Dashdamba
![](../assets/images/interviewees/990283.jpg)
Basic information
Interviewee ID: 990283
Name: Dashdamba
Parent's name: Tseden
Ovog: Nachin
Sex: m
Year of Birth: 1935
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education: Party Institute
Work: retired
Belief: none
Born in: Zaamar sum, Töv aimag
Lives in: Dashinchilen sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
collectivization
herding / livestock
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За өнөөдөр бид нар Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт Дашдамба гэдэг гэж ийм бууралтай уулзахаар ярилцлагаа эхэлж байнаа. Өнөөдөр 7 сарын 20-ны өдөр За хоёулаа яриагаа эхлэх үү?
Дашдамба -
Тэгье.
Хишигсүрэн -
За. Манай судалгаанд ярилцлага өгөхөөр зөвшөөрсөн таньд талархаж байна. Та нэг өөрийгөө танилцуулаач?
Дашдамба -
За тэгье. За би 1935 онд Төв аймгийн Заамар суманд төрсөн. Тэндээсээ ээжийнхээ тэр суманд .........\1:04-1:16\Тэр үед бага сургууль гэж байлаа. Бага сургууль төгсөөд тэндээсээ.... өөрөөр хэлбэл одоо 72-ын буудал гээд одоо бол Баянчандман суманд тэнд очиж 7-р анги төгсгөж байлаа. Надтай хамт төгссөн улс бол одоо миний найз одоо Улаанбаатарт байж байгаа хүн бол Ч. Дашдэмбэрэл гэж төв аймгийн дарга байсан. Аймгийн намын хорооны дарга байсан. Очирбат даргын тамгын газрын дарга байсан. Цагаан буурал бий. Түгжил гэж бас миний найз статискийн тооцоолон бодохын дарга. Ийм мэтийн хүмүүстэй хамт төгсөж байлаа. Тэр үед яах вэ хувийн аж ахуйтай. 7-р анги төгсөөд Төв аймгийн 10-жилийн хуваарьтай байсан боловч манай өвөө хувийн аж ахуйтай аягүй их малтай. Тэгээд одоо сургуульд явуулах сонирхол бага байсан юм байгаа биз. Улаанбаатар луу надаар мал туулгаад мал гэдэг нь борлуулах мал туулгаад явуулчихдаг юм байнаа. Тэгээд 10 жилд орж чадалгүй баахан хэсэг сургууль завсардаг юм. Дээр үед чинь яахав. 7 төгссөн хүн гэдэг бол хөдөө орон нутагтаа боловсролтой хүнд тооцогдож байлаа.
Хишигсүрэн -
Бага ангийн багш хийж болно.
Дашдамба -
Багш магш янз янзын юм хийнэ л дээ. Тэр үедээ сумын эвлэлийн хорооны дарга марга багийн ахлах ухуулгач мухуулгач хийгээд тиймэрхүү байдлаар алба хашиж байлаа. Тухайн үед нэгдэл байгуулж байхад би бас оролцож Өндөр-Ширээт сумаас наашаагаа Дашинчилэн сумын Баян-овоо бригадад ирж байлаа.
Хишигсүрэн -
Уучлаарай хоёулаа ингээд яриагаа таслаад,Ерөөсөө та нэгдэл байгууллагдаж байхад гар бие оролцсон хүн байна ш дээ?
Дашдамба -
Тийм.
Хишигсүрэн -
Тэгэхээр манай ярилцлаганд нэгдэл байгууллагдаж байгаа талаар бүүр сайхан дэлгэрүүлээд ярих тийм бас сэдэв бий. Тэгэхээр та нэгдэл хэрхэн яаж байгуулагдав. Таны ажиллаж байсан газруудад улсууд яаж хүлээж авав гээд өөрийнхөө мэдэж байгаа юмыг ярьж өгөөч?
Дашдамба -
За. Тэгэхээр би “Энх хөгжил” нэгдлийг байгууллахад оролцсон. Арван хэдтэй хүүхэд байлаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Тэр нэгдэл маань Төв аймгийн...\4:00-4:04\ суманд уулын өвөрт байгууллагдаж байсан юм. Тэндээсээ наашаа нүүгээд Баян-Нуур суманд одоо байж байгаа энд “Энх хөгжил” нэртэйгээр энд шилжиж ирсэн.
Хишигсүрэн -
Аа ха. Нэгдлийн нэрийг яаж өгдөг байсан бэ? ер нь яаж хуваариллаж хичнээн нэгдэл байгуулъя. Энэ суманд түшиглэе. Гэдэг ч юмуу тиймээ?
Дашдамба -
Тухайн үедээ шийдсэн байх л даа. Би түүнийг сайн мэдэхгүй. “Энх хөгжил” гэдэг чинь тийм л нэртэй байгууллагдаж байсан юм. 54 онд шүү дээ. 52, 54 оноос эхэлж нэгдэл байгууллагдсан юм ш дээ. Ардын аж ахуйтны малыг одоо хувьчлаад би чинь тэр үед бас гайгуу хэдэн малтай. Малаа хувьчлачихаад шууд тэнд нэгдэлд ороод, тэгээд тэнд нэгдлийн албан хаагч болоод “Энх хөгжил” нэгдлийн орлогч дарга болоод арван хэдэн настай байхдаа, энд Баян-Нуур суманд байж байгаад нэгдэл маань “Баян-Нуур “ гэдэг нэгдэл болчихлоо. Баян-Нуур сум байгууллагдаад сумынхаа..... тэр үеэс миний ажил хөдөлмөрийн гараа эхэлсэн юмаа. Нэгдэл гэдэг маань их сайхан аж ахуй байлаа л даа. Хүн бүхэн нэгдэлд орохыг хүсдэг. Нэгдэлд ажилгүй хүн гэж байхгүй. Хамгийн онцлог нь юухан ч гэсэн хийж байдаг. Хийсэн ажлынхаа хөдөлмөрийн хөлсөөр амьдарч байдаг. Ийм л сайхан юу байсан даа.
Хишигсүрэн -
Аа ха. Хоёулаа жаахан азнаад энэ дээр жаахан тогтож ярилцъя. Одоо жишээ нь тухайн үеийн сум чинь 10 юмуу 7, 8 багтай байсан гэж байгаа тиймээ? Нэг сум гэхэд...
Дашдамба -
Тийм.
Хишигсүрэн -
Тэгээд тэр сумын нэг баг одоо, зарим суманд хоёр нэгдэл байгууллагдаад дахиад хоёр нэг жил болоод том нэгдэл нэг сум гэсэн зохион байгуулалтанд орсон гэж байгаа. Таны саяны ярианд нэгдэлд улсууд орох дуртай байсан гээд ярилаа ш дээ.
Дашдамба -
Аа ха.
Хишигсүрэн -
Тэр нь одоо ямар шалтгаанаар дуртай байсан юм бол? Зарим тохиолдолд улсууд аягүй дургүйцэж байсан малаа өгөхөөсөө...
Дашдамба -
Аа тийм.
Хишигсүрэн -
Яаж нэгдэлд орохыг улсуудад сурталчилдаг байсан?
Дашдамба -
Тухайн үед нам төрөөс ийм бодлого барисан юм байна л даа. Хувийн аж ахуйтныг нэгдэлжих хөдөлгөөнд оруулах...
Хишигсүрэн -
Бүх хүн ардын аж ахуйтан байсан тиймээ?
Дашдамба -
Бүх хүн.
Хишигсүрэн -
Малтай хүн болгоныг элсүүлэх үү?
Дашдамба -
Тийм малтай хүн болгоныг. Зарим нэг нь дуртай. 1-рт нам төрөөс зохион байгуулж байгаа ажлыг дэмжиж их хүлцэнгүй ард түмэн байсан шүү дээ. За нэг хэсэг нь асар их малтай ч байдаг юмуу. Албан татварт баригдаад...
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Албан татвараа дийлэхгүй. Тийм үе байгаа шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Түүнээс болоод малаа шууд нэгдэлд өгчихөөд Улаанбаатар явж байсан улс ч бий. Нэг хэсэг нь тийм байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
За нэг хэсэг нь бол малыг чинь дарж барьдаг л байсан байлгүй дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Тийм байдлаар бас их хэмжээний мал үлдээгээд шууд татгалзаад орохгүй хэдэн жил болсон улс ч бий.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Тийм хүн бий л дээ. Жишээлбэл Эрдэнэсантын манай Булган аймгийн Ширээтийн залгаа манай нэгдэлд орох ёстой байсан. Пунцагдорж гэдэг хүн нэг их олон адуутай. Талыг бүрхсэн тийм олон адуутай хүн байлаа. Тийм их малдаа хайртай. Малаа явган туугаад л адуугаа морьтой хэрнээ явган туугаад явдаг ийм их малдаа хайртай улс байсан. Тийм улс бол манай багт байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
10-аад жилийн хойно орж л байсан л даа. Иймэрхүү байдлаар улсууд зарим нь дуртай. Зарим нь дургүй байдлаар элсэж байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Нэгдэлд анх элсэхэд олон малтай хүн татвараас болоод өгч байсан гэсэн ш дээ.
Дашдамба -
Тийм.
Хишигсүрэн -
Тэгэхээр өмнө нь алба татвар гэдэг юм чинь малын гарах ашгаас үр шимээс авсан нэлээд хатуу татвар байсан гэж би ойлгосон ш дээ.
Дашдамба -
Тийм л байсан.
Хишигсүрэн -
Ерөөсөө ноосны төлөвлөгөө биелүүлэх боломжгүй. Мах сүү гээд л тиймээ?
Дашдамба -
Олон янзын юм байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Тэгэхээр энэ нь олон малтай хүнд хүнд тусаж байгаа. Татвараа гүйцээгээгүй. Биелүүлээгүй гэдэг шалтгаанаар ял аваад шоронд явж байсан тохиолдол таны мэдэх түүхэн байх уу?
Дашдамба -
Миний хувьд тийм худлаа хэлэх юм алга. Явж байсан гэсэн. Миний мэдэх тийм улс дотор мэдэхгүй.
Хишигсүрэн -
Ер нь нэгдэл анх байгууллагдаж байх үед хамгийн чинээлэг айл нь 1000 гаруй малтай тиймээ? Талыг бүрхсэн адуутай гээд ярьж байна ш дээ тиймээ? Тэгвэл хамгийн одоогийнхоор бол эмзэг улсууд нь ямар хэмжээний мал ахуйтай байсан юм?
Дашдамба -
Аж ахуйтай юу?
Хишигсүрэн -
Цөөнө малтай улс нь хэдэн малтай байх уу?
Дашдамба -
Яахав дээ. Олон хүүхэдтэй. Цөөнө тооны малтай өрх байлгүй яахав. Тэд нар бол хамгийн түрүүн элсэх дуртай.
Хишигсүрэн -
Аа ха. Ороод ажилтай болоод авчихна.
Дашдамба -
Хамгийн түрүүнд тэд нар л орж байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
50, 60 толгой малтай. 100 хүрэхгүй малтай улс байгаа л даа. Тэд чинь одоо, одоо ч гэсэн тийм юм байх шив дээ. Айлын хажууд одоо юу гэдэг юм бэ дээ. Зарц биш юм даа тэр чинь.
Хишигсүрэн -
Бараадаад?
Дашдамба -
Бараадаад явж байдаг. Тэр айлын мал хөрөнгө цай сүүгээр нь амьдралаа залгуулаад явж байдаг улсууд ч байж л байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Манайхны хотонд ч гэсэн тийм улс дээр үед байж л байсан.
Хишигсүрэн -
Тэр нэгдэлд элсэхэд одоо жишээ нь ах дүү айлууд байлаа гэж үзье л дээ. Нэг хэсэг нь элсье гээд нөгөө хэсэг нь за энэ удаа байж байя ч гэдэг юмуу...
Дашдамба -
Аа ха.
Хишигсүрэн -
Хүмүүсийн хооронд нэгдэлд элсэх асуудлаас болоод зөрчил, хувийн харилцаанд сэв суусан тийм ер нь жишээ байна уу? Та одоо санаж байна уу? Тийм юмыг?
Дашдамба -
Хоорондоо зөрчилдөж байсан уу?
Хишигсүрэн -
Хүмүүс хоорондоо хувь хүмүүс?
Дашдамба -
За сайн санахгүй байна даа. Тэр үед бага байсан болохоор...
Хишигсүрэн -
Аа ха. Та өөрөө ухуулга хийгээд нэгдэлд элсээч гээд явах уу?
Дашдамба -
Оо явалгүй яахав.
Хишигсүрэн -
За яаж зохион байгуулах уу? Хэдэн хүнийг цуглуулах уу? Айл айлаар явах уу?
Дашдамба -
Айл айлаар явна. Багиийн хурал гэж хийнэ шүү дээ. Баг гэж сайхан зохион байгууллалттай байлаа. Багийн хурал хийгээд хурал дээр нэгдэл гэж ийм ач холбогдолтой юм гарах гэж байнаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Энд одоо бүгдээрээ өмчөө нийлүүлж, хамтын аж ахуй үүсгэж хамтаар амьдарцгаая гэж ийм уриаг л одоо явуулж байсан л даа. Хамтаар амьдрах, хөдөлмөрөө хоршиж амьдрах нь үүнээс илүү сайхан амьдрал алга шүү нөхөдүүд гэж иймэрхүү ухуулга зөндөө хийж байлаа л даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Тэр үед зарим ч одоо яаж байсан юмуу. Ер нь дийлэнхдээ тэгээд орчихсон ш дээ. 54 он хамгийн сүүлд 59 он хүртэл яасан даа. 54, 55, 56 онд л орчихсон доо.
Хишигсүрэн -
3, 4 жил үргэлжилсэн байна ш дээ.
Дашдамба -
Гол улсууд нь нэгдэлд орчихсон ш дээ. Хамгийн сүүлд 59 онд ерөнхийдөө дууссан байхаа.
Хишигсүрэн -
Ер нь багийн хуралд айлын нөхрүүд оролцох уу? Эхнэр нөхөр хамаагүй холилдоод ороод ирэх үү?
Дашдамба -
За ер нь хамаагүй ээ. Голцуу нөхрүүд нь оролцоно доо.
Хишигсүрэн -
Сард нэг болдог байсан гэж байгаа ш дээ тиймээ? Яг хуралддаг байсан гэж байгаа тиймээ?
Дашдамба -
Тийм. Баг гэдэг айхтар зохион байгууллалттай. Багийн дарга үг хэллээ гэхэд айна шүү дээ. Хүндэтгэдэг. Багийн дарга үг хэлж байгаа бол. Зан байхгүй. Хүлцэнгүй ард түмэн байсан шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха. За яаж ийж байгаад улсууд 59 он гэхэд нэгдэлд элсээд дууссан гэж байна ш дээ. Нэгдэл байгууллагын хувьд яаж зохион байгууллагдаж байсан. Дотроо ямар хэсгүүдтэй байсан. малчдын ажил хөдөлмөр яаж хуваарилагдсан гээд?
Дашдамба -
Малчид суурь зохион байгууллалт хийнэ. Суурь зохион байгууллалт гэдэг чинь одоо нэг хүн одоо төллөх 600 хонь ямаатай байх жишээтэй. Дагнаад.
Хишигсүрэн -
Аа ха. Үхэрчин хоньчин адуучин гээд мэргэжил гарч ирж байгаа тиймээ?
Дашдамба -
Дагнаад явчихна шүү дээ. Үхэрчин гэхэд тусгай үхэрчин байгаа. 100 үнээ төллүүлнэ гэдэг ч юмуу. Адуучин гэхэд бас суурь адуутай. Хоёр гурван зуун адуу малладаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Тэмээчин гэхэд тусдаа. Тэмээчин тэр гээд иймэрхүү маягаар суурь зохион байгууллагдаж ажиллаж байсан байгаа юм.
Хишигсүрэн -
Тэр хоньчин үхэрчин тэмээчин адуучин гээд гараад ирэхээр ямаачин гэж ч байгаагүй байхаа.
Дашдамба -
Байгаагүй. Хоньтойгоо хамтдаа.
Хишигсүрэн -
Хамт тэгэхээр тэд нарын хөдөлмөрийн хөлс ч юмуу ялгаатай байх уу? Одоо жишээ нь хонь хариулах нь дээр гэж үзэх ч юмуу. Яаж хүмүүс хуваарилаж авч байсан бол? Оноогоод өгчихдөг байсан юмуу?
Дашдамба -
Нэгдэл цаана бригадын дарга гэж байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Баг чинь бригад болоод хуваагдчихаж байгаа.
Дашдамба -
Тийм. Тэгээд бригадын дарга гэж байсан. Тэр бригадын дарга
Хишигсүрэн -
Сум бол нэг бригад болоод малчин айлууд хоёр гурван бригад болоод нэг сум бүрддэг ш дээ. Тийм байсан уу?
Дашдамба -
Яахав дээ. Одоогийн баг юмаа. Нэг нэгдэл чинь гурав дээд тал нь нэг дөрвөн бригад багтай байлаа. Тэнд чинь тоо бүртгэгч гээд тооцоогийн бодчихдог. Малын эмч нь малын үзчихдэг. Акт мактыг малын эмч өгнө шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Акт авч зарлагаа хаана.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Үхсэн малаа үзүүлнэ.
Хишигсүрэн -
Дээр үеийн малын эмч эрх мэдэлтэй хүн тиймээ?
Дашдамба -
Тоо бүртгэгч гээд хүн тооцоогийн бодчихдог. Иймэрхүү хэмжээний байсан даа. Тэгээд хөлсний хувьд юу л даа. Тогтоогдсон тариф байж байгаа. 600 хонь хариулахад сард төчнөөн төгрөгний хөлстэй.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Төлөө 85% 90% бойжуулах юм бол төдийг авна. Түүнээс доош бойжуулах юм бол төд. 100% бойжуулах юм бол өшөө өндөр хөлстэй.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Иймэрхүү тарифтай байж байгаа. За ноолуур өгөхөд чинь Ноолуурын 1-р зэрэг гэж байгаа. Чанараараа байгаа ш дээ. 1-р зэрэгт ноолуураа тушаачих юм бол өшөө өндөр тарифтай.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Ийм байх жишээний. Тийм байсан л даа. За мөн саальчид, саальчид тусгай. Тусгай ажиллана.
Хишигсүрэн -
Үнээний ферм ажиллана.
Дашдамба -
Тийм. 15 үнээ. Нэг саальчин 15 үнээ хариуцна. Тэр нь төлөвлөгөөтэй. Нэг үнээ 250, 300 ер нь 350, 400 байсан байх шүү. Жилд.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Тэр норм биелүүлсэн саальчин мандаж өгнөө. Депутат мепутат болно. Энд тэндхийн хурал зөвөлгөөнд явуулна. Өшөө нэмэгдэл цалин малин өгнө. Мөн ч их завсар зайгүй хөдөлмөрлөнө. Хөөрхий.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Одоо 5 сарын 15-наас октъябрийн баяр хүртэл цас орчихсон байхад чинь 15 хүртэл үнээгээ саана. Тэр үеийн мал яасан ч... байсан юм. Хөдөлмөр бол асар өндөр байсан ш дээ. Манай малчид бол одоо бол тэгж хөдөлмөрлөх тэгж зовж зүдэрч явах ховорхон болчихоод байна.
Хишигсүрэн -
За нэгдэл байгууллагдаад 10 жил боллоо гэхэд тэр их хэцүү байсан амьдралтай улсуудын амьдрал жаахан дээшлээд, нөгөө улсууд нь жаахан доошлоод тиймээ? Баян улсууд нь, тэд нар жигдэрч чадсан уу? Яг тэр амьдралын түвшин жигдрэх процесс явагдсан уу? Эсвэл сайн ажил хийдэг хүмүүсийн амьдрал сайн хэвээрээ муу хийдэг бол муу хэвээрээ...
Дашдамба -
Тэгэхээр би ерөнхийдөө тийм гэж хэлэх гэж байна. Тэр олон малтай байсан улс чинь их хөдөлмөрч байж байж их малтай байж байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Гэхдээ 50, 60 малтай байсан улс нэгдэлд малаа нийгэмчлээд ажлаад хөдөлмөрөөрөө амьдарч байгаа юм. Хоёр идэхгүй. Хоосон хонохгүй тэгээд явж байгаа юм. Тэгээд тэдний амьдрал бол тэр нөгөө хуучин улсуудтай ердөө адилхан байж чадахгүй байгаа юм. Яагаад гэвэл бид нар тэгж ярьдаг ш дээ. Сав нь цоорхой юм чинь гэж. Ерөөсөө хөдөлмөр амьдрал тааруу байна гэдэг чинь хөдөлмөр бага хийж байсан. Ажилд дургүй. Хөдөлмөрт дургүй ийм улсууд байсан учраас тэр. За тэгээд мал дутаадаг зулгаадаг улс ямар улс байна гэхээр нөгөөх л цөөнө малтай байсан. Нөгөө л улс тэгээд байж байгаад нэгдлийн хурлаар ороод чөлөөлөөд тавьчихдаг. Дахиад хэдэн жилийн дараа дахиад л дутаачихдаг. Тэгэхээр багаасаа хөдөлмөр ер нь муу байжээ. Тийм учраас л тийм байсан л даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Тэгж л ойлгодог юм. Тэгээд яахав олон малтай байсан малаа нийгэмчилсэн улс чинь эргээд нэгдэлдээ малын өсгөөд л ашиг шимийн давуулан биелүүлээд л аварга сайн малчин, тэгээд нэгдлийн хөдөлмөрийн баатар болж байсан улс байж л байна.
Хишигсүрэн -
Одоо таны мэддэг. Малчин байгаад хөдөлмөрийн баатар болсон хүн байгаа юу.
Дашдамба -
Байлгүй яахав. Одоо манай суманд Бадгай гэж байж байна. Бадгай гэж хөдөлмөрийн баатар энэ хүн бол эхтэйгээ байсан хүн л дээ. Нэгдлийн олон малтай. 60, 70 хэдэн он юмаа даа. Хаврын нэг айхтар хүчтэй шуурганд малтайгаа уруудаад эх нь таалал болчихсон. Яахав тэр үед авгай авсан байсан. Тэгээд зүтгэсээр байгаад мөн ч олон гавъяа шагнал авсан даа. Эцсийн эцэст саяхан 90 хэдэн онд хөдөлмөрийн баатар боллоо шүү дээ. Сая энэ ардчиллаас хойш хөдөлмөрийн баатар болсон малчин ховор байлгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Тэгж бодож байна. Улсын аварга малчид бол зөндөө байлаа.... Сайн малчингууд зөндөө байлаа.
Хишигсүрэн -
За малчдын амьдрал тиймэрхүү байдалтай. Нэгдлийн бусад гишүүд бусад алба хаагчид ер нь ямар төрлийн ажил эрхлэх үү? Бусад малтай холбоогүй ажил. Жишээ нь мал эмнэлэг захиргаа ч гэдэг юмуу?
Дашдамба -
Тэд нар бол юу л даа. Дор дороо цалинтай. Тогтмол цалинтай. Гэхдээ тэр үед чинь хувийн аж ахуйтан гэж байгаагүй учраас юу яана ш дээ. Ажилчин албан хаагчид бол 16-гаас дээш толгой малтай байх ёсгүй ээ. Нэгдэл тийм дүрэмтэй. Ерөөсөө л 16 хувьдаа...
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Тийм малтай байна. За малчид 30 толгой малтай байна. Түүнээс дээш байж болохгүй ээ. Хувьдаа бол тийм байх ёстой. За тэгээд тэр цөөхөн мал чинь идэж уух зарах барихад хаана ч хүрэхгүй шүү дээ. Тийм учраас тэр идэж уудаг юмыг чинь нэгдэл хангана. Өнөөдөр хоолгүй болчихлоо гэхэд нэгдлийн даргаас нэг баримт аваад явна даа. Нэг хонь 80 цаас мөнгөө тушаана. Жилийн эцэст идшээ иднэ гэдэг ажил байдаг шүү дээ. Монголчуудад...
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Тэр үед чинь хувийн цөөхөн малтай улс юугаа идэх үү? Нэгдлээс тараана шүү дээ. Сайхан хуваарилчихдаг. За намын даргадаа нэг үнээ хоёр хонь нэг ямаа ч гэдэг юмуу. За тэр нягтландаа тэр хэмжээний ч гэдэг юмуу. Гэх жишээгээр зээл өгчихнө. Тэгээд дараа нь цалин дээрээс нь авчихдаг. Малчдад мөн ялгаагүй. Тийм маягаар хоол залгуулдаг. Энэ чинээгээр гачигдах юм байхгүй байсан юмаа. Хоол унд идэж уух юм. нөгөө 30 мал нь үлдэнэ.
Хишигсүрэн -
Хаана картанд уу?
Дашдамба -
Тийм. Тэгээд жилийн эцэст авсан өгсөн юмандаа суутгаад малаасаа салдаг улс ч бий. Өшөө илүү гараад зөндөө мөнгө авдаг ч улс байсан. хэмжээ хэмжээгээр амьдарч байсан шүү дээ.
Хишигсүрэн -
Таны ажиллаж байсан нэгдэлд мал аж ахуйгаас гадна туслах аж ахуй хадлан тариалангийн ч юмуу. Үр тариа газар тариалантай холбоотой туслах аж ахуй?
Дашдамба -
Оо байлгүй яахав дээ. Эхний үед төл их үхэж байлаа шүү дээ. Газраар ингэж тэмээн хөлөлчихөөд хойноос нь хүн дагчихсан. Тэгээд газар хагалж...
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Тариа хүнсний ногоо тарьдаг тийм байсан юм. жишээ нь “Энх хөгжил” гээд нэгдлийн үед тиймэрхүү хийж байсан үе бий. Сүүлдээ газар тариалан асар их хөгжлөө шүү дээ. Яг намайг нэгдэлд ажиллаж байх үед тийм юм байсан. Сүүлдээ би нэгдлээс өөр ажил хийгээд явчихсан л даа. Тэгээд нэгдэл хөгжөөд ирэхээр газар тариалан асар их хөгжсөн. Асар их техниктэй болсон. Манай “Тариа” нэгдэл бол
Хишигсүрэн -
Дашинчилэн?
Дашдамба -
Дашинчилэнгийн “Тариа” нэгдэл бол Дашинчилэнгийн “Тариа” нэгдэл гэдэг юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Энд бол Эрээнхоо гэж урагшаа 30-аад км газар байна. Тэнд мөн олон га газар тариа тарьж байлаа. Тэр их ургац авч байсан. Улсад хүртэл дээгүүр байранд орж 69 машинаар шагнуулж байсан түүх бий л дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь нэгдэл хөгжөөд хамгийн дээд боломжтой үедээ хэзээ хүрсэн. Улсын хэмжээнд тэр жилд үү? Нэгдэл болгон дээр өөр өөр байсан уу? Асуулт ойлгосон уу та? Нэгдлийн хөгжил хэзээ хамгийн дээд цэгтээ хүрсэн вэ? Тэр нэгдэл хөгжөөд дээд цэгтээ хүрэхэд улсын хэмжээнд нэг байсан уу? Нэгдлүүд өөр өөр цаг хугацаанд тийм байсан бол уу? Мэдэж байна уу? Энэ тухай? Хамгийн сайн болсон үе нь хэзээ юм бол?
Дашдамба -
70 оноос эхлээд манай нам мундаг бодлого явуулж байлаа. Хашаажих хөдөлгөөн гээд явуулж байлаа. Газар тариалан хөгжүүлэхэд явуулж байлаа. Энд чинь улсаад бодвол ЗХУ-аас их авч байсан л даа. Тэр хөрөнгөөр асар их хашаа барьж байлааа. Малын хашаа...
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Худаг гаргаж байлаа. Зөндөөнийг. Ингээд ирэхээр чинь нэгдэл жигтэйхэн хөгжсөн л дөө. Айл бүхэн малаа төллүүлдэг саравч, сайхан хашаатай. Хашааны гадна худагтай. Өвс трактороор авч ирээд буулгачихдаг. Зөндөө том хашаатай. Дутах юм байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
70 хэдэн оноос нэгдэл асар их хөгжиж ирсэн дээ. 80-аад он 67 оноос 70 хэдэн он хүртэл манай нэгдэл ер нь улсын хэмжээний бүх нэгдэл...
Хишигсүрэн -
20-иод жилийн дараа тиймээ?
Дашдамба -
20-иод жилийн дараа тэгшхэн сайхан хөгжсөн гэж боддог ш дээ.
Хишигсүрэн -
Тэр хашаажуулсан худаг усны бригад гээд малыг услах юм чинь бүх аймаг бүх газар нэгжтэй байсан ш дээ. Та сая зээл тусламжаар гээд хэллээ.
Дашдамба -
Тийм.
Хишигсүрэн -
Тэгэхээр нэгдэл өөрөө санхүүжүүлэх боломжгүй гаднаас авч байсан юмуу? Эсвэл нэгдэл малаар ч юмуу бүтээгдэхүүний үнээр авч байсан уу? Нэгдэл өөрөө өөрийгөө санхүүжүүлээд бие даагаад явах боломж байсан уу?
Дашдамба -
Нэгдэл тэр гадаадаас орж байгаа юмыг улс нэгдэлд авч өгч байгаа байхгүй юм.
Хишигсүрэн -
Аа ха. Улс нэгдлээс юу авч байгаа бэ? мах сүү?
Дашдамба -
Мах сүүгээ авна. Мөн дансаар мөнгө шилжүүлж авна.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Мөнгөтэй ш дээ. Нэгдэл чинь.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Асар их мөнгөтэй болчихсон байсан шүү дээ.
Хишигсүрэн -
Би нэг сонсож байсан ш дээ. Тэр чулуун хашаа модон хашаагаар хашаажуулахад асар их хөрөнгө оруулалт байсан. Зах зээлий яриагаар хасах баланстай хөрөнгө оруулалт байсан гэж би ойлгосон ш дээ.
Дашдамба -
Тэгсэн.
Хишигсүрэн -
Одоо бүх айл хашаатай боллоо гэдэг чинь ямар үр дүн авч ирсэн.
Дашдамба -
Аа яа яа.
Хишигсүрэн -
Малын хорогдол үнэхээр багассан уу?
Дашдамба -
Багасхаар барах уу. Хөдөлмөр хөнгөвчилж байгаа байхгүй юу. Асар их хөдөлмөр хөнгөвчилнө шүү дээ.
Хишигсүрэн -
Малын түүхэнд мал нь хашаатай байгаагүй юмуу?
Дашдамба -
Яахав чулуун хашаатай.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Чулуугаар хашаа барьдаг. Саравчтай хашаа бол дээр үед байгаагүй шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Байхгүй байсан үе байхгүй юу. Нэгдэлжих хөдөлгөөн ялсан энэ үеэс л янзын сайхан болсон байхгүй юу. Манай энэ нэгдэлд шууд Зөвлөлтийн хөрөнгөөр ч байдаг юмуу. Жишээ нь Заамар гэхэд чинь гадаадын хөрөнгөөр янзын сайхан орон сууц шиг хашаатай болсон ш дээ. Манай зэргэлдээ Заамар чинь худагтай хашаатай ёстой гоё болсон доо. Суманд нь баахан юм барьж өгөөд ЗХУ гэж байлаа мөн ч их тус болсон доо. Манай Монголын ард түмэнд...
Хишигсүрэн -
Заамарыг яагаад тэгээд тусад нь хашаа барьж өгөөд байшин сав барьж өгөөд байсан байх уу? Ямар суманд нь хөрөнгө оруулалт...
Дашдамба -
Яахав улсын хэмжээгээр юу яасан байна лээ. Тэр тэр сумыг тэр улс тохижуулж өгнө гэсэн тийм юм гаргачихдаг юм байна л даа. Тухайн нэгдэл сумыг толгойлж байсан дарга нартай ч холбоотой байж болно ш дээ тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Танил тал албан тушаалаас байж болно. Тийм их олон биш л дээ. Манай улсад...
Хишигсүрэн -
Тусгай тийм загвар болчихсон нэгдэл тиймээ? За тэгээд нэгдэл тарах процесс өмч хувьчлалаар боллоо шүү дээ. Энэ үеийг хоёулаа ярих уу?
Дашдамба -
За болж байнаа.
Хишигсүрэн -
Тэр үед та ямар ажил эрхэлж байв?
Дашдамба -
Яахав дээ. Аймагт намын дарга хийж л байлаа. Хамгийн сүүлд хүн өтлөхөөрөө нутгаа ураг өтлөхөөрөө уулаа гэдэг шиг тэтгэвэрт гарах болоод ирэхээрээ нутаг руугаа дөхий гээд энд хүрээд ирсэн. ....тэгээд нэгдлийн орлогч даргаар ирсэн би.
Хишигсүрэн -
Хэдэн он бэ?
Дашдамба -
1989 он.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Тэгээд энэ үед нэгдэл маань хэвээрээ л байсан. тэтгэвэрт гарах дөхөж байсан даа. Би 90 онд тэтгэвэрт гарах байсан. Тэр үед 55 насанд тэтгэвэрт гардаг байсан. Тэгээд ажиллаж байтал 90 оны ардчилал эхэлсэн л дээ. Нэгдлийн малыг малчдад нь өгнөө. Ийм юм гарч ирсэн л дээ. Тэгээд 91 оноос малаа хуваарилаж эхэлсэн. Энэ үед ах чинь тэтгэвэрт гарчихаж байгаа учраас хувьдаа хэдэн мал аваад малчин болоод гарчихгүй юу. Тэгээд малаа хашаатай нь худагтай нь өгчихөж байгаа юм. Нэг хүнд яахав хүний тоогоор өгнө л дөө. Нэг хүнд төчнөөн мал өгнө гээд...
Хишигсүрэн -
Хэд?
Дашдамба -
Төчнөөн толгой мал өгнө гээд зарлачихна.
Хишигсүрэн -
Тэр улсын хэмжээнд стандарт байсан уу? Тухайн нэгдлээс хамаарах уу?
Дашдамба -
Нэгдлээс хамаарна.
Хишигсүрэн -
Нэгдлийн малын тоо. Нэгдлийн гишүүдийн тооноос хамаарна.
Дашдамба -
Гишүүдийн тооноос хамаарна. Тийм.
Хишигсүрэн -
Тэгэхээр хоёулаа энэ дээр тогтоод жаахан яръя. Яг таныг 89 онд ирэхэд энэ нэгдэл ямар хэмжээний хөрөнгөтэй? Хэдэн малтай. Хэдэн нэгдлийн гишүүнтэй? Сумын төв дээр багш эмч нэгдлийн гишүүн бус хэдэн хүн амьдарч байсан юм? Яг тэр үеийн нөхцөл байдал ямар байгаад хувиарлалт тэгшхэн хийгдээгүй байх гэж бодож байна л даа.
Дашдамба -
Аа ха. Тэр үед манай нэгдэл олон малтай сум шүү. 130,000 гаруй мянган малтай.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Өрх 600, 700 орчим байсан бол уу даа. Хүн нь 2000 орчим хүн амтай байсан байх. Сум бол байдаг л орон тоотой. Сургууль бол 7жилтэй 10 жилтэй байж чадаагүй.
Хишигсүрэн -
8 жилтэй?
Дашдамба -
8 жилийн сургуультай байсан. Хүн эмнэлэг бол их эмч ганц л байсан байх. Тэдний амьдрал бол өөрцгүй. Албан хаагч гэсэн нэгдлээсээ идэш уушаа авч амьдардаг байсан. За тэгээд тэр үед өмч хувьчлахдаа тэд нарыг ялгаагүй ш дээ. Манай сум бол ялгаагүй.
Хишигсүрэн -
За?
Дашдамба -
Бүгдэд нь өгсөн.
Хишигсүрэн -
Яг нэгдлийн гишүүттэй адилхан?
Дашдамба -
Адилхан албан хаагч нартаа өгсөн.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Гэхдээ нэгдлийн гишүүдээс арай бага өгсөн л дөө.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Арай бага. Нэг хүнд ноогдох малын тоо тэгж өгсөн. Тэгээд жигд малтай болсон. Бүгд хувийн аж ахуйтан болсон байхгүй юу. Сумын хэмжээгээр тийм болсон байгаа.
Хишигсүрэн -
Аа ха. Тэгэхээр дундажаар сумын нэг өрх хэдэн малтай болсон бэ?
Дашдамба -
5 ам бүлтэй айл гэхэд чинь за нэг 100, 200 малтай болж байсан байлгүй дээ.
Хишигсүрэн -
Нэг өрх айл?
Дашдамба -
Нэг өрх айл. Хүн амынхаа тооноос шалтгаалаад...
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Тэгээд явчихсан юм байгаа юм. албан газар хүртэл мал авч байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Радио релио хүртэл мал авч байсан.
Хишигсүрэн -
Маш онцлогтой танайх мал хувьчласан байна шүү дээ. Ерөөсөө нэгдлийн гишүүдийн хурлаар шийд гээд төр бол орхичихсон юм байна лээ ш дээ.
Дашдамба -
Тийм.
Хишигсүрэн -
Тэгээд нэгдлийн гишүүд хуралдаж байгаад зөвхөн нэгдлийн гишүүддээ өгнө гээд өгчихсөн. Багш эмч нар хоосон хоцорсон тохиолдол Монголд их байсан юм байна лээ. Тэгэхэээр танайд үгүй. Анх нэгдэлд малаа нийгэмчлээд хот руу шилжээд явчихсан улс байгаа ш дээ?
Дашдамба -
Тийм.
Хишигсүрэн -
Тэд нэр эргэж ирж юм хум авъя гэсэн юм ярьж байсан уу?
Дашдамба -
Ирсэн. Өгсөн.
Хишигсүрэн -
Оо өгчихсөн юмуу?
Дашдамба -
Өгсөн.
Хишигсүрэн -
Яаж өгөх үү? Тухайн мал өгсөн баримтаар нь?
Дашдамба -
Урьд нь мал нийгэмчилсэн юун байж байгаа юм чинь.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Яг орон нутагт ажиллаж байгаа нэгдлийн гишүүдээс арай бага хэмжээгээр өгч байсан. Малаа зараад нүүж ирсэн ч айл бий. Зарим нь тэгээд авчихаад алга болчихдог юм байна лээ.
Хишигсүрэн -
Малчин болно гэж авчихаад....
Дашдамба -
Нүүгээд алга болдог.
Хишигсүрэн -
Ер нь тэр мал хувьчлахтай холбоотойгоор надад бага оногдлоо гэсэн маргаан хэл ам гарч байсан уу?
Дашдамба -
Гайгуу шүү.
Хишигсүрэн -
Харин тийм л юм байна л даа. Ер нь арай жаахан илүү мал хувьчлаад авчихсан хүн байсан уу?
Дашдамба -
Тийм зальтай этгээдүүд байсаан.
Хишигсүрэн -
Ямар улсууд? Эрх мэдэлтэй улс уу? Малчид уу?
Дашдамба -
За малчид дотор айхтар айхтар зальтай тийм улс байсан л даа. Нэрийн хэлэх надад бас хэцүү байна.
Хишигсүрэн -
Аа ха. Тиймээ тийм. Малчид ингэдэг байсан гэж байгаа ш дээ. Бүгдийн хольж хутгаад мал болох чадваргүй малыг авч ирээд малын эмч нартай яриад үхсэн мүхсэн акт гэж гаргаад ерөөсөө хамгийн шилмэл юугаа өөрсдөө авчихаж байсан. Мал болох найдваргүй юмнуудаа сумын төвийнхөнд өгдөг.
Дашдамба -
Тийм юм байсан байхаа.
Хишигсүрэн -
Тийм юм улсууд ярьдаг юм байна лээ.
Дашдамба -
Түүн дээр бол хэл ам гарна л даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Муу мал авлаа. Малчид сайн малаа авлаа гээд хэл ам гарна л даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Хэл ам хийдэг улс хэл ам хийж байгаад авчихна л даа.
Хишигсүрэн -
Дарга нар нь ямархуу байсан?
Дашдамба -
Дарга нар яах вэ? Авдаг юмаа л авсан. Малаас гадна...
Хишигсүрэн -
Байшин барилга...
Дашдамба -
Байшин барилга үндсэн хөрөнгө байгаа ш дээ. Тэд нарыг их авцгаасан юм байна лээ. Би нэгдлийн тэр хувьчлалд юу яагаагүй. Шууд малаа аваад явчихсан учраас би бол аж ахуйн юунаас ганц ч аваагүй. Надад тийм шуналч байгаагүй. Нэгдлийн орлогч гэдэг хүн бол аж ахуй эрхэлж байсан. Надад бол бүрэн эрх байсан. Надад тийм шунал байгаагүй учраас өөрт ноогдсон малаа аваад л гарсан. Зарим хүмүүс том том байшин барилга авсан байна лээ.
Хишигсүрэн -
Машин техник?
Дашдамба -
Янз янзын гэр ч байдаг юмуу. Зөндөө юм авсан хүмүүс байдаг юм байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Албан газар завод, завод гэдэг чинь албан газар шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Нэгдлийн үндсэн аж ахуйд зөндөө юм байгаа ш дээ. Байлгүй яахав. Түүнийг яагаад тэгж алга болгосон байдаг юм. Зарим хүмүүс ашиглачихсан юм шиг байдаг юм. машин техник эзэмшиж...
Хишигсүрэн -
Жолооч бол машинаа авчихаж байгаа. Тракторчин бол трактороо авчихаж байгаа.
Дашдамба -
Давуу эрх гээд шууд хувьчлаад л ...
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Өөрөө авчихдаг.
Хишигсүрэн -
Одоо байшин барилга хувьчлаж авсан улс ийм байсан гэж байгаа ш дээ. Сумын захиргааны мэдлийн байшин барилга за эмнэлэг сургууль орохгүйн мэдээж...
Дашдамба -
Аа ха.
Хишигсүрэн -
Нэгдлийн одоо мэдэлд байсан байшин барилгыг чинь дундаас нь нэг тал нь нэгдлийн нэг тал захиргааны мэдлийн хана жишээний юм байхад голын үнэлээд үнэлээд авчихсан байсан гээд би сонсож байгаа байхгүй юу.
Дашдамба -
Байдаг байдаг.
Хишигсүрэн -
Тийм юм энэ суманд болж байсан уу?
Дашдамба -
Болж байсан байхаа. Болж байсан байх.
Хишигсүрэн -
Түүнийгээ нурааж аваад гэрийнхээ байшинг барих ч юмуу?
Дашдамба -
Тийм. Байсан байсан. зөндөө л тийм юм гарч байсныг санаж байна.
Хишигсүрэн -
Одоо тэр нэгдэл байх үеэс байсан одоо клуб ч гэдэг юмуу. Янз бүрийн засвар энэ тэр хийж чадаж байна уу? Сумын төвийн тохижилт энэ тэрд социализмын үеийн хэмжээний...
Дашдамба -
За энэ харин сүүлийн үед гайгуу болсон шүү. Гадна дотноос янз бүрийн зээл тусламж байдаг юмуу. Янз бүрийн төсөл энэ тэрээр
Хишигсүрэн -
Танайд Жайкогийн төсөл мөсөл...
Дашдамба -
Жайкогийн төсөл гээд их буянтай газар байх юм. Хоёр гурван хүнийг овоо болгочихож байх юм. Тухайн үедээ сонгон ялчихаж байгаа л харагдаж байдаг л юм.... тиймэрхүү жишээ зөндөө бий.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Олон тооны мал аваад баяжаад мянгат сянгат болчихсон улс байж л байдаг юм.
Хишигсүрэн -
Одоо би харин ийм юм яръя гээд бодчихлоо. Сумын төвөөс за яахав малчид малтай байсан учраас малчнаараа үлдэх байх. Сумын төвийнхөн дээд тал нь юмуу. Доод тал нь 200 малтай болно гэдэг чинь тэр улсуудын амьдрал юу болсон бэ? Сумын төвөөс малчин болоод гарсан улс хэр олон байна?
Дашдамба -
Гарсан шүү.
Хишигсүрэн -
Сайн малчин болж чадаж байна уу? Юу болж байна?
Дашдамба -
Гайгуу ээ. Тааруухан ажил үйлчлэгч мүүлчлэгч хийж байсан хүмүүс ажлаасаа гараад малчин болсон улс бий л дээ. Овоо хэдэн малтай болчихсон.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Зөндөө л байдаг юм. Ганцхан хүн хэлэхэд олон хүн хэлээд яахав. Энэ холбоонд ажиллаж байсан Содном гээд хүн байсан юм. Тэр одоо мал хувьчлаж аваад г арсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Холбооныхоо ажлыг таслахгүй хийгээд авгай хүүхдээ гаргачихаад малаа өсгөөд өөрөө ч нэг их насалсангүй. Авгай хүүхэд нь малаа өсгөөд зөндөө олон малтай мянгат малчин болчихсон.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Жишээ нь тийм улс байж л байна.
Хишигсүрэн -
Аа ха. Та яасан бэ? малчин болсон гээд тэгсэн ш дээ.
Дашдамба -
Тэгсээн.
Хишигсүрэн -
За та яав?
Дашдамба -
Би яахав дээ. Хоёр гурван хүүхэдтэй. Хүүхдүүдээ тусад нь гарахад нь таслаж өгсөн л дөө. Цөөнө тооны өөрөө бас зохих хэмжээний юм авсан. Хүн ам цөөхөн учраас тийм олон юм авч чадаагүй ээ. Мал маллаж овоо хэдэн юмтай болсон юмаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Ардчилсан нийгэм яах вэ. Тэр үедээ хэдэн малтай болчихоод, зах зээлийн үед наймаа маймаа хүртэл хийж л байлаа. Эрээн хүртэл явж л байлаа. Малынхаа ашиг шим ноолуур моолуурыг аваад явж л байлаа. Хэдэн малтай болчихсон. Би багасаа адуунд дуртай.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Тэр дундаа хурдан моринд дуртай юм байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Хурдан морь худалдаж авсан. Түүн дотроо хурдан азарга ч авсан. Тэгээд түүнийгээ арван хэдэн жилийн дотор гайгуу сайн давхиулаад үр төл нь ч гараад, аймгийн алдарт уяач боллоо би.
Хишигсүрэн -
Оо за.
Дашдамба -
Ингээд морь уяж байгаа хөгшин байгаа. 2002, 2001 оны айхтар зуд гэдэг юм боллоо ш дээ. Түүгээр малаа ёстой байхгүй болгосон доо.
Хишигсүрэн -
Аа ха
Дашдамба -
.Үхэр гэхэд 100-гаад үхэртэй байж байгаад ганцхан гунжтай үлдсэн. Тэгж үлдэж байсан шүү.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Тийм улсууд манайд олон бий л дээ.
Хишигсүрэн -
Манай аав ээж бас 100-д байж байгаад 7 хүрэхгүй үгүйтэй үлдсэн гэдэг байхаа. Том жижиг нийлээд...
Дашдамба -
Аа тэр чинь гунж гунж 5 бяруутай 6 үхэртэй үлдсэн юм.
Хишигсүрэн -
Төрөх ганцхан үхэртэй.
Дашдамба -
Тийм. Адуу бас нэг 100-гаад адуу байсан. 1000-аад хонь ямаатай байсан тэр жил. Тэр жил яг мянгат малчин болох байсан. Тэгээд 100 гаруй хоньтой үлдэж байгаа юм. Аюултай болсон шүү.
Хишигсүрэн -
Нэг юм асуучихъя. Хэрвээ нэгдэл байгаад тийм зуд болсон бол нэгдэл тийм эрсдэлээс хамгаалж чадах байсан бол уу?
Дашдамба -
Аа тэр үед...
Хишигсүрэн -
Туслах малчин гээд нэгдлээс...
Тэр үед байна ш дээ? Нэгдэл бол материаллаг бааз сайтай байсан. материаллаг бааз гэдэг маань худаг ус хадлан тэжээл...
Дашдамба -
Аа ха. Тиймээс түүндээ арай бага...
Хишигсүрэн -
Бага хорогдол?
Дашдамба -
Бага хорогдол амсаж магадгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Хувийн аж ахуйтан хөөрхий яахав. Гайгуу ажилтай зарим нэг нь бол сайхан хашаа, сайхан өвс хадсан хүмүүс нь гайгуу үлдсэн юм бол бий л дээ. Манай энэ урьд талын сумууд бол өвс мөвс нэг их авдаггүй улс шүү дээ. Байгалийнхаа сайхнаар л байдаг. Тийм учраас ийш тийшээгээ нүүж яваад дуусгаад ирсэн ч улс бий. Заамар сайхан байна гээд яваад дуусгаад ирсэн ч улс бий. Тийм байгаа юм тийм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Нэгдэл арай өөр байсан бол уу гэж би боддог юм.
Хишигсүрэн -
Малыг хувьчласнаар мал их өслөө гээд тоо баримт яриад байгаа ш дээ.
Дашдамба -
Байнаа.
Хишигсүрэн -
Түүнийг та юутай холбоотой гэж үздэг вэ? Малаа өмнө нь дараад байсан юмуу? Эсвэл төлөвлөгөөтэй өсгөөд байсан уу?
Дашдамба -
Энэ чинь одоо өсөхөөс яах вэ дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Мал чинь төлөөрөө өснө. Байгаль ч сайхан. Зуднаас хойш дахиад өсчихлөө.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Зарлага бол хүн ам цөөтэй малчдад бол зарлага цөөхөн ш дээ. Хөдөөний малчид нэг их сүрхий юм хэрэглэх биш. гайгуу идэж уух юмаа идээд, тэгээд төлөөр нь мал өсчихдөг юм. Тийм улс зөндөө л байж л байна.
Хишигсүрэн -
Жилдээ Монгол нэг нэгдэл жишээлбэл туувар бас мах бэлтгэлд хичнээн тоо толгой мал өгдөг байсан бэ? хэдэн кг мах амьдын жингээр?
Дашдамба -
Өсөлтийн шалтгаан нь тэр улсад мах тушаадгүй байлаа. Нэгдэл бол шууд тушаана шүү дээ. Одоо амины аж ахуй улсад юугаа тушаах уу. Өөрсдийнхөө хэрэгцээний хэрээр л борлуулна. Тэр үед яахав суурь сууриар нь явуулж байлаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
За мэдэхгүй. Жилд олон тооны мал хичнээн тооноор нь өгч байсан. За одоо үхэр хонины суурь гэхэд Арав хориор нь хонины суурь гэхэд 10 суурийг өгч байсан. Нэг сумнаас 10 суурь лав явдаг байсан байх.
Хишигсүрэн -
Нэг нэгдлээс?
Дашдамба -
Нэг нэгдэл жилд малынхаа тооноос болно л доо.
Хишигсүрэн -
Аа ха. Нэгдлийн малчид малын хорогдол их гарсан ч өршөөчихдөг байсан гээд та ярьсан ш дээ? Унихайгүй малчинд. Ер нь малчин хүн оногдож болох, малаа муу малласнаас, зүй бус хорогдол гаргаснаас оногдож болох хамгийн хүнд шийтгэл юу байсан бэ? Ер нь ажилгүй болгон гэж юм байсан уу? Малын хурааж аваад?
Дашдамба -
Ажилгүй болгох гэж байхгүй ээ тэр чинь тэгээд мал маллаж чадахгүй бол өөр ажил туслах аж ахуйд ч юмуу. Мод сод ууланд хийдэг ч юмуу....
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Дархан мужаан ч байдаг юмуу...
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Тийм юм хийлгэнэ л дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Малаа маллаж чадахгүй улсыг чинь одоо яахав дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Ажилгүй болгоод хаячихна гэсэн ойлголт байхгүй?
Дашдамба -
Байхгүй байхгүй.
Хишигсүрэн -
Нэгдэл байгууллагдаад 50 жил 40 жил ч болчихсон байсан юмуу? Тэгэхэд тэр хүмүүсийн хамтын хөдөлмөр ч гэдэг юмуу. Социалист хөдөлмөрийн бригад ч гэдэг юмуу. Тэр яг нэгдэл дээр малчдын хувьд яаж зохион байгууллагддаг байсан бэ?
Дашдамба -
За гарч байсан. социалист хөдөлмөрийн бригад гээд нийлээд бас сурна. Амьдарна. Ажиллана гэсэн хоёр гурван үүрэг аваад тэгж ажиллаж байсан л даа. Тэгээд тэр дотроосоо мэргэжлээ дээшлүүлнэ ч гэдэг юмуу. Тийм юмтай болон хамтынхаа хүчээр ч гэдэг юмуу...
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Тиймэрхүү юманд төлөвлөгөө мөлөвлөгөө гаргаад ажиллана л даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Социалист хөдөлмөрийн бригад гээд байж л байсан. Чухам манай энэ суманд байсан бол уу даа. Намайг аймагт ажиллаж байхад хангамж мангамж дээр малчид нэгдсэн юм байсан л даа. Тийм юм байсан юм байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Малчдын хөдөлмөрийн бригад гэж их сүртэй юм байгаагүй байхаа.
Хишигсүрэн -
Сумын төв дээр байсан уу?
Дашдамба -
Аа сумын төв дээр байсан байх. Сумандаа ирээгүй байж байгаад 20, 30 жилийн дараа ирсэн.
Хишигсүрэн -
Аа юу. Малчдад тэр нийгмийн үйлчилгээ яаж хүрдэг байсан бол? Тэр одоо юу гэхээр соёлын үйлчилгээ тэр уулын аманд байгаа улсуудад?
Дашдамба -
За кино гаргах гээд зориуд кино механикчийг малчдаар ингээд тойруулчихдаг байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Урлагийн бригад гээд нэгдэл, намын үүр, эвлэлийн үүр, олон нийтийн байгууллагууд гарна шүү дээ. Тойроод...
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Концерт тоглоод...
Хишигсүрэн -
Сумаасаа?
Дашдамба -
Тийм сумаасаа тэгээд явуулчихна. За худалдаа худалдааны агент багийн төв дээр байгаа. Гэхдээ сум бас худалдааны мухлагтай.
Хишигсүрэн -
Авто мухлаг гээд?
Дашдамба -
Авто мухлаг гээд байсан. Тэр чинь яваад үйлчилчихдэг. Ховор бараа хуваарьтай.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашдамба -
Тийм журмаар үйлчилдэг байсан.
Хишигсүрэн -
Аа ха. За нэгдэлтэй холбоотой сэдэв дээр та нэмээд иймэрхүү юм болж байсан гээд нэмээд ярих юм байна уу? Санаанд орвол дахиад дараагийн сэдэв дээр үргэлжлүүүлье. За соёлын довтолгоо гээд айхтар юм болсон ш дээ.\завсарлав\
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.