Narangerel


Basic information
Interviewee ID: 990263
Name: Narangerel
Parent's name: Luvsandamba
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1945
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: political scientist, retired
Belief: Buddhist
Born in: Erdene sum, Töv aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: nurse
Father's profession: lathe-operator


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
work
politics / politicians
repressions
cultural campaigns


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? Нарангэрэл гуай.

Нарангэрэл -

Сайн.Сайн байна уу? Хүүхээ.Ажил өндөр үү?

Ариун-Ундрах -

Ажил өндөр өө.Та сайн байна уу?

Нарангэрэл -

Дажгүй ээ.

Ариун-Ундрах -

За таниас эхлээд нэг 2 ерөнхий асуулт асуугаадахъя.

Нарангэрэл -

За.

Ариун-Ундрах -

За эхнийх нь болохоор таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу? Хэрвээ байгаа бол тэр нь ямар үйл явдал вэ?

Нарангэрэл -

Яг миний өөрийн амьдралд одоо гүнээр нөлөөлсөн тийм юм сайн муу ямар нэг юм байгаа гэж би боддогүй ш дээ.Өөрөө нөгөө барагтай юм тоодоггүй болоод тэгдэг юм уу.

Ариун-Ундрах -

Дараагых нь болохоор таны амьдралд тийм ер бусын бусдынхаас онцгой гэх зүйл байгаа юу? Хэрвээ байгаа бол тэр нь ямар зүйл вэ?

Нарангэрэл -

Бусдаас онцгой юм байхгүй дээ.Бид нарын үеийн сэхээтнүүд нэг иймэрхүү л маягаар сургууль төгсөөд л тэгээд л хий гэсэн ажлыг хийгээд л, тэгээд л үр хүүхдээ өсгөөд, сайн тал нь хүүхдээ гаргаад цэцэрлэг яслид нь өгчихнө.Тэгээд л ажлаа хийгээд тэгээд л байдаг хүүхдүүд.Бид нар өөрснөө ч гэсэн сурахдаа үнэ төлбөргүй сурдаг, үнэ төлбөргүй эмчлүүлдэг байсан болохоор бол айхтар тийм гачигдаж дутагдаад, хүндрэл бэрхшээл тохиолдоод байдаггүй.Айхтар элбэг хангалуун болоод ажил хийхгүй гэртээ сууя гээд байхааргүй.Тэгээд л яг л бусдын л адил тийм л байсан.Тийм нийгмийн зүгээс нөлөөлөөд байх тийм юм байдаггүй байсан.

Ариун-Ундрах -

За та өөрийнхөө аав, ээжийнхээ тухай жоохон ярьж өгөөч?

Нарангэрэл -

За.Миний аав энэ Төв аймгийн Эрдэнэ сум, одоогын энэ Налайхын дэргэд байдаг Бүс нуур гэдэг газар төрсөн хүн.Тэгээд өөрийг нь багад эцэг нь нас барсан юм байна л ээ.Тэгээд ээжтэйгээ, бас хүнд өргөгдсөн.Тэгээд тэр өргөж авсан эцэг нь надыг бүр том болсон хойно аав маань ярьж байсан.Гэндэнгийн Лувсандамба гэдэг л дээ.Тэр Гэндэн гэдэг хүн бол 15-ны цагдаа байсан юм байна л ээ.Бид нарыг том болсон хойно эвлэлд элсэхэд, намд элсэхэд өргөдөл нөгөө 3 үеийн түүхээ бич гэхэд аав маань өөрийнхийгөө ч гэсэн тэгэж бичдэг байсан.Бид нарыг ч гэсэн өвөө маань аавыг багад нас барсан болохоор намтрыг нь мэддэггүй гэж.Тэгсэн тэрнийг нөгөө нууцалдаг байсан юм байна л ээ.Хэрээ Гэндэн гээд ардын дуунд гардаг.Хэрээ Гэндэнгийн хоёр хүүхэн Хивсэн гөлөмтэй хэвхэлзүүлээд өнгөрлөө дөө гээд дуулдаг ардын дуунд гардаг Гэндэн манай эцэг 15-ны цагдаа Гэндэн гэж хүн байсан гэдэг юм.Тэгээд одоо бодвол энэ Төв аймаг хавьд л байсан хүн байх.Тэрийг нь би тэнэг болохоороо асууж ерөөсөө сонирхож байгаагүй.Тэгээд ээж маань уран Пагма, малгайчин Пагма гэдэг хаад хатдын булган минжин малгайг хийдэг хүн байсан гэж ярьдаг юм.Тэр өргөж авсан ижий нь.Тэгээд бодвол тэр 15-ны цагдаа нөгөө хэлмэгдүүлэлтийн үеэр л яасан байх.Тэгээд аав маань Гэндэн гэдэг хүн манай аав.Тэгээд надыг бүр багад өөд болчихсон болохоор нь намтарыг нь мэдэхгүй гэж худлаа л хэлдэг байсан юм байна л ээ.Бид нарын намтрыг бичихдээ ч гэсэн тэрийг нууцалдаг болоод тэр дэлгэрэнгүй тэгэж ерөөсөө 15-ны цагдаа байсан гэдгээр нь хэлдэггүй байсан.Тэгээд бид нарыг бүр том хүүхэд шуухадтай болчихсон хойно ярьсан аав маань.Тийм хүн байсан, ээж маань тийм.Тэгээд бид нарт эмээ маань бол аавыг төрүүлсэн ээж нь Дэлгэр гэж эмээ байсан юм.Тэгээд аав бүр залуу том болсон хойно нь л тэр ээж аав нь өөрийх нь өргөж авсан ээж аавгүй болсон хойно нь л яасан байх даа.Бодвол энэ эмээ маань манай ээж аав хоёрын гар дээр байдаг байсан.Бид нарыг ухаан ороход л байсан.Манайд байдаг байсан.Тэгээд тэр эмээгээ л бид нар мэддэг юм.Тэр өргөж авсан ээж аавыг нь мэддэггүй юм.Аав маань бол их уран, тийм их юу хийх гэснийгээ хийдэг, их хөдөлмөрч, их шударга, тэгээд их хүнлэг энэрэнгүй, их зөөлөн уяхан сэтгэлтэй тийм хүн байсан.Тэгээд бас тийм өөрийгөө дайчилж... Тэр үедээ аавыг бага залуу байхад ямар сургууль соёл гэж байсан биш.Энэ Шохой цагаан булагт бүр шохой харзтайгаар нутагладаг байсан.Тэгээд бүүр залуу 10-н хэдтэй байхад нь л манай тэр эмээ тэрэг хийдэг луухааныг манай хүүд чи тэрэг хийхийг зааж өг гээд.Тэгээд юу заагаад байхав чи хараад сур гэхээр нь мод авч өгөөд тэгээд харж хийгээд сурч байсан гэдэг юм.Тэгээд сүүлд нь тэр хотод артелд очиж, Улаанбаатар хотод анх гар үйлдвэр гэж бий болоод 2 том гэрт нэгэнд нь эмээл хийдэг улсууд эмээл хийгээд, нэгд нь нөгөө хөвөнтэй ногоон өмд цамц, ажлын хувцас ч гэдэг юм уу тэрийг хийгээд л хэдэн хүүхэн сууж байсан гэдэг юм.Тэгээд очоод оёдолд нь орох гэсэн чинь 2 сарын дагалдан хий гэхээр нь материалыг нь худалдаж аваад би хийе ээ.Тэгээд болсон байвал би шууд оёдолчин болъё, болохгүй бол одоо тэгээд болье гээд.Тэгээд материалыг нь аваад оёод тэгээд шууд оёдолчин болсон.Тэгээд дараагаар нь оёдлоосоо больж тэр эмээлийн тасагт нь орсон чинь бас дагалдан хий гэхээр нь бас л эмээл хийгээд.Тэгээд тэр хийсэн бүтээгдэхүүнээ гэр дотроо дундаа ингээд тавьчихдаг.Худалдаж авах улсууд, иргэд энэ тэр орж ирээд үзээд л аваад гардаг, сонгоод.Тэгээд хамгийн түрүүнд манай аавын хийсэн эмээлийг хүн аваад, тэгээд баярын бичгээр шагнуулаад, тэгээд ажилд шууд орж байсан тийм юм.Тэгээд сүүлд нь эргээд гэрлээд Шохойдоо эргэж очоод тэгээд тэр шохой шатаах баюуг... Тэнд одоо юу хийж байсан болоод тэгсэн юм.Маршал Чойбалсан очиж хүлээж аваад манай аавын нэрэмжит үйлдвэр болгоод яасан зарлигтай тийм.Тэр үеийн “Намын үнэн” сонин ийм жижигхээн одоо нөгөө Улаанбаатарын мэдээ шиг жижигхэн сонин манайд байдаг байсан л даа.Тэрэн дээр их олон ингээд кадр дарсан, тэр баюуны аман дээр байж байгаа, бүр дээр нь гараад нөгөө Маршал Чойбалсан бас хүнтэй хамт ирсэн байсан.Тэгээд дээлийн торго, ангын буу дагуулаад хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, хөдөлмөрийн хүндэт медаль энэ тэр гээд тийм бөөн шагнал өгөөд, тэгээд манай эцгийн нэрэмжит болгосон.Тэгээд сүүлд нь тэр Доржийн Гармаа гээд зохиолч чинь Шохойн хүн, бас Эрдэнэ сумынх л байх.Бид нарыг бүр багад манай ахтай хамт Эрдэнэ сумын дотуур байранд бага сургуульд сурч байсан юм.Тэгээд тэр зохиолч тэр “Цагаан булаг” гэдэг романыг бичиж байхдаа бичих гэж байна гэж аавтай ирж уулзаж баахан ярилцаад, асуух юмаа асуугаад, тэгээд явцын дунд нь хэд ирээд уншиж өгөөд, тэр гол дүр нь Лувсан гэж гол дүр байгаа.Тэр нь манай аав юм байна л ээ л дээ.Тэгээд манай ижий аавыг залуу байхыг яагаад, зарим юм нь бол ингээд уран сайхны юугаар өөрчилсөн байгаа.Зохиол, уранзохиол юм болохоороо тийм байдаг юм гээд хэлж байсан.Тэгээд 62-63 онд юм болов уу Шохойн үйлдвэр нөгөө “Цагаан булаг” романы нээлт хийнэ гээд зохиолч, гол дүр хоёроо аваачиж уншигчдын бага хурал хийнэ гээд уриад тэгээд явсан чинь аав маань сонингоо үгүй хийчихээд, сониноо байхгүй хийчихээд ирсэн юм.Манай эцгийн нэрэмжит үйлдвэр.Тэгээд одоо байж л байгаа л даа.Тэр хувьчлагдчихсан байдаг юм байна л ээ.Тэгээд 50 хэдэн онд их уурхай нээгдэхэд Налайхад аав маань би ер нь одоо төмрөөр юм хийж сураагүй.Төмрөөр юм хийж чаддаг болъё нэгдүгээрт.Хоёрдугаарт тэгээд хүүхдүүдээ сургууль бараадуулна гээд Шохойгоос Налайх уу нүүж ирсэн юм.Тэгээд манай ах энд 10 төгссөн, би төгссөн, миний дүү төгссөн, 2 дүү маань төгссөн Налайхын 10 жилийг.Тэгээд л Налайхын их уурхайд токарьчин болоод одоо төмрөөр юм хийдэг хүн болсон аав маань.Тэгээд тэтгэвэрт гарсан хойноо гэр ахуйн цахилгаан хэрэглэлийн курст, засварчны курст хотод сууж байсан юм.Тэгэхээр ерөөсөө зүгээр байдаггүй, их юм хийдэг.Тэгээд л хөгшрөх тусмаа хүн одоо 50 хүрээд ухаан ордог гэж Монгол хүнийг, нээрээ л бараг тийм байх аа.Би одоо ингээд хөгшрөх тусмаа л бүр аав ээжийгээ санадаг юм.Ижий аавын маань сургаж байсан тэр үгэлж загнадаггүй.Манай аав бол хүүхдээ зодсон хүнийг үзэж чадахгүй.Би аавыгаа согтуу байхыг үзээгүй.Ерөөсөө мал зодсон, хүүхэд зодсон хүнийг үзэж чаддаггүй.Учиргүй уурладаг.Тэгээд л би... тийм их уяхан сайхан сэтгэлтэй хүн байсан, ухаантай хүн байсан, их юм хийдэг.Бид нарыг Шохойд ингээд бүр сургуульд ороогүй жоохон байхад хааяа нэг хот руу явна л даа хөдөөнийхөн.Тэгээд хааяа нэг машин явахаар л дээр дооргүй чихээд сууцгаачихдаг.Тэгээд хот ордог нөгөө том тэрэг ЗИС гэдэг байсан байх аа тийм одоо байдаггүй юм аа тийм машин.Шохойд 2-3 байсан.Тэгээд хот руу давхих дээр л улсууд сууж явна.Хотоос айлын улсууд аягүй их чангаанз, чихэр янз бүрийн юм авчирна аа, хувин сав.Манай аав бид нарт нэг тийм муухай үнэртэй тэгээд том том далбагар нимгэхэн, нэг их тод өнгөтэй гялтганасан цаастай зурагтай номнууд авчирч өгдөг юм.Тэгээд ижий маань заримдаа тэр хувин сав нь хэрэгтэй юм байсан.Энэ өвгөн ерөөсөө юм авдаггүй.Энэ айлын улсууд явахаараа л гэртээ зөндөө юм аваад ирэх юм.Хэдэн эрээн цаас л авчирдаг юм гээд загнадаг, уурлаад байдаг байсан юм.Тэгээд тэр зурагтай номыг ингээд их үздэг бид нар.Айлын хүүхдүүд бүгд ирээд ширээд тойроод бүгдээрээ өвдөглөж суучихаад л нөгөө номоо үзнэ.Тэгээд урагдахаар нь ээж маань хайчлуулаад ингээд утсанд хэлхээд дүүжилчихсэн байж байдаг байсан.Тэгээд л тэр үед Шохой цагаан булагт суурьшсан цөөхөн айлуудад, иргэдэд анхны хуучин монгол бичиг зааж байсан юм байна л ээ манай аав.Тэгээд дараа нь шинэ бичиг, шинэ үсэг гарахаар бас шинэ үсгийн анхны багш байсан.Тэгээд тэр Гармаагын аав нь Дорж гэж өвгөн байсан юм.Сахалтай өвгөн.Тэр л манай аавыг өндөр багш гэдэг.Өндөр хүн байсан юм манай аав, туранхай.Өндөр багш гэдэг байсан.Тэгээд хуучин үсэг, шинэ үсэг аль альныг нь заасан.Бид нарыг, намайг жоохон байхад ингээд аав маань их зураг зуруулна.Тэгээд модоор хийсэн ийм столь зураад, модны ширхэгийг нь гаргаж байгаад.Тэгээд л авдар сав зуруулна, хонь мал зуруулна.Цаасан дээр зурсныг нь ээж даавуун дээр, цаасан дээр зурсан хонио ингээд дагуулж оёчихоод надаар хонин холбоогоор хатгуулна.Тэгээд юм сургах гэж ер нь боддог.Тэгээд Орос үг цээжлүүлнэ ээ.Ингээд юмны нэрнүүдийг цээжлүүлнэ аав маань.Тэгээд л ер нь бол тухайн үедээ хүмүүс нэг их тийм боловсролтой болоогүй үед бас гайгүй юутай хүн байсан байх аа манай аав.Тэгээд уурхайд ажиллаж байхдаа намын үүрийн нөгөө... Тэр социализмын үед чинь нэг их эвлэлийн дугуйлан, намын дугуйлан, үйлдвэрчний дугуйлан гээд хүн болгон ямар нэгэн юмны гишүүн.Тэгээд тэр гишүүнийхээ сургалтанд дандаа хамрагддаг.Тэр суртал нэвтрүүлэгч, коммунист намын төв хорооны ....-ын илтгэл энэ тэрийг манай аав уншаад л ингээд харандааг нэг их гоё, үзүүрлэгч үгүй ш дээ.Тэгсэн мөртлөө хутгаар ингэж барьж байгаад аягүй гоё, одоогын үзүүрлэгчээр үзүүрлэсэн юм шиг гоё шөвгөр, аягүй жигдхэн гоё үзүүрлэнэ.Тэгээд л ингээд улаан харандаагаар зураад л доогуур нь, тэгээд товчлол хийгээд л, их уншдаг, бичдэг.Их гоё бичигтэй.Хуучин монголоор ч гэсэн их гоё бичдэг байсан.Аав солгой.Тэгээд ерөөсөө хийхгүй юм байхгүй.Шохойн үйлдвэрийн тэр бүх дамжлагыг нь, үйлдвэрийнхээ бүх процессыг харуулсан улаан дүнсэн тамхины хайрцаг гээд нэг том паняран авдар байдаг байсан.Тийм юманд шавраар барьж музейд тавьж байсан юм гэнэ л ээ.Аав маань бариад тэр уулнаас мол татдаг, чулуу тэсэлгээ хийдэг, яадаг яадаг ч юм бэ дээ.Тэр бүх ажлыг харуулсан тийм юм хийдэг.Тэгээд ер нь хийх гэсэн юмаа өөрөө хийдэг.Хүний, найзынхаа зургийг ингээд нэг хэдхэн сетки татаад л тэгээд л зурахад ерөөсөө адилхаан зурчихдаг тийм хүн байсан.Ер нь тийм авъяастай.Тэгээд бид нарыг та нар өөрийнхөө хэрэгтэй юмыг өөрөө л хийх ёстой.Хэн ч чиний хэрэгтэй юмыг хийж өгөхгүй.Аа тэгээд л надад бүр тэгэж хэлж байсан юм.Айлын чинь бүсгүй өдөр болгон өөхтэй мах чанаж идээд, өдөр болгон хуараар гоёсон ч тэр чамд хамаагүй.Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, адууныхаа хэрээр исгэрдэг юм хүн.Чи юу хийж чаддаг юм.Тэрийгээ л өмсөнө, тэрийгээ л иднэ.Чи юу ч хийж чаддаггүй бол маш бага хоол иднэ, маш муу хувцас өмсөнө гэдэг.Тэгээд юм хийлгэх гээд ингээд яахад оролдоод чадахгүй болохоороо би нэг удаа болохгүй юм байна аа гэсэн чинь болохгүй юм байна гэв үү чи? Яагаад би чадахгүй байна гэж хэлэхгүй байгаа юм бэ чи? гэж загнадаг тийм.Аав хэнхэглээд байдаг юм гээд бид нар тэгдэг байсан юм.Тэгээд л эвгүй дугарахаар, за за гээд л эвгүйхэд дугарчихвал чи за за гээд яаж хэлэв сая? Муу хүний хэлэх нь хэрэлдэх шиг, хэвтэх нь үхэх шиг гэдэг юм гээд муухай дугаргахгүй.Эв хавгүй дугарвал уурлана.Тэгээд дандаа тийм зүйр цэцэн үгээр хэлдэг.Нисэхийг нисэв, буух газраа олж нис гэдэг юм гээд л тэгнэ.Тэгээд л их олон тийм хуучны сургаал үгнүүд чинь их мундаг том агуулгатай.Нэг 2 мөр, хэдхэн үг чинь их мундаг сургаал байсан байна л даа.Тийм юмнуудыг их хэлдэг.Одоо би тэрийг нь ерөөсөө мартдаггүй, одоо дандаа бодогддог юм.Би заримдаа ажил алба хашиж байхдаа бас улсуудад тэрийгээ хэлдэг байсан.Тэгээд одоо нөгөө ахмад хүлээж авахад Хэнтий чуулгад очих дээр манай хүүхнүүд ярьж байгаа ш дээ.Дарга нэг хожим муудаж магадгүй, дэндүү битгий сайд.Дэндүү битгий мууд, дараа нь сайдаж магадгүй гээд хэлдэг байсан.Тэр ерөөсөө санаасаа гардаггүй гээд манай хүүхнүүд тэгдэг юм.Нэг хувцасны эрхлэгч хүүхэн маань, би хийсэн юмыг нь голоод загнахаар уйлдаг байхгүй юу.Эрх юм.Тэгсэн чинь нэг загнуулаад, хэд хэд загнуулаад л хамгийн сүүлийнх дээр нь их уйлсан юм.Маргааш нь өглөө эрт ирээд оръё оо даргаа гээд л тэгнэ.Тэгсэн чинь би ажлаасаа халагдъя аа гэнэ ээ.Тэг ээ тэг болно.Чамайг халахад амархан ш дээ.Ганцхан өгүүлбэр тавиад л болоо.Тэгэхдээ чи хаана юу хийх гэж байгаа юм? Ажлаа олсон уу? гэсэн чинь үгүй л дээ гэнэ ээ.Тэгээд хойшоо нөгөө барилгын засал чимэглэлийн ТМС төгсөж ирсэн мэргэжилтэй.Өөр ажил хийж байгаагүй.Тэгээд тэр соёлын ордонд л хувцасны эрхлэгч байсан юм байна л ээ.Тэгээд би за за тэгвэл чи төгссөн мэргэжлээрээ чи ерөөсөө ажил хийгээгүй.Өөр газар ажил хийж, өөр ажил хийж үзээгүй.Тэгээд чи хаана? Одоо надад нэг хийчихэж болмоор ажил байна уу? гээд явах юм уу? Тэр чинь их хэцүү.Чи нисэхийг нисэв, буух газраа олоод нис гэж үг байдаг юм.Ажлаа олчих тэгэхээр чинь би тушаалыг чинь гаргаад өгье.Чамд тэгэхгүй бол завсардаад ажил эрэхэд бас хэцүү.Тийм амархан биш гээд.Тэгсэн чинь найруулагчид ороод тэгсэн гэсэн.Ёстой нэг айхтар хүүхэн шүү.Би нээрээ л ёстой юугаа хийхэв дээ.Хаана юу хийж чадахав дээ гэж байсан гэдэг юм.Тэгээд одоо тэд нар ярьдаг юм.Тэгэж хэлдэг байсан, ингэж хэлдэг байсан гээд.Тэгээд аавын маань хэлж байсан... Ээж маань болох дээрээс намайг нөгөө юм оёх дуртай би.Тэгээд нөгөө ажлын газрынхаа хүүхнүүдийн, залуу байхад энэ эмнэлгийн хүүхнүүдийн, найз нар баяр дөхөхөөр л нэг одоо үдэшлэг бүжгинд орохдоо өмсөх юм хийх гээд аваад ирнэ л дээ.Тэгээд тэд нарыг нь хийдэг юм.Ээж хажууд суучихаад за хэн хийсэн бэ? гэж асуудаг болохоос хэд хоног оёсон бэ? гэж асуудаггүй юм гэнэ л ээ.Яарч болохгүй, яарвал муухай болдог юм.За хүний юмыг багадуулчихвал томсгож болохгүй.Жаахан элбэг юмыг багасгаж болно гээд л ингээд бүр дандаа тэгэж захиад байдаг.Тэр тэгээд би одоо ерөөсөө яарах гээд өө яана аа нөгөө хүлээлгэж өгөх цаг нь болчихлоо, бушуухан яая гээд л бодоод л тэгээд л мартчихдаг.Тэгээд бүүр удаад ингээд 7 хэмжиж нэг огтол.Тэр манай ижийгийн хэлдэг үг нь.Тэгээд одоо бүр тэрийг би заримдаа балай юм.Ээж одоо нэг удаан хий, удаан хий л гээд намайг сургасан юм шиг байгаа юм.Бүр яарах гээд яарч чаддаггүй.Тэгээд л нэг хэмжчихээд ингээд л огтлох гэснээ дахиад хэмжмээр санагдаад хэмжээд байдаг юм.Ха ха тийм болчихсон.Тэгээд л одоо хуучны улсуудын тэр зүйр цэцэн үг, тэр хүүхдийг сургадаг байсан юунууд бол аягүй чухал юмнууд байж.Одоо бол тийм юм хэлэхгүй юм даа.Одоо тэгээд одоо эд нар чинь ерөөсөө тийм юм байхгүй.Тийм хэрэгтэй үг хүнд хэлэх, тэр уламжлалт сайхан арга, хүн хүмүүжүүлдэг юм энэ тэр... Манай ижий намайг инээлгэдэггүй байсан юм.Инээх дээр зэрэг л за юундаа инээгээд л унав.Инээдгийг эр, баадгыг нохой дагах гэдэг.Битгий л ангалзаад инээж бай гээд инээлгэдэггүй байсан.Тэгээд сурчихдаг юм байна л ээ ш дээ.Тэгээд залуу байхдаа энэ муу шантайчихаад их зантай юм гээд намайг нөгөө инээж тоглож нааддаггүй болохоор хүмүүс тэгээд бодчихсон.Бүр тийм сургачихсан.Тэгээд л аав маань ерөөсөө юмыг өөртөө хэрэгтэй юмыг чи өөрөө чадах ёстой.Хүн хийж болсон юмыг чи яагаад хийж болдоггүй юм гэдэг тийм хатуу тэгэж сургасан.Тэгээд кино үзнэ ээ.Кино үзээд ороод ирэх дээр зэрэг өвгөн бид хоёрыг за ямар кино байна? Юу нь хэрэгтэй? Юу гараад байна? За за за аав одоо дандаа ингээд хэнхэглэж байдаг юм.Сонгуульд санал өгөхөөр чинь өглөө хар үүрээр 6 цагт нээдэг байсан саналын хайрцаг.Тэгээд л одоо 6 цагт явуулах гээд байдаг юм.Шөнө 12 хүртэл авдаг гэдэг биз дээ гэхээр үгүй ээ тэр хамаагүй.Тив дэлхийгээрээ энэ Монголын сонгуулийг харж байгаа.Тэгэж болохгүй.Одоо энэ улс төрийн идэвхи сайн байх ёстой.Эрт очиж өгөх ёстой гээд ингээд хэнхэглэчихдэг.Ёстой нэг хэнхэг хүн байсан юм даа хөөрхий.Тэгэхдээ ажилчин байсан л даа.Тэр Шохойн үйлдвэрт л дарга, мастер энэ тэр байсан.Тэгээд өөрөө ч ер нь ярьдаг.Ажилчин хүн сайхан.Юм хийдэг, бүтээлч ингээд юм үйлдвэрлэдэг, хийдэг байх сайхан гэж ярьдаг байсан юм.Тэгээд яахав тэр юу бас бид нарт их хэрэг болсон байна гэж боддог юм.Ер нь миний нэг боддог юм бол, ойлгодог юм сайн хүн байх, муу хүн байхыг бол бүр ингээд бурхнаас одоо тэр ямар удам гээд нэг юм, ген гээд нэг юм бол ерөөсөө яаж өөрчлөөд, яаж албадаад өөрчлөгдөхгүй өвлөөд төрчихсөн юм бас бий нэгдүгээрт.Хоёрдугаарт тэгээд ямар гэр бүлд төрж өссөн, тэр гэр бүлийн уур амьсгал, тэр нэг худалч үнэнч байхаас л эхлээд одоо тэгээд.Зарим айл чинь хүн очоод хаалгыг нь тогшиход хэн бэ? гээд жоохон хүүхэд ирээд тэгээд тэр байна аа.Аав нь байна уу? Ээж нь байна уу? гэхээр байхгүй гэнэ.Тэгснээ цаашаа гүйж очоод чимээгүй болчихоод эргэж ирээд байхгүй гээд ингэдэг.Аа утасдаад ярихаар бас ингээд худлаа хэлээд мэдэгдээд.Тэгээд тэгэж тийм байгаад байхаар л хүүхэд ерөөсөө яалт ч байхгүй хүн хуурдаг л хүн болохоос өөр арга байхгүй.Тэр жоохон байхад нь ээж аав нь ер нь тэр айлыг ямаршуу зохион байгуулалттай, ямар уур амьсгалтай байна уу? Тэрийг бол ерөөсөө тэр бол их том школ.Тэгээд л ердөө яг л тийм хүн төлөвшинө.Тэгээд бид нарын ойлгодогоор сургуульд ороод л гэнэтхэн юм заалгаад л хүн болно гэдгээс илүү ер нь гэр бүлд л тэр бүр юу ч мэдэхгүй гээд бид нарын бодоод байдаг бага насандаа л хүүхэд юмыг аягүй их хуулж.Эхлээд ярьж чадахгүй байхдаа ерөөсөө бүгдийг нь харж, сонсож байгаад тэгээд ямар одоо өнгө аястай дуу үг сонсож байна вэ? Ямар маягийн харилцаатай хүмүүсийн дунд байна вэ? Тэр томчуудын хоорондын харилцааг л харж тэр бүр тэгээд л ийм байх ёстой, ингэдэг гэдэг анхны сургууль нь ерөөсөө тэр болчихдог юм шиг байгаа юм.Тийм болохоор сайн хүн байна, муу хүн байна гэдэг бол тэгээд бас их явдалтай.Тэгээд бид нарын цаг алддаг... Тэгээд одоо яг ингээд сургалт юмыг бодох дээрээс зэрэг бид нар хүүхдүүдээ ямар хүн болохыг зоргондоо ингээд төлөвшөөд, бараг өөрчлөхөд ч дийлдэхгүй болчихсон хойно нь л ажиллах гээд бодоод байгаа болохоос биш, өөрчлөх гээд байгаа болохоос биш.Тэгээд одоо яагаад социализмын үед гайгүй байсан Монголын хүмүүс одоо ямар их тийм одоо траншейныхан гэгддэг хүн яагаад ийм олон болчихов? Тэгээд одоо нэг айхтар эмзэглэх юм бол архичин олонтой болчихсон.

Ариун-Ундрах -

За таны ээж ер нь ямар хүн байсан бэ?

Нарангэрэл -

Миний ижий Сүх голын Буриад.Тэгээд одоо нэг 4-5 настай байхад нь л тэр цагаан бароны л одоо баронд урвасан гэдэг юм уу, бароныг дэмждэг гэдэг юугаар л нэг хэсэг улсууд хэлмэгдсэн юм байна л ээ.Тэгээд нөгөө үймээн самуун болоод бужигнаад амьдрал хүнд болохоор Оросын Буриадууд нэг хэсэг нь Монгол руу дүрвэж орж ирсэн.Тэгээд ээж маань өөрөө ярьдаг юм.Ижий маань их том гэдэстэй байсан.Тэгээд манайд нэг ижий аав хоёрын маань альны нь ижий байсан юм өндөр настай эмээ маань байсан.Тэгээд дүрвэхээр хэсэг хүн бэлдэхэд аав маань намайг, аав ижий хоёр минь аавынх нь ах юм байна л ээ л дээ.Наашаа дүрвэж явах гээд.Тэгээд охиныг маань аваачаад сайхан газар, сайн хүн болгоорой гээд өгөөд, үрчлүүлж өгөөд одоо сайхан газар руу явуулаад өөрснөө нөгөө ирэх боломжгүй.Ээж нь хүнд хөлтэй, тэгээд өндөр настантай болохоор үлдсэн юм байна л ээ.Тэгээд энэ Биндэрээр л орж ирсэн юм байна л ээ л дээ.Хэнтий аймгийн Биндэр суманд нэг хэсэг Буриад дүрвэж орж ирээд.Тэгээд тэр өргөж авсан авга ах нь аав нь одоо нэг хамт дүрвэж ирсэн Буриад хүүхэнтэйгээ гэрлээд, айл болоод ижий маань дүүтэй болж байсан юм байна л ээ.Тэгээд байж байтал л манайд нөгөө хэлмэгдүүлэлт болоод, тэгээд нөгөө аавыг нь бас бариад аваад явчихсан.Тэгээд ерөөсөө тэр дүрвэж ирсэн Буриадуудын эрэгтэйчүүдийг бүгдийг нь авааччихсан.Тэгээд сураггүй тэр чигтээ байхгүй.Тэгээд сүүлд нь энэ цагаатгалын хууль гарахаар яасан архивт бол бү тэдэн сарын тэдний тэр тийм тогтоол тушаалаар тэгээд цаазаллаа гэсэн материал нь харин байдаг юм байна л ээ.Тэгээд цагаатгуулсан.Аа тэгээд одоо тэнд үлдсэн тэр Буриадууд нөгөө дүнзэн байшингуудад байдаг.Тэгээд тэрнийг нь гаднаас нь цүүлж байгаад шатаасан гэдэг юм байна л ээ.Тэгээд нилээн зовлон үзсэн.Тэгэхдээ манай ижий зовсон зүдэрсэн гэж ердөө ярьдаггүй хүн байсан.Энд манайхан чинь тэр хувьсгалын дараа нэг хэсэг нөгөө их өнгөний өвчнөөр их өвчилчихсөн.Хүүхнүүд нь тэр болгон төрдөггүй.Хүн ам чинь нөгөө 500-600-хан мянган хүн амтай.Мал нь хамуу, хүмүүс нь тэмбүүгээр өвчилчихсөн их хүнд юмыг хувьсгал ялсны дараа тийм байсан.Тэгээд баячууд бол ялангуяа ерөөсөө төрдөггүй байсан гэж байгаа ш дээ.Дандаа ядуучуудаас хүүхэд өргөж авдаг.Тэр нөгөө төрөхгүй, халдварт өвчтэй.Тэгээд 30 хэдэн онд юм болов уу даа 40-өөд онд юм болов уу.Манай ээж хотод ирээд, хотод ээж аав хоёр орж ирээд.Аа ээж ганцаараа байхдаа.Тэгээд сувилагч болоод нэг Оросын Буриад эмч Шохойд.Энэ орон нутгуудад эмч томилж байсан юм байна л ээ.Нөгөө өнгөний өвчнийг эмчлэх.Тэгээд Шохойд нэг Буриад эмч.Тэрний сувилагчаа ижий маань очиж.Тэгээд бараг хүн болгон улаан цагаан тариа тариулдаг байсан.Тэр Буриад эмч маань Сакияа гэж буриад байсан юм гэнэ л ээ.Тэр загнадаг.Тэгээд нөгөө улсуудыг байцаадаг байсан гээд ижий маань хөхөрдөг юм.Чамайг хэнээс халдааж авсан бэ? Хэн хэнд халдаасан бэ чи? гээд контактыг нь асуудаг.Тэгээд хэлэхгүй бол чинь аваачиж чамайг буудна гэж загнаж байсан.Аягүй уурладаг байсан хэлэхгүй байгаа хүнд гээд.Тэгээд л ерөөсөө тариа хийлгэдэггүй хүн байгаагүй гэж байгаа юм чинь.Тэгээд л эрүүлжээд тэр хувьсгалын дараа хэдэн жил тэр улаан цагаан тариагаар л Монголыг одоо эрүүл мэндийн яам зориуд арга хэмжээ авч, төр засгаас орон нутгуудад эмч нар томилж.Тэгээд ерөөсөө толгой дараалан эмчилгээ хийж, шинжилгээ хийж.Тэгээд хүмүүс эрүүлжээд л одоо хүн ам өсөх тийм юундаа орсон юм байна л ээ ш дээ манайх чинь.Тэгээд ээж маань яахав уг нь Сүх голын хүн.Тэгээд Биндэрт Хэнтийд ирж амьдраад тэгээд Хэнтийгээсээ бүр залуудаа тэгээд хот руу орж ирээд манай аавтай гэрлээд, тэгээд энэ Шохойд буцаж очоод, тэгээд л Шохой Налайхаар байж байгаад манай өвгөнийг... Тэгээд нутагтаа очоогүй олон жил болчихсон байснаа төрөөгүй ч гэсэн өссөн газар нь л юм болохоор тэгээд хамаатан садангын улсууд бас Биндэрт байдаг л даа.Тэгээд өвгөн нөгөө математкийн багш болоод Налайхад ажиллаж байгаад комсмолын дээд явж төгсөхөд тэр Хэнтийд томилогдохоор тэгээд бид нар аваад яваад, тэгээд харин нутагтаа очиж Биндэрт ах дүү нар, хэдэн өндөр настантайгаа уулзаж тэгэж тэнд хэдэн жил болоод л.Тэгээд л бас бид хоёрыг дагаад л.Бид хоёр авч явдаг байсан ижийгээ.Аав маань эрт нас барчихсан юм.Тэгээд ижийтэйгээ юу яадаг.Одоо тэр Улаан-Үүдэд ямар юу байсан энэ тэрийг нь мэдэхгүй дээ, ах дүү энэ тэрийг нь.Зүгээр тэр ижийгийнхээ намтрыг их сайн мэдэхгүй ч гэсэн тэр аавых нь нэр, төрсөн аав, тэр өргөж авсан аав энэ тэрийх нь нэрийг мэддэг.Тэгээд ер нь сүүлд нь л наашаа дүрвэж ирснийхээ дараахан л сураг дуулсан чинь тэр тэнд байсан Улаан-Үүдэд үлдсэн Буриадууд их л аймшигтай хэлмэгдсэн л юм гэнэ л ээ.Тэгээд ах дүүгээ олъё барья ч гэхгүй, манай ээж ерөөсөө тийм.12 хүүхэд төрүүлээд, 7 хүү нь өнгөрөөд, тэгээд 3 охин төрсөн нь амьд, 2 хүү үлдсэн.Тэгээд 5-уулаа бид нар байдаг юм.Тэгээд сувилагч мэргэжилтэй.Тэгээд л залуудаа тэр Шохойд нөгөө эрүүлжүүлэх улаан цагаан тариа баахан хийгээд, тэрнээсээ хойш бараг ажил хийгээгүй дээ.Тэгээд олон төрөөд тэгээд л гэртээ байдаг байсан юм.Тэгээд оёдолд сайн, их хатуу ер нь чанга хүн байсан манай ижий.Би 5-р ангид байхдаа нэг хатан үнсэх гэдэг хөзрөөр хүүхдүүд тоглоод, манай ангийн охидууд.Тэгээд хичээл тараад хатан үнсэх гэдэг хөзрийн тоглоомоор 3 өдөр хичээл тараад тоглоод ээждээ зодуулсан би.Тэгээд дахиад ерөөсөө хөзөр тоглоогүй, ерөөсөө хөзрөөр дахиж тоглоогүй би.Бас их хатуу хүн байсан, манай ижий чанга.Инээлгэхгүй, хүн амьтан орж ирсэн байхад оруулж урдуур хойгуур явуулахгүй нилээн цэгцтэй.Тэгээд тэр хүнтэй муудаж сайдаж нэг их нялагнаад, хэлхэлдэж гүйгээд гадаа ч гарч зогсож яриад, гэрт ч орж сууж яриад хүүхнүүд, ажилгүй эмс тэгдэг гээд.Хүүхдээ ингээд жоохон байхад нь тэврээд суухаар манай ижий тавь наад хүүхдээ.Ажилгүй эмсүүд хүүхдээ тэврээд сууж байдаг юм гээд загнадаг байсан.Тэгээд хүүхдээ ч тэврээд суугаад байж болохгүй, аягүй чанга.Тэгэхдээ тэр их хэрэгтэй байсаан.Би насан туршдаа завгүй.Тэгэж тэгэж хүүхнүүдтэй үерхээд л, тэнд очиж гаргаж өгөөд л, гадаа ярьж баахан зогсоод тэгээд байх зав надад ерөөсөө гардаггүй.Ерөөсөө тийм зав гарахгүй байсаар байгаад л дуусч байгаа юм даа.Тэгээд ер нь тийм байвал зүгээр юм даа гэж би боддог юм.Ээж ааваасаа их юм сурчээ гэж би боддог юм.Тэгээд амьдардаг амьдралдаа мөрддөг журам бол ер нь эцэг эхээсээ өвлөж авсан тэр ёс заншил, гэр бүлийн харилцаа.Манай аав бол архи ууж ерөөсөө согтдоггүй хүн байсан.Гэртээ байхдаа тэр нас барахаасаа өмнө настай болчихсон байхдаа танайхаар уншчихаар аятайхан ном байна уу? гээд ном л эрээд явдаг.Тэгээд дандаа юм хийж явдаг, гараар юм хийдэг.Тэгээд л ёстой завгүй байдаг.Тэгээд манай аав бол юм хий.Тэгээд хамгийн сайхан болсон юмаа хүнд өг, муухай болсон юмаа өөрөө ав гэж бид нарт сургадаг байсан.Тэгээд хүний хүүхдэд ч гэсэн, өөрийнхөө хүүхдэд ч гэсэн хэлсэн юмаа заавал биелүүл гэдэг.Айлын хүүхдэд эмээл хийж өгнө гээд хэлчихээд бүүр дор ороод ядраад байхдаа тэр хүүхдэд би нэг тийм юм хийж өгнө гээд хэлчихсэн юм.Тэрийг хийж өгөлгүй болохгүй гээд хийж өгч байсан.Манай отгон дүү энд байж байгаад хот руу техникумд явах болсон.Тэгсэн чинь аав маань 4 ханатай гэрийн модыг өөрөө хийгээд л тэгээд л гэрээ бэлдээд л аваад хотод очоод гэрээ бариад суучихаж байсан юм.Яг л тэр өөрийнхөө тавьдаг шаардлагаар хэрэгтэй юмаа өөрөө л хийнэ.Тийм л байсан.Тэгээд бид нарт нэг их тийм уран, одоо дүрслэх урлагийн чиглэлээр сургуульд сурсан ч хүн байхгүй.Тэглээ гэхдээ ер нь бол бараг л бүгдээрээ нэг жоохон тийм гарын дүйтэй, хийх гэсэн юмаа хийчихдэг тийм л улсууд байдаг юм манайхан.

Ариун-Ундрах -

Тэр 15-ны цагдаа гэдэг нь юу вэ?

Нарангэрэл -

15-ны гэдэг чинь одоо саяхан зурагтаар ярьж байгаа нь цагдаа л байсан юм.Өө тийм цагдаагын баяраар ярьж байна л ээ.15-ны цагдаа гэж байсаан.Дээр үеийн одоо цагдаа нар.Тэр чинь л одоогын цагдаагын үндэс суурь нь юм гэнэ ш дээ.15-ны цагдаа гэдэг байсан юм гэнэ.Тэгээд тэр социализмын үед чинь юмыг тэр нуудаг, одоо тэр дотоод яамнаас нэг айдаг байсан тал бий нь бий.Одоо тэр эцэг эхийгээ нуугаад, овогоо солиод байсан гэж ярьдаг л даа улсууд.Тэр үнэн юм шиг байгаа юм.Манай аав л намтартаа тэр 15-ны цагдаа байсан гэж бичихгүй л байгаа юм чинь, бид нарт ч гэсэн тэгэж хэлээд тэгээд л өвөө маань аавыг жоохонд өнгөрсөн гэж бичээд өгөөд байдаг байсан.Тэгээд тэр бол бас л айдаг л байсных л даа.Дотоод яам гэдэг юмнаас их айдаг байсан юм шиг байна л ээ.Сав л хийвэл цагдаа.Ямар сайндаа тэр Япон хоригдлууд дээр ажилладаг байсан.Тэгээд ээжид л байн байн сануулдаг гэсэн.Юм авч болохгүй, тэгвэл одоо их аюултай дотоод яам.Тэгээд нөгөө Япон хоригдлуудыг эх оронд нь буцаахад тэр том дарга нь ингээд алтан цагаа тайлаад аавд өгөхөөр аваагүй гэж байгаа юм.Яагаад гэвэл дотоод яамныхан харж байхад одоо алтан цагийг нь авбал тэгээд баригдаад л явах байсан байх л даа ер нь.Тэр талаар их чанга байсан гэдэг юм.Гэхдээ Чойбалсанг буруутгаад байдаг нь бас 2 талтай байсан байх гэж би боддог юм.Үнэхээр тийм эгзэгтэй хүнд үед цэвэрлэгээ сайн хийхгүй бол бас хэцүү л байсан байх л даа.Тэгээд зөв мэдээллийг авах боломж муутай.Тэгээд л мэдээлэлд өртсөн хүн болгоныг л одоо хардаад яадаг байсан тийм, бас арай жаахан тийм илүү хардаж яадаг байсан тал байх нь байсан л юм шиг байдаг юм.Тэгээд дотоод яамнаас айх гэж л нэг аюул байсан юм шиг байна л ээ.Ээж маань ийм л хүн байлаа даа.85 хүрч өөд болсон манай ижий.Тэгээд нүд нь юм харахаа байчихсан сүүлдээ.Тэгээд нүд нь харахгүй мөртлөө юмныхаа уранхай, хөнжлийнхөө даавууны уранхайг ингээд тэмтэрч байгаад юм оёдог хүн болохоороо өөрөө ингээд оёчихсон.Тэгээд аягүй хөөрхөн тэгээд оёдог.Бүр ерөөсөө зүгээр.Аа нэг ээжийн нэг юм санаанаас гардаггүй юм.Аптек явах болох дээрээсээ л нөгөө хумсны ийм зориулалтын хуурай байдаггүй байсан юм.Төмөр хөрөө ирлэдэг нэг гурвалжин хуурай гээд байдаг.Тэр гурвалжин хуурайг орныхоо дэвсгэр завсар хийчихдэг.Тэгээд хумсаа гурвалжин хуурайгаараа ингээд хуурайддаг.Яагаад та ийм том хуурайгаар хумсаа дандаа хуурайддаг юм.Тэгэлгүй яадаг юм, тэр аптект очиход чинь жоохоон ийм нүхээр нэг муухай хар хиртэй хумсаа хуруугаа ингээд л оруулахад чинь муухай биз дээ гээд тэгээд.Тэгээд гараа их угаадаг.Тэр сувилагч байсны л ач л даа.Бид нарыг жоохон байхад ингээд суганд тултал дээлийн маань ханцуйг ингэж шахаж өгөөд, тэгээд нойтон алчуур савантай хувинтай яачихаад энэ хаалга, энэ багана энэ тэрийг угаалгадаг, жоохон байхад.Тэгээд тэр Оросын Буриад байсны юу байдаг юм болов уу гэж би боддог юм.Улсууд ингээд шээсээ өлөнгөө ингээд хүүхдүүддээ өгдөг ш дээ.Манай ээж бид нарт дусал ч шээс өгөөгүй.Одоо тэгээд би өөрөө хүүхдүүддээ бас тэгээд өгч чаддаггүй.Хүүхдээ жаахан байхад хатгуулчихаад энэ эмнэлэгт хэвтэж байхад ижий нөгөө корчискны ороолт хийлгээд хатгаа буухгүй, халуун нь буухгүй.Тэгсэн чинь зарим нь шээс их сайн гэнэ ээ гээд хүүхдэд шээсээ өгөөд ороолт хийгээд бүлээсгээд ингээд ороогоод нээрээ яг халуун нь буучихаж байгаа юм.Тэгээд л яг тийм байна гээд мэдсэн мөртөө би чаддаггүй.Одоо ингээд би ....-той болчихоод надад эмч хүн зөвлөсөн л дөө.Шээсээ эхлээд өглөө 2 удаа шээгээд жорлондоо, 3 дахь шээсээ аваад их цэвэрхэн варены шилэнд тавьж тунгаагаад дээрээс нь нэг аягыг уугаарай гээд.Би тэгэж чадахгүй байгаа ш дээ одоо.Ерөөсөө өөрөө ууж сураагүй, үзээгүй.Тэгээд л нэг тэрийг уучихъя гэхгүй.За тэр ээзгийг ууна, тэр үхрийн нүд авч залгина аа тийм мэтийн юмыг бол би уугаад идээд байгаа мөртөө тэгээд шээсээ ерөөсөө уудаггүй.Манай ээж тэгэж хэрэглэж байгаагүй болохоор.Гараа их угаана, гурвалжин хуурайгаар хумсаа хуйраадаад л явдагсан хөөрхий минь.

Ариун-Ундрах -

Тэгээд таны түрүүчийн ярилцлагаас бас нэг хэдэн тодруулах асуулт байна л даа.Тэр нөгөө намын гишүүдийн хувийн хэрэг гэж байдаг гэсэн ш дээ тийм ээ?

Нарангэрэл -

Тийм.

Ариун-Ундрах -

Тэрийг жаахан тодруулж ярьж өгөөч?

Нарангэрэл -

Намын гишүүдийн хувийн хэргийг одоо намд элсэх дээр л намын үүр нээдэг байсан байх.Тэгээд бид нар өөрснөө тэрийг мэддэггүй байсан юм чинь.

Доржпалам -

Мэддэггүй байхдаа яадаг юм.Улсууд чинь гарын үсэг зурдаг байсан ш дээ.Намын хороо нээдэг байсан юм.

Нарангэрэл -

Би Налайхаас явтлаа бол мэддэггүй байсан байхгүй юу.Тэр жоохон ч байсан юм чинь, залуу байсан юм чинь.Тэгээд Хэнтийд очсон чинь л нэг их хэрэгтэй хүн.Миний хийж байсан ажлыг тэд нар мэдчихсэн байсан чинь бүр тийм баяжуулаад юм хумыг нь бичээд сонгууль, шагнал, албан тушаал энэ тэрий нь өөрчлөлтүүдийг нь бичээд байдаг тийм хувийн хэрэг оччихсон байсан.

Доржпалам -

Загдаа бичиж байсан.Дайчлаад, яг Загдаагын гарын үсэгтэй.

Нарангэрэл -

Би тэгээд тэрийг нөгөө жоохон байсан болоод мэддэг ч үгүй байсан.Тэр бас хэрэгтэй л юм байдаг юм байна л ээ.Тэгээд баяжуулж байдаг.Тэгээд сайн муу юмыг нь бичээд байдаг.Тэр чинь ер нь хүнийг хүн мэдэж л байх хэрэгтэй ш дээ.Бас нийгэм бол мэдэж л байх хэрэгтэй юм чинь.Тэгээд намын гишүүдтэй бол ажилладаг байсан.Тэгэхдээ бид нарыг ямар нэгэн байдлаар, тэгээд ажил муу хийгээд юм уу хариуцлага алдсан тохиолдолд арга хэмжээ авдаг, сануулдаг, хурлаар оруулдаг тэгдэг л байсан.Тэр бол хэрэгтэй л юм байдаг юм байж гэж би бодож байгаа.Одоо бол ерөөсөө байхгүй ш дээ.Нэг их олон нам, тэгээд л.... Үгүй ээ хувийн хэрэг бий бий.Би бас тэгээд нөгөө 20-иод жил явж ирчихээд Налайхад хувийн хэрэг маань ирж үү? Үгүй юу? гээд үзсэн чинь байж байна л ээ.Яг байдаг юм байна л ээ.Тэгээд яваад байна гэдэг чинь сайн сайхан л юм байна л ээ дээ.Ер нь хэрэгтэй л юм байна л ээ.Тэгэхдээ ер нь нам хуучинтай адилхан гишүүдтэйгээ ажилладаг юу нь муудчихаад байгаа юм.Анхан шатан дээрээ очоод үүрийн хурал болоод л сар болгон хийдэг байсан юм байлгүй дээ намын үүрийн хурал.Тэгээд сарын хурлаар Нарангэрэлийн тайланг тэдэн сарын хурлаар хэлэлцэнэ.Одоо тэрний хурал тайлан, манлайлалыг тэдэн сард хэлэлцэнэ гэдэг.Тэгээд манлайлалаа хэлэлцүүлэх гэж бэлддэг.Тэгээд дутагдлыг нь бүр тал талаас нь шүүмжилдэг тийм байсан ш дээ.Тэгээд одоо харин сүүлийн үед тэр манлайлал хэлэлцэнэ гэдэг нь их л ховорхон болчихсон юм даа ер нь.Ингээд формаль тал руугаа, тэгээд олон нам гэдэг чинь ерөөсөө тийм шал дэмий дампуу юм.

Ариун-Ундрах -

Таны тэр ажиллаж байсан нөгөө Хэнтийн аймгийн чуулга чинь ямар нэртэй чуулга байсан бэ?

Нарангэрэл -

Уул нь намайг очоод даргаар томилогдоход Хэнтийн соёлын ордон байсан юм.Тэгээд л намын дээд төгсчихөөд нөгөө намын ажлаа хийж байсан чинь намын хороо ордны ажил сайжруулах үүрэг өгөөд даргаар нь тавьсан.Тэгээд яахав тэр аймаг болгон нэг нэг соёлын ордонтой л байсан юм дээр үед.Тэгээд 20 хэдэн жүжигчинтэй.Тэгээд тэр жүжигчид нь бол бүр жинхэнэ мэргэжлийн сургууль төгссөн хүн байхгүй.Тэгэхдээ аягүй их авъяастай.Тэр жүжигчин л болсон бол дуулна, бүжиглэнэ, хөгжимдөнө, жүжиглэнэ бүх юмыг хийдэг.Тэгээд төлөвлөгөө биелүүлдэг.Тэгээд л бага цалинтай.Тэгээд тухайн үедээ бол яахав төрийн байгууллагынхны цалин тийм л жишигтэй байсан.\300-350\ Тэгээд аймгийнхаа хэмжээнд соёл урлагаар үйлчилдэг тийм орднууд байсан юм.Тэгээд түрүүчээсээ эхлээд мэргэжлийн байгууллагууд аймгууд болоод болоод явж л байсан л даа.Тэгээд Хэнтийн соёлын ордон бол бас л аймгуудад байдаг соёлын ордонтой л адилхан 20 хэдэн жүжигчинтэй.Харин манай Хэнтийн.... Томилогдоод одоо тэгээд яахав дээ дургүй, илт дургүй л байлаа.Би чадахгүй, мэдэхгүй, хийж үзээгүй ажил, өөрөө урлагийн мэргэжлийн биш болохоор дургүй л байсан юм.Тэгээд чадахгүй байх гэж айж л байсан.Тэгээд ажил авангуут л ерөөсөө хийх ажил гэж түм бумаараа толгойд ёстой яаж бушуухан энэ ажлыг хийнэ ээ л гэж бодогдоод, бухимдаж цухалдаад л.Тэгээд л байшингаа засуулахаас эхлээд л тэгээд соёлын ордны байшинг өргөтгөөд.Тэгээд л жүжигчидээ курсээр яамтай хамтарч аймагт... Мэргэжлийн урлагийн байгууллага чуулга юм театр болно гэдэг чинь жүжигчидийн 95%-аас доошгүй бүгдээрээ заавал мэргэжлийн хүмүүс байх ёстой.Тэгэж байж болно.Тэгээд жүжигчиддээ мэргэжлийн сургалт аймаг дээр зохион байгуулаад тэгээд замгүй олон хүн шинээр авна ш дээ.Тэр чинь нэг анги гэхэд л 20 хэдэн хүнтэй тийм байдаг.Тэгээд аж ахуйн ангитайгаа нэг 80-90 хүн дор хаяж байна.Тэгээд бэлдээд л яахав Хан Хэнтий гэдэг чуулга байгуулсан юм.Ардын дуу бүжгийн, тэгээд зүүн талын ардын гол ястануудын уран бүтээл, тэр өнгө төрхийг харуулсан тийм уран бүтээлийн хувьд бол тийм чиглэлтэй, тэгээд дуу бүжгийн чуулга болгосон юм.Театр болно гээд олон жил яригддаг л байсан юм аа.Тэгээд яахав чуулга болгоё гээд л чуулга болгосон юм даа.Одоо манай чуулга мундаг л даа.Манайхаас түрүүн Говь-Алтай чуулга болчихсон байсан.Сэлэнгэ аймаг Сэлэнгийн долгио чуулгатай болсон байсан.Тэгээд аймагт бол ерөөсөө гуравхан чуулга л байдаг юм, дуу бүжгийн.Бусад нь дандаа хөгжимт драмын театрууд байдаг.Тэгээд манайд чуулга болгох гол юм нь, найдвар бол тэр манай багш нар мундаг байсан.Нэг нь Улаан-Үүдэд төгссөн хөгжмийн багш, нөгөө хоёр нь бол ерөөсөө л байгалиас заяасан их авъяастай.Тэгэхдээ аймгуудын театрт байхгүй л багш нар байсан даа.Ер нь тэгэж хэлэхэд болно.Манай тэр бүжгийн багш бол ерөөсөө бичиг үсэг муухантай, онцгой авъяастай хүн байсан.Тэгээд Сэвжид гуай ч урьж бүжиг тавиулж л байсан улсын чуулгад, их хурлаар ч бүжиг тавьж л байсан.Аймгуудад ч уригдаж л байсан онцгой авъяастай хүн байсан.Аа тэр найрал дууны багш Дашням гээд тэр бол бас Монгол ардын дуугаар дан найрал хийдэг хүн бол одоо тэгээд байгаагүй л дээ аймгуудад.Үнэхээр авъяастай улсууд байсан.Тийм болохоор чуулга нээх боломж байсан юм.Тэгээд л чуулга болсон юм.Одоо ч гэсэн манайх тэр чуулгуудын уралдаанд... Улсын хэмжээний ардын дуу бүжгийн орон нутгын чуулгуудын уралдаан 3 удаа болсон.Намайг ажиллаж байхад 1 болсон анхных нь.Тэрүүгээр тэргүүлсэн.Сүүлд 90-ээд онд нэг болсон.Тэрүүгээр манайх бас тэргүүлсэн.Одоо 2 жилийн өмнө Улаанбаатарт болсон.Бас манайх түрүүлсэн.Их сайн чуулга байдаг юм даа Хан Хэнтий чуулга гэж.Аймгаас чуулга байгуулахдаа нэрэн дээрээ тулчихаад 3 нэртэй.Аймаг дээр дарга нар нэг нэр өгөөд, би Хан Хэнтий гэдгийг нь өгсөн юм аа.Тэгээд Баатарцогт гэж манай уран бүтээл эрхэлсэн сайд байсан юм, орлогч.Тэрэн дээр ажлаа яриад тэгээд чуулгынхаа нэрийг ийм 3 нэр байгаа.Би энэ Хан хэнтий гэдгийг би өгсөн.Ингээд Биндэряа, нэг нь ямар юм ч гэлээ Хэрлэнгийн юу ч бил үү тийм 3 нэртэй байсан.Тэгээд би бол Хан Хэнтий гэж өгмөөр байна гэсэн.Яагаад болохгүй гэж болно.Хан Хэнтий сайхан нэр гээд л тэгсэн.Тэгээд Хан Хэнтий гэдгээрээ нэрлэсэн юм.Сайхан чуулга.Манайх одоо гадаад дотоодод ер нь тэр үеэсээ эхлээд л гадаадын тоглолтонд явсан.Их ч олон гавъяатууд төрсөн мундаг чуулга бий.Сайхан чуулга.Одоо байдаг юм даа.25 жил болж байна, нээснээсээ хойш.26 дахь жилдээ ч явж байна.Тийм байна аа.

Ариун-Ундрах -

За социализмын үед хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямархуу байсан бэ?

Нарангэрэл -

Социализмын үед хүмүүсийн ажилд хандах хандлага жигд сайн байсан.Цөөхөн цаг амардаг.Ерөөсөө л үнэнч шударга хөдөлмөрлөх ёстой л гэдэг юмыг бол бүр ингээд мах цусанд шингэчихсэн тийм байсан.Хүмүүс байгууллагууд одоо ер нь л их журамтай, бүх шатандаа хүмүүс хариуцлагатай, шат шатандаа л одоо ажил л гэдэг байсан юм даа.Тэгээд амины ажлаар их хөөцөлдсөн, мөнгө олох гэж юм хум зарсан хүнд их дургүй.Тийм хүн бол нилээн содон харагддаг тийм байсан.Тэгээд тийм юм боддоггүй.Хүмүүс их тайван байсан.Яагаад тэр мөнгөний хойноос их зүтгэдэггүй, гэр рүүгээ яардаггүй.Ардаа яагаад гэвэл хувийн юм байхгүй.Тэгээд л ажлаа л сайн хийгээд цалингаа авч байвал тэгээд л одоо бол оо.Одоо яана аа нөгөө дэлгүүрийнхээ барааг татах юмсан ч гэдэг юм уу, компанийхаа ажил руу нэг очоод ирэх юмсан гэдэг юм уу тийм юм байхгүй.Хойшоо суух юм байдаггүй.Тэгээд жигдхэн одоо хүүхдийнхээ төлбөрийг яана аа.Нэг жаахан юм хийгээд мөнгө олох юмсан гээд амь нь тэмцээд ажлаа мартаад байх тийм юм байдаггүй болохоор тайван.Ерөөсөө тийм шунал байхгүй, мөнгөний хойноос тэгэж шаналаад л бүр юу хийхээс ч буцахгүй улангасаад хийгээд байх тийм шаардлага байдаггүй байсан бид нарт.Хүүхэд маань үнэ төлбөргүй сурна, өөрснөө үнэ төлбөргүй сурна, эмчлүүлнэ.Тийм болохоор чинь нэг их тэгэж яагаад байдаггүй.Бүгдээрээ жигдхэн гуйлгачин байхгүй, айхтар баян хүн байхгүй тэгээд л жигдхэн.Тэгээд нэг их зовж шаналаад байх юм байхгүй тийм л байсан л даа.

Ариун-Ундрах -

За таны хамгийн гол бахархдаг зүйл чинь юу вэ?

Нарангэрэл -

Хувьдаа юу?

Ариун-Ундрах -

Аанхан.

Нарангэрэл -

Үгүй ээ одоо яахав дээ.Нэг их баярлаад бахархаад байх ч тийм.Тэгээд хэдэн хүүхдүүдээ л гайгүй, яахав хэдэн хүүхэд маань сургууль соёл төгсчихсөн юм даа л гэж боддог юм ш дээ.Тэрүүгээрээ сэтгэлээ дэвтээхээс өөр нэг их айхтар.Тэгээд яахав би өөрийнхөө амьдарч байсан нийгмийн юуг бол одоо сайхан байсан гэж боддог л доо.Бид нарыг дахин дахин мэргэжил дээшлүүлээд, юм үзэж, ингээд мэдлэгээ цэнэглээд.... Тэгээд ч бид нар 60 гартлаа ажил хийгээд яваад байсан.Одоо ч 64-65 хүрчихээд бас бид нар чинь өвгөн бол хүүхэддтээ туслаад орчуулж байгаа юм хуманд нь туслачихна.Аа ихээхэн орчуулах юмтай болчихвол хэдэн хуудсыг нь авчираад аавдаа өгчихөөд явчихна.Үгүй ээ тэгээд нэг хүүхдүүдийнхээ хичээл юманд нь туслачихна.Асуусан юмыг нь яачихаж чадна.Тэгээд л ямар ч гэсэн бид хоёр өнөө маргаашдаа тэтгэвэрт суусан гээд л хүүхдээсээ нэхээд л ёолоод өнхрөөд байхгүй.Бас энд тэнд ажил төрөл гарвал оролцчихно.Тэгээд л бас хааяа цөөхөн ч гэсэн хүнд хэрэг байгаа болохоор бас нийгэм бидэнд олгосон боломж.Бид нар тэр давуу боломжийг ч бас муугүй ашиглаж байсан болоод л.Одоо би бол ганцхан сургууль төгссөн.Тэгэхдээ мэргэжил олон дээшлүүлж байсан.Соёл урлагийн чиглэлээрээ ч гэсэн, улс төрийн удирдах ажилтны хувьд ч гэсэн, удирдлагын чиглэлээр ч гэсэн мэргэжлээ олон дээшлүүлж байсан.Тэгээд нэг их хоцрогдоод тэгээд яагаад байхгүй.Уул нь тэгээд хүнд дараа болохгүй, бусдад гай болохгүй байж байгаад үхэх юмсан л гээд боддог ш дээ.Болж өгвөл хүүхдүүддээ ч гэсэн, ерөөсөө энэ нийгэмд дараа төвөг чирэгдэл учруулахгүй.Буруу зөнөөд л, буруу юм яриад л, үймээн самуун дэгдээгээд.Би аавынхаа хэлж байсан тэр муу хүний хэлэх нь хэрэлдэх шиг, хэвтэх нь үхэх шиг гэдгийг энэ өлсгөлөн, сууна хэвтэнэ гээд л талбай дээр очиж эх орныхоо хойморт очоод л янз бүр болоод.Үгүй ээ энэ чинь хүн хэлээрээ.Манай аав тэгдэг юм.Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг юм.Тэгээд ер нь эвгүй аялгуугаар хэлэхэд ч гэсэн манай аав дургүйцээд муу хүний хэлэх нь хэрэлдэх шиг, хэвтэх нь үхэх шиг гэдэг гээд зэмлэдэг байсан.Тэгээд би боддог юм.Монголчууд ямар тэр Америкийн ард түмэн юм уу? Монголын ард түмэн бид нарын гарал үүсэл, уламжлал бүгд өөр.Тэс өөр байхад яагаад Монгол хүн заавал тэр барууныхан шиг чулуу шидэж, жагсаал хийж, өлсгөлөн зарлаж тэгэж байх ёстой юм.Учраа олоод засгийн газрын ордонд асуудлаа тавиад тэрэнтэй уулзъя гэхэд болно ш дээ.Одоо хүүхдүүд хүртэл уулзаад л ерөнийлөгчтэй ч уулзаад, ерөнхий сайдтай ч уулзаад болоод л байна ш дээ.Тэгэхэд чинь заавал өлсөнө, заавал сууна, хэвтэнэ гээд л одоо тэгээд тонгочоод байж ер нь яадаг юм.Тийм муухай болхи бүдүүлэг тэр.Тэр чинь угаасаа тэр Америкаас манай орон бол шал өөр ш дээ.Түүхэн замнал нь, үүсэж байгуулагдсан гарал үүсэл нь бүр тэс өөр.Тэгээд заавал бид нар тэнд өлсгөлөн зарлаж, суулт хийж, үймээн самуун дэгдээж байх шаардлага угаасаа байхгүй.Би бол тэгэж боддог.Хэл амаараа учраа ололцож болно.Яагаад? Ёстой л муу хүний хэлэх нь хэрэлдэх шиг, хэвтэх нь үхэх шиг гэдэг тийм л юм байдаг юм байна гэж би бодож байгаа.

Ариун-Ундрах -

Нөгөө нэг та түрүүчийн ярилцлаган дээр нэг эмэгтэй паспортоо үзүүлээд наймаанд явлаа гээд явсан гэсэн ш дээ тийм ээ?

Нарангэрэл -

Тийм.

Ариун-Ундрах -

Яг тэрэн шиг тэр ардчиллын дараа тэр олон хүмүүс ганзагын наймаанд явсан уу?

Нарангэрэл -

Үгүй.Манайхнаас бол сүүлд нь гараад тэгэж хүн яваагүй ээ.Тэгээд бүр одоо ажлаа хийж байгаа ч гэсэн би улсуудыг ганц хоёр хоногийн чөлөө аваад хагас бүтэн сайн өдрөөр эрээн яваад ирье гэхэд явуулж л байсан.Тэгээд явж ирээд зардаг юмаа ч одоо зараад, одоо тэгээд нэгэнт цаг үе ийм болсон юм чинь тэрийг бол хавчиж шахаад яахав.Тэгээд л одоо аргагүй тэгээд явуулдаг л байсан.Байгууллагынхаа юманд, засвар тохижолтын юманд өөрснөө ч бид нар бас явж үзэж л байсан.Тэгээд тэр цаг цагаараа тэгээд л одоо юу яахад.Тэр эмэгтэй бол одоо тэгээд Солонгост ажиллаж байгаад ирчихсэн.Энд цайны газар нээчихсэн ажиллаж байгаа.Тийм юм байдаг юм.

Ариун-Ундрах -

За үнэтэй ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.Хоёулаа ярилцлагаа өндөрлөе дөө.

Нарангэрэл -

За баярлалаа.

Ариун-Ундрах -

за.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.