Zundui
![](../assets/images/interviewees/990303.jpg)
Basic information
Interviewee ID: 990303
Name: Zundui
Parent's name: Dari
Ovog: Haahuyag
Sex: m
Year of Birth: 1925
Ethnicity: Tuvan
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Höh saari sum, Baruun Altai aimag
Lives in: Zaamar sum (or part of UB), Töv aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
cultural campaigns
military
privatization
childhood
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
military service
group
childhood
schoolchildren's life
children's upbringing
cultural campaigns
collectivization
herder
agricultural industry
work - labor
privatization
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
Заа сайн байна уу, та?
Д.Зундуй -
Сайн сайн байна уу, миний хүү?
Саранцэцэг -
Заа би танд аман түүхийн төслийн талаар танилцуулсан, ингээд ярилцлагаа эхэлье. Та аль нутгийн хүн бэ, эхлээд өөрийгөө танилцулахгүй юу? хэдэн онд төрсөн бэ?
Д.Зундуй -
За би 1925 онд төрсөн гэдэг. Өсч бойжсон нутаг Одоогийн Хятадын баруун хэсэг Шар сүм гэдэг газартай зэргэлдээ Хөх саарь гэдэг газар төрсөн гэдэг. Тэр үед би эцэг эхийнхээ гарт 6 настай байхад Монголын нутаг монголын баруун нутаг Баянөлгий аймгийн Цэнгэл суманд тэр үед Ховд аймаг гэж байсан, Баянөлгий аймаг гэж байгаагүй, Ховд аймгийн харьяанд ирсэн, тэгэхэд ирэхэд чинь тэр үед Орос оронд Октябрийн хувьсгалын нөлөөгөөр цагаантны оросууд гэж байсан, тэд нар Баруун Алтайд очиж Монголд орж ирж нэлээн үймээн хийсэн. Аа тэр Баруун Алтайд байсан хэдэн урианхай дөрвөд торгууд тува ийм хэдэн бага буурай үндэстнүүдийг баруун Алтайд байсан хэдэн хасагуудтай нийлж аваад цагаантны оросууд дээрэмдэж, мал хөрөнгийг нь булааж, тэгж эхэлсэн. Тэрнээс болж тэнд байгаа хэдэн бага ястан одоо саяын миний хэлдэг урианхай, дөрвөд, торгууд, тува тэд нар тэднээс дүрвэж ирсэн. Хамгийн түрүүнд тэр Ховд аймгийн нутагт ирсэн улсууд гайгүй мал таарсан, 2 дах нь дунд зэрэг малтай, 3 дахь нь бүүр дор юу ч байхгүй ээ малаа бүгдийг нь дээрэмдүүлчихээд ирсэн. За тэр үед би 6-хан настай 2 эрэгтэй хүү, манай эцэг тэр Баруун Алтайд байхад нас барсан. Ээжийнхээ 2 гарт хөтлөгдөөд Монгол нутагт хүрч ирсэн тэр үед. Миний ах надаас 10 ах хүн. За тэгээд нутагт ирээд, нэг хорин хэдэн монгол үхэртэй, 2 тэмээтэй, 2 адуутай, бог мал байхгүй. Тийм л хөрөнгөтэй ирсэн. Тэгээд ирчихээд нэг хэдэн жил болсны дараа нөгөө хэдэн мал маань өсч, манай ах маань цэрэгт явж, 1925 онд, үгүй ээ 35 онд, цэрэгт явж, 5 жил болсон. Тэр үед эх орны дайн болж Орос Герман хоёрын дайн болж байсан үе. Дайны жинхэнэ юунд оролцоогүй ч гэсэн бэлтгэл цэргээр Матад гэдэг газарт 5 жил болоод, тэгээд Германы Орос ялчихдээр тэгээд цэргээс халагдаад очсон. Дараагийн жил би цэрэгт татагдаад, тэр хооронд хэдэн малаар амьдарч байсан. Тэгээд тэрүүхэн хооронд би гэр бүл болоод хүн авчихаад ээжийнхээ хажууд, ах маань тусгай гэр бүл болоод гарчихсан, би ээжийнхээ хажууд нэг авгай аваад, тэрүүгээ тавьчихаад би цэрэгт мордож, тэгээд Ховд аймгийн 4-р морьт цэргийн хороо гэж байсан, тэнд татагдаад, тэгээд тэнд ирж сургууль салаанд орж, нэг бага даргын цолтой болж аваад, адуунд гараад, адуунд нэг хоёр сар болоод, тэгээд тэр үед би чинь 45 онд цэрэгт татагдсан шүү дээ, тэр 45 оны 8 сард Японд Монгол улс дайн зарласан. Тэгээд Японыг буулгаж авсан. Аа тэрний урдах Германы дайн Японы дайн, тэд нарын гал голомт унтраагүй байсан цаг, аа тэдний холбоотойгоор Хятадын Чанкашигийн юу.., Гоминдан нам гэж байсан, тэрнээс урвасан бүлэг хэсэг хятадын дээрэмчид тэрэн дээр нөгөө цагаантантай нийлж байсан хэдэн хасагийн дээрэмчид нийлж аваад баруун хил дээр одоогийн энэ Ховд аймгийн Булган сумын нутаг Байдрагбогд гэдгийм, тэр баруун хилд болсон тулгалтанд орсоон би. Тэндээс гараад тэр дайсан этгээдээс ч зөндөө хохирол үзсэн, монголд биднээс ч хохирол зөндөө олсон, тэгээд нөгөө эх нутгаасаа орж ирсэн дээрэмчид, 2 жил гаруй Хужирт гол, Нарийн гол гэдэг газарт Байдрагбогдын газар шү дээ, тэр. Тэнд орж ирсэн дайснуудыг хөөн зайлуулж гаргаад, 1949 оноос хойш монгол орны хил хязгаарт буун дуу гараагүй гэж бараг хэлж болох юм. Хамгийн эцсийн тулгаралт дайн тэр. 47 оных, 47 оноос 48 он хүртэл үргэлжлээд, тэгээд 49 онд бүрмөсөн хилийн цэвэрлэгээ хийж, Дотоод яаманд хилийн цэргийн мэдэл бүгдийг нь шилжүүлээд, тэгээд гавьяа байгуулсан юм тэрэн дээр. Одоогийнхоор тэр үед нөгөө тэмцэлд эх орны төлөө тэмцэлд оролцож, хилийн цэрэгт нэг 2 сар жинхэнэ хилийн шугаман дээр “хилийн хайч” гэдэг юм, тэрэн дээр морьтой 2,3 цэрэг дагуулаад, өдөр шөнөгүй тэнд тэгж хайчилж явж байсан. Тэр үед бас амжилттай, албанаасаа бас сайшаагдаж, тийм болж байсан. Тэгээд тэргүүний ахмад хилчин тэмдэгтэй, за тэгээд 45 оны намар цэргээс халагдаад, тэр хугацаанд би 4 жил 9 сар цэргийн алба хаасан. Хязгаарын цэргийн албаны хугацаа элбэг байсан тэр үед, тэгээд цэргийн албанаас халагдаад, орон нутагт очоод нөгөө хэдэн малаа маллаад, тэгээд сургуульд ороогүй би. Харин цэргийн албанд татагдаж 4 жил 9 сар болохдоо би энэ шинэ үсгийг гайгүй сурсан. За юу ч гэсэн өөрөө нэг захидал биччих бичиж чаддаг, юм хум тэмдэглэж чаддаг, тийм болсон. Тэгээд мал маллаад байж байтлаа тэр үед чинь нөгөө нэгдэлжих хөдөлгөөн гэж урдаар нэгдэл гэж нэг юм болсон гэж хөдөлмөр хийдэг, хүн бүхэн хөдөлмөр хийдэг, хөдөлмөрөөрөө амьдардаг, ингээд нэг хэдэн хүн элсүүлж, тэгж байсан. тэгээд сүүлд нь тэр хэдэн арван хэдэн хүн хорин хэд болоод гучин хэд болоод, зуу гараад, тэгээд сүүлд нь 1959 онд нэгдэлжих хөдөлгөөн гэж бүх монголын нийт ард түмэн бүгд нэгдэлд орсон. Тэр үед чинь нэгдэлд орохоос өмнө мундаг баян улсууд байсан, тэр баян улсууд чинь хотондоо багтахгүй мал байсан ч гэдэс нь цадталаа аятайхан тарган мал идэж бараг үзээгүй ээ. Яагаад гэвэл нөгөө малаа гамнана, хайрлана 1-рт, хоёрдугаарт улсын алба гэдэг хэцүү байсан, заа малын ноос ноолуурын алба, малын хялгас хөөврийн алба, яг нормолчихсон, нэг адууны дэл одоо дөрвөн зуун хэдэн грамм, нэг үхрийн хялгас хэдэн кг хэдэн зуун грамм, нэг хонины ноос хэдэн кг, хэдэн зуун грамм, жилээс жилд алба нь улам ширүүдээд, амьтан хүн гэдэг чинь нөгөө албаа дааж чадахгүй, нэг мал алаад идчихье гэхдээр нөгөө албаны ноос ноолуур малын тоо толгой нь дутчихна, тийм учраас нэлээн дарманд орсон шүү дээ, тэр үед чинь. Тэр 1950-иад оны үе, заа тэгээд нэгдэл гэдэг юм боллоо, тэр үед чинь нөгөө малаа маллаж чадахгүй ээ, албаа төлж чадахгүй ээ, тийм байсан. Тэр үед чинь албан журам авах гэж ирсэн, албан журмын сүү гэж ирдэг, аа албан журмын маханд одоо төлөг борлон л өгөхөөс хотонд эр мал гэж нэг ч байхгүй ээ, шар хонь сэрх тийм эр мал одоо байхгүй байсан, яагаад гэвэл тэр үед нэг малд оногдох групп гэж байсан. 1-р групп, 2-р групп, 3-р групп тэр дээд групп нь нэг бодод оногдох махны хэмжээ дээгүүр байсан. Жишээлбэл хорин хэдэн кг, нэг малд оногдох. За бод бол 3 кг 2 кг жишээний. За дараагийн групп нь тэрүүнээс жаахан наашаа, тэрний дараах доод групп нь тэрнээс ч жаахан наашаа гэхмэтчлэнгийн тийм алба оногдуулдаг байсан. Тэр албаа төлж чадахгүй, олон малтай улсууд түрүүний миний хэлдэг, үнэнээ хэлэхэд гэдсээ цадталаа мах идэж үзээгүй одоо тэгж явсан. Тэгээд нэгдэлжих хөдөлгөөн яллаа гэхдээр чинь, бүх амьтан нэг дор дуртай малаа өгөөд л орсон шүү дээ, тэгээд дуртай малаа өгөөд, тэгээд нэг айлд хүний тоогоор мал үлдээсэн. Жишээлбэл нэг гэрийн 2 хүн гэхэд 2 саадаг үнээ, нэг унааны морь, 10 адуу жишээний тийм л юм. Заа говийн бүс, хангайн бүс гэж бас байсан. Хангайн бүсэд жаахан цөөхөн, говийн бүсдээ тэрнээс жаахан ахиухан, тийм малын тоо оногдуулж байсан. Тэр үлдээсэн мал шүү дээ, хувьд үлдээсэн. Аа бусдыг нь нэгдэл нийгэмчлээд авчихсан, тэр үеэс эхлээд л нөгөө хөөрхий хэдэн малчид хэдэн баячууд үнэндээ гайгүй өнөө хэдэн малынхаа сайныг идэж, албаа бүгдийг нь нэгдэл даагаад авчихсан, бүх малын албыг, тэгж нэг хэсэг сайхан амьсгал авлаа гэж ард түмэн тэгж байсан. тэгээд хөдөлмөр хөлс аваад тэгээд нөгөө нийгэмчилсэн малаа дахиж өөрсдөө маллаад, хөдөлмөр өдрийн хөлсийг нь аваад тийм болж байсан. Малчин болоод, тийм болж байсан.
Саранцэцэг -
Тэр нэгдэлд элсэхэд чинь яаж хувь хүнийг элсүүлдэг юм?
Д.Зундуй -
Аа хувь хүн хөрөнгө нийлүүлнэ. Нэг сүх ч гэсэн нэгдэлд, тийм. За тэрнээс цаашаа нэг хонь ч гэсэн нэг адуу ч гэсэн, нэг тэмээ ч гэсэн. 10 хонь ч гэсэн, 10 үхэр ч гэсэн, хамгийн доод талын юмгүй ядуу хүн гэхэд л, нэг модоо хагалдаг хөрөө юм уу, сүх юм уу, нэгдлийн хөрөнгөнд нийлүүлж, тэгээд нэгдлийн гишүүн болж байсан.
Саранцэцэг -
Нэгдлийн гишүүдийн хурал гэж юм болдог юм уу?
Д.Зундуй -
Болно. Нэгдлийн гишүүдийн хурал өөрийнхөө хийсний хэрээр авдаг, тэгээд жилийн эцэст тэрний хөлсийг нь өгдөг, ажил хийж байгаа үедээ 50%-г нь өгөөд 50%-г нь үлдээдэг байсан. Тэгээд жилийн эцэст тооцоогоо хийгээд 30%-г нь үлдээдэг байсан тэрүүгээ жилийн эцэст бүгдийг нь 100% өгнө шүү дээ. Өгдөг байсан.
Саранцэцэг -
Нэгдэлд хөдөлмөр өдрийн хөлсийг мөнгөөр авдаг юм уу, өөр цагаан идээ мах шөл байдаг юм уу, тэрүүгээр орлуулж өгдөг юм уу?
Д.Зундуй -
Өө тэр мөнгөөр. Голцуу л мөнгөөр өгдөг байсан. Анхны үед, харин сүүлийн үед тэр сүү саалинаасаа болж авдаг мөнгөндөө тэр цагаан идээг бас оруулж өгдөг байсан, тийм. За жишээлбэл нэг шүдлэн хонь иднэ гэхэд нэг борлон өгөх жишээний тэгж орлуулж өгдөг байсан.
Саранцэцэг -
Тэр малаа нийгэмчилж байх үед өөрийнхөө сайхан овоо гэгддэг малаа нуух тийм юм гардаг байсан уу, айлуудад?
Д.Зундуй -
Аа мэр сэр гардаг байсан. Тэгэхдээ хүний ухамсар тэр үеийн улсын хууль гэдэг чинь яг жинхэнэ хялгасан дээрээ явдаг, нарийн байсан. хууль гэхэд хүмүүс аймтгай, их шударга байсан шүү дээ, тэр үеийн хүн чинь. Хичнээн бүдүүлэг ч гэсэн, их шударга. Худал хэлэхээс айна, хулгай хийхээс айна. Тийм байсан. Тэгэхээр чинь тэр үед тэгж хааяа нэг мэр сэр, малаа тэгж нуух, мэр сэр тийм улсууд энд тэнд сонсогдох юмаа. Тэрнээс биш нийтдээ хавтгайгаараа тэгэхгүй.
Саранцэцэг -
Нэгдэлд ороочээ, нэгдлийн ашиг тус ийм байнаа гэж хүмсүүд ирж ярих уу, айлуудаар?
Д.Зундуй -
Аа цөөхөн. Тийм жаахан сүүлд орсон улсуудад тэгж ухулга ярьж байсан, тийм. Тэр үед яриа ухуулга байсан л даа. “Долгион” гэж. одоо энэ нэгдээд монголд улс бүгд нэгдлийн гишүүн болж байна. Энэ далайн долгионоос та нар үлдэж болохгүй ээ, энүүнтэй цуг орох хэрэгтэй гэж нэгдлийн үед чинь. Тэгэхлээр чинь бараг л ер нь нэг суманд ганцхан хүн нэгдэлд орохгүй, 2 жилийн дараа орсон ш дээ жишээлбэл. Бараг л ер нь миний мэддэг ялангуяа баруун талынх болбол бүгд л орсон. Тийм байгаа. Анхны элсэлтээр л бүгд орчихсон, малаа нийгэмчлээд, ядуучууд нь ч гэсэн өгдгөө өгөөд, тэгээд хэр хэмжээгээрээ нөгөө баячуудын бас нийгэмчилсэн малын талыг нь бас тэр улсууд өөрсдөө талыг нь өгөөд улсууд ингээд малаа бүгд л малчин болчихсон. За хөдөлмөр л юм даа, малчдын хороо хашаа барина, худаг барина, гаргана гэхмэтчлэнгийн. Тэрэнд өвс хадна, тариа будаа тарина, энэ бүгд л нэгдлийн ажил. Тийм байсан.
Саранцэцэг -
Өшөө туслах аж ахуй гэж юм байсан уу? Шувуу гахай, хүнсний ногоо гээд л..,
Д.Зундуй -
Туслах аж ахуй гэж байгаа газарт байсан л даа, байсан байсан тэр. Оёдлын артель гэж тэр гахай махай үржүүлгийн цэг тийм юмнууд байж л байсан. Тэгэхдээ тэр болгоныг харин мэргэжих тийм мэргэжил байхгүй учраас хавтгайраагүй, зөвхөн нэг цөөхөн хэсгийн нэг мэргэжилтэй тийм чаддаг хэсэг улсууд нь тариа тарьж ногоо тарьж, тэгж байсан.
Саранцэцэг -
Тэр нэгдэлжих хөдөлгөөний талаар сонин юман дээр бичдэг байсан уу? Тэр үед чинь хэвлэл захиалга махиалга гэж юм байдаг байсан юм бол уу?
Д.Зундуй -
Ер нь тэр үед тийм юм их ховор байсан шүү дээ. Тийм юм ерөөсөө ховор.
Саранцэцэг -
Нэгдлийн талаар одоо ярьж ухуулдаг, магтдаг сайшаадаг юм.,
Д.Зундуй -
Аа тэр байгаа байгаа. Тэр нэгдлийн малыг анх эхлээд авсан малчин хүн жишээлбэл одоо би жишээ ярихад эхлээд нэг 5,6 айлын малыг нийлүүлээд малчин болсон нэг хүн. Нэгдлийн тэргүүний малчин гэж, “Алтан гадас” одонгоор шагнуулах жишээтэй, тийм болж байсан. Тэгээд нэгдлийн сайшаал шагнал зөндөө, түрүүн хэлсэн нөгөө 30% -иа болохдээр сайшаан шагнана. Гишүүдийг урамшуулна. Тийм. Жишээлбэл одоо нэг халуун сав ч гэх мэтийн нэг цай ч гэх мэтийн. Бүр цаашаагаа бол өндөр шагнал ч авдаг улсууд бий. Одон медаль хүртэл, нэгдлийн тэргүүний малчин гэж. Тийм байсаан.
Саранцэцэг -
За нэгдэлжих хөдөлгөөн бараг л 59 онд бүх хүмсүүд нэгдэлжээд дуусчээ, цаашдаа ер нь хэр их өргөжсөн бэ?
Д.Зундуй -
Их өргөжсөн шүү дээ. Тэгээд өргөжөөд ер нь богиноор ярихад нэгдэл нэлээн хөгжсөн, аа улсуудын цалин хөлс нь ч нэгэн жигд болсон. Аа тэгээд харин мал нь харин жаахан тогтвортой байсан даа. Нэгдлийн мал өсөх хандлага жаахан тааруу байсан. Тэр одоо яагаад тийм юм гэхдээр чинь тэр нэгдэл тэрэн дээр зарлага ихтэй, 2-рт тэр үед жинхэнэ эзэн хүн шиг нөгөө малчин хүн жинхэнэ эзэн хүн шиг тийм ухамсраа өгөөгүй байхдаа бодвол.
Саранцэцэг -
Бас нэг өөриймсөг байж чаддагүй л?
Д.Зундуй -
тийм. Тийм л байж таарах байх. Малын өсөлт жаахан зогсолтын байдалд орсон шүү. тийм.
Саранцэцэг -
Нэгдлийн мал хариулчихаад сардаа өгдөг тэр алба гувчуурын юм өмнө авч байснаас арай бага байсан уу?
Д.Зундуй -
Бага байсан шүү дээ. Дээр үед анх эхлээд нэгдэл болж байх үед тэр хөлс хөдөлмөр маш бага байсан. Заа сүүлд нь өсч байсан. Яагаад гэвэл нөгөө нэгдлийн тариа будаа тарих, мал гээд л, мал нь тэгж их хороогүй л дээ, нэг зогсолтын байдалд орсон. Тэгэхдээр тэрнээсээ болж нэгдлийн гишүүний авах хөлс жилээс жилд нэмэгдэж байсан. гайгүй.
Саранцэцэг -
Аа тушаадаг ноогдол юмнууд нь?
Д.Зундуй -
Аа тэр биелэгдэж байсан боломжоор. Тэр биелэгдэж байсан. Ноос ноолуураа бүгдийг нь өгч байсан, тэр үед чинь нөгөө нэг малаас гарах ашиг шим нь жилээс жилд нэмэгдээд л байсан. Албан журам гэж байсан шүү дээ, тэр үед чинь албан журам гэж. тэрнийг төлж чадаагүй, одоо нэгдлээр ярихад заа хувь хүнээр ярихад болбол нэг албан журмаа биелүүлж чадаагүй улсуудыг хуульд ч татах жишээний. Тийм хариуцлага тулгаж байсан. За нэгдэл мөн адил, нэгдлийн тэр бүх юмыг хангаж нийлүүлж чадаагүй нэгдэл бас зэмлэл авдаг тийм байсан. Тийм учраас нөгөө малчин зүтгэсээр байгаад л нэгдлийнхээ малын юмыг албыг гүйцээдэг тийм байсан.
Саранцэцэг -
Нэгдэлд орохоос өмнө тэр олон малтай айлууд малдаа хүч хүрч байсан юм уу, хүмсүүдээр гуйж маллуулдаг байсан уу?
Д.Зундуй -
Аан, гуйж маллуулдаг байсан, тэр үед чинь хүмсүүдээр гуйж маллуулаад хөлсний малчин гэж авдаг, тийм л байсан даа. Хөлсний малчнаар маллуулдаг. Тэр хөлсний малчинд тэр хүний жинхэнэ өөрийнхөө юуг хүртэл бодол хүртэл хөлс хөдөлмөрөө өгч чадахгүй малчид бол бас зөндөө байсан. Тийм. Тийм учраас тогтворгүй нэг хоньчин аваад л нэг сар хариулаад л, тэрний хөдөлмөрийн хөлсөнд нэг хонь өгөх байсан бол нэг ямаа өгөх жишээний, аа хэдэн сар хариулчихаад хэдэн хонь авдаг байсан бол тэрүүгээ дутуу өгөх жишээний юм зөндөө л байдаг.
Саранцэцэг -
Тэр олон малтай улсууд нэгдэлжих хөдөлгөөнийг хэр их дуртай хүлээж авсан бэ?
Д.Зундуй -
Их дуртай хүлээж авсан шүү дээ.
Саранцэцэг -
Өөрснөө хүч хүрдэггүй байсан болохоор уу?
Д.Зундуй -
Тийм, тэрнийгээ мэдээд. Тэгээд би дээр хэлсэн шүү дээ, одоо мал маллаад мал нь өсөөд ер нь дийлэхгүй ээ, хүн хөлслөөд бас хөлсөлсөн хүн чинь олигтой маллаж чадахгүй ээ, тийм учраас ядарч зүдэрч явсан улсууд чинь нэгдэлд малаа өгчихөөд, өөрийнхөө хүчилж дийлдэг тйи өөрийнхөө чадалд тэнцсэн тийм жишээлбэл 1000 хонь өгсөн болбол нэг өөрийнхөө хүчинд тааруулж нэг 200-г авчихаад, тэгээд тэрнийгээ маллаад, тэрнийхээ хөлсийг нь аваад, болж байсан. Тэр үед баяртай авсан шүү дээ, улсууд чинь өгсөн шүү дээ, малаа. Тийм.
Саранцэцэг -
Заа та тэгээд нэгдлийн мал хариулж байсан уу?
Д.Зундуй -
Тийм. Хариулж байсан.
Саранцэцэг -
Тэр талаараа ярь даа?
Д.Зундуй -
59 онд нэгдэл нийгэмчиллээ. Би өөрөө 217 толгой мал өглөө. Бог голцуу. Үхэр цөөхөн адуу нэг 2 адуу өгсөн. Заа тэрэн дээрээ нэг айлын нийгэмчилсэн малнаас 500 болгоод, 500 хонь. Тэгээд маллаад, байлаа даа. Их мал шүү дээ. Өө тэгээд 500 малыг ёстой хүч хөдөлмөр гаргаж зүтгэж л маллалаа. Аргагүй нөгөө хөдөлмөрийн мөнгөний төлөө зүтгэж л ажиллах юм байна даа, тэр үед. Амьдрал хэрэгтэй шүү дээ, тийм. Тийм л байсан.
Саранцэцэг -
За та ээж аав хоёрынхоо талаар та дурсаж ярих юм байна уу?
Д.Зундуй -
Заа ээж аавынхаа., миний эцэг 4 настай байхад өнгөрсөн хүн. Тэрний тухай миний ярих юм байхгүй. Малчин л байсан. За миний ээж, ах дүү 2 эрэгтэй бид хоёрыг эрийн цээнд хүргэсэн манай ээж, би хэдэн настай байлаа даа, байз. Ямар ч байсан 20, тавин хэдэн онд .., 62 онд уу нас барсан манай ээж. Малчин. Ах дүү бид 2-г үглээд л, малаа сайн малла, хүн амьтантай сайн яв, ингээд л байсан.
Саранцэцэг -
Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу?
Д.Зундуй -
За ер нь гүнээр нөлөөлөх явдал бий.Байнга бага наснас эхлээд одоог хүртэл мал дээр байгаа болохоор чинь хамгийн гол нь мал л гэж боддог би. Ерөөсөө л мал. Над өөр мэргэжил байхгүй. Мал. Ерөөсөө мал. Хар бага наснаас эхлээд л. Одоо ч би нэг хэдхэн малтай/инээв/
Саранцэцэг -
Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэхээр юм санагддаг уу?
Д.Зундуй -
Заа за ер нь миний онцгой амьдрал нөгөө л малыг л хэлэх гэж байна л даа би. Тэрнээс өөр одоо над онцлох юм алга/инээв/
Саранцэцэг -
Танай ээж бол бас л нэгдлийн мал хариулж байгаад л тэр жаран хэдэн он хүртэл?
Д.Зундуй -
Аа тийм, тэгэхдээ тусдаа малчин байгаагүй ш дээ. Би ээжийнхээ гэрт гэрлэсэн хүн. Манай авгай бид 2-н гарт л, гэрийн нэг талд манай ээж тэнд л өнгөрсөн. Хамт амьдраад л, нэгдлийн малтай хамт ноцолдоод л, тэгээд л өнгөрсөн хүн.
Саранцэцэг -
Таны гэр бүл хамаатан садан дундаас хэлмэгдсэн хүн гэж та сонсч байсан уу?
Д.Зундуй -
Ерөөсөө байхгүй тийм. Миний ер нь эргэн тойронд тийм хэлмэгдэж байсан, шашин тийм түшмэл талын улсууд нэг ч байхгүй.
Саранцэцэг -
Монголд нэг соёлын довтолгоон гэж явагдсан. Соёлын довтолгооны талаар мэддэг юм байвал ярьж өгөхгүй юу?
Д.Зундуй -
Соёлын довтолгоо гэж бичиг үсэг хир тоос нэг нь юу билээ дээ, соёлын довтолгоо гэж нэг тийм юмнууд болж байсан. Ариун цэвэр.
Саранцэцэг -
Яг яаж явуулж байсан юм?
Д.Зундуй -
Тэр үед соёлын довтолгоо гэж эмнэлгийн талаас хянан шалгахын талаас хөдөө орон нутагт очиж айлуудыг тэр үед чинь, хамгийн түрүүнд тэр үед чинь бөөс хуурс их элбэг байсан цаг шүү дээ/инээв/ . Хүнээр үзүүлж байгаад л хувцсыг нь үзнэ, тийм. Хувийн ариун цэврийг. Заа тэгээд л ..заа одоо хүний биеийн хумс мумс хүртэл бүгдийг нь үзнэ шүү дээ, шалгана. Одоо хүзүү мүзүүний хир тоосыг нь цамцных нь тоосыг бүгдийг нь шалган, гэрийн доторхи ариун цэвэр, хоолны шал шүүгээ гэхмэтчлэнгийг нь аяга таваг гэхмэтчлэнгийг нь тийм юм бүгдийг нь ариун цэвэр шалгана. Энэ тухай бол соёлын довтолгоо гэж ингэж байсан. Заа тэрнээс гадуур бичиг үсэг бас тэнд орж байсан. Соёлжих бүлгэм гэж бүлгэмийн багш гэж жишээлбэл ийшээ нэг 5 айлыг, багийн дотор гайгүй нэг бичиг мэддэг тийм хүнийг айлын бүлгэмийн багшаар 7 хоногтоо нэг удаа очиж заадаг. Тийм хариуцаж аваад.Тэрэнд цалинд байхгүй ээ, тийм /инээв/ цалин байхгүй ээ, тэр үеийн шаардлага нь ч мундаг байсан, шаардлагыг хүлээж авдаг ард түмний ухамсар ч мундаг байсан.
Саранцэцэг -
Тэр айлын зөвхөн хүүхдэд нь заах юм уу, тэр айлын бүх хүмсүүдэд заах юм уу ?
Д.Зундуй -
Өө бүх хүмүүст, бүх хүмүүст. Ерөөсөө бүх хүмүүст тэгээд заагаад бичигтэй болоод ирэхдээр чинь үнэмлэх олгоно.Тусгай одоо сумын сургуулийн талаас шалгалт хийж, нөгөө хүн бичиж сурч чадаж байна уу гэдгийг нь шалгаж үзээд үнэмлэх олгоно, “Бичиг үсэг тайлагдсан” гэсэн тийм үнэмлэхтэй. Тийм үнэмлэх. За хүүхдүүд адилхан хонины том хүн ч адилхан насанд хязгаар байхгүй, тэр соёлын довтолгоонд байсан, тийм байсан.
Саранцэцэг -
Бичиг үсэг мэдэхгүй л бол тэнд хамаарах нь?
Д.Зундуй -
Тийм, мэдэхгүй л бол хамарна. Мэддэг улсуудад нь ингээд даалгавар өгнө. Чи ингээд сурга, өглөө оройдоо зааж бай гэж. Тийм их нарийн байсан, тэр чинь их тус хүргэсэн шүү дээ. Тэгээд ер нь тэр үед сургуульд хүүхэд тийм гүйцэд хамрагдаагүй байсан цаг. Голцуу л ер нь бага настангууд бүлгэмээр тайлагдсан шүү дээ, тийм. Тийм байсан.
Саранцэцэг -
Аа эрүүл мэндийн салбарт ямар өөрчлөлт гарсан?
Д.Зундуй -
Заа эрүүл мэндийн мөн л нөгөө соёлын довтолгоо тэрэн дээр байгаа шүү дээ. аа эрүүл мэндийн талаар болбол нөгөө түрүүний миний хэлдэг бөөс хуурсгүй болсон, амьтан хиргүй болсон, тийм. Тийм байсан. Дээр үед чинь нэг ямааны арьс юм уу, хонины арьс нэг тийм юмыг гадна дотно байдаг, шороо зүгээр шигчихсэн байдаг, тэрнийг авчраад л, дэвсчихээд л дээрээс нь унтаад байсан шүү дээ.
Саранцэцэг -
Гудас байгаагүй юм уу?
Д.Зундуй -
Гудас яаж байхав.
Саранцэцэг -
Адсаган дээр үү?
Д.Зундуй -
Тийм адсаган дээр байсан. Тэгээд л бөөс хуурс хир тоос нь тэрнээс л болж гарна шүү дээ. Тэгээд сүүлийн үед нөгөө соёлын довтолгоо чинь айлуудыг хөнжилтэй бол гэж шаардсан, ээлжийн цамцтай бол гэж шаардсан, тэрнээс ээлжийн цамцтай гудас хөнжилтэй, ингээд л хүртлэнгээ хөгжөөд л явж байгаа шүү дээ.Соёлын довтолгооноос маш сайн арга хэмжээтэр болсон.Эрүүл мэндийн талаар, ариун цэврийн талаар, хүний ухамсар хөгжлийн талаар, тэр ариун цэврийн.., тэрнээс хүмүүст ухамсар их суусан. Тийм ш дээ.
Саранцэцэг -
Тэр үеийн монгол гэр чинь нөгөө эсгий үүдтэй байсан уу?
Д.Зундуй -
Байсаан. Шал байгаагүй ээ. Тоонотой. Энэ чинь яндан ч байгаагүй. Бүүр дээр үед чинь 3-хан чулуу нүх ухчихаад, тогоогоо тавиад, задгай гал түлээд тэгээд дараа нь тулга бий болсон. Одоо ч байгаа ш дээ, тэр тулга. Музей энэ тэрд байгаа ш дээ. Аа дараа нь зуух гэдэг юм болсон юм, за тэр зуух гэдэг юманд амьтан бүр баярласан. Өө энэ чинь сайхан юм, нөгөө гэр дотор гал түлчихээд л харанхуй утаан дунд ингээд л нүдээ нухаад л байсан, тэр байхгүй одоо сайхан. Ийм сайхан болох юм байна гээд. Лаагаа барьчихаад л, тэр үед лаа бас ховорхон байсан цаг. Өөхөн тосоор л нэг жаахан ийм саванд хайлуулчихаад, тэрийгээ дэн хийгээд, тэрүүхэн хоол идэхийн хооронд л нөгөө дэнгээ асаагаад, хоол ундаа идчихээд л, тэгээд л амьдарч байсан.
Саранцэцэг -
Тэр үед чинь нөгөө гурилны олдоц хэр байсан бэ?
Д.Зундуй -
Гурил тун ховор байсан ш дээ. Ялангуяа тэр заа бүр жишээ 2-р дайны үед чинь манай орос ах нар дайнд ороод, ядарсан зүдэрсэн шүү дээ. тэр үед Монгол оронд тариа будааны юм, олигтой чанартай тийм юм байгаагүй ээ, тэгээд л гурил будаа ерөөсөө их ховор, заа бүр жишээ болгож хэлэхэд ер нь боорцог идээгүй, боорцог гэдэг юм мэдэхгүй, заа нэг хүндтэй хүн настай хүн юм уу, манай аав ээжийн нэг хүндтэй нэг хүмүүс нь ороод ирэхэд улсууд нэг жаахан нэг гурил зуурчихаад, нэг өдий зэргийн гурил хавтгайлаад, тосонд гамбир хайрч, тэр их амттай их гоё, одоо тийм юм үзсэн биш дээ, бид нар. Тийм байсан, тийм ховор байсан.
Саранцэцэг -
Арвай эд нар тарьдаггүй л байж дээ?
Д.Зундуй -
Арвай тарьдаг газраа тарьж байсан. Хувийн юм шүү дээ. Тэгэхэд энүүн шиг одоо байгаа шиг том техник байсан биш дээ, дандаа хүрзээр гишгээд, ойр зуур газар тариад авдаг. Тийм байсан. Хүрзээр өөрөө гишгээд, гар тээрмээр тээрэмдээд, 2 морь холбочихоод, эргэн тойрон цана гэдэг юм хийгээд нөгөө тариагаа гишгүүлдэг. Тэгээд цайруулаад авдаг байсан. Тэгж аминдаа тэгж байсан улсууд байгаа. Тийм уул нь. За тэр.,/бодов/ юуны.., юу хэлэх гээд мартчихлаа даа.
Саранцэцэг -
Цагаан будаа шар будааны олдоц хэр үү?
Д.Зундуй -
Адилхан дөө ер нь. Ийм шүү дээ. Тийм. Ийм шүү дээ. Багийн хурал болно гэнээ, багийн хурал сар шахуу, 1 сард нэг удаа болно. За тэгэхэд голцуу нөгөө хурал болоход нэг өрхөөс очсон хүн 2 кг юм уу, 3 кг тийм гурил авч ирнэ. Жаахан будаа эсвэл шар будаа юмуу, эсвэл гурил авчирна шүү дээ. Тийм их ховор. Шуудай гурил гэдэг юмыг мэдэхгүй ээ. Заа “пүү” гэж байсан. 16 кг-г нэг пүү гэж нэрлэнэ. Заа бүүр элбэг ирэхдээр нэг пүү шахуу, хагас пүү 8 кг гэсэн үг, тийм. Тийм одоо их элбэгшсэн байхад даа, хагас пүү гурил авчирч, багийн хуралд очоод манайх. Баярлацгаагаад. Гэсэн мөртлөө нөгөө боорцог боов нөгөө хүүхдүүдэд элбэг оногдохгүй ээ /инээв/ Гурилтай хоол хийж иднэ. Бантан зантан хийж иднэ. Хааяа нэг жаахан юм хийгээд боорцог шиг л юм хийнэ. Их л ховор доо, ер нь. Ялангуяа дайны үед бүр их ховордсон шүү дээ. Тэр дайнаас ч өмнө ховорхон байсан.
Саранцэцэг -
Өл залгаж байсан гол юм нь юу байсан юм?
Д.Зундуй -
мал. Ерөөсөө мах л. Борц ч одоо тэр үед чинь борц гээд бас тийм аятайхан хатаачихдаг бас л чадахгүй л байсан л даа. Хүмүүсүүд бас юм хийж чадахгүй байсан үе шүү дээ, тэр үед чинь. Одоо бол бид яахав борцыг сайхан хийчихээд хатаачихаад, одоо ч борцтой айл бий шүү дээ. Ерөөсөө малын махаар л сүү мах, малын бүтээгдхүүнээр л голцуу амьдардаг байсан. За тариа тарьдаг улсууд бол яахав, хэр хэмжээгээрээ нэг жаахан гурил, будаа хийж авна, тэрүүгээр амьдардаг байсан.
Саранцэцэг -
Сумын сургуульд одоо хүүхдүүдийг сургуульд ор гээд багаас хүн ирээд ...Заа танай хүүхэд 9 сарын 1-нд тийшээ очиж сургуульд сурах нь байна.. гэж явдаг байсан уу?
Д.Зундуй -
Явдаг байсан.
Саранцэцэг -
Сургуулийн амьдрал ямархуу журмаар яаж..,?
Д.Зундуй -
Заа сургуулийн амьдрал чинь хөөрхий сургуулийн өөрт тийм хөрөнгө байгаагүй л цаг байх даа, бодвол. Тэр үеийн сургууль жишээлбэл миний үеийн, одоо би сургуульд ороогүй хүн л дээ. Тэгэхдээ би сургуульд орлоо гэхэд миний үеийн сургуульд орсон хүүхдүүд нэг жаахан даалимбан цүнхшүү юм хийчихээд, ерөөсөө л нөгөө байдаг гутлаа өмсчихөөд, одоо намар ч гэсэн л зун ч гэсэн өвөл ч гэсэн нөгөө л нэг өмсдөг дээлтэйгээ л сургуульд ч орно, мал хар эрсэн ч явна, нөгөөд хувцсаа өмсөнө, тийм л ядмаг байлаа шүү дээ, их. Тийм.
Саранцэцэг -
Тэр чинь одоо таны 25 онд төрсөн, за 10 настай гэж бодоход 30-аад оны үе шүү дээ, 35, 36 оны үе шүү дээ?
Д.Зундуй -
Тийм, тэгж л таарна.
Саранцэцэг -
Тэгээд нэг гэрт цуглуулж байж ном бичиг заах юм уу?
Д.Зундуй -
Өө тийм. Тэр үед чинь нөгөө хэсүүчлэн явсан багийн дарга тэргүүлэгч гэж байсан, тэр үед номын багш гэдэг нэртэй ном заадаг хүн нь, манай номын багш цуг явж байна гэж. Тэгээд тэр улсууд чинь нэг гэрт цуглуулаад ч ярина. Хаана цуглуулах ямар л бололцоо байна гэрт цуглуулахгүй гэр гэрт нь ярих бололцоотой болбол тэгж ч ярина. Тийм, аль бололцоогоор л. Тийм шүү, ихэнх нь 4-р ангийн боловсрол үнэмлэх аваад л, цааш нь залгах сургууль байхгүй шахуу.
Саранцэцэг -
Аа таны хүүхдүүд төрсний дараагаар яасан? Таны хүүхдүүд гарсны дараагаар суругууль соёлоор яаж дамжиж явсан?
Д.Зундуй -
Аан, аа тэгэхдээр үү, тэгэхдээр бас л нарийн байсан л даа. Юм сурч юм сурах хүсэлтэй тийм хүүхдүүд аймаг орж хөөцөлдөж яваад ордог байсан. Тэгэхдээ бас нөгөө өөрийнхөө боловсролоор авдаг байсан, тийм. Тэгэхдээ энэн шиг ийм нарийн шалгахгүй ээ. Бичиг үсэг бичиж чаддаг, уншиж чаддаг болохдээр л нөгөө хүүхдээ гаргаад авчихдаг жишээний тийм байсан л даа. Дээр үеийн сургуулийн багш нар тэр 30-аад оны 40-өөд оны үе тэгээд дайны үе чинь сургуулийн багш чинь 4-р анги төгсгөсөн, сайн төгссөн хүүхдүүд л багш болж байсан шүү, дээр үед чинь. Тийм жишээний.
Саранцэцэг -
Аа танай хүүхдүүд бол сургуульд яаж орсон?Сумын сургуульд уу?
Д.Зундуй -
Тийм, 4-р анги төгсгөөд л, нэг нь яахав, 8-р анги төгсгөөд л ингээд л гарсан. 3 хүүхэдтэй. Нэг нь 8-р анги төгсгөөд, 2 нь 4-р анги төгсгөөд, тэгээд л үнэмлэх аваад л. Тэгээд л малчин.
Саранцэцэг -
4-р ангид суман дээр хүүхдээ өгчихөөд араас нь хэр зовох уу? Сумын дотуур байранд хүүхдээ өгсөн айлууд дотуур байранд хандив юм өгдөг юм уу? Хоол хүнс байдаг юм уу, түлээ түлш байдаг юм уу?
Д.Зундуй -
Заа даа ер нь тэр тийм юм дотуур байр гэж ч одоо нэг их байгаагүй дээ. Их цөөхөн, айл майлд л сууна. Голцуу л айлд сууна. Ер нь дотуур байр гэж байгаагүй шүү дээ. Тийм байсан.
Саранцэцэг -
Одоо танай хүүхдүүд жишээлбэл Ховдын аль суманд төгссөн?
Д.Зундуй -
Цэнгэл суманд төгссөн. Би нөгөө Ховд гэж байхад чинь дээр үед би нөгөө Баруун Алтайгаас давж ирж байхад Баянөлгий аймаг гэж байгаагүй ээ, Ховдоос тасраад Баянөлгий аймаг гэж. Сүүлд нь 40-өөд онд байгуулагдсан аймаг. Тэгээд Баянөлгий аймгийн Цэнгэл сумын сургуульд суусан, тийм. Одоо Цэнгэл сум гэж байгаа. Тийм л байгаа.
Саранцэцэг -
Одоо ингээд та бодож байна уу, таны бага байх үеийн хүүхэд эцэг эхийн хоорондын харьцаа одооны энэ хүүхдүүдийн байж байгааг харахад яаж өөрчлөгдөж байна?
Д.Зундуй -
За ер нь их өөр дөө. Дээр үед эцэг эхийн сургамж эцэг эхийн хүмүүжил эцэг эхийнхээ үгээр ширхэгчлэн амьдардаг байсан. Одоо болбол одоогийн хүүхэд 16,17 нас хүрч ирээд л ер нь өөрийнхөө дур зоргоороо л амьдардаг болчихоод байх шив дээ, тийм. Одоо хаана л бол хаана дэмий тэнэх жишээтэй, тийм л болчихоод байна. дуулгавар муу, дээр үед чинь эцэг эхийнхээ хүмүүжлээр маш их нарийн ухамсар, маш их хүмүүжилтэй одоогийн хүмүүс ч ер нь тийм шүү дээ. Хүүхдээр ч барахгүй. Дээр үед төрийн албанд энэ хууль гэдгийг хүн амьтан их шүтдэг, их биширдэг байв. Одоо ч ер нь хүмүүс хуулиас айхгүй болчихлоо доо. Тийм болчихоод байгаа цаг шүү дээ. Яагаад тэгж байнаа, мэдэхгүй ер нь. Одоогийн хүмүүс хуулиас айхгүй болчихсон. Тэрнийг би харамсдаг юм. Одоо хуульгүй төр гэж байхгүй ш дээ. Ямар ч төрд хууль гэж байдаг, хуульгүй төр гэж байхгүй шүү дээ. Одоогийн хүмүүс тэр талаараа бол жаахан тааруухан байдгиймаа.
Саранцэцэг -
Таны одоо хүүхэд бага үе бусад хүүхдүүдээс ялгаатай байсан уу? Таны хүүхэд ахуй үе чинь?
Д.Зундуй -
Өө ялгаатай байлгүй яахав. Амьдралын талаар ялгаатай голцуу. Эцэг эхийн бүтэц, эцэг эхийн зан ааш тэрнийг л дагана шүү дээ. Тэр талаараа бол олон янз байгаа. Тийм.
Саранцэцэг -
Та ч одоо ээжтэйгээ л хоёулаа нэлээн хэцүү л байсан байх даа? Аав чинь дээр нас барсан юм чинь?
Д.Зундуй -
Тийм. Би одоо хүүхдүүдэд зөндөө юм хэлдэг л дээ. Одоо ингээд байхад чинь одоо энэ сургуулийн багш нар намайг заримдаа сургуулийн хүүхэд дээр оруулж, бас дээр үеийн юм яриулж тэгдэг юм. Үлгэр жишээний өвгөн, үлгэр жишээний тийм маягтай тийм юм болгож байгаам.
Саранцэцэг -
Заа Монголд нэг ардчилал гарсан даа, 90-ээд онд, тэрнээс хойш хувьчлал гэж нэг том юм болсон, хувьчлалыг анх та яаж сонсов? Яаж зарлав, энэ хувьчлалыг?
Д.Зундуй -
/инээв/ Ардчилал, яахав ардчилал гарах нь зөв л дөө. Ардчилал болбол гаралгүй яахав. Социализмыг ардчилалаар боллоо шүү дээ. Тэгэхээр чинь ардчилал их л хөнгөмсөг маягтай л явчихлаа даа. Би тэгж л бодох юм. Тэрнээс урд улсын хөрөнгө бүх юм улсын хөрөнгө байсан. Улс гэдэг бид шүү дээ. Ард түмэн бид бүрэлдэж байж улс болноо. Тэгэхдээр чинь ардчилал боллоо гээд улсын хөрөнгө тарчихлаа. Бүүр тов тодорхой. Би тэр том газар руу ярихгүй. Мэдэх ч үгүй. Хамгийн захын ярихад л малчин би хөдөө мал маллаж амьдарч байсан. Улсын хүчээр гаргасан эргүүлдэг худаг, улсын хүчээр барьсан малын хашаа саравч, бүгд улсын хөрөнгө байсан, тэрийг чинь нийтийн хөрөнгө гэж хэлдэг байсан. Заа ардчилал боллоо гээд ил тод, илэн далангүй жигтэйхэн дэвшүүлж байна ардчилалын энэ үгийг. Үгүй ээ би ямар юм мэдэх биш дээ, гэхдээ их эвгүй, тэгээд нөгөө малын хашаа саравч байхгүй боллоо, худаг байхгүй боллоо, заа хоршоо худалдаа бүгд хувьдаа орчихлоо, үйлдвэрүүд бүгд хувьдаа орчихлоо, заа одоо сургууль соёл ч бас хувьдаа байна ш дээ. Хувийн сургууль гэж, хувийн эмнэлэг гэж байгаа биз дээ, энэ одоо ер нь арай хэтрүүлчихсэн юм шиг байгаамаа. Тэгээд ардчиллын тэр үед чинь саяын тэр лоозон дэвшүүлсэн тэр үед чинь одоо ярьж байна шүү дээ, улсын хөрөнгө мөнгөн санхүү ингээд хямралд ороод, мөнгөн санхүүг идчихлээ, үгүй болгочихлоо энэ тэр гэж нэг нэгээ шүүмжлээд л байна шүүү дээ, шүүмжлэл л ч биш л дээ. Үнэн юм ч байх дөө, би бол үнэн л гэж боддог. Тэр юу бол ардчиллыг арай хэтэрхий хуулиа болбол завхай ар талдаа тавьчихаад, ардчилал луу давхиад орчихлоо, хамгийн гэм нь энд байна. Хамгийн муу юм энд л байна. Хуулиа чангалчихаад, хөрөнгөө бүгдийг нь тооцоонд оруулаад, дансандаа хавччихаад, тэгээд ардчилал луу орсон бол ийм юм хаанаас байхав. Ийм задгай ийм шамшигдалд орохгүй л баймаар юм даа. /инээв/ Би товчоор хэлэхэд иймэрхүү л юм байна.
Саранцэцэг -
Өдөр тутмын амьдралд хувьчлал нөлөөлөв үү?
Д.Зундуй -
Заа хувьчлал тэр үед яахав,тэр малыг малчдад өөрт нь өгсөн, тэр болбол харин болсон. Тийм. Малыг буцаагаад эзэнд нь өгөөд, тэр малын нөгөө хэрэглэж байсан худаг усыг үгүй болгочихдог нь нөгөө тооцоогүй ээ, хууль дүрмээ задгайруулсан хэрэг тэр л дээ. Тэгээд тийм учраас одоо энэ улсын мөнгөн санхүү хүртэл дампуураад, одоо юу болж байна даа, мэдэхгүй. Би тэр талаар ямар мэддэг хүн биш. Тэгэхдээ би одоо яахав гэртээ сууж байгаад л бодоход энэ их л буруу болсийм. Тун буруу л хувьчлал нь дэнджээ. Хувьчлалд малаа өгч болох юм, за газраа өгч болох юм, за худаг усаа малчин хүний малын юм болохоор чинь худаг усаа хашаа саравчаа хүнд өгч болох юм, улсын мөнгөн санхүү хоршоо худалдааг хувьчлах нь одоо хаашаа юм, үгүй ээ ер/инээв/
Саранцэцэг -
Энэ хувьчлал хүйсийн ялгаатай нөлөөлөл гэж юм байдаг уу? Хүйсийн ялгаатай нөлөөлөл, эрэгтэй хүнд нэг өөр эмэгтэй хүнд нэг өөр нөлөөлчихлөө гэсэн тийм юм хувьчлалд ажиглагдсан уу?
Д.Зундуй -
Заа ажиглагдсаан, тэр чинь бас хүний эрх үүргийн талаар тэр ярьж болох юм байх тэрийг. Эмх замбараагүй,эрх мэдлээ хэтрүүлчихлээ. Тийм учраас эмх замбараагүй болчихлоо шүү дээ. одоо эмэгтэй хүн ямар байна, эрэгтэй хүн ямар байна, тэдний явж байгаа, амьдарч байгаа, хэрэглэж байгаа, бүтээж байгаа, нэр сүр нь ямар байна гэдэгт тодорхой байна шүү дээ. Тэр сайн биш байна шүү дээ. Би тэгж л бодох юм даа.
Саранцэцэг -
Энэ одоо зарим улсууд их том том газрыг хувьчлаад авчихсан ш дээ, гэтэл ямар замаар бусдаасаа илүү өмч эзэмшиж авав?
Д.Зундуй -
Харин тиймээ. Тэр бол ёстой буруу хэрэг л дээ. Ёстой буруу хэрэг.
Саранцэцэг -
Юу нөлөөлөв, албан тушаал нөлөөлөв үү, танил тал нөлөөлөв үү?
Д.Зундуй -
Аль нь ч байгаа байх. Нөгөө түрүүний ил тод илэн далангүй гэдэг асуудал л тэр.Ил тод гэхдээр чинь нөгөө саяхан хөдөөний малын хашаа саравч үгүй болохтой адилхан нөгөө газрыг компаний хөрөнгийг хувьчлаад авчихдаг,тэр яг л мөн шүү дээ. Заа ялангуяа газрын баялаг, заа байшин барилга хүртэл хэлэх хэрэгтэй тэгэхлээр энэ чинь хувьчлалд өгөхдээр чинь тэр хувийн хүн өшөө цаашаа баяжихын хэргээр гадаадын үл бүтэх мөнгөтэй хүнд зарж байна шүү дээ. Одоо зарж байна. Жишээлбэл одоо манай Заамар сумын алтны газар, манай Заамар суманд миний хүү сонссон биз дээ, алтны газар. Тэрнийг хувьдаа авчихсан, аа хувьдаа авчихаад монгол хүн авчихаад, гадаадын улсуудад мөнгөтэй улсуудад зарчихаад байна. Аа тэр зарсан эзэн нь олдохгүй, хоёрын хооронд зүгээр нэг л би мөнгөөр худалдаж авсан гээд том том техникээ зоочихоод, нүхлээд нүхлээд, 8 км, Заамарын төвөөс 8-хан км, Баржингийн уул гэж байгаа, тэрний хормойг нүхлээд 3 жил ухлаа, хятадын харьяа гэнээ, хятадын компани гэнэ, ажилчнууд нь монгол, ганц хоёр хятад байгаа. Тэрмэтчлэнгийн одоо газрыг хувьчилж авчихаад, гадаадын этгээдэд худалдаж байна шүү дээ. Энэ газрыг хувьчлана гэдэгт би ямар гэхдээ тийм юм мэддэг мэдэлтэй төржих хүн биш, гэхдээ би ер нь эвгүй санах юм даа, хувьчлана гэдэг чинь. Дээр үеэс эхэлж л монгол хүн нүүдэл суудлаар ээлжлэн нутаглаж амьдарч болоод байсан газар нутаг юм чинь бөөн бөөнөөр нь нэг нь худалдаж аваад, тэр эцсийн эцэст гадаадын мөнгөтэй хүний гарт л очно шүү дээ. Мөнгөтэй гадны хүнд л очно, тэгэхээр чинь манай монголчууд газаргүй л болж таарна шүү дээ. Манай монголд ямар мөнгө байх биш хармаанд нь.
Саранцэцэг -
Заа, социализмын үед хүмсүүдийн ажилд хандах хандлага ямар байсан бэ?
Д.Зундуй -
Ажилсаг байсан шүү дээ. Социализмын үед чинь хүмсүүд ажилсаг байсан. Хүч хөдөлмөрөө, хөлс хөдөлмөрөө тодорхой авдаг байсан. Тийм учраас социализмын үеийн улсууд маш үнэнч, шударга, тийм байсан. Одоо харин улс хөгжиж байна, хөгжил нь болбол явж л байна гэсэн мөртлөө тэрний зай завсраар улсуудын оюун ухаан олон янз болчихоод байна шүү дээ. Аа нэг нь яахав зөв бодолтой байлаа ч гэсэн нөгөө нэг нь өөр юм бодох жишээний тийм тогтворгүй. Тийм санаа бодолтой жишээтэй. Жишээ нь нэг тийм л байна шүү дээ. Зөвхөн хар амиа боддог болчихлоо. Бүр товчоор хэлэхэд одоогийн хүмүүс. Дээр үед чинь байгаль ч гэсэн тэр нэг хүн жишээлбэл нэг нутагт нүүж очоод буулаа, буухдээр чинь анхныхаа цайны дээжийг үүдэн дээр гаргаад өргөдөггүй, ...Баян нутаг минь.. гээд ингээд залбираад буудаг, аа тэгээд газарт наалдсан ургаа чулууг ховхолж болохгүй ээ, тэр модны мөчрийг хугалж болохгүй ээ, ингэж л захидаг л байсан. Одоо болбол тийм юм гэж байхаар барахгүй, газар маань ч талхагдлаа, мод маань ч сүйрээд өнчирлөө, тэгэхэд хэдхэн хэдхэн өнчин гозгор мод л үлдэж байна шүү дээ, сайхан модтой газар. Байгалийг ингээд сүйрүүлдэг, энэ хүний ухамсарт шалтгаалдаг тийм. Хүн л үгүй болгож байна. Номонд би харсан, би ном уншдаг номчин хүн биш л дээ, миний хүү. Гэхдээ ертөнцийн сүйрлийн зууны 80%-г хүн өөрөө үйлднээ гэж бичсэн байналээ. Тэр үнэн юм шиг байна. Яг үнэн байна. Жишээлбэл одоо энэ УБ хот, одоо энэд УБ хот байхаас өмнө ямар байсан билээ, юу ч байгаагүй газарт энэ барилга хот сүндэрлээд ингээд зогсч байна шүү дээ. Энийг хэн хийсэн, хүн хийсэн. Заа тэр модны тэн хагас нь байхгүй, ихэнх нь байхгүй, дандаа хожуул болчихсон, тэрийг хэн хийсэн хүн хийсэн. За энэ газар дорхи баялгийг ухаад авч байна, энийг хэн хийсэн хүн хийсэн. Ертөнцийн сүйрлийн 80%-г хүн бий болгоно гэдэг нь үнэн юм шиг байналээ. Тэр талаараа бол хүн байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах энэ талаараа бол хүний ухамсарт байхгүй байна/инээв/
Саранцэцэг -
Одоо энэ ажилд орж байгааг харахад ажлын олдоц нь хэр байна, социализмын үед ажлын олдоц нь хэр байсан юм бэ? Ажилд орохдоо яаж ордог байсан бэ, хүмүүс?
Д.Зундуй -
Ажилд орохдоо тэр үед хүн амархан ажилд ордог л доо. Би ажил хиймээр байна гэж сумын засаг даргад юм уу, багийн засаг даргад очно. Дарга ..чи тэгвэл хонь хариул, эсвэл чи хашаа барь, эсвэл тэр амны эхэнд худаг гаргачих, багийн дарга ингээд л заагаад өгнө. Сумын дарга ч гэсэн адилхан. Чи малчин бол, чи тариа тарь ингээд л амархан дэмжээд өгчихнө шүү дээ. Одоо болбол тэгж хүн ажилд орно гэхэд тийм амархан авахгүй ээ, жишээлбэл сургууль төгсгөөд оюутангууд үнэмлэхээ хармаалчихаад явж байна гэнээ/инээв/ тэр оюутнуудтай уулзаагүй ээ, яагаагүй шүү дээ. Ажил олохгүй байна. Одоо манай энэ Заамар суманд 2,3 хүүхэд байналээ. Ажил олдохгүй, жишээ нь. Одоо ажилд ороход бэрх. Ийм болчихоод байна. Тэр социализмын үед амархан олддог байсан.
Саранцэцэг -
Таны ажиллаж байх үед хэцүү бэрхшээлтэй санагддаг юм юу байв, таны бахархдаг юм гэвэл юу байна?
Д.Зундуй -
Миний ажиллаж байхад хүн ажил хийх тусмаа л улам баярлаад байдаг. Арга нь улам олдоно. За би малаас өөр тийм хөдөлмөр хөлс хийгээгүй л дээ, гэхдээ хашаа саравч барьсан, малынхаа худаг ус гаргаж байсан. Тэгэхэд хүн ажил хийх тусмаа улам баярлана, улам арга нь олдоно. Жишээ нь одоо энэ газрыг ухаад ус гаргамаар болоод ухаад байвал улам цаанаас нь ус гарах юм уу, эсвэл гарахгүй юм уу, тийм байвал нэг шинж тэмдэг мэдэгдэнэ шүү дээ, гарах шинж нэг мэдэгдэнэ, гарахгүй шинж нэг мэдэгдэнэ. Тэр тусмаа улам хүн урам зоригтой болдог байхгүй юу. Гарахгүй ч гэсэн энэ гарахгүй боллоо, энэ гарахгүй газар юм байна гээд шууд шийдээд хаячихаад явна, ус гармаар байвал улам баярлаад тэрнийг гаргана жишээлэхэд. Ажил хийх тусмаа хүнд урам зориг орно, ажил хийгээгүй хойшоо сууусан хүнд улам л гэдийгээд л, сайхан юм шиг болоод л, энэ бол хамгийн муу. Хүн ажлаас хүн болсон гэдэг биз дээ, тийм.
Саранцэцэг -
Танд хамгийн жигшдэг юм гэвэл юу байна?
Д.Зундуй -
Ээ миний жигшдэг юм зөндөө байна. Одоогийн залуучууд архинд их дуртай. Архи нь ч яасан элбэг юм, Би 12,13 настай байхад нэг хоньчин залуугаас нэг гаанс худалдаж авлаа. Өөрийнхөө хариулж явсан малаасаа нэг төлөг барьж өгөөд, гаанс худалдаж авлаа. Нөгөө 12,13 настай хүн чинь ямар өөдтэй байхав дээ, өнөө тамхи татсан улсуудыг хараад л. Өө тэгсэн гэрт авчраад, ээждээ үзүүлэхгүй, тэгсэн ээж маань харчихаад, намайг загнаад, үнэнээ л хэлчихлээ дээ, нэг төлөг барьж өгөөд хүнээс гаанс авсан гэж/инээв/ Тэгээд ээж загнаад ...Одоо очоод аваад ир тэр төлгөө... загнаад, ухаангүй ээжээс айгаад, өвөл болчихсон байсан, гүйж очоод нөгөө айлдаа гаанс тамхиа буцаагаад, өнөө хонийг нь хөтөлж аваад хүрээд ирлээ. Заа тэрнээсээ хойш том болчихоод цэргийн албанд явж байхад норм тамхи өгөх юм байна, тэр үед дүнсэн тамхи, улаан тамхи сард нэг улаан тамхи өгнө. Заа тэрнээс нь татаж байлаа, тэгсэн толгой өвдөх маягтай, аа тэгсэн нэг судас барьдаг нэг хүн байдгийм, тэр хүнд судсаа бариулсан чинь ..Чи тамхи битгий тат, чи толгой өвдөх юм байна гэсэн чинь нээрээ тамхийг хаяснаас хойш толгой өвдөхөө байсан. Тэр үед би 27,28 настай байсан. Тэрнээс нааш одоо өнөө хүртэл амандаа тамхи бариагүй. Архийг бас л тэр 26,7 насанд 2,3 удаа айхтар сүрхий уучихлаа. 2 айлын найранд 2 удаа нэг уучихаад, ..өө бөөлжөөд нэг сэрээд ирсэн чинь мориныхоо цулбуурыг харганаас уячихсан, 2 харганы завсар өөрөө хэвтэж байна. Өө бөөлжсөн гэж жигтэйхэн. Тэрнээс хойш архи амандаа барихаа больсон. Харин энэ ойрын 2,3 жил, 3 жилээс наана амьсгааддаг болсон. Ханиадаг, ханиахлаар энэ хужаагийн “Улаан тэргүүн” тэрнээс нөгөө 50 граммын рюмка/хундага/-р дундуур хийгээд залгичихдаг юм, гайгүй болдог. Заа сайхан унтана. Тэгээд ойрын сүүлийн 2,3 жилээс нааш тэр рюмкээр нэгийг дүүрэн хийгээд татчихаад унтахаар сайхан унтана, Би одоо тийм л архичин./инээв/Айлын найр майранд уригдаж очихдээр чинь сайхан амссан болоод л ...баярлалаа гээд л, гэдгээ хэлээд л гараад явчихна. ...Та суу, та уу гэж намайг хэлэх ч үгүй. Тэгж шахах ёс ч үгүй. Би хэлдэг дээ, одоогийн найр хурим янз бүрийн юм болно, цайллага, улсуудыг шахдаг их албатай, тэр муу. Би одоо тийм юманд улсуудад түрүүлээд хэлчихдэг ..Та нар хүнд архи битгий шахаа, дуртай болбол тэр хүн өөрөө л ууна, дургүй болбол өөрөө л уухгүй байна. шахдаг одоо ямар юм байна, шахах ёсгүй. Ингээд л хэлдэг/инээв/
Саранцэцэг -
Заа энэ удаадаа хоёулаа ярилцлагаа ингээд зогсооё. Маргааш хоёулаа уулзаад ярилцлагаа үргэлжлүүлье?
Д.Зундуй -
Заа, би 3 өдөр гарчих байх даа, миний хүү?
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.