Zundui


Basic information
Interviewee ID: 990303
Name: Zundui
Parent's name: Dari
Ovog: Haahuyag
Sex: m
Year of Birth: 1925
Ethnicity: Tuvan

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Höh saari sum, Baruun Altai aimag
Lives in: Zaamar sum (or part of UB), Töv aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
authority
military
democracy
funerals
herding / livestock


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

military service
foreign relations
member of collective
herder
work - labor
authority
privatization
funeral rituals
technology


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Заа сайн байна уу?

Д.Зундуй -

Сайн сайн байна уу

Саранцэцэг -

Өмнөх ярилцлагаа үргэлжлүүлье

Д.Зундуй -

Заа.

Саранцэцэг -

Та Баянөлгийн Цэнгэл суманд амьдарч байгаад наашаагаа Төв аймгийн Заамар суманд ирсэн гэж байгаа. Төв аймгийн Заамар суманд ирээд ямар ажил эрхэлж байв, тэр үед Заамар сум ямархуу байдалтай байсан бэ?

Д.Зундуй -

Тэр 1975 онд Заамар суманд эрлийз хоньтой тийм байсан. Тэгээд тэр эрлийз хонинд малчнаар ирсэн, Заамар суманд. Тэгээд эрлийз хонь маллаж, нэг сууринд 500 хонь маллаж байсан. Хүүтэйгээ том хүүтэйгээ цуг 2 гэр. 500 хонь хариулж байлаа.Тэгэхдээр эрлийз хонины хариулгын хөлс ноос ноолуур, төл бойжилт гээд л хөлс хөдөлмөр нь гайгүй байсан. Тийм байсан.

Саранцэцэг -

Та наашаа Баянөлгийн Цэнгэлээс ирэхэд хувийн мал ахуй тууж ирсэн үү?

Д.Зундуй -

Тууж ирсэн. Заримыг нь тууж ирээд, урт хөлтэй мал, адуу үхэр нэг хэдийг тууж ирээд, бусдыг нь мөнгө болгоод, энд ирчихээд тэр мөнгөөрөө мал худалдаж авсан. Тэгсэн.

Саранцэцэг -

Та илгээлтээр ирсэн гэж ярьсан, тэр үед ямар улсуудыг сонгож илгээлтээр явуулдаг байсан юм, сайн дураар явдаг байсан уу?

Д.Зундуй -

Аан, сайн дураар. Эндээс тэр Төв аймгийн Заамар сумын засаг дарга Мишигдорж гэдэг хүн байсан. тэр хүн очиж Баянөлгий аймгийн Цэнгэл суманд очиж манайд эрлийз хонины хоньчин хэрэгтэй, малчнаар очих хүн байна уу гэж. Сайн дурын үндсээр ингэж асууж, тэгэхэд сайн дураараа ...би очъё, би танайд гээд ингээд л. Өөрийнхөө сайн дурын үндсэн дээр ирж малчин болсон.

Саранцэцэг -

Төв аймгийн Заамарт чинь нэгдэл гэж байсан уу, тухайн үед?

Д.Зундуй -

Нэгдэл гэж байсан. Ерөөсөө нэгдэл гэж байсан.

Саранцэцэг -

Тэр Заамарт чинь өөр артель ч байдаг юм уу, модны үйлдвэр ч байдаг юм уу, тийм газрууд байдаг байсан уу?

Д.Зундуй -

Тийм газар байгаагүй ээ. Харин цагаан толгойтой хэдэн үхэр байсан. Ашиг шим нь дээд зэргийн ашиг шимтэй, аа эрлийз хонь байсан. Тариа будаа их тарьдаг байсан. Тэр үед чинь 74 он, 73 онуудад улсын хэмжээгээр нэгдлийн хэмжээгээр тэргүүн байранд орж байсан айл, Заамар. Тийм. Сангийн аж ахуй /САА/ нэг тусдаа, нэгдэл нь нэг тусдаа. Тэгэхдээ нэгдлийн хэмжээгээр тэргүүн байранд орж байсан Заамар. Газар тариалангийн талаар, тийм байсан айл.

Саранцэцэг -

Заа та тэгээд хүүтэйгээ нэгдлийн эрлийз хонь маллаж байсан, тэр мярнусан хонь гэдэг чинь монгол хониноосоо ямар ялгаатай юм?

Д.Зундуй -

Аа их нарийн, маллагаа нь өөр, за хариулга нь яахав, гайгүй монгол малтай адилхан, төл бойжуулах талаар бол маш их явдалтай. Нүцгэн хурга гаргана, манай монгол хонь чинь ноостой хурга гардаг тэрүүний хажуд чинь чимхэх ч ноосгүй улаан нүцгэн хурга гарна шүү дээ. Тэгээд тэр чинь эхийнхээ сүүг хөхчихөөд, гэдэс гүзээ нь өвдөнө, салхи савар авна, маш их нарийн, их нарийн ажиллагаатай. Ирсэн 1 жилдээ бид тэр нутгийн малчинтай адилхан нэг хэдийг үхүүлсэн, дараагийн 2 дах, 3 дах жилдээ арга барилыг нь бас олж, гайгүй. Тэгээд нэг 2 жил 4 жилээс хойш төлөө 100% ч авч ч үзлээ. Тэгээд би өөрөө аймгийн 2 дах удаагийн аварга, бас манай хүү аймгийн бас 2 дах удаагийн аварга, тэгж байтал ардчилал гээд нэг эрлийз хонио тараагаад мал ч үгүй. Ардчилал хүртэл бид нэгдлийн мал маллаж байсан.

Саранцэцэг -

Тэр ер нь ноосны чиглэлийн хонь уу, махны чиглэлийн хонь уу?

Д.Зундуй -

Ноосны чиглэлийнх. Нэг хониноос 5 кг ноос гардаг байсан, жинхэнэ улсын норм болбол монгол хонь болбол 2кг200гр байсан. Уг нь дээр үед. Монгол хонины норм. Албан журмаар яахад. Тэр эрлийз хониноос 5 кг ноос гардаг. Их нарийн. Нарийн ширхэгтэй, их хүнд тийм, ноос ноосны чиглэлийн хонь. Тэгээд мах нь бас ихээ, бие томтой. Яс нь нарийхан, мах нь зузаан. Тийм. Ялангуяа 1-рт л ноосны чиглэлийнх. Нарийн ноос. Нарийн ноос бүдүүвтэр ноос, бүдүүн ноос ийм 3 төрөл хонь байдаг юм байна. Бид нарийн чиглэлийнхийг маллаж байсан. Тийм байгаам.

Саранцэцэг -

Та нэгдлийн мал тэр мярнусан хонийг малаж байхад цалин хөлс гэж ямархуу юм авдаг байсан, ер нь таны амьдралд малчин хийгээд явахад амьдрал ямархуу байв?

Д.Зундуй -

Гайгүй сайн байсан. Боломжийн байсан. Хариулгын хөлс төлийн бойжилт, ноос ноолуур, ашиг шимийн хөлс, хөдөлмөр хангалттай байсан, тийм.

Саранцэцэг -

Монголд энэ ардчилал гэж гарч байхад энэ ардчиллаас нийтлэг хүмсүүд юу их хүлээж байсан бэ? Энэ ардчилсан хөдөлгөөн гарч байхад эрэгтэй эмэгтэй улсууд оролцоо нь ялгаатай байсан уу, эрэгтэй улсууд нь их оролцож байв уу, эмэгтэй нь их оролцож байв уу, та энийг хараад юу гэж бодож байв?

Д.Зундуй -

Заа ер нь энэ дээр ч ялгаа байна уу даа, мэдэхгүй ээ. Адилхан л оролцож байсан л даа. Ер нь тэр үед амьтны хүсэл нь хөдөлмөр их мөрөөддөг байсан үе. Хөдөлмөр байхгүй хүн гэж байхгүй. Хөдөлмөр байхгүй хүнийг чи хөдөлмөр байхгүй байна шүү гээд шарддаг байсан үе. Чи хөдөлмөрт ор, хөдөлмөр байхгүй хүнийг албадан ажил хийлгэх тийм жишээний байсан. Сараар жилээр, 2,3 сараар. Тийм байсан. Нэгдэлд хөдөлмөр хий гэж шаарддаг байсан. Тэр үед хөдөлмөргүй хүн тун цөөхөн байсан. Тийм л шахалттай байсан, тийм. Тэрэнд эрэгтэй эмэгтэй ялгаа байхгүй адилхан л шахна. Адилхан дөө, ер нь. Аль аль нь чадлынхаа хэрээр хөдөлмөрлөнө, хөдөлмөрлөснийхөө хэрээр хөлсийг нь авна. Тийм л байгаа юм.

Саранцэцэг -

Ардчилсан хөдөлгөөн хүний амьдралд яаж нөлөөлөв, юу гэж бодож байна, та?

Д.Зундуй -

Заа тэнд их өөрчлөлт гарлаа л даа. Ардчилын хөдөлгөөн заа малаа хувьд өгчихлөө, заа улсуудын дэг журам сахилга бат жаахан суларлаа, хаа хамаагүй задгайрчихлаа бүх юм, тэрэн дээр чиг аль аль нь эрэгтэй эмэгтэй ялгаагүй. Жаахан тиймэрхүү задгай байдалд орлоо шүү. тийм.

Саранцэцэг -

Ямар үр нөлөөтэй болов, энэ ардчилал?

Д.Зундуй -

За ардчиллын үр нөлөө сайхан байлгүй яахав, бололгүй яахав. Гэхдээ ардчиллын үр нөлөө за би ер нь бодоход ардчилалд сайн талыг нь магтаж чадахгүй юм, за муу тал руугаа нөлөөлсөн тал бол зөндөө байна. Одоо би түрүүн хэлсэн нөгөө хууль захирамж, хамаг юмыг дэг журам юмыг задгай хаячихаад л, хамаагүй хаячихаад задгайрчихлаа шүү дээ. Тэгэхээр чинь нөгөө улсын хөрөнгө, нийгмийн хөрөнгө гэж байсан тэд нар одоо хаа байгааг нь мэдэх арга байхгүй. Замбараа байхгүй. Хөдөлмөргүй хүн зөндөө боллоо. Одоо ер нь би ямар тэр тухай мэдэх биш, сумын төвийн улсууд ч биш хөдөө гадаагүй ээ, одоо нэг сумаар хэлэхэд л бараг 50% нь л хөдөлмөргүй байна шүү дээ, тийм. Ийм л өөрчлөлттэй байна.

Саранцэцэг -

Социализмын үед жишээ нь эрх мэдэлтэй хүн гэж ямар хүн байсан бэ?

Д.Зундуй -

Социализмын үеийн эрх мэдлийн хүн гэхэд чинь бүгд л эрх мэдэлтэй байсан гэж би бодох юм даа. Тэгж л хэлэх юм уу гэж би бодох юм. Бүгд л эрх мэдэлтэй, хийснийхээ хэрээр хөдөлмөр хөлсөө авдаг,ажил хийхэд дуртай авдаг, тийм л байсан.

Саранцэцэг -

Ер нь одоо байгууллагын дарга марга улсууд доод тушаалын улсуудтайгаа харьцаа нь ер нь ямар байсан бэ?

Д.Зундуй -

Харьцаа нь зөв байсан шүү, тийм, харьцаа нь болбол зөв байсан.

Саранцэцэг -

Одоогийн дарга улсуудыг харж байхад ямар болчихож?

Д.Зундуй -

Одоогийн дарга улсууд ер нь нуух биш дээ, одоогийн дарга хүн жишээлбэл багийн даргаас эхэлье л дээ. Дээр үеийн багийн дарга одоогийн аймгийн даргын чанартай байсан. Заа сумын дарга ч байтугай, аймгийн даргын чанартай. Дээр үед багийн дарга ирж явна, нохой хуцлаа, багийн дарга ирж явна гэхэд хүмүүс бүгд л одоо хүмүүс бүгд л босно. Босоод л одоо ажил төрлөө янзалж, гэр доторхи юмаа цэвэрлэж барьж, ширээ ширдгээ тавих жишээтэй. Одоо тэр биш, тийм юм байхгүй. Одоо тэр сумын засаг дарга гэж байна, одоо. Багийн засаг дарга гэж байна, сумын засаг дарга хөдөлмөрчдөд шаардлага тавина гэж огт байхгүй. Шаардлагатай дарга нэг ч байхгүй. Бүүр юу ч байхгүй. Зүгээр нэг стол/ширээ/ын ард суучихаад л, ажлаа цаасан дээр биччихээд л болгож байна, болж байна гэж. Жинхэнэ хөдөлмөрчидтэй биеэр уулзаж, биеэр ярина гэж огт байхгүй. Одоогийн засаг дарга нар тийм шүү дээ. Дээр үеийн засаг дарга нар сумын засаг дарга байтугай, аймгийн дарга байтугай, зөвхөн нөгөө дарга нь ёстой чацга алдталаа загнана шүү дээ, хүмүүсийг. Чи тэгсэн байна, ингэ. Чиний энэ чинь буруу байна, чи ингэвэл зөв ажил болно, яг өөрт нь одоо сайхан ухуулж, тэгж илэн далангүй сайхан яриад өгнө. Одоо ер нь энэ ардчилал болсноосоо хойш ард түмэндээ тийм ил яриа дарга нарт байхгүй шүү. Ерөөсөө байхгүй. Ийм жишээтэй.

Саранцэцэг -

Одоо ерөөсөө дарга хүнийг харахад энэ ерөөсөө дарга л байна даа гэж харагдах уу, гадна төрхөөсөө?

Д.Зундуй -

За даа ер нь биш дээ. Одоо ер нь жишээлбэл засаг дарга л гэхэд л би сумын үүдэн дээр хааяа нэг алхаад очдог юм, гэлдрээд. Тэгээд л гарч ирээд л ...Сайн байна уу, Сайн сайн гээд л, өө тэгээд л тэнд суусан улсуудын дунд суучихаад л инээж хөхрөөд л, одоо ердийн хүн байдалтай л, тийм л чанартай дарга шив дээ, одоо.

Саранцэцэг -

Аа социализмын үеийн дарга ер нь ямар уу?

Д.Зундуй -

Аа тэрийг түрүүн ярьсан шүү дээ, миний хүү. Тэр дарга нар хүндэтгэлтэй. Тэд нар бол маш их хүндэтгэлтэй. Ард түмэн их хүндэлдэг. Одоогийн дарга нар ард түмний дотор хутгалдчихсан. Дарга нь аль юм, ард түмэн нь аль юм, гадны хүн ялгаж таних шинж алга/инээв/ Иймэрхүү л байгаа.

Саранцэцэг -

Социализмын үед чинь одоо дарга улсуудад хандаж байгаа жирийн улсууд ямар харьцаа гаргах уу?Дарга улсууддаа яаж хандах уу?

Д.Зундуй -

Аа тийм. Өө тэр хүсэл бодлоо яринаа. За дарга минь одоо би ингэж ийм байдалтай байна гэж. Хүсэл бодлоо ярина. Багийн дарга тэрнийг зөвийг нь зөвөөр, бурууг нь буруугаар тайлбарлаж өгнө. Сайхан засаж залруулж өгнө. Тийм.

Саранцэцэг -

Тэднүүс эрх мэдлээ яаж хэрэгжүүлэх үү?

Д.Зундуй -

Эрх мэдлээ хэрэглэнэ шүү дээ. Эрх мэдэлтэй байсан, үе тэр үед чинь багийн дарга. Буруу ажил хийсэн хүнийг багийн дотор буруушаана хөдөлмөрчдийн дунд, энэ ийм ажил хийчихсэн байна, энэ буруу гэж донгодож байна гэх мэтийн. Заа бас хөдөлмөр хийгээгүй тийм улсуудыг хөдөлмөрт албадан шахна. Албадан ажил хийлгэнэ. Хэдэн хоног тэр сумын төвийн эргэн тойрны тэр хашааны хогийг нь цэвэрлэ, тэр хашааны нурж барьсан юмыг нь янзал, жишээний ийм ажил. Тэр айлын хонины хашааг янзал, тийм худгийг янзал гэхмэтчлэнгийн тийм ажил хийлгэнэ. Хоногоор, 15 хоногоор, тэрнийг албадан ажил нэртэй тийм байсан. Тэрнийг тэр ажил хийх ёстой гэм буруутай болсон хүн тэрнийг 100% хийгээд, тэгээд нөгөө ажлаа хүлээнэ.

Саранцэцэг -

За социализмын үед ер нь шинэ техник технологи гэж ямар юм нэвтэрч байв, хөдөө аж ахуйн салбарт ялангуяа шинэ юм юу гарч ирж байв, өмнө байж байгаагүй?

Д.Зундуй -

Тийм, социализмын үеэс ер нь шинэ юм одоо малаар ярихад малын ашиг шимийг дээд зэргээр ашиглах, аа дээд зэргээр малаа таргалуулах, заа ..,

Саранцэцэг -

Тэр үүлдэр угсааг сайжруулах гэдэг юм явж л байж тээ?

Д.Зундуй -

Байсаан, тэр дээр үеэс эхлээд л байсан ш дээ. Одоо тэр шалгарсан хэсгийн худаг тавих жишээний тийм юмнууд хийж байсан. Хаана чанартай мал байна тэрнийг сольж авах юм уу, худалдаж авах юм уу, малын эцэг мал тавьж байсан, тийм байсан.

Саранцэцэг -

Газар тариалангийн салбарт шинэ техник юмнууд орж ирж байв уу?

Д.Зундуй -

Аа орж ирж байсан. Тэр чинь ганц хоёр нөгөө нэгдэл ., нэгдлээс өмнө ер нь техник байхгүй байсан шүү дээ, бүүр нэгдлээс өмнө. Заа нэгдэл гэхээр суманд нэг газар тариаланд байхгүй нэг ургамал тарина. Зөвхөн хэсэг нэг ойр зуурын газар. Тариа овьёос тарина гэх мэтийн юман дээр нэг ганцхан трактор, заа 2 ч юм уу, заа тэрнээс илүү юм байгаагүй ш дээ. Заа нөгөө нэртэй сүртэй сангийн аж ахуй газар тариалангийн байгууллагууд бол нэлээн техник трактор комбайн байсан л даа. Тэр бол нэлээн хэсэг байсан, тийм байгаа.

Саранцэцэг -

Тэр онгоц, вагон, радио, телевиз гэдэг юм чинь хэдийд анх яаж орж ирээд та тэрийг одоо хэзээ яаж эхлэв?

Д.Зундуй -

/инээв/ тэр одоо би мартчихаад байна. Хаа байсан юмаа, бүүр. 50-иад оны үед нэг “Эх орон-52” гэдэг том радио тийм, зайгаар ажилладаг, тийм радио л байсан. Багийн хуралд очиход л тийм радиог нэг хүн сумын төвөөс тэмээнд ачаад авчирдаг байсан, тийм. Тэгээд нөгөө багийн хуралд тэр радиог тавина. Нөгөө радиог сайхан сонсоно. Улсууд баярлана. Их сонирхдог байсан. Тэгэхэд тэр үеийн араажав /радио/ “Эх орон-52” гэдэг тийм араажав байсан. Заа тэрнээс бүүр урд цагт кино гэж байсан. Тэр үеийн кино дуу байхгүй ээ. Өнгө зүс байхгүй ээ, зүгээр нэг хар сүүдэр. Сүүдэр нэртэй ярьдаг шүү дээ. Аймгаас улсаас сүүдэр ирсэн гэнэ, сүүдэр үзнэ, сүүдэр үзэх гээд л, сумын төвд. Багд ч очиж чадахгүй тэр. Зөвхөн сумын төвд нэг сүүдэр ирнэ. Өө сүүдэр харна гээд л багачууд томчууд ч гэсэн чихэлдэж очоод л, нөгөө клуб дээр очоод л, тэгээд л зүгээр л нэг дуугүй хар сүүдэр.

Саранцэцэг -

Хажууд нь наана нь хүн тайлбарлаж өгөхгүй юм уу?

Д.Зундуй -

Тайлбарлаж өгч байна. Энэ шиг ийм дэлгэрэнгүй тайлбарлаж өгч чадахгүй ээ. Энэ болбол Лениний дүр, энэ бол тэрний дүр гээд л/инээв/тэрнийг л хэлэхээс биш нарийн тайлбар биш. Зүгээр нэг тойм тийм тайлбарлачихна. Тийм. Тэгээд тэр байтугай бүр анхны юм чинь мотор нь тэр киноны мотор тийшээ гадаа тавьчихсан байна. Одоо байшингийн ханан дээр гарна шүү дээ, тэр моторыг нь дээр нь нэг хүн суучихаад дээр нь, нэг хүн мордчихоод, нөгөө моторыг нь ингээд манивилыг нь ингээд эргүүлээд байсан. Тэгтэл гараад байдаг. Бүүр их дээр үед. Миний бүр бага байх үед. Дөнгөж л нэг ухаан ороод л кинонд гүйгээд байсан тийм л санагдаж байна. Би тэрнийг мартаагүй ээ. Тийм байсан. Эргүүлээд л, нөгөө хүн амьсгаа аваад, ингээд/инээв/ амьсгаа авах дээр чинь нөгөө зураг нь унтарчихна. Тэгээд амарч аваад нөгөөдхийгөө эргэх дээр чинь гарна. Зүгээр нэг хар сүүдэр, тийм. Тэгээд л тэрнээс л хөгжөөд л одоо ингээд болж байгаа юм. Одоо энэ сайхан хөгжил маань явж байнаа. Хөгжил ч явж байна, хүмүүсийн ухамсар ч явж байна. Заа яахав, байгаа юмны дотор саар ч юм бий, нааш ч юм бий. Тийм учраас саар нь наашлах нь ямаршуу болох нь уу, саар нь жаахан цөөрөөд, багадаад наашлах нь ихэдвэл болно шүү дээ,тийм. /инээв/

Саранцэцэг -

Гадаад улсууд ер нь хэр их байдаг байсан, Монголд. Одоо Зөвлөлтийн иргэдээс гадна өөр ямар орны иргэд ирдэг очдог юм уу, аль эсвэл амьдардаг байдаг юм уу, тийм байсан уу?

Д.Зундуй -

За тэрийг би яаж мэдэхэв дээ, тэр үеийнхэн чинь гадаадынхан гээд л дандаа л мэргэжилтэнгүүд мэргэжилтэн нэрээр л ирдэг байсан шүү дээ. Жишээлбэл нэг эмч хүн, оросын нэг мэргэжилтэй эмч, тариа будааны хөдөө аж ахуйн салбарт мэргэжилтэн, нөгөө эрлийз хонины мэргэжилтэн, эрлийз үхэрт нь мэргэжилтэн, тийм техникийн мэргэжилтэн, ийм ийм улсууд л байдаг шиг байдгийм. Заа бусад одоо жинхэнэ зүгээр сул тийм гааадынх байгаагүй. Одоо бол тийм хүн зөндөө байх шив дээ, тийм.

Саранцэцэг -

Хятад иргэд хэр их олон байв?

Д.Зундуй -

Заа хятад иргэд чинь ялангуяа манай Ховд аймаг дээр үеийн одоогоос 200 жилийн өмнө том хот байсан гэдэг. Ховд аймагт Хятадын нэг том хэд хэдэн пүүс байсан. Одоо хүртэл тэр.., одоо юу гэхийим дээ, компани гэхиймуу даа, тийм. Тэр үед чинь Ховд аймгийн.., аймгийн доохно талд нээх олон 3,4 тийм олон хаашаа хаашаа чухам хэдэн ч метр юм мэдэхгүй ээ, зөндөө их газар, за одоо эндээс бодвол одоо энэ төмөр зам хүртэл жишээний ийм талбайны газар хятадууд ногоо тарьдаг. Шийгуа тарина, янз бүрийн ногоо тарина, тэдний мэргэжилтэн хятадууд л байсан. Хааяа нэг хятадууд наймааныхан гээд ирдэг. Тэрэн дээр улсууд түүхий эд өгөөд хятадаас торго, дурдан мэтийн юмыг худалдаж авдаг. Хятадын тийм пүүс худалдаа монголд байсан. Ховд аймагт их байсан. Сүүлд нь хөгжлөө дагаад, хятад орон коммунист нам нь 1947 онд Хятадын коммунист нам нь мандсан шүү дээ. Тэр үеэс хойш монголд хятадууд цөөрөөд, одоо дахиад олон болчихсон юм байна ш дээ, хэнмэдэхэв дээ одоо ер нь. /инээв/

Саранцэцэг -

Тэр үед гадаад эд бараа олж авна гэдэг хэр их олдоцтой байсан бэ, монголчуудад? Гадаад эд бараа олж авъя гэвэл олж авч чаддаг байсан уу, социализмын үед ш дээ?

Д.Зундуй -

Чаддаг байсан, гэхдээ монголчууд маань тэгээд эдэлдэг хэрэглэдэг тийм элбэг дэлбэг амьдралтай байгаагүй. Цөөхөн тийм учраас цөөхөн хэсгийн тийм бараа авдаг шүү дээ. Жишээлбэл хувиар очиж Хятадын талпд очиж хувиар одоо хурганы арьс юм уу, ангийн арьс юм уу тийм юм аваачаад, худалдаад аваад ирдэг. Өөрийнхөө хэр хэмжээгээр. Энэн шиг ийм том машин тэргээр ачдаг, вагоноор ачдаг, тийм юм огт байгаагүй шүү дээ. Зүгээр нэг мориндоо ганзаглаад ирдэг жишээний. Тийм л юм байсан.

Саранцэцэг -

Монголчууд ер нь гадаад хүмсүүдтэй харилцахдаа хэр харилцаатай байдаг вэ?

Д.Зундуй -

/инээв/ Гайгүй л байсан байх даа. Тийм гайгүй л байсан.

Саранцэцэг -

Нэг их зөрчилдөөд зөрөлдөөд байдаг юм байдаггүй?

Д.Зундуй -

Аа тэр чинь нөгөө нөгөө л дайны хэсэг үеэр чинь нэлээн зөрчилдөөд хил булаацалдаад байсан шүү дээ. Тийм. Одоо манай Монголд жишээлбэл Ховд аймгийн нутагт ингээд 2 хүн тэврэхэд тэвэр нь хүрэхгүй улиаснууд байгаа. Хятадууд тарьсан гэдэг. Нэг гудамж дүүрэн тийм мод байгаа. Хятадууд тарьсан гэдэг. Тэгэхлээр тэр хятадууд тарьж, тэр хотыг барьж байгаа тэр үед ч хятадууд нэлээн ноёрхож байсан. Тэр үед нас барсан хятадуудын оршуулгууд хаана тавьсан байна, тэр оршуулгыг нь үзээд, жаран хэдэн оны үед 62,63 оны үед нэг хилийн нэг заагт асуудал болсон л доо. Манай монголын баруун хил дээр. Тэр үед байгаа тэрнээс урд нас барсан хүмүүсийнхээ оршуулгыг манай хилийн нутаг энүүгээр байсан манай хил гэж маргалдаж байсан удаа бий. Байсан тийм тал. Тэрийг нь тодорхой мэднэ. Заа тэрнээсээ хойш хилийн асуудлыг 2 улсын хилийн асуудлыг олон удаа хэлэлцэж, янзалсан л даа. Одоо болбол тийм юм байхгүй болсон. Тийм. Аа хятадын Гоминдан нам гэж байсан тэр үед чинь. Япон Хятад тэд нараас тэр намынхаа нэг үгээр хэлэхэд оргодлууд тэрнээс хавчигдаад гарсан хэсэг дээрэмчид нь одоо монголын хил рүү хэд хэдэн удаа довтлоод, одоо ингэж байсан. Одоо өнөө бараг зүүн хязгаар хүртэл одоо ер нь Япон хэд хэд довтлоод, монголын ард түмний эд хөрөнгийг дайрч олзлох, булаах, дээрэмдэх тийм ажлууд зөндөө хийгдсэн шүү дээ. Тэр 39 оноос хойш л тэр Халхголын дайн гэж байна, тэрнээс хойш л тиймэрхүү будлиан ер нь тасраагүй байсан, тийм ш дээ.

Саранцэцэг -

Баруун зүүн хилээр болбол ер нь үе үе тийм юм гараад л байдаг байсан уу?

Д.Зундуй -

.Үе үе тийм юм гараад амьтны мал хөрөнгийг дээрэмдэх, тийм юм зөндөө гарч байсан, тийм.

Саранцэцэг -

Тэр үед хилээр дандаа хүч зузаатгаж байсан уу?

Д.Зундуй -

Аа хүч зузаатгаад, тэр үеийн цэрэг чинь тэр үед цэргийн хүчийг хил хязгаараар их зузаатгаад, тэрний ач гавьяа нь л энэ хилийг.., хил тогтоож, тэр орж ирсэн этгээдийг хөөн гаргаж зайлуулсан. Тэр цэргийн хүчийг нэмэгдүүлж, зузаалсны ач холбогдол мөн ш дээ, тийм.

Саранцэцэг -

Таныг баруун хил дээр тэр 47 оны үед хил дээр байж байхад цэргүүдийн амьдрал ямархуу байдаг байсан бэ?

Д.Зундуй -

Цэргийн амьдрал муу байсан. Яагаад гэвэл гурил, будаа байхгүй ээ, бид чинь 47 оны 6 сарын 5-ны өдөр очоод, бид нараас өмнө 2 жилийн өмнө тэр дайсан этгээд Хужирт гол гэдэг дээр орж ирээд, зэгсээр гэр барьчихаад шар гэр бариад амьдарч байсан. Эргэн тойрон бүгд газрыг нь окоплоод, эзэмшиж авсан. Бид нар монголын зүгээс очоод нөгөө бүслэлтэнд анх орчихоо шахаад, тэгээд арай гэж тэрнээс гараад, тэгсэн шүү дээ. Тэгээд анх эхлээд тэр 6 сарын 5-ны өдөр, 6 сарын 4-ний өдөр, манай зүгээс Засгийн газраас шаардах бичиг өгсөн, тэр дээрэмчдэд. ...Монголын хилээс гараад өг, хилээс гар ...гэсэн шаардах бичиг. Тэр шаардах бичгийг тэр үед хил дээр ажиллаж байсан хилийн цэргийн группын гишүүн гэж нэг ард хүн байсан. Бадам гэдэг. Тэр ард хүн хятад хэл сайн мэддэг, газар сайн мэддэг, тийм одоо цэргийн туслах дарга гэсэн үг. Ард хүн байсан. Тэр хүнийг энхтайвны цагаан туг бариулаад, 2 цэргийг дагуулаад явсан. Тэр хүн нөгөө дайсан этгээд дээр очихдээр буу тулгаад, нөгөө хүнийг барьж аваад, 2 цэргийг нь хөөгөөд явуулан ...Чи тэр командалж явсан даргаа буу зэвсэггүй нэгийг нь дагуулаад ир...гэж нөгөө Бадамыг авчирч. За тэгээд 24 цаг хүлээсэн, нөгөө шаардах бичигний хариуг. Байхгүй. Хэрцгий байдлаар нөгөө Бадамыг алчихсан байсан. Хоёр хөлийг нь шатаагаад, хамгийн сүүлд нугаслаад алчихсан байсан. Оршуулгыг нь бид Нохой долоодгийн ус гэдэг газар авчирч тавьсан. Тэр оршуулганд нь би оролцсон. Тэр оршуулга одоо Ховд аймгийн Булган сумын төвд хөшөөг нь босгосон гэсэн. Нэхэн “баатар” авсан хүн шүү дээ, тэр. Өөрөө торгууд үндэстэн хүн. Тийм. Тэр тэгж байгаа үед чинь нөгөө 2 жил тэнд байрлаж байгаа үедээ тэр хавийн амьтны мал хөрөнгийг дандаа дээрэмддэг, булаадаг тийм байсан. Тийм их сүйрэл үзүүлж байсан. Тэр ямар дайсан бэ гэвэл Хятадын Гоминданы оргодлууд Османы дээрэмчидтэй нийлж аваад, тэр баруун хязгаарт байгаа Османы дээрэмчидтэй цуг нийлж аваад, үйлдэж байсан хэрэг тэр. Тэгээд л тэрнийг 300 өрх Османы дээрэмчдийн 300 өрх ирээд тусламж гуйгаад ирэхэд Монгол аваагүй. Би тэрэнд цуг явсан. Нэг 20-иод цэрэг. 300-аад өрх нүүгээд Шар хуст гэдэг газрын цаана ирээд буучихсан, 4 хүн ирж тусламж гуйсан, манайд ирж цэрэг.., хилийн шугамын харуулд баригдсан байхгүй юу. 4 хүн баригдсан. Тэр улсуудын өчиг нь тэр. ...Бид Монголд тусламж гуйгаад ирлээ, биднийг элсүүлж аваачээ гэж. .. Тэгэхэд манай Монгол аваагүй. Тэр чигтээ аваачаад Казахстанд нь буцаасан шүү дээ. тэр их тодорхой. Тэгээд яахав, Хятадын коммунист нам 47 онд болсон нам шүү дээ, тэгээд нам нь ч дийллээ. Аа хятадын Гоминданы цэрэг гэж байсан, Гоминдан нам гэж байсан, тэрний удирдлага нь Чанкаши гэдэг этгээд, Тайваны аралд очиж шингэсээн. Тэр Османы удирдагч Осман баатар гэдэг тэр этгээд бас л тэр Тайваны аралд очиж шингэсэн. Тэр Хятадын Гоминданы дарга Чанкаши тэр Османы Осман баатар нь хоёулаа тэнд очиж шингэсэн гэдэг. Ийм л яриа байдаг. Тэр үед биднийг цэрэг байхад. Улс төрийн ярианд тэгж ярьж байсан.

Саранцэцэг -

Тэр баруун хязгаарт Оросын улаан цэргээс ирж байсан уу?

Д.Зундуй -

Байгаагүй ээ. Улаан цэргээс байгаагүй. 45 оны 8 сарын 20-доор Япон Монголд дайн зарлалаа шүү дээ. Тэгэхэд дайн зарлачихаад Япон руу Хятадын цагаан хэрэм даваад, цаашаа даваад явж байх тэрүүхэн хооронд Япон буугаад өгчихсөн. Оросоос бас нэг хэдэн анги ирээд УБ-т ирээд урагшаа явж байхад тэрүүхэн хооронд Япон буугаад өгчихсөн. Тэгээд тэрэнд яахав, монголд байгаа орос цэргүүд оролцсон, тийм. 45 оны дайнд. Тэнд их буудалцаж их сүйд болоогүй байх. Өвөрмонгол тэр үед Хятадын ..Японы мэдэлд, Хятад Япон 2-н завсар ёстой үзээгүй юмаа үзээд хөөрхий, Өвөрмонгол тэгж ядарч зүдэрч байсан улс. Тэр юугаар нь болбол эрх чөлөөгөө эдэлсэн улс шүү дээ, Монгол чинь. Тэгж ярьдаг.

Саранцэцэг -

Тэр баруун хязгаараас цэрэгт одоо нэмэгдэл хүч гэж, цэрэгт татсан уу, хүмүүсийг?

Д.Зундуй -

Би тэгэхэд Ховд аймагт байсан. Татах гээд л тэгж байтал Япон буугаад өгчихсөн гэж, тийм. Тэгээд тэрнийг түр зогсоогоод баруун хил рүү аваад явсан. Энэ тулалдаанд. Тэгэхэд тулалдаан эхлээгүй байсан цаг. Тэгээд тэр 2 жилийн дараа баруун хилийн тулгаралт болсон,тийм болсон.

Саранцэцэг -

Заа их сайхан түүх сонслоо доо. Одоо би танаас хамгийн сүүлийнхээ асуултыг асуух гэж байна, тийм? Монголд ер нь оршуулгын зан үйл яаж явагдаж байсан бэ? Дээр үед оршуулгыг ямар журмаар яаж хийдэг байв, одоо ер нь яаж өөрчлөгдөөд байгаа юм болоо?

Д.Зундуй -

Заа оршуулга дээр үед янзк янз байсан шүү дээ. Жишээлбэл монголд олон овог үндэстэн байна, жишээлбэл дөрвөд, урианхай, тува гэх мэтийн. Монгол, халх гэх мэтийн. Тэр улсуудын зан заншил нь бас ондоо ондоо байсан юм шиг байдгийм. Жишээлбэл дөрвөд хүн гэхиймуу, оршуулгын хүнийг машинд ачиж байгаад, ачаад, оршуулгын газар аваачаад, машины давхилт дундуур түлхээд унагаачихаад явчихдаг. Эргэж харахгүй.

Саранцэцэг -

Гээчихдэг?

Д.Зундуй -

Гээчихдэг. За дөрвөдүүд тийм байналээ. Би 2 хэсэг газарт тийм юм үзсэн. Аа манай нутгийн Даянгийн нуурын эхэнд нэг сайхан рашаан байдаг, тэр рашаанд уудаг рашаан ордог рашаанд. Тэр рашаанд очиж байсан улсуудаас нэг хүн Увс аймгийн нэг хүн дөрвөд хүн л дээ. Тэр хүн тэр хаднаас ойчсон. Ойчоод нас барчихсан. Тэр хүнийг тэмээнд ачаад бас л оршуулгын газар аваачаад, дөхөж очоод л тэмээгээ бушуухан хэвтүүлээд л, түлхээд унагаачихаад л явж байсан. Жишээлбэл одоо сүүлийн үед тийм байгаагүй ээ, бүүр дээр үеийн юмыг ярьж байгаа юм шүү дээ, тийм. Заа манайхны дийлэнх хэсэг манайхан ямар байсан бэ гэвэл хүний оршуулгыг ингээд хагас ингээд бэлдээд, хоёр хөлийг нь дээш нь 2 гарыг нь ингэж баруун талын гарыг нь шанааг нь түшүүлээд оршуулдаг байсан. Заа номоор, зөвхөн тэр хүнийг ямар юмаар ороох нь уу, улаанаар юм уу цагаанаар юм уу, хөхөөр юм уу, ялангуяа л хөхөөр ороодог байсан. Газар болбол хөх ногоон өнгөтэй юм, тэрний ньь өнгийг нь дагуулах ухааны юм, заа лам гэлэн сахилтай хүнийг бол улаан жишээний тиймэрхүү байсан. Заа тийм их нүхэлж газар хайрцаг саванд хийхгүй ээ, зүгээр сул аваачаад нэг газар аваачаад саяны миний хэлдгээр ингээд нөгөө даавуунд ороогоод, ингээд л оршуулдаг байсан.Тэгээд л нэг сан тавиад л явчихдаг, тийм л байсан. Одоо болбол хайрцаг саванд хийнэ, газар ухна, тэгэх юм байна ш дээ. Тэгээд тэрнийгээ бүр нарийн ярихад зарим улсуудыг оршуулчихаад буцааж ирж явахдаа тас шувуу гэж шувуу бий. Том шувуу. Тэр шувуу тэр улсуудыг очихоос урд одоо харингуут нөгөө шувуу ирээд зад татаад, тараагаад хаячихдаг. Тэр их сайн тавилантай хүн байна гэж. Заа бүтэн чигээрээ 2 жил 3 жил ч хэвтдэг гэнээ, амьтан хүн одоо миний эцэг миний энэ одоо ямаршуу тавилантай байна гэж эргээд очоод үзэхэд нэг ч шороо нь хөдлөөгүй ингээд байсан оршуулга болбол аа энэ муу тавилантай хүн байна гэж. Ялангуяа хөл талаасаа хулгана ч юм уу, нэг юм ингээд цоолоод, ингээд жаахан задалсан маягтай тийм байвал аа энэ гайгүй энэ хүний сүнс болбол яваад өгсөн байна гэж хэлдэг. За тас шувуу буусан байна гэвэл ёстой сайн буянтай хүн байна, ингэж ярьдаг байсан гэдэг/инээв/. Одоогийн оршуулга болбол сайн. Тийм. Гэхдээ бас газрын өнгөн дээр их хашаа мод цемент босгоод, тэгж тавих нь бас л эвгүй юм шиг л санагдах юм даа. Харин газрын өнгөтэйгээ адилхан, хайрцаг майрцаг нь ч яахав болох юм байгаа биз, газрын хөрстэйгээ адилхан хайрцгаа хийгээд л, өнгөтэйгээ адилхан ингээд хийчихдээр чинь өнгөн шорооноос өвс гарна, ургамал гарна,эцэстээ болбол тэр мэдэгдэхгүй зүгээр нэг л газар болно. Нөгөө их юм босгочихдээр чинь бас эвгүй юм шиг л байдгийм./инээв/

Саранцэцэг -

Одоо болбол чандарладаг энэ тэр болчихсон л байна?

Д.Зундуй -

Тийм.

Саранцэцэг -

Заа таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа, сайхан эмчилгээгээ хийлгүүлээд, сайн болоод гараарай. За танд эрүүл энхийг хүсье.

Д.Зундуй -

Заа.Ерөөл орших болтугай, миний хүү.

Саранцэцэг -

Заа баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.