Дарга нараас тэр дарга нь сайн. Энэ дарга нь муу гэсэн юм байхгүй. Манай дарга нар нэгэн жигд.

Хишигсүрэн -

Аа ха. Танд бага боловсролын ч гэдэг юмуу дунд боловсролын ч гэдэг юмуу ямар шатны боловсролын үнэмлэх танд байдаг вэ?

Цэрэндулам -

Надад краны үнэмлэх байдаг юм. Одоо энэ өргөдөг краны. Өрлөгний хажуугаар тийм курсанд яваад авсан.

Хишигсүрэн -

Тэр нь хэдэн он вэ?

Цэрэндулам -

Би бас оныг нь мэдэхгүй байна. Лав л 20 хэдтэй байсан байх. 25, 26-тай л байсан байх.

Хишигсүрэн -

Та ер нь нутагтай очдог уу?

Цэрэндулам -

Очсон. Энэ жил очсон.

Хишигсүрэн -

Аа за. Нутагт очихоор ямар байна?

Цэрэндулам -

Манай хойшоо чинь Ханын хөндийгөөр явдаг. Ханын хөндийгөөр яваад очихоор ногоо энэ тэр сайхан байна. Манай дүү нар цагаан идээ хийнэ. Очиж 20 гаруй хоночихоод цагаан идээн дээр гараад ирсэн. Байгаль:

Хишигсүрэн -

Аа ха. Танай нутагт байгалийн өөрчлөлт явагдаж байна уу?

Цэрэндулам -

Гайгуу юм байна лээ.

Хишигсүрэн -

Таныг хүүхэд байх тэр үеийн ...

Цэрэндулам -

Тэр үеийн юм ямар юм байх вэ? дээ. Тэгэхдээ их гайгуу байна лээ. Хоргын тогоо гээд байна ш дээ. Гоё ш дээ. Гадаад харилцаа:

Хишигсүрэн -

Танай ажилд оросууд байсан гэсэн ш дээ.

Цэрэндулам -

Тийм.

Хишигсүрэн -

Тэр гадаад мэргэжилтнүүд ер нь ажилчдад, монголчуудад яаж ханддаг байв?

Цэрэндулам -

Сайн байдаг байсан. Болохгүй юмыг хэлж өгнө. Дандаа утас татаж өгнө. Шаврын нимгэн зузааныг зааж өгнө. Хөдөө бригад мригад явахад сайхан сайхан зааж өгнө ш дээ.

Хишигсүрэн -

Та гадаадын орос мэргэжилтэнгүүдтэй найзлах, нөхөрлөх харилцаа байсан уу?

Цэрэндулам -

Ганц хоёр үг тогтоогоод ойр зуур ярьдаг байсан. Ямар сайндаа Замын-Үүд явсан юм бид нар. Орос багшид хоол хийж өгнө. Хооллохдоо нөгөөдүүл чинь хэд хэдээрээ хооллодог. Ямар сайндаа адууны юуг асууж байх вэ? Бид нараас. Адууны мах байна уу? гэж. Тэгээд би хөхрөлдөөд бид нар цөмөөрөө. Хонины цувдай идэж чадахгүй ш дээ. Тэгээд хэлүүлж байгаа юм. Азарга гэж хэлж чадахгүй байгаа юм. тэрийг хэлүүлж байгаа юм. Тэгээд залуухан хөөрхөн орос байсан. Би нэг орой ажлаас ирчихээд хоол моолоо хийгээд төмс шарж өгсөн юм. баярлаж байна гэж жигтэйхэн. Хөөрхий амьтан баярлаж байна гэж жигтэйхэн. Надад төмс шарж өгсөн гээд ер нь гадаадын улс чинь хүн ялгахгүй. Их сайхан. Бид нараар хүнд юм өргүүлэхгүй.

Хишигсүрэн -

Монгол дарга нараа бодоход?

Цэрэндулам -

Тийм. Бид нар чинь жирэмсэн байхдаа л насильктой шороо үүрээд явдаг одоо бол тэгэхгүй шүү дээ тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха. За нэг ийм юм асуумаар байна. Та 16 настайдаа хотод анх орж ирсэн ш дээ.

Цэрэндулам -

Аа ха.

Хишигсүрэн -

Таныг орж ирэхэд ялангуяа та барилга барьдаг хүн. Хотод ер хэр барилга байшин байв?

Цэрэндулам -

Гайгуу л барилга байсан. Одоо бол их хөгжсөн л дөө.

Хишигсүрэн -

Аа ха. Анх та юу бодож байв?

Цэрэндулам -

Хөдөөний хүн чинь анх орж ирэхэд их байшин барилгатай. Өглөө яндан дуугараад хүмүүс ажилдаа яваад тэгдэг байсан юм даа.

Хишигсүрэн -

Аа ха. Нээрээ үйлдвэрийн яндан дуугардаг байсан гэсэн.

Цэрэндулам -

Тийм дуугардаг байсан ш дээ. тэгдэг байсан юм.

Хишигсүрэн -

Тэгэхэд одоо цаг байхгүй байсан юм болов уу?

Цэрэндулам -

Тийм л байсан юм байлгүй. Яндан дуугараад ажилдаа явдаг байсан.

Хишигсүрэн -

/Инээв/

Цэрэндулам -

Одоо бол цагаа харж байгаад л тэгээд би тэгдэг байсан юм. Энэ одоо юу дуугараад байгаа юм? Ажилтай улс ажилдаа явах болохоор яндан дуугардаг ш дээ гээд. Ажилдаа явуулах гээд тэгэхэд гурван удаа дуугардаг байсан юм.

Хишигсүрэн -

Хотод орж ирээд дасах хэцүү байсан уу? хурдан дассан уу?

Цэрэндулам -

Гайгуу ээ. Гайгуу. Танилцаад гайгуу ээ. Тэгээд сүүлдээ дасаж эхэлсэн.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха. Ер нь таны амьдралд бусдаас онцгой содон гэх тийм юм байна уу?

Цэрэндулам -

Үгүй. Байхгүй ээ.

Хишигсүрэн -

Яагаад та байхгүй гэж?

Цэрэндулам -

Амьдрал жаахан гайгуу явж байсан болоод тэр юмуу.

Хишигсүрэн -

Ер нь таны амьдралд гүнзгий нөлөө үзүүлсэн. Үйл явдал байгаа юу?

Цэрэндулам -

Байхгүй.

Хишигсүрэн -

/Инээв/ Одоо ингээд юу гэдэг юм. Та чинь нэлээд настай хүн байна ш дээ. Таны энэ амьдралын туршид амьдарч байгаа нийгэм маань яаж өөрчлөгдөж байна гэж боддог бэ? Өөрчлөлт нь сөрөг тал руугаа өөрчлөгдөж байна уу? Сайн байна уу? Юу нь сонин байна. Энэ талаар та нэг яриач?

Цэрэндулам -

Яахав дээ. Одоо тэгээд сайхан болох байлгүй дээ.

Хишигсүрэн -

Одоо сайхан биш байна уу?

Цэрэндулам -

Бид нарын чинь үед бол хувьсгалт намынхаа юугаар сайхан л байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Одоо энэ дарга сайд нар сайхан удирдах байлгүй дээ. Сайхан л байлаа. Одоо Элбэгдорж гараад ирлээ цаашаагаа улам сайхан явах байлгүй дээ.

Хишигсүрэн -

Ардчилсан хувьсгал 90 онд гарч ирсэн ардчилсан хувьсгалыг та ер нь юу гэж боддог бэ?

Цэрэндулам -

Нэг өглөө элсэн чихэр авах гээд дэлгүүрт орсон чинь бүх лангуу нь хоосорчихсон. Ямар эвгүй байсан гээч?

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Тэгээд муу өвгөндөө юу ч байхгүй болчихож гэж хэлээд, гурил будаа картанд ороод очерлоод л ...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Тэгээд манай хүүхдүүд 3 төгрөгөөр 5 кг будаа аваад иддэг байсан чинь тэгээд байхгүй. Тийм.

Хишигсүрэн -

Талбай дээр жагсаал цуглаан янз бүрийн юм болоод л та ер нь өөрийн биеэр оролцож байсан уу?

Цэрэндулам -

Үгүй үгүй. Ёстой оролцож байгаагүй. Болохгүй ш дээ. хамаагүй тийм юманд оролцож болохгүй. Гэрээсээ гарахгүй. Тийм юманд оролцох нь битгий хэл.

Хишигсүрэн -

Ер нь тэр үед таны амьдрал ямар байсан бэ? Ардчиллаас өмнө?

Цэрэндулам -

Гайгуу ээ миний хүү. Болох бүтэхээрээ гайгуу байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Социализмын үед хүүхэд нь гудамжинд гарчихлаа. За тэнд нэг хүн алчихлаа гэдгүй л байсан шүү дээ. тэгээд бодчих.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Тэр чинь сайхан л байсан байгаа биз дээ. Тийм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Одоо яаж байна. Эмэгтэй хүмүүс ч айхаа байчихаж. Эмэгтэйн эрэгтэйгээсээ ч айхаа байчихаж. Алаад хядаад аймаар байгаа биз?

Хишигсүрэн -

Аа ха. Социализмын үед тийм юм байгаагүй юу?

Цэрэндулам -

Байгаагүй ээ. Байгаагүй.

Хишигсүрэн -

Та ер нь ардчилал болно гэж хүлээж байгаагүй. Гэнэт л тийм юм болсон?

Цэрэндулам -

Аа ха тэгсэн. Манай аав ээж чинь хувьсгалт намын гишүүн байсан.

Хишигсүрэн -

Та өөрөө хувьсгалт намын гишүүн биш үү?

Цэрэндулам -

Биш биш. Хувьсгалт нам, ардчилсан холбоо, ардчилсан холбоо ажлаа сайн хийгээд явсан бол. Архи мархи уудаггүй байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Архи нэг их уухгүй. Эмэгтэйчүүдийн баяр мартын 8 болно. Тааруулаад уудаг байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Архи ч их чанартай байж. Хоёр хундага уугаад боллоо.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Одоо яаж байна. Гудамжинд эмэгтэй хүн ч л байна. Жаахан хүүхдүүд ч согтуу тамхи татаад явж байна. Тэр үед архи уух байтугай тамхи татдаггүй байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Тийм байсан. Ялгаатай л байгаа юм даа.

Хишигсүрэн -

Аа ха. Та ардчиллын үр дүн, ардчиллаас өмнөх үеийн амьдрал, ардчиллаас хойших үеийн амьдралын ялгааг харах юм бол ардчиллаас өмнөх амьдрал сайн байсан гэж хэлэх гээд байна уу?

Цэрэндулам -

Сайн байсан.

Хишигсүрэн -

Та муудсан гэж хэлэх гэж байна уу?

Цэрэндулам -

Тийм. Ардчилал гараад л муудаж эхэлсэн шүү дээ. Одоо сайжрах байлгүй дээ гээд л хараад л сууж байна шүү дээ. Аятайхан бие биенээ муулахгүй. Аятайхан гарчихаж болмоор юмаа тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Одоохондоо бол амьдрал хэцүү л байна. Яваандаа гайгуу болох юм байлгүй дээ. Эмээ нь яахав нэг өдөр явж байгаад үхээд өгнө. Та нар л үзэх байлгүй дээ.

Хишигсүрэн -

Социализмын үед амьдралынхаа ирээдүйд яаж ханддаг байсан бэ? Яах бол ийх бол гэсэн тодорхойгүй юм байсан уу?

Цэрэндулам -

Байхгүй ээ. Байхгүй. Сайхан тайван байсан. Тэгээд яах бол ийх бол. Хэдэн хүүхдүүд маань яах бол гэж санаа зовох зүйл байгаагүй ш дээ. Архи мархи уудаг хүүхдүүд байхгүй тийм л байлаа даа.

Хишигсүрэн -

Танаа хүүхдүүд дотор таны мэргэжлийг өвлөж барилгачин болсон хүүхэд байгаа юу?

Цэрэндулам -

Байхгүй. Гэхдээ манай хүүхдүүд юм хийнэ гэвэл хийнэ. Гарын уртай. Манай банди нар. Манай хүүхдүүд төмөр замд ажилладаг.

Хишигсүрэн -

Төмөр замын мэргэжил эзэмшээд яваад байсан уу?

Цэрэндулам -

Тийм.

Хишигсүрэн -

Ер төмөр зам аягүй их гэр бүлээрээ...

Цэрэндулам -

Удамшдаг.

Хишигсүрэн -

Удамшдаг ч гэдэг юмуу. Эцэг эхийнхээ ажлыг залгаж авдаг ч гэдэг юмуу. Тэр ер нь юутай холбоотой гэж та үздэг бэ?

Цэрэндулам -

Тэр яахав дээ. манай том хүү бол аавынхаа мэргэжлийг эзэмшсэн. Хоёр охин төмөр замд ажиллаж байна.

Хишигсүрэн -

Яагаад?

Цэрэндулам -

Мэдэхгүй одоо. Вагоны үйлчлэгч...

Хишигсүрэн -

Одоо төмөр замын цалин мөнгө хангамж ямар бэ?

Цэрэндулам -

Тааруу байна гээд хүүхдүүд тэгээд байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Ер нь л хэцүү болчихоод байна гээд тэгж байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Та нарын үед ямар байсан бэ?

Цэрэндулам -

Бид нарын үед гайгуу байсан. Тухайн үед амьдралд хангалтай хүрэлцдэг. Хүрэлцэхгүй гэсэн юм байхгүй. Одоо бол хүрэлцэхгүй ш дээ.

Хишигсүрэн -

Танаа гэр бүл социализмын үед одоо 60, 70, 80-аад оны үед хэдэн төгрөгний цалин авдаг байсан бэ?

Цэрэндулам -

Ер нь 1000 төгрөг авах юм бол их л мөнгөнд тооцдог байсан ш дээ.

Хишигсүрэн -

Хоёулаа нийлээд үү?

Цэрэндулам -

Нэг нь тэгэхэд одоогийн 1000 төгрөгөөр юу авах уу тиймээ?

Хишигсүрэн -

Танайх орон сууцанд байсан уу?

Цэрэндулам -

Тийм орон сууцанд төмөр замдаа л байсан. Би одоо хашаа байшинд байгаа. Газар мазраа хөөцөлдөх гэсэн чинь болохгүй л байна. Бага хүүгийнхээ нэр дээр авах гэхээр авгай байхгүй. Гэр бүл байхгүй гээд өгөхгүй байна. Өөрийнхөө нэр дээр авах гээд хөөцөлдөж л байгаа. Бүтэх юмуу үгүй юмуу мэдэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха. Төмөр замын барилгын салбарт ажил хийж байсан ш дээ.

Цэрэндулам -

Аа ха.

Хишигсүрэн -

Тэр барилга барьж байгаа үйл явц хэр хугацаанд хэрэгжиж дуусдаг байсан бэ? Та мэдэж байна уу?

Цэрэндулам -

Манайх чинь барилгаа их чанартай хүлээлгэж өгдөг. Дарга нар ирээд хүлээж авдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Чанар их шаарддаг байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Жилд нийт хэдэн барилга төмөр замын хэмжээнд ашиглалтанд ордог байсан бэ?

Цэрэндулам -

Ер нь хоёр барилга гарчихна шүү .

Хишигсүрэн -

Аа ха. Тэр хоёр барилга дээр хэр олон хүн ажиллах уу?

Цэрэндулам -

За нэг 30-аад хүн ажиллана даа. Засал чимэглэл нь засал чимэглэл хийгээд. Өрлөг нь өрлөгөө хийгээд явна.

Хишигсүрэн -

Танаа нөхөр та хоёр төмөр замд ажиллаж байхдаа танилцсан уу?

Цэрэндулам -

Тийм тэгсэн.

Хишигсүрэн -

Таны үеийн залуучууд гэр бүл болоод амьдрахад төрөөс үзүүлэх дэмжлэг ямар байсан бэ? Одоогийн залуучуудтай харьцуулахад та юу гэж боддог бэ?

Цэрэндулам -

Одоогийн залуучуудад 500,000 цаас өгөөд байна тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Тэр үед бид нарт тийм юм байхгүй. Өөрсдийнхөө хөдөлмөр хийсэн мөнгөөрөө юмаа аваад амьдардаг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Тэгээд хөдөлмөр хийсэн мөнгө нь амьдралд нь хүрэлцээтэй юу?

Цэрэндулам -

Хүрэлцээтэй. Хүрэлцэлгүй яахав. Хүүхдийн мөнгө авдаг байсан. 8 хүүхэдтэй. 8 хүүхдийн мөнгө авдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

8 хүүхдийн 700 төгрөг авдаг байсан.

Хишигсүрэн -

Сар болгон уу?

Цэрэндулам -

Сар болгон.

Хишигсүрэн -

Пөөх сайн авдаг байсан байна ш дээ.

Цэрэндулам -

Тэгээд....

Хишигсүрэн -

Тэгээд хүүхдийн мөнгөөр юу авдаг байсан гэнээ?.

Цэрэндулам -

Хөргөгч авчихдаг байлаа. Дрож авчихдаг байлаа. Зурагт авчихдаг байлаа.

Хишигсүрэн -

Сайн авдаг байсан юм байна ш дээ.

Цэрэндулам -

Картанд хийчэхдэг. Тэгээд хүүхэд мүүхэд өвдөхөөр түүнээсээ аваад хэрэглэдэг.

Хишигсүрэн -

Хадгаламжинд хийчихдэг.

Цэрэндулам -

Тийм хадгаламж

Хишигсүрэн -

Хүүхдийн мөнгөнөөс өөр төрөөс ямар дэмжлэг байсан бэ? Олон хүүхдийн мөнгө...

Цэрэндулам -

Алдарт эхийн одонгийн мөнгө авдаг байсан. 50 төгрөг байсан байхаа. Хөөрхөн наймаа хийчихдэг л байсан юм.

Хишигсүрэн -

Та нэг, хоёрдугаар одонтой?

Цэрэндулам -

Тийм. Нэг хоёрдугаар одонтой.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха. Таны хүүхдүүд одоо хамгийн том хүүхэд хамгийн бага хүүхэд хоорондоо хэр зайтай бэ?

Цэрэндулам -

Хоёр насаар...

Хишигсүрэн -

Нэг хүүхэд уу?

Цэрэндулам -

Тийм.

Хишигсүрэн -

Та тийм олон хүүхэд гаргахдаа дунд нь дөрөв таван жилийн зайтай биш...

Цэрэндулам -

/ Инээв/

Хишигсүрэн -

Гайхаад л байна. Яаж болж байсан юм бол гээд

Цэрэндулам -

Болгоод л ирсэн юм даа.

Хишигсүрэн -

Юунаас болж байнаа?

Цэрэндулам -

Хоёр зэрэг ажлаа хийчихнэ. Хоол ундаа цуглуулаад авч ирээд өгчихдөг. Тэгээд л болоод байдаг л байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха. Одоо жишээ нь хүүхдүүдээ орхиод явах хоол унд орлоготой байсан.

Цэрэндулам -

Тийм.

Хишигсүрэн -

Цэцэрлэг ясли, сургууль бас нэлээд...

Цэрэндулам -

Тийм цэцэрлэг яслид өгчихдөг. Ах нь хоол ундын хийгээд өгчихдөг. Юм хумын аваад өгчихдөг. Одоо шиг хулгай зэлгээ байгаагүй. Одоо бол хулгай зэлгээ их болсон. ........

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Одоо бол яах бол доо. ........

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Ялгаатай байгаа юм л даа.

Хишигсүрэн -

Аа ха. Замын Үүдэд ямар барилга барьж байсан юм та?

Цэрэндулам -

Замын Үүдэд дотоод чимэглэлийн ажил хийж байсан юм. Вагзолын байшингийн...

Хишигсүрэн -

Гоё барилга байдаг тиймээ?

Цэрэндулам -

Аа ха. Гурав бишээ дөрвөн хүүхэн хийж байсан. .........................бид нар Эрээн мэрээн орохгүй.

Хишигсүрэн -

Тэр үед Эрээн байсан уу?

Цэрэндулам -

Байсан. Замын Үүд чинь Эрээний наана ш дээ. .....Холоос харахаар жаахан юм харагддаг жаахан юм байна ш дээ. гэхээр манай нэг авгай том том холоос тэгж харагдаж байна гэдэг байсан юм. бид нарыг орвол ор гэдэг байсан бид нар ордоггүй байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Аймхай байсан юмуу...

Хишигсүрэн -

Хэдэн он бэ?

Цэрэндулам -

Тэр чинь 60 хэдэн он л юм даа.

Хишигсүрэн -

Тэр үед Замын Үүдийнхэн Эрээнээс янз бүрийн бараа таваар авдаг байсан уу?

Цэрэндулам -

Үгүй үгүй. Тийм юм байхгүй. Хааяа нэг вагон ирнэ. Түүнээс бусад цагт ерөөсөө хүн амьтан харагдахгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэрэндулам -

Вагон ирэхээр хаанаас нь гараад ирэв гэмээр баахан хүмүүс ирдэг.

Хишигсүрэн -

Аа ха .

Цэрэндулам -

Тэгээд бид нар чинь тэнд цэргийн анги байсан. Цэргийн ангийн дарга нар ирдэг байсан юм. Одоо их том болсон байхаа.

Хишигсүрэн -

Түүнээс хойш та яваагүй юу?

Цэрэндулам -

Яваагүй.

Хишигсүрэн -

Огт яваагүй юу?

Цэрэндулам -

Тийм.

Хишигсүрэн -

Яагаад?

Цэрэндулам -

Явах шаардлага байхгүй юм чинь /инээв/ Ажлаар л явж байсан болохоос биш...

Хишигсүрэн -

За за. Хоёулаа өнөөдрийнхөө ярилцлагыг ингээд завсарлаад маргааш уулзая. Маргааш ярилцлага хийхэд юу яримаар байна.

Цэрэндулам -

Аа ха. Сандраад...

Хишигсүрэн -

Бодоод ажлын тухай. Хүүхэд насныхаа тухай бодоод ярих юм байвал тиймээ?

Цэрэндулам -

За тэгье

Хишигсүрэн -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.