Natsagbadam


Basic information
Interviewee ID: 990310
Name: Natsagbadam
Parent's name: Gonchigdorj
Ovog: Shargaljuut
Sex: f
Year of Birth: 1938
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired, railroad maintanence
Belief: Buddhist
Born in: Bayanzürh sum, Bayanhongor aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
childhood
family
travel
collectivization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу Нацагбадам гуай?

Нацагбадам -

Сайн. Сайн байна уу хүү минь?

Ариун-Ундрах -

Сайн байна аа. Та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?

Нацагбадам -

Зөвшөөрч байна аа.

Ариун-Ундрах -

За танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

Нацагбадам -

За би одоо өөрийнхөө нэрийг хэлээд үү?

Ариун-Ундрах -

Аанхан, өөрийнхөө та намтрыг танилцуулахгүй юу?

Нацагбадам -

Аан намтрыг уу? За. Би 1938 онд төрсөн. Баянхонгор аймгийн Баянзүрх суманд төрсөн. Тэгээд аав ээжийн гар дээр байж байгаад малчин боллоо. Хөдөө мал маллаж байгаад 19 настай төмөр замд саналаа өгөөд ирсээн. Төмөр замд саналаа өгч ирээд 59 он хүртэл төмөр замд ажиллаж байгаад, тэгээд би 60 онд энэ Налайхын уурхайд ирсэн. Налайхын уурхайд ирээд жижиг уурхайд ажиллаж байгаад 15, 16, 18-р уурхай гэж байсан юм. 17-р уурхай энэ тэр гээд жижиг уурхайнууд их уурхайтай нийлээд тэгээд би их уурхайн гэрлийн тасагт нь цэнэглэгчээр ажиллаж байсаан. 22 жил ажиллаа. Тэр хугацаандаа яахав би сайнтай муутай л ажилласан байх. Тэгэхдээ хөөрхий минь хамт олон, ажиллуулж байгаа албан газар ч гэсэн надыг бас өндрөөр үнэлж одон медаль өгсөөн. Тэгээд одоо би 50 нас хүрээд тэтгэвэртээ суусаан. Тэгээд одоо яахав би хэдэн хүүхэдтэйгээ одоо ингээд амьдраад явж байна. Миний хань ижил маань одоо 79 онд нас барсан. Тэгээд хэдэн хүүхэдтэйгээ байж байгаад тэгээд одоо яахав хүүхдүүд маань том болоод авгай сэвгэр авдаг нь аваад одоо ингээд хүүхэд шуухад гаргасан, ачтай гучтай одоо ингээд л амьдарч байна даа. Тэгээд бага байхдаа би яахав одоо тэр хэлмэгдэл энэ тэр гэдгийг бол би мэдэхгүй ш дээ. Жоохон байсан юм чинь. За ямар ч байсан тэр бурхан шүтээнийг хурааж байна энээ тэрээ, одоо бурхан шүтээн шүтүүлэхгүй юм гэнэ ээ энэ тэр гэдгийг бол дөнгөж захыг нь л мэднэ. Тэрнээс цааш бол мэдэхгүй. Тэгээд одоо сургууль соёлд бол би суугаагүй ээ. Хөдөө одоо мал дээр байж байгаад л, тэгээд л юу яасан юм чинь. Мал маллаж байгаад л тэгээд л ажилчин болно гээд л ажилд яваад ирсэн хүн. Одоо тэгээд л хэдэн хүүхэдтэй амьдраад л одоо 70 гараад явж байна. Одоо өшөө юу ярих уу?

Ариун-Ундрах -

Аанхан. Таны аав ээж хоёр ямархуу хүмүүс байсан бэ?

Нацагбадам -

Манай аав ээж одоо Баянзүрх суман дээр манай аав чинь одоо бас Бараа лам нэртэй ийм хочтой. Хоч нэр нь Бараа лам гэдэг. Жинхэнэ нэр нь бол Гончигдорж гэдэг хүн байсан юм. Тэгээд тэр хүн маань яахав одоо энэ хур бороог оруулдаг, хариулдаг тийм хүн байсан байгаа юм. Тэгээд тийм байсан мөртлөөсөө тэр нөгөө нэг хэлмэгдлийн үеэр чинь бол тэгэж өөрийнхөө одоо мэдсэн мэдлэгийг гадагш нь гаргалгүйгээр өөртөө одоо хадгалж байсан. Тэр одоо хийдэд бол сууж байгаагүй. Зүгээр л ер нь тиймэрхүү л одоо мэдлэгтэй хүн байсан гэдэг нь л өөртөө байсан болохоос биш. Тэгээд муу аав маань одоо надыг 10 настай байхад нас барсан юм. Ээж маань бол одоо яахав артель гээд байсан юм даа дээр үед чинь. Тэр артельд, Баянзүрхийн артельд ажиллаж байгаад, тэгээд сүүлд нь Улаанбаатар хотод ус сувагт ажиллаж байгаад, тэгээд бие хаа нь муудаад тэгээд 77 онд нас барсан. Иймэрхүү л түүхтэй. Би эхээс 7-уулаа. Тэгээд 7 улсуудаас одоо хамгийн том нь би. Надаас доошхи дүү нар байж байгаад одоо тэгээд дүү нар маань нас бараад одоо бараг дуусаад одоо ганцхан дүүтэй байж байна. Энэ 9-р хороонд байдаг юм. ТМС-ийн багш хийж байсан Адъяа гээд тэр дүү маань бас бие хаа муутай, босож явж чаддаггүй ээ. тэгээд одоо муу хань нь бас уржнан нас барчихсаан. Нэг хэдэн хүүхэдтэйгээ байж байдаг нэг ийм залуу байдаг юм. Тэгээд бид хоёр одоо эх эцгээс хоёулахнаа үлдчихээд л одоо тэгээд л байж байна. Одоо бол би ямар эрхэлсэн ажил гэж байгаа биш. Одоо тэгээд тэтгэвэртэй хөгшин чинь одоо юугаа хийхэв дээ тийм ээ? Тийм. Тэгээд л одоо хэдэн ач гучаа маллаад л одоо тэгээд л наана цаана гээд л байж байна. Манайх тэр 20-р байрны ар талын байранд байдаг юм ш дээ. Даваажав баатрын нэрэмжит байранд тэнд байдаг юм. Нэг иймэрхүү л байна даа.

Ариун-Ундрах -

Тэр артель гэдэг нь юу вэ?

Нацагбадам -

Артель гэдэг чинь одоо нөгөө юм хум л оёдог шиддэг, одоо тэгээд дээс томох барихаас өгсүүлээд энэ гэрийн одоо бас юмыг хийдэг тийм л газар байсан юм шиг байгаа юм. Артель л гэж ярьдаг байсан юм. Тэгэхдээ би тэгэхэд бол 8-9-тэй байсан юм. Тэгэхэд л манай ээж тэрүүнд ажиллаж байсан юм. Аав маань бас тэрүүнд чинь бас нэг мужаан хийж байсан юм уу хаашаа юм. Мужаан л хийж байсан юм шиг байгаа юм аа. Тэгээд сүүлд нь бас бие хаа нь муудаад л тэгээд ажлаасаа чөлөөлөгдөөд л гэртээ байж байгаад тэгээд гэнэтхэн даралт харваад нас барчихсан юм.

Ариун-Ундрах -

Таны хүүхэд нас ер нь хэрхэн өнгөрсөн бэ?

Нацагбадам -

За миний хүүхэд нас гэхээр бол одоо би хөдөө мал дээр мал маллаад байж байсан хүн чинь одоо чулуугаар их тоглоом барьж тоглодог тийм л байсан. За тэгээд нөгөө дуу их дуулах дуртай. Одоо ердөө уртын дуу ч дуулдаг, богинын дуу ч дуулдаг. Одоо ер нь л дуулах л их дуртай тийм л байсан юм би жоохон байхдаа. Тэгээд манай аав ээж чинь надыг өргөж авсан. Би бас өргөмөл аав ээжтэй. Тэгээд надыг өргөж авсан аав ээж маань надыг одоо өвлийн цагт битгий хамаагүй орилж дуулж явж бай. Болохгүй шүү гээд ингэдэг байхгүй юу. Өвлийн хүйтэнд одоо энэ газар дэлхий хөлдсөн байхад тэгэж хамаагүй дуулж орилж болдоггүй юм. Тэгээд л одоо нөгөөдөх энэ үгэнд нь орохгүй ээ. Нөгөө гэрээсээ холхон гарч яваад л дуулаад л нөгөө хэдэн хонийг чинь л хүүе хайя гэж юу яагаад л. Тэгээд одоо тэр хонины зах дээр хатгамал их хатгаж оёдог байлаа. Утас их ээрдэг байлаа. Ээрсэн утсаа авчирч нийтэгдэг байлаа. Одоо тиймэрхүү л ажил хийж байсан даа.

Ариун-Ундрах -

Тэр үед ердөөсөө сургууль гэж байгаагүй юу?

Нацагбадам -

Тэр үед бол сургууль байсан. Гэхдээ би 1-р ангид орлуу, 2-т ч орлуу? 2-р ангид орсон юм байна даа. Тэгээд л би ердөө хөдөө мал дээр гарчихсан юм чинь. Тэгээд одоо бас ном сурахдаа тааруухан ч байсан юм уу? Яасан ч юм одоо тэгээд л ердөө хөдөө гараад л мал маллаад, одоо тэгээд 19 нас хүртлээ маллаад явчихсан юм.

Ариун-Ундрах -

Таны хүүхэд насны мөрөөдөл юу байсан бэ?

Нацагбадам -

Миний мөрөөдөл болохоор бол, ганцхан бол миний мөрөөдөл юу вэ гэхэд Улаанбаатар хотыг үзэх юмсан. Ажилчин болох юмсан. Улсад л ажил хийвэл их сайхан санагддаг надад ердөө. За тэгээд одоо бодоход бол би малаасаа л зугтааж байсан хүн байна л даа. Ердөө мал маллахаасаа зугтаагаад одоо нэгдлийн гишүүн. Нэгдэлд бас орсон байсаан. Тэнд чинь тэгэхэд тэр үед чинь бас нэгдэл гээд байлаа ш дээ. Тэгээд нэгдлийн гишүүнд элсчихсэн байж байгаад. Тэгээд төмөр замд санал авч байна гэх дээрээс нь нөгөөдөхөө хаячихаад өө би ажилчин болно. Ерөөсөө замд саналаа өгөөд явлаа ердөө. Аа Улаанбаатар хотыг би нэг үзье гээд ингээд. Тэгээд би төмөр замд саналаа өгөөд ирсэн хүн. 57 онд. Тэгээд тэр хугацаанд яахав дээ бас одоо хүний нэг баярлах барих, гомдох тал одоо альныг тэр гэх вэ дээ тийм ээ? Ялихгүй шалихгүй юмнаас гомдох, ялихгүй шалихгүй юманд баярлах одоо ийм юм бол байлгүй яахав. Бишгүй л байдаг юм чинь. Тэгээд л одоо энэ хүүхдүүдийнхээ эцэгтэй би 57 оны намар нь ... Намар нь биш худлаа. Би чинь хавар ирээд зун нь би суусан юм. Хоёулаа замд ажиллаж байсан. Тэгээд л суугаад л. Тэгээд урагшаа Сайншандад бас очоод, Сайншанд руу биднуус тэнд хүрч очиж замд ажиллаад. Тэгээд одоо энэ манай том хүү маань надыг 20-тойд гарсан юм. Манай том хүүг бараг дуулсан байх аа даа. Алтандөш гээд.

Ариун-Ундрах -

Аан дуулсан.

Нацагбадам -

Айн тэр чинь миний том хүү шүү дээ. Тэр хүү маань одоо надыг 20-тойд гараад. Тэрнээс хойшхи нь тэгээд л 3 жилийн дараа, 2 жилийн дараа. Тэгээд л ингээд би 5 хүүхэд төрүүлсэн. Одоо 5 хүүхэд амьд байна. Уг нь 9 хүүхэд гарсан юм надаас. 4 нь эндээд тэгээд одоо 5 нь байгаа. Тэгээд 4 бандитай, ганц хүүхэнтэй. Ингээд одоо тэр хүүхдүүдийн ач гуч нь гээд л зөндөө юмсууд л байна шүү дээ хүү минь. Одоо тэгээд л би тэд нарыг чинь маллахыг нь маллаад л, харахыг нь хараад л тэгээд явж байх юм.

Ариун-Ундрах -

Аан та тэгээд энэ алдарт эхийн 2-р одонг авсан уу? Тийм ээ?

Нацагбадам -

Тэгээд би 5 хүүхэдтэй алдарт эхийн 2-р одон авсан.

Ариун-Ундрах -

Таныг бага байхад хүмүүс ер нь сургуульд явах нь ховор байсан уу?

Нацагбадам -

Ховор байсан, ховор байсан. Сургуульд сурах нь бол ховор. Мал маллах хүн л их байсан шүү дээ тэр үед чинь бол ерөөсөө. Мал дээр л байх л, одоо сургууль гэхэд чинь ер нь жаахан дурамжхан одоо тиймэрхүү л байсан үе шүү дээ.

Ариун-Ундрах -

Та өөрийнхөө төрж өссөн нутаг асныхаа тухай яриач?

Нацагбадам -

Төрж өссөн нутаг гэх дээрээс одоо би Баянхонгор аймгийн Баянзүрх суман дээр төрсөн юм. Баянзүрх суман дээр төрөөд би тэгээд Баянзүрх, Өлзийт хоёр нэгдээд, тэгээд Өлзийт рүү ороод одоо би Өлзийт сум гэж явдаг юм ш дээ. Одоо би саяхан энэ Баянхонгор аймгийнхаа дамшиг наадамд энэ хүүхдүүд маань надыг авч явлаа. Би нутгаасаа гараад 40-50-иад жил болсон юм байна. Тэгээд өнөө жил очиж нэг нутгаа үзээд ирсэн.

Ариун-Ундрах -

Нутагтаа очих сайхан байна уу?

Нацагбадам -

Өө сайхан байна. Нутгийнхаа шороон дээр нэг баахан буруу зөрүү харж хөлбөрч байгаад тэгээд хүрээд ирсэн. Харин даан ч нэг тэр төрсөн газартаа л очиж чадсангүй. Тэр Баянзүрх суман дээр очсон бол яг миний одоо төрөн газар байхгүй юу. Тэгээд тэнд чинь болохоор бол одоо тийм хүн амьтан байхгүй юм чинь тийшээгээ юу гэж явахав нэгд. Хоёрдоод ирэхэд тэгээд энэ хүүхдүүд нөгөө морь хар уралдуулаад л, тэгээд л наадам нь дуусаад л яараад л тэгээд л хүрээд ирсэн юм чинь. Тэгээд л одоо байж байна даа эмээ нь.

Ариун-Ундрах -

Таныг бага байхад таны аав ээж хоёр Монголын түүхтэй холбоотой, аа эсвэл за заншилтай холбоотой зүйлүүдийг ярьдаг байсан уу?

Нацагбадам -

За тийм юм бол надад нэг их ярьдаггүй байсан. Тийм юмыг бол ерөөсөө нэг их ярьдаггүй. Би тийм юмыг бол ёстой нээрээ сайн мэдэхгүй байна.

Ариун-Ундрах -

Бас үлгэр ярьдаг байсан болов уу?

Нацагбадам -

За мэдэхгүй ээ ердөө.

Ариун-Ундрах -

Таныг бага байхад Монголын уламжлалт баярууд яаж болдог байсан бэ?

Нацагбадам -

Уламжлалт баяр гэдэг чинь одоо юу шүү дээ. Цагаан сар гэдэг л баяр болж байсан ш дээ. Тэгээд нөгөө наадам. Наадам гэдэг чинь одоо ер нь хэд үү? Хэдүүгийн хавьд болж байсан юм бол доо. Би бас тэрнийг сайн мэдэхгүй юм.

Ариун-Ундрах -

Аан бас өөр үед болдог байсан юм уу?

Нацагбадам -

Тийм. Хэдүүгийн үед болдог байсан юм. Үгүй ээ ямар ч байсан зун болох нь болдог байсан. Чухам 7 сардаа болж байсан юм уу, хэдэн сардаа болж байсан юм. Одоо тэр надыг бага байхын үед чинь тийм их олон баяр ёслол, тийм юм байдагггүй байсан юм даа. Ер нь нэг л цагаан сар л гэж байсан юм.

Ариун-Ундрах -

Хүүхэд байхдаа ер нь юунд хамгийн их дуртай байсан бэ?

Нацагбадам -

За би юу? Би ч одоо ер нь юм хум оёж шидэх, одоо юм хатгах тийм л оёдлын юманд л их дуртай байсан даа. Тэгээд одоо дээл хувцас оёх л, одоо энэ гутал уллах ч байдаг юм уу, өмд оёх одоо тиймэрхүү юмсуудыг л оёж шидэж. Аа одоо нэг жаахан даавууны өөдсөн дээр цэцэг навч хатгах одоо тиймэрхүү юманд дуртай. Тэгээд л хамгийн дуртай юм л одоо ердөө дуунд л их дуртай байсан. Ёстой нөгөө дуунд дуртай болов оо гэгчээр л дуунд л их дуртай байсан ердөө.

Ариун-Ундрах -

Та тэр дуугаараа янз бүрийн юмаар явж үзсэн үү?

Нацагбадам -

За дуугаараа би ер нь нэг их яваагүй дээ. Одоо энэ дээр үед чинь надыг уурхайд ирснээс хойш чинь юу гээд байлаа ш дээ. Одоо нэг ... өө хог. Клуб гээд. Тэр клуб гээд бол бага зэргийн одоо жижигхэн клубнууд байдаг байсан ш дээ. Энэ хоринд чинь танце бүжиг явдаг тиймэрхүү клуб байдаг байсан. Тэрүүнд нэг ганц хоёр явж байгаад л тэгээд л хүүхэд шуухадтай болоод л нөгөө хүүхэд шуухдаа маллах уу? Нөгөө ажлаа хийх үү? Тэр дуу хуурандаа явах уу? Тэр чинь одоо бүр зэрэг зэрэг юм болоод. Тэгээд нөгөө хажуудах хүн маань ч одоо бас нөгөө дуулна хайлна гээд л тэгэхээр чинь дургүйцээд л одоо за чиний дуулдаг гэж хаашаа харсан юм байдаг юм. Яах юм, яах юм гээд л одоо ингээд л тэгээд би тэр дуу хуураа орхичихсон ш дээ. Ердөө л одоо тэгээд за за больё больё, яршиг яршиг гээд.

Ариун-Ундрах -

Аа тэр нэгдэл гэж яг ямар байгууллага байсан бэ?

Нацагбадам -

Нэгдэл гэдэг чинь одоо нөгөө мал хуйг л тасалж одоо авдаг байсан юм уу хаашаа юм. Тийм нэгдлийн гишүүн болно энэ тэр гээд л манайхан чинь малынхаа хагасыг өгөөд л, тэгээд өөрсдөө нэгдлийн гишүүн болоод л, тэгээд өөрсдөө хэдэн малтайгаа хоцроод л. Тэгдэг л байсан ш дээ. Тэгээд тэр мал хуйныхаа ноос үсийг нь тушаана, нэгдэлдээ тушаана. Үс ноос, одоо хялгас хөөвөр гээд л янз бүрийн ноолуурууд байгаа. Тэрнийг чинь тушаана. Тэгээд одоо тэр нэгдлээс нэгдлийн гишүүн хүнд чинь одоо бас будаа гурил, цай, тамхи тийм юмсуудыг бас өгдөг байсан юм шиг байгаа юм. Тэгээд одоо нөгөө бага байсан болох дээрээс бас тэр бүгдийг сайн одоо судлаад мэдээд, тэрнийг нэг юу яагаад байсан юм байхгүй юм.

Ариун-Ундрах -

Яг танай гэрийн хувьд нэгдэлд яаж анх элсэж байсан бэ?

Нацагбадам -

За тэр чинь одоо ер нь надыг бага байхад чинь тэддүгээр бригад, эддүгээр бригад гээд одоо ингээд бригадууд дугаартай. 1, 2, 3-р бригад ч гэх жишээний тийм байсан. Тэгээд тэр нэгдэлд элсэхэд чинь одоо хурал хуй хийгээд л тэгээд нэгдэлд элсэх үү? Элсэхгүй юу энэ тэр гэж хүний санал гомдлыг асуугаад. Аа нэгдэлд элсэнэ энэ тэр гэсэн нь одоо тэгээд мал хуйгаа тасалж өгөөд, нэгдэлдээ өгөөд л, өөртөө хувийнхаа малыг авч хоцроод л. Одоо тэгэж л элсэж байсан юм шиг байгаа юм. Би бас сайн нарийн мэдэхгүй юм.

Ариун-Ундрах -

Нэгдэлд элсэх дургүй хүмүүс байдаг байсан болов уу?

Нацагбадам -

Нэгдлийн гишүүн болох дургүй хүн бол одоо ер нь тэр тухайн үед бол бараг байгаагүй байх. Ер нь л одоо тэр улсууд бол ерөөсөө бүгд л нэгдлийн гишүүн, нэгдэлд элсчихсэн тийм л байсан юм.

Ариун-Ундрах -

Нэгдлийн тухай ямар ухуулга явдаг байсан бэ?

Нацагбадам -

За мэдэхгүй ээ. Тэрийг ёстой мэдэхгүй.

Ариун-Ундрах -

Та тэгээд яг хэдэн онд Улаанбаатарт орж ирсэн бэ?

Нацагбадам -

Би юу? Би 57 онд орж ирсэн. 57 онд ингээд юу яасан байхгүй юу. Би нэгдлийн гишүүн болсон энэ тэр гээд л нөгөө өргөж авсан аав ээж маань надыг нэгдлийн гишүүн болсон шүү. Чамд одоо гэр тасалж өгнө, мал хуй тасалж өгнө энэ тэр гээд тэгэж байсан байхгүй юу. Тэгээд би тэгэж байсан юм. Хөө би мал маллаж, гэр гэрлээд явж чадахгүй. Ганцаараа би яаж гэр гэрлэж явж чаддаг юм. Би чадахгүй ээ чадахгүй гээд л тэгэж байсан юм. Тэгээд нэг хавар одоо нэг суваг шуудууны ажил гэж нэг тийм юм явж байсан юм шиг байгаа юм. Одоо тэр сумаасаа хойш... Тэмээ унаад л хүрз жоотуу аваад л бидэн чинь нэг хэсэг залуучууд явдаг юм аа. Хэдэн охидууд, хөвгүүд л одоо ингээд л гэрээсээ гараад явж байгаа байхгүй юу. Тэгээд суман дээр хүрээд ирсэн чинь, суман дээр ирчихээд байж байсан чинь 1 хоноод маргааш өглөө нь нөгөө охид хөвгүүд маань тэгэж байх юм. Төмөр зам гэдэг газар ажилчин авна гэнэ ээ. Төмөр замд саналаа өгөх хүн байвал өгөөрэй гэж байна. Төмөр замд ажилчин авна гэж байна гээд ингээд ярихгүй юу. Тэгэх дээрээс нь гэнэт би чинь өнөө Улаанбаатар хот үзнэ гэж дурлаж байсан хүн яахав. Өө энэ төмөр замд чинь саналаа өгөөд явдаг хэрэг гэсэн юм бодоод. Тэгээд маргааш өглөө нь сумын захиргаан дээр гүйгээд орсон чинь захиргааны жинхэнэ дарга нь байхгүй байна аа. Орлогч дарга нь гээд нэг хүн сууж байсан. Тэгсэн чинь за миний дүү хаа хүрч явна гэнэ. Би төмөр замд саналаа өгье өө гээд ингэсэн. Чи ажил хийж чадах юм уу? гээд. Миний бие жижигхээн. Чадна аа чадна, би чадна. Би харин ажилчин болъё гэж бодоод байсан юм. Би саналаа өгөх гээд орж ирж байна гээд ингэсэн чинь за тэгээд чи ажилчин болж чадах юм уу даа. Төмөр зам чинь хэцүү шүү дээ. Энэ тэр гээд л тэгэж байна. Саналаа өгнө өө өгнө гээд нөгөө даргад чинь нэр усаа бичүүлээд л. Тэгсэн чинь нөгөө хүн чинь тэгэж байна. За одоо ингээд 3-4-хөн хоноод л явна шүү дээ. Өө тэгээд гэр чинь хаа байдаг вэ? Өө манайх хөдөө байдаг. Тэгвэл битгий хөдөө гадаа гараад явчихаарай. Эндээ байж байгаад явна шүү гээд ингэчихгүй юу. Тэгэх дээрээс нь одоо ингээд даруйхан явах юм байна даа гэж бодоод унаагаа буцаачихав аа.

Ариун-Ундрах -

Гэр лүүгээ юу?

Нацагбадам -

Тийм. Унаагаа буцаагаад нөгөө ээж аавдаа хэлээд явуулчихлаа. Би төмөр замд саналаа өгсөөн гээд ингээд төмөр замд саналаа өгчихсөн. Ажилчнаар явах гэж байна энэ тэр гээд хэлээд энэ миний тэмээг хүргээд өгчихөөрэй гээд нөгөөдөхөө өгөөд явуулчихсан. Тэгсэн чинь нөгөө хүн чинь аваачаад өгсөн л юм байгаа биз бодвол. Тэгсэн чинь 10-н хэд хонодог юм. Нөгөөдөх 2-3 хоноод явна гэсэн чинь. Тэгээд би гэртээ харьж чаддаггүй. Одоо нөгөөдөх нь явчихдаг юм байх гэж бодоод манай нэг тэр өргөж авсан аавын ээж нь гээд нэг хөгшнийх байсан юм. Тэднийд байж байгаад. Тэгээд байж байсан чинь манай тэр аав маань хүрээд ирлээ. Үгүй ээ чи гэр орондоо харихгүй. Одоо гэртээ харьж хувцас хунараа авдаг байгаа даа энэ тэр. Бидэнд хэлж ярихгүйгээр би ажилчин болно гээд саналаа өгчихсөн юм уу? энэ тэр. Тийм ээ. Би төмөр замд саналаа өгчихсөн. Одоо би ер нь ажил л хийе дээ. Улсад ажил хийвэл л арай дээр байх аа. Би ч ер нь мал маллаж чадахгүй дээ ердөө гээд ингээд. Тэгээд л нөгөө ах маань надад нэг хэдэн цаас өгөөд, нөгөө ээж маань баахан идэж уух юм замдаа идэж ууж яваарай гээд нөгөөдөх чинь баахан цагаан идээ, боорцог одоо ингээд нэг уутанд хийж өгөөд явуулжээ чааваас. Тэгээд нөгөөдөхийгөө аваад л. Тэгээд нэг хэдэн цаас өгчихөөд явдаг юм. Нэг хэдэн цаас өгөх дээрээс нь нөгөө хөгшинд нэг цай авч өгчихөөд. Тэгээд ер нь хэдэн цаас ч байсан юм бүү мэд ээ. Одоо тэр тухайн үедээ бас нөгөө мөнгөнийхөө тоог бас сайн мэдээгүй ш дээ. Хэдэн ч төгрөг байсан юм бүү мэд. Тэгээд л өнөө ажилчдаа санал өгсөн улсуудыг чинь цуглуулаад л одоо аймгийн төв дээр очиж комиссоор орно. Комиссоор ороод тэнцэх нь ажилдаа явна. Тэнцэхгүй нь одоо хоцорно гээд ингэдэг юм. Тэгэхлээс нь би бас айж байлаа. За яана аа би одоо өвчтэй гарчихвий дээ яадаг билээ. Миний бие хаа ер нь өвдөж хавдсан л юм байхгүй дээ. Энэ тэнд юм өвдөөгүй дээ гэсэн юм бодогдоод. Одоо нээрээ ажилд явж чадах юм болов уу? Үгүй юм болов уу? Яанаа. Одоо бие жижигхэн гээд авдаггүй юм болов уу гэсэн юм бодогдоод байхгүй юу. Тэгээд л өө тэр чинь ёстой хичээн хүн байсан. Бараг л одоо 200-300-аад хүн комиссоор орсон байх. Тэгээд ороод л ингээд юу яасан чинь өө үзүүлээд харуулаад л одоо ингээд юу яасан. Өө тэнцлээ л гэж байна. Өө тэнцлээ гэхээр нь баярлаад л зүгээр одоо ёстой нээрээ ажилчин болно гэж бодогдохоос л бүр баяр хүрээд байгаа юм чинь. Тэгээд хажууд нь нөгөө Улаанбаатар хот үзнэ гэх дээрээсээ бүр ч улам баярлаад бүр хачин юм байгаа юм. Тэгээд бидэн чинь баахан машинд баахан улсууд суугаад л одоо зарим нь гэр бүлээрээ явж байна хүүхэд шуухадтайгаа. Зарим нь ганц ганцаараа ч явж байна. Хөгшин ч бид нараас ах улсууд ч явж байна. Бид нарын үеийн улсууд ч явлаа. Тэгээд л юу яасан чинь л сумаараа дайраад нөгөө буурал ээж дээрээ орж ирж нөгөө тавьсан юм хумаа аваад л одоо тэгээд л машинд суулаа. Машинд суугаад нутгаас гараад л ингээд нөгөө мэддэг газруудаасаа гараад мэдэхгүй газар ороод ирэхээр эвгүй санагдаж байна аа. Ээ дээ хэрэггүй л явав уу даа гэсэн юм бодогдоод. Хэрэггүй л явав уу даа. Одоо яанаа. Одоо гэрээ санадаг юм болов уу? Яадаг бол гэж бодоод л. Тэгээд одоо нэгэнтээ саналаа өгөөд юу яачихсан юм чинь би ямар бууя аа гэлтэй нь биш дээ. Тэгээд л яваад л юу яасан. Тэгээд л замдаа ямар юмны юугаар ч гэлээ дээ бас нэг тийм замд нэг юуны газар байсан юм шиг байгаа юм. Одоо нэг цай хоолны буудлын газар байсан юм уу даа. Тэрүүгээр ороод нэг цай хоол идэж ууцгаагаад л. Тэгээд л тэр чинь Улаанбаатар хот руу орж ирж байна л гэсэн. Өө энд тэндгүй л зүгээр чухам гэрэл гэгээ гялалзсан л одоо нэг л гал асаж байгаа юм шиг л гялалзсан юмсууд л байдаг. Үгүй ээ одоо энэ юу юм бэ? Энэ нэг их гялалзсан юм чинь юу юм бэ? Тэр тухайн үед чинь биднуус чийдэн гэж байгаагүй ш дээ. Миний үед чинь бол лаатайгаа, дэнтэйгээ. Дэн гэдэг чинь одоо нэг цөгцөнд гол суулгаад тос хийгээд барьдаг дэн. Тийм юмтай байсан юм. Тэгээд ороод ирсэн чинь л өө базарваань чухам ёстой нээрээ ямар ч аймар олон гэрэлтэй юм. Үгүй ээ энэ их гялалзаад байгаа юу вэ? л гээд л өнөө мэдэхгүй улсууд чинь тэгээд л асууна. За энэ чинь одоо нөгөө Улаанбаатар хотын чийдэн гэдэг юм даа. Гэрэл байхгүй юу. Гэрэлтүүлдэг юм л гээд л нөгөө жолооч нь л одоо тэгээд тайлбарлаад яваад байгаа юм. Өө тэгсэн чинь л нэг тэмээний дуу шиг дуутай урт хар юм л зүгээр орилоод л, утаа суунаглаад л явдаг юм. Үгүй ээ энэ одоо юу гэгч вэ? гэсэн вагон гэж байна. Утаатай вагон гэдэг юм. Вагон явж байна. Энэ тэгээд юун дээгүүр явж байна аа гэсэн. Төмөр зам дээгүүр явж байна. Одоо тануусын очиж ажиллах гэж байгаа зам дээгүүр чинь ийм вагон явдаг юм аа л гэж байна. За тийм байдаг байж гээд. Тэгээд бидэн чинь Улаанбаатар хотын одоо ямар газар нь ч ирж байгаа юм. Бас нэг гуанзны газарт орж ирээд л бас л хоол цай болоод л ингээд л идэж ууж аваад л хэдүүлээ чинь. Тэгээд л явлаа. Тэр чинь одоо ер нь бараг 10- хэдэн машин явсан байх аа. Их л олон машин явсан. Тэгээд 400-500-аад хүн л явж байгаа юм шиг байгаа юм. Тэгээд хотоос цааш гараад л явсан чинь хөө базарваань эмээлт л гэнэ. Өшөө ямар юм ч гэлээ дээ. Одоо ингээд л хойшоогоо яваад л яасан чинь Мандалд орж ирж байна л гээд тэгэж байна. Одоо Мандал гэдэг нь ямар ч байдаг юм. Ямар газар мэдэх биш одоо тэгээд л. Өө тэгсэн чинь л нэг их том цагаан байшинд л биднийг чинь бүдээрэнг нь л оруулаад хаячихдаг юм байна. За эндээ хоноцгоогоод маргааш өглөө тэгээд хойдхи захиргаан дээр очиж тануус хийх барих ажлынхаа зөвлөгөөнийг авна. Тэндээсээ одоо бас та нар урьдчилгаа мөнгө цаас тэндээс чинь өгдөг юм энэ тэр гээд л тэгнэ. Үгүй ээ тэгээд энэ их олон улсууд олуулаа яаж хонодог юм гээд л тэгэцгээж байгаад. Тэгээд юун нойр хүрэхгүй. Яаж нойр хүрэх вэ дээ. Тэгээд л хэдүүлээ чинь энэ дэмий балай юм яриад инээж ханиагаад л, ноцолдож ноололдоод л. Тэгээд л өглөө үүр цайгаад өглөө болох дээрээс нь 8-9 цагийн хавьд л тэр хойдхи захиргаан дээр нь очлоо. Тэгээд дарга дээр нь очоод л юу яасан чинь л нөгөөдүүл чинь ажлын үнэмлэх гээд юм өгдөг юм байна. Нөгөөдөхийг нь авлаа. Аа нэг хэд гурван цаас өгдөг юм байна. Өнөө хэдэн цаас урьдчилгаа мөнгө гээд одоо тэр одоо ер нь 200-300 цаас өгч байсан юм уу? Яасан юм мэдэхгүй ээ тэр. Тэгэхдээ бол тэр үеийн мөнгө бол мөнгө л байсан юм чинь. Их л юм авна ш дээ. Тэр чинь 200-300-хан цаасаар чинь. Одоо бол ямар үхсэн баасаа авах вэ дээ. Тэгээд л хэдүүлээ чинь одоо тануусыг энэ точкадуур хуваарилна аа гэж байна. За одоо хаана аваачиж хаях юм бол доо гээд л. Тэгээд нэг баахан гэр бүлтэй нэг хэдэн улс байсан. Гэр бүлгүй нэг хэдэн улсууд. Тэгээд нөгөөдүүлийг чинь эрэгтэйг нь нэг, эмэгтэйг нь нэг болгоод ингээд л. Гэр бүлтэй нь ч яахав тэр хамтдаа л орцгоож байгаа юм чинь хүүхэд шуухадтай улсууд чинь. Тэгээд бидэн чинь сайхан гэрт орцгоолоо. Заримыг нь тэр хойшоогоо Батсүмбэр лүү авч яваад л тэнд одоо өгнө гээд л. Заримыг нь энэ Мандалын тэнд өгөөд. Тэгээд л тэнд чинь төмөр замд ажиллаад л. Маргааш өглөө нь чиг ажилд гарсангүй. Амарч байна энэ тэр гээд байцгаагаад л. Нөгөөдрөөс нь эхлээд л хөөрхий минь зам дээр гарлаа. Өө тэгсэн чинь зүгээр ёстой аймаар их хар тостой шапаль боодог юм байна аа. Төмөр утсаар буланг нь боож байна гээд боосон чинь өө ёстой байдаггүй дээ. Өнөө гар, хөл, нүүр, амгүй, өнөө өмссөн хувцас хунар чинь бөөн л хар тос болдог юм байна. Еэ ээ хэрэггүй ирж. Хэдүүлээ ёстой нээрээ юу гэж ирлээ дээ чухам. Ийм газар байсан юм уу? Энэ чинь нөгөө нэг их амьдрал ахуйг их сайн хардаг, ханддаг. Нөгөөх ажлын хувцас хунар өгдөг барьдаг гэсэн нь хаанаа байна аа. Ер нь хэрэггүй ирж хэдүүлээ гээд л нөгөө хэдэн авгайчуул яахав тэгээд л ам амандаа шуугицгаагаад. За за ямар биднуусыг хүн албадаад явуулчихсан биш. Өөрсдөө саналаа өгөөд ирээ биз дээ. Дуртайдаа ирчихээд гээд л нөгөөдүүлээ бас тэгээд байгаа юм аа бас. Тэгээд л хэдүүлээ чинь нэг сар хэрээтэй. Тэнд чинь их олон хүн байгаа юм. Ёстой л одоо энэ 10 хэдэн аймгийн чинь улсууд л бүгд байгаа юм чинь. Тэгээд энэ хойно ЗХУ-ын Оросууд ирчихсэн байж байсан. Тэгээд л колони бригад гээд ерөөсөө бүр л тэр зам дээгүүр чинь л одоо баахан улсууд ажилладаг байсан юм. Тэгээд тэр шапальныхаа буланг боож дуусаад л. Тэгээд л дараа нь арай нэг жаахан цэвэр боллоо доо. Хэдүүлээ чинь хувцас хунараа угааж, одоо нөгөө хувцас хунараа сольж, нөгөө мөнгөөр нь хувцас хунар авж, хоол ундаа авч идэж ууж одоо ингээд нэг жаахан төвхнөж. Нэг хэдэн эмэгтэйчүүд нэг гэрт байсан. Тэгээд нөгөө хүүхнүүдтэйгээ, надаас эгч эгч хүүхнүүд л байсан юм даа чааваас. Тэгээд нөгөөдүүлтэйгээ байж байгаад л. Тэгээд намар нь урагшаагаа Сайншанд руу хуваарилагдаад яваад. Тэгээд Сайншандад очиж ажиллаж байгаад би одоо тэр Замын-Үүдэд бас одоо туршлага солилцохоор одоо яахав шалгарч, сайн ажиллаж байна энэ тэр гээд туршлага солилцохоор бас явж байлаа. Замын-Үүдэд очиж. Одоо яахав туршлага солилцоно гэдэг чинь одоо нөгөө ажлын талаар л одоо би ингэж ингэж ажлаа хийдэг. Одоо иймэрхүү ингэж хийвэл энэ ажил их сайн чанартай болох юм байна, үзэмжтэй болох юм байна энэ тэр гэх жишээний ярих байхгүй юу. Тэгээд тэрүүнд нэг явж байлаа. Тэгээд баяр ёслолоор дандаа одоо баярын бичиг, одоо нэг үнэ бүхий зүйлүүдээр шагнуулж байлаа. Сайн ажилчин гээд. Тэгээд би 60 онд энэ Налайхад ирсэн юм. 60 онд Налайхд ирээд л одоо тэр 17-р уурхай, уурхай 18, 16 гээд жижиг уурхайнууд зөндөө байсан юм чинь уурхайгаас урд. Тэгээд тэр уурхайнуудад ажиллаж байгаад. Тэгээд тэр жижиг уурхайнууд энэ их уурхай руу нийлээд. Тэгээд би гэрлийн тасагт нь уурхайчдын гэрэл цэнэглэгчээр 20-н хэдэн жил ажилласан юм. 22 жил ажилласан. Тэгээд л одоо ингээд л яахав ээ хөөрхий уурхайд ажиллаж байсны ач буянаар яахав одоо тэгээд энэ хэдэн медаль тэмдгүүдийг өгөөд л. Ямар муу ажиллаж байсан бол эднуусыг юу гэж л хүн өгөв гэж дээ. Тэгээд л ингээд л явж байна даа.

Ариун-Ундрах -

Тэр төмөр замд яг ямар ямар ажил хийж байсан бэ?

Нацагбадам -

Замчин. Замчин гэдэг чинь одоо нөгөө одоо юу яадаг байхгүй юу. Замын, одоо тэр төмөр зам байгаа ш дээ тийм ээ? Төмөр замын тэр хадааснуудыг ингэж цохиж, одоо тэр платка гэж төмөр байдаг. Тэрнийг сольж. Тэгээд одоо тэр шороогоор нь одоо ингээд шапалуудынхаа завсраар чигжиж. Тэгээд хажуу талыг нь одоо энэ буусан шороог нь өөд нь ингэж шууж, ингэж сайхан тэгшлэж, энүүн шиг л яг ингэж тэгшлэж одоо ингэж хийдэг байхгүй юу. Тийм л ажил хийж байсан. Манай хөгшин болохоор бол замын эргүүл хийж байсан юм. Замын эргүүл гэдэг чинь яахав нөгөө мал хуй оруулахгүй. Цаашаа наашаа явсан вагонд дохио өгөөд явуулдаг. Зам руу ер нь ямар нэгэн юм орохвий энэ тэр гэснээс хамгаалсан тийм л ажил хийж байсан юм.

Ариун-Ундрах -

Тэгэхээр тэр замчин гэхээр шинээр төмөр зам барьж байгаа юм уу? Эсвэл янзлаж байгаа юм уу?

Нацагбадам -

Тэр бол хуучин ингээд тавьчихсан төмөр замыг л янзалж байгаа байхгүй юу. Шинээр бол яахав одоо зам энэ тэр нь муудсан. Одоо энэ төмөр зам байлаа гэхэд энэ нь ингээд тасарсан байвал тэрнийг солино. Шинээр солино. Аа зүгээр байгаа замыг бол солиод байх шаардлага байхгүй ердөө. Зүгээр тэр хадаасыг чангалаад л, боолтыг чангалаад л, одоо тэр шороо юуг нь чигжээд л, аа хажуу талын нурсан шороог нь тэгшлээд л одоо ингээд л, өөд нь шуугаад л одоо ингээд л, хүрзээрээ давтаад л яг л энүүний ирмэг шиг ийм болгоод л. Ингэж л ажилладаг байсан юм.

Ариун-Ундрах -

Та тэгээд ирэхийг хүсэж байсан Улаанбаатартаа хэр их байсан бэ?

Нацагбадам -

Улаанбаатарт би нэг их байгаагүй ш дээ. Ерөөсөө л би тэр хойно Мандалд ирээд л тэндээ ажиллаж байгаад л. Тэгээд л урагшаагаа 57 оны намараа Сайншанд руу явчихсан юм чинь. Тэгээд тэндээ ажиллаж байгаад л. Тэгээд л эргээд энэ Налайхд 60 онд ирсэн байхгүй юу. Улаанбаатар хотод бол би нэг их байгаагүй.

Ариун-Ундрах -

Та Улаанбаатарт анх яг юу юуг олж харсан бэ?

Нацагбадам -

За Улаанбаатар хотод одоо би нөгөө хуучин зах, хужаа мухлаг гэсэн тийм л юмыг сайн олж харсан даа. Тэгээд одоо тэр нөгөө ямар юм билээ байз. За байз нэг ягаан дэлгүүрийг чинь ямар юм гэдэг байлаа даа байз. Золиг, ээ одоо мартчихжээ. Тэгээд нөгөө их дэлгүүр энэ тэрийг л сайн харж, тэрүүгээр л их орж гардаг байсан. Хот орохоороо шүү тэр чинь. Тэрнээс би ямар хотод байсан биш тэ?

Ариун-Ундрах -

Анх яг Улаанбаатарыг харахад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Нацагбадам -

Өө Улаанбаатарыг харахад бол ерөөсөө аягүй гоё харагдсан надад. За ёстой нэг миний одоо хүсэл биелэлээ дээ. Одоо би энэ Улаанбаатар хотыг үзээд үхэх юмсан гэж шүү. Бас болоогүй үхэхээ яриад байгаа юм. Тэр жоохон мөртлөөсөө Улаанбаатар хотыг л нэг үзээд үхчих юмсан. Тэр Улаанбаатар хот гэдэг чинь аягүй гоё газар байдаг гэсэн. Тэрнийг нэг үзээд л үхчих юмсан гэж ингэж ярьдаг байсан юм. Тэгээд тэр хотыг үзээд бол ёстой нээрээ би за ямар ч байсан миний одоо хүсч байсан хүсэл маань биелэлээ. За би ажилчин болноо гэж байсан хүн би одоо жинхэнэ ажилчин боллоо гэдэг л сэтгэгдэл төрсөн надад.

Ариун-Ундрах -

Их том хүсэл биелэсэн байх нь ээ?

Нацагбадам -

Тийм. Их том хүсэл биелэсэн. Би тэр тухайн үедээ бол одоо би ерөөсөө өөрийгөө их сэргэлэн байж гэж бодож байгаа юм. 19-хэн настай би одоо тэгээд төмөр замд саналаа өгнө өө гээд ирж байгаа хүн чинь ер нь их л сэргэлэн байсан байгаа юм. Өө бусад улсууд бол өө яах юм, яах юм яршиг. Төмөр замд саналаа өгөөд яах юм, яах юм гээд. Одоо тэгээд нөгөө нэгдлийн гишүүн болчихсон. Одоо бас нөгөө ээж аавдаа ч хэлэхгүйгээр явж болохгүй гэсэн улсууд байсан юм байгаа биз дээ. Надтай хамт явж байсан улсууд. Тэр улсууд бодвол тэр шуудууныхаа ажлыг хийгээд тэгээд л хариа байлгүй. Би замаасаа юу яачихсан болохоос биш.

Ариун-Ундрах -

Сайншандад бас ямар ямар ажил хийсэн бэ?

Нацагбадам -

Сайншандад бол би ердөө тэр төмөр замынхаа л ажлыг хийнэ ш дээ. Би өөр ажил хийхгүй. Замынхаа ажлыг хийгээд л ердөө тэгээд л явж байсан юм.

Ариун-Ундрах -

Та тэгээд яагаад анх Налайхд ирэх болсон бэ?

Нацагбадам -

За Налайхд ирэх болсон юу нь бол одоо яахав бас одоо нөгөө хажуудах хүн маань одоо Налайхд ирье ээ. Налайхын уурхай гэдэг одоо сайхан газар байдаг юм байна аа. Амьдрал ахуй дээшилдэг ер нь сайхан газар байдаг юм байна. Хоёулаа Налайхд очъё оо гээд тэгээд Налайхд ирсэн юм. Налайхд ирээд л одоо тэгээд энэ яахав хөөрхий муудаагүй ээ. Амьдрал бол сайхан байсан. Налайхын уурхай бол сайхан уурхай байлаа. Амьдрал ахуй сайтай байлаа. Юмаар хангалуун цатгалуун одоо ерөөсөө тийм байсан ш дээ. Одоо л ийм болчихоод байгаа болохоос биш.

Ариун-Ундрах -

Анх Налайхд ирэхэд Налайх ямар байсан бэ?

Нацагбадам -

Надыг анхан Налайхд ирэхэд Налайх тосгон гээд энэ бол цөөхөөн байр байсан. Энүүхэн хонхортоо цөөхөн байртай. Тэгээд тэр урдуураа тийшээгээ чинь хороо гээд ер нь цөөхөн айл байсан даа. Энэ урдах дэнж дээр бол хороо гээд нэг их юм байгаагүй. Тэгээд Налайхд ирснээсээ хойш манайх энэ бүүр тэр юунаас цаашаагаа 2-р хорин гэж байсан юм. Дотор хорин гэдэг байсан юм. Тэрний наана одоо ингээд нийтийн одоо нэг тийм урт цагаан байшин байсан. Тэрүүнд бид нар анхан ирээд тэрэнд амьдарч байлаа. Тэнд амьдарч байгаад тэгээд тэнд чинь бас нөгөө кино театр байсан. Өндөр довжоот дэлгүүр гээд бас байсан. Тэгээд тэр байранд байж байгаад манайх гэр аваад гэрт гараад, гэрт ороод 4-р хороонд нүүж ирээд. Тэгээд энэ 4-р хороо гэж энэ урд талын дэнж дээр чинь бол одоо ерөөсөө айл амьтан цөөхөн байсан. Бүх одоо тэр дотор хоринд байсан улсууд бүгд нүүгээд наашаагаа энэ дэнж дээр хүрч ирээд, тэгээд 4-р хороо гэж байгуулагдаад, тэгээд энэ хороонд байж байгаад. Тэгээд манайх чинь 84 онд энэ байранд орсон юм. Тэгээд л энэ байранд ороод одоо бараг 20-иод жил болж байна. Тэгээд л явж байна.

Ариун-Ундрах -

Та энэ уурхайд ажиллаж байсан тухайгаа дэлгэрэнгүй ярьж өгөөч?

Нацагбадам -

За уурхайд ажиллаж байсан тухай бол яахав уурхайчдын гэрлийг цэнэглэж, шингэн шүлт хийж, уурхайчдын том том ийм төмөр гадартай батерейнууд байсан. Тэрүүнд одоо шингэн шүүлт хийгээд. Тэгээд одоо столь гээд ийм 4 хөлтэй, их олон шарвагар шарвагар төмөртэй тийм юм байсан юм. Тэр бол цахилгаанаар ажилллана. Тэгээд нөгөөдөхд чинь нөгөө гэрэлнүүдийг цэнэглэнэ. Тэгээд уурхайд чинь одоо ерөөсөө 400-500-аад ажилчид л уурхайд орно шүү дээ. Нөгөөдөх улсын чинь гэрлийг буусныг нь хурааж авч цэнэглээд, гарч байгааг нь нөгөөдөх цэнэгнээс нь авч уурхайчиддаа тараагаад. Номертой, номер дугаараар нь өгнө, номер дугаараар нь хурааж авна. Ингэж л ажиллаж байсан. Тэгээд одоо тэр цэвэрлэгээ хийхээс өгсүүлээд л одоо тэгээд л бас дээр үед чинь миний тэр ажиллаж байх үед чинь бол соёлын довтолгоон гэж бас их явдаг байлаа ш дээ. Хороо хориноор ч гэсэн явдаг байлаа. Айл өрхөөр ч гэсэн явдаг байлаа. Ариун цэвэр, байр энэ тэр аяга шанаганы алчуур шалгаж барьж үзээд л одоо биеийн ариун цэвэр ч гэсэн үзээд л одоо ингээд явдаг байсан. Тэр тухайн үед чинь одоо тэр бүгдийг л гүйцэтгэж явлаа.

Ариун-Ундрах -

Таны ажил хэр их ачаалалтай байсан бэ?

Нацагбадам -

Аа миний ажил амьдрал бол бас жаахан ачаалал ихтэй байсаан. Хүүхдээ маллуулахаас өгсүүлээд, ажлаа хийхээс өгсүүлээд. Тэгээд гэртээ ирээд одоо нөгөө гэрийнхээ ажлыг хийх байна. Ер нь их л одоо ачаалалтай байсан. Одоог бодвол би тэр ажил бүгдийг их л амжуулж байсан байна. Манайх бас малтай хуйтай байлаа. Үхэртэй байсан, ямаатай байлаа, тахиатай ч байлаа, нохойтой ч байлаа. Гахай л байгаагүй байх. Тэгээд одоо тэр бүгдэд чинь ерөөсөө бүгдийг нь ажиллаад л. Одоо тэгээд өглөө чинь 6 цагт босоод л үхэр малаа саагаад, өглөө гарах ээлжинд шүү. Өглөө гарах ээлжинд чинь 6 цагт босоод үхэр малаа саагаад л, гэр орноо цэвэрлээд, цай ундаа чанаад, одоо ингээд л явдаг байлаа. Үхрээ туугаа явна, бэлчээрт нь гаргана нөгөөдөхөө. Тэгээд ажил руугаа орно. Ингэж явдаг байсан юм даа хүү минь. Одоо тэгээд манай муу талийгч чинь наймаа их хийдэг. Гэрийнхээ ажлыг бол сайн мэдэхгүй. Би л одоо тэр гэрийн ажил одоо болгож борлуулах, одоо тэр цааш нь нааш нь болгох, тэр гэр доторхи юмыг л би мэднэ. Манай хүн бол ерөөсөө тэр цай чанахыгаа ч бараг мэдэхгүй шахуу. Тийм хүн байсан юм. Наймаа их хийнэ. Их юм олно. Ердөө малд их дуртай. Манайх чинь одоо 3-4 морьтой байлаа. Тэр морьдууд маань бүгд тэргэнд орчихсон. Намар болохоор тэргээр л ерөөсөө уурхайгаас нүүрс зөөчихдөг. Ер нь мөнгөөр нэг их нүүрс авдаггүй. Тийм л байлаа. Би чинь бас тэр жижиг уурхайд явж байхдаа нүүрс түлээ үүрээд л ирдэг л байлаа. Тэр байранд байхад. Тэгээд гэр хороололд гарснаасаа хойш бол би тэр нүүрс түлээ үүрээгүй ээ. Хөөрхий минь нөгөө хүүхдүүд маань бага бага байсан. Талийгч маань чиг тэр морь тэргээрээ нүүрсээ зөөгөөд одоо тэгээд зоорио дүүргэчихдэг байсан болох дээр бас би нэг их нүүрс үүрэхээ байсан. Тэгэж л ажиллаж байсан юм даа. Шөнө гарна, орой гарна, өглөө гарна. Ингээд 3 ээлжтэй. Тэр 3 ээлжинд чинь л одоо тэгээд л. За тэгээд харанхуй шөнөөр чинь хүүхдээ хөхүүлнэ гэж гүйнэ. Одоо буцаад ажил руугаа нөгөө цаг минут их барьдаг тийм байсан. Буцаад нөгөө ажил руугаа гүйнэ. Амьтан хүн айлгана замаас. Тэгээд л шөнийн ээлжийг бол одоо ерөөсөө тэгэж л өнгөрөөдөг байлаа. Өдөр нь чиг яахав, өглөө нь ч яахав ямар хүн амьтан айлгана гэх юм биш. Одоо тэгээд л 3 ээлжинд яваад л, гэрийн ажил хийх, хүүхэд шуухдаа өсгөх, бойжуулах одоо тэгээд хувцас хунарлахаас өгсүүлээд одоо ер нь юу эс мундахав дээ. Тэгээд идэж уух юмыг нь хийхээс өгсүүлээд, угааж цэвэрлэх. Ингээд л одоо ер нь их л юм амжуулж байсан байгаа юм. Одоо бол тэрийгээ бодоход би ингэж бодоод байгаа юм. Үгүй ээ би ер нь тэр их ажлыг одоо ер нь ганцаараа ёстой нээрээ яаж амжуулж байсан юм бол оо. Хүүхдүүд томроогүй байхад ганцаараа модоо хөрөөддөг байлаа, хагалдаг байлаа. Нэг ийм ацтай төмөр дээр тавьчихаад л ганцаараа модоо хөрөөдчихөг байсан юм. Тэгээд л хагалаад л яачихна. Манай талийгч чинь тэр мод хөрөөднө барина гэж байхгүй ердөө. Тиймэрхүү л амьдралтай байсан юм даа хүү минь.

Ариун-Ундрах -

Та нөхөртэйгээ анх яаж танилцсан бэ?

Нацагбадам -

Үгүй ээ одоо яахав дээ. За байз анхандаа би чинь өвгөнөөсөө их зугтаадаг байлаа. Ерөөсөө л одоо тэр чинь надаас ах хүн шүү. Надаас 10 ах хүн байсан юм. Тэгээд л одоо нөгөө миний үеийн улсууд чинь надыг шоолдог байхгүй юу. Хөгшин хүнтэй явах нь энээ тэрээ, хөгшин хүнтэй суух нь энэ тэр. Чи одоо насыг яаж барна даа, цагийг яаж өнгөрөөнө дөө Нацагбадам минь гээд солиорцгоогоод байдаг. Тэгээд л нөгөөдөхөөс нь болоод би нөгөө хүнээсээ зугтаагаад байдаг. Тэгээд зугтаагаад л одоо ерөөсөө. Тэгээд манайд чинь Мандалд байхад бидэн чинь нөгөө нэг гэрт байсан байхгүй юу хэдэн хүүхнүүд. Тэгээд орж ирээд суучихна аа, гарахгүй. Тэгээд би чинь гараад явахаараа л эргээр ороод зугтаагаад, үгүй бол нэг айлд нь ороод суучихна. Тэгээд гарсан хойно нь л орж ирнэ дээ. Тэгээд орж ирээд л ингээд л за нэг унтдаг юм уу даа гээд л ор дэрээ засаад байж байтал чинь л нөгөөдөх чинь ороод ирнэ. Орж ирээд суугаад байна аа. Тэгэх дээрээс нь л гараач, яваач, одоо харьж унтаач энэ тэр гэж загнаж байгаад нөгөөдөхийг чинь хөөгөөд явуулчихна. Тэгээд нөгөөдөх чинь гараад яваад өгнө. Тэгээд л маргааш нь ажилд явах болохоор л бид нар чинь хамт ажиллаж байсан юм чинь. Тэгээд л ингээд машин дээр суугаад явах дээрээс чинь надыг чинь ингээд л гөлрөөд ингээд харчихдаг байхгүй юу. Тэгэх дээрээс нь би нөгөө ичимхий юм чинь. Тэр тухайн үед чинь аймар ичимхий. Хүний урдаас дугарч чадахгүй, хүний урдаас чиг инээж ч юу яадаггүй. Тэгээд хүн тоглож наадахаар чинь ичээд л ерөөсөө бүр тун буруу хараад суугаад л одоо ингээд л явдаг байлаа. Тэгсэн чинь харин нөгөөдөх наадамнаар 7 сард бидэн чинь тэр наадам өнгөрөөгөөд намар нь юу руу явсан юм болох дээрээсээ наадам дээр байж байгаад л. Нөгөөдөх чинь нэг барилддаг юм аа. Барилдаад юу яасан чинь 2 давсан гээд, наадам дээр бөх барилдаад 2 давсан гээд цайгаар, тамхиар, нүүр гарын алчуур ч байх шиг. Өшөө юу юу ч байлаа даа. Тийм юмаар шагнуулдаг юм байна аа. Тэгээд нөгөөдөх чинь наадам дээр таарчихаад салдаггүй ээ. Манайд оч одоо. Би чамаар цайгаа чануулж ууна энэ тэр. Манайд оч чи гээд нөгөөдөх чинь бүр гараас чирчихээд тавьдаггүй дээ. Тэгээд хөтлөгдөөд гэр лүү нь орчихлоо. Одоо яахав нөгөө авчирсан цайнаас нь хагалаад цай чанаж өглөө. Тэгээд явна гэсэн чинь явуулдаггүй ээ. Би гэрлүүгээ орлоо гэсэн чинь юу яриад байгаа юм. Одоо чамайг гэрлүү чинь оруулахгүй ээ. Чи одоо манай болсоон. Тэднуус бас нэг хажууд нь бас нэг үерхдэг нэг хүн нь байсан юм. Тэр авгайтай. Тэгээд нөгөөдүүл чинь өө одоо чи яваад яах юм, яах юм. Чи зүгээр одоо манайд бай. 4-үүлээ амьдаръя аа. Юу яриад байгаа юм. Чи одоо гэрлүүгээ орохгүй хөөе гээд нөгөөдүүл чинь. Тэгээд бид хоёр тэгэж л суусан юм даа. Анхандаа ер нь их л зугтаадаг байсан. Ичээд л нэгд. Хоёрдоод ирэхэд одоо тэгээд хүний урдаас үг хэлж чадахгүй. Ердөө тэгээд зугтаагаад л байдаг тийм байсан юм. Тэгээд тэр наадамнаар бид хоёр одоо тэгээд нэг гэрт орж хоёулаа цай ундаа чанаж ингэж гэр бүл болж байсан юм.

Ариун-Ундрах -

Аан хамт ажилладаг байсан юм уу?

Нацагбадам -

Тийм хамт ажилладаг байсан юм. Тэгээд ямар сайндаа нөгөө суучихсан хойно чинь нөгөө залуучууд чинь шоолоод л. Өө л одоо цал буурал өвгөнтэй цагийг яаж барна аа ч гэх шиг нөгөөдүүл чинь тэгэж солиорцгоогоод л байдаг. Тэгээд л нөгөөдүүл чинь яахав дээ одоо за ямар хүний хөгшин халдах юм биш, өвчин халддаг юм гэчихээд л явж байгаад л. Тэгээд одоо 9 хүүхэд гаргасан хүн ш дээ би одоо. 9 хүүхэд гараад, 4 эндээд тэгээд одоо 5 хүүхэд нь байгаа юм.

Ариун-Ундрах -

Уурхайд ажиллаж байсан тухайгаа өөр сонирхуулж ярих юм танд байна уу?

Нацагбадам -

За байз одоо өөр чиг ер нь уурхайд ажилласан тухайгаа сонирхуулаад одоо яриад байх юм бараг байхгүй юм шиг байна даа.

Ариун-Ундрах -

Тэр үеийн уурхай гэж яг ямархуу зохион байгуулалттай, ямар байгууллага байсан бэ?

Нацагбадам -

Аа тэр үеийн уурхай бол одоо ерөөсөө аймар зохион байгуулалттай, цаг минутыг барьдаг. За тэгээд одоо тэр чинь бас төрөл төрлийн удирдлагатай. Уурхайн одоо нэг хэсэг гэхэд л одоо нэг даргатай, инженертэй, орлогчтой. Одоо ер нь тиймэрхүү л байсан юм. Тэгээд одоо тэр уурхай бол их ер нь хүнд хүчир ажил л даа. Хөөрхий уурхайн гүнд явж байгаа улсууд бол ерөөсөө аймар тоос шороон дотор ажиллаж байгаа юм чинь. Тэгээд зарим улсууд бол яахав одоо тэгээд нэг хортой тиймэрхүү нүх рүү орвол амь насаа алдах жишээний. Аваар осол бол сүүлийн үед бас нилээн гарсан. Ер нь их хүнд хүчир ажил байгаа юм. Би бол уурхайн гүнд бол ерөөсөө тэгэж нэг их явж үзээгүй л дээ. Их уурхайн гүнд бол. Зүгээр нэг жижиг уурхай бол ерөөсөө ингээд хөлөөрөө гүйж ороод л, тэгээд л нэг канвер дээр сууж байгаад л нүүрс татуулаад л одоо ингээд л явдаг суудаг тийм ажил байдаг юм. Моторист гээд. Тэгээд моторист хийж байгаад л тэгээд л энэ их уурхай руу шилжсэн юм чинь. Тэгээд их уурхайд очоод би ерөөсөө уурхайн гүнд бол ерөөсөө ажиллаагүй. Тэгээд газрын дээр одоо тэр гэрлийн тасагт нь ажиллаж байгаад л одоо тэгээд л. Тэгээд шингэн шүлтнээс авхуулаад бүр зайны батерейтай болтол ажиллаж байгаад. Тэгээд би бас нэг групптэй жил гарантай байлуу даа. Энэ одоо нөгөөх талийгчаасаа хойш сэтгэл мэдрэлийн өвчтэй болчихоод, өвчин маань хүндрээд. Тэгээд би групптэй нэг жил гарантай байж байгаад тэгээд 50 нас хүрээд тэтгэвэртээ гараад. Тэгээд л одоо яахав тэтгвэртээ гараад одоо тэгээд энэ хэдэн хүүхдийнхээ юугаар. Одоо тэгээд хэдэн хүүхдүүд маань ч өсөж өндийж овоо боллоо. Анхандаа ч их хэцүү л байсан. Одоо ерөөсөө амьдрал хэцүү. Одоо ерөөсөө яаж энэ хүүхдүүдийг өсгөж өндийлгөнө дөө. Яаж ч одоо болгож борлуулна даа гэж бодоод л одоо ерөөсөө бүр аягүй л их санаа зовж байсан. Хажуудах хань унахаар чинь хүн ер нь бас л нэг хэсэгтээ хэцүү болдог юм байна лээ. Тэгээд яахав дээ сүүлд нь одоо 1 жил, 2 жилийн дараа тэгээд нэг жаахан гайгүй болоод. Аа тэгээд нэг хүүхдүүд торниод ирэх дээрээс тэгээд дээдэх нь доодохоо удирдаад явж байгаа болохоор тэгээд нэг жаахан гайгүйхэн болоод явчихаж байгаа юм чинь.

Ариун-Ундрах -

Аа бас эрт нас барсан байна тийм ээ?

Нацагбадам -

Тийм. 79 онд нас барсан юм манай муу талийгч чинь.

Ариун-Ундрах -

Та анх уурхайд яаж ажилд орсон бэ?

Нацагбадам -

Уурхайд уу?

Ариун-Ундрах -

Тийм.

Нацагбадам -

Уурхайд би ерөөсөө одоо тэр тухайн үед чинь уурхайчид гэдэг чинь уурхайд ажилд ороход бол ер нь их амархан байсан ш дээ. Ердөө л одоо за би ингээд ажилд ормоор байна энэ тэр гээд л бичиг баримтаа бүрдүүлээд л. Одоо яахав нөгөө паспорт, үнэмлэх юугаа барьж хүрч очоод л. Тэгээд л одоо хаана ямар газарт ажилчин дутуу байна уу? Тэр газарт одоо ерөөсөө тэгээд л боловсон хүчин гэж байсан юм. Боловсон хүчин дээр ороод л ерөөсөө тэгээд л нэрээ бичүүлэээд л тэгээд л ажилд ордог байсан юм. Тэгээд үгүй бол тэр хэсэгт оч, үгүй бол тэр гэрлийн тасагт оч ч гэдэг юм уу тэгээд л. Тэр тухайн үед бол ажил их элбэг байсан шүү уурхайд чинь ерөөсөө. Хүн их авдаг тиймэрхүү байсан юм чинь. Одоо бол ерөөсөө ажил олдохоо больчихоод байгаа ш дээ. Өө 40 л хүрсэн бол одоо ерөөсөө ажил байхгүй ээ л гэдэг болсон байна ш дээ. Одоо тэр хүний нас сүүдрийг заагаад одоо ерөөсөө. Залуу залуу улсууд бол одоо ерөөсөө ажилгүй одоо архинд орчихоод явцгааж байна ш дээ.

Ариун-Ундрах -

Таны нөхөр юу хийж байсан бэ?

Нацагбадам -

Манай нөхөр одоо уурхайд ажиллаж байгаад сүүлд нь уурын зууханд ажиллаж байгаад тэгээд юу яасан юм. Тэгээд нөгөө морь тэргэндээ дайруулаад чааваас хөл гараа гэмтээгээд тэгээд группт ороод ажилгүй байж байгаад л тэгээд нас барсан юм.

Ариун-Ундрах -

Аан уурхайд яг ямар ажил хийж байсан бэ?

Нацагбадам -

Уурхайд бол уурхайн гүнд бас нөгөө одоо нэг цахилгааны ажил хийж байсан юм уу даа. Тийм л юм шиг байна лээ. Тэгээд уурхайгаасаа гараад тэр уурын зууханд нөгөө галч хийж байсан юм. Уурын зуухны галч гэдэг чинь одоо нөгөө гал энэ тэр түлдэг хүн шүү дээ. Тийм галч гэсэн үг. Тийм ажил хийж байсан юм.

Ариун-Ундрах -

Та тэгээд энэ олон жилийн турш нөгөө хөдөө байсан гэрээсээ гарч ирсэн ш дээ тийм ээ?

Нацагбадам -

Тийм, тийм.

Ариун-Ундрах -

Холбоотой байсан уу?

Нацагбадам -

Аан би холбоотой байж байгаад сүүлд нь одоо тэгээд холбоо маань тасраад. Одоо тэгээд миний дүү нар, миний төрсөн гарсан ээж одоо энэ Улаанбаатар хот руу орж ирчихээд. Тэгээд би хөдөө гадаа явж чадахгүй байсаар байж. Одоо тэгээд энэ жил нэг хөдөө явж нутгаа үзээд. Эртээд энд нөгөө өргөж авсан аав маань ч нас барчихсан байна лээ хөөрхий минь. Тэгээд өргөж авсан ээж ирсэн энэ тэр гээд юу яах дээрээс нь ач охин нь ч энд бас хүрээд ирчихсэн байсан. Тэр жил манайхаар тэр ээж маань нэг ирсэн юм. Тэр ач охиноо дагуулаад ирээд бид хоёрыг уулзуулаад ингэсэн юм хөөрхий минь. Тэгээд одоо нутагтаа очвол манайхаар очоорой энээ тэрээ гээд л тэгээд явсан юм байхгүй юу. Тэрнээс нь хойш би очиж чаддаггүй бас. Тэгээд л одоо нөгөө хүүхдүүдтэй орооцолдоод нэгд. Хоёртоо ч өөрийн бие бас жаахан ядруухан болох дээрээс чинь одоо даралт маань ихсээд л, тэгээд л бие хаа минь өвдөөд л, одоо ингээд эмнэлэг түргэнд хэвтээд л ингээд юу яасаар байгаад л явж чадахгүй байж. Тэгээд энэ жил харин том хүү минь авч яваад. Тэгээд тэр нутгаараа сураглаад яасан чинь өө тийм айл байдаггүй, өө танихгүй гээд нөгөөдүүл нь асуусан улсууд маань тэгээд. Тэгээд тэр аймгийн төв дээр манай одоо ламын гэгээний хийд гээд нэг хийд уг нь тэр Баянзүрхийн төв дээр балгас болчихсон хийд байсан юм. Ламын гэгээний хийд гээд. Тэр хийд маань тэр аймгийнхаа төв дээр байгуулагджээ. Тэр хийдээрээ ороод мөргөл хийгээд тэгээд ингээд хүрч ирсэн юм. Тэгээд харин ирсэн хойно харин энчээ байж байсан чинь нэг өдөр ач охин нь гүйгээд ирдэг юм. Хөө та чинь байж байгаа юм уу? Үгүй ээ би байлгүй хаачих вэ. Надыг нүд аньчихсан гэж дуулаа юу? гэж нөгөөдөхөө цаашлуулаад. Тэгсэн чинь үгүй л дээ таныг одоо харагдахгүй болохоор чинь байгаа юм болов уу? Үгүй юм болов уу? гэж бодоод л байсан юм. Та байгаа юм байна ш дээ. Одоо нөгөө манай буурал ээж ирчихсэн ш дээ гэнэ харин. Үгүй хаана ирчихсэн юм, хаана байгаа юм. Үгүй ээ биднуус саяхан аймаг яваад ирсэн ш дээ. Би наана чинь нутгаа яваад ирээд байж байна энэ тэр гээд тэгсэн чинь өө аль дээр манай буурал ээж манай аавынх нүүгээд ирчихсэн. Үгүй ээ та одоо очиж уулз энэ тэр гээд ингэдэг юм. Үгүй ээ хаана байгаа юм гэсэн. Үгүй ээ ердөө одоо энэ уурхайн энд цаана нөгөө тоосгоны үйлдвэрийн тэнд байж байгаа. Манай аавынх нүүгээд ирчихсэн байгаа. Тэр аавынд буурал ээж ирчихсэн байгаа. Та одоо очиж уулз гэж ингэдэг юм. Үгүй ээ одоо үнэн ярьчихвуу чи чинь, худлаа ярьчихвуу одоо. Үгүй ээ тийм хурдан нүүгээд ирчихсэн юм уу? гэсэн чинь үгүй ээ аль дээр нүүж ирсэн юм манайх. Үгүй ээ тэгвэл биднуус сураглаагүй нь ч болж нэгд. Хоёрдоод ирэхэд энэ хүүхдүүд яараад сандраад одоо өнөө хойдох ажил хэцүү боллоо одоо ерөөсөө. Одоо энэ наадам дууссан юм чинь бушуухан явахгүй бол болохгүй. Ажил сүйд боллоо гээд ингээд тэгээд яараад ирсэн ш дээ гэхгүй юу. Тэгсэн чинь харин буурал ээж ирчихсээн. Та очиж уулз. Үгүй ээ уулзалгүй яахав. Ирсэн юм бол би очно ш дээ. Очиж уулзана хөөе гээд. Тэгээд нэг өдөр машин бариад энэ урагшаагаа яваад. Тэгээд тэр тоосгоны үйлдвэрийн цаана манаачаар буусан юм гэнэ ээ хөөрхий минь. Нээрээ ирчихсэн байна. Тэгээд тэр ээжтэйгээ уулзаад. Миний өргөж авсан ээж шүү дээ. Тэрүүнтэйгээ уулзаад нөгөөдөхтэйгээ нэг өдөржингөө бараг өдрийн их тал ярьсан байх аа. Ярьж хөөрч ингэж сууж байгаад тэгээд оройдоо хэдүүлээ нэг юм хүрээд ирсэн. Тэгээд ямар сайндаа ээ танайхныг би сураглаагүй нь болж дээ чухам нэгд. Хоёрдоод ирэхэд одоо тэгээд нөгөө хүүхдүүд чинь хойшоо ажил хэцүү боллоо энээ тэрээ гээд л, яараад л одоо нэг 2 морь уралдуулаад тэгээд наашаа хүрээд ирсэн гээд ингэсэн чинь өө хөөрхий минь. Тэгсэн юм уу? Үгүй ер болж дээ миний хүүхэн. Одоо нутгаа яваад ирсэн бол болоо ш дээ. Тэгээд нутагтаа очоод за яахав би нэг төрсөн газартаа л очиж чадсангүй дээ. Тэгээд уг нь тэр яг гарсан төрсөн нутагтаа очоод би нэг хөрвөөсөн бол болох л байсан юм даа. Тэгэхдээ яахав ээ хөөрхий нутгийн шороон дээр хөрвөөгөөд ирлээ дээ гээд би тэгээд хүрээд ирсэн.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.