Lhamjav


Basic information
Interviewee ID: 990328
Name: Lhamjav
Parent's name: Dorj
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1950
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: manager (under socialism, worked in factory)
Belief: Buddhist
Born in: Nariin teel sum, Övörhangai aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
democracy
work
travel
foreign relations
repressions


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? Лхамжав гуай.

Лхамжав -

Сайн. Сайн байна уу?

Ариун-Ундрах -

Сайн байна аа. За хоёулаа энэ удаагынхаа ярилцлагыг эхэлье ээ.

Лхамжав -

Заа.

Ариун-Ундрах -

За. Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу? Хэрвээ байгаа бол тэр нь ямар үйл явдал вэ?

Лхамжав -

За гүнээр нөлөөлсөн үйл явдал ч олон байгаа даа. Тэгээд тэр дотроос чинь одоо тэгээд л 1990 оны, одоо 89 оны ардчилсан хувьсгал байна. Тэгээд 20-р тогтоол байна. 20-р тогтоол болохоор 20-р тогтоол гарсан өдөр манай үйлдвэр зогссон байгаа. Тэр бол маш их бид нарт том цохилт болсон. Тэгээд одоо тэгээд цаашаагаа бүгдээрээ одоо амьдралаа яаж авч явах вэ? Үр хүүхдээ яаж одоо сургууль соёл, одоо яаж ажил төрөлтэй болох вэ? гээд л маш хэцүү байдалд орсон юм аа. Тэгээд одоо янз бүрийн бизнесийн ажил хийгээд л, одоо хийж болох бүх ажлыг хийгээд л. Одоо тэгээд л анхны хэсэг их хэцүү байсан. Тэрийгээ бол давсаан.

Ариун-Ундрах -

Тэр ардчилал гарсны үеэр их том өөрчлөлт гарсан байх тийм ээ?

Лхамжав -

Ммммм.

Ариун-Ундрах -

За таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Лхамжав -

За миний амьдралд одоо нэг их бусдаас онцгой гээд байх ч юу байхав дээ. Тэгээд л би чинь өөрөө ардчиллыг дэмжээд, одоо ардчиллын төлөө 90 оноос хойш явж байгаа. Аа тэгэхээр бусдаас онцгой нь юу байхав гэхээр би бол угаасаа одоо тэр ардчиллыг бол, энэ зах зээлийг бол зүй ёсны асуудал, гарах ёстой гэж бодож явдаг. Тэгээд ардчилал гарснаар бол бид нарт маш их юм өгсөн. Аа тэрийг бол би бусдаас илүү ойлгож, ардчиллын төлөө бол одоо бүх сэтгэл зүрхээ өгч өнөөг хүртэл ажиллаж одоо 20 жил ингэж явж байна аа. Тэр нь бол одоо зарим хүмүүсээс ялгарах юм даа.

Ариун-Ундрах -

За хоёулаа түрүүчийн ярилцлагаар таны ажил амьдралын тухай ярилцсан учраас өнөөдөр бас “Ажил” гэдэг сэдвээр бага зэрэг ярилцъя гэж бодлоо.

Лхамжав -

Аанхан.

Ариун-Ундрах -

За социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямар байсан бэ?

Лхамжав -

Социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага одоо миний жинхэнэ ажиллаж байсан үе бол социализмын үе л дээ. Аа одоо тэр үед бол хүмүүсийн хандлага нь маш сайн байсан. Аа тэгээд бол ер нь ажлын цаг, тэгээд л ажилд хандах хандлага ажлыг бол сэтгэл зүрхнээсээ хийх тийм ээ? Тийм одоо тэгэж хүнийг хуурах тийм юм байхгүй. Үнэхээр одоо сэтгэл зүрхээ өгч ажиллаж байсан ажлыг маш сайн хийж байсан. Тэр үеийн ажилчин анги бол одоо ер нь маш сайн ажиллаж байсан. Их юм бүтээсэн л гэж одоо би өөрөө бодож явдаг. Аа тэгээд бол ажлыг дүгнэхдээ маш үнэнч шударгаар дүгнэдэг. Үнэхээр ажлаа сайн хийсэн, амжилт бүтээл гаргасан одоо ийм хүмүүсийгээ бол одоо бас төр засаг маш их харж үздэг. Янз бүрийн одоо хурал, тэгээд л одоо аялал, аа бүх л шагнал, бүх л юманд бол яг үнэнчээр оруулж байсаан гэж миний хувьд боддог. Тэр үед бол маш их сайхан байсан гэж би одоо хэлэх байна аа.

Ариун-Ундрах -

За таны бодлоор одооны хүмүүсийн ажилд хандах хандлага нь яаж өөрчлөгдсөн бэ?

Лхамжав -

За одооны хүмүүст хандах хандлага нь бол одоо тэгээд... Одооны үеийн хамгийн гол нь залуучууд байна даа. Бид нарын үеийн хөгшчүүд, настайчууд бол, ахмадууд бол одоо яг л эхнээсээ л яаж сурсан, зүрх сэтгэлд нь яаж одоо тэр сайхан ажилладаг тэр юм бол бий болсон. Яг тэр хэвээрээ л явж байгаа. Аа хамгийн гол нь одоо бидний үр хүүхэд, одоо энэ нийгэмд амьдарч байгаа залуучууд бол одоо бас ажил хийх нь одоо бүр яг үнэндээ бид нарыг гүйцэхгүй ээ л гэж эгч нь бодож явдаг юм. Тэгээд бас яахав одооны энэ олон сургуулиуд байна. Хувийн сургуулиуд, тэгээд л янз бүрийн сургуулиуд байна. Аа миний бодлоор бол одоо их дээд сургууль нь маш их олон болчихоод, аа яг мэргэжил олгох тэр одоо сургуулиуд, аа мэргэжилтэй ажилтан бэлтгэх тэр ажлууд бол маш их хоцрогдсон, одоо хаягдсан. Тийм учраас хүн болгон л одоо дээд сургуульд сурах ёстой. Хүн болгон л дээд боловсрол эзэмших ёстой гэж боддог болоод ч тэр юм уу? Тэгээд ер нь мөнгө төгрөгтэй хүмүүс бол мөнгө төгрөгөөр одоо зодоод ч сургуульдаа ороод суралцчихдаг. Тэгээд гараад бол одоо аа тэр сэтгэл санаанд хүрэхээр, үнэхээр л тэр ажлыг хийчихээр тийм чадвартай одоо тийм хүмүүс гарахгүй байна аа гэж эгч нь боддог юм. Тэгээд ажилд хандах хандлага нь бол маш одоо муу. Аа яагаад вэ? гэхээрээ ажлын цаг бол одоо маш барьдаггүй. Одоо хэзээ л бол хэзээ ажилдаа очдог. Тэгээд ер нь одоо энэ ажиллаж байгаа албан байгууллага ч гэсэн тэр, одоо ялангуяа улсын байгууллагууд ажлын цаг бол барихгүй. Тэгээд л амралт... Тэгээд бид нарын үеийн хүмүүс бол ... Залуучууд бол одоо ажилд хандах хандлага их муу байна аа. Нэг ёсондоо их хуурамчаар ажилладаг. Одоо дарга нарыг хараад их сайн ажилладаг мөртлөө... аа тэгээд л хамгийн гол нь ажил хийгээгүй мөртлөө цалин авах аягүй дуртай. Тэгээд нөгөө юмыг бэлэнчилээд сурчихсан. За хувийн байгууллагууд бол арай өөр л дөө. Хувийн юм хийж байгаа болохоор чинь бас арай өөр. Тиймэрхүү л байна даа. Тэгээд одооны ажиллаж байгаа хүмүүс бол бид нарын сэтгэлд бол хүрдэггүй. Үнэндээ хүрдэггүй. Үнэн сэтгэл зүрхнээсээ ажиллахгүй байна гэж л эгч нь бодож явдаг юм. Тэгээд цаашдаа бол энэ юу өөрчлөгдөх байх л даа. Нэг горимондоо орох байх л гэж эгч нь бодож явдаг юм.

Ариун-Ундрах -

Аа одоо бол таны ажилд хандах хандлага тань өөр болсон болов уу?

Лхамжав -

Миний юу?

Ариун-Ундрах -

Аанхан.

Лхамжав -

Яалаа гэж болохов. Минийх бол ерөөсөө тэгээд үхэн үхтлээ тэр янзаараа л явна. Эгч нь бол одоо ажлын цагаас хоцрохгүй ш дээ. Ажлын цагаас тэр одоо нөгөө аа хурал зөвлөгөөн ч бай, ажил ч бай яг л тэр цагт нь ирнэ. Аа тэрнээс хожигдсон хүмүүст эгч нь аягүй дургүй. Тэгээд би өөрөө ажлын цаг сайн барина. Ажлыг бол маш үнэнчээр хийнэ. Эгч нь бол тэрийг хэзээ ч яахгүй. Тэгээд би чинь нөгөө их шударга хүн шүү дээ. Аа хэлэх үгээ хэний ч өмнө хэлнэ. Тэгэхдээ ухаантай хэлнэ. Тийм, одоо бол ажилд хандах хандлага бол одоо хэвээрээ л байгаа. Эгч нь улам сайжруулъя л гэж бодож явдаг.

Ариун-Ундрах -

Аан таны гол бахархдаг зүйл юу вэ?

Лхамжав -

За бахархдаг зүйл яахав. Би бол аав ээжээрээ бахархдаг. Миний аав ээж бол намайг одоо их сайхан хүмүүжүүлсэн. За тэгээд би чинь одоо 1973 оны МАХН-ын гишүүн. Аа тэр үеийн одоо 23-хан насандаа би намын гишүүнд элсэж байсан. Тэр үеийн намын байгууллага, тэр намд ажиллаж байсан одоо тэр хүмүүс бол маш сайхан сайхан, үнэхээр шаардлагатай, үнэхээр бид нарыг бол маш их ингээд хурцалж байдаг, ирлэж байдаг. Аа тэгээд маш их даалгавар өгнө. Тэрийгээ байнга шалгуулна, уншина. Одоо нэг хурал хуралдлаа, бүгд хурал хуралдлаа, нэг их хурал хуралдлаа гэхэд бол намын гишүүд бол тэгээд тэрийгээ уншсан, товчилсон, одоо тэр хүмүүстээ шалгуулсан, тэрнийхээ мөрөөр өөрийнхөө ажил мөрдлөгө болгосон ийм сайхан үе байсаан. За аав ээж минь ийм сайхан хүмүүс намайг ийм өдий зэрэгт хүмүүжүүлсэн. За тэгээд бас ардын сургуульд ороод А үсэг заалгаад сурган хүмүүжүүлсэн бүх шатны аа багш нар маань байна. Одоо бүгд тэ? Аа бүх хүмүүс байна. Энэ хүмүүст ч гэсэн би байнга баярлаж явдаг. Миний багын багш, тэгээд миний хичээл зааж байсан багш нар, сургуулийнхаа багш нар, ажилчид. Энэ хүмүүстээ би байнга бахархаж, дотроо баярлаж явдаг юм. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор бас өөртөө бахархах юм байлгүй яахав. Тийм. Би бол одоо өөрийнхөө үнэнч шударга явдагтаа өөрөө өөрөөрөө бахархдаг. Аа тэгээд сэтгэл аягүй сайхантай. Тэрүүгээрээ би бас бахархдаг. Заримдаа би өөртөө баярлалаа гэж хэлдэг. Ийм л байна даа.

Ариун-Ундрах -

Аанхан бас тэр болгон өөртөө баярлалаа гэж хэлдэг хүн ховор байх тийм ээ?

Лхамжав -

Ховор ш дээ. Тэгэхээр зэрэг бас өөрийгөө яг одоо үнэлж чаддаг байх хэрэгтэй тэ? Нэг ийм юманд нь би өөрөөрөө бахархдаг аа. Заримдаа алдаа хийх үе бий. Аа тэгэх юм бол өөрөө өөртэйгээ ярина. Одоо ахиж алдахгүйн төлөө ажиллах гэж бас өөртөө хэлэх үе байгаа. Тийм учраас хүмүүс ч гэсэн бас өөрийнхөө тэр сайхан чанаруудад бас дүгнэлт хийж, өөртөө баярлаж явах хэрэгтэй.

Ариун-Ундрах -

За эсрэгээр нь таны жигшдэг зүйл юу вэ?

Лхамжав -

За миний хамгийн жигшдэг зүйл бол одоо худлаа ярих, маш одоо хуурамчаар хүнийг хуурах тийм ээ? Аа тэгээд болохоор зэрэг маш их шуналтай хүмүүс байдаг. Аа их долигнуур хүмүүс байдаг. Би тэр хүмүүст аягүй дургүй. Миний жигшдэг юм бол одоо эд нар л байх шив дээ. Тэгээд одоо хүнд хэлсэн амлалтаа ч юм уу, аа янз бүрийн юмаа бол яг л одоо итгэлээр хариулах тэ? Хүний итгэлийг даах гэдэг чинь маш том юм байгаа. Хүний итгэлийг дааж байх ёстой. Аа тэгээд л хамгийн гол нь л тэр хуурамч хүмүүст, худлаа ярьдаг хүмүүст, их долигнодог хүмүүст, аа маш одоо тийм хулгай хийдэг гээд янз бүрийн буруу юм хийж яваа хүмүүсийг бол жигшдэг дээ.

Ариун-Ундрах -

За та энэ олон жилийн турш маш олон ажил хийж байхад чинь хамгийн хэцүү зүйл, бас амархан зүйлүүд нь юу юу байсан бэ?

Лхамжав -

За амархан зүйлүүд нь бодвол би өөрөө хийж дийлэхээр юмнууд бол надад амархан байхад амар л байгаа л даа. За тэгээд л социализмын үед бол намын гишүүн гээд л бид нарын хийж чадахгүй чадахгүй тийм том том даалгаврыг бол өгдөг байсан. Тэр нь бол надаас өөрөөс нь ахадсан ч юм уу аа тийм үед бол бас их хэцүү юм бол зөндөө л тохиолдож байсан. За мөн одоо миний аав залуугаараа нас бараад би 6 өнчин дүүтэй, ээжтэйгээ үлдэж байсан. Аа тэр үе бол одоо 2-10 насны 5 дүүтэй үлдэж байсан. Энэ амьдралаа авч явахад бол надад бэрх, хэцүү юм бол маш их тохиолдсон. Тэгээд би бол өөрийгөө дандаа хурцалдаг. Ер нь тэгээд сөрж амьдарна уу гэхээс сөгдөж амьдрахгүй гэсэн аягүй гоё тийм лоозонг өөртөө тавьж явж бүх юмыг бол би даван туулсан. Нэг ёсондоо нэг амьдралын их сургууль төгссөн. Аа тэгэхээрээ хүн чинь бас аягүй их ухаан тэлдэг юм байна. За бас их юм үзэж одоо өшөө гоё улс оронд очдог ч юм уу, янз бүрийн бусад газруудаар юм үзэж, нүд тайлахад хүний ухаан маш их тэлдэг юм байна. Эдгээрээрээ бол би одоо энэ амьдралаа бол одоо ингээд сайхан авч яваа гэж боддог.

Ариун-Ундрах -

Та бол үнэхээр өөртөө итгэлтэй юм байна тийм ээ?

Лхамжав -

Тийм, итгэлтэй ш дээ. Эгч нь аягүй өөртөө итгэдэг юм ш дээ. Ямар ч юмыг болгоё, бүтээе л гэж явдаг. Эгч нь аягүй их өөдрөг сэтгэлтэй. Тэгээд аягүй их гоё залуу сэтгэлгээтэй. Дандаа тийм юманд цоглог байя, дандаа л их гоё өөдрөг юманд дандаа бодож явдаг. Хүн тэгээд л гутраад л, улам л доошоогоо ингээд урвайгаад л явах юм бол тэгээд л дайсан ч гэсэн олзлоно тийм ээ? Тийм учраас эгч нь бол гандан буурахгүй. Аягүй цоглог л явдаг, дандаа. Тэгэж яваад л дуусъя гэж боддог. Тэгээд тийм тулдаа ч би өнөөдөр энэ бас л их том ажил л даа. Энэ их ажлыг хийгээд ингээд явж байна. Одоо ч бас санхүүгийн талаар ч гэсэн бэрхшээл маш л их тулгарч байна. Одоо тэгээд л яаж ийж байгаад л би амжилтанд хүрнэ л гэсэн бодолтой. Эрүүл болъё, би санхүүгээ өөрчилье. Аа тэгээд өөрчилчихөөд би аягүй сайхан болохоороо би хүмүүст дараа нь буян үйлдэе гэсэн бодолтой л байна даа.

Ариун-Ундрах -

За та ажил, амьдрал хоёроо яаж зохицуулж ирсэн бэ?

Лхамжав -

За эгч нь бол тэгээд л хар нялхаасаа л одоо хүнд амьдрал туулсан л даа. Тэгээд хамгийн гол нь би хувийн амьдралаа гэхээсээ илүү хийж байгаа ажлаа гэж аягүй их бодож, аа ажлаа нөхрөө би №1-т бодож ирсэн. Юм болгон дээр нөхрийн ажил бүтвэл миний ажил бүтнэ тийм ээ? Аа одоо улсын ажил бүтвэл, одоо ажил маань бүтвэл миний хувийн ажил бүтнэ гэсэн одоо ийм зарчмаар л эгч нь явж ирсэн дээ. Тэрнээс одоо хувийнхаа ажлыг урдаа бариад, улсын ажлыг хойшлуулаад... Ялангуяа би үйлдвэрт ажиллаж байхдаа би бараг акт авдаггүй. Аа манайхыг хариуцсан Оюунчимэг гээд цехийн эмч байсан. Намайг гайхдаг байсан. Тэгээд хүн болохоор ингээд өөрөө биеэ өвдлөө гэхэд хүн акт авъя аа гэдэг биз дээ. Би бол Оюунаа эмчээ би акт авахгүй шүү гэдэг. Аа тэр яагаад вэ? гэхээрээ би өөрөө удирдах ажил хийж явсан. Олон хүнийг удирдах ажил хийж явсан. Тэгээд тэр олон хүний амьдрал над дээр байгаа учраас би нэг акт аваад нэг одоо 7-8 хонодог ч юм уу, 10-аад хоноод би эргээд ажилдаа орохоор миний ажил бүр аймар болчихсон байдаг. Тийм учраас би яадаг ч байсан өөрийгөө ингээд л завсар зайнд нь болгоод л ажлаа бол хийнэ гэсэн одоо тийм л бодолтой явдаг. Тэгэж л ирсэн дээ. Одоо ч гэсэн эгч нь одоо нөхрийг л бодно. Аа миний энэ одоо янз бүрийн сайхан найз нарт юм тохиолдох юм бол эгч нь тэр өөрт байгаа бүх л юмаа өгнө. Ер нь тэгээд миний зарчим бол хүнд өгье, харамгүй өгье тэ? Тэгээд эргээд бол надад бол бас мэдээж тэр ач нь бол ирэх л байх гэж тийм л бодлоор явдаг даа эгч нь.

Ариун-Ундрах -

Түрүүчийн ярилцлаган дээр та социалист хэдэн орон руу явсан тухайгаа ярьсан ш дээ тийм ээ? Тэрийгээ бага зэрэг дэлгэрүүлж ярьж болох уу?

Лхамжав -

Заа. За би одоо хамт олныхоо, одоо удирдлагуудынхаа, энэ сайхан хүмүүсийнхээ ачаар тэгээд бас социалист ЗХУ, за Польш, Герман, аа тэгээд Хятад ийм орнуудаар бол ажлын шугамаар явсан. За ингээд би эвлэлийн үүрийн дарга байхдаа хуримтлалын төлөвлөгөөг биелүүлээд өөрөө хамгийн түрүүнд яваад, дараа нь одоо 3 эвлэлийнхээ гишүүнийг бас энэ гоё гадаад орон үзүүлэх, гоё ийм аялалд явах, залуучуудын наадамд оролцох ийм газруудаар явуулж байсан. За мөн үйлдвэрт ажиллаж байхдаа бас аа сурах журмаар, курст мэргэжлээ дээшлүүлэх журмаар бас явж байсан. За 3-т нь болохоор зэрэг одоо үйлдвэр маань зогсоод нэг ёсондоо ганзагын наймаа гэдэг ш дээ. Тэрэнд бас олон жил явсан даа. Тэгээд ингэж явж байх хугацаандаа би маш их юм сурсан, мэдсэн. Одоо ийм юм тийм байдаг юм байна. Энэ оронд бол ийм гоё юм байдаг юм байна. Тэгээд ялангуяа шагналаар явж байхдаа маш гоё түүх дурсгалын газруудаар орж байсан. Би 8-р ангид улаан загалмайн шугамаар Монголоос хоёулахнаа Артек зусланд улаан загалмайн тэмцээнд ороод хүрэл медаль авчирч байсан. Тэгэхдээ тэр Артекад бол би маш гоё юм үзсэн. Дэлхийн 2-р дайны тухай хийсэн тэр Севстофел хотод Панарам, Диарам гээд хоёр маш гоё юм үзсэн. Тэр бол үнэхээр гоё. Одоо бараг тэрийг үзэхэд тэр одоо яг дайны талбар дээр оччихсон юм шиг тийм гоё юм санагдаж байсан. За Ленинград хотод очиход бол тэр одоо том дайнд ялсан Аврора онгоцыг үзсэн. Тэгээд Ленинградын Эрмитажыг үзсэн. Тэгээд маш олон оронд явж байхдаа түүх дурсгалын гоё гоё музейнууд, зоо паркнууд маш гоё юм үзсэн. Тэр гоё юм үзсэнээрээ миний сэтгэл зүрхэнд, миний тархинд бол аа ийм байдаг юм гээд надад бол маш их гоё сургамжтай, ер нь хүнийг ухааруулахаар тийм олон юм бодогдсон.

Ариун-Ундрах -

Таны бодлоор социализмын үеийн Монголын гадаад харилцаа ямархуу байсан бэ?

Лхамжав -

Миний бодлоор бол социализмын үеийн гадаад харилцаа бол яахав дээ. Одоо жишээлбэл ЗХУ-ыг бас л ингээд байгаагаар нь ингээд л яг яана. За 3-дагч орон гэхээр бол за АНУ байдаг юм уу, Англи улсуудыг чинь бид нарт чинь аа болохгүй, их л одоо муу муухай юм хийдэг тийм орон гэж танилцуулж байсан. Социализмын үед бол бид нар бол мэдэхгүй ш дээ. Залуу байсан, хүүхэд байхад бол за тэгээд л бас сүүлд нь боддог юм. Ардчилал бол үнэхээрийн бидний нүдийг нээж өгсөн. Тэгсэн чинь одоо яг үнэн дээрээ бол үнэнээрээ бол маш гоё байдаг юм байна аа. Маш сайхан байдаг юм байна. Маш их хөгжчихсөн. Үнэхээр АНУ, одоо Япон ч гэлээ гэсэн ялгаа байхгүй, Англи, тэр Европын орнууд бол үнэхээр гоё хүний эрхийн төлөө, хүний төлөө бол ёстой жинхэнэ одоо хөгжилтэй, жинхэнэ одоо гоё юм чинь тэнд байдаг юм байнаа л гэж ойлгосон. Аа тэрнээс социализмын үед бол тийм юм байхгүй. Нүд нээгдээгүй байсан үнэхээр. Оростой л гол нь харилцдаг байсан ш дээ. Хятадтай ч бас харилцаа муудчихсан байсан. Тиймэрхүү л байсан даа. Үнэхээр Германд очоод явж байхдаа би бодож байсан юм. Ямар гоё юм бэ? Хөө тэд нарын тэр амьдарч байгаа, ажиллаж байгаа орчин. Тэр хүмүүсийн ажлаа хийж байгаа. Өглөө бол ерөөсөө бүр аягүй эрт босдог юм байна лээ ш дээ. Тэгээд л ерөөсөө ажилдаа явдаг. Тэгээд л тэр гэр орондоо байдаг юм уу? Бараг ерөөсөө ажилласаар байгаад л тэгээд шөнө ч ирдэг юм уу? Тэгээд л тэр хүмүүст үйлчилж байгаа үйлчилгээ, зан ааш бол үнэхээр гоё санагдаж байсан. Тэгээд л би 87 онд Герман явж ирэхдээ аягүй их юм бодож байсан. Тэгээд наашаа Орос руу ороо ирэхэд бол Монгол руу ороод ирж байгаа юм чинь хөгжил нь хүртэл тийм маш том ялгаатай тийм үе байсан. Тийм болохоор бас тэр үед чинь бас 87 онд ойлгож л байсан л даа. Ийм гоё юмнууд байдаг юм байна аа ингээд гоё орнуудад чинь гэж бодож л байсан.

Ариун-Ундрах -

Хятад руу бол та сүүлд нь явсан уу?

Лхамжав -

Хятад руу бол би Манжуур луу бол тэр чинь нөгөө Оросын нөгөө ....-аас Манжуур ш дээ. Тэнд бол яахав нөгөө наймаа хийж явахдаа л би тэрийг үзэж байсан. Аа бас энэ Эрээнд бол очиж байсан. Аа тэгээд саяхан нэг Эрээн явсан чинь ёстой үнэхээр гоё хөгжчихсөн байна.

Ариун-Ундрах -

Шал өөр болчихож уу?

Лхамжав -

Шал өөр болчихсон. Бүр гайхаж байгаа юм чинь. Нилээн хэдэн жилийн дараа дахиад явсан чинь Эрээн бол. Тэгэхэд манай Замын-Үүд бол байхгүй, яг л хэвээрээ. Тэгээд л одоо тэнд хэн ажиллаж байна вэ? гэдгээсээ шалтгаалах юм байна л даа. Үнэхээр ажилсаг хүмүүс бол, үнэхээр оюуны потенциальтай улсууд бол ер нь тэгээд. Аа тэгээд төр засаг нь маш сайн байжээж л тийм байдаг байх л даа гэж би одоо ойлгосон доо.

Ариун-Ундрах -

Аа танд социализмын үед Монголд байхад гадаад хүмүүстэй захиагаар харилцах ч гэдэг юм уу тиймэрхүү холбоо байсан уу?

Лхамжав -

Тийм юм эгчид нь байгаагүй. Зүгээр яахав Артекд очоод хүүхдүүдтэй зургаа авхуулаад тэгээд л яаж байснаас биш яг тэр захиагаар харилцаж байсан юм бол байхгүй. Аа зүгээр сүүлд бол яахав нөгөө нэг наймаанд явж байхад бол би бүр миний нэг гэр бараг Улаан-Үүдэд. 2 Орос тэнд байсан. 2 аягүй сайхан Оросууд байсан. Яг миний гэр, Улаан-Үүдэд нэг гэр маань байсан. Тэгээд л наашаа цаашаа яваад. Тэгэхэд бол би одоо маш олон хүнтэй танилцсан. Аа Германд явж байхдаа ч гэсэн бас хүмүүстэй танилцсан л даа. Тэр бид нарыг авч явсан тэр сайхан сайхан хүмүүс бол удирдаж авч байсан тийм гоё улсууд байсан. Оросод ч байсан, Германд ч байсан. Тийм хүмүүстэй бол ярилцаж байсан, сайхан танилцаад. Аа дараагаар нь бол нэг их яаж үзээгүй ээ, тэххх холбоотой байж үзээгүй.

Ариун-Ундрах -

Таныг ингээд гадаад орнуудаар явж байхад Монголчуудыг ер нь яаж хүлээж авдаг вэ?

Лхамжав -

Ер нь гайгүй ш дээ. Сайхаан хүлээж авна ш дээ. Тэр социализмын үед бол ер нь тэгээд их л гоё байсан л даа. Тэгээд л вагоноос буугаад л том том сайхан жуулчны автобус ирээд аваад явчихна. Тэгэхдээ ганцхан Монгол ч явдаггүй байсан л даа. Өшөө олон орнууд явж байсан. Тэгээд л Монголын 18 аймгаас хүмүүс малчид энэ тэр чинь бүгдээрээ л явсан. Сайхан л хүлээж авч байсан. Бид нар нөгөө юм үзээгүй болоод ч тэр юм уу гоё л юм шиг санагдаж байсан. Чухам цаад нарийн юмыг бол эгч нь яаж мэдэхэв. Аа наймаа хийж байх үед бол одоо тэгээд л яахав дээ. Тэгээд хэцүү л дээ. Наймаа хийж байгаа хүмүүс гэдэг чинь бас хэцүү ш дээ. Гадаад оронд хүний царай хараад л, хүний нутагт дээрэмдүүлэх нь дээрэмдүүлээд л ер нь тэгээд л хэцүү л талдаа байсан л даа. Бас л зовж л явсан гэсэн үг. Хувиараа явж байхад бол маш хэцүү ш дээ. Үргэлж сэтгэлийн түгшүүртэй. Тэгээд л янз бүрийн дарамтууд их ирдэг. Тэгээд л налог нэхнэ, татвар нэхнэ, газар дээрээ одоо газрын татвар төлнө. Тэгээд их хэцүү байсан ш дээ.

Ариун-Ундрах -

Давхар давхар...

Лхамжав -

Тийм давхар давхар юмнууд байна. Тэгээд л нөгөө бараануудыг чинь нүүрсдэнэ гэж ярьдаг юм байна лээ. Анх мэдэхгүй байсан. Тэгээд сүүлд нь мэдэж авсан.

Ариун-Ундрах -

Тэр нь яах юм?

Лхамжав -

Нүүрсдэнэ гэдэг чинь барааг нь одоо ингээд хульхидаад авчихдаг юм байна лээ ш дээ. Өөрт нь мэдэгдэхгүй ингээд бараагаа зараад зогсож байхад доогуур нь ингээд зүсчихдэг юм байна лээ ш дээ. Нөгөө гахайг чинь ингэж хутгаар зүсээд л нэг харахад л ерөөсөө байхгүй болчихсон.

Ариун-Ундрах -

Яана аа ямар аймар юм бэ?

Лхамжав -

Тийм, аягүй аймар. Түгшүүртэй юм зөндөө таарч байсан эгчид нь.

Ариун-Ундрах -

Та наймаа хийхдээ тэгэхээр яг Улаан-Үүддээ байрлаад ч юм уу, эсвэл Монгол руугаа бараа авчирдаг байсан уу?

Лхамжав -

Би Монголоосоо бараг хойш нь бараа дардаг байсан, авч явдаг байсан юм чинь. Манайх чинь нөгөө эндээс Эрээнээс баахан аягүй гоё гоё бараа авчраад л Монголын зах дээр зөндөө гоё чанартай Бээжингийн бараа байсан. Тэрнээс нь бөөндөж аваад Орос руу аваачиж зарна. Тэгээд Оросын хотуудаар зарна. Мөн цаашаа Манжуур гараад л Манжуураас угаасаа Читэд чинь бүр том Хятадын зах байсан ш дээ. Тэрнээс нь дарж Оросуудад зарна. Вагоноос дарж зарна. Тэгэж л явсан.

Ариун-Ундрах -

Аа яг социализмын дараагаар олон хүмүүс ганзагын наймаанд явахад аа хүмүүс ер нь ямраар хүлээж авч байсан бэ? Ганзагын наймаачдыг?

Лхамжав -

Аа ганзагын наймаа ч хэцүү дээ хэцүү. Тэгээд л одоо бүх л хүмүүс, ер нь хүмүүс ихэнхи нь л явсан ш дээ ганзагын наймаанд. Явсан болгон маань тэгээд амжилттай явахгүй ш дээ. Тэр чинь шатна. Тэгээд л ер нь бараагаа олохгүй бол хэцүү. Тэгээд л баахан хужаагын бараатай үлдэнэ. Одоо тэгээд л маш их хэцүү үеийг л туулж байсан даа. Тэгээд сүүл рүүгээ бол нөгөө юун ганзагаа больчихсон ш дээ. Дандаа том том баячууд чинь баяжаад л том том кантнераар, тэгээд л вагоноор зөөдөг болчихсон.

Ариун-Ундрах -

Юун ганзагаар вэ?

Лхамжав -

Юун ганзагаар вэ? Ганзага чинь бүр явахаа байсан.

Ариун-Ундрах -

За тэгэхээр хоёулаа ардчиллын тухай ярья гэж бодлоо.

Лхамжав -

Аанхан.

Ариун-Ундрах -

Та яг ардчилал гарч байх үеэр юу хийж байсан бэ?

Лхамжав -

Би яг наймаанд явж байсан. Аа энэ ажил дээрээ үйлдвэртээ ч ажиллаж байсан. Тэр чинь 89 оны өөдөөс авхуулаад л тэгээд 90 онд чинь ид 3 сарын 8-нд чинь өлсгөлөн зарлаад л. Тэгээд л одоо намын төв хороо тэр чигээрээ огцроод л. Тэгэхэд бол эгч нь үйлдвэрт л ажиллаж байсан л даа. Би чинь угаасаа үйлдвэрт байхдаа дарга нарыгаа одоо бүгд хурал дээр чинь шүүмжлээд хаячихдаг. Дандаа л нөгөө ардчилсан үзэлтэй. Дандаа л шударга юмныхаа төлөө л явдаг. Тийм их буруу юман дээр тэгэж оролцдоггүй. Тийм л байлаа ш дээ эгч нь.

Ариун-Ундрах -

Та тэгэхээр ардчиллыг дэмжиж байсан гэсэн.

Лхамжав -

Дэмжиж байсан.

Ариун-Ундрах -

Ямар ямар байдлаар дэмжиж байгаагаа харуулж оролцож байсан бэ?

Лхамжав -

Би одоо тэр жагсаал цуглаанд нь байх үедээ бол оролцож байсан. Тэр хүмүүсийн хэлж байгаа үгийг аягүй гоё дэмжиж ямар үнэн юм бэ? Энэ чинь ийм байдаг юм байна шүү. Үнэхээр л ийм юм даа л гэж дотроо бодож явж байсан.

Ариун-Ундрах -

За тэгээд тэр үед таны амьдрал ер нь ямар байсан бэ?

Лхамжав -

Миний амьдрал яг л жирийн л ардын амьдрал шиг л байсан. Тэгээд, ер нь тэгээд л юу яагаад л картын бараа гээд л тэгээд л хэцүү болсон доо. Их хэцүү болсон. Тэгээд л 20-р тогтоол гараад л үйлдвэр маань зогсоод л. Бид нар чинь тэгээд цалин байхгүй. Тэр үед чинь бид нар ямар тэтгэвэр тэтгэмж гэж авахгүй ш дээ. Тэгээд л цалин байхгүй. Тэгээд үнэхээр хэцүү болж байгаа юм чинь. Амьдрах арга байхгүй. Олон хүүхэдтэй. Тэгээд л хүнд үе бол эхэлсэн ш дээ. Угаасаа тэгээд л 90 оноос эхлээд л эхэлсэн.

Ариун-Ундрах -

Анх та ардчилал танд юу юу авчирна гэж найдаж байсан бэ?

Лхамжав -

За ардчилалд бол одоо их л гоё болох юм л гэж эхлээд бодож байсан л даа. Тэгэж ингэж урт удаан хугацааны одоо ингэж явна гэж ерөөсөө бодоогүй. За ардчилал гараад л бүх юм үнэнч шударга болоод. За тэгээд бараг л одоо бүх хүүхдүүд маань ажилтай, төрөлтэй. Бид нар ч гэсэн одоо их л сайхан амьдрах юм байна даа л гэж бодож явсан л даа. Тэгээд яахав ээ бас ардчиллын хүчээр одоо энэ бараа чинь ийм байгаагүй ш дээ. Одоо ийм сайн сайхан юм нь болж л байна. Аа тэгээд хамгийн гол нь миний одоо нэг бодож явдаг юм бол манай аав чинь хэлмэгдэж явсан байхгүй юу. Тэгээд хэлмэгдлийн талаар дээр нэг тагнуулын ерөнхий газар очсон материал нь байхгүй байна аа гээд л буцаасан. Тэрнээс хойш эгч нь хөөцөлдөж яваа ч үгүй. Миний аав бол мундаг хүн байсан ш дээ. Хэлмэгдсэн ш дээ. 8 жил одоо юу авч явсан.

Ариун-Ундрах -

Ял уу?

Лхамжав -

Ял авч явсан, тийм. Тэр чинь бол одоо бараг цаазаар авах гэдэг гэсэн ш дээ. Тэгээд манайх чинь бас бүгд хөрөнгөө бүгд хураалгасан. Тийм аймар хэлмэгдэж явсан ш дээ миний аав. Тэгээд миний аав чинь бүтэн нэрээрээ явахгүй. Бид нарыг дандаа хагас нэрээрээ, жишээлбэл манай аав чинь ...дорж гэдэг хүн байсан юм. Дандаа Доржийн гээд, Доржийн Лхамжав. Тийм хүртэл, бид нар хүртэл тэгээд л хэлмэгдэж л явсан юм билээ л дээ угаасаа.

Ариун-Ундрах -

Таны аав яг яаж хэлмэгдсэн бэ?

Лхамжав -

Миний аав чинь одоо яг манайх чинь угаасаа Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумынх ш дээ. Тэгээд тэнд л одоо манай аав чинь тэр Нарийн тээл суманд л анхны хоршоо байгуулагдаад байхад л тэгээд ажиллаж байсан юм байна лээ ш дээ. Тэгээд л ерөөсөө мэдэхгүй. Тэгээд одоо нарийн ширийн юмыг нь бас сайн мэддэггүй юм аа. Тэгээд л аа миний аавын ах нь гээд том лам байсан. Би одоо бодохдоо тэр талаар л манай аавыг хэлмэгдүүлсэн юм болов уу л гэж би боддог. Тийм их том лам байсан.

Ариун-Ундрах -

Аан тэр барьж явж байх үед нь та ухаан орсон байсан уу?

Лхамжав -

Үгүй, би жоохон байсан юм чинь.

Ариун-Ундрах -

Аанхан.

Лхамжав -

Тэгээд бараг эхээсээ гарсан ч юм уу, дараа жил нь ч гарсан юм уу?

Ариун-Ундрах -

Аа тэгээд 8 жилийн ял...

Лхамжав -

Сүүлд л сонсоход л 8 жилийн ял аваад л энэ Тэрэлжид манай аав алба хаасан юм байна лээ. Тэрэлжид энэ Тэрэлжийн Баянд нэг ийм амбаар байдаг ш дээ. Одоо хүртэл байдаг юм. Тэнд хоригдлуудыг хорьж байгаад. Тэгээд одоо тэр Тэрэлжийн модыг Туул голоор урсгаад, сал явуулаад нөгөө мод. Тэгээд энэ Улаанбаатарын энэ барилгуудыг барьж байсан юм байна лээ. Тэгээд манай аав ажиллаж байсан.

Ариун-Ундрах -

Мод бэлтгээд үү?

Лхамжав -

Тийм. Модыг чинь нөгөө нэг сал гээд л ингээд л ингээд л аймар олноор нь тавьчихаад л дээр нь хүн яваад л байдаг ш дээ. Мэдэх үү чи?

Ариун-Ундрах -

Аанхан.

Лхамжав -

Тийм юм хийж байсан байна лээ ш дээ хөөрхий амьтан миний аав. Тэгээд миний аав чинь 8 жилээ дуусгаад л, тэгээд л бид нарыг Өвөрхангайгаас авчирсан гэж ярьдаг юм. Тэгэж хэлмэгдсэн байхгүй юу, манайх чинь.

Ариун-Ундрах -

Аа тэгээд сүүлд нь тэр бичиг баримт нь олдохгүй байна уу?

Лхамжав -

Олдохгүй гээд л тэгээд л эгч нь хаячихсан. Одоо тэгээд тэр олдохгүй олон мянган хүний дотор л миний аавын юм явж байгаа биз бодвол?

Ариун-Ундрах -

Харамсалтай юм.

Лхамжав -

Харамсалтай, харамсалтай ерөөсөө. Тэгээд 2 дахьд нь болохоор манайх чинь 58-59 онд нэгдэлжих хөдөлгөөн гээд 2 удаа мал нийгэмчилсэн юм байна лээ. Тэгээд тэрэнд чинь манайх чинь 5 толгой 400 мал нийгэмчилсэн юм билээ. Тэгээд нөгөө сая нөгөө мал хувьчлахад 1 төлөг ч авч чадаагүй ш дээ...

Ариун-Ундрах -

Яг малчин биш гээд тэ?

Лхамжав -

Тэгээд нөгөө манайх чинь Төв аймгийн Баянзүрх сум гээд энд байсан байхгүй юу. Тэрэн дээр байхдаа тэр сум нь тараад хоёр болсон. Тэгээд манайх чинь Сэргэлэн суманд хуваарилагдаж байсан юм. Тэгээд өгөөгүй ш дээ. Тэрнээс манайх тэр 400 толгой малаас жоохон ч гэсэн авсан бол аштай юу.

Ариун-Ундрах -

Харин тийм. Тэр мал хувьчлал аягүй их сонин болсон тэ?

Лхамжав -

Аягүй сонин болсон. Тэгээд л тэр яг мал хувьчлалын үед байсан хүмүүс бол их баяжсан. Тэгээд л тэр дарга нарын ахан дүү, хамаатан садан тэр хүмүүс л авсан. Яг жирийн бид нар анх нэгдэл байгуулагдахад малаа өгсөн улсууд авч чадаагүй ш дээ. Олон хүн байгаа.

Ариун-Ундрах -

Тийм олон...

Лхамжав -

Тэгээд нэг ерөнхийлөгч 2004 онд Налайхд ирсэн. Би тэгээд хэлж байсан юм. Би одоо ийм ээ. Би Эрдэнэ сумнаас би мал авах ёстой. Би малаа өдий хүртэл авч чадаагүй гээд л. Тэгээд л эгч нь бас л 2 дахиа хэлмэгдчихэж байгаа байхгүй юу. Малаа хэдэн мал ч гэсэн авсан бол аштай юу даа тэ? Хэдэн хүүхэддээ ч гэсэн яасан бол.

Ариун-Ундрах -

Тийм олон мал өгч байхад чинь.

Лхамжав -

Тэр 400 мал гэдэг чинь их мал ш дээ. 58-59 оны манай гэр бүлийн 400 мал чинь одоо хичнээн мал болох вэ? Өсөөд одоо хачин л юм болно биз дээ...

Ариун-Ундрах -

Яг хувиараа үржүүлсэн бол тийм ээ?

Лхамжав -

Тийм.

Ариун-Ундрах -

Тэр нэгдэл гэж ....

Лхамжав -

Тийм нэгдэл гэж байхад чинь. Манай Өвөрхангайхан чинь сайхан сэтгэлтэй болохоороо тэгэж зарж арилжиж барьж тэгэж хүүхдүүддээ өгнө гээд авдрандаа хийгээгүй л дээ. Аа Завханыхан чинь сэргэлэн улсууд чинь малаа тууж ирээд л Улаанбаатарт зараад л тэгээд авдрандаа хийчихсэн байгаа юм чинь. Манайх бол тэгээд л 2 дахиад бүх малаа өгчихөж байгаа юм чинь. Юу ч байхгүй одоо тэгээд сая мал хувьчлахад юу ч авч чадаагүй ш дээ.

Ариун-Ундрах -

Аан тэгэхээр ардчиллын үр нөлөө нь юу байсан бэ? Одоо ингээд эргээд харж байхад?

Лхамжав -

Үр дүн нь гэсэн үг үү?

Ариун-Ундрах -

Тийм, одоо энэ ардчилал гарснаар...

Лхамжав -

Ардчилал гарах ёстой л доо. Заавал гарах ёстой. Ардчилал гарснаар бол олон юмыг нээж өгсөн ш дээ. Шашин нээж өгсөн. Одоо тэр гадаад, дотоод явдаг. Тэгээд сурах, одоо тэгээд л хүний эрхийг л одоо бүгдийг нь л нээж өгсөн дөө л гэж бодож байна. Одоо тэгээд л ардчилал 20 жил боллоо. Ирэх жил 20 жилийнхээ ойг хийнэ. Аа тэгээд одоо сая ардчилсан ерөнхийлөгчтэй болох л хамгийн их гоё миний баяр байлаа даа. Тэгээд уйлж байлаа даа. Бид нар сонгуулийн хэсэг дээр шөнө тооллого хийхэд. Эгч нь бол одоо Налайхд бол бас нилээн нэртэй. Би дандаа үнэн шударгын төлөө явдаг болохоор, би янз бүрийн юмны төлөө явдаггүй болохоор эгч нь бол нүүр бардам. Хаа ч очсон би юмаа хэлээд зогсож байхад бол эгчийх нь үгийг авах хүн, эгчийг нь мэдэх хүн Налайхдаа... Одоо эгч нь Налайхд одоо 50 жил амьдарч байна ш дээ.

Ариун-Ундрах -

Тэгээд ардчилал эрэгтэй эмэгтэй хүмүүст өөр өөр нөлөөлсөн байж болох уу?

Лхамжав -

Аа тэр өөр өөр нөлөөлнө гэж гайгүй л баймаар юм, миний бодоход бол. Хамгийн гол нь тэгээд хувь хүнээсээ л шалтгаална л даа. Юм ойлгодоггүй улсууд байна. Ардчиллыг ойлгодоггүй хүмүүс байна ш дээ. Одоо ерөөсөө нөгөө хувьсгалт намаараа бүүр одоо насаараа явчихсан. 70-80 жил явчихсан улсууд чинь одоо ойлгохгүй байна ш дээ. Тэр хүмүүст л их санаа зовдог юм ш дээ эгч нь. Одоо яана даа яана. Хэцүү юм даа тэр чинь. Үр хүүхдүүд нь одоо яана даа. Аа миний насны хүмүүс ч ойлгохгүй хүн зөндөө байна. Ерөөсөө ойлгодоггүй аягүй сонин. Тийм, яагаад ойлгодоггүй юм одоо ийм гоё болж байхад чинь.

Ариун-Ундрах -

Тэгээд социализмын үеийн сэтгэлгээгээ...

Лхамжав -

Сэтгэлгээгээрээ л байх юм одоо тэгээд. Тэгээд би боддог юм. Одоо бас энэ 20 жилд хүмүүс бас л их ядарч байна л даа хөөрхий. Үнэхээр ардчилал гарлаа ч гэсэн одоо бол учир утгатай байх байлгүй дээ. Тэгээд бас ардчиллын залуучууд чинь бас нөгөө нэг туршлага байхгүй. Дан сайхан залуучууд гараад ирснээс биш нөгөө яаж хийх вэ? гэдгээ мэдэхгүй байх магадлалтай. Тэрнээс биш гадаадын орнууд, энэ ЗХУ эд нар чинь бол одоо тэгээд коммунист нам, МАХН-аа бол өөрөөр шийдэх л байсан байх л даа л гэж эгч нь бодож явдаг юм. Тэгсэн бол арай энэнээс өмнө одоо сайхан болчих байхаа л гэж эгч нь бодож явдаг юм. Тэгээд одоо ч гэсэн итгэж явдаг даа, эгч нь ардчилалдаа бол. Гоё болно оо. Манай Монголын ард түмэн бол сайхан цаг ирэх байх аа л гэж бодож явдаг юм.

Ариун-Ундрах -

Ардчилалд оролцож байгаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд энэ оролцоо нь ялгаатай байсан болов уу?

Лхамжав -

Тэгээд эрэгтэйчүүд л ер нь ихэнхи нь ш дээ. Эмэгтэйчүүд цөөхөн ш дээ. Одоо ч гэсэн тийм ш дээ ер нь. Тэгээд тэгэхээрээ одоо оюун ухаан, потенциаль одоо тэр бүх юмнаас л эмэгтэйчүүд чинь эрэгтэйчүүдээсээ арай дутуу юм уу даа л гэсэн бодол байдаг байхгүй юу.

Ариун-Ундрах -

Аа тэгэхээр эрэгтэй нь илүү давамгай...

Лхамжав -

Эрэгтэй нь илүү давамгай л даа. Ухааны хувьд тийм ээ?

Ариун-Ундрах -

За ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

Лхамжав -

За эгч нь ч гэсэн одоо дүүдээ маш их баярлалаа

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.