Naidansüren


Basic information
Interviewee ID: 990262
Name: Naidansüren
Parent's name: Damdinsüren
Ovog: Bisüd
Sex: m
Year of Birth: 1949
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: politician, grupt
Belief: Buddhist
Born in: Bayan-Uul sum, Govi-Altai aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
NGOs
industrialization
military
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? та.

Найдансүрэн -

Сайн сайн байна уу? хүү минь.

Ариун-Ундрах -

За хоёулаа энэ удаагынхаа ярилцагыг эхэлье ээ.

Найдансүрэн -

За тэгье.

Ариун-Ундрах -

За таниас хэдэн тодруулж асуух зүйл байна аа.

Найдансүрэн -

За.

Ариун-Ундрах -

За эхнийх нь болохоор таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу? Хэрвээ байгаа бол тэр нь ямар үйл явдал вэ?

Найдансүрэн -

Жишээлбэл гүнээр нөлөөлнө гэдэг чинь одоо сайн талаар уу? Муу талаар уу?

Ариун-Ундрах -

Аан аль ч талаар байж болно.Эерэгээр ч, сөргөөр ч аль нэгэн талаар гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу?

Найдансүрэн -

Одоо миний амьдралд гүнээр нөлөөлсөн юм бол энэ бие хүн болж төрснийхөө хувьд амьдрал залгуулаад, айл өрх гэр тэргүүлээд, үр хүүхэд ач гуч нараа үзэж байгаа л хамгийн баяртай байна даа.Гол нөлөөлөл байна энэ.Аа тухайн үеийн нийгмийн, социалист нийгмийн тогтолцоонд бол намын гишүүн хүн ажилгүй байдаггүй гэсэн ийм ёс жаягтай байсан.Аа тэрний хүчээр би одоо тухайн үеийн МАХН-ын бодлогын хүчээр харин өнөөг хүртэл би улс эх орондоо хөдөлмөрлөх эрх бүрэн үүсч байсан л одоо хамгийн гүнээр нөлөөлсөн юм энэ дээ.Аа ийм байна.

Ариун-Ундрах -

За дараагых нь болохоор таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл байгаа юу?

Найдансүрэн -

За миний амьдралд нэг их айхтар бусдаас онцгой гээд байх юм байхгүй.Аа яахав ер нь ажил алба хашч байх үедээ бол бусдаас сурах, бусдын одоо үлгэр дуурайлалаас авах энэ чиглэл дээрээ л голлож байсан даа.Энэ бол надад бас их хэрэг болсон.Бусад одоо хамтран зүтгэгч, бусад ажлын газрын удирдлага албан тушаалтнууд одоо миний ажил үүргийг гүйцэтгэхэд маш их нөлөө үзүүлсэн.Энэ бол бас хүн хүнтэйгээ харьцах, хүн хүнээ хайрлах, хүнийг хөгжүүлж дэвжүүлэх, оюун санаа оюун ухааны одоо мэдлэг боловсролыг нь чадваржуулахад энэ орсон.Ийм байна.

Ариун-Ундрах -

За хоёулаа түрүүчийн ярилцлагаар таны ажил амьдралын тухай ярьсан ш дээ тийм ээ? Аан тэгээд таны бодлоор таныг хүүхэд байх үед чинь ямар ямар онцлогтой үе байсан гэж боддог вэ?

Найдансүрэн -

Одооны миний бодлоор бол түрүүний өгсөн ярилцлаган дээр тэр шатчилж үе дараалж одоо ард түмнийг иргэншүүлэх асуудал л гол нь байсан даа.Тийм, энэн дээр л одоо бас хүүхэд байх үед сонин ч юм шиг, гоё ч юм шиг юмнууд санагддаг л байсан.Тэгээд янз бүрийн өөрчлөлтүүд, нийгмийн тогтолцоонд иргэнийг одоо төлөвшиж суурьшуулах.Тухайн үеийн иргэд бол төлөвшиж суурьшиж байсан.Ганцхан аж амьдралыг нь дээш нь татах, за соёл түгээх ажил гол нь сонин байсан даа.

Ариун-Ундрах -

Аан тэр соёлын довтолгооны тухай ярьсан ш дээ тийм ээ?

Найдансүрэн -

Тийм.

Ариун-Ундрах -

Аан тэгээд соёлын довтолгооны үеэр хэрвээ шаардлага хангаагүй айлууд ч юм уу хүмүүст ямар үйлчилгээ үзүүлдэг байсан бол?

Найдансүрэн -

Тухайн нөхцөлдөө бол шаардлага хангаагүй, болоогүй гэдэг айл, ер нь тэр арга хэмжээ авна гэдэг юм байгаагүй.Байх үндэс ч байхгүй бас.Яагаад гэхээр тэр чинь тэртээ тэргүй одоо тухайн нийгмийн тэр дээд төрийн байгууллагаас шийдвэр зарлигыг нь гаргачихсан учраас тэрэн дээр одоотой адилхан халамж үйлчилгээний төв гэж юм байгаагүй.Яахав ер нь бол би тэр иргэдийг л одоо тэр сайхан гэр оронтой болгох барих тийм бүх хангамжыг нь бүрдүүлж өгөөд, өөрснийхөө одоо ажил хөдөлмөрийнхөө үнэ хөлсөөр л өөрөө өөрснийхөө гэр орныг өөд нь татаж байсан.Энэн дээр л одоо тухайн юуны онцлог нь тэр л байгаа юм.Тийм, тэгээд хүн болгон бол бас хүн гэдэг амьтан чинь одоо хажуу талын нэг нь өөдрөг, өөдтэй сайхан, гоё болоод ирэхээр үгүй ээ эднийх шиг одоо хурдан ийм сайхан бололгүй болохгүй.Дээрээс гарсан төрийнхөө зарлиг тогтоолыг биелүүлэлгүй болохгүй гэдэг ухамсар бас тодорхой хэмжээгээр өндөр байсан.Энэ нилээн нөлөөлөл үзүүлсэн гэж би боддог.

Ариун-Ундрах -

Соёлын довтолгооны дараа үр нөлөө нь ч гэдэг юм уу аа яг үр нөлөөнд нь ямар ямар салбарт өөрчлөлт гарсан гэж та дүгнэж боддог вэ?

Найдансүрэн -

Соёлын довтолгооны дараа үр дүн нөлөө нь бол эрүүл мэндийн салбарт нилээн их өөрчлөлт гарсан.Өөрөөр хэлбэл одоо эмч боловсон хүчнийг чадваржуулах, бэлтгэх, аад эмнэлгийн туслалцаа дэмжлэгийг ард түмэнд үзүүлэх.Тухайлбал одоо эмнэлэгт хэвтэх тусгай эмнэлэгтэй тасагтай, ортой дэртэй болгох, өвчтөнийг тусгаарлах энэ байдал бол эрс нөлөө үзүүлсэн.Эрүүл ахуйн хувьд.Аа боловсролын хувьд бол бас одоо хүмүүсийн ухамсар нилээн дээшилж үр хүүхдүүдээ бас одоо ер нь нэг сургууль соёл гэдэг чинь бас хэрэгтэй юм байна.Энд суулгах нь зөв юм гэсэн энэ ойлгоц нилээн хүчтэй түрж орж ирч боловсролын хүрээ бол их тэлсэн.Өөрөөр хэлбэл сургуульд хамрагсдын хүрээ их тэлж ирсэн.Ийм л үйл явдлууд болсон.

Ариун-Ундрах -

Тэгээд та цэрэгт анх явсан тухайгаа дурсаж яриач?

Найдансүрэн -

За цэрэгт би 1969 онд Говь-Алтай аймгаас цэрэгт татагдсан.Тэгээд цэрэгт татагдаад энэ тэр үед чинь одоо цэргийн крантень чинь Хар усан тохойд байсан.Хар усан тохойд нэг 3 хоноод, тэгээд хуваарилагдаад тухайн үеийн 107 гэж байсан тэр авто сургуульд орох санаатай нэг шалгалт өгсөн чинь одоо баруун талын нүдэн дээр хатиг гарчихсан байгаад тэнцээгүй.Тэгээд тэндээсээ Дорноговийн Зүүнбаянд мото буудлагын хороонд хуваарилагдаад явж байсан.Тийм, тэгээд яахав цэргээр бол амьдрал сайхан болсоон.Энийг түрүүний ярилцлаганд тодорхой өгсөн учраас тийм.

Ариун-Ундрах -

Тэгээд та цэрэгт байхдаа нөгөө намын сурсан гэсэн тэ?

Найдансүрэн -

Тэгсэн.Цэргийн намын улс төрийн сургууль гэж байсан юм.Тэгээд тэр тухайн үед марксизм-ленинизм ч гэж бас байсан.Тэр сургуулиар сураад л тэгээд төгссөн хүн би.

Ариун-Ундрах -

Аан тэгэхээр тэрийг төгсөхөөр ямар ажил хийж, ямар...

Найдансүрэн -

Аан тэрийг төгсөх, гол тэр сургуульд орох гэж байгаа зорилго маань эвлэлийн ажилтан, одоо хуучин улс төрийн ажил хийж байсан хүмүүсийг бол намын шатныхаа сургуульд шалгалт аваад оруулж байсан.Аа ер нь удирдах ажил сонирхож байсан залуучуудыг бол тэр эвлэлийн ажилтны сургуульд нь оруулж байсан юм.Тэгэхээр энд гол зорилго маань би юу вэ гэхээр өмнө нь бас улс төрийн ажил бага сага олон түмний дэмжлэгээр хийж жоохон юмны зах зухтай болсон байсан учраас тэрэн дээрээ баяжилт хийх, сургуульд сурч ер нь энэ нийгэм дотор орж ажиллах, улс эх орондоо одоо яаж одоо өөрийнхөө хүч хөдөлмөрийг зориулж зарцуулах уу гэдэг энэ оюун ухааны бодол санааны үүднээс энэ сургуульд шалгалт өгч орох болсон үндсэн шалтгаан нь энэ.Тэгээд тэр чанараараа бол бас надад одоо, би ер нь армид их баярладаг.Арми бол намайг маш их өөд нь татсан.Би энэ армийн буянаар одоо ер нь өнөөг хүртэл эх орондоо бас хөдөлмөрлөх эрх чөлөө, тууштай явах амьдралын зам маань нээгдсэн гэж үздэг.

Ариун-Ундрах -

Аан та тэр багадаа эвлэлийн ажил хийж байсан гэсэн ш дээ тийм ээ?

Найдансүрэн -

Тийм.

Ариун-Ундрах -

Тэрийг яагаад анх хийх болсон бэ?

Найдансүрэн -

Үгүй ээ тэр үед чинь бичиг номтой, боловсролтой улсууд ер нь хөдөө орон нутагт төдийлөн их элбэг байгаагүй.Яахав дээ нэг хагас дутуухан шиг нэг юм хэдэн үг биччихдэг, үсэг гаргадаг байсан болохоор л одоо тавьж байсан байх.Түүнээс миний одоо оюун ухааны чадамж сайн сайхан болчихоод, ой ухаанд цэцэг дэлгэрчиж гэж тавиагүй тэрэн дээр.Яахав тэр тухайн үедээ тэр харин сумын тэр намын дарга, сумын дарга энэ тэр л бас одоо бодоход агуу чадалтай улс байж дээ.Одоотой харьцахад бол байхгүй дээ.Тэр бас их хэцүү.Дандаа л одоо нөгөө бас л бага сургууль төгсчихсөн барьчихсан.Аа хийсэн ажлынхаа туршлагаар одоо давж байсан тийм хүмүүсийн хүчинд л одоо хийж байсан даа. Ер нь тийм.Тэр улсыг түшиглэж, тэр улсаас байнга заавар зөвлөгөө, сургамж үг юмыг нь сонсож тэгэж л ажлаа явуулж хийж байсан.Аа харин тэр шинэ байгуулагдсан хүмүүс бол бас аймаг дээр үе үе нэг сар болоод ч юм уу 2 сар ч юм уу ингээд бас шатчилсан маягаар семинар нилээн явагддаг байсан.Аа тэр чанарын хүчинд бас яахав ээ бас нэг жоохон жуухан юмны дүртэй болж байсан юм байна.

Ариун-Ундрах -

Та тэр үед хэдэн настай байсан бэ?

Найдансүрэн -

Би чинь одоо 67 он гэдэг чинь 10-н хэдтэй л хүүхэд шүү дээ.4 төгсөөд тэгээд 4-р ангийг чинь нэг 11-тэй төгсөөд тэгээд 5,6,7 гэдэг чинь нэг 13-14-тэй л хүүхэд шүү дээ.За нэг 15 настайгаасаа л эхэлсэн дээ.Ерөнхийдөө эх суурь маань тэгэж тавигдсан.

Ариун-Ундрах -

За та эвлэлийн үүрийн дарга хийж байсан гэхээр эвлэлийн ажлын талаар тодорхой ярьж өгөхгүй юу?

Найдансүрэн -

За эвлэлийн ажил бол тухайн үеийн тэр нийгэмдээ бол тэр улс эх орны одоо бэлтгэл боловсон хүчин болж байсан юм даа.Эвлэлийн гишүүн залуучууд гэдэг чинь.Аа зүгээр ер нь энэ бол бас угаасаа тэр нийгмээс эхлээд тийм бодлого, өөрчлөлт гарсан уу? гэвэл үгүй л дээ.Түүхээр бол одоо энэ Монгол улсын хөдөлмөрийн баатар Бор гуайгаас эхлээд дээр үед тэр эвлэлийн ажил чинь сэргэж залуучуудын эрч хүч зориг, эх оронч үзлийг одоо нилээн сайн барьж байсан учраас эвлэлийн ажил бол голцуу ер нь бараг тэрэн дээр түшиглэж явж байсан.Аа тухайн үеийн соц нийгмийн үеийн манай их хурал, аа одоо эвлэлийн төв хороо ч гэдэг юм уу, үйлдвэрчний төв зөвлөлийн их хурлууд чинь голцуу ЗХУ-ын коммунист нам, комсмол, за тэр үйлдвэрчний байгууллагын тайлан илтгэл, одоо тэр их хурал явагдсаны дараа манай хурлууд хуралдаж байсан ш дээ.За ихэвчлэн ер нь тэндээс гарсан тайлан илтгэлээс эхтэй, хоёр орны ах дүүгийн найрамдлын одоо харьцаа гэдэг утгаараа бараг нэг орны одоо тэнд тавигдсан тайлан илтгэлээс дараагын жижиг буурай одоо тэр зайлшгүй өөрийх нь ивээлд багтчихсан орон, бараг хуулбарлаж тавьж байсан гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй ээ.Тийм байсан юм.Тэгэхээр ер нь эвлэлийн байгууллагын ажил бол сайхан ажил.Дандаа залуучуудтай ажилладаг, дандаа залуучуудтайгаа харьцдаг.Залуу үеийн хүмүүжүүлэх, хөгжүүлэх гээд сумын клуб байгуулаад эхэндээ мандлинтай, сүүлдээ бол одоо баянхууртай бас бүжиг танце явдаг байсаан.Заадаг байсан, сургадаг байсан.Тэрийг чинь их соёлтой заадаг.Одоо ухаандаа Улаанбаатар хот чинь залуучуудын байгууллага чинь яадаг байсан ш дээ.Бүжиг дээр очиход нэг өмсөх гутал хувцастайгаа очдог.Очоод хувцсаа солиод ордог тийм байсан.Тэгэхээр энэ бол залуу хүнийг бас нэг талдаа соёлтой болгох, нөгөө талдаа өв тэгш хүмүүжил олгох.Аа өөрөөр хэлбэл улс эх орондоо итгэх итгэлцэл бий болгож байсан юм даа.Одоогоор бол тийм.Аа ийм байна.

Ариун-Ундрах -

Тэр үеийн залуучууд эвлэлийн ажил хэр идэвхитэй оролцдог байсан бэ?

Найдансүрэн -

Идэвхитэй.Тэр үеийн хүмүүс ер нь их дуулгавартай.За тэгээд хурал зарласан өдөр бол ер нь хичнээн км-ын цаана хоньтой малтайгаа байсан хүн яаж ийгээд ирээд л тэр хурал номондоо оролцоод юм хумаа хийгээд л хэлэлцээд тэгээд явдаг байсан ш дээ.Тэр бол их идэвхитэй.Бас хурал хуй тасаллаа гээд тэр чинь хариуцлага тооцдог байсан.Бас зүгээр ч зөнгөөр нь хаячихаад та ирэх үү? Үгүй юу? гээд хараад сууж байдаггүй байсан.Тийм учраас бас тодорхой хэмжээний сахилгын зөрчил гэдэг юмаараа, тэр гишүүнчлэлийн сахилгын зөрчил гэдэг юмаар л тэр дүрмээ барьж дүрмээрээ явж байсанд л онцлог нь байсан юм.Тийм юм байгаа юм.

Ариун-Ундрах -

За тэр тухайн үеийн үйлдвэрүүд гэдэг нь ер нь ямархуу байсан бэ?

Найдансүрэн -

За тухайн үеийн үйлдвэр чинь одоо ер нь Улаанбаатар хотод үйлдвэр комбинат л гэж байсан шүү дээ.Өөр тийм үйлдвэр байгаагүй.Үйлдвэр комбинат гэж нэг сайхан үйлдвэртэй болсон гэнээ гэж.Өдөр одоо их том яндан дугараад цайндаа явдаг, яндан дугараад ирдэг юм гэнээ гэсэн тийм яриа гарч байсан.Тухайн үеийн үйлдвэрүүд бол үйлдвэр комбинат одоо улсад ганц түшиг болж байсан үйлдвэр нь тэр байна.Арьс шир, нэхий, тэгээд эсгий ноос, гутал хувцас одоо ер нь ард түмнийг хангаж байсан ганц үйлдвэр маань энэ ш дээ.За хүнд үйлдвэрүүд бол Налайхын үйлдвэрүүд байсан байх, уул уурхайн талаас.За бусад нэг их айхтар тоймтой сүртэй үйлдвэр бол ер нь байгаагүй дээ.Сүүл рүүгээ л яахав энэ чинь одоо бас улсын хөгжлийн юугаар нэг нэг жаахан шат ахиж, тэгээд энэ шилний үйлдвэр янз бүрийн юмнууд сүүлдээ л боссон эд байгаа байх гэж.Би бас энэ шилний үйлдвэрийн түүхийг бас сайн мэдэхгүй юм.Зүгээр сүүлд нь боссон болов уу гэж би бодож байна.Ер нь улсыг хангаж байсан юм чинь л одоо тэр улсын үйлдвэр, аж үйлдвэрийн комбинат.За тэр үед чинь одоо нөгөө мал нэгдэлд нийгэмчлэхэд чинь улсын хөрөнгө болсон, нэгдлийн хөрөнгө болсон учраас онцгой албан даалгавар их ирдэг байсан.Өөрөөр хэлбэл одоо тэдэн кг ноос тушаана, тэдэн литр сүү тушаана, одоо тэдэн литр цөцгий тушаана ч гэдэг юм уу ингээд албан даалгавар гэж өгдөг байсан ард түмэнд.Тэрнийг биелүүлэхэд одоо их хүчин чармайлт гарч байсан л даа.Түүхий эд, бүтээгдэхүүнийг одоо ард иргэдээс авч, аа тэрнийг одоо үйлдвэрт шилжүүлэх, өөр гадаад оронд ч одоо явуулах ч юм уу, нийлүүлэлт хийх ч юм уу ийм байдлаар энэ үйл ажиллагаа явагдсан.Түүнээс биш тэр өөр тийм их айхтар сүртэй олон үйлдвэр байгаагүй.Аа сүүлд харин Толгойтын гурилын комбинат ашиглалтанд орсон байх.Гэх мэтчилэнгээр цуваад тэгээд цаашаа хөгжлийнхөө шат руу явсан даа.

Ариун-Ундрах -

Аан тэр таны ажиллаж байсан оёдлын үйлдвэр бил үү тиймээ?

Найдансүрэн -

Тийм.

Ариун-Ундрах -

Аан тэр ямархуу үйлдвэр байсан бэ?

Найдансүрэн -

Тэр бол ерөөсөө дандаа цэргийн жагсаалын хувцас хийдэг үйлдвэр байсан юм.Манай үйлдвэр бол дандаа хугацаат цэргийн албан хаагчын одоо 4 улирлын хувцас хийдэг.Өвөл зуны, одоо хавар намрын ч гэдэг юм уу за ерөнхийдөө цэргийн хувцсанд бас нэг хавар намар ангилаад байх юм ч байдаггүй юм даа.Өвөл зун хоёрын л одоо сэлгээний хувцастай улсууд ш дээ ерөөсөө.Тэр чинь сайдын тушаал шийдвэрээр хувцсаа сольж өмсдөг, дуртай хүн өнөөдөр үстэй малгай өмсөж байснаа маргааш саравчтай малгай өмсөөд алхаж болдоггүй л байсан ш дээ.Нэгдсэн журмаар тэр юунд ордог.Аа тэр тухайн үеийн цэрэг арми бол их том байсан.Тийм учраас тэр үйлдвэр бол маш их одоо өндөр төлөвлөгөөтэй, маш их хөдөлмөр зарж бүтээж юм гаргадаг байсан.Тэгээд жилд цэрэг татлага чинь хэдэн зуун мянгаараа цэрэг ирдэг.Тэрний хангамжийг 1-рт хангах, 2-рт мөн тэр хэмжээний ар талыг нь одоо нөөцийг нь бэлдэх үйл ажиллагаанд чиглэгдэж байсан учраас энэ бол маш өндөр ачаалалтай байсан.Батлан хамгаалах яаманд бол ер нь одоо Монгол улсын хэмжээнд батлан хамгаалах яам шиг том цар хүрээтэй.Батлан хамгаалах яам шиг бас одоо офицер албан хаагчдаа харж үздэг тийм газар байгаагүй ш дээ.Тэр бол бас хариуцлага өндөртэй. Ер нь л одоо төлөвлөгөө гэдэг чинь энэ сард тэд, жилд тэд гээд тэгээд төлөвлөгөө биелээгүй бол одоо бид нар хариуцлагатны хурлаар орж арга хэмжээ авхуулдаг байсан, удирдах ажилтнууд.Батлан хамгаалах яамны улс төрийн коллегиор ч юм уу, аа сүүлдээ бас ар талын намын байгууллага ч гэж байсан.Яамны коллегиор ч юм уу ирж юунаас болсон, ямар эх үүсвэртэй, яагаад тасалсан юм, яагаад таслах болсон юм, ажиллах хүчний харьцаа нь алдагдсан уу? Эсвэл одоо ажлын гүйцэтгэх одоо тэр гүйцэтгэл талаасаа материаллаг нийлүүлэлт ч гэдэг юм уу техник сэлбэлт ч гэдэг юм уу энэ юм тасалсан уу? гээд ингээд нарийвчилсан арга хэмжээ тооцдог байсан учраас энэн дээр хүн болгон ер нь тэр төлөвлөгөөг биелүүлэх, тэр төлөвлөгөөг л одоо гүйцэтгэхийн төлөө зүтгэж байсан.Аа сүүлдээ 5, 5 жилийн гавшгайч гэж нэг одоо бараг одоогоор бол уралдаан ч гэх юм уу даа тийм шинжтэй.5 жил болоод одоо тэр хөдөлмөрийн алдар хүндийг тэргүүлсэн хүмүүс 5 жилийн гавшгайч тэмдэг одонгы нь өгдөг.Ер нь тэгээд социалист хөдөлмөрийн бригад гэж байгуулагдаж байсан.Энэ бол их хамтач үзэлтэй юм байсан.Залуучуудын дунд ч бас байсан.Социалист хөдөлмөрийн бригад гээд хэдэн хүн нийлээд одоо тэр бүх юмаа ингээд хамтарч шийдэх системд шилжиж байсан.Тэр бас их сайхан байсан.Тэр л өвсөө хадна уу, хонио хяргана уу, суботникоо хийнэ үү, аа үдэшлэг бүжиг наадам зохионо уу.Энэ бол бас ёс зүй, одоо хүний хүмүүжилд их нөлөө өгч байсан юм даа.Хамтарч ажиллах.Одоо болдогсон бол өнөөдөр л энэ байдал яг тэр хэвийн хэмжээнд үргэлжилж байвал мөн их сайхан байна аа гэж хэлмээр байдаг юм.Энэ бол хүнийг их нягтаршуулж байсан.Хэн хүн бие сэтгэлээ ойлгоход их дөхөм өгч байсан.Айл хөршөөрөө одоо амь нэгтэй болчихдог.Манай бригадыхан, манай гишүүн ч гэдэг юм уу ийм маягаар.Энэ бол бас их үр өгөөж өгч байсан.Энэ ч манай үйлдвэрт бас байсан.Аа манай үйлдвэр нэг онцлог нь юу вэ гэхээр би танд нэг альбом харуулж байсан.Улсын баатруудтай авхуулсан зурагнууд гээд.Өөрөөр хэлбэл энэ бригад бригадад ингээд нэг нэг улсын баатар өгчихдөг.Тэр улсын баатрын тэрэн дээр одоо хэд хэд л төлөвлөгөө гаргадаг.Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр өөрөөр хэлбэл тэр сууж байгаа тасаг цехийн ажилчдаас одоо тодорхой хэмжээний хөдөлмөрийн цагаас нь бага бага тэд нар нэмэрлээд баатрын төлөвлөгөө биелүүлдэг.Өөрөөр хэлбэл хийдэг л нэг хүний одоо хийж гүйцэтгэх ёстой ажлыг тэнд гүйцэтгэж байсан.Тэгээд ч тэр улсын баатрын юуг бол яаж байсан.Мөн одоо тэр 5 жилийн гавшгайч цол тэмдгийг нь тэр баатарт нь олгож, баатрын одоо тэр жилийн төлөвлөгөө энэ тэр биелэсэн тохиолдолд баатрыг нь өөрийг нь урьж ирж таны ажил үйлс одоо ийм сайхан боллоо, ийм бүтэмжтэй боллоо.Таны нэрэмжит хамт олон одоо таны төлөө ингэж хөдөлмөрлөж, ингэж ажиллаа гэж ингэж байсан юм.Онцлог нь энэ л байгаа юм даа.

Ариун-Ундрах -

Аа техник, тоног төхөөрөмжийн хувьд ямархуу байсан бэ?

Найдансүрэн -

Техник тоног төхөөрөмж бол харин Чех улсаас ирсэн дандаа цахилгаан оёдлын машинууд байсан.Аан Зүүнбаянд бол цахилгаан машин байгаагүй.Голцуу гар машин байсан.Тэгээд тэр их хүндрэлтэй байсан.Тэр чинь тэр их төлөвлөөтэй юм гараас гарахгүй.Тэгээд сүүлдээ энэ Чехээс, Оросын нэг хэсэг цахилгаан хар машинууд ирж байсан.Тэгээд Оросынхыгоо сүүлд нь Чехээр сольсон.За хамгийн сүүлд миний ойлгоцоор бол энэ Чехээр л ер нь тэгээд.Чехийн машинтай ажиллаж байхад бол би энэ үйлдвэрээс гарсан даа.Тэгээд тэрнээс хойш ямар техник сэлбэгтэй болсныг бас мэдэхгүй байна.

Ариун-Ундрах -

Аа ажилчдын ур чадвар нь ер нь ямар байсан бэ?

Найдансүрэн -

Ажилчдын ур чадвар бол зүгээр.Яагаад гэхээр ажилчдын ур чадварыг сайжруулахын тулд мэргэшүүлж хичээл заадаг байсан юм.Одоо тийм мэргэжлийн мастер инженер техникүүд нь хичээл заадаг.Сар улиралд ирээд тэрнийг нь шалгаж үзчихдэг.Батланн хамгаалах яамнаас чинь үе үе гэнэтийн шалгалт орж ирж тэр хийсэн бүтээл дээр нь одоо үзэж, тэрэн дээр энэ за би нэг заваан шиг юм хийгээд энд боочиход ямар мэдэх юм биш гэж хүн бодох арга байхгүй.Яагаад гэхээр хүн болгон, ажилчин болгон хувийн дугаартай.Хувийнхаа дугаар бүтээл дээрээ одоо нэг ярлик гэж ярьдаг шүү дээ.Тэр ярлик дээр тэр дугааруудаа тавьчихсан байдаг учраас хэний юу хийсэн нь их тодорхой гардаг.Бас тэр ажилчдын ур чадвар бол ер нь бас их боломжтой.Яагаад гэхээр нэг хүний ур чадвар л муудвал цаашхи дамжлага нь бүгд нураад уначихдаг учраас хүн болгоны хариуцлага их өндөр байх шаардлага гардаг байсан юм.Энэн дээрээ л онцлог нь байсан юм даа.

Ариун-Ундрах -

За социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямархуу байсан бэ?

Найдансүрэн -

Социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага бол шал ондоо байсан.Яагаад гэхээр нөгөө миний түрүүний хэлдэгээр зэрэг нийгэмшүүлж төлөвшүүлэх үйл ажиллагаа, аа тэгээд тэр хариуцлага тооцох механизм нь өндөр байсан учраас ер нь хүн бол бүтээж юм хийе, болгоё, сэтгэе гэдэг энэ талаараа.Аа өөр нэг систем болохоор урамшууллын систем өндөртэй байсан.Яахав тухайн үедээ тэр чинь хүн одоо тэр дээр үед чинь хүнийг шагнаад баярын бичиг өгч байгаа учраас баярлаад байх юм байхав дээ.Өөр өөрийнхөө хувийнхаа ажлыг л амь амьдралаа л босгож байсан юм.Сүүлдээ тэр урамшууллын систем бий болоод ирэх дээрээ зэрэг хүн урамшил авдаг.Тэгээд албан хаагчид бол хамгийн том шагнал одоо 25-ын үзэг л байж дээ.

Ариун-Ундрах -

Тэр нь ямар үзэг вэ?

Найдансүрэн -

Тийм.Оросын нэг цагаан үзэг байсан юм.Сайхан ч гардаг, сайн ч үзэг байсан.Аа тэр 25-ын цагаан үзэг ч юм уу.Тэр үеийн мөнгөний тогтолцоогоор 25 төгрөгний үнэтэй үзэг гэдэг чинь асар өндөр үнэтэй эд шүү дээ.Тэгээд нэг цаг ч байдаг юм уу ширээний.Гэх мэтчилэнгээр одоо бага гэхгүйгээр хүнийг урамшуулж явсан.Тэр урамшлын системийг хэрэглэсэн нь л одоо бас энэ хүмүүсийг ажиллах, нийгэмшүүлэх идэвхижүүлэхэд бас их нөлөө үзүүлсэн дээ.

Ариун-Ундрах -

Таны бодлоор одоо бол ажилд хандах хандлага ямархуу болсон бэ?

Найдансүрэн -

За одоо энэ нийгмийн ажилд хандах хандлага, хийж гүйцэтгэж байгаа байдал маань яг үнэнээ хэлэхэд тэр үетэй харьцуулахад дутмагхан л юм байна.Мэдлэг боловсрол нь дутаж байна уу? гэвэл үгүй.Аа мэдээж тэрнийг удирдаж зохион байгуулж байгаа юм уу санаачилж хийж байгаа хүмүүс маань одоо ажлын цаг ашиглалт муутай.Одоо жишээ нь нэг жаахан байж байгаад л үдээс хойш нэг албан газар ороход бараг л байхгүй юм байна ш дээ.Тийшээ тэр явчихсан, ийшээ энэ явчихсан, тэнд өдөр явчихсан гээд ингээд суурьшил жаахан муутай.Бас хүнд суртал нилээн ихтэй, чирэгдэл ихтэй.Шат дамжсан нэг их олон цаас бариад тэгээд л одоо энэ толгой дараалсан баримт хүн болгоны өмнө очиж бөхөлзөөд л нэг юм одоо хүсэлт тавьсан хүн чинь гэх мэтчилэнгээр ер нь жаахан юу юм уу даа.Ажил хийх идэвхижлийн хувьд ер нь жаахан тиймэрхүү.Тэгээд ер нь ажлын нэрээр одоо тэр зугаа цэнгэл ч юм уу өөр одоо ямар нэгэн тийм өөрийнхөө биеийн алжаалыг л одоо ер нь цаг ямагт сайхан тайлж тавьж явах л ийм зорилго нь голлочихсон юм уу даа л гэж хэлмээр байна.Зүгээр бүхэлдээ тийм биш байх.Гэхдээ ер нь нийгмийн тогтолцооны хувьд одоо хууль жаахан хөдөлмөрлөх хөдөлмөрийн хууль, хөдөлмөр эрхийн хуулийг жаахан чангатгаад, хариуцлагыг нь өндөржүүлээд ороод ирвэл бас гайгүй болох байх аа гэж бодож байна.Аа зүгээр яг одоо өнөөдрийн байдлаар бол бас залуучууд манай эх орны маань ажил албан үүргийн гол функцин дээр одоо дандаа сайхан залуучууд сууж байна.Одоо энэ хүмүүс л идэвхитэй, энэ хүмүүс л одоо үнэхээрийн сэтгэл гаргаад ажиллаж чаддаг юм бол одоо бүх юм нь хангамжтай боллоо ш дээ.Техник хэрэгсэл нь байж байна, компьютер юу юу нь байдаг юм.Хүн өөрийнхөө оюуныг л ажиллуулж чаддаг л юм бол одоо юм хийх боломжтой.Нэг талдаа дээр үеийг бодоход хүний хөдөлмөрийг маш их хөнгөвчилсөн энэ бол.Тэгээд энэ их хөнгөвчлөөд, энэ сайхан болгоод байхад бас одоо жаахан дэндүү тийм бэлэнчилдэг бол бас хүнийг залхуу болгочихдог.За за яахав тэгээд маргааш ирэхэд бэлэн юм чинь ч гэдэг юм уу дараа хэн нэгэн нь ирэхэд хэлчихэд амар.Бэлэн энэ дотор компьютерт байгаа ч гэдэг юм уу гэх мэтчилэнгээр одоо нэг жаал жуухан юм хийчихээд тэгээд тэрнийгээ боллоо гэсэн сэтгэлээр хандаад байна уу даа гэж би зүгээр хувь хүний хувьд боддог юм.Тийм л байна.

Ариун-Ундрах -

За социализмын үед хүмүүс яаж ажилд ордог байсан бэ?

Найдансүрэн -

Социализмын үед чинь одоо хүмүүс ажилд бас за эхэндээ ч яахав тэгээд л ер нь одоо бичиг номтой хүн ховор болохоор хөөрхий олдсоныг нь авч байсан.Сүүл рүүгээ бол бас яг энэ социализмын үед цэгцрээд ороод ирсэн хойно бол шалгаруулалт хийж байсан.Өөрөөр хэлбэл одоо байгууллагын удирдлагын зөвлөгөөнөөр оруулаад яадаг ийдэг юм, Уудаг иддэг юм уу? Архиддаг юм уу? Тэнэдэг юм уу? Хулгай хийдэг юм уу? Худлаа хэлдэг юм уу? Тэр хүнийг чинь ингээд судалдаг байсан.Бас ирээд одоо боловсон хүчин материалыг нь хүлээж аваад тэгээд энэ материалтай нь танилцаад, тэгээд дараа нь тэд хоноод ирээрэй.Та энэ хооронд, тэр хооронд бол энэ хүнд бас тодорхой хэмжээний дүгнэлт хийчихсэн.Тэр хэлэлцэх зөвлөл аппаратууд бол одоо танилцагдчихсан байж байдаг.Тэр хүнийг орж ирэхээс өмнө за ийм ийм учиртай, ийм юм билээ.Тийм сургууль төгссөн юм билээ, ийм чадвартай хүүхэд билээ, ийм юм билээ гэж.Аа одоогын энэ нийгэмтэй адилхан харин хэл гэдэг юм бол одоо тэр үед байгаагүй.Байдаг нь юу байсан Орос хэл л байсан.Орос хэлнээс өөр хэл ер нь байсангүй ш дээ.Одоо бол манайх энэ тив дэлхийн бүх хэлээр ер нь хүмүүс, залуучууд та бүхэн ярьж байна ш дээ.Чадалтай байна.Хэн нэгэнд л одоо 1 юм уу 2 хэл явж байна ш дээ, байнга.Тэгэхээр тэр соц нийгмийн тэр шалгаруулалт бол бас муугүй.Аа социализмын нийгэмд тэр хөдөлмөрлөх эрхийг гүйцэтгэхэд хууль зөрчигдөж байгаад тэр шүүх прокрурорт хүрэхгүйгээр наана нь арга хэмжээ авдаг нэг байгууллага байсан.Тэр нь одоогын хэллэгээр ТББ.Зүгээр олон нийтийн байгууллага гэж тэр үед ярьдаг ардын шүүх гэж нэг юм байсан юм.Тэр байгууллага дээрээ тэр хүний ажил тасласан барьсныг тэнд нь тооцоод, тэнд нь шүүх хурлыг нь хийгээд, тэнд нь арга хэмжээгээр аваад, тэр арга хэмжээ авсан тогтоол шийдвэрийг нь одоогоор бол дүүрэг юм даа.Тухайн үед бол тэр захиргаа районы шүүхэд өгч байсан юм.Тэр бол хүнд их жигтэйхэн хүмүүжил өгч байсан.Тэр дотроосоо тэр ардын хурлын дарга, шүүхийн дарга, шүүдэг улс нь томилогдчихно.Байцаалт асуултаа тэндээсээ авчихна.Аа тэр хүмүүс чинь бас хууль эрхзүйн үүднээс нь хуулийн одоо ажилтнууд зөвлөгөө семинар өгдөг, заавар зааварчилгаа өгдөг тийм байсан.Тэр бол хүнд их нөлөө үзүүлж байсан юм.

Ариун-Ундрах -

Аан одоо бол ажилд орох процесс нь яаж өөрчлөгдсөн бэ?

Найдансүрэн -

За одоо жаахан нэг ажил хийхгүй болохоор ямар процессоор чухам яаж энэ ажилд авдаг юм, өгдөг юм сайн мэдэхгүй байна.Зүгээр хүмүүсийн гадна дотуур нэг ярьж байгаа, аа зарим нэг байдал дээр бас ажиглагдаж байгааг нь харахад одоо сүүл рүүгээ намчирхдаг.Улс төржөөд бие биенээ одоо намчирхаж бие биенээ авдаг, аль эсвэл танил талаа авдаг, эсвэл ах дүүгээ авдаг.Одоо ийм системд шилжчихсэн юм уу даа гэж л ойлгогддог.Тэгээд энэ төрийн механизмыг явуулахад тэр ах дүүсээд ч байх юм уу намчирхаад байх юм уу тэр бол надад их сонин биш байхгүй юу.Хэн чадалтай, хэн чадвартай, хэн одоо нийгэм улс эх орондоо юм бүтээж чадах чадвартай хүнийг л сонгон шалгаруулалт хийж авч байвал их зүгээр юм даа гэж би боддог юм.Тэр хүмүүс ч гадуур ир ярьдаг.Одоо дандаа танил талаараа явж байна, бүх юм дандаа танилаараа дуусч байна.Хүн танихгүй хүн одоо ерөөсөө өнгөрсөн маягаар л одоо зүгээр ард түмэн бидний дунд зөндөө л яригдаж байгаа яриа ш дээ.Ийм маягаар л ажилд шалгаруулалт хийгээд байгаа юм уу даа гэж би таадаг юм.Зүгээр одоо бол би 7-8 жил алба хашаагүй тасарчихсан болох дээр яг өнөөдрийн шатанд чухам яаж алба, яаж үүрэг гүйцэтгүүлдгийг мэдэхгүй байна.

Ариун-Ундрах -

Та ажиллаж байх үедээ ажилдаа дуртай байсан уу?

Найдансүрэн -

Үгүй ээ ер нь одоо мэдээж дуртай л байж таараа.Дуртай л байж одоо бас тодорхой хэмжээний одоо 34-35 жил улсад хөдөлмөрлөсөн.Хэрвээ дургүй ч юм уу хүсэлгүй ч юм уу байсан бол мэдээж ажил хийхгүй тэгээд яадаг ч юм зөнгөөрөө тэнээд ч яваад байдаг юм уу яадаг юм болох л байсан байх.Аа тэрнээс гадна хүн гэдэг чинь нэг бас хань ижилтэй болоод, үр хүүхэдтэй болоод ингээд ирэх дээрээ зэрэг амьдрал шаардаад тэртээ тэргүй тэр ажлыг хийх функци нь аяндаа шаардаад ороод ирж байгаа юм.Та энийг хийхгүй бол энэ улс одоо яах вэ? гэдэг асуудал тавигдаж эхэлнэ ш дээ.Тийм нэгд.Хоёрт угаасаа хар багаасаа хөөрхий тэгээд энэ бас сайн хүмүүсийн буянаар бас одоо ширээ сандал эзэмшиж эхэлснийх мэдээж энэ ажлыг бол ямар ч ажил байсан бол одоо хийх бүрэн дүүрэн хүсэл бодолтой байсаан.

Ариун-Ундрах -

Аа бас дургүй байсан бол тэгээд яаж ийгээд л ажилгүй л явах...

Найдансүрэн -

Үгүй ээ мэдээж тэгнэ ш дээ.Ер нь ялангуяа тэр одоо миний үеийн хүмүүс чинь ихэвчлэн мал маллах л их сонирхолтой байсан шүү дээ.Тэр нэг их тийм хотоо сахиад сууж байя гэдэг хүн бас төдийлөн байгаагүй.Зүгээр одоо наргиан болгоод хэлэхэд жишээ нь нийтийн бүжиг боллоо гээд ингэхэд чинь үгүй ээ яахав ингээд нэг зааж сураад л ингээд залуучуудын дунд ингээд бүжиг явуулах дээр за одоо ингээд хэн нэгний авъяасыг нь үзнэ гэхээр л хөөрхий минь нөгөө ичимхий бүрэг улс чинь пар гээд л гараад гүйчихдэг байсан ш дээ.

Ариун-Ундрах -

Зугтаагаад уу?

Найдансүрэн -

Тийм.Тэгэхээр одоо бол хөөрхий үнэхээр соёлын хувьд бол Монгол айлтгүй болсон.Сайхан болсон.Хэн бэ гуай нь ч юугаа ч хэний ч өмнө хэлж чаддаг, ярьж чаддаг.Өөрт байгаа авъяас урлаг, ур чадвараа хүнд харуулж чаддаг эрс тэс ялгаатай.Маш одоо өндөр боловсролын түвшинд өнөөдөр хүрчээ Монгол улс.Соёлын түвшин бол бас өндөр болжээ.Сайхан болж.Дээр үед чинь одоо тэр халуун ус гэж юм байдаггүй тийм байсан үед чинь ний нуугүй нууцгүй хэлэхэд намайг чинь хүүхэд байхад одоо хүнд бөөс гэж нэг айхтар их юм байлаа ш дээ улсуудад чинь.Хаа суусан газраа маажаад л ингээд л.Одоо бол тэр юмыг ер нь 1000 лан өгье гээд хайсан ч олдох юм гэж үү? Тэгэхээр энэ нийгмийн хөгжлийн цар хүрээний хурдац, хүний эрүүл мэнд, эрүүл ахуй, соёл.Биеэ авч явах соёл л юм даа.Энэн дээр бол одоо эрс мундаг их өөрчлөлт гарсан нь ил харагдаж байгаа байхгүй юу.Тийм нөгөө соёлын довтолгоо гэдэг юмнаас эхлээд тэр миний түрүүний хэлдэг тэр амьтан чинь үндсэндээ тэгээд л дайнд өртөж эхэлсэн шүү дээ.Тэгээд л устсан юм.Тийм юм байгаа юм.

Ариун-Ундрах -

Тэгээд социализмын дараа та ямар ямар ажил хийж байсан бэ?

Найдансүрэн -

Социализмын дараа чинь одоо би захиргаанд л нэг цөөхөн жил болсон доо.Захиргаанд нэг 10-н хэдэн жил л болсон.Энд яахав зүгээр хорооны засаг дарга, хорооны нарийн бичиг хийгээд л ер нь тэр социализмаас хойш одоо энэ ардчиллаас хойш миний хийсэн ажил бол тэр захиргаанд байж байгаад тэгээд л суусан.Тэрнээс өөр юм би хийгээгүй.

Ариун-Ундрах -

За таны гол бахархдаг зүйл чинь юу вэ?

Найдансүрэн -

Миний одоо гол бахархдаг зүйл бол улс орон маань өнөөдөр энэ их сайхан хөгжил дэвшил олж байгаа, аа улсын маань иргэд энэ өндөр боловсрол эзэмшиж соёлтой , болж байгаа, хэл иргэншлийн хувьд одоо хэний ч өмнө нүүр улайхгүй бардам зогсож байдаг болсон нь л би энүүгээр л бахархдаг.

Ариун-Ундрах -

Эсрэгээр нь жигшдэг зүйл чинь юу вэ?

Найдансүрэн -

Эсрэгээр нь жигшдэг зүйл бол одоо би бас энэ яахав өмнөх ярилцлаган дээр өгч байсан.Зүгээр энэ өнөөгийн хүмүүсийн, ялангуяа энэ хүүхэд залуучуудыг энэ 2 хорноос их хол яваасай.Өөрийнхөө биеийг сайхан зөв авч яваасай.Наргиж цэнгэж болно, зугаалж болно.Тэгэхдээ боловсон, соёлтой, өөрийнхөө хэр хэмжээнд, цар хүрээнд тохирсон энэ байдлаар л одоо явж сураасай л гэж боддог.Тэгээд одоо ингээд гудамж талбайгүй гулдайтал унтчихсан.Хүн машин хоёр хажуугаар нь давхиад л байдаг.Тэр чинь нэг ухаангүй амьтан тэнд л хурхираад байдаг.Энэ бас их муухай юм нэгд.Хоёрт одоо хүмүүс хүний юмыг байлгадаггүй, ил далд хулгай хийгээд зөөгөөд байдаг.Энэ бас их муухай юм байгаа юм.Энэ чинь одоо бараг нэг гэрт сууж байгаа 2 хүн бие биендээ итгэхээ байчихаа алдаад байна ш дээ.Одоо ингээд л ажиглаж байхад ер нь энэ миний ойлгоцоор бол энэ одооны энэ нийгмийн тогтолцоонд юу байна гэхээр айл болгонд нэг архичин, нэг айхтар танхай хүнтэй.Тэр нь хуулийн газар очихоор өө наадах чинь дандаа тэгэж явдаг юм.Яршиг яршиг тэгээд хэдэн цаасаар торгоод буцаачих.Энэ л одоо их буруутай байгаа юм.Энэнд би их аягүй жигшиж байгаа юм.Ингэж одоо хүн болж, хүн төрөлхтөн гэдэг юм бол төрчихөөд, энэ хувь заяандаа дахиад хэзээ ч бидэнд олдохгүй ш дээ.Нэг л олдоно ш дээ.Тэгээд тийм одоо биеэ авч явах арчаагүй, анхилгүй.Одоо бас тодорхой хэмжээгээр эх орон нийгэмдээ юм бүтээхгүй, хийхгүй ингэж байгаа нь л их харамсалтай юм.Энийг л бодмоор байна.

Ариун-Ундрах -

Аан таныг ажил хийж байхад чинь хэцүү зүйл, амархан зүйлүүд нь юу юу байсан бэ?

Найдансүрэн -

Одоо ер нь амар зүйл гэж бол байгаагүй.Яагаад гэхээр тэр чинь төр нийгэм, тэр улс эх орныг хөгжүүлэхийн төлөө хүн болгон л одоо нөгөө Сүхбаатар гуайн хэлснээр хүн болгон хүчин зүтгэнэ гэдэг шиг хүн болгон л хүчин зүтгэж байсан.Хүн болгон л юм хийж байсан шүү дээ.Тэгэхээр тэр амархан, за энэ их хялбархан сайхан ажил юмаа, энэ болноо, болдог ажлаа гэж хэлэх боломжгүй.Тэгээд манай улс чинь одоо ингэсэн юм аа.Хашаажуулалтын хөдөлгөөн гээд нэг мундаг хөдөлгөөн өрнөж улсын төсвөөс хөрөнгө санхүүжилт гаргаад одоо энэ хөдөө малтай улсуудыг чинь нэг мундаг их хашаажуулсан ш дээ.Тийм маягаар бас системчилсэн.За сүүлд нь энэ сум орон нутгийг тохижуулах гээд гэдгээрээ одоо барилгажилт бий болгох, тав тухтай нөхцөлд байх энэ асуудал нилээн хүчтэй тавигдсан.Эд нар бол энэ улсыг хөгжүүлэхэд маш их хэрэг болсон шүү.Тийм, ийм юм байгаа юм.

Ариун-Ундрах -

За та тэгэхээр мэдээж чөлөөт цаг гардаг л байсан байх тийм ээ? Чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг байсан бэ?

Найдансүрэн -

Өө гарна, гарна.Чөлөөт цаг гаралгүй яахав.Тэр чөлөөт цагаар чинь одоо хагас бүтэн сайнаар чинь тэр үеийн чинь одоо тэр залуучуудын байгууллага барьж байгаа, намын байгууллага барьж байгаа улсууд чинь янз бүрийн уулзалт үдэшлэг, тэгээд л за нэг аялал зугаалга гэдэг маань сүүлдээ дэлгэрсэн.Сүүлд гэдэг маань социализмын үед байсан эд энэ чинь.Байгаагүй биш байсан.Тэгээд нэгдсэн журмаар одоо ингээд явган аялалаар ч явдаг юм уу, одоо янз бүрийн юм сургадаг ч юм уу, тийм тэмцээн зохиодог ч юм уу тэр маягаар одоо чөлөөт цагийг өнгөрүүлж байсаан.Спорт чиглэлээр гэх үү дээ одоо тийм, залуучуудын дунд тийм.

Ариун-Ундрах -

Тэгээд та өөрийнхөө ажил, хувийн амьдрал хоёрыг ер нь яаж зохицуулж байсан бэ?

Найдансүрэн -

За хувийн амьдралд одоо мэдээж өөрөө ганцаараа амьдарч байгаагүй учраас одоо хань маань бас нилээн их нөлөө үзүүлж, энэ айлыг авч явсан хүн энэ угаасаа.Гэхдээ хоёулаа ажилтай.Хоёулаа өглөө босоод л 2 тийшээ явчихна.Аа миний одоо хадам аав ээж хоёр бол бидний энэ үр хүүхдийг өсгөх, бойжуулахад маш их тус үзүүлсэн.Яг хоёулаа байсан бол 8 хүүхдийг өсгөхөд бас их хүнд шүү дээ.Хоёул хоёулаа ажилтай.Өглөө гараад орой ирдэг улс чинь.Тэгээд яахав ерөнхийдөө бол би одоо сайн ханийн хүчинд л ер нь миний ажил амьдрал зохицож явсаан гэж би хэлнээ.

Ариун-Ундрах -

Тэгэхээр таны хүүхдүүд бол тэр социализмын үед цэцэрлэг сургуулиар л явсан байх тийм ээ?

Найдансүрэн -

Тийм.Бүгдээрээ цэцэрлэгээр явсан, тийм.Тэгээд бүгдээрээ сургуулиар явлаа.Бүгдээрээ одоо дээд мэргэжил эзэмшлээ.Энэ гол дээд мэргэжил эзэмшүүлэх гээд байсан үндэс нь юу вэ гэхээр ирээдүйд бас энэ нийгэмд хэрэгцээтэй иргэн бэлтгээд орхичихьё.Өөрийх нь хувь хүнийх нь хувьд бас амьдрахад хүний өмнө нүүр улайхгүй, бас нэг болохтой юм бариад хүний өмнө зогсож байгаасай гэсэн энэ бодол санаанаасаа л бид 2 одоо байдаг хүч чадал, өөрсдийнхөө одоо аль болох хэмжээгээрээ л одоо сурах боломжийг нь хангасан даа.Зүгээр өнөөдөртэй адилхан ийм өндөр түвшний өртөгтэй сургуульд нэг их айхтар сураагүй.Гэхдээ сүүл рүүгээ бол сурах нь сурсан.Ардчиллын үед сураад төгссөн хүүхдүүд байна.Нилээн хэд байна.Гэхдээ эд нар бол төрийн сангийн зээл гээд бас төр улсын маань буянаар бас сураад гарчихсан 2-3 ч хүүхэд бий.

Ариун-Ундрах -

Тэр үеийн цэцэрлэг сургууль нь одоогынхоос ялгаатай юу?

Найдансүрэн -

Социализмын нийгмийн үү?

Ариун-Ундрах -

Аанхан.

Найдансүрэн -

Аа социализмын нийгмийн цэцэрлэг сургуулийн ялгаа ч гэж одоо юу байгаа юм.Би бас сайн мэдэхгүй юм.Одоо тэр нарийвчилсан дотоод үйл ажиллагаанд нь оролцож явж үзээгүй болохоор ер нь бол яахав төлөвших, суурьших, хүүхдийг суудалтай болгох, үзэг харандаанаас эхлээд барьж бичиж сурах энэ байдал дээр бол нилээн дүйцтэй.Тэгээд бас заах аргын хувьд бол бас хичээлийн одоо сургуульд орох сэтгэлзүйн хувьд нь бэлтгэлийг нь хангаж өгч байгаа нь арай онцлогтой юм уу даа.Дээр үед бол одоо цэцэрлэг, юуны хүүхдүүдэд чинь тийм хичээл номын юм заадаггүй байсан ш дээ.Яахав зүгээр ерөнхийдөө л нэг төлөвших хүмүүжил л олгодог тийм л цэцэрлэг байсан шүү дээ.Аа харин сүүл рүүгээ энэ бэлтгэл ангийн хичээл гэж цэцэрлэгт заадаг байсан гэсэн.Одоо больчихсон сураг гарч байна л ээ.Мэргэжлийн багш нар л заахгүй бол болохгүй юм байна гэсэн чиглэлээр больчихсон юм гэсэн.Тийм, манай ач нар одоо цэцэрлэгт явж л байна.Би асууж байсан.Хичээл сургууль заадаг уу? Бэлтгэл бүлэг гэж хичээл заадаг гэсэн яасан? гэсэн.Өө тэрийг болиулчихсан.Ерөөсөө цэцэрлэгийн үйл ажиллагааны системээр цэцэрлэгийнхээ сургалтыг л явуул.Түүнээс тэр сурган хүмүүжүүлэх ажлыг бол хийлгэхгүй ээ гээд болиулчихсаан гэж тэгэж ярьж байсан.Уг нь нэг давуу тал гарч ирэн алдаад тэгээд больчихсон байна л ээ.Тэр цаанаа одоо бас боловсрол ухааны техник технологийн үндэслэлтэй байгаа учраас болоогүй юм байлгүй дээ.Тийм цэцэрлэгийн багш нэг арга барилаар, нэг жоохон хүүхдүүд чинь мэдлэг оюунд нь нэг юм хийчихдэг.Энд ирсэн сургуулийн багш шал ондоо юм яриад явчихдаг ч юм уу тэгээд нөгөө бас эргэж төөрөлдөх юм гарсан юм болов уу даа гэж би хувь хүний хувьд боддог юм.

Ариун-Ундрах -

Ажлын хамт олныхоо тухай ярьж өгөөч?

Найдансүрэн -

За ер нь аль ч газар, хаа ч ажиллаж байсан миний хамт олон маш сайхан байсан.Үнэхээр эвсэг найрсаг.Илүү дутуу хов зөөгөөд л, энд тэндээс нь юмыг нь түүж шүүрдэж давхиад л тийм бол байгаагүй.Ер нь хүн хүндээ туслах чанар бол маш өндөр байсан учраас энэ бол хамт олонд үнэхээр баярлахаас арга байхгүй.Хаана ч ажиллаж байсан эрчим хүч ч адилхан, оёдлын үйлдвэр ч адилхан, захиргаа ч адилхан, аа бусад одоо улс төрийн байгууллагууд ч адилхан үнэхээр хамтач нийгэмшил сайхан байсаан.

Ариун-Ундрах -

За эцэст нь таниас асуухад та ингээд өнөөдрийн өндөрлөгөөс өнгөрсөнөө эргээд дурсаж байхад таны амьдралын хамгийн гол зорилго нь юу байсан гэж та боддог вэ?

Найдансүрэн -

Өнөөдрийн өндөрлөгөөс одоо өөрийгөө эргээд нэг харахад болдогсон бол өнөөдөр л нэг иргэн болоод Монголд мэндэлсэн бол энэнээс цааш мөн ч их юм үзэж, их юм хийх, их ч оюуны потенциаль тэлэх байж дээ гэж боддог юм.Мэдээж өнөөдөр залуучууд та бүхэн одоо энэ өсөж өндийж байгаа хүүхдүүд, энэ оюуны потенциалийн энэ хөгжил их өндөр байгаад л одоо би их бахархдаг юм.Аа тэгээд одоо яахав энэ чинь хорвоогын жам ёс юм болохоор нэг өдөр хаашаа болдог юм нэг тийшээ болдог ёстой учраас зүгээр дахиад одоо би энд хүн болж төрөөд энэ сайхан техник хэрэгсэл, эх орноо эргэж ирээд үзнэ гэдэг юм бол байхгүй байгаагаас цааш өнөөдөр төрж байсан бол сайхан байжээ л гэж би хардаг юм.

Ариун-Ундрах -

За үнэтэй ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.Таны амьдралд аз жаргал хүсье ээ.

Найдансүрэн -

За баярлалаа хүү минь.Та бүхний ажилд амжилт, амьдралд чинь сайн сайхан бүхнийг хүсч ерөөе өө.

Ариун-Ундрах -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.