Noost


Basic information
Interviewee ID: 990311
Name: Noost
Parent's name: Höövch
Ovog: Oortsog
Sex: m
Year of Birth: 1939
Ethnicity: Urianhai

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired, machinist - worked in mining
Belief: Buddhist
Born in: Mönhhairhan sum, Hovd aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
military
work
collectivization
childhood
foreign relations


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? Ноост гуай.

Ноост -

Сайн. Сайн байна уу?

Ариун-Ундрах -

За та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?

Ноост -

Би зөвшөөрч байна аа.

Ариун-Ундрах -

За танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

Ноост -

За баярлалаа миний хүү. Би одоо 1939 онд Ховд аймгийн Мөнх-хайрхан сумын Хавтусай гэдэг газар төрсөн. Ард Хөвчийн 2-р хүү болон төрж байлаа. Аа тэгээд тэр хугацаанд 8 нас хүртэл аав ээжийнхээ асрамжинд хүн болоод, 8 настай бага сургуульд ороод, 48 онд 8 нас хүрээд бага сургууль ороод 52 он хүртэл 4-р ангийг төгсөөд, тэгээд 4-р анги төгсөөд гарснаас хойш одоо сурсангүй дээ. Дээр үед чинь одоо мал ахуйг их эрхэмлэдэг. Одоогын байдлаар эерэг талд, эсрэг талдаа малтай хүн дээд баян. Үр хүүхэдтэй хүн 2-р баян, эрдэм номтой хүн 3-р баян гэх жишээтэй шахуу яригддаг байсан. Тэгээд тэр үед чинь одоо мал аж ахуй л их эрхэлдэг байсан учраас аав ээж маань надыг 4-р ангийн боловсролтой боллоо. Одоо болно оо. Одоо малаа өсгөе, малынхаа ажлыг эрхэмлэе гээд ингээд сургуульд оруулаагүй. Тэгээд дандаа малын ажил дээр мал маллаж ажиллаж байлаа. Аа тэгээд 1958 онд нэгдэлжих хөдөлгөөн өрнөж, тэнд одоо Ховд аймгийн Мөнх-хайрхан сумын “Оч” гэдэг нэгдэл байгуулагдаж, тэрний одоо анхны 10 гишүүн дотор 4 дэхь гишүүн нь болж тэр “Оч” нэгдэл гэдэгт гишүүнээр элсэж орж. Тэгээд нэгдлийн малчин хоньчин ажил хийж 58-61 он хүртэл нэгдлийн хоньчин байлаа. 61 онд ардын армид татагдаж шинэ Дархан хот гэж газар очиж цэргийн алба хаахаар очиж байлаа. Тэнд очоод одоо надыг Дарханд очиж байхад ерөөсөө Дарханд бол ерөөсөө одоо барьж байгуулсан ганц шонгын мод ч байхгүй тийм хоосон цулгуй, хөндий, тийм л их уужим хөндий газар байлаа. Аа тэгээд 61 оны цэрэг Дарханд ихэнхи нь одоо бараг улсын хэмжээний, армийн хэмжээний цэрэг нь ихэнхи нь Дарханд очсон. Шинэ Дарханд байгуулахын тулд. Аа тэгээд тэнд очиж жинхэнэ одоо Дархан хотын гал голомтыг бид асаалцаж, шинэ Дархан хотыг байгуулахад бишгүй их хувь нэмэр оруулсан. Одоо бол харин Дархан хотыг хэн байгуулав гэдэг асуудал яригдах юм бол Дархан хотыг 61 оны ардын арми, тэрний одоо бие бүрэлдэхүүн цэргийн хүчээр л байгуулагдсан хот гэж хэлэх шаардлагатай байдаг байхгүй юу. Аа тэгээд одоогын байдлаар ярих юм бол ерөөсөө одоо барилгачид Дархан хотыг барьж байгуулсан гэдэг тийм л юм яригддаг л даа. Тэр бол арай бас жаахан буруу юм гэж би бодож явдаг. Тэрнийг бол одоо арми, цэргүүд л одоо барьж байгуулсан хот шүү дээ. За тэгээд 61 оны цэрэг 64 онд халагдах ёстой. Цэргийн хугацаа 3 жил байсан. Аа тэгтэл цэргийн хугацаа 4 жил боллоо гээд 61 оны цэргийг 4 жил цэргийн алба хаалгасан юм шүү дээ. Тэгээд 4 жил цэргийн алба хаагаад 65 онд халагдаж байлаа. Аа цэргийн алба хааж байх үед одоо Дарханы гурилын үйлдвэр, цементний үйлдвэр, цагаан тоосгоны үйлдвэр гэх мэтчилэнгийн олон үйлдвэр дээр тэгэхдээ би тасгийн даргын ажил хийж байсан. Тасгуудаа аваачиж одоо хаана л чухал ямар л одоо объект байна тэрэн дээр манай тасаг очиж ажилладаг тийм байсан. Дандаа Увсын хүүхдүүд бид нэг тасаг байсан. Миний тасагт бол дандаа Увсын хүүхдүүд байсан. Би өөрөө Ховдынх. Тэгээд маш их сайхан ажил хийдэг байлаа. Их гоё бүтээн байгуулалт босч байсаан. Тэгээд одоо яг цэргээс халагдсан чинь орон нутагт нь явуулахгүй. Бүгдийг нь үйлдвэрийн газар намын илгээлтээр явуулна гээд 160-н хэдэн цэрэг Налайхын уурхайд бид нар 65 оны 11 сард халагдаж ирж байлаа. Тэгээд Налайхын уурхайд анх ирээд нэг хэдэн хоног аюулгүй техникийн дүрэм, уурхайн ажиллах ёс зарчим, дэг журам ямар байдаг юм гэдэг дээр бас одоо хичээл сургалтанд нь хамаарагдаж сууж байлаа. Тэгээд л одоо 45 хоног тийм хичээлд суугаад тэгээд уурхайд орж ажилласан. Уурхайд ороод анх ажиллахдаа цахилгаан слесьер хийж байлаа. Нэг хэдхэн сарын хугацаанд 4 сар цахилгаан слесьер хийгээд. Дараа нь тэгээд комбайн машинист гэдэг юуны курсэд суугаад. Тэгээд жинхэнэ одоо комбайн машинист болоод үргэлж тасралтгүй комбайн машинист 15 жил хийсэн. Аа энэ хугацаанд одоо машинистын мэргэжил дээшлүүлэх курсэд Оросын Межтуриск хотод 6 сараар явж курсэнд суралцаж ирээд. Аа тэгээд комплекс комбайн гэж комбайн 66 оноос Налайхын нүүрсний уурхайд нэвтэрсэн. Тэр комбайн дээр одоо 71 он хүртэл ажиллаад. Тэгээд одоо нөгөө хүнд хортой нөхцөлд, тоостой нөхцөлд олон жил ажилласан болохоор мэргэжлээс шалтгаалах өвчтэй болоод, өвчний тоосжилт аваад тэгээд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас газрын дээр хөнгөн ажилд шилжиж гарсаан. Аа тэгээд одоо залуу хүн ажилгүй байж болохгүй. Газрын дээр ажиллахад боломжтой тийм нөхцөлтэй байсан учраас Налайхын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаа гэж байсан. Тэнд орж аж ахуйн дарга, нярав гэдэг албан тушаалын ажлыг 14 жил гүйцэтгэлээ. Аа тэр хугацаанд Налайхын гүйцэтгэх захиргааг би туслах аж ахуйтай болгож, туслах аж ахуйгаасаа өвлийн цагт ажилчдыг хүнсний зүйлээр хангахад их үүрэг рольтой байлаа. Зун, намар одоо дулааны улиралд бол сүү цагаан идээгээр хангадаг ийм үүрэг рольтой байсан. Тэгээд ажиллаж байгаа хугацаанд бол одоо бас муугүй л ажиллаж байсан л даа. Тэр үед юм гэдэг чинь одоо их айхтар зарчимч, нэгдсэн удирдлагатай, нэг зохион байгуулалттай, хууль дүрэм ягштал биелүүлдэг. Салан задгай тийм байдаггүй. Цаг айхтар баримталдаг их сайхан цаг байлаа. Их сайхан ажиллаж байлаа. Ажлын бүтээл их өндөр сайхан байлаа. Элдэв хангай бусармаг иймээ тийм одоо юм байхгүй. Юманд их шулуун, юманд их үнэнч одоо тийм л үе байлаа шүү дээ. Тийм л үед ажиллаж байлаа. Тэгээд дараа нь Налайхын 100-р сургууль гэдэгт очиж бас 13 жил ажилласан. Тэр хугацаанд мөн одоо аж ахуйн дарга, нярав гэдэг юугаар тэнд очиж 13 жил ажиллахдаа би бас мөн одоо туслах аж ахуйтай болгож. Туслах аж ахуй гэдэг чинь одоо байгууллагынхаа дэргэд малтай болохыг яриад байгаа байхгүй юу. Тэгээд малтай болгоод бас мөн одоо зуны цагт нь сүү тараг, цагаан идээгээр сургуулийнхаа ажилчдыг хангадаг. Бас өгөөж их сайтай байсан. Аа өвлийн цаг болох дээр зэрэг дотуур байрны хүүхдүүд өчнөөн хүүхдүүд байдаг. Тэр дотуур байрны хүүхдүүдийн өвлийн хүнсний махан хангамжыг бол одоо тэр туслах аж ахуйгаасаа хангадаг ийм одоо их үр өгөөжтэй байсаан.

Ариун-Ундрах -

За таны төрж өссөн нутаг ус ямар байсан бэ?

Ноост -

Миний төрж өссөн нутаг ус бол одоо их сайхан уулархаг хангай газар. Одоо маш их өндөр өндөр сүрлэг уултай. Ан амьтан одоо есөн төрлийн бүх л одоо ямар л ан амьтан, шувуу ер нь одоо юу л байдаг юм бүх юм байдаг их сайхан баялагтай, их сайхан нутаг. Зуны цагт их сайхан зуншлага болдог. Өвлийн цагт нэг айхтар одоо тийм их зуд зурхад болж, одоогынх шиг тэгэж зуд зурахд болж мал үхдэг барьдаг ерөөсөө тийм юм байдаггүй байсан. Хувь хүмүүсийн ажлын хариуцлага маш их өндөр байлаа. Өвлийн цагт одоо малаа онд мэнд байлгахын тулд өвс хадлан авдаг ажил гэдэг чинь одоо их мундаг сайхан зохион байгуулалттай байлаа. Одоо шиг л ерөөсөө тийм ч дамшиг, ийм ч наадам гэж явдаггүй. Архидалт гэдэг юм ерөөсөө байдаггүй. Ерөөсөө одоо тэр үеийн хүмүүс, хүүхэд, хөгшид, үгүй ээ ерөөсөө хүн болгон л ажлын төлөө, хийж бүтээхийн төлөө. Социализмын үед чинь одоо ерөөсөө л үнэнч ажил хийж бүтээхийн төлөө л байсан юм шүү дээ. Тэрний төлөө л одоо ерөөсөө хөгшин, залуугүй л ажилладаг байсан. Ийм л сайхан. Аа нутаг усны хувьд бол одоо яахав сайхаан сайхан. Одоо хүн төрсөн нутгаа магталгүй л яахав. Гэхдээ арай л одоо хангайрхуу сүрлэг сайхан уултай. Харин одоо ой мод жаахан багатай манай нутаг бол. Уул, одоо тэр байгаль баялаг бол янзтай сайхаан.

Ариун-Ундрах -

Аан тэр Ховдод янз бүрийн жимс тарьдаг байсан уу? Дээр үед?

Ноост -

Ховдод одоо хөдөлмөрийн баатар Лувсан гэдэг хүн тэр Улаанхүрээ гэдэгт чацаргана, янз бүрийн жимс их тарьдаг байсан. Тэр ч бас их л үр өгөөжтэй л байсан байх л даа. Тэр үед чинь одоо нэг их айхтар бас одоогынх шиг нэг жимс, хүнсний ногоо нэг их айхтар хэрэглэж эхэлж л байсан төдий болохоос биш яг одоо амьдралын хүнсний гол хэрэгцээ болж, ногоо хүнсний хоол нэг их айхтар хэрэглэж байгаагүй. Ерөөсөө л цагаан идээ, мах хоёроор л бараг тэжээгддэг л байлаа шүү дээ.

Ариун-Ундрах -

За та өөрийнхөө аав ээжийнхээ тухай ярьж өгөөч?

Ноост -

Аав ээж бол манай аав ээж мөн л одоо малчин улсууд. Дандаа малаар л амьдарч байсан. Тэгээд л одоо залуу бага наснаасаа эхлээд л одоо насан өндөр бүр нас эцэс болтлоо л мал дээр. Малын л ажилтай, малчин л улсууд байсан.

Ариун-Ундрах -

Таны аав ээж хоёр хувь хүнийхээ зан чанарын хувьд ямархуу хүмүүс байсан бэ?

Ноост -

Аав ээжийн хувь хүний зан чанарын хувьд бол одоо яахав зүгээр жинхэнэ эх эцэг хүний тийм л байдлаар хүүхдүүд бидэнтэйгээ харьцдаг. Аа харин их айхтар хатуу зарчимч шаардлагатай. Өглөө бол ерөөсөө одоо маш их эрт босгодог. Оройд маш орой унтуулдаг. Орой унтсан хүн нэгийг сонсдог. Өглөө эрт боссон хүн нэгийг хардаг гэгчээр л одоо тийм л юугаар биднийг их хүмүүжүүлсэн. Тэр ч одоо бас их амьдралын их сайн сургамж болж одоо биднийг зөв л хүмүүжүүлж байсан байна. Ерөөсөө бид нарын багад чинь одоо тэгээд нэг ингээд гэрт аав ээжтэй байж байтал гаднаас нэг хүн ороод ирэхэд бол аав ээж тэр хүмүүстэй ярьж байхад бид нь дэргэд нь нэг хараад ингээд нэг үгийг нь чагнаад суудаггүй л байлаа шүү дээ. Том хүмүүсийн үгэнд орлоо та нар гээд л ингээд нэг муухай харчихад л гараад явчих жишээтэй. Тийм л айхтар сайхан диктатур хүмүүжилтэй байсан.

Ариун-Ундрах -

Таны хүүхэн нас хэрхэн өнгөрсөн бэ?

Ноост -

Өө миний хүүхэд нас одоо яахав дээ сайхан л өслөө. Сайхан аав ээжийн буянд эрүүл энх сайхан өслөө. Аа тэгээд аав ээжийн тэр одоо алтан сургамж, сайн сайхан сургамжын үгээр бид хүмүүжил сайтай л өссөн. Ахмадаа хүндэлдэг. Аа тэгээд одоо Монголынхоо ёс зарчим, дэг жаягыг их дагадаг. Байгаль, ус одоо бүх юмаа хайрладаг хамгаалдаг. Ямарваа юманд их одоо өрөвчхөн сэтгэлтэй тийм л байдлаар л хүмүүжсэн. Тийм л одоо хүүхэд ахуй нас.

Ариун-Ундрах -

Тэгэхээр таны бодлоор тэр үеийн хүүхдүүдийн хүмүүжил одооныхоос ямар ялгаатай байсан бэ?

Ноост -

Одоогын хүүхдийн хүмүүжил, миний багын үеийн хүүхдийн хүмүүжил хоёрыг харьцуулахад бол яг одоо онцлоод онцгой болгож ярихад бол ер нь тэгээд ахмадаа хүндэлдэг. Аа ухамсар, юмыг хайрладаг, гамнадаг, юмаар одоо юм хийдэг ч гэдэг юм уу тэр талаасаа үнэхээр одоо шал хоёр ондоо болчихсон. Одооны хүүхдүүд бол ерөөсөө одоо ямар ч одоо тийм уужим ухаан бодол байхгүй. Нэг л их мундаг, их юм хийсэн их мундаг хүмүүс л байх л жишээтэй өөрөө ярьдаг. Аа жинхэнэ амьдрал дээр яах юм бол одоо тэгээд хийсэн ажил нь үр бүтээл ч муутай. Хийсэн ажил нь ч одоо ерөөсөө дандаа юмыг буруу талаас нь ярьж, буруу талаас нь л одоо сэдэх санаатай ийм л болчихсон юм уу гэсэн бодол төрөгддөг байхгүй юу.

Ариун-Ундрах -

За та анх сургуульд орсон тухайгаа ярьж өгөөч?

Ноост -

Анх сургуульд ороход би одоо 48-52 он хүртэл 4 жил. Дээр үед чинь одоо 4-р анги төгссөн хүн чинь одоо бараг л одоогынхоор дээд мэргэжил төгссөн шиг л болдог байлаа шүү дээ. Тэгээд 4-р анги төгслөө миний хүү одоо болоо. Одоо ерөөсөө хэдэн малтайгаа л ажиллана гээд аав ээж маань ингээд сургуульд оруулаагүй. Тэгээд л дандаа мал дээр ажиллаж байгаад л. Тэгээд л цэрэгт яваад одоо ингээд л.

Ариун-Ундрах -

Тэр 4 жилийн сурах хугацаанд ер нь танд ямархуу байсан бэ?

Ноост -

4 жилийн сурах хугацаанд одоогынхоор бол ерөөсөө одоо их айхтар гачигдалтай байсан гэж хэлмээр. Учир яагаад вэ? 3 хүүхдийн дунд, 2 хүүхдийн дунд нэг ном байх жишээтэй. Тэр ном нь бол одоо урагдсан, тасарсан, хуудас бүрэн биш тийм байсан. Аа дэвтрийг бол бид дуустал нь бичнэ. Дуусгаад нөгөө гадна талын хавтасны дотно талд нь бичиж дуусгаад тэгээд багшдаа үзүүлж байж нэг дэвтэр авах жишээтэй. Харандааг бол ерөөсөө одоо бараг ингээд барьж болохгүй болтол нь бичнэ. Дандаа харандаагаар бичдэг байлаа. Энэн шиг одоо тийм сайхан үзэг бал элбэг тийм байсангүй. Аа тэгээд зааж байгаа багш нарын чанар бол одоогынхоос арай жаахан дутмагдуу байсан. Тэр бол одоо бас яахав орчин үедээ тэгэхдээ болж байсаан. Хүүхдүүдээ сургаж байсан. Онцлог нь тэр үеийн багш нар бол ерөөсөө хүүхэд болгонтой айхтар тулж ажилладаг байсан. Хүүхэд ч их цөөхөн байсан. Нэг анги гэхэд л одоо нэг 10-н хэдэн хүүхэд байх жишээтэй. Аа тэгээд өглөө ер нь одоо нэг даалгавар шалгаж үзнэ. Хүүхэд болгонтой тулж даалгаврыг нь шалгаж үзнэ. Цүнхний ариун цэвэр гэдэг юм их үздэг байсан. Бичгийн хэв маяг, ариун цэврийг их айхтар голчилдог байсан. Одоо бол тэгээд одоонхтой харьцуулаад, дээр үеийн надыг сургуульд байсантай харьцуулаад яах юм бол хүүхдүүдийн цүнхний ариун цэвэр үзэж байгаад тэнд дотор ямар юм авч явж байна, яаж байна гэдийг шалгаж байгаа шалгалт үзлэг бас алга л байна ш дээ. Одооны хүүхэд цүнхэн дотор юу ч аваад явж байж магадгүй л болчихсон ийм л асуудал байх юм. За тэгээд одоогын багш нар бол одоо ерөөсөө л өглөөд орж ирээд хүүхдүүдийг... Одоо ажиллаж байгаа багш нарт ачаалал нь маш их байна. Олон хүүхэдтэй байна. Хүүхэд болгонтой нь тулж хүрч ажиллаж чадахгүй байна. Тийм цаг зав нь болохгүй байна. Нэг багш орж ирээд л нэг хэдэн минут хичээл заагаад гардаг. Дараагын хичээл дээр дараагын мэргэжлийн багш орж ирж заадаг учраас цагтаа хавчигдаад нөгөө багш чинь одоо тэгээд л за хүүхдүүд даалгавраа хийсэн үү? л гэж асууна уу болохоос биш за хийж үү? Энэ хийж үү? гэж хүүхэд болгон дээр тулж бас даалгаврыг нь шалгаж чаддаггүй. Тийм учраас даалгавар хийдэг хүүхэд бол одоо ерөөсөө бараг байхгүй болчихсон байна. Энэ одоо бас их учир дутагдалтай юм. За ийм л одоо ялгаа л байна даа.

Ариун-Ундрах -

Та тэр бага сургуульд сурч байхдаа гэрээсээ хол байсан уу? Ойрхон байсан уу?

Ноост -

Сургуульд одоо миний манайхны одоо нөгөө малын эрхээр явдаг. Өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслан гэж байдаг. Аа энэ өвөлжөө нь өвөл болохоор одоо өвөлжөөндөө буучихна. Морьтой хүн өглөө гараад л давхихад чинь орой харанхуй болсон байхад л сумынхаа төв дээр ирдэг жишээтэй. Аа тэгэхээр 3 айл ч юм уу, 2 айл ч юм уу нэгдээд хүүхдүүдээ нэгтгээд нэг айлаа нүүлгэж сумын төв дээр аваачиж буулгаж. Тэгээд тэндээ айлдаа байж сургуульдаа суудаг. Аа тэгээд сургууль тарахаар хөдөө нөгөө мал руу нүүгээд гардаг жишээтэй. Тэгэж л тийм л байдалтай сурж байлаа. Аа тэгэхдээ дотуур байр байсан. Дотуур байрны хүүхдэд одоо идэх уух хангамжны хувьд маш сайн байсан. Одоогын юугаар бодвол ер нь дотуур байрны хүүхдүүд их мундаг хангалуун цатгалуун, гэдэс дүүрэн хоолтой сурж байсан цаг шүү дээ. Дотуур байрны хүүхдүүд бол. Одоогын дотуур байрны хүүхдүүд бол зайлуул зүгээр одоо яахав хангамж юу бол сайхан л байна л даа. Тэгэхдээ одоо тэр гэдэсний асуудал, хоол ундны асуудал. Ерөөсөө дотуур байрны хүүхэд хоолондоо цадахгүй л байх шиг харагддаг.

Ариун-Ундрах -

За таны хүүхэд насны мөрөөдөл юу байсан бэ?

Ноост -

Хүүхэд насны мөрөөдөл ч гэж одоо надыг бага байхад хааяа нэг эрфулат гэж ярьдаг байлаа даа. Онгоц нисдэг байсан. Айхтар дуутай, их айдаг тийм байлаа. Тэгээд сүүлд нь том болоод онгоц гэж ямар юм байдаг юм. Тэрнийг яаж явуулдаг гэдгийг одоо яах дээр зэрэг хүн жолоодож явуулдаг. Хүн барьж нисдэг гэдэг ийм юм яригддаг. Тэнд чинь одоо ямар гоё юм. Хүний толгойн дээгүүр тэнгэрээр ингээд явж байдаг. Тийм болчих юмсан гэж нэг бодол байдаг байсан. Тэгээд тэнд одоо боловсрол байхгүй. 4-р ангиас гарчихсан. Тэгээд ямар юмных нь нисгэгч болох уу. Тэгээд л нөгөө хэдэн мал гэж явсаар байгаад тэгээд тэгээд л. Цэрэгт яваад л, ингээд уурхайд ирээд ингээд нас өнгөрч байгаа юм чинь.

Ариун-Ундрах -

Аа та цэрэгт явтлаа мал дээр байсан гэсэн тийм ээ?

Ноост -

Тийм.

Ариун-Ундрах -

Аанхан. Тэгээд тэр мал дээр байсан тухайгаа, аа бас нэгдлийн тухай ярьж өгөөч?

Ноост -

Мал дээр байхад бол яахав одоо ерөөсөө нэг айхтар одоо шиг нэг 8 цагийн ажил хийчихээд бусад цагт нь амраад бай гэдэг юм байхгүй. Аа үргэлж л одоо гадуур дотор л ажил хийж явж байдаг. Байнга л малын ажил. Гэхдээ одоо дандаа морины дэлэн дээр. Мориор л одоо бүх ажлаа гүйцэтгэж байлаа ш дээ. Мал хариулах, одоо наашаа цаашаа болох ер нь ямар л юм байдаг юм. Аргал түлш түүхэд хүртэл мориор явж түүдэг л ийм л байлаа шүү дээ миний үед бол. Малын ашиг шимийг их эдэлж байсан. Малыг л одоо их тэмцэж л, малын төлөө л их зүтгэж байсан цаг даа.

Ариун-Ундрах -

Нэгдэлжих хөдөлгөөн гэж тухайн үед ямар юм байсан бэ?

Ноост -

Нэгдэлжих хөдөлгөөн гэдэг чинь одоо тухайн үедээ их л зөв сайхан юм гарч ирсэн гэж боддог юм. Яагаад вэ гэх дээр зэрэг бүл цөөхөнтэй. Дээр үед чинь одоо бас тийм олон хүүхэдтэй айл тэр болгон байсангүй шүү дээ. Олон малтай хүн бол малынхаа ноос авч чадахгүй ч юм байдаг юм уу, малаа тэр болгон маллаж одоо хүч хүрэхгүй. Ер нь одоо жаахан мал нь эзгүйдүү байдаг жишээний тийм шахуу айлууд, их малтай баян айлууд чинь тиймэрхүү байсан. Нэгдэлжих хөдөлгөөн гарсан чинь одоо малыг чинь маллах эзэн хяналт тавих нь их сайжирсан. Тэгээд нэгдэлжих хөдөлгөөн гарснаас болж одоо хүмүүсийн амьдрал ч их дээшилж өгсөн. Нөгөө нэгдлийн хэдэн малаа маллана. Тэрнийхээ хөдөлмөрийнхөө хөлс гэж авна. Тэгээд урдын баяачууд чинь хичнээн малынхаа хойноос хөөцөлдөж, хичнээн их ажил хийгээд ч энэ одоо хөдөлмөрийн хөлс гэж байгаагүй юм чинь нэгдэл болоогүй байхад. Нэгдэл болсны арагш энэ тэр хөдөлмөрийн хөлс авдагаас болж одоо мал ч их сайхан малладаг байсан. Хөдөлмөрийн хөлс ч өндөр авч байсан. Амьдрал ч их сайхан дээшилсэн. Их үсрэнгүй одоо хүмүүсийн амьдрал дээшилсэн ш дээ. Гэр орон муутай нь гэр орон сайхантай болсон. Амьдрал муутай нь амьдрал сайтай болсон. Аа тэгээд бас одоо дээр үед чинь 10 айл байлаа гэхэд 5 нь баян, 4 нь дунд зэрэг, нэг нь бүр айхтар одоогоор хэлбэл ёстой амьдралын доод түвшинд байсан улсууд чинь бүгд нэгэн жигд малтай болж амьдрал нь дээшилж өгсөн. Нэгдэлжих хөдөлгөөн гарсны улмаас.

Ариун-Ундрах -

Аа хувь хүмүүс нэгдэлд яаж элсдэг байсан бэ?

Ноост -

Хувь хүмүүс бол нэгдэлд яахав дээ тэгээд л өргөдөлөө өгөөд л, ерөөсөө хурлаар ороод л, тэгээд л ерөөсөө элсдэг. Малаа нийгэмчилдэг, малаа нэгдэлд хөрөнгө болгож өгдөг ийм л байсан. Өшөө нэг их нэгдэлд элсэхэд нэг их айхтар тийм шаардагдах юм байгаагүй.

Ариун-Ундрах -

Хамгийн анх тэр нэгдэлжүүлэлт гэдэг зүйл яаж эхэлж байсан бэ? Хүмүүс яаж хүлээж авч байсан бэ?

Ноост -

Ер нь анхны хоёр, нэг жил бол одоо хүмүүс малаа аваачиж нэг юманд өгчихөөд өөрснөө 75 толгой малтай үлдэх байсан ш дээ. Бараг одоо 900-1000 малтай айл байхад л одоо 900 гаруй малыг аваачихдаа зүгээр ямар ч юугүй хүнд өгчихнө гэдэг дээр бас л нэг айхтар тийм сайн дуртай биш байсан байхгүй юу. Бас нилээн дээрээс засаг төрөөс одоо бас л жаахан шахаж, таниулж, ойлгуулж байж л оруулж байсан. Бас жаахан нэгдэлжих хөдөлгөөнд хамаарагдах асуудлын хувьд бол бас жаахан хүндрэлтэй л байсан байх тухайн үед.

Ариун-Ундрах -

Аан тэгээд нэгдэлжүүлэлтэнд хүмүүс нөгөө эхлээд ухуулга хийгээд явна ш дээ тийм ээ? Аа тэр ухуулгаараа яг юу ярьдаг байсан бол?

Ноост -

Ухуулгаараа яахав одоо манай улс нийгмийн шаардлага ийм байна. Нэгдэлжих хөдөлгөөн байгуулж нэгдэж одоо хоршиж хамтарч ажилласны үр дүнд одоо Монголын ард түмний амьдрал сайжрах юм аа. Улс нийгэм маань ингэж хөгжих юм аа гэдэг талаас нь тийм л голдуу ухуулга хийдэг байсан.

Ариун-Ундрах -

Тэгээд хувь хүмүүс нэгдэлд элссэнийхээ дараагаар нэгдэлтэйгээ яг ямар холбоотой байна гэсэн үг вэ? Нэгдлийнхээ малыг маллана.

Ноост -

Өө яахав хувь хүмүүс нэгдэлд ороод нэгдлийн гишүүн боллоо. Тэгээд нэгдлийнхээ мал малладаг нь мал маллана. Аа газар тариалан эрхлүүлдэг болгосон. Газар тариалан эрхэлдэг нь газар тариалангаа эрхэлдэг. Тэгээд нөгөө ажлын хариуцлага, цаг ашиглалт их сайн байсан учраас л ер нь бүх амжилт их сайн гарч байсан гэж л ойлгогддог юм ш дээ.

Ариун-Ундрах -

Аа нэгдэлд элсэх дургүй хүмүүс байсан болов уу?

Ноост -

За нэгдэлд элсэх дургүй, одоо нөгөө кинон дээр гардаг шиг би ч одоо жаахан харзананаа гэдэг шиг бас тэгэж, тийм бодлоор одоо бас ер нь юу болох нь уу? Энэ түрүүн орсон улсууд яах нь уу? гэдгийг бас харзнаж байсан улсууд байсан байх л даа. Аа тэгээд ихэнхи нь одоо нэгдэлд ороод, нэгдэлжээд улсуудын амьдрал сайжраад үгүй ээ ерөөсөө үр ашиг нь ойлгогдоод ирэх дээр зэрэг ерөөсөө бүгд л одоо нэгдэлд орсон юм шүү дээ. Нэгдэлд ороогүй, манай суманд бол нэгдлийн гишүүн биш айл өрх байгаагүй. Бүгд л нэгдэлд орсон. Нэгдлийн үр өгөөжийг ойлгосон. Тийм учраас нэгдэлд орохгүй гэж нэг их айхтар юу яаж байсан хүн байгаагүй ээ.

Ариун-Ундрах -

Малаа нууж байсан тохиолдол байгаа болов уу?

Ноост -

Яг одоо нэгдлийн гишүүн болж орчихоод малаа нууж байсан тохиолдол одоо ямар кинон дээр билээ гардаг ш дээ. Тэрэн шиг яг тэгэж одоо хээр аваачаад малаа нууж барьж тэгэж байсан юм ер нь байгаа байх аа. Мэдэхгүй. Би тийм ерөөсөө сонсож, дөхөж хараагүй юм байна.

Ариун-Ундрах -

Аа хэвлэл мэдээлллийн хэрэслээр нэгдлийн тухай ер нь юу гэж цацдаг байсан бэ?

Ноост -

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр чинь одоо дээр үед тэр үед чинь ч одоо зурагт гэж юм байсангүй. Радио ч бас их ховордуу байлаа ш дээ. Бүүр хөдөөний малчдын хувьд бол. Тэгээд л дандаа одоо сум багийн дарга нар л нэгдэлжих хөдөлгөөний талаар их л ярьж, таниулж, ухуулж явдаг л тийм л байсан даа. Хэвлэлээр бол бичиж л байсан байлгүй. Яахав мэдээж. Тэгэхдээ л хөдөөний алс малчид чиь одоо тэр болгон хэвлэлийг чинь захиалаад байж чаддаггүй. Хэвлэл уншдаг хүн байдаггүй учраас нэг айхтар ойлголт авах юм байгаагүй л дээ. Тэгэхдээ хэвлэлээр суртчилдаг газраа сурталчилж л байсан байлгүй.

Ариун-Ундрах -

Тэгэхээр тухайн нэг нэгдэл гэхэд жишээ нь таны байсан “Оч” гэдэг нэгдэл гэсэн үү тийм ээ? Аа тэр дотроо яг ямар ямар бүтэцтэй байх уу?

Ноост -

Аа тэр бүтэцдээ бол одоо нэгдлийн дарга, нарийн бичгийн дарга нь байна. Тэгээд л одоо бригадын дарга гэж байна. Аа зохион байгуулахын хувьд бол, удирдлагын хувьд бол. Тоо бүртгэгч гэж байдаг байсан. Аа ер нь тэгээд тэр тоо бүртгэгч л ер нь гол ажлыг хийдэг. Тэр хүмүүсийн одоо хөдөлмөрийн хөлс бодох жишээтэй. Одоо тэр айлд тийм мал өгнө, тийм хүнээр тийм мал маллуулна ч гэдэг юм уу тэр бүх ажлыг л зохицуулдаг нь бараг л тоо бүртгэгч, бригадын дарга хоёр байсан.

Ариун-Ундрах -

Нэгдлүүд хоорондоо өрсөлддөг байсан уу?

Ноост -

Аа нэгдлүүд хоорондоо одоо энэ зах зээлийн худалдааны үе шиг тийм их өрсөлдөх тийм юм байгаагүй байх аа.

Ариун-Ундрах -

Тус тусдаа л ажиллагаагаа явуулах уу?

Ноост -

Тийм. Тус тусдаа яагаад л. Одоо тэгээд тэр үед чинь ерөөсөө ямарваа нэг юм чинь одоо их айхтар төлөвлөгөөтэй, алсыг харсан хараатай. 5, 5 жилээр ажлаа төлөвлөдөг. Тийм алсын бодлоготой байсан учраас бүгд л нэг л бодлого, нэг л тийм юм барьж ажиллаж байсан учраас хоорондоо нэг айхтар өрсөлдөөд яваад байх юм байхгүй л байсан л даа.

Ариун-Ундрах -

За та нэгдлийн давуу болон дутагдалтай талыг хэлж өгөөч?

Ноост -

Мэдэхгүй ээ дутагдалтай тал гэж одоо би ер нь ярьж мэдэхгүй байна. Тийм дутагталтай байсан гэдэгт ерөөсөө хэлэх юм олдохгүй л байна ш дээ.

Ариун-Ундрах -

Байхгүй юу тийм ээ?

Ноост -

Байхгүй. Аа давуу тал бол мөн л одоо тэгээд яахав дээ. Хамтарч ажилладаг. Малынхаа тэжээлийг дээр үед чинь одоо нэгдэл байгаагүй үед чинь хувь хүн өөрснөө л ганц ганцаараа л малынхаа тэжээл өвс хадлангаа авдаг байсан бол нэгдэлжсэн үед бол нэгдлийн бүх гишүүд хамтарч л хэсэг хэсэг бригад болж гарч малынхаа өвс тэжээлийг хамтаараа бэлддэг. Энэ их давуу талтай болсон. Хүмүүсийн амьдрал дээшилж өгсөн. Нийгэм маань ч тэр чигээрээ одоо бас иргэн сайн бол хороо сайн, хороо сайн бол нийслэл сайн гэдэг шигээр л одоо тийм л байдлаар сайхан хөгжиж байсан. Давуу тал нь тэр шүү дээ.

Ариун-Ундрах -

Тэгээд тэр нэгдэл яагаад тарах болсон бэ?

Ноост -

Аа тэр нэгдэл чухам яагаад тарах болсон гэдэг дээр одоо би ямар нэг их улс төрч биш, нэг их айхтар мундаг мэдлэгтэй оюутан сэхээтэн ч хүн биш. Зүгээр нэг жирийн ард учраас чухам яагаад тарах болсон бэ? гэдэг дээр тодорхой хэлэх юм алга.

Ариун-Ундрах -

Ер нь яг тарах үйл явц нь яаж болж байсан бэ? Та тэр үед байсан биз дээ тийм ээ?

Ноост -

Байлгүй яахав. Тарах үйл явц болж байх үед чинь би уурхайд ажиллаж байлаа л даа. Нэгдэл тарах болсон тохиолдол бол одоо хөдөө манай нутаг тийшээ бол анх одоо нэгдэлд хичнээн мал өгсөн юм? Нийгэмчилж байсан юм? Тэрнийхээ тал нь одоо хувьдаа авч нэгдлийнхээ малыг тэгэж л одоо хувь хүмүүст тарааж өгсөн л юм дуулддаг юм ш дээ. Аа хэрэв би яваад очсон бол одоо тэндээс бас хэдэн мал авчих тийм боломж байсан л юм байна лээ. Анхны гишүүддээ яг нэгдлийнхээ малыг тарааж л өгсөн ийм л юм байна лээ.

Ариун-Ундрах -

Таны хувьд бол малаа буцааж авч чадаагүй юу тийм ээ?

Ноост -

Чадаагүй. Би одоо 1000 хэдэн зуун км-ийн цаана байгаа тэр Ховдод очиж одоо тэр мал яаж ч авах юм билээ. Аваад тэрийгээ яах ч юм билээ. Тэгээд авъя гэсэн тийм бодол ч надад байгаагүй. Тэгээд л өнгөрсөн л дөө.

Ариун-Ундрах -

Таны аав ээж хоёр Монголын түүхтэй холбоотой зүйл ярьдаг байсан уу? Таныг бага байхад?

Ноост -

Аав маань одоо ярьдаг байсан юм аа. Тэр Осмоны дайн гэж юм болж байсан байгаа юм. Аа тэгэхэд манай аав тэр хэлмэрч, газарч хийж явж байсан юм уу? одоо нэг тиймэрхүү юм ярьж байсан шиг санагдах юм. Тэгээд өшөө тодорхой мэдэж байгаа юм алга. Аа тэр Осмоны дайн гэдэг юм болж байхад ерөөсөө л их аюултай. Айлыг одоо орж гэр орныг нь тоноод, хоттой малыг нь туугаад явж байсан тийм л юм л ярьдаг. Тэгээд одоо тиймэрхүү талын юм ярилцаад улсууд ингээд сууж байхад хүүхэд бидэнд одоо тэрнийг чагнаад суудаг эрх байхгүй учраас тэр болгоныг сонсож нарийн мэдэж авч байж байх тийм боломж байгаагүй л байхгүй юу.

Ариун-Ундрах -

Бас үлгэр ярьж өгдөг байсан уу?

Ноост -

Үгүй.

Ариун-Ундрах -

Тухайн үеийн хүүхдүүд ихэвчлэн ямар ямар тоглоомоор тоглодог байсан бэ?

Ноост -

Аа тэр бол тэр үед чинь одоо хүүхдүүд гол нь л шагай. Малын хонь, ямааны шагай их цуглуулна. Шагайгаар л одоо өнөө л малаа хийж тоглоно ш дээ. Үхэр, хонь, ямаа, тэмээ гээд. Тэгээд Үйшир гэж тоглоом байдаг байсан. Хурал гэж тоглоом байдаг байсан. Ийм л тоглуумаадаар тоглоно. Хөзөр гэдэг тоглоом тэр үед ч нэг их айхтар байгаагүй л юм шүү дээ. Дандаа харин одоо дээр үеийн уламжлалт тэр хөлөгт тоглоом маш их байдаг байсан. Тэр хөлөгт тоглоомоор л их тоглодог байсан юм шиг байгаа юм аа. Одоо бодоход бол.

Ариун-Ундрах -

Таныг бага байхад Монголын уламжлалт баярууд хэрхэн явагддаг байсан бэ?

Ноост -

Монголын уламжлат баяр гэж ерөөсөө ганцхан л одоо улсын баяр л их гоё явагдана. Улсын баяраар одоо ерөөсөө баг багаар наадна, сум сумаар наадна. Аймаг аймагаар наадах жишээтэй л наадна шүү дээ. Тэгэхэд одоо нэгдэл бол нэгдлээрээ. Манай “Оч” нэгдэл бол Оч нэгдлийн гишүүд гэдэг юугаараа л одоо нэгдлийнхээ төв дээр л одоо цуглаж морио уралдах, бөх барилдах. Тэр үед бол одоо ерөөсөө наадам болоход айл болгон төчнөөн литр айрагтай, одоо тэдэн тавгын идээтэй ч гэдэг юм уу нэг тийм чиг байдаг. Тэгээд тэрнийг бол хүмүүс одоо нэг их айхтар шахуулдаггүй. Ерөөсөө өөрснөө бүх юмаа бэлдэж нэгдлийнхээ юунд аваачиж өгдөг. Их сайхан одоо идэх уухаар элбэг. Одоо ямар ч тийм элдэв хангай юу байхгүй. Дандаа л одоо мах, цагаан идээний талын тийм л юугаар одоо баярладаг байлаа шүү дээ. Морио уралдана, бөхөө барилдана. Одоо тэгэж л баярладаг. Тэрнээс биш ганц л одоо ерөөсөө л, баяр бол ерөөсөө ганц л баяр байсан. Улсын баяр. Цагаан сарын баяр гэж одоо харин жинхэнэ уламжлалт баяр маань цагаан сар шүү дээ. Цагаан сараар нэг сайхан баярлана. Аа улсын баяраар нэг баярлана. Ерөөсөө хоёрхон баяртай байсан. Тийм учраас одоогынх шиг зүгээр тэнд ч ийм, энд ч ийм гэж одоо их айхтар ажил цалгардуулж, нэг их архидалдт, одоо нэг их зугаа цэнгэл юм ерөөсөө байгаагүй. Ганцхан ажлын төлөө л байсан л цаг л даа.

Ариун-Ундрах -

Цагаан сар хэрхэн болдог байсан бэ?

Ноост -

Аа цагаан сар их өргөн сайхан болно. Одоо айл хотлоороо л. Тэгээд ямар одоо нэг дүүрэгт байнга байх биш нэг өвөлжөөнд нэг 2 айл ч байдаг юм уу. Их л бол нэг 3 айл хамтарч өвөлжинө. Тэгээд нөгөө хувийн малтай байсан цагт ч гэсэн тэр, аа нэгдэлд ороод нэгдлийн малтай байсан ч гэсэн тэр 2-3 айл хамтраад өвөлжих юм бол мал маань ихдэнэ, бэлчээрийн даац муудна. Тийм талаасаа л байсан юм шиг байгаа юм. Ерөөсөө нэг өвөлжөөнд ер нь 2 айлаас хэтрэх айл өвөлжихгүй дээ. Тэр малынхаа тоо толгойд тохируулж л тэгэж л өвөлждөг байсан байгаа юм. Тэгээд цагаан сарын өглөө одоо бид хангайдаа залбирч арц хүжээ өргөх, идээ будааныхаа дээж өргөх, аа малынхаа одоо өвчүүг өндөр уулынхаа юунд аваачиж өвчүү түлж сан тавьж хангай дэлхийдээ залбирдаг ийм л ёс зарчимтай л байсан. Тэрнийг л их гүйцэтгэдэг байсан.

Ариун-Ундрах -

Таныг амьдарч байх үед эвлэлийн гишүүн гэдэг тиймэрхүү зүйл байсан уу?

Ноост -

Эвлэлийн гишүүн гэдэг байлгүй яахав. Эвлэлийн гишүүн гэдэг чинь одоо ерөөсөө намын гишүүн ерөөсөө хувьсгалт намыг залгамжлагч МАХЭ гэж байсан. Эвлэлийн гишүүн бол ерөөсөө одоо залуу хүн болгон л эвлэлийн гишүүн байх шаардлагатай гэдэг ухуулга тэнд бол их явагддаг. Залуу хүн болгон эвлэлийн гишүүн байсан. Тэгээд эвлэлийн гишүүн байхад бол одоо сар 1-2 удаа эвлэлийн үүрийн хурал хийдэг. Аа тэгээд одоо жилд байсан байх аа. Тэр чинь нэг 7 юм уу 10 хоногоор эвлэлийн гишүүд нэгдэж семинар хийдэг. Тэр семинар нь гол нь бол одоо түүх уламжлалаа яаж биелүүлдэг юм гэх жишээний, тэгээд улс нийгэмд одоо ямар асуудал явагдаж байна. Юу шаардлагатай байна гэдэгт бол бас их тайлбарлаж танилцуулдаг байсан. Аа тэрний зэрэгцээ эвлэлийн гишүүд тэр хамтарч одоо бүтээл их гаргадаг байсан. Одоо нэг зуны цаг бол туйпуу цохиулна. Туйпуу хийж одоо барилга барих жишээтэй. Барилгын материал туйпуу хийж бэлддэг. Аа тэгээд уулаас тэр чулуу .... жишээтэй ч юм уу. Одоо тиймэхүү жишээний ажил их хийлгэдэг байсан. Тэр 7-10 хоногийн семинарын дундуур. Ер нь үдээс урд хийчээл заагаад л, үдээс хойш тиймэрхүү хөдөлмөрийн юм их хийлгэдэг байсан л даа. Тэгээд эвлэлийн гишүүн гэдэг чинь одоо энэ улс ирээдүйг, одоо хойч үеийн залгамжлагч учраас тэрнийг хүмүүжүүлэх хүмүүжил, тэд нарын толгойнд юм хийх талаар бас багагүй ажиллаж байсан байгаа юм.

Ариун-Ундрах -

За та өөрийнхөө цэрэгт ирсэн тухайгаа эхнээс нь ярьж өгөөч?

Ноост -

61 онд би сумнаасаа цэрэгт татагдаад аймгийн төв дээр ирж комиссонд ороод жинхэнэ тэнцэх тэнцэхгүй нь тэрэн дээрээ яадаг байхгүй юу. Тэгээд цэрэгт тэнцлээ гээд бид одоо нутгаасаа 13 хүүхэд, сумнаасаа 13 хүүхэд цэрэгт тэнцэж цэрэгт явж байлаа. Тэгээд Улаанбаатарт ирээд халуун усанд ороод, жинхэнэ цэргийнхээ формыг өмсөөд ингээд тэр одоо шинэ Дархан гэж хот байгуулагдана аа. Тэр Дархан хотын бүтээн байгуулалтан дээр одоо танууд ажиллана гэдэг юугаар одоо тэр Дарханд аваачсан. Зүгээр нэг талд нэг баахан майхан барьчихсан. Платка барьчихсан. Тэнд л одоо бид очиж байлаа. Тэгэхэд тэнд ганц ч барилга байсангүй. Юу ч байсангүй. Зүгээр цулгуй сайхан тал л байсан. Тэгээд л тэнд очоод одоо тангараг өргөөд, 21 хоног хичээл хийлгээд, тангараг өргөөд, цэргийн тангараг өргөөд. Тэгээд л тэрнээсээ би нэг сар л болсон болов уу даа. Бага даргын сургууль, курс гэж юманд суу гэж одоо нэр ирдэг юм. Дээр үед чинь доо би тэгнэ, би ингэнэ гэх юм биш ямар. Цэргийн хүн тушаал за та тэг ингэ л гэвэл. Тэгээд л тэр бага даргын курсэд суулгана гэсэн юу гараад. Тэгээд би бага даргын курсэд 1 сар суугаад л. Тэгээд л тасгын дарга, жагсаалын дарга тийм юм л одоо хийнэ. Түрүүч, ахлагч цолтой. Тэгээд 4 жилийн 3 жил хагасд нь одоо тийм тасгын дарга, жагсаалын дарга гэсэн юм хийж байлаа. Аа тэгээд Дарханаас нилээн зайтай тэр цагаан тоосгоны үйлдвэр гэж баригдахад манай тасаг 13-уулаа. Дандаа л Увсын хүүхдүүд байсан. Манай тасгыг л дандаа явуулна. Тэр одоо бас бодвол нэг итгэл найдвар л байсан юм байлгүй. Цагаан тоосгоны үйлдвэр гэж байгуулагдана гээд тэр Дарханаас наашаа нэг 10 хэдэн км-ийн газар бас нэг л эзгүй хөндийд бид хэдийг аваачиж нэг гэр барьж өгөөд байлгаж байгаа юм л даа. Тэгээд бид тэнд бол одоо энэ чинь харуул манааны үүрэг гүйцэтгэж байсан үе л дээ. Тэр л одоо материал ирж байж байх үед тэнд бол харж байсан. Тэгээд материал ирээд буулаа. Ажил эхлэхээр боллоо. Тэгээд манай тасаг, манай бателон одоо тэнд тэр үйлдвэрийг барьж цагаан тоосгон заводыг барьж байлаа, цементны үйлдвэрийг барьж байлаа, гурилын үйлдвэрийг барьж байлаа. Тэгээд гэх мэтчилэн олон манай оны цэрэг ерөөсөө Дарханыг л одоо 61 оны цэрэг л байгуулсан Дархан хот шүү дээ.

Ариун-Ундрах -

Хажууд нь хуучин Дархан гэж байх уу?

Ноост -

Хуучин Дархан гэдэг нь бол одоо бид нарын 61 онд очоод байгуулсан Дарханыг чинь одоо хуучин Дархан гээд байгаа юм.

Ариун-Ундрах -

Аан ер нь Дарханыг шинээр байгуулахыг шинэ Дархан гээд байгаа юм уу?

Ноост -

Дарханыг шинээр байгуулсан одоо анхны байгуулсан Дарханыг чинь одоо хуучин Дархан гэж нэрлэдэг болоод. Аа 65 оноос хойшоо барьж байгуулсныг нь одоо шинэ Дархан гэдэг юм уу даа. Тэгэхдээ одоо бараг ухаан нь энэ манай Налайхын одоо шинэ Дархан болоод. Нийслэл Улаанбаатар хот маань анх баригдсан нь тэр нь одоо хуучин Дархан болох жишээний л юм болж байгаа юм л даа. Тийм л ялгаатай болохоос биш одоо ерөөсөө Дархан чинь шинэ л Дархан шүү дээ. Ерөөсөө шинэ Дархан л гэдэг нэртэй байх ёстой.

Ариун-Ундрах -

Аа ер нь Дарханыг л анх байгуулсан юм байна ш дээ тийм ээ?

Ноост -

Дарханыг л анх байгуулсан. Тэр 61 оны цэргийг Дархан хот гэж шинээр хот байгуулагдана аа. Тэрнийг л одоо жинхэнэ одоо гал голомтыг нь босгож, суурийг нь тавих улсууд танууд шүү гэж биднийг тэнд аваачиж байсан байхгүй юу.

Ариун-Ундрах -

Аа тэгээд юу ч үгүй тал дээр л очиж байсан юм уу?

Ноост -

Юу ч үгүй, ямар ч ёстой ганц шонгын модгүй тал дээр л бид очиж байсан байхгүй юу. 61 оны цэрэг бол. Барилгын 5-р бателон гэж тухайлбал. Армийн барилгын 5-р бателон гээд тэнд очиж байгуулагдаж, тэгээд анхны одоо шонг татаж байлаа ш дээ. Шинэ Дархан хотын анхны шонг манай 61 оны цэргүүд татсан. Аа тэгээд 4 жилийн хугацаанд барьж босгосны дараа ямархуу хот босч ирсэн бэ?Одоо ёстой янзтай л гоё хот болсон л доо. Бид нар 65 онд цэргээс халагдаад явж байхад бол ерөөсөө одоо энэ сайхан хотдоо ажилласан бол гэсэн тийм сэтгэл хоргодох тийм юу төрж л байсан. Тэгэх дээр зэрэг л ер нь ямар хот байсан гэдэг нь тодорхой болж байнаа даа. Нутгаа явах юмсан гэсний оронд энэ сайхан хотод, энд ажилласан бол гэсэн тийм сэтгэл бууж байсан байгаа юм ш дээ. Тэгэхээр л ямар хот болсон гэдэг нь тодорхой байх л даа.

Ариун-Ундрах -

Тэгээд дотор нь одоо ямар ямар барилгуудыг барьж байсан бэ?

Ноост -

Өө тэр дотор нь бол одоо ерөөсөө тоймлоод хэлэхэд л одоо сая түрүүн миний ярьдаг тэр л цагаан тоосгоны үйлдвэр, цементны үйлдвэр, гурилын үйлдвэр, төмөр ба төмөр бетоны үйлдвэр гэх мэтчилэнгийн зөвхөн тоймлож хэлэхдээгээ л ерөөсөө ярих юм бол өчнөөн олон үйлдвэр л баригдаж байсан байхгүй юу даа.

Ариун-Ундрах -

Тэгээд бас орон сууцны барилгууд баригдсан уу?

Ноост -

Орон сууцны барилгууд зөндөө баригдаж байсан.

Ариун-Ундрах -

Та тэгээд ямар дарга билээ. Бага дарга тийм ээ?

Ноост -

Тийм.

Ариун-Ундрах -

Тэр тэгэхээр яг ямар албан тушаал вэ? цэргийн?

Ноост -

Бага дарга гэдэг чинь одоо тасгын дарга. Тасгын дарга гэдэг бол нэг 17-18 цэрэг хариуцаж, тэр цэргүүдийн одоо зохион байгуулалт, ажил төрлийг нь хуваарилж өгч, ажлынх нь гүйцэтгэлийг нь шалгаж тэгэж л ажилладаг. Өөрөөр хэлбэл нэг 10 хэдэн хүнийг бүх талаар нь хариуцан ажилладаг хүн л дээ. Аа жагсаалын дарга гэх юм бол 1 рот одоо салаа байна дотроо. Салаа гэдэг нь тасгаас бүрдэнэ. Нэг салаанд нэг 5-6 тасаг цэрэг байх жишээтэй. 5-6 тасаг цэрэг гэдэг чинь одоо нэг 60-70-аад цэрэг байна гэсэн үгээ дээ. Тэгэхээр нэг тэр 60-70-аад цэрэг захирах салаан дарга гэж байна. Жагсаалын дарга гэдэг нь одоо өөрөөр хэлэх юм бол салаан даргын туслах л гэсэн үг л дээ. Тэр 60-70 цэрэг салаан дарга байхгүй тохиолдолд бол жагсаалын дарга тэрнийг одоо бас нэгдсэн журмаар жагсаах, ажилд нь аваачиж оруулах, ажлаас нь буусан үед нэгдсэн журмаар жагсааж анги дээрээ авчрах. Аа тэгээд ангид тэр л одоо бүх л зохион байгуулалтын ажлыг хариуцдаг тийм л ажил даа.

Ариун-Ундрах -

Аан тэр цэрэгт байшин барилга барилаа гээд цалин хөлс бол авахгүй биз дээ тийм ээ?

Ноост -

Цалин хөлсийг авдаггүй. Зүгээр одоо байлдагч хүн 3 төгрөгний цалинтай. Тасгын дарга хүн нэг 21 төгрөгний цалинтай байлуу даа. Жагсаалын дарга хүн 27 төгрөгний цалинтай тийм байдаг байсан. Харин сүүлд одоо 65 оноос хойш бол энэ барилгын цэрэг цалинтай болсон гэж дуулддаг юм байна лээ.

Ариун-Ундрах -

Тэгээд таныг цэргийн алба хааж байх үед чинь 4 жил болгосон гэсэн. Тэр яагаад тэгсэн бэ?

Ноост -

4 жил болгосон шалтгаан нь бол одоо би бодоход бол одоо ерөөсөө барилгын ажил маш их баригдах шаардлагатай болсон учраас л ер нь тэгсэн юм болов уу л гэж бодож байгаа юм л даа. Түүнээс биш одоо яахав зүгээр улс нийгэмд бас элдэв хангай юу болж цэрэг дайчдын хүч шаардлагатай. Одоо бараг ухаан нь өөрөөр хэлбэл улс төрийн одоо янз бүрийн үймээн самуун гарснаас биш. Социализмын үед бүтээн байгуулах одоо тэр барилгын ажил маш их шаардлагатай болсон учраас л тэгсэн л байх. Ер нь тэгсэн байна.

Ариун-Ундрах -

Тэгээд цэргийн дарга цэрэг нар хоорондоо ямархуу харилцаатай байх уу?

Ноост -

Цэргийн дарга цэрэг гэдэг чинь хоорондоо маш сайхан харилцаатай. Ерөөсөө одоо цэргийн тэр салаан дарга гэж байдаг. Тэр дарга нар бол дандаа офицерууд ш дээ. Офицерууд бол одоо тэр миний л одоо тэр цэргийн алба хааж байх хугацаанд бол шинэ цэргийг маш их ёстой жинхэнэ одоо аавын сэтгэлээр л ханддаг байсан байхгүй юу. Их сайхан одоо хүмүүжүүлнэ. Ухаан санаа их зааж өгнө. Одоо ерөөсөө цэрэг бол маш сайхан байсан ш дээ. Одоо 3 жилийн цэргийн алба хаана гэдэг чинь залуу улсууд бие маш их чийрэгждэг. Их сайхан болдог. Бие бялдар их суудаг. Их гоё болдог. Ер нь одоо тэгээд сахилга дэг журманд их айхтар суралцдаг. Хатуужил маш их сайн авдаг. Хатуужилд их мундаг хатуужилтай болж хүмүүжиж байсан 3 жилийн хугацаанд. Одоо бол ганц жилийн хугацаанд ерөөсөө ёстой бараг жагсаалд хөлөө олохгүй шахуу л халагдаж байгаа ш дээ цэргүүд бол. За бүтээн байгуулж байгаа юм байдаг л юм байгаа биз. Хэн мэдэх вэ, одоо тэр байдаг л байлгүй. Цэргийн хугацаа 1 жил гэдэг чинь ёстой тоглоом л юм байхгүй юу бидэнд бол. Одоо тэгээд 66-67 оноос хойш л одоо нэг цэргийн юманд нэг айхтар бусармаг тийм ажил гарсан. Хуучин цэргүүд одоо шинэ цэргүүдээ дарангуйлдаг, зоддог нүддэг нэг тийм нэг хэсэг баахан гарлаа шүү дээ. Тэгээд сүүлд нь харин одоо нэг намжиж бас зүгээр болж байх шиг байна. Одоо ч гэсэн саяхан одоо бас зурагтаар ярьж л байна лээ. Нэг хүүхдийг зодоод бүр одоо хачин болгочихсон. Ээж нь уйлаад л зурагтаар нэвтрүүлэг үзүүлээд явж л байна. Тэгэхээр бас л одоо тиймэрхүү юм байх шиг байна.

Ариун-Ундрах -

Таны байсан тухайн үед бол тийм юм байгаагүй юу?

Ноост -

Байгаагүй. Ёстой тийм юм байхгүй.

Ариун-Ундрах -

Та цэрэгт ирэхдээ анх удаа Улаанбаатарт ирсэн үү?

Ноост -

Цэрэгт ирэхдээ би ерөөсөө анх удаа л одоо 61 онд цэрэгт татагдаад л аймгийн төв дээр ч анх удаа орж ирж байлаа. Улсынхаа нийслэл Улаанбаатар дээр ч анх удаа л орж ирж байлаа.

Ариун-Ундрах -

Аймгийн төв дээрээ хүртэл анх удаа ирсэн үү тэ?

Ноост -

Тийм. Аймгийн төв дээр ерөөсөө л одоо цэрэгт татагдаад л аймгийн төв дээр орж ирсэн. Түүнээс биш дандаа нөгөө хөдөө л байсан юм чинь. Манайх одоо аймгийнхаа төвөөс ерөөсөө нэг 200-300-аад км-ийн цаана байгаа байхгүй юу. Тийм байдаг.

Ариун-Ундрах -

Тэгээд анх Улаанбаатарт ирэх ямар байсан бэ?

Ноост -

Анх Улаанбаатарт орж ирээд ерөөсөө тэр их барилга, тэр юман дотор орж ирээд ерөөсөө зүг чигээ мэдэхгүй. Зүгээр одоо хаашаа ч явах учраа олохгүй л байх байлаа шүү дээ. Хэрэв зүгээр нэг хувь хүн ганцаараа Улаанбаатарт орж ирчихээд явах байсан бол ерөөсөө хаашаа ч явж чадахгүй. Аа яахав нэг нэгдсэн журмаар цэргийн албанд ирсэн болохоор дандаа жагсаалаар явна. Нэг хүн удирдаж авч явна. Тийм учраас ямар их олон газар яваад байх биш. Ерөөсөө ирээд л нэг газар ороод л, тэгээд л халуун усанд ороод л хувцсаа формоо өмсөөд л тэгээд л одоо дан цэргийн юугаар явчихна. Тэгээд л халуун усанд ороод л, хувцсаа өмсөөд л тэгээд л шууд Дархан руу ачигдаад шөнөжин яваад л очиж байлаа. Тэр шинэ Дархан хотыг байгуулах газар дээр нь.

Ариун-Ундрах -

Тэгээд та Улаанбаатарт ирэхээсээ өмнө ямархуугаар төсөөлдөг байсан бэ?

Ноост -

Үгүй ээ ер нь одоо нэг аймгийн төвтэй зүйрлэж л. Нэг одоо анх л аймгийн төв дээр орж ирсэн. Аймгийн төв дээр хичнээн барилга байшин байх билээ, юу байх билээ нэг тиймэрхүү л юм байдаг л төсөөний юм бодож явсан байхгүй юу. Тэгээд орж ирсэн чинь ямар тийм юм байхав их сайхан байсан.

Ариун-Ундрах -

Аан тэгээд цэргийн амьдрал ямар байсан бэ?

Ноост -

Цэргийн амьдрал ёстой маш гоё байсан. Ерөөсөө одоо энэ зүгээр одоо тоглоом шоглоом болгоод хэлэхэд одоо энэ зах зээлийн үед ийм байж байна. Болдогсон бол одоо ахиад нэг 3 жил цэргийн алба хаачих юмсан гэж бодогдохоор л тийм сайхан байлаа шүү дээ. Идэх уух, одоо тэр дэг журам, сахилга, зохион байгуулалт, цаг ашиглалт бүх юм одоо үнэхээр их сайхан байсан. Одоогынх шиг ийм задгай ерөөсөө замбараагүй ийм байдаггүй. Үнэхээр гоё байсан. Улс нийгэм маань ч тийм байсан. Армийн одоо явуулж байгаа зарчим ч тийм байсан. Их л сайхан байсан.

Ариун-Ундрах -

Та цэргээс халагдаад яасан бэ?

Ноост -

Цэргээс халагдаад би одоо Налайхад ирээд, тэгээд л одоо уурхайд ажиллаад. Тэгээд түрүүн нэг ярьсан асуудлыг л давтагдаад л явж байгаа байхгүй юу.

Ариун-Ундрах -

Цэргээс халагдаад яагаад Налайхт ирэх болсон бэ?

Ноост -

Цэргээс халагдаад Налайхад ирэхэд чинь ерөөсөө одоо цаанаасаа хуваарилаад өгчихсөн. Тухайлбал Налайхын нүүрсний үйлдвэр одоо манайд өнөө жил одоо ийм хүн хүч хэрэгтэй байна гэсэн одоо юу байдаг юм байна л даа. Албан үйлдвэрийн газруудад чинь. Тухайлбал тоосгоны үйлдвэрт одоо хичнээн хүн хүч хэрэгтэй байна. Налайхын нүүрсний уурхайд хүн хүч хэрэгтэй байна. Одоо цемент шохойны үйлдвэр гэхэд хичнээн хүн хүч хэрэгтэй байна. Тэрийгээ одоо армид өгдөг юм байна л даа. Цэргийг бүгдийг нь орон нутагт нь явуулахгүй. Намын илгээлтээр үйлдвэрийн газар өгнө гэсэн учраас үйлдвэрээс одоо тийм бас юу авдаг байсан байлгүй. Тэгээд Налайхын нүүрсний үйлдвэрт л ямар ч байсан 160 цэрэг бид намын илгээлтээр ирж байсан.

Ариун-Ундрах -

Хөөх тийм олуулаа юу?

Ноост -

Тийм.

Ариун-Ундрах -

Намын илгээлт гэдэг нь намаас томилоод явуулж байна гэсэн үг үү?

Ноост -

Тийм одоо намаас томилоод явуул байна гэсэн үг л дээ.

Ариун-Ундрах -

Аа тэгээд анх Налайхад ирэхэд Налайх ямархуу хот байсан бэ?

Ноост -

Анх Налайхад ирэхэд Налайх бол ерөөсөө надыг ирснээс хойш Налайхад бол одоо энэ орон сууцны 5 давхарууд нэмэгдэж байна. Аа энэ дулааны станц нэмэгдэж баригдаж байна. Шинэчлэгдсэн юм бол. Аа тэгээд л энэ бусад одоо орон сууцнууд, соёлын ордныг бол байсан юу л даа.

Ариун-Ундрах -

Уурхайд ажиллах ямар байсан бэ?

Ноост -

Уурхайд ажиллаж байхад сайхан. Хичнээн одоо хиймэл агаартай, газрын доор ажилладаг ч гэлээ гэсэн бүх юм улсаас хангагдана. Ер нь одоо Налайхчууд бол уурхайн буянаар хонины 1-р мах л идэж байсан болохоос биш хонины 2, 3, ямааны мах бараг идэж байсангүй ш дээ. МАХН-ын төв хороо бол уурхайн талаар маш их анхаарч байсан. Бүх л юмыг одоо ерөөсөө уурхайчид руу хандуулдаг байсан. Хоол ундны чанар, тэгээд л одоо уурхайчид бол уурхай дотор орно. Уурхай дотор одоо 3 цаасны хоол гэж өгдөг байлаа. Сүүлд нь бүр уурхай дотор халуун оруулж өгдөг болсон. Уурхай ч их сайхан ажиллаж байсан. Их сайхан уурхай байсан манай Налайхын уурхай бол. Одоо энэ Улаанбаатар хотын бүх цахилгаан станцуудыг л манай Налайхын уурхай л хангаж байсан юм шүү дээ. Налайхын уурхайн буянд л Улаанбаатар дулаан сайхан байдаг байсан. Тэгээд л одоо ардчилал бий болоод л уурхай маань одоо ингээд тараад бутраад бүр одоо харахад бол үнэхээр өрөвдмөөр л болчихсон байгаа. 65 онд надыг цэргээс халагдаад ирж байхад бол Налайхад одоо нэг л их сайхан цэлгэр тал байсан болохоос биш ямар ч одоо барилга байшин тийм юм байгаагүй. Уурхай бол харин байсан. Одоо уурхайн 5 давхар комбинатын байр байсан. Одоо тэр их газрын доогуур ордог цамхаг байсан. Тэр уурхайн бүх юм баригдаж байгуулагдсан байсан л даа. Сайхан байсан. Одоо бол ерөөсөө 180 метр доошоо орж байлаа ш дээ уурхайд. 180 метр юугаар ороод тэгээд буугаад цаашаа ингээд явдаг. Ажил дээрээ очдог. Тэгээд нүүрснийхээ ажлыг хийдэг байсан. Одоо бол тийм юу ч байхгүй. Одоо бол манай Налайх гэдэг чинь маань одоо ер нь байгаль экологийн тэнцвэр үнэхээр алдагдсан. Налайх бол их л өрөвдмөөр болчихсон байгаа даа. 65 онд ирсэн энэ эд нартай харьцуулаад бодоход бол байгалийн хувьд бол, газар дэлхий хөрсний хувьд бол тийм болчихсон байгаа болохоос тэрнээс биш одоо Налайхын амьдрал тийм болчихсон байгаа юм биш л дээ. Налайх өсөж байна, хөгжиж байна. Манай Налайх бол одоо дэд бүтэц сайтай. Ямар ч юм одоо байгуулахад бүрэн бололцоотой газар шүү дээ уул нь.

Ариун-Ундрах -

Та тэгэхээр Налайхт тэр чигтээ суурьшсан юм уу?

Ноост -

Налайхт тэр чигтээ л суурьшсан. Би Налайхд одоо бараг цэрэг хувцастай л банди ирж байлаа шүү дээ. Тэгээд ирээд одоо хань ижилтэй боллоо, үр хүүхэдтэй боллоо. Ахуй амьдрал сайхан байна. Одоо болж байна. Тэгээд одоо тэтгэвэр гээд улсаас тэжээлгээд л амьдрал яахав ээ. Зүгээр одоо хувь хүн миний хувьд бол амьдрал болж л байна. Аа тэгээд одоо хүүхдүүдийн хувьд бол ажил төрөл байхгүй. Энэ талаар ярих юм их л юм байна л даа.

Ариун-Ундрах -

Та анх гэр бүлээ яаж зохиож байсан бэ?

Ноост -

Анх гэр бүлээ яахав би одоо энэ гэр бүлийнхээ хүнтэй танилцаад, манай гэр бүлийн хүн төрсөн ахынхаа нэг зуны байшинд байсан. Аа тэгээд танилцаад бид хоёр тэр зуных нь байшинд орж гал голомтоо асаалаа. Аа тэгээд дараа нь яахав гэр худалдаж авлаа. Өөрийн гэсэн гэртэй боллоо, хашаа оронтой болсон. Тэгээд л одоо ингээд амьдраад л явж байгаа. Амьдралын хугацаанд би одоо 2 охинтой. Том охин маань одоо 3 охинтой, бага охин маань 2 бандитай. 5 зээтэй иймэрхүү л байна.

Ариун-Ундрах -

Уурхайд та ямар ямар ажил хийж байсан тухайгаа та дэлгэрүүлж ярихгүй юу?

Ноост -

Уурхайд цахилгаан слесьер гэж юм хийж байлаа. Аа тэгээд л машинист. Комбайн машинист гэдэг бол төсөөлж хэлэхэд одоо юу ч гэж хэлмээр юм бэ дээ. Тэр уурхайн юуг чинь одоо энэ техникээр ингэж нурааж, нүүрсийг нь одоо нурааж унагаж ажилладаг л тийм техник байсан байхгүй юу. Тэр техник дээр л ажиллаж байсан хүн л дээ. Одоо тухайлбал байшин гэлээ гэхэд л одоо энэ байшингын энэ ханыг чинь л нүүрс байлаа гэхэд тэрийг нурааж огтолж өгдөг тийм л техник байгаа байхгүй юу.

Ариун-Ундрах -

Аанхан. Тэрийг та барьдаг байсан уу?

Ноост -

Тийм. Тэрийг л би жолооддог байсан.

Ариун-Ундрах -

Тэгэхээр сургалтанд суусан гэсэн ш дээ. Тэр тухайгаа ярьж өгөөч?

Ноост -

71 хэдэн онд .... гэдэг газар Междуриск гэдэг уурхайд бид нар мэргэжил дээшлүүлэх курс хийсэн. Тэгээд тэнд 6 сар болоход одоо бид бас их юм сурж авсан. Ирээд одоо шинээр нэвтэрч байгаа комплекс комбайн гэдэг техникийг бүрэн одоо Налайхын уурхайд монтажлаж, угсарч ажиллуулж эхэлсэн. Их сайхан үр бүтээлтэй ажиллаж байсан. Тэр бол одоо маш их хүн хүч хэмнэсэн, гараараа ерөөсөө бараг хийх ажил байхгүй техникээр хийгддэг. Нүүрс дамжуулдаг техник гэхэд л одоо дандаа бэлэн насосоор түлхэж наашаа цаашаа болгох жишээтэй. Урд бол дандаа задалж хувь хүмүүс өргөж нэг газар дамжуулдаг тийм байсныг чинь бодоход одоо тэр техникээр өөрөөр нь хөдөлгөж ажиллуулдаг, шилжүүлдэг тийм л үсрэнгүй техник байхгүй юу. Тэр техник дээр бид нар 40 хэдэн хүн явж суралцаж ирээд ажиллаж байсан.

Ариун-Ундрах -

Аа тэр курс нь хэр удаан явагдсан бэ?

Ноост -

6 сарын хугацаатай.

Ариун-Ундрах -

6 сарын хугацаанд та тэгвэл тэр Оросод байсан гэсэн үг юм уу?

Ноост -

Тэгсэн.

Ариун-Ундрах -

Орос улс ер нь ямархуу улс санагдсан бэ? Тухайн үедээ.

Ноост -

Тухайн үедээ ч гэлээ гэсэн тэр ер нь одоо дээр үеэс ч гэсэн тэр, одоо ч гэсэн тэр манай хойд хөрш Оросууд маань Зүгээр Орос улсын хувьд ч гэсэн тэр, хувь Орос иргэний хувьд ч гэсэн тэр ерөөсөө манай Монголыг бол Оросууд маань үнэхээр одоо мөн л ах дүү шиг л сэтгэлээр ханддаг. Бид нарыг одоо тэгэж сурч байхад бол их сайхан, одоо ерөөсөө их сайхан сургамж өгнө, хичээл заана, ажил дээр дагуулж очиж дадлага хийлгэнэ. Тэр уурхайн ажлыг одоо тэгэж хийдэг, ингэж хийдэг, тэр осол аваарт орохгүйн ажиллахын тулд тэгэж ажилла ингэж ажиллана. Одоо аюулгүйн техникийн дүрэм их заана. Ажиллах арга ухаан их заана. Тэгээд л амьдрах арга ухааныг хүртэл зааж өгдөг. Ерөөсөө одоо аргагүй л бид нарт аав ээжийн л сэтгэлээр хандаж байсан. Тэнд бол одоо ерөөсөө яах юм бол байхгүй. Оросын буянд л одоо ерөөсөө манай Монгол чинь л энэ одоо Орос ах нарынхаа буянд л одоо өдий зэргийн хөгжиж, өдий зэрэг л явж байгаа гэж би иргэн хүний хувьд тэгэж л ойлгож явдаг хүн шүү дээ. Урд хөрш маань байна. Урд хөршөө бас хэлэхгүй орхиж болохгүй байх л даа. Урд хөрш, хойд хөрш хоёрынхоо буянд л одоо манайхан ингэж байдаг.

Ариун-Ундрах -

За танд баярлалаа.

Ноост -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.