Bavuujav
![](../assets/images/interviewees/990294.jpg)
Basic information
Interviewee ID: 990294
Name: Bavuujav
Parent's name: Pülee
Ovog: Doshgon
Sex: m
Year of Birth: 1959
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: herder, Myangant herder
Belief: Buddhist
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Saihan sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
military
collectivization
herding / livestock
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За өнөөдөр 2009 оны 7 сарын 24-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд хийж байгаа ярилцлага үргэлжилж байнаа. Өглөө 8 цаг болж байна. Бид нар Бавуудорж Бавуужав гэж Сайхан сумын мянгат малчин айлд ирээд эхнэртэй нь цуг ярилцлага хийж байнаа. Тэгээд таныг бид нарыг ярилцлага авах зөвшөөрөл хүсэхэд зөвшөөрч ярилцлага өгч байгаад их баярлаж байнаа. Эхний асуулт ийм байна. Та өөрийнхөө түүх амьдралыг ярьж өгөөч? Хаана төрж өсөв? Хаана ажиллаж амьдарч байв? Эцэг эх нь ямар хүмүүс байв? Хэрхэн яаж хүмүүжив?
Бавуужав -
Манайхан энэ гол нутагт өссөн улс даа. Угалзын голд л төрсөн. Тэр үед эмнэлэг мэмнэлэгт очиж төрдөггүй.
Хишигсүрэн -
Гэртээ?
Бавуужав -
Тийм ёсоор хөдөө төрсөн хүн дээ.
Хишигсүрэн -
Гэртээ төрсөн тиймээ?
Бавуужав -
Тийм.
Хишигсүрэн -
Хэдэн онд төрсөн?
Бавуужав -
59 онд төрсөн.
Хишигсүрэн -
Тэр үед чинь уул нь эмнэлгийн үйлчилгээ гараад ирчихсэн байсан.
Бавуужав -
Байсан л байх. Хөдөөний малчин хүн. Ээж ааваас арвуулаа. Би айлын хоёр дахь хүүхэд нь. Дээрээ нэг эгчтэй.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Манай нэг эгч малчин. Мал маллаад явж байна. Би өөрөө малчин амьдралтай амьдарч явна даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Мал маллаад ...
Хишигсүрэн -
Таны хүүхэд нас ер нь яаж өнгөрөв?
Бавуужав -
Одоо яахав дээ. Хүүхэд насандаа би чинь аав ээждээ туслаад мал маллаад 3 жил цэрэгт явав уу? даа. Цэргийн албанд гурван жил явсан. Миний яасан юм тэр л байх шиг байна. Тэгээд дандаа хөдөөний малчин хийгээд сүүлд нь цэргээс ирээд адуучин болоод адуу маллаад арваад жил болсон байхдаа. 91 онд нэгдэлд ороод тэгээд хуваариа малаа маллаад л өөрсдөө бид хоёрын дундаас гурван хүүхэдтэй. Гурван ачтай ингээд л өчнөөн олон улсууд болчихсон.
Хишигсүрэн -
Хажууд чинь хоёр хүүгийнх чинь байна уу?
Бавуужав -
Хоёр хүүгийнх маань.
Эхнэр -
Хүргэн охин хоёр маань урд ... байдаг юм. Тэгээд мал маллаад төрд олигтой ажил олдоод амь залгуулаад байх юм байхгүй хэцүү юм шиг байна. Тэгээд хоёр хүүхдээ хэд хоног хүүхдээ сургуульд ортол мал малла гээд сая авч ирээд байж байгаа.
Хишигсүрэн -
Ер нь таны хүүхэд насанд тэр үеийн хүүхэд багачууд яаж эцэг эх нь хүмүүжүүлдэг, яаж өсгөж байсан? Одоогийн энэ хүүхдүүдээс ямар ялгаа байнаа?
Бавуужав -
Буруу юм хийвэл зодуулна шүү дээ. Хэн ч хамаагүй тавьчихсан сур оосроор, гараараа бол гараараа хүмүүжүүлж байлаа шүү дээ. Дэгтэй хүмүүжил юмуу даа нэг ёсондоо. Одоо эднийг чинь бид нар зодож чадахгүй л байна ш дээ. Жаахан юмнуудыг одоохондоо хэрэг хийгээд байх нь бага юм. Зоддог хүмүүс байсан. Одоо бол тийм юм байхгүй.
Хишигсүрэн -
Хэдэн наснаас эхэлж хөдөө мал малладаг айлын хүүхдүүд эцэг эхдээ тусалж эхэлдэг байсан бэ?
Бавуужав -
5, 6 наснаас.
Эхнэр -
Тэгээд сургуульд орохдоо хонь малдаа явдаг. Овоо сайхан ажил хийгээд тусад ороод ирэхээр зэрэг сургуульд явчихдаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Морь унаж сурахаараа бүр алсын хонь мал холын юманд яваад байдаг. Жаахан байхдаа бол яахав явган тугал мугал ойрын хонь мал орой үдэш авч ирээд л ялгаж барина. Тиймэрхүү тиймэрхүү ажилд нь туслаад ...
Хишигсүрэн -
Ер нь таны хүүхэд цагийн малчин айлын хүүхдүүд яаж өсөж өндийж юу ууж идэж, юу өмсөж хэрэглэж байсан? Одоо таны хүүхдүүд ач зээ нарын үе хоёрын хооронд ялгаа ер нь хир байх юм? Юугаараа ялгаатай байх юм?
Бавуужав -
Энэ одоо ерөөсөө тэнгэр газар шиг ялгаатай. Бидний өмсөж хэрэглэж байсан юм оросын даалимбаар л хувцаслаж байсан даа. Дээл хийж өмсөнө.
Эхнэр -
Шарвар хийж өмсөнө.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Одоо ч ноосон цамц мамц футболк мутболк гэдэг юм чинь тэр үед хүүхдийн хувцас битгий хэл том хүний ч хувцас байгаагүй ш дээ.
Эхнэр -
Одоо бол сайхан бэлэн хувцастай болсон доо.
Бавуудорж: Дээл өмсөнө гэхэд эрээн даавуу, даалимбаар хийнэ.
Хишигсүрэн -
Та сургуульд хэдэн настай орж байсан? Сургуульд орж байсан талаараа яриач? Таны үеийн 59 он гэдэг чинь 60-аад оны эхэн үед хөдөөгийн сумын сургууль ямар байв? Сургуульд малчин айлууд хүүхдээ өгөх дуртай байв уу? Дотуур байранд юу болдог байв? Хүүхэд байсан үеийнхээ тухай хоёулаа жаахан яръя. Сургууль соёлын талаар?
Бавуужав -
Сургуульд би олон жил яваагүй шүү. 2, 3 жил явсан.
Хишигсүрэн -
Онцлогтой тиймээ?
Бавуужав -
Тийм.
Хишигсүрэн -
Төрөх эмнэлэгт төрөөгүй. Сургуульд сураагүй. Яагаад тэгж байсан юм бол?
Бавуужав -
Яахав дээ. Тэгээд ...
Эхнэр -
Гаргаж авахаас өөр аргагүй болоод тэгж байсан юм байгаа биз.
Бавуужав -
Тогтохгүй хүүхдийг тэгээд яахав.
Хишигсүрэн -
Гэрээ санаснаас болоод та сургуулиас ...
Бавуужав -
Тийм. Гэрээ санаснаас болоод. 9 настай орсон байхаа би. Тэгж санаад байна. Аваачаад нэг байранд яахав дээ. Тэр үеийн байр хүйтэн хэцүүхэн байсан байх. Тэгж санагддаг юм. Хойшоо харсан нэг цагаан байшин.
Эхнэр -
Баахан склад мискладтай.
Бавуужав -
Байр гэж хоргоогоод. Одооны хүүхдүүд бол тохитой. Байр майран ч тохитой болчихсон юм байна лээ.
Эхнэр -
Тэр үед нэгдлийн мал хаяж орох эрх байхгүй. Тэгээд гаргаад авчихаж байсан юм байгаа биз. Дээр үеийн хүүхдүүд их л бага гарчихдаг байсан.
Хишигсүрэн -
Түүнээс биш эцэг эх нь хүүхдээ мал малла гар гэж гаргасан юм биш ...
Бавуужав -
Тийм юм бол биш. Нэгдлийн малыг маллуулж амьдруулъя гэсэн арга л юм даа. Өөрсдөө хүүхэд нь тогтохгүй. Өөрсдөө хүүхдийнхээ аяыг хараад хүүхдээ сургуульд сургачих боломж байхгүй. Тийм учраас тэгээд гарчихсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Та ер нь сургуульд сурах дур сонирхол хир байсан юм?
Бавуужав -
Тэгээд дуртай байсан бол тэгээд чирэгдээд тэгээд яваад байх байсан байх. Дургүйдээ л гарч байгаа ажил юм даа.
Хишигсүрэн -
Дургүй болох шалтгаан нь юу байсан юм? Гэрээ санасан уу?
Бавуужав -
Гэрээ санасан. Багшид ч нөлөө байж болно. Загнаж бариад дарамтлаад байвал бас хэцүү. Тийм багшаас болоод гарчихсан гэсэн юм надад байдаггүй. Тэгээд яахав дээ. Эрэгтэй хүүхэд гэдэг одоо ч гэсэн нэг тийм малд их сонирхолтой байдаг. Даа ялангуяа адуу гэдэг маланд эрэгтэй хүүхэд их сонирхолтой байдаг. Адуу сонирхох, тамхи татах тиймэрхүү өөдгүй ажил их хөөцөлдөж байж .../ инээв/
Хишигсүрэн -
Ер нь хүүхэд настай холбоотой таны хамгийн их сэтгэлд үлдсэн дурсамж юу байна?
Бавуужав -
Тоглож бариад явж байсан газар энэ тэр сэтгэлд байж л байдаг юм. Дүү нар мал хард яваад энээ тэрээ янз янзын юу гаргаад яаж байсан. Пакталж байсан гэмээр юмуу. Тиймэрхүү юмнууд сэтгэлд байж л байдаг юм. Хонинд явж байгаад хониныхоо цаад талыг харахгүй тоглож сууж байгаад чононд хүртэл хөөлгөөд л хонио чононд бариулчихаад хүртэл аав ээжээ нууж байсан. Тэгж байсан. Тэгж байсан түүх байлгүй яахав. Байж л байдаг юм.
Хишигсүрэн -
Чононоос айх уу? Хонины захад чоно ирэхэд жаахан хүүхэд?
Бавуужав -
Айлгүй яахав. Айхын хувьд айна. Тэгээд тоглож байгаад чоно моно ирнэ гэдгийг ойлгохгүй тоглож байж хонь бариулчихаад хонио цаанаас нь үргээд гараад ирэхээр зэрэг яахав нэг юм хашгираад яахаар цаадах нь хүний дуунаас айдаг амьтан болохоор нэг юм цаашаа яваад тэгээд нөгөөдөхийгөө нэгэнтээ бариулчихсан, алуулчихсан юм болохоор жалганд ганганд хийж нууж дарж л байсан тийм л түүх байдаг л юм даа. Айгаад чононд хонио өгсөн гээд алуулна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Буруу хэрэг хийсэн хүн чинь.
Хишигсүрэн -
Та тэгээд хэддүгээр ангиас сургуулиас гарсан юм вэ?
Бавуужав -
Би ерөөсөө 3-р ангиас гарсан.
Хишигсүрэн -
3-р ангиа төгсөөд?
Бавуужав -
Төгсөөд.
Хишигсүрэн -
Одоо тэгээд сургуулиас гарсандаа харамсдаг ч юмуу ...
Бавуужав -
Харамсалгүй яахав. Хүнд боловсрол хэрэгтэй байдаг юм хойно. Нэг их айхтар алдсан ч юу юм болоо? Гайгуу амьдрал боломжтой яваад байгаад их баяртай явдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Сайхан нутагт, сайхан аав ээжтэй өссөн юм байна. Эндээ бас хангамжтай байдаг юм.
Хишигсүрэн -
Танай аав, ээж ер нь бусад хүүхдүүдийн аав ээжээс юугаараа ялгаатай вэ?
Бавуужав -
Одоо зөв л хүмүүжүүлээд өгчихсөн улсууд. Хулгай хийж болдоггүй юм. Худлаа ярьж болдоггүй юм. Оногдсон мал хөрөнгөө сайхан маллаад амьдардаг юм гэсэн хүмүүжлийг олгож өгсөн улсууд гэж би боддог юм. Тэр гол нь надад амьдралд хэрэг болж байна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Та тэгэхээр хэдэн онд цэрэгт явсан гэсэн үг вэ?
Бавуужав -
77 онд цэрэгт явсан.
Хишигсүрэн -
Тэр үеэр цэрэг татлага гэж юу болдог байв? Улсууд цэрэгт явах дуртай байв уу? Зугтдаг байв уу? Ер нь цэргийн амьдралтай холбоотой юм хоёулаа ярих уу?
Бавуужав -
Ер нь цэрэгт 3 жил явчихдаг. Арай ч үнэтэй хүндтэй байсан юмуу? Цэрэгт явахад тэгтлээ их зарим нь зугатааж байсан байх.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Зүгээр 2 жил, 3 жил өнжөөд 20 энэ тэр гараад ирэнгүүт бас явамгүй болдог байсан байх.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Авгай хүүхэдтэй ч болдог юмуу? Янз бүрийн юмнаас би тийм юм байгаагүй. Ерөөсөө л 18-тай хүүхэд өөрөө дурлаад явсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Цэрэгт явахдаа аягүй дуртай явсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Бушуухан цэрэгт явж хаана гэсэн зорилготой.
Хишигсүрэн -
Би бас суманд өссөн хүүхэд байхгүй юу. Намайг жаахан байхад цэргийн залуучууд явах гэж байна гээд цэрэгт явахын өмнө хувцас тааруулж өгдөг ч юмуу? Яадаг юм? Нэг л их ижилхэн хувцас өмссөн дээлтэй залуучууд 20, 30 морь уначихсан залуучууд айл айлаар ороод явдаг байсан. Танай нутагт тиймэрхүү юм болох уу?
Бавуужав -
Цэрэгт явна гээд ах дүү, нутаг нугынхаар орно. Явах гэж байгаа гэж ирлээ гэж бас дарвиж давхина. 6 сарын үед айраг тараг гараагүй үед тэглээ ч гэсэн яахав ах, дүү нараараа хэснэ л дээ. Нутгаараа орж найз нөхдөөрөө тэгж хэсдэг байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Зун ирсэн үед цэргээс ирсэн жил 2 сар хэртэй сайхан айрагдана.
Эхнэр -
Гоё морь унаад тэр үед морь их унадаг байлаа. Одоо ч мотоцикл, машин унаад давхидаг юмаа тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Эхнэр -
Тэр үед чинь аль болохоор гоё эмээл, хазаар хэрэглээд гоё морь унаад морийг чинь их гоё чимж, гоё явдал мавдалтай морь тэгээд бас гоё хэлбэр дүрстэй, гоё бие хаатай морь байдаг ш дээ. Тиймэрхүү юмнуудаа л их унаж явдаг байсан. Тийм залуучууд байдаг байлаа. Намайг жаахан хүүхэд байхад ч гэсэн мориор л их гоёдог байсан. Тэгээд машин, мотоцикл морийг бүр үзэхээ байсан байна. Гоё эмээл, хазаар хэрэглэе ч гэхгүй. Эмээл хазаар байсан ч тэрийг дээш нь татах ч юм байхгүй.
Бавуужав -
Одоо яахав орчин нь тийм болчихсон юм даа. Хятад Ява аваад уначихдаг болсон юм байна ш дээ. Мал нь юм нь элбэг юм болохоор Ява ч гэсэн элбэг л байх юм.
Хишигсүрэн -
Аа ха. Танай аав чинь нэг ёсондоо танайх агент хийгээд мал малладаг айл байсан юм байлаа ш дээ.
Бавуужав -
Тэгсэн юм.
Хишигсүрэн -
Тэгээд бригадын агент айл жирийн малчин айлаас жаахан ялгаатай л байж таарна даа. Ер нь ямархуу байсан бэ? Та юу ажиглаж байсан?
Бавуужав -
Ялгагдах юм байхгүй ш дээ. Агентын бараа гээд илүү гэр барьчихаад наймаа хийдэг бараатай. Тэрийгээ дандаа нүүж суухад хүндрэлтэй байсан ажил.
Эхнэр -
Явж малын түүхий эд цуглуулдаг байсан байх тиймээ?
Бавуужав -
Аав бол ерөөсөө л тэр агентынхаа ажлыг хийнэ. Тэгээд тэднийх гурилгүй болсон гэнэ. Тэднийд гурил хүргэж өгнө. Тэндээс тийм түүхий эд авна. Ер нь гэрт байх хугацаа цөөн байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Арын алба ажлыг яахав би ээжтэйгээ дүү нартайгаа болгоод байдаг. Тийм л амьдралтай байсан. Манайх.
Хишигсүрэн -
Цэрэгт хаана та цэргийн алба хаав? Цэргийн амьдрал ямар байсан юм? 3 жилтэй тэр цэрэг. Цэрэгт татагдаж байгаа байдал, хуваарилагдсан тэр 70-аад оны, 80-аад оны цэрэг гэдэг чинь жинхэнэ айхтар үе ш дээ.
Бавуужав -
Тэр чинь одоо яахав дээ. Цэрэгт явахад хот мот гэдэг юм мэдэхгүй. Тэр байтугай Булган цөөхөн орж үзсэн. Хот орчихоод хаашаа харснаа мэдэхээ байчихдаг байсан юм. Төөрчихнө.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Хот руугаа хаанаасаа ч яваад орчихож байгааг мэдэхгүй. Тэгээд төөрчихөөд байдаг байсан. Толгой эргэчихээд. Тэгээд 45 хоног крантинд тэгээд цэрэг болгоод казарамд аваачаад олууланг нь хийчихдэг. Биенийгээ дагаад цэргийн амьдралд дасчихдаг даа.
Хишигсүрэн -
Нутаг нугаараа ялгарах уу? Оны ялгаа гэж байсан уу? Цэргийн дарга нар дэглэдэг байсан гээд бид нар сураг сонсоод байгаа болохоос яг юу болдог байсан.
Бавуужав -
Оны ялгаа малгаа бол байна л даа. Дээр оныхныгоо хүндлэхгүй бол зодуулна ш дээ.
Хишигсүрэн -
Хүндэлнэ гэхээр яахав?
Бавуужав -
Одоо яадаг юм цолтой нэгийг нь цолоор нь хэлнэ. Цолгүй нэгийн ахаа л гэж дуудах байхдаа. Тэр та гээд л ...
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Тийм маягаар л хүндэлж ...
Хишигсүрэн -
Цэрэг дэглэдэг байсан. Оны ялгаа байсан гэж яриад байдаг. Яг бодит юман дээр байсан юмуу?
Бавуужав -
Байлгүй яахав. Зөндөө байсан.
Хишигсүрэн -
Тэр ялгаа яг юугаар илрэх вэ?
Бавуужав -
Доод талынхаа хүнийг ...
Эхнэр -
Үгүй дээ гэхэд байр юугаа цэвэрлүүлнэ.
Бавуужав -
Шал хүртэл арчуулж байх ийм л гутал байвал алив чи гутал тослоод ир гээд тиймэрхүү ажлаа л дандаа хийлгэж байдаг.
Хишигсүрэн -
Зодож барих уу?
Эхнэр -
Хий гэсэн юмыг хийхгүй бол зарим нэгийн хийгээд байвал гайгуу байдаг юм байгаа биз.
Хишигсүрэн -
За тэгээд цэрэгт байж байх хугацаандаа цэрэгт үлдээд цэргийн хүн болдог ч юмуу? цэрэгтээ дахиад үргэлжлүүлээд сураад сургуулиа нэгмөсөн төгсөөд сургууль соёл гээд явдаг улсууд байдаг. Ихэнх нь эргэж ирдэг. Та бол эргэж ирсэн юм байна ш дээ. Өөр ямар нэгэн зам та яагаад сонгоогүй юм бол? Эргэж ирэхээс өөр бодол төрж байсан уу?
Бавуужав -
Үгүй ерөөсөө тийм бодол төрж байгаагүй. Нэгдлийн адуучин болох л бодолтой байсан хүн. Ерөөсөө л мэргэжилдээ ханачихсан.
Эхнэр -
80 онд.
Бавуужав -
80 онд ирээд 81 онд адуу аваад л тэгээд адуучин болоод л ...
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Адуучин болоод нэгдлийн мал маллаад тэгээд явж байх амьдрал тэгж явж байгаа улсууд сайхан харагдаад тэрийг л харж л ...
Хишигсүрэн -
Ер нь адуучны ажил тухайн үеийн нэгдлийн мал маллаж байгаа улсууд дотроо хамгийн хөнгөн ажил уу? Эсвэл их нэр хүндтэй ажил уу? Та юу гэж боддог вэ?
Бавуужав -
Нэлээд хүнд ажил байсан юм. Хөнгөн ажил байгаагүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Яахав надад залуу хүнд бол адуунд нь дурлаж байсан юм байхдаа.
Эхнэр -
Тэрнээс биш яг хоёр хүнд бол хүнд ажил байсан л даа. Тэр их олон адуугийг чинь тэгээд элдэнэ, хөөвөрлөнө. Тэгээд саалийн үүрэг их байлаа. Нэг айл гэхэд чинь 13 тонн айраг зундаа авч өгдөг байлаа ш дээ. Тэр их айрагийг ачна. Тэгээд авч явж л мөнгө болгож байсан юм байлгүй дээ. Сар сараар нь үүрэг өгчихнө. 7 сар гэхэд төчнөөн тонн айраг, 8 сард төд гээд л тэгээд 10 сар хүртэл 11 сард ч хагас хүртэл.
Бавуужав -
11 сар 6 сар хоёр хагас нийлүүлээд сар болгоод ...
Эхнэр -
Тэгээд тэр их үүргийг чинь хийхгүй бол болохгүй бид нар чинь. 5 төгрөг авдаг байсан бол түүнийгээ авахгүй болно. Тэгэхээр зэрэг тэрийг их шамдаж хийнэ дээ. Гүүг байгаа бүгдийг нь хамж уяна. 100 хүргэж гаргаж уяж байлаа. Тийм ажил чинь хоёрхон хүнд аягүй хүнд ажил байхгүй юу. Ерөөсөө л гадаа өнждөг. Айраг таргаа иднэ. Харанхуй гүү малаа тавьж л бүлнэ. Тэгээд хүүхэд шуухад нялх. Яг нэгдлээс гарахад манай хүүхдүүд нэгдлээс гарахад дээд тал нь 7, 6 байсан. Нэгдэлд байх хугацаанд ийм жаахан нялх юмнууд юугаа хийхэв. Адуун дээр бол ямарч хариугүй байгаа юм. Айраг ч бүлж чадахгүй. Бид хоёр 83 онд айл болоод тэгээд жил дараалсан 3 хүүхэдтэй. Тэгээд нэгдлийнхээ малыг маллаад дэл хөөвөр мөөвөр чинь хоёр хүнд хүнд л дээ.
Хишигсүрэн -
Нэгдлээс сумын төвөөс улсууд хуваарилагдаж ирээд ...
Эхнэр -
Яахав хавар нэг / зэрэгцээд яриад сонсогдохгүй байна./
Бавуужав -
Хоньчин моньчин хонь мал дээр л тийм нэг туслалцаа өгдөг.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
45 хоног ч билүү?
Эхнэр -
14 хоног байх.
Хишигсүрэн -
Ийм юм асууя. Ер нь адуучин айлын амьдрал нэгдлийн мал маллаж байхад яаж өнгөрдөг байсан гээд хэлэхээр та хоёр ерөнхийд нь хөөвөр ингэдэг байсан. Тэгдэг байсан гэж байна ш дээ. Нэг өдөр яаж өнгөрөх вэ? Нэг улирлын ажил ямар байх вэ? Тэр ер нь хүний хүчнээс давсан ажил байсан юмуу? Таарсан тохирсон ажил байсан юмуу?
Эхнэр -
Ер нь нэгдэлд чинь манайх хамгийн сүүлд адуу маань 800 хүрч байлаа.
Хишигсүрэн -
Пөөх ... Суурь хонь шиг байна ш дээ.
Эхнэр -
Тэгээд нэг айлд чинь 16, 17 хэсэг азарга байгаа юм. Тэр бол нэг хүнд зөндөө л ахадсан ажил байхгүй юу.
Хишигсүрэн -
Хонь шиг байна ш дээ.
Эхнэр -
Ер нь бол ахадсан ажил байсан. Гэхдээ яахав мал нь сайхан юм.
Бавуужав -
Айрагны үүрэг аягүй их байсан.
Хишигсүрэн -
Айрагны үүрэг л их зовлонтой байсан юм байна.
Бавуужав -
Хөөвөр бас их хэцүү.
Эхнэр -
Тэр их адууны чинь дэл хөөврийг авах гээд л одоо бол хүмүүс завтай байна. Хамжаад дэмжээд өгнө. Тэр үед амьтан бүгд өөрсдөө малтай болохоор тусалчих хүн олдохгүй. Хэнийгээ гуйж ирэх вэ? бас ажилтай. Яах вэ? мал адуу гэдэг амьтан хийморьтой амьтан болохоороо бас ирдэг л дээ. Айрагийн уух гээд хүрээд ирнэ. Бас ганц нэг татуулаад авна. ...
Хишигсүрэн -
Туслаж дэмжих хүмүүс бол олдоод л байдаг?
Бавуужав -
Олдоод байдаг.
Эхнэр -
Хоёулахнаа байх цаг үе бол зөндөө л байна л даа. Хааяа хааяахан хүн ирээд туслах хүн байна. Тэгээд ихэвчлэн хоёулаа л байна. Тэгээд яахав нэг юм хийгээд болоод байна. Хэдэн хүүхэд нялх тэгээд хүүхэд мүүхэд тэр үед их ажилтай байсан болохоор анхнаасаа нөгөө авч сураагүй тийм хүүхдүүд уйлна барина гэсэн тийм юм ч байхгүй.
Хишигсүрэн -
Би бас тэрийг асууя гэж бодоод байсан. Тийм их малтай хуйтай гэрт орох завгүй ажил хийж байж нялх нойтон хүүхдүүдийг яаж өсгөж байваа?
Эхнэр -
Манай энэ хоёр банди гэхэд чинь хоёулаа нэгэн 9 сарын 5-нд нэгэн 83 оны 9 сарын 5-нд, нэгэн 84 оны 9 сарын 5-нд яг ой дээрээ гарчихсан. Тэгээд яана гэж хүний эх л юм болохоор гадаа их ажилтай үед хүүхэд маань юу болж байгаа бол баас шээстэйгээ холилдож байгаа болов уу? гэж айна л даа. Зовж л явна. Орж ирэхэд тэгчихсэн л байна. Тэгээд нэг юм салгаад авна нөгөө хүүхдийг чинь тэгээд л яах вэ? гэдэс нь л цатгалан бол хөөрхий минь гайгуу. Айрагны шавхруу хамаад л яах вэ? нэг юм уугаад л арай гэж нялх юмнууд болохоор нэг юм хооллуулж унтахаас өөр аргагүй болдог. Нэг хоол хийж өгнө. Өглөө яагаа ч үгүй үүр шөнөөр адуунд мордоход нь мордож бас нэг гурилан идэх юм хийж өгнө. Нялх юмнууд болохоор. Тэгэхгүй бол дан үүгээр хооллож чадахгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Эхнэр -
Тэгээд өөрсдөө ажилтай улсууд юм болохоор зэрэг хүүхдүүд гэдэс цатгалан бол орилоод бархираад байх юм байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Өөрсдөө мөлхөж яваад хүн болчихсон.
Эхнэр -
Тэгээд өөрсдөө мөлхөөд, гадаа наранд халаад л гадаа унтах нь ч унтаад л тэгээд л өөрсдийнхөө зөнгөөрөө. Нэгдлийн малаас нэг их дээргүй л ...
Хишигсүрэн -
/ Инээв/ Дутуу шахуу?
Эхнэр -
Нэгдлийн малыг үхчихнэ хатчихна гээд бид нар их хөөцөлдөнө ш дээ. Энэ муу сайн хүүхдүүдийг яахав дээ. Тэгээд нэг юм байрын хараад галд оруулчихгүй шиг халуун юм татуулчихгүй шиг тэр талын нэг анаад л тэгээд өөрсдөө зоргоороо өссөн. Тэгээд сүүлд овоо болсон хойноо хүүхэд мүүхдээ охиноо үзүүлж байхад жаахандаа ямар байсан. Яадаг байсан гээд манай охиныг чинь зүрхний цоорхой байдаг. Баахан юм асуусан. Нэг эмнэлгээр үзүүлсэн чинь. Тэгээд би ямар сайндаа тэгдэг ээ мэдэхгүй би ерөөсөө хүүхдийг ажиглаж мажиглаж мэдэж байгаагүй.
Бавуужав -
Уруул ам нь хөхөрч байсан уу? гээд асуудаг юм байна лээ. Тэрийг чинь ерөөсөө ...
Эхнэр -
Би одоо хүртэл хүүхдүүдээ тэгдэг юм. Тэгээд байна ээжээ. Энэ хүүхэд ингээд байна. Одоо яах вэ? гэдэг юм. Би ерөөсөө мэдэхгүй.
Хишигсүрэн -
/ Инээв/
Эхнэр -
Ээж нь ерөөсөө мэдэхгүй ээ. Наадуул чинь ханиад шуухниа ч хүрч байсан юмуу? Хүрээд дуртайдаа хүн болчихсон юм байгаа юм. Нарийн юм ээжээсээ ерөөсөө асуулт байхгүй гэдэг юм хүүхдүүддээ.
Хишигсүрэн -
/ Инээв/ Аа ха. Аа ха.
Эхнэр -
Ёстой залуухан 20 наснаас 23 насны хооронд манай 3 хүүхэд гарсан. Одоо охин маань энэ байна. Тэгээд цаадах чинь дунд банди. Тэгээд энэ урд байшингийн айлын залуу байгаа. Хамгийн том банди маань.
Хишигсүрэн -
Аа ха.
Эхнэр -
Тэгээд хөөрхий минь тэр үед өөрөө хүүхэд байсан болохоор тэр их ажлын үеэр эд нарыг яадаг ийдгийг ерөөсөө мэдэх юм байхгүй.
Хишигсүрэн -
Хүүхэд харж тусалдаг хүн байхгүй?
Эхнэр -
Байхгүй. Ээж аав өөрсдөө адилхан малтай. Дээр үеийн хүмүүс чинь өөрсдөө олон хүүхэд гаргана. Хөөрхий минь. Хүүхэд шуухадтайгаа зэрэгцээд бишгүй дээ төрж байсан юм чинь. Өөрсдөө бас л ялгаагүй. Хүүхдүүд нь бага. Тэгээд нэгдлийн малтай. Бид хоёрт туслаж чадахгүй. Яах вэ? Айл аймаг байвал хаая хүүе гээд орж гараад байлгүй л яахав. Тэгээд ээжээсээ асуух юм байхгүй. Мэдэхгүй мэдэхгүй гээд ...
Хишигсүрэн -
Харин унага яаж татдаг юм гээд адуу малтай холбоотой юмыг сайн мэднэ биз дээ.
Эхнэр -
Сайн мэднэ.
Хишигсүрэн -
/ Инээв/
Бавуужав -
Адуугаа хаших хашаа ч барьчихдаггүй байж тэр үед. Дан гадаа уургална.
Эхнэр -
Гадаа л уургалаад л, бариад л ямарч адуу байсан чихдээд л авна.
Хишигсүрэн -
Аа ха.
Эхнэр -
Хашаа хороонд шахаж байгаад. Гүү байсан ч хамаагүй би очоод л атгаад авна. Одоо бол нэлээд хэд хоног уячихсан унаганд хүрч чадахгүй. Хоёуланхнаа юм чинь. Одоо хүүхдүүддээ тэгдэг юм. Бид хоёр та нарыг багад ингэж хийдэг байсан.
Бавуужав -
Залуу чадалтай байж.
Хишигсүрэн -
Аа ха.
Эхнэр -
Тэгээд хоёулаа адуу дэллэнэ. Шүдлэн адуунаас доош даага, шүдлэн амархан. Хязаалан, соёолон болохоор аргагүй хүн гүйцэгдэнэ ш дээ. Надаар нэг юм даруулаад нэг юм сууна. Аягүй бол нөгөөдөхөө алдчихна. Тэгэхээр зэрэг арай гэж унагаасан юмыг алдчихна. Бас их хэцүү. Тэгээд хоёулаа адууны дэл хөөвөр гээд хавар нэг сар хиртэй нэлээд сайн юу яана даа.
Бавуужав -
Тэгээд ахин дахин ноцолдоод байж ядарна. ...
Эхнэр -
Одооны улс сайхан болчихсон юмаа. Завтай чөлөөтэй. Одоо тэгээд өөрсдөө хувийн юм чинь тавиад өгөх үедээ тавиад өгчихнө. Өөрсдөө идэх уух саахсан гэвэл тэгээд яахав. Тэгээд тэрэн дээрээс доод талын хүүхдүүд тэгээд яахав гараас гарахгүй ... жаргалтай сайхан л амьдарч байна. Бид хоёр 11 жил зүтгэсэн дээ. Нэгдэлд.
Хишигсүрэн -
Аа ха.
Эхнэр -
11 юм болов уу?
Бавуудорж -
Тийм байх.
Хишигсүрэн -
Нэгдлийн адуу маллаж байгаа айл хоёулаа нэгдлийн гишүн, хоёулаа цалин авах уу?
Эхнэр -
Хоёулаа яахав авна.
Бавуужав -
Тэр чинь цалин бас их бага байсан юмаа.
Эхнэр -
Цалин их муу л даа.
Бавуужав -
Дээр үед даагын унагын унага ч яах вэ? дээ. Төлийн мөнгө гээд жилдээ цалин байхгүй. Төлийн мөнгө гэж авна. Даага бол цалинд орно. Даага, гүү хоёрын цалин арай өндөр. Морь 25 мөнгө байна уу? Тиймэрхүү.
Хишигсүрэн -
Пөөх сарын хөлс?
Бавуужав -
Тийм. Өөртөө хэрэгцээтэй бол тэр хүн байлгана. Хэрэгцээгүй бол актанд өгчих хэрэгтэй. Тийм учраас муу байдаг байхгүй юу. Цалингийн бага байлгадаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха. Адуун дээр хорогдол хир гардаг юм бэ?
Бавуужав -
Гарна л даа. Гайгуу дээ. Айхтар халдвартай өвчин гараад олон мал үрэгдэхгүй бол гайгуу л байдаг юм.
Хишигсүрэн -
Ер нь хувьчлал яаж зарлагдаж байсан? Нэгдэл яаж тарав? Танайх энэ үйл явцад ямар байдалтай оролцов?
Бавуужав -
Энэ хувьчлал мувьчлалаар тарна барина гэхэд ерөөсөө итгэж чадахгүй байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Нэгдэл гэдэг юм чинь хөрөнгөө тараагаад хүмүүст май май гээд өгчих худлаа байх гэж бодож байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
... Тэгээд сүүлд тарах юм байх гэж ойлгож хэдэн мал аваад юу яасан даа. Хувиараа мал авч тэгж гарсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Анхлаад би олон түмнийг харъя даа. Яадаг юм бол гэж бодож байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Хувиараа мал аваад гарах нь зөв байх гэж өөрийнхөө толгойгоор би ойлгож чадаагүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Олныг л харъя. Жишгийг харъя гээд сүүлдээ нэгдлээс гарах боллоо гар мар гээд нэгдлийн дарга нар зөвшөөрөөд л аймаг сумын дарга нар тэгээд за энэ нь зөв юм байна гээд тэгээд л гарсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Тэгээд гарахад надад нэг хүнд нь хуваахаар зууны 70%-ийн өгч гаргасан малчдад.
Хишигсүрэн -
Ер нь танайхан хэдэн малтай гарч байсан бэ?
Бавуужав -
Хүүхдэд тэр чинь хувьчлалаар 3 хүүхдэд өгөөгүй. Сүүлд нэгдэл тарж байж хүүхдэд олж авсан байх.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Тэгээд бага шиг мал авсан. Уул нь нэгдэл нь бол компани гэж болоод тэгээд компани болсон нь болохоор илүү мал авчихсан юм. Урд нь нэгдэл мэгдэл тарах ёстой гээд авсан улсууд арай бага мал авсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Манайх түрүүлж гарсан. 70 хэдэн өрх гарсан.
Эхнэр -
70 хэд хүрч чадсан юм болов уу? даа. Хэдэн өрх л гарсан юм. Сүүлдээ нийтээрээ 90 онд тэгж гарч байсан юмуу?
Бавуужав -
Тийм байх.
Эхнэр -
91 онд нэгдэл тэр аяараа улсуудаа тараагаад тарсан юм байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Эхнэр -
Тэгээд яахав дээ. Нэгдлээс гарахад бид нар чинь хаашаа юм бэ? 7, 8 тугалтай үнээ, 50, 60 хоньтой гарсан байх.
Бавуужав -
Тийм л байх.
Эхнэр -
Тэр л хавьцааны малтай гарсан.
Хишигсүрэн -
Аа ха. Адуу хир олон байх вэ?
Бавуужав -
Адуу яах вэ? Өөрөө маллаж байсан учраас ахиухан шиг гарсан шүү. Адууны хувьд олон адуутай гарсан.
Хишигсүрэн -
Аа ха. Нийтдээ 100 толгой мал хүрэх үү?
Бавуужав -
200-аад толгой малтай гарсан байх. Адуу юутай ийтэйгээ 200 гаруй толгой малтай гарсан.
Эхнэр -
Адуу бол өөрсдөө маллаж байсан. Гарахын алдад амины маань адуу өсчихсөн. Нэгдлээс авалт ялгаагүй хоёр хүний хувьцаа хэд оногдож байсан юм болдоо? Тэрийг л авсан байх.
Бавуужав -
Юу юм байгаа юмаа. Ерөөсөө нэг нийгэмчилгээ гэж 80 хэдэн оноос хойш явагдаагүй байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Тэгээд адуу маллаж байгаа улсууд адуугаа өсгөх сонирхолтой.
Хишигсүрэн -
Аа ха.
Эхнэр -
Тэрнээс нэгдлээс өгсөн бол биш.
Бавуужав -
Овоо адуутай байсан.
Эхнэр -
Яахав нийгэмчилгээгээ авахгүй бас хоёр гурван жил болоод тэр хооронд адуу нэлээд өсөөд тэгээд нэгдлээс гарахдаа бид хоёр адуу ихтэй гарч байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Эхнэр -
100 гаран адуутай гарч байсан.
Хишигсүрэн -
Одоо танайх хэдэн адуутай вэ?
Бавуужав -
Одоо 300-аад юм байгаа болов уу?
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Тэр багцааны адуу байгаа.
Хишигсүрэн -
3, 4 айл болоод салчихсан.
Бавуужав -
Тийм. Одоо 4 айл болж байна даа.
Хишигсүрэн -
Мянгат малчин хэдэн онд болж байсан?
Бавуужав -
5 онд. 2005 онд болсон байхаа.
Хишигсүрэн -
Одоо ингээд танай хүүхдүүдийнх танайх нийлээд мал нийтдээ тоо толгойн хэд хүрч байгаа бол?
Бавуужав -
Ямарч байсан 2600, 700 шахуу юм байгаа байхаа.
Хишигсүрэн -
Аа ха. Мал ер нь сүүлийн 2000 он гарснаас хойш ч юмуу хэдий үед ингэж их өсөв? Ерөөсөө л хувьчлагдсан 90-ээд оноос өссөн үү?
Бавуужав -
Ер нь өссөн. Тэгсэн зуд турхан болоод үхэр адуу их хорогдсон.
Эхнэр -
Үхэр манай энэ Сайханаар их ховордсон.
Бавуужав -
Одоо яахав зуднаас хойш сайхан өсөж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Эхнэр -
Тэрнээс биш нэгдэл тараад овоо сайхан өсөж байсан юм. 2, 3 жилийн дараа нэлээд сайн байсан.
Хишигсүрэн -
90-ээд оны эхэн үеийн эдийн засаг хямарч байх үед нэгдлийн мал хувьчлагдсан ш дээ. Картны бараа гээд юм ховор тиймээ?
Бавуужав -
Тийм.
Хишигсүрэн -
Ховордоод эхлэх үед тэр үед айлууд үндсэндээ хонин төгрөгтэй байсан гэдэг яриа байгаад байгаа ш дээ. Ямарч төлбөрийн хэрэгсэл бэлэн мөнгө байхгүй. Юу ч худалдаж авсан хамаагүй хонь бариад өгчихдөг. Тэгээд бардаг нь их болсон гээд тэгж байгаа юм. Ер нь хамт нэгдэлд мал маллаж байсан малчин улсууд мал маллаад сумын төвөөс ч улсууд гарч байсан байх. Ямар улсуудын мал өсөөд, үржээд яваад өгөх юм? Ямар нь хоосроод барагдах юм? Ер нь тэр малтайгаа хоцорч чадаж байгаа нь их байна уу? Хоосорч байгаа нь их байна уу?
Бавуужав -
Яах вэ? Манай нутаг чинь яахав бас харьцангуй гайгуу бүгд амьдрал гайгуу. Ер нь гадны залгаа малгаа сумын тиймэрхүү айлууд байдаг. Манай энд ч ганц нэг тийм айл байдаг.
Эхнэр -
Нэгдэл тарахад гарч ирээд аягүй их малтай болчихсон улсууд байж л байдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Эхнэр -
Дээр үеэсээ малаа маллаад малаа маллаж байгаад мал нь багасчихсан хүн бас байгаа юм л даа. Тэгээд яахав өөрсдөө хэрэгцээ мэрэгцээнээсээ байдаг юм байгаа биз дээ. Бас хариулга орж л таарна. Алдаж осолдохгүй ...
Бавуужав -
Тэр хүний л ухаан юм даа. Би нэгдлээс гараад хонь маань 100 гарсан байгаа даа. 150, 60-аад хонь болсон. Тэгэхээр энэ хонийг яаж бардаг юм гэж бодоод тоохгүй л байсан ш дээ.
Хишигсүрэн -
Тэрийг бол их мал гэж боддог?
Эхнэр -
Тийм. Ерөөсөө хайхрахгүй. 2-3-аар нь идэж байсан ч тоохгүй. Оо яахав нэгдлийн мал маллаад амьдраад байж болсон юм чинь яахав гэж бодож байсан гэж ...
Бавуужав -
Нэг 17, 8 хоньтой, хоёр тугалтай үнээтэй тэрнийгээ хөрөнгө гээд бодчихсон байсан хүн тэрүүгээр амьдарч болж байсан юм чинь одоо энэ өчнөөн олон малаар амьдралгүй яахав гээд яахав 20-иод үнээ тугаллаж байсан байх. Тэгээд 100 гаруй хоньтой байхад л ердөө баян болчихсон юм шиг санаад ....
Хишигсүрэн -
Ер нь одоо юу гэдэг юм. Мянгат малчин айлын жилийн орлого хэд байх вэ? Хэдэн төл авах вэ? Мөнгөн орлого ер нь хэдийг хийж болдог юм бэ?
Бавуужав -
Яахав энэ чинь ийм л юм даа. Мөнгөөр тооцож үзэхгүй. Ноолуур гэж ямаа ахиухантай бол хэдэн төгрөг орж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Яахав дээ тэгээд овоо мал зарвал хэдэн төгрөг болдог л юм. Махны ханш уначихаад мал авна гэсэн хүн байхгүй. Хот руу ачаад ч арвитай үнэд орохгүй байна. Энэ жилийн хувьд малчдын орлого их муу байна.
Эхнэр -
Байхгүй. Байхгүй. Орлого байхгүй. 5 төгрөг гар дээр байхгүй л байгаа.
Хишигсүрэн -
Та хэдийг нэгдэлд ажиллаж байх үе чинь 80-аад он ш дээ. Тэгэхээр залуу айл залуучууд ш дээ. Тухайн үедээ. Тэгэхээр залуучуудын соёл арга хэмжээ, үдэшлэг, уулзалт мал маллахаас өөр бусад соёлын зохион байгуулдаг сумаас ,нэгдлээс зохион байгуулдаг ажил байв уу? Оролцдог байв уу? Тиймэрхүү юм байсан ш дээ.
Бавуужав -
Хааяа нэг багийн өдөрлөг гээд нэг юм жилдээ нэг болж байсан байгаа. Хурал цуглаан гээд ...
Эхнэр -
Төлчдийн семинар гээд жилдээ бас нэг болдог байлаа. Тиймэрхүү юмнууд ганц нэг болж л байсан.
Бавуужав -
Сүртэй үзэж хараад байх юм байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Хааяа яахав дээ. Кино мино гээд явуулын үйлчилгээ явагдана.
Эхнэр -
Тийм. Хааяа нэг кино мино явуулын үйлчилгээ ирнэ.
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь нэгдлийн дарга цэрэг улсууд малчидтайгаа яаж харьцдаг, ажлаа яаж явуулдаг байсан бэ?
Эхнэр -
Тэр чинь жинхэнэ захиргаадалтын үе дээ. Малчид тэндний урдаас ямарч байсан үг хэлэх эрхгүй л байсан.
Бавуужав -
Одоо нэгдлийн түүх гэмээр юмуу нэгдлийн унагыг аягүй сайн бойжуулж байсан. Аварга баатар янз бүрийн адуучид байлаа. Шар Банди гээд тэд нарын бойжуулаагүй унага бойжуулсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Тэгсэн манай сумын Зоо одоо ч байгаа даа. Долгорсүрэн гээд нэг юм. Чи энэ унага малаа яаж ингэж бойжуулав гээд асуудаг юм байна. Гадаа машин ирчихээд л гараад ир гээд дуудаад л тэгээд айж л байгаа байхгүй юу. Ямар хэрэг хийчихээд зоо намайг гадаа дуудаад байна гэж тэгсэн чинь яажшуухан маягтай дуугарч байнаа.
Хишигсүрэн -
Ямар маягтай?
Бавуужав -
Дургүйхэн маягтай .
Хишигсүрэн -
Дургүйцээд ч байгаа юм шиг үү?
Бавуужав -
Би тэрэнд нь бас гэдийгээд надад туршлага байхгүй. Миний унага эхийгээ дагаж яваад бойжчихдог ш дээ гээд хэлээд тавьчихлаа.
Хишигсүрэн -
/ Инээв/
Бавуужав -
Тэгсэн чинь үүдээ хаачихаад хохь чинь гэж хэлчихээд явж байсан юм. Тэгсэн чинь залуучууд ямар юмны ч гэнэ үү? Алтан медаль ч билүү?
Хишигсүрэн -
Шагналд тодорхойлох гэж?
Бавуужав -
Тодорхойлох гэсэн юм гэнэ.
Эхнэр -
Тэр нь яахав худлаа л ярих байсан байхгүй юу. ... Хашаандаа хийгээд төллүүлдэг байсан гээд ярих юм гэнэ.
Бавуужав -
Шөрмөсөөр боолгоод таслаад авчихдаг ч гэх юмуу би тэрийг яах гэж тэгж ярих уу?
Хишигсүрэн -
Малчдын тэргүүн туршлага сайн малчдын яриад байдаг юм жаахан худлаа хэлсэн юм байдаг юм байна.
Бавуужав -
Худлаа хэлдэг байхгүй юу.
Эхнэр -
Гончигсумлаа баатрын чинь манай үнээний зэлэн дээр ... унахаар зэрэг хувин барьж тосож очоод л ... өтгөн дээр шээлгэдэггүй байсан гэж өтгийн манайх хөлдөөдөггүй гэж манай үнээ зэлэн дээрээ шээдэггүй. Би хувингаа тосож авдаг гэдэг ер нь худлаа л яриа байхгүй юу.
Хишигсүрэн -
Би ийм юм мэддэг ш дээ. Манай ээжийн үеэл нэг айхтар айл байсан юм. Уул эмч хүн л дээ. Сумын эмч сувилагч байж байгаад хувьдаа малтай тэднийх. Нэлээн олон малтай айл байсан. Тэгээд 18 хүрэнгүүт хүүхдээ ямарч байсан гэрлүүлчихдэг. Гэр бүл болоогүй байсан ч батлуулчихдаг. Тэр нь айлын тоо нэмээд малынхаа тоог нэмдэг. Тэр айл яадаг гэхээр сарлагтай, үнээтэй ямаа хонь бол байгаагүй юм. Яг манай хажууд хашаанд сумын төвд байдаг. Маш олон сарлаг саадаг. Тэр айлын малын хашаа бол үхрийн хашаа, тугалны хашаа өөр юу ч билээ? Бүгд ангилалтай, аймаар олон хашаатай. Хашаа бол хачин цэвэрхэн. Аргалыг ангилдаг. Бярууны баас, үхрийн баас, үнээний баас гээд ялгаад ялгаад хашаагаар аргалын хашаа гээд байдаг. Тэр нь төрөл бүрийн аргалыг цэмбийтэл хураачихсан. Тэр айл яадаг гэхээр хашаандаа хэзээч сарлаг шээлгэдэггүй байсан байхгүй юу. Шээх болохоор цаг өгчихдөг юмуу? яадаг юм? би одоо мэдэхгүй. Бүгдийн холбож гарч ирээд сарлагийг бүгдийн холбож гарч ирүүлээд сургачихсан байдаг гэж ярьдаг байхгүй юу. Тэгээд гаргаж ирээд өвөл болохоор нэг дош байдаг. Тэр дошон дээр зогсоонгуут нөгөө сарлаг нь шээдэг. Тэрнээс өөр газар ерөөсөө шээдэггүй. Тэгээд сургачихсан. Тэр сарлагийг аваачаад маллачихсан айл байдаг байсан. Тэгээд манай сумынхан тэр хүнийг магтахаасаа илүү муулдаг. Үхрийнхэн баас ингээд гоожиж эхэлж байхад нь газар хүргэлгүй энэ хоёр очоод тосоод авчихдаг юм гэж ярьдаг. Зун болоод хамт зуслан гардаг. Манайх багш айлууд. Тэгээд хажууд нь очоод буудаг. Тэр айл яадаг гэхээр ерөөсөө тэр үхрийн баас гэдэг чинь учиртай. Баанагуут гүйж очоод баасын авах гэхээр бид нар хүүхдүүд хөөе болоогүй наадах чинь хэдэн минут ч билээ байлгаж байгаад ав тэгэхгүй бол ... тэгээд нойтон баас, дунд зэргийн баас бүгдийн ялгачихна. Тийм нямбай. Тэр айл зах зээл эхлэнгүүт настай улсууд байсан. Нэг их удаагүй л дээ. 5, 6 жил 96,7 онд талийч болчихсон. Тэгээд тэр Гончигсумлаа баатрын хэлж байгаа шиг юм магадлалтай байхгүй юу.
Эхнэр -
Тийм байна.
Бавуужав -
Тийм юм байна. Би шал худлаа л гэж боддог.
Эхнэр -
Тэгээд тэр дээр үеийн туршлагуудыг янзын ярина шүү дээ.
Хишигсүрэн -
Танай суманд тийм юм байсан уу? Үгүй юу? Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт энэ тэр гээд л хавар малчдыг бүгдийн цуглуулаад ...
Эхнэр -
Төлчдийн семинар гээд ярьж байсан чинь тэр.
Хишигсүрэн -
Тийм үү? Төл төллөхийн өмнө цуглуулах уу?
Эхнэр -
Тийм. Өмнө цуглуулна.
Бавуужав -
2 сарын сүүлчээр, 3 сарын эхээр.
Хишигсүрэн -
Тэнд явах дуртай юу? Хүмүүс.
Эхнэр -
Тэрэн дээр чинь кино мино үзүүлнэ. Үзвэр үйлчилгээ болно л доо. Тэгээд янз бүрийн бараа таваараар үйлчилнэ. Тэрэндээ явахдаа дуртай.
Бавуужав -
Ядахдаа нэг 45-ын гутал, 35-ын өмд ...
Хишигсүрэн -
Азтай нэгэнд нь олдох уу? Хүн болгонд олдохгүй юу?
Эхнэр -
Олдохгүй л дээ. Бараа таваар ховор байсан. Одоо мөнгө л байвал байхгүй юм гэж байх юм биш. Тэр үед цалингаа аваад 5 төгрөгтэй байсан ч аваад хэрэглэчих юмсан гэсэн юм байхгүй л дээ. Тэгээд дэлгүүрт хааяа нэг юм ирнэ. Тэгээд чадалтай нэгэн л авна.
Бавуужав -
Арын хаалгатай нь авна.
Эхнэр -
Хөдөөний бидэнд бол хүртэх ч юм байхгүй. Зүгээр яахав төлчдийн семинар гээд орвол яахав наанаасаа зориулалтын бараа таваар юу яана. Тэрнээс нь ганц нэг юм авна. Тэгдэг л байсан. Бас бараа таваар их ховор байжээ.
Хишигсүрэн -
Оторт их явах уу?
Бавуужав -
Оторт явна даа. Хоньтой би хүүхэд байхдаа аав ээж дээрээ байхдаа хонины отор гээд явдаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Өөрөө мал толгойлж малласнаас хойш захалсан бэлчээрт малладаг байсан.
Хишигсүрэн -
Ер нь та нарын үеийн залуучууд 80-аад оны үеийн залуучууд малчин залуучууд ч юмуу яаж гэр бүл болох тухай асуудал яаж зохицуулагддаг байсан юм? Одоо ер нь хөдөө залуучууд яаж байгаа бол? Та нарын аав ээжийн үеийнхээс ямар ялгаатай байна?
Бавуужав -
Одоо тэр асуудал ...
Хишигсүрэн -
Аав ээж ярьж тохирно гэсэн асуудал байхгүй юу?
Бавуужав -
Байхгүй.
Хишигсүрэн -
Ер нь нэгдэлд ажил хийж байх үе одоо нэгдэл тараад зах зээл эхэлсэн үе хоёрыг харьцуулаад үзэхээр ер нь улсуудын ажил төрөлдөө хандаж байгаа хандлага яаж өөрчлөгдөж байнаа? Түрүүн та хоёр бас яриад байлаа. Нэгдлийн мал маллахдаа айгаад хорогдол гаргахгүй гээд хүүхдээ ч мартаад зүтгэдэг байсан бол одоо тэгээд өөрийн таваар болох юм гээд. Бусад улсуудыг хараад байхад ямар ялгаа байх юм?
Бавуужав -
Одоо өөрийн малыг чинь хайхрамжгүй байгаа ш дээ. Нэгдлийн малыг аль болохоор дутаахгүй үхүүлчихвэл өөрөө шоронд орно.
Хишигсүрэн -
Аа ха.
Эхнэр -
Одоо бол яахав дээ. Ер нь бол өөрсдөө л идэж ууж хэрэглэх ...
Бавуужав -
Жишээ болгоод ярихад энэ хавар чинь манайх 50, 60 хонь 100 гаруй хурга үхчихсэн байх. Тааруухан хавар болсон. Тэгэхэд нэгдлийн мал тэгж зарлагадсан бол би өнөөдөр энд ярилцлага өгөх байтугай Ганц хутагт очно.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Тэгээд тоох ч үгүй тэгээд яахав дээ.
Хишигсүрэн -
Ер нь их хэмжээгээр мал дутаагаад ял шийтгэл авч байсан тийм тохиолдол та нарын ойролцоо болж байсан уу?
Эхнэр -
Байхгүй ээ.
Бавуужав -
Дээр үед манай Сайханы чинь адуу мал маллаж байсан улсууд зөндөө л явж байсан байлаа ш дээ. Дутаачихаад.
Хишигсүрэн -
Адуу их осолтой байх.
Эхнэр -
Адуу маллаад шоронд явж байсан улсууд манай Сайханд ч байгаа. Энэ Хайрхан майрхнаас адуучид зөндөө явж байсан.
Бавуужав -
Тэгсэн.
Хишигсүрэн -
Ер нь ардчиллыг анх гарч ирэхэд та хоёр юу гэж бодож байсан бэ?
Бавуужав -
Ардчиллыг анх гарч ирэхэд чинь би одоо үнэмшихгүй байсан.
Хишигсүрэн -
Юунд нь?
Бавуужав -
Нэгдэл гэдэг ийм том сайхан их хөрөнгөтэй...
Эхнэр -
Малаа ингэж тараагаад ...
Бавуужав -
Ийм юмыг чинь ингэж тардаг гэж ойлгохгүй л байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Энэ бол худлаа. Тэгээд Намхай ахыг тэгж яриад байхад ингэж байж шоронд орчих вий дээ. Яана даа. Хүний төлөө хүн айна ичнэ гэгчээр тэгж айж л байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Тийм л юм болж л байсан юм.
Хишигсүрэн -
Ер нь яаж нөлөөлсөн бэ? Одоо тэгээд яахав эхэндээ тэгж байсан бол яваа яваандаа нөлөөнд нь орж байгаа ш дээ. Ямар байдлаар нөлөөнд нь ороод өөрчлөгдөв?
Бавуужав -
Яахав хурал зөвлөлгөөн наана цаана гээд ... Намхай ах ярьсан л даа. Нэгдлийг одоо тарах нь зөв гээд тэрэнд нь их олон удаа очиж сууж сонирхож яаж байж нээрээ тэр нь зөв юм байна гэж ойлгож авсан.
Эхнэр -
Тарж болзошгүй юм байдаг юм байна гэж тэгж ойлгосон.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Манай аавын ах дүү улс юм нэгдлийн дарга хийж байсан тэр үед.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Тэгээд өргөдөл бариад нөгөөдөх дээрээ очсон. Чи яах гэж байгаа юм гэж надад дургүйцэж байсан юм. Тэгээд хэлэх ч үг олдоогүй тэрүүхэн үед. Чи миний оронд байсан бол энэ дээр ирэх ёстой биз дээ гэсэн чинь над руу нэг их том харчихаад зөвшөөрөөд нэгдлээс гарч байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Сүүлд нь надад ярьж байсан. Чамайг ойлгосон шүү. Зөв байх гэж бодсон гэж ...
Хишигсүрэн -
Аа ха. Аа ха.
Бавуужав -
Тэгээд би нэгдлээс гарч байсан.
Хишигсүрэн -
Ер нь яваандаа энэ ардчилал юу болж байна? Ардчиллын үр нөлөөгөөр ерөнхийдөө л ямар өөрчлөлт энэ хөдөөгийн амьдралд гарч байнаа?
Бавуужав -
Хөдөөгийн амьдралд бол жаргалтай, баян, тарган амьдрал сайжирч байна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Эхнэр -
Машин их унаж байна.
Бавуужав -
Тэр үед бид нар чинь ерөөсөө л юу байсан юм байна ш дээ. Яахав идэж уухыг болгож л байсан. Нэг ёсондоо шоронд ажил хийж байж дээ. Одоо тэгж боддог юм. Нэгдэлд мал маллаж байсныгаа.
Хишигсүрэн -
Аа ха. Нэгдэлд мал маллах ерөөсөө шоронгийн мал маллаж байсантай ялгаагүй. Ял шийтгэл хариуцлагаар их далайдаг.
Бавуужав -
Тийм л юм байна. Түүнийгээ хүн ингэж амьдрах ёстой л гэж ойлгож байсан. Тийм ойлголт миний толгойд байсан болохоос одооныхтой тэр үеийг харьцуулах юм бол шоронгийн ажил хийж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Би тэгж л боддог юм.
Хишигсүрэн -
Ийм нэг юм Дашинчилэн дээр ярьж байлаа. Нэг эмээ хүүхдүүд нь мянгат малчин болчихсон. Мянгат малчин хүүхдүүдийнх нь хүүхдүүд тэр эмээгийн ач зээ нар мал маллахгүй байна гэнээ. Сонирхолгүй. Малчны амьдралаас их зугатаж байна. Хот хүрээ яваад сургууль соёлд явсан ч гэсэн ажил төрөл байхгүй. Тэгээд хэцүү л улсууд болоод байна гээд тэгж байна л даа. Одоогийн залуучууд мал маллах сонирхол ямар байна?
Бавуужав -
Яахав дээ. Сонирхолтой ч байгаа байх. Сонирхолгүй ч байгаа байх. Өөрсдийнхөө сонирхолоор л болох байх.
Хишигсүрэн -
Танайхан бол бүгд мал маллаад амьдарч байгаа ш дээ.
Бавуужав -
Мэргэжил мэдлэгтэй болгож өгч чадаагүй. Бүгдээрэнгийн дагуулаад хөдөө гаргаад ирсэн. Нэгэнтээ гаргаад ирсэн юм болохоор малаа сайн маллаж үүгээрээ ашиг хүртэж байх ёстой.
Хишигсүрэн -
Аа ха.
Бавуужав -
Нэгдэл байхгүй болсон юм чинь үүнийгээ сайн маллаад ...
Хишигсүрэн -
Аа ха.
Эхнэр -
Манай хоёр банди ерөөсөө 4, 5-р ангиасаа гарчихсан. Ерөөсөө сургуульдаа сууж ч өгөөгүй. Наашаа гүйгээд явган нүцгэн гүйгээд л түрүүний Бавуужав сургуульд явдаг шиг ...
Хишигсүрэн -
Адилхан / инээв/
Бавуужав -
Аа ха.
Эхнэр -
Тэгээд гарч тамхи татаад л тэгээд хичээл сургуульдаа явахыг байгаад тэгээд наашаа гүйгээд байхаар угаасаа тэнд байлгах шаардлагагүй байгаа юм. Ерөөсөө сурахгүй байгаа юм чинь. Тэгээд хэрэг төвөгт орчих гээд л за яршиг төвөг гэж гүйгээд байхаар нь гаргаад авсан. Би хоёр хүүхдээ загнадаг юм. Сургуулиар явсан бол та нар малаа л олигтой маллахгүй бол сургуулиар яваагүй юм чинь. Та нарыг ямар гараад ир гэсэн биш. Өөрсдөө гүйсээр байгаад гарч ирсэн юм чинь гээд тэгээд малаа л сайн малла гэдэг юм. Маллахгүй гээд мэргэжил мэдлэггүй улс чинь яахав. Өшөө юугаа хийнэ гэх вэ? Төв газар ороод юу ч хийж чадахгүй ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Эхнэр -
Тэгэхээр малаа маллана. Охин харин 10 төгсөөд их сургуульд бас хоёр гурван жил сурч байгаад тэрийгээ ч төгсгөсөн юм байхгүй хөдөө гараад тэгээд малаа л малла. Төвд буугаад амьдарч чадахааргүй ч юм шиг байх юм. Ихэнх нь хувийнх болчихсон болохоор цалин мөнгө ч муу байдаг юмуу? Тиймэрхүү л байдаг юм шиг байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Эхнэр -
Тэгэхээр нь малаа малла. Хүүхдээ сургуульд ортол ядаж мал малла гээд авч ирж байгаа. Тэгээд манайхан тэр аяараа л малаа маллаад амьдарч байна даа.
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь мал маллаж амьдарч байгаа улсууд ер нь сайн малчин байхын тулд зайлшгүй шаардлагатай эзэмшсэн байх ёстой чадвар юу байна? Юу гэж бодож байна.
Бавуужав -
Нэгд малаа таньдаг байх.
Хишигсүрэн -
За.
Бавуужав -
Хоёрт хашаа хороо бэлтгэлийг сайн хийж байх.
Хишигсүрэн -
Өшөө малаа танина гэдэг нь?
Бавуужав -
Ерөөсөө өөрийнхөө малыг таних.
Эхнэр -
Төлөө сайн барьдаг байх. Борлуулалт.
Бавуужав -
За яахав мөнгө болгож амьдрах тухайд борлуулалт хэрэгтэй. Тэрнийгээ сайн аятайхан зах зээлээ олоод зөв борлуулчихдаг тийм л ...
Хишигсүрэн -
Аа ха. За тэгээд орчин үеийн малчид бол ер нь социализмын үеийн малчидтай харьцуулахын аргагүй өөрчлөгдсөн юм байна ш дээ. Ардчиллаар ямарч байсан чадал нь л байдаг юм бол амьдрах нөхцөл нь бүрдсэн.
Бавуужав -
Зах зээлээ олоод малаа борлуулаад мөнгөө болгоод яадаг бол юу ч аваад унасан болно. Юу ч аваад өмссөн эдэлсэн дур болчихсон.
Эхнэр -
Юм ч элбэг болчихсон юм даа.
Хишигсүрэн -
За ингээд эхний ярилцлагаа өндөрлөх үү? дээ.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.