Pürevdorj


Basic information
Interviewee ID: 990244
Name: Pürevdorj
Parent's name: Jamba
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1925
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: Buddhist
Born in: Bugat sum, Bulgan aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder, farmer
Father's profession: herder, farmer


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
politics / politicians
democracy
privatization
funerals
environment


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

auto transportation
cultural campaigns
belief
nature and environment
men and women
privatization
funeral rituals


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Сайнбилэг -

За сайн байна уу Пүрэвдорж гуай?

Пүрэвдорж -

Сайн сайн байна уу?

Сайнбилэг -

За өчигдөр бид 2 нэг ярилцлага хийсэн, тэр ярилцлагаа хоёулаа энэ удаа үргэлжлүүлье

Пүрэвдорж -

За тэгье

Сайнбилэг -

За та ингээд тээврийн байгууллагад ажиллажээ, анхны та 16 жил шууданд ажиллаж байсан, та дараа нь ямар ажил хийв?

Пүрэвдорж -

Дараа нь тэр шуудан бааз гэдэг маань манай 1-р баазаас салаад шуудан бааз гэж энэ Сонсголонгийн энэ рүү явчихсан юм. Тэгэхэд нь үлдээд сисчер барьсан. Сисчер бариад нэг миний өнөө түрүүний ярьдаг тэр Данхарбаатартай анх тэр санаачлага гарахдээр нь тэрнийг нь сонирхсон ч юм уу яасан ч юм, тухайн үедээ тэрэнтэй хамтраад бас чиргүүл хийгээд л, тэгээд л чиргүүлээ чирсээр байгаад л энэ тэрнээс хойш чинь одоо 86 он хүртэл бараг 20 жил болоо биз дээ, чиргүүл чирсэн, тэгээд л тэтгэвэрт гарч байгаа юм.

Сайнбилэг -

Таныг ер нь одоо яг тэр тээврийн жолооч хийж явах үе байна ш дээ, тиймээ эхлээд 16 жил та аа юунд явлаа ш дээ төвийн шууданд, тэр үед яг дайны дараах ч үе юм байна, тэр үед улс орон ер нь ямар онцлогтой цаг үе байсан бэ?

Пүрэвдорж -

Заа, тэр чинь одоо сайн мэдэхгүй, ямар юм болж явсан юм бэ дээ энэ жолоочийн ажил гэдэг чинь юу юм байна ш дээ. Зүгээр ажиллах амьдрах гэсэн хүнд бол сайхан ажил. Сурч боловсрох, соёлжих гэсэн хүнд бол хамгийн муу ажил. Хөдөө дандаа одоо бараг гэрт орохгүй, энэ айлыг чинь энэ хөгшин чинь болгож байгаа, тэр чанараараа ер нь янз бүрийн юм дуулах, янз бүрийн юм мэдэх, сурч боловсрох талаараа бол айхтар муу ажил байгаа юм. Ямар ажил юу шаардагдаж байсныг мэдэхгүй, анхан чинь бид нарыг байж байхад ч яахав дээ социализмын үе, тэгээд захиргаадалтын үе ч гэж ярих юм даа. Төвлөрлөсөн эдийн засагтай, төлөвлөгөөтэй нэг тийм л. Хүн болгонд хүний эрх ярих юм бол айхтар муу байсан юм шиг байгаа юм, хүний эрх байхгүй. Ер нь л хүн эрх байхгүй байсан юм шиг байгаа юм гэж би боддог юм. Аа тэр дотор жолооч хүн гэдэг бол ер нь нэлээн эрхтэй дархтай,тэгээд л ачаагаа авчих юм бол аль аймагт явна, аль аймгийн шуудан авна, тэр аймгийнхаа улсуудтай ярьж хөөрөөд хэд хоногоор одоо тэр л төлөвлөгөө би бол тийм сайн жолооч байгаагүй, заа нээх сайхан төлөвлөгөөтэй л жолооч байж дээ одоо бодож байхад. Тэгээд нэг их айхтар тийм янз бүрийн юм, улс ер нь ямар байсан юм бол юугаараа ядарч юу нь болж, юу нь болохгүй байсан юм бол гэдэг юу бол ер нь нээх сонирхдоггүй, мэдлэг байхгүй юм л даа.

Сайнбилэг -

Ер нь тэр нүдэнд харадаж байгаагаар 16 жилийн дотор, тэр жилээс жилд одоо бодвол амьдрал нь сайжирсан байхдаа бодвол?

Пүрэвдорж -

Сайжирсан. Сайжрахад бол ерөөсөө сайжирсан, тэр улсын хөгжил ч сайжирсан санагдаад байгаа юм. Ерөөсөө цөөхөн тэрэгтэй ерөөсөө ЗИС-5 гэдэг машинаар явж байсан бол барьдаг тэрэг нь хүртэл одоо арай боловсронгуй 51, 69 ч билүү нэг тиймэрхүү маягтай тэрэгнүүд шинэ тэрэгнүүд шинэ маягийн техникүүд элбэгшээд, ингээд ирсэн шиг байгаа юмаа. Тэгэхлээр тэр талаараа бол аргагүй сайжирсан байх. Тийм. Заа хүний эрх гэдэг талаасаа бол зүгээр нэг газарт ажил хийж байсан улсууд бол ер нь их их муу байсан шиг болоод байсан юмаа даа гэж боддог юм би. Ямар сайндаа л одоо бараг л хүний эрхийн доор шахуу байж дээ, тэгээд л тэр үед чинь одоо Цэдэнбал даргийн хэцүү байлаа гэсэн хэцүү ч байсан шиг байгаа юм. Тэгэхдээ тэр эрхийн талаараа болвол одоо хувийн ажлыг хоёр дугаарт бод, албаны ажлыг нэгдүгээрт бод, хувийн ажлыг бол хоёрдугаарт бод гэж одоо нэг тиймэрхүү юм гарч байсан юм. Тэгээд бодсон чиг л гэсэн одоо ер нь хувьд ер нь одоо ямар ядрал зүдрэл одоо амьдралд юу л болж байна, тэрнийг тэр улсын л одоо ажил нэг л одоо нэг нэгдүгээрт бодож яв гэсэн тийм талаасаа бол их гадаад дотоод явах, одоо янз бүрийн талаасаа бол их айхтар хавчигдмал байсан юм болов уу гэж би санадаг юм. Тийм эрх байхгүй. Одоо жишээ нь түүхээ ярих эрх байхгүй одоо ч ер нь байсан юм болов уу даа гэж боддог юм. Одоо тэр Төмөр-очир гэдэг хүн одоо энэ Хужиртад амарч байсан, нөгөө юуны зөвөлгөөн хийнэ гэж ямар зөвөлгөөн билээ нэг тийм зөвөлгөөн хийхэд тэнд бас нэг хэдэн сар цуг амарсан юм, сар гаран.

Сайнбилэг -

Та нөгөө хэлмэгдэж байсан Төмөр-очир гуайг элж байна уу та?

Пүрэвдорж -

Тийм. Тэр Төв хорооны нарийн бичгийн дарга байлаа л даа. Тэр чинь нэг тиймэрхүү ажил хийхээрээ тэр амралтанд очоод баахан ном судар дэлгээд суучихдаг байсан ш дээ. Өөрт одоо яахав, гайгүй нүдэнд дулаахан харагддаг байсан юм уу яасан юм тийм улсуудыг болохоор алив нааш ир, оръё хамт зураг хөргөө авахуулъя, чи ч хаана ажил хийж байсан юм яаж байсан хүн бэ гээд л чи бид 2 шиг хамаагүй ярьдаг, сайхан хэнхэг тийм л хүн байсан юм. Тэгээд тэр чинь одоо үзэл суртлын зөвлөгөөн хийлгэнэ гэж намайг амарч байхад тэгж байсан. Чингисийн хөшөө мөшөө барина гээд л тэгсэн чинь Чингисийн хөшөө барих байтугай, үгүй ээ энэ хаана юм бэ дээ нэг шавар овоолсон юм шиг байгаа юмаа. Тэгээд л энэ Хужиртад зөвлөгөө хийлгэнэ гэдгийг чинь өөрөөр нь өөрийн нь мултлаад л тэр л бараг уруудаад л, ингээд л одоо нутаг заагдаад л, үйлээ үзлээ л дээ. Тэрний дараачийн тэр Лоохууз моохууз, Сурмаажав, Нямбуу энэ тэр гээд л. Тэгээд бодоход түүхээ хүртэл ярьж болдоггүй их айхтар үе байсан юм уу гэж би боддог юм. Тэр үгүй ээ одоо энэ Цэгмид гуай чинь цэрэгт 61 онд 1961 онд боллуу даа НҮБ-ийн элсэлт, Нэгдсэн Үндэсний Байгууллагад гишүүнд элсэхэд тэнд явчихаад тэр манай цэрэгт байсан Шижээхүү гэж жолооч цуг явсан юм. Тэр тэр чинь хүрч ирчихээд хэвлэлийн бага хурал хийлгээд ай даа Америк гэдэг чинь янзын сайхан газар байх юмаа, үгүй ээ мөн хөгжил гэдэг чинь шал өөр юм байна, юун Зөвлөлт Холбоот Улс гэж, юу ч биш ингээд одоо яахав дээ хөөрхий, явснаа л санаад ярьчихсан байхгүй юу даа. Тэгсэн чинь айхтар буруудсан ш дээ хөөрхий Цэгмэд гуай чинь тэгээд тэд тийм тийм байлаа Шижээхүү надад ярьж байсан юм....Үгүй ээ тэр чинь янзын газар байдаг юм, манай дарга тэгж ярьчихаад чухам арай л алуулсангүй шүү гээд хөхөрч байсан. Тэгээд бодоод байхад хүний эрхийн хувьд л лав тэр социализмын үе гэдэг чинь болдоггүй юм биш болдог юм байдаг юм өө. Ер нь тэгээд ямар ч нийгэмд хүн ажил хийдэг, амиа тэжээчихэж чаддаг хүн бол ямар ч л нийгэмд болдог л юм байна. Залхууч тийм улсуудад л жаахан төвөгтэй. Ер нь нэлээн дор орсон хүн бол сэхдэггүй би тэгж санаж явдаг юм. Зарим улсууд чинь яахав дээ, албан газар мазраа муу хэлээд л, дарга маргаа муу хэлээд л, тэгээд л явдаг улс байдаг л юм л даа. Би тэр улсуудад жаахан дургүй. Эрхийн талаар тийм байсан юм шиг байгаа юм. Ажил хөдөлмөрийн талаар бол яахав ээ, одоо өнөө нэг л одоо албан газар гэж байсан юм. Одоотой адилхан хувийнх гэж байхгүй, дандаа албан газар хувиартай, тэр албан газарт л ажил хийж байсан хүн бол тэрэнд оногдсон ямар мэргэжлийн хүн байна тэр үүргээ л сайн биелүүлээд явах юм бол болоод л явдаг нийгэм байсан юм байна даа социализм гэдэг чинь бас тийм болохгүй ч юм байгаагүй ч юм шиг санадаг, надад санагддаг юм. Тэгээд улсууд л яахав сүүлд энэ ардчилсан улсууд гарч ирээд бас муу муухайг нь гайхаж л байсан. Тийм болохгүй ч биш болдог л юм байналээ. Хүний эрхийн талд бол тийм муу байсан юм. Ажил хөдөлмөрийн тал дээр болвол яахав, баяжиж болохгүй, их газар юм хум үзэж болохгүй, гадаад дотоодын хүнтэй уулзаж ярьж болохгүй, тийм л эрх нь хоцрогдмол болохоос биш бас тийм болдог л юм байсан юм байналээ л дээ.

Сайнбилэг -

Ер нь Пүрэвдорж гуай таны амьдралд ер нь ямар нэгэн юм их гүнээр нөлөөлсөн тийм үйл явдал байдаг уу?

Пүрэвдорж -

Гүнээр нөлөөлсөн тийм явдал бол гайгүй ээ, байгаагүй ээ. Байгаагүй биш л санагдаж байна, одоохондоо бодож байх юм бол ер нь.

Сайнбилэг -

Тэгвэл ер нь таны амьдрал ер нь бусдаас онцгой, тиймээ. Бусдаас онцгой гэх зүйл бий юу таны амьдралд?

Пүрэвдорж -

Байхгүй ээ. Ер нь тэгээд л яг л ажил одоо амьдрал л юм болохоор мөн л амьдардаг амьдрал дундуур л яваад ирсэн. Ер нь тийм болохгүй юм ер нь тааралдаагүй ер нь би залуу насанд хийж явсан ажлаа сайн ч бай муу ч бай, сайхан ч бай муухай ч бай тэрэнгээр өөрөө өөртөө бахархаж явдаг юм. Ер нь тийм буруу хэрэг төвөг хийж явсангүй, ял шийтгүүлж явсангүй, янз бүрийн юм болж явсангүй, сайн сайхан болж явснаа би ер нь сайхан явлаа гэж боддог юм. Заа тэр үеийн амьдралын социализмын үеийн айлын амьдралаар жишээд ярих юм бол сайн ч биш, муу одоо муу нь ч биш, дунд зэргийн амьдралтай л яваад л залуу насаа барчихлаа гэж бодож явдаг юм. Тэрэнд одоо бодож гонсойх юм байдаггүй. Болж явлаа, сайн явлаа, сайхан явлаа гэж янз бүрийн юманд оролцчихно одоо тэгээд л морь уячихна, харайчихна өө бас амьтнаас ичихгүй хувцсаа тайлаад нүцгэлчихнэ туг тойрвол тойрчихно.

Сайнбилэг -

Аан бөх барилдаж байсан юм уу?

Пүрэвдорж -

Тийм. Одоо тэгээд нэг юм ноцолдчихно. Яагаа ч одоо тэгээд хүнээс ичдэггүй байсан юм. Аа тэгээд одоо энэ цана мана одоо энэ янз бүрийн юм гэх юм бол бас хөлдөө углачихна. Энэ Богинын аманд чинь очоод бас энэ баазаасаа шалгараад энэ байгууллагын юугаар аймгийн тэмцээнд бас тэнд оролцоод энэ Богинын аманд чинь очоод өрөөсөн хөлөө чулуу мөргүүлээд л үйлээ үзэж л явлаа. Тийм саваагүй юманд бас оролцож л явлаа.

Сайнбилэг -

Та тэгвэл одоо бөх байсан тухайгаа ярьж өгөхгүй юу? Хаана хаана яаж яаж барилдаж байв?

Пүрэвдорж -

Би зүгээр ер нь юу яасан юмаа, тэр чинь. Одоо яахав дээ манайхан одоо тэр Данзансувд ах гэдэг манай удам гэж ярих юм бол улсын заан хүн л дээ. Тэр чинь миний ахын хүүхэд, эгчийн хүүхэд юм даа хүүхэд байсан юм. Тэгээд бөхийн удам гэх юм бол тэр тэгэхэд бөх байгаагүй юм, шууданд явж байгаад энэ Ховдод, Ховдын аймгийн наадам тааралдаад тэнд ноцолдсон, би нэг түрүүлчихсэн юм. Тэр чинь 49, 50, 51, 50-иад оны үед юмаа. Тэгэхэд болвол тэр чинь өнөө шуудангийн жолооч очоод түрүүлчихсэн яалаа гэж цол мол өгөхөв, тэр чинь ер нь арслан марслангаа ч мэдээгүй би тэгээд нэг түрүүлчихсэн. Тэр намайг голдуу ирэхлээр түрүүлчихсэн гээд тэр үед чинь олон хүн ачиж явдаг болохоор би энэ дандаа энэнээсээ дээш нүцгэн явдаг байхгүй юу, энэнээсээ доошоо дандаа өмдтэй. Тэгээд нүцгэлэхлээрээ энэнээсээ дээш дан хар, энэнээсээ доошоо дан цагаан гээд явна тэгээд ямар сайндаа намайг Ховдын “цагаан гуят” гэж намайг баазынхан 1-р баазынхан тэгж хочилдог байсан юм. Тэгээд яахав улсад нэг хоёр гурав давж нэг үзсэн. Тэгээд тэрнээс илүү давж үзээгүй. Одоо яахав дээ нэг нэг давбал нэг 25 цаас, хоёр давбал нэг 75 цаас жишээтэй. Тэрнийг нь аваад цуг очсон баазынхантайгаа очоод бургасан дотор сууж байгаад хуваагаад уучихдаг, уг нь тийм их саваагүй. Тэгээд цанын бааз гэхлээр бас тэшүүртэйгээ тэнд оччихоод хөлөө чулуу мөргүүлээд, тэмцээнд явж байгаад. Тэгээд эмнэлэгт 45 хоног хэвтээд, тэгэхэд чинь одоо орос эмч эмчилж байсан юмаа хэн гэдэг билээ дээ, нэг саваагүйрхэж л явж байж. Одоо хүн дотроос би нэг ганцхан оролдож үзээгүй, жаахан харамсаж явдаг юм нэг л оролдсон бол уул нь надад бол зүгээр байсан байх гэж би санаж явдаг юм, сүүлд. Тэрүүгээр л оролдоогүй ууланд явж үзээгүй. Би өөрөө Булганы хүн болохоороо их уулархаг тэнд бас амьтан залуу байхдаа хүүхэд байхдаа шахуу амьтан хүнтэй гөрөөчин дагаад уул хадаар их тэнэдэг, гахай нохойтой хөөцөлддөг тийм байлаа л даа. Тэрнийгээ би одоо уул л оролддог байж дээ гэж их сүүлд боддог юм. Тэгээд яахав, чадаагүй өнгөрчихсөн. Саваагүйрхэж тэгж юм болгонд “Саваагүй нохой саранд хуцна” гэдэг шиг, яагаад ч одоо тэгж амьтнаас ичдэггүй байсан юм, тэгэхдээ би тийм бяртай хүчтэй, тийм бөх хүн байгаагүй. Тэр залуу насанд нэг саваагүй ч гэмээр юм уу даа, сонирхол ч гэмээр юм уу, ер нь хүн чинь бас ичиж зовохоо мэддэггүй юм байна л даа, зодог шуудгаа бүсэлчихсэн хавирга өөд нь, барилдааны талбай дээр чинь. Анх одоо 45 онд цэрэгт ирсэн хойно чинь, 46 онд чинь одоо нар хиртэлт боллоо ш дээ. Тэгэхэд чинь очоод одоо цэрэг.., цэргээр одоо хамгаалалт гаргадаг байсан юм даа. Тэгэхэд хүртэл одоо нүцгэлээд гардаг байсан юм даа, одоо тэгээд л янз бүрийн юмнуудад. Шидийн юм их сонирхоно. Тийм хүн байсан. Тэгээд аль алинд нь ч амжилт гаргаагүй, харамсалтай нь.

Сайнбилэг -

Та чинь тэгэхдээ бүр аймгийн бараг арслан.., яахаараа тэр арслан цол өгдөггүй билээ? Тэр чинь..,

Пүрэвдорж -

Тийм, 50-иад онд өгдөггүй байсан. Тэр чинь өнөө аймгаас хотоос очоод нэг хүн, нэг жолооч түрүүлчихлээ гэсэн чинь яаж өгдөг юм, өгөхгүй ш дээ. Бай шагнал хүртэл бага шүү дээ. Тэгэхэд чинь одоо нэг цаасан ямбуунд нэг цай, нэг дээлийн торго, тэгээд дээрээс нь баахан чихэр дээрээс нь овоолоод, тэгээд өнөө цагаан цуу ямбууг хадаастай цуу ямбуу гэдэг байсан юм даа, тэрэнд боогоод л өгдөг байсан ш дээ. Тэгэхлээр тэр аймгийнхандаа бол өөр байх байлгүй. Тавин онд юм даа тэр чинь.

Сайнбилэг -

Тамирчин байсан, үгүй ээ та чинь их том тамирчин байсан байна ш дээ?

Пүрэвдорж -

“Саваагүй нохой саранд хуцна” гэж нэлээн юманд оролцсон. Алинд нь ч амжилт гаргаагүй. Харамсалтай. Тэгэхээрээ тэр насны тийм хашин юм шиг байгаам. Барилдахын хувьд бол нас бөхөд их байгаагүй, бяр чадал байгаагүй, тэр бас их түргэн хөдөлгөөн байсан юм шиг болоод байгаа юм. Тэрүүхэн тэндээ учиргүй хөдөлгөөнтэй ёстой одоо тийм л байсан юм шиг байгаа юм. Тийм, тэгээд ичдэггүй хүн байлаа би.

Сайнбилэг -

Та энэ соёлын довтолгооны тухай юу мэдэх вэ?

Пүрэвдорж -

Соёлын довтолгоо. Соёлын довтолгооны чинь тухай чинь мэдэх юм алга юмаа. Соёлын довтолгоо гэдэг маань одоо юу билээ? Соёлынхоо довтолгоог ойлгохгүй байна.

Сайнбилэг -

Соёлын довтолгоо гэхээрээ одоо хүмүүсийг нөгөө цагаан даавуунд унтуулдаг, тэгээд л одоо гар нүүрийг нь угаалгадаг, гэрт нь аяга тавагны алчуур яадаг болсон гээд л нэг ярьдаг даа хүмүүс?

Пүрэвдорж -

Аан тийм. Үгүй ээ тэр соёлын довтолгооны талаар бол сайн мэдэхгүй юмаа.

Сайнбилэг -

Аан зөв зөв. Уул нь тэр соёлын довтолгоо гэдгээс чинь хүмүүсийг нөгөө нэг гар хөлийг нь угаалгадаг болоод л, гэрт нь алчуур тавьдаг болоод л, аяга тавгийг нь угаалгана гэж нэлээн юм хийсэн дээ?

Пүрэвдорж -

Аан тийм юм тийм юм нөгөө төрийн 3 яамны үзлэг гээд л явагддаг. Тэрнийг ярьж байна уу, соёлын довтолгоо гэж? Ариун цэврийг нь үздэг, аяга шанагыг нь угаалгадаг, ариун цэврийг нь үздэг, байр суурь эзлүүлдэг, муу муухайг нь дууддаг тийм.

Сайнбилэг -

Мөн. Мөн. Тэр одоо чухам ямар юм болж байсан бэ?

Пүрэвдорж -

Тийм л юм болоод байсан юм даа. Тэр чинь одоо тэгээд тэрнийг чинь одоо сайн мэдэхгүй юмаа. Үгүй ээ, тэр ер нь буруу ч юм болооогүй л болов уу буруу юм болоогүй байхаа. Арай л ядахдаа эрүүл мэндийн талаас нь ярны улаан гээд л нэг 150 гарчихсан яртай хүйтэнтэй улсуудыг энэ өнөө аймгуудаар баахан үзлэг мүзлэг одоо тэр тэр довтолгооны чинь үеэр л явсан даа. Тэр чинь улсууд эрүүлжүүлэх талаасаа болвол ер нь их муугүй ээ, тэр ер нь сайн болсон байх. Тийм ч учраас тэр янз бүрийн арьс өнгөний өвчтэй хөдөөний залуучууд их байсан. Тэрнийг албан ёсоор тэр юм чинь дэлгэрч тариа мариа хийлгэж, нөгөөдөхийг чинь шалгаж нэгжиж, тэрийг би муугүй гэж боддог шүү.

Сайнбилэг -

Энэ ямар учраас соёлын довтолгоо хэрэгтэй гэж үзсэн юм болоо? Тэр өвчтэй байсан..,

Пүрэвдорж -

Цэвэржүүлэх хөгжүүлэх соёлжуулах талаасаа л хэрэгтэй байсан юм болов уу гэж үздэг байсан болов уу даа. Тийм учраас тиймэрхүү юм заагаад занаад байсан болов уу, заалгаад байсан болов уу, тийм юм оруулж ирээд байсан болов уу.

Сайнбилэг -

Тэгээд энэ соёлын довтолгооны үед хүмүүсээс ер нь юу юу шаарддаг байсан юм бэ?

Пүрэвдорж -

Тухайн үед юу юу шаардаж байсан юм болов уу, за мэдэхгүй юм даа.

Сайнбилэг -

Та ер нь шашин шүтдэг үү?

Пүрэвдорж -

Аан?

Сайнбилэг -

Та ер нь шашин шүтдэг үү?

Пүрэвдорж -

Шашин шүтэхгүй. Ер нь шашин шүтэхгүй. Манай аав чиг одоо шашин шүтэхдээ дургүй муу, тийм бүдүүн мундаг хар хүн байсан юм. Тэгээд яахав энэ нэг эрхи эргүүлдэг юм. Гэдсээ цадсан цагтаа маани “мани бодь ми хум мани бодь ми хум” гээд л тэгээд одоо янз бүрийн энэ нэг шажны талын энэ нэг ийм юм чинь бас нэг хүний ухаан санаа, янз бүрийн юм, сайн муу сайхан муухай олон янзын юм хүний тархи толгойд орж ирээд байвал энийг чинь “ум мани бодь ми хум” гээд л эргүүлээд байвал тийм юмнаас хүртэл бас нэг авардаг тал байна уу гэж би боддог юм. Тийм. Буяныхаа талаас үйлдэж байна гэж энийг эргүүлдэг. Энэ бол манай аавын эрхи. Манай аав бас маань л их уншдаг. Тэгээд хар хүн. Харин мал маллачихна, ан гөрөө хийчихнэ. Тийм хар хүн бас шүтлэгтээ муу ер нь. Нээх тийм лам.., одоо тийм юм гэж битгий тэгж яваарай, их баян хүн .., ядарсан хүнд ядуу хүн тус болдог юм шүү, их баян хүнийг бодвол ядарсан хүнтэй нөхөрлөж явах нь зүгээр гэж харин их надад сургамж миний чихэнд олон дуулдаж байсан санагдаг юм. Аавын минь юм болохоор ингээд л углачихаад л, хааяа нэг.

Сайнбилэг -

Удам дамжсан эд байна ш дээ тиймээ? Ер нь таныг ингээд харж байгаагаар Монголд одоо таныг бага байхаас авахуулаад өдий хүртэл шашин шүтлэг ер нь яаж өөрчлөгдөж ирэв ээ?

Пүрэвдорж -

Энэ бас боддог юмаа. Миний багын шашин шүтлэг бол ер нь тэгээд л залбирах юмандаа залбираад л, бодох санах одоо үзүүлэх юмандаа бол хадаг самбаагаа өргөвөл өргөчихөөд л тэр үеийн дацан чинь лам нар чинь одоо тийм юм ийм юм гээд байдаггүй, тийм шажин байсан юм. Одоо сүүлд гараад ирсэн шажинг ажиглажээ байхад барааны үнэ байдаг шүү дээ бараа болгондоо үнийг нь ингээд тавьчихсан,тэрэн шиг хэдэн зуун одоо хурал байдаг юм, ном байдаг юм, тэрнийгээ бичээд тийм хурал тэдэн төгрөг тийм хурал одоо жишээлвэл, “4 уулын сан” тэдэн төгрөг, ямар юмны сан тэдэн төгрөг “цагаан дарь эх” тэдэн төгрөг гээд ингээд л биччихсэн байх юмаа. Заа тэрийгээ тэрүүгээр мөнгө авдаг болтой. Тэр талаас нь үзэх юм бол уул нь тэрнээсээ их өөр юмаа. Миний тэр түрүүний зүгээр ерөөсөө зүгээр мөнгө санга өгөх ч юм байхгүй, тэр чинь тэр хөлс үнэ тийм юм байгаагүй, тийм байсан юм. Одооны шажин чинь нэг тиймэрхүү шажин бий болчихоод байна. Би тэгээд энэ могой яр гэж энүүгээр ингэж гарлаа л даа. Тээр жил 10 -аад жилийн өмнө. Тэгээд тэрнийг чинь дууллаа янз бүрийн юмаар яваад ерөөсөө юу яадаггүй, энэ Солонгос Монголын хамтарсан эмнэлэг гэж энэ нэг Арслантай гүүрний наана нэг юм байдаг юмаа. Тэрэнд эмнүүлээд тэр могойн ярыг өө энийг чинь могойн яр гэдэг юм гээд нэг Америкаас сурч ирсэн нэг эрдэмтэн хүүхэн энийг чинь одоо бушуухан дарж авахгүй бол болохгүй гээд эм өгөөд, нэг 7 хоногийн дотор эдгэчихлээ л дээ. Тэгсэн одоо тэр ч эдгэсэн одоо энэ цээжин дээр ингээд хүрэхэд хөндүүрхэн тийм өвддөг болчихсон юм. Тэрнийгээ эдгээх гэж би энд бас нэг шажин мажин лам мамаар орлоо л доо, өнөө зовсон яах гэдэг билээ тэрэн шиг тэгээд нэг Монголын хамгийн мундаг лам юм гэнэлээ, их сайн лам юм гэнэлээ гээд энэ Нацагдорж гээд нэг лам, энэ тэнд их туранхай хүн байнаа. Тэнд би чинь очлоо л доо. Тэгээд очсон тэнд орсон чинь орохноо аа би одоо ингээд маарамбад үзүүлэх гэж явна гээд орохлээр жижүүр оруулаад ....заа та тэнд нэг үзмэрч бий, тэрэн дээр оч гэсэн. Тэгэхэд тэр үзмэрч дээр очсон нэг очсон ингээд харсан чинь улсууд мөнгө өгдөг болтой, тэнд мөнгөний дэвсгэртүүд харагдаж байна. Тэгэхлээр яахав ёсыг дагаад нөгөөдөх дээр чинь мөнгөтийн дэвсгэр тавьчихаад, тэгээд тэндээс чинь жаахан юм хэлүүлчихээд, заа та лам гуай дээр оч, лам гуай дээр оч гэнэ, тэгээд очсон чинь тэр Нацагдорж гэдэг хүн чинь одоо хамба нь юм. Тэнд очлоо, би одоо ингээд одоо ийм өвчтэй болоод явж явнаа. Тэгээд үзүүлэх гэж явна гэсэн үзээд, нэг баахан юм бичиж өглөө. Тэгээд тэндээсээ гаргаад, та энд манай нэг зурхайч бий, зурхайч дээр оч гээд нөгөө Нацагдорж лам маань, энд нэг үзмэрч дээр очсон, тэгсэн тэр урдахтай нь адилхан дэргэд нь хэдэн ширээн дээр мөнгө байнаа, мөнгө тавьсан байна. Аа мөнгө тавьдаг юм байна гэж бодоод би хөгшнийгөө дагуулаад цуг явж байсан. Тэгэхлээр бас энд чинь 1000 цаас тавьлаа. Тэгээд үзүүлсэн нөгөө зурхайчаар чинь үзүүлээд зөвлөөд нэг жаахан юм нас шүд, он сар баахан юм асууж асууж, тэгээд ч гавьтай юм болсонгүй. Заа тэнд аптек дээр оч, эмээ ав гээд ингээд явууллаа. Эмээ авсан чинь 7 хоног уугаарай гэж 7 хоног уугаад дахиж ирж үзүүлээрэй, гэж эм бичиж өгсөн юм. Тэгээд нөгөө эмийг нь авсан чинь 10000 гаруй мянган төгрөг болдог юмаа. 10000 гаруй төгрөгөө аваад, нөгөөдүүлээ хэдэн эмийг аваад 7 хоног уучихаад өвчин засарсан юм байхгүй, дахиад очлоо. тэгсэн дахиад энийг 7 хоног уугаарай гээд бас нэг тийм 7 хоногийн эм бичиж өглөө, бас л арван хэдэн мянган төгрөгөө өглөө. Тэгээд дахиж би очоогүй. Аа энэ ч би одоо ерөөсөө 7 хоног дотор мянган цаасыг минь аваад байх юм байна. Энэ өвчин зүгээр болдоггүй юм байна, зүгээр болоогүй. Зүгээр болсон бол би дахиж очих л байсан байх л даа. Тэгээд дахиж очоогүй. Тэгээд би боддогийм. Урдны лам нар энэ чинь бас шажны нэрээр бизнес хийдэг гэж ярих юм даа, одоо мөнгө олдог тийм арга байдаг юм уу даа гэхлээрээ тэнд очиход энд үзмэрчээр үзүүлж мөнгө зоос өгөөд, лам гуай дээр очиж мөнгө өгөөд, заа тийшээ манай зурхайч бий гэхлээр тийшээ оч гэхлээр тэнд 1000 цаасаа өгөөд ер нь шажингууд бол ер нь тиймэрхүү тэгээд аль ч манай энэ хойшоогоо ч дацанд би орсон чинь бас л тэр өнөө унших номныхоо нэрийг нь биччихсэн, үнэ тавьчихсан байналээ л дээ. Тийм. Дээр үеийн шажин бол тийм юм байгаагүй. Тийм энийг бас жаахан мөнгө олдог юмыг жаахан бизнес хийх гэж ярмад байх юмаа даа, тийм шажны нэрээр нэг иймэрхүү юмнууд бүр ерөөсөө бүр гудамж болгон дэлгэрээд байна уу гэж бодож байдаг юм би. Энэ миний шүтлэггүйнх л байх л даа.

Сайнбилэг -

Аа зөв, зөв. Та тэгвэл та сүсэг бишрэл ийм юмны талаар иймэрхүү юм байна л даа? Ер нь би таниас ондоо сэдвээр нэг юм асууя. Социализмын үед эрэгтэй эмэгтэй хоорондын харилцаа ер нь яаж өөрчлөгдсөн бэ?

Пүрэвдорж -

Социализмын үед?

Сайнбилэг -

Тийм эмэгтэйчүүдийн одоо энэ амьдрал байдал байна ш дээ эмэгтэйчүүдийн байдал тээ, тэр ер нь яаж өөрчлөгдсөн гэж үздэг вэ?

Пүрэвдорж -

Эмэгтэйчүүдийн байдал?

Сайнбилэг -

Дээр үед ч одоо юу гэдэг юм гэрээс гардаггүй гэдэг юм уу, зөвхөн одоо гэрийнхээ ажлыг хийгээд л одоо сааль сүүгээ хураагаад л байж байдаг байсан бол одоо орчин үед их хурлын гишүүн төр барилцаж байна, тэр утгаар нь та яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ та?

Пүрэвдорж -

Тэр талаар бол өөр нээх хөгжил ч гэж хэлмээр юм уу даа. Ерөөсөө манай эмэгтэйчүүдийн боловсрол сайтай болж, ер нь их олон дээд сургууль төгссөн. Энэ тэнд гадаад дотоодод сургуулиудыг одоо их олон эмэгтэйчүүд төгсдөг. Тийм эрх мэдэлтэй болсноороо тэд тийм байдалд хүрч, тэгээд энэ төр засгийн ажилд одоо их нэмэр болдог юм байна, би энийг харин сайшааж явдаг юмаа дотроо. Энэ эмэгтэйчүүд чинь одоо нөгөө л баганаасаа дээшээ гарахгүй гэдэг тийм эрх тэр үед ийм ямар юм олдоо аж даа, энэ одоо сайхан юмаа даа дуртай сургуульдаа яваад, дуртай мэргэжлээ сураад тэгээд олон түмний хайр хүндийг хүлээгээд, хороо хориноос эхлүүлээд, тэгээд дээшээгээ дэвшсээр байгаад бас сайд дарга хүртэл болчихно эмэгтэй хүний эрх мэдэл ер нь л сайхан болж байна л гэж боддог юм.

Сайнбилэг -

Ер ньтэгвэл, эрэгтэйчүүд яаж өөрчлөгдөв?

Пүрэвдорж -

Эрэгтэйчүүдийнх ч одоо хүний эрх гэхийн хувьд бол их эрхтэй болсон юм шиг байгаа юм. Ямар сайндаа одоо гадаад дотоод явах эрхгүй байсан чинь одоо гадаад дотоод явж сурдаг эрхтэй боллоо, сурахгүй ч гэсэн явдаг эрхтэй боллоо. Дотооддоо ч гэсэн одоо янз бүрийн ажлыг сайн муу, сайхан муухай л гэж голохгүй л бол уул нь хийдэг боллоо, засаг ч тэрнийг хориглодоггүй хийгээч гээд гуйгаад байдаг. Одоо ийм болсон байгаа юм л даа. Тэгээд бид нар ч өөрснөө нэг муудаа биднийг чинь одоо багад энэ их дээд сургууль энэ тэр чинь хүнээ гуйдаг, бид нарыг гуйдаг байлаа ш дээ. Бид дургүйцдэг. Одоо бид тэрнийгээ гуйгаад олдохоо байгаад, мөнгө цаасыг нь дийлэхээ байгаад ийм болсон шиг байгаа юм. Тэгээд эмэгтэйчүүдийн талд бол арай айхтар сайхан чөлөөтэй сайхан харин төрийн ажил янз бүрийн ажилд ер нь бүх ажилд нь оролцдог тийм эрхтэй болсон, сайхан санагдаад байгаа юмаа.

Сайнбилэг -

Ер нь энэ төр эмэгтэйчүүдийн талаар ямар ямар бодлого явуулж ирсэн юм бэ?

Пүрэвдорж -

Эмэгтэйчүүдийн талаар ч одоо бодлого л явуулах ч явуулсан л байх л даа.чухам ямар бодлого..,?

Сайнбилэг -

Олон хүүхэд гаргангуут одон өгдөг гэнэ, тиймээ?

Пүрэвдорж -

Чухам ямар бодлого явуулж байсныг би сайн ярьж мэдэхгүй байнаа.

Сайнбилэг -

Аан зөв, зөв. Тэр нэг олон хүүхэд төрүүлвэл одон өгдөг, мөнгө өгдөг байж тиймээ тэр талаар л гэсэн үг л дээ?

Пүрэвдорж -

Аан тийм. Энэ бол төрөөс их сайхан, эмэгтэйчүүдэд харин их санаа тавьсан юм болов уу гэж бодож явдаг юм дотроо. Тэр олон эх түрүүлсэнд хүнд одон янз бүрийн одоо шагнал урамшуулал, улам хүндэтгэлтэй байдаг талаасаа бол урдны улсыг бол ямар үхснээ өгөхөв, тийм юм байхгүй. Бидний аав ээжийг бол тэгж байсан юм бол нэг ч байхгүй. Тэр чинь социализмынхаа үед бол яахав засарсан юм уу гэхээс тэр чинь анхандаа бол феодализмын үеийн хамгийн шувтаргын хүн шүү дээ, тийм. Тэгэхлээр одоо тэрнийг бодвол ер нь энэ сайн ханддаг юм болов уу л гэж боддог юм, сайхан болж байгаа юм уу л гэж.

Сайнбилэг -

Та ер нь болвол тийм их олон сургуулиар бол яваагүй юм байна ш дээ?

Пүрэвдорж -

Сургууль нээх яваагүй явсан нь тэр Цонхлонгийн бага сургууль, заа цэрэгт байсныг сургуульд байсан гэж нэрлэхгүй л дээ ёстой л өөрөөр хэлвэл одоо төгсдөггүй нэг амьдралын их сургууль гэж ярьдаг ш дээ. Тэр л сургуулийн л хүн. Өөр сургууль байхгүй. боловсрол гэх юм байхгүй, оо 7 дугаар ангийн гэрчилгээтэй байсан, 10 дугаар ангийн гэрчилгээг нь 12 дугаар сургууль гэж энэ мах комбинат өөд эргэдэг дээр 12 дугаар сургууль гэж байсан юмаа. Манай бааз тэр цаахан тэр 5 дугаар баазын тэгээд харин тэнд хэдэн жолооч нар оруулж, өөрийнхөө сайн дураар. Тэнд нэг одоо жилийн дагалдан гэдэг юм уу одоо юу гэдэг юм бэ дээ, нэг тийм юмаар тэнд сурч, заалгуулж яг шалгалт өгөхдөө нэг сар сургууль хийж, нэг 10-н гэрчилгээ тэндээс олж авсан. Алгебрын бодлого гэдэгт унаад тэрнээсээ одоо бодож байхад энэ ичихгүй ярихад багшаасаа 10 одоо дэмжлэг өгч байж авч байж дээ. Тэгээд нэг 10 жилийн гэрчилгээтэй болж төгссөн, нээх тийм өөр юм байхгүй.

Сайнбилэг -

Ер нь ингээд социализмын үед дарга цэрэг нарын хоорондын харьцаа ер нь ямар байдаг байсан бэ?

Пүрэвдорж -

Дарга цэрэг, албан хаагч эднүүдийн хооронд уу?

Сайнбилэг -

Тийм. Тийм одоо дарга?

Пүрэвдорж -

Үгүй ээ тэр чинь одоо сайн мэдэхгүй юм даа. Социализмын үед зүгээр харин тэр нэг авилга гэж яриад байх юмаа даа. Үгүй ээ тэр одоо бага байсан болов уу, тэр яагаад бага байсан юм мэдэхгүй юмаа, ямар учраас бага байсныг мэдэхгүй. Одоо л нэг тийм л юм элбэгшээд байх шиг байна. Ард түмэн, тэр дарга цэргийн хооронд. Энэ ажилчин тариачин ийм улсуудын хооронд. Нэг тийм юм дэлгэрчихээд л, шинээр тийм л юм гараад ирлээ. Тэр үед байсан юм уу гэвэл байсан бол бага л байсан байх. Ер нь байгаагүй юм болов уу, социализм гэдэг тэр засаглал ер нь тэрнийг сайн захирдаг байсан юм уу тийм авилга өгөх авах боломжийг яаж хаадаг, ямар учраас тэр дэлгэрээгүй байсан юм тэр үед л дэлгэрээгүй байсан болов уу, хэрэг төвөг хийсэн улсууд энэ тэрийг чинь одоо айхтар шийтгэхгүй. Манай нутгийн тэр Галданжамц гэдэг хүн агент хийгээд, 1000 төгрөг дутчихаад тэрнийг би өөрөө мэдэх юм. 1000 төгрөг дутсан чинь 1000 төгрөг идсэн гээд жил 6 сараар аймгийн шүүхэд шийтгүүлж байсан. За тэгэхлээр 1000 төгрөг тэр Галданжамц идээгүй юм л даа. Өнөө багтай, багийнхаа ардуудад улаан тамхи одоо өнөө ногоон цайгаа одоо юу л байдаг юм,нөгөө улсуудын хэрэгцээний өөрөө хар данс хөтлөөд бүгдийг нь зээлээр өгчихсөн. Зээлээ авч чадаагүй байхад нь нөгөөдхийг чинь шалгалт очоод, 1000 төгрөг дутахлаар нь тэр юу яасныг хэрэгсэхгүй хүнд өгсөн зээл өгсөн гэдгийг хэрэгсээгүй, 1000 төгрөг идсэн гээд жил 6 сараар шийтгүүлж гарсан Галданжамц гэдэг тэгээд одоо энэ улсуудыг чинь чагнаад байхад чинь тэр юм тэрбум тэрбумаар нь идчихлээ тэдэн зуун мянгаар нь идчихлээ тэр гээд ингээд харсан юм шиг л одоо ярьдаг улсууд элбэг болчихож. Тэгсэн тэр хүн тэдэн жилээр шийтгүүлж гэнээ, 100 сая төгрөг идээд тэдэн жилээр шийтгүүлчихэж гэнэ гэж ерөөсөө юм дуулдахгүй юмаа. Тэгэхлээр энэ юундаа байдаг юм мэдэхгүй, хуулиндаа байдаг юм уу хууль биелүүлэхдээ байдаг юм уу тэрнийг би гайхаад л байдаг юм.

Сайнбилэг -

Та ер нь ингээд хорин хэдэн, 20-иод оноос хойш Монгол усаа мэдэх юм байна ш дээ, тиймээ. 20-иод оноос хойш Монгол орондоо амьдарчээ. Тэгээд энэ ер нь тэр үеэс одоо ингээд бодоод байхад энэ таныг хүрээлж байгаа байгаль орчин ер нь яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ?

Пүрэвдорж -

Байгаль орчин их өөрчлөгдсөн байгаа юмаа. Манай нутагт очиход ургаж байсан ургамал ус энэ шанд энэ тэр байсан газар ширгэчихсэн байна. Мод хайлаас, бургастай байсан газар хайлаас бургас нь байхгүй болчихсон байналээ. Заа тэгээд л одоо өвс ногоо байхгүй, урд ч одоо шивээ гээд л нээх сайхан өвс ургачихсан, намар чинь ингээд л зүгээр устай байж байгаа юм шиг л зүгээр намалзаад л хүрэнтээд л халиураад л байна. Тэр ургахаа байчихсан. Одоо энэ бүүр сүүлд саяхан шахуу бодоход л энэ Өвөрхангай аймгийн наахна нэг хөндий ямар юмны хөндий гэдэг билээ, тэр хөндийд зэгс гэдэг чинь одоо өвөл одоо хүйтэнд машинаа аваачаад тавьчихад зэгсэн дотор ингээд л аваачаад тавьчихлаар бүр ингээд бүр дулаахан тийм зэгс энэ тэр ургадаг, дэрс энэ тэр ургадаг байсан юм. Тэр дэрс байхгүй болчихсон. Манай нутагт л гэхэд одоо бидний үед ургаж барьж байсан морьтой явж байхад монгол гутал шал ус болчихдог байсан, өглөө малд явахад. Өнөө өвсний навчны ус гутал норгочихдог, одоо тэр дөрөөний дор байгаа гутал норох байтугай, шагай ч норгох тийм өвсгүй болчихсон байналээ. Би 3, 4 жилийн өмнө Хужрын голоор Арцатын гол хоёроор нэг яваад унасан газар дээрээ очиж нэг хөрвөөчихөөд ирсэн. Тэгэхэд тийм юм байхгүй болчихсон байх юм. Тэгээд тэнд одоо Өлгүүрийн шугуй гэж нэг их шугуй байсан юм. Тэр шугуй байхгүй болчихсон. Тэрэн дотор нь харин манай нэгдэл хар будаа гээд нэг будаа чангаанз ч гэж ярьдаг юм даа тийм юм тарьчихсан бүүр тариа тариад байдаг болчихсон, тийм талууд их ажиглагдах юмаа. Тэр талаасаа бол их өөр болсон юм уу даа гэж санагддаг юм надад. Лав л ер нь Булганы юу бага болчихсон шиг байна. Одоо зун гээд л бага байхад чинь барагддаггүй, ээ нар ингээд баруунаа шингэчихсэн, тэнгэрийн хаяа улайчихаад л, гэгээ тасрахгүй байгаад байдаг, байгаад байдаг. Үгүй ээ тэр байхгүй, за тэгээд аа мичин жилийн зуд гээд л миний цэрэгт ирэхийн урд жил одоо монгол даяараа бичин жилийн зуд гээд л энэ 44 онд нэг их зуд боллоо л доо. Тэгэхэд чинь би хонио хариулаад л тэр ууланд л явж байдаг байлаа, тэгээд л тийм зуд бол одоо ерөөсөө болоогүй ээ хайрхан. Одоо зуд юм даа нэг жаахан юм. Одоо нээрээ зуд болоод, ган болоод зуд болоод, мал үхлээ гээд л сүйд болоод байх юм. Тэгээд энэ зуд болсон газрыг энэ телевизороор миний явж байсан аймгуудыг харуулж байна л даа. Үгүй ээ тэр мал явж байгааг нь харахад сайхан хар туруусан цастай байх юм. Нөгөө зуд болчихсон гээд байгаа газар маань. Үгүй ээ тэгэхдээ манай нутагт бол намайг бага байхад нэг 20 см одоогоор бол нэг төө цас орно, өвөл болгон. Одоо зүгээр. Тэгээд тэгэхэд тэр мал үхдэггүй, ийм байсан юм. Тэгэхлээр тэр яагаад тэгэв гэвэл аргагүй юм, би одоо бодож байгаа юм. Өнөө 20 см цас ордог үед чинь 40 см шахуу ургамал ургадаг, өвс ургадаг байж. Малын одоо өвөл зуны нэг сайхан хүн малын устай харагдаад байгаа тэр зуд болчихсон газар одоо бол тэр 4 хуруу цас, малын бодын хар туруусан гэдэг чинь одоо малаар бол хар туруу нь далдрах цас байгаа юм ш дээ. Тэгэхлээр тэр зуд болвол одоо үхэхээс өөр арга байхгүй. Яагаад гэвэл энэ өвс нь ургахаа байчихсан, өвсгүй газар чинь 4 хуруу цас орчихлээрээ л одоо тэр мал чинь ерөөсөө юу ч олж идэхгүй болох нь аргагүй. Тэгээд зуд болоод үхээд байдаг юм байна. Энэ бол ийм л өөрчлөлт юм даа. Арга байхгүй өөрчлөлт юм. Энэ бол байгалийн л өөрчлөлт. Яриа байхгүй.

Сайнбилэг -

Ер нь одоо таны бодож байгаагаар энэ та ардчилсан хувьсгалыг юу гэж боддог вэ?

Пүрэвдорж -

Аан?

Сайнбилэг -

Энэ ардчилсан хувьсгалыг юу гэж боддог вэ?

Пүрэвдорж -

Ардчилсан хувьсгал гэдэг чинь улсууд энийг чинь муу ч хэлдэг юм сайн ч хэлдэг юм, заа мэддэгээс одоо би ч их эхлэхээс нь аваад л энэ мянга есөн зуун хэдэн он билээ?

Сайнбилэг -

90-ээд онд байх.

Пүрэвдорж -

90 онд талбай дээр одоо энэ Батүүл энэ тэрийг чинь өлсөөд хэвтэж байхад сонирхоод, дэргэд нь очоод чамайг харж байгаа юм шиг ажигладаг байлаа л даа. Тэр үед үгүй ээ одоо эд яаж байгаа юм болдоо, яах нь юм болдоо, дэмий л юм хийгээд байна даа өөрсдийгөө зовоогоод байнаа даа гэж би зүгээр хувьдаа боддог байхгүй юу. Нөгөө нэг арван хэдэн хүнтэй хэвтчихсэн л бүгдээрээ нэг өдөр явж явсан чинь Батүүл үгүй ээ би нэг хүнтэй ярьж байгаа юм чагнаж байсан чинь. Би чинь одоо өлсөөд л муухай оригоод л хэвтээд байх юм уу гээд л Батүүл тэгж байсан. Тэгэхэд ч яахав дээ залуу нуруу өндөр банди л байсан юм. Тэгээд нэг тийм хэсэг улсууд байсан юм. Тэгээд тэрийг би гайхдаг байсан юм. Одоо тэгээд өөрснийгөө л зовоогоод байна даа. Одоо ер нь дэмий юм хийгээд байна даа гээд аа тэгсэн сүүлдээ тэр чинь чангараад, их том жагсаал магсаал хийгээд л, мэдэхгүй ээ ер нь би л бодож байсан юм энэ чинь одоо төр л булаацалдаж байна даа. Энэ төрийг л муу муухай төр юм, бид л одоо сайн сайхан болгоно, энд болохгүй юм ийм ийм юм байна гэдгээ тэд мэдэж байсан юм байлгүй дээ гэж хааяа нэг тэгж бодогдоод л нөгөө нэг ардчилал дэмий юм хийгээд байна уу л гэж санадаг байлаа. Тэгээд сүүлд бодохнээ дэмий юм бас биш юмаа, тун дэмий юм биш юм. Яагаад уу гэхлээр айхтар тод томруунаар мэдэгдсэнээрээ л бол хувийн өмч мөмч гээд л энэ янз бүрийн юмыг чинь одоо өөрийн нь хөрөнгө юмыг өөр дээр нь гээд өмч хувьчилж тараалаа л даа. Өнөө нэг хангай газар 50 толгой мал, говийн газар 70 толгой мал байлгана, хэмжээ нь илүү гарсныг хурааж аваад л байдгийг чинь байлгачихсан, өнөө малыг чинь, нэгдлийн малыг чинь хувь хүнд нь өгөөд, өглөө тэрийг чинь харлаа. Үгүй ээ тэгээд ер нь их сонин сонин юм гараад ирэхлээрээ арай ч бас тийм бас одоо тэгээд өнөөх гадаад дотоод явах хүний эрх гэдэг чинь тэнд л тавигдлаа. Хүний эрхийг энэ чинь л гарч ирж тавьлаа гэж би одоо тэгж л бодож явдаг юм. Хувиасаа ер нь.

Сайнбилэг -

Та ер нь ингээд энэ хувьчлал гээд зарлалаа ш дээ, тиймээ?

Пүрэвдорж -

Аан?

Сайнбилэг -

Хувьчлал гэж боллоо ш дээ?

Пүрэвдорж -

Тийм хувьчлал.

Сайнбилэг -

Тэгээд та хувьчлалыг анх яаж зарласан, та яаж сонссон бэ?

Пүрэвдорж -

Үгүй ээ мэдэхгүй. Энэ хувьчлал яасныг ч мэдээгүй энэ чинь хувьчлал тарааж байгаа юм гээд л хувийн өмчтэй өмчилсөн юмыг нь эзэнд нь тарааж өгч байгаа гээд л эд чинь тараасан чухам яаж тараасныг ч ёстой сайн мэдээгүй.

Сайнбилэг -

Мэдээгүй юу?

Пүрэвдорж -

Тийм. Нэг мэдэхэд л хувийн өмч гэдэг юм дэлгэрчихсэн байгаа юм. Сүүлд л тэр үед тэтгэвэрт гарахад би тэрнээс жаахан урьдаар гарчихсан юм. Надаас хойно гарсан өнөө хувьчлал гарч ирэхэд тэтгэвэрт гарсан улсуудыг чинь барьж явсан машиныг нь эзэнд нь өгсөн ш дээ. Нэг тэгээд бодохоор энэ одоо ч гэсэн ажиглаж байхад муугүй ээ, энэ байгаль орчныг хамгаалах, энэ л одоо байгалийн их сайхан баялагуудыг гадаадынхан дотоодынхон идэх гээд байна, уух гээд гээд байна гээд л ингээд яриад л байна, энийг чинь тэгээд одоо өөрснөө бас одоо бас хувь дутуугүй хүртэж байна өөрснөө өгч чадахгүй, авилгал аваад энэ гадаадынханд өгөөд байна гээд л ингээд л байгаам. Энэ дээр тэмцээд байгаа юмыг нь бол би их айхтар надад таалагддаг юм.

Сайнбилэг -

Ер нь танд энэ хувьчлал ер нь яаж нөлөөлсөн бэ? Таны өдөр тутмын амьдралд хувьчлал ер нь нөлөөлсөн үү?

Пүрэвдорж -

Өдөр тутмын амьдралд надад нөлөөлсөн юм байхгүй. Би 200 гаран толгой малтай байсан, хөдөө. Тэрнийгээ нэгдэлд өгчихсөн. Тэрнээс чинь буцааж аваагүй, өнчин ишиг ч аваагүй. Тэрнийг хөөцөлдөөгүй,1000 толгой малтай манай Булганд миний нэг таньдаг хүн тэр хувьчлалаар чинь очоод малаа авах гэсэн чинь ...Чи малаа хаячихаад .. өдий төдий жил боллоо, юу хийж байгаа юм... гээд юу ч өгөөгүй хоцорч ирсэн юм, миний нэг таньдаг, манай нутгийн хүн. Тэгэхлээр энэ дэмий юм байна гээд би очоо ч үгүй. Аа барьж явсан машин нь надад олдоогүй, аа байдаг малаа тэнд өгсөн тэр малаасаа юм олдоогүй. Ер нь тэгэхлээрээ тэр хувьчлалаас бол надад ёстой бүр нэг ч юм ёстой өөрөө л бор зүрхээрээ л амьдарч явна даа л гэж би өөрийгөө тэгж бодож явдаг юм.

Сайнбилэг -

Энэ тэгвэл энэ зарим хүмүүс нь өмч хувьчлалаар жигтэйхэн өмчтэй болжээ. Яагаад ямар зарим хэлбэрээр тэр хүмүүс бусдаасаа ийм илүү өмчтэй болоод ирэв?

Пүрэвдорж -

Тэр эзэмшиж байсан юмыг нь өнөө эзэмшүүлснээрээ тэр улс гэж би боддогийм. Тэр өмчтэй болох эрхийг нь одоо жишээн дээр ярих юм бол уул нь нэг албан газрыг би өөрөө юу баазын жолооч хүн юм болохоороо баазуудаар жишээлээд бодоход бүх баазыг нөгөө баазын дарга нарт өгчихсөн. Эрхийг нь өгчихсөн. Улсын өмчөөс гаргаад тэгэхлээр нөгөө улсууд чинь яасан юм гэхлээр нөгөөдхөө зараад чи баазын дарга байж байгаад нэг их тэр үеийн 50 60 сая төгрөгний үнэтэй баазыг одоо чи эрх чамд олгочихсон болохоороо тэр л дээрээсээ хаанаас ч олгосон юм. Тэрнийгээ чи хувийн журмаар одоо худалдчихаад байгаа юм. Худалдчихсан юм. Тэгээд тэр хөрөнгө ер нь улсад их орж байгаагүй юм шиг болоод байгаа юм даа, би тэгж л сэжиглэдэг юм. Ер нь л одоо төв бараа бааз гээд энд чинь их айхтар том бааз байлаа. Тэрнийг чинь өнөө эрхэлж байсан складыг скалад скаладаар нь ...заа чи энийг өмч өмчилж, чамд олголоо. Энэ их том том улсынхаа дээр талаас танилтай улсууд бол ...заа одоо энэ хөрөнгийг чи тэдэн зуун сая төгрөгний хөрөнгө байгаа юм чи ав, аа харин компани байгуулна шүү гээд компани гэдэг юмыг байгуул гээд энэ компанийн дарга нар гарч ирсэн байх эхлээд, тийм л утгаар тэд ер нь баяжиж хөлжив үү, арай хэт өгчихөв үү бүх юмыг ер нь тэр маньд л өгөөгүй. Их юм өм цөмөөр нь, их буруу л хувьчилчихсанаас ийм юм гараад ирэв үү гэж бодддог юм. Тийм. Тэд чинь бас болохоороо бас их дээрээ энэ их танил талтай, ах дүү нь ч байдаг юм уу, одоо юу нь ч байдаг юм, танил тал нь ч байдаг юм уу, тэднээсээ их дэмжлэг аваад ингээд явахаараа л ёстой өнөөх саятан тэрбумтан энэ тэр нь болчихлоо л гэж ингэж би бодоод байдаг юм.

Сайнбилэг -

Ер нь энэ хувьчлал эрэгтэй эмэгтэй хүмүүст ялгаатай нөлөөлсөн үү?

Пүрэвдорж -

Эрэгтэй эмэгтэй хүмүүст ялгаатай нөлөөлсөн юм болвол мэдэхгүй юмаа би. Тэр эмэгтэй хүнд эмэгтэй хүн тэр үед нээх өмч эзэмшиж байгаагүй байх. Өмч эзэмшиж байхад тэр эмэгтэй хүнд нь өгсөн юм уу? Яаж байсныг нь мэдэхгүй, тэрнийг би ялгаж салгаж мэдэхгүй.

Сайнбилэг -

Аан за. Ер нь тэр социализмын үед жирийн хүмүүс гадаад орнуудтай яаж харилцдаг байсан юм бэ?

Пүрэвдорж -

Миний бодлоор бол яаж ч харилцах эрх байгаагүй. Яаж ч харилцах эрх байгаагүй, хөөрхий. Мэдэхгүй ээ гадаад явах гэх юм бол уул нь шоронд хийх байх. Тийм, зөвшөөрөл гуйдаг эрх ч дээхнэ үед байгаагүй. Сүүлд энэ ардчилал гарч ирэхээс өмнө социализмын үед болвол нээрээ мэдэхгүй ээ тэд нар чинь нээх явуулах байтугай ярихад ч жаахан тааруухан байсан болов уу гэж би боддог юм. Тэр талаараа бол их боогдмол хаагдмал, байсан юм шиг байдаг юм.

Сайнбилэг -

За танд одоо надаас асуучихаасай гэсэн тийм энийг асуучихаасай гэсэн асуулт бодогдож байна уу?

Пүрэвдорж -

Яалаа гэнээ?

Сайнбилэг -

Одоо надаас нэг ийм асуулт асуугаасай гэсэн юм байна уу?

Пүрэвдорж -

Аан ер нь тун мэдэгдэхгүй л байна. Би ч гэсэн сайн мэдэхгүй л байна учраа ч олоогүй л байна.

Сайнбилэг -

Би таниас нэг сонин асуулт асуух уу? Ер нь дээр үед ингээд 20-иод оны үед эднүүс хүмүүс бие биенээ, нас барсан хүнээ яаж оршуулдаг байсан юм бэ?

Пүрэвдорж -

Тэр чинь одоо дандаа хувиараа. Хувиараа л оршуулж байсан юм даа. Манай аав ээж нар болбол одоо тэмээтэй газар бол тэмээн дээр ачаад л, үхэр тэрэгтэй газар бол үхэр тэргэн дээр ачаад л, нэг хоёр хүн. Явган суугаад л аваачаад л, яахав нэг тухайн үедээ тэр зурхайч мурхайчаар үзүүлэхийг нь үзүүлж л байсан байх. Үзүүлэхгүй нь ч үзүүлэхгүй, тэр талаар ер нь улсууд тусламж өгч байгаагүй байхаа. Манай баг суман дээр лав тэр гуай нас бараад, тэгээд туслаж байна гэж ер нь дуулдаагүй. Зүгээр л өөрөө аваачаад, тэр тэр гуай нас барсан гэнэ, тэр бууцан дээр аваачиж тавьсан гэнээ, тэгж ярьж, тэгж дуулдаж байсан болохоос биш

Сайнбилэг -

Ил тавьчихдаг байсан юм уу?

Пүрэвдорж -

Аан?

Сайнбилэг -

Ил тавьдаг байсан юм уу?

Пүрэвдорж -

Ил тавьдаг байсан юм. Ерөөсөө нүх ухаж хийдэггүй, манай нутагт бол тийм юм ер нь байгаагүй. Одоо л бий болж байгаа байх. Дандаа ил тавина. Манай ээжийг бол одоо тэр Устын голын Бэхтрэгийн аманд ил тавьсан. Манай өвөө аав, эмээ ээжийг бас л тэр голын эхэнд ил тавьсан. Ерөсөө бүх нутгийн манай нутгийнх бүгд ил тавьдаг байсан юм. Тэгээд хүн тавьдаг газар гээд зориудын тийм газруудтай л даа. Хүн тавьдаг гээд л. Тэгээд хүн нас барвал ерөөсөө л тэгээд л тэнд хүн нас барвал тавьдаг газар гээд л аваачаад л тавьчихдаг. Ер нь аймаг болгон тийм байсан юм шиг байгаа юмаа. Улсын хэлээр тэр тухайн үед чагнаж байхад. Ямар ч дэмжлэг байхгүй. Тэмээн дээр ачдаг нь тэмээн дээр ачаад л, үхэр тэргэн дээр ачдаг нь үхэр тэргэн дээр ачаад л, тэгээд л аваачаад л өнөө дээхэн үед чинь бараг л дуртай бууцан дээрээ тавьж л одоо миний мэдээ орсноос хойш бол бас нэг тийм хүн тавьдаг газар бүүр тэнд чинь тэрүүгээр битгий яваарай хөөе, тэнд чинь хүн тавьдаг болчихсон юм, хүн тавьдаг болчихсон байгаа юм шүү гэж манай ах дүү нар тэгдэг байсан юм. Тэгээд л нэг аманд тавьдаг байсан бол тэр амны эхэнд л ямар бууц байна, 4, 5 бууц байвал нэг л бууцан дээр нь тавина. Бууц болгон дээр тавихгүй, тэгээд тэрнийг чинь одоо чоно, нохой, шувуу идээд л ингээд арилчихдаг ийм л журмаар оршуулж байсан юм, хөөрхий. Ямар ч дэмжлэг байхгүй.

Сайнбилэг -

Заа Пүрэвдорж гуай, та энэ нэг маш сайхан, сонирхолтой ярилцлага өгсөнд танд их баярлалаа.

Пүрэвдорж -

Өө, зүгээр зүгээр

Сайнбилэг -

Заа маш их баярлалаа.

Пүрэвдорж -

Заа

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.