Nansal
![](../assets/images/interviewees/990366.jpg)
Basic information
Interviewee ID: 990366
Name: Nansal
Parent's name: Dondov
Ovog: Hongor
Sex: m
Year of Birth: 1950
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: herder
Belief: Buddhist
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Saihan sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
military
travel
herding / livestock
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
За бид нар Булган аймгийн Сайхан сумын 2-р багийн малчин, аймгийн арслан бөх Нансал гуайнд ирээд Нансал гуайтай уулзахаар уулзаж байна. Тэгээд Нансал гуай хоёулаа яриагаа эхлэе. Эхлээд та өөрийнхөө төрсөн цагаас авахуулаад өнөөг хүртэл ямар айлд төрөв, ээж аав ямар хүн байв. Бага нас яаж өнгөрөв, ямар сургууль соёлоор дамжив, ямар ажил хийж өнөөдрийг хүрэв. Энэ талаараа товчхон ярьж өгөөч.
Нансал -
Би чинь Булган аймгийн Сайхан сумандаа энэ Угалзын голд улсын начин Даваажавын Дондов гэдэг хүний хүүхэд л дээ. Гэртээ л малчин айлд мал маллаж, өсч өссөн дөө. Сургууль соёл тэрүүгээр явж байгаад бөхийн чөлөөт барилдааны улсын шигшээ багт 1966 онд, 67 оноос авахуулаад овоо хэдэн жил бэлтгэл сургуулилт хийж байгаад, сүүлд нь хийгээгүй ажил байхгүй дээ. Би чинь одоо жолооч болж үзлээ. Бага зэрэг баг, бригадын дарга болж үзлээ. Тэгээд сүүлд нь эргээд нутагтаа хүрч ирээд малчин болоод, малаа үржүүлээд, ардчилал гарсанаас хойш нутагтаа ирээд малчин болчихоод байж байна даа.
Отгонбаяр -
Та сургуульд энэ Сайхан сумынхаа сургуульд сурсан уу?
Нансал -
Сайхан сумынхаа сургуульд сурч байсан.
Отгонбаяр -
Сайхан сумынхаа сургуульд энэ чинь 8-н жил тэ?
Нансал -
Тийм, энэ чинь одоо л 11-н жил болчихсон. Энэ Сайхан сумынхаа сургуульд
Отгонбаяр -
Таныг сурч байх үед тийм үү?
Нансал -
Аанхан
Отгонбаяр -
Та хэдэн онд төрсөн гэнэ ээ?
Нансал -
1950-н онд
Отгонбаяр -
1950-н онд төрсөн. Тэгээд 58-н онд сургуульд орсон уу?
Нансал -
57, 58-н онд орсон.
Отгонбаяр -
Тэгээд 64-н онд найм төгссөн тэ?
Нансал -
Тийм
Отгонбаяр -
10-р анги хаана аймгийн төв дээр сурсан уу?
Нансал -
Би чинь одоо 10-р анги гэдгийг чинь аймгийн төвд оройн сургууль гэдгийг төгсөж байсан.
Отгонбаяр -
Өө за. Тэгээд цэрэгт явсан уу?
Нансал -
Тийм цэрэгт явсан улсын шигшээд татагдаж байж байгаад
Отгонбаяр -
Сургуульд хүүхэд байхдаа барилддаг байсан юм байна ш дээ.
Нансал -
Хүүхэд байхдаа барилдах нь барилдаж л байсан. гэхдээ нэг их сүртэй ч барилдаагүй юм. сүүлд яахав ээ 15, 16 хүрсэнээс хойш болбол барилдсаан барилдсан, барилдаж эхэлсэн дээ
Отгонбаяр -
Та улсын шигшээнд орсон. Яаж орсон, яаж нөгөө сонгогдож орсон бэ? тэр түүхээсээ яриач.
Нансал -
Би улсын шигшээнд одоо Архангай аймгийн арслан Намсрайжав гэж хүн бий. Архангайн Хайрхан сумын тэр Намсрайжав гуайг 16-н настай 2 сумын уулзалт нэг баяр болоход барилдаж хаяж
Отгонбаяр -
Аймгийн арсланг 16-н настай хүүхэд хаясан. Өө за.
Нансал -
Тэгж тэр барилдаанд түрүүлснээр улсын шигшээнд татагдах эрхтэй болсон доо. Тэгээд би сургуулиас гарчихсан байсан. Тэгээд мал туугаад ирсэн чинь улсын шигшээгээс бичиг ирсэн байсан. Тэгээд улсын шигшээд одоо Архангай аймгийн Галиндэв гэж тэр Намсрайжав арслангийн төрсөн дүү байсан даа. Төв аймгийн улсын заан мойл Зундуйгмийн Батбилэг гэдэг хүүхэд бид 3 улсын шигшээд барилдахаар очиж байсан. Тэгээд бид 3 чинь үндсэндээ гурвуулаа л нэг аймгийн арслангаар дуусчих шиг боллоо. Тэгээд яахав спортын мастертэй л даа бид гурав. Бөхийн чөлөөт барилдааны спортын мастер. Бөхийн барилдаануудыг бол би бүгдээрэнгээр нь л одоо орчихлоо л доо.
Отгонбаяр -
Бүх төрлөөр нь.
Нансал -
Бүх төрлөөр нь. Сүүлийн үеийн одоо энэ сумо мумог л үзээгүй болохоос биш, бусад барилдаанд бол бүгдэнд нь л барилдаж байсан. Самбо, жудо, сонгомол гээд
Отгонбаяр -
Чөлөөт, самбо, жудо, сонгомол гээд
Нансал -
Жудо, сонгомол барилдаан
Отгонбаяр -
Сонгомол барилдаан, тэгээд үндэсний бөх тиймээ? Улсын шигшээнд очихдоо чөлөөтийн шигшээнд очсон юм байна тиймээ?
Нансал -
Чөлөөтийнхөд очсон.
Отгонбаяр -
Тэгээд хөдөөнөөс малчин хүүхдийг сонгож аваад аваачаад улсын шигшээнд оруулчихлаа. Улсын шигшээ гэж одоо яаж хийдэг юм байна. Та нарыг хаана байрлуулав. Ямар хангалт, цалин хангамж байв уу?
Нансал -
Үгүй яахав ээ улсын шигшээнд чинь бидэнд чинь нэг 180 цаасны цалин 2-р шигшээ гэж яаж 180 цаасны цалин өгч байсан.
Отгонбаяр -
За
Нансал -
Бид хэдэд. Зүгээр томоохон зэрэг цолтойгуудад нь цалин өөр байсан байх л даа. Арай илүү байсан байх. Тэгээд л одоо Хойлогдорж морж, одоо Эрдэнэ-Очир гуай, Баянаа аварга, Мөөеө аварга эд чинь бүгд л надтай цуг нэг тогоонд хоол идэж л байсан л даа бид чинь. Тэгээд тэр спортын ордны дээр байрлачихна заримдаа. Заримдаа ч буудлуудаар байрлана. Тиймэрхүү маягтай байсан даа.
Отгонбаяр -
Бүр ерөөсөө тэндээ амьдардаг. Байрлаад амьдарчихдаг байсан уу?
Нансал -
Байрлаад, ер нь их байрлаж амьдардаг. Байрлаж байдаг байсан шүү. Байрлахгүй хугацаа бага. Ер нь л одоо байрлахгүй байх хугацаа бага.
Отгонбаяр -
За тэгээд улсын шигшээгийн тамирчин ямар ямар тэмцээн уралдаанд оров.
Нансал -
За би одоо ер нь овоо янз бүрийн тэмцээнд орсон доо. Гадаад дотоодынход ч орж л байлаа. Өөрийн улсынхад ч орж л байсан. Би 82кг-д барилдаж байсан л даа. Би тэгээд тэнд чинь одоо бас улсын начин одоо тэр Говь-Алтайн Цэрэндаш гэж байсан даа.
Отгонбаяр -
Хар Цэрэндаш гэж тийм.
Нансал -
хар Цэрэндаш гэж тэр чинь миний найз бид 3 ер нь нэг жинд байсан даа. Завханы Батчулуун гэж хүн байсан миний жинд, одоо тэгээд өнөө Гочоосүрэн заан байна. Бидэн чинь нэг жинд байж байгаад сүүлдээ янз янзын юм болоод зарим нь ч дасгалжуулагч болоод, зарим нь хөдөө мөдөө гараад сүүлдээ ингээд явж байх шив дээ.
Отгонбаяр -
Хамгийн анх гадны ямар тэмцээнд оролцсон бэ? та. Гадаад улс руу тамирчид их явдаг байсан ш дээ.
Нансал -
Гадаад руу би одоо Кубад руу би 1971 онд Кубэд зохиогдсон дэлхийн залуучуудын аварга гэдэг тэмцээнд явсан. Тэр тэмцээнд яваад 4, 5-р байрыг өөр хүнтэй хувааж эзлээд, мөрөө гэмтээчихээд, эмчийн магадлагаагаар тэмцээнээ зогсоогоод 4, 5-р байрыг хувааж эзлээд ирж байсан. Дэлхийн социалист орнуудын аварга маварга гээд энэ тэмцээнд Монголд ч болж байсан. Гадагшаа одоо энэ Алма-Ата эд нар руу ч явж тийм тэмцээнүүдэд нь тоглож л байсан даа.
Отгонбаяр -
Хамгийн анх гадаад явахад одоо ямар сэтгэгдэл төрч байв. За тэгээд тэр үеийн тамирчид гадагшаа явахдаа ер нь хэдэн төгрөгтэй явж байв. Нөгөө доллар моллар үзэж байсан уу? Нарийн ширийн юмнаасаа яриач.
Нансал -
Доллар гэдгийг чинь тэгэхэд ч үзээгүй л дээ. Би ч цэрэг байж байгаад явсан юм. Тэгээд цэрэг байж байгаад явахаар за яахав дээ костюм пиджак олж өмсөөд, тэгээд нэг дан цамцтай л явж байсан. Тэгээд гадаадын тэмцээнд оролцох хүүхэд чинь бас нэг юу өгч байсан л даа. Тэр Куба чинь л одоо нэг песо билүү куба мөнгө чинь, нэг гучин хэдэн песо өгч, нэг тийм хэдэн төгрөг өгч, тэгээд тэр чинь их л мөнгө үзэгдсэн юм байгаа юм. Бага зэрэг юм хум аваад тэгж байсан. Ойр зуурын хувцас ч юм уу тиймэрхүү юм аваад ирж байсан. Куба их тийм сонин санагдаж байсан.
Отгонбаяр -
Халуун орон.
Нансал -
Халуун тэгээд ороод халуун дүүгээд, Атлантын далай чинь нэг ягаан, цэнхэрлэсэн үргэлж цэнхэр юм л, тэрнээс гарахсан л гэж, хурдан л буцахсан л гэж бодож байсан даа.
Отгонбаяр -
Нөгөө кинонд гардаг шиг л юм болох шахсан уу?
Нансал -
Орост хүрээд ирэхэд чинь л гэртээ ирсэн юм шиг л санагдаж байгаа юм чинь.
Отгонбаяр -
Куба явах замдаа Москвагаар дайрсан уу?
Нансал -
Москвагаар дайрсан.
Отгонбаяр -
Москвад буусан уу?
Нансал -
Буусан. Москвад ер нь тэндээ чинь хоноод өнжөөд байсан, тэгээд тэндээ байж байгаад явсан. Тэгээд тэнд чинь нөгөө юу эд нар чинь явж үзээгүй байсан юм чинь, метро эд нар чинь явж үзээгүй байсан юм чинь, мэдэхгүй тэгээд л яахав
Отгонбаяр -
Хачин сайхан санагдаж байсан байлгүй.
Нансал -
Уул нь сайхан л даа. Тэгээд л ирсэн дээ. Миний чинь багш нараас одоо байж л байгаа ш дээ. Одоо миний багш нар чинь тэр үед Магсар гээд Солийн Магсар гээд гавъяат дасгалжуулагч энэ чинь одоо миний анх тэр улсын шигшээнд татагдаж очиход багш маань байсан юм.
Отгонбаяр -
Тэгээд улсын шигшээнд та хэдэн жил болсон бэ?
Нансал -
Улсын шигшээнд чинь одоо ер нь одоо би чинь тасалдаад байсан золиг байгаа юм. Байж байгаад л тэгээд бага хүүхэд гарчихсан байсан. Эргэж нутаг гүйгээд, гэрээ санаад тэгж хаяж ирчихээд тэгээд эргэж дахиж цэрэгт очиж дахиж ороод хоёр гурав орж очив уу даа.
Отгонбаяр -
Нутаг санаад тэгээд наашаа гүйхээр ирчихэж болдог байсан юм уу?
Нансал -
Одоо тэгээд хаяад л гүйнэ шүү дээ.
Отгонбаяр -
Тэр чинь одоо хатуу цаг шүү дээ тэгээд хариуцлага, сахилга махилга
Нансал -
Бага хүүхэд л байсан даа, тэгээд гайгүй байсан. Би энд загнуулна даа, хаячихаад жил гаран энэ тэр болчихоод очиход тэгээд яахав дээ авчихаж л байсан.
Отгонбаяр -
Дасгал сургуулилт завсардаад. Үндэсний бөхөөр та ямар аймгийн арслан гэхээр энэ Булган аймгийн аймагтаа хэдэн удаа түрүүлсэн бэ та?
Нансал -
Би чинь одоо ерөөсөө үндэсний бөхөөр аймгийн арслан гэдэг цол чинь аймаг цэргийн арслан ч ижил л дээ. Анх болвол би 1971 онд юунаас арслангаа авсан ш дээ. Алдар нийгэмлэгээс
Отгонбаяр -
Цэргийн арслан болсон юм уу?
Нансал -
Бүх цэргийн юугаар арслан авсан юм. Тэрнээс хойш арслан баталсан юу нь бол овоо олон л доо. Яг тооцоод байвал арслангийн юу нь дээр баталсан нь 4 дэх нийгэмлэг байгуулагдаад хязгаарын цэргийн спартакиадаар түрүүлж л байлаа, арслангийн болзол дээр ордог л доо. Аймгийн аваргаар барилдаад түрүүлж л байлаа. Аймгийн спартакиадаар бүх ард түмний спартакиад гэж болж байсан. Тэрүүгээр түрүүлж байсан. Тэнд бол арслангаа баталсан хугацаа юу нь бол олон олон. Ямар ч байсан 66 хүрсэн байх. Яг бүгдийн тооцоод яагаад үзэхээр.
Отгонбаяр -
Та тэгээд хэд, хэдэн нас хүртлээ зодоглов доо. Одоо зодог тайлаагүй биз дээ.
Нансал -
За би чинь одоо зодог тайлсан тайлсан. Одоо чинь би барилдаад дэмий болчихсон зүгээр. Би чинь одоо зүгээр 40 нилээд гартлаа барилдчихсан байх шүү. Тэгээд сүүлдээ ер нь дэмий юм гэж бодоод болчихсон байгаа юм. Ер нь аймгийн баяр наадмаар бол би өтөлсөн хойноо нэг барилдсан. Бүр бага байхдаа нэг барилдсан юм байна. Тэгээд хоёуланд нь 8-д үлдээд үлдээд унасан юм. Тэрнээс аймгийн баяраар ер нь барилдаагүй. Би улсад, улсын наадмаар л барилдаж байсан. Улсын наадамд чинь би найман жил барилдсан.
Отгонбаяр -
Улсад
Нансал -
Тийм, 8-н жил барилдаад хоёр 4 давсан юм. Хоёр удаа 4 даваад, 5-н удаа 3 даваад. Нэг ондоо л барилдааггүй шахуу хүнд л уначихсан юм даа.
Отгонбаяр -
Бөх хүн бүдүүн өвсөнд гэж
Нансал -
Тийм, их сайн байсан жилээ, тэр жил начин авчихна гэсэн жилээ. Начины тооцоонд байсан тэгж байгаад уначихсан гэлээ гэгчээр ёстой тооцоонд нь байж байгаад л уначихсан даа.
Отгонбаяр -
Тэр хоёр удаа 4 давсан гэж байна ш дээ. Тэгээд 5-ын даваанд яасан. Аманд орчихсон уу. Том бөхийн аманд орчихсон уу?
Нансал -
Тийм тийм, 5-ын даваанд чинь одоо Баянаа аварга
Отгонбаяр -
Нэгэнд нь Баянаа аварга.
Нансал -
Тэгээд нэгэнд нь Цэрэнтогтох аварга. Цэрэнтогтох аварга чинь одоо миний найз шүү дээ. Их найз.
Отгонбаяр -
За
Нансал -
Яахав тэгээд эр хүн чинь тэгээд барилдаж явахад одоо бөх улс чинь тэгээд авалцчихдаг л юм л даа. Тэгээд авсан юм.
Отгонбаяр -
Ахиад нөгөө хоёр нь
Нансал -
Хоёр удаа 4 давсан ш дээ.
Отгонбаяр -
Аан тийм билүү хоёр удаа 4 давсан.
Нансал -
Бусад нь бол 3 давсан байгаа.
Отгонбаяр -
Аан тийм таван удаа 3 давсан.
Нансал -
Таван удаа 3 давсан.
Отгонбаяр -
Энэ таны яг улсад найман жил зодоглож байх үе чинь хэдээс хэдэн оны үе билээ?
Нансал -
За байз 66 онд барилдаагүй юм болов уу. 67 оноос хойшоо чинь одоо яахаар би яг оноо бас мэдэж өгдөггүй ш дээ.
Отгонбаяр -
67-гаас найм гэдэг чинь 75-оны хооронд барилдсан юм байна тэ?
Нансал -
67-гаас болохгүй байна. Завсардчихаад, алгасчихаад байна.
Отгонбаяр -
Дунд нь алгассан уу?
Нансал -
Алгассан байх. Түүнээс би тэнд чинь хамгийн сүүлийнх хэдэн он байна. Цэрэнтогтох-д унаад тэгээд барилдаагүй
Эхнэр нь -
81-онд байх.
Нансал -
81, 82 оноос хойшоо улсын наадамд барилдаагүй байх аа. Ер нь дахиад хоёр оччих хэрэгтэй байсан юм очоогүй.
Отгонбаяр -
Улсын наадамд барилдахад ер нь аймгийн эсвэл одоо нөгөө цэргийн спартакиад аваргад орохоос тэр нэг сүр жавхаа ч гэдэг юм уу, цаад нэг юм нь өөр үү?
Нансал -
Үгүй яахав ер нь өөр байлгүй яахав дээ. Гэхдээ яахав улсын баяр наадам гэдэг чинь сайхан л даа. Тэгээд одоо 4-ын даваа, 3-ын даваа, 2-ын даваа гээд хэлэхэд чинь энэ чинь бас л чанга л юм аманд таарна ш дээ. Би чинь одоо нэг жил надад Балжинням аваргыг чинь 2-ын даваанд өгч байлаа ш дээ.
Отгонбаяр -
Өө за.
Нансал -
Хөдөөнөөс очсон, их олон жил очсон энэ одоо юу гэхэв гэж зарим нь тэгж байсан. Зарим нь хөдөөнөөс ирсэнийх аатай байгаа тэрэнд өгчих үү гэж, тэгээд Балжиннямд өгч, тэгээд Балжинням бид 2 удаж барилдаж би Балжиннямыг хаяж тэгж л байсан даа.
Отгонбаяр -
Тэгээд одоо таван удаа 3 давсан ш дээ. Тэгэхээр энэ 3 давчихаад 4-ын даваанд ахиад том бөхчүүд амлах уу?
Нансал -
Тэгнэ л дээ.
Отгонбаяр -
Таныг ер нь хэн хэн амлав?
Нансал -
Амлана, одоо тунаж чиг л унана л даа.
Отгонбаяр -
Тунасан. Тэгэхээр ер нь их л хүчтэй байж л дээ.
Нансал -
Ер нь овоо хэдэн хүнтэй л тунаж л байсан даа. Би чинь одоо нэг Өвгөнхүүд нэг уначихлаа.
Отгонбаяр -
Тунаад уу?
Нансал -
Тунаагүй ээ. Авсан юм.
Отгонбаяр -
Аан за.
Нансал -
Одоо харцага байгаа. За Лхагва-Очир начинаас эхлээд тэнд нэг унасан юм. За нэг Адьятөмөртэй тунаад энэ чиг одоо нэг яаж байлаа шдээ энэ шуудагдалцана гээд нэг дүрэм орчихсон. Тэгээд шуудагдуулаад өгч байсан л даа. Адъяатөмөртэй намайг шуудагдуулахаар чинь одоо яаж болохов,
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Нансал -
тийм том өндөр том хүнтэй чинь, тэгээд унаж байсан.
Отгонбаяр -
Ер нь бол аз таарна ч гэдэг юм уу эсвэл ер нь учирсан бол тунахгүйгээр, эсвэл том бөх амлахгүйгээр явсан бол улсын цол авчих боломж их ойрхон байсан санагдаад байна.
Нансал -
Ер нь бол авчихна. Улсын цол чинь гайгүй л юм байсан даа л гэж бодож явсан. Тэгээд юунд ч болсон юм болдоггүй л юм билээ.
Отгонбаяр -
Тэр нөгөө гадуур л ярьдаг ш дээ. Найраа байдаг. Ам мамаа зохицуулдаг тэрнийгээ гэж. Тийм юм ер нь байдаг юм уу.
Нансал -
Үгүй ээ би одоо сайн мэдэхгүй гэж хэлэх нь хаашаа юм. Ер нь тэгээд байх нь байсан байхаа тэгээд арай ч начин болчихооргүй улсууд маань хажуугаар гараад л явчихсан байдаг ш дээ. Начин болчихсон л байдаг. Хамгийн анх 8-н хүн нэг жилд начин болоход би өрөөсөн гараа бэртээчихээд хөдөө Дашинчилэнгийн наадамд барилдаж л байлаа. 8-н хүн тэр дотор очиход би тэр наймын дунд бас болмоор санагдаж л байсан. Эртүүд бас наадамд барилдчихаад зүгээр буугаад өгчихье дөө төвөг төвөг гэж жаахан шаралхаад яасан чинь улсууд загнаад барилддагаараа барилд гэж байгаад би барилдаж тэр наадамд түрүүлж байсан. Болчих болов уу гэсэн үе байсан юм. Олон тэгж өнгөрөөсөн. Заримд нь за ... очиж унасан даа.
Отгонбаяр -
Тэр хажуугаар гараад явчихдаг ер нь одоо бол сүүлийн үед бол бүр тэдэн төгрөг гэнэ ээ гээд ярьдаг ш дээ. Тэр ер нь хэр ортой бол?
Нансал -
Одоо сүүлийн үеийн наадмуудыг одоо би улсуудын ярьж байгаад нь одоо зарим нь ч одоо тийм юм яриад л байгаа юм. Би болохоор тэдэнтэй чинь уулзахгүй хөндийрчихсөн ийм болохоор чинь яадаг ч юм мэдэхгүй. Энэ бас жаахан тэгж татаж чангаах тал бий байх. Би бий байх гэж бодоод байгаа ш дээ. Тийм тал байна уу гэж харагдаж л байх шиг байна. Юу нь ч одоо улсын баяр наадам байтугай энэ чинь хөдөө сумынхад ч тийм тал гардаг болов уу гэж санагдаад байдаг ш дээ хараад байхад.
Отгонбаяр -
Сумын наадам, одоо сумын наадам чинь хэдэн бөх бариддаг юм бэ?
Нансал -
За нэг 64 байх даа.
Отгонбаяр -
64-ыг яаж хүргэх үү, тэр чинь ой мой л таарахгүй болвол 64 нь бөх хүрэхэд хэцүү ш дээ.
Нансал -
За тэрийг одоо тэр чинь тэгээд заримдаа нэг харагдаж л байх юм байна ш дээ. Нэг өнөө хүн нь ирэхгүй болохоор хүүхэд хөтлөж гүйгээд
Отгонбаяр -
Харин тэгдэг юм билээ.
Нансал -
Тийм, тэгээд л байх юм. Тэр одоо бэлэгдэл шахуу л юм байгаа юм.
Отгонбаяр -
Хүүхэд хөтлөж байсан дорвол яг байгаа бөхөөрөө барилдуулчихмаар л юм.
Нансал -
Байгаа бөхөөрөө барилдуулчих л хэрэгтэй дээ. Тэгээд тийм найраагий чинь тэр юуны одоо нэг ийм тийм юм авах гээд юмуу суманд түрүүлж, сумын цол авах гээд байгаа эд нарт бол би шавар юм уу даа гэж боддог юм. Тэгэхгүйгээр бас болдоггүй л юм болов уу даа. Би ч яахав өөрөө тэр найраа зайраанд чинь орохггүй гэсээр яваад дуусчлаа л даа. Түүнээс намайг хүрээд ир начин болгоод өгье гэж хэд ч тэгж байсан л даа. Улсын том аваргуудаас олон тэгсэн сүүлд. Хамгийн сүүлд би нэг тийм найраатай болчихоод олгохгүй байна уу гэж ойлгочихоод л би чинь аа наадах чинь ер нь хачин юугаар чинь цол аваад яахав. Наадамд ирэхгүй гээд тэгээд шаралхаад хаячихсан юм. Тэгээд уул нь барилдаад байсан бол цаана нь 2 жил байсан юм.
Отгонбаяр -
Тийм байна. Хамгийн сүүлд хэдэн онд гэлээ?
Нансал -
81 онд юм болов уу.
Отгонбаяр -
81-н он чинь нөгөө 60-н жилийн ойн наадам юм байна ш дээ тэ?
Нансал -
60-н жилийн ой.
Отгонбаяр -
Тэгээд одоо би ийм юманд орохгүй гээд
Нансал -
Тэгээд хаячаал хөдөө гарч ирээд хөдөө аймаг дээр ч барилдаагүй дээ. Хөдөө суманд жолооч молооч янз бүрийн л ажил хийсэн дээ. Мал чхүртэл туусан. тэгээд явж байгаад хөдөө суманд барилдчихаад тэгээд байсан даа. Тэгээд яахав бүсийн тэмцээн мэмцээн гээд энэ аймаг маймгаар дамжиж бүсчилж ₮ таван аймгаар бүсчилж явдаг тэмцээн байсан л даа. Чөлөөт, самба, үндэс гээд тэгээд бүгдэнд нь орсон л доо. Улсын аварга шалгаруулах бүсийн тэмцээнээр бол би аль ч барилдаанаар гараад очиж байсан л даа. Чөлөөтөөс бол ер нь л эхний гуравт орчихдог л байсан юм.
Отгонбаяр -
Тэр нөгөө үндэсний бөхөөс бусад төрлүүдээр та улсад хэд хэддүгээр байрт орсон бэ? Улсын аварга болж байсан уу?
Нансал -
Улсын аварга болоогүй. Юу би улсын аваргаас чинь ерөөсөө дандаа мөнгө авчихдаг юм. Түрүүлдэггүй, гуравт ордоггүй. Тэгээд одоо дандаа л мөнгө авдаг байсан л даа. Самбо, жудо бүгдээрэнгээс нь л би одоо овоо хэд хэдэн медаль авчихсан л даа. Надад ч одоо 10 гаруй юм байдаг юм. Тэр гураваас л авсан юм байдаг юм. Дандаа л мөнгө л дөө.
Отгонбаяр -
Тэр бусад төрлүүдийн одоо чөлөөт, самбо, жүдогийн сонгомол бөхийн улсын аваргын тэмцээнд, одоо энэ үндэсний бөхийн наадам шиг тийм найраа, холио байдаг юм уу?
Нансал -
Байхгүй
Отгонбаяр -
Байхгүй юу?
Нансал -
Байхгүй. Ёстой тийм хараагүй. Ёстой тийм юм байгаагүй.
Отгонбаяр -
Тэгвэл жинхэнэ л хөлсөөрөө олж авсан
Нансал -
Ёстой тэрэнд бол тийм юм байхгүй. Миний үед лав тийм юм байгаагүй юм. Тэнд бол би чөлөөт юунд бол арга байхгүй, зовлогоо нилээд зовоосон л доо.
Отгонбаяр -
Тантай адилхан одоо ингээд улсын цолонд хүрчихээр байсан, тэгсэн хирнээ ингээд манай үндэсний бөхийн сонин тогтолцооноос болоод гэдэг юм уу, сонин ёсноос нь болоод улсын цол авч чадаагүй тийм хүчтэй сайн бөхчүүд хөдөө орон нутагт ер нь олон биз.
Нансал -
Ер нь олон ш дээ. Олон сайхан арслангууд бий.
Отгонбаяр -
Аймгийн арслангууд
Нансал -
Тийм, тэр бүгдийг хэлвэл барахгүй шахуу юм байгаа байх. Зүгээр зөвхөн манай энэ Сайхан сумаас гэхэд чинь улсын их баяр наадамд 4-н удаа 4 давсан одоо задгай шар Лхагвадорж гэдэг их сайхан арслан, хөвгүүн бий дээ. Тэр одоо мундаг хүн шүү дээ. Арга байхгүй л одоо начин болчих эрэмбэн дээр л байсан хүн яагаад болоогүй юм бас нэг л болохгүй л юутай байсан байх гэж би боддог юм. Тэгээд одоо манай Сайханы эндээс болвол 4 тогтсон арслангууд их олон бий л дээ. Найм есөн хүн байдаг юм. Тэгээд одоо Архангайн Чимэд-Очир гээд нэг арслан байна. Тэр бол одоо мундаг сайхан арслан. Өвөрхангайн Бухаагийн Цэрэндорж гэж, Бухаа хурандаагийн ангид байсан Цэрэндорж гэж арслан байлаа. Тэр одоо байна уу, үгүй юу. Тэр бас мундаг их сайхан арслан байсан. Тэгээд л арслангаараа дууссан. Хөвсгөлийн Давааням гэж арслан байсан. Бас л явсаар байгаад л начингүй л дуусчихсан л даа. Одоо энэ залуучуудаас харахад зарим нэг нь тэр сайхан олонд 4 давж гарч ирчихээд начин болж чадахгүй л байгаад байгаа юм. Тэгээд заримы нь харахаар энэ миний ижил болчихно уу даа гэж жаахан харамсаж харж л байдаг юм. Тэгээд энэ улсууд чинь тэр үед нь начин болчихно яасан юм бол доо, яасан юм бэ гэдэг ч юм уу. Тэр үед чинь найрч байгаад начин болчихоод хүрч ирэхээс жаахан тэгээд л байдаг байсан юм даа. Ер нь нэг дэмий юм шиг санагдаад. Мөөеө аваргатай тэр Өмнө-Говийн юун дээр нохой шувууны цол гуйж аваад яахав гэж байж
Отгонбаяр -
Яасан гэнэ ээ?
Нансал -
Өмнө-Говийн ... нөгөө морин тойруулгын юун дээр барилдах гэж оччихоод ногоон дээр хэвтчихсэн байж байгаад Өмнө-Говийн морь түрүүлж ирээд тэр манай Хадаа аваргад ард нь гараад дийлэлгүй, урд нь гарч албаар сөхөрч өгчихөөд тэгээд бид хоёр яриад хоёулаа начингүй үлдчихээд ярьж байсан юм. Тэгээд нохой шувууны цолыг гуйж авахгүй, гуядаж авна гэж ярьж байсан чинь Мөөеэ аварга дуудаж ирээд та нар шиг юм тэгж энэ Хан-уулын чинь ард тэгдэггүй юм гэж бид хоёрыг өшиглөж л байсан.
Отгонбаяр -
Нохой, шувууны цол гэдэг нь начин гэдэг үгээ хэлж байгаа юм уу?
Нансал -
Тийм, начин гэдэг цол.
Отгонбаяр -
Бөхчүүд ер нь одоо нөгөө цолныхоо эрэмбээр их дэгтэй юу. Дээд, илүү их дээд цолтой хүнээ хүндэлдэг, дээр нь гарч суудаггүй их ёс жаяг
Нансал -
Тийм юм бол арга байхгүй мундаг яана ш дээ. Одоо бидэнд чинь ингээд байр майранд ороход чинь томчууд түрүүлж ороо аваад эхэлнэ. Тэгээд одоо хамгийн бага нь хаана байдгийн тэр лүү хавтас руу ч байдаг юм уу явна ш дээ. Одоо дээр нь гарч суухгүй. Бид ч гэсэн одоо, одоо би гэхэд надаас өөр улсын начин залуучууд эд нарыг хүрээд ирэхэд одоо тэд л өөрсдөө суу гэж суулгахгүй бол бид одоо сууж чаддаггүй ш дээ. Болохгүй бид нараас дүү байлаа ч гэсэн цол нь өндөр та дээшээ л гээд байх болно. Тэгээд л одоо зарим нь яахав та ийшээ суу гээд суулгачихдаг л даа. Бөхчүүд гэж нэг сайхан тал нь яг барилдаж байхдаа бол хэрэлдэж л байдаг, уралцаж л байдаг. Тэгээд гарсанаасаа хойш бол сайхан л даа. Гараад л найзууд болно.
Отгонбаяр -
Энэ цол авч чадахгүй байгаа ч гэдэг юм уу эсвэл одоо ингээд яг нэг авчихмаар хүмүүс нь авахгүй байгаа, авмааргүй хүмүүс нь авчихаад байгаа энэ байдлыг яавал өөрчлөгдөх бол гэж бодож байна. Одоо энэ үндэсний бөхийн холбооноос дүрэм журмы нь өөрчлөөд шинэ юм хум гаргаад байх юм. Энэ ер нь хэр зэрэг зохистой вэ? Энэ талаар та юу бодож байна.
Нансал -
Үндэсний бөхийн холбооноос гаргаж байгаа дүрэмнүүд яахав дээ. Уул нь бол болж л байгаа байх. Одоо энэ чинь нэг тэр шахааны барьц гээд нэг барьц сонгуулчихдаг боллоо. Энийг жаахан л одоо миний хувьд бол өөрчилмөөр л баймаар юм шиг харагдаад байдаг юм. Тэд чинь жаахан томоохон, өндөрхөн раамтайнууд нь гарч ирээд барилдахгүй хүлээгээд зогсчихоод байна ш дээ.
Отгонбаяр -
Харин саяын наадам яг тэглээ ш дээ. Өсөхбаяр
Нансал -
Тийм, тэгээд цаг хүлээгээд л зогсчихож байна ш дээ. Тэгж байгаад хүн хаяад авчираад бариад үзэхэд чинь тэр чинь барилдаангүй болчихоод байгаа юм. Энэ чинь дээх нь зарим үед энэ чинь далбааг нь тайлуулаад барилдуулж л байсан ш дээ. Би одоо улсын начин Артагтай хоёулаа аймгийн аваргаар барилдаад удлаа гээд далбайгаа тайлж барилдаж байсан. Дамдин аваргын хүү Баяраа заантай би удаан барилдлаа гээд хоёулаа далбаагаа тайлаад барилдаж байсан. Тэр хэд нь орвол зүгээр байсан юм шиг байгаа юм одоо яаж байснаас гэж боддог юм тэр шахааны барьцнаас. Шахааны барьц нэг тийм юугүй болчихсон юм шиг санагдаад байгаа юм. Хүн ерөөсөө хүлээчихээд
Отгонбаяр -
Харин яг тэгээд байгаа юм.
Нансал -
Улаан цайм зугтаагаад тэгж байгаад цаг авдаг.
Отгонбаяр -
Барьц өгөхөөр нь халж хаячихаад
Нансал -
Тийм, тэгээд зугтаагаад барилдаж өгөхгүй байгаа байхгүй юу. Тэр нь дээр жаахан дүрэм нэммээр байна. Тэрийг идэвхээр давуулна гэж нэг яасан юм. Тэгээд тэр ч бараг шулуун шахуу байсан юм болуу үгүй болуу
Отгонбаяр -
Энэ манай үндэсний бөх чинь бусад бөхтэй адилхан жингээр биш, ямар ч хамаагүй жингийн хамаагүй хүмүүс барилддаг. Тэгэхээр их том биетэй бөх, их жижигхэн биетэй бөх хоорондоо барилддаг ш дээ. Тэрний тэд нарын барилдааныг яавал одоо шударга болгох вэ? Илэрхий л байгаа юм л даа нөгөөх нь бяртай л байдаг тэгээд л
Нансал -
Тэгээд л байгаа юм. Тэгээд тэр чинь одоо шударга болгох их хэцүү л дээ. Ер нь л одоо шахааны барьц гэхгүй шаг гэж мундаг юм гарчаад байгаа юм. ...
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Нансал -
Тийм тэгээд өндөр том нь л хаячихаад, идэвхи л зүгээр шахуу болчих гээд байгаа юм. Аль олон мэх хийсэн, барилдаанаа санаачлагатай барилдсаныг нь давуулж нэг давуулсан шдээ нэг ганц нэгхэн удаа, тэгж байсныг санаж байна.
Отгонбаяр -
Та одоо хөдөө орон нутагт байна. Яг хот хүрээнд болж байгаа бөхийн орчинд болж байгаа тэр амьдралаас жаахан хол байна л даа. Гэхдээ тэнд болж байгааг байдлыг бол ард түмэн, иргэд бид нар ч гэсэн сонсоод байна. Та ч сонсдог байлгүй. Ер нь энэ талаар та ямар бодолтой байдаг вэ? Заримдаа ч одоо жирийн хүмүүст одоо цуу ч байдаг юм уу, үнэн ч байдаг юм уу сонин сонин юм сонсогдоод л байдаг юм.
Нансал -
Тийм юм сонсогдоод байх юм. Тийм юм байхгүй л байвал уул нь зүгээр байгаа юм.
Отгонбаяр -
Харин тийм.
Нансал -
Зүгээр яахав дээр үеийн бөхийн жудгийн юугаар орон нутгийн орон нутгийнхаа юугаар жишээ нь би өөрөө арслан, заан байлаа гэхэд миний нэг дүү 4 давчихсан байхад төрсөн дүүгээ аваад болгочихож болголгүй л яахав дээ. Түүнээс мөнгө тоолоод байгаа бол муухай л байгаа юм л даа. Тэр тэгж л байгаа бол үнэхээр муухай жигшүүртэй юм. Тэрийг одоо аргалах, байлгах үндэс нь юу байдгийн бол энийг ойлгохгүй байгаа юм. Түүнээс энэ чинь дээх нь үед чинь бас мундаг л жудаг байсан байгаа ш дээ бас. Манай Булганы хоёр сайхан заан хүн улсын наадамд оччихоод, хоёр төрсөн дүү нь улсын наадамд 4, 4 давчихаад байхад ээлжилээд хоёр дүүгээ зөрж аваад хаячихаад даваад хаячихаад явсан байдаг шдээ. Тэр чинь уул нь одоогоор болвол зөрж аваад болгочихож болно доо.
Отгонбаяр -
Үгүй ээ харин тийм. Начин болгочихоод хүрээд ирмээр юм.
Нансал -
Тэгсэн чинь хоёулаа зөрж авч хаячихаад хүрээд ирж байгаа юм. Хоёулаа 2 дүүгээ хаячихаад хүрээд ирсэн байдаг юм. Тэгэхээр тэр үед тийм сайхан шударга болж байсан байгаа юм.
Отгонбаяр -
Одоо дүрмэнд бол жишээлбэл ах дүү 2 тэнд барилдахаар байвал тэр хоёрыг оноохгүй байж болохоор, оноохгүй байх тийм заалт оруулж болно биз дээ. Яг төрсөн ах дүү нарыг мэднэ ш дээ.
Нансал -
Тийм заалт оруулж болно л доо. Тэрнийгзөрүүлчихье барьчихья гээд, одооны нөгөө оноолтоор таарч байгаа үед болвол зөрүүлчихэж болно. Ер нь бол энэ чинь одоогийнх хамаарахгүй ер нь оноолт таарвал ер нь тааруулчих л гээд байгаа ш дээ. Цолны эрэмбээр оноолтоо хийвэл таарвал тэгээд тааруулах л хэрэгтэй байх одоогоор бол тааруулах л хэрэгтэй.
Отгонбаяр -
Та үндэсний бөхийн холбооны гишүүн уу?
Нансал -
Өө биш биш. Би тийм юмнаас бүр их хол ерөөсөө. Надад тийм юм ерөөсөө мэдэгддэггүй юм. Энэ нэг малгай залаа эд нар чинь тээр жил үндэсний бөх юунаас надад нэг шагнал өгсөн юм. Тэгээд шагналаа авч чадалгүй байж байгаад хойтон зун нь очиж авсан чинь малгай залаагаа ав гэж тэгээд тэндээс авсан. Энэ бол аймгаас аймаг, орон нутгаас аваад өгөх ёстой л юм билээ. Манай Булган аймгийн бөхийн холбоо нь яагаад байгаа юм бол аваад өгөөгүй л байх юм байна шдээ. Одоо энэ манай Чойжоо эдэн чинь малгай залаагаа аваагүй л байх юм шдээ. Манай Булганыхан тодорхойлоод тэгээд аваад өгөх л ёстой, өөрсдөө авчираад өгчих л ёстой байгаа юм. Тэгээд авч өгөөгүй л байгаад байна. Зарим нь ч хаа хамаагүй хүн малгай өмсчихсөн л харагдаж байх юм, тэгээд болдог л юм байгаа биз дээ. Хаанаас яагаад яагаад цол авчихдаг юм байгаан тэд нар бол жаахан хариуцлагатай өгчихмөөр л байдаг байхгүй юу.
Отгонбаяр -
Харин тийм. Аймаг дээр бас бөхийн холбооны салбар байгаа юу?
Нансал -
Байгаа. Тэрнийг одоо ямарууд нь ч мэдэж байдгийг мэдэхгүй.
Отгонбаяр -
Ямар хүн удирдаж байгаа тэрийг мэдэхгүй юу?
Нансал -
Мэдэхгүй. Би ч одоо сүүлийн үед тэгж барилдаж ноцолдохоо больсоноос хойш спортын хороогоор үзэгдэхээ ч байсан. Түүнээс бол ордог л байсан.
Отгонбаяр -
Улсын шигшээ багийн тамирчин байсан. Их олон жил барилдсан тэгээд бэртэл гэмтэл их үү?
Нансал -
Бэртэл ч бий шүү. Ер нь бэртсэн, гэмтсэн юмнууд залуу байхад гайгүй мэдэгдэхгүй л яваад байсан. Одоо бол энэ чинь гар хуруунаас өгсүүлээд овоо л болчихож байгаа юм. Энэ мөр эд нар чинь бэртэж байсан эд чинь одоо болохоор заримдаа өвддөг шүү. Тийм л юм байна.
Отгонбаяр -
Харин уршиг нь их хол гардаг.
Нансал -
Тийм, тэгээд яахав олон бяртай, чадалтай улстай ноцолдож явсан юм чинь тийм юм байна л даа. Өөрөө илүү хүнтэй ноцолдож байгаа юм чинь мэдэгдэх, мэдэгдэхгүй бэртэл зөндөө л авчихсан байдаг юм.
Отгонбаяр -
За тэгээд бөх хүний сайхан юм нь юу вэ? Их олон сайхан юмнууд байгаа ш дээ тиймээ?
Нансал -
За даа бөх хүний сайхан юм ч байгаа л даа. Байх нь бол байлгүй яахав. Бөх хүн чинь одоо ард түмэн олны хайр сэтгэлийг хүлээдэг. Тэрийг дааж чадах хэрэгтэй болж байна. Бөх хүн гэдэг чинь одоо бас нэг арай нэг хаа хамаагүй ч байгаад байж болдоггүй. Хүн хүндэтгээд, хүн харсан ч таньж л байдаг учираас тэгээд ялангуяа залуу бөхчүүд бол цол хэргэмд түрүүлнэ, бас нэг өөртөө тохирсон цолоо авчихсан хүн өөрийгөө л олны өмнө авч явах хэрэгтэй.
Отгонбаяр -
Тэр залуу байхад одоо ингээд бэлтгэл хийгээд тэмцээн уралдаанд ороод явж байхад ар гэр ер нь хаягдчихна биз.
Нансал -
Хаягдчихна даа. Манай хань чинь намайг заримдаа тэгдэг байсан. Би чинь бүсийн тэмцээн мэмцээнд яваад ирэхгүй ш дээ. Тэндээсээ шалгараад хот мот яваад өгнө. Цуг явсан улсууд чиь зарим нь шалгараагүй юм чинь хүрээд ирэхгүй яадаг юм. Тэгэхээр зэрэг намайг юмны эцэс үзлээ гэж сайн мэдэхгүй бас үглэдэг л байсан заримдаа, сүүлдээ ч ойлгодог болсон л доо. Би чинь тэгээд дахиад цаашаа тэмцээнд явж байгаа юм чинь тэгдэг байсан. Ер нь гэрийн бараа харахгүй болно шүү. Тэгээд сүүлийн үедээ тэр нэг тээврийн тэрэг барьчихсан нэг юм гэртээ хүрч ирнэ. Тэгж байтал нөгөө тээврийн тэрэг, засгийн тээврийн тэргийг чинь тавьчихаад гэртээ суугаад байлтаа биш явж л байдаг. Тэгж байтал тэр уралдаан тэмцээн гэдэг явчихдаг ер нь гэрийн бараа харахдаа ер нь тоотой шүү дээ. Ар гэрийн ажилд ер нь оролцохгүй. Тийм л болчихдог байсан.
Отгонбаяр -
За хоёулаа монгол бөхийн сэдвээ орхиод, ахиад таны хийж байсан нэг онцлог байсан. Мал тууж байсан гэж
Нансал -
Тийм
Отгонбаяр -
Хаанаас хаа хүртэл хэдэн суурь. Хоёр суурь уу, нэг сууриар явах уу?
Нансал -
Хонь, үхэр хоёроо аваад хоёр сууриар явж байсан. Бүр дээр үед одоо нөгөө нэгдлийн үед бол би чинь бүүр тэр улсын шигшээнд татагдах жилээ 16-н настай хүүхэд мал туугаад, миний үеийнхэн чинь бухалд хөөгдөөгүй л байсан даа. Тэгээд би чинь мал гэж хөөгдөөд л мал туугаад л цагаан арал орж мал тушааж байлаа.
Отгонбаяр -
Хаашаа орж гэнэ ээ?
Нансал -
Цагаан арал
Отгонбаяр -
Цагаан арал гэдэг нь хаанах юм?
Нансал -
Сэлэнгэ аймгийн цагаан арал орос руу бэлтгэлийн мах гардаг байлаа ш дээ. Сүүлд энэ Дарханд нэг мах камбинатэд мал тууж, 2 ч жил туучихсан. Баян-Нуураас нутагтаа ирчихээд одоо хийх ажил байхгүй юм чинь яахав. Нутагтаа ирчихсэн ээж бие нь муу гэж хүрч ирчихээд өөрийн хоёр нүдэнд мал байсан цагт тэр хавьд чинь яахав хүн амьтан төрж өсөөд тэгээд л мөнгө цаасны хэрэгтэй болж байгаа юм чинь. Амьдралын шаардлага хэрэгтэй болоод тэгээд би мал туугаад 2, 3-н жил очив уу даа. Дандаа үхэр, хонь хоёр хамт тууж ирж байсан.
Отгонбаяр -
Хэдүүлээ явах уу нэг явахдаа?
Нансал -
4-үүлээ л голлоод байсан даа. 4-үүлээ л яваад байсан байх. Манай энэ хүргэн ах Нямаа гэж хүн бий. Тэгээд бас бөх тамирчин бий. Тэр хоёртойгоо тэдний нэг хүүхэдтэй. 4-үүлээ ингээд яваад ирсэн байх.
Отгонбаяр -
Тууварчинд ер нь ямар ямар эд хогшил авч явах уу?
Нансал -
Тууварчид чинь одоо эд хогшил гээд байх ч юу байхав дээ, Орон майхнаа аваад явчихна. Цув тэгээд нэг буу муу, буу тэгээд бас хэрэгтэй юм л даа
Отгонбаяр -
Хөнжил гудас
Нансал -
Хөнжил, гудасаа авч явна. Тэгээд л боов, боорцогоо авч явна.
Отгонбаяр -
Хэдэн дээлтэй явах уу?
Нансал -
Тэр дээл ч яахав дээ. Тэгээд л ачаа нь машин тэргээр ачаад явах биш, морин тэрэг, тэмээ мэмээгээр ачиж явдаг юм чинь бага шиг хэмжээний юм л авч явна даа. Ганц хоёр, хоёр гурван дээл гэж бороонд өмсөх муу сайн дээлнүүд хөвөнтэй дээлнүүд л авч явна ш дээ. Нөгөөдөхийг чинь хөнжил, гудастайгаа хумхиж боогоод явахад амар шиг л
Отгонбаяр -
Ачаагаа үхэр юм уу, тэмээн тэргэнд аччихдаг юм уу? Тэмээнд аччихдаг юм уу?
Нансал -
Тэмээнд тэмэ.энд аччихдаг байсан юм. Морин тэргээр авч явна. Тэгээд нэг морин тэрэгтэй юм уу, үгүй бол нэг тэмээтэй л явна л даа.
Отгонбаяр -
Хоногт ер нь хэдий хэр зам туулах вэ? туувраар явахад
Нансал -
За нэг 30-аад км шахуу явж байсан юм болов уу зарим үед. Зарим үедээ ч зарим үедээ ч одоо тогтоод суучихдаг ш дээ. Ер нь яахав дээ яваад байвал 25-30 тэр багцааны туугаад яваад байвал явчихна л даа. Өглөө ихэнхдээ хөдлөнө ш дээ мал тууж байхад чинь. Үүрээр л амьтан, айл амьтан босоогүй байхад мал тууж яваа улс чинь өдрийн халуун нарнаас зугтаагаад, өглөөний сэрүүн дээр явах гээд л, өглөөний сэрүүнд газар авах гээд явна шүү дээ.
Отгонбаяр -
Хэцүү ажил биз ер нь
Нансал -
Хэцүү, мундаг одоо хэцүү, ёртой ажил даа. Хүний газар явна, чоно нохой элбэгтэй, тэгээд алдвал өөрснөө дааж давж чадахгүй өрөнд орно шүү дээ. Тэгэхээр чинь одоо тэрний чинь өөдөөс амь хайргүй зүтгэнэ, дуу, цахилгаан, цас, бороо янз бүрийн юманд чинь одоо тэгээд морьтойгоо манаад л тэгээд тойроод шогшоод байна даа.
Отгонбаяр -
Ахиад зам зуураа нөгөө тууж яваа малаа бас идүүлж, таргалуулах, мах нэмэгдүүлэх ёстой байх тиймээ?
Нансал -
Тэгнэ ш дээ.
Отгонбаяр -
Тэгсэн бол илүү ашигтай сайн.
Нансал -
Сайн л махлуулж ашиг авах мөнгө маань нэмэгдэнэ. Муу байвал муу л авна.
Отгонбаяр -
Тууварт ер нь хэзээ гэрээсээ гараад хэзээ орж ирэх үү?
Нансал -
За одоо дээр үед бол миний тэр анхны нэг туусан бол тэр чинь 5 сарын 15-нд худалдаа бэлтгэлийн мал авна гэж гарч байсан. 5 сарын 15-нд гараад тэгээд л 9 сар гаргаж ирж байсан болов уу гэртээ.
Отгонбаяр -
Пөөх
Нансал -
9 сар гаргаад ирэхэд л надад ....
Отгонбаяр -
4 сар ерөөсөө дан хөдөө, ер нь халуун хоолоо гэхдээ оройдоо хийж иднэ биз дээ.
Нансал -
Хоол ундаа бол хийж иднэ л дээ. Өөрснөө зохицуулаад хийгээд идчихнэ.
Отгонбаяр -
Бороо шороонд бол бас хэцүү байх тэ?
Нансал -
Бороонд ч хэцүү дээ. Одоо тэгээд яахав майхандаа гадуур нь нэг берзеент мэрзээнтэй явдаг байсан даа. Тэгээд нэг бороо шороонд гоожуулаад байх гайгүй. Манайтай нь бол одоо тэгээд норно ш дээ. Цуваа өмсөж байгаад гадаа л малаа тойроод шогшиж явахаас арга байхгүй.
Отгонбаяр -
За тэгээд 4 сар явчихаад эцэст нь одоо хэдий хэрийн цалин авах уу?
Нансал -
Үгүй яахав тэгэхэд чинь одоо хаашаа юм авч байсан юм бол доо. Би чинь мөнгө бага л даа бага. Хаашаа юм авч байсан юм бол одоогоор мартчихаад байна. Цөөхөн хэдэн цаас, ямар ч байсан хүнээс дутахгүйгээр тэр мал тууварынхнаас дутахгүйгээр л мөнгө цаас авсан л даа. Сүүлийн үед бас энэ чинь бас мөнгө нь харьцангуй өндөр болсон байсан. Тэгэхэд бол бид нар сайн авч байсан даа. Бид чинь хорин хэдэн мянган цаас гэхэд чинь гайхмаар л байсан байх.
Отгонбаяр -
Хэдэн оны үед вэ?
Нансал -
Хэдэн он юм бэ?
Эхнэр нь -
91 билүү дээ.
Нансал -
89 он тэгж л очих юм байна.
Отгонбаяр -
Тэр үеийн хорин хэдэн мянга бол том мөнгө. Ёстой том мөнгө.
Нансал -
Их л орлоготой ирлээ гэж бодож байсан даа. Тэр цаанах түрүүчийнх бол зуу муу, хэдэн зуун цаастай л авч байсан байх.
Отгонбаяр -
Тэр чинь тэгээд 16-тай хүүхэд яваад хэдэн зуун төгрөг авахаар чинь ёстой бөөн мөнгө биз дээ. Анхны цалин
Нансал -
Анхны цалин тэр байсан.
Отгонбаяр -
Тууврын замд тохиолдсон тийм сонин содон үйл явдал, юм хум байна уу?
Нансал -
За тэгээд тууврын замд сонин ч гээд байх юм юу байхав дээ. Тэгээд тэр 16-тай барилдах дуртайдаа Хангал суманд таарч нөгөө тэнд чинь нэг сонгуулийн үеэр таарчихсан. Нөгөө унааныхаа морьноос нэгийн уячихсан, өөрөө барилдчихсан нэг сонгуулиар. Тэгсэн чинь өөрөө түрүүлээд, морь маань хэдэд билээ их сайн давхисан.
Отгонбаяр -
Та тууварт явж байгаад уу?
Нансал -
Тийм,
Отгонбаяр -
Өө за
Нансал -
Тууварынхаа морийг уяад, тэгж нэг яасан. Эргээд наадмаар нь ирэх гэснээ Хангалын наадмаар ирэх гэсэн Сэлэнгэ үерт үер буучихаад ирж чадаагүй юм. тэгээд цагаан арал руу орж малаа тушаачихаад ирж байсан. Өөр юу байхав дээ. Жаахан л даа би ядуухан шиг мал тууж байгаа нэг нь бол өрөвдөлтэй юм харагдаж л байна л даа. Малаа тараагаад алдчихсан, чоно нохойд уруулчихсан яая гэмээр болсон улсууд байж л байдаг юм.
Отгонбаяр -
Тууварт явж байгаад морь уяна гэдэг их сонин байна л даа. Өөрөө барилдах ч яахав тэртэй тэргүй барилддаг хүн. Нөгөө тууварт явж байгаа морио уячих юм уу? Унаж явсан морио уясан уу?
Нансал -
Унаж явсан морио уячихсан нэгийн, гурав дөрвөн морьтой нэгий нь уячихсан. Хэсэг бага шиг залуучууд явсан тэгээд хоорондоо өөрснөө уяаад, тэгж байгаад л уячихсан юм. Тэр морь маань ч Хангалын наадамд 7-д давхичихсан байсан шүү. Их сайн давхичихсан байсан. Морио сүүлд нэг хүүхэд гуйж унуулсан. Тэр гуйж унуулсан хүүхдэд орхичихоод явчихсан байсан.
Отгонбаяр -
Танай аав улсын начин хүн байсан гэсэн тэ?
Нансал -
Улсын начин хүн байсан.
Отгонбаяр -
Аавынхаа тухай яриач. Хэдэн оны наадамд начин хийсэн юм.
Нансал -
Манай аав чинь 1927 онд гэдэг байхаа, 27 оных байх. Намхай ах л одоо их аавын начины тухай, аавын тэр барилдаж байсан тухай их сайн тогтоосон байдаг юм. Би ч харин тэр тал дээр аавын барилдааны тухай ерөөсөө тогтоосон юм байдаггүй ш дээ.
Отгонбаяр -
27 оны улсын наадам тэ?
Нансал -
Тийм, 27 оных байхаа. Энэ Могодын улаан Шарав хүүхэд заан байсан даа. Улаан Шарав гуай хоёр цолгүй бөх улсын наадамд 5-ын даваанд тунаж манай аав давж начин болсон. Улаан Шарав гуай хойтон жил нь эргэж очоод шууд заан хийчээд хүрээд ирсэн юм билээ. Тэгж ярьж байсан. Өөр нарийн барилдаануудыг нь би сайн сонсдоггүй юм.
Отгонбаяр -
Аав ээжээсээ хэдүүлээ вэ та нар?
Нансал -
Бид есүүлээ. 6-н хүү, 3-н охин.
Отгонбаяр -
6-н хүүгээс таниас өөр бөх бий юу?
Нансал -
Үгүй ээ өөр бөх ч одоо барилдаж байгаа юм байсан билээ. Ламжав ах л барилдвал барилдчихаар байсан юм билээ, барилддаг. Сургууль соёлд байхдаа аягүй сайхан аятайхан барилдаад байдаг байсан юм гэнэ лээ. Улсууд тэгж яриад байдаг юм би сонсож байсан. Тэгээд өөрөө сүүлдээ барилдаагүй л дээ. Тэгээд барилдалгүй дууссан юм.
Отгонбаяр -
Ер нь бол бөхийн удам байна тиймээ?
Нансал -
Бий. Тэр чуганцын Пүрэв начин гэдэг чинь миний аавын хамгийн ойрхон доо. Одоо Намхайн ах эд нар Пүрэв начины өргөсөн чулууг даагаагүй энэ тэр гээд домог үлгэр байдаг юм даа.
Отгонбаяр -
Пүрэв начины өргөсөн чулуу нь хаана байдаг юм бэ?
Нансал -
Тэр Пүрэв начины өргөсөн чулуу одоо шар асганд байх ёстой юм гэнэ билээ. Эдэн чинь олж авна гээд олоогүй, өөр газраас нэг жижигхэн ийм хонин чинээ чулуу Булганы музейд тавьчихсан л байдаг тэр биш. Уул нь тэр шар асганд л байсан юм гэнэ лээ.
Отгонбаяр -
Шар асга гэж хаана байдаг вэ?
Нансал -
Одоо энэ Угалзын айлын өвөлжөө ,айлууд өвөлжөөд байдаг болсон. Ер нь дээр үед ч өвөлжөө байсан юм билээ. Өвлийнхөө хөрзийг ухах гэж хоёр аварга чинь хөрзөнгөө зун айрагдаж байж, намар нь айрагдаж байж хөрзөнгөө хөлдөөчихөөд одоо ер нь чулуугаар нүдээд, чулуу нь хөрзөнг дийлэхгүй няцарч дийлэхгүй жижигхэн чулуугаар нүдэж байсан гэнэ лээ. Тэгэхээр нь манай тэр Пүрэв начин чинь аатай хүн байсан юм гэнэ билээ. Тэр хоёртой таараад хоёр аваргын чулуу багадаж байна гээд тэгвэл одоо тэр даадаг том чулуугаар авчирч цохиоч гэсэн юм уу хоёулаа гээд жаахан хэгжүүхэн байсан юм байгаа биз, тэгээд л тэр дээшээ уул хаданд жаахан авираад л Пүрэв начин чинь орой руу нь явсан том чулуу авчираад толгой дээрээ өргөөд гаргахад нь дээрээсээ алдчихав гээд яагаад 2 аварга чинь харж чадаагүй юм гэсэн.
Отгонбаяр -
Ээ бурхан минь.
Нансал -
Тэгээд хэмх цохичихсон.
Отгонбаяр -
Нөгөө том чулуугаа хөрзөн лүүгээ шидээд.
Нансал -
Тийм, тэгээд нөгөөдүүл юунаас явах гэсэн чинь тэгсэн гэж байгаа юм. Наад хотныхоо баасыг гаргачих тэгсэн гэнэ. 2 аварга гаргаж чадахгүй, хонио дээр нь хотлуулчихаарай гэсэн чинь 2 аварга нь хамжиж байж л гаргасан гэж ярьдаг юм.
Отгонбаяр -
Тэр чулууг та очиж харж байсан уу?
Нансал -
Би хараагүй.
Отгонбаяр -
Тийм үү?
Нансал -
Хараагүй. Тэрийг ч ер нь одоо бол харсан, үзсэн, харсан гэх хүн ер нь байхгүй болсон байх. Зүгээр нутаг ус нь одоо тэнд л байсан. Тэндээ л байх ёстой гэсэн таамаглалаар л хэлэх байх улсууд. Шар асганд л юм уу гэж миний бодлоор бол тэнд л байсан байх гэж ойлгодог юм. Одоо тэгээд олон жил болсон юм чинь аягүй л бол элэгдсэн барисан ч байдаг юм уу, тийм л байгаа байх л даа.
Отгонбаяр -
Танайх хэдэн хүүхэдтэй вэ?
Эхнэр нь -
Манайх 6-н хүүхэдтэй.
Отгонбаяр -
Хүүтэй юу?
Эхнэр нь -
Хүүтэй.
Отгонбаяр -
Хүү барилдах нь уу?
Эхнэр нь -
Бага хүү л. Сүртэй сайнгүй л юм шиг байна ш дээ.
Нансал -
Бага нь нэг барилдах сонирхолтой л юм. Барилдаж сурч бөх болж байтал бас зай байх шиг байна. Яах юм бол доо. Жаахан ноцолдоод байвал юм сурдаг юм болов уу, үгүй юм уу. Сургуульд л байгаа тэгээд Аварга дээд сургуульд л байдаг юм.
Отгонбаяр -
Аварга дээд сургуулийн оюутан уу?
Нансал -
Юу болох юм байгаа юм. Одоохондоо сумын наадам барахгүй л байна.
Отгонбаяр -
Сумын наадам одоо барахад хэцүү байна уу? Сумын наадам
Нансал -
Манай хүүд үү?
Отгонбаяр -
Үгүй ер нь?
Нансал -
Яахав дээ барилдаж байгаа бөхчүүдээсээ л шалтгаалах байх.
Отгонбаяр -
Тийм байх.
Нансал -
Сайн бөхчүүд бол үзэх байх. Нэг их айхтар сайн барилдчихгүй бөхчүүдтэй бол гайгүй л байх. Гэхдээ сумын наадамд чинь яахав дээ залуучууд л барилдаад байхад.
Отгонбаяр -
Ахиад нэг тууврынхаа талаар ийм асуулт байна. Мал туугаад явж байхад одоо сум орон нутгийн засаг захиргаанаас ер нь та нарт яаж ханддаг вэ? Ер нь тэд нар луу хандах хэрэгцээ байдаг уу? Одоо цагдаад нь хандах ч гэдэг юм уу?
Нансал -
Үгүй ээ тийм хэрэгцээ гарвал хандах хандлага байлгүй яахав. Хэрэгцээ байлгүй л яахав. Тэгээд л одоо тийм юунд бидэнд чинь хандах хандлагаар хандсангүй. Зүгээр яахав сум орон нутгаас чинь энэ чинь сум юунууд чинь 10 суурь дунд нь нэг ахлагч нь шүү гэсэн маягаар нэг настайханаас нь ч юмуу нэг тийм хүн тавьж ч байсан байх. Тэгээд тэр нь яахав тэгээд ялгаа байхгүй бидний ижил юм чинь адилхан тэгээд тууварчид гээд явдаг юм. Өөр сум орон нутгаас хандаад байсан юм байдаггүй. Малын нөгөө экспортын малын чинь өнөө тийм улсууд явна даа. Түүнээс бол өөр сум орон нутгаас эргэж тойроод тэгэх боломж байхгүй. Ерөөсөө эндээс гараад тасраад явчихдаг. Сүүлийн үеийн тууварчид харин нутагтаа тууж байгаад гараад явчихдаг болсон. Түрүүчийнх ч хавар аваад ийшээ хөөгдөөд гарна шүү дээ. 5 сарын 15-нд шууд л сайхан гараад тууврынхаа замд л хаана яаж идүүлж, таргалуулж явдаг тэр л замаараа явна болохоос наана орон нутагтаа сууж байж мал хариулна гэсэн юм байхгүй. Сүүлийнхэд бол харин орон нутагтаа дуртай газраа буугаад малаа таргалуулж аваад, хоног хугацаагаа тааруулж аваад эндээсээ явчихдаг. Хурдан хугацаандаа явчихдаг болсон.
Отгонбаяр -
Одоо ер нь мал тууж байгаа юм уу?
Нансал -
Одоо байхгүй.
Отгонбаяр -
Одоо зүгээр газар дээр нь нядлаад л
Нансал -
Газар дээр нь
Отгонбаяр -
Намар бойгоор нядлаад
Нансал -
Бойгоор нядлахгүй ээ. Бой гэж хийхээ байсан л даа. Ерөөсөө л одоо бидний чинь яаж байгаа юм одоо энэ махны ченж нар хүрч ирээд машиндаа хийгээд л аваад явчихдаг юм. Мал хуйгаа бол бас нэг хүн амьтан олоод туулгачихдаг юм. Үгүй нэг нь бол эндээ нядлаад л ингээд аваад явчихдаг.
Отгонбаяр -
Махны ченжүүд гэж нутаг орны хүмүүс байх уу?
Нансал -
Янз янз. Нутаг орноос ганц нэг хүн хуучин орон нутгийн гэх Сайханы ганц нэг хүн ч заримдаа явж л байдаг юм. Гэхдээ хамаа байхгүй л дээ.
Отгонбаяр -
Бэлэн мөнгөөр авах уу?
Нансал -
Бэлэн мөнгөөр авна. Одоо харин бэлэн мөнгө гэж юу орж ирэхгүй л байна даа. Малаас гарч байгаа хүн чинь бүр үнэгүй болсон байна. Ямар ч хэрэггүй. Хүн одоо тэтгэвэр тэтгэмж ороогүй залуучууд бол нэг одоо гурван цаас хийе гэж бодож байх шиг, мал нь үнэгүй болоод ирэхээр
Отгонбаяр -
Одоо хуучин цагт бол малчид чинь нөгөө ноогдол биелүүлнэ гэж хэцүү. Ялтай мал гэж ярьдаг байлаа ш дээ. Одоо ингээд хувьд орчихоод малтай байхаар ялгаа юу байна. Амар болсон байгаа биз дээ.
Нансал -
Хамаагүй ондоо ялгаатай л даа. Хувийн мал гэдэг чинь сайхан л байгаа байхгүй юу. Ёстой гараад гаднаасаа авгайн төрөх гэж байхад гаднаасаа хонь хаячихаад авгайдаа шөл өгчих л мэдэлгүй байсан ш дээ. Тэгэхэд одоо бол гараад л хэдэн төлгөө бариад авна ш дээ.
Отгонбаяр -
Дуртайгаа барьж авна ш дээ.
Нансал -
Дуртайгаа барьж авна.
Отгонбаяр -
Шилээд л
Нансал -
Тийм, дээр үед чинь бол нэг баранктай айл зааж өгнө. Тэднийд нь очино. Бранкын эзэн тэдэн дотроосоо алийгаа өгөхийн мэднэ. Тэрнээс хамаагүй л ондоо.
Отгонбаяр -
Бранк малтай айлыг зааж өгөхийг тэр болтол нэгдлийн даргаас цохолт бичиг хийлгэнэ. Бөөн ажил болно.
Нансал -
Дарга нараар цохуулна. Баг бригадаар дамжиж цохиулсаар байтал
Отгонбаяр -
Өө за за. Багаар эхлээд цохиулдаг юм уу?
Нансал -
Тэгэлгүй яахав. Бригадын тоо бүртгэгч, тэгж байж нягтлан мягтлан
Отгонбаяр -
Хэдэн хүнээр дамжуулж цохуулах уу?
Нансал -
Мэдэхгүй. Ер нь нэг дөрөв, таван хүн цохчих шахуу байсан байлгүй. Ямар ч байсан элбэг л хоёроос дээш хүн цохож байж төлгөндөө хүрнэ.
Отгонбаяр -
Бригадын тоо бүртгэгч цохуулаад, бригадын дарга
Нансал -
Энэ чинь нягтлангаар цохуулаад, даргаар цохуулчихаад тэгээд нягтлан даргын зөвшөөрөлтэй бичгийг бригадын тоо бүртгэгчид авчирч өгөөд, тэгээд бригадын тоо бүртгэгч тэднийхээс ав гэж зааж өгч байж тэгж байж хүрч байсан.
Отгонбаяр -
Тэрийн тойрч явж авах гэсээр байтал бүр хол байгаа малчин бол нэгдэл, сум орно. Сум орох унаа мал, цаг хугацаа гээд
Нансал -
Одоо машин тэрэг гээд байхгүй. Сайн л бол нэг ЯВ байвал байна. Байхгүй бол байхгүй л байсан. Ихэнх газар бараг мориор шогшиж хүрч байсан байх л даа. Тэр чинь ёстой мундаг хэцүү байсан үе шүү дээ.
Отгонбаяр -
Сааль сүү ер нь боломжийн байж чадаж байсан уу тэр үед? Өрөм цагаан идээ.
Нансал -
Сааль сүү ч яахав дээ. Өрөм цагаан идээг чинь авч л байсан л даа. Аваад л ихэнхийн нэгдэл гээд хураагаад авч байсан юм чинь. Ерөөсөө шууд л аваад явчихна.
Отгонбаяр -
Ер нь тэр үед нэгдэл хураагаад авчихаад, эсвэл одоо тэр ганц шөлний төлөг идэх гэж тэр их хүнд суртал ажил болж явж байх үед тэрнийг эсэргүйцээд энэ ер нь яахаараа ингэж байдаг юм гэж хэлдэг, хэлсэн тохиолдол байдаг болов уу?
Нансал -
Тийм юм ер нь байхгүй. Гэхдээ зоригтой хүн байгаагүй л байх.
Отгонбаяр -
Хэлэхээ ч мэддэггүй л байсан байх тэ?
Нансал -
Ямар сайндаа энэ чинь манай Сайханы нэгдлийн дарга манай ээж настай болчихсон 70 гарчихсан ч байсан юм уу. Чуганцад манайхны хамаатан л даа намын хорооны дарга хүрч ирээд эгчтэйгээ золголгүй яахав. Эгчтэйгээ золгосон чинь манай сумын дарга тэгж байсан гэсэн. Аймгийн намын хорооны том дарга үнсээд л гэж байсан гэсэн.
Отгонбаяр -
Эгч нь үнсэж байхад уу?
Нансал -
Тийм, тийм сонин юм байсан байгаа шүү. Би ч бол ерөөсөө их багаасаа л арай үеийнхнээсээ биерхүү байсан юм. Тэгээд чангахан ажилд л хөөгддөг байсан ш дээ.
Отгонбаяр -
Тэгнэ л дээ.
Нансал -
Мал ахуй туух... сүүлд нь болохоо байж нэг юм гуйж байж хадуур тармуур морьдыг хариулж хэдэн
Отгонбаяр -
Юуны морьд гэнэ ээ?
Нансал -
тармуурд хөллөдөг морь
Отгонбаяр -
Хадлангийн морь. Тармуурт хөллөдөг морь юм байна. За за хоёулаа ингээд эхний яриагаа дуусгачихъя. Тэгээд дахиад нэг удаа уулзах юм байгаа юм.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.