Dorjpalam
![](../assets/images/interviewees/990261.jpg)
Basic information
Interviewee ID: 990261
Name: Dorjpalam
Parent's name: Demberel
Ovog: Hiad
Sex: m
Year of Birth: 1944
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: teacher, politician, retired
Belief: Buddhist
Born in: Sergelen sum, Töv aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: cleaner
Father's profession: prosecutor
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
politics / politicians
travel
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Доржпалам гуай.
Доржпалам -
Сайн.Сайн байна уу?
Ариун-Ундрах -
За та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?
Доржпалам -
Зөвшөөрч байна аа.
Ариун-Ундрах -
За.Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Доржпалам -
За би 1944 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн.Тэгээд Сэргэлэн суманд 5 нас хүртлээ аав ээж, эмээ өвөөтэйгээ амьдарч байсан.Тэгээд 1950 онд манайх Налайхад ирсэн л дээ.Тэр үеийн Налайх чинь үндсэндээ л Төв аймгийн Сэргэлэнгийн нутаг шүү дээ.Тэгээд манай аав бол цэргийн дарга хүн байсан, офицер.Ахлах цолтой, хилийн цэргийн отрядуудад прокуророор ажиллаж байсан.Тэгээд дэлхийн 2- дайн дуусч энх цагийн бүтээн байгуулалт, хөдөлмөрт шилжсэнтэй холбогдуулаад цэрэг арми бол цомхон болж олон одоо цэргийн дарга, цэргүүд халагдаж энх цагийн хөдөлмөрт шилжсэн.Тэгэхэд манай аав Налайхын уурхайд ирж мастер, бригадын дарга, хэсгийн орлогч дарга зэрэг ажил хийж байсан ийм хүн байгаа.За манай ээж бол яахав олон хүүхэдтэй, залуудаа ажил хийгээгүй, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлж сүүлд нь бол уурхайн үйлчлэх тасагт ажиллаж байсан.За би 1944 онд Налайхын бага сургуульд анх 1-р ангид орж сурсан.Тэгээд 1960 онд 7-р анги төгсөөд, тэр үед чинь 7 төгсөөд техникумд хуваарилдаг байлаа.Тэгээд зарим нь 8-р ангид цааш нь үргэлжлүүлж сурдаг 10 жилийн сургалттай.Тэгээд би 7-р төгсөөд намайг санхүү эдийн засгийн техникумд хуваарилсан юм.Тэгээд би нэг жаахан дурамжхан ороогүй.Тэгээд Налайхын уурхайд 60 оны 8 сарын 16-нд ажилд орсон анх.Тэр үед 16-тай байсан юм уу даа.Тэгээд анх уурхайд ашиглалтын 2-р хэсэгт газрын гүнд тэсэлгээчин хийж байсан, тэсэлгээчний мэргэжлийн курст суугаад.Тэгээд тэндээ 1 жил ажиллаад, тэгээд Налайхын уурхайн маркшейдерт ажилласан.Маркшейдер гэдэг бол нөгөө уурхайн одоо ийшээ хаашаа малтах вэ? чиглэлийг нь зааж өгнө.Тэр зургийг нь зохионо, геологийн зургийн үндэс энэ тэр тийм ажил л даа.Тэгээд тийм ажил хийж байгаад тэр хоорондоо оройн сургуулиа сурч 10-р анги төгссөн.Аа 63 онд 10-р анги төгссөн.Тэгээд 65 онд нэг өдөр намайг Налайхын намын хорооны 1-р нарийн бичгийн дарга дуудаж байна гээд тэгээд очсон л доо.Тэгсэн Цэнд гэдэг хүн байсан.Намайг их сургуулийн физикийн анги юм уу багшийн дээд сургуулийн тоо физикийн ангид одоо орж сур.Тэр үед бас нэг конкурс авдаг байсан.Конкурст бэлтгэ гээд.Тэгээд би багшийн дээдийн тоо физикийн ангид конкурс сургууль дээр нь очиж өгөөд тэгээд багшийн дээдийн тоо физикийн ангид ороод 4 жил сураад 69 онд төгссөн.Ингээд 69 онд төгсөөд Налайхын сургууль нэг л 10 жилтэй байсан.Налайхын сургууль дээр тоо физикийн багшаар ажилласан.Анх төгсөж ирээд анх 7-р анги авсан, дааж.Тэгээд 3 жил тоо физикийн багшаар ажилласан.Тэгээд даасан анги маань 9-р анги төгссөн, 10-т ордог жил нь байсан.Тэгсэн чинь нэг өдөр бас л гэнэт... Тэгэхэд Улаанбаатар хотын хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо гэж байсан.Аа Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороо гэж бас хотын эвлэлийн хорооноос намайг Комсмолын дээд сургуульд яв гээд.Тэгээд явах гээд яасан чинь сургуулийн захирал жаахан дурамжхан.Тэгээд 10-р анги төгсгөх ёстой байсан.Аа бас намын хороон дарга Лувсаннаваан гээд настайвтар тийм 50 гаруй настай хүн байсан.Лувсаннаваан дарга бас явуулахгүй.Чи эвлэлийн ажил хийх гээд байгаа юм бол би одоо энд Налайхт ч эвлэлийн ажилд оруулаад өгье гээд.Тэгэж тэгэж явах болов оо.Тэгээд нийслэлийн хэмжээгээр 13 хүн явсан юм.Тэгээд нөгөөдүүл нь бэлэн болчихсон.Би ганцаархнаа шийдэгдэж чадахгүй хамгийн сүүлд нь сүүлээс нь шахуу очиж, тэгээд 72 онд Комсмолын дээд сургуульд Москвад яваад 72 ондоо сураад, 73 онд сураад.Тэгээд л Комсмолын дээд сургууль чинь Москвад 50 гаруй орны оюутнууд сурдаг.Баруун Европын орнууд, Латин Америк, Монгол.Азиас ганцхан Монгол л байсан.Тэгээд 73 онд төгсөж ирээд хотод үлдэх санаатай байсан чинь эвлэлийн төв хорооны товчооны хурлаар ороод Хэнтий аймгийн эвлэлийн хорооны 2-р даргаар томилж явуулав аа.Тэгээд явлаа.Тэгэхэд 1-р нарийн бичгийн дарга Пүрэвжав гуай байсан.Тэгээд Хэнтий аймагт 73 оны 7 сард эвлэлийн хорооны 2-р даргаар томилогдож очоод, 76 оныг дуустал эвлэлийн хорооны 2-р даргаар ажилласан л даа.Тэгээд эвлэлийн хорооны 2-р даргын хариуцсан ажил бол залуучууд, 10 жилийн сурагчдын одоо боловсролыг дээшлүүлэх, хүмүүжил олгох.Өөрөөр хэлбэл боловсролтой, соёлтой, мэдлэгтэй, хүмүүжилтэй тийм хувь хүн болгон төлөвшүүлэхэд л ажлаа чиглүүлдэг байсан.Тэгээд энэ ажлыг 76 он дуустал хийгээд, 76 онд намын хорооны шийдвэрээр аймгийн намын хороонд зохион байгуулагч гэдэг ажил хийсэн.76 оноос 84 оныг хүртэл намын хорооны зохион байгуулагч.Барилга,ой модны үйлдвэрийн салбарыг хариуцдаг.Хүнд салбар л даа.Төлөвлөгөө энэ тэр өндөр.Тэгээд тэрийг биелүүлэх их хүч чармайлт гаргадаг тийм хүнд салбар байсан.Тэгээд 84 оны 3 сар хүртэл хийгээд... биш ээ 82 он хүртэл ажилласан.82 оны 3 сар хүртэл хийгээд, 82 ондоо аймгийн үйлдвэрчний соёлын нарийн бичгийн даргаар томилогдсон.Тэгээд нөгөө үйлдвэрчний зөвлөлийн нарийн бичгийн даргаар 84 оны 3 сар хүртэл ажилласан.Тэгээд аймгийн үйлдвэрчний зөвлөлийн гол ажил бол, нарийн бичгийн даргын гол ажил бол үйлдвэрчний зөвлөлийн дотоод ажил, аа тэгээд л үйлдвэр, албан газар, сумдад байгаа үйлдвэрчний эвлэлийн хороод, үйлдвэрчний эвлэлийн хороодын ажлыг удирдах, аа тэгээд л улсын төлөвлөгөө сорилтыг биелүүлэх, социалист уралдаанд тэргүүлэх, тэргүүн туршлага дэлгэрүүлэх, шинэ санаачилга тэргүүн туршлага дэлгэрүүлэх ийм ажил голлож хариуцдаг байсан.Тэгээд энэ ажлыг хийж байгаад бас нэг өдөр аймгийн намын хорооны бүгд хурал соёлын ордонд болсон чинь намын хорооны боловсон хүчин дуудаж байна гээд очсон чинь намын дээд сургуульд одоо явж суралц гээд 84 онд.Тэгээд гэнэт одоо маргааш шалгалт ирнэ гээд л яг тулгасан.Тэгэхэд чинь Орос хэлний шалгалт авдаг.Намын дээд сургууль Орос хэл дээр сургалт явуулдаг байсан.Лекц, семинар, дадлага, шалгалт бүх юм Орос хэл дээр явдаг байсан.Тэгээд бидний 4 хүн шалгалт өгөв өө.Тэгэхэд улс төр гэгээрлийн кабинет гээд нэг том кабинет заал байсан.Биднийг 4 буланд нь суулгачихаж байгаа юм.Тэгээд намын дээд сургуулийн Орос хэлний багш ирж шалгалт авсан.4 буланд тэгээд шалгалт өгөөд 3 нь тэнцсэн.Тэгээд Халтар, Нанжид, би бид 3 тэнцээд нөгөө 1 хүн маань тэнцээгүй л дээ.Тэгээд намын дээд сургуульд 82-86 онд сурч төгсөөд.Тэгээд намын төв хорооны мэдлийн боловсон хүчин гээд намын төв хороо ажилд томилдог, ажил өгдөг байсан.Тэгээд намайг 2-3 дуудаж уулзсан.Тэгээд Говь-Алтай аймгийн үйлдвэрчний зөвлөлийн даргаар яв, Дорноговь аймгийн үйлдвэрчний зөвлөлийн даргаар яв гээд.Би тийшээ явмааргүй байна, одоо Хэнтийгээ явъя гээд нэг тиймэрхүү дахин дахин дуудаж уулзаж байгаа юм.Тэгээд хамгийн сүүлд нь Дундговь аймгийн намын хянан шалгах комиссын даргаар яв гээд тэгээд зөвшөөрөөд Дундговь аймагт 86 оны зун очсон.Тэгээд Дундговьт 5 жил ажилласан л даа.Намын хянан шалгах комиссын ажил бол аймгийн намын хорооны ажил хэр зэрэг шуурхай явж байна.Аа дээд газрын дотоод шийдвэр хэр зэрэг хэрэгжүүлж байна.Тэнд улсын сахилга бат, хөдөлмөрийн сахилга бат ямар байна гэдэгт л хяналт шалгалт хийдэг тийм гол үүрэгтэй ажил байсан.Тэгээд 91 оны 7 сар хүртэл хийгээд, тэгээд улс орон ч зах зээлд шилжээд, ардчилал зах зээлд шилжээд, тэгээд намын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөөд цомхон болсон л доо.Намын хороон дарга, дэд дарга, улс төрийн ажилтан гээд ийм цомхон болсон.Тэгээд намын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотой тэгээд Налайхдаа ирсэн.Хуучин ажиллаж байсан нутаг л даа.Тэгээд Налайхт ирээд энэ 100-р сургуулийн захирлын ажил авсан юм.Энд нэг 2-3 жил захирал хийсэн.Тэгээд дараа нь дүүргийн захиргааны шийдвэрээр засаг даргын тамгын газар эхлээд боловсрол соёл хариуцсан зохион байгуулагчаар ажилласан.Тэгээд дараа нь 2001 оноос төрийн захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байгаад тэгээд 65 хүрээд тэтгэвэртээ суусан.Ийм л ажил.Яахав төрийн захиргааны ажил бол бас тамгын газрын дотоод ажлыг хариуцан боловсронгуй болгох асуудал байна.Боловсон хүчнийг сургах, дадлагажуулах, мэргэжлийг нь дээшлүүлэх ажил хариуцна.За төр захиргааны дээд шатны байгууллагын одоо тогтоол шийдвэр, бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж гардаж удирдана.Тэгээд аппаратын хэлтэс, бага сага ажилтнуудын ажлыг нэгтгэж зангидана.Тэд нарын одоо дүүргийн засаг даргад энэ жил, энэ хагас жилд, энэ улиралд ямар бүтээгдэхүүн нийлүүлэх вэ? гэдгийг нь тодорхойлуулаад үр дүнгийн гэрээ байгуулна.Хэлтсийн дарга нар нь засаг даргатай, ажилтнууд нь хэлтсийн даргатайгаа үр дүнгийн гэрээ байгуулаад тэрийгээ улирал, хагас жил, жилээр дүгнээд шагнаж урамшуулдаг ийм ажил гол нь хариуцдаг.Дотоод ажил, боловсон хүчин, тогтоол шийдвэрийн гүйцэтгэл, аа хөдөлмөрчдийн өргөдөл гомдлыг хэр зэрэг шийдвэрлэж байна.Тэгээд хэвлэл мэдээлэлтэй харьцах ийм ажил.Аа гадаад харилцааны ажил ч бас хамаарна.Ийм ажил хариуцаж хийж байсан.Ийм л байна даа.
Ариун-Ундрах -
За таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?
Доржпалам -
Хүүхэд нас яахав дээ сургуульд ортлоо л гэр орондоо л аав ээжийн гар дээр л өсөж хүмүүжсэн.Тэгээд сургуульд бол яахав тэгээд л ангийн хүүхдүүдтэй хамт тоглоно, эрхлэнэ, сургууль хичээлдээ явна ийм л байсан.Тэгээд сургуульд сурч байхад бол ер нь сурлага гайгүй.Бүх шатны сургуульд би ер нь гайгүй л дээ сайнаас онц энэ тэр л сурч байсан, сурлага сайтай байсан.Ийм л байгаа.
Ариун-Ундрах -
Та том болоод ямар хүн болно гэж боддог байсан бэ?
Доржпалам -
Том болоод би уул нь сургуульд сурч байхдаа тэр үед одоо авто-ын механикийн инженер болно л гэсэн ийм хүсэлтэй байсан л даа.Тэгээд тэр үед чинь, миний үед чинь яахав их сургууль гэж байсан.Жаахан гадаа техникийн талын юм бэлддэг нь политехникум гэж байсан л даа.Тэр хуваарь бол тун цөөхөн ирнэ л дээ, олдоггүй тийм л байсан.
Ариун-Ундрах -
За таны аав ээж хоёр яг хувь хүмүүсийнхээ хувьд ямархуу хүмүүс байсан бэ?
Доржпалам -
Манай аав ээж хувь хүмүүсийнхээ хувьд тийм төлөв төвшин, даруухан тийм л хүн байсан л даа.Тэгээд манай ээж бол ёстой халхын нэг сайхан эмэгтэй л хүн байсан.Бидэндээ сургаал айлддаг, ер нь даруухан дуу цөөтэй тийм л хүн байсан.
Ариун-Ундрах -
Ер нь таныг хүүхэд байхад чинь хүүхдүүд ихэвчлэн ямар ямар тоглоомоор тоглодог байсан бэ?
Доржпалам -
Бид чинь одоо хөл бөмбөг их тоглоно.Хичээлээ тараад л цүнхээрээ хаалга хийчихээд л хоорондоо хөл бөмбөг их тоглоно.Канкигаар их гулгана.Хичээлдээ ирэхдээ канки зүүгээд л гэрээсээ гараад л машин замаар ирэхэд чинь цас ингээд гялайгаад дарайгаад хөлдчихсөн.Тэгэхэд их цас ордог, хүйтэн.Тэгээд л ирдэг байсан.Тэгээд нөгөө ... бөмбөг цохидог ш дээ....., чирта тийм л тоглоомууд байсан.Тэгээд яахав сургууль дээр бол тийм соёлын талын арга хэмжээ энэ тэр их зохиогдоно л доо.Спортын тэмцээнүүд, тэгээд л 7 хоног болгон хагас сайн өдөр сургууль дээрээ үдэшлэг энэ тэр сургуулиас зохиодог тийм л байсан.Бидний үеийн багш нар чинь агуу хүмүүс байсан л даа.Мэдлэгтэй, чадалтай, тийм хувийн үлгэр дуурайлал энэ тэр их сайтай.Дандаа л хожим том болсон одоо ч гэсэн дурсаж бид нар хоорондоо ярьдаг юм.Тэр багш нар энэ тэр одоо 90 хүрчихсэн ахмад багш зөндөө л байна л даа.
Ариун-Ундрах -
Сургуульд сурах ер нь ямархуу байсан бэ?
Доржпалам -
Сургуульд сурах ч ер нь гайгүй л дээ.Нэг ганцхан л чиглэлийн, хичээлээ л сайн хийж тэгэж л байвал өөр одоо яахав.Тийм л байсан.
Ариун-Ундрах -
Таны бодлоор социализмын үеийн хүүхдүүдийн хүмүүжил нь ер нь ямархуу байсан бэ?
Доржпалам -
Хүмүүжлийн хувьд ер нь сайн байсан ш дээ хүүхдүүд.Тэр ахмадаа настанаа хүндэтгэнэ, багш нараа хүндэтгэнэ, эцэг эхээ хүндэтгэнэ.Элдвийн тийм хэрэг төвөг, хэл ам бараг гардаггүй байсан.Бидний үед бол тийм.Хамгийн л одоо сахилгагүйтэж байгаа хэлбэр нь яахав дээ нэг цагийн хичээл таслаад гадаа бөмбөг тоглочих тийм л юм байсан.Тэрнээс биш тэр зодоон цохион, архи дарс, тамхи энэ тэр гэсэн ойлголт бол ердөө байгаагүй.
Ариун-Ундрах -
За тэгээд сургуулиа төгсөөд та хамгийн анх уурхайд ажилласан гэсэн тэ?
Доржпалам -
Багшийн дээд сургууль төгсөөд энэ 10 жилийн сургуульд багшаар.Аа зүгээр 7-р ангиа төгсөөд уурхайд ажилласан л даа.
Ариун-Ундрах -
Тэгээд анх уурхайд ажиллаж байх үед чинь Налайхын уурхай тэр үед яг ямархуу байр суурьтай байсан бэ?
Доржпалам -
Налайхын уурхай яахав дээр үед дандаа налуу, бага уурхайнууд байсан.Тэгээд 57-58 онд Налайхын их уурхай байгуулагдсан.Яг ид одоо ажил нь жигдэрчихсэн, 60 он гэдэг чинь тийм л байсан л даа.Тэр үед чинь одоо намайг ажиллаж байх үед чинь жилд 800 гаруй мянган тонн нүүрс одоо нийслэлийг илч дулаанаар хангаж байсан гол л уурхай байсан л даа.Зөвлөлтийн мэргэжилтнүүд ч их олон байсан.Аа манай маркшейдерт гэхэд чинь Астопинка гээд нэг мэргэжилтэн сургагч байсан.Авгай нь нэг Үзбек Зояа Петровна гээд маркшейдер байсан.Тэр хоёр бол лут ажилсаг хүмүүс байсан л даа.Хоёулаа алтан гадас одонгоор шагнуулаад тэгээд олон жил ажиллаад нутагаа буцсан л даа.Манай маркшейдерийн дарга Самдан гээд уул нь их сургуулийн малын эмчийн анги төгссөн юм гэнэлээ.Тэгээд маркшейдер болчихсон.Тэгэхэд 50-н хэдэн настай.Дандаа ном уншиж байна.Бид нарыг ном унш гэж их шаардана.Тэгээд л өөрөө тэр стольныхоо ажлынхаа чөлөөгөөр англи-орос словарь барьчихсан л англи хэл сураад л байсан.Тэр үед шүү дээ.Тийм агуу хүн байсан юм.Тэр уурхайн мэргэжил яаж яваад ч эзэмшчихсэн юм.Бодвол тэр үед чинь их уурхай байгуулагдаад олон хүнийг хойно энэ бостон, киморовын уурхайд жилээр, жил хагасаар, 6 сараар сургаж бэлтгэдэг байсан.Тэрэнд л явж сурсан хүн байсан.Тэр үеийн хүмүүс чинь ажлаа одоо хийх шиг хийж, хариуцсан шиг хариуцдаг сайхан л хүмүүс байсан л даа.Аа би бол дандаа л дээд газрын томилолтоор л ингээд л нэг ажлаас нөгөө ажил.Хүн харахад нэг ажлыг нэг 3-4 жил хийгээд л 5 жил хийгээд л өөрчлөгдөөд байгаа мэт.Дээд байгууллага дүүргийн юм уу хотын намын төв хорооны шийдвэрээр тэгээд л дараагын ажилдаа томилогдоод л ингэж л ажиллаж байсан.Томилолтын систем зарим талаар зөв ч юм уу гэж боддог л доо.Одоо чинь сонгууль гээд л за дүүргийн засаг даргыг сонгоно, хорооны засаг даргыг сонгоно гээд бужигнаад л байдаг, бужигнаад л байдаг.Олон намууд тэгэж тэгэж л одоо нэг чадвар муутай, боловсрол ч дульдхан, одоо ажилтай ажилгүй байсан янз бүрийн л хүмүүс томилогдчих юм л даа.Аа харин дээд шатны дарга нь доод шатныхаа даргыг томилоод, шилж сонгоод томилоод явах систем чинь л их муугүй л байсан л даа, социализмын үед бол.Одоо яахав нөгөө ардчиллынхаа дагуу сонгодог, сонгуулиар л гарч ирдэг болчихоод байна.Хэрвээ үнэхээр мэдлэг чадвартай хүн сонгогдоод гараад ирвэл ажлаа хийгээд л болоод л байна л даа.Тэгээд бас янз бүрийн хүнийг сонгодог явдал бол бишгүй л байна ш дээ.
Ариун-Ундрах -
Жишээ нь та Хэнтий рүү томилогдоод явлаа гэхэд хэрвээ өөрөө дургүй байвал томилолтоосоо буцах ч юм уу тиймэрхүү тохиолдол гарах уу?
Доржпалам -
Өө бас харж үзнэ л дээ.Өөр газар энэ тэр томилох энэ тэр.Тэгээд л яахав дээ нэгэнтээ л улсын зардалаар л дандаа сурч байсан ш дээ.Улсынхаа зардалаар сурчихаад л одоо бас аа үгүй гээд байх чинь одоо хаашаа юм.Тэгээд л тухайн үед яваад л очсон газар болгон сайхан хүлээж авч, очиход чинь байрыг нь бэлдчихсэн, ажил нь бэлэн.Тийм л байдаг байсан ш дээ бид нарыг авч байхад.
Ариун-Ундрах -
Та бол тэгэхээр нөгөө томилогдсон газар руугаа явахдаа бол бас нэг их дургүй биш тийм ээ?
Доржпалам -
Тийм, тэгээд явдаг л байсан ш дээ.Нэг их дургүйцээд байсан юм байхгүй.Хаа очсон ч адилхан л байсан.
Ариун-Ундрах -
Тэгээд ажиглаад байхаар тэр үеийн хүмүүс ингэж томилогдоод нэг газар оччихоод, аа буцаад яагаад өөр газар руу томилогддог байсан юм бол?
Доржпалам -
Тэр чинь яахав тэр газар нь одоо боловсон хүчний дутагдалтай ч байсан юм уу? Орон тоо энэ тэр гараад л тэгээд л оронд нь тэр чинь нөгөө голцуу л боловсон хүчний нөөцийн судалгаа гээд л аймгийн намын хороонд ч тийм юм байсан, төв хороонд ч тийм юм байсан.Тэднээсээ шилж сонгоод за энийг явуулчихвал энэ ажлыг хийчих байх гэсэн хүнээ л томилж явуулдаг л байсан л даа.Би ч гэсэн тэр Дундговь руу явахдаа намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр хурлаар ороод л явж байсан.Тэгэхэд нарийн бичгийн дарга нарийн зөвлөгөөнөөр ороход Цэдэнбал дарга байгаагүй юм аа, гадаад явчихсан байсан.Моломжамц дарга хурал удирдаад, тэр үеийн намын төв хорооны дарга Дамдин гуай, боловсон хүчний дарга байсан Лхамжав гуай энэ тэр гээд олон л хүн байсан.Тэгээд л хурлаар ороод шийдэлцээд тэгээд томилолт өгөөд явдаг л байсан.
Ариун-Ундрах -
Аа тэгээд томилогдоод явахад чинь ар гэр чинь бол ер нь байнга дагаж явна тийм ээ?
Доржпалам -
Тийм.Яахав ар гэрт чинь очихоор аймгийн намын хороо ажил өгнө л дөө.Манай хөгшин чинь очоод л Хэнтийд очоод л намын хороонд анх эмэгтэйчүүдийн зөвлөлийн тасгийн зааварлагчаар ороод, дараа нь намын хорооны зохион байгуулагчаар ороод, дараа нь агентийн чуулгын дарга болоод л явсан.Дундговьд очиход манай хөгшин аймгийн соёлын хэлтсийн даргын ажил хийсэн л дээ.Энд ирэхээр Налайхт ирсэн чинь Соёлын төвийн даргаар гээд гэр бүлийг нь бас тэр үед чинь харж үзнэ л дээ.Ажлаар хангадаг тийм л байсан л даа.Яахав одоо ажилд томилогдож ажиллаж байхад чинь биднийг ээлжийн амралтаа авахаар орон нутаг явах зардал гэж нэг 45 хоногийн цалин өгдөг.Дандаа томилолтоор өөр аймаг энэ тэрт ажиллаж байгаа юм чинь тэрүүгээрээ орон нутгаа явна.2-р эмнэлэгт үйлчлүүлж, үзүүлж, хэвтэж, сайд нарын эмнэлэгт хэвтдэг тийм л байсан л даа.Би ч үзүүлж хэвтээгүй л дээ.Манай хөгшин нэг удаа л ирж хэвтсэн.Тиймэрхүү л.Илүү дутуу юм байхгүй.Хангамж нь тиймэрхүү л.Тэгээд цалингаа аваад л тэрүүгээрээ амьдраад, хүүхдүүдээ сургаад л.Манайх 4 хүүхэдтэй л дээ.Хамгийн том охин Нарантуяа гээд энэ Налайхын 10 жилд багшилдаг юм.Боловсролын тэргүүний ажилтан.За 2 дахь охин маань Москвагын их сургуулийн химийн факультет төгссөн.Энэ багшийн дээд сургуулийн химийн тэнхмийн ахлах багш.Японд То хату хот, Акитагын хотын их сургуульд докторантурт сураад химийн ухааны доктор л доо.Тэгээд доктор, профессор цолтой ахлах багш гээд багшийн дээдэд ажилладаг.Дараа нь манай хүү хойно Ивановт эрчим хүчний сургуульд сурч байсан.Одоо хувиараа бизнес эрхэлдэг.Хамгийн бага хүү Монгол бизнес дээд сургууль төгссөн.Энэ намын удирдах зөвлөлд хяналтын хороонд ажилладаг юм.Хяналтын ажилтан хийдэг.Ийм л байна.Яахав ач нар бол олонтой.Манай том ач энэ сая ороод ирдэг охин Алтантуяа гэдэг юм.Олон улс судлал гэсэн нэг хувийн сургууль байдаг.Тэрийг төгссөн, дараа нь санхүү эдийн засгийн дээд бил үү? Арслантай гүүрний дэргэд байдаг.Тэрний банк, санхүүгийн анги төгссөн.Сая энэ жил төрийн албаны шалгалт өгөөд 68 оноо авсан байналээ, тэнцсэн.Одоо нэг ажилд орох, Налайхд маань төсвийн хэдэн байгууллагаас өөр юм байхгүй болохоор бас орон тоо хомсдуу л байна.За дараагын нэг ач маань Америкт сурч байгаа.Америкт дунд сургууль, ахлах сургуулиа төгсөөд одоо тэнд коллежид Чикагод байдаг юм.Манай тэр багшийн дээд сургуульд сурдаг Наранчимэг гээд охины хүүхэд.За тэрний дүү нь одоо 9-р ангид сурдаг.Манай 2 хүүгийн нэг нэг охинтой.Нэг нь тэр Монгол-Германы хамтарсан сургууль төмөр замд байдаг.Тэрэнд сурдаг, энэ жил 8-р ангид орно.За бага ач маань тэр 14-р сургууль, энэ жил 6-р ангид орно.За нэг жоохон саяны ачын хүүхэд.Одоо нэг 2 өнгөрч 3 шахаж байгаа хүү байдаг юм.Ийм л хувийн амьдралын хувьд.
Ариун-Ундрах -
Та тэгэхээр чинь 2 охин, 2 хүүтэй юм байна тэ?
Доржпалам -
Тийм.
Ариун-Ундрах -
Тэгээд социализмын үед хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямархуу байсан бэ?
Доржпалам -
Ажилд бол яг чин үнэнээсээ.Ажлыг одоо хийе, бүтээе, санаачилгатай байя, ажилдаа хариуцлагатай хандах бол үнэхээр хүчтэй тавигддаг байсан.Ажилдаа бол эзэн болдон тийм л байсан.Тэгээд яахав хааяа нэг хариуцлага алдах явдал энэ тэнд гардаг л даа.Тэр бол тухайн үедээ хариуцлагаа хүлээгээд л, тэгээд л явдаг.Тэр ар өврийн хаалга, иймээ тиймээ юм бол байгаагүй.Социализмын үед чинь өөийн шүүмжлэл гээд л их өрнүүлдэг.Ажлын дутагдал, доголдлыг бол аливаа шатны хурал дээр бол хурцаар шүүмжилдэг.Тэрийг нь яаж хэрэгжүүлэв гэдгийн тухай одоо дараагын хурал дээрээ тайлагнадаг, мэдээлдэг тийм л байсан.Тэр бол муу зүйл байгаагүй л дээ.
Ариун-Ундрах -
Таны бодлоор одооны хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямар болж өөрчлөгдсөн бэ?
Доржпалам -
Одоо ч яахав дээ.Ажлаа сайн хийж байгаа улс бол зөндөө л байна.Аа түүнийхээ хажуугаар үнэхээр тэр ажилд, тэр орон тоон дээр, тэр албан тушаал дээр тэнцэхгүй.Тухайн сонгуулийн үр дүнгээрээ гарч ирсэн одоо засаг дарга юм уу ямар нэгэн удирдлагын танил тал юм уу ах дүү юм уу эсвэл сонгуулийн сурталчилгаанд нь сайн явсан гэх нэрээр бол чадваргүй, мэдлэг боловсрол дулимаг тийм улсууд бол байна аа байна.Тэгээд л одоо тэрийг чинь одоо олон түмэн, иргэд бол шүүмжилж ярьж л байна.Үнэхээр тэгээд нэг багаа бүрдүүлнэ гэдэг нэрийн дор бол тийм тааруухан дутагдалтай зүйл бол байж л байна л даа.Энийг л одоо гаргахгүй л байх хэрэгтэй.Манай Налайхт ч гэсэн саяны сонгууль, нодлин жилийн орон нутгийн сонгууль энэ тэрийн үр дүнгээр бол зөндөө л ажлаа гайгүй сайн хийж байсан дарга нарыг ажлаас нь халаад л оронд нь өөрийнхөө талын хүн юм уу хамаатан садан юм уу найзуудаа зөндөө л томилчихсон.Эсвэл нөгөө эсрэг намынхаа даргаар сонгогдохын тулд, эсрэг намынхаа саналыг авахын тулд албан тушаал амладаг.Тэр бол зөндөө байна.Хэд хэдэн албан газрыг тиймэрхүү байдлаар л өөрчлөөд тийм нэг явуургүй, хуйвалдсан.Тэрийг бол иргэд бол их л шүүмжилж байгаа юм.Тэгээд иргэд тэрийг ямар өөрчлөөд буцаагаад тавьчих эрх мэдэл байх биш.Нэг тиймэрхүү л дутагдалтай, зарчимгүй, шударга биш явдал байна аа.
Ариун-Ундрах -
Тэгээд шүүмжлээд ч бараг хэрэггүй болчихоод байгаа юм чинь тэ?
Доржпалам -
Тийм.Шүүмжилсэн хүнээ хавчдаг, гадуурхдаг тийм л байна ш дээ.Зүгээр л өөрсдөө л нэг танил тал юм уу гайгүй ганц өөрийн л тойрон хүрээлсэн, долигносон, тал зассан тийм л байдлаар бол томилох явдал байна л даа.Энэ бол болохгүй л дээ.Шударга л чадвартай, жинхэнэ ажил хийдэг тийм хүнийг л томилж байвал манай төр захиргааны ажил бол сайн ажиллана л даа.Энэ бол одоо үгүй болтол 2012 оны сонгууль, тэрний дараагын сонгуулиар энэ бол арилахгүй л гэж би бодож байгаа.Дээрээ ч байна, дунд шатанд ч байна.
Ариун-Ундрах -
Тэгээд социализмын үед яг иймэрхүү танил тал харж ажилд авдаг ч юм уу тиймэрхүү байдал бага сага ч гэсэн байдаг байсан болов уу?
Доржпалам -
Байхгүй.Ёстой байхгүй шүү.Би чинь хаа хамаагүй л хүн.Надад бол надаас дээгүүр боловсролтой хүн манайханд байхгүй.Тэгээд намайг л дээд шатны байгууллага, аа дүүрэг аймгийн намын хороо, захиргаа, намын төв хороо энэ тэр судлаад л ажилд томилж байсан.Намайг за энэ Доржпаламыг тийм ажилд явуулчихаарай, тийш нь явуулчихаарай, тийм сургуульд явуулчихаарай гээд надад хөөцөлддөг ах дүү ч байгаагүй, дээгүүр албатай боловсролтой хүн ч байгаагүй.Би өөрийнхөө бор зүрхээр л авгай хөгшин бид хоёр сурч ажиллаж л ингэж ирсэн.Тийм арын хаалга бол байхгүй л байсан.
Ариун-Ундрах -
Аа тэгээд социализмын үед хүмүүс ажилд яаж ордог байсан бэ?
Доржпалам -
Зүгээр албан газар үйлдвэр энэ тэрт үү?
Ариун-Ундрах -
Тийм.Ер нь ажилд орлоо гэхэд одоо бичиг баримт бүрдүүлж очоод ер нь яадаг ч юм.Юу сургууль төгсөөд ирвэл шууд томилоод явуулна тийм ээ? Аа өөрөөр үйлдвэрт ч юм уу эсвэл өөрийнхөө хүссэн ажилд оръё гэвэл яах уу?
Доржпалам -
Үгүй ээ тэр чинь өөрснөө л гүйж очоод тэр үйлдвэрийн боловсон хүчинтэй нь уулзаад л орон тоо байвал тэгээд судлаад л мэргэжил нь тохирч байвал тэгээд л авдаг байсан ш дээ.Тэрнээс өөр юм байгаагүй.Зүгээр үнэхээр одоо тэнд слесерь хэрэгтэй гэвэл слесерийн орон тоотой гайгүй л хүн байвал тэгээд л авчихна.Тэрнээс тэр танил тал гэж хэрэг байдаггүй байсан.За үнэхээр нэг архи дарс уудаг юм уу гэмт хэрэг энэ тэрт холбогдсон хүн байвал авдаггүй л байсан байх л даа.Тэрнээс тэрэнд бол нэг их танил талсаад байх ч хэрэг байдаггүй л байсан.Нөгөө голцуу л боловсон хүчин дээр нь очоод л өөрснөө тэгээд л ажилд ордог байсан.Социализмын үед чинь ийм байсан ш дээ.Нэг байгууллагаас ажлаас халагдаад 14 хоногийн дотор дараагын байгууллагад ажилд орохгүй бол нөгөө хөдөлмөрийн дэвтэр тасарсан гээд тэгээд тооцдог байсан учраас 14 хоногийн дотор л ажилд ордог байсан.Аа ер нь ажилгүй хүн гэж бол бараг байгаагүй.Нэг ийм юм явдаг байсан юм.Социализмын үед хөдөлмөрийн үзлэг гэж дүүргийн хэмжээгээр, аймгийн хэмжээгээр ажилгүй хүн байвал ажилд оруулах гэж.Тэр чинь цөөхөн хүн байдаг байсан байхгүй юу.Тэрийг чинь албаар ажилд оруулдаг байсан.Одоо бол ажилгүй хүн зөндөө байна ш дээ.Тэрийг ажилд оруулах гэж үзлэг шалгалт хийхгүй л байгаа биз дээ.Тэр үед тэгдэг байсан.Хөдөлмөрийн үзлэг гэж бүр аймгийн захиргаанаас зохион байгуулж байгаад бүр айл болгоноор орно.Хороо, гэр хороолол, байшингаар яваад за танайд ажилгүй хүн байна уу? Паспортаа гаргаж ир гэж байгаад тийм хүн байвал судлаад тэгээд л ажилд оруулдаг тийм л системтэй байсан юм.
Ариун-Ундрах -
Бүр ажил хийх дургүй байсан ч хүчээр оруулах уу тэ?
Доржпалам -
Тийм.Ажил хийх дургүй ч хүн гэж юу байхав дээ.Нэг хааяа л нэг тийм хүн байдаг л байсан, мэр сэр гардаг л байх.Тухайн аймагт нэг газар шилжиж очоод удаагүй ч байсан юм уу бас нэг цэргээс халагдаж ирээд байж байсан ч юм уу за нэг газраас сахилгагүйтээд ажил таслаад ч юм уу хөдөлмөрийн сахилга алдаад ажлаасаа гарчихсан тийм хүн энэ тэр бол гардаг л байсан.Тэрийг чинь хөдөлмөрийн үзлэг хийгээд илрүүлээд тэгээд ажилд оруулдаг тийм л байсан.
Ариун-Ундрах -
Хөдөлмөрийн үзлэг гээд нэртэй юм уу?
Доржпалам -
Тийм, хөдөлмөрийн үзлэг гэж нэртэй.Тэгээд л бүх албан газрын намын хороо, захиргааны ажилтнууд энэ тэрийг чинь үзлэг хий, за чи тэдээс тэддүгээр гудам, тэр хороонд яваад айлуудаар явж шалга гээд л тэгдэг л байсан.
Ариун-Ундрах -
Аа одооны ажилд орох процесс ямар болсон бол?
Доржпалам -
Одоо чинь дандаа л танил тал.Төрийн албаны шалгалтанд тэнцсэн ч байсан өөрийнхөө таньдаг юм уу танилынхаа найзынхаа хүүхэд юм уу тийм л хүнийг авч байна ш дээ.Төрийн албаны хуулинд чинь ингэж байгаа ш дээ.За жишээлбэл тамгын газар ч юм уу за нийгмийн асуудал хариуцсан нэг зохион байгуулагчын орон тоо байна гэхэд хуулиараа бол төрийн албаны шалгалтанд тэнцсэн юм уу эсвэл төрийн албаны шалгалтанд тэнцээд өөр байгууллагад ажиллаж байсан хүнийг авна гэж байгаа юм.Тэгэхэд бол төрийн албаны шалгалтаа өгөөгүй хүнийг таньдаг хүнээ, найз нөхдөө л авчихдаг байхгүй юу.Тэгээд л авч ажиллуулж байгаад л тухайн жилийн төрийн албаны шалгалт одоо 5 сард юм уу болно.Тэрүүгээр нь тэрийгээ оруулдаг.Хэрвээ тэр нь тэнцчихвэл тэр нь үргэлжлүүлээд ажилладаг.Тэнцэхгүй бол аргагүй төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны хуульд заасны дагуу шалгалтанд тэнцээгүй учир ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэсэн бичиг хүрээд ирдэг.Тэгээд арга буюу нөгөө хүнээ халаад, тэгээд төрийн албаны шалгалтын чинь нэг орон тоон дээр өчнөөн төчнөөн хүн байгаа ш дээ.5-6 хүн л тэнцээд залуучууд ирж байгаа юм.Тэрнээс танилыгаа, таньдаг нэгийгээ л авчихаж байгаа ш дээ.
Ариун-Ундрах -
Дахиад л таньдаг хүнээ сэлгээд авчихна.
Доржпалам -
Тийм.Дандаа яг тийм.Манай Налайхт ч гэсэн яг тийм.Тэрнээс жирийн нэг ажилчин, албан хаагчын хүүхдийг авна гэж байхгүй.Нэг тиймэрхүү л болчихоод байна л даа.Яахав ээ авдаг цагтаа бол авдаг л байсан л даа.Тэгэхдээ тийм юм бол гарч л байгаа.Үгүйсгэхийн арга байхгүй.Тэгээд л нэг хорооны засаг дарга сонгох болдог, аа хорооны иргэдийн хурал хийдэг.Хурал хийхэд чинь нэр дэвшсэн хүн нь гүйж яваад л бүх танил тал, найз нөхөд юмаа цуглуулж ирээд л тэр хурал дээр бол хэн сайн цуглуулсан нь л гар өргүүлээд сонгогдчихдог ш дээ.Одоо Налайхын саяны сонгууль тийм л балиар явсан.Энэ бол буруу л даа.Шударга сайхан өрсөлдөөд олны саналыг аваад ажиллабал өөр хэрэг.Ингэхгүй байгаа одоо бол.Гайгүй гэсэн хүнээ татаад л нөгөөдөх нь яахав дээ болчихно байх гэж бодоод л нэг хүн цуглуулахгүй байдаг.Нөгөөдөхийг чинь цуглуулсан нь ялаад хачин хачин.Жишээлбэл манай городокт городокийн 5-р хороо гэж байдаг юм.Миний үед хорооны нийгмийн ажилтнаар ажиллаж байсан нэг эмэгтэй авгай залуухан.Тэгээд би ажлаас чөлөөлсөн л дөө.2-3 хоногоор алга болчихно, хаашаа явсан нь мэдэгдэхгүй хувийн ажлаа хөөцөлдөөд.Тэгсэн чинь саяны юугаар городокт хорооны засаг даргаар тэр ардчиллын хүн л дээ.Тэр ардчилсан ч бай, хувьсгалт нам ч бай аль нь ч ямар хамаа байна.Нөгөө танилаа цуглуулж байгаад засаг дарга болсон ш дээ.Тэр бол ажил хийж чадахгүй, би бол мэдэж байна.Иймэрхүү маягын юм бол гараад л байгаа.
Ариун-Ундрах -
Хорооныхоо засаг дарга болсон юм уу?
Доржпалам -
Тийм.Тэр бол чадахгүй.
Ариун-Ундрах -
Социализмын үед чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг байсан бэ?
Доржпалам -
Социализмын үед чинь одоо чөлөөт цаг чинь яаж өнгөрөөх үү? Аймгийн номын сангаас ном авч үздэг.Кино, гадны тоглолт эд нар их үзнэ.За ном байвал уншина.Тиймэрхүү.Одооных шиг 5 дахь өдөр болгон юм уу баяр болгоноор гол руу явна, бааранд орно шоудна гэсэн юм байхгүй л байлаа ш дээ.Хэ хэ хэ сайндаа кино үзнэ.Театрт гадны хотын юм уу өөр аймгийн тоглолт ирвэл үзнэ.За зааланд нэг бөмбөг тоглоно.Тийм л байсан.
Ариун-Ундрах -
Ер нь чөлөөт цаг хэр их гардаг байсан бэ?
Доржпалам -
За ер нь их л шахуу ажилладаг байсан даа.Ер нь орой бол их сууж ажилладаг.Оройн цагаар бичиг цаасаа боловсруулах, судалгаагаа яах, өдөр нь жаахан зохион байгуулах, үзэх харах.Зохион байгуулах ажил тиймэрхүү л байсан.Чөлөөт цаг гаралгүй яах вэ, гарч л байсан.Тэгэхдээ их орой сууж ажилладаг байсан.Тэгээд л хурал чуулган болно.Тэрний илтгэл, төлөвлөгөө бүх л бэлтгэлийг хангах гэдэг чинь дандаа л орой их суудаг л байсан.За социализмын үед яахав их туршлага судалдаг энэ тэр байсан л даа.Дотооддоо өөр аймаг хотын туршлага судалдаг.Тэрнийгээ ажилдаа нэвтрүүлдэг.Гадаад ч их явдаг байсан.Би ч одоо 3 удаа мэргэжил дээшлүүлэхэд 75 онд комсмолын дээд сургуульд нэг мэргэжил дээшлүүлсэн.83 онд юм уу Москвагын үйлдвэрчний эвлэлийн ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх институт гэж байдаг юм.Тэнд мэргэжил дээшлүүлсэн.85 онд Оросын нийгмийн ухааны академид нэг мэргэжлтний 45 хоног гээд л явдаг байсан.За туршлага судална гээд зөндөө явсан даа.Оросоор, ялангуяа Оросоор бол ОХУ-аар хотуудаар бол бараг 10 хотоор явж ажилтай нь танилцаж байсан.За улсаар тооцох юм бол Стоннд явж байсан, Башкирт явж байсан.Хотуудаар бол зөндөө.Кубан, Караснадар, Астархан, тэгээд л Москва орчмоор их олон явсан, их юм үзсэн.За өөр за яахав Японд 2003 онд ажлын айлчлал хийсэн.Солонгос, Хятадаар явж байсан.Нэг иймэрхүү тэд нарын туршлагыг судлах, ажилтай нь танилцах нэг ийм маягаар л.
Ариун-Ундрах -
Тэгээд та хувийн амьдрал, ажил хоёроо яаж зохицуулдаг байсан бэ?
Доржпалам -
Нэг их зохицуулаад байх юм байхав дээ.Ажилдаа л гол анхаарна.Тэгээд хөгшин бид хоёр ч яахав дээ хоёулаа хэнхэглэж хэнхэглэж ажилтай явж явж ирээд л орой гэртээ уулзаад л, өдөр цайнаараа ирнэ.Хүүхдүүд яахав бие даагаад л сургууль номондоо яваад гайгүй л байсан л даа.Сурлага сайтай байсан манай хүүхдүүд.
Ариун-Ундрах -
Хүүхдүүдийг бага байх үед нь яадаг байсан бэ? Цэцэрлэгт өгдөг байсан уу?
Доржпалам -
Цэцэрлэгт өгдөг байсан.45 хоноод л тэр үеийн хууль чинь ажилд ордог байлаа.Тэгээд л 45 хоноод л цэцэрлэгт өгдөг, цэцэрлэгээр хүмүүжсэн.Ясли гэж байсан, тэгээд яслиар 3 хүрээд цэцэрлэг, 3 хүртэлээ яслид тэгдэг л байсан.
Ариун-Ундрах -
Тэр үед цэцэрлэг, сургууль, эмнэлэг гээд иймэрхүү салбарууд гайгүй байсан байх тийм ээ?
Доржпалам -
Тийм.2-3 настайд нь ясли гэж байсан.3-аас дээш цэцэрлэг гэж байсан.Цэцэрлэгээр л дамжсан.Эмнэлэг ч яахав дээ.
Ариун-Ундрах -
Тэгээд социализмын үеийн тэр хүмүүсийн .... одоо таны авдаг цалин чинь дунджаар хэдэн төгрөгний цалин байсан бэ?
Доржпалам -
700-1100 л байсан ш дээ.1100 гэдэг чинь Дундговь би намын хянан шалгах комиссын дарга гээд би 1100, орлогч сайдын цалин л даа.700 бол зүгээр нэг хэлтсийн дарга энэ тэр бага албан газрын дарга 700.Хөгшин чинь Дундговьт 880 авдаг байсан соёлын хэлтэст.Тэр үедээ бол 880 төгрөг бол гайгүй л цалин ш дээ.
Ариун-Ундрах -
Ер нь бага цалин нь хэд байсан юм, хамгийн бага цалин нь?
Доржпалам -
За 450-550 энэ тэр л байсан байх.
Ариун-Ундрах -
Тэгвэл бас гайгүй цалин байна тэ?...
Доржпалам -
Тийм гайгүй цалин төрийн байгуулагад бол.За худалдаа энэ тэрт бол арай бага байсан байх аа.350-400 орчим байсан байх аа.Худалдаанд худалдагч энэ тэр бол нэг тиймэрхүү байсан байх.Өөр ч одоо нэг 450 орчим 500 тийм л цалинтай байсан байх.
Ариун-Ундрах -
Аан тэгээд таны тэр авсан цалин амьдралд тань хүрдэг байсан уу?
Доржпалам -
Хүрдэг байсан.
Ариун-Ундрах -
Хангалттай хүрэх үү?
Доржпалам -
Хангалттай.Бид хоёр чинь тэгээд 2000-аад цаас авна ш дээ.Тэр үед чинь юм хямдхан байсан юм чинь.Тэгээд л хүүхдүүд сургуульд гадаадад болоод л байдаг байсан.Зээл зээл гэж банкнаас ямар авах биш ха ха ха.
Ариун-Ундрах -
Одоо жишээлбэл нэг сарын цалингаа юу юунд зарцуулах уу? Төлөвлөсөн юманд зарцуулах уу? Эсвэл...
Доржпалам -
За нэг их төлөвлөөд байх хүнс, хувцас, хүүхдийн оюутан байсан хүүхдүүддээ мөнгө явуулах.Тэгэхдээ оюутан ч бас степенттэй байсан л даа.Степенттэй байгаад муу сурдаггүй байсан ш дээ.Харин сайн сурдаг байсан ш дээ.Одоо чинь харин би төлбөрөө өгчихсөн гээд бараг дүн зүгээр авах гээд зарим нь тэгээд байдаг юм биш үү? Тэрийг буруу ч гэж байгаа юм биш л дээ төлбөртэй сургалтыг.Аа бидний үед бол сайн онц сурвал бид нар чинь их л авдаг байсан ш дээ.300-400 хэд онц сурвал сарын степент тэгэж авдаг байсан.Дунд сурвал нэг 240 авдаг байсан.
Ариун-Ундрах -
Тэгээд степент авчихаад бас муу сураад байж болохгүй ш дээ.Тэр чинь хариуцлага тийм ээ?
Доржпалам -
Болохгүй тийм, хариуцлага өндөр ш дээ.Муу сурвал тэгээд сургуулиас хасчихдаг байсан.
Ариун-Ундрах -
Ер нь сургуульд элсэхэд ямархуу байдаг байсан бэ? Хүнд байсан уу?
Доржпалам -
Элсэхэд ч яахав бүртгүүлээд шалгалтандаа л тэнцвэл хүнд юм байдаггүй байсан.Бас нэг шалгалт авдаг байсан юм.Тэгэхдээ конкурс авдаг байсан л даа.Одоогынх шиг ийм нарийн айхтар биш л дээ.Жишээлбэл математикийн ангид 200 хүүхэд бүртгүүлвэл бүгдийг нь нэг том хурлын зааланд сууж байгаад л нөгөө шалгалтаа аваад л тэнцсэнийг нь тэгээд л нэрийг нь гаргаад хадчихдаг байсан.Тэнд нэг арын хаалга, өврийн хаалга гээд байх юм байдаггүй л байсан байх.
Ариун-Ундрах -
Тэгээд хүүхэд өөрөө чадвал тэгээд элсэнэ тийм ээ?
Доржпалам -
Тийм, сурлага сайтай л бол тэр өгсөн юмыг нь бодоод л хаявал тэгээд л тэнцдэг л байсан.
Ариун-Ундрах -
Та тэгэхээр чинь багшийн дээдэд элссэн юм уу эхлээд?
Доржпалам -
Тийм.65 онд математикийн ангид тоо, физикийн анги гэж байсан юм.Одоо ч байгаа.Тийм тэнд.
Ариун-Ундрах -
Тэгэхээр 10 жилдээ тооны хичээлдээ сонирхолтой дуртай байсан уу?
Доржпалам -
Тийм, гайгүй.Ер нь тоо, орос хэл, физик, шугам зураг энэ тэрт бол би их сайн байсан.
Ариун-Ундрах -
Бас нөгөө тэр 10 жилд нь Орос хэлний хичээлийг бол маш сайн зааж өгөх үү?
Доржпалам -
Их сайн зааж өгнө.Их сургуульд маш сайн заадаг байсан.Их сургуульд тэр үед чинь монгол сурах гэж байдаггүй байсан бараг.Ялангуяа би чинь нөгөө математик, физик талд бол дандаа орос сурах бичиг.Ганц хоёрхон монгол сурах байдаг байсан.Тэгээд орос сурах бичгээр явдаг байсан.Орос хэл намайг багшийн дээдэд байхад Светлана гээд оросын буриад нэг залуу эмэгтэй орос хэл заадаг байсан надад, манай группт.Тийм байсан.Тэгээд тэр чинь дандаа 4 жил орос сурах бичиг ашиглана.Тэгээд орос хэлд бол багшийн дээд төгсөөд нилээн сайн байсан.Тэгээд намын дээдэд 2 жил бүх юм оросоор лекц, шалгалт, семинар.Монголоор дугаргадаггүй байсан юм.Тэр их сайн байсан л даа.Тийм үе байсан.Тэгэхэд чинь намын дээдэд ямар хүмүүс орно гээч.Голцуу зөвлөлтөөс инженер талын хүн эсвэл дотоодод ч гэсэн орос хэлний дээд сургуульд орос хэлний багш нар бас их байдаг байсан.Тэр чинь яахав нөгөө оросоор шалгалт авдаг байсан учраас тиймэрхүү.Тэгээд бас яахав ээ зүгээр өөр мэргэжлийн Монголд дотоодод төгссөн улсууд бол байна л даа.Ер нь Орос хэлд сайн нь л тэнцэнэ.Тааруу бол тэгээд тэнцдэггүй л байсан.Тийм байсан.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр намын дээд сургуульд ер нь юу юуны анги гэж байх уу?
Доржпалам -
Намын дээд сургууль чинь зүгээр олон тэнхмүүд байдаг.Тэгээд л нам улс төрийн дээд мэргэжилтэй гэж бидний үед төгсгөдөг байсан.Тэгээд тэнд ч яахав философи орно, эдийн засаг орно, түүх орно, шинжлэх ухааны коммунизм гэж удирдлагын шинжлэх ухааны хичээлүүд орно.Тийм л байсан.
Ариун-Ундрах -
Тэгээд таны хамгийн гол бахархдаг зүйл чинь юу вэ?
Доржпалам -
Аан одоо бахархах ч яахав дээ... Одоо зүгээр сүүлийн тамгын газар ажиллаж байсан гэхэд бол би ер нь энэ зах зээлд шилжээд, энэ төрийн захиргааны ажил чинь бас бүтэц, зохион байгуулалт, агуулгын хувьд энэ тэр зорилгын хувьд өөр боллоо ш дээ.Хамаг одоо тамгын газрын мөрдөх дотоод журам, аа үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хамаг гол бүх бичиг баримт энэ тэр бол миний гараар хийгдсэн.Одоо ч тэрүүгээр л яваа.Энүүгээрээ бол бахархдаг л даа.Манай тамгын газрынхан ч тэгдэг намайг Доржпалам гуай л гэж их ч надаас асууж зөвлөдөг, заалгадаг тийм л байсан л даа.Би хамгийн ахмад нь байсан.Яахав тэгээд тамгын газарт ажилласан миний хөдөлмөрийг үнэлж алтан гадас одонгоор шагнасан, нийслэлийн хүндэт тэмдгээр шагнасан, за тэгээд бусад медалиудаар бол шагнасан л даа.Энэ бол миний хөдөлмөрийн үр дүн, бахархдаг зүйл.Ингэж бодож байгаа.
Ариун-Ундрах -
Эсрэгээр нь жигшдэг зүйл чинь юу вэ?
Доржпалам -
Жигшдэг зүйл одоо шударга биш явдлыг их дургүй.Тэр ч одоо хүн болгон л дургүй байгаа л даа.Тэгээд ажлаа хариуцсан шиг хариуцаад хийхгүй нь л их онцгүй л байгаа юм л даа.Аа нэг орон тоон дээр нэг үлбэгэр юм суучихаад ажлын үр дүн ч гэж байхгүй, ажил нь шуурхай бүтнэ ч гэж байдаггүй нэг ийм улсууд зөндөө л байна л даа.Тийм байна.
Ариун-Ундрах -
Тэгээд таныг яг ингээд насаараа янз бүрийн ажил хийж байхад чинь хамгийн амархан зүйл нь юу байсан, бас хэцүү зүйлүүд нь юу байсан бэ?
Доржпалам -
Амархан зүйл үү? Хэ хэ хэ.Хялбархан ч юм гэж юу байхав дээ.Ажил хийж байгаа хүнд элдвийн л асуудал ургаж гарч ирнэ, шийдвэрлэх юм гарна.Тэрийг л тухай тухайн үед нь түргэн шийдвэрлэж л байх хэрэгтэй.Хамгийн гол нь хамт олонтойгоо хүндэтгэлтэй харьцаж, үгийг нь сонсож тэгэж л ажиллах хэрэгтэй.Би нөгөө байгууллагын юу болох дээр бол жишээлбэл үйлдвэрчний зөвлөлийн жилийн төсөв байна гэхэд хэлтэс хэлтэсдээ хуваагаад өгчихдөг.Тэгээд ажилтнуудаа хамгийн дээд зэрэглэлээр нь цалинжуулдаг байсан.Тэгээд төсвийг ингээд хэлтэс хэлтэст хуваагаад өгчихөөр тэр мөнгөө харин бүр хэмнэлттэй зарцуулна.Тэгэхгүй болохоороо нэг юм элдэв аахар шаахар юмаар төсөв мөнгө гуйж орж ирнэ.Өөрсөндөө яачихаар зарцуулах юмандаа хэмнэлттэй зарцуулаад сайхан.За бас цалинг хамгийн дээд талаар өгөх зүгээр санагддаг юм эхлээд.Тэгээд ажлаа хариуцаж чадахгүй бол, үр дүн муутай байвал зохих хувиар хасдаг.Хариуцлага тооцож байгаа хэлбэр.Аа доороос нь дээш нь одоо дандаа ингэж явдаг л даа.За нэг 650 цаасны цалинтай бол оны эцсээр ажил дүгнээд нэг 25 цаас нэмэх жишээтэй.Энэнд ажилтнууд бол нэг их сэтгэл дундуур байдаг юм.За өгөөч үү үгүй ч үү нэмээч үү үгүй юу нэмдэггүй л юм байх ч билээ гээд тэххх.Энэ дээрээс нь бол дээд хэмжээгээр цалингаа авч байгаа хүн чинь сайн ажиллая л гэж боддог байхгүй юу.Цалингаа хасуулахгүй.Аа доороос нь дээш нь яах болохоор за даа минийхийг нэмэхгүй байх аа энэ жил гэсэн нэг тиймэрхүү хандлагатай байдаг.Би тэгдэг л байсан.
Ариун-Ундрах -
Тэр чинь бас сайн арга байна ш дээ тэ?
Доржпалам -
Тийм, зүгээр гэж боддог юм тийм юм.
Ариун-Ундрах -
Хүн нөгөө их авч байсан цалингаа бага болгохыг хүсэхгүй ш дээ тэ?
Доржпалам -
Тийм тийм.Тэгдэг байсан.Одоо нэг энэ төрийн захиргааны байгууллагууд нэг л муухай юм байна.Одоо татвар төлөгчдийн мөнгө, одоо батлаад өгсөн төсөв.Энийг ёстой нэг туйлж байна аа.Энэ туйлж байгаа нь юу гэвэл баталж өгсөн төсвөөсөө яаж ийж энд тэндээс нь гаргаж байгаад л Сингапур, Солонгос хэдэн танилаа цуглуулж байгаад яваад өгнө.Аа эсвэл Хөвсгөл явна, Хамрын хийд явна.Дандаа татварын мөнгөөр зугаална.За эмэгтэйчүүдийн баяр, шинэ жил гээд л төсвийн мөнгөөр найралж зугаалж байдаг.Ийм энэ бол одоо больмоор санагдаж байгаа юм.Энэ бол хавтгай байна хаана ч үгүй.Одоо дандаа л бүх байгууллага л хамрын хийд явж байна ш дээ.Дандаа л улсын мөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр явж байгаа ш дээ.Тэгээд ямар үр дүн гарч байгаа юм.Үр дүн байхгүй ш дээ.Вокзалаас гараад Чойр хүртэл байдаг юм уу хаа хүртэл байдаг юм вагонд архидаад, тэндээ очсон хойноо тэр хийд дээр очиж архидаад л, буудалд архидаад, буцахдаа архидаад, тэгээд л нэг 2-3 хоног яваад л ирж байгаа юм.Ямар ч үр дүн байхгүй.Энэ мэтийн гадаад ч их явж байгаа.Энийг одоо зогсоомоор байна.Тэгээд аудит хийнэ л гэнэ, шалгана л гэнэ үр дүн гарахгүй.Аудит хийгээд л сүртэй юм санхүүгийн шалгалт хийж хийчихээд нэг баахан жижиг зөрчлүүдийг нь бичиж баахан үүрэг даалгавар, томоохон зөрчил нэг хэдэн саяар гараад ирвэл тэрийг нь нөгөө шалгуулж байгаа газрын нягтлан нараар ирсэн хэдэн хүнд нэг сая сая төгрөг ч байдаг юм уу өгөөд л, тэгээд тэрийг нь дарчихаад шалгав гээд тэр жилийн дансыг нь хаагаад л гарын үсэг зурчихаад явна.Дараагых нь шалгахгүй ш дээ.Шалгачихсан юм байна гээд.Ийм юм бол байна ердөө газар болгон, ялангуяа төсвийн байгууллагад.Энийг бол их л уул нь муухай зүйл гэж ингэж боддог юм.Тэр шударга шалгалт байлгүй яахав дээ.Тийм юм бол гардаг.
Ариун-Ундрах -
Аан тэгээд ажил хийж байхад чинь тийм хэцүү зүйл, ийм хэцүү үе тохиолдож байсан уу?
Доржпалам -
За хэцүү үе ч нэг их тохиолдож байгаагүй дээ.Ажлаа мэддэг, хариуцаж л чадвал хэцүү зүйл юу байхав дээ.
Ариун-Ундрах -
Бэрхшээлтэй юм байхгүй тийм ээ?
Доржпалам -
Байхгүй, гайгүй.
Ариун-Ундрах -
Та тэгээд ажлын хамт олныхоо тухай ярьж өгөөч? Ер нь ажлын хамт олон гэж социализмын үед ямар хүмүүсийг хэлдэг байсан бэ?
Доржпалам -
Социализмын үед чинь хамт олон яахав одооных шиг багаар ажиллахгүй ч гэсэн хариуцсан хариуцсан ажлаа эзэн ёсоор хийгээд л явдаг тийм байсан.Хамт олон бол ажил дээр ч тэр, энгийн цагт ч тэр тусалж дэмждэг тийм л байсан.Тийм нэг одооных шиг үзэл бодол, намаараа нэг аппарат мөртлөө хуваагдчихсан жоохон үзэл бодлын зөрүүтэй нэг тийм юм бол байдаггүй байсан л даа.Тэр нь их амар байдаг байхгүй юу.Нэг л зорилготой тийм байсан.Одоо бол бас хэцүү байна ш дээ.Одоо ч яахав төрийн алба намын харъяалалаас гарчихсан.Тэглээ ч гэсэн үзэл бодлын зөрүү байна ш дээ.Нөгөө хуучин намын сэтгэхүй байсан нь байж л байгаа ш дээ.Тийм хандлага байгаа.
Ариун-Ундрах -
Тэгээд социализмын үеийн хүмүүс ер нь ихэвчлэн ямар ажил хийх дуртай, сонирхолтой байдаг байсан бол?
Доржпалам -
Социализмын үед ч яахав дээ.За албан хаагч бол мэдээж дээд сургууль төгссөн мэргэжилтэй хүмүүс бол мэргэжлийн ажил, инженер техникийн ажлаа л хийдэг л байсан.Тэр үед социализмын үед чинь ажилчин хүн, малчин хүнийг их алдаршуулдаг учраас тэр ажилд бол дуртай л байсан ш дээ.Сэхээтнээсээ илүү ажилчин, малчныг л их алдаршуулдаг байсан ш дээ.Шагнадаг, урамшуулдаг.Сэхээтэн нэг инженер, нэг дарга бол барагтай л бол төрийн шагнал энэ тэр авдаггүй.За сайн ажилчин 5 жилийн төлөвлөгөө биелүүлчихсэн, одоо мянгат саальчин ч гэдэг юм уу аа 100 хээлтэгчээс одоо 96 хээлтэгч авсан юм уу, нэг сайн малчин мал сүргээ сайн өсгөсөн, норм төлөвлөгөөгөө сайн хийсэн малчид үнэхээр алдар хүндтэй, нэр хүндтэй тийм байсан.Тийм учраас ажил тийм голдог юм байгаагүй.Одоо бол чанаргүй дээд сургууль зөндөө болчихсон.Одоо 160-аад дээд сургууль байна.Ихэнхи нь чанаргүй, төгссөн оюутнууд зарим нь чанаргүй.Тэгээд манайхан чинь хуульч, англи хэлний энэ тэр гээд хэдхэн мэргэжлээр зөндөө төгсдөг.Нөгөөдөх нь ажлын байр олдоггүй тийм юм байна ш дээ.Инженер техникийн юм уу тодорхой салбарын тийм юу нь ховор учраас ажил ховор байна л даа.Тэр дээд сургууль төгссөн хүн чинь ямар нэгэн хэмжээгээ л нэг албан ажил хийх сонирхолтой.Зүгээ жирийн хар ажил хийе гэж бодохгүй ш дээ.Тэгээд ажлын байр нь цөөхөн.Хувийн аж ахуйн нэгжүүд, хувийн компаниудад нь ажил байна л даа.Тэгэхдээ цалин багатай.Яахав чухал мэргэжилтэн ховор тийм чухал мэргэжилтэй улсууд бол өндөр цалин авч байгаа л даа.Зүгээр нэг жирийн ажилчид бол төсвийн байгууллагаас бага цалинтай учраас тэнд ажиллах дургүй байна л даа.Төсвийн байгууллага чинь нэг 250-300 цаас.Тийм учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ихэнхи нь 188000 цаас өгч байна.Тэгээд дуртай цагтаа халаад хаячихдаг.Нөгөө нийгмийн даатгалыг нь төлдөггүй.Тийм учраас төрийн захиргааны байгууллагад, төсвийн байгууллагад орох сонирхол бол залуучуудад их байгаа.Одоо чинь 115000, 120000, 124 энэ тэр л гэж байсан.Төрийн захиргааны төрийн албан хаагч.Одоо чинь 140 хэд гэнэ үү хамаагүй нэмэгдчихсэн юм байналээ ш дээ.Тэгээд л нэг сонгуулийн дараа л нэг агентлаг, нэг шинэ албан байгууллага.Нэг хууль гарахаар л тэр хуулинд нь нэг тийм байгууллага байгуулна гээд тэгээд л нэмээд байдаг.Тэгээд яахав дээ нэг хэдэн жил болоод орон тооны цомхтгол гээд цомхтгодог.Тэр нь үр дүнгүй.Буцаад л нөгөө хүмүүс нь жил, хоёр жил болоод л буцаад эргээд ажилдаа орчихдог.Төрийн албан хаагчдын тоо бол хэтэрхий олон болоод байгаа юм.Энийг жоохон цэгцтэй болгохгүй бол ингээд л өсөөд байх юм бол аа нөгөө зардал, төсөв нь хэтэрхий их болно.Тэгээд л яам, тамгын газар энэ үнэхээр зардал их байгаа.Энэ зардалаа л хэмнэх хэрэгтэй байгаа юм.Нөгөө олсон мөнгөө л зардаг.Тухайн жилд татвар юугаар төр ямар мөнгө авна тэрийгээ зардаг.Манайх чинь зээлж аваад л тусламжаар аваад л зараад байна.Тэр нь тэгээд инфляци хямралд л хүргэж байна ш дээ.Иймэрхүү байна.
Ариун-Ундрах -
Та өөрийнхөө гэр бүлийн хүний тухай ярьж өгөөч? Хэзээ анх яаж танилцаж байсан бэ?
Доржпалам -
Бид хоёр чинь 63 онд танилцаад, 18-19-тэй л байсан.Тэгээд гэр бүл болсон л доо.Тэгэхэд чинь залуухан, 18 настай чинь залуухан.
Ариун-Ундрах -
Та хоёр хоёулаа энэ Налайхт л байсан уу?
Доржпалам -
Тийм, хоёулаа нэг сургуулийн хоёр байхгүй юу.Нэг ангийн тэгээд танилцаад суусан.Оройн сургууль ч хамт төгссөн.Өдрөөр ч хамт байсан, параллель анги байсан.
Ариун-Ундрах -
Нэг үеийнх юм байна тэ?
Доржпалам -
Тийм нэг үеийн.Тэгээд бидний үеийн хүн олон бий.Бид хоёр шиг улсууд.
Ариун-Ундрах -
Тэгвэл та хоёр бүр хар багаасаа л одоо хүртэл хамт байгаа юм байна ш дээ тийм ээ?
Доржпалам -
Тийм, хамт байгаа тийм.
Ариун-Ундрах -
За тэгээд анх гэр бүл болоход ер нь ямар санагдаж байсан бэ?
Доржпалам -
Гэр бүл болох гэж байхад энэ урд талын цагаан байшинд бид хоёр анх гэрлээд энэ яг урд талын цагаан байшинд байсан юм.Налайхад манай 3 хүүхэд төрсөн.Хамгийн бага Хэнтийд төрсөн.Тийм л байна.Гэр бүл болоод бид хоёр ч яахав энэ эмнэлэгт байсан анх, би уурхайд ажиллана.Тухайн үедээ гэр орноо сайхан тохижуулж гоё л залуу байхад ч бас нэг тийм л байдаг байлаа ш дээ.Тийм л байсан.Өөр ч яахав.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр социализмын үед залуу гэр бүлүүдийг дэмжих ч юм уу тиймэрхүү үйл ажиллагаа ер нь явуулах уу?
Доржпалам -
Одооных шиг залуу гэр бүлд 50000, нэг хүүхэд төрөхөд 1000 цаас энэ тэр гэж байгаагүй ш дээ.Сайндаа л нэг дүүргийн захиргаа орон сууц өгч байсан байх, яахав дээ харж үзээд.
Нарангэрэл -
Тэгээд бид хоёрын хувьд бол гэрлэхэл нөгөө .... гээд дээр үед гарчихсан байсан.Тэрийг ...
Доржпалам -
Одоо бол бонд л доо.Тийм дээр үеийн бонд.Тэрийг банк аваад тэр мөнгөө авдаг л юм авч байсан ха ха ха.Яахав дээ манай эцэг эхийн л бонд гэж байсан.
Ариун-Ундрах -
Аан эцэг эхийн л одоо хөрөнгө юм уу?
Доржпалам -
Тийм.Ийм том том.Тэрүүгээ банкинд байгаа мөнгөө авна.Тэр чинь их л мөнгө байлаа.
Ариун-Ундрах -
Аан тэгээд байраа авна тэ?
Доржпалам -
Тийм, тэгээд байраа авна.
Ариун-Ундрах -
Тэр нөгөө улсаас өгдөг харж үзэж байгаа хүмүүст байр өгдөг гээд тэр яг ямар хүмүүсийг харж үзэж байр өгөх үү?
Доржпалам -
Үгүй ээ яахав ажилтай, албатай.Тэгээд л бас ажлаараа сайн нэр төртэй, бас дүүргийнхээ хэмжээнд олон түмэнд нэр төр гайгүй тийм байхад чинь бас дүүргийн захиргаа орон сууц гээд өргөдөл өгөхөд хурлаар оруулаад өгчихдөг л байсан л даа.За аймагт томилолтоор явахад ч яахав дээ.Очиход байрыг нь бэлдчихсэн л байдаг байсан.Тэрэн дээр бол санаа зовох юм байхгүй.
Ариун-Ундрах -
Тэр аймгаас бэлдсэн байр нь ер нь хэр тохь тухтай байх вэ?
Доржпалам -
Тухайн үеийн яахав дээ нөгөө 2 давхар орон сууцнууд л байсан.Тэнд нөгөө паартай, халуун ус байхгүй тийм л орон сууц.Засвар хийчихсэн нэг шохойдоод будчихсан тийм байранд л байдаг л байсан.
Ариун-Ундрах -
Нөгөө тэр үед чинь тэгээд л таныг томилогдоод л нэг газар байж байтал өөр газар руу яв гээд л ингээд нүүж суугаад явахад бас бэрхшээлтэй талууд гардаг байсан уу? Үгүй юу?
Доржпалам -
Тэр бэрхшээлтэй тал нэг их гарахгүй л дээ.Тэр чинь улсаас унаа тэрэг, зардлыг нь өгөөд нүүлгэдэг л байсан юм чинь.Очоод л ажилдаа орчихно, хүүхэд сургуульдаа орчихно.Нэг их тулгамдаад байх асуудал байхгүй л дээ.
Ариун-Ундрах -
Тэр үеийн хүмүүс ер нь ихэвчлэн яг тиймэрхүү л амьдралаар амьдарсан байх тийм ээ?
Доржпалам -
Тийм.Одоо нэг албан газрын дарга, нэг хэлтсийн дарга ч байдаг юм уу нэг албан газрын ерөнхий инженер ч байдаг юм уу бид нар чинь дандаа л ингээд томилогддог.Тэр газар нь боловсон хүчин дутагдалтай, хүрэлцээ муутай бол өөр аймгаас энэ тэр шилжүүлдэг тийм л байсан.
Ариун-Ундрах -
За хоёулаа энэ удаагынхаа ярилцлагыг түр ингээд өндөрлөе өө.
Доржпалам -
За тэгье.За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.