Pagma
![](../assets/images/interviewees/990307.jpg)
Basic information
Interviewee ID: 990307
Name: Pagma
Parent's name: Dejee
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1925
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Otgon sum, Zavhan aimag
Lives in: Tömör Zam sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
family
childhood
repressions
urban issues
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
childhood
schoolchildren's life
group
repression
urbanization
Chinese
store
Russians
work - labor
cook
official regulations
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Сайнбилэг -
Заа, сайн байна уу та?
Пагма -
Сайн. Сайн байна уу?
Сайнбилэг -
Та өөрийгөө нэг товч танилцуулахгүй юу? Таныг хэн гэдэг вэ? Хэдэн онд хаана төрсөн бэ?
Пагма -
Би Пагма гэдэг. Завхан аймгийн Отгон сумын Хатуугийн Шар хад гэдэг газар төрсөн ш дээ.
Сайнбилэг -
Ямар шар хад аа?
Пагма -
Хатуугийн шар хад.
Сайнбилэг -
Хатуугийн шар хад гэдэг газар төрсөн юм уу?
Пагма -
Аан за.
Сайнбилэг -
Та хэдэн онд төрсөн бэ?
Пагма -
25 онд.
Сайнбилэг -
Та яг 1925 онд төрснөө яг тодорхой мэддэг үү? Таны аав ээж яг мэддэг байсан болов уу? Зарим настай хүмүүс бас мэддэггүй ш дээ, багцаагаар нэг хэлдэг.
Пагма -
Би ч сайн өөрөө мэдэхгүй л дээ. Ер нь би үхэр жилтэй, одоо 85 өнгөрч байгаа хүн байгаа юм. Тэгэхээр таарч байна уу, таарахгүй байна уу
Сайнбилэг -
Аан заа за. Тэгэхээр та та бидэнд одоо амьдралын тухай амьдралынхаа тухай ярьж өгнө үү? Та бага насаа хаана өнгөрөөв?
Пагма -
Бага насаа ихэнхийг нь хөдөө мал дээр хөдөө өнгөрөөв өө. Заа тэгээд 55 онд хотод ирээд, УБ төмөр замын төв ясли гэж орос байгууллага байхад нь тэнд ажилд оров оо. Тэгээд тэнд ажилд орохдоо анх сонгогчоор ороод нэг жил ажилчихаад оросуудын хүчинд яахав намайг тогоочийн курсанд явуулж тогооч болгоод, 25 жил тогооч хийгээд, тогоочийн ажил хийгээд, 82 онд тэтгэвэртээ гарсан.
Сайнбилэг -
Аан зөв зөв. Та надад бага насныхаа амьдралын тухай тодорхой ярьж өгнө үү? Таны аав ээж болвол малчин хүн байсан уу?
Пагма -
Малчин хүн байсан. Миний ээж болвол ер нь хоёрхон хүүхэдтэй, миний эцэг намайг гэдсэнд байхад нас барчихсан. Тэгээд миний ээж ядуу, нэлээн ядуу, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг тийм хүн байсан. Тэгээд би ээжтэйгээ нэг одоо яахав, би одоо амьдарч яваад хорь хүрч байхдаа хүнтэй суугаад, тэгээд тэрэнтэйгээ хэдэн жил болж байгаад салаад, УБ хотод 55 онд ирсэн.
Сайнбилэг -
Аан заа, та тэгээд бага насныхаа бага насандаа болвол яг л малчин?
Пагма -
Бага насандаа би малчин байхдаа ер нь бага насандаа хөдөө байхдаа болвол би хотод төв газар л очиж амьдрах юмсан бүүр багаасаа тийм мөрөөдөлтэй байлаа. Бүр ёстой өдөр шөнийн бодол зүүд дандаа тийм байлаа. Тэгж байгаад тэгээд яахав бага насанд өөрөө ч мэдэлгүй байж нэгт, хоёрт амьдрал ядуу байсан, хот явахыг яаж явахыг мэдэхгүй хий л мөрөөдөхөөс өшөө юм байхгүй байлаа. Тэгээд тэгж байгаад сүүлд явсан хойноо тэр хүнтэй сууж хэдэн жил болж байгаад, ухаандаа одоо хөлжиж авч л наашаа ирж байгаа юм уу хайшаа юм, жаахан тийм настайвтар хүнтэй баян хүнтэй суугаад нэлээн хэдэн жил болж байгаад, тэрнээсээ салаад, тэгээд хотод ирж амьдраваа. Тэгээд мөрөөдөл биелж байгаа юм миний. Багын мөрөөдөл ёстой биелсэн л дээ би биелсэн л гэж үздэг.
Сайнбилэг -
Та бага.., танайх чинь Завхан аймгийн аль сум гэлээ?
Пагма -
Отгон сум.
Сайнбилэг -
Отгон сум тээ?
Пагма -
Тийм.
Сайнбилэг -
Таныг бага байхад тэр Отгон сумынхаа тухай нэг ярьж өгөхгүй юу? Тэр үед Отгон сум ямаршуу байсан юм? Хүмүүсийн амьдрал ер нь ямаршуу байв, таны бага насанд?
Пагма -
Амьдрал яахав цугаараа л амь амиа хөөсөн, олон нийтэч биш, одоо нэг л амь амиа хөөсөн ийм хувийн аж ахуй мал ахуйтай жаахан баян шиг нь л гайгүй шиг л амьдраад л, хоосон ядуугаа бас л тийм дорд үздэг байсан байхаа л гэж санадаг юм. Тиймэрхүү л амьдарч байсан даа, ер нь.
Сайнбилэг -
Та бага сургуульд сурч байсан уу?
Пагма -
Үгүй ээ үгүй. Би ерөөсөө харин түрүүний хэлдэг, тэр хээр гадаа найз хүүхдүүдээсээ цагаан толгой молгойгоор чинь холбож юм уншдаг болж тийм л юм өөрөө сурсан болохоос биш ерөөсөө би сургуульд нэгдүгээр ангид ч сууж үзээгүй, нэгдүгээр анги байтугай би бүлгэмд ч сууж үзээгүй юм чинь. Тэгээд өөрийнхөө авхаалжаар яахав хүн амьтнаас самардаж гуйж түүж юман дээр бичиж авч нэг өдийхөн харандааны өөдөс олсон бол тэрэн шиг том олз надад байгаагүй,тэгээд бас цаас олдохгүй.
Сайнбилэг -
Тэр тухай тодорхой ярьж өгөхгүй юу? Та түрүүн нэг гоё түүх ярьсан яаж тэгж анх нөгөө нэг бичиг үсэг тайлагдсан тухайгаа? Та хэдэн настай байсан бэ?
Пагма -
Би тэгэхэд чинь арван хэдтэй л байсан байх. Чухам яг хэдтэй байсан юм бол доо, арван тав зургаатай байсан юм уу, багийн бүлгэмд суу гэхээр нь зарахаа бодоод муу ээж минь хоёрхон хүүхдээ нялх хүүхдээрээ хань хийж амьдарч яваа юм чинь намайг явуулдаггүй байлаа. Тэгээд багийн бүлгэм байгуулсан надад ил харагдаад л байхад өдөр худлаа хэлж араг үүрч очиж, тэндээ жаал наргиж шуугиж, тэрэн шиг л сайхан юм надад лав л тэгээд тэнд багийн бүлгэмүүд сууж байсан найз хүүхдүүдээсээ заалгасан бичгийг нь цаасан дээр буулгаж авч, одоо тэр самбар мамбар дээр ч буулгаж авч тэгээд өнөөхийг чухам тэднүүсээ илүү цээжилж тогтоодог байлаа. Тэгээд цагаан толгойгоо үзчихээд одоо тэр найзуудаасаа авч байгаа юм ш дээ. Хээр л голдуу хонь малан дунд үгүй бол хотон дунд ч магадгүй. Томчуулаас одоо айж байгаа юм уу яаж байгаа юм уу, ерөөсөө хүний дэргэд заалгаж чаддаггүй тийм байлаа /инээв/ тэгээд тэгж сураад холбож бичдэг болоод овоо юм бичдэг болоод бүүр овоо сурсан. Тэгээд нэг багаас бүлгэмд тайлагдсан тайлагдаагүйг нь мэдэх гээд шалгалт ирнэ гэхээр нь сонин монин харж уншиж байгаад шалгалтаа өгчихсөн чинь би тэнцээд, тэгээд тайлагдчихгүй юу. Тайлагдсан үнэмлэх ирлээ хойно нь багаас. Тэгээд тэрнээс хойш өөрийнхөө л авхаалжаар л одоо хүн амьтнаас одоо тийм жаахан алдаатай бичнэ л дээ тэгэхдээ гайгүй. Тэгээд одоог хүртэл би тэрүүгээрээ л одоо тогоочийн курс мурст сурч юу яаж байгаа юм чинь, тэрүүгээрээ л өөрөө хоолоо олж идэж өдийг хүртэл амьдраад л одоо болвол яахав, хэдэн хүүхдийн хүчинд сайхан л амьдарч явна л даа.
Сайнбилэг -
Та түрүүн нэг ярьсан. Энэ баян айлын хүүхдүүдийн ....тэр ямар учиртай юм бэ?
Пагма -
Өө тийм тийм. Тэр харин юу яадаг байхгүй юу. Одоо дээр чинь баячууд чинь тийм дээсгүй байж л дээ. Баян айлын нэг хүүхдийг бүлгэмд амлаад бүлгэмд суулгах гээд сумын ч юм уу багийн ч юм уу суулгах гээд амлана ш дээ, тэгэхээр өнөөхийг чинь нөгөө тоохгүй тэгээд зугтаагаад нүүгээд явчихна. Манайх говьхангай дандаа нүүдлийн орон ш дээ. Говь хангай руу ордог өвөл болохоор чинь малаа онд мэнд оруулах гэж Говь-Алтай аа Баянхонгор нүүгээд л баячууд чинь тэгж малаа онд мэнд ирүүлдэг. Тэгээд жаахан ядуувтар чадал муутай нь хангайд нутагтаа үлдчихдэг тийм л байсан байхгүй юу. Тэгэхээр баян айлын хүүхдийг тэр бүлгэмд амлахаар тэрүүний золиосонд намайг одоо юу болж байна гэж манай ах дүү үзээд, тэгээд манай нэг лам ах байсан юм. Манай ээж хоёр ярьж байгаад тэгээд уг нь манайхны өвөө эмээ хоёр бол Архангайн улс байсан юм байналээ л дээ. Тэгэхээр манай өвөө болвол хошууны бичээчээр томилогдож одооны манай Завханд одоо бичээчээр томилогдож, энд суухаар ирээд настай улс. Тэгээд эндээ бүүр шингээд, тэгээд одоо манай эжий хүртэл Завханд төрсөн би байтугай. Тэгээд цугаараа одоо Завхан гэж явдаг болохоос уг өвөө эмээ бол Архангайн улс юм байналээ. Тэгээд Архангайд манайхны хамаатан нагац магац зөндөө айлууд байхгүй юу. Тэгэхээр тэр зугаагаар зугтаалгаж намайг, тэрэн дээр 3 жил, гурав дөрвөн жил болгоод зун нэг 2 сар гэртээ авааччихаад л тэгээд л намар хүргээд өгчихдөг. Тэгээд л би тэнд тэр ах дүү нар дээрээ мал маллаж байдаг ийм байхгүй юу. Тэгж зугтаалгаж явсан ш дээ.
Сайнбилэг -
Аан зөв зөв. Ер нь тэр үед хүмүүс ер нь хүүхдээ сургуульд суруулах дургүй байсан уу?
Пагма -
Дургүй байсан. Тэгэхээр надтай цуг Бурмаа гэж Нурмийн Пүрэвжавын хүүхэд Бурмаа гэж надтай цуг эрэгтэй хүүхэд би тэр амлагдаад тэднийх хүүхдээ явуулчихсан. Намайг явуулаагүй гэж авч хоцроод төөрүүлээд тэгээд тэрний явсан жил би нутагтаа байсан юм. Тэгсэн хавар амралтаараа нөгөө хүүхэд чинь ирсэн чинь нэг тийм жанжин малгай шиг шинелеер хийсэн малгай өмсчихөөд гэртээ л ирж байхыг нь манайхан айл байж байгаад би явсан бол ийм гоё малгай өмсөж ирэх юм байна жигтэйхэн дуртай байлаа. Тэгээд мэдэл байхгүй юм чинь яахав дээ тэгээд явуулахгүй. Тэгээд хойтон намар нь болохоор намайг Архангай руу хөөгөөд тэгээд төөрүүлээд л юм сургаагүй юм байхгүй юу.
Сайнбилэг -
Та тэгээд хөдөө яг тэр мал дээр юм сурч байхдаа маш хичээнгүйлэн сурч байсан уу?
Пагма -
Хичээнгүй. Ёстой тэрний л бодол. Одоо шөнө ч гэсэн орон дотроо сэрэхээрээ өнөө юугаа цээжээрээ уншаад л, одоо одоо хүртэл цээжинд байгаад байдаг гээд бодчих. Тэгээд бүр хадаагаад авчихсан.
Сайнбилэг -
Ямар юм цээжинд байх уу?
Пагма -
Одоо яахав цагаан толгой тэр аяараа цээжинд байгаа юм. Тэгэхэд чинь одоо одоо тэгж л ялгадаг юм уу үгүй юм уу, эр 6, эм 4 ч гэх юм уу, 13 эгшгийг чинь 3 хуваадаг энэ тэр гээд тэр чинь хуу цээжинд байдаг. Тэгээд энэ онцгой энэ тэр гээд л гадаад үгэнд ордог өнөө “к” “п” үсэг энэ тэр гээд л жишээг нь хүртэл багадаа цээжилчихсэн, одоо тийм л байдаг. Одоо хүртэл зарим нь мартагдаагүй байж байгаа юм даа. Тэгж тийм идэвхитэй өөрөө сурах гэж намайг тэгж байхыг мэдэхгүй ш дээ миний ээж аав, ах дүү нар ч мэдэхгүй. Тэгээд би тэгж сурч байлаа. Тэгээд тэр сурсан маань надад энд ирсэн хойно хэрэг болоод, бас ном мэддэг ухаантай болж курс мурсанд явж тогооч болж байлаа. Иймэрхүү л түүхтэй явж ирлээ.
Сайнбилэг -
Ер нь таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу?
Пагма -
Байхгүй. Гүнээр ч сайн талаар ч байхгүй, муу талаар ч байхгүй. Тийм гүнээр мартахын аргагүй айхтар юм болж байсан тийм тал байхгүй.
Сайнбилэг -
Бусдаас онцгой гэсэн юм байдаг уу?
Пагма -
Байхгүй.
Сайнбилэг -
Ер нь бол байхгүй юу тээ? Таны гэр бүл хамаатан садан дотроос хэлмэгдсэн хүн байдаг уу?
Пагма -
Хамаатан садан дотроос манай ээжийн эгчийн нөхөр Лувсанцэрэндорж гэж нэг хүн байж байгаад л тэр хэлмэгдэж баригдаад л алуулсан юм гэнэлээ. Тэгээд хүү нь Жанцан гэж энэ нэг хүү байж байгаад одоо нас барчихсан л даа хэлмэгдсэн барьсныг хөөцөлдөж байж бас мөнгө сөнгө авсан байдаг юм байналээ.
Сайнбилэг -
Тайж хүн байсан юм уу тээ?
Пагма -
Тайж хүн байсан юм.
Сайнбилэг -
Та тэр тухай юм мэдэх үү?
Пагма -
Юу? Миний эцгийн төрсөн ах бол ёстой хэлмэгдсэн том лам хүн байсан юм.
Сайнбилэг -
Ямар,хэн гэдэг хүн байсан юм бэ?
Пагма -
Сорж багш гэдэг хүн байсан.
Сайнбилэг -
Сорж багш аа?
Пагма -
Тийм. Шилүүстэйн.
Сайнбилэг -
Шилүүстэй?
Пагма -
Тийм, манай миний өөрийн уг эхний ёстой засаг захиргаа болвол би Шилүүстэйн хүн л дээ. Отгон, Шилүүстэй хоёр чинь ойрхон зэргэлдээ ийм хоёр зэрэгцээ сум байдаг байхгүй юу. Тэгээд би сүүлд нь Отгоны хүнтэй суугаад Отгоны шилжчихсэн байхгүй юу, тэгээд Отгон гэж явдаг болохоос биш Шилүүстэйн сумын юм байгаа юм. Тэгээд манай аав хэн гэж Бадамдорж гэж хүн байсан юм билээ, би аавыгаа сайн мэдэхгүй гэдсэнд байхад нас барчихсан юм гэсэн, могойд хатгуулаад.
Сайнбилэг -
Могойд хатгуулаад уу?
Пагма -
Тийм. Тэгээд манай ээж дээр үед чинь одоо том хүнтэй сууж байгаа хүн чинь сүй сантай суух гэж нэг том юм байдаг байсан юм гэнээ.
Сайнбилэг -
Сүй сантай?
Пагма -
Сүй сүй тавьж сан энэ тэр одоо сүй сантай аваачсан юм гэж л манай ээжийг ярьдаг юм. Том хүний дүүтэй сууж дээр үед мундаг үнэтэй л очиж байж л дээ, ухаандаа. Тэгээд өнөө нас барчихаад гэдсэнд байгаа хүүхэд нь хүү гарвал гал голомт дээр үлддэг хүүхэн гарвал гэр оронд нь буцаадаг тийм байж л дээ. Тэгэхээр би хүүхэн гараад гэр оронд нь буцаахаар өнөө том сүй сантай очсон хүн чинь өнөө хөрөнгө мөнгөө аваад очсон хүн чинь тэр мэрийг нь өгдөггүй юм уу хайшаа юм, тэгээд ээж нүүх гэр орон нь жижиг гэр төхөөрчихөөд, хэдэн мал тасдаж өгөөд, тэгээд тийм ядуухан болчихгүй юу. Тийм амьдралтай байсан байхгүй юу.
Сайнбилэг -
Тэр их сонин юутай байж дээ?
Пагма -
Тийм. Тиймэрхүү л амьдралтай явж ирлээ.
Сайнбилэг -
Та тэр хэлмэгдсэн ахынхаа тухай тэр сонссон? Яаж хэлмэгдсэн юм бол?
Пагма -
Хэлмэгдсэн ах манай баригдаад бас л алуулсан гэсэн. Баригдаад явсан. Одоо тэрний ганц хүү нь энэ юунд байдаг, Толгойт мах комбинат, гурилын комбинатад байдаг юм. Дээхэн манайд ирээд л явсан. Ах дүү хоёрын хүүхэд бид хоёр ухаандаа. Тэгээд ганц хүү нь жаахан үлдэж байсан юм. Муу хоёр минь .. бариад явж байлаа гээд ярьдаг юм. Тэгээд нутагтаа суварга муварга босгож барьж, тэр энэ чинь бас нэлээн ажил явдал болоод хэлмэгдсэнийг нь одоо яг одоо хэлмэгдлийн юунд орчихсон явж байдаг юм.
Сайнбилэг -
Та тэр тухай дурсамж байна уу, танд?
Пагма -
Би надад бол байхгүй. Тэр хүү л хөөцөлдөж.
Сайнбилэг -
Таны үед тэр аав ээж чинь тэр тухай юу гэж ярьж байсан бол?
Пагма -
Аав ээж ер нь юм ярьсан юм байхгүй ээ. Аав байхгүй байсан юм чинь. Ээж бол яриад байсан юм байхгүй, зүгээр тэр тэр манай аавын ах тэр том лам байнаа тэрнийг байхад би байсан, мэдэж байгаа. Тэр нэг зогсож байгаа хүүхэд шиг шахуу л байсан юм уу даа, тэрнээс арай жаахан томхон байсан юм болов уу, иймэрхүү л. Тэгээд надад өглөө бүхэн орохоор нэг хоолноосоо үдэш нэг хөшиглөсөн 5 ширхэг ийм бөөрөнхий мах юун дээр столон дээрээ тавьчихсан байдаг. Тэгээд хоолыг нь сайхан хоолтой, тэр юм авч ид гээд л өглөө бүхэн тэр 5 махыг идэх гэж ордог, тиймэрхүү байлаа. Бандихай бандихай гэж тусгай өргөөнд ганцаараа байдаг тийм хүн байсан юм.
Сайнбилэг -
Тэр хүн яагаад ингээд хэлмэгдсэн юм бол? Ямар учраас хэлмэгдсэн юм бол? Яасан гэж хэлмэгдүүлсэн юм бол?
Пагма -
Үгүй ээ, одоо тэр хэн мэдэхэв одоо тэр том лам л одоо цорж гэдэг чинь ямар тушаал мушаал байдаг байсан юм хэн мэдэхэв. Цорж багш л гэдэг байсан. Амьтан бүхэн шүтдэг, амьтан бүхэн ирж мөргөл өргөл хийдэг. Тийм л хүн байсан ш дээ. Тэгээд ямар гэж яаж байсан юм бүү мэд.
Сайнбилэг -
Ер нь энэ тэр хүнээс өшөө таны мэдэх хэлмэгдэж байсан хүн бий юу?
Пагма -
Байхгүй.
Сайнбилэг -
Байхгүй юу? Аан зөв зөв. Ер нь таны..,
Пагма -
Зүгээр нутгийн болвол нэг айл байж байсан Батаюуш гэж нэг лам бас баригдаад явж байхыг нь би жаахан байжээ. Дөрөлжнийх нь хажууд орсон сонирхоод л өнөөдөхийг чинь үзэх гэж тэр хүний баригдаад явж байхыг би үзсэн л дээ.
Сайнбилэг -
Та тэр үеийн яг тэр дурсамжийг ярьж өгөхгүй юу? Та яаж тэр хүнийг яаж авч явав? Ямар хүмүүс?
Пагма -
Тэгэхдээ манайхан айл байсан, хоёр нэг буутай цагаан морьтой хоёр хүн ирээд л хамаг юмыг нь уудлаад, хамаг авдрын түлхүүрийг нь авчихаад, хамаг юмыг нь данслаад, уудлаад л, зүгээр хөөрөг мөөрөг бүгд юмыг гаргаж, тэгээд тэр ламын хамаатангууд цугаараа тийм мэдрэл муутай улсууд байж, одоо бодоход хоёр мэдрэл муут
Сайнбилэг -
Тэгээд?
Пагма -
Хоёр мэдрэл муутай хүүхэнтэй байсан. Нэг мэдрэл муутай өвгөн байлаа ах нь Нанзад гуай гэж тийм өвгөн байсан. Нээх баян тийм айл байлаа даа, Батаюуш гуайнх. Тэгээд тэднийтэй айл, барих гээд л ирлээ гээд л холбоон дээр хүн амьтан шуугиад л аа Батаюуш гуайг барихаар болж гэнэ одоо яанаа яанаа гээд л өө хүүхдүүд шавчихсан зүгээр, тэднийд би жаахан байсан юм чинь, адилхан л над мэтийн юмнууд тэднийхээр зөндөө чихчихгүй юу. Хөлс нь цуваад зайлуул шинэ хувцас гаргаж өмсөөд л, аа тэр улсуудад хоол хийж өгөөд л, Цэрэндулам гэж нэг тийм өвчтэй хүүхэн байсан юм. Тэрнийгээ хоол моол хий гэж байгаа юм уу, нээх том тогоотой сүү хөөрүүлээд, өнөөх нь мангар юм болохоороо яахав дээ, одоо бодоход мангар юм болохоороо өөрөө ээдэм мээдэм хийж идээд л уугаад л тэр улсад ер нь /инээв/ өгч байгаа юм байхгүй, тийм л байсан. Тэгээд би энэ улсдаа юм өгдөггүй юм байхдаа гэж би бас санаж байхгүй юу жаахан байсан юм чинь. Тэгээд л Аюуш гуай чинь хөлс нь гараад л хөлс нь асгараад л хөлсөө арчаад л чааваас, тэгээд л тэвдчихсэн шинэ гутал, шинэ дээл гаргаж өмсөөд л, манай эд нарыг бодож үзээрэй та минь, цугаараа өвчтэй, маанаг ийм улсууд үлдэж байгаа шүү. Их мөнгөн эдлэл, хувцас сайтай байж л дээ. Тэгээд тэр хувцас юмыг нь хувиарлаж өгөөрэй гэж гуйж байсан.
Сайнбилэг -
Нутгийнхаа ардуудаас уу?
Пагма -
Тэр барих гэж ирсэн улсуудаас. Тэгээд улсууд хэлж байсан юм. Тэгээд тэр лам над өвчтэй улсдаа жаахан юм үлдээж өгөөрэй гэж л хэлж л дээ. Тэгээд илүү гэртээ нээх том ширэн баглаатай юм байсан чинь тэрнийг нь задалж үзсэн тэрэнд нь юу байсныг нь мэдэхгүй, бид нарыг оруулаагүй. Илүү гэр нь жаахан юм болохоороо олон хүүхэд оруулахгүй, аашлаад хавьтуулахгүй. Тэгж нэг лам барьж байхыг үзлээ.
Сайнбилэг -
Тэгээд тэр ламыг хаашаа авч явсан юм бол? Яасан юм бол?
Пагма -
Аймаг руу л аваад явсан юм уу, одоо хэн мэдэх үү аваад явсан, тэгээд л байхгүй. Тэр хэвээрээ байхгүй болчихсон ш дээ.
Сайнбилэг -
Хүн амьтан дараа юм ярьсан уу? Ийм юм ингэсэн тэгсэн гэж юм яриагүй юу?
Пагма -
Өө үхсэн гэнэлээ, алуулсан гэнэлээ л гэж ярьж байсан. Тэгээд одоо бүү мэд. Алуулсан юм уу үхсэн юм уу тэр хаана аваачсан юм хэн мэдэхэв, ганцхан эрүүл нь тэр өвчтэй авгайгаас төрсөн ганц эрэгтэй хүүхэд байлаа. Тэр нь өнөө тэр улсыг үзээд оргоод алга болчихсон олддоггүй. Тэгсэн хээр ухмал нүх рүү орчихсон хэвтэж байсан гэсэн. Тэгээд хүн хонуулж байж маргааш нь олж ирж байлаа. Жамъянсүрэн нусгай Жамъянсүрэн гэдэг байсан юм том болсон хойно нь зайлуул тэр нь л ганцхан ухаан нь эрүүл байж л дээ, тэднийхэнд эрүүл юм нь. Тэгээд тэр нь мэдчихээд тэгээд зугтаачихаад, тэр лам их хайртай, их эрхлүүлдэг тийм хүүхэд байсан. Тэгээд хээр хонуулж өнжүүлээд, маргааш нь орой ухмал нүхнээс олж ирлээ гэж хүн хөтөлж ирж байсан байхгүй юу. Тэр одоо яах гэж байсан юм бол хөөрхий үхье гэж бодож байсан юм уу ганц эрүүл ганц хайрлаж байсан хүн нь тэгээд явчихаар хэцүү байсан байлгүй хэцүү л болоод тэгж зугтааж байгаа биз.
Сайнбилэг -
Ер нь та энэ танай нутагт танай сумаас өшөө хэлмэгдсэн хүмүүс мэдэх үү?
Пагма -
Мэдэхгүй.
Сайнбилэг -
Тэр үед танай суманд та аа тэгээд та ингээд одоо сургуулиа өөрөө ингээд бичиг үсгээ?
Пагма -
Тийм. өөрөө бичиг үсэгээ өөрийнхөө л идэвхээр яасан болохоос би тэгж юманд сууж үзээгүй.
Сайнбилэг -
Тэгээд та дараа нь яав? Юу хийв?
Пагма -
Одоо харин тогоочийн ажил хийсээр байгаад л тэгээд л насандаа суусан. Одоо энд ирээд л
Сайнбилэг -
Яаж тогооч болсон бэ?
Пагма -
Харин би яагаав ирээд УБ төмөр замын төв ясли гэж одоо мэдэх үү үгүй юу энэ ХИД-2 н хажууд одоогоор байр нь байж байгаа нэг муу дан байр бий. Тэрэнд УБ төмөр замын ясли, төв ясли гэж ерөөсөө цэцэрлэгүүд байхгүй байлаа. 55 онд. Тэгээд тэр төв яслид ирж, аа таньдаг хүн намайг ажилд оруулж өгөөд, тэгээд сонгогчоор ороод нэг жил ажиллаж байгаад, тэгээд оросууд намайг одоо ажил их сайтай хүн юм энэ тэр гэж л үнэлж байсан юм гэнэлээ, би хэлийг нь мэдэхгүй юм чинь. Тэгээд л намайг тогоочийн курсанд явуулах болоод, тэгээд бичиг үсэг мэдэхгүй тэгж бичиг үсгэн дээр нь ахлагдсан юм байхгүй, дараачийн курсанд яваад л, сайн тогооч болоод л ирж байлаа.
Сайнбилэг -
Та тийм бүүр УБ орох их хүсэлтэй байсан гэл үү?
Пагма -
Ёстой тэрний л өвчин байсан.
Сайнбилэг -
Тэгээд яаж УБ руу орж ирсэн юм?
Пагма -
Харин өө би чамд яриагүй юм байж, би тэр нэг настайхан хүнтэй суусан гэж ярьсан ш дээ. Тэр хүнтэй сууж хэдэн жил болж байгаад, тэгээд тэр хүнээсээ салаад явах гэсэн чинь өнөө хүн чинь салахгүй барихгүй гээд, тэгээд нэг бас хоёр чиг жил болчихсон. Тэгээд намайг дийлдэхгүй салаад явах нь шиг байна гэдгийг нь ч мэдсэн байх. Тэгээд яахав, хоёулаа эвээрээ, их эвтэйхэн салсан. Яахав, хоёулаа малаа хэдэн малаа айл айл дээр тасалж тавьчихаад, хангайд өвөлжөөд, идэш хоол баянгийн тэмээгээр гурил будаа хангаж авчихаад, идэш хоолоо хангалттай идээд, тэгээд хоёулаа хангайд өвөлжөөд, хоёр биендээ ...заа чи хэдэн жил айхгүйгээр хувцастай болгож, би юм сайн оёдог байлаа. Тэгээд хувцас хийж өгч, одоо ухаандаа тэр хүнд чинь нэлээн хувцас хийсэн, би ч өөрөө зөндөө хувцас хийсэн, тэгж л мал маллахгүй хөдөө байгаа хүн чинь өшөө юу хийхэв. Тэгээд хавар мал махны мөнгөнөөс чамайг явуулж өгье гэж чи яахав,1-д үр хүүхэд тогтохгүй чи бид хоёр, ингээд ийм болохоор одоо чи надтай яаж амьдрахав дээ, аргагүй би мэдэж байна. Их ухаантай хүн байсан юм. Тэгээд чи болмооргүй хот орчихоод харах үзэх ах дүүгүй сурсан эрдэмгүй хүн золбин нохой шиг л болдог юм гэнэлээ. Амьдарч болмооргүй бол эргээд хүрээд ирээрэй, би чамд гэр орон төхөөрч өгөөд, нэг айл болгоод, мал хуй тасдаж өгөөд гаргачихна өө гээд намайг ингэж хэлэхгүй юу. Тэгээд би ганцхан би ч биш заяа нь эргэж ирэхгүй дээ гэж бодож байхгүй юу хог. Жаргаж байсан юм л даа би уг нь, баян хүнтэй суугаад, тэгээд юу угаасаа мөрөөдөж байсан мөрөөдөл юм чинь чухам, дотор сэтгэлээс гарахгүй байсаар байгаад л тэгээд л тэрнийгээ биелүүлээд л, одоо мартаагүй юм шиг л байна л даа. Ийм л түүхтэй хүн дээ.
Сайнбилэг -
Заа таны нөхөр баян хүн байжээ гэж ярьлаа тээ? Хэдий хэрийн настай ямаршуу хүн байв даа?
Пагма -
Өө мал яахав, тэр үед чинь арван хэдэн үнээтэй айл гэдэг чинь баяндаа орж байлаа. Үхэр зөндөө олон үхэртэй. Яахав нэг овоо хоньтой л байсан хэдэн тэмээтэй тав зургаан тэмээтэй, унах унаатай, хэсэг сайхан морьдтой л байсан. Тэгээд бас тэр морьдноосоо шилж унадаг байлаа, би аминдаа. Явдалтай мявдалтай сайхан, унахад сайхан, сайн явдалтай тийм морийг нь унаж бариад л тэгээд л хэдэн жил амьдарч байгаад л тэгээд л яахгүй юу. Тиймэрхүү л амьдралтай айл байсан. Тэгээд л би салаад л одоо ёстой нэг санасныгаа биелүүлсэн хүн дээ уг нь. Би чинь багаасаа мөрөөдсөн хүн би ёстой, мэдээ орсон цагаасаа хойш л би хөгжилтэй газар очиж амьдрах юмсан гэж санасан хүн. Тэгээд чадал хүрдэггүй, мэдэл хүрдэггүй амьдрал муу тийм л байсаар байгаад зөндөө олон хүн жил болчихгүй юу.
Сайнбилэг -
Тэр баян хүмүүс нэгдэлжих хөдөлгөөнд оролцож байсан уу?
Пагма -
Үгүй тэрнийг чинь урд жил ирсэн би. Нэгдэлжих хөдөлгөөн гэдэг чинь энэ 59 оноос л нэгдэлжих хөдөлгөөн хөдөлсөн ш дээ. Тэгэхэд би 55 онд ирсэн юм чинь.
Сайнбилэг -
Та коммун гэдэг юм мэдэх үү?
Пагма -
Мэдэхгүй, мэдэхгүй.
Сайнбилэг -
Тэгээд та яаж УБ руу ирсэн юм? Ямар унаагаар яаж явж ирсэн яаж?
Пагма -
Харин тэр хүн маань намайг явуулаад, зардал мөнгийг чинь өгөөд, замдаа идэх хоол хонь гаргаж шуузалж өгөөд, замд идэх боорцог боовыг чинь хийж өгөөд тэгээд нэг манай тэрүүгээр чинь шуудан гэж явдаггүй байлаа, тэгээд Баянхонгорын шууданд хүргэж өгөх гэж бүр хонон өнжин явж байж Баянхонгор дээр хүргэж өгч, тэгээд Говь-Алтайн шууданд суугаад хот орж ирж байлаа.
Сайнбилэг -
Шуудан гэхээрээ автобус уу?
Пагма -
Үгүй, задгай тэрэг шуудан явж байсан юм. Одоо 51 байсан юм уу, задгай тэргэнд л шуудан гээд л баахан хүн ачсан нэг тийм тэрэг л явдаг байлаа. Хааяа хааяа явдаг байсан, тувтандаа явахгүй, тэгээд шуудангаа хүлээж Баянхонгор дээр хоёр, гурав ч хонож, өнөө хүн чинь намайг суулгаж, өгч байж явуулах гээд бас надтай хоёр гурав хоноод, тэгээд Говь-Алтайн шуудан ирэхээр тэр хүн суулгаж өгөөд л, тэгээд л буцаж байсан юм даа. Тэгээд л би ерөөсөө тэр хүний л хүчинд яахав, энэ хот орон бараадсан юм байхгүй юу.
Сайнбилэг -
Та ингээд анх ингээд шуудангийн машинд суугаад УБ-т ирэхэд УБ ямар харагдаж байсан бэ?
Пагма -
Шөнө ирж байлаа, бид нар.
Сайнбилэг -
Шөнө үү?
Пагма -
Тийм. Шархүүгийн дэрэлжин дээр гараад ирчихсэн чинь өө энд тэндгүй зул асаачихсан юм шиг л гэрэл гэдэг юм л энд тэндгүй. Үгүй ээ, энэ одоо яасан олон зул вэ гэж өнөө гэрлийг чинь мэдэхгүй, ямар олон зул өргөчихсөн юм гэж санаж байсан ш дээ. Тэгж орж ирсэн дээ /инээв/. Тэгээд л шөнө тээврийн товчоон дээр ирээд гадаа хонож байгаа юм ш дээ. Гадаа юмаа авч явсан шуудайтай даалинтай юмаа дэрлээд л хэдүүлээ гадаа үүр цайлгачихаад л тэгээд л цуг явсан Дашноров гуай гэдэг нэг хүнтэй хүнийг бараадаж ирсэн,тэр хот олон ордог хүн байсан настай хүн. Тэгээд тэрнийг бараадаж нэг хоёр хүүхэн орж ирсэн юм л даа, нэг нь би. Нэг нь Цэрэнжав авгайн авгай хэн гэж. Хэнсэн билээ, одоо нэрийг нь мартчихжээ нэг хүүхэн байдаг юм, тэр хоёулаа бараадаж орж ирсэн юм байхгүй юу. Тэгээд тэр хүн Ганданийн дэнж дээр ирээд би тэр урд зам их төвөгтэй бас. Намайг тэр явна гэж байхын зун манай нутгийн нэг Амарбат гэж нэг цэргийн дарга нутагтаа очиж амрахгүй юу, би энд ерөөсөө ирэх айл байхгүй, тэгээд би одоо хот орчихоод ингээд буулгаад л орхичихвол одоо би ер нь яадаг юм бол, ёстой л төөрүүлсэн нохой шиг л болох байхдаа гэж санаад л бүүр бодол болоод болдоггүй ээ, тэгээд тэр цэргийн даргатай очиж уулзаад, тэр цэргийн даргын нэг эгч хүүхэнтэй нь манай нэг ах ханилдаг байсан юм л даа. Тэгээд тэдний манайхан айл явдаг, тэр зэргийн даргыг бол би танихгүй. Тэгээд тэрэнгүүрээ л яаж л тэр хүнтэй зориуд очиж уулзаад, одоо ингээд би хар багаасаа ингээд мөрөөдсөн мөрөөдөл минь одоо энэ жил явах гэж байгаа, тэгээд одоо явж очоод, хотод очоод очих айл байхгүй, би одоо өөртэй чинь одоо уулзах гэж явна, өөрөө хотод байдаг юм. Одоо би ер нь танайд очвол болох уу энэ тэр гэж асууж очихгүй юу, ...Бололгүй яахав, болно болно гээд л чухам хаяг адрессаа бичсэн цэргийн газар эмч байж л дээ ам гардаг чинь тэгээд одоо .. гэдэг дээр автобусанд суугаад буух юм бол .. дэнж гэдэг дээр буугаад тэгээд .. дэнж чинь цул цэрэг намайг мэдэхгүй цэрэг байхгүй нэг цэрэг Амар ах дээр хүргээд өгөөч гэх юм бол ерөөсөө мэдэхгүй цэрэг байхгүй гэж аад хэлэхгүй юу. Тэгээд яахав заа тэр тэгэх ч юм билүү үгүй ч юм билүү ер нь тэгээд буугаад ямар хүнтэй цуг очих юм тэр хүн чинь ирэх биш газар усаа мэддэг хүн байх юм уу ямар хүн байх юм би утасныхаа номер хаяг адресаа бүгдийг нь бичиж өгөөд явчихаж байгаа юм чинь. Ингэж бичиж өгөөд хаяг адресыг нь аваад тэгээд болохгүй бол энэ утсаар утастай газар очиж одоо тэгэхэд одоотой адилхан утас гэдэг юм тэмдэг байхгүй, гар утас гэж байхгүй олддоггүй байлаа ш дээ. Тэгээд тэр надад намайг авч авчирсан Дашноров гэдэг хүн чинь Ганангийн дэнж дээр нэг хамаатангийндаа байдаг юм байна. Тэгээд тэднийд буусан чинь өө тийм тэр эдний хамаатан архвт ажилладаг бас нэлээн юу ажилтай хүн байж. Тэгээд архив руу утасдаад, гэр нь ч утастай юм, тэр утсаар нь өнөөхөө яагаад тэгээд нөгөө .. утасдахыг мэдэхгүй тэр хүн нь ч удахгүй хүрээд ирлээ, утасдаад очсон чинь Очирбат гэдэг хүн байсан юм. Тэгээд тэр хүнийг утсаар яриад өгөөч, би ийм айлд очих юм гээд яриад өгсөн чинь дорхноо 3 дугуйтай давхиж ирээд .. намайг аваад явчихсан. Тэгээд гэртээ аваачаад .. толгой ард лагерь гарчихсан байсан. Тэгээд намайг аваачаад тэгээд би тэндээс л одоо судалж явсаар байгаад л таньдаг нутгийнхаа айлд очоод тэгээд нэг хоёр гурван сар болсон уу үгүй юу энд нэг хоёр сар гаран л болсон байх. Тэгээд энэ ажилд орсон ш дээ.
Сайнбилэг -
Та УБ-г тэр үед харсан чинь ямар байна? Юу байна?
Пагма -
Одоо яахав нээх голдож гэр хороолол байсан ш дээ. Энэ дотор одоо усны гудам гээд л дан гэр хороолол байлаа, энд шар дэлгүүрийн тэрүүгээр чинь одоо хужаагийн нэг дээгүүрээ өвс ургачихсан муусайн байшингууд байсан болохоос тийм олон байшин барилга байгаагүй ээ. Айлууд л байсан ш дээ.
Сайнбилэг -
Та нэг УБ хотын нэг ямаршуу байсан тухай хаана хаана юу байсан тухай ярьж өгөхгүй юу, өөрийнхөө санаж байгаагаар?
Пагма -
Мэдэхгүй.
Сайнбилэг -
Гандан ямаршуу байсан юм бол?
Пагма -
Гандан яахав, нэг жаахан бохь шиг л юм энэ Ганданг сайн ажиглаж мэдээгүй ш дээ. Нэг Гандан дээр л Гандангийн хажуу тал дээр ямар ч гудманд ч билээ бууж нэг айлд ирж байсан юм. Тэгээд л явчихсан. Тэгээд л ер нь би тэгээд нээх шүтлэг байдаггүй, хачин одоо ийм настай хүн байж шүтлэг муутай хүн ш дээ. Гандан дээр одоо тийм олон очдоггүй, харин муу ээж дүү хоёр минь хойноос ирээд хоёулаа нэг жил нас барчихсан. 57 онд би чинь 57 онд 55 онд ирсэн хүн чинь 57 оны өвөл 56 оны өвөл ирээд хавар нь муу ээжийн бие муудаад намар нь нас бараад, зун нь манай дүү нас бараад ингээд би ганцаараа хоцорчихгүй юу. Тэгээд л юм үзэж л явна даа хөөрхий. Тэгээд ганцаараа хоцроод би өөрөө ч би тэгж нээх газардаж сүйд болоогүй ээ. Ганцаараа би бас ингэж явах гэж гэсэн амьдрал надад байгаагүй ч байх. Залуу насанд яахав өөд нь татаад авах амьтан биш үе л даралдаж байлаа. Тэгээд л нэг холбооны яаманд ажиллаж байсан нэг хүнтэй дайралдаж, тэрэнтэй 58 онд суугаад тэрэнтэйгээ 85 онд нас барсан, манай тэр хүн. Тэгээд сайхан амьдарч байгаад нэг охин өргөж аваад, тэр охиноосоо одоо 3 хүүхэдтэй, манай 3 хүүхэд болвол одоо гурвуулаа их сайхан ч амьдрал ахуйтай, цугаараа бие бие биеэрээ гарчихсан. Аав нь ч аав ээж хоёр нь салчихсан бас тэгээд. Тэгээд ээж нь надтай цуг байдаг юм одоо. Тэгээд том охиноос нь гарсан хүүхэд жаахан үлдээд Японд сургуульд явуулна манай тэр том охин Японд сургууль төгсөөд одоо 2 жил болж байна. Тэгээд ирээд ресторан янз бүрийн юм байгуулаад ажилтай.
Сайнбилэг -
Та энэ одоо 25 онд төрсөн юм чинь нөгөө нэг халх голын дайны үе тиймээ дэлхийн 2 дугаар дайны үед монгол орон ямар байсан яг тэр үед байсан байна ш дээ?
Пагма -
Би тэгэхэд нутагтаа байсан. Тэр Лувсан.. тайж гээд би нэг баригдсан хүн ярьлаа ш дээ миний хамаатан. Тэрний том хүү тэр үед чинь цэрэгт яваад тэр л тэр халх голын дайн байсан байлгүй би мэдэхгүй юм сайн. Одоо л бодоход халх голын л дайн байсан юм байналээ. Тэрэнд яваад тэгээд тэр нь дуусаад нутаг орондоо ирэхдээ унаа мал олдохгүй, зайдан морьтой, өвөл говиор орж ирлээ гээд хөө хоёр гуя нь хярамцаг болчихож зүгээр, тийм амьтан ирж байж.
Сайнбилэг -
Хярамцаг болноо?
Пагма -
Тийм одоо олон хоног зайдан морьтой явсаар байгаад хоёр гуя нь зүгээр цэл хөхрөөд хачин болчихгүй юу. Тэгээд арай хөлдөж үхээгүй, тэгээд говьд шалдан зайдан морьтой ирж байсан юм гэнэлээ. Тэгээд манай тэр ах амьд ирсэн болвол ёстой л энэ юманд орох байж л дээ эжий нь үхчихсэн юм чинь. Тэгээд аав нь тэгж хэлмэгдэж байсан юм байхгүй юу тэр чинь, манай ээжийн эгчийг авч байсан л хүн л дээ тэр Лувсан тайж гэдэг чинь. Бид нар цугаараа аав гэдэг байсан, манайхан айл дандаа тийм байдаг байсан.Тэгээд чухам барилдахад нь айл байгаагүй, би мэдэхгүй юм.
Сайнбилэг -
Та УБ-т тавин хэдэн онд ирсэн гэлээ?
Пагма -
55 онд ирсэн.
Сайнбилэг -
УБ хотод Усны гудамж гэж ямар гудамж байсан юм?
Пагма -
Усны гудамж гэж нээх ус болчихсон морин тэрэг нээх томхон шиг тавьчихсан морин тэргээр хужаа нар ус зөөгөөд л тийм л газар байсан ш дээ.
Сайнбилэг -
Хятадууд ус зөөнө гэдэг нь одоо ногоогоо услах гэж хятад хүн их байсан уу?
Пагма -
Ногоогоо усалдаг юм уу амьтанд өгдөг байсан юм уу хэн мэдэхэв би мэдэхгүй юм тэрнийг харж байхад л зүгээр морин тэргэн дээр жигтэйхэн том пошкнууд тавьчихсан ус нь цалгиад л ёстой тэгээд л усны гудамж чинь нэл хавтгай ус болчихсон тийм газар л байсан ш дээ.
Сайнбилэг -
Хятад хүмүүс ер нь их байсан юм байна тээ?
Пагма -
Хятад хүмүүс их байсаан. Хөгшин хужаа нар л байсан юм байлгүй. Тэгээд энэ шар дэлгүүрийн тэрүүээр ямар сайндаа би дэлгүүрт ороод нэг төгрөгний наймаа хийдэг бол уу яадаг бол гээд үзэм авч идэх гээд нэг хэдэн цаас өвөртлөчихөөд үзэм авч идэх нэг төгрөгөөр наймаа хийдэг юм болов уу үгүй юм бол уу гэж айсаар нэг төгрөг гаргаж өгч үзэм авч байсан /инээв/ тиймэрхүү л үед ирж байсан хүн дээ.
Сайнбилэг -
Тэр ер нь тэр үед дэлгүүрт нь бараа ямар бараанууд ихэвчлэн байдаг байсан юм бэ?
Пагма -
Мэдэхгүй ээ одоо ер нь нээх олон дэлгүүр байсан юм уу үгүй юм уу, би тэр юуны ганцхан мэдэж явдаг газар нь тэр шар дэлгүүрийн тэрүүгээр явдаг, өшөө зам мэдэхгүй төөрчихнө. Тэгээд л гараад л явахаараа тэрүүгээр нэг хүнээр заалгадаггүй юм уу, тэгээд шар дэлгүүрийн тэнд чинь их зах гардаг байсан ш дээ. Хойд зах гэж. Тэгээд 5-н халуун ус гээд халуун ус уусчихсан. Тэр бараан зах гэж одоо энэ тээврийн товчоо ш дээ. Бараан зах чинь бараан зах гэж байсан юм чинь. Тэгээд бараан зах бараан захын тэнд би нутгийн айд очиж байсан байхгүй юу Батбаяр гэж. Нэг дор өссөн бид хоёр нас чацуу тийм хүн л. Тэгээд тэрүүгээр л заалгаж л тэр хоёр захын хооронд тэгж усаар тэмдэг тавьж явж байдаг тийм замтай болчихсон байхгүй юу, тэрнээс өшөө газар явж чадахгүй төөрчихнө. Тим л байлаа.
Сайнбилэг -
УБ-т ирээд та юу хийв?
Пагма -
Харин ерөөсөө л одоо энэ ажилд ороод би ер нь удаагүй орсон ш дээ.
Сайнбилэг -
Та яаж энэ ажилд орсон тухай ярьж өгөөч?
Пагма -
Харин таньдаг хүн оруулж өгсөн юм.
Сайнбилэг -
Тэгээд та хоёр жил гэлүү?
Пагма -
Нэг жил сав угаагч хийгээд, тэгээд 1 жил болоод тогоочийн курсанд явуулж намайг тогооч болгож.
Сайнбилэг -
Оросуудтай цуг ажиллаж байсан гэлүү та?
Пагма -
Оросуудтай цуг. Орос даргатай, орос тогоочтой, орос эмчтэй, орос сувилагчтай тэгээд анги болгонд нэг нэг монгол асрагч, анги болгонд нэг нэг орос багш байсан. Тэгээд би одоо одоо энэ төмөр замын одоо хичнээн цэцэрлэгүүд байна энэ нар чинь хойно манайхаас тасарч гарсан цэцэрлэгүүд. 57 онд 1 дүгээр цэцэрлэг манайхаас тасарсан. Тэгээд сүүлд нь байр шинэ байрнууд бариад л цэцэрлэгүүд 2 дугаар цэцэрлэг гэж байна, 3 дугаар цэцэрлэг гэж байна, одоо бол ясли биш 5 дугаар цэцэрлэг болчихоод байгаа ш дээ. Миний жинхэнэ албан байгууллага бол одоо тэр ясли чинь бүүр устаад одоо бүүр нэг муу дан байшин оросууд яваад оросууд нэг жил гаранхан болоод энэ хоёр жил болсон юм уу оросууд явсаар байгаад дан монгол болсон ш дээ.
Сайнбилэг -
Та тэгээд оросуудтай ажиллаж байхад орос хүмүүс ер нь ямар санагддаг байсан бэ?
Пагма -
Сайхан. Ёстой хэл мэдэхгүй ч гэсэн дохио зангаагаар өө тэгээд надад бол хачин сайн байлаа хөөрхий минь, би ч мангартаа ажлыг өдөр шөнөгүй л зүтгэж хийж ингэж хийдэг юм байх гэж хүүхдийг нь хүртэл шөнө хүүхэд дээр Хандгайт гардаг байлаа л даа, манай орос ясли чинь зун Хандгайт зун 6 сард гараад л 8 сарын 25 дээр орж ирдэг Хандгайт гарахаараа өнөө тогооч ч Хандгайт гарна. Би ч тэгэхэд тогооч болоогүй байсан. Хандгайтад хүүхдийн асрагчаар гарахгүй юу түр. Тэгэхэд би хүүхдийг одоо бөгс бөгсийг нь норгож өмдөнд нь бие засуулж болдоггүй байх гэж санаад л шөнө унтахгүй, шөнө унтахгүй хүүхдийн доогуур ингээд л гараа хийгээд л унтуулсан хүүхдийн доогуур нэг нь жаахан норсон л байвал нөгөөдөхийг чинь юмыг аваад л угаагаад л хуурай юм тавиад л ингээд л тэгээд л явдаг байсан чинь би тэрэнгүүрээ их сайн нэр авахгүй юу. Өөрөө мангартаа /инээв/ тэгээд мангар минь надаа хэрэг болсон юм. Залуу насанд ядрах биш, хүн ажил хийгээд ядардаггүй байж би одоо ерөөсөө өдөр заримдаа нэг жаахан нойр хүрдэг л байсан, тэгээд жаахан нүдний хор гаргачихаад л тэгээд л үгүй бол юмаа угаагаад л, завсар хооронд нь юмаа угаагаад л, одоо тэгээд л хүүхдүүдийг чинь усанд оруулна. Сүүдтэй юм байхгүй ээ, тэгж байна ингэж байна ерөөсөө санагдах юм байхгүй, өнөө дуртай газраа ирчихсэн юм болохоороо тэр ер нь ядрах ч юм алга залуу байж. Тийм л байлаа. Тэгээд тэрүүгээрээ орост би их сайн ажилчин, идэвхитэй ажилчин гэж үнэлэгдэж дорхи нь тогооч болгож авсан байхгүй юу.
Сайнбилэг -
Та тогоочоороо хаана ажиллаж байсан юм?
Пагма -
Харин төмөр замын төв яслид.
Сайнбилэг -
Төмөр замын төв яслид тээ?
Пагма -
Тийм.
Сайнбилэг -
Тэгээд төмөр замын жишээ нь?
Пагма -
Одоо бол төмөр замын төв ясли төмөр замын 5 дугаар цэцэрлэг болчихсон байгаа одоо шинээр байранд ороод.
Сайнбилэг -
Та тэнд хичнээн жил ажиллав?
Пагма -
.. нас нэлээн овоо болчихсон байсан. 27 жил хийсэн. 25 жил гэж байналээ тэр тэтгэвэрийн дэвтэр дээр.
Сайнбилэг -
Та бодвол одоо анх хөдөөнөөс ирээд л энэ төмөр замд ороод л ингэхэд?
Пагма -
Би өшөө газар ерөөсөө ажил хийж үзээгүй. Ганцхан төмөр замд.
Сайнбилэг -
Тэгэхэд анх вагон хараад юу гэж санагдаж байв?
Пагма -
Айн?
Сайнбилэг -
Анх тэгж вагон одоо багон харсан уу?
Пагма -
Багон би хардаггүй байсан. Лав нэг хоёр гурван жил хардаггүй байсан байхаа. Сүүлд нэг хот ороод явж сураад л энүүгээр яваад л одоо бодвол хаа ч хүрсэн юм вагоноор яваад л тэгэхэд ер нь
Сайнбилэг -
Ямар санагдаж байв?
Пагма -
Вагон гэж одоо нэг оросуудын ямар вагон гэлээ ганцхан тийм л вагон байсан байх. Заа байз ямар вагон гэсэн билээ одоо нэг нэртэй байсан юмаа нээх түргэн явдаг вагон л байсан. Тэгээд л сүүлд нь хөгжиж явсаар байгаад л энэ вагон чинь ийм л ногоон юм болсон юм уу мэдэхгүй. Мэдэхгүй.
Сайнбилэг -
Ер нь тэр оросуудтай ажиллахад ер нь ямар байдаг байсан?
Пагма -
Нэг Писа гэж тогооч бий. Тэр л их муухай зантай. Тэрнийг байхад айгаад хоол ч идэж чаддаггүй байлаа ш дээ.
Сайнбилэг -
Яагаад?
Пагма -
Ажлаас буугаад явахаар нь л Янжмаа гээд нэг хүүхэн бид хоёр ажиллаж байсан. Одоо хоёулаа хоол идье хоолоо идье гээд духопконд хоолоо хийчихсэн. Нээх муухай зантай тэгээд нэг би чинь их сүйд ч болоод байдаг ч үгүй юм л даа. Тэгэхдээ л их айдаг тэрнээс чинь /инээв/
Сайнбилэг -
Яагаад тэгдэг байсан юм бол?
Пагма -
Зан муутай. Зан муутай ер нь тийм байсан юм. Би өнөө сонгогч байсан юм болохоороо тэрнээсээ Паагма гээд л дуудаад л өөрийнхөө хийх ажлыг надаар чинь хийлгээд л би чинь өглөө чинь шөнө 4 цагт ирнэ ш дээ ажилдаа. Тэгээд өглөө чинь би шуудай төмс арилгачихсан байж байна. Өнөө тогоочийн ажил байж л дээ тэр чинь одоо ерөөсөө сүүлд нь өөрөө тогооч болоод одоо яахав дээ, тогоочийн ажил юм байналээ л дээ би мэдэхгүй юм чинь /инээв/ хэн мэдэхэв хий гэснийг л хийгээд байсан.
Сайнбилэг -
Бусад оросууд нь болвол их гайгүй улсууд байсан уу?
Пагма -
Гайгүй. Манай дарга Шкилов гэж дарга байсан. Ёстой гоё зантай орос.
Сайнбилэг -
Ер нь ингээд тэр төмөр замд ажиллаж байхад албан байгууллагаараа нийлж ийш тийш амрахаар явдаг байсан уу?
Пагма -
Тэгэхэд бол үгүй байсан шүү, одоо л их болж дээ.одоо энэ .. гэх шиг тийшээ яв ийшээ яв гээд манай төмөр замч их сайхан үздэг юм л даа. Ер нь настангуудаа сайхан шүү дээ. Одоо юм хум өгнө дандаа баяр болгоноор мөнгө өгнө. Одоо ер нь төмөр зам шиг настангуудаа харж үздэг газар байдаггүй л юм гэсэн үү дээ.
Сайнбилэг -
Ер нь УБ-г нэлээн эрт дээрээс мэдэх юм байна ш дээ. Тэгэхээр энэ УБ-т яг таныг орж ирэх үед аж үйлдвэржүүлэлт яг эд явагдаж байсан үе байхдаа?
Пагма -
Үйлдвэрийн яндан дугарч байна гэж л одоо юуны үйлдвэр байсан юм их том яндан байсан ш дээ. Өшөө үйлдвэр мэдэхгүй /инээв/ гутлын үйлдвэр байсан юм уу арьс ширний үйлдвэр байсан юм уу бүү мэд.
Сайнбилэг -
Яндан дуугардаг. Тэр яндан яагаад дугардаг байсан юм бол?
Пагма -
Яахав өглөө би энэ чинь одоо энэ одоо дугарахаа байчихаж, одоо хэдэн оноос дугарахаа байчихав дугардаг байсан ш дээ. Бүүр чухам хавийн улс чинь тэр яндангийн дууг андахгүй. Үйлдвэрийн яндан дугарч байна л гэнэ. Тийм байсан ш дээ.
Сайнбилэг -
Та Чойбалсан гуайн тухай мэдэх үү?
Пагма -
Мэдэхгүй.
Сайнбилэг -
Чойбалсан гуайн нас барах үед таны хүүхэд байхад нас барсан уу?
Пагма -
Сайн мэдэхгүй юм.
Сайнбилэг -
Ер нь хүмүүсийн тэр үеийн хүмүүс ажилд хандах хандлага нь ер нь одоо одоо үед ер нь яаж өөрчлөгдсөн бэ?
Пагма -
Ёстой идэвхитэй байсан.
Сайнбилэг -
Тийм үү?
Пагма -
Тийм. Ёстой ямар дэгтэй журамтай даруулгатай хуультай байсан. Одоо бол чухам ёстой задарч гүйсэн цаг нь л одоо гарч ирж байна. Одоо миний санаанд бол тийм л байна. Ёстой нэг энэ чинь Очирбат даргын үеэс эхлээд л ийм болчихсон байх л даа. Хүн бүхнийг дураар нь байлгаж байхаар.
Сайнбилэг -
Социализмын үед хүмүүс ер нь яаж ажилд ордог байсан бэ?
Пагма -
Ёстой нэг идэвхитэй. Ер нь тэр хүний даргын хэлснээс дүрэм зөрчсөн хожигдоно орно гэсэн юм байхгүй. Ер нь тэр нь ч сайхан байсан байна ш дээ. Одоо тэгээд л хагаст чинь өнөө л суботник хийнэ гээд л 5 сар хавар чинь одоо бүтэн хагас сайнд болгонд шахуу л суботник хийж байгаа гээд л энэ хот орныг чинь хачин сайхан цэвэрлэнэ.
Сайнбилэг -
Бүгдээрээ юу?
Пагма -
Тийм. Бүгдээрээ гарна чухам. Албаны амьны гарна ш дээ.
Сайнбилэг -
Дарга нар гарах уу?
Пагма -
Гарна. Ёстой заа жинхэнэ чухам төв хорооныхон яаж байсан юм. Би ч бас үздэг байсан байхаа дуусахын үед. Жигтэйхэн сайхан дэгтэй журамтай байлаа. Одоо бол ерөөсөө хууль дүрэм байхгүй дэг журам ч алга. Тийм л ерөөсөө бие биенийгээ алаад л ерөөсөө.
Сайнбилэг -
Одоо энэ социализмын үед хүмүүс яаж ажилд ордог байсан юм? Ажилд тийм их олддог байсан юм уу?
Пагма -
Олдолгүй яахав.
Сайнбилэг -
Жишээ нь би ажилд оръё гэвэл яах байсан юм?
Пагма -
Ажил л байвал ажилд авна.
Сайнбилэг -
Хэн дээр очиж би ажилд оръё гэж хэлэх үү?
Пагма -
Хүнд чинь бас дамжуулж судас судсаа дагаж таньдаг нэг таньдаг дээрээ очиж дахиад нэг таньдаг нь дамжиж тэгж яваад тэгэхдээ л ажил олддог л байлаа. Би бол ёстой ажилд орох гэж зовоогүй ш дээ хөөрхий. Ёстой захиалчихсан юм шиг хөөрхий намайг тэндхийн нэг ажилчин намайг надад ажилд оруулж өгсөн юм л даа. Би ерөөсөө тэгж зовоогүй ажил хайж ч яваагүй.
Сайнбилэг -
Ажилдаа дуртай байсан уу?
Пагма -
Дуртай дургүйгээ мэдэхгүй. Анхандаа л орсон сүүлдээ дуртай байлгүй яахав ажил олоод хийж байгаа хүн.
Сайнбилэг -
Ер нь социализмын дараа та ер нь ажлаа сольсон уу солиогүй юу?
Пагма -
Би ерөөсөө ажил солиогүй.
Сайнбилэг -
Ажил солиогүй юу тээ?
Пагма -
Би ерөөсөө ганцхан газар ороод л ганцхан газар ажилласаар байгаад л тэр чинь тэтгэвэрт гарахад ч амархан юм байналээ амархан юм байналээ.
Сайнбилэг -
Одоо энэ хүмүүс ажилд хандах хандлага их өөр болсон уу?
Пагма -
Шал өөр. Ямар ч идэвхи байхгүй.
Сайнбилэг -
Идэвхи байхгүй ээ?
Пагма -
Тасалж байсан ч хэдэн өдөр ч байсан ч хамаа алга. Тийм л болчихсон байна ш дээ, одоо ерөөсөө.
Сайнбилэг -
Таны ер нь гол бахархдаг зүйл юу вэ?
Пагма -
Айн?
Сайнбилэг -
Таны ер нь бахархдаг зүйл ер нь юу вэ?
Пагма -
Бахархдаг зүйл би ажилдаа л бахархаж байсан. Өөрөө ч зоволгүй ч хийж байлаа сайхан ч ажилд орлоо оросуудыг байхад бол би үнэнхүү юманд ёстой нэг юм элбэг юман дотор байсан ш дээ. Өө ёстой оросуудыг байхад хачин сайхан байсан. Ёстой юм үзээгүй амьтан юм руу орж байлаа. /инээв/
Сайнбилэг -
Тэр тухайгаа та нэг тодрохой ярьна уу? Одоо жишээ нь юу нь тийм элбэг байсан юм?
Пагма -
Хүүхдийн хоол унд гэдэг чинь хачин элбэг юм байхгүй юу. Тэгэхээр чинь томчуул ч элбэг баян юман дотор байлаа, өө тэгээд илий балай болсон юмыг чинь гахайн хоол муу усны нүх рүү аваачаад л асгачихна. Одоо ерөөсөө юм үгүй ээ мөн элбэг байсан шүү, тэгээд л оросууд явснаас хойш монголчууд жаахан тиймэрхүү байсан. Тэгэхдээ гайгүй байсан нэг хэсэг. Заа одоо болвол ёстой хачин нарийн юу болжээ. Ховор цөөн болж. Тэр оросуудыг байх үед тавин хэдэн онд бол ёстой үнэндээ нээрээ одоо шилтэй .. болгоныг чинь анги болгонд 16 .. овоолоод л өгнө ш дээ бид нар чинь бичүүлээд л илүү гарсанд яблоко бичүүлнэ, 25 кг байдаг оросын яблоко тэрнээс л хэдэн тогоо л гээд л хүүхдүүдийг чинь дандаа 48-н чихэртэй яблоко цуг өгнө. Арван цагийн хоолны нэмэгдэл гээд л тэр яблоконаас чинь тэр ургасан голыг нь ухаж хаячихаад тэр рүүгээ масло хийгээд дупопконд жигнээд өгөхөөр нээх гоё булгансан гоё юм болдог юм. 10 цагт тэгж өгнө өчнөөн илүү хэн хамаагүй авч идээд л тийм байсан ш дээ.
Сайнбилэг -
Бусад цэцэрлэгүүд хүртэл бас тийм байсан уу?
Пагма -
Тийм байсан. Үгүй ээ тийм байсан гэж би бусад цэцэрлэгүүдэд ажиллаж үзсэн биш өө тэр миний орсон байгууллага чинь орос болохоороо тэгж байсан юм уу одоо тэр тэр үед чинь тийм их олон цэцэрлэг байгаагүй л дээ, ерөөсөө энэ цэцэрлэгүүд чинь намайг орос хойно нээгдсэн цэцэрлэгүүд ер нь ганцхан төмөр замын төв ясли л гэж цэцэрлэг ясли өлгий ангиас эхлээд л тийм хүүхдүүд хольж авчирсан тараасан тийм хүүхдүүд хольж авчирсан ганцхан ясли. Тийм олон цэцэрлэг ясли гэж би мэдэхгүй юм байхгүй ясли л лав байгаагүй.
Сайнбилэг -
Та одоо ажлынхаа хамт олны тухай тодорхой ярьж өгнө үү? Дарга нэг дарга байсан тиймээ?
Пагма -
Би ч одоо зургаа долоон даргын нүүр үзсэн.
Сайнбилэг -
цэцэрлэгт дарга нэг байна өшөө хэн хэн ажилладаг байсан юм бэ? Хэдэн ажилчинтай байсан юм бэ?
Пагма -
18 ажилчинтай байлаа манайх. Хоол зөөдөг 3 тогоочийн жолооч дандаа морь тэргээр зөөдөг байсан. Сүүлдээ гурван дугуйтаар зөөдөг болоод
Сайнбилэг -
Молтоцикл байна тээ?
Пагма -
Тийм. Манайхан чинь 61 онд бригад болох гэж социалист хөдөлмөрийн бригад болж 61 оны 10 сарын 5-нд билүү мандатаа авч сайхан наргиж цэнгэж байлаа. Шагнахыгаа шагнаж л чухам чигтэйхэн сайхан л түүх болж байлаа. Ресторанд оруулж мандат зандатаа авч юу тогооч хоёр тогооч нэг сав угаагч тэгээд л ангийн асрагчууд багшууд аа гурван дугуйтын жолооч аж ахуйн дарга дарга нар энэ тэр нийлээд л арван найм ес.
Сайнбилэг -
Тэгээд их эвсэг сайхан ажиллах уу?
Пагма -
Өө сайхан.
Сайнбилэг -
Дарга нь ер нь цэрэгтэйгээ ямаршуу харьцах юм бол?
Пагма -
Зүгээр. Манайхны дарга тийм буруу дарга байгаагүй. Орос ч гэсэн монгол ч гэсэн ерөөсөө.
Сайнбилэг -
Та таныг залуу байх үед УБ-т та энэ кино театр жүжиг их болдог байсан уу? Үзэж байсан уу?
Пагма -
Болдог л байсан байх. Би олигтой их юм үзэж байгаагүй ээ. Харин ирээд л цөөхөн хонож байхад тэр миний байгаа айлд энэ найзууд орост барилгад ажилтай тэр үед чинь хятадууд мөн ч эд ирж байсан ш дээ манайд.
Сайнбилэг -
УБ-т уу хаанаас ирж байсан юм?
Пагма -
Бээжингээс Шанхай манхай хятадууд чухам барилгын ажилчид хар хөх юмаар бүтээчихсэн юм шиг байлаа.
Сайнбилэг -
Өө тийм их байсан юм уу?
Пагма -
Тийм. Зүгээр энэ вагоноор чинь зүгээр асгарна. Тийм байсан ш дээ. 55 онд 55 56 оны үед чинь чухам энэ хятадууд чинь маш их ирж байсан ш дээ. Тэгээд л энэ чинь одоо хэдэн онд билээ явууллаа ш дээ. Тээр хойно дөө.
Сайнбилэг -
Тэр хятадууд яадаг байсан юм? Энд барилга барьдаг байсан юм уу?
Пагма -
Барилга. Барилга бариад л.
Сайнбилэг -
Тэд нар ший мий жүжиг тоглодог байсан уу?
Пагма -
Тэр хятад кино үзэх гэж нээх тэр айлынхаа улстай нийлж харин “буурал бүсгүй”гээд л нэг кино нэг тийм хятад кино нэлээн хэдийг үзж байлаа. Тэгээд хүнтэй явахгүй бол мэдэхгүй ш дээ.
Сайнбилэг -
Кино театрт уу?
Пагма -
Тийм. Юунд цирк нээх их олон морьтой заан маантай тийм Албаны жүжигчид гээд ирж тоглож байлаа тийм тийм юм үзэж байсаан үзэж байсан. Хүн дагуулаад л явна бас би чинь намайг чинь тэгээд л юм үзүүлэх гээд л. Би ганцаараа бол нээх тэгж явдаггүй л байсан.
Сайнбилэг -
Та гадаадад явж үзсэн үү?
Пагма -
Үгүй. Эрээн л нэг хэд орсон.
Сайнбилэг -
Аан сүүлд үү?
Пагма -
Тийм.
Сайнбилэг -
Та ер нь нэгдэлжүүлэх хөдөлгөөний талаар мэдэх үү?
Пагма -
Мэдэхгүй.
Сайнбилэг -
УБ-т байсан болохоороо мэдэхгүй юу?
Пагма -
Тийм. Мэдэхгүй тэрнээс болохоос чинь өмнө ирчихсэн хүн юм чинь.
Сайнбилэг -
Таны амьдралын туршид ер нь эмэгтэйчүүдийн байдал яаж өөрчлөгдөж ирсэн гэж боддог вэ?
Пагма -
Одоо юу?
Сайнбилэг -
Тийм. Ер нь эмэгтэйчүүдийн байдал таны бага байхаас өгсүүлээд одоо энэ таны үзэж байгаагаар яаж өөрчлөгдсөн бэ?
Пагма -
Аа мэдэхгүй. Тэгж замбараагүй гараад л яахаас биш бсдыг нь бол мэдээгүй юм.
Сайнбилэг -
Та энэ соёлын довтолгооны тухай юм мэдэх үү?
Пагма -
Заа би тэрнийг сайн мэдэхгүй ээ ёстой. Худлаа яриад яахав.
Сайнбилэг -
Соёлын довтолгоо гээд л хүмүүсийг гэртээ тийм бай ор дэрний хөнжилтэй бол алчуур савантай бол эд нар гээд шаардаад явдаг байсан гэсэн.
Пагма -
Одоо тэр чинь хөдөө байж байхад тэгж байсан юм шиг байхнуу. Ор дэрний цагаан даавуутай бол энэ тэр гээд л тэргүүний ажил үүдэн дээрээ улаан туг гозойлгочихсон тийм л байсан даа. Тэр соёлын довтолгоо гэж тэр байсан байх өө. Би тэгээд
Сайнбилэг -
Танд тэр тухай дурсамж байна уу?
Пагма -
Тэрнийг би сайн ярьж мэдэхгүй. Харин манайх баггтаа одоо тэр үед чинь албан журмын юм өгдөг байлаа ш дээ.
Сайнбилэг -
Албан журмын юу гэнэ ээ?
Пагма -
Албан журмын юм өгдөг байсан ш дээ. Мал мах сүү цагаан өгдөг байлаа ш дээ.
Сайнбилэг -
Улсад өгөх юм уу?
Пагма -
Тийм улсад өгдөг байсан.
Сайнбилэг -
Тэр ямар учиртай юм бол?
Пагма -
Тэр чинь өнөө одоо тэр болвол одоо заводод үнээгээ саалаа гэдэг чинь заводод сүү тосыг нь өгч байгаа юм байхгүй юу. Сүүгээ өгөөд тосыг нь ялгаруулж аваад л тэгээд л авах хэмжээний юм дээр өгөөд буцна.
Сайнбилэг -
Заавал тийм юм өг гээд?
Пагма -
Тийм. Тэгээд л завадод цуглаад албан журмын мах мах мал мах гэдгийг чинь чухам албан журам таван сар эхлэхээр зэрэг л мал махаа өгнө мал махаа өгч дийлэхгүй улс чинь бүүр албан журмынхаа юмыг дийлэхгүй бүүр чухам юманд унаж баларч чухам амьдрл нь сүйрч байсан улс бий ш дээ.
Сайнбилэг -
Тэгээд тэр албан журмын юмыг өгч дийлэхгүй бол яах уу?
Пагма -
Дийлэхгүй бол одоо бусдаас авч өгөөд бусдаас авч өгөх мөнгө цаас байхгүй байвал тэр хэвээрээ хоосорно. Тэгж хоосорч байсан хүн аа нарийн төмөр замд саналаа өгч энэ рүү ч ирж байлаа ш дээ.
Сайнбилэг -
Нарийн төмөр зам?
Пагма -
Нарийн төмөр зам гэж байсан юм.
Сайнбилэг -
Тэр ямар учиртай юм бэ?
Пагма -
Нарийн төмөр замд саналаа өгөх хүн байна уу сүүлийн үед авдаг байж надтай бол дайралдаагүй. Би тийм юм дайралдсан бол тийм юманд л саналаа өгөх хүн байсан байхгүй юу. өнөө явахын өвчин тусаж байсан юм чинь. Тийм дайралдаж үзээ ч үгүй юм чинь хөдөө байсан тэр суиын төв мөвөөр л тийм юм явж байж л дээ. Тэгээд манай нутгаас бол .. сүйрсэн амьдралгүй болсон улсууд энд л ирж амьдраад л сайхан айлууд болж амьдарч л явна даа зөндөө. Нарийн төмөр замд саналаа өгсөн гэнээ заа тэр дээр албан журмынхаа юмыг таслаад одоо өгөх юм байж юм биш дээ модоо барьсан юм чинь гэж байлаа шүү дээ.
Сайнбилэг -
Тэр нарийн төмөр зам гэдэг нь ямар учиртай юм бэ?
Пагма -
Нарийн төмөр зам гэж одоо энэ төмөр зам л мэдэх байх. Нарийн төмөр зам гэж байдаг.
Сайнбилэг -
Заа, тэрийг барьж байсан юм уу?
Пагма -
Тэрэнд л саналаа өгч ажилд ирж байхгүй юу. Тэр нарийн төмөр замд ажил хийх хүн цөөхөн олддоггүй байсан юм уу хайшаа юм мэдэхгүй. Албан журмын юм гэдгийг чинь чухам өгч байлаа. Харин албан журмын юмыг өнөө мал сайтай бүл цөөтэй юм уу мал сайтай айл албан журмынхаа юмыг давуулан биелүүлчихвэл өнөө өгч чаддаггүй улсдаа махаа худалдана ноос үс ноолуур хялгас хөөвөр гээд л тийм юмаа үнээр өгнө ш дээ. Тэгээд л тэрэнд чинь .. байгаад бүр зарим нь амьдралгүй болчихож байна. Тийм болсон айл ч бий. Манайх бол харин бүл цөөтэй тэгээд юу болохоороо албан журмын юм чухам жил бүхэн давуулан биелүүлээд л махаа өө нэг шар кг дээр тавьж өглөө биелүүлдэг. Тийм л байлаа.
Сайнбилэг -
Хэрвээ давуулан давуулан биелүүлсэн бол яах уу?
Пагма -
Давуулан биелүүлчихсэн бол яахав давуулан биелүүлчихээд нэлээн .. норм юугаа биелүүлж чадахгүй бол одоо ухаандаа бас л хөөрхөн мөлжиж байж л дээ. Наймаа хийж одоо.
Сайнбилэг -
Давуулан биелүүллээ гэвэл дараа жилийнхээ юманд орохгүй юу?
Пагма -
Үгүй ээ орно орно. Яг л ижил орох юм чинь оролгүй яахав.
Сайнбилэг -
заа та бид хоёр 1 цаг гаран ярьжээ. Маш сайхан сонирхолтой сайхан ярилцлага болж байнаа. Маргааш бас яг өдийд уулзаад дахиад энэ ярилцлагаа үргэлжлүүлж болох уу? Дахиад би таниас одоо нэг өшөө жаахан юм асуух хэрэгтэй байна. Та жаахан ядраад байх шиг байна.
Пагма -
Үгүй ээ одоо маргааш ярих юм олдох юм уу надад.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.