Narantsetseg


Basic information
Interviewee ID: 990241
Name: Narantsetseg
Parent's name: Dashdorj
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1943
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Christian
Born in: Han-Uul sum, Ulaanbaatar aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: Veterinary hospital laboratory worker
Father's profession: veterinarian (baga emch)


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
democracy
belief
privatization
environment
foreign relations


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

privatization
women's life
democracy
authority
boss - worker relations
foreign relations
nature and environment
belief
pension


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Сайнбилэг -

Заа сайн байна уу та?

Наранцэцэг -

Сайн. Сайн байна уу?

Сайнбилэг -

Заа Наранцэцэг гуай өчигдөр бид хоёр ярилцлагаа хийсэн тээ, өнөөдөр ярилцлагаа одоо үргэлжлүүлж дахиж яая аа. Заа Наранцэцэг гуай би таниас нэг юм асууя. Ер нь энэ хамгийн анх та хувьчлалыг одоо 90 онд хувьчлал гэж явагдлаа ш дээ. Хувьчлалыг анх яаж зарлаж байсан юм бэ? Тэрийг та санадаг уу?

Наранцэцэг -

Би одоо энэ тухай нээх их ярьж мэдэхгүй юм байнаа. Тэгэхдээ хувьчлалыг өөрийнхөө тэр нөгөө орон байрны хувьчлал энэ тэрээр бол ойлгож тэрүүгээр бол ярьж болох юм. Тэгээд энэ орон байрыг хувьчилж өгнө аа улс одоо ухаандаа ягаан, цэнхэр тасалбараар ухаандаа ард түмэндээ хөрөнгө бий болгож өгнө энэ тэр гэсэн одоо ийм юм хэлсэн шүү дээ. Тэгээд энэ бол ерөөсөө ямар ч бодлогогүй, одоо тийм л нэг хийсвэр л юм энэ тэр ягаан, цэнхэр тасалбар байсан гэж ойлгодог юм. Тэгээд тэрийг бол ерөөсөө овсгоотой нь л баахан юу ч мэдэхгүй улсуудын тасалбараар л энэ ухаандаа ард түмний олон жилийн үр дүн бүтээлээр бий болсон энэ үйлдвэр одоо энэ том объектуудыг аваад одоо авчихсан юм байна гэж ингэж ойлгодог. Надад манайд одоо тэр хувьчлалын тэр одоо ягаан, цэнхэр тасалбар ирсэн л дээ. Тэгээд тэрнийг бид нар яасан бэ гэхлээр зэрэг өвгөн маань Налайхын уурхайд ажиллаж байсан болохоор уурхайнхаа одоо ухаандаа юунд өгсөн. Одоо болтол ганц ч одоо тийм хувьчлалын ерөөсөө тэрний үр дүнгээр бий болсон хөрөнгө гэж бидэнд юу ч ирдэггүй юм. Тэгээд л бодохлоор зэрэг тэр бол ерөөсөө л ямар ч бодлогогүй буруу л одоо хийгдсэн ийм юм байж байдаг юмуу, тэгээд энэнгээр яасан гэхлээр зэрэг тэр овсгоотой, самбаатай бас нэгэн овжин зальтайнууд нь л одоо тэр олон жилийн улсын одоо ухаандаа аа хөдөлмөрөөр бүтсэн улсын хөрөнгөөр бүтсэн олон түмний хүч хөдөлмөрөөр бүтсэн тэр үйлдвэрүүдийг л одоо ингээд авчихсан, өнөөдөр ингээд цулайсан баячууд явдаг юм байна даа гэж ингэж л ойлгодог юм. Аа орон байрны хувьд бол хангалттай, ямар ч гэлээ гэсэн өөрийнхөө амьдарч байсан орон сууцуудыг энэ миний юм шүү гээд авсан нь үнэхээр том бас ололт үнэндээ.

Сайнбилэг -

Таны бодож байгаагаар хувьчлал ер нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаатайгаар нөлөөлсөн үү?

Наранцэцэг -

Заа даа ер нь дийлэнхи нь эрэгтэйчүүд нь аваа байлгүй дээ. Тэр үед чинь бас нийгэмд эзэлж байгаа байр сууриараа бас эмэгтэйчүүд бас их том албан тушаалд нээх их байгаагүй ш дээ. Тийм учраас тэр хувьчлалын юунд бол эмэгтэйчүүд нь их оролцож, хувь хүртэж авч чадаагүй болов уу гэж гэж би бодож байх юм.

Сайнбилэг -

Тэгвэл та чухам ямар хэлбэрээр зарим хүмүүс бусдаасаа илүү хөрөнгө эзэмшиж гарч ирсэн гэж боддог вэ? Ямар хүмүүс?

Наранцэцэг -

Тэр бол ерөөсөө л одоо албан тушаалтай аа тодорхой хэмжээний одоо тэр салбарын мэдлэгтэй улсууд л гарч байсан болов уу жишээлэхийн бол тэр үйлдвэрүүдийг энэ тэр авсан одоо ухаандаа эвлэлийн тухай л гэлээ гэхэд одоо ухаандаа тэр эвлэлийн чинь гол суурь нь бол СОТ 3-н одоо тэр барилгын байгууллага байсан байх гэж боддог. Тэгээд тэнд л ажиллаж байсан тодорхой хэмжээний мэдлэгтэй мэргэжилтэй тийм л улс хүн л одоо авлаа л гэж ингэж ойлгодог юм би. Авсан юм байнаа л гэж ингэж ойлгодог.

Сайнбилэг -

Ер нь таны амьдралын туршид эмэгтэйчүүдийн байр суурь ер нь яаж өөрчлөгдөв өө? Мөн эрэгтэйчүүдийнх яаж өөрчлөгдсөн бэ? Амьдрах арга барил ч байдаг юм уу?

Наранцэцэг -

Үнэндээ айлын гэр эр хүнийхээ дансан дээр явж, эр хүн өрхийн тэргүүн гэж одоо өргөмжлөгдөж байдаг ч гэсэн өнөөдрийн түвшингээс ингээд эргээд харахад байна ш дээ айл гэрийг одоо ухаандаа эр хүн биш, эм хүн нь авч явж байгаа ийм сөрөг үр дагавар гарч ирсэн. Яагаад уу гэхлээр зэрэг одоо ухаандаа энэ чинь одоо өнөө шинүүд шинэ хөдөлмөрийн хууль шинэ одоо тэтгэвэрийн хууль улсын бага хурлаар одоо Гончигдоржийг юунд бага хурлын дарга энэ тэр байхад одоо батлагдсан шинэ хуулийг ярьж байна ш дээ. Одоо ухаандаа өнөө л яагаа ч үгүй насны эрт 4 хүүхэдтэй тэтгэвэрт гаргачихсан, аан юу цэргийн байгууллагад ажилласан улсуудыг энэ тэр бол дор нь хоморголоод, нээх залуу залуу улсуудыг тэтгэвэрт гарлаа ш дээ. Энийг бол би бас маш том хэлмэгдүүлэлт гэж би боддог. Яагаад уу гэхлээр зэрэг тухайн үед хүртэл би ерөөсөө энэ чинь болохгүй энэ чинь болохгүй энэ эмэгтэйчүүдийг ингэж гаргаад, ингээд эмэгтэйчүүдийн ар талд байгаа гэр бүл хүртэл одоо ингээд бүгдээрээ хэлмэгдлээр .. асуудлыг ярьж би бүүр аа МАХН-аас ярьж байна гэдэг радиогийн нэвтрүүлэгч хүртэл би өөрийнхөө бас дуу хоолойг тэнд бичүүлж юу яаж байсан хүн. Тэгэхээр энэ яагаад ингэсэн гэхлээр зэрэг олон хүүхэдтэй эхчүүдийг гаргаснаараа нэгдэж ирэхэд одоо хүний эрхийг зөрчсөн асуудал байсан тэр тухайн үед тэрнийг тэр үед тухайн үед хийж байсан. Яагаад уу гэхлээр тэр хүний хөдөлмөрлөх эрх нь хасагдаж байна аа тэгээд ар талд нь байж байгаа амьдрал үрэн таран болж байна. Яагаад уу гэхлээр зэрэг аа нөхрүүд нь одоо ухаандаа аа ажилгүй архичин болж, өөрөө эмэгтэй хүн гудамжинд гарч тамхи ширхэглэж, үгүй бол ганзагын наймаа хийж гахай зөөж, өөрийнх нь амьдрал үрэн тарангүй болоод хөдөлмөрөөр олсон хөлсөөр амжиргаагаа юу яадаг баталгаа нь байхгүй болохоор зэрэг үр хүүхдүүд золбирч үр хүүхдүүд сургуулиас завсардаж байна гэсэн асуудлыг бүр сөхөж тавьсан байдаг юм. Тэр битгий хэл энэ алдааг төр засаг засахгүй юм бол олон улсын байгууллагад хандана болохгүй гэх газаргүй ээ гэж байгаад бичигдэнэ тийм радиод одоо бичигдсэн миний тийм яриа бий байдаг юм даа. Хэрвээ архивт байдаг бол тийм яриа байдаг юм. Тэгээд тэр үед монголын эмэгтэйчүүдийн байгууллагын хэн удирдаж байсан гэхлээр Бурмаа удирдаж байсан юм. Би бүр зориуд одоо монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг эрж сурж явж байгаад Энхтайваны гүүрний баруун талаад бүр тэр Бурмаатай уулзах гэж очоод тэгээд энэ асуудлаа ярьж байтал өөрийнх нь утас дугараад тэгээд тэр Бурмаа миний үгийг гүйцэд сонсохгүйгээр ... Заа та миний нарийн бичигт ярьчих би одоо энэ ажил гарлаа гээд хаяад явж байсан ийм юм. Тэгэхдээ л энэ бол бүр улс буруу бодлого, буруу одоо ухаандаа одоо хуулиар ард түмний дан ялангуяа эхчүүдийг одоо ингээд хохироосон их том хэлмэгдүүлэлт гэж би ойлгож байдаг. Өнөөдрийн одоо ухаандаа золбин, тэнэмэл хүүхдүүд тэр хуулийн золиос. Өнөөдрийн энэ ажилгүй олон зуун эмэгтэйчүүд гудамжинд наймаа хийж, гудамжинд архичин болж, нөхрүүд нь архичин болж, гэр бүл нь салж сарнисан нь бол ерөөсөө энэ өнөөдрийн маш эмгэнэлтэй том хэлмэгдүүлэлт, золиос хуулийн золиос. Тийм учраас ер нь энэ «Зуун ямаанд жаран ухна» гэгчээр олон одоо эмэгтэйчүүдийн олон байгууллага, энэ хүүхдийн олон байгууллага энэ тэр бол ерөөсөө үнэндээ ард түмнээсээ тэр тусмаа эмэгтэйчүүд хүүхдээсээ ёстой уучлалт гуйдаг болоосой гэж би боддог. Энэ алдааг засаасай гэж боддог. Энэ үед гаргасан тэр олон эхчүүдийг нэг удаа ч болов тэтгэж дэмжээсэй гэж боддог. Тийм.

Сайнбилэг -

Ер нь төр байна ш дээ, ямар бодлого эмэгтэйчүүдийн талаар төр одоо ямар ямар бодлого явуулж байсан бэ? Тэр нь одоо яаж өөрчлөгдсөн юм энэ өөрчлөлт нь өөрт болон таны гэр бүлд ер нь яаж нөлөөлсөн юм бэ?

Наранцэцэг -

Төрийн одоо том бодлого гэх юм бол олон хүүхэдтэй эхчүүдийг одоо дэмжиж олон хүүхдийн одоо төрүүлсэн одоо мөнгө өгч аа бас одоо ухаандаа урамшуулж алдарт эх энэ тэр болгож байсан бас төрийн том бодлого л доо энэ чинь. Тэгээд тэрэндээ бас урамшигдаж хүн тэр мөнгөндөө ч биш тэр одоо ухаандаа “Эхийн алдар” гэсэн одондоо ч биш хамгийн гол нь нийгэм хүүхэд төрүүлсэн би эх орондоо бас хэрэгтэй хүнийг одоо төрүүлээд би харин эргээд хүмүүжүүлж эх орондоо хүн болгоно шүү гэдэг тэр урмыг өгч байсан болов уу гэж боддог. Аа хоёрдож ирэхэд бас одоо ухаандаа эхчүүдийн үнэхээр бас эхчүүд эмэгтэйчүүдийн талаар авч байсан арга хэмжээнүүдийг үгүйсгэх аргагүй ээ. Тэр битгий хэл одоо ухаандаа эх эх төрөх одоо эмэгтэйчүүдийн урьдчилсан үзлэг энэ тэрд оруулдаг аа хамруулдаг. Тэр битгий хэл төрийн төрөхийн өмнөх одоо байр бий болгож төрөхөд бэлтгэдэг байсан, энэ тэр тийм ажил бол бас явагддаг байсан юм. Заа яахав, эмэгтэйчүүдийнхээ ерөнхий ажлыг бол одоо удирдаж, урам хайрлаж, гадаад дотоодын янз бүрийн байгууллагуудтай холбоо тогтоодог. Тэдэндээ бас сургалт янз бүрийн семинар зохион байгуулдаг, олон улсын чанартай янз бүрийн арга хэмжээ авдаг л байсан байх. Дээд талдаа бол. Аа ер нь бол зүгээр одоо байгууллага эвлэл дээр байсан эмэгтэйчүүдийн байгууллага бол ер нь эхчүүдийнхээ эрүүл мэнд, ахуй соёлын тал дээр нь тэр анхаарч барьдаг, тийм ажлууд бол бас ч их ор тас байгаагүй биш. Хийгддэг байсан. Тийм.

Сайнбилэг -

Заа та 90 онд тэтгэвэрт гарсан гэсэн үү?

Наранцэцэг -

Тэгсэн.

Сайнбилэг -

Тэр үед яг ардчилал гарч ирж л дээ. Та ардчилалын үед юу хийж байсан бэ? Ардчилалд та оролцсон уу?

Наранцэцэг -

Би оролцоогүй. Тэр их цочирдсон. Ер нь одоо бидний чинь үед бол үнэндээ одоо ингээд бодоод үзэхэд бас наанатай цаанатай шүүмжлэлтэй хандах юм байж л дээ. Аа бид нар бас нарийндаа ярих юм бол бас ч их тийм их чөлөөтэйгээр сэтгэж чөлөөтэйгээр үг яриагаа хэлэх гэсэн, бодсон санасан юмаа байгууллагынхаа удирдлагад ч юм уу аль эсвэл одоо нам эвлэлийнхээ хурал дээр ч юм уу, хэдийгээр шүүмжлэл өөрийн болон өрөөлийн шүүмжлэлийг өрнүүлнэ гэж тэгж ярьдаг ч гэлээ гэсэн бас тэр бол тодорхой хэмжээнд бас хаалттай л байсан юм байна. Байсан. Тэр болгон бас одоо уралдаад л уралцаад л үзэл бодлоо тэдэнд илэрхийлээд л, тэр битгий хэл үзэл бодлоо хамгаалаад л, тэгээд л бусдад тулгаад байсан одоогийн ийм загвар шинж төрх бол байгаагүй юм ш дээ. Тэгээд гэнэтхэн л одоо өлсгөлөн зарлалаа ч гэдэг юм уу, тэнд одоо нээх цуглаан хийгээд, ингээд нам засгийг шүүмжиллээ гэхэд үнэхээр их цочирдож байсан би. Энэ чинь юу болж байна вэ гэж ингэж цочирдож байсан. Тэгээд одоо ингээд яриад байгаа шиг Монгол улс 90 оноос өмнө ардчилал байхгүй хүний эрх нь боогдчихсон, аа одоо бас эрх чөлөөгүй энэ тэр байсан гэж ингэж ярих юм бол энэ бас худлаа шүү үнэхээр бас худлаа юм байгаа юм. Ямар ч гэлээ гэсэн хүнд сонгох сонгогдох эрх нь байсан хэлэх ярих үг байсан. Харин тэр бол бодлоготой сэрэмжтэй хэлэх үгээ ёстой 7 хэмжиж 1 огтолж хэлдэг.Тийм л байсан болохоос биш хаалттай боолттой байсан энэ тэр юм биш. Ухаан нь сонгуулийн тухай эд нар ингээд л яриад л одоо л одоо шударга хууль л одоо яваад л сонгууль явдаг болчихсон юм шиг. Үгүй сонгууль энэ тэр чинь бол нэр дэвшиж байгаа хүн чинь хөдөлмөрийн талбар дээр гавьяатай, алдартай, хамт олондоо нэр хүндтэй, хүний өмнө гараад үг хэлчихдэг, ямар ч үедээ бол тухайн едээ шалгарсан тийм хүн сонгогддог. Тэрийг чинь нам тавиад байдаггүй байсан. Үйлдвэрчний байгууллага, эвлэлийн байгууллага сонгуулийн үнэмлэх үнэмлэхнээс чинь нам ба нам бусчуудын эвсэлээс ч гэж хүртэл бичигддэг байсан. Одоо бол ухаандаа МАХН-ын бодлогоор л хүн тавиад байдаг шиг тийм бол бишээ байсан. Үнэндээ бол.

Сайнбилэг -

Социализмын үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүн байсан бэ?

Наранцэцэг -

Албан тушаал алдар хүндтэй л хүн байсан байх. Алдар хүндтэй хүнд бол нэг их эрх мэдэл юу байхав ямар ч байлаа гэсэн ард түмнээ төлөөлөөд юм уу албан байгууллагаа төлөөлөөд, дээд, доод, дунд шатны дарга нартаа чөлөөтэй уулзаж ярилцаад, одоо санаа бодлоо солилцчихдог тийм эрх бол тэр хүнд байсан. Тэгээд зүгээр ажилчин хүнд байгаагүй гэж хэлэхийн арга байгаагүй ш дээ, байсан шүү дээ, зохих хэмжээнд байсан.

Сайнбилэг -

Байгууллагын дарга, ажилчин хүмүүсийн хоорондын харилцаа ямар байсан бэ?

Наранцэцэг -

Заа ямар ч байсан зүгээр миний ойлгож байгаа ойлголтоор бол дарга нь даргаараа, цэрэг нь цэргээрээ ямар ч гэсэн тэр албан тушаалын хүндэтгэл хүнд гэсэн юм байсан. Одооных шиг харин тэр даргаа гээд л тал найр засаад байдаг тийм юм бол ер нь бол тэрнийг би хэлж мэдэхгүй. Надад л тийм юм тохиоолдож байгаагүй. Үгийг их хүндэтгэлтэйгээр хүлээж авч, зэмлэхэд их айдаг байсан. Байгууллагын дарга ооо ухаандаа чи ингээд ер нь болохгүй байна, чи ингэхэд дарга намайг их зэмлэлээ гэж одоо тэгж түүнээс биш одоо тэрэнд эмзэглэж дургүйцэх, зэвүүцэж хүлээж авдаг тийм юм байгаагүй. Тэгэхээр бас удирдах удирдуулах ёс их өндөр байжээ гэж ингэж ойлгодог.

Сайнбилэг -

Ер нь ардчилал танд юу авчирна гэж бодож байсан бэ?

Наранцэцэг -

Ардчилал гэдгийг өнөөдрийнх шиг ийм болчихно гэж үнэндээ бодоогүй ээ.

Сайнбилэг -

Ардчилалын үр нөлөө нь юу вэ?

Наранцэцэг -

Одоо яахав дээ, хүнээс чөлөөт сэтгэлгээ нь их хөгждөг юм байна. Эрх чөлөө хэтрэх юм бол бусдын эрх чөлөө хаагддаг. Тэгэхдээ манай энэ ардчилал бол тийм гажуудал бий. Тийм. Өөрийнхөө л эрх чөлөөг бусдад тулгаад байдаг. Ер нь би ардчилалыг ойлгохдоо байна ш дээ тээ, бусдынхаа эрх чөлөөг хүндэтгэж, өөрийнхөө эрх чөлөөг илэрхийлэх илэрхийлэл болов уу гэж боддог. Тийм. Одооны энэ байж байгаа байдлаар бол ерөөсөө хүн өөрийнхөө сэтгэсэнээр л өөрийнхөө үзэл бодлыг бусдад тулгаад л болохгүй бол тэмцээд л, занаад л, зүхээд л ,хараагаад л аа одоо гүтгээд ингээд байдаг. Энэ бол их буруу гажуудал. Тийм. Тэгээд бол ардчилал их хөгжсөн Америк гээд ярьдаг. Тэгтэл ардчилал хөгжсөн тэр Америкийн ололттой талыг хардаггүй анархист одоо тийм одоо “нахал” одоо юу гэж хэлдэг юм тэр анарх талын одоо илүү их хуулбарлаад байдаг. Ардчилаын орон гээд л одоо ингээд л шударга ёс гээд л байгаа хэр нь Америкт тэгж ярих юм бол өнөөдөр бас арьс өнгөний ялгаварлан гадуурхалт гэж бас их л байгаа шүү дээ. Тэгэхлээр зэрэг энэ харьцангуй ойлголт ардчилал гэдэг бол урьд нь байгаагүй байж байгаад бий болчихсон асуудал ерөөсөө биш гэж л хэлэх гээд байна. Тийм.

Сайнбилэг -

Ер нь энэ ардчилалд ардчилал эрэгтэй, эмэгтэй хүмүүст өөр өөр нөлөөлсөн гэж боддог уу? Эрэгтэй, эмэгтэй хүнд ардчилал өөр өөрөөр нөлөөлсөн үү?

Наранцэцэг -

Одоо сайн хэлж мэдэхгүй юм. Хүн хүнийхээ ардчилал гэдгийг ойлгож хүлээж авсан ухамсраасаа л шалтгаална ш дээ гэж ойлгож байна би.

Сайнбилэг -

Ер нь ТББ-ууд монголд ямар ач холбогдолтой байсан бэ?

Наранцэцэг -

Байсан. Үйлдвэрчний байгууллага бол ажилчин ангийнхаа эрх ашгийг аа одоо ухаандаа Монголын УЗН бол одоо ухаандаа ард түмнийхээ эрүүл мэнд аа чийрэгжүүлэлт бие бялдрыг тийм ч учраас тэр Хөдөлмөр Батлан Хамгаалахад Нийгэмд Бэлхэн гэдэг тэдгийн норм биелүүлдэг, өөрөөр хэлэх юм бол тэр чинь одоо биеийн тамир спортоор ард түмнээ чийрэгжүүлээд байнаа гэсэн шүү дээ. Тэр дандаа л сайн дурын олон нийтийн байгууллагууд байгаа ш дээ. Тийм.

Сайнбилэг -

Социализмын үед жирийн хүсмүүс гадаад оронтой яаж харилцдаг байсан бэ?:

Наранцэцэг -

Улсын хэмжээний юмыг би үнэндээ бол мэдэхгүй. Гадаад харилцаа бол байсан. Би зүгээр нэг дурсамж яръя. Би одоо жаахан бага сурагч байхад Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос улсын дарга Чой Ин гэдэг хүн Сонгинод одоо зочилж ирдэг юмаа. Тэгээд би тэр хүнд галстук энэ тэр зүүж баяр хүргэж нээ тэр тэгж байсан юм. Тэгэхлээр Чой Ин гэдэг тэр хүн Сонгинын 10 жилд ч юм уу тэр үед ямар 10 ил байсан биш бага сургууль л байсан биз тэрнийг үзэх гэж очоогүй нь мэдээж. Тэр Биокомбинат одоо малын эмийн үйлдвэрийг үзэх гэж очоод л, тэгээд л манай хөдөлмөрчин ард түмэнтэй уулзаад л тэгээд л пионер сурагчид баяр хүргэж байсан байж таарна шүү дээ. Тэр бол гадаад харилцаа л байсан байж таарнаа даа. Тэгэхлээр гадаад нь гадагшаагаа ч одоо ухаандаа явдаг, гадаадаас ч одоо улс орны тэргүүн одоо янз бүрийн одоо ирдэг байсан байх. Аа харин хувь хүнийг одоо гадаадтай харьцах харилцаа их бага байсан байх. Тэр гадагшаа явж гэнэ ч гэдэг юм уу, тэднийд одоо гадаадаас хүн ирж гэнэ, энэ тэр гэсэн юм бол ерөөсөө дуулдаж байгаагүй. Аа харин зүгээр харин миний бага сурагч байх амьдралд бол тэр бас гадаад харилцаа мөн л дөө. Тэр чинь одоо 6 төгсөөд 7-д орох жилээ 67 онд биш 57 онд 57 онд би Германд явж амарч байсан. Тэр чинь 6 сард яваад 8 сарын 31 гэхэд ирж байсан юм. Тэгэхэд тэр чинь хүүхдийн байгууллага хүртэл одоо гадаадтай хүүхдээ солилцож амруулдаг барьдаг, гадаадын хүүхэд одоо ухаандаа Монголд ирж амардаг энэ тэр бас ийм бас гадаад харилцаа мөн л дөө. Олон улсын байгууллагатай одоо ухаандаа хүүхдийн байгууллагатай тэдний амьдралтай танилцаж, улс орныхоо нүд чих болж очиж тэндхийн соёл амьдрал, ахуй иргэншлийг энэ тэр танилцуулна гэдэг бас л одоо ухаандаа гадаад харилцаа юм л даа. Тийм. Тийм юманд тийм юмыг бол бас мэдэх л юм байна.

Сайнбилэг -

Та энэ ямар ямар гадаад орнуудаар явж үзсэн бэ?

Наранцэцэг -

Би ер нь тэгээд л тэр Германд явсан. Заа яахав Орост явж байсан. Өөр газар бол яваагүй. Тийм.

Сайнбилэг -

Ер нь энэ социализмын үед гадаад эд барааг хаанаас хаанаас олдог байсан юм бэ? Яаж худалдан авдаг байсан юм бэ? Хаанаас худалдаа олж авдаг байсан юм бэ?

Наранцэцэг -

Үгүй ээ одоо, Оросоос л манайх чинь одоо хүнс тэжээл, одоо гутал хувцас Оросоос орж хүрч ирдэг, Хятадаас хүрч ирдэг би энэн дээр харин нэг юм ярьмаар санагддаг бас эмзэглэж явдаг. Энэ мөнхийн салшгүй хоёр хөрш улсуудынхаа үнэхээр их туслалцаа тусламжийг манай улс авсан юм шүү. Одоо ч авч байгаа. Би юун дээр эмзэглэдэг вэ гэхлээр зэрэг бид нарын одоо хэдийнээсээ одоо мах цусанд шингэсэн дургүйцэл, өширхөл байдаг юм. Хятад гээд л их одоо муучилдаг. Надад харин хятад цус байхгүй шүү, харин ерөөсөө. Тэгээд би боддог юм. Одоо ухаандаа миллиард гурван зуун сая гэж ярьдаг байхаа хятадын чинь хүн амыг. Миллиард гурван зуун сая хүнийг энэ хятадад агуу гүрэн үнэхээр агуу гүрэн үнэхээр их ажилсаг ард түмэн үнэхээр одоо тэр ядуу зүдүү амьдралыг өөрчилж чадаж байгаа ийм гүрэн шүү дээ хятад гүрэн. Та нар одоо өнгөрсөн жил болсон Си Чуаны одоо ухаандаа газар хөдлөлтийг хар ямар аймшигтай гамшиг болов тэгэхэд ямар сэтгэлээр тэр ард түмэн өөрийнхөө гамшгийг ялан дийлээд бас болоогүй дэлхий нийтийг хамарсан одоо ухаандаа олимпийг ямар сайхан зохион байгуулав, энэ чинь агуу үнэхээр бахархмаар агуу, тэгээд ухаандаа миллиард гурван зуун сая хүнийг ингээд тэжээгээд ингээд одоо дэлхийн нийтийн тавцан дээр одоо гадаад харилцаа худалдаагаараа тэргүүлээд, хятадын бараагүй улс орон гэж хаана ч байдаггүй одоо Америк Америк гээд байгаа тэндээс чинь бэлэгийн юм ирэхэд чинь хятадын юм ирж байгаа бэлэг Японоос бэлэг нь ирэхэд хятадын юм ирж байгаа л байхгүй юу даа. Тэгээд ийм байхад манайх хоёр сая гурван зуун мянгахан хүнтэй 44 сая малтай хэрнээ өнөөдөр хоёр зургаан зуун мянган хүнээ малаас гарч байгаа түүхий эд болох сүү сүүн бүтээгдэхүүнээрээ хангаж чадахгүй байгаа нь үнэхээр гутамшиг. Би тэгээд энд энэ их эмзэглэдэг. Үнэхээр энэ баялаг гэдэг юмыг бий болгож ард түмнийг бүрэн хангана гэдэг чинь маш их урлаг, ухаан шинжлэх ухаан,чадал одоо тэгэхэд энэ энэ бүхнийг юугаар бий болгох уу хөдөлмөрөөр бид нар хөдөлмөрөөрөө бий болгож чадахгүй энийг удирдаж чадахгүй байгаа нь үнэхээр гутамшиг л байгаа байхгүй юу. Би ингэж л энд эмзэглэдэг. Тийм учраас би өнөөдрийн монголчуудын хэрэглэж байгаа хоол хүнс, монголчуудын хэрэглэж байгаа гутал хувцас, бүгд энэ хоёр ар талд байж байгаа ард түмнээс л орж ирдэг юм чинь, ер нь одоо ингээд юм болгон дээр ам нээх л юм бол аа муусайн хятадууд аа муусайн оросууд муу хятадын бараа гэтэл одооо өнөөдөр өөрийн эх орны бүтээгдэхүүн гээд л гарч байгаа юм бас авахаар дийлдэхээргүй ийм байгаад л тэгээд л одоо аргагүй эрхэнд ганзагын наймаачидын тийм тэгж ярих бол улсын үйлдвэрийн тэр чанартайг олж ирэхгүй байна зарим ихэнх тохиолдолд тэгээд л зүгээр л ёстой өөрөө хувиараа гар үйлдвэрээр хийсэн тэр улсуудын л хямд хөсөрхөн муухан юмхнаар юм болгочихсон тийм юм авчирчихаад л тэрнийг ингээд л яриад суудаг нь үнэхээр бид нарын буруу гэж би бас боддог.

Сайнбилэг -

Таны ингэж одоо үзэж байгаагаар өдий хүртэл манай энэ нутаг байгаль орчин ер нь яаж өөрчлөгдөж ирсэн?

Наранцэцэг -

Маш их өөрчлөгдсөн. Мини жаахан байхад чинь аа Биокомбинатын чинь араар одоо ухаандаа тэр чинь нөгөө гурвалжилсан тулгын гурван чулуу шиг гурвалжилсан уулын завсар шүү дээ, Биокомбинат чинь. Хойд талаараа Сонгино Хайрхан тахилга шүтлэгтэй том хайрхан чинь одоо зүүнээсээ баруун тийшээ үргэлжлээд явсан. Аа Туул голынхоо урд талд хоёр жижигхэн хөөрхөн толгой урагшаагаа үргэлжлээд явсан байдаг юм. Тэр Баруун мөрөн Зүүн мөрөн гээд. Тэгэхэд яахав тийм хавчигхан юунд ч гэлээ гэсэн Туул гол яг дундуур нь л одоо урсаж байгаа байхгүй юу. Миний жааханд л тэр Туул голоор чинь сал явдаг маш том гол байлаа. Тэр салаа одоо ухаандаа голын эрэг дээр гаргаад одоо тавьдаг дэвхийсэн хураасан дүнзэн модтой энэ тэр байдаг байлаа. Гэтэл ордоо өнөөдөр тэнд тийм дүнзэн мод хураах байтугай зай байхгүй тэр бүх гол чинь ширгэчихсэн өмхий ногоон шалбааг болчихсон ийм. Үнэхээр байгаь дэлхий зүгээр цаанаасаа бас одоо энд чинь дэлхийн цаг уур өөрчлөлт ер нь нөлөөлдөг байх. Хүний хүчин чадлаас асар их юм өөрчлөгдөж устаж байгаад үнэхээр эмзэглэж явдаг. Яагаад уу Туул гол чинь одоо ер нь энэ тэндээс ирсэн ер нь монголоо гэсэн сэтгэлтэй хүн бол Туулийнхаа уснаас амсах гэж их хүсдэг ер нь бол хүсдэг юм байналээ. Одоо бол дан ялангуяа Өвөрмонголынхон энэ тэр бол бас хөөрхий минь Ар монголынхон Туулын уснаас уух гэтэл өнөөдөр Туулын Туул гол ёстой ногоон өмхий шалбааг л Сонгинын тэрүүгээр та нар ингээд УБ ингээд энэ Зайсангийн гүүрнээс тунгалагтах нь гайгүй байгаа байх. Тэр доошоо бол үнэхээр харамсмаар өмхий ногоон шалбааг байдаг. Тийм учраас хүний хүн байгальтайгаа хэрхэн харьцана байгаль тэр хариуг өгөөд л байгаа байхгүй юу даа. Аа энэ цаанаасаа яахав, одоо ухаандаа ер нь дэлхийн нийт цаг уурын өөрчлөлтөөр өөрчлөгддөг л юм байгаа биз. Ихэнхи нь бол хүний гараар ингэж одоо бохирлогдож бузарлагдаж, аа эвдэрч сүйдэж, заа тэгээд одоо зурагтаар гарч байгаа та нар алтны уурхайн тэр онгичоод хаясан шороо би Шарын голыг хараад бас их харамсдаг. Шарын голд би 16 жил болсон. Тэгээд Шарын голд чинь одоо их сайхан байгальтай шүү дээ хачин сайхан байгальтай. Тэрнийг чинь зүгээр онгичоод онгичоод, онгичоод ёстой хүүлээд хүүлээд хаячихсан, газрыг хүүлээд хаячихсантийм байдаг юм. Эргээд нөхөн сэргээх гэж байхгүй. Ер нь би энэ алтны нэг тийм одоо бодлого явагдаад, тэгээд л одоо чадалтай хүн болгон л алтны уурхайнх одоо онгичоод байгаа энэ бодлого бол маш буруу бодлого байсан гэж ингэж бол дахиж нөхөгдөхгүй сэргээгдэхгүй энэ алтыг ухаад авчих юм бол тэгээд л хов хоосон л юу ч үгүй шороо үлдэх ийм нөхцөлд их бодлоготойгоор зарцуулах байсан энэ ёстой хойч ирээдүйдээ үлдэж байгаа хүндээ ёстой юу ч үлдээхгүй цөлмөж байгаа маш муухай одоо үйл ажиллагаа гэж би боддог би ер нь. Тийм. Тэр алтны уурхайн юугаар одоо цөлмөөд хаячихаж байгаа юуг бол үнэхээр харамсмаар. Заа зүгээр хамгийн наад зах нь УБ-ыг тойрсон ногоон бүсэд байж байгаа Чингэлтэйн амыг хар зуслангийн ам Чингэлтэйн ойн эцэс рүү ямар гоё зуслан, ямар гоё битүү ойтой, ямар одоо олон албан байгууллагагуудын зуслан байлаа одоо тэнд одоо ёстой юу ч байхгүй. Хожоол энэ үнэхээр хүн байгальтайгаа маш цэвдэг харьцдаг энэнээс л одоо байгаль дэлхий ямар ч гэлээ гэсэн эргээд тэр хариугаа бол авч л таарна. Хоёрдож ирэхэд хот суурин газрыг одоо битүүлээд л цементлээд байдаг. Ерөөсөө л өнөө жаахан тарьсан орос ах нар одоо УБ-ын юуг төлөвлөлтийг хийгээд яахав төлөвлөлт бол их буруу л хийгдсэн байдаг юм л даа хөгжинө өргөжинө гэдэг талаасаа биш болохоор зэрэг энэ шахуу жаахан одоо машин зөрөх зам юм хүртэл тийм шахуу баригдчихсан өнөө жаахан таригдсан хэдэн модуудыг л тэгээд л одоо албан байгууллага одоо байшингаас нь одоо нэг тийм илүүдэл юм барьчихаад л шахаад л явган замыг нь хүртэл булааж авчихаад л өнөө модыг нь хүртэл булааж авч тайраад л тэнд чинь өөрийнхөө машины зогсоол болгоод л тэгээд л цементлээд л байна, цементлээд л байна. Байгаль дэлхий гэдэг чинь өөрөө ерөөсөө л одоо аа ёстой агаар ус газрынхаа гүнтэй нягт холбоотой л амьсгалж байдаг амьд л организм шүү дээ энэ газар шороо гэдэг чинь. Гэтэл тэр бүгдийг дараад цементлээд байхаар зэрэг хэзээ нэгэн цагт л тэр хагарч задарч дэлбэрч л таарна биз дээ. Тийм учраас тэнд үхмэл тийм хөрс бий болоод өнөөдөр УБ-т өнөө сайхан усалсан зүлэг ногоо таримал байхгүй л бүх одоо газар шороо нь үхмэл болчихсон үнсэн саарал юу ч одоо тэрэн дээр цацаад ургахгүй ийм л болчихоод байгаа байхгүй юу.

Сайнбилэг -

Таны амьдралын туршид монгол дахь шашин шүтлэг яаж өөрчлөгдсөн гэж та боддог вэ?

Наранцэцэг -

Би өөрөө нээх шашин шүтдэггүй ээ. Тэгэхдээ одоо эцэг өвгөдөөсөө одоо ингээд уламжлаад ирсэн дан ялангуяа ухаандаа нас барагсдын оршуулгын зан үйл дээр юу баримталдаг тэр юуг бол тойроогүй ээ дайрч ирсэн. Өнөө л нас барсан хүнээ оршуулдаг зүг чиг одоо уншдаг ном зомыг юу яасан тэрнээс ганц ч юм энэ нас барсан хүнд энэний маань сүнс амгалан тэнгэрт одог ард нь үлдсэн хүн хүний амаржиж амирлаг гэсэн ганц ч ширхэг үгээр ч тэр бурхны шашны одоо лам нарын одоо уншиж байгаа уншлагаас би олж сонсоогүй. Миний зориулсан тэр ном уншигдаж байгаа юм уу, хүнд зориулсан ном нь уншигдаж байгаа юм уу, амьд хүнд зориулсан уншиж байгаа ном юм уу, үхчихээд байгаа хүнд нь зориулагдаж уншиж байгаа ном юм уу, би тэрнийг ерөөсөө ойлгоогүй. Тэгээд харин би одоо сүүлийн хоёр жил гарна боллоо би тэр ертөнцийн эзэн гэдэг үгийг уншиж өөрөөр хэлвэл Библийг уншиж тэр Библи тэр ертөнцийн эзэн ертөнцийг бүтээгч тэр эзний тэр үгийг уншаад үнэхээр гайхалтай амьд үгтэй юмаа гэдгийг тэрнийг үнэхээр биширч чадсан гайхалтай үг бий. Би тэрнийг уншихдаа яагаад унших болсон бэ гэхлээр яагаад энэ Библи дээр Америкийн ерөнхийлөгч одоо сонгохдоо гараа тавьж байгаад тангараг өгөдөг юм болоо? Энэ ер нь юу гэсэн үг байдаг юм бодлоо гэж анх сонирхож уншсан. Тэрнийг бол зүгээр нэг одоо жирийн хүн уншаад тэрнийг бас ойлгохгүй дотроо их ойлгохгүй ойлгогдохгүй юм бий. Тэгээд тэрнээс миний ойлгож авсан хүний сүнс тэр Библийн бичсэн үг хоёр бол сүнсний үг хүний сүнс тэр сүнсний үгийг хүлээж авахлаар зэрэг ойлгодог юм байналээ. Энэ бол гайхалтай. Үнэхээр гайхалтай. Би харин зүгээр хэлэхэд би энэ энэнгээр энэ юманд нээгдэж энүүгээр одоо миний сэтгэл одоо сэтгэл зүрх нээгдэж, аа хүн энэ энэнээс өөрийнхөө гэм бурууг ухаарч, сэтгэлээсээ ариусгах тэр үг бол олж авсан. Үнэхээр гайхалтай.

Сайнбилэг -

Ингэхээр монголд уламжлалт шашин шүтлэг Буддын шашин их байлаа ш дээ. Одоо тэгэхээр бас ертөнцийн эзэн Христид итгэх хүмүүс их болж байна гэсэн үг байна ш дээ, тээ? Тантай адил ярьж байгаа хүмүүс их олон байгаа байхдаа?

Наранцэцэг -

Би хэлж бэлтгэж байгаа үнэхээр. Тэр үгийг ойлгоод л ирэх нь нийгэмд хүнд ер нь сүнс байдаг гэдгийг шинжлэх ухаан хүртэл нотолчихсон байдаг шүү дээ тиймээ. Тэгэхлээр одоо Буддын шашинд хүртэл хүний сүнс сүлд одоо доройтчихож сүнсийг нь дуудаж байна сүнс нь оройтчихоор бие нь мууддаг энэ тэр гээд ингээд ярьдаг биз дээ. Тэгвэл тэр Библи дээр чинь тэр чинь байдаг юм сүнс одоо өвчлөөд сүнс нь одоо үхчихлээр зэрэг одоо бүх ажил үйлс нь байхгүй болдог гэж. Тэгэхлээр би энийг бас яагаад их сонирхсон бэ гэхлээр зэрэг ертөнцийн энэ одоо тогтолцоо ухаандаа дэлхий нарыг тойрдог тодорхой хугацаа, тодорхой замтай, өдөр шөнө болдог нэг ч минут секунд алдахгүйгээр эргэж тойрдог. Үгүй ээ бүр нэг цаанаасаа л ёстой бүр нэг нарийн тооцоотойгоор энэ юмнуудыг хийсэн юм шиг энэ ер нь сонин юм шүү л гэж хар залуугаасаа сонирдог байсан байхгүй юу. Тэгээд би сүүлдээ ер нь энийг бүтээгч ямар нэгэн юм байна ямар нэгэн одоо хүч байгаа гэж би боддог байсан. Тэгээд би харин энэ нэг их сонин юм надад бас юу яаж яасан юм, би одоо судасны өвчтэй жил болсон юм тэгээд энэ өвчнийг анх судасны зангилаа гэдэг өвчин энэ судасны бөглөрөлт бол хөл гар тайрагдана энэ аюултай гэж эмч хэлсэн байхгүй юу, тэгээд би гэртээ тэрнийг дуулаад сэтгэл санаагаар унаад, тэгээд сүүлдээ би бас их чанга хатуу хүн л дээ. Тэгээд ер нь ер нь намайг бүтээсэн би ер нь бурхны бүтээлээр ямар ч байлаа гэсэн намайг бүтээсэн тэр бурхан ямар ч гэлээ гэсэн ийм сайхан эрүүл саруул, ийм сайхан одоо ингэж төрүүлчихээд би одоо эрхтэн дутуу биш, ухаан хомс биш, ийм сайхан төрүүлчихээд ертөнцөөс буцах гэхлээр яахлээрээ миний эрхтэнг талыг нь түрүүлж тайруулаад, тахир дутуу болгоод авах юм ерөөсөө бурханд итгэхгүй гэсэн тийм сэтгэлгээтэй л орж ирсэн. Тэгээд би найз нартаа одоо энэ чинь чи сайн үзүүл урагшаа явж эмчлүүл гэхлээр зэрэг үгүй би явахгүй бурхан намайг хэрвээ бүтээсэн байдаг юм бол бурхан намайг ийм сайхан эрүүл саруул бүтээчихээд, тэгээд насны эцэст явахад нь эрхтэн дутуу үлдээгээд, хагас дутуу явуулахгүй нь үнэн яагаад ч юм хэн ч надад хэлээгүй байхад надад тийм сэтгэлгээ төрсөн байхгүй юу тэгээд л би тэрний дараагаар л ер нь энэ ямар нэгэн одоо хүч ер нь хүнд тусалдаг юм байнаа, хүч хүнд байдаг юм байнаа гэдэг л ойлголттой болсон юм даа. Тэгээд би харин тэр тэр Есүсийн сүмд явсан одоо тэр юуны яг телевизийн өөдөөс харсан хамаг зүйлийг ярьдаг цуглаанд явсан. Тэгээд тэнд очоод энэ сургааль Библийн сургаалийг пастер Жам Ио-гоос сонссон солонгос пастераас сонссон тэр бол миний сонсоод л энэ их үнэхээр гайхалтай юмаа гэж ойлгоод л, тэгээд би явдаг болсон. Тийм.

Сайнбилэг -

Та ер нь төрд шашин шүтлэг яаж нөлөөлсөн гэж боддог вэ? Төрд шашин шүтлэг яаж нөлөөлөх үү?

Наранцэцэг -

Би тэрнийг бол одоо ухаандаа Цэдэндорж даргийн ..... гэдэг ном би уншсан. Одоо тэр улсын сэтгүүлч зохиолч тэр хүний бичсэн юу тэгээд энэн дээр нарийн ярих юм бол монголчуудын чинь одоо ёстой эр хүйстэй болгоны чинь ёстой ерөөсөө л гуравны хоёр нь л ёстой сүм дуганад л шавьлаад суучихсан, тэгээд л тэр чинь зүгээр л хар ухаанаар хэлэхэд л хийж бүтээсэн, одоо улсын хийж бүтээж бий болгож байгаа юмыг чинь хүртэгчээд л сууж байсан болохоос биш хийх жил байгаагүй шүү дээ, лам нар чинь нарийн ярих юм бол. Тэгэхлээр бас одоо ухаандаа улс орноо ингээд бас энэ ардчилсан замаар хөгжүүлэх гэж байгаа ийм улс оронг хаана ч дэлхий дээр туршлага болоод одоо юу яахаар өөр улс олон байсан. Оросын одоо юугаар явж байлаа. Тэгэхлээр энэ их олон ламыг одоо ер нь улс нийгмийнхээ хөдөлмөрт татан оролцуулъя ядахдаа өөрөө өөрийнхөө төлөө хөдөлмөрлөдөг, малаа малладаг болгоё гэсэн тийм бас бодлого бас буруу ч биш байсан болов уу гэж ингэж боддог аа тийм учраас тийм их л олон ламтай л байсан юм чинь. Ухаан нь төрийн бодлогодоо бас жаахан тийм хатуу бодлого баримталсан л юм байгаа биз, аа харин тэр одоо их сүм дуганыг устгаж барьж наана цаана болсон тэр юм нь тухайн үедээ бас хэлмэгдүүлэлт л байж л дээ, тэр чинь зөвхөн шашин гэдэг талаасаа биш бас түүх дурсгалын том одоо хэрэглэгдхүүнүүд байж гэдэг талаасаа бас асуудалд дутуу дульмаг л хандсан болов уу гэж ингэж боддог. Аа ер нь бол би одоо одоо энэ жаахан залуучуудыг энэ тэр лам болгоод нэг муу жаахан бандийг .... мэдэхгүй баахан төвд номнууд энэ тэр цээжлүүлээд, ингээд байгааг би бас харамсдаг үнэндээ. Цаад утга учрыг нь одоо мэддэг болов уу энэ хүн одоо баахан л одоо энэ ухаан нь наад зах нь л та нарт “Ногоон дарь эх”-ийн тарни гээд л нэг дураарий дудаарий ум даари дудаари ч билүү ямар юм билээ, нэг тийм юм уншдаг шүү дээ. Тэрнийхээ утгыг мэдэхгүй, тэр цээжлээд ингээд явах юм бол тэр ерөөсөө мухар сүсэг шүү дээ.

Сайнбилэг -

Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн зүйл байдаг уу? Таны амьдралд..?

Наранцэцэг -

Байхгүй ээ. Би одоо ерөөсөө жирийн л одоо хүн сэхээтэн л хүн. Надад нээх их баяр баясгалан төрүүлсэн юм ч байдаггүй, нээх их гомдол, гутрал төрүүлсэн ч юм их байдаггүй юм. Жирийн л.

Сайнбилэг -

Та ер нь одоо энэ хойч үедээ ер нь ямар юм дутуу ярьчихлаа гэж бодож байна вэ?

Наранцэцэг -

Би өөрөө хүүхдийн байгууллагад ажиллаж байсан. Хүүхдийн төлөө ер нь тэгээд багш хүн гэдэг бас их хүүхэд шигээ тийм сэтгэлгээтэй болчихдог, юм юманд их баярлах, гомдох нь амархан. Би өнөөдрийн энэ өндөрлөгөөс харахад хүүхдийг хэтэрхий их хүүхдийн одоо тийм гэнэн цагаан бодлоосоо чөлөөлөгдсөн тийм харгис хатуудуу ч гэдэг юмуу, тийм бодолтой болж байгаад их эмзэглэдэг. Хүн хүний үгийг одоо дуулахгүй, хүний үгэнд эмзэглэдэг, хэдэрлэдэг, ядарладаг. Одоо 7 сарын саяын одоо өнгөрсөн үйл явдлыг бол би үнэхээр харамсдаг. Өнөөдөр одоо ухаандаа ер нь тэгэхдээ бол одоо ингээд харж байхад би үнэхээр Элбэгдоржийн энэ үйл явдал Элбэгдорж өнөөдөр төрийн тэргүүн болж улсын ерөнхийлөгч болж болох зиндаанд хүрсэн ийм одоо зангаргатай ийм хүн бишээ гэж ингэж боддог өнөөдөр тэр Элбэгдожийг улсын их хуралд нэр дэвшихээсээ эхлээд л ерөөсөө энэ залуучуудыг өөрийнхөө энэ бусархаг үйлдэлд уруу татах нь гэдэг тэр заналхийллийг хийсэн юм байна гэж би одоо дүгнэж явдаг. Тэр хүний хувийн бодол шүү яагаад уу гэхлээр Элбэгдоржийн одоо хувийн одоо ухаандаа юуг нь шүү дээ тэр танилцуулга хэлж байгаа үг хэлж байгаа үгэндээ Элбэгдорж юу гэж хэлж байсан бэ гэхлээр одоогоос 18 жилийн өмнө бид нар нэг ч хүний хамраас цус гаргаагүй нэг ч цонх хагалаагүй тэр бахархал байгаагүй юм байна гэж одоо ойлгодог. Яагаад уу гэхлээр одоо тэр цонхыг чинь хагална шүү, хамраас чинь цус гаргана шүү гэсэн заналхийлэл байдаг байж ингэж ойлгодог. Аа хоёрдож ирэхэд Элбэгдорж тэр үгэндээ хэлдэг байсан. Юу одоо тэр үед төрсөн хүүхдүүд 17, 18 настай залуучууд байгаа энэ тэр гэж тэр бахархал байгаагүй байна. Ардчилалын үед төрсөн хүүхдүүд шүү гэсэндээ гэж хэлсэн ч гэсэн бахархал байгаагүй байна гэж би ойлгодог. Яагаад уу гэхлээр зэрэг өнөөдөр тэр 7 сарын 1 -ний үйл явдлаар орон шорон орсон залуучууд бол 17, 18 настай залуучууд тэрний золиос болсон гэж ингэж ойлгодог. Хоёрдож ирэхэд Элбэгдорж айл болгонд тараасан календарь дээр аа 2 сая 600.000 Чингис сэрлээ гэж ингэж хэлсэн байдаг хэлж байсан, тэгэхлээр одоо Чингисээр одоо ухаандаа монголчууд бахархаж монголчууд 2 сая 600.000 монголчууд ухааржиж сэрлээ гэсэн утга байгаагүй юм байна гэж ойлгодог. Тийм. Тэгээд энэ бүгдээсээ яагаад та нар өөрсдөө зурагтаар харсан яг 7сарын 1-ний үйл явдлыг харсан тэр одоо ухаандаа хаана бол Дуурийн театрын дээр гараад бичсэн байдаг юм уу, хаана нь гараад бичсэн байдаг юм, энэ телевизийн бичлэг дээр та нар харж байгаа тэр ардчилсан намын тугийг бариад бүгдээрээ одоо жагсаад наашаа ирэх гэж байсан яг тэр үед ёстой байдал бүр яг хяналтнаас гараад бүр зодоон шатаалтын юм хийх газар буцаад тугаа аваад өөрснийхөө байр луу орж байгаа юм бий байдаг юм. Тэгэхлээр энэ бүх залуучуудыг турхирч өдөөн хатгаж, урдаас бэлтгэж, өчнөөн хүн тэр тонн чулууг л ачуулж барьж, одоо ингээд авчраад, ийм юмыг хийчихсэн хүн өнөөдөр жигтэйхэн шударга байж ярьж ингэж байгаа нь үнэхээр одоо хүний дургүйцэл зэвүүцлийг хүргэдэг. Тийм. Би тэгээд энэ бүгдээс хараад энэ залуучууд бол үнэхээр одоо өрөвдөлтэй хэдийгээр тэд ажилгүй сургуульгүй, гудамжинд лааз өшиглөөд, архи уугаад явж байсан ч гэлээ ийм турхиралт өдөөн хатгалалт ингэж одоо буруугаар зүрхийг нь хөөрүүлсэн үйлдэл өдөөн хатгалга байгаагүй бол нарандаа явж л байх байсан шүү дээ гэж би харамсдаг. Тийм. Тэгээд хэрвээ энэ шударга хүн байсан бол энэнийхээ төлөө уучлалт гуйх байсан. Нэг ч юм ярихгүй. Бүх бурууг л одоо Хувьсгалт Нам руу чихэж сонгуулийг нь будлиантуулж явж, ингэж явдаг юм хэд хэрвээ сонгуулийн будлиан байгаад ер нь одоо Хувьсгалт Нам буруутай байгаад ингэсэн ч байлаа гэлээ гэсэн ийм бусармаг үйлдлийг улс төрийн ноён нуруутай хүн бол хийх ёсгүй л байсан байхгүй юу даа. Тэгэхлээр энэ хийсэн л байж байх. Би энэ талаар эмзэглэж л явдаг даа.

Сайнбилэг -

Заа маш сонирхолтой ярилцлага өгсөнд тань их баярлалаа. Д.

Наранцэцэг -

Заа баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.