Tömör

Basic information
Interviewee ID: 990265
Name: Tömör
Parent's name: Sharav
Ovog: Öölgöö
Sex: f
Year of Birth: 1940
Ethnicity: Borjigon
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: seamstress, retired
Belief: Buddhist
Born in: Erdene sum, Töv aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: worker
Father's profession: horse-cart driver
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
democracy
politics / politicians
collectivization
funerals
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Төмөр гуай.
Төмөр -
Сайн.Сайн байна уу?
Ариун-Ундрах -
За би таниас хэдэн асуулт асуугаадахъя аа.
Төмөр -
За.
Ариун-Ундрах -
За.Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу? Хэрвээ байгаа бол тэр нь ямар үйл явдал вэ?
Төмөр -
Их гүнзгийгээр нөлөөлсөн үйл явдал ч байхгүй.Тэгэхдээ оёдолчин болох хүсэлтэй л ажилчин болж одоо ажилласан даа.
Ариун-Ундрах -
Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл байгаа юу?
Төмөр -
Байхгүй.Нэг л хэвийн амьдралтай.
Ариун-Ундрах -
За тэгээд хоёулаа түрүүчийн ярилцлагаар таны ажил амьдралын тухай ярьсан ш дээ тийм ээ?
Төмөр -
Тийм.
Ариун-Ундрах -
За тэгээд одоо болохоор та нөгөө өөрийнхөө хийж байсан ажлуудыг жаахан тодорхой дэлгэрүүлж ярьж өгөхгүй юу?
Төмөр -
За.Би анх оёдлын үйлдвэрт ороод оёдолчин болсноосоо хойш эхлээд нэг... Манай багш Цэндсүрэн гэдэг хүн байсан.Их сайхан оёдог, юмыг одоо их гоё хийдэг, их уран тийм багш хүн байсан юм.Тэгээд багш маань надад ингэж заадаг байсан.Хүн ер нь одоо юу ч оёод сурсан тэр оёдлыг бол хүн буцааж авна гэж байдаггүй юм аа.Тийм учраас чи юмыг их сайн, нухацтай сайн сураарай.Цэвэлмаа гээд бас нэг хөгшин байсан, настай.Тэр хоёр одоо миний багш л даа.Тэгээд би тэр хоёрынхоо үгэнд ороод юу л хий гэсэн бүгдийг нь хийж сурахын төлөө мэрийсээр байгаад оёдлын одоо бүр 5-р зэрэгтэй болтлоо би оёдолчны мэргэжилд дурлаж явж байсан даа.
Ариун-Ундрах -
Тэр 5-р зэрэг гэдэг нь хамгийн дээд зэрэг нь үү?
Төмөр -
Хамгийн дээд зэрэг.Аа ээлжийн мастерийн зэрэг байгаа юм.Аа тэгээд би шалгалтанд унаад уйлж байсан удаа ч бий.Их айхтар, тэр үед чинь одоотой адилхан шалгалт авдаггүй.Тэгсэн нэг ороод ингээд авсан чинь надаас нэг оёдлын одоо хол ойрын зайнуудыг асуусан байхгүй юу.Тэгсэн одоо би бас тэрхэн үедээ их хортой байсан байгаа юм.Тэгсэн надтай цуг явсан хүүхнүүд оёдлынхоо юуг хэлээд гарчихсан.Би нэг юман дээр уначихгүй юу.Тэгсэн чинь маргааш нь уйлж байгаад шалгалт өгч байсан.Тэгээд оёдлынхоо зэргийг авч байсан.Тэгэхээрээ тэр л хүсэлдээ хөтлөгдөж, тэр л ажлаа хийх дуртай байсны л одоо юу л даа.Тэр үед бол олон янзын хүнтэй харьцдаг байсан.Хасаг, Монгол одоо тэгээд л янз янзын одоо... нэг хужаа хүүхэн бас .... Тэгэхэд уурхайд би бас нэг хэдэн сар ажилласан юм байгаа юм.Налайхын уурхайд 10-р ангиа төгсчихөөд.Тэгээд зүгээр нэг уурхайн одоо ТМС бий ш дээ.Тэрнийг төгсөөд би бас тэр ТМС-д суралцаад, одоо Балдан захиралтай Налайхын ТМС-ийг бас төгссөн юм би.Тэгээд Балдан захиралтай Налайхын ТМС-ийг төгсөхөд одоо буудагч, малтагч тийм янз бүрийн мэргэжлийн юм зааж, өөрөөр хэлбэл мэргэжлийн зэрэгтэй болгодог байсан байхгүй юу.Тэгээд би тэрэнд сууж байгаад бас моторист болоод.Тэгээд бөөн баяр гэртээ харьж байсан юм.Би мотористын мэргэжилтэй болчихлоо шүү гээд.Тэгээд одоо уурхайд байж байхдаа би бас Хятад бригад дээр ажиллаж байлаа.Хятадуудтай бас ярьж хөөрч, бас амьдрал ахуйгаа ярьж, тэднуустай ууж идэж тэгэж наргиж явсан.Тэр бол одоо их сайхан мөч байх.Аа уурхайн .... асаагаад уурхайд явна.Тэгээд нөгөө агааржуулахад хүүхнүүд их байдаг байсан юм.Тэгээд тэрэнд ороод тэгээд нэг 2 жил хиртэй ажиллаад тэгээд оёдлын үйлдвэрт эргээд орчихсон юм.
Ариун-Ундрах -
Та нөгөө эмэгтэйчүүдийг удирдах ажил хийж байсан гэсэн үү?
Төмөр -
Тийм.Олон янзын зантай, олон янзын ааштай хүүхнүүд байдаг юм.За нөгөө эмэгтэй улс гэдэг чинь зарим нь бол их сайхан өглөө ирээд налгар инээж хөхрөөд, зарим нь бол жигтэйхэн ууртай уцаартай орж ирнэ.Тэгээд эмэгтэй хүний чинь зовлон их.Зарим нь гэртээ их сайхан биш, нөхөр нь зодно.Заримыг нь одоо нөхөр нь дээрэлхэнэ.Аа зарим нь үр хүүхдээ яая гээд хүүхэд шуухаддаа хавчигдана.Иймэрхүү амьдралд явж байсан олон хүүхнүүдийн дунд олон зан характертай тохируулж ажиллана гэдэг бол хэцүү байдаг юм.Гэхдээ бол би тэднуусын ая талыг нь бүгдийг нь ... Анх одоо би тэрийг багш одоо манай мастер, одоо манай Даваасамбуу дарга бол юмыг их сайхан хүлээж авдаг дарга байсан.Одоо ингээд л хүн орилоод л ороод ирнэ.Уурлаад л тэгэхээр суу суу суу, суу суу суу гэж байгаад сайхан тайван за одоо ярьж болно гээд ингэж тайвшруулж ярьдаг.Би тэрэнд бол бас их тэрийг сонирхож харж ер нь энэ хүнийг заавал уур уцаартай нь биш, сайхан тайван болгож байж яривал зөв юм байна шүү гэдэг дээр би бас тэр удирдлагын юунаас суралцаж байсан.Тэгээд би энэндээ их бахархдаг.Тэгээд олон сайхан хүүхнүүд, даа ялангуяа энэ Казак хүүхнүүд бол одоо аягүй их ажилсаг ш дээ.Казак хүүхнүүд чинь манай Монголуудтай адилхан юу яахгүй.Өглөө босоод нөхрийнхөө цайг чанана, нөхрийнхөө хувцас хунарыг индүүднэ.Тэгээд одоо наашаа ажилдаа ирнэ.Манайд Камила гээд нэг Казак хүүхэн байсан.Нөхөр нь Асив гээд 14-р баазын жолооч.Тэгээд тэр бид хоёр бол бас гэмгүй их сайхан.Манай өвгөнтэй хамт ажилладаг.Биднуус одоо бас гэр орноор нь очно, тэднуус манайхаар ирдэг тийм байсан.Тэгээд тэр Камилагын амьдралыг би бас ингэж харж байхад бол тэр үнэхээр одоо тийм, одоо хүний зохицсон амьдрал тийм байдаг байх.Тэр чинь өглөө босоод нөхрийнхөө цайг хийгээд бүх юмыг бэлдэж тавьчихаад.Нөхөр бол унтаж л байна.Тэгээд л босоод ажилдаа явдаг.Орой ирээд гэр орноо цэвэрлэж, шал шавхайгаа угаагаад, хүүхдээ янзлана.Одоо тиймэрхүү ажилтай.Тэгэхэд бол зарим манай Монголд эмэгтэйчүүд бол тиймгүй.Өө сайхан ээж ааваараа тэжээлгэчихсэн нэг их танхай тийм амьдралтай улс бас байна.Тэгээд тэр бүгдийг зохицуулах гэж бас ажиллаж л явсан.Тэгээд тэднуустайгаа бол сайхан.Тэгээд манайхан... Би нэг ажил хийж байхдаа Сумъяа бид хоёр ингэдэг юм байнаа.Хоёулаа дандаа одоо залуу охидууд манайд ажилладаг байхгүй юу.Тэгсэн нэг 2 сайхан Казак охин манайд ажилд орсон юм.Тэгсэн нөгөө 2 маань нэг өдөр 1 нь алга болчихсон.Тэгсэн чинь нэгийг нь нэг Казак залуу оргуулаад бүр Зүүнбаян аваад явчихсан байгаа юм чинь.
Ариун-Ундрах -
Аан нөгөө хулгайлдаг уу?
Төмөр -
Ааан хулгайлдаг.Тэрийг биднуус мэддэггүй.Үүдний жижүүрээс асуугаад байдаг.Бид хоёрыг чинь загнаад л.Казак өвгөн эмгэн хоёр ирээд хүүхэд яасан чи, хүүхэд яасан гээд загнаад байдаг.Бид хоёр хоёулаа 2 талд нь суучихсан л хоёр бие нь л бүлтэгнээд байгаа юм чинь хоёулаа айгаад л одоо яанаа хүн алдчихсан гээд.Тэгсэн чинь харин сүүлд нь энэ Налайхын сэргийлэх хайж байгаад тэндээс олж ирсэн.Тэгээд одоо тэр хүүхэн надад хэлдэг юм ш дээ.Одоо нөхөр нь цэргийн дарга болчихсон.Одоо энд ирчихсэн ажил хийж байгаа.
Ариун-Ундрах -
Хулгайлж авсан нь уу?
Төмөр -
Аа хулгайлж авсан хүүхэн тэгээд айлын бэр болчихсон.Тэгээд тэнд очихоор чинь хулгайлаад авсан хүнийг чинь гаргадаггүй.Тэр ёс чинь тийм байдаг юм байна ш дээ.Тэгээд одоо яахав хоёулаа тэнд очоод ирье гээд машинтайгаа эргэж ирээд хэд хоногийн дараа Налайхт ирж байсан.Тийм одоо хүний амьдралын нарийн юунд нь явж байлаа.Тэгээд очоод яахав одоо тэгээд сайхан айл гэр болоод 4-5 хүүхэдтэй.Тэрнээс хойш ажил хийж байхад за үүдний жижүүр, одоо тийм дарга хийж байхдаа Казак охидуудаа аягүй их харна.Алга болчихвий, юм аваад явчихвий гээд.Хаширчихсан.Одоо ерөөсөө тэр байна уу? Байхгүй юу? Хөөе,хүүе гээд ингэж байдаг тиймэрхүү.Тэгэхдээ биднуус ажил хийж байхдаа одоотой адилхан тийм хавчигдмал биш.Тэр үед бид хэд одоо ингээд манай энэ оёдлын үйлдвэрийн одоо энэ байр байна ш дээ.Тэрний энд ингээд нөгөө мод хураачихна.Нөгөө ажлынхаа заваар юмаа оёчихоод нөгөөдүүл чинь гараад тэрэн дээрээс модны бохь түүнэ.Нэг өдөр ингээд бохь түүж байгаад Дашцэрэн нөгөө дээрээс мод нь унаад хөлөө хугалчихаж л дээ.Тэгсэн чинь тэгэж байсан гэсэн.Төмөр эгчид битгий хэлээрэй, Төмөр мастерт битгий хэлээрэй.Би зүгээр хугархай ч гэсэн гэлдрээд харьчихъя гээд хүнээр өргүүлээд явж байсан гээд.Тэгээд би дараа нь эргэж очоод загнаж байсан байхгүй юу.Чи яахаараа тэгдэг юм гэсэн.Яах юм, олон хүүхнүүд дунд хөлөө хугалчихаад таньд хэлээд яах юм л гэж бодсон шүү гэж.Тэр үеийн улс тийм их сайхан санаатай байсан байхгүй юу.Тэгээд л яахав нэг хэд хоноод хөл нь ч гайгүй болсон.Тэгээд ирж ажлаа хийгээд, ганц хөлөөрөө хишгээд тэгээд ажлаа хийж байсан.Одоо бол тийм хүн байхгүй.Тэр талаар бол одоо ярих юм байхгүй.Тэгэхээр чинь тэр үедээ бас тухайн үеийн хүмүүжил, тэр улсын зан суртахуун.Би тэднууст бол ойлгогдож л байсан байгаа байхгүй юу.
Ариун-Ундрах -
Тэр эмэгтэйчүүдийг удирдах ажил гэхээр та өөрийнхөө ажлын хажуугаар хийнэ биз дээ тэ?
Төмөр -
Тийм.Эмэгтэйчүүдийнхээ зөвлөлийн ажлыг хийнэ.Зөвлөлийн ажил гэдэг чинь одоо нилээн ундарч байсан.Тэр үед чинь энэ орон гэр, одоо тэр л үр хүүхэд тэр бүх юман дээр хийгээрэй гээд ингэхэд за гээд л явж байсан.Тэгэхдээ бол надад тэрэнд мөнгө өгч байгаагүй.Одоо тийм зүгээр тусгай нэг дайвар тийм л нэг олон нийтийн л ажил юм даа.Тэрнийгээ бас хийгээд л явж байсан.
Ариун-Ундрах -
Тэгээд та өөрөө тэгэж ажиллахдаа дуртай байсан уу?
Төмөр -
Одоо дуртай ч гэж хэлэхгүй юм даа.Дургүй ч байхгүй.Заавал хий гээд л хийдэг.Тэгээд ингээд нөгөө олуулаа байж байгаад л за Төмөр эгчийг сонгоё гээд өнөөдүүл чинь өргөчихдөг байхгүй юу.Би хийхгүй ээ гээд орилоод байлтай нь биш.За яахав одоо хийхээс гээд ингээд явдаг.Тэгээд тэр хэдийгээ зохицуулаад тэрний нь орон гэрт юу болж байна.Энэний нь амьдралд юу болж байна.Энэ хүүхэд нь сургуульд орж байна уу? гээд л тэр л бүх юмыг зохицуулаад л.Өнөөдөр бүгдээрээ ажилдаа ирсэн байна уу? Хэд маань ирчихсэн байна? Нөгөөх маань алга байвал яагаад? Хүүхэд нь өвдөө юу? Өөрөө өвдөө юу? гээд л энэ бүгдийн төлөө гүйгээд л явж байсан.Тэгээд тэр зүтгэлээрээ ч манай хүүхнүүд надад аягүй их сайн байдаг.Одоо ч гэсэн ингээд л байж байхад чинь өө манай муу Төмөр эгч сайн уу? Тэтгэвэрт гарчихсан.Бие нь гайгүй юу? Хүн бүхэн тиймэрхүү сайхан сэтгэлээр хүлээж авдаг.Тэгээд би тэрэндээ баярладаг.Тэгээд одоо ингээд л харахад чинь бол манай оёдлын үйлдвэрийн ихэнхи хүүхнүүд бол Улаанбаатарын зах дээр бүгдээрээ өмд зарж байна.Тэр чинь тэр улсын л одоо биднуусын зааж сургасны л гавъяа байхгүй юу.Тэгээд л тэнд Улаанбаатарын өмдний тасаг гээд л харахад одоо эндээс явдаг юм даа.Манай энэ Чулуунбаатарын чинь авгайг хэн гэдэг билээ? Мандах, Александр, одоо энэ хойноос Пүрэвсүрэн гээд бүгдээрээ зах дээр зогссон.Одоо үр хүүхдээ тэжээгээд тийм сайхан мэргэжлийг тэд нарт олгож өгсөндөө биднуус бас бахархаж л байдаг юм.Тэгээд оёдол тэгэж зааж сурж тэднуус оёогүй бол өдийд өмд оёж явна гэж байхгүй ш дээ.Тэгээд тэр өмдийг чинь хойшоо урагш нь зардаг.Одоо бүх хүний амьдралыг юу яачихсан сайхан мэргэжилтэй болсондоо тэднуус бас баярлаж байдаг.Олон сайхан шавь нарыг юу яасан.Одоо Сайхантуяа гээд байна.Одоо оёдлын үйлдвэрт ажиллаж байна.Нөгөө Лхамсүрэн гээд байна.Эднуус чинь бүгд л биднуусын шавь нар.Ингээд л бүгдээрээ л оёдолчин болоод одоо бүгд цалин мөнгөө аваад үр хүүхдээ тэжээгээд ингээд явж байгаа.Тэгэхээр оёдлын мэргэжлийг бол сайн зааж, сайн сургасан.Тэр үедээ ажиллуулж байсан тэр бүх л дарга нарын гавъяа тэ? Ганц биднуусын зүтгэл биш.Тэгээд сэтгэл нийлж ажиллаж байсан хамт олонтойгоо л их дуртай байдаг аа Төмөр эгч нь, тийм.Манай хамт олон бол хэдийд ч хаана ч явж байсан л хөөх өнөө муу Төмөр эгч маань явж байна.Хөөе нааш ир гэх жишээний л тийм сайхан юутай.Одоо энд ирээд удлаа.Одоо нас нилээн ахилаа.Тэгээд эднуусдаа баярлаад явж байдаг юм.
Ариун-Ундрах -
Тэгээд оёдлын мэргэжил эзэмшсэн хүн ямар ч хувцсыг оёж чадна гэсэн үг үү?
Төмөр -
Чадна, ямар ч хувцсыг оёж чадна.Тэр хүн өөрөө л оёдлоо оёод л сурсан байвал одоо ингээд л... Ер нь тэгээд ямарваа нэг юмыг аваад ингээд үзэхэд хужаагаас ирсэн оёдлын юу бол бас л биднуусын технологи юм нь адилхан.Тэгэхдээ эднуус бол сүүлийн үед хужаагын оёдлын юунууд бол ганц утас татахад л хөврөөд явчихна.Манай Монгол эмэгтэйчүүдийн оёсон юм бол тэгэхгүй ш дээ.Хичнээн сайн юу яасан ч л тэр ханзрахгүй.Тийм л юм хийж байгаа.
Ариун-Ундрах -
Одоо энэ ганц утас татаад байдаг нь хурдан хийхийн тулд тэгдэг юм болов уу? Яадаг юм бол?
Төмөр -
Одоо тэр л одоо үйлдвэрүүдийн л хийсэн одоо бас л нэг л юу байдаг байх л даа.Бранк юм уу тэгээд зүгээр л яахав дээ нэг тооны хойноос хөөцөлдсөн байхгүй юу.Олныг гаргах л тийм бодлого явагдсанаас л тэгэж хийсэн болов уу гэж боддог.
Ариун-Ундрах -
Чанартаа анхаарахгүй юу?
Төмөр -
Тийм чанартаа анхаарахгүй.Их олныг гаргаж л хурдан одоо их үнийн дүнг өсгөх л тийм зорилготой болов уу л гэж боддог.
Ариун-Ундрах -
Та нөгөө намын гишүүн байсан гэсэн үү?
Төмөр -
Тийм.
Ариун-Ундрах -
Тэр тухайгаа ярьж өгөөч?
Төмөр -
Би одоо анх 65-66 оны үед л хувьсгалт намын гишүүнд орсон юм даа.Тэгээд л нам чинь одоо тэр үед чинь аягүй хэцүү.Намын тэр одоо бүх л дүрмийг цээжилнэ.Тэгээд 2-3 хүний дагалданг хийнэ.Тэгээд сар дагалдаж байж намын гишүүн болно.Аа орлогч намын гишүүн болно.Аа тэгэж байгаад сарын хугацаанд нөгөө бүх юмаа амжуулаад, одоо норм төлөвлөгөөгөө биелүүлээд, тэгээд одоо бас алдаа дутагдалгүй ажиллаж байж сарын дараа одоо жинхэнэ гишүүн болно.Тэгээд тэр бүх шалгууруудыг давж байгаад л намын гишүүн болно.Намын гишүүн хүн чинь бол одоо тэр дотор байгаа ажилчиддаа үлгэртэй.Бас л тэднуусийгээ удирдсан, зохицуулсан тийм ажлыг хийж явдаг.Тэгээд одоо мань мэтийн тэр социализмын үеийн улс чинь бол нэг тийм одоо тэрийг тэгчих, энийг ингэчих гэж хийлгэх дуртай.Хүмүүс бол одоо өө энэ чинь хоцрогдсон юм гэж хэлэх дуртай.Ийм л ажилладаг юм даа.Тэгээд яахав намын гишүүнд ороод тэрнээсээ хойш намаас гараагүй ээ.Одоо МАХН-ын гишүүнээрээ яваад одоо дууслаа.Олон янзын, сүүлийн үед яахав одоо 2006 оноос хойш олон янзын л намууд гарч л байна.Гэхдээ тэднуус бол одоо хичнээн намын дүрэм юундаа захирагдсан ч гэлээ нэг л хэвийн намнууд шүү дээ.Аль нь ч адилхан.Ардчилсан нам ч адилхан, хувьсгалт нам ч адилхан.Тэгэхдээ бол ардчилсан намд, хувьсгалт намд бол алдаа оноо бий.Аа ардчилсан намд бол алдаа их байна.Тэр яагаад тэгэж ойлгогдоно уу гэхээр бол одоо юм бүгдийг их чөлөөтэй гээд тавьчихсан.Тэгэх дээр зэрэг чинь нөгөө залуучууд чинь юмыг ерөөсөө ойлгож боддоггүй.Биднуус л ёстой эрх дураараа, эрх чөлөөтэй, их мундаг улсууд гээд буруу тийшээ нөгөөхөө эргүүлээд явчихсан.Тэгээд ахмад настнаа хүндлэхгүй.Одоо мань мэтийн үгэнд орохгүй.Аа мань мэтийн үед чинь бол одоо ингээд Тунгаа манай хажуугын айлын өвгөн байлаа гэхэд айна ш дээ.Хөө манай айлын өвөө явж байна.Одоо ээжид хэлчихвий, аавд хэлчихвий, буруу юм хийчихвий гээд ёстой үнэн айна ш дээ.Тэгээд одоо бол тийм юм байхгүй.Ерөөсөө нэг л чөлөөтэй.Өө яаж ч байсан эднууст ямар хамаатай юу гэсэн байдалтай л байгаа.
Ариун-Ундрах -
Аа тэр нэг өвгөн явж байна.
Төмөр -
Тийм.Өө нөгөө Төмөр гуай л явж байна.Ингээд л явж байдаг юм гэсэн тийм л бодолтой байхгүй юу.Тэгэх дээр зэрэг тэгээд Монголд чинь одоо ерөөсөө хэв жаяг, хэв журам одоо ёстой их байсан үе шүү дээ.Яагаад гэх юм бол мань мэтийн үед чинь ээж аавынхаа үгэнд орно.Ах дүү нарынхаа үгэнд орно.Аа хүний үгнээс гарахгүй.Одоо чи өнөөдөр тэгээрэй л гэсэн бол за л гэнэ.Тэрнийг тэгэж зөрчихгүй.За чи тэрэнтэй суугаарай л гэвэл за л гэнэ.Тэгээд яахав заавал албаар суулгахгүй ч гэсэн дээр үед одоо ёстой социализмын үеийн урдхан бол манай ээж энэ тэрийг чинь ингээд нүдийг нь боогоод айлд аваачаад өгч байсан гэж байгаа ш дээ.Монголын одоо номон дээр ч байгаа.Тэгэхэд бол биднуус тийм үед бас арай төрөөгүй л дээ.Тэгээд өөрснийхөө л сэтгэл санаагаар тэгээд тэрэнтэй суугаад, энэнтэй суугаад өөрийнхөө санаагаар сууж байсан.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр социализмын үед намын гишүүн байх нь ер нь нэр хүндтэй асуудал уу?
Төмөр -
Нэр хүндтэй.Аа тэр үед намын гишүүнд орсон хүн бол одоо өө энэ чинь намын гишүүн, одоо өөрөөр хэлбэл өө энэ чинь манай намын гишүүн тэгэхгүй гэсэн одоо утгаар л бодох юм даа.Өөрөөр хэлбэл одоо энэ намын гишүүн одоо нөгөө намынхаа дүрэмд захирагдаад орчихсон болох дээр тэрийгээ дүрмээ биелүүлдэг ийм хүн тэрэнд тийм ажил хийхгүй л гэсэн тийм сонголттой байгаа.Тийм өөр бол тэр нэг их онцын сонголт байхгүй ээ.Ерөөсөө хийвэл хийнэ, адилхан хийнэ.Авбал адилхан цалин авна.Тийм намын гишүүн гээд илүү цалин авахгүй байлаа.Аа тэгэхдээ намын гишүүн хүн бол одоо ухуулга яриа тэгээд л айл хунараар явж яриа хөөрөө хийнэ ш дээ.Намын ухуулга гээд л 7 хоногт 2 юм уу 3 удаа явна.Тэгээд л тэрэнд чинь ариун цэвэр, одоо л энэ хог новш, одоо л юу л тэр үедээ хэлэгдсэн бүх л юмнуудыг намынхаар юугаар тарааж явдаг тийм л хүн байсан байхгүй юу.Одоо нэг суртал ухуулгын ажил л гэсэн үг шүү дээ.Өөрөөр хэлбэл одоо нэг намын ухуулагч л гэсэн үг юм уу даа.Тийм тийм ажлуудаа бол хийж явдаг байсан.
Ариун-Ундрах -
Таныг бага байхад танайх малаа нийгэмчилсэн гэж ярьсан уу?
Төмөр -
Тийм манайх 2 удаа нийгэмчилсэн.Анх эхлээд одоо би сайн мэдэхгүй байна аа.Манайх одоо энэ Эрдэнэ сумын нутаг Аргастай гэдэг газар байсан.Тэгээд тэндээс чинь манайх одоо 5 азарга адуу тэгээд л туугаад л өдрөөр нь ингээд л нөгөө сумын одоо дарга нар гэж байдаг.Тэднуусыг л төчнөөн малыг тэгнэ гээд аваад явж байсан.Аа сүүлийх нь бол манай аав энэ Баянзүрх нэгдэлд байхдаа өөрөө тууж аваачиж нийгэмчилсэн.Тийм, одоо Эрдэнэ сумандаа өгье дөө.Одоо тэртээ тэргүй нэгдэл болоод дууслаа.Нэг их олон малаар ч яахав гээд нэгдэлд ороод малаа нийгэмчилж байсан.
Ариун-Ундрах -
Тэр үеийн тэр нэгдэлжих хөдөлгөөн гэдэг нь яг ямархуу зүйл байсан юм бол?
Төмөр -
Одоо өөрөөр хэлбэл тэр нэгдэлжих хөдөлгөөн гэдэг нь одоо нийгэмчүүлэх л гэсэн утгатай юм уу даа.Одоо ганц нэгээрээ ажиллуулахгүй.Нийтээр нь ажиллуулж байгаад л одоо өөрөөр хэлбэл мал хөрөнгийг нь улсын юунд тушааж авах л тийм.Тэгээд нийгэмчилнэ гэдэг чинь одоо мал махаа тушаана, арьс ширээ тушаана.Тэгээд тэднуусыг чинь тухайн үеийн зохицсон үнээр авдаг тийм л үе байсан даа.
Ариун-Ундрах -
За тэгээд таны хамгийн гол бахархдаг зүйл юу вэ?
Төмөр -
Би бол одоо хамт олонтойгоо, найз нөхөдтэйгээ найзархаг, хүнтэй эвтэй тустай явахыг л их бахархаж явдаг даа.Хэн ч гэсэн дээр доор үзэлгүйгээр, хэнтэй ч гэсэн нэг аятайхан харьцаад, хэнтэй ч гэсэн найзлаад явах тийм л бодолтой явдаг хүн дээ.
Ариун-Ундрах -
Аа бас эсрэгээр нь таны жигшдэг зүйл юу вэ?
Төмөр -
Одоо архи уусан хүнийг л их жигшэнэ дээ.Одоо тэрийг л одоо яагаад ч юм мэдэхгүй.Нэг архи уугаад ингээд хээр гудаманд... Би ерөөсөө чамд нэг сонин түүх ярья.Би энэ гэр бүлийнхээ хүнтэй суугаад ерөөсөө Улаанбаатар орж үзээгүй байхгүй юу.Тэгээд нэг цалингаа авчихаад бид хоёр нөгөө Улаанбаатар ордог юм аа.Одоо Улаанбаатарын зах гэхэд чинь одоо ийм сайхан зах байгаагүй ш дээ.Зүгээр одоо тэр нэг юуны тэнд нэг ийм шавар намган дотор нэг 2 цагаан байшин л байдаг байсан байхгүй юу.Одоо бид хоёр нилээн дээр үед дээ.Нарантуяа гараад ер нь анхныхаа хүүхдийг гаргачихаад нэг хэдхээн л хонож байсан байх.Тэгээд л хоёулаа сайхан хувцаслаад л ингээд явдаг юм аа.Тэгээд захаар ороод л яваад л ингээд байж байсан чинь, захын тэр нэг дөнгөж ингэж ороод л ингээд байсан чинь нэг ийм хог дээр 2 эмэгтэй хүн шал согтуу хамаг хувцсаа тайлчихсан, ингээд бөөлжчихсөн.Үгүй ээ ёстой хараад ёстой ой гутсан.Үгүй ээ энэ чинь эм хүн шүү дээ.Ядаж энэ чинь үр хүүхдээ төрүүлчихсэн эмэгтэй хүн яагаад ингэж байдаг юм бол доо.Тэгсэн талийгч над руу ингэж харснаа манай хүн их шооч л доо.Чи яагаад байна? гээд тэгнэ.Би бас нэрэлхээд эрэгтэй хүнд ярихгүй байгаа байхгүй юу.Яагаа ч үгүй ээ гээд.Тэгээд би ажил дээрээ ирээд найзууддаа ярьж байгаа юм.Найз минь ээ, би ёстой нэг юманд аягүй муухай эмзэглэлээ гээд тэгсэн.Яасан? яасан? гээд л манайхан нөгөө хүүхнүүд юм болохоор тэгэхгүй юу.Тэгсэн нэг хоёр сайхан эмэгтэй юм аа.Тэгэхдээ надыг бодвол арай хөгшивтөр юм.Шал согтуу хамаг юмаа гаргаад л тэр хачин муухай байнаа гээд тэгсэн.Хэ тэр чинь юу ч биш.Ийм юм зөндөө байдаг.Манай хэд тэгдэг байхгүй юу.Тэгээд би тэрнээс хойш ер нь энэ ээ дээ архи уусан эмэгтэй хүн, архи уусан эрэгтэй хүн хоёр одоо мөн хэцүү юм даа гэж их жигшдэг.Болж өгвөл одоо уулгүй яахав, идэлгүй яахав тийм ээ? Тэгэхдээ хүн чинь би чинь эх хүн шүү дээ гэдэг л одоо Монгол хүн ч гэсэн тэрийг л ухаарч бодох л тийм сайхан сэтгэхүйтэй байгаасай л гэж боддог.Тэр хүн чинь яахав тэр хүнийг чинь эх нь төрүүлээд гаргачихлаа.За яахав өөрөө хүн болоод сайхан нийгэмд ажил хийгээд явж байлаа тийм ээ? Тэгээд ингээд бодоход чинь надаас үр хүүхэд гарна.Энийгээ би одоо яахав нэг их баян тарган байхгүй ч гэлээ гэсэн өөрийнхөө тэрүүхэн үедээ л өөрийгөө аваад явах чадалтай байгаасай даа л гэж боддог.Зөв үү? Ингэж л боддог доо.
Ариун-Ундрах -
Аа тэр 2 цагаан байшинтай зах гэдэг чинь нөгөө ардчиллын эхэн үед л байсан Дэнжийн 1000-ын зах мөн үү? Өөр үү?
Төмөр -
Өөр ш дээ.Яагаав бүүр дээр үед нэг Дэнжийн 1000-ын захын энүүхэн тал руу нэг.... Одоо байхгүй ээ, тэрэнд одоо юу ч байхгүй байгаа байх.Зүгээр нэг ийм 2-3 цагаан байшинтай нэг зах гээд нэг юм байсан юм аа.Одоо тэр бол бүр устаад үгүй болсон.
Ариун-Ундрах -
Тэр тэгээд яг аль үеэр юм? Аль үеийн зах юм?
Төмөр -
Одоо ёстой социализмын үеийнх л байх.
Ариун-Ундрах -
Аан социализмын үед тийм зах байсан гэж үү?
Төмөр -
Тийм.
Ариун-Ундрах -
Аа тэгээд бас тийм согтуу хүн байх уу?
Төмөр -
Өө тийм.Согтуу.Тэрэн дээр чинь архи дарс уусан тийм улс байсан байхгүй юу.Би ер нь тэгээд Улаанбаатар орж үзэж байгаа нь л тэр.Ерөөсөө хот орж үзээгүй байхгүй юу.Тэгээд л нэг сайхан юм үзээд ирлээ гээд зах руу орсон.Тэгээд би тэрнээс бас зах гэхээр их дургүй байдаг байхгүй юу.Тэгээд одоо харин сүүлдээ болвол энэ сайхан сайхан захнууд, одоо энэ Нарантуулын захнуудыг хараад байхад бас сайхан.Гэхдээ бол энэ дотор бас тийм юм байна.
Ариун-Ундрах -
Байна л даа.
Төмөр -
Тийм хулгай зэлгий ч байна.Муухай сайхан ч юм байна.Гэхдээ одоо би боддог юм.Олон эмэгтэйчүүдтэй ажиллаж байсан даа тэгдэг юм уу би хүүхнүүдээ аягүй их захьдаг.Манай хүүхнүүд бол харин ёстой надтай тааралдахдаа бол хувцас хунараа сайхан угаачихсан.Манай Төмөр эгч ингэж захьдаг юм шүү гэсэн тийм сэтгэхүйгээр явдаг ш дээ.Эмэгтэй хүн хувцас хунараа яахав муу байж болно.Тэрийгээ сайхан угаагаад л хиргүй байвал болоо.Өөр юм хэрэггүй ш дээ.Тэрийгээ угааж байгаад л тэгээд л явж байх юм бол тэр хүн сайхан харагдана тэ? Тэгэж яваа л гэж би их захьдаг даа.
Ариун-Ундрах -
Та тэгэхээр энэ ардчиллын үер юу хийж байсан бэ?
Төмөр -
Ардчиллын үер Төмөр эгч нь бас л нөгөө хувьсгалт намынхаа гишүүн болоол л энүүгээр энэ тэнүүгээр жижүүр хийгээд л явж байсан.Ардчилал гараад ирэхийн үед.Ардчиллыг бол би тухайн үед би дэмжиж байсан.Зөв талтай ч юм байна, буруу талтай ч юм байна.Зөв юмыг нь бол дэмжинэ, буруу талыг нь дэмжихгүй.Сайн талтай юм бол байна, муу талтай юм бас байна тэ?
Ариун-Ундрах -
Та тэгэхээр энэ 2 нийгмийн нүүр үзсэн хүний хувьд одоо социалист нийгэм, ардчилсан нийгэмд хоёрыг харьцуулаад яривал юу ярих вэ?
Төмөр -
Харьцуулаад ярих юм бол ардчиллыг юу яаж үед бол МАХН-ын бодлого, ардчиллын намын бодлого 2 бол ёстой дүндээ л дүн.Аа тэгэхдээ хувьсгалт намын бодлогыг бол зөв тийш нь эргүүлэх юм бол зөв, буруу тийш нь эргүүлэх юм бол буруу бодлого бас байна.Тэгээд аль алиныг нь зохицуулж байгаад л дундаас нь энэ сайхан гарч байгаа лидер энэ залуучууд бол бас зөв болохгүй байна.Тэрний толгойд гарсан залуучуудын толгой бас буруу тийшээ ажиллаад байна.Тийм учраас энэ манай Монголыг одоо сайхан ирээд одоо Чингисийн Монгол болгоод хөгжүүлж чадахгүй байна.Тийм учраас л одоо зөв хүн нь гарч, зөв сайхан явуулаасай л гэж их залбирах юм даа.Монгол бол Монголоороо л байвал одоо болоо.Монгол хүн бол Монголоороо Монгол заншлаа дээдлээд, ээж аавынхаа өгсөн энэ сайхан Монгол нутагтаа бол одоо байж л байвал сайхан байна.Надад бас нэг жигшдэг юм байна.Тийм тэр Монгол хүнийг шатаахыг их дургүй.
Ариун-Ундрах -
Шатаах аа?
Төмөр -
Тийм.
Ариун-Ундрах -
Чандарлах уу?
Төмөр -
Чандарлах.Тэрэнд бол би үнэн дургүй.Зүгээр би боддог юм.Монгол хүн бол Монгол газар нутаг дээрээ л байна.Салхинд хийсээд явж байсан ч Монголын нутаг энэ сайхан оронд байгаа хүн чинь тэрийг тэгэж шатаахын хэрэг байхгүй дээ л гэж боддог.Өөрснийхөө газарт яахав бү ядраад юм олдохгүй бол нүх ухаад л булчихна биз.Хаана нь ч яадаг юм.Тийм би тэгэж л бодож явдаг.Тэгээд би бас хүүхдүүддээ захидаг.За миний хүүхдүүд ээж нь хэзээ ч яахав дээ тэр бурхан болох нь зайлшгүй юм чинь.Тэгэхээр тануус намайг битгий яагаарай.Их ядруу явах юм бол, чадахгүй бол нэг юунд очоод зөндөө энэ юу газрууд байгаа.Нилээн юу хавьцаа хаана тавих нь уу тэнд нь аваачаад нүх ухаад булчихаарай гээд.Энэ ээж их хачин юм ярина хэ хэ хэ хэ.Үгүй нээрэн зөв биз дээ?
Ариун-Ундрах -
Тэр ардчилал анх гарч байхад та ардчилал юу юу авчирна гэж бодсон бэ?
Төмөр -
Ардчиллыг анх эхлээд гарч байхад бол би их бодож байсан.За ардчилал ингэж гараад их л юмыг зөв тийш нь эргүүлээд зөв сайхан болгоно доо гэж бодож байсан.Тэгэхэд бол дандаа буруу тийшээ эргүүлээд л.1-рт одоо хамгийн сайхан өв хөрөнгө, тэр дээр үед байсан... одоо 7 сарын 1-ны юман дээр эцэг өвгөдийн тэр сайхан юмыг устгадаг бол маш их буруу.Тэр бол эргээд Монголд олдохгүй ш дээ.Түүхэн үеийнхээ тэр сайхан юмнуудыг тэгэж устгаж хүн алж байхынхаа оронд хоорондоо сайхан зохицоод танай тэр чинь буруу байна шүү, манай энэ чинь зөв байна шүү гэж 2 нам зөвших хэрэгтэй байсан байхгүй юу.Одоо яахав зөвшиж байна гээд хоорондоо түдгэлзээд нэг юм байцгааж л байна л даа.Тэгээд ер нь Монгол төрийн толгойд олон хүний хэрэг алга.Зүгээр нэг ерөнхийлөгчийн засаглалтай л байвал болж байна даа л гэж боддог.Тэгэхэд тэгдэг ч юм уу үгүй ч юм уу бүү мэд.Тэгээд л одоо энэ тэтгэвэр групп, одоо энэ халамжийн тэтгэвэр гээд энэ бол 1-рт би бас зарим нь зөв юм гэдэг юм, зарим нь буруу юм гэж боддог.Биднуус бол 25-30 жил зүтгэж байгаад тэтгэвэр авсан.Зарим хүн бол гэртээ сууж байгаад тэтгэвэр авсан шүү дээ.Халамжийн тэтгэвэр гээд одоо бас 50000-60000 цаасны тэтгэвэр авч байгаа.Тэгэхэд чинь биднуус хүүхдээ тэврээд ажлаа хийж яваад улсад ажиллачихсан байгаа юм.Огт ажил хийгээгүй тийм хүн халамжийн тэтгэвэр авч байгаа.Тэгээд энэ хоёрын хооронд бас ялгаа байна л даа.Тэгээд энэ төр өөрснөө тэрийгээ юу гэж залруулдаг юм, юу гэж боддог юм.Их өндөр цалинтай, их дээд зэргийн энэ одоо томчуул бол биднуусыг 80000 цаасаао амьдарч байна гэж үнэндээ мэдэж байна уу? Үгүй юу? Нээрээ тэгээд мэддэггүй байх гэж боддог.Өөрснийг нь 80000 цаасаар амьдар аа.Май гээд ингээд 80000 цаасны тэтгэвэр өгөөд амьдруулах юм бол чадах болов уу? Тэгэх дээр зэрэг чинь л одоо Монгол хүний ур ухаан, тэр нэг үр хүүхдээ тэжээж байгаа энэ эцэг эх улсуудаа бол одоо биднуус бол хичнээн жил амьдрах юм.Нэг л өдөр явна ш дээ.Энийгээ сайхан тэтгэж үр хойчдоо сайхан одоо элбэрэлж яваасай л гэж бодох юм.Өөр юм бол боддоггүй ээ.Аль ч гарсан адилхан гэж боддог.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр ардчиллын үеэр таны амьдрал ямархуу байсан бэ?
Төмөр -
Ардчилал одоо энэ нийгэмд ороход за яахав ээ нэг их сайнгүй, нэг их муугүй.Дунд зэргийн л байсан.Яахав тэгэхдээ бол харин ядуу байсан.Яагаад гэвэл манай гэр бүлийн хүн нас барчихсан.Би хэдэн өнчин хүүхэдтэйгээ амьдрах гээд л ажил хийгээд л, тэнд ч нэг юм хийгээд л.Өнөө хэдэн хүүхдүүд нь ажилгүй ээ, сургуульгүй ээ.Ийм байсан.Тэгэхдээ бол би дэн дунтай л за энэ ч, тэр ч юмны үнэ нэмэгдээд л, энэ ч юм болохоо байгаад ирэх дээр зэрэг л уйлж дуулж байгаад цугааранг нь ажилтай нь ажилтай юмтай болгоод тэгээд бүгдээрээ яахав ээ нэг дундын л амьдралтай.Нэг их сайха биш.Олон хүүхэдтэй биднуус бол зүгээр нэг жирийн л нэг амьдралтай.Ажил хийгээд байвал яахав талхныхаа мөнгийг олно.Ажилгүй бол тэгээд л хоосон.Иймэрхүү л байдалтай байна.
Ариун-Ундрах -
Тэр засгийн газрын 20-р тогтоолын тухай та ярьж өгөөч?
Төмөр -
Тэр засгийн газрын 20-р тогтоолыг би бүр гайхдаг юм.Биднуус чинь одоо тэр үед чинь нөгөө хувьсгалт намын гишүүн гээд л ингээд ажил хийгээд бүгдээрээ би гэхэд энэ үйлдвэрт нярав хийдэг байсан юм.Тэгсэн чинь нэг өдөр л биднуусыг чинь дуудаад хөөе Тунгалаг, хөөе Төмөр.За чи олон хүүхэдтэй юм байна.20 жилээс дээш ажилласан 22 жилтэй.Гар гээд л өнөө ажлыг минь шууд өгүүлээд л биднуусыг маргааш нь ажлаас халчихсан.Тэгээд биднуус халагдаад яваад л маргааш нь эргээд яахав ийх вэ болсон.Хэдэн өдрийн дараа тэтгэврийн эмгэн болсон.Тэгэхэд би залуухан байсан.Тэгээд одоо яахав гарахгүй гээд.Тэгээд л яахав 22 жилтэйгээ тэтгэврээ тогтоолгоод нэг 40000 хэдэн цаас аваад тэгээд тэтгэвэрт гарсан.Тэгээд тэр нь нэмэгдэж байгаад 81000 цаас болно.Олон хүн тэгэж гарсан даа.Ганц би ч биш.Уурхайд 30-н хэдхэн настай хүүхэн 10 жилтэй гээд тэтгэвэр авлаа гээд тас тас инээгээд явж байсан.Ёстой одоо яана аа? гээд.Тэр л их буруу юм гарсан байхгүй юу.Яагаад тэгэж тогтоол гарсныг бол одоо болтол мэддэггүй юм.
Ариун-Ундрах -
Тэр тогтоол нь яг ямар утгатай тогтоол гэж байсан бэ?
Төмөр -
Тэр улсад одоо олон хүүхэдтэй эхчүүд 20 жилтэй л бол тэтгэвэрт гарга гээд тэгсэн л тогтоол байсан даа.Тэгээд л гаргачихсан биднуусыг.
Ариун-Ундрах -
Яагаад тэгсэн юм бол оо?
Төмөр -
Одоо ёстой мэдэхгүй.Тэр үе нь одоо тэгэж л таарах байсан юм уу? Яасан юм.Одоо ёстой мэдэхгүй.Тэр тогтоол одоо явсаар л байгаа.Улсууд гараад л үглээд л, дуулаад л явж байгаа.
Ариун-Ундрах -
Өө бас одоо хүртэл үү?
Төмөр -
Тийм одоо хүртэл явж байгаа.
Ариун-Ундрах -
Олон хүүхэдтэй л бол гарах юм уу?
Төмөр -
Тийм олон хүүхэдтэй л бол гарна.Тэтгэвэрт гар гээд л гаргачихна.Тэгээд л тэр улс чинь яахав олон хүүхэдтэй сайхан.Тэтгэвэрт гарах нь сайхан.Тэгээд л өөр юм хийхгүй бол нөгөө мөнгөний одоо ханш уначихсан.Одоо бол тэр үеийн мөнгөний ханш одоо тэр үеийн мөнгөний ханш хоёр бол шал өөр ш дээ.Одоо тэтгэвэрт гарч байгаа улсууд бол шал өөр.Тэр үед биднуустай гарсан улсууд бол бас нэг өөр.Тэгэх дээр зэрэг чинь адилхан оёдол хийж байгаа улсууд чинь ижил л байвал болоо биз дээ.Тэгэхэд чинь нэг нь их жоохон, нэг нь их өндөр.Ийм л харьцангуй байгаа байхгүй юу.Энийг тэгшитгээд өгөөч ээ гээд л одоо энэ дээр дооргүй ингээд ярих дээр зэрэг чинь дээд талынхаа тэтгэврийг нэмэхээ биш доод талын тэтгэвэр дээр анхаарал тавихгүй байгаа байхгүй юу.Ямар сайндаа би бодоод байгаа юм.80000 цаасаар энэ засгийн газарт ажиллаж байгаа энэ улсуудыг нэг өдөр ажиллуулаад үзэх юмсан.Тэгвэл яах уу? гээд.Эднуус чинь бол 20000-30000 цаасны цалинтай гэнэ.Тэгсэн хирнээ хүрэхгүй байна гээд байгаа ш дээ.Харин тийм.Тэгэхээр л би сонин юм гэж бодоод байгаа юм.Багш нар нэг хэсэг өө жагсаал хийгээд л эднуус чинь миний цалин хүрэхгүй байна, хүрэхгүй байна гээд байсан.Одоо овоо жаахан нэмүүлж авсан.Одоо чимээгүй болж байна.Тэгэхэд бол биднуус нэг л удаа хэлснээс биш тэр болгон жагсаал хийж яваагүй болохоор биднуусын цалин бас тэр болгон нэмэгдэхгүй л байгаа.
Ариун-Ундрах -
За ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Төмөр -
За.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.