Byambasüren
![](../assets/images/interviewees/990289.jpg)
Basic information
Interviewee ID: 990289
Name: Byambasüren
Parent's name: Jamiyan
Ovog: Taij
Sex: f
Year of Birth: 1967
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education: history, geography teacher
Work: director of studies for sum 10 year school
Belief: none
Born in: Hishig-Öndör sum, Bulgan aimag
Lives in: Hishig-Öndör sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: service worker (Үйлчлэгч)
Father's profession: fuel supply worker
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
work
belief
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Бямбасүрэн бид хоёрын хоёрдахь ярилцлага эхэлж байнаа. Танаас би өнөөдрийн ярилцлага эхлэхийн өмнө нэг ийм асуулт асуумаар байна. Ер нь таны амьдралд гүнзгий нөлөө үзүүлсэн ямар үйл явдал танд тохиолдсон бэ? Тийм үйл явдал байгаа юу? Таны амьдралд тохиолдож байсан үйл явдлуудаас танд их гүнзгий нөлөө үзүүлсэн өөрчлөлт авч ирсэн тийм үйл явдал байгаа юу?
Бямбасүрэн -
Нэг их тийм гүн гүнзгий нөлөө үзүүлсэн тийм үйл явдал бол байхгүй ээ.
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь таны амьдралд бусдаас онцгой ер бусын гэж үзэж болох юм байгаа юу?
Бямбасүрэн -
Байхгүй дээ. Жирийн л амьдралтай.
Хишигсүрэн -
Хоёулаа ийм сэдвээр нэлээд сайхан дэлгэрэнгүй яръя гэж бодож байна. Ер нь хүүхдүүд таныг бага байхад ямар байдлаар боловсрол олж авч байсан бэ? Та яг сургуульд орж сурч байсан, бага ангид хэрхэн яаж боловсрол эзэмшсэн? Дунд сургуульд яасан? Ахлах ангид юу болсон? Яаж мэргэжлийн чиг баримжаатай болсон? Бүр шат дараатай яриад багш нар нь ямар улсууд байв? Тэр тухай ярих уу?
Бямбасүрэн -
Тухайн үедээ бид нарыг дунд сургуульд байхад одоотой адил хувийн сургууль мургууль гэсэн ойлголт байсангүй ш дээ. Тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Үнэ төлбөргүйгээр боловсрол олж авч байсан. 1974 онд сумынхаа тухайн үедээ манай сургууль 8 жилийн сургууль байсан. 8 жилийн сургуулийнхаа 1-р ангид элсэж орж байсан. Намайг сургуульд орох үед бол манай сургууль 2 байртай. 1 байр 320 хүүхдийн хичээлийн байр гээд арай гоё байшин. Нэг бүр тамын цагаан нэртэй анх манай сургууль тэнд үүд хаалгаа нээж байсан ийм түүхтэй цагаан байшинд нэг хэсэг нь хичээллэдэг. Эндээ ихэвчлэн бага ангиуд нь хичээллэдэг байсан. Тэгээд бид нар тэр тамын цагаан нэртэй тэр сургуульд анх сурагч болж орж байсан даа. Тэгээд ерөнхийдөө одоотой харьцуулахад би чинь бас хэдийгээр 40 хэдэн настай залуу хүн шиг боловч улс орны түүхийн хувьд аваад үзэхэд бас дээр үеийн хүн юм шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Бид нар анх сургуульд орохдоо шоргоолжин үзгээр бичдэг. Савтай бэхээ эсгийгээр уутлаад аваад явдаг. Тэрэндээ үзгээ дүрээд бичдэг тийм л үед дунд сургуульд орж байсан. Бага сургуульд.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тэгээд намайг хоёр гуравдугаар ангид орсон үед юмуу даа. 4-ийн үзэг гээд ...
Хишигсүрэн -
Авторучек.
Бямбасүрэн -
Тийм авторучек гээд тийм үзэг анх хэрэглэгдэж тэрийг ч цөөхөн хот хүрээнд ах дүү нь байдаг ч юмуу тийм айлын хүүхдүүд барьдаг байсан. Тэгээд ерөнхийдөө бага ангидаа бол бид нар уншдаг бичдэг тоо боддог, түмэн бодисыг судалдаг тийм л хичээлүүдийг үздэг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Манай ангийн багш бол Хишигсүрэн гэж одоо манай сургуульд бага ангийн багш хийж байгаа. Манай багш бол их уран сайхан уншина. Хүүхэд болгоныг уран сайхан уншдаг аргад сургадаг ийм багш байсан. Гэхдээ бид нарыг бага ангид байхад багш маань эхний нэг ангиа авч 3-р ангиа төгсгөчихөөд 2 дахь анги нь бид нар байсан. Тэгээд бид нартай уйгагүй ажилладаг. Тэгээд бага ангийн хүүхэд юм хойно чернелиэ ширээн дээрээ асгана. Тэрийг өдөр тутам арилгуулна. Цэвэрлүүлнэ тиймээ? Хүүхэд болгонтой бараг л ээж аав нь юм шиг ажилладаг. Асрах цэвэрлэх бүх юмыг л хийдэг байсан ш дээ. Тэр үеийн багш нар чинь. Хуруу хумсын хүртэл авдаг. Нусны даавуугийн угаадаг. Фарчекийн угаадаг энэ тэр байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Ар гэр нь анхаарал халамж муу тавьдаг хүүхдүүд байсан юмуу ямар нэгэн байдлаар багш асаргааны ажлыг хийдэг байжээ гэж одоо боддог байхгүй юу. Тэгээд багш маань бид нарыг 3-р анги төгсөөд 4-р ангид бид нарыг Боорой гэдэг багш авсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Манай багш бол математикийн багш байсан. Тэгээд математик мөртлөө багш бид нарт математикаа заахын хажуугаар монгол хэл заагаад явдаг. Математикийнхаа өгүүлбэртэй бодлогоны өгүүлбэрийг бичиж байхдаа үг үсгийн дүрмийг цуг хэлээд явж байдаг ийм багш байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тэгээд тэр багшийн ач гавъяагаар түрүүн би ярьж байсан ш дээ. 6-р ангидаа бид нар улсын олимпиадад монгол хэлний улсын олимпиадад 1-р байрт орж байсан гэж.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Хэдийгээр бас манай монгол хэлний багш Пүрэвмаа гэж бараг л гавъяат багш бий дээ. Нөхөр нь гавъяат багш Цэдэв гэж хүн байдаг юм. Одоо манай сургуулиас төрсөн гавъяат ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Манай сургуулиас хоёр гавъяат төрсөн юм. Тэрний нэг нь Цэдэв багш. Цэдэв багшийн гэр бүлийн хүн Пүрэвмаа гэж багш бий. Ерөөсөө энэ нутгийн уугуул хүн л дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Энэ багш манайд монгол хэлний хичээл заадаг байсан. Тэгээд маш уйгагүй Пүрэвмээ багш бол уйгагүй ажиллана. Ангийн багш мэргэжлийн багш хоёр яаж хамтарч ажилладаг энэ тэр байсныг манай хоёр багш үзүүлдэг байжээ гэж би одоо болтол боддог юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Ерөнхийдөө анги удирдсан багш мэргэжлийн багш тэр бүр харьцаад байдаггүй ш дээ. Тэгэхэд манай хоёр багш тэр давтлага зохион байгуулах хичээл нь хүртэл хоорондоо одоо сүүлийн үед интеграц хичээл гээд яриад байдаг. Тэрийг тэр үед манай хоёр багш хийж л байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тэр бүхний хүчээр бид нар 6-р ангид тэр том олимпадад түрүүлж сургуулийнхаа түүхэнд бас сайхнаар бичигдсэн байдаг юм. Манай ангийн зураг 6-р ангид байхдаа авсан манай хамт олны сайшаалын үнэмлэх баярын бичиг манай сургуулийн музейд хадгалагдсан байдаг юм. Тэгээд бид нарыг хэддүгээр ангид байхад ... 9-р ангид байхад сургууль маань одоогийн 640 хүүхдийн хичээлийн байранд нүүж орсон ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
10-р ангийн намар юм байна. 9-р ангид байхдаа тухайн үед хөдөлмөр сургалтын хичээл гэдэг чинь их сайн ордог байсан. Тэр үед.
Хишигсүрэн -
Харин тийм.
Бямбасүрэн -
Хүүхдүүд сургуулийнхаа гал тогооны барилга барихад ажиллаж байлаа. Хүүхдүүд өвлийн түлээгээ сургуулиуд галладаг зуухтай.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тэгээд түлээгээ бид нар өөрсдөө хөрөөдөнө. Тэгээд хүнд хүчир ажлуудыг хийдэг байсан. Одооны хүүхдүүдийг бодвол харьцангуй ажил хийдэг байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Хавар нь төлд явдаг. Боорой багштайгаа хавар 8-р ангид байхдаа сарын амралт гэж байдаг ш дээ. Хавар хөдөөний төлийн үеэр ...
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тэгээд хөдөө төлд яваад айлуудын хөрзөнгийг ховхлоод 3 сарын сүүл 4 сарын эхээр байсан юмаа. Тэгээд нэг айлаас нөгөө айл руу хөрзөнгийн ховхолчихоод нүүгээд л ...
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тэгээд тэр хаврын хүйтэн хөлдүү газар чинь гэрээ бариад ангиараа нэг гэртээ тэгээд нүүгээд энэ тэр явдаг байсан. Тэгээд одоо бодоход бол одоогийн хүүхдүүдийг харахад яг тийм хэмжээний ажлыг хийж чадах болов уу? Үгүй болов уу? гэж заримдаа бодогддог юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тэр үедээ бид нар тодорхой хэмжээгээр улс орноо хөгжүүлэх гэж ярих нь юу юм. Гэхдээ л тухайн үедээ нутаг орныхоо ажилд дэм тус болоод явдаг байсан. Тэрэн тухайн үеийн хүүхдүүдийн хүмүүжилд нөлөөлдөг байсан байхаа. Тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тэгж бас боддог. Тэгээд бид нарыг 10-р ангид орохын намар манай сургууль шинэ сургуульд шинэ байшинд баригдаж энэ 640 хүүхдийн хичээлийн байранд нүүж орж байсан. Энэ хичээлийн байранд төгссөн анхны төгсөгчид бид нар юм байгаа юм. Тэгээд 10-р анги төгсөөд л тал тал тийшээ оюутан болох нь болоод ажил хөдөлмөр нь хийх нь хийгээд явцгаасан даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тухайн үед юу яадаг байсан ш дээ. 8-р ангид төгсөөд хүүхдүүд техникумд явна.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
10-р ангид орно. ТМС-д явна. Тодорхой хэсэг нь нэгдэлд илгээлтээр гардаг байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тэгээд манай ангийн хүүхдүүдээс бас 6,7 охидууд сумынхааа нэгдэлд саальчин болж гарч байсан. Тэгээд тэд нар бол нутаг орондоо сайн сайхан амьдарч яваа. Амьдралынхаа зам мөрийг нэлээд эрт ... ажил мэргэжлээ их эрт сонгосон.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тэгээд тэр чанараараа бид нараас амьдрал нь арай нэг алхмын урд ч гэх юмуу. Мал ахуйтай, ажилтай төрөлтэй ингээд явж байгаа хүмүүс байдаг юм.
Хишигсүрэн -
Та 10 төгсөж байх үед танай ангиас хэдэн хүүхэд хуваарь авч байсан бэ?
Бямбасүрэн -
Манай ангиас яг 11 хүүхэд хуваарь авч байсан. Их дээд сургуулийн хуваарь.
Хишигсүрэн -
Нэг сумын сургуулиас ш дээ тиймээ?
Бямбасүрэн -
Зүгээр нэг ангиас. Ер нь манай төгсөлтийнхөн их сайн хүүхдүүд байсан. 6 хүүхэд онц сурч төгсөж байсан. 10 жилээ...
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тэгээд гадаад дотоодын их дээд сургуулиудад олон хүүхэд явж байсан. Гадагшаа бол нэлээд хэдэн хүүхдүүд явсан.
Хишигсүрэн -
Таныг сургуульд орж байх үед хичээлээс гадуурх соёл хүмүүжлийн ажил пионерийн ажил гээд янз бүрийн ажлууд байна ш дээ. Тэр ажил хэрхэн яаж зохион байгуулагддаг байсан юм? Сургалтын ажлын хажуугаар тэр ажлын үүрэг, ач холбогдол нөлөө гэж юу байв? Тэр ажлыг ямар улсууд удирдан зохион байгуулж хийдэг байсан юм? Эргээд бодохоор юу бодогдож байна?
Бямбасүрэн -
Тэр үед пионерийн удирдагч гээд орон тооны ажилтан баг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тэгээд эвлэлийн үүрийн дарга гэж байна. Сургуульд тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тэгээд яахав энэ хоёр эвлэл, пионерийн байгууллага сургууль дээр нэлээд том нөлөөтэй. Хүүхдүүдийн талаар асуудлыг авч хэлэлцдэг. Сайшаадаг, загнадаг, шийтгэдэг ийм байгууллага л даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Пионерийн байгууллага бол маш сайн ажилладаг байсан гэж боддог юм. Тэгээд шугам жагсаал хийнэ. Пионерт элсэнэ. Тангараг өргөнө тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тэгээд янз бүрийн хөдөлгөөнүүд бас өрнүүлнэ. Хавар мал төллөх үеэр ч байдаг юмуу? Малчдад туслах хөдөлгөөн гэж пионерийн байгууллага зохион байгуулж өрнүүлдэг байсан. Тэгээд сургуулиудын уламжлал болгодог хичээлээс гадуурх ажлууд байсан л даа. Одоо шинэ жил тэмдэглэх тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Хүүхэд болгоны хүн болгоны сэтгэл зүрхэнд шинэ жил хамгийн тодоор тусдаг байсан. Манай сургуульд зориулалтын сургуулийн улаан булан гэж байсан. Одоо ч бас бий л дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Одоо бол склад болгоод ашиглачихсан. Тухайн үедээ улаан булан гэж тэр бүр ороод байдаггүй. Тийм сайхан өргөө л байж дээ. Тэгээд тэндээ шинэ жилээ тэмдэглэдэг. Тэгээд шинэ жил үлгэр домгийн юм шиг л болдог санагддаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Одоо бол бид нар өөрсдөө зохион байгуулж байгаа. Хүүхдүүдэд бас тэгж бодогддог байлгүй дээ. Тиймээ? Хүүхэд байсан учраас тэр сайхан шинэ жил болдог. Шинэ жилээр онц сурсан бүх хүүхдэд бэлэг өгдөг. Ангиас их ч хүүхэд онц сурдаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тухайн үед ямар нэгэн өөр шалтгаан байхгүйгээр яг хэн ямар сурсан тэрүүгээр нь үнэлдэг дүгнэдэг байлаа ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тэр үед ангиас 10 хэдэн хүүхэд онц сурна гэдэг маань тэр үеийн сургалт сайн байжээ гэж бодогддог юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тэрнээс гадна манай сургуульд урлагийн үзлэг гэж их том наадам арга хэмжээ болдог байсан. Энэнд их сайн бэлддэг. Манай Боорой багш бол хичээл хичээлээс гадуурх ажил бүгдийн нэг түвшинд авч үздэг. Бүгдэд нь ямарч байсан бүрэн дүүрэн бэлтгэлтэй орж чаддаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Багш бүжиг байсан ч хийлгэж чаддаг. Хөгжим байсан ч тоглуулж чаддаг. Дуу байсан ч дуулуулж чаддаг. Ийм багш байсан л даа. Тэр урлагийн үзлэгт бол бид нар маш их ач холбогдол өгч бэлддэг.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тийм байсан. Гэхдээ яахав урлагийн үзлэгээс айхтар дуучин хөгжимчин төрчихөөгүй ч гэсэн тухайн үедээ урлагийн мэдлэгтэй гоо зүйн хүмүүжил олгох энэ тал дээр ач холбогдолтой байсан юм болов уу? гэж боддог юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тэгээд манай сургуульд хавар намар өвлийн спартакиад гэж том арга хэмжээ болдог.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Биеийн тамирын хичээл маань мөсөн дээр ордог. Бид нар 45 минут мөсөн дээр биеийн тамирын хичээл ороод ирдэг байсныгаа одоо би гайхаад байдаг юм.
Хишигсүрэн -
Хаана тэр мөс байсан юм?
Бямбасүрэн -
Сумын төвөөсөө ийшээ яваад баруун тийшээ Асгатын рашаан гэж бий. Нэлээд зайтай ш дээ. Нэлээд зайтай тэр рашаан дээр очиж бид нар биеийн тамирын хичээлээ орж тэшүүрээр гулгачихаад эргээд дараа нь дараагийн цагийн хичээлээсээ хоцролгүй ирдэг байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тэр үед яаж тэгж орж болоод байсан юм байгаа юм. Одоо бид нар хүүхдүүдээ тийшээ явуулаад биеийн тамирын хичээл оруулна гэхээр багтдаггүй байхгүй юу. Хугацааны хувьд тэр үед 45 минут одоо 40 минут 5 минутын зөрүү байдаг. Тэр үед бас хариуцлага шаардлага цаг ашиглалт гэж юм арай өөр байсан юм байлгүй дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тэгээд өвлийн спартакиадаа бид нар их гоё хийдэг байсан. Тэшүүрээр хүүхэд болгон хөлдөө гишгиж углана. Маш олон хүүхэд уралдана. Тийм сайхан өвлийн спартакиад хавар намрынхаа спартакиадыг их сайхан хийдэг. Тэгээд яахав дээ. Ерөнхийдөө бид нарыг дунд сургуульд байхад одоогийнх шиг сонгон дугуйлан гэж юм хичээллэдэггүй байсан. Шинжлэх ухааны талыг бариад ч байдаг юмуу эсвэл урлагийн авъяасаа хөгжүүлнэ гээд яадаггүй байсан. Тэрэнд би бас гайхаад байдаг юм. Яагаад тэр үед тийм юм хичээллэлүүлдэггүй байсан юм бол? гэж ...
Хишигсүрэн -
Танай сургууль монгол хэлний сургалтаар онцгой сургууль байна ш дээ. Тиймээ? Тэгээд энэ монгол хэлний сургалтаа өндөр түвшинд барьж явдаг тэр байдлаа одоо хадгалж байгаа юу?
Бямбасүрэн -
Хадгалж байгаа.
Хишигсүрэн -
Би яагаад ийм асуулт тавиад байна гэхээр одоо зөв бичгийн дүрэм гэж юм алга болж байна ш дээ.
Бямбасүрэн -
Аа ха.
Хишигсүрэн -
Зөв бичиж чадахаа больсон.
Бямбасүрэн -
Ер нь гайгуу шүү манайх. Манайх тойргийн сургууль гээд Бүрэг, Могодоос хүүхэд авдаг ш дээ. Тэгээд ерөнхийдөө бид нар бас судалгаа тандалт хийдэг л дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Ямар байна манай түвшин.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Ер нь гайгуу. Манай сургуулийг төгссөн хүүхдүүдийн бичгийн хэв за тэгээд зөв бичих дүрмийн алдаа малдаа бол ер нь өөр шүү.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Үүнийгээ манай багш нар сайн хадгалж байгаа. Манай монгол хэлний багш нар харьцангуй тогтвортой олон жил ажилласан агуу багш нар бий л дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Алтанцэцэг гээд монгол улсын зөвлөх багш байж байна.
Хишигсүрэн -
Яг одоо тиймээ?
Бямбасүрэн -
Тийм одоо. ... багш бий. Ардын боловсролын тэргүүний ажилтан. С. Алтанцэцэг гэж багш бий. Ерөөсөө эндээ тогтвор суурьшилтай ажиллачихсан. Залгамж чанараа маш сайн хадгалдаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Энийг ч сургууль өөрийнхөө бодлогоороо их дэмждэг.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Ер нь хүн зөв уншиж зөв бичиж байж л бусад шинжлэх ухааныг судална ш дээ. Тоо бодсон ч зөв уншиж байж бодно. Тэр утгаараа бид нар монгол хэлний сургалтыг нэлээд сайн дэмжиж өгдөг юм.
Хишигсүрэн -
Аа ха. Таныг хүүхэд байх үед тиймээ? ...
Бямбасүрэн -
Тэгээд тэр үед чинь чөлөөт цагаараа манай сумын манай сургуулийн хүүхдүүдийн онцлог бол тэшүүрээр их гулгана. Ер нь бидний чөлөөт цаг бол ихэвчлэн тэшүүрээр гулгана. Хагас бүтэн сайнд сумын клубтэй очиж кино үзнэ. 50 мөнгө кармаалж аваад кино үзэхээр явна ш дээ. Тэгээд сургуулийнхаа мод хөрөөдөх тэр ажлуудыг нэлээд их хийнэ.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Ер нь бараг л хагас бүтэн сайн болгонд сургуулийн түлээ хөрөөдөнө шүү.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тийм түлээ хөрөөдөнө. Тийм ажлуудыг хийнэ. Тэгээд гэртээ их ажилтай байсан ш дээ. Хүүхдүүд. Одоо суманд ганцхан худагтай. Ганц худаг дээр сумын төвийн урдаас ч ирнэ. Хойноос ч ирнэ. Хичээлээ тараад усаа авна. За модоо хөрөөдөнө хөдөөний хүүхдүүд чинь. Өдрийнхөө түлээг хөрөөдөнө. Хагална. Оруулна. Тэгээд сумын төвд байгаа айлууд чинь гаднаа хэдэн малтай. Манайх гэхэд хэдэн ямаатай. Тэгээд ямаагаа хариулдаг. Ийм л байсан. Тэгээд өдөр өнгөрнө ш дээ. Одоогийнх шиг тоглож наадах тийм юм байгаагүй.
Хишигсүрэн -
Одоо ер нь сумын төвийн хүүхдүүд юу хийж чөлөөт цагаа өнгөрөөж байх юм? Та нарын хүүхэд наснаас юугаараа ялгаатай байна?
Бямбасүрэн -
Одоо хүүхдүүд чөлөөт цагаа ихэнх нь сургууль дээрээ өнгөрөөж байна. Үдээс хойш янз бүрийн сонгон дугуйлан секцүүд хичээллэж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
За тэгээд спорт зааландаа өнгөрөөж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тэгээд бид нар үдээс хойш тодорхой хуваариар мэдээлэл зүйн кабинетдээ хуваарь гаргачихдаг. Тэндээ бас хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлнэ. Яг сумын зүгээс зохион байгуулаад байгаа юм байхгүй. Дээр үед сумын соёлын төвд ч юмуу клубт кино гардаг тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тийм юм байсан бол одоо байхгүй. Сургууль дээрээ тийм маягаар чөлөөт цагаа өнгөрөөж байна.
Хишигсүрэн -
Та багшийн дээдэд сурч байх үед та бол 80-аад оны дунд үед оюутан байна ш дээ. Тэгэхээр багшлах боловсон хүчин бэлтгэх ажил ямархуу явагдаж байсан бэ?
Бямбасүрэн -
Бид нарын үед ерөнхийдөө элсэлтийн бодлого нь одоогийнх шиг байсан юм шиг байгаа юм. Аймаг бүрээс нэг нэг ч байдаг юмуу? Тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Нэг ангиас 2, 3 хүүхэд байдаггүй байсан ш дээ. Тэгээд төгсөөд очихоор ажлын байр бэлэн. Хуваарилагдаад очдог. Одоотой адил ажлын байр яана олдохгүй молдохгүй гэсэн юм байгаагүй.
Хишигсүрэн -
Бодлогоор, төлөвлөгөөгөөр?
Бямбасүрэн -
Тийм. Бодлогоор төлөвлөгөөгөөр бэлддэг байсан учраас ажилтай.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тэгээд төрийн зардлаар стипент аваад цалин аваад сурдаг байсан. Онц сайн сурвал урамшууллаа авчихдаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Оюутны байрандаа 20-хон төгрөг төлөөд амьдарчихдаг. Тэр байдлаар би бас азтай үед л төгссөн дөө.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Сургалт бол сайн байсан. Манай сургууль. Сайн сайн сайхан багш нар бид нарт хичээл ном зааж байсан.
Хишигсүрэн -
Тухайн үед багшийн дээдийн хаана хичээллэдэг байсан бэ?
Бямбасүрэн -
Б корпуст хичээллэдэг байсан.
Хишигсүрэн -
Та бол 90 оны урд нэг жил л ажилласан юм байна ш дээ?
Бямбасүрэн -
Тийм 2 жил ажилласан. 88 онд төгсөөд 2 жил ажилласан.
Хишигсүрэн -
Ер нь тэр нийгмийн задрал явагдах нь гэсэн тийм дохио орон нутагт ажиллаж байгаа багш боловсон хүчинд мэдрэгдэж байсан уу?
Бямбасүрэн -
Яг тийм юм мэдрэгдэж байгаагүй. Яг тийм нийгмийн дохио мохио орон нутагт мэдрэгдээгүй. Гэнэт бид нар палхийтэл сонссон ш дээ. Улаанбаатарт тэгж гэнэ ингэж гэнэ гээд ...
Хишигсүрэн -
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсож байсан уу?
Бямбасүрэн -
Хүмүүсийн ам дамжиж л сонсож байсан. Улаанбаатар яваад ирсэн хүмүүс 12 сарын жагсаал цуглаан энэ тэрийг ирж ярьж тэгж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тэрнээс өмнө ямар нэгэн мэдээлэл аваагүй байсан.
Хишигсүрэн -
Бид хоёр нэлээд олон сэдвээр ярьж байхад ямар зүйлийг 20-р зууны түүх аман түүх болгож ярьвал үүнийг судалдаг, унших тэр хүмүүст хэрэгтэй мэдээлэл болно гэж та бодож байна? Үлдсэн юм байна уу? Ийм юм мэдэх хэрэгтэй гээд бид хоёрын яриа чинь явж явж 50, 60 жилийн дараа ч юмуу хэдэн жилийн дараа юм судалгаа хийж байгаа хүмүүст социализм гэдэг юм байгуулж байхад суманд ийм үйл явдал болж байжээ. Жирийн нэг сэхээтэн ийм байдалтай төрж ахуй амьдралдаа ингэж амьдарч байж гэсэн мэдээлэл авна л даа.
Бямбасүрэн -
Аа ха. Ерөнхийдөө социализмын үед өнөөдөр хүүхдүүдийн сонирхож байгаа хувийн амьдралаас илүү эдийн засгийн ....үнийн асуудал их сонин байдаг ш дээ. Нэг төгрөгний үнэ цэнийн тухай ойлголт тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тэр их сонин байдаг. Бүх юм цаанаасаа үнэ өртөг хямдтай тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тэгээд энэ үйлдвэр ингэж үүссэн гэдэг бас их сонин л доо. Том өөрчлөлт тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Том өөрчлөлт ш дээ.
Хишигсүрэн -
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед хатуу удирдлагатай эдийн засгийн үед улс төрийн өөрчлөлт гэхээсээ илүүтэй эдийн засгийн өөрчлөлт ...
Бямбасүрэн -
Сонин ш дээ. Улс төрийн өөрчлөлт бол байхгүй. Дарга нар байсан уу? Байсан. Ард түмэн байсан уу? Байсан. ..... Эдийн засаг үнэхээр өөрчлөгдсөн нь харагдаад байгаа байхгүй юу. Нөгөө талаас шашны талаарх хүмүүсийн ойлголт бас өөрчлөгдсөн ш дээ. Тиймээ?
Аа ха. Намайг бага байхад санадаг байхгүй юу. Одоо манай суманд Цэрэндагва гэж том лам бий л дээ. Энэ хүн бол миний нагац эгчтэй суусан тийм хүн байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тэгээд манайх урд талын гудамжинд тэднийн ар талын гудамжинд манай тэр ахын хашаанд ийм жижигхэн жижигхэн амбаарууд байдаг. Нэг амбаарт нь бурхан өрөөтэй. Хэн ч хаалгын нээлттэй байхыг хэн ч хардаггүй. Зөвхөн бид нар дээврийнхэн жаахан цоорхойгоор ингээд хардаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Хнн.
Бямбасүрэн -
Асар их бурхантай. Номтой. Ерөөсөө дүүрэн. Тэрний урд талын балин тавьчихсан дандаа шинэ байдаг. Тэгээд тэрийг тэр ах лам хэзээ орж .. бид нар ерөөсөө хардаггүй. Зөвхөн л тэр цоорхойгоор хардаг тийм байсан. Тийм сайхан юм цоожтой тийм амбаарт л байж байдаг байсан байхгүй юу. Тэгээд 90 оноос хойш тэр бүхэн задарч нийтэд ил тод болж хүн тэрийг үзэж нүдээ баясгаж сэтгэлээ баясгаж ингэж өөрчлөгдөнө гэдэг бол бас сонин л доо.
Хишигсүрэн -
Аа ха.
Бямбасүрэн -
Тэр их сонин санагддаг байсан.
Хишигсүрэн -
Тэр үед нууцаар бурхан шүтээнээ шүтдэг...
Бямбасүрэн -
Тийм шүтдэг байсан. Тэгээд тэр урд талын дээж мээж өдөр болгон солигддог байхгүй юу. Тэрнийг хэзээ ордог, тэрний хаалгаар хүн орж гарахыг бид нар ерөөсөө хардаггүй. Тийм л байсан. Гэтэл тэрийг амжуулж л байсан байхгүй юу. / манай эндүүр хүйтэн шүү/
Хишигсүрэн -
Бид хоёрын яриа өндөрлөж байх шиг байна. Таныг бидний урилгыг хүлээж аваад ярилцлага өгсөн явдалд баярлалаа.
Бямбасүрэн -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.