Tseren
![](../assets/images/interviewees/990321.jpg)
Basic information
Interviewee ID: 990321
Name: Tseren
Parent's name: Tsedev
Ovog: Sharaid
Sex: m
Year of Birth: 1935
Ethnicity: Buriad
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: history professor
Belief: Buddhist
Born in: Serüün galtai sum, Hentii aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
work
repressions
travel
life in wartime
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу Цэрэн гуай?
Цэрэн -
Сайн. Сайн байна уу?
Ариун-Ундрах -
За та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?
Цэрэн -
Зөвшөөрч байна.
Ариун-Ундрах -
За баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Цэрэн -
Түүхээ юм уу?
Ариун-Ундрах -
Өөрийнхөө намтрыг?
Цэрэн -
За би 1935 онд за албан ёсны юугаар бол 37 оны гэж явдаг юм. 35 онд Цангидын Ядамын хүү болж төрсөн. Тэгээд би 3 сартай болтлоо ээж аав дээрээ байж байгаад миний ээж аав энэ Цэдэвийнх гэдэг айлд надыг үрчлүүлсэн юм. Тэгээд би Цэдэвийн Цэрэн гэж явдаг юм. Тэгээд би тэднийд 3 сартай очоод өдийг хүртэл явж байгаа хүн дээ. За Жалсангын Цэдэв гэдэг хүн бол миний эцэг. За энэ хүн бол жирийн малчин. ×имид гэж миний ээж. Эднийх хүүхэдгүй байсан юм байна лээ. Тэгээд хамгийн түрүүнд миний эгч Цэвээнийг үрчилж авсан байгаа юм. Өөр айлаас. Àа дараа нь тэр энэ яг үрчилж өгч байгаа айл бол бас хамаатан, хоорондоо. Ийм айлууд байсан. Тэгээд хамаатныдаа өгнө гэж өгсөн юм байна лээ. Ингээд би чинь 3 нас хүрсэн юм уу даа. 35 онд төрсөн гэдэг чинь бол 38 он болохоор 3 жил болж байна тийм ээ? Миний эцгийг баривчилсан. За тэгээд би эгчтэйгээ, ээжтэйгээ 3-уулаа үлдсэн.
Ариун-Ундрах -
Таны үрчилж авсан эцгийг баривчилсан уу тийм ээ?
Цэрэн -
Тэгсэн. Миний төрсөн эцэг 37 онд өвчнөөр нас барсан юм даг. За яахав дээ. Тэгээд би чинь ухаан орсон цагаасаа эхлээд л мал хариулдаг. Ээжтэйгээ ингээд л аж төрдөг байлаа л даа. Тэгээд ерөөсөө манай ….-нд бол миний хамаатан садан бүх хүмүүсийг баривчилсан… Тэгээд манай бүх мал хөрөнгийг хураасан. Миний ээж бол ерөөсөө хүүхдээ тэжээх боломжгүй болсон. Тэгээд төрсөн дүү дээрээ очсон байгаа юм. Дүү бол нөхөр нь баривчлигдсан. Өмч хөрөнгө цөөтэй үлдсэн байсан. Тэгэхдээ мал хөрөнгийн хувьд арай гайгүй байсан юм шиг байгаа юм. Тэгээд шууд дүүтэйгээ нийлээд тэгээд л бид нар ингээд цуг амьдарцгаасан л даа. Тэр үеэс мэдэхээс би одоо яг миний аавыг одоо барьж баривчилж байсан тэр үеийг би огт мэддэггүй. Тэр шалтгааны тухай би тодорхой мэдсэн л дээ би ээжээсээ. Тэгээд би чинь тэдэнтэйгээ цуг амьдраад 12 нас хүртэл байсан. Тэгээд намар 8, 9 сарын л хавьд юмаа даа. Хадланд байж байтал нэг хүн ирлээ. Тэгсэн чинь танай хүүхдийг сургуульд оруулах гэнэ ээ. Та хүүхдээ сургуульд аваад яв гэдэг юм байна. Миний ээжийг. Тэгэх дээр зэрэг би дотроо их баярлаж байгаа юм л даа. Намайг яагаад сургуульд явуулахгүй байсан бэ? Эсэргүүгийн хүүхэд гээд явуулахгүй байсан. Би 12 нас хүрч би 1-р ангид орж байгаа ш дээ. Ингээд ээж минь намайг аваад хоёулаа хазаар морьтой. Дадал сум гэж манай нутгийн сум л даа. Манай багаас бол бараг одоо 100 шахам êм хол байдаг. За дундуур нь бол Банжийн гол гээд нэг том гол урсдаг юм. За тэгээд тэр ч яахав манайх бол өвс хадлангаа аваад үндсэндээ дуусч байсан тийм үе байсан. Тэгээд ээжтэйгээ, хазаар морьтойгоо хоёулаа Дадалын бага сургуульд сурах гээд явлаа. Ингээд би Балжийн гол дээр хүрээд ирсэн чинь Балжийн гол үерлэжээ. Жигтэйхэн ерөөсөө одоо хүн морьтой гарахын аргагүй байна. Тэгээд доошоо яваад нэг лоотог байдаг байхгүй юу. Модон юу шүү дээ. Зүгээр ийм боловсон лоотог биш шүү дээ. Зүгээр хоёрхон мод холбоод хийчихсэн. Тийм юмаар Балжийг гарч Дадалын бага сургуульд явж сурсан даа. Тэгээд энэ хоорондох юм ярих юм бол хэцүү байсан. Манай одоо 2 паар шар тэрэг. Паар гэдэг чинь 4 шар гэсэн үг шүү дээ. Нэг тэрэг 2-ыг хөллөнө. Тэгээд тэрэнд нь юмыг нь ачаад, аа тэгээд ерөөсөө ганцхан модон амбаар үлдээгээд, эсгий гэрийг маань аваад. Тэгээд ерөөсөө бүх л одоо хонь мал юу үлдээсэн юм. Ерөөсөө нэг 2-хон үнээ үлдээсэн юм уу? Үгүй юм уу? Тийм л юм болсон юм байна лээ. Тэгээд бүх юмыг аваад явсан. Тэгээд энэ хооронд миний ээж намайг өсгөж өндийлгөх гэж их зовсон. Бид бол одоо мал л хариулдаг тийм л ажилтай байсан л даа. Жаахан том болохоороо өвс хадлангын ажилд оролцог тийм л үе байсан. Тэгэж бид нар зовсон. Тэгээд эгч маань сургуульд явсан. Тэгэхэд нэг их удаагүй дээ. 7-р ангид байж байгаад л тэгээд гарсан юм байна лээ. Би тэгээд тэр дундуур тэр сургуульд явж байгаа нь тэр л дээ. Тэгээд би Дадалын бага сургуульд орж суралцлаа даа. Энэ Дадалын бага сургууль бол Дадал гэдэг уулын ард байдаг. Тийм, хангай нутгийн л тийм жижигхэн сургууль л даа. Тэнд би 4 жил суралцсан. Би 4-р ангиа онц төгсөөд Биндэрийн 7 жилд шилжиж байгаа юм л даа. Тэгээд 5-р ангиа бол тэр 7 жилээс эхэлсэн. Тэгээд энэ хооронд манайх нэг өрх тусгаарласан ухаантай болсон доо. Ээжтэйгээ, эгчтэйгээ гурвуулаа ингээд нэг тусдаа бас нэг 10-аад үхэртэй болсон. Хонь байхгүй болчихсон. Тэгээд манай нэг хамаатны айл манайд, энэ ээжийн маань дүүгийн талын хүн л дээ. Тэднийхэн баахан нэг 10-аад хонь өгсөн юм байна лээ. Тэгээд тэрнийг нь одоо өсгөөд бас нэг 20-иод хоньтой болсон. Тэгээд 10-аад үхэртэй. Тэгээд ер нь бие дааж өрх тусгаарласан байхгүй юу манайх. Нэг эмэгтэй л явж байгаа ш дээ. Чимид гэдэг. Тэгэж бид нар яваад эгч маань ч тэгээд сургуулиас гарчихлаа. Тэгээд би тэр чигээрээ явсаар байгаад би МУИС-д түүхийн ангид орсон. Тэрнийг чинь 1961 онд төгссөн. Тэгээд бид дунд сургуульд тухайн үед энэ Оросыг дуурайсан нэг туршилтаар 11 жилийн 18-р сургууль гэж байсан юм. Аж үйлдвэрийн комбинатад. Тэр сургуульд багшаар очсон доо. Тэнд би нилээн хэдэн жил багшилж байгаад 61 он тийм ээ? Тэгээд тэндээсээ би МУИС-д ирсэн юм.
Ариун-Ундрах -
Багшаар тийм ээ?
Цэрэн -
Тийм. Тэгээд МУИС-ийн ШУКО-ын тэнхимд байсан. Би энд коммунист намын түүх, тэгээд ШУКО нэг ийм хичээлүүдийг зааж байсан даа. Тэгээд бид нар бас яахав дээ политехникийн дээд сургууль гэж байсан л даа. Энэ чинь МУИС-ийн харъяа гэж явдаг байсан. За 82 онд энэ чинь манай поли чинь бүр тусгаарлаж биеэ даасан сургууль болсон. Тэгээд одоо Шинжлэх ухаан техникийн их сургууль гэдэг ийм нэртэй. За би энд тэр л одоо Монголын түүх, аялал жуулчлалын баг гэж байдаг юм. Тэнд Монголын түүхийн хичээл заадаг багшаар ажиллаж байна даа. За энэ хугацаанд би докторын зэрэг хамгаалсан л даа. Миний сэдэв бол эсэргүүгийн сэдэв учраас ерөөсөө 90-ээд оныг хүртэл бол, 90 он өнгөртөл бол нууц байсан. Бүх архив, бүх юм бол хаалттай байсан. Тийм учраас ер нь тэгээд тэр үеийн хүртэл янз бүрийн одоо юм ярих, янз бүрийн тийм бүх юм бол хаалттай байсан. Ер нь миний бага сургуульд байхад ч гэсэн тэр, ер нь дунд сургуульд, тэгээд ер нь түүхийн ангид орох үед энэ тэр чинь одоо анкет гэж байлаа ш дээ. Энэ анкетанд бол танай эцэг эх юм уу одоо хамаатан садны хэн нэгэн баривчлагдсан хүн байна уу? гэж ийм асуулт байдаг байсан. Би тэгээд байхгүй л гэж бичдэг байсан. Байхгүй гэж тэгээд л өнгөрдөг байсан. Тэгээд тэр тухай хэрвээ хэлсэн бол тэгээд надыг багшлуулах ч байсан уу? Үгүй ч үү? Тийм үе байсан л даа. Тэгээд би бол сэдэв дээр үеэс бодож явсан. Энэ хамгаалах сэдэвээ. Тэгээд би яахав хүмүүсийн яриа янз бүрийн юм бичээд л аваад, тэмдэглэж аваад л ингээд яваад байсан. Янз бүрийн байдлаар цуглуулаад л байсан. Би сонингын хайчилбар янз бүрийн юм их цуглуулж, янз бүрийн одоо ном уншиж л байсан л даа. Тэгээд үнэндээ бол би тэнд 90 оныг хүртэл бол би юм хийж чадахгүй байсан. Хэрвээ ямар нэгэн эсэргүү оюутанд, ер нь ялангуяа оюутанд ямар нэгэн эсэргүү үг хэлсэн бол шууд дээлээ нөмөрдөг үе байсан. Тийм үе байсан. Би энэнд харамсаж явдаг юм. Тэгээд яахав 90 оноос хойш чөлөөтэй болсон. Тэгээд бүх юм тийм ээ? Нээлттэй болсон. Яахав манай Монгол оронд ардчилсан хувьсгал ялсны ач үр дүн мөн л дөө. Нэг тэгэж жаргаж явдаг. Тэгээд шууд ажилд орсон доо би. Тийм өөрийнхөө сэдвийг бол. Тэгэхдээ энэндээ бол хамгийн гол нь Буриадуудыг хэлмэгдүүлсэн хэсэг асуудалд л анхаарлаа хандуулсан. Би тэгээд энэ чиглэлээр судалгаа явуулсан л даа. Тэгээд 2000 онд түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. “Буриадуудын дүрвэлт, тэднийг хэлмэгдүүлсэн тухай асуудалд” гэсэн тийм сэдвээр би докторын зэрэг хамгаалсан даа. Тэгээд энэ чинь бол одоог хүртэл ер нь зарим улсад хэлэхэд дургүй л байдаг юм шиг байна лээ. Оросууд бүр ч дургүй биз бодвол. Буриадууд яагаад ер нь дүрвэсэн юм уу? Нүүсэн юм уу? гэдэг ийм асуудал байгаа байхгүй юу. Тэгэхээр би бол энэ шууд дүрвэлт болсон гэдэг олон нотолгоо гаргасан. Тэгэж би тэрийг хамгаалж дүрвэлт гэж хэлсэн байгаа. Одоо ч гэсэн зарим улсууд Буриадуудын нүүдэл гэж яриад байдаг юм байна лээ. Ер нь бүр яаж бодсон ч гэсэн одоо ухаандаа Буриадууд, та нар одоо Буриад улсын нутгийг харж үзсэн биз дээ тийм ээ? Энэ сайхан байгальтай тийм газраас тэр олон жил суурьшиж байсан, тэр олон үе уламжилсан, тэр олон жил тэнд амьдарсан хүмүүс гэнэтхэн Монголд ирэх болов? гэдэг асуудал чинь зүгээр за Монгол нүүе гэсэн асуудал биш шүү дээ энэ чинь. Энийг бол яах аргагүй дүрвэлт байсан. Тэгээд би тэгэж өөрийнхөө докторын диссертацид би тэгэж бичсэн. Тэгээд Буриадуудыг ер нь яагаад хэлмэгдүүлсэн юм гэдэг ийм асуудлыг би хөндөж цол хамгаалсан юм даа. За миний эрдмийн талын ажил бол энэ. За би 62 оноос эхлээд би улсын архивт хуваарилагдсан юм. Их сургууль төгсөнгүүтээ.
Ариун-Ундрах -
Улсын архивт уу?
Цэрэн -
Тийм. Тэгээд би ерөөсөө удаагүй. Хэдхээн сар болоод би уг нь багш л болох сонирхолтой байсан байхгүй юу. Тэгээд ерөөсөө шууд архиваас би саналаараа гарсан юм. Тэгээд би багш болъё гэдэг юугаар тэгэж багш болсон юм. Тэгээд би тэр замаар улсад бол би 48 жил ажиллаж байна. За би 62 оноос гэж ярих юм бол 46 жил би багшилж байна. За сургуулийн талын юм гэвэл ийм л байна товчдоо. Зүгээр нарийн ширийн юм ярьвал зөндөө л байна л даа. Тийм юм байгаа юм. За тэр ийм байсан даа. Миний ээж тэр дүүгийнхээ хүү, миний эгч хоёрыг аваад тэр Дадал суман дээр бага сургуульд сурч байхад нь сахиж нөгөө сургуульд байх үед нь тэнд суудаг байхгүй юу. Би тэгээд тэр авга эгчтэйгээ. Юу нагац эгчтэйгээ шүү дээ. Ээжийн маань дүү бол нагац эгч болноо доо тэ? Эгчтэйгээ л би хөдөө одоо мал хариулаад л, тэгээд хөдсөн дээл өмсөөд л, тэгээд л одоо үстэй бээлий бариад л тэгээд явдаг л. Өлсөх үед өлсөнө, цангах үед цангана, даарах үед даарна тийм ээ? Тэгэж л явсан даа би. Тэгээд надад яахав эцэг гэж байх биш тийм ээ? Хэлмэгдсэн хүмүүсийн тухайд бол ерөөсөө одоо их сонин байдаг л даа. Тэр олон хүнийг одоо баривчилж байгаа явдал бол ер нь одоо бодоход бидэнд дэндүү харамсалтай, дэндүү аймшигтай байдаг. Миний аав бол тэр 1938 онд л доо. Энэ манайх чинь хилийн дагуу, Монгол Оросын хилийн дагуу байдаг сум шүү дээ. Яг хил дээр байгаа юм манайх чинь. Ерөөсөө хойшоо нэг 20-30 км яваад л Оросын хил. Тийм учраас энэ Оросууд манай нутаг түймэр их тавьдаг байсан юм. Одоо ч тавьдаг хэвээрээ. Ерөөсөө түймэр гарахгүй дарж байсан овог тэр манай нутагт байхгүй. Оросууд яахав дээ. Монголын салхи ерөөсөө хойноосоо. Тэгээд нөгөө татаж байгаа тамхиа шидчихдэг. Тэр чинь ямар хил хамгаалж байгаа цэрэгт бол хамаагүй ш дээ. Ямар Оросын нутаг биш Монголын нутаг гэдэг утгаар ч юм уу? Юу гэж одоо боддог юм. Тэгээд л түймэр гардаг. Тэгээд л ерөөсөө хаваржингаа, бараг зунжингаа шахуу түймэр гарна ш дээ. Тэр л хавийн Дадал, Бая..., одоо Биндэр гээд энэ сумын хүмүүсийг чинь дайчлаад л байна, дайчлаад л байна. Түймэр гараад л байна. Хавар ч одоо их шуурга тавина. Улаан шороо, тэгээд л хойд энгэр чинь нилдээ ингээд улалзаад л. За ийм л түймэр тавьчихдаг байхгүй юу. Нэгэн тийм түймэрт миний аав явж байсан юм байна лээ. Тэр Сэвээн галтай гэдэг нутгаас арай зүүхэн талд тэр. Одоо Улиастайн ам ярьдаг юм даа тэнд. Тэгээд тэнд түймэр цохиж унтраагаад, тэгээд 2 гал болж буудаллаж суусан гэж байгаа юм. Тэгээд хоол унд идэж амрая гээд ингээд. Тэгсэн чинь 2-3 морьтой хүн ирсэн гэж байгаа юм. Буу үүрсэн. Тэгээд л ерөөсөө нэр дуудаад л нэр дуудсан хүмүүс цаашаа хараад бай гэсэн гэж байгаа юм. Тэгээд л нөгөө хэлмэгдэл гарахгүй юу. Тэгээд л шууд манай аавыг дагаж ирээд л. Тэгээд л манай ээж ярьдаг л даа. Тэгээд ерөөсөө та дулаахан хувцсаа өмс гэж. Дулаан хувцас хунараа өмсөө гэсэн гэж. Тэгээд манай аав за би ингээд яаж байгаа юм байна гэж хэлсэн гэж байгаа юм л даа ээжид. Баривчилагдаж байгаа юм байна гэж. Тэгээд мэдээж дулаан хувцсаа өмсөж таараа. Тэр чинь хавар цаг шүү дээ. Хаврын 3-4 сар л юм шиг байгаа юм. Тэгээд л манай аав чинь тэгэж нэг өмсөж аваад тэгээд л явсан гэдэг л дээ. Тэгээд манайд нэгжлэгэ явуулсан гэж байгаа юм. Тэгээд ерөөсөө ингээд л тэр энд чинь нэг эргэнэг гээд хоолны юу байдаг ш дээ Монгол айлд. Тэрний хойд талаас ингээд ор залгадаг юм байна л даа. Тэр хооронд нэг тийм модон хайрцаг байсан юм шиг байгаа юм аа. Тэгээд тэндээс эхэлж нэгжсэн гэж байгаа юм. Тэгсэн чинь нэг бууны тугалаг гарсан гэж байгаа юм. Дарь тугалаг гарсан гэж байгаа юм. Тэгсэн чинь л энэ юу вэ? гээд л одоо аймаар тэгсэн гэж байгаа юм. Энэ юм чинь юу юм гээд, энэ яадаг юм. Тэгээд хэлжээ. Манай аав бол зүгээр жирийн нэг л анчин хүн байхгүй юу. Хааяа нэг ан хийчихдэг. Гөрөөс алаад бид нарыг тэжээдэг л байж л дээ. Тэгээд ерөөсөө нэг их айхтар анчин ч биш. Би ан хийдэг юмаа л гэсэн. За тэгэж нэг уурлаад л. Тэгээд манай аав ээж хоёрынх ерөөсөө ганцхан авдартай байсан гэж байгаа юм. Тэр авдар нь бол аав нь манай өвөг эцэг тэр хүүдээ айл болоход нь тэр авдрыг өгсөн гэж байгаа юм. Би ч мэддэг юм тэрнийг бүр тийм ээ? Нүүрэндээ хээ хуартай, тэгээд тэр нь халцарчихсаан бүүр тийм юм байдаг. Тэгээд саяхан болтол миний ээжийг өнгөртөл шахуу байсан. Тэгээд тэрнийг л уудалсан гэж байгаа юм л даа. Тэгээд тэрэн дотор байсан ганцхан яасан гэвэл миний аавын мөнгөн хутгыг авсан.
Ариун-Ундрах -
Мөнгөн хутаг аа?
Цэрэн -
Тийм. Тэр юу юм байна лээ л дээ. Тэр эцэг нь одоо өөрөө тэр Жалсан гэдэг хүн миний эцэгт бол гэрлэхэд нь чи энийг одоо авч яв, хэрэглэж яваарай. Би хүүдээ энийг одоо бэлэг өгье гэж өгсөн юм байна лээ. Тэгээд ганцхан тэрнийг л авсан гэж байгаа юм. Тэгээд өөр авдар сав байхгүй. Хүүхдүүдийн ор байгаад байсан. Тэр үед чинь ямар төмөр ор гэж юу байхав дээ. Дан модон ортой л байлаа даа. Тэгээд тэрнийг миний эгчийн алчуурт боогоод өвөртлөөд явсан гэж байгаа юм. Миний эцгийг аваад баривчлаад тэгэж явсан гэж байгаа юм даа. Тэгэж миний эцгийг баривчилж 38 онд авсан. Тэгээд тэрнээс хойш одоо сураг чимээ байхгүй шүү дээ. Тэгээд л одоо манай нутгийн дараагаар нь ерөөсөө их олон хүнийг баривчилсан. Ерөөсөө ингээд л хэсэг хүн давхиж ирээд л хэсэг хүмүүс барьж аваад яваад байдаг одоо ерөөсөө. Тэгээд манайх тэр Жаран овоо гэж хуучин дээр Халх Монголчууд тахиж байсан, тийм 60 хониор тахиж байсан тийм уул байгаа юм гэж ярьдаг юм. Миний тэр үед чинь тэгэж хониор тахиж байгаагүй л дээ. Тэр уулын ард манай хаваржиж байсан. Тэгээд тэр овооны чинь 2 талаар 2 том ам байгаа юм л даа. 2 жалга л гэсэн үг л дээ. Тэр зүүн овооны бурхны тал руу болохоор Дадал руу явж байгаа юм. Тэгээд тэр цаанаас хүн ирэхээр бол заавал харагдана. За тэгээд л ерөөсөө 2-3 морьтой хүн л наашаа харагдвал за хэнийд очих нь уу? гээд ингээд л. Хэнийг барих нь уу? гээд л ерөөсөө айн чичирч байдаг ерөөсөө ингээд л. Тийм байсан гэж байгаа юм ш дээ. Тэгсээр байгаад манай нутгаас олон хүн баривчилсан. Энэ дотор бол ухаандаа байна л даа. Ухаандаа энд чинь ийм л юм байгаа байхгүй юу. Энэ Жалсан гэж миний өвөг эцэг байхгүй юу. Энэ ах нь Дамба, Цэдэв дүү нь, Ням гээд 3 хүн баривчилагдсан. Тэгэхдээ аваачсан газрууд нь ондоо, өөр өөр газар. Энэ бол дотоод яаманд байсан хүн. Ням гэдэг нь бол. За ингээд яг манай нутгаас бол Ринчений Намжил, Ринчений Түвдэнжамц, энэ хүргэн нь байгаа юм Цэрэнжав гэдэг. Ийм 3 хүнийг одоо баривчилсан.
Ариун-Ундрах -
Нэг айлаас тэ?
Цэрэн -
Тийм нэг айлаас. Тэгэхдээ энэ бол биеэ даасан айлууд л байгаа байхгүй юу даа. Тэгэх дээр нэг айлын хүүхдүүд л байгаа биз дээ тэ? Тийм. Ийм юм болсон. За миний яг одоо төрсөн газраас бол Дагвын Намсрай гэж ийм цорж лам хүн байсан. Энэ бол их өндөр настай 60 гарсан. Тэгээд тэргэнд суулгаж авч явсан гэж байгаа юм.
Ариун-Ундрах -
Ийм хүнийг хүртэл авч явж байгаа юм уу тэ?
Цэрэн -
Тэгэлгүй яахав. За энэ миний яг одоо тэр Дагвын Сангидын чинь ах нь. За ингээд энэ би айлд өргөмөл гэсэн тийм ээ?
Ариун-Ундрах -
Тийм.
Цэрэн -
Миний төрсөн одоо гарлын өвөг эцэг бол Цагааны Ням. Тэгээд 2 хүүг нь барьж байгаа юм, өөрийг нь барьж байгаа юм. Тэгээд хүргэнийг нь барьж байгаа юм. Охиных нь нөхөр байхгүй юу Цэвэг гэдэг. Тэгээд ингээд аваад явчихаж байгаа юм. За энэ миний өргөмөл талын одоо ээжийн минь ээжийн ахынх нь 2 хүүхдийг ах дүү хоёр ингээд аваад явчихаж байгаа юм. За ийм улсуудыг эндээс авсан. За тэгээд энэ Батлайн Аюуш, Аюушын Самбуу, Дэмбэрэлийн Цэвэг гээд л эд нар ингээд л манай нутгаас ингээд түүчихэж байгаа юм л даа.
Ариун-Ундрах -
Дандаа эрэгтэйчүүдийг нь түүсэн үү?
Цэрэн -
Дандаа эрэгтэй. Яг манай нутгаас бол эмэгтэй хүнийг баривчлаагүй. Дан эрэгтэй хүн баривчилсан. Тэгээд энэ чинь манайд юу болов гэх дээр зэрэг баахан хүүхдүүдтэй тийм ээ? Одоо тийм бэлэвсэн эмэгтэйчүүд янз бүрийн насны үлдчихсэн. Тэгээд энэ чинь сүүлдээ манайд чинь хонь алах эрэгтэй хүн байхгүй болсон. Хонио алж идэх гэхээр хүн байхгүй ийм боллоо ш дээ. Тэгэхээр энэ чинь бол өвөл бол нөгөө идэш гээд хийдэг ш дээ. Тэгэхэд чинь бол ухаандаа өөр одоо хүнийг урьж их том том хүнийг гуйна ш дээ. Одоо манай идэшийг хийж өгөхгүй юу гээд. Тэгээд тэр хүн ирж манай идэшийг хийж өгнө. Хонь гаргах гэж байгаа бол зун ч хамаагүй ир гээд заавал очиж гуйна ш дээ. Та нэг хонь гаргаад өгөөч ээ. Тэгэж байсан. Ерөөсөө эрэгтэй хүн дууссан. Их хэцүү байсан.... хүн дуудна, гуйна. Тэгээд л айл хунараас чинь дандаа тэрэг унаа гуйна. Манайх ердөөсө бараг ганцхан байдас үлдээсэн гэж байгаа юм л даа адуунаас бол. Тэр байдас нь бол тэгээд Дадал руу аваад явсан гэж байгаа юм. Тэгээд миний ээж араас нь очиж тэрнийг яаж олж ирсэн юм. Нэг эмнэг шахуу байдас үлдээсэн байгаа юм. Тэгээд тэр байдас манайд их тус болсон. Одоо тэр ганц юмыг чинь эдэлсээр байгаад одоо нөгөөдөх чинь номхон ч гэж жигтэйхэн. Тэгээд л одоо жил болгон нэг унага гаргана. Тэгээд л тэрнийг нь нэг даага болонгуут нь би унаад нөгөөдөхийг чинь дахиад л номхруулчихна. Тэгээд л яахав дээ тэрнийг чинь ганц юмыг чинь жаахан том болохоор нь идэшэнд ч хэрэглчих юм уу тэгээд л. Тэгээд тэр миний ер нь одоо дуусан дуустал шахуу тэр цагаагч гүү бол байсан даа. Их л хэцүү хүнд байсан. Сургуульд байхад чинь одоо ухаандаа гэр хол. Сурагчдын байранд байна. Тэгээд л одоо өлсөнө, цангана тийм ээ? Тэгэхэд чинь юм олдохгүй. Миний анх сургуульд орж байх үе их хүнд байсан л даа. Дайны дараах үе шүү дээ. Энэ чинь 1947 он гэдэг чинь Зөвлөлт эх орны дайны дараах жил байсан. Юм ховор тун хэцүү байсан. Сургуульд байхад чинь одоо ухаандаа бичих дэвтэр, харандаа бол ер нь бараг олдохгүй ш дээ. Энийг бол ерөөсөө албан ёсоор багш нар бол зүгээр тэр сурагчдынхаа тоогоор авчирч өгнө. Түүнээс худалдаад авчихдаг тийм харандаа, тийм дэвтэр, тийм черниль. Бид нар нөгөө үзгээр дүрж бичдэг байлаа ш дээ. Тийм юм олдохгүй ш дээ. Ерөөсөө тийм юм байхгүй. Тэгээд л бид нар ч яахав дээ манай тэнд чинь дан модон байшинтай. Тэгээд өвөл бол даарна бас. Тэгээд бид нар чинь яахав дээ нөгөө үстэй дээлтэй, гуталтай байгаа учраас бид нар өөрснөө нэг их даарахгүй л дээ. Өнөө бичиж байгаа черниль хөлдчихнө. Тэгэхээр чинь хи хи хэ гэж байгаад л нэг жаахан амьсгаагаар гэсгээж байгаад л тэгэж бичдэг ийм байдлаар сурсан л даа. Тэгэж л одоо явсан даа. За өөр юу ярих уу?
Ариун-Ундрах -
Та бол эгчтэйгээ хоёулахнаа л байсан биз дээ тийм ээ?
Цэрэн -
Хоёулахнаа байсан. Эгч минь одоо ч бий. Ээж маань өнгөрсөн. Манай аав 1943 онд шоронд нас барсан. Тийм, шоронд нас барсан. Ерөөсөө энэ баривчлагдсан одоо миний талын 13 хүнээс ганцхан миний аав 10 жилээр шийтгэгдсэн байгаа юм. 10 жилээр шийтгэгдсэн. Тэгээд энэ Улаанбаатарын барилга дээр, барилгасаад байх ч юу байхав дээ. 1-р 10 жилийн сургууль энэ тэрийг л барилцаж байсан гэж байгаа юм даа. Тэгэхэд миний ээж ирж уулзаж байсан. Тэгээд 43 онд шоронд нас барсан л даа.
Ариун-Ундрах -
Аан бусад хүмүүсийг нь цаазаар авчихсан уу тэ?
Цэрэн -
3 хүнийг Орос улс руу. Энэ 3 хүнийг авч явсан. Энэ Цагаан Ням гэдэг чинь мөн одоо 60 гарсан өвгөн шүү дээ. Бас л тэргэн дээр суулгаж авч явсан гэж байгаа юм. Энэ Нямын 2 хүү, энэ хүргэнтэй нь. Хойшоо бол 125 Буриадыг цөлсөн юм байна лээ Орос руу. Тэрний тоонд орсон. Ингээд эднийг чинь машинд ачаад явсан гэж байгаа юм л даа Улаанбаатараас. Тэгээд машины 4 буланд 4 буутай цэрэг зогсчихсон. Тэгээд л ачаад явсан гэж байгаа юм. Тэгээд хил дээр очоод Оросуудад хүлээлгэж өгдөг юм биз дээ. Төчнөөн хүнийг авчирлаа гэж. Тэгээд цаашаа Оросууд аваад Улаан-Үүд ордог юм байна. Улаан-Үүд орсон. Улаан-Үүдээс вагонд суулгасан гэж байгаа юм. Вагонд суулгаад Эрхүү рүү авч явсан. Тэгээд 1 вагон хүнд одоо ерөөсөө 8-ын хувингаар нэг ус гэж байгаа юм. Тэгээд аваад явсаар байгаад нөгөө давстай нэг тийм загас л өгсөн юм байна л даа. Тэгээд тэрнийг нь өлсөж байгаа улс юу байхав дор нь идчихдэг. Тэгээд ам нь цангадаг. Тэгээд нөгөө 8-ын хувинтай усаа булаацалдаад дуусчихдаг. Тэгэх дээр зэрэг л вагоны цонхны мөс долоож явсан гэж. Ингэж Эрхүү орлоо гэж хэлж байгаа юм. Тэгээд Эрхүүгээс цааш нь вагоноор яваад тэгээд энэ чинь Хойд мөсөн далайд цөлөх гэж яваа байдал байхгүй юу энэ чинь.
Ариун-Ундрах -
Цөлөх үү?
Цэрэн -
Тийм цөлөх гэж яваа байдал. Тэгээд хойд мөсөн далай ирээд төмөр зам дуусчихсан гэж байгаа юм. Тэгээд цааш нь явган туусан гэж байгаа юм. Тэгээд явгаар туусан ч яахав дээ. Ерөөсөө одоо идэх юм байхгүй. Тэгээд л ерөөсөө замд ер ямар яс байна. Хөсрийн ч хамаагүй. Аа зүгээр шимтэй шинэвтэр яс олчих юм бол тэгээд дээд зэргийн одоо тийм олз. Тийм юм идэж явсан гэж. Гутал ингээд цоорчихдог. Тэгээд л гутлынхаа түрийнээс нь аваад ингээд гутлаа утсаар үдэж ингэж уллаад тэгэж явж энэ ....-ээр Хойд мөсөн далайд аваачиж цөлсөн байгаа юм. Тэр бол ямар газар байсан бэ гэх дээр Оросуудын хамгийн хүнд гэмт хэрэгтэнгүүдийг цөлдөг цөллөгийн газар. Тийм газар байсан. Хорих лагерь байсан. Тэгээд тэнд аваачаад л яахав дээ дураараа л аашилсан юм байна лээ. Тэгэхдээ манай тэр 2 ах нарт бол энд бол 6, 6 жил ч билүү дээ ял оноосон байгаа юм Монголд. Тэгээд хойно аваачаад дахин ял оноогоод 5 жил болгосон байгаа юм. 5 жилийн ялтай тэгээд тэнд цөлж байгаа байхгүй юу. Тэгээд тэнд бол ерөөсөө янз бүрийн л одоо хар бор ажил хийгээд л. Одоо нүүрсний уурхай, тэгээд л янз бүрийн барилга, тэгээд л усан онгоц гээд янз бүрийн л юманд. Тийм юманд л ажиллуулсан гэж байгаа юм л даа. Хүнд хүчир ажилд л. Тэгээд 194.... За ямар ч байсан дайны өмнөхөн цөллөгнөөс чөлөөлөгдсөн. Тэгээд эд нарыг хаана авч ирэв гэх дээр зэрэг Володая явж болохгүй, Эрхүү явж болохгүй гээд Караснаяскын хязгаар гэж байгаа юм. Тэнд нэг их бөглүү газар Караснаяск хотоос бол нилээн одоо зүүн хойшоо юм уу даа. Нэг тийм газар байна лээ. Би сүүлд нь ээжтэйгээ, дүүтэйгээ би очиж үзсэн л дээ. Тэр Беркныи .... гэж тосгон байгаа юм. Буцахдаа Эрхүүгээс электришкээр буцаж гараад. Тэгээд ирнэ гээд бид нарт цахилгаан өгсөн. .. Тэгсэн ЗИС-5 машинтай ирээд зогсож байгаа юм л даа. Тэгээд тэрэнд л суугаад ингээд явсан чинь өө модон дотор л уул өгсөөд л яваад байсан яваад байсан. Тэгэж тэгэж нэг юм буусан чинь нэг их өндөр уулсын дунд нэг жижигхээн хуучин Оросын тосгон. Тэгээд тэнд цөлсөн байгаа юм. Тэгээд мод бэлтгэлийн ажилд ажиллуулж байсан. Мориор бол тэгээд ухаандаа нөгөө том том гуалингуудыг чирж явж ажилладаг. Тэгэж байсан. Тэгээд тэр манай Зап гэдэг чинь бол ах нь Айнпил гэдэг дүү нь байхгүй юу. Тэгээд тэр Зап бол тэнд байхдаа нэг Орос бага эмч юм уу? Бага эмч байх аа бодвол тэр. Нэг Орос авгайтай танилцаж гэрлэсэн байгаа юм. Аан тэр нөгөө дүү ах маань бол гэрлээгүй. Айнпил гэдэг нь байсан. Цуг явсан хүн нь ч гэрлээгүй, хүргэн нь. Тэгээд байсан. Тэгтэл эх орны дайн эхэлчихгүй юу. 41 оны 6 сарын 22-нд эхэлсэн. Тэгээд ерөөсөө удаагүй дайнд явах зарлан ирсэн. Тэгээд залуугаас Дугарын хүү явж байхгүй юу. Айнпил хоёр дайнд явж байгаа юм. Аан тэр Заркнас маань болохоор бол тэр л нас жаахан ахиу учраас, тэгээд нөгөө эмч авгайнхаа юугаар бас янз бүрийн арын хаалга гэх юм даа тухайн үед. Тэгээд үлдсэн байгаа юм. Тэгээд тэр манай 2 ах бол тэгээд. Одоо энд хэн гэж байна даа. Энэ 4 хүн тэндээс дайнд мордсон байгаа юм аа.
Ариун-Ундрах -
Шууд тэндээсээ л дайнд явчихсан юм уу?
Цэрэн -
Тэндээс шууд дайнд явсан байгаа байхгүй юу. Ерөөсөө тийм. Энэ 2 ах дүү. Жалсаны Дашдорж, Жалсаны Даваадорж гэж энэ 2 ах дүү миний тэр ах нартай дайнд явж байгаа юм. Тэгээд яахав дээ Москвагын наана л гэж ярьдаг юм байна лээ. Нөгөө бүх юм дайн эхэлчихсэн. Бүх юм баруун тийшээ ерөөсөө. Бүх л одоо вагон, бүх галт тэрэг, ерөөсөө юу л байна энэ бүх машин бүгд баруун тийшээ дайны фронт руу явж байсан. Тэгээд тэнд явж байсан чинь нэг вагоны зогсолт болсон гэж байгаа юм л даа. Хаалт болсон ерөөсөө. Суудлын вагон явах. Суудлын вагон ч гэж юу байхав дээ бараг л ийм задгай вагон гэж байгаа юм л даа. Ерөөсөө ийм задгай вагоноор явж ирсэн. 7 сарын үеэр цаг үе нь бол. Тэгээд тэнд зогсоод байж байсан чинь нэг Орос авгай нөгөө эрээлсэн олон төмөр зам байдаг ш дээ. Тэрний дунд сууж тамхи зарсан гэж байгаа юм. Тэгсэн чинь амьтан ингээд л шавсан гэж байгаа юм. Тэр үед чинь бас тамхи ховор, дайн болсон. Тэгээд улсууд шавсан гэж байгаа юм. Тэгэхээр энэ Дугарын Цэвэг гэдэг манай тэр хүргэн тамхи татдаггүй мөртлөө вагоноосоо буугаад тэнд очоод тэр олон хүмүүс тэнд шавж байна гэнэ ээ. Тэгсэн чинь хурдан галт тэрэг ирээд, дохио өгсөөр ирсэн. Тэгээд ерөөсөө юу юугүй ирэхэд нь өнөөдүүл чинь буцаж ингэж тардаг юм биз дээ. Тэгсэн тэр манай тэр Дугарын Цэвэг гэдэг манай хүргэн ах тэнд вагон дор орсон.
Ариун-Ундрах -
Аан вагонд дайруулчихсан уу тэ?
Цэрэн -
Тийм. Тэгээд тэнд нас барсан юм. Тэгээд дайнд орж чадаагүй. Тэгээд цаашаа л энэ юу руу 3-уулаа дайнд явсан юм. 3 тийшээ явсан. Манай Айнпил ах бол Сталинградын фронт руу явсан шиг байгаа юм. Тэгээд 1945 оны 5 сарын 24-нд байх аа нас барсан. Дайн чинь 5 сарын 9-нд дууссан шүү дээ. Тэгээд энэ ах нь бол сүүлд Монголдоо амьд ирсэн юм. Сүүлд ирсэн юм Зарп... нь. Энэ Нямын Зарп гэж байгаа биз дээ. Энэ чинь Монголдоо ирсэн юм. Энд авгай хүүхэдтэй байсан байхгүй юу энэ чинь. Тэгээд авгай хүүхэдтэй ганц охинтой айлынх байсан. Тэгээд тэнд яахав дээ. Тэгээд нааш нь тавихгүй болохоор тэгээд тэнд нь Орос авгайтай суусан. Тэгээд сүүлд нь энэ Зарп ирсэн юм. Тэгээд энэ ярьж байгаа байхгүй юу тэр дүүгийнхээ тухай. Тэгээд яахав дүү маань дайнд явсан. Тэгээд л захиа занаа хүлээгээд л одоо амьд ч яваа юм уу? Үхсэн ч юм уу? гээд хүлээгээд байдаг байлаа гэж. Шуудан зөөгч ирэх хооронд л харж байлаа гэж. Тэгээд сүүлдээ адрессыг нь авсан гэнэ ээ. Мэддэг болсон гэнэ. Тэгээд л ерөөсөө дайнд явж байна, сайн явж байна л гээд байсан. Тэгээд сүүлдээ энэ хүн бараг Берлин хүрсэн шахуу л юм болсон юм байна лээ. Тэгээд нэг Грузины Сахалтов раойн гэж бий. Тэнд авчирч оршуулсан байгаа юм. 5 сарын 20-нд дайн дууссаны дараа ш дээ энэ чинь. 5 сарын 9-нд ялалтын баяр болсон тийм ээ? Тэгээд тэгэж нас барсан юм. Бүтэн одоо 5 жил шахуу дайнд явж ирээд. Тэгээд тэрний юу бий л дээ. Одоо ингээд энд нас барлаа, энд оршууллаа гэсэн бичиг нь надад бий. Тийм юм байдаг юм. За тэгэж энэ 3 цөлөгдсөн хүмүүсийн хувь заяа нь тэгэж дууссан. Тэгээд тэр манай том нагац ах бол сүүлд нь ирээд авгай хүүхэдтэйгээ уулзаад. Тэгээд бас тэр чинь нөгөө хойно 2-3 хүүхэдтэй болсон хүн юм чинь. Тэгээд би нэг авгай хүүхэд авсан. Эргээд ирье гээд яваад эргэж ирээгүй. Тэгээд модонд даруулсан юм байна лээ. Тэгээд нас барсан. Тэгээд 3 ах маань ингээд Оросод ясаа тавьсан. Ийм учиртай юм. Харин энэ 2 хүн бол энэ Дашдорж гэдэг хүн бас эргэж ирсэн. За энэ дүү нь одоо тэр Украйнд алуулсан байгаа юм.
Ариун-Ундрах -
Даваадорж нь уу?
Цэрэн -
Тийм Украйнд алуулсан. Дашдорж гуай эх орны дайнд оролцоод, тэгээд дайн дуусахын өмнөхөн зүүн тийшээ Дорнот фронт руу татсан гэж байгаа юм. Японы эсрэг.
Ариун-Ундрах -
Дахиад уу?
Цэрэн -
Тийм. Тэр дайнд явж байхад нь л эргүүлээд тэрэн дээр тийм ангийг Дорнот фронт руу хөтлөөд тийшээ явуулчихдаг юм байна. Тэр чинь мэдээж дайны үеийн тушаал бол тушаал ш дээ. Тэгээд л тэнд бас дайнд оролцоод, Японы эсрэг дайнд оролцоод. Тэгээд сүүлдээ бас Монголд эргэж ирсэн. Энэ хойноос бол Буриад авгай аваад тэгээд Монголд орж ирсэн л дээ. Тэгээд л энэ хүн энэ болсон явдлыг бол энэ Дашдорж гэдэг хүн надад хэлсэн байхгүй юу. Ойлгож байна уу?
Ариун-Ундрах -
Ойлгож байна.
Цэрэн -
Тэндээс одоо баривчлагдаад ингээд энэ Улаан-Үүд хүргэгдээд, Эрхүү ороод, цаашаа яваад тэнд очоод тийм ажил хийгээд мөн үү? Тэгэж халагдаад тэгээд сүүлд нь нэг газар эд нар чинь цуг байсан байгаа юм. Тэр Вазайк тосгонд байсан байгаа юм. Тийм учраас бол дэндүү мэдэж байгаа байхгүй юу. Тэгээд цуг тэр нэг хамтрал гэсэн юмаар дайнд явсан. Тийм тийм юмнуудыг нь энэ хүн бол надад их тодруулж хэлсэн. Тэгээд энэ тухай хүмүүсийн бичсэн янз бүрийн юм бий л дээ. Надад материал их бий. Ер нь янз бүрийн юм авъя барья гэвэл энэ дэлгэрэнгүй материал тун их бий. Би өөрөө нэг ном гаргах гээд ингээд суугаад байгаа юм.
Ариун-Ундрах -
Одоо энд байгаа 60-н хэдэн хүний нэр байгаа ш дээ тийм ээ?
Цэрэн -
Тийм.
Ариун-Ундрах -
Энийг хаанаас яаж мэдсэн бэ? Энэ яг таны гаргасан тооцоо юу?
Цэрэн -
Аль энэ үү?
Ариун-Ундрах -
Одоо энд байгаа 60 хэдэн хэлмэгдсэн хүн...
Цэрэн -
Тийм. Энэ бол миний гаргасан тооцоо. Хүмүүсийн ч гаргасан тооцоо байгаа. Энд давхар гаргасан юм байгаа.
Ариун-Ундрах -
Яг л таны нөгөө ойр орчинд байсан л тэр бүх хүмүүс үү?
Цэрэн -
Тийм. Ерөөсөө л тэр л байгаа юм. Зэргэлдээ одоо баг суманд байгаа улсууд шүү дээ энэ улсууд бол. Тэгэхдээ бол энэ гол нь бол энэ Сэрүүн галтай болон, Балжийн сав нутгаас. Сэрүүн галтай гэдэг чинь зүгээр нэг энийг л нэг Сэрүүн галтай гэдэг байхгүй юу. Ингээд Цэвэгний гол явж байгаа юм. Эндээс ... гол гарч байгаа юм. Одоо энэ чинь багцаалбал нэг 30 км-ын дотор л газар шүү дээ ерөөсөө л. Аа тэгэхээрээ Балж гээд том гол бий гэсэн. Тэрний урд талын айлууд тэгээд ороод л иймэрхүү юм. Ийм л юм болсон юм даа. Тэгээд яахав дээ бид нар ядарч, зүдэрч зовж ирсэн. Хэнзэдсэн боловч тэгээд бид нар яахав тэр үеийн одоо тэр бэрхшээл саадыг давж сургууль соёлоор явсан. Ийм л учиртай. Тэгээд яахав бид одоо энэ улсын буянгаар ингэж өсөж өндийсөн юм чинь тэгээд энэ улсдаа зүтгээд л ингээд л өдий хүрч явна даа. Ийм л юм байгаа юм. Тэгээд яахав хэлмэгдлийн тухай бүр нарийн мэдээ авъя гэвэл би нарийн юм хэлж болох л байх л даа.
Ариун-Ундрах -
Тэр сүүлд таны ээж аавтай чинь очиж уулзсан гэсэн ш дээ тийм ээ?
Цэрэн -
Тийм.
Ариун-Ундрах -
Аавтай чинь энэ хотод байхад нь ирж. Тэгэхэд тодорхой юм юу ярьсан бол?
Цэрэн -
Миний аав уу?
Ариун-Ундрах -
Тийм.
Цэрэн -
Үгүй ээ би одоо ингээд л 10 жилийн ял эдэлж байна. Энэ 1-р 10 жилийн барилга чинь ялтангуудын барьсан барилга юм гэнэ лээ. Тэгээд энэ барилга дээр ажиллаж байсан гэж байгаа юм. Тэгээд энэ чинь манай нутгийнхан чинь энийг чинь ингээд одоо заримыг нь бол Хэнтийд аваачаад буудчихаж байгаа юм. Энэ хүмүүсийг чинь. Энэ манай одоо өвөг эцэг энэ тэрийг чинь бүгдийг Хэнтийд буудсан ш дээ. Тэгээд тэр Цагааны Ням энэ тэр чинь бүгд Хэнтийд буудагдсан. Тэр чинь хэдхээн хоногийн дараагаар Хэнтийд аваачаад буудчихсан байгаа юм. Энийг яагаад мэдэж байна гэх дээр ерөөсөө тэдийд баривчлагдаад, тэдийд яалаа гэсэн ийм юм надад байгаа байхгүй юу. Бүх баримт нь надад байгаа юм. Би тэрийг яагаад мэдэж байна гэхээр нөгөө энийг чинь цагаатгах ажил явагдлаа ш дээ. Энүүгээр чинь эднийг бүгдийг нь цагаатгуулсан юм. Цагаатгасан баримтыг нь өгсөн юм надаа. Энэ 13 хүний баримт надад байгаа. Тэгээд би хэдийд нас барсан юм. Хэдийд баривчлагдаад, хэдийд нас барсан юм. Тэрийг бүгдийг мэдэж байгаа. Тэгээд эднийг чинь бол нэг хэсгийг нь Хэнтийд буудаад. Өө тэр чинь аргагүй юм. Нөгөө олон газраас олон хүн амьтныг барьж ирж байхад чинь Хэнтийн тэрнийг чинь хорьж байх тийм шорон гяндан гэж, багтаах шорон гяндан байхгүй байсан биз бараг л. Тэгэхээр зэрэг тэгэсгээд л буудчихдаг. Ухаандаа оргож гарсан 2 хүн байдаг юм. Хэнтийн шоронгоос. Ухаандаа Очирын Эрдэнэжав, Дараанын Даш гэсэн 2 хүн. Энэ 2 хүн ерөөсөө одоо нутагтаа л нас барлаа. Энэ хоёр 30-аад онд баривчлагдсан. Аа тэгээд нэг орой байсан чинь тэр Даш энэ тэр гэдэг чинь бас нэг нэртэй хүн ч байгаад байсан юм уу? Хаашаа юм. Тэгсэн энэ хоёр нэр дуудаад явсан. Тэгээд байшингын буланд үлдсэн гээд байгаа юм. Тэгээд үлдээд аваад ачаад явахад нь л оргосон гэж байгаа юм. Тэгээд ерөөсөө явганаар сумандаа ирж байсан. Тэгээд харин дахиж баривчлаагүй онцлог нь. Ерөөсөө тэгээд энэ саяхан болтол байж байгаад нас барсан. Тэгээд л бусад нь бол нэг хэсгийг нь Хэнтийд алаад, нэг хэсгийг нь энд авчирч алаад, тэгээд заримыг нь цөлөөд л ингээд л хаясан байгаа байхгүй юу. Ийм л юм болсон доо.
Ариун-Ундрах -
Тэр азаар харин яаж оргож чадсан юм тийм ээ?
Цэрэн -
Айн.
Ариун-Ундрах -
Оргож чадсан нь ямар азтай юм бэ тэ?
Цэрэн -
Мэдээж ш дээ тэр чинь. Тийм явдал бий ш дээ. Ухаандаа ер нь энэ хүмүүс ярьж байсан. Ухаандаа нөгөө бие засъя гээд ч юм уу тийм ээ? Тэгээд нэг суугаад тэндээ үлдсэн ч байдаг юм уу тэ? Тэгээд янз бүрийн байдлаар. Тэгээд нэг хүн дутчихаар ухаандаа хонь тууж явсан хүнийг бариад авсан, нөхөж аваад гүйцээж байсан гэсэн ийм юм байдаг ш дээ. Ер нь тийм юм байдаг л юм байна лээ. Тийм тийм байдлаар л дуусгасан л даа. Тэгээд эндээс эргэж ирсэн хүн бол ер нь байхгүй дээ. Тэгээд тэр хойно цөлөгдсөн хэд нь бол яахав тэгээд тиймэрхүү л юм бослон доо.
Ариун-Ундрах -
Аа энэ шоронд байсан хүмүүсийг зовоож байсан болов уу?
Цэрэн -
Өө ямар олиг байхав. Тэр чинь одоо дээд зэргээр зовоож байсан. Ерөөсөө тэгэж л одоо ер нь мөрдөн байцаалтын асуулт бол хэний хэн бэ? Цагааны цэрэгт явж байсан уу? Үгүй юу? Юу хийж байсан гэдэг тийм ээ? Тиймэрхүү юм асуугаад л. Та хэдэн бодтой малтай юм? Одоо ам бүл? гэсэн тийм асуулт зарим хүнийхд байх шиг байна. Зариманд нь ч байх ч үгүй юм билээ. Тийм юм асуугаад л тэгээд л ерөөсөө за чи одоо тэр Японы эсрэг ямар дайсны, ямар бүлгэмд, хэн хэний... Ер нь хэн хэнийг таних вэ? гэдэг асуудал байгаа юм бас. Чи ер нь хэн хэнийг таних вэ? гэж авчраад л. Ерөөсөө л бараг сумаас эхэлж байцаадаг шиг байгаа юм. Тэгээд мэдээж одоо хэлнэ биз дээ тийм ээ? Би тийм тийм хүн танинаа гээд хэлчихдэг. Тэгэх дээр нь зэрэг л за чи дайсан бол тэд нар чинь мөн дайсан. Чи Японы тагнуул бол тэр Японы тагнуул. Чи хувьсгалын эсэргүү бол мөн тэр хувьсгалын эсэргүү улс гээд тэгээд л баривчилдаг. Тэр тэгэж хэлж байна. Чамайг одоо ийм хүн гэж хэлж байна гээд л ингээд л. Тэгээд л худал үнэн иймэрхүү юмнуудыг тулгаад л...
Ариун-Ундрах -
Одоо таньдаг хүнийг нь асуугаад л ирж бариад байх уу?
Цэрэн -
Тийм тийм. Тэгээд баривчлаад аваад ирдэг байхгүй юу ерөөсөө. Тэгсээр байгаад энэ чинь бол өчнөөн хүнийг барьчихаж байгаа байхгүй юу энэ чинь. Ингэж барьсан. Тэгээд тэр шоронд чинь бол юун тэр одоо аймшигтай л юм байсан гэж байгаа юм даа. Ерөөсөө тэр хоол унд чи юу ч биш. Тэгээд хүнийг тамлан байцаах асуудал хамгийн аймшигтай ерөөсөө. Хэнтийд арай тэр өндөр сандал байсан юм уу? Үгүй юм уу? Энэ төвд чинь бол өндөр сандал байлаа ш дээ. Ийм одоо том ийм сандал байгаа байхгүй юу. Тэрэн дээр ингээд хөндий суулгачихаж байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн дээр суулгаад л байцаагаад байдаг. Тэгээд хүн чинь бол тэр чинь хөндий, энэ хөлөөрөө тулж байхгүй хүн чинь бас тэгэж удаан байж тогтож чаддаггүй юм байна ш дээ. Тэгээд тэрэн дээрээс нь уначихдаг. Уначихаар нь зодож босгоод л суулгаад л байцаагаад байдаг. Жадлана, өшиглөнө, тамхины галаар хайрна. Бас аймшигтай ш дээ. Ерөөсөө тэгээд л хүйтэн юунд суулгана. Халуун юмнаас хүйтэнд яана, хүйтнээс халуунд гаргана. Гэх мэтчилэн ер нь бараг л одоо энэ Гитлерийн юуг хэрэглээгүй юм уу. Одоо бараг л тэрнээс дордохгүй л хэрэглэж байсан байгаа ш дээ. Тэгээд л одоо гарцаагүй байдалд орохоороо хүн би тэгсэн юм гээд л хүлээдэг. Тэгээд тэр чинь бас хууран мэхлэлт байхгүй юу. За үнэнээ хэлвэл чи одоо ингээд чамайг чөлөөллөө. Чи одоо үнэнээ л хэл.
Ариун-Ундрах -
Энэ хэргийг хүлээвэл.
Цэрэн -
Тийм. Хэргийг одоо хүлээвэл л чамайг одоо чөлөөллөө, суллалаа гэдэг. Тэгээд тэр чинь яахав дээ есөн шидийн юм хэлдэг байхгүй юу. Тэгээд л одоо би тийм тийм хүн таньдаг тийм ээ? Тэр тэр миний хамсаатан байсан. Тэнд тэнд хурал хийж байсан ч гэдэг юм уу. Тэнд энд уулзаж байсан. Тийм бодлоготой байсан гээд л тэр чинь одоо тулгасан бүхнийг хүлээж байгаа юм чинь амьд гарахын тулд. Тэгээд хүлээлгэж аваад за ийм хэрэгтэн байна. Одоо бууддаг л ийм ажил байхгүй юу. Дэндүү харгислал хийж байсан юм байна лээ манайхан.... Тэр Зарп бас ирчихээд хэлж байсан л даа. Тэр одоо дотоод яамны байшин байна ш дээ саарал. Тэнд хоригдож байсан байгаа юм л даа... За одоо энд л надыг алж байсан даа ёстой. Тэр жадлах одоо тэр энэ тэр бол ёстой юу ч биш гэж байгаа юм. Тийм л юм байна лээ. Тэгээд л тэр чинь олон цагаар байцаана. Хүнийг унтуулахгүй ерөөсөө. Одоо унтаа байдалд орох юм бол одоо зодоод л, сэрээгээд л одоо. Тэр чинь олон цагаар байцаагаад залгаад чи байцаагаад, ондоо хүн ирж байцаагаад л ингээд л ээлжлээд л байцаагаад байдаг. Тэр чинь ёстой нойргүй хүн чинь тэгээд л ерөөсөө унаж үхэж байгаа юм чинь бараг л. Тэгэж тамлаж байсан юм байна лээ л дээ. Тэгээд энэнийг чинь энэ бүхнийг гардан хийж байсан улсууд чинь бол Оросын одоо өнөө сургагч нар гэж. Тэр Оросын сургагч нар. Тэгээд манайхан, дотоод яамны нөхдүүд. Эд нар хийж байсан байгаа юм ш дээ. Тэгээд л энэ бузар булай явдлыг одоо 33 оны Лхүмбийн хэрэг, энэ 37-38 оны яргалал бол ерөөсөө л Оросуудын одоо шууд хийсэн, Оросуудын зохион байгуулсан ийм л ажил шүү дээ энэ чинь. Өөрөөр хэлбэл Сталинистуудын одоо Оросод хийсэн тэр яргаллын одоо үргэлжлэл.
Ариун-Ундрах -
Монголд өрнөсөн.
Цэрэн -
Тийм Монголд өрнөсөн ийм л юм ш дээ. Энэ чинь тэгээд хамгийн гол нь юу болж байна гэхээр Буриадуудын хувьд бол Октябрын хувьсгал оргосон гэж.
Ариун-Ундрах -
Октябрын хувьсгал?
Цэрэн -
Хувьсгалаас оргосон. Октябрын хувьсгалын оргодлууд гэж байгаа байхгүй юу. яагаад гэвэл энэ чинь 17 онд Орос оронд Октябрын хувьсгал ялсан. Аа тэгээд л тэрнээс чинь хойш одоо энэ чинь бол тэр дүрвэлт чинь болсон байхгүй юу. Энэ чинь 20-р зууны эхэн үеэс л ер нь 19-р зууны сүүл, 20-р зууны эхэн үеэс эхлээд л Буриадууд чинь наашаа дүрвэж эхэлсэн байгаа байхгүй юу. Монгол оронд. Тэгээд л энэ чинь юунаас болов гэх дээр зэрэг л Оросод чинь болохоор Орос-Японы дайн гэж боллоо. Тэгэхэд чинь Орос-Японы дайн гарчихаад Буриадын нутгаар бүх одоо Оросын цэрэг цувж байдаг, бүр арми цэрэг цувж байдаг. Эргээд зугтахаараа бол мөн л бас Буриадын нутгаар. Тэгээд мэдээж ш дээ. Цэрэг хүн гэдэг тэгээд л дайралдсан юмаа булааж идээд тэгээд л буудахыг нь буудаад л явна ш дээ. Тийм байдлаар одоо ингээд л адуу малыг нь дээрэмдээд л ингээд эхэлсэн байхгүй юу. Ер нь Оросууд бол эхнээсээ аваад тийм их гүрний дээрэнгүй бодлого явуулсан л даа. Буриадуудын одоо газар нутгийг булааж авах. Энэ юу вэ гэх дээр энэ чинь бол Монголчууд чинь одоо Хүннүгийн үеэс эхлээд энэ чинь бид нар Байгал нуурын хойд эрэг гэж ярьдаг шүү дээ. Тэр хүртэл Хүннү нар байсан тийм үү? Хүннүгийн нутаг тийм ээ? Тэгэхлээр энэ чинь тэр хавиар чинь Буриадууд байсан байгаа байхгүй юу. Тэгээд л Сибирийг давж ирээд л Оросууд чинь бол тэгээд л Эрхүүг байгуулж эхлээд л, тэгээд л суурингуудаа байгуулаад л, Байгал далай ороод л. Тэгсээр тэгсээр явсаар байгаад Буриадын чинь аль өөдтэй нутгийг эзэлж авсан байхгүй юу. 1-рт тэгээд л аль сайн газрыг нь авсан. Бэлчээр одоо юу л байдаг юм. Тэгээд л Буриадын чинь одоо загас, ан амьтан, алт мөнгө энэ бүхнийг чинь дээрэмдээд л, тоноод л тийм ээ? Ингэж эхэлсэн. Тэгээд л одоо сүүлдээ сүм хийдийг нь доромжлох, уул овоог тахих явдлыг нь доромжлох, уул овоог нь одоо устгах ч юм уу. Тэгээд л өөрийнхөө шашинд одоо орохыг ятгах. Христийн шашинд одоо орох юм бол ухаандаа хэргэм цол нэмнэ ч гэдэг юм уу, мөнгө төгрөг өгнө ч гэдэг юм уу. Ийм байдлаар одоо янз бүрийн арга байдлаар өөрийнхөө шашинд оруулах ийм бодлого явуулсан. Тэгээд өөрийнх нь шашныг гадуурхах, буддын шашныг одоо гадуурхах, шахах ийм бодлого явуулж байсан. Тэгээд газар нутаг дээгүүр нь дайны талбар болж эхэлсэн. Тэгээд дараа нь энэ чинь 14-18 онд дэлхийн 1-р дайн боллоо. Мөн л одоо ялгаа байхгүй Буриадуудын нутгаар орж байгаа юм чинь. Тэгээд дараа нь Октябрын хувьсгал мандлаа. Тэгэнгүүт улаан цагааны хоорондын иргэний дайн өөрөөр хэлбэл боллоо ш дээ. 18-22 он хүртэл иргэний дайн болсон. Хамгийн сүүлд энэ Дорно дахин Володой восток хавьд очиж дайн дууссан. Ерөнхийдөө дууссан. Тэгээд энэ хооронд чинь дан Буриадын нутаг байгаа биз дээ. Тэгэхээр энэ рүү чинь бол ерөөсөө ийм ийм юманд л одоо ингээд өртөөд л. Хар засгийн одоо тэр хатуу ширүүн бодлого, хавчих шахах бодлого, тэгээд л тэр дайн байлдааны ажиллагаа. Энэ бүхнээс чинь болоод ингээд л Буриад наашаа дүрвэсэн байхгүй юу. Энэ асуудлыг чинь Буриад Октябрын хувьсгалаас оргосон. Нэг нь ийм. Гол нь тэгээд Японы тагнуул мөн үү? Дээр нь бол пан монголистууд гэж бас нэг юм байсан. Тэгэхдээ тэрэнд бол нэг их гол гол хүмүүсийг тулгасан болохоос биш тэр манайхныг бол пан монголист биш. Тэр цагаан Бароны цэрэгт явж байсан уу? гэж. Тэгээд л Бароны цэрэгт явж байсан энэ тэр бол тэгээд л цагаантан. Ийм ийм ярьж Буриадуудыг хяргасан байгаа юм л даа. Тэгээд хувьсгалын эсэргүү гэдэг маань ухаандаа ардын засгийг унагаах, Японы тагнуулын үйл ажиллагааг гүйцэтгэж ардын засгийг унагаас гэсэн ийм л юм тулгаж байгаа байхгүй юу. Тэгээд тэр чинь төр засгийг устгах гэсэн бодлого мөн биз дээ? Харийн дайсантай нийлж тийм ээ? Тэгэж л яасан даа. Ийм л шалтгаанаар Буриадуудыг одоо цөлмөж хэлмэгдүүлсэн юм даа. Тэгээд Оросын тийшээ чинь хэдийгээр малчин ч гэсэн энэ чинь бас барууны соёлын нөлөөгөөр дамжчихсан. Аа ер нь бичиг үсэгтэй. Аа тэгээд шашны талаар сүмийн одоо янз бүрийн мяндаг тушаалтай. Сая энэ би түрүүн зураг харуулж байсан. Тэр дацанд бол сууж байсан том лам нар энэ тэр зөндөө байгаа байхгүй юу. Тэгээд манай нутагт бол Хэрүүн дуган гэж нэг ганцхан дуган байгуулсан юм. Энэ Буриадууд Монголд нүүж ирээд, дүрвэж ирээд. Тэгээд тэнд бол одоо тэндэхийн бүх лам нарыг баривчилсан л даа. Тэгэхэд чинь тэр хойноос ирсэн лам нар байсан байхгүй юу. Түүнээс эндхийн лам нар гэж байхгүй л дээ. Тэгээд энэ чинь зохих тийм хэмжээний боловсролтой хүмүүс байсан бас. Ямар ч байсан бичиг үсэгтэй тийм ээ? Тийм хүмүүс байсан. Тийм учраас энэ бол их л ер нь өнгөтэй өөдтэй бүхнийг л авсан даа. Ийм л юм болсон юм байгаа юм даа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.