Jadvaa
![](../assets/images/interviewees/990304.jpg)
Basic information
Interviewee ID: 990304
Name: Jadvaa
Parent's name: Gaanjuur
Ovog: Hariad
Sex: m
Year of Birth: 1940
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Shine-Ider sum, Hövsgöl aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
privatization
democracy
work
funerals
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
foreign relations
technology
collectivization
member of collective
work - labor
team
power
authority
boss - worker relations
democracy
privatization
funeral ritual
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
Заа сайн байна уу?
Жадваа -
Сайн сайн байна уу?
Саранцэцэг -
Өмнөх ярилцлагаа үргэлжлүүлье. Одоо би танаас нэгдэлжих хөдөлгөөний талаар асууя, ер нь одоо яаж нэгдэлжиж байваа монголчууд, хувь хүн нэгдлийн гишүүн болж байхад ямар журмаар болж байв, тухайн үед мал нийгэмчилж байх үед хүмсүүд мал нуудаг байсан гэж та сонсч байв уу, ер нь нэгдэлжих хөдөлгөөний талаар хэр их өргөн ярьж сурталчилдаг байв ?
Жадваа -
Заа тухайн үед одоо 1957 онд Шинэ-идэр суманд анхны нэгдэл байгуулж байсан.. Энд 7-хон хүн анхны нэгдлийн гишүүн болсон юм гэнэлээ. Тэрний нэг нь манай аав юм байгаам, тэгээд тэр яасан б гэхлээр нэгдлийн гишүүнд оруулахын тулд аа мал өгөөд малыг нь малладаг байлаа. Манай аавд мал гээд өгөөд байх малгүй байлаа, тодорхой тооны мал янз бүрээр тэр малын их багаас нь тохируулж мал өгдөг байсан юм шиг байгаам. 30 төгрөг билүү хэдэн төгрөг билээ хэдэн төгрөг өгдөг байсан юм билээ, нэгдэлд элсэхийн тулд юу.., өргөдөл гаргадаг байлаа. Тийм. Манай аав өргөдлөө нутгийнхаа нэг хүнээр бичүүлсэн юм гэнэлээ. Тэгээд тэр нэгдлийг анх байгуулахад нэгдлийн зөвлөл ч гэх юмуу даа, нэгдлийг анх байгуулж байгаа 3-хан хүн байсан гэдгийм. Тэгээд тэнд өргөдөл өгөөд тэгээд нэгдлийн 7 гишүүний нэг болсийм. Тэгээд яахав аавыг тэр туслах үйлдвэрийн бүх ажлыг хариуцна, чулуу ч кубэлдэг, тоосгыг нь ч цохьдог, бааюуг нь ч өрдөг, тэгээд л одоо тэр л одоо туслах үйлдвэр дээр өөрөөр хэлбэл тэгж барьж одоо нэгдлийн суурийг тавихад тэгж тавилцсан. Өөрөөр хэлбэл нэгдлийн сумын төвийг анхны сумын төвийг барихад артель гэж байсан, артелийн 32 оны юунаас уламжилж ирсэн эсгий тоорцог хийдэг артелийн хажууд нэгдэл гэж малжих хөдөлгөөнөөс үүссэн нэгдэл гэж байгуулагдсан юм. Аа тэр артел бол тусдаа юм, тэр нь бол мод мужаан тоорцог, эсгий гутал, одоо артелийн одоо бол үйлдвэр хоршоолын анхны шав нь. Тэгээд манай аав нэгдэлд ороод тэр өвлөө дан чулуу хийсэн, хойтон жилээ тоосго зөөсөн, тэгээд анхны конторын суурийг тавилцсан. Тийм. Тэгээд тухайн үедээ мал идээ өгөх нь мал идээ өгөөд нэгдлийн малыг тусад нь хариулдаг, тусгай малчин гардаг, нэг их цөөхөн малтай байсан л гэж ярьдгийм. Тэгээд жилээс жилд овоо нэгдээд сүүлдээ Шинэ-идэрт 3 нэгдэл байгуулсан, 3 өөр хүн санаачлаад. 3 нэгдэл байсан. Сүүлдээ бүр дээр үеийн хэлдгээр дов жалганы нэгдэл нь сүүлдээ нэгдсэн юм. Тэгээд 59 онд нэгдэхэд манай аймгийн нэгдлийн анхны даргаар Сэтэв гэж одоо наян хэдэн настай өвгөн бий. Тэр байсан, нягтлан бодохоор нь Жадамбаа гэж хүн томилогдож байсан юм гэнэлээ. Тийм тэгээд тэр үеийн нэгдэл бол тэрнээсээ улбаатай анх байгуулагдсан. Малыг нь бол одоо яахав тодорхой хувь тогтоогоод өгчихсөн, заа баян айлаас бол овоо хэдэн мал авдаг, малгүй айлаас бол нэг хэдэн төгрөг, өөрийн биеийг нь үнэлүүлж авдаг. Аа тэгээд бас гишүүний хурлаар гишүүнээр авах авахгүйг нь бас нэлээн дэг журамтай, хэрэг төвөгт орсон хүнийг авахгүй гэдэг, аа сахилгагүй зодоон нүдэээн хийдэг хүнийг авахгүй гэдэг, аа тэгээд хурлаар тэр өргөдөл дээрээ бүх юмаа бичнэ, аа би тэдэн онд тэгсэн, тийм малтай байсан, одоо тэдэн малтай, тэчнээн ам бүл ийм ийм гээд л. Одоо гишүүнээр ганцаараа элсэх гэр бүлээрээ элсэх гэж байсан юм гэнэлээ. Манай ээж бол сүүлд элссэн юм гэсэн, ээж элсээд нэг их гавьяа хийгээгүй юм гэсэн. Манай аав л ганцаараа зүтгээд нэгдлийн гишүүн гэдгээрээ явсан. Тэгж явж одоо нэгдлийн ууган гишүүний үнэмлэх авч байсан хүн. Тийм нэгдэлжих хөдөлгөөн бол улс даяар өрнөөд, жижиг нэгдлүүд нийлээд томроод тэгээд аймгийн сум бүрд чинь жижиг нэгдлүүд чинь нэгдээд сумын суурин контор нэгдлийн контор монтор нэгдлийн байгууллага, нэгдлийн склад, нэгдлийн аж ахуй гээд л одоо бүх л юм нь байгууллага болж ирээд тэрнээсээ үндэслээд нэгдэл маань сургуулийн түлээ түлшийг нь хангадаг, артелийн мод түлээ түлшийг нь зөөж өгдөг, ингээд одоо нэгдэл маань одоо мал хөсөгтэй болж ингэж өргөжиж хөгжсөн юм билээ. Би тэгэхэд чинь одоо нялх байсан болохдээр бас сайн мэдэхгүй юм. Тэгэхдээ манай аавын ярьдгаар бол тийм л байсан, тэгж одоо тэр одоо нэгдлийн нэрийн өмнөөс одоо анд нь явдаг, тэр туслах аж ахуйн муу юмыг нь бүгдийг нь хийдэг л тийм л байсан юм байналээ. Мал идээ өгч чадаагүй учраас. Тийм. Аа тэгээд тэр хөдөлмөр өдрийн хөлс 50 төгрөг 60 төгрөг авлаа л гэж ярьдаг байсан. Тэр одоо хийсэн ажлаар нь үнэлж өгдөг, мал идээ малласанд нь ноос үсний үнийг нь бодож өгдөг, тийм байсан л юм гэнэлээ. Манайх болбол барилгын ажил хийж байсан болохоор тэрэнд нь тохирсон хөлс өгдөг л байсан. Заа зарим жил нэгдэл хөдөлмөр өдрийн хөлс бодож өгч байна гээд хөдөлмөрийн хөлсний чинь 75 %-д нь юм бодож өгдөг, 25 % нь нэгдэлдээ үлддэг. Одоо 100 төгрөгний хөдөлмөрийн хөлс гарлаа гэж бодоход 75-г нь өгөөд 30-г нь нэгдлийнхээ дансанд үлддэг. Зарим жил тос мос, өрөм, цагаа, ааруул мааруул өгдөг хөдөлмөрийн хөлсөнд бодож өгч байна гэж. Тийм. өөрөөр хэлбэл биет бүтээгдхүүн, одоо бараг хүй нэгдлийн үеийн шахуу юм даа, бараг шахуу. Тэгж анх өгч байсан. Биет бүтээгдхүүн их өгдөг байсан шүү. Тийм. Тэр бол одоо бас нэгдлийнхээ хүчин чадлаас л болдог байсан байх. Тэгсээр байгаад нэгдэл чинь одоо хөгжиж нэгдлийн гишүүнд сумын улсууд орно. Ер нь ядуу улсууд юм хум өгдөг болохдээр чинь сургуулийн хүүхдийн хоолыг нь нэгдэл даагаад эхлэхдээр зэрэг сургуульд хүүхдээ сургахын тулд жаахан амьдрал ядуу малчин эд нар чинь бол одоо нэгдэд их элссэн. Баячууд тунаж хоцорно. Дургүй. Малаа хураалгахыг юунд бодохов дээ, тэгээд сүүлийн үед 59 онд чинь нэгдэлжих хөдөлгөөн улс даяар өрнөөд бүх юмыг нэгдлийн болгож, хүчээр ер нь тэгээд цөөхөн үлдэхээр чинь тэгээд бэлчээрээ хүртэл шахуулж байгаа юм чинь, тийм. Бэлчээрээсээ шахуулна. Тэр дааж давахгүй түлээ түлш, сумын захиргаанаас ноос үс, сүүн төлөвлөгөөний ноос үс их одоо нэгдлээс гадна, нөгөө хувийн малчинд чинь баян малчинд чинь ноосны даалгавар өгнө, ноолуурын даалгавар өгнө, ноос үсний даалгавар арьс үсний даалгавар өгнө. Түлээ түлш түүх даалгавар өгнө. Тэр чинь ачаалал маш их болно. Ингээд ирэхдээр тал талаас нэгдлийн шахалтанд ордог юм уу, яадаг юм. Ингээд нэгдэлжих хөдөлгөөн болсон. Ингээд 59 оны малын тооллогын үед манай нутаг тэр Цохиотоос маш их сарлагтай, одоо энэ Ширэндэв Академийн ерөнхийлөгч одоо байна ш дээ, Балдангийн Ширэндэв тэрний нутгийн хүн Цохиотын нэг баян айл байсан. Тэр манайхан л улсууд л тэгж ярьдгийм үнэн ч байх, өнөө нэгдэлжих хөдөлгөөн болоод тэгээд сумын комисс 3 удаа очиж байж малыг нь хүлээж авч байсан гэж, малаа ойртуулж өгдөггүй, олж өгдөггүй, хичнээн ч олон малтай ч байсан юм, юу ч байсан юм, баян хүн чинь одоо. Тэгээд малыг нь тоолоод өгсөн хойно нь аль тэр 40, 50-иад км-ийн цаанаас бүүр тэр 20-иод хоногийн дараа баахан үхэр нь илэрсэн гэдгийм. Одоо Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас, тийш нь аваачаад тууж аваачаад яагаад ч өгчихсөн байдаг юм, тэгээд таньдаг маньдаг юмандаа л тавьчихаа биз. Тэгээд тэр жил нэгдлийн тооллого тэр жил зөрүүлээ биз. Тэр Завханы Тосонцэнгэл Шинэ-идэр хоёр уулын ар өвөр хоёр юм, тэр нэг даваа давуулаад л Тосон луу оруулахад модон дотор тэр олдохгүй тэр. Олдохгүй л дээ. Тэр чинь юу билээ, тэр баяных чинь сургуулийн үхрээр түлээ зөөхөд чинь их олон хайнагийн шартай, сарлаган шартай, тэгээд тэрэндээ ачна. Тэгэхэд чинь албан ёсны тоо бишээ, 100-аад үхэр 100-аад адуу илрүүлж байсан гэж нөгөө тэр Тосонцэнгэлээс. Гэтэл нутагтаа ямар юмны даваанд гэлээ, баахан морьдоо яачихсан нуучихсан байсан. Тэгээд нутгийнхан нь илрүүлсэн тэрнийг. Нутгийнхан нь тэднийд тийм морь байдаг, ийм морь байдаг гээд, мэддэг. Тэгээд тооны үеэр хөөж ирж байсан гэж. Тэгээд тэр баяных сүүлдээ малаа нэлээн их өгсөн гэсээн, сүүлдээ малгүй болсон л гэж дуулдсан. Байдаг малаа өгөөд, сүүлдээ мал нь өөрөө зуданд яагаад тэр чинь одоо нэгдлийн мал чинь улсаас тэжээлээр хангана, хувийн малнууд нь тэжээлээр хангахгүй, ингээд одоо шахалт юм дөө. Тийм шахалт юм.
Саранцэцэг -
Нэгдлийн гишүүд чинь хамтын хүчээр юмаа хийдэг?
Жадваа -
Тийм, хамтаараа хийчихнэ. Хадлан тариа бэлчээрээ хамтаараа хийчихнэ. Түлээ түлшээ хамтаараа хийчихнэ. Тэр чинь ганцаараа л зүтгэнэ, хэдэн малтайгаа л зүтгэнэ.Ингэж яваад 1999, 2000 оны одоо ХАА-н нэгдлийг тараах ардчилсан хөдөлгөөн гарч ирж тарлаа шүү дээ, нэгдлийг чинь. Баахан компани гарч, баахан компаниудын нэр дов болгон, газар тариаланг хүртэл тийм болгосон ш дээ. Газар тариалан чинь одоо нэг САА чинь 20,30 компани боллоо. Компани гэдэг нь л юу гэхээр нэг 100000 га-тай, нэг 10 трактортой, нэг даргатай, 3,4 хүн. Тэрнээс бол хуучин 40,50 трактортой,100-аад трактортой, САА байлаа. САА чинь хэдэн зуун компани боллоо. Тэрэнтэй адилхан нэгдлүүд бригад бригадаараа компани болчихсон юм, тэгээд хувьчлагдсан. Ингээд мал хувьд очсон. Одоо тэгээд нэгдлийн мал маань яахав, хувьд очоод нэг хэсэг нь баячууд гараад нэг хэсэг нь малгүй ард гараад ийм л болсон.
Саранцэцэг -
Хувьчлалыг анх яаж зарласан?
Жадваа -
Хувьчлалыг бол одоо шууд л, дээрээс засгийн газраас шууд л зарлаад л комисс гараад л шууд шийдээд явчихсан ш дээ. Сум суманд л комисс гараад л, аймгийн комисс ирээд л, аймгийн комисс нь суманд гараад л, сумын комисс нь бүгдийг нь гаргаад л, малыг нь тоолоод л, тэгэхэд чинь баяжчихсан жаахан малтай улсууд нь нэгдлийн дарга нар чинь малаа нуух гэж оролдно шүү дээ. Тийм, нэгдэлдээ үлдээх гээд л, тодорхой хувийг нь нэгдэлдээ үлдээнэ, нэгдлийн дарга нар тэгээд л нэгдлийн дарга нар хэсэг малыг нь авна, нэг компани болно, нэгдлийн нягтлан бодох нэг, нэгдлийн зоотехник нэг, нэгдлийн малын эмч нэг, хуучин одоо байсан нэгдлийн 20-иод албан тушаал чинь 20-иод компани болоод л гараад явчихна. 20-иод юунд мал малыг нь айлд нь тоолж өгөөд л, тэр малуудыг нь аваачаад уул нь суурь болгох ёстой юм. Тэгэхгүй тэгээд хувь хуьд нь өгчихсөн. Тэгээд хувьцаагаар голдуу малыг нь өгчихсөн шүү. Яагаав нэг ягаан тасалбар гараагүй юу дээ, тэрүүгээр л өгчихсөн. Тэрүүгээр чинь л малуудыг чинь баахан худалдчихсан ш дээ. Тэгээд л сум суманд өгөөд л конторын дарга нарт хүртэл хувьцааг. Тэгээд сэргэлэндүү дарга нар ингээд ядуу айлынхаа хүүхэд багачуулын хувьцааг нэр нэрээр нь аваад л, тэрнийхээ тоогоор малаа авчихдаг. Таньдаг улсаасаа хувьцааг нь бөөгнүүлж аваад л, үйлдвэрийн ажилчдын хувьцаануудыг аваад л одоо энэ УБ хотын аж үйлдвэрийн комбинатыг чинь тэгсэн ш дээ. Энэ хэдэн том баячууд чинь өнөө ажилчдын хувьцааг аваад л, тэгээд л үйлдвэрийг худалдаад авчихсан ш дээ. Тэрүүнтэй адилхан ХАА-н нэгдлийн гишүүдийнхээ хэдэн таньдаг ах дүүгийнхээ хувьцааг аваад л тэгээд л хэсэг малыг нь авчихгүй юу, нэгдлийн дарга. Нэгдлийн нягтлан бодох. Одоо ингээд л нэг багт чинь ах дүү зөндөө байгаа ш дээ. Танил өрийнхөө талд орохыгоо аваад л, тэгээд л хувьцаагаар малыг нь бөөн бөөнөөр нь авчихсан. Тэгээд л тоолоод л тоолоод л хувьцаагаар тараагаад өгчихсөн ш дээ.
Саранцэцэг -
Нэгдэлд малаа нийгэмчлүүлж байсан айлууд буцаад юм олж авч чадсан уу?
Жадваа -
Заа даа ер нь хувьцаагаар явчихсан болохоор хувьцаатай ганц хоёр нь нэг жаахан юм үлдсэн нь үлдсэн л байх. Зарим нь хувьцаагаа юугаа ч мэдэхгүй, тэгээд эзэн нь тараагаад юу ч үгүй болсон улс их байсан ш дээ. Тэр ягаан тасалбарыг чинь тэр дор нь малыг нь хувьчлаагүй ш дээ. 2 жилийн дараа яасан учраас зарим нь одоо их сэргэлэнгүүд нь хотынхон чинь ирээд л, хувьцаа 3000 төгрөгөөр хураагаад л аваад л аваад л явчихсан ш дээ. 3000 төгрөг л байсан ш дээ. Конторын албан хаагч малгүй улсууд чинь дан тэгээд алдсан ш дээ. Зарим сэргэлэн нь тэгээд ах дүүгийнхээ хувьцааг аваад малтай болчихсон
Саранцэцэг -
Аа тэр бусдаасаа илүү өмч эзэмшиж гарч ирсэн улсууд бол ямар ч байсан танил харсан?
Жадваа -
Өө тэр байлгүй яахав,
Саранцэцэг -
Ер нь албан тушаал, эрх мэдэл нөлөөлж л..,?
Жадваа -
Тийм. Би тийм юм зохион байгуулна, би тийм юм хангана гээд л. Тэгээд тэр хувьцаануудыг чинь цөмийг нь цуглуулж аваад л тэгээд л аваад явчихдаг байсан даа. Ер нь бол тэр ягаан тасалбараар л одоо үйлдвэрийн газар ч ялгаагүй тийм л болсон ш дээ. Тэгсэн. Одоо энэ ЖЕНКО-гийн Баттулга чинь бага хувьцаа л эзэмшсэн хүн шүү дээ. Энэ бол аж үйлдвэрийн комбинатыг хэдэн мянган ажилчин байсан юм, энэ гурилын комбинатын хэдэн мянган ажилчин байсан юм тухайн үед, 1000 ажилчид байгаа ш дээ. Нэг айлын 1000 хувьцаа гэдэг чинь сүйд хийнэ ш дээ.Түүнтэй адилхан ХАА-н нэгдлийг чинь хувьцаагаар аваачаад л ягаан, хөх тасалбараар чинь малыг чинь бөөн бөөнөөр нь хэдхээн хүний гарт л тэгээд л өгчихсөн ш дээ.
Саранцэцэг -
Ер нь хүйсийн ялгаатай нөлөөлсөн юм бий юу, хувьчлалд?
Жадваа -
Жаахан хүйсийн ялгаа эмэгтэйд жаахан юм хуваарилахдаа социализмын үед жаахан муухан байсан шүү дээ,тийм. Өрхийн тэргүүн гэж ярихаас биш. Эмэгтэй улс өрхийн эмэгтэй тэргүүлэгч гэж ярихаасаа илүү том хүүгээрээ нэрлэх дуртай байдаг ш дээ. Тэгж ч бай гэж угаасаа хуулиндаа байлаа ш дээ. Өрхийн тэргүүнийг нь том хүүгээр нь нэрлэж явдаг. Эрэгтэй хүнээр тиймээ. Тийм. Энэ бол хүйсийн ялгаа шүү дээ.
Саранцэцэг -
90-ээд онд ардчилсан хөдөлгөөн гарч байх үед нийтлэг хүмсүүд ардчиллаас юу илүү их ардчиллаас хүлээж хүсч байсан юм бол, тэр ардчилсан хөдөлгөөнд оролцож байгаа улсуудын оролцоо ер нь эрэгтэй эмэгтэй улсуудын оролцоо адил тэгш байв уу, аль нэг нь илүү оролцоотой байв уу?
Жадваа -
Би бол ардчилсан хөдөлгөөнд Дундговьд байхдаа харж байсаан. Дундговьд ардчилсан хөдөлгөөний үеэр хотоос нэг хүн ирээд хотоос голдуу Дундговьд энэ Сосорбарам очиж байсан юм, энэ юуны., яагаав гавьяат. Баянхонгорынх тийм. Тэр очиж байсан юм. Аа Наранцацралт очиж байсан юм, нас барчихсан л даа. Тэр Дундговийнх. Тэд чинь л ах дүүгээрээ цуглуулаад л аа ардчилал хөрөнгөтэй болгоно, мөнгөтэй болгоно, амьдралыг нь өөдтэй болгоно, эрх чөлөөтэй болгоно, хамгийн их ярьдаг нь л эрх чөлөөтэй болгоно гэдэг, эрх чөлөөтэй болгоно, дарангуйлсан юунаас чөлөөтэй болгоно, МАХН-аас коммунистуудаас чөлөөлнө. Тийм одоо захиргаадалтгүй болно. Хүн болгон дураараа туйлдаг болно. Ер нь л одоо ард түмэн тэнд болбол их хүсээгүй. Би одоо бүр тодорхой жишээ хэлэхэд Дундговийн тэр Отгонбаатар гэж ардчилсан юуг анх Дундговьд санаачилсан хүний нэг юм байгаа юм. тэр нь юу гэхлээр Өндөршил сумын хойно Москвад философийн анги төгссөн, Өндөршил сумын нийгмийн ухааны багш байсан хүн. Тэгээд аав ээж нь бол тэр Ховдод байсан малчин, тийм хүн байсан. Тэр бол тэгээд л өдөр шөнөгүй л суртал ухуулга хийсээр байгаад л, тэгээд л ах дүүгээрээ хамгийн түрүүнд Дундговьд ардчилсан холбооны суурийг тавьж эхэлсэн. Тэгээд тэр Хүүхэнбаатар эд нар нийлээд л хэсэг улсууд нийлсээр байгаад л сүүлдээ хотоос бол тэр Сосорбарам очиж байсан, Наранцацралт очиж байсан, энэ 2 л очиж байсан юм, ер нь бол. Хамгийн гол нь. Отгонбаяр энэ 3. Тэнд очоод л радиогоор телевизээр байнга ярьдаг. Энд бол тэр мэдэж байгаа юу бол өрхийн тэргүүлэгчдийг хамгийн түрүүнд бүртгэж авдаг. Тэгээд өрхийн тэргүүлэгчийг нь бүртгээд авахад хүүхэн нь дагалгүй яахав гээд. Ийм утгатай байсан. Ийм учраас тэнд очиж ёстой ядарсан нэгд нь янз бүрийн юм амална, янз бүрийн юм өгнө. Мөнгө төгрөг л өгч байсан дөө. Өгч байна гэж ярьдаг л байсан, би авч үзээ ч үгүй. Бид нараас бол аль болох л нууц л даа тэр чинь биднээс. Нөгөө талаа их муулна. Тэгээд энэнд бол ард түмэн бол нэг хэсэг их итгэсэн. Тэгэхдээ ганцхан удаа манайхны жаахан боловсрол жаахан дутсаных байдаг байх. Эрх чөлөөтэй болно гэхээр л одоо нэг дураараа байх, хөрөнгө мөнгөтэй болгоно гэхээр бүх хүн л одоо баян болох юм гэж, энэ 2 ойлголтоор л бүх юм явсан. Ягаан тасалбараар бүгдийг нь хөрөнгөжүүлнэ гэсэн. Тэр уриа чинь л гол нөлөө болж өгсөн гэж би боддогийм.
Саранцэцэг -
Та болбол удирдах ажил хийж явсан хүн, ер нь эрх мэдэлтэй дарга улсууд доод тушаалын улсуудтай ямар харьцаатай байсан бэ?
Жадваа -
Би түрүүн нэг хэлж байсан. надыг бол одоо хүн их хатуу шаардлагатай, өгсөн үүргээ заавал эргэж тооцдог.Би бол хүнд өгсөн үүргээ заавал бичиж өгдөг. Ажилтандаа ч ялгаагүй. Албан хаагч дарга цэрэгтэй ярьж байсан дан тэмдэглэж авдаг. Над бол одоо 30,40 жил ажилласан тэмдэглэл, өдрийн тэмдэглэл хүртэл байж байдгийм. Энэнээс болоод надыг бол их хатуу гэдэг байсан. Юм хялайлгахдаа их дургүй. Одоо хүний амьдрал ахуй харахдаа муу л гэсэн ийм л утгатай байдаг байсан байх. Харин би нэг хүнийг аваад авсан хүнээ халах дургүй гэж хэлдэг. Аа авахын тулд шалгуур их өндөр тавьдаг. Авсан хүнээ яаж байсан ч халахгүй байхын төлөө тэмүүлдэг. Тийм учраас би Сэлэнгэ аймагт байсан ч санхүүгийн хэлтэст ажилаж байсан улсууд бий. Анх орсноос гаран гартлаа нэг ч улс гараагүй. Зөвхөн насны тэтгэвэрт гарсан ганц хоёр улсууд бий. Өөр аймаг руу амраг садан хань ижил нь шилжээд явсан улсууд байдаг. Тэрнээс биш ажил төрөлд тэнцэхгүй гээд халж барьсан хүн байхгүй, Дундговьд 30-аад жил ажиллаж байхад. Нэг хүн харин гэмт хэрэг хийсэн, шоронд явуулсан. Энэ харин халсан болсон байх. Нэг хүүхэн бас хэрэг хийгээд мөнгө ашиглаад, урд ч одоо юу шүү дээ, 50 төгрөг дутахад л ажлаас гарна шүү дээ. Касс шалгаад л 50 төгрөг дутахад л 50 төгрөгөө одоо даргын зөвшөөрөлгүй авсан байхад л, 50 төгрөг чинь л одоо тэгээд л гарч байлаа ш дээ. Тийм мөнгөний асуудлаар бол хэд хэдэн хүн гарсан. Тийм учраас бол надыг бол хатуу л гэж ярьдаг байсан. Ярьдаг байсан гэж Жаа дарга нэг хэлсэндээ хүрнэ, өгсөн үүргээ биелүүлэхгүй бол урдаас нь очоод ч хэрэг байхгүй гэдэг л байсан юм гэнэлээ. Тийм учраас надад бол одоо бол олон жил хамт ажилласан нэг ч ажлаас гараагүй тийм улсууд бол тэгж л ярьдаг юм. Их хатуу л байсан гэж ярьдгийм, хэнмэдэхэв, тэр Аварзэд хөдөлмөрийн баатрын хэлдгээр тэр бас үнэнтэй л байх. Тэр хэлсэн үг ортой л байсан байх.
Саранцэцэг -
Эрх мэдэлтэй улсууд эрх мэдлээ яаж хэрэгжүүлж байсан, ер нь дарга улсуудад хандаж байгаа жирийн доод улсуудын харьцаа ямархуу байдаг байсан бэ?
Жадваа -
Үгүй ээ ер нь манайханд бол би одоо ер нь ингэдэг л байсан дөө. Ажлын арга барил ч байсан байх. Хүний ажлыг бол заавал сар болгон ажлыг нь дүгнэнэ. Аа тэр дүгнэсэн ажлынхаа алдаа дутагдлыг сар бүр өөрсдөөр нь яриулна. Алдаа дутагдлаа өөрснөө яриад, би ямар алдаатай байна, та нар ижил байна уу, миний алдаа дутагдлыг хэлж өг гэж тэгдэг байсан ч хүн бий. Арай хатуу шаардлага тавьж байна, арай хатуудаж байна гэж хэлдэг ч хүн байсан. Ийм учраас би хатуу байсан гэдэгтээ санал нэг байдаг. Хатуу гэдэг нь хариуцлагатайгаа л холбогддог байх. Тийм учраас надыг бол одоо ийм тийм гэж одоо тэгж яалаа ийлээ гээд матсан барьсан юм бол над намын хороо гүйцэтгэх захиргаанд дээд газар сонин хэвлэлд одоо гараагүй гэж хэлж болно.
Саранцэцэг -
Та ер нь цалин мөнгө ямар хэмжээтэй авдаг байсан бэ?
Жадваа -
Одоо яахав дээ, анх би 1960 онд 450 төгрөгний цалинтай хянан шалгалтын ахлах байцаагч хийж байхад тэгээд 600 болгосон. Үгүй 500 болгосон. Тэгээд тэрүүнтэйгээ байж байгаад их сургуульд ирсэн. Их сургууль төгсч ирээд 750 даатгалын ажил хариуцсантайгаа 850 төгрөгний цалинтай байлаа.
Саранцэцэг -
Таны амьдралд хүрч байв уу?
Жадваа -
Үгүй ээ яахвээ, болоод л байсан. Сургуульд 1900 оны сүүл үед 950 төгрөгний цалинтай болсон. Тэгээд яамнаас он удаан жил яасан гээд цалин нэмэгдүүлээд 1000 төгрөгний цалинтай байсан. Сүүлийн 3,4-хэн жил. Би дээд талын цалин 1000 төгрөгний цалинтай, доод талын цалин 450 төгрөгний цалинтай, авгай хүүхдээ тэжээгээд болгоод боломжийн л байсан. Тэгэхдээ хойш нь хураагаагүй нь л харамсалтай.
Саранцэцэг -
Яг одоо социализмын үед шинэ техник технологи гэвэл одоо юу байсан, таны одоо хамгийн их гайхаж байсан тийм юм байна уу?
Жадваа -
Би бол одоо яахав санхүү эдийн засгийн ажилд бол шинжлэх ухааны юм бол хойно нэвтэрсээн. 1987 онд анх удаа санхүүгийн хэлтсийн дарга нарт япон ногоон гэрэл асдаг, энэнээс арай том ийм тооны машин өгч байлаа. Бид анхан би түрүүн ярьж байсан, одоо хятад сампинд тоо хийж сурсан. Тэгээд 1960-аад оны үеэс жаран хэдэн оны үеэс, арифмометр гэж эргүүлдэг, ийм юм байдаг байлаа. аа нэг тоо боддог, тар тар гээд л нэг эргүүлдэг, гараар эргүүлдэг юм байсан юм. Одоо арифмометр гэж нэг үгээр хэлбэл тооны машин даа. Тооны одоо нэг ..,тоог нь дараад гардаг ш дээ, тэрүүн шиг тоог нь хийчихээд эргэхлээр үржих бол үржээд л эсвэл хойш нь эргүүлээд хасах нэмэх тэмдгийг нь дараад л эргүүлдэг нэг тийм юм, гар ажиллагаатай нэг тийм юм байдаг байсан юм. тийм. Тэр одоо 1970-аад он хүртэл байсан. 70-аад оны сүүлээс одоо яахав, төв газраа бол цахилгаан машинууд нэвтэрсэн. Харин 70 оны сүүл 80-аад оны эхээр бол хөдөө сумдад аймагтаа бол энэ одоо компьютерийн анхны мэдэгдхүүний юмнууд гарч ирсэн. Хөдөө аймагт бол, хотод бол нэвтэрсэн байсан. Хөдөө аймгуудад бол 90-ээд оноос хойш л нэвтэрч эхэлсэн. Заа зүгээр санхүү эдийн засгийн биш ХАА-н хувьд газар тариалангийн хувьд бол тухайн үедээ одоо дээр үед СК –комбайн гэж ард нь хүн сууж явдаг, трактор чирдэг комбайн тарианд одоо ингээд трактор чирээд явдаг, ийшээгээ 6 мөрөөр хаддаг, ард нь тэр тариа комбайнаа ажиллуулдаг, тийм СК комбайн. Дараа нь оросоос өөр юу ч байгаагүй, ер нь одоо. Дараа нь 80-аад оны үед чинь 75 оны үед СК-4 гэж өөрөө явдаг, трактор чирдэггүй өөрөө явдаг комбайн гарсан. Тийм. Энэ үед Украины улаан Белорусс нэвтэрсэн. Энэ бол ХАА-д машин техникийн дэвшил болсон. Тийм. Тэрнээс өмнө бол трактор чирдэг тэр нь хаддаг, тийм хаддаг юмыг трактор чирч явдаг байхгүй юу. тийм. Тэрийг одоо 1959 онд одоо БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Ерөөгийн САА-н Бямбацогт, БНМАУ-ын анхны хөдөлмөрийн баатар аа Сандагдалай Угтаалын САА-н, Цэвээн ингээд эд нар анх. Би тэрийг яагаад сайн мэдэж байнав гэхээр санхүүгийн техникумд 57 онд ороход анхныхаа жил САА-д нэг явуулдаг байлаа ш дээ, хүүхдүүдийг чинь, оюутнуудыг чинь. Аа тэгэхэд 67 онд тэгээд 67 онд Угтаалын САА-д очиход тэр Сандагдалай нь тракторыг нь чирээд Цэвээн нь арын комбайныг нь жолоодоод 2 хөдөлмөрийн баатар байсан юм, сүүлд болсон л доо, зүгээр. Аа Бямбацогтыг тэр Алтангэрэл нь чирээд Бямбацогт нь ард нь манай ХАА-н анхны хөдөлмөрийн баатар, тийм чирдэг юм байсан юм. Чирч одоо хадлан хаддаг. Тэгээд сүүлд нь өөрөө явдаг тийм комбайн гарсан юм. Мал аж ахуйд бол одоо яахав, саалинд л одоо автомат үнээ саадаг, саалтуур Хумбаа даргын үеэс л эхэлсэн, Авирмэд гуай 2-н. Энэ 2-н үеэс бол автомат саалтуур хэрэглэж эхэлсэн юм. Заа яахав үйлдвэрийн хувьд бол Чех, Баруун Европ Орос 3-н техник нэвтэрсэн нь үнэн. Хятадын техник, энэ бол бас одоо эхэлдэг шиг л юм. Анхны одоо нарийн төмөр зам одоо манай Монголд чинь Налайхын үйлдвэр, Налайхын уурхай хоёрын хооронд л нарийн төмөр зам тавьж байгаад 52 онд л Оросын өргөн төмөр зам тавилаа ш дээ. Ингэж байж манай төмөр зам хөгжсөн. Энэ бол бас их л юм болсон юм, бас үгүйсгэж болохгүй л юм байгаа юм. Монголд бол үнэндээ хөөрхий үхэр тэргээс өөр юм байгаагүй шүү дээ. Үхэр тэргээр л бүх юмаа амжуулдаг, мориороо л бүх юмаа амжуулдаг, ийм л байсан. Тэгээд л одоо бодож байхад манайд бол одоо найр наадам нь ихдээд байгаа юмаа. Урд ч одоо улсын наадмаас өөр наадам байгаагүй. Цагаан сар хоёроос өөр. Тэрбайтугай цагаан сар ч нэг хэсэг хаагдсан ш дээ. Хаагдчихаад сүүлд одоо нэг малчдын цагаан сар нэртэй гарч ирж байгаад, тэгээд нэг цагаан сараа хийдэг болсон. Одоо бол зүгээр бараг 7 хоног болгон л наадам хийх юм байна ш дээ. Найр наадам нь дэндчихсэн.
Саранцэцэг -
Социализмын үед жирийн хүмсүүд гадаад орнуудтай харьцах боломж нь хэр байсан?
Жадваа -
Өө хатуу байсан. тийм. Ер нь бол гадаад гэж одоо манайх бол ганц явдаг юм нь том дарга нар л явахаас биш жирийн хүмсүүд одоо гадаад явна гэдэг бол их ховор доо. Яахав одоо хамгийн их гадаад явах үүд хаалгыг нээсэн улс бол одоо “Оюутан залуучуудын их наадам”-д явж урлагийнхан их явдаг байлаа. Аа алдар цуугаараа мандсан ХАА-н одоо хөдөлмөрийн баатар малчин улсууд жилд нэг цөөнөөр нь явуулдаг байлаа. манай энэ Дарханд байгаа ах САА-д ажиллаж байсан, Чех хүртэл явж байсан. Нэг амралтаар нь явуулдаг. Тэрнээс өөр тэр гадаад явахад бол хил ч хатуу байсан. Би зүгээр нэг сонин юм болгоод ярья л даа. Ер нь хил хатуу байсныг би ганцхан жишээ хэлье. Оросод рубль авч гарахад тодорхой тоны хэмжээтэй. Тэрнээс илүү мөнгийг нь хураадаг байлаа. 1989 он, 1973 он, би Оросод мэргэжил дээшлүүлэх курст явах гэж манай хүүхдүүд энэ Эрхүүд сурч байсан. Тэгээд одоо мөнгө авч гарахад авч гарч чадахгүй, хил дээр хураагаад яачихна ш дээ, шууд авчихна. 20 рубль билүү 50 рублээс илүү гарахгүй, тэр том албаны улс нь 50 бас хүнийхээ заагаар 20 рубль. Тэгээд би яаж гарч байсан бэ гэхлээр одоо хуушуур байдаг ш дээ, хуушуур пдундаа рублээ ингэж бөөрөнхийлж хийгээд хуушуураа гадна талыг нь ингээд чанахлээр гурил нь ингээд нэг түлэгдээд, тосонд түргэн хийгээд авна. Тэгэхлээр чинь хуушуур чинь гадна тал нь түлэгдээд дотогшоо мах нь нээх шүүрхий тэгээд л өнөө дотор рубль нь бол хэвээрээ байна. тийм. Тэгээд л би одоо Сэлэнгийн гааль дээр бүгдийг нь авч гарч байсан, бүх юм шалгана ш дээ, өмд бандашгүй л нэгжээд л эрэгтэй эмэгтэйгүй, ухаж үзнэ ш дээ. Тэгээд хаа байсан Эрхүү дээр очиж хуушуураа задалж, дундаас нь рублээ гаргаж дэлгэж тавиад л, цаасаар арчаад л, ингэж байж л нэг 100 рубль-тэй явж байсан юм. Гарах юу байхав дээ, тэгж нууж л авч гарч байсан. Тийм одоо тийм аргаар. Нэг үгээр хэлбэл одоо улсын хилийг залилж байна л гэсэн үг л дээ, тийм. Одоо амьдралын л арга юм. Тэгэхэд бол хил хатуу байсан.
Саранцэцэг -
Танд одоо гадаадын найз нөхөд байсан уу?
Жадваа -
Байхгүй байхгүй. Хэдэн хүүхдүүдэд л.
Саранцэцэг -
Гадаад эд барааг бол яаж олж авах уу?
Жадваа -
Үгүй ээ одоо ирсэн юм л авахаас гааль дээр чинь одоо тэдэн хилээс дээш юм авч гарч болохгүй гээд л, сүүл рүүгээ л зөөлөрсөөр зөөлөрсөөр гайгүй болсон байх зүгээр. Ер нь 20-иос илүү юм авахгүй ш дээ, хураана. Тэрнээс гадаадаас ирсэн гадаад юу байхав дээ, Оросоос л ирсэн Европ явсан улсууд чинь одоо нэг ганц шил архи л сонирхуулж л авчирна. Ганц нэг авгай хүүхэддээ ганц нэг алчуур малчуур. Би одоо юу явахад авгайдаа ганц алчуур л авчирч байсан юм даа. Юу явахад Солонгос явахад. Орос руу явахад анх эхэлж алчуур л авчирдаг байсан. Дээр үеийн нэг тийм эрээн бас нэлээн том, нэг ийм үзүүр нь ингээд цацагтай. Тийм. Харин 1995,96 онд гайгүй болсон болохоор бас арай дээр байсан, тийм. Сүүлийн үед гайгүй болсон ш дээ. 1990 оноос хойш. Тэрнээс урд чинь хатуу байсаан. Тэгээд жирийн хүн бол гадаад явна гэдэг бол дээхнэ байхгүй дээ,тийм.
Саранцэцэг -
Энд амьдардаг гадаадын иргэд гэвэл Зөвлөлтөөс өөр ямар орны иргэд байсан?
Жадваа -
Хятад их шүү дээ. Хөөх, чи одоо энэ УБ чинь тэр аяараа энэ чөрийсөн хятад хүүхнүүд энэ нөгөө хол гүйнэ гээд хөлийг нь яачихдаг, давсалчихдаг юм гээ биз дээ, энэ Усны гудам, энэ Шар дэлгүүр одоо энэ Бөмбөгөр байна ш дээ, Бөмбөгөрийн энэ өөд чинь тэр аяараа хятадууд, энэ юу байна, Энхтайвны гүүрийн баруун тал руу Усны гудам, тэр аяараа хятадууд, хятадууд ёстой хятадгүй гудам байгаагүй ш дээ. Хөдөө ч зөндөө. Сэлэнгэ бол хятад маш их байсан. Тэгээд 1900-н хэдэн он билээ, баахан хятадууд нэг баахан зодоон болсон ш дээ, юун дээр өнөө төмөр зам дээр. Тэгээд энэ Зүүнхараагийн спирт бал бурмын комбинатыг чинь хятадууд барьж байсан юм, би тэнд байсан. Тэгээд тэднүүдийг чинь бүгдийг нь хөөж гаргаагүй юу, энд баахан зодоон болоод. Тэр чинь мянга есөн зуун далан найман онд байна уу, далан зургаан он юм байна. Тэгээд тэрийг яасан б гэхлээр тэр үйлдвэрийг чинь барилгүй хаячихаад явсан ш дээ. Сүүлд нь аймгаас комисс гараад би оролцоод, тэр юунд байсан складыг бүгдийг нь улс хурааж авсан ш дээ. Тэгэхэд л өмд хятадын нөгөө бүдүүн өмд, өнөө хятад ботинк хятад еэвэн ботинк билүү нөгөө хар, тэрүүнийг Зүүнхараагийн эрлийзүүдээс их хураасан даа. Эрлийзүүд ихтэй ш дээ, Сэлэнгэ бол. Хятад монголын эрлийз авгай хүүхнүүд гуалиг гуалиг, урт үстэй хүүхнүүд хотод ч дүүрэн. Эрлийзүүд бол манайд хааяагүй, дээрээсээ аваад дороо хүртэл байна дөө.
Саранцэцэг -
Гадаадын мэргэжилтэнгүүд үйлдвэрүүдэд ажилаж байсан, ?
Жадваа -
Тэрэнд бол бий, байсан. Одоо өөрөөр барьсан газрынх нь л сургагч нэртэй зүгээр ажилчин биш, мэргэжилтэнгүүд. Одоо тэр техникийн мэргэжилтэн, эздийн засгийн мэргэжилтэн, тэр засвар технологийн мэргэжилтэн, цахилгааны мэргэжилтэнгүүд, төрөл төрлөөсөө ирдэг байсан. Өшөө энэ хотын үйлдвэр гэхэ л Чехээс, одоо нэхий дээлийн үйлдвэр гэхэд л Дарханд Болгараас, хятадууд бол энэ барих байгуулах юманд нь их ирдэг байсан, тийм. Барих одоо хар ажилд дөө. Их гаргасан ш дээ, хятадуудыг чинь. Одоо тэгээд эрлийз хурлийз олон жил болчихсонууд нь үлдсэн биз, одоо харин зүгээр энэ барилга барьж байгаа хятадууд их ирж байх шиг байна. Тэгээд манай хяналт манай энэ гаалийн хяналт гэж ёстой нэг тэгээд л хэдэн мөнгөтэй улс л тэгээд л оруулаад байдаг шиг байна. Одоо нэг сая хууль гарлаа. Үйлдвэрт ажиллагсдын тэдэн хувь нь хятад байна, тэдэн хувь нь монгол байна гээд нэг тийм юм гарлаа, одоо тэгээд тэрийгээ барьж ажиллах юм уу үгүй юу. Тэгээд манайханд бас их буруу байгаа юмаа. Хятадтай адилхан ажиллаж өгдөггүй. Жаахан ажил хийж байгаад алга болчихдог. Үгүй бол архи уугаад алга болчихдог. Үгүй бол ажил их шаардахлээр залхуураад хэвтээд байдаг. Бас манайд бас буруу байгаа юм. Манайхан бас нэг тал руугаа бас хэлбийж болохгүй байгаа юм. Өөрснөө их буруу байна ш дээ. Тэгээд өөрснөө өөдтэй ажил хийхгүй болохлээр нөгөө хятдуудаа өдөр шөнөгүй ажиллуулаад, цалин өндөр өгдөг. Хятадад их өглөө бидэнд бага өглөө гээд байдаг.Яг ажлаа хариуцаад хийж байгаа улсуудыг хараад байхад өнөө монголууд чинь сайн ажиллаж өгдөггүй. Үгүй бол ажил таслаад алга болчихно. Сайн ажилладаг улс бий л дээ, бүгд тийм биш. Хүн болгоныг бас харлуулж болохгүй л дээ, тийм.
Саранцэцэг -
Ер таны амьдралын туршлагаас харахад Монгол дахь шашин шүтлэг яаж өөрчлөгдөж ирэв ээ ? Төрд ер нь шашин нөлөөлж байсан уу?
Жадваа -
Дээр үед бол шашин төр 2 тусгай гээд, их зөрөөтэй байсан. Т эгээд шашин шүтнэ гэдгийг чинь хориотой ч байсан. Одоо бол шашин холилдоод бантан болж байна. жинхэнэ уламжлалт шашин устаж байна. Худлаа мэддэг хүний хэл аманд одоо шашин., бөөгийн шашин бол одоо маш их хурц шашин ш дээ. Хөвсгөл бол одоо бөө ихтэй, шашин ихтэй. Манай ах дүүд ч бөө бий. Тийм. Тэгэхэд бол одоо дуураймал бөөдүүд зөндөө байна ш дээ. Тийм учраас одоо шашин нь ч аль юм, бөөгийн шашин нь ч аль юм, буддын шашин нь ч аль юм, лалын шашин нь ч аль юм, христос шашин нь ч аль юм, одоо учир нь ч олдохоо байсан. Тэгээд л ах дүү уламжлалаараа л бие биенийгээ магтсан тийм тэр талаа л дагасан одоо тийм л болж байна. Одоо шашинг бол төр улсад энх амгалан байх талд нь, хүнийг ариусгах талд нь, хүмүүст гэгээн сургаалыг хайрлах талд нь зөв хэлж зөв ойлгуулж байгаа юм байхгүй, аль нь зөв аль нь бурууг нь ч ойлгуулахгүй, хоёрын хооронд мэддэг мэддэггүй улсууд дүүрчихсэн, тэгээд энэ лам удирдлага дээрээс доороо хүртэл хоорондоо ном хаялцаад л, жаахан дээшээгээ явах гэхээр нь л хөлөөс нь чаргуулдаад л, монголд нэг тийм зан байна ш дээ. Жаахан л гайгүй гараад ирэхээр хөлнөөс нь чаргуулддаг, тийм. Дээш нь гаргахгүй ямар бузрын юм, үгүй ээ тэр тэгээд л явж л байна биз дээ. Сайн л юм бол. Ард түмэндээ сайн, улс түмэндээ сайн, төр улсдаа хэрэгтэй л юм бол, тэрний хөлнөөс чаргуулдах гээд л, тэгээд л чаргууцалдаад байхаар чинь нэг л бөгс хоолоо ярьж байж л чаргуулт хийнэ, үгүй бол хээл хахууль хоёроор энэ хоёроор л чаргуулдахаас өөр юм байхгүй. Мэдлэгээр чаргуулдаж байгаа юм алга байна ш дээ. Мэдлэгээр чаргуулдмаар байна. Одоо ер нь хүн бол. Мэдлэг чадвар хоёроор. Тэгэхгүйгээр зүгээр нэг тийм хар санаагаар муйхраар чаргуулдах хэрэг байхгүй. Мэдлэгээр чаргуулддаг бол болноо. Би бол тэгж л бодогддог.
Саранцэцэг -
За би одоо танаас сүүлийнхээ асуултыг асуух гэж байна. Ер нь нас барсан хүмүүсээ дурсдаг арга барил нь яаж өөрчлөгдөж ирсэн бэ, дээр үед оршуулгыг ямар зан үйлээр оршуулдаг байсан бэ, одоо яаж байна?
Жадваа -
Ний нуугүй хэлэхэд дээр үед бол оршуулга бол хувь хүний л асуудал байсан. дээр үед бол хүн нас барахад за яахав тэгэд ямар нэгэн юмаар нас барахад хөөрхий морин тэргэн дээр юм уу, үхэр тэргэнд авч яваад л, оршуулах газраа аваачаад л нар харуулаад л тавьчихдаг байсан. Ил тавьчихдаг. Аа даавуу маавуунд боосон болоод л, дээлэнд ороосон болоод л, тэгээд л тавьчихдаг байсан. Яахав жаахан баян маян улсууд л жаахан ахиухан юмаар боож яваад л. За тэгээд тэрийг юу хардаг байсан б гэхлээр 3 хоногийн дотор шувуу аваад явчихвал тэр хүнийг бурхны оронд саадгүй явж дээ л гэж. Энэ яваа насандаа гайгүй байж дээ, гээд л. Заа яахав тэр өнгөрсөн хүнд бол яахав, шашин шүтлэг хатуу байдаг байсан учраас нууцаар ном тарни уншуулаад л, аваад л явдаг л байсан. Ядуу нэг нь ч юун тарни уншуулах манатай, зулны шар тосгүй амьтад чинь тэгээд л тэгээд л морь шээсэн газарт л тавьчихдаг. Голдуу л нар ээвэр газарт л тавьдаг, бүүр дээр үед тийм байлаа ш дээ. Тийм. Харин одоо сүүлийн үед яахав, оросын уламжлалаар хүнийг авсалж тавьдаг болсон. Энэ нь Оросын л зан. Манайх биш шүү дээ. Хайрцаглаад л, булж оршуулдаг болсон. Тэгээд одоо яахав дээ энийг юу гэж ч хэлэх юм,одоо тэгээд социализмын үед бол энийг хэвшил болгосон. Яахав тэндээ бол маань номоо уншдаг, одоо чандарладаг гээд л гадаадын нэг хэлбэр орж ирээд л байна. Тэгээд тэр бол одоо өөрснийхөө хүсэл юмаар л юмаа даа. Тийм. Тэр одоо бол нас барсан хүмсүүдийг лам хуврагууд чинь их ном уншвал их сайн ном уншдаг, мөнгө бага өгвөл бага ном уншдаг гээд, тийм яриа байдаг л юм байналээ, хэнмэдэхэв. Би тэр маань заанийг л мэддэггүй учраас одоо ямар ч юм. Тэгээд бас нэг манайхан уламжлалт зангаа бодож тэр одоо хүнийг чинь гаргахад нөгөө нар зөв эргүүлээд, тэгээд ах дүү нь одоо ямар газраа тавьдаг юм, одоо яахав дээ төр засаг нь шийдээд тавьдаг болчихсон шүү дээ. Тэгээд тэгж тавихгүй бол болохгүй гэдэг болохоор тэрийгээ дагахаас яахав. Тэгээд тэр уламжлалаа бодож ах дүү нараа үр хүүхэддээ л бодогдох юм үлдээж байвал бас зүгээр бодогддог юм. Тэгээд тэрнээс уламжлаад би зүгээр тэг гэж байгаа ч юм биш, тэр чандарлахад ах дүү нарт нь л үлддэг л юм гэсэн. Тийм юм хийж үзээ ч үгүй. Хуучин нөгөө оршуулдаг номоороо яваад л байна. Тэгээд оршуулга ч одоо тэгээд хамаагаа ч алдаж л байх шиг байна л даа. Яадаг ч юм байгаам, тэгээд л одоо. Урдны уламжлал бол одоо тийм л байсан. Зул мулаа өргөөд л. Тэгээд л манайхан хүнээ хүндэтгэнэ, одоо манайханд нэг их муухай энэ хүүхэд залуучуудад, одоо энэ саравчтай малгайгаа хойш нь харуулж өмсч байна ш дээ. Энэ чинь бол үхсэн хүнд өмсдөг юм, тэгж. Одоо ингэж хойш нь харуулаад ядаж хажуу тийш нь харуулаад өмсч болдоггүй юм бол уу гэж би боддог юм. Би өөрийнхөө хэдийг бол загнадаг л даа, надад бол тийм юм байдаг ч үгүй. Хойш нь харуулж өмсөнө гэдэг чинь оршуулгын үед тэгдэг, малгайг чинь хойш нь харуулж өмсдөг дээр үеийн лоовууз малгайг, тэгж өмсдөг байлаа ш дээ. Тэрэнд бол би одоо их эмзэглэдэг. Би бол одоо 2 л юманд, нэр устай хүнийг нэрээр нь дуудаж байгаач 1-рт, би ах дүү нарынхаа хүүхдүүдийг нэрээрнь хэлэхгүй болохлээр та нар чинь одоо яачихсан юм одоо, төр улсдаа нэрээ дуурсга гээд төр нэрийг нь батлаад өгчихлөө, түмэн олон ах дүүгээ хүндэтгээд аав ээж нь нэр заяалаа, тэрнээс илүү яах юм, тэргээр нь дуудахгүй тэгээд манин болгож байгаа юм уу, хаашаа юм, өөр хүний нэр зээлж байгаа юм уу, хаашаа юм,та нарын энэ долигносон үг ч юм уу хаашаа юм, нэр өгөхөд хүртэл учиртай ш дээ, уламжлалаар нэрийг чинь их янзтай өгдөг байлаа, одоо нэр бол одоо тэгээд л, дээшээ харж байгаад л голдуу нэг 3 сард цэцэглэвэл “Яргуй” гээд л нэр өгчихгүй нь л их юм, хамгийн амархан үхдэг амьтан чинь яргуй ш дээ. Хамгийн эрт гараад л хамгийн эрт үхдэг, яргуй нэртэй юм байж л байдаг ш дээ. Халх нэр өгөхгүй дан төвд нэр өгөх ухаантай. Дээр үед чинь төвд нэр их өгч байсан юм байна харин, тийм. Төвд нэр нэлээн элбэг өгч байсан. Хатуу нэр их өгч байсан, эмэгтэй хүнд зөөлөн нэр өгч байсан. Хатуу үг зөөлөн үг гэж байна шүү дээ, үгэнд.Тэгээд одоо монгол хэлийг одоо мэдэхээ байсан. Монгол аялгуу гэдгээ мэдэхээ байсан. Энэ хэлний улсууд их л ярих юм даа, одоо тэгээд яахав дээ. Энэ бол одоо манай залуучуудтайгаа л манай боловсролын байгууллага энэ төр засгийн байгууллагууд, муу ажиллаж байнаа, энэ урд чинь суртал ухуулга гэж маш их явдаг байлаа ш дээ, их өргөн. Тэр сүүн тасгийн заводод чинь сүүний хэдэн авгайг цуглуулчихаад л төлөвлөгөө норм гээд л ярьчихна, аа тэр багийн хурал чинь өдөр шөнө хэдэн өдөр л хуралддаг байлаа, эвшээгээд л тэнд суугаад байна. Ямар сайндаа урд чинь одоо их хүндтэй байлаа гэр бүлийн хүн бие биенийхээ нэрийг мэддэггүй. Тийм. Та гэж гуайлж дуудна. Манай хань манай нөхөр, манай авгай гэж дуудна. Би нэг анектод /хошин шог/ ярья. 1963 онд нэг хүн амын тоо явсан юм, тэр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд. Аймгийн төлөөлөгч хүн л дээ. Морь уначихсан. Морьтой тэгэд л айл хэсээд л,тэгээд нэг тооныхон дээр яваад ирсэн чинь хэдэн өвгөнүүд авгай хүүхдүүд цуглачихсан л,тооны өнөө анкет бүртгэж байхгүй юу. Тэгээд бүртгэж байсан чинь тэнд нэг Дондов гээд нэг өвгөн настай, одоо миний л үеийн, 70-аад настай л өвгөн, тэгээд л өөрийнхөө нэрийг бичүүлээд л авгайн нэр хэн бэ гэсэн, за байз би нэг гараад ирье гэсэн. Гараад л харсан гэр лүүгээ морьтой л давхичихаж/инээв/. Өнөө нэрийг нь асуух гэж явж байгаам. Хөөрхий тэрний буруу биш шүү дээ. Тэрийг бод л доо, их хүндтэй байна ш дээ. 70 хүрсэн 80 хүрчихсэн өвгөн авгайнхаа нэрийг мэдэхгүй/инээв/
Саранцэцэг -
Заа таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Та сайхан эмчилгээгээ хийлгээд сайхан болоод гараарай.
Жадваа -
Заа баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.