Galdan
Basic information
Interviewee ID: 990363
Name: Galdan
Parent's name: Sürenhor
Ovog: Hiad
Sex: m
Year of Birth: 1948
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: herder
Belief: Buddhist
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Saihan sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
military
belief
herding / livestock
environment
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
Бид Булган аймгийн Сайхан сумын 2-р багийн малчин Галдан гуайнд ирээд байна. Галдан ахаа та өөрийхөө төрсөн цагаасаа эхлээд өнөөдрийг хүртэл эцэг эх ямар хүмүүс байв, хэзээ төрөв, хаана төрөв, бага нас яаж өнгөрөв, сургууль соёлоор яаж дамжив, ямар ажил хийж байв, өнөөдрийг хүртэл энэ түүхээ нэг сайхан яриад өгөөч?
Галдан -
За би 1948 онд, энэ Угалзын голын дунд түрүү гэдэг газар төрсөн хүн. Манай эцэг Намжидын Цэрэнхорол гэдэг хүн дээр үед лам хуврага байж байгаад, засаг төр үймэхлээр хөдөө гарч хар болоод тэгээд манай эхтэй нийлсэн. Ийм юм байна лээ. Тэгээд би бага наснаасаа яахав дээ хөдөө, өөрийн ухаан орсон цагаас хурга тугал нааш цааш болгож, хонь мал хариулж хөл нүцгэн гүйж яваад л 1959онд сургуульд орсон юм байгаа юм даа. Тэгээд 1964онд сургуулиас гараад, тэгээд мөн л эх эцгийн хамт мөн л мал дээрээ малаа маллаад л, тэгээд 1970 онд цэргийн албанд татагдаад 22настайдаа. Тэгээд 1973 онд халагдаж ирээд Норжинсүрэнтэй хань бүл болж ингээд айл болоод, айл болсон намраа анх сувиа хонь, хурга ялгаж байсан үе хурга ялгаад аваад, хурга хариулж байгаад 74оны хавар Төгрөг рүү Чимэд гуайнх гэдэг айл руу очиж, хургаа орхиод мал төллүүлэхээр тийшээ очоод, тэнд очиж мал төллүүлээд. Тэгээд Чимэд гуайтай хоёулаа нийлж суурь мал таван жил маллаж байгаад, яахав мал маллах ч яахав тэр үед чинь үйлдвэрийн даалгавар гэж байлаа. Тэр үе чинь таван жилийн төлөвлөгөөтэй үйлдвэрийн даалгавартай байсан. Чимэд гуай бид хоёр чинь үйлдвэрийнхээ даалгаврыг ямар ч байсан 90 дээш хувьтай л 100 хувь биелүүлээд байсан. Тэгж байгаад бид хоёр чинь сүүлд нь 1989 онд тусдаа бие дааж, 79 онд тусдаа мал маллаж, бие дааж мал маллах чадвартай болсон гэээд. Ингэж мал маллаад би чинь 90он хүртэл нэгдлийнхээ малыг маллаж байгаад, 90 хойш энэ чинь түрээс мүрээс гэж энэ чинь задраад, түрээсийн мал гэж малаа төрөлжүүлж байгаад үхэр, хонь, ямаа адуутай нь холимог маллаж байгаад тэгээд их хувьчлал, бага хувьчлал гээд энэ засаг төрд чинь өөрчлөн байгуулалтын үе ирж, хувийн өмчтэй болоод. Өөр одоо гэр бүлийн талаар гэвэл би одоо таван хүүхэдтэй хүн дээ. Том хүү маань 1974 онд гарсан, тэгээд тэрнээс хойш хоёр хоёр жилийн зайтай гараад хоёр хүү, гурван охинтой хүн. Тэд маань ч айл болоод одоо бүгд л хүүхэдтэй, үр ач нар таван хүүхэд маань ач, зээ нийлсэн хорь болчих вуу даа. Хүргэнтэйгээ, бэртэйгээ. Тэгээд өөрөө ингээд морь мал унаж малд явдаггүй ингээд хэдэн хүүхэд зохицуулах маягаар ингээд гэр зуур ажилгүй суудаг юм даа.
Отгонбаяр -
Та 64онд сургуулиасаа гарсан гэхлээр тавдугаар ангиасаа гарсан байна тэ? Сумын сургуульд байсан уу? Сумын сургуульд байранд байсан уу та?
Галдан -
Тийн, тавдугаар анги, сумынхаа сургуульд байсан. Би байранд ч байсан, айлд ч байсан.
Отгонбаяр -
Гэрээсээ хол байранд, айлд байх хэцүү юу?
Галдан -
Байранд, айлд байхад санаанд таарахгүй үе гардаг л байсан. Нялх хүүхдэ юм болохоор гэрээ санах, байрныхнаас бас нэг наана цаана байж байгаад ер нь ингэж сургуулиар явснаас гэртээ хөдөө гарсан дээр юм байна гэсэн ойлголт төрөөд сургуулиас гарцан хүн л дээ. Түүнээс намайг чи хөдөө гарч малаа малла гэж манай эцэг, эх ч руу татаагүй. Хүн амьтан ч ятгаагүй. Би өөрөө л хөдөө гарах нь зөв юм байна гэж би өөрөө хөдөөширцөн хүн.
Отгонбаяр -
Тэр үед сургуулиас гарахда чөлөөтэй байсан уу?
Галдан -
Өө бас долдугаар ангийн боловсролтой болгож гаргана, чи дунд боловсролтой бол гээд тийм л байсан би бол зөрж байгаад гарна гэсээр байгаад. Гэхдээ яахав гаръя гэсэн ганц хоёр хүүхдийг гаргачихдаг. Би захирал багшдаа сургуулиас гарна багшаа гэсээр байгаад гарцан. Чи уул нь сургуулиар явна даа, танайхаас сургуулиар явсан хүн байхгүй. Чи гарч яах гээд байгаа юм гээд байхад нь би гарна гэсээр байгаад хүүхдийг тэгээд байхаар нь захирал багш маань зөвшөөрсөн юм байгаа биз. Намайг гаргачихсан юм. Тэгээд мал маллах сонирхолтой гэх үү дээ. Тэгээд малаараа явсаар байгаад тэгээд нэгтэй сургуулиас гараад завсардчихсан хүн чинь эргэж сургуульд орох барих тийм сонирхол ч байгаагүй. Ийм юмаар явах чадвар ч өөрт байгаагүй дээ. Малаа малалсаар байгаад өдий хүрчихлээ.
Отгонбаяр -
Цэрэгт хаана алба хаав?
Галдан -
Хотод 05-р анги гэдэг юм даа. Дотоодыг хамгаалах тусгай хороо гэж байсан тэнд албаа хаасан. .
Отгонбаяр -
Цэрэгт яав тэгээд?
Галдан -
Цэрэгт яахав тэгээд, дотоодыг хамгаалах гээд Цэдэнбал даргынхаа үүдэнд хоёр жил зогссон доо. Бусад эхний шинэ цэрэг байхад бусад харуул, постонд зогсож байгаад сүүлийн хоёр жил Цэдэнбал даргынгаа хамгаалах гадна талын хамгаалалтанд бүүр дотор өөрийн байранд хамгаалалтад хоёр жил хамгаалалтын алба хаагаад ирсэн дээ.
Отгонбаяр -
Бал даргатай их ойрноос харж байсан юм байна даа?
Галдан -
Ойрноос, бүүр уулзаж гар барьж байгаагүй ч гэсэн харж байсан. Өглөө үдэш бие засах гээд гарна тэгэхэд хардаг л байсан. Цэрэг манааны хүн болохоор уулзах, ярьж хөөрөх тушаалын ямар ч эрх байхгүй. Гэхдээ ойрхноос их хардаг байсан.
Отгонбаяр -
Та тэр Чимэд гуайтай таван жил мал суурь болгоод малласан гэж байна ш дээ, Чимэд гуай гэж ямар хүн байсан?
Галдан -
Чимэд гуай гэж дол гаран насны нэг өвгөн байгаа. Их малч хүн. Удмаараа тийм малч. Урьд удирдах ажил хийж явсан. Их зохицуулдаг, зохион байгуулдаг хүн. Тэр өвгөнийг дагаад угаасаа бас эх, эцгээ дагаад ийшээ зөв буруугаа мэдэх байсан, тэрэн дээр бас ингэдэг юм, тэгдэг юм гэж бас олон жил мал төллүүлцэн туршлагатай хүн дагаж мал маллах ажиллагаандаа улам илүү л болсон гэж боддог өөрийгөө. Бас тэгдэг юм байна, ингэдэг юм байна. Тэр үед чинь нэгдлийн мал нормтой үүрэг даалгавартай таван зуугаас зургаан зуун хонь нэг суурьт суурилуулж өгдөг. Ганц гэрээрээ хүүхдүүд морь унаад эхлэхээр зуны цагт хонь малаа эргээгээд өгнө. Намар болохоор сургууль соёл гээд найм хүрэхээр сургуульдаа явдаг. Тэр үед нь өөрөө дагнаад малаа малладаг. Холимог мал гэж байгаагүй, тэр үед чинь хонь, ямаа л хоёр. Хонин дээр нь ямаа дайж өгөөд л, тэгээд дандаа төллөх мал малласаар байгаад л, засаг төрдөө сайн хүнтэй нийлж байгаад овоо л хэдэн мал өсгөж өгсөн байх. Яг тичнээн мянга гэдгийг тооцоолж үзээгүй болохоор мэдэхгүй байна.
Отгонбаяр -
Та танай аав лам байсан, сүүлдээ харсан болсон гэж байна тэ? Хэлмэгдэж бариагүй юу?
Галдан -
Хэлмэгдэж бариагүй, ер нь тэр хэлмэгдэнэ гэдгээс айж зугтааж л тийм болсон болов уу гэж сүүлд ухаан орсон хойноо боддог юм. Хүүхэд байх үед чинь ямар тийм ярьж марих биш. Элдэв бусын хүн ирэх, бурхан тахил ил гаргах, хүж өргөх, ном мом уншихаасаа их л айдаг байсан юм.
Отгонбаяр -
Ном ер нь нууж уншдаг байсан уу? алдана чи тэр мал тууж эхэлсэн гэж байна ш дээ? Ер нь тууварчид хэр зэрэг хол туудаг юм? Туугаад явж байхад амьдрал яаж явдадг уу? Шөнө хэдийд унтдаг вэ? Юу хийдэг үү? Тэрнийгээ их тодорхой ярьж өгөөч.
Галдан -
Уншдаг байсан. Манай аав ер нь уншлагаа тасдаагүй өнгөрөн өнгөртлөө хүртэл. Манай аав наян хэдэн онд өнгөрсөн юм бэ дээ. 85 хүрч байж өнгөрсөн юм байгаа юм.
Отгонбаяр -
Уншлагаа ер нь яаж хийх үү? Өглөө оройдоо хийдэг байсан уу? дээшлүүлээд тугаад байх уу?
Галдан -
Уншлагаад хүн амьтны чөлөөнд өглөө уншчихна. Хүн амьтан ирэхээх ном момоо хаагаад алчуураар бүтээгээд авдар дээрээ тавьчихна. Тэр үед чиндь бас тийм юм болохгүй л байсан. Бид чинь хүүхэд байх үедээ тэрнийг чинь айж эмээж байна гэж мэдэхгүй. Тэгдэг ёстой юм байх гэж бодчихоод, бидэнд ч аав, ээж хоёр ийм тийм гэж хэлдэггүй л байсан. Тэр ч болох ч үгүй байсан байх. Бид нар ч таны ном ямар ном ч гэж байгаагүй. Тэгээд өнгөрөн өнгөртлөө, сүүлдээ ч яахав хувь хүн бусдад нөлөөлөхгүйгээр өөрөө шүтэж болно гэснээс хойш, за тэгээд 60 дээш насласнаас хойш номоо байнга уншсан. Хүн амьтнаас айхаа байгаад, хүн амьтан ч гэсэн нууцаар ирж ном мом уншуулдаг байсан. Бас одоогоор бол мэргэ, төлөг тавьчихдаг аргалах ном хийчихдэг тийм хүн байсан юм. Ингэж манай хүүхэд айлгаад, тэгж өвдөөд гэхээр чадмаар зүйл байвал аргалчихдаг. Тэгэхэд манай эцэг тэрийг чинь шөнө мөнө л, хүүхэд байхад шөнө байхад нохой хуцаад заримдаа нойрон дунд лаа барьцан юм мум асуугаад л тэгдэг л байсан юм байна лээ.
Отгонбаяр -
Бурхан мурхнаа нэг их нууж далд хийгээгүй юм байна тэ?
Галдан -
Бурхан тахилаа тэгж нэг их нууж хаагүй юм байна. Тэр чинь 50хэдэн он бурхан нь ширээн хайрцагт байдаг. Ил байдаггүй. Бурханыхаа тэнд зураг хийчээд л тэгээд байж байдаг байсан. Сүүлдээ ч үндсэн хуулиндаа хувьдаа бусдад нөлөөлөхгүй хувьдаа шүтэж болно гэсэн тийм заалт гарсан юм байгаа биз дээ тэр маягаараа сүүлдээ нэг бурхан тахил гэж ярьдаг болсон юм болов уу?
Отгонбаяр -
Социолизмийн үед чинь бурхан тахил шүтэх их хаалттай хэцүү, ном унших юм бол арга хэмжээ авдаг. Юм хумыг нь хураадаг байлаа ш дээ. Тийм юм танайд байгаагүй юм байна тэ?
Галдан -
Тийм юм нь харин хураагдаж мураагдаж тэгж тийм юманд оролцоогүй юм байгаа юм. Манай эцэг яахав дээ гэлэн сахилтай хүн байсан. Яг тэр гавж мавжийнгаа хийдэг дээр л хүрээ хийд бужигнаад л бусад улсууд л тэгээд байдгийн яг мяндаг гэдэг юм болчоод байсан гэж. Нэг шөнө л шар Гэрлээ гэдэг хүнтэй богцондоо ойр зуурынхаа жижиг шажига ойр зуурынхаа юмыг хийгээд өөрийнхөө номыг аваад шөнө гарч бугын хүрээнээс явган гарч ирж байсан гэж ярьдаг юм даг. Тэгж л оргож гарч ирж байсан.
Отгонбаяр -
Танайханд өөр лам байсан хэлмэгдсэн хүн бий юу?
Галдан -
Манайхны яг миний талаас тэгж хэлмэгдсэн, ингэж цаазлуулсан гэж би лав дуулаагүй ш дээ. Яг манай эцгийнхэнд лав тийм хүн байхгүй байх.
Отгонбаяр -
Танай ээж ямар хүн байсан?
Галдан -
Манай ээж энэ өргөн голын хүн байсан даа, манай ээж яахав малчин л хүн. Малчин байсан ямар сургууль соёл гэж байсан биш.
Отгонбаяр -
Хэдэн хүүхэдтэй байсан танайх ах дүү хэдүүлээ байсан?
Галдан -
Би одоо ах дүү зургуулаа байсан.
Отгонбаяр -
Ийм хатуу хөтүүнд ээж олон хүүхэдтэй мал маллаад?
Галдан -
Өө, тэр одоо тав арван малынхаа ашиг шимээр л амьдарч байсан үе шүү дээ. Бид чинь зун мах иднэ гэж байгаагүй шүү дээ. Тэр үед чинь борц хийнэ гэж юм байгаагүй юм. Идшээ идээд үүц хийнэ гэж юм байсан юм. Үүц хийнэ гээд тэр махныхаа аль чанартай өөхтэй хэсгээс нь пойшиг, саванд хийгээд чигжээд нойтон дээр нь хөлдөөгөөд, үхрийн гүзээгээр, үхрийн баасаар хучаад хөлдөөчихдэг. Тэгээд тэрнийгээ хавар гэсхээр нь задалж иддэг. Тэгээд тэрнийгээ задалж идээд ч дуусдаг. Тэгэхэд нь халтар бултар тараг сүү гардаг. Тэгээд мал төллөхөөс эхлээд хонио саана. Хурга хөгнө, гэрт оруулж хөгнөж гадаа нэг нэгээр нь эхэд нь тавьж өгч саадаг байлаа шүү дээ. Хүүхэд байхад хонь ч номхон, одоотой адил ямар олон хашаа хороотой байсан биш. Тэгээд хонио задгай тавина. Уургыг нь хөхүүлж эхийг нь саагаад уургаа хөхөөд задгайрайд ирэхээр сүүгээр нь ээдэм хийж идээд л. Ногоо гарахын үед ч мал ч их сүү орж байсан юм байгаа биз таргаа бүрээд л
Отгонбаяр -
Юу өмсдөг байв? Хүүхэд байхдаа?
Галдан -
За хүүхэд байхад чинь хувцас хунар одоотой адил элбэг биш, өмд цамц гэж байсан биш. Дотуур хувцас бандааш мандааш гэж байгаагүй шүү дээ. Зүгээр нэг урт өмд, дайламбаар нэг давхар юм хийгээд өгчинө. Зуны цагт бол тэрлэгэн өмд гээд нэг юм хийгээд өмсчинө. Цамц бол яахав ямбуу цамц. Тэр үед чинь нэг хадаастай ямбуу гээд, цагаан цув ямбуу бөх байдаг юм гээд, биетэй байсан байх тэр ямбуугаар чинь урагдчихдаг гээд дал мөрөн дээгүүр давуулж байгаад нэг ийм юм гараар оёод хийгээд өгчинө. Тэгээд угаана барина гэж байхгүй хөөрхий өвөл мөвөл цамцаа ээж өмсөнө. Үстэй дээлтэй өнгө нь хэвээрээ шүү дээ. Тустав эд нар чинь байгаагүй юм. Энэ дайламба эд нарыг чинь тустав гэдэг байсан юм. Бидний өмсөж байх үед өнгө нэхий гээд яг ярьсныхаа өнгөөр, зүгээр дотроос нь хөвөрддөг ч юмуу оёод л, өөрөөр нь эсгээд өөрөөр нь хийгээд л. Зах эмжээрийг нь нэг юмаар эмждэг байсан байх нэг дайлан даавууны өөдсөөр. Нэхий дээл чинь их гоё ш дээ. Мялаалгах гээд айл айл руу гүйгээд очно. Сүүлдээ ч хөөрхий борлоод эхлэнэ. Дараа нь тоглож байхад хөлсөнд нороод эхлэнэ. Нэхий ч тэгээд хоёр өнжилгүй гялаагаад эхлэнэ. Гутал бол монгол гуталтай. Тийм нарийн нандин юм байгаагүй. Жижигхэн жижигхэн таарсан монгол гутал. Эсгий оймстой. Тоглож гүйж байгаад оймсоо цоолоод өсгийгөө холгочино. Тэгээд л зун бол ингээд дулаараад цас цоохортоод ирэхийн цагт хөл нүцгэн жирийнэ. Цас хайлаад хурга ишиг барьж авах гэхлээр нөгөө гутал нь томдоод гутлаа тайлаад ухас хийгээд хурга мал барьж аваад эхлэнэ. Тэгээд дулаараад усанд үехийн үед гутал өмсөнө гэж юм байхгүй. Халуун малуунд сайхан ш дээ. Хүүхдүүд танайх тийм ядуу байсан юм уу, гэдэг юм нийгмээрээ тийм байсан. Бүгдээрээ бараг ийм байсан. Өглөө яагаа ч үгүй эрт үнэ хураа гээд л явуулна. Өглөө хяруу унацан хөл дээрээ шээж дулаацуулна. Үхрийн хэвтэж байсан газар сайхан халуун байна. Хүүхдүүдийн хөл даараад байх шиг байна гээд гутлыг нь гаргаж өгөхөөс гэж хааяа гаргаж өгдөг байсан.
Отгонбаяр -
Томчууд зун хөл нүцгэн байсан уу?
Галдан -
Хөл нүцгэн байх нь байна. Гэхдээ хөгшчүүл чинь гуталтайгаа байдаг байсан байхаа. Хурган ловуз гээд нэг малгай тавиад өгчихсөн, тэр нь өмсөж тависаар байгаад үс нь халцарцан, дуусаад илэг болцон бүүр. Тиймэрхүү л түүхтэй дээ.
Отгонбаяр -
Тийм дээ. Соёлжолтын үзлэг гээд нэг юм болдог байсан?
Галдан -
Аа тэгсэн, 50 хэдэн оноос эхэлсэн юм билээ. Бага байсан болохоор яг яаж шаардаж байсныг нарийн мэддэггүй юм. Тооноо угаана, утаа арилгана соёлжилтын довтолгоо гэдэг байсан шүү. Намайг жоохон байхад. Соёлын довтолгоонтой хүн амьтан ирэхэд унь, тооноо угаана, гэрийнхээ модыг янзалсан уу? Утаагаа гөвсөн үү? Гээд л багийн хариуцлагатнууд тэгж асууж бүртгэж явдаг, за угаасан байна, тэгж унь тооноо гэх маягаар бүртгэж авч байсан юм байгаа биз дээ.
Отгонбаяр -
Угаагүй бохир байвал яахав?
Галдан -
Тэгвэл ч бас аашлана, шийтгэнэ барина гэх байлгүй. Тоншуул моншуулд гаргана хүн амьтан ирүүл бариул гэх байх. Тийм л шаардлага тавьдаг байсан.
Отгонбаяр -
Тэр тавиулж байсан айл нь хэр байсан бэ?
Галдан -
Байсан байх, багийнхаа хурал дээр бас нэг шүүмжилж тэг энгэ удаан байна, заваан байна гэж шүүмжилдэг байсан. Тэр үед чинь багийн хурал гээд өдөр шөнөгүй хийдэг байсан. Манайхан л хуралд явна гээд хонож өнжиж байж ирдэг байсан их л удаан байсан юм байгаа биз. Сүүлдээ нэг албан журам мурам гэдэг юм болсон. Тэрний учрыг сайн олдоггүй. Мал нийгэмжилтийг сайн мэдээд байдаг юм.
Отгонбаяр -
Яаж нийгэмжүүлж байсан? Нэгдэлч хөдөлгөөн тэ?
Галдан -
Нэгдэлч хөдөлгөөн манайх чинь 57 онд л малаа нийгэмчилсэн юм байна лээ. Би хүртэл хайртай үнээгээ өгөхгүй гэж уйлж л байсан юм байгаа юм. Тэмдэглэж, тамгалж малаа үлдээх юмаа цөөхнийг үлдээгээд тэгээд илүү гарсныг нь авч байсан юм байна лээ.
Отгонбаяр -
Танайх тэгээд мал хэр зэрэг байсан бэ? Аав ээж чинь?
Галдан -
Би одоо нарийн тоог нь мэддэггүй юм. Яахав тэгээд сааль сүүгээ хийгээд, ажиргааны овоо хэдэн юмтай байсан юм болов уу даа. Яг хэдэн зуун малтай байсныг би сайн мэддэггүй юм, үхэр л лав нэг 20,30 байсан байх.
Отгонбаяр -
Аав ээж чинь нэгдэлжих хөдөлгөөнд малаа өгөхдөө дургүй байсан уу? Тэр талаар сонсож байв уу?
Галдан -
За одоо яахав. Нэлээн дургүй хургаж хургаж байгаад нэлээн сүүлхэн үед л орсон юм байгаа юм. Дургүй л байсан хэрэг байх.
Отгонбаяр -
Мал хуйгаа нууж байсан болов уу?
Галдан -
Нууж байгаагүй, манай эцэг чинь өөрөө айдаг байсан болохоор тиймэрхүү хулгайны юмнаас үнэн айдаг хүн байсан. Тийм юм ерөөсөө хийдэггүй. Тийм юмнаас их айдаг. Бидэнд хүртэл захидаг. Ээ дээ элдэв бусын юм хэрэггүй байдаг юм. Ямар ч засаг төртэй бай засаг төрөө л дагаж, засаг төрдөө л үнэн ч яваарай хүүхдүүд минь тэгээд үйлс нь бүтэж явна шүү та нар, ээ дээ засаг төр шиг айхтар юм байдаггүй юм даа, засаг төр л түвшин бол та нар ажил хийлээ барьлаа тэгтлээ зүтгэлээ гэдэг чинь юу ч биш хүү минь, жаргалаараа тааваараа гэдэс цатгалан ажил хийж явахад юу нь хамаа байна. Цаг төр л их айхтар байдаг юм хүүхээ, төр түвшин бол та нарын тэр ажил хийж байх хамаа байхгүй гэж. Манай эцэг бидэнд тэгж л захидаг байсан. Тэгэхлээр л хөөрхий тэр цаг төрийн үймээнээр аль өөдтэй лам нарыг нь бариад алга болгочихоор их л айж эмээлгүй яахав. Тэр чинь мэдээжийн юм.
Отгонбаяр -
Сүсэг бишрэл гээд, танай аав чинь лам байсан ш дээ, ном уншдаг. Таны бодлоор социолизмийн үед 90 оноос хойш хүмүүсийн монгол, ялангуяа хөдөөний малчин ардын сүсэг бишрэл яаж өөрчлөгдөв?
Галдан -
Ер нь сүсэг бишрэл эрс өөрчлөгдсөн. Одоо заавал хөгшин гэхгүй залуучууд чинь бурхан эн тэр тавиад бас ойр зуурынхаа майна, мэгзэм тогтоогоод, бас тэрнийгээ уншаад. Эрх мэрх барьж явах чөлөөтэй болсон. Юм уншчих юм, эрх барихлаараа майна уншчих юм. Одоо ер нь голдуу шүтдэг талдаа болсон байх шүү. Уул овоогоо тахиулчихъя, лам авчраад хийморийн сан тавиулчихъя, гал голомтоо нэг тахиулъя, гэр орноо нэг өөд нь татъя гэсэн сэтгэлгээ айл болгонд байдаг гэж бодож байгаа. Түүнээс манай эцэг айлаар хааяа нэг явна, зарим нэг айл намар болохоор авч яваад хоноод ирдэг байсан тэр нууцаар юм хийдэг байсан юм байна лээ. Тэгээд нэг боов моовтой ирдэг байсан. Юм уншчаад ирдэг байсан. Өөрснөө ч гэсэн жил болгон хувинтай тараг тавичаад за сайхан элбэг гээд шөнөжин ном уншдаг байсан бас л тэр даллага маллага авч байсан юм байна лээ. Дэргэд нь ямар ингэж буян хишиг тогтож байгаа юм гэж хэлэхгүй ш дээ. Хүүхэд болохоор хүн амьтанд ярьчихна гэж айгаад. Өөрөө битүүхэн юмаа хийчээд
Отгонбаяр -
Тэгж авч явдаг хүн их байсан уу?
Галдан -
Тэр үед хэр их байсныг мэдэхгүй? Эрх чөлөөтэй болоод ирэхээр хүний дотоод сэтгэхүй юм болохоор зөв гэж бодоод бурхан тахилтай болсон. Зулаа өргөөд л, өөрт уншаад байдаг юм байхгүй.
Отгонбаяр -
Танай энд бөө байна уу?
Галдан -
Манай нутагт бөө байхгүй ээ.
Отгонбаяр -
Өөр газраас үздэг, хардаг бөөлдөг гэдэг хүн хар явах юм уу?
Галдан -
Өө явна. Хүн амьтан авчирч яалаа ч гэж дуулдаж байдаг. Би ч одоо бөө шарын шашин хоёр чинь эсрэг тэсрэг юм гэнээ лээ гэж бодоод манай эцэг чинь шарын шашны хүн байсан гэж бодоод л, бөө мөө авчрая бөө дээр очье барья гэж бодогддоггүй. Очдог хүн дээрээ л очоод, хуучнаар бол тэр бөө чинь лус, хараал хоёрыг дардаг арилгадаг хүн юм гэнэ лээ гэж хүүхэд байхад л ярдаг байсан. Одооны бөө аль алиныгаа яадгийг яаж мэдэх вээ дээ. Шарынхаа шашинтай тэгээд таардаггүй болохоор бөөд очье, барья гэж боддоггүй. Бөө ирж гэнэ, хүн амьтан юм үзүүлж гэнэ одоо тэр чинь улиг болчихсон.
Отгонбаяр -
Та тавдугаар ангиасаа сургуулиас гарчихсан тэгээд малчин хийгээд байсан тээ? Социолизмийн үед мал маллах, дараа нь өөрөө өмч хувьчлалаар өөрийнхөө малыг маллах хоёрт ямар ямар ялгаа байна?
Галдан -
За яахав хувь хүн янз янзаар авч үзэх байх, би ч одоо багаасаа мал дагачихсан болохоор өдий төдий малыг маллаад, үүрэг даалгавраа сайн биелүүлж байсан. Тэгээд цалингаараа амьдрана. Тэгээд тэр бодлоороо энийгээ өөдтэйхөн маллаад тарга хүч авхуулаад, үс ноосыг нь гүйцээгээд байвал болоод байна гээд их идэвх зүтгэлтэйгээр өглөө эрт босч, орой хотлуулж л маллаж байлаа шүү дээ. Хувийн малтай болоод ирэхээр хүн сэтгэл амардаг ч юм уу, энэ хүүхдүүдийг харад байхад мал дагахгүй юм. Өглөө малаа бэлчээгээд, орой хотлуулаад өөдтэйхөн таргалуулъч гэсэн сэтгэлгээ байхгүй юм шиг байна. Тэгээд зөнгөөрөө байгаад байдаг, алах үедээ идчихээд, зарах үедээ зарчаад байдаг гэж ойлгож байгаа хүүхэд ч байна. Социолизмийн үеийг чинь зарим нь тийм ийм гээд муу хэлж л байдаг юм би ч төрөөд өсөөд өтөлчихсөн болохоор бас муу хэлдэггүй ш дээ, үгүй гэж байгаа юм биш, хүнийг ажилтай болгоно. Хүнийг захирана. Хүн чинь ер нь захиргаа муутай л бол юм хийдэггүй ш дээ. Тэр малаасаа дор болоод байна уу гэдэг чинь ортой л болоод байна. Одоо хараад байхад залуу насыг архи ууж, мөрийтэй тоглоод туулаад дуусах сэтгэлгээтэй хүмүүс байгаад байгаа юм шиг харагдаад байх юм. Бидний үед ийм юм байхгүй дээ, яахав тэр бид ч бас наргиж даргиж хааяа нэг шил юм уунаа. Хааяа нэг мөрийтэй тоглоомны зах сэжүүр ч байсан шүү. Тэрийг чинь их нууцалж, их айна. үеэрээ нэг айлд нууж, баригдах юм бол торгуулна. Шоронд орохгүй ч торгуулна. Одоо бол ч яахав дээ, зөв залж чадвал их л сайхан засаг төр юм. Өөрийгөө дайчлаад, амьдрахын төлөө зүтгэсэн хүнд сайхан нийгэм байна ш дээ. Муу хэлэх арга ерөөсөө байхгүй. Ийм сайхан нийгэмд өөрийнхөө ухамсраар энэ нь зөв, тэр нь буруу гэж ялгаж салгаад зөв аж төрвөл сайхан нийгэм. Буруу юм хийгээгүй бол тэр хаана явна, хүн унтаж байхад сэрээхгүй болж дээ. Буруу юм ойлгоод буруу тийш нь хазайх нь их л ойрхон юм. Хүн чинь ялихгүй юманд уруу татагдана. Залуу нас гэдэг чинь бас л тийм юм даа. Залуу хүн гэдэг чинь дэнгийн эрвээхэй шиг байдаг гэдэг. Өө яахав архи уугаад, тоглоод явж байхад яахав хэдэн мал орхиод байвал насан эцэслэх хойноо харамсана. Залуу хүн гэдэг чинь тэгж өтлөнө. Би ядраад ирнэ, залуудаа жаахан юм хийгээд авъя, хэдэн хүүхэддээ хэрэг болох юмаа дараад авъя гэх юм их бага байдаг юм байна шүү. Залуу нас гэдэг чинь хөөрүү дэврүү байх нас юм даа уул нь. Өтлөөд ирэхээр муу санаа гэж байдаг, муу санаа гэхлээр зарим хүн чинь хулгай хийхийг бодоод байх шиг байдаг. Амьдарлын муу санаа гэдэг чинь хулгай хийх, худал хэлэх биш юм байгаа юм. Юмыг бурууг нь буруу гэж ойлгож, зөвийг нь зөв гэж ойлгож, бас нэг зарим нэг юмнаас хоцрохыг амьдарлын муу санаа гээд байгаа юм. Зарим хүн муу санаа гэхлээр хулгай хийх, хүн хуурахыг хэлж байна гэж ойлгоод байгаа юм шиг байгаа юм залуучууд. Амьдарлын муу санаа гэдэг юм чинь өөр юм байгаа юм. Тэр хашир суусан гэдэг чинь муу санаа гээд байгаа юм.
Отгонбаяр -
Та тэр Чимэд гуайгаас малч ухаан нэлээн сурсан байх тэ, хуучны тэр хөгшчүүл хуц, эсвэл бух тавихдаа яадаг байсан бэ? Одоо өөрөөр хэлбэл малынхаа үржил, селегци чанараа сайжруулахын тулд?
Галдан -
Чанар сайжруулахын тулд би үнээний өнгө зүс, лам л хонин дээр тэр хэр хэр хүзүүтэйг нь харна. Одоо бодвол арьс ноос, үс ноосондоо байсан юм болов уу. Их аятайхан хар халзан, шар халзан улаан толгойтой хуц тавина. Их эрээн хар цоохор хуц тавидаггүй байлаа. Их сайн сүүтэй хониноос, их сайн удамтай хонины хургаар хуц тавина гэж орхидог байсан биднийг хүүхэд байхад. Тэгээд өөр хоорондоо ярьж байгаад зөрж хуцаа тавьдаг байсан юм болов уу, бух бас тийм сайхан улаан хүрэн, хар хүрэн, хөх хүрэн бух л их тавьдаг байсан. Хөх нь их ховор байсан байх. Манайх нэг улаан хүрэн бухтай байсан.
Отгонбаяр -
Хониндоо өдөр болгон явна биз?
Галдан -
Өглөө босоод л тэгээд өдөр болгон. Одооных шиг юм байхгүй. Хонийг өдөрт хоёр саана. Хашиж саана. Өглөө хонио бэлчээгээд, хургаа хоёр тийшээ бэлчээгээд говь газар болохоор олон хашаа байхгүй. Нэг л хашаатай. Голдуу нэгий нь бариад хашина. Тэгээд хургаа юм уу, хонио түрүүлж бэлчээнэ. Нар буухад нэг саана, тэгээд бэлчээгээд үд өнгөрснөөс хойш нэг саана.
Отгонбаяр -
Зуны халуунд тэгж хонь саах хэцүү байх шүү?
Галдан -
Өө тэгээд яахав, хүүхэд байхад хонь бэлчээх гэж нэг ажил байлаа ш дээ. Хонь барьж сур гээд л хөлөн дээрээ гишгүүлээд л уйлаад. Хонь хүзүүдэж өгнө.
Отгонбаяр -
Хэдэн хонь саах уу?
Галдан -
Одоо мэдэхгүй, байгаа нь овоо хэдэн юм байдаг байлаа. Бодвол дол хаяж зуу гаргаж байсан юм байгаа биз. Манай ижий ганцаараа саана. Манайд эмэгтэй хүүхэд мүүхэд том болсон юм байгаагүй. Манай дүү бага байсан. Тэгээд болдог байсан юм байгаа биз.
Отгонбаяр -
Таны Чимэд гуайгаас сурсан юм, одооны хүүхдүүдийн аав ээжээсээ сурсан юм одоо ингээд харахад ямар байна?
Галдан -
Одоо энэ чинь дан мотоцикь, хонинд явна гэж хүртэл энэ хятад мотоцикль авах юм байна ш дээ. Бидний чинь үед чөдрийн хашиндуу морь өгдөг байлаа шүү дээ. Хонины хажууд бүүрэгнээсээ махтай тэр үед чинь мориор хонинд явна. Намаг хүүхэд байхад чинь яма байгаагүй л дээ. 80 хэдэн он болж байж бүүр элбэг болж байгаа юм чинь. Сүүлийн үед мотоцикль дээр малаа хариулнаа. Талыг техникээр хариулна гэдэг тэгээд одоо ганц энэ хавиар биш тэр аяараа юм шив дээ. Хөгжил гэдэг нь байгаа биз.
Отгонбаяр -
Мал их өссөн байна ш дээ, 90 оноос өмнөхөөс. Мал их өсснөөс болоод тэр үү, бэлчээрийн даац хэтрэх, байгаль орчинд нөлөөлж байгаа гэсэн юм байна уу?
Галдан -
За даа тэгж л яриад байдаг юм. Би тэрэнтэй чинь нэгэн талдаа эсрэг л байдаг ш дээ. Газар шороондоо багтахаа байгаад газраа сүйтгээд байгаа нь лав л биш гэж боддог. Энэ л лав энэ цаг агаарын дулаарал гэж яриад байгаа энэтэй байх. Нөгөө талаас энэ бороо хур гэж юм орохоо больж зун гэдэг юм номоороо болохоо больчлоо. Бороо хур орооод байвал шороонд байтугай хаданд ногоо ургаад байдаг юм. Тэгэхлээр энэ чинь бороо тэр говь цөл, уул хангай гэлтгүй л ороод байвал, монголын мал тэгж ихдээд газар нутгаа арилгаж байгаа биш л гэж боддог. Би ямар сургууль соёлоор явсан эрдэм номтой биш. Мал маллаж өдий хүрсэн. Манай мал энэ газар шороо даахаа байтлаа ихдээд байгаа юм биш л гэж боддог. Зарим нэг айлууд эн тэндээс нүүж ирээд айл нь олон мал нь хэт их олширцон хэт талхалчихсан газар байгаа л даа. Зам дагуу аймаг, эрдэнэт ороход харагдаж л байдаг. Хэтэрхий олон айл харагддаг л юм байна лээ зүгээр. Нийт монгол даяраа гэвэл тийм юм байхгүй.
Отгонбаяр -
Мал, машин хоёр их болцон байна ш дээ?
Галдан -
Тийн. Машин л олон болчихвол хэцүү л болох гээд байгаа юм даа. Нэг талаараа монгол орон ядуурлаа л гээд байгаа, нэг талаараа баян хүн унадаг л гэдэг байсан тэгэхлээр баяжаад л байгаа. Яг нарийн чанартай нь бол мөн биш үү, гээд хүүхдүүдээс асууж суудаг. Дээр үед нэгдэлд техник ирэхээр орлогоосоо илүү зарлага нь давдаг гэдэг байсан. Нэг айлыг амархан л эвдэнэ дээ, буруу эргэвэл гэж би ярьж суудаг. Тэрэнд чинь масло, бинзен, запас юм авна дандаа л мөнгө шүү дээ. Энэ бол яахав дээ нийгмийн хөгжил дэвшилтэйгээ холбоотой юм даа.
Отгонбаяр -
Энэ бэлчээр өвс ургамал өөрчлөгдсөн үү?
Галдан -
Өөрчлөгдсөн. Сүүлийн үе бороо хур оролгүйгээр гандуу их олон жил бороо хур, цас татанга байснаас үүдэлтэй юм болов уу, гэж боддог юм. Ургадаг байсан ургамлын үндэс олон жил халаад ирэхээрээ түлэгдээд ирэхээрээ эргээд ургах чанар муутай болдог юм уу, тэгээд бороо хур ургаад ирэхээр муудсан хөрснөөс янз бүрийн шарилж ургадаг шүү дээ. Шарилж ургаад байгаа энэ бас тийм л юмтай холбоотой байх.
Отгонбаяр -
Түүнээс биш мал машин хоёр ихдээд бэлчээр талхалсных биш үү?
Галдан -
Машиных энэ төв зам дагуух бол орж болох л юм байгаа юм. Яг малын бэлчээргүй болтол ч бас хөдөөгүүр хөлхсөн гэвэл буруу л болох байх, зарим нь дургүйцэх байх. Гэхдээ энэ машин чинь зам хайхрахгүй дураа ч явах л юм л даа. Мэдээж айл айлын хооронд л яваад байгаа юм чинь бэлчээрт нэмэгдэл болохгүй, хасагдал болно л доо. Гэхдээ бүүр бэлчээрийн хомсдол болтол гишгээд байгаа юм алга.
Отгонбаяр -
Малын чанар өмч хувьчилснаас хойш сайжирсан уу?
Галдан -
Өмч хувьчилснаас хойш их өссөн хувийн юм болохоор дураараа. Нийгмээ дагаад зөнгөөрөө хэсэг сайхан өслөө. Ямар ч маллагаагүй өслөө ш дээ.
Отгонбаяр -
Зөнгөөрөө өссөн гээд байдаг, цаг агаар муу байгаа гээд байдаг?
Галдан -
Тэр үед чинь гайгүй байсан. 90-94 он хүртэл цаг агаар сайхан байсан шүү. Зун болдгоороо болоод, 94 онд нэг сайхан зун болсон манай энд чинь. Тэрнээс хойш гандсаар гандсаар байгаад одоо торгоох төдий л болж байгаа. Энэ жил нэг сайхан аятайхан ногоорч байна. Гэхдээ энэ дотор мал иддэггүй, муу ургамал ч байна. Гэхдээ мал иддэг аятайхан ургамал ч ургаж байна.
Отгонбаяр -
Тэгээд малын чанар яасан бэ ах?
Галдан -
Малын чанар зарим талдаа муудлаа доройтлоо л гээд байгаа ер нь үнэн байхаа. Харин адуу хувьд ч хаа байсан Дорнод, Сүхбаатараас азрага тавилаа л гэдгийн наана цаанаа гайгүй юм солиод, адууны хувьд гайгүй болж байгаа болов уу? Малчид бас ойлгоод адууг бол би доройтоогүй гэж бодож байна. Хонь, ямаа ч яахав бүүр ч тэгж цус нь ойртоод сүүд болоогүй болов уу, тэгээд энд бас өөр аймгийн малчид их ирчихсэн болохоор Хөвсгөл, Завхан талын хуц сольж тависан. Доройтож бүүр нэг айхтар болоогүй байх гэж бодож байна.
Отгонбаяр -
Та энэ нутагт төрсөн цагаасаа эхлээд байгаа ш дээ байгаль цаг агаар яаж өөрчлөгдөв?
Галдан -
Байгаль, цаг агаар их өөрчлөгдөх юмаа. Биднийг хүүхэд байхад хур бороо ордгоороо орж, хонь мал осгох вий хараарай гээд л, бороо чинь хэд хоногоор ордог байлаа ш дээ. Сүүлийн үед бороо орохоороо хэсэг хэсгээр нэг хэсэг газар үер болтол ороод, хэсэг амьтан үйж, жалга ус эвдэж хаячаад. Тэгээд цаг агаар ингэж их өөрчлөгдөх юм. Үгүй яахав дээ. Биднийг мал маллаж байх үед хур бороо орж байсан. Хавар ч яахав чангахан байдаг байсан. Хавар мал 2.20 мал төллөж эхлэнэ. 20-25д гээд мал төллөөд эхлэнэ.
Отгонбаяр -
Одоо хэднээр төллөж байна?
Галдан -
Одоо зарим нь 4сар гаргаад төллөж байна. Тэгэхлээр амар л байдаг байх. Би ч зүгээр ч хуучин барилаар ч юм уу, 2 сарын сүүл 3 сарын эхээр л төлөө авдаг ш дээ. Эрт гарсан төл осгоочихгүй л бол амар байдаг. Оройтоод ирэхээрээ чацага алдаад байдаг. Дулаарахаар яахав тэгээд зарим нь дулаанд байдаг.
Отгонбаяр -
Газар усны нэр өөрчлөгдөв үү?
Галдан -
Газар усны нэр ч тэгж өөрчлөгдөөгүй. Хуучин хээр толгой, энэ хад гэдэг байсан хэвээрээ. Аа булаг шанд ч их ширгэж устлаа. Хааяа нэг хур бороо орохоор байгаа жаахан юм маань татарчихгүй яамай даа гэж бодож байлаа. Байгаль, цаг агаар малын ажлаа хийнэ. Малыг төр даана гээд байх юм байх биш. Энийг чинь бүх насаараа харж байж амь зууна. Гэр орноо авч явна. Хуучин та нарт тараагаад өгцөн шүү дээ. Одоо ямар өөр юм байх биш. Та нар ямар ажил хийгээд цалин авна гэх юм байх биш. Тэгээд энийгээ нэг аятайхан маллаад байж бай. Та нар эвтэй байвал цаг агаар харж үзнэ. Та нар эвгүй байвал байгаль эвгүй л байна. Шуурга шуураад, ширүүн бороо орвол аваад явна шүү дээ гээд захина.
Отгонбаяр -
Энэ баруун зүгийн нүүдэлчид танай энэ хавиар яваад ирээд суурьших тал байна уу?
Галдан -
Аа байхгүй. Наашаа төв рүү барааддаг юм уу, Эрдэнэсант гээд цаашаа Төв аймаг гээд явдаг юм шиг байгаа юм. Манай энэ хавиар төвөөс цааш айл суурьшсан сураг дуулдаад байдаг юм. Түүнээс яг манай энэ хавиар гадны айл байхгүй.
Отгонбаяр -
Танд ааваас чинь эсвэл өвөө эмээгээс чинь өвлөж ирсэн дурсгалтай эд зүйл бий юу?
Галдан -
За тийм юм одоо байхгүй ээ байхгүй. Яахав манай эцгийн яаж байсан ганц нэг ном л байдаг юм.
Отгонбаяр -
Ямар судар юм бол?
Галдан -
Жабамба, Доржгамба гээд есөн эрднээр яачихсан гээд өнгө өнгийн тийм хоёр л юм.
Отгонбаяр -
Тэр нь яг есөн эрднээр хийсэн байдаг юм уу, эсвэл зүгээр өөр өөр өнгөтэй юм уу?
Галдан -
Есөн эрдэнэ гэдэг юм, есөн өнгөөр алаглуулаад бичсэн байдаг юм байна лээ. Тэр нь зүгээр мөнгө утас, алтан утас юу байдаг юм, боронз л байх. Зүгээр бичмэл болохоор алт мөнгө нь ёсоороо ороогүй л байхдаа.
Отгонбаяр -
Бурхан тахилаа яав?
Галдан -
Өө бурхан тахилаа энэ ганданд өгчихсөн.
Отгонбаяр -
Өө за хэзээ?
Галдан -
Би өнгөрөхөөр нь л өгчихсөн. Дээр үеийн ном момыг нь мэдэхгүй. Тэр хайрцагтай номыг өгчихсөн.
Отгонбаяр -
Та хот хүрээ орохдоо аавынхаа юмыг эргэж үзсэн үү? Хаа бий вэ?
Галдан -
Аа би гэхдээ төвийхөө ганданд бий. Төвийн ганданд байдаг юм. Орж мөргөчөөд яахав дээ. Амьтан хүн мөргөөд, зул бариад тэр чинь надад байснаас илүү. Тахил ёсыг нь яахаа би мэдэхгүй юм чинь. Гэхдээ тэр уншдаг юмыг нь уншиж, өргөх юмыг нь өргөж харж үзэж байдаг гэсэн.
Отгонбаяр -
Хуучин тэр нэгдэлд байхад, нэгдлийн дарга нар тэр албан тушаалтнууд малчдаа хэр зэрэг эргэдэг байв? Юу хийдэг байв? Дарга нартайгаа малчид ер нь хэрхэн харьцаж байв?
Галдан -
За тэр үед чинь дарга даамал ирлээ гээд чинь хүндэтгэнэ. Буруу зөрүү юм хийж байвал дарга даамлаасаа айж эмээнэ тийм л байсан. Дарга даамал чинь бас малчдаа шагнаж урамшуулахдаа ч урамшуулна. Аашилж зэмлэх юмаа ч зэмлэнэ. Тэр үед чинь хийдэг ажлаа хийх гэж их л зүтгэдэг байсан. Малчид яахав зарим нь ч сайн хэлдэг хүн байсан, магтдаг ч хүн ер нь голдуу магтдаг л хүн олон байсан байх. Даргаа бүгд муу хэлээд байвал тэр чинь юмаа яаж хийхэв дээ. Зарим нь ч яахав энэ муу дарга ч гэх нь байдаг. Яахав тухайн үед дарга нартайгаа их л ойр холбоотой байлаа. Намын дарга, сум нэгдлийн дарга, ерөнхий зоотехникч, малын эмч гээд одоо тогтмол тийм холбоотой байсан шүү дээ. Тэр малыг чинь туулгана, угаана, тарина яг хугацаатай, хүн хүчээ дайчлана. Хүүхэд залуучууд насанд хүрсэн бүх хүнээ зохион байгуулалттай, зохицуулж ажилдаг. Тэгээд өвс хадлангаа өөрснөө авна. Би ч их л багаасаа өвсөнд хөөгдөж яваад зуныхаа өвсөнд явчихдаг. Тэгээд их л жаахан хүүхдэд чинь бухал хий гээд өгөөд явуулчихна. Тэгээд тармуул дээр суулгана, овоо болоод ирэхээр харш хийлгэнэ. Наадмын маргаашнаас аваад л цас ортол өвс хадна ш дээ.
Отгонбаяр -
Одоо таны тэр хадлан хийж байсан шиг өвс байна уу?
Галдан -
Одоо байхгүй. Гэхдээ тэр үед чинь одоог бодоход мал нь цөөн байсан юм байна. Цаг агаар нь өөрчлөгдөөд, өвс ногоо нь өөрчлөгдөөд. Хуучных шиг тэгж сайхан халиураад хөглөрөөд байгаа юм байхгүй. Манайх чинь хад руу ордоггүй, энэ уулыхаа тойроод хадлангаа авдаг байсан. Одоо бол тийм юм байхгүй.
Отгонбаяр -
Социолизмын үед хүнийг гадна талаас нь хараад таних уу?
Галдан -
Аа багцаа байна. Энэ чинь хэнхэг юм цааш нь хов хүргээд байдаг эн тэр гэж байсан таньж байсан байх. Өө бас өөрт нь хэлэхгүй мөртлөө цааш нь дарга нарт энэ ингээд байна, тэр тэгээд байна гэдэг хүн байсан юм шиг байгаа юм. Зарим нь ч яахав өөрснийг нь загначаад явчихна. Багийн дарга марга бол улайтал хэлнэ шүү дээ, чи тийм байна ийм байна гээд. Чамайг цааш нь хэлнэ, сумын захиргаанд хэлнэ, намын үүрт хэлнэ гэнэ. Энийгээ ингэхгүй, тэрийгээ тэгэхгүй бол гээд хэлнэ. Бид чинь хүнээс айж эмээж өсцөн болохоор үгнээс их айж эмээж байдаг байсан. Одооны залуучуудтай адил ерөнхийлөгчөө доромжлоод сууж байдаг тийм байгаагүй ш дээ. Бидний үе чинь. Тэрийг чинь бас ах зах хүмүүс байна. Бас засаг төр чинь тэрийг тэгж дооглуулж доромжлуулахгүй
Отгонбаяр -
Өмч хувьчилснаас хойш иргэдийн хурлын дарга, засаг дарга гэдэг хүмүүс гарсан. Тэр хүмүүс өмнөх намын дарга, нэгдлийн дарга гэдэг хүмүүсээс ажлаа хийж байгаа нь ялгаатай байна уу?
Галдан -
Өө байлгүй яахав, дээр үед чинь үүрэг төлөвлөгөө норм гэдэг юм байсан болоод их хариуцлагатай байсан байх дарга нар. Тэр чинь ард түмнээрээ хэснэ, очно, ярина, хэлнэ. Одооны энэ засаг юунууд ч мэдэхгүй ээ, би ер нь цалин авахын тулд өрсөлдөөд байдаг гэж санадаг юм. Тэгээд бас сэтгэлийн дэм гэж байдаг. Манай энд чинь зуд боллоо. Ганц яаж байна ийж байна, туслалцаа юу байна гэж хүн ирээгүй. Харин хавар цас цоохортоод байхад татвар авна л гэж ирж байсан. Би ямар сайндаа ойр зуур ярьдаг байхгүй юу, дарга нар маань энэ өвөл зуданд арай бүгд осодчоогүй байлтай. Нүдэнд үзэгдэхгүй юм гэж ярь байсан. Өмнөх социолизмийн үед бол хүн хүч хэрэгтэй юу, яахав ийхэв, яаж байна ядарч байна уу, зударч байна уу, гурил будаагаар дутаж байна уу гээд ирдэг байсан. Зарим гэхдээ бид чинь бие даагаад амьдарч байгаа айл хэсээд яваад байх шаардлага байхгүй гэсэн ойлголт байдаг бололтой.
Отгонбаяр -
Малчдад одоо нэгдэл биш юмаа гэхэд хоршоо болгох, хөдөлмөрөө нэгдүүлэх тийм шаардлага байна уу?
Галдан -
Уул нь нэгдээд ажиллах хоршоолол, юу юу гээд яриад байгаа юм. Уул нь яг нийлээд ажилдаг бол туслалцаа байх л байх. Одоо улсууд чинь дор дороо мэддэг болцон болохоор би биедээ итгэхгүй, тэгээд нэгдэх бодолтой хүн ховор байдаг бололтой.
Отгонбаяр -
Ер нь тийм шаардлага байгаа юу?
Галдан -
Шаардлага бол ойр хавьд нийлээд өвс хадлангаа авчихдаг, хашаа хороогоо янзалчих тийм байвал зүгээр л байна. Тэгээд яахав дээ нэг нэгэндээ хамжаад байвал. Овоо л нэмэр болно.
Отгонбаяр -
Та нар түлшээ яаж түүдэг вэ?
Галдан -
Түлшиндээ аргалаа түүдэг. Манай энд чинь аргалтай үхэр ховор одоо мод худалдаж авч түлнэ дээ.
Отгонбаяр -
Мод үнэтэй юу? Уулснаас түүдэг?
Галдан -
Үнэтэй үнэтэй, худалдаж авна. Ойтой байсан гараад авчина.
Отгонбаяр -
Өвөл яадаг юм, гэр барьдаг юм уу энэ дээ байдаг юм уу?
Галдан -
Өвөлжөөнгөө гэрээрээ бууна. Яахав зундаа л нэг амбаартаа орж байгаа юм.
Отгонбаяр -
Нэгдэлд байхад өвс, тэжээл, за тэгээд өвөлжөө рүү буухад нүүлгэх эн тэр гээд бүгдийг нь хариуцаж байсан байна ш дээ?
Галдан -
Аа тийн, гэхдээ тодорхой хэмжээг бас цалингаас нь суутгаад авчихдаг байсан. Тодорхой хугацаанд нүүлгэнэ. Тэдэн сарын тодор тэнд тэг, тэнд зус гээд л очиж малынхаа сүүг өг. Тэгж дэлгүүрүүдэд өг гэж жил жилд янз янз болоод байдаг. Хонио саагаад цагаан идээгээ өгдөг.
Отгонбаяр -
Тэр тушаах албан норм байна ш дээ, тэрийг яг өөрсдөө тушаах уу?
Галдан -
Тэгнэ өөрсдөө тушаана. Тэгээд тушаасан ноос ноолуур, сүү чинь нормтой юм болохоор тэгээд тушаасан юм чинь үүрэг төлөвлөгөөндөө хүрч үү, үгүй юу гэдгийг нягтлангууд дүгнээд тэднийх ноос нь дутуу байна тэднийх сүү нь дутуу байна тэр ноолуур дутуу байна.
Отгонбаяр -
Нэг ялтай мал гэдэг үг байсан ш дээ. Тэр нэгдэлд байх үед тийм юм бодогдож байв уу?
Галдан -
Өө бодогдолгүй яахав, одоо мал малаа алдвал надаас мал төлүүлнэ гэж хүн ирэхгүй ш дээ. Хохино тэр малаа алдсан гэсэн тэгээд хоосон сууж бай л гэх биз. Тэр нэгдлийн чинь олон малыг алдвал насаараа шоронд суугаад давахгүй юм болно. Тийм болохоор хүн болгон ялтай мал гэж айж эмээж байсан. Тэр хүний малыг чинь бид хөлсөөр маллаж байгаа юм чинь. Тэр хөлсөө алдчихаар бид нар чинь яахав.
Отгонбаяр -
Одоо бол ялтай мал гэдэг үг байхгүй биз?
Галдан -
Өө байхгүй. Би өөрийн хэдийгээ яаж байсан ч яахав.
Отгонбаяр -
За за хоёулаа эхний яриагаа ингээд дуусгая
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.