Noost


Basic information
Interviewee ID: 990311
Name: Noost
Parent's name: Höövch
Ovog: Oortsog
Sex: m
Year of Birth: 1939
Ethnicity: Urianhai

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired, machinist - worked in mining
Belief: Buddhist
Born in: Mönhhairhan sum, Hovd aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
cultural campaigns
politics / politicians
democracy
keepsakes / material culture


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу Ноост гуай?

Ноост -

Сайн. Сайн байна уу?

Ариун-Ундрах -

Сайн байна аа. Хоёулаа энэ удаагынхаа ярилцлагыг эхэлье ээ.

Ноост -

Заа.

Ариун-Ундрах -

За таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдэл байгаа юу? Аа хэрвээ байгаа бол тэр нь ямар үйл явдал вэ?

Ноост -

Үгүй ээ яахав уурхайд одоо нэг их айхтар гүнээр нөлөөлсөн гээд бүүр нэг айхтар гоц одоо юу байхав. Уурхайд ажиллаад одоо би амьдрал ахуйтай, гэр оронтой, хань ижил, үр хүүхэдтэй боллоо. Энэ л одоо сайхан нөлөөлөл. Аа өшөө одоо бас газар ус үзэж уурхайд ажилласны буянаар одоо хойд хөршийнхөө хил давж тэнд бас нэг 6 сар амьдарлаа. Мэргэжил дээшлүүлэх курсэд явж. Энэ одоо миний хувьд бол бас л онцлог л үйл явдал.

Ариун-Ундрах -

За таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл байгаа юу?

Ноост -

За нэг их айхтар хүнээс ялгараад онцлоод байх, онцгойлоод байх юм бол байхгүй.

Ариун-Ундрах -

Хоёулаа түрүүчийн ярилцлагаар таны ажил амьдралын тухай ярьж байсан. Тэгэхээр та өөрийнхөө ажлын тухай үргэлжлүүж ярихыг би таниас хүсч байна л даа. Та уурхайд ажилласныхаа дараагаар ямар ажил хийсэн бэ?

Ноост -

Аа би яахав намын илгээлтээр уурхайд ирж ажиллаад 15 жил газрын доор хүнд хортой нөхцөлд ажиллаад. Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас газрын дээр гарч одоогоор хэлбэл энэ Налайх дүүргийн засаг даргын тамгын газар 14 жил ажилласан. Аж ахуйн дарга, нярав гэдэг албан тушаалаар 14 жил ажиллаа. Аа тэр хугацаанд одоо яахав бас муугүй ажиллаж засаг төрөөс авах шагнал, одон медаль авах юмнуудыг авсан гэж бодож явдаг. Аа тэгээд тэр хугацаанд одоо бас засаг даргын тамгын газрыг туслах аж ахуйтай болгож, туслах аж ахуй нь бас байгууллагын ажилчдын одоо ахуй хангамж сайжрахад нилээн түлхэц болж байсан. Тэгээд яахав захиргааны засаг даргын тамгын газрын тохижилт үйлчилгээний асуудлыг хариуцаж хийж. Тэр бол бас муугүй явагдсан 14 жилийн хугацаанд. Товч яривал одоо ийм л байна.

Ариун-Ундрах -

Дараа нь ямар ажил хийсэн бэ?

Ноост -

Дараа нь энэ дүүргийнхээ энэ Налайх дүүргийнхээ сургуульд, 100-р сургууль гэдэгт очиж мөн л одоо аж ахуйн дарга, нярав хавсарсан тийм албан тушаалд 13 жил ажиллаа. Тэр хугацаанд бас л одоо аж ахуй зохион байгуулах, тохижилт үйлчилгээ одоо бүх л юм хариуцаж ажиллаж л байсан. Аа бас мөн тэр урд талынхаа юугаар одоо сургуулийг туслах аж ахуйтай болгож, туслах аж ахуй байж байгаад багш ажилчдад зуны цагт сүү цагаан идээгээр хангах, өвлийн цагт одоо бас боломж бололцоогоороо нэг идэшний зүйлээр хангах ч юм уу хүнсний зүйлээр хангах талын тэр бас нилээн өгөөжтэй ажилласан. Туслах аж ахуйн өгөөж маш их байдаг. Албан газарт бол туслах аж ахуйн өгөөж маш их байдаг. Даа ялангуяа сургуульд бол одоо сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн өвлийн одоо хоолны махан талын асуудлыг яахад бол туслах аж ахуйгаасаа хангаж байсан. Тэр бас их үр өгөөжтэй байсан. Ийм л юм даа.

Ариун-Ундрах -

За тэгэхээр социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямар байсан бэ?

Ноост -

Социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага бол одоо үнэхээр энэ юмыг хийчихье бүтээе, чанартай сайн хийе. Энэ чинь л одоо бидний амьдралын гол үндсэн түлхүүр гэдэг л ийм л ойлголтоор ингэж л ажилладаг байсан. Аа ерөөсөө тэгээд ажил таслах, ажлаас хожигдох, тэр цагийг одоо баримтлахгүй байх ийм ажил ерөөсөө ёстой нэг гаргадаггүй байсан. Цагийг л одоо маш их нарийн барьдаг байсан. Аа тэгээд тэр үеийн хүмүүсийн хариуцлага, ухамсар. Эрхээ ч эдэлдэг байлаа, үүргээ ч биелүүлдэг байлаа. Ийм л байсан даа.

Ариун-Ундрах -

Таны бодлоор одооны хүмүүсийн ажилд хандах хандлага яаж өөрчлөгдсөн бэ?

Ноост -

Одооны хүмүүсийн ажилд хандах хандлага бол ерөөсөө одоо муу. Социализмын үеийн асуудлыг бодох юм бол одооны энэ хүмүүсийн ажилд хандаж байгаа хандлага ер нь удирдлага талдаа ч гэсэн тэр, зүгээр жирийн ажилчдын хувьд ч гэсэн тэр ажлын цаг гэж юм ерөөсөө байхгүй болсон. Аа хариуцлага гэж юм ерөөсөө байхгүй болсон. Аа эрхээ маш их эдэлдэг болсон. Үүрэг биелүүлэх юм ерөөсөө үнэхээр устсан гэж хэлж болохоор байна. Ерөөсөө л одоо би тэгэх ёстой, авах ёстой. Аа тийм юмыг л гэж их шаардлага тавих ий зорилготой шахуу болчихсон. Аа би одоо энэ улсын иргэн хүн. Одоо ингээд нэг орчин тойрондоо одоо цэвэр цэмцгэр байя ч гэдэг юм уу. Хогыг одоо нэгдсэн журмаар хогын цэгэд аваачиж хаях ч гэдэг юм уу. Үгүй ээ ер нь гэх мэтчилэнгийн үүргээ биелүүлэх асуудал бол үнэхээр байхгүй болчихсон л гэж хэлэх гэж байна. Аа тэгээд ахмад настнаа хүндэлдэг, одоо энэ Монголын ёс жудгыг баримталдаг юм ерөөсөө байхгүй болсон. Газар ус, дэлхий ус, лус савдагаа одоо хайрлах хамгаалах, байгаль орчноо одоо унаган төрхөөр нь байлгах тийм бодол сэтгэлтэй тийм одоо сэхээтэн ч алга, тийм одоо хувь хүн ч алга, тийм удирдлага ч алга болчихсон юм уу л гэж бодогддог юм ш дээ. Одоо ерөөсөө юм болохоор дандаа мөнгөөр хөдөлчихсөн. Одоогын байж байгаа энэ явагдаж байгаа нийгмийн асуудал, даа ялангуяа одоо сонгууль. Сонгууль бол нэг л баахан худлаа, худлаа одоо шоу. Тэгээд л баахан мөнгө л цацсан, юм тараасан, өөрийгөө хэт дөвийлгөсөн сурталчилсан. Өөрөө санал авахын тулд ард түмний тархийг л угаасан, ходоодыг нь баярлуулсан ийм л юмаар одоо энэ сонгууль явагдаж байна. Сонгууль үнэнч шударга байя гээд одоо үнэнч шударга хүмүүсээ одоо ард түмэн зөв сонгоод гаргаж ирэх юм бол улс нийгэм маань үнэхээр л урагшлах ёстой. Тэгтэл өнөөдөр тийм юм ерөөсөө байхгүй. Мөнгөтэй хүн их хурлын гишүүн болж байна. Хүмүүсийн толгой худал үнэн хэлсэн хүн их хурлын гишүүн болж байна. Аа мөнгө тарааж одоо хүмүүсийн ходоодыг баярлуулсан хүн л их хурлын гишүүн болж байна. Энд одоо гурил будаа тараадаг ч юм уу яадаг ч юм. Одоо гэх мэтчилэнгийн ийм л болчихсон цаг юм уу гэж би бодох ч биш ээ. Ер нь ийм л болчихсон байна. Хууль дүрэм ерөөсөө биелэгдэхгүй байна. Дээрээс хууль дүрэм гарч л байна. Тэрнийг биелүүлж байгаа тийм одоо ухамсарлаж ойлгож байгаа юм ерөөсөө алга. Тэгээд л эцсийн эцэст нэг иргэний үүргийн биелэлт гэж юм байхгүй. Бас л ийм ажил болж байна л гэж.

Ариун-Ундрах -

За социализмын үед хүмүүс яаж ажилд ордог байсан бэ?

Ноост -

Социализмын үед бол би ерөөсөө одоо ажил хиймээр байна. Надыг ажилд авчихаач гэж ийм явдаг ийм асуудал байгаагүй ш дээ. Дээрээс бараг за ажилгүй хүн ерөөсөө байлгахгүй. Нэгдлийн гишүүн гэхэд л мал маллаагүй, одоо ямарваа нэгэн үйлдвэр, тэр нэгдлийн одоо газар тариалан ч байдаг юм уу одоо барилга байшин ч байдаг юм уу ямар л ажил байна тэр чиглэл дээр л ажилгүй хүн байна уу? гэдгийг хайж байсан болохоос биш, ажилгүй хүнийг байлгахгүйгын төлөө л тэмцэж байсан. Одоо бол ерөөсөө ажил хийе гээд явахад нас заачихсан. Одоо ерөөсөө 35-аас дээш настай аа тэтгэвэрийн наснаас доош тэр хоёрын хооронд насны хүн бол ерөөсөө одоо ямар ч ажил, ямар ч амьдрах юу байхгүй л болчихсон байна ш дээ. Дандаа нас заачихна. Тэгээд л ажил байхгүй. Аа тэгээд одоо нэг ажил гарна. Ер нь бараг л мөнгөтэй хүн л тэр ажилд орчихож байх жишээтэй шахуу. Одоо ажилд ороход ч гэсэн ерөөсөө хээл хахууль авдаг л болчихсон юм одоо яригдаад байх юм байна ш дээ. Тэр ч үнэний хувьтай л юм шиг байгаа юм.

Ариун-Ундрах -

Одооныхыг бол бас ярьлаа л даа та. Тэгэхдээ яг одоо ажилд орох процесс яаж өөрчлөгдсөн бэ?

Ноост -

Одоо ажилд орох процесс түрүүн би ярьлаа ш дээ. Нас зааж байна, өнгө зүс зааж байна. Ерөөсөө одоо нэг ажлын зарлал явлаа гэхэд л одоо тэдээс тэдэн насны, гоолиг царайлаг эмэгтэй гэсэн ийм л одоо ажлын зарлал дээр тийм л голцуу байх юм байна ш дээ. Тэр тэгэхээр одоо нас зааж байна, өнгө зүс зааж байна гэдэг чинь тэр л утгаар ярьж байна л даа би.

Ариун-Ундрах -

За та ажилдаа дуртай байсан уу?

Ноост -

Ажилд дуртай байлгүй яахав. Амьдрахын тулд ажилд дуртай байсан. Дургүй байна ч гэж одоо байх үндэс байгаагүй. Ажилд одоо их нарийн хяналт ихтэй. Энэ хүн ер нь ажлыг яаж хийж байна. Ажлыг хийж чадаж байна уу? Үгүй юу? гэдэг дээр үнэхээр өдөр болгон хяналттай, цагийн нарийн бүртгэлтэй их сайхан ажилладаг байлаа шүү дээ. Тийм учраас ажилд дургүй хүн ч гэж байх үндэс байсангүй. Хүн болгон л хариуцсан ажилдаа эзэн л болдог ийм л байсан. Ажилгүй хүн гэж ерөөсөө байгаагүй ш дээ. Одоо социализмын үед бол.

Ариун-Ундрах -

Аа социализмын дараа таны ажилд хандах хандлага өөрчлөгдсөн үү?

Ноост -

Үгүй ээ яахав дээ нэг зүгээр манай Монголын зүйр үг байдаг ш дээ. Сурсан юмыг сураар боож болдоггүй ч гэж нэг үг байдаг. Илжиг модон худрагандаа гэж нэг үг байдаг. Тэрэн шиг бид нар одоо цаг баримтлаад сурчихсан. Ажлыг чанартай, үнэн сэтгэлээсээ хийгээд сурчихсан. Аа ерөөсөө зүгээр сууж чаддаггүй. Ийм учраас л одоо юу байна шүү дээ.

Ариун-Ундрах -

Өөрчлөгдөөгүй юу?

Ноост -

Өөрчлөгдөөгүй. Ажилд хандах хандлага ерөөсөө өөрчлөгдөөгүй. Социализмын үеийн хандлагаар л ханддаг. Одоо ч гэсэн ерөөсөө. Тэгээд одоо хүүхдүүддээ бас тэр талаасаа, одоо тэрнийгээ аав ээжээсээ авсан өв уламжлалыг адилхан би одоо хүүхдүүддээ бас аав ээжтэйгээ адилхан би хүүхдүүдээ бас тэгэж хүмүүжүүлэх ёстой гэсэн талаасаа би хандах гэж оролддог л доо. Тэгэхээр одооны хүүхдүүд нэг үгийг 2-3 ахиад хэлчих юм бол үглээ гэнэ. Аа таны тэр үеийн юм өнгөрсөн шүү дээ. Одоо энэ нийгэм чинь ямар нийгэм билээ гэж урдаас иймэрхүү л юм хэлдэг. Ийм л одоо ухамсартай, ийм л сэтгэлтэй болчихсон байна ш дээ одоо үеийн хүүхдүүд бол.

Ариун-Ундрах -

Таны гол бахархдаг зүйл юу вэ?

Ноост -

Гол бахархдаг зүйл бол одоо ерөөсөө ийм Монгол улс гэдэг ийм Монголын сайхан нутаг усанд, ийм Монголын сайхан уужим нутагт одоо хүн болж төрснөөрөө л бахархдаг. Монголын иргэн, БНМАУ-ын иргэн тэр овогтой тэрээ гэдэг одоо нэр гарч явдаг дээрээ би бахархдаг. Монгол улсаараа л бахархана.

Ариун-Ундрах -

Таны жигшдэг зүйл юу вэ?

Ноост -

Миний жигшдэг зүйл бол одоо худал хэлж, хулгай хийхээс их жигшинэ. Аа энэ архи гэж юмнаас их жигшдэг хүн би ерөөсөө. Би ерөөсөө одоо архи гэж юмыг одоо яахав зүгээр огт уухгүй ч гэж хэлэхгүй л дээ. Бас хааяа ууна. Тэгэхдээ ч одоо бас завтай цагтаа цаад наадахаа бодсон хэмжээтэй л хэрэглэдэг. Энэ архины асуудал бол манай Монголд архины асуудал үнэндээ болохоо байлаа л даа. Миний хамгийн одоо сэтгэл зовж түгшиж явдаг юм бол энэ архинаас болж залуучууд маш их одоо амьдралаа ч алдаж байна, ажлаа ч алдаж байна. Тэгээд л янз янзын юм их л болж байна л даа тийм ээ? Одоо ингээд л яахад чинь одоо бүх л юм тодорхой байгаа юм. Тэр болгоныг одоо ярилцлага өгч байгаа юунд нэг их яриад ч байх юу байхав. Зүгээр товч утгыг нь ярихад л одоо архинаас болж л их юм уруудаж байна л гэж хэлмээр байна.

Ариун-Ундрах -

За таныг ажиллаж байх үед хэцүү зүйл нь юу байсан бэ?

Ноост -

Аа надыг ажиллаж байх үед хэцүү зүйл бол цаг ашиглалт л байсан. Цагийг их шахдаг. Тэр одоо зарим үед их хэцүү санагддаг байсан л даа. Ерөөсөө 5 минут хожигдох л юм бол тэгээд л одоо асуудал болгож яригдана. Яагаад хожигдов? Яагаад 5 минут хожигддог юм. Аа яахаараа бараг ухаан нь дэлгүүрийн худалдагч л гэлээ гэхэд та яах гэж 3 минутын урд дэлгүүрээ хааж байгаа юм бэ? гэх жишээтэй л цагийг ингэж л сайхан шахаж өгдөг байлаа ш дээ. За одоо 8 цаг ажиллаа гэхэд зөвхөн нэг өглөө 8 цагт ирээд орой ажил тарах цагаа бүртгүүлэх биш. Тэрэн дээр нь хяналт тавьж байгаа юм биш. Тэр ажлын бүтээл ямар вэ? гэдэг дээр их хяналт тавьж цаг ашиглалт их шахдаг байсан л даа. Энэндээ их онцлог. Тийм ч учраас ажлын бүтээл их сайн байсан.

Ариун-Ундрах -

Аа эсрэгээр нь амархан зүйлүүд нь юу юу байсан бол?

Ноост -

Амархан зүйл бол яахав одоо өөрийнхөө хийж чаддаг ажлыг л амархан хийчихдэг. Аа өөрийнхөө мэддэг чаддаг юмыг их амархан. Одоо энэ л амархан байсан л даа.

Ариун-Ундрах -

За та уурхайд ажиллаж байхдаа ч юм уу ер нь сард дунджаар хэдэн төгрөгний цалин авдаг байсан бэ?

Ноост -

Уурхайд ажиллаж байх тэр үед чинь одоо мөнгөний ханш их сайхан байлаа. 700-800 төгрөгний цалин авч байлаа шүү дээ. Аа тэр үеийн 800 төгрөг гэдэг чинь одоогоор бол хичнээн ч төгрөг болох билээ. Одоогын ханшаар бодоход. Тэгэхээр цалин маш их өндөр авч байсан. Уурхайн нөгөө комбайн машинист гэдэг учраас хамгийн өндөр цалинтай нь одоо уурхайд комбайн машинист л байсан юм шүү дээ.

Ариун-Ундрах -

Тэгээд таны авсан цалин чинь амьдралд тань хүрдэг байсан уу?

Ноост -

Амьдралд элбэг хүрдэг байсан. Тэр үед чинь одоо нэг 100 цаастай гарлаа гэхэд л нэг тампуу гурилаа аваад, аа махаа аваад, уудаг цайгаа аваад, татдаг тамхиа аваад, талх будаагаа аваад л. 100 цаастай гараад л тэгдэг байлаа. Тэгвэл одоо 100 цаасаар юу авч байгаа вэ? гэдэг тодорхой учраас тэгээд тэнд нэг их тайлбар хийх юу байхав. Одоо ерөөсөө 100 цаастай хүн өнөөдөр ямар байна гэдэг нь тодорхой байна шүү дээ.

Ариун-Ундрах -

Та өөрийнхөө хувийн амьдрал, ажил хоёроо яаж зохицуулж байсан бэ?

Ноост -

Хувийн амьдрал ажил хоёрыг одоо ажлыг бол яахав дандаа л одоо цаг нарийн барьдаг, цагаар ажилладаг, цаг шахаж ажилладаг, цагийн ажлын үр бүтээлийг л аль болохоор өндөр ажилладаг, үр бүтээлтэй ажилладаг байсан. Аа миний хувийн амьдралыг бол одоо сэтгэж энэ сарынхаа цалингаар би одоо амьдралдаа юу авах вэ? Гэр орондоо юу авах вэ? Хэдэн цаасаа одоо хоол унданд зарцуулах уу? Одоо манай гэрт, амьдралд одоо дутагдаж байгаа авах ёстой зүйл юу байна гэдгээ тооцож л, цалингаа тооцож л амьдралаа зохицуулна.

Ариун-Ундрах -

Тэгээд хамт олныхоо тухай ярьж өгөөч?

Ноост -

Хамт олон одоо ер нь тэгээд ажлын хамт олон гэдэг үнэхээр одоо сайхан. Бүгд л одоо нэг санаатай, нэг зорилготой, нэг чиглэлтэй л ажилладаг байлаа ш дээ социализмын үед бол. Одоо уурхай гэхэд л за өнөөдөр өглөө очоод л одоо наряд гэж үг өгдөг. За тэдэн тонн нүүрс гарга, комбайнааараа одоо төчнөөн метр нүүрс огтол гээд ингээд наряд өгөөд оруулна. Тэр бригадын 10-н хэдэн хүн л одоо тэр өгсөн нарядыг л биелүүлэхийн төлөө ерөөсөө бүгд 1 санаатай, 1 зорилготой зүтгэж ажилладаг. Аа тэгээд хамт олноороо их сайхан эвсэг. Нэгнийхээ гэр оронд очоод сайхан тоглосон, хоол унд идсэн. Аа яахав зүгээр бас ганц нэгхээн шил архийг нэг 10-н хэдэн хүн дунд 1 шил архи уух жишээтэй, бараг нэгнийхээ гэрт оччихоод. Аа сайхан тоглодог, хоол унд иддэг. Нэгнийхээ гэрт очоод нэг цаг юм уу нэг хэдэн минут одоо тэгээд л амьдралаа ярилцдаг, ажил төрлөө ярилцдаг тийм байлаа шүү дээ.

Ариун-Ундрах -

За та чөлөөт цагаараа юу хийдэг байсан бэ?

Ноост -

Чөлөөт цагаараа одоо яахав зүгээр л сонин ч унших юм уу тэгээд л одоо янз бүрийн л юм хийнэ л дээ. Гэр орны юу. Нэг их айхтар одоогынх шиг зугаалаад бариад, ийшээ тийшээ нар салхинд гарна гээд яваад байдаггүй. Ерөөсөө тэгээд амьдралд юу шаардлагатай байна. Ажлын цагт хийж чадахгүй, гэр оронд хийх ямар ажил байна. Тэрнийгээ чөлөөт цагаараа хийх жишээтэй. Аа бас яахав одоо бас нэг боловсон амрахын тулд гэр орондоо сайхан амрах тийм л юу байдаг.

Ариун-Ундрах -

Таныг амьдарч байх үед соёлын довтолгоо гэдэг зүйл болсон тийм ээ? Тэр тухай та дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?

Ноост -

Соёлын довтолгоо гэдэг зүйл бол одоо анх соёлын довтолгоо яаж байхад чинь би 10-н хэдэн настай хүүхэд байлаа. Хөдөөний малчин айлууд гэдэг чинь одоо бүгд эсгий гэртэй, задгай галтай. Энэ зуух гэж юм байгаагүй. Тэгээд задгай галтай учраас одоо утаа их гарна. Тэгээд л тэр гэрийн унь, тооно, гэрийн эсгий одоо их утаа болчихсон. Ер нь тэгээд хувцас хунар их хиртэй. Бөөс хуурстай. Ийм л байлаа ш дээ. Одоо тэр соёлын довтолгоо гэдэг юм бий болж гарч ирж ариун цэвэр сахиулах одоо юу бол үнэхээр үсрэнгүй их өөрчлөлт гарсан. Айл болгон унтдаг хөнжилтэй боллоо, нүүр гарын алчууртай боллоо, оо сойзтой боллоо, ариун цэврийг их дээд зэргээр сахидаг боллоо. Бөөс хуурс гэж юмыг ерөөсөө бүрмөсөн устгаж чадлаа. Одоо ерөөсөө манай Монголд бөөстэй хүн байхгүй шүү дээ бараг. Одоо хиртэй буртагтай, одоо нэг их айхтар хиртэй цамц өмсөөд явж байгаа хүн ер нь одоо байхгүй ш дээ манайд одоо. Тэр одоо соёлын довтолгооны л үр өгөөж.

Ариун-Ундрах -

Энэ соёлын довтолгоог ямар учраас анх хэрэгтэй гэж анх үзсэн бол?

Ноост -

Соёлын довтолгоо гэдэг чинь бол одоо ерөөсөө ариун цэвэр байх, янз бүрийн халдварт өвчин гаргахгүй л гэдэг үүднээс л анх энэ соёлын довтолгоо гарсан болов уу. Одоо зүгээр хар ухаан таамгаар бодоход тийм л байх гэж бодож байна ш дээ.

Ариун-Ундрах -

Тэгээд соёлын довтолгоо хүмүүсийн амьдралд яаж нөлөөлсөн бэ?

Ноост -

Соёлын довтолгоо хувь хүмүүсийн амьдралд бол гэрэлтэй гэгээтэй талаар л нөлөөлсөн. Ариун цэвэрч байх, хиргүй хувцас өмсөх, өөрөө угааж арчих, гэр орны аяга тавагнаас өгсүүлээд л бүх юм цэвэр цэмцгэр байх талаасаа л их нөлөөлж өгсөн ш дээ.

Ариун-Ундрах -

Соёлын довтолгооны үр дүнд ямар ямар салбарт чухал өөрчлөлтүүд гарсан бэ?

Ноост -

Тухайлбал эрүүл мэндийн салбарт л одоо тэр халдварт өвчнийг тусах талаар л их өөрчлөлт гарсан байх соёлын довтолгооны юугаар.

Ариун-Ундрах -

Боловсролын талаар анхаардаг байсан уу?

Ноост -

Боловсролын талаар анхаарна аа. Анхааралгүй яахав. Анхаардаг л байсан.

Ариун-Ундрах -

Яаж анхаардаг байсан бэ?

Ноост -

Хүүхдийг чанартай сургахын тулд багш нар болгон одоо хүүхэд болгонтой тулж ажилладаг л ажлууд их. Бас л нөгөө ажлын цаг ашиглалт, цагийн үр бүтээлтэй өнгөрүүлэх гэдэг дээр л одоо хүүхэд болгонтой багш бол тулж ажилладаг. Зүгээр одоо нийт дунд нь ярьчихаад гараад явчихдаг биш. Энэ хүүхэд ойлгож байна уу? Үгүй юу? гэдэг дээр л одоо хүүхэд болгонтой зааж байсан хичээлийнхээ талаар л их тулж ажилладаг. Аа тэр өгсөн даалгаврын гүйцэтгэл их мундаг шалгадаг. Үр дүнг нь тооцдог ийм л байсан. Энэ бас боловсролын одоо нэг айхтар авууштай, ер нь байнга одоо мөрдөж байх ёстой зүйл л гэж боддог.

Ариун-Ундрах -

Соёлын довтолгооны үеэр айлуудаар явж шалгадаг байсан уу?

Ноост -

Шалгадаг байсан. Айлуудаар явж шалгахдаа бол за энэ айл хэдэн ам бүлтэй айл юм. Гар нүүрийн алчуур хэдтэй юм. Аа шүд угаадаг оо сойзтой юм уу? Ер нь тэр байтугай юу яаж байсан ш дээ. Аяганы алчуур байна уу? Аа хүн болгоны гэрт одоо 3 хүн байлаа гэхэд гар нүүрийн алчуур тус тусдаа 3 алчуур байх хэрэгтэй. Ийм одоо шаардлагатай явагдаж байсан юм шүү дээ. Гэрийн дотор гадар цагаан бүрээс, гэрийн одоо ариун цэвэр гэж л бас л өнгө үзэмжийг л шахаж шаардаж байсан үе ш дээ.

Ариун-Ундрах -

Шалгалтын үеэр шаардлага хангаагүй айлууд яадаг байсан бэ?

Ноост -

Өө тэр чинь бас их айхтар юу яаж байсан юм аа. Бараг албан газар гэлээ гэхэд одоо шаардлага хангаагүй албан газар ч байдаг юм уу, айл өрхөд одоо гахай тавина. Нэг гахайн зураг зурчихсан. Гахай одоо тэр үед бол хамгийн бохир булай, муу амьтан гэж үзэгдэж байсан юм байгаа биз дээ. Тэгээд тийм айлд албан газар одоо нэг ариун цэврийн шалгалт яваад одоо муу гарсан албан газар гахай тавьж байлаа. Аа их мундаг сайн одоо юунд соёлч өрх гэж соёлч өрхийн гэрчилгээ гэж олгож байлаа. Аа тэгээд онгоцоо авчирч тавьж байх жишээтэй. Онгоцны зураг. Гэх жишээтэй тийм урамшуулал, жигшил 2 байлаа л даа.

Ариун-Ундрах -

Тэгээд та ардчиллын үеэр юу хийж байсан бэ?

Ноост -

Ардчиллын үеэр би одоо голцуу л мал маллах, аа тэгээд сүүлийн үе рүү бол сүүлдээ бол одоо ерөөсөө тохижилт үйлчилгээ хариуцсан тэр аж ахуйн талаасаа удирдах тийм л ажил хийж байсан.

Ариун-Ундрах -

Анх ардчилал гарч байх үеэр та дотроо ардчилалыг дэмжиж байсан уу?

Ноост -

Өө тэр анх ардчилал гарч байх үед бол би одоо хүүхэд ахуй нас бол нэг их айхтар дэмжинэ ч гэж юу яаж юм байхгүй. Дэмжихгүй ч гэж байсан юм байхгүй тэгээд ерөөсөө л одоо нийт дундын юугаар л явагдаж байсан л байх л даа. Одоо шиг ямар дэмжиж байна гээд хашхираад байсан ч юм байхгүй. Дэмжихгүй байна гэж жагсаал цуглаан ч хийж байсан юм байхгүй л дээ. Тэр үед бол.

Ариун-Ундрах -

Хоёулаа ардчиллын тухай ярьж байгаа ш дээ?

Ноост -

За.

Ариун-Ундрах -

Нөгөө 1990 онд болсон ардчилал.

Ноост -

Аан аан тэр үү? Өө тэр үед бол би одоо бас жаахан... өө яахав зүгээр ардчилал гэдэг чинь урд нь зүгээр нэг жаахан тийм хангалттай ойлголтгүй л байлаа ш дээ. Гэнэт л одоо зүгээр л ардчилал гарлаа гээд л одоо энэ намын төв хороо эд нарыг чинь татан буулгаад л ингэж байхад бол бас л одоо Цэдэнбал даргыг чинь халж солиод л ингэж байхад нэг ч их сайхан санагдаж байгаагүй л дээ. Бас арай ч тийм ч одоо яагаад ийм болчихов? Яав ийв гээд манай хойд хөршийн цэргийн албан хаагчдыг одоо гэнэт нэг өдөр л очоод гаргачихаж байх шиг. Тэр цэргийн Оросын нөхдүүдийн байгуулсан юмыг одоо бүгдийг нь ингээд устгаад үрэн таран хийлээ. Энэ бол ер нь ардчилал одоо гарах нь зүйн юм. Гарахдаа үнэхээр одоо хэт их яаруу хугацаагаар, хэт одоо их сүржин байдлаар гарч ирсэн нь л одоо их хангалтгүй л гэж үзэж байгаа юм би. Ардчилал гарах нь зөв. Гарахдаа хэт одоо их яаруу, их сүржин, одоо бүр нэг л их тийм одоо юу ч гэх юм, алсын хараагүй л гарч ирлээ л дээ.

Ариун-Ундрах -

Хийрхүү юу?

Ноост -

Тийм. Алсын хараагүй гарч ирлээ гэдэг нь юу гэсэн утга вэ гол утга нь одоо манай Монгол чинь гутлын үйлдвэр гэж хичнээн сайхан үйлдвэр байлаа. Арьс ширний үйлдвэр гэж хичнээн сайхан үйлдвэр байлаа. Ер нь энэ үйлдвэрүүд хичнээн сайхан байлаа. Аа сангийн аж ахуй гэж хичнээн гоё юм байлаа. Монголыг одоо бүгдийг нь тэжээж байлаа. Тэр бүх юмаа л гэнэт устгаад хаячихсан. Аа тэгээд тэр нь улс үүр гэж юу ч байхгүй. Тэгээд Налайхын үйлдвэр гэхэд хичнээн сайхан үйлдвэр байлаа. Одоо барилга нь гэж одоо зүгээр үйлдвэрийн одоо тэр ажилчдын хувцас хунараа сольж байж байсан үйлвэрийн ажилчдын тэр ахуй хангамжийн байр одоо ямар янзтай байна. Хүн харахад одоо, хараад хүн ёстой сэтгэлээр бүр дотогшоо уйлмаар ийм болчихсон л байж байгаа ш дээ. Энэ ардчиллын одоо бас нэг буруу л үйл ажиллагаа. Одоо тухайлбал энэ лакатр гэж хичнээн сайхан байгууллага, одоо манай 137-р анги чинь сайхан хичнээн сайхан барилга байгууламж байгаад одоо бүгд нураагаад унагаагаад дуусаад зүгээр одоо нэг бөмбөгдсөн юм шиг болгоод л хаячихсан байж л байна. Өчнөөн олон байр одоо тэгээд л ямар ч эзэмшилгүй, ямар ч үйл ажиллагаагүй байж л байна. Манай Налайхд чинь одоо тэнд байж л байна ш дээ. Орос ах нарын барьж байсан сайхан 5 давхар байруудыг тэрийг нь сайхан гүйцэт бариад, ашиглалтанд оруулаад увуулж цувуулаад одоо гаргасан юм байхгүй. Гэнэт нэг өдөр л хөөгөөд л гаргачихсан. Барьж байсан юм нь тэгээд л дутуу хоцорчихсон... Ийм л байна ш дээ.

Ариун-Ундрах -

Тэр ардчиллын үеэр таны амьдрал ямархуу байсан бэ?

Ноост -

Ардчиллын үеэр миний амьдрал бол ер нь тогтчихсон. Тогтсон амьдралтай л байсан. Одоо тэр тогтсон амьдрал дээрээ л суурилж одоо өдийд өнөөдөр гайгүй л явж байна.

Ариун-Ундрах -

Ардчилал танд юу юу авчирна гэж та боддог байсан бэ?

Ноост -

Ардчилал бол яахав их л одоо сайхан үсрэнгүй хөгжил авчрах л байх. Ер нь ард түмний амьдрал одоо ийм байгаагаас өшөө улам сайхан болох байх. Тэгэхээр чинь одоо биднууд их сайхан л амьдарч байна. Тэгш сайхан амьдарч байна. Баян хоосны ялгаа алга байсан. Одоо өшөө л их гоё болгох л гэсэн ийм л бодолтой байсан байхгүй юу. Тэгтэл өнөөдөр ямар байна уу гэдэг одоо тэгээд л тодорхой л байна л даа. Түрүүн ч одоо ярьсан. Тэр сонгуулийн асуудлыг ярьсан. Тийм учраас л одоо тодорхой байна ш дээ. Баян хоосны ялгаа одоо маш их боллоо. Ядуу хоосон хүмүүс маш ихээр олон болчихлоо. Социализмын үед бол ер нь одоо ингэж одоо траншейний хүүхэд гэж дуулддаггүй л байлаа ш дээ. Ядуу хүн гэж ерөөсөө дуулддаггүй л байлаа. За яахав зүгээр одоо нэг 100-аас доош малтай хүнийг бол таргын 5 ямаатай л гэж ярьдаг байсан болохоос биш. Энэ ядуу юм, одоо хоосон юм гэж ярьдаг юм ер нь байгаагүй шүү дээ. Одоо бол ерөөсөө тэгээд ажилтай хүн ховор, хоосон хонож байгаа хүн олон л болоод байна ш дээ.

Ариун-Ундрах -

Таны энэ гаран дээр байгаа шивээснүүд цэрэгт байхдаа хийсэн шивээснүүд үү?

Ноост -

Хэ хэ хн. Тийм.

Ариун-Ундрах -

Тэр үед энэ шивээсийг яг ямар зорилгоор хийдэг байсан бэ?

Ноост -

Энэ бол одоо ерөөсөө тэр тухайн үед бас залуу насны одоо нэг л хүлчимгүй, зүгээр нэгнийгээ дуурайсан, одоо юу ч гэдэг юм нэг тийм сагсуу талын л асуудал. Би бол өөрөө ямар ч шивээсгүй байсан. Цэргийн хугацаа 4 жил боллоо гээд байж байтал гэнэт халагдах боллоо. 4 жил болохоо больчихлоо гээд арай ч 4 жил болоогүй. Сүүлийн 1 жилийг бүтэн гүйцэт 1 жил болоогүй. Арай дутуу халагдсан юм ш дээ. Гэнэт 1 өдөр тийм болдог юм. Тэгсэн чинь одоо гэр орноо санасан, нутаг усаа санасан. 4 жил болчихлоо гэж сэтгэл санаагаар жаахан гутруу байсан улсууд чинь гэнэт халагдах боллоо гэсэн чинь л бөөн баяр болоод. Тэгсэн чинь нэг өдөр одоо манай тасаг тасгаараа үдийнхээ хоолыг мах чанаж баахан масло талх аваад л хээр гарч өдрийнхөө хоолыг өнгөрөөж байгаа ш дээ. За энэ миний дурсгал. Чиний гар дээр чинь би нэрээ шивж өгнө.

Ариун-Ундрах -

Аан дурсгалын дэвтэр шиг юм болсон байна ш дээ.

Ноост -

Дурсгалын дэвтэр шиг ер нь нэг өдөр л бид бүгд ийм болчихсон байхгүй юу.

Ариун-Ундрах -

Аан тэгээд энэ...

Ноост -

Тэгээд яахав Монгол хүн моринд хайртай учраас энэ морь шивүүлсэн юм.

Ариун-Ундрах -

Аа шивээс болгон нь нэг нэг хүний тийм дурсгал юм байна тийм ээ?

Ноост -

Тийм. Нөгөө хамт цэргийн алба хааж байсан цэргүүдийнхээ энэ миний нэр шүү, энэ миний нэр шүү. Надыг бодож санаж яваарай гэсэн ийм л.

Ариун-Ундрах -

Хүмүүсийн ер нь энэ гар дээр нь ч юм уу ихэвчлэн янз бүрийн шивээс зөндөө байдаг ш дээ тийм ээ? Тэгээд би нөгөө энэний учрыг асууя гэж бодоод байсан байхгүй юу. Яг яагаад цэрэгт очихоороо шивээс хийлгэчихээд ирдэг юм бол гэж бодоод.

Ноост -

Тэр одоо хувь хүний л юу байхгүй юу. Тэр цэргийн алба хаасан улсууд зөндөө байна. Хүн болгон шивээсгүй ш дээ одоо. Тэр бас нэг одоо ер нь одоо би бол ингээд нэг эмчид үзүүлэх, одоо нэг айлд ороод сууж байсан ч бас сэтгэл зовж л суудаг байхгүй юу. Энэ ер нь залуу байхад одоо ямар янзын сахилгагүй, ер нь их жаахан муу л хүн байсан байна даа гэж бодвол гэсэн юм бодогдоод бас сэтгэл зовж л байдаг байхгүй юу.

Ариун-Ундрах -

Тэр үеийн моод л байсан юм шиг байна тийм ээ?

Ноост -

За бас нэг л моод дэлгэрч байсан ухаантай юм уу хаашаа юм бэ дээ.

Ариун-Ундрах -

Би тэгэж л ойлгоод байдаг байхгүй юу. Хүмүүс шивээстэй байгаад байхаар нь энэ моод л байсан байх. Одоо бол нөгөө энэнээс өөрөөр янз бүрийн нөгөө гоё гоё шивээснүүдийг аягүй их хийлгэдэг ш дээ тийм ээ?

Ноост -

Тэр ч одоо хийлгэж байгаа юм уу? Зүгээр наачихсан юм байх шиг байгаа юм аа тэр.

Ариун-Ундрах -

Наах нь ч наана, хийлгэх нь ч хийлгэнэ л дээ.

Ноост -

Хийлгэх нь ч хийлгэж байна уу?

Ариун-Ундрах -

Тэрэн шиг л юм бодоод байгаа байхгүй юу. За эцсийн асуулт нь болохоор та ингээд өнөөдрийн энэ өндөрлөгөөс өнгөрүүлсэн амьдралаа харж байхад таны амьдралын хамгийн гол зорилго нь юу байв аа?

Ноост -

Миний амьдралын хамгийн гол зорилго бол одоо хань ижилтэйгээ, үр хүүхэдтэйгээ эрүүл энх сайн сайхан амьдрах. Сэтгэл хангалуун, гачигдах дутагдах юмгүйгээр л амьдрах л ийм л зорилго байна л даа. Аа яахав миний хувьд бол одоо яг миний одоо хань ижил бид хоёрын хувьд бөгөөд бидний насны ийм улсуудын хувьд бол социализмын үед амьдралын одоо суурь тавьчихсан. Бараг нөгөө товчхон хэлэх юм бол гэргүй байсан хүн гэртэй болчихсон. Одоо тэр суурин дээр л бид одоо боломжийн амьдарч байна ш дээ. Бид нарын үр хүүхэд бол одоо амьдрал ер нь гундуухан л байна.

Ариун-Ундрах -

За цаг заваа зарцуулж үнэтэй ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

Ноост -

За яахав надыг хүлээж авч одоо ингэж ярилцлага авсан чамд бас их баярлалаа.

Ариун-Ундрах -

За баяртай.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.