Tseren


Basic information
Interviewee ID: 990321
Name: Tseren
Parent's name: Tsedev
Ovog: Sharaid
Sex: m
Year of Birth: 1935
Ethnicity: Buriad

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: history professor
Belief: Buddhist
Born in: Serüün galtai sum, Hentii aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
belief
education / cultural production
work
urban issues


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

За хоёулаа ярилцлагаа үргэлжлүүлж ярья аа. Тэгэхээр энэ хэлмэгдүүлэлтэнд өртсөн хүмүүс гэхээр таны гаргасан тооцоогоор энэ 60-н хэдэн хүмүүс байна ш дээ тийм ээ? Аа энэ дотроос таны яг хамаатан садны 13 хүн байгаа юм байна тийм ээ?

Цэрэн -

Тийм тийм.

Ариун-Ундрах -

Аанхан. Аа энэ хүмүүс бол яг нэг хэсэг газрын хүмүүс гэхээр Монголоос яг нийтдээ хичнээн хүн хэлмэгдсэн тооцоо гарах бол? Барагцаагаар?

Цэрэн -

Ер нь Монголоос чинь энэ дээрээс гаргаж байгаа тооцоогоор бол 30-аад мянга, 35-36 мянга ч юм уу гэж ярьж байгаа ш дээ. Зарим нь 34. Ер нь 34-36 мянга хавьцааны хүмүүс ер нь нийтдээ хэлмэгдсэн гэж тийм тооцоо хэлээд байгаа юм л даа.

Ариун-Ундрах -

Тэр ер нь хэр бодитой бол?

Цэрэн -

Үнэн байх гэж би бодож байгаа юм. Энийг яагаад гэвэл энэ чинь одоо энэ хэлмэгсдийг цагаатгах ажил явагдаж байна ш дээ Монголд. Тэгэхээр энд чинь бол цагаатгал ерөөсөө яасан нь мэдэгдэхээ больчихсон. Мөн үү? Нэг лам байсан. Нэг хүрээнд сууж байсан тийм ээ? Тэгээд л баригдсан. Тэгээд чухам одоо яасан юм мэдэхгүй. Өөрөө нас барсан юм уу? яасан юм ер нь тэгээд л алга болсон. Тэгээд одоо цагаатгах гээд бичиг баримтыг нь үзье гэх дээр зэрэг л байхгүй олдохгүй байгаа байхгүй юу. Өчнөөн жил болж байна ш дээ энэ чинь. Тэгэхлээр энэ чинь юу вэ гэх дээр зэрэг нэг хэсэг бол ямар ч одоо бичиг баримтгүй устгаад хаясан. Тэр чинь тэгээд шоронд чинь ч хүн алах явдал жирийн үзэгдэл байсан байна ш дээ. Тэгэж одоо хүнийг тамлаж байгаа улсууд чинь тэнд хүн үхэхэд бол муу эсэргүүг буудчихсан байхад ер нь юу ч биш л байсан байна ш дээ ерөөсөө. Тийм л юм билээ. Ухаан нь энэ ардын жүжигчин Пүрэвдорж ярьж байсан байхгүй юу. Пүрэвдорж гуай. Миний эцэг жаахан чанга хүн байсан юм билээ гэж. Цэвэгжав гэж Цэвэгжавын Пүрэвдорж гэдэг юм. Чанга хүн байсан юм билээ гэж. Тэгээд тэр мөрдөн байцаалт хатуу чанга л явуулсан юм байна л даа. Тэгэхээр нь өнөөдөхийгөө аваад сандалаараа цохиж. Тэгээд тэнд зодоон болж л дээ. Тэгээд бөөн хүн, бөөн цагдаа орж ирээд л тэгээд нөгөөдөхийг чинь эргүүлж зодоод л. Тэгээд л дараа нь буудаж байгаа байхгүй юу тэр чинь. Тийм л юм болж байсан байх жишээтэй ухаандаа. Тэгээд тийм учраас бол зарим тэгсэн хүмүүсийг чинь мэдээж тэгээд үхчихлээ энэ тэр гэх юм байхгүй ш дээ. Тэгээд л тэнд нь оршууллаа дуусаа. Тийм учраас энэ хүний тоо нь үнэн байх гэж, энэ ойролцоо тоо байх гэж боддог.

Ариун-Ундрах -

Энэ хэлмэгдүүлж байгаа дандаа эрэгтэй хүмүүсийг авч явсан гэхээр хамгийн доод тал нь хэдэн настай хүнийг авч явах бол?

Цэрэн -

Ер нь нэг 18-19 нас хавьцаа юм уу даа. Ер нь бол тэгэж л барьж байсан шиг байгаа юм даа. Дээд тал нь одоо 70-н хэд юм уу даа. Тийм л юм болсон юм билээ.

Ариун-Ундрах -

Тэгээд таны бодлоор одоо энэ хэлмэгдүүлэлтийн хамгийн гол зорилго нь юу байсан гэж та боддог вэ?

Цэрэн -

Гол зорилго юу байхав дээ. Ер нь энэ цаанаас явуулж байгаа бодлого учраас энэ хувьсгалын удаа эсэргүү энэ чинь бүр тийм юм байгаа ш дээ... Монголд нүүж очсон Буриадууд бол хамгийн найдваргүй мөн үү? Гадаадын одоо ямар ч юунд тагнуул байж болох, удирдагчидтай холбоо сүлбээтэй болох тийм найдваргүй хүмүүс гэсэн энэ юмыг яригдаж байгаа юм л даа. Тийм учраас Буриадууд бол найдвар байхгүй. Гадаадын тагнуул. Барон цагааны цэрэгт явж байсан. Октябрын хувьсгалын оргодлууд гэсэн энэ утгаар нь бол эд нарыг устгах гэсэн, ер нь хүйс тэмтрэн устгах гэсэн бодлого. Ерөөсөө Буриадуудын хувьд бол.

Ариун-Ундрах -

Үндэс угсаагаар нь тийм ээ?

Цэрэн -

Тийм. Гинасит гэж ярьдаг ш дээ. Гинасит бодлого байгаа байхгүй юу. Гол зорилго нь тэр.

Ариун-Ундрах -

Аан тэгээд Оросоос дүрвэж гарсны дараа араас нь ирээд ингэж хэлмэгдүүлж байгаа юм байна тийм ээ?

Цэрэн -

Тийм. Араас ирээд яахав дээ. Эд нар хувьсгалын оргодлууд, Октябрын хувьсгалын оргодлууд, дайснууд гэж. Октябрын хувьсгалын оргодол гэдэг чинь бол ухаандаа цагаантан л гэсэн утгаар бараг л шахуу ярьж байгаа юм. Тэгээд энэ чинь бол бас юу ш дээ. Энэ Барон Унгернууд чинь зүүн талаас орж ирсэн тийм ээ? Тэгэхлээр энэ чинь бол мөн одоо манай нутгаар л орж ирж байгаа байхгүй юу энэ чинь. Аа тэгэхэд чинь нөгөө цэрэгт дайчилж байгаа байхгүй юу. Буриадууд, Монгол ер нь замдаа дайралдсаныгаа дайчилсан ш дээ. Аа тэгтэл тэнд чинь бас хүмүүс татагдаж л байгаа ш дээ. Тэгээд тэр чинь Бароны цагаан цэрэгт явсан уу? гэх дээр зэрэг л явсан болж таараад байдаг. Өөрөө ямар сайн дураар явсан биш. Тийм биз дээ. Нэг одоо дайчлагдаад л явсан байна. Тэгээд амьд үлдээд л ирж. Аа тэгэхээр бол мэдээж одоо чи цагаантнууд Зөвлөлт засгийн эсрэг дайсан гэдэг ийм л юм хэлж байгаа байхгүй юу. Тэгээд 30-аад он гэхээр хамгийн аюултай юм юу гэх дээр зэрэг нөгөө Японууд Манжуурт орж ирсэн байсан. Өөрөөр хэлбэл Манжгоо гэдэг чинь тоглоомын улс манай улс хоёр чинь Дорнот хилээр бол нийлчихсэн байсан үе. Тийм учраас энэ Японы тагнуулууд. Ерөөсөө тийм. Энэ Лхүмбийн хэрэг гэдэг чинь тийм л юм гарсан ш дээ. Японы тагнуул гэдэг нэрээр л. Тийм л хэрэг тулгасан даа. Ардын засгийг унагаах зорилготой тийм улсууд л гэсэн.

Ариун-Ундрах -

Аан тэгэхээр энэ хэлмэгдүүлэлт яг Буриудуудыг хэлмэгдүүлснээс эхэлсэн гэж үзэж болох уу? Эсвэл тэрнээс ....

Цэрэн -

Үгүй ээ үгүй . Бараг 22 оноос эхэлсэн гэж хэлж байгаа юм. Ухаандаа Бодоо сайдыг буудан алсан үеэс эхэлсэн гэж хэлж байгаа юм. Ер нь хэлмэгдүүлэлтийн эх бол 22 оноос эхэлсэн. Тэгээд энэ чинь ер нь Оросод болсон үйл явдал бол давтагдсан даа Монголд. Тийм, ухаандаа Ленинээс хойш Сталин гарч ирээд л ухаандаа энэ чинь баахан одоо тийм нэр хаягтай олон хэргүүд гарсан байхгүй юу. Тройскый знаевевын хэрэг ч гэж байх шиг тийм ээ? Одоо сүүлд нь 30-аад онд Кериевын хэрэг ч гэж байх шиг. Тэгээд янз бүрийн олон нэртэй хэргүүд гарсан. Тэгээд ийм маягын хэргүүд энэ чинь тийм ээ? Энэ манайд болохоор чинь Гэндэн Дэмидийн хэрэг, Лхүмбийн хэрэг мөн үү? Комбинадын хэрэг. Тэр чинь бас их олон нэртэй ш дээ. Дотроо энэ чинь их олон нэртэй. Тэгээд тийм хэрэг гарлаа гээд ингээд. Комбинат шатсан. Комбинатын барилгыг шатаасан хэргээр комбинатын Пүрэв гэдгийг чинь яагаад л. Чи комбинат шатаасан гээд ингээд тулгаад л буудчихаж байгаа юм чинь. Энэ чинь бүгд одоо тулган хүлээлтээр явагдсан ийм эд шүү дээ.

Ариун-Ундрах -

Дандаа гүтгэлэг тийм ээ?

Цэрэн -

Тийм. Тийм учраас бол манай нутаг бол хангай газар байхгүй юу. Ер нь чухам хаашаа ч зугтаж болно тэр. Чухам тийм баривчилгаа яваад ингээд 2-3 хүн ирээд л 10-20-иор нь бариад л ингээд явж байхад үгүй ээ тэр чинь юу бодож суух уу? Тэр чинь ерөөсөө хэрэг хийгээгүй хүмүүс учраас бид нар өө хэрэг учраа хэлээд ирнэ гэсэн утгаар л тэгэж сууж байгаа ш дээ тэр чинь. Түүнээс ой хөвч рүү гараад нуугдчихсан бол яах юм. Ер нь хэрэг хийгээгүй тэр улсууд зугтчихвал яах юм. Тэр олон хүнийг чинь барьж авахад бол тэр чинь өчнөөн модтой, уул байгаа байхгүй юу. Үгүй тэр лүү тараад морьтой улсууд чинь зугтчихвал яах юм. Яах ч үгүй ш дээ. Яг хэн ч яаж ч чадахгүй ш дээ. Тийм л юм байсан байхгүй юу. Тиймээс ямар нэгэн хэрэг хийгээгүй учраас эд нар бол их тайван. Одоо бид нар өө яах ч үгүй. Бид нар одоо учраа хэлээд л, учраа олоод л эргээд ирнэ л гэсэн ийм бодолтой л байгаад байсан байхгүй юу. Тэгэх дээр зэрэг үгүй цаана нь аваачаад шууд хэрэг тулгаад л, энийг хүлээвэл хүлээ, хүлээхгүй бол чи одоо ийм байна. Хүн чинь харгислуулахаар бол хэлнэ шүү дээ тэгээд л. Амь насандаа халдахаар тийм ээ?

Ариун-Ундрах -

Таны надад түрүүн үзүүлээд байсан тэр сүмийн зурагны тухай та дэлгэрэнгүй ярьж өгөөч?

Цэрэн -

За тэр сүмтэй холбоотой юм ч би нарийн мэдэхгүй. Энэ бол Буриадын одоо байх юм бол Оросын Холбооны Буриад улсын Ярууны раойны нутагт байгаа тийм том хийд. Энэ дацан гэдэг юм л даа. Эгтийн дацан гэж энэ том дацан байсан гэж байгаа юм л даа. Олон лам нартай, тэр хавьдаа л ер нь алдартай дацан байсан гэж байгаа юм. Тэгээд тэнд бол нөгөө самай дээр гэж байдаг тийм ээ? Манай нөгөө тоглодог юу байдаг ш дээ? Нөгөө багтай улсууд тоглодог.

Ариун-Ундрах -

Цам харайх уу?

Цэрэн -

Тийм цам харайх тэрнийг тэнд тоглодог тийм ээ? Тэр чинь бүхэл ийм хийд. Ерөөсөө л буддын шашны бүх л үйлдлүүдийг бүгдийг нь хийдэг тийм том дацан байсан гэж байгаа юм. Тэгээд тэнд байсан зарим лам нар бол Монгол руу дүрвээд ирсэн. Тийм байгаа юм. Тэгээд тэр нь бол манай нутагт тэгээд тогтчихсон. Тэр ухаандаа тэр Намсрай жорч гэж байгаа юм л даа. Энэ жорч гэдэг чинь би Буриадаар ярьж байна л даа. Жорчийг бол цорж лам гэдэг юм уу даа.

Ариун-Ундрах -

Цорж лам уу?

Цэрэн -

Тийм цорж лам л гэдэг юм шиг байна. Тэр чинь ухаандаа юу юм байна. Үхсэн хүний тийм ээ? Хойдхыг одоо нөгөө төрөлд нь түргэн явуулдаг тийм ээ? Хойд төрөлд нь түргэн явуулдаг тийм идтэй шидтэй хүн байдаг юм гэнэ ээ. Тэгээд манай тэр хүн бол их алдартай хүн байсан гэж байгаа юм. Тэр талаар бол. Ерөөсөө тэр ламын ёс заншлыг заасаар байдаг. Тэр ах дүүгийнхтэйгээ цуглараад гадаа нь байж байдаг. Тийм олон лам хартай, тийм мундаг том одоо Төвд хэлтэй тийм лам байсан гэж байгаа юм. Тэгээд тэр лам хүртэл одоо олон лам ирсэн. Эгтийн дацангаас. Тэгэхлээр Эгтийн дацан олон лам нартай байсан. Тэгээд энэ нэг ийм юм байдаг юм л даа. Молом багш гэж Буриадын зөнч мэргэн хүн байгаа юм энэ. Энэ хүн хэлж байсан гэж байгаа юм. Ер нь Буриадын сүм хийдийн цонхоор цэргийн морины толгой гулдайж байх болноо гэж тэгэж хэлсэн гэж байгаа юм. Үнэхээр тэр нь бол Эгтийн дацанг бол бүр үндсээр нь устгаж бүх лам нарыг баривчилсан. Тэгээд үндсээр нь усгахаар нь ерөөсөө доод талын юунд нь адууны жүчээ, адууны байр болгож байсан гэж. Тэгэж л устгасан юм гэнэ лээ Эгтийн дацанг. Би тэгээд сүүлд тэр хамаатан садандаа байхдаа тэнд би айлчилж очихдоо энэ надад үзүүлсэн. За чиний ээж аавын чинь шүтэж биширч байсан энэ газар, биширч байсан одоо энэ том дацан шүү. Чи яахав энд байдаг гэдгийг нь би чамд зааж өгье гэж. Тэгээд бид нар машинтай очсон. Тэгээд юу ч байхгүй. Ганц нэг баганын одоо суурь байгаа юм уу? Үгүй юм уу? Ерөөсөө л ямар ч юм байхгүй тэгш газар болсон. Тэгээд тийм том байгуулалтыг тэр чигээр нь устгасан байгаа юм. Гэх мэтчилэн Буриадад бол Буриадын сүм хийдийг бараг устгасан шүү дээ. Мөн адилхан устгасан. Одоо дахиад л сүм хийд барьж байгуулж байна шинээр. Мөн манайхтай адилхан. Дэгтийн дацанг бас сэргээж барьж байгаа юм гэнэ лээ. Тийм юм байгаа юм.

Ариун-Ундрах -

Та яг өөрөө Буриад хүний хувьд Буриад үндэстний түүх гэдэг зүйлийг бүр яг эхнээс нь дэлгэрүүлж ярьвал та юу гэж ярих вэ? Зарим хүмүүс бас мэдэхгүй байж болох юм тийм ээ?

Цэрэн -

Тэр юу юм л даа. Энэ би боддог юм. Буриад нарыг бол энэ сүүлд нүүж очсон тийм ээ? Монголын одоо аль нэг газраас тийм ээ? нүүж очсон. Тэгээд олон жил суурьшсан улсууд гэж голцуу яриад байх шиг байгаа юм л даа. Би тэрнийг үгүй гэж хэлээд байгаа юм аа. Тийм, үгүй гэж хэлээд байгаа юм. Яагаад гэвэл би түрүүн хэлсэн. Хүннүгийн нутаг маань байгаль нуурын цаад тал хүрч байсан тийм үү? бид нар тэгэж ярьдаг ш дээ. Хүннү хойд хил нь бол байгаль нуурын цаад тал, өмнөд хил нь цагаан хэрэм гэж. Тэгвэл Хүннүчүүд тэнд нутаглаж байсан юм чинь Монголчуудын одоо нэг тасархай Буриад нар бол тэнд л үлдсэн байгаа байхгүй юу. Тийм нэг. Аа хоёр гэвэл Монголчууд өрнө зүг рүү нүүдэл хийсэн гээд байгаа юм. Энэ баруун тийшээ Балканы хойг хүрсэн шүү дээ. За тэгэхлээр тэр лүү тэгэж нүүдэллэж явснаас шулуухан зүгээр ингээд шууд зам мэддэг юм чинь ингээд тэр лүү нэг хэсэг нь нүүдэг юм байна гэж бодъё тийм ээ? Аа нэг хэсэг нь бол ийшээ нүүсэн байж таараа ш дээ. Энэ хойшоо энэ одоо ой модтой, устай газар луу чинь нэг хэсэг нь тэгэж нүүсэн байж таараа. Тэгээд тийм тийм замаар л ер нь ямар ч байсан л одоо Хүннүгийн үеэс ч юм уу, түүний дараах үеэс ч юм уу тэнд одоо суурьшсан, тийм одоо хүмүүс гэж ойлгодог. Тийм учраас хэл нь бол олон зуун жил болсон учраас хэл нь бол ондоошсон тийм ээ? Тэгэхдээ Буриадын хэлийг бол ойлгоно ш дээ. Эрт дээр үеэс бол тэнд нутагшин одоо суурьшиж байсан. Хэл нь бол энэ хугацаанд ондоошиж жоохон өөр болсон ийм л одоо түүхтэй ард түмэн гэж боддог. Тэгээд яахав Буриадуудын үүсэл гарал гээд баахан элдэв өнгийн домог л байдаг л даа. Түүнээс өөр юм биш л юм л даа.

Ариун-Ундрах -

Тэгэхээр таны хүүхэд насны мөрөөдөл юу байсан бэ?

Цэрэн -

Би юу?

Ариун-Ундрах -

Аанхан.

Цэрэн -

Би ер нь боддог байлаа. Нөгөө 12 нас хүрч 1-р ангид орохдоо, орох хүртлээ за би анчин болъё гэж. Анчин болъё гэж боддог байсан. Тэгээд тэр мөрөөдөл маань ч биелээгүй л дээ. Яагаад гэвэл миний удам бол байна ш дээ. Миний жинхэнэ төрсөн одоо энэ Сангидын Ядам гэдэг, Сангидын гэдэг энэ айл байна ш дээ ерөөсөө уг удмаараа дархан улсууд. Уг удмаараа алт мөнгөний, модны, төмрийн ерөөсөө алдартай. Тэр дацанг чинь барихад тэр манай дархчууд оролцож байсан гэж байгаа юм. Тэр түрүүн чиний асуугаад байдаг тэр дацанг чинь барихад тэр манай тэр миний өвөг дээдэс оролцож, тэр дацанг барилцаж байсан гэж байгаа юм. Аан тэгээд тэр Мархаш гэж нэг хүн байсан юм. Тэр гоё нэр нь гэх үү дээ Цэдэндорж гэдэг юм байна лээ. Тэр чинь манай нутагт бол Цэдэндорж гэж ерөөсө ярихгүй. Би сая нэг архивын юу үзэж байтал харин тэнд таарсан. Тэгсэн чинь Цэдэндорж гэж байна лээ. Тэгэхээр тэр хүн бол алдартай за тийм уран гартан хүн байж. Тэр ерөөсөө юугаар л бол юу хийдэг ерөөсөө тийм нэг. Хоёр дахиар бол ерөөсөө тийм анчин. Ерөөсөө юм үлдээдэггүй аймар анчин байсан гэж байгаа юм. Тэр тэгээд цэрэгт яваад тэгээд өвчнөөр нас барсан юм байна лээ. Тэгээд тэрнийг нөгөө шашны юугаар манайхан юу гэдэг вэ гэхээр зэрэг тэр нас барсных нь хойтон жил би төрсөн юм гэнэ лээ. Энэ чинь 1935 онд шүү дээ. Тэгэхээр чинь тэр хүн 34 онд нас барсан байж таарна тэ? Тэгээд надыг эргэж төрлөө гэсэн, тэр хүн эргэж төрлөө гэдэг байхгүй юу надыг. Тэгээд лам хараас янз бүрийн хүнээс асуусан юм гэнэ лээ. Янзан хүн бас хүртэл манай тэр өвөг эцгийг ирж асууж байсан юм гэнэ лээ. Тэр чинь юу гэхээр чинь гэртээ эргэж төрсөн байна энэ тэр гэсэн юм гэнэ лээ. Тэгээд надыг чинь одоо тэр Мархаш гуай эргэж төрсөн гэдэг утгаараа хүмүүс булаалдсан байхгүй юу. Айл амьтан одоо авна гэдэг утгаараа. Тэгээд л өөр нэг хэд хэдэн айл гуйсан өгөөгүй юм гэнэ лээ. Тэгээд тэр хамаатандаа бол энэ Цэдэвийнд надыг өгсөн юм гэнэ лээ. Тэгэхээр тэр манай удам угсаа бол тийм угсааны улсууд л даа. Аа тийм учраас би ер нь анчин болдог юм уу гэж боддог байсан. Тэгэхээр би нөгөө ядуу учраас надад бол тийм халиавар ч авах тийм боломж байгаагүй. Тэгээд ерөөсөө би тоглодог юм бол ийм модон буу барьж энэ тэр, тийм амьтан буудаж тэгэж тоглодог байсан л даа. Тэр утгаараа би магадгүй анчин ч юм уу тийм ээ? болъё л гэж бодож байсан юм шиг байгаа юм. Тэгээд тэр бодлоосоо хагацсан л даа. Биелээгүй юм.

Ариун-Ундрах -

Тэгээд таныг бага байхад чинь хэлмэгдсэн хүний хүүхэд гээд янз бүрийн дарамт шахалт ирэх үү?

Цэрэн -

Үгүй ээ ирэлгүй яахав. Би түрүүн хэлсэн ш дээ. Би сургуульд орж чадахгүй 12 нас хүрлээ гэж. Надыг оруулдаггүй байсан байхгүй юу. Тэр хэлмэгдсдийн хүүг ерөөсөө авдаггүй байсан ш дээ. Ерөөсөө тэр үед чинь бол хэлмэгдсдийн хүүг Улаанбаатарт хөөж байсан юм байна лээ. Шууд гаргаад. Доржханд гээд нэг багш ярьж байсан даа. Тэр бас л Буриад хүн л дээ. Тэр миний хичээлд сууж байхад дуудаж гаргаад тэгээд дахин хичээлд суулгаагүй ээ гэж ухаандаа. Гэх мэтчилэн бид сургуульд очоогүй л дээ. Ерөөсөө аваагүй бид нарыг. Тэгээд сүүлд нь ямар үе ирсэн юм мэдэхгүй тэгээд харин бид хоёрыг сургуульд явуул гээд би тэгэж очиж байгаа байхгүй юу.

Ариун-Ундрах -

Өөр жишээ нь өөр айл саахалтаас ч юм уу, таньтай хамт сурч байгаа хүүхдүүдээс тиймэрхүү дарамт шахалт ирэх үү?

Цэрэн -

Өө байлгүй яахав байна. Зөндөө л байгаа ш дээ.

Ариун-Ундрах -

Ямар ямар хэлбэрээр ирэх үү?

Цэрэн -

Үгүй ээ ер нь яахав дээ тэр эсэргүүгийн хүүхэд гээд сургуульд оруулахгүй л хаагаад байгаад байхгүй юу. Тэр л гол юм нь л даа.

Ариун-Ундрах -

Аан тэгээд бас нөгөө хэлмэгдсэн хүний хүүхдүүд чинь овогоо солих ч юм уу гэх мэтээр сургуульд ордог байсан юм биш үү?

Цэрэн -

Бас тийм юм бий.

Ариун-Ундрах -

Та бол овогоо солиогүй юу?

Цэрэн -

Солиогүй.

Ариун-Ундрах -

Аан тэгээд таны аавыг бариад үед бол та 3 настай байсан гэсэн үг үү?

Цэрэн -

Тийм.

Ариун-Ундрах -

Та тэгэхээр тодорхой юмыг бас өөрөө бол мэдэхгүй юм байна тийм ээ?

Цэрэн -

Мэдэхгүй тийм... би өөрийн төрсөн эгчтэй одоо ч бий л дээ. Тэгээд би өөрийнхөө энэ өргөмөл эгчдээ л одоо хайртай байдаг байхгүй юу... Энэ 13 хүн чинь ийм учиртай байхгүй юу. 3 нь цөлөгдлөө гэж би ярьсан тийм ээ? 9 нь цаазлагдсан байгаа байхгүй юу. 1 нь 10 жилийн ял. Энэ нь бол миний аав байхгүй юу. За эдний дотор бол лам 2, цэргийн албан хаагч 3, дотоод яамны ажилтан 1, бусад нь бол малчин. Ийм бүрэлдэхүүнтэй хүмүүс байгаа юм л даа. Энэ тэгээд Ням гэхээр бол 2 Ням байгаа юм л даа. Энэ бол нэг нь миний өвөг эцэг Ням. Аа энэ миний өргөж авсан аавын одоо дүү нь Жалсаны Ням гэж ийм учиртай улсууд шүү дээ. Эдгээр энэ 5 нь гээд байгаа юм л даа. Зарп, Айнпил, Цэвэг, Ням тийм ээ? Цэдэнжав нар бол 38 онд баривчлагдсна. Аа үлдсэн 8 нь бол тийм ээ? 38 онд баривчлагдсан. Ийм учиртай юм байгаа байхгүй юу.

Ариун-Ундрах -

Аа таны аав тэгэхээр жин тээдэг байсан юм уу? бас.

Цэрэн -

Жин тээдэг байсан юм. Манай тэндээс чинь манай нутгийн улсууд чинь жин тээж нөгөө утасны мод байна ш дээ. Энийг тээдэг байсан юм. Манай нутаг чинь хангай газар байхгүй юу. Тэгээд л энэ урт моднуудыг чинь тэгээд л нөгөө паар шар тэргээр чинь бол ухаандаа сунааж ингэж урт болгоод л тэгээд л хэдэн юу ачаад ингээд л энэ Баянтүмэн хүртэл одоо ухаандаа Дорнот хүртэл гэсэн үг ш дээ. Ингэж тээвэрлэдэг байсан юм. Тэгээд яахав тэр чинь нөгөө л Монгол хотод бүтээн байгуулалт хийх гэж байсан юм байгаа биз. Тэр ч бас дайнтай ч холбоотой байж магадгүй тийм ээ? тэгээд манай аав бол Тэндээс ирэхдээ бол нөгөө гурил будаа, идэх уух юмаа олж ирдэг. Тэгээд л нэг удаа яасан байдаг юм. Тэр зүүн овооны горхины хөвөөн дээр манайх байсан юм байна лээ. Тэгээд л нэг ирсэн чинь ээж аав чинь ирлээ гээд тэгнэ. Тэр лүү харсан чинь л өө тийм хөсөг тэрэгтэй улсууд л тэр гол руу даваа руугаа орж байна. Тэгэхээр нь л эгчийг ... бэлдэж байгаа юм л даа. Тэгээд яахав эгчид ... надад нэг хромон гутал авчирч өгч байсан байгаа юм. тэр сүүлд .... аваад явсан гэж байгаа ш дээ. Тэр миний гутлыг л аваад явсан гэж хүүхдийн гутлыг аваад явсан л гээд байгаа юм даа. Тэгээд тийм юм л байдаг юм. Тэгээд гол нь мал ажилтай хүн байсан. Ерөөсөө мал ажил л эрхэлдэг. Тэгэх дээр манайх тийм чинээлэг айл байгаагүй. Цөөхөн цөөхөн нэг л бор хувиа борлуулах хэмжээний тийм цөөхөн малтай шинэ айл байсан юм билээ л дээ. Шинээр айл болсон. Тийм байсан юм байна лээ.

Ариун-Ундрах -

Тэр хэлмэгдүүлэлтийн тухай төр ер нь юу гэж тайлбарладаг байсан бэ?

Цэрэн -

Өө энэ чинь ерөөсөө юу ш дээ. Тухайн үед чинь бол ерөөсөө энэ хувьсгалын эсрэг дайснуудыг устгалаа л гэсэн тийм юм ярьж байгаа ш дээ ерөөсөө. Энэ чинь ерөөсөө тийм л юм болж байсан ш дээ. Энэ чинь их хурлын Хорлоогын Чойбалсан ч гэсэн тэр бүх юман дээр тэр эсэргүү дайсныг устгалаа. Тэгэж л байсан ухаандаа. Тэгээд энэ Лхүмбийн хэрэг гэдгийг бол манай нутгийн нэг хүн л галын дөлийг бадраасан байгаа юм л даа. Тэр Дамдингын Данзан гэж хүн байсан юм байна лээ. Дотоод яамны цагдаа гэх үү дээ. Одоогоор тийм ээ? Дотоод яамны ажилтан тийм хүн л байсан юм байна лээ. Тэр хүн л яасан л даа. Тэгсэн тэр хүнийг чинь одоо сүүлд нь одон медалиар шагнаад л. Тэгээд л одоо Улаанбаатарт ажилд дэвшүүлээд ингээд л. Тийм л байсан юм билээ. Тэр хүний одоо ухаандаа худлаа захидал бичүүлсэн байгаа байхгүй юу хүнээр. Тэр хүнийг хүртэл одоо гар буугаар хүртэл шагнаж байсан байгаа ш дээ. Гэх мэтчилэн одоо тэгэж урамшуулж одоо ийм том хэрэг илрүүллээ, одоо ийм том дайсныг устгалаа гээд л тэрнийгээ дандаа зөвтгөсөн ийм үзэл суртал нэвтрүүлэг явуулж байсан.

Ариун-Ундрах -

Тэгэхээр ард түмэн бол энэнд бол итгэхгүй байна биз дээ тэ? Тэр үедээ?

Цэрэн -

Тухайн үед итгэхгүй байсан. Тэр ерөөсөө юу болоод байгааг ард түмэн ойлгохгүй байсан хэрэг шүү дээ. Би түрүүн хэлсэн. Ухаандаа оргоод зугтаад явчих л төдий юмыг л зүгээр л туугдаад л зүгээр адуу мал шиг л явж байгаа байхгүй юу. Эхлээд энэ чинь бол авдартай юмыг нь лацдачихаад хүнийг нь аваад явчихаж байгаа байхгүй юу. Тэгээд тэр чинь хавар хүнийг нь аваад, зун ирээд малыг нь хурааж байгаа юм. Тэгэхээр энэ чинь бол хураалт гэж ярьж байгаа юм. Манайхан бол хураалт гэж ярьдаг юм. Тэгээд энэ чинь бол юу болж байна гэх дээр зэрэг нэгдүгээрт хүнийг нь алж хэлмэгдүүлсэн. Хоёрдугаарт эдийн засгийн талаар энэ чинь бол хэлмэгдүүлж байгаа байхгүй юу. Хоёр том хэлмэгдүүлэлт давхар нэгдүгээрт явагдаж байгаа юм. Тэгэх дээр тэр айлыг чинь ерөөсөө тэгээд л өрхийн тэргүүнээс нь аваад тэгээд ер нь амьдрах чадваргүй болгоод, ер нь л одоо тийм ёстой нэг устгах л гэсэн бодлого байх шиг байгаа юм. Миний ээж бол ерөөсөө тэгээд л юмаа хураалгаад л шууд дүүтэйгээ нийлсэн байгаа юм. Ерөөсөө өөр амьдрах арга байхгүй. Тэгэхээр тийм аймшигтай юм болж байгаа юм л даа.

Ариун-Ундрах -

Аан тэр хэлмэгдүүлэлтийн талаар сонин хэвлэлээр гарна гэж бол ерөөсөө байхгүй биз дээ тийм ээ?

Цэрэн -

Тухайн үед үү?

Ариун-Ундрах -

Тийм.

Цэрэн -

Байхгүй. Юун хэлмэгдүүлэлт гэж ярих ч үгүй ш дээ тэр чинь. Тэгээд л энэ үед чинь юу болов гэх дээр зэрэг л үлдсэн одоо лам хар улсуудыг... Энэ үед чинь аягүй олон лам нар баригдчихсан. Одоо лам нар гэж ярих юм бол дахин барина тийм үү? Нууц. Тэгэхээр лам хар тийм явсан хүмүүсээс асууна. Одоо миний нөхөр, одоо миний ах гэдэг юм уу? Миний дүү одоо амьд сэрүүн байна уу? Үгүй юу? гэж ингэж асуудаг. Аа хоёрдугаарт зарим улсууд эрж хайж байсан явдал бий гэж байгаа юм. Тэр Жалсаны Цэрмаа гэж миний аавын маань дүү юмаа даа. Дүү болох тийм эмэгтэй байсан юм байна лээ. Тэгээд тэр хүн нутгийн нэг хэлмэгдсэн хүний нөхөртэй ингээд Улаанбаатар ирж чи хань болж яв гэж Улаанбаатарт ирсэн гэж байгаа юм. Нөхрөө эрж, нөхрөө хаана байж магадгүй гэж. Тэгсэн чинь хүмүүс энэ Батсүмбэр хавьцаа байж магадгүй гэсэн гэж байгаа юм. Тэнд ялтангууд бий шүү гэж. Тэгээд тэр лүү очиж явсан чинь өөдөөс нь өөрийнх нь шарыг одоо тэргэнд хөллөсөн мод тээгээд явж байсан гэж байгаа юм. Тэгсэн чинь тэр яг нутгийнх нь хүн байсан. Тэр нутгийн хүн байсан. Тэгээд тэр тэгэж тийм тийм байдлаар ухаандаа өөрийнхөө нөхөр, тэр юу нь ч байдаг юм . Тэрнийг одоо эрж хайж явсан явдал бий. Хоёрдугаарт тэгээд. Ер нь тэгээд тэр хот хүрээ рүү, тэр аймаг руу ч юм уу одоо ингээд хүн хараас сураг тавих тийм ээ? Тийм юм байна уу? Үгүй юу? гэдэг тийм. Ер нь иймэрхүү л юм байсан. Түүнээс одоо энд хотын төв хороонд ч юм уу захиа бичээд тэр манай хүн яачив ийчив гэж тийм юм байхгүй. Ерөөсөө тийм. Ухаандаа нэг Жулжиндэлгэр гэж ламархуу явсан хүн юм билээ дээ. Би бага байсан даа. Сүүлд сайн мэддэг болсон байсан. Сургуульд ороогүй. 10 хүрсэн байсан юм уу? 8 хүрсэн байсан юм уу? Тэгээд тэр Жулжиндэлгэр гэдэг юм. Тэгээд тэр манай хөгшин аав бол төмрийн дархан тэднийд ирж ажилд нь туслалцаж, тэднийхээр байна л дээ. Тэгээд л энийг чинь манай нутгийнхан жиг жуг лам юм гэнэ ээ гээд л. Тэгээд л манай тэр нагац эгч нэг удаа авчирдаг юм байна аа. Юм хум, хоол унд бэлдээд л сүйд болсон. Тэгээд л тэр архи ч уудаг юм байна. Тогооны архи хийж өглөө. Тэгээд л яасан чинь асууж байна аа манай эгч. Үгүй ээ миний одоо ингээд л нөхөр, одоо 2 ах маань ингээд баривчлагдаад явсан. Манай одоо энэ эгчийн маань нөхөр олон хүн баривчлагдаад явчихлаа. Эд нар ер нь байдаг юм болов уу? Яадаг юм бол гэж асууж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэр хүн хариулж байсан байхгүй юу. Нэг эрхиэрээ ингэж тасалж үзчихээд тээр алс холын нутагт амьд байна гэж үү. Тэр чинь аль хэдийн дууссан байгаа байхгүй юу. Тиймэрхүү л юм ухаандаа хүмүүс хэлээд л тийм л сураг чимээ, тийм л байдлаар л одоо яачихав гэдэгт л хандаж байсан. Тэгэхдээ бол ерөнхийд нь ойлгож байсан байх л даа. Энэ одоо миний дүү, миний нөхөр, миний ах ямар нэгэн тийм нам төрийн эсрэг хувьсгалт эсэргүү үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг бол ойлгож л байгаа ш дээ тийм ээ? Тэгээд яачихав. Аль нэгтээ байдаг болов уу? Тийм горьдлого их байсан.

Ариун-Ундрах -

Эргээд ирэх байх гээд.

Цэрэн -

Эргээд ирэх байх гэж. Тэр горьдлого бол хүн болгонд байсан шиг байгаа юм. Айл болгонд, өрх болгонд, тийм эмэгтэй хүн болгонд байсан шиг байгаа юм. Тийм байсан юм билээ.

Ариун-Ундрах -

Аан тэгээд тэр хүмүүсийг баривчилж авч явахдаа ил задгай авч явах уу? Эсвэл нууцаар авч явах уу?

Цэрэн -

Үгүй ээ ерөөсөө хөдөөнөөс бол шууд л морийг нь эмээллүүлээд л, моринд нь мордуулаад л тэгээд л аваад явна.

Ариун-Ундрах -

Ингээд л түүгээд түүгээд аваад явчих уу?

Цэрэн -

Түүгээд л аваад явчихна. Тэгээд ухаандаа манай аавыг бол баривчлахад чинь л тэр 3 явж байсан гэж байгаа юм л даа. За тэгээд л тэр чинь нэг нэгээрээ явчихаж байгаа байхгүй юу. Нэг нь манай аавыг дагаж ирээд л. Манай аав тэр Ням гэвш гэж тийм гэвш ламынх байсан гэж байгаа юм. Тэднийх илүү гэртэй. Аа тэдний илүү гэрт цуглуулсан гэж байгаа юм. Тэр улсуудыг тэнд аваачсан гэж байгаа юм. Тэгээд л миний ээжий ярьж байсан. Тэгээд аав ээжтэй уулзаж л таараа. Ингээд тэр явж байна гээд хэлээд заагаад байсан гэж байгаа юм л даа. Тэгээд тэнд аваачаад л, тэгээд тэнд бөөгнөрүүлээд л, тэгээд л зүгээр туугаад явчихаж байгаа ш дээ. Тэгэхээр чинь тийм эсэргүүцэл гаргах тийм юм ерөөсөө байхгүй. Тэгээд ерөөсөө эмэгтэй улсууд бол ээж хэлж байна лээ. Тэгээд л тэднуусийг чинь тийм хүн ороод ирэхээр л тэгээд миний одоо хормой чичирч байсан гэж. Юу ч хэлж чадахгүй байсан гэж байгаа юм. Тийм юм ярьдаг байсан даа.

Ариун-Ундрах -

Энэ хэлмэгдүүлэлтийн тухай сэдэв 1990 оныг хүртэл хаалттай байсан уу?

Цэрэн -

Тийм ш дээ үндсэндээ. Тэгэхдээ цагаатгах ажил гэж яригдаад байсан л даа.

Ариун-Ундрах -

Аанхан. Социализмын үед үү?

Цэрэн -

Тийм. Цагаатгах ажил явагдаж эхэлсэн байгаа юм шүү. Энэ чинь тэрнээс өмнө. Тэгэхдээ хавтгайруулж ер нь энэ том том ерөнхий хүмүүсийн хувьд. Тэгээд сүүлдээ 60-аад оноос эхлээд гайгүй болсон л доо. Явагдсан юм. Энэ чинь бүр төв хорооны цагаатгалын комисс гарч ингэж ажилласан юм байгаа юм. Тэндээс л эхэлсэн юм. Тэгээд л 90 оноос хойш одоо жинхэнэ цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулаад л тэгээд л энэ чинь одоо ингээд явж байна даа.

Ариун-Ундрах -

Тэр цагаатгах үйл ажиллагаа яг ямар үйл ажиллагаа байсан бэ?

Цэрэн -

Ерөөсөө материалыг нь шалгах л байхгүй юу.

Ариун-Ундрах -

Материалыг нь шалгаад цагаатгаад одоо ар гэрт нь мөнгө төгрөг өгсөн тиймэрхүү тохиолдол байгаа юу?

Цэрэн -

Тийм юм байхгүй ш дээ. Байхгүй. Ер нь юу гэх дээр зэрэг л за ухаандаа хэн гэдэг юм. Догсом гэдэг юм уу, Бодоо ч гэдэг юм уу төрийн удирдлагаас тэр хүмүүсийн чинь хэргийг одоо шалгаад, тэр чинь одоо жинхэнэ комисс гараад одоо тэр хүнийг шийтгэсэн бүх баримтыг үзэж байгаа ш дээ. Тэгээд энэ хүн бол ер нь ухаандаа ийм хэргээр... Лхүмбэ гэхэд чинь л ухаандаа тийм Лхүмбийн хэрэг чинь үнэхээр байсан юм уу? Үгүй юм уу? Яагаад ийм олон хүн холбогдчихов? Юунаас болов? гээд ингээд шалгаад эхэлж байгаа байхгүй юу. Тийм тийм байдлаар шалгаж ухаандаа хүмүүсийг цагаатгаж эхэлсэн л дээ.

Ариун-Ундрах -

Тэгэхээр зөвхөн энэ хэрэгт ороогүй гэсэн цагаатгасан тийм нэр төдий л зүйл болохоос өөр янз бүрийн зүйл өгөөгүй юм байна тэ?

Цэрэн -

Өгөөгүй. Би өгсөн гэж дуулаагүй юм байна.

Ариун-Ундрах -

Энэ нөгөө сүүлд одоо энэ 2000 он гарсан хойно бил үү? Цагаатгаад мөнгө авлаа гээд яриад яваад байгаа хүмүүс энэ учиртай вэ?

Цэрэн -

Өө харин тийм ш дээ. Энэ цагаатгалын комисс байгуулагдаад л одоо энэ чинь 1 сая төгрөг өглөө ш дээ. Хүн болгонд 1 сая төгрөг өгсөн. Ухаандаа тэр мөнгийг эгч бид хоёр хувааж авч байгаа юм. Ухаандаа 500, 500 мянгаар. Хоёулаа амьд байгаа юм чинь. Сая сая төгрөг өгсөн л дөө.

Ариун-Ундрах -

Танд одоо энэ хэлмэгдүүлэлтийн талаар дахиж ярих зүйл байна уу? Нэмж ярих зүйл танд байна уу? Хэлмэгдүүлэлтийн тухай?

Цэрэн -

За өөр ч юу байхав дээ.

Ариун-Ундрах -

Та ер нь энэ хэлмэгдүүлэлтийг хэзээнээс эхэлж өөрөө судлах болсон бэ?

Цэрэн -

Би ер нь 89 оноос юм уу даа.

Ариун-Ундрах -

Та тэгэхээр түүхийн анги гэхээр аа ер нь том болоод ямар хүн болно гэж боддог байсан бэ? Яагаад заавал түүхийн ангид орсон бэ та?

Цэрэн -

Би ер нь багш болно гэж бодсон. Ерөөсөө болно гэж бодсон. Би анх одоо биднийг чинь ийм байлаа ш дээ. МУИС-ийн түүхийн анги төгссөн хүмүүс чинь бол намын төв хорооны мэдэлд шууд очдог байсан юм. Тэгээд бүр яам хуваарилахгүй. Тэгээд ерөөсөө төв хорооны боловсон хүчин шууд бид нарыг одоо хаана тавих уу гэдгийг шууд шийддэг ийм байсан. Тэгээд бид нарыг чинь нэг өдөр дуудаж аваачаад л тэгээд л. Тэр үед төв хорооны боловсон хүчин одоо Машлай гэж багш байсан даа. Их сургуульд бидэнд багшилж байсан. Тийм он удаан жил багшилсан багш хүн байсан. Тэр төв хорооны боловсон хүчин байсан байхгүй юу. Тэгээд бид нарыг нэг нэгээр нь оруулаад л за тэнд энд оч байна гээд л тэгээд гарч ирдэг байхгүй юу. Тэгээд надыг тэгсэн байхгүй юу. Энэ нийгмийг аюулаас хамгаалах яаманд хуваариллаа гэсэн байхгүй юу. Тэгэхээр нь би багш болно гэсэн байхгүй юу. Өөдөөс нь би багш болно. Тэгсэн чинь Машлай багш загнаад намайг. Чи мэддэг юм уу? Чи ер нь хэний хөрөнгөөр хичнээн жил суралцчихаад чи хэнд томроод байгаа юм. Гар гэж байгаа байхгүй юу. Тэгээд ухаан нь надыг аюулаас хамгаалах яаманд өгч байсан юм. Тэгээд аюулаас хамгаалах яам шууд надыг улсын архивт өгч байгаа байхгүй юу. 4 хүн бид нар хуваарилагдаж очиж байсан юм. Тэгээд би дургүй байхгүй юу. Тэр архивт чинь. Яагаад гэвэл нэгдүгээрт тэнд суухаар, би тэр 2 давхарт манайх одоо архивын 2 давхарт тэр зүүн тийшээ мухартаа фонд байсан юм. Тэгээд тэр фондын яг урд талын хаалганд бид 4 хүнийг суулгасан байхгүй юу. Конторлуулсан. Тэгээд бид нарыг бол зааварлагч болгосон л доо. Тэгээд 4-үүлээ нэг нэг стольтой ингээд өглөө 8 цагт ирээд 5 цагт тарна. Ерөөсөө яс. Өдөр сүү өгнө. Тэгээд л бид нар сүү ууж жорлондоод ингээд л 4-үүлээ ингээд суудаг байлаа. Тэгээд би ерөөсөө ярьдаг байхгүй юу. За би багш болох вэ? гэж. Яаж гарах вэ? гэж. Нэг намар 11 сард байх аа. 11 сарын сүүлээр шүү. Манай боловсон хүчин улсын архивын хэрэг эрхлэх газар байсан юм тэр чинь. Тэр хэрэг эрхлэх газрын дарга Цэрэндорж, тэрний боловсон хүчин хэн ч билээ бас мартаж. Тэр нэг цаас барьчихсан орж ирж байна. Орон тооны илүүдлээр нэг зааварлагчыг хасна гэж байна аа гэж. Тийм саналтай хүн байна уу? гэдэг байна ш дээ. Би байна гээд л улаан түрүүнд ориллоо. Чи тэгвэл тэр Цэрэндорж даргатай уулз гэж байна. Тэгээд би ингэлээ. Туугаад хүрлээ том өрөөнд. Тэгсэн чинь за яах гээд байна гэж байна. Би гарах сонирхолтой байна гэлээ. Тэгсэн чинь Цэрэндорж гуай тэгэж байна. Уг нь энэ чинь их ирээдүйтэй ш дээ. Түүхийнхэнд хэрэгтэй газар ш дээ. Судалгаа шинжилгээ явуулахад энэ чинь боломжийн газар ш дээ. Тэгээд чи яахлаараа гарах гээд байгаа юм гэсэн. Өө би энд ажиллах сонирхолгүй. Би багш болох хүсэлтэй гэдэг юм байна. Тэгсэн чинь өргөдөлөө бич гэдэг юм байна. Тэгээд би өргөдөлөө бичлээ. Нэг хэдэн өргөдөлөө бичээд яасан чинь Цэрэндорж гуай цохож байна аа. Орон тооны илүүдлээр хасав гэж, чөлөөлөв гэж ингэж цохолт хийж өглөө. Ура хашхираад гарлаа бараг л. Тэгээд л одоо би чөлөөлөгдөх боллоо гээд л ингээд л ерөөсөө учиргүй баярлаад л. Тэгээд л би маргааш нь чөлөөлөгдөж байгаа юм. Тэгээд энэ Улаанбаатар хотын боловсролын яаман дээр очлоо доо. Өө тэгсэн чинь боловсролын яам за хөдөө явна даа л гэж байна даа. Чи дуртай аймагтай яв. Хэнтийдээ явбал яв, чи аль дуртай аймагтаа яв. Ерөөсөө хаана л бол түүхийн багш байж байна гэж байна. Тэгээд би ээжтэйгээ Улаанбаатарт шилжээд оччихсон байсан. Тэгэхэд чинь эгч айлынх. Тэгээд хоёулахнаа байсан. Тэгээд л хэллээ. Би одоо ийм учиртай. Би хөдөө явж чадахгүй. Сая бид нар Улаанбаатарт шилжиж ирсэн. Улаанбаатарт хаана ч хамаагүй, ойр орчинд ч хамаагүй багшлая гэсэн чинь орон тоо гүйцчихсээн. Одоо яаж яах вэ энэ чинь. Чи тэгвэл ийм юм бол аргагүй ... тэгэж байна. Тэгээд л та хүлээ дээ гээд байна. Хүлээгээд сууж байгаарай эгч гээд л утасаа өгөөд л... Тэгээд тэгтэл чинь ерөөсөө нилээн хэд хонолоо. Гурван 7 хонолоо. Сураг алга аа. Тэгээд миний хувьд хүнд боллоо л доо. Ажил байхгүй. Ээж маань настай Тэгээд байдал хүндэрлээ л дээ. Тэгээд Шагдархошой гээд манай анги төгссөн нэг настайвтар хүн байсан юм. Хөдөлмөр нийгэмлэгийн дарга байхгүй юу. Тухайн үед соёлч нийгэмлэг, хөдөлмөр нийгэмлэг гээд, замч нийгэмлэг гэж 3 нийгэмлэг байсан юм. Соёл, хөдөлмөр нийгэмлэгийн дарга нь бас байсан байхгүй юу. Тэгээд би тэнд ер нь давхиж очлоо. Чамд ер нь ажил байна уу? Үгүй ээ чи тэгвэл дасгалжуулагч хий л дээ гэж байна. За гэлээ. Би өөрөө МУИС-ын хөнгөний шигшээд явдаг байсан. Тамирчин байхгүй юу. Би улсын 1-р зэрэгтэй тамирчин ш дээ хөнгөний. Тэгээд надыг авлаа. Өө яахав харин сонирхолтой байна. 600 цаасны цалинтай ч байл уу. Тэгээд бүр дасгалжуулагч маягын юм хийгээд би ч өөрөө Гомбосүрэн багш энэ тэрээр заалгасан юм чинь. Би тэр хичээлийг үзсэн юм чинь. Тэгээд дасгалжуулагч хийгээд намар болголоо шүү. За тэгээд намар л нөгөө боловсон хүчин дээрээ очлоо доо. Тэгсэн чинь л хотын боловсролын хэлтэст гэсэн л цохолт хийж өглөө дөө. Тэгэхээр нь л одоо баярлачихсан ч гэж жигтэйхэн гүйгээд л очлоо. Тэгсэн чинь өө олон хүн, очер дугаар гэж жигтэйхэн. Тэгэж тэгэж нэг орсон чинь л харчихаад за чамайг туршилтын 11 жилийн 18-р дунд сургуульд багшаар өгөх нь байна шүү. Чадах юм уу? л гэж байна. Чаднаа л гэсэн. Хэрвээ чадахгүй бол хөөнө чамайг гэж байна. За л гэлээ. Ерөөсөө л тэр бүхнийг зөвшөөрч тэгэж тэгэж л томилолт өглөө. Тэгсэн Вандан захиралд гээд л тийм томилолтоор би тэр сургуульд анх очиж байлаа. Тэгээд л очсон чинь яахав дээ. Захирал гээд нэг сэтэрхий уруултай нэг настайвтар хүн байна. Тэгээд надыг за яах гэж яваа юм. Одоо би томилолт аваад ирлээ гэсэн чинь үзчихээд л за тэр цонх цэвэрлэ. Тийм л ажлаас эхэлсэн дээ сургуулийн багшийн ажлыг. Тэгээд яахав дээ цонх цэвэрлэж эхэлсэн. Би тэгээд тэнд 67 онд би МУИС-д ирсэн ш дээ.

Ариун-Ундрах -

Тэр үед ШУКО-гын тэнхим гэж байсан байх тийм ээ?

Цэрэн -

Тэр үед үү? ШУКО-гын тэнхим гэж байсан. Философийн тэнхим, ШУКО-ын тэнхим, Полийн тэнхим гэж байсан. Ийм л тэнхмүүд байсан даа. Бид чинь их олуулаа байсан ш дээ. Одоо танай декан байгаа Содном бид нар чинь нэг тэнхим байсан. Тэр чи хэнийг таних байлгүй дээ. Ганбаатар гэж байгаад нас барсан. Улс төр судлал заагаад байдаг. Тэр бид нар л нэг тэнхим байсан даа. Одоо энэ Цэнд-Аюуш. Танина биз дээ Цэнд-Аюушыг? Одоо байгаа нь энэ л байх шив дээ миний үеэс.

Ариун-Ундрах -

Та анх яаж түүхийн ангид орсон бэ? Тэр тухайгаа ярьж өгөөч?

Цэрэн -

Аа би юу?

Ариун-Ундрах -

Тийм.

Цэрэн -

Би ерөөсөө шууд шалгалт өгөөд л орсон. Энэ шалгалтыг чинь тэр уулын аманд авдаг байлаа. Энэ хөдөө аж ахуйн дээд чинь манай их сургуулийн харъяа байсан ш дээ. Хөдөө аж ахуйн дээд чинь 57 онд шүү дээ. Энэ чинь манай сургуулийн харъяа байсан юм. Тэгээд элсэлтийн шалгалтыг тэнд авсан байхгүй юу, түүх нийгмийн ухааны шалгалтыг. Тэгээд тэр баруун талынх нь нэг дан байшингууд байдаг юм. Тэнд л одоо Наранцацралт багш л нийтийн түүхийн юугаар л шалгалт авдаг юм байна. Тэгээд бичгээр авдаг юм. Тэгээд л би орсон доо. Тэгээд л элсэлтийн комисс нь бол төв байранд байсан. Энд ирж хурлаар ороод тэгээд их сургуульд орсон.

Ариун-Ундрах -

Тэр таныг оюутан байх үед Монголын түүх гэдгийг ер нь ямар байдлаар зааж байсан бэ?

Цэрэн -

Монголын түүхийг чинь ер нь гайгүй зааж байсан шүү. Нилээн их дэлгэрэнгүй зааж байсан. Би чинь түүхийн анги юм болохоор аргагүй л дээ. Дэлгэрэнгүй зааж байсан.

Ариун-Ундрах -

Одоо тэр яг таныг оюутан байх тэр социализмын үед зааж байснаас өөрчлөгдөөд, ардчилал гарсны дараа тийм өөрчлөгдсөн зүйл байгаа юу? Тэр зааж байсан түүхийнх нь хувьд?

Цэрэн -

Байлгүй яахав. Одоо энэ чинь шал өөр болж байгаа юм чинь. Бид нар чинь одоо нэг үзэл сурталдаа баригдчихсан улсууд чинь хамаа замбараагүй янз бүрийн дүгнэлт, янз бүрийн юмыг бол одоо хийх боломж байгаагүй ш дээ тэр үед чинь. Мөн үү? Одоо бол бид нар энэ үе ийм гэхэд чинь л ийм ийм учиртай юм, ийм ийм юмыг тухайн үед тэгэж байсан. Одоо өнөөдөр бол ингэж үзэж байгаа гээд л нэг ийм л юм ярьж байгаа.

Ариун-Ундрах -

За таниас нэг 2 ерөнхий асуулт асуугаадахъя. Эхнийх нь болохоор таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу? Хэрвээ байгаа бол тэр нь ямар үйл явдал вэ?

Цэрэн -

Гүнээр муугаар уу? Сайнаар уу?

Ариун-Ундрах -

Аль нь ч байж болно.

Цэрэн -

За муугаар нөлөөлсөн нь энэ хэлмэгдүүлэлт.

Ариун-Ундрах -

Гарцаагүй тийм ээ?

Цэрэн -

Тийм. Гарцаагүй. Сайнаар нөлөөлсөн нь юу вэ гэх дээр зэрэг энэ боловсрол олж авах гэж одоо мэрийж хичээж энэ өнөөдрийг хүрсэндээ бол баярлаж явдаг. Хэрвээ би боловсрол олоогүй байсан бол ийм байж чадахгүй л дээ.

Ариун-Ундрах -

Та өөрийнхөө гэр бүлийг хэрхэн зохиосон бэ? Гэр бүлийнхээ тухай ярьж өгөөч?

Цэрэн -

Бид 6 хүүхэдтэй. Манай авгай энэ Улаанбаатар хотын шүүхийн нарийн бичгийн дарга хийдэг байсан. Одоо тэтгэвэртэй л дээ. Бид 6 охинтой.

Ариун-Ундрах -

Охинтой юм уу дандаа?

Цэрэн -

Тийм. Манай хамгийн бага нь энэ. Аа хамгийн том, доороосоо 3 дахь охин хоёр маань Америкт байж байна. Нөгөө хоёр нь бол инженер. Одоо ажлаа хийж байна. Аа нэг нь бол одоо ажилгүй байна. Одоо энэ аялал жуулчлалын 3-р курс. Ийм л айл даа манайх.

Ариун-Ундрах -

Дараагых нь болохоор таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл байгаа юу?

Цэрэн -

За хүнээс ялгагдаад байх юм байхгүй дээ.

Ариун-Ундрах -

Таны хүүхэд насанд чинь тэр янз бүрийн дайнууд болсон ш дээ тийм ээ? Аан тэр дайнуудын үеэр Монголд яг таны амьдарч байх тэр үед чинь ямархуу байдаг байсан бэ?

Цэрэн -

Тэр дайны үед чинь их хэцүү байсан. Тэр манай нутгаар бол ингээд одоо энэ холбооны утасны мод байдаг ш дээ.

Ариун-Ундрах -

Шонгийн мод уу?

Цэрэн -

Тийм. Ийм утас байсан. Манай ардхан талаар. Тэрнийг бол энэ Орос цэргүүд явж байнга засдаг байсан. Тэгээд байнга засдаг. Тэгээд тэд нар яахав дээ. Тэр дайны үе юм чинь хүнд л байсан байх. Хоол унд, тэгээд айл амьтнаар ганц нэгээрээ ирж хоол унд иддэг тийм байхгүй юу? Тиймэрхүү байдалтай байсан. Тэгээд манай тэр чинь хилийн дагуу учраас нөгөө өвчтэй зарим хүмүүс ингэж одоо тэр айл амьтнаар ороод ингээд, тэр замаар зүүн тийшээ тэр Бөхөн, Хярхан гээд бас нэг хилийн застав байгаа. Тэр лүү бас явдаг байсан. Ер нь тэгээд л дандаа тийм цэргүүд л тэр дундуур яваад байдаг. Тиймэрхүү байдалтай байсан. За тэгээд л нөгөө 45 оны дайны үе болоход чинь манай тэрүүгээр нисэх онгоцууд зүгээр урагшаа ч нисээд л одоо шувуу шиг ниснэ ш дээ. Тэгээд л манай нутгийнхнийг чинь эрэгтэйчүүдийг нь бүгдийг нь цэрэгт татахыг нь татаад л, тэгээд л түр цэрэг гэж бас татаад л ингээд л явсан л даа. Тэгээд л юм их ховордож эхэлсэн. Ерөөсөө гурил байхгүй, тамхи байхгүй. Тэгээд юм юм л ховордсон доо. Тийм учраас бол бөс даавуу тийм ээ? Энэ бүхэн чинь л одоо их ховордсон. Дээлийн өнгө хийх даавуу олдохгүй. Хүмүүс чинь одоо тамхи байхгүй. Ингээд л манай ээж бол их 7 наснаасаа тамхинд орсон хүн байсан гэж байгаа юм л даа. Тийм нэг хамар нь яасан юм бэ дээ. Өвдсөн юм уу? Тэгээд лам тамхи тат гэсэн гэж байгаа юм.

Ариун-Ундрах -

Ямар сонин юм бэ?

Цэрэн -

Тэгээд татаад тэр чинь тамхинд орчихгүй юу.

Ариун-Ундрах -

Аан тэгээд хамар нь зүгээр болсон байх тэ?

Цэрэн -

Зүгээр, зүв зүгээр болсон. Яаж өвдөхөөр нь тамхи тат гэсэн юм бүү мэд. Тэгэж ярьдаг юм. Тэгээд л одоо аймаар тамхичин байгаа байхгүй юу. Ерөөсөө өдөр шөнөгүй, ерөөсөө зай завсаргүй татдаг. Тэгээд өнөө тамхи олдохгүй. Тэгээд ингээд нөгөө шургаагны юу байна ш дээ. Нөгөө ан цав байдаг ш дээ. Тэрэнд чинь ингээд л тамхи татаж байгаад нэг иймхэн юм үлдээгээд тэнд хийгээд яваад ингээд энд тэнд хийнэ. Тэгээд тэрнийгээ эрээд л давхина одоо ухаандаа. Тэгээд л тийм учиртай. Тэгээд л тамхи, гурил будаа олдохгүй ш дээ. Ерөөсөө нүдний гэм. Тийм л байсан. Тэгэхдээ тэр бол тэр өнчин өрөөсөн бидэнд бол хүндрэлтэй л байсан л даа. Мэдээж ш дээ. Тийм л байсан.

Ариун-Ундрах -

Энэ нөгөө Улаанбаатарт оков ухуулаад оруулаад байсан гэсэн. Танай тэнд тиймэрхүү юм болсон уу?

Цэрэн -

Үгүй. Манай тэнд чинь хөдөө хол нутаг юм чинь тийм юм байхгүй. Ерөөсөө тийм байгаагүй.

Ариун-Ундрах -

Та тэгэхээр 10-р ангиа төгсөөд тэгээд энэ хот руу анх орж ирсэн үү?

Цэрэн -

Би 8-р ангидаа хотод орж ирсэн. 7-оо төгсөөд л, манайх 7 жилийн сургуультай. Тэгээд л би 8-р ангидаа орж ирсэн.

Ариун-Ундрах -

Анх Улаанбаатарт орж ирэхэд ямархуу байсан бэ?

Цэрэн -

Улаанбаатарт орж ирэхэд ерөөсөө Улаанбаатарыг чинь жигтэйхэн одоо жишээлбэл гэгээ гэрэлтэй, ер нь хачин одоо диваажингын орон байх юм л бодож ирсэн. Тэгээд би нэг хамаатан болох хүүхэдтэйгээ нэг анги юм аа. Энэ хөдөө бол нэг ангид байсан. Тэр маань 2-р 10 жилд ирээд тэндэхийн сурагч болсон байсан. Тэгээд би тэднийд байхаар тэгээд хоёулаа машинд сууж ирсэн л дээ. Тэгээд л бид нар тэр үед чинь шуудан гээд суманд явдаг байлаа. Тэгээд суманд хонон хүлээж байж хөдөө Хурхын голын урд хөвөөнд, тэр нууц товчоонд гардаг .... горхины урд хөвөөнд хонон хүлээлээ. Тэгсэн чинь маргааш нь орой ирдэг байна ш дээ. Шуудан гэж ЗИС-5. Тэгсэн маргааш явна гэж байдаг юм байна. Тэгээд маргааш суух болсон чинь нөгөө тэр сумаас суух улсууд чинь учиртай юм байхгүй ерөөсөө. Тэгээд ерөөсөө бараг л дээр дээрээ гарах шахам л явж Хэнтий очсон. Тэгээд Хэнтий очоод ТЕХ-ийн буудал гэж байсан юм даа. Нэг одоо эсгий маягын тийм дугуй юм. Баахан нохой бөөсөөр дүүрсэн ийм юм байсан. Тэгээд тэнд нэг хоноод л тэгээд маргааш нь явах гэсэн бас машин олддоггүй. Хүн болгон одоо тэр сургуульд явж байгаа ийм үе байсан. Тэгээд бид нар нөгөөдөр нь болсон. Нэг Орос, Цэнхэр мандлын. Одоо Цэнхэр мандалд чинь Цэнхэрийн уурхай гэж байлаа ш дээ. Энэ уурхайд ажилладаг жолооч. Тэгээд тэр хулгайн тээвэр хийдэг байсан юм байна л даа. Улаанбаатар явна гэж байна. 100 цаас, 100 төгрөг. Давай гээд л суулаа. Тэгсэн чинь өө өнөөх чинь бидний хэдэн амьтныг ачаад л хар хурдаараа ерөөсөө шөнөжингөө давхиад өглөө 8 цагт Улаанбаатар орсон. Тэгээд л би бодлоо л доо. Цэнхэр мандал руу орсон чинь л тэр ерөөсөө ингээд ёстой л өдөр шиг байна аа.... Тэгээд шатлаад л дээш нь ингээд байшингууд барьчихсан юм уу? Ерөөсөө өдөр шиг байна. За тэрнийг одоо сонирхож, тэрний одоо гайхамшгыг үзлээ. За Цэнхэр мандал сум ийм байгаа юм чинь Улаанбаатар ёстой нэг өдөр шиг байгаа гэж бодож явлаа. Тэгээд л өглөө бид нарыг үүрээр Баяндаваагаар даваад л ингээд л Улаанбаатарын юу руу Налайхаас цааш л гараадахсан чинь харин өө үхсэн хойшоо ерөөсөө ганц энд тэнд гэрэл ассан тийм юм байж байна. Тийм л юм байсан Улаанбаатар. Тэгээд л бид нарыг аваачаад тэр одоо арслантай гүүр гэж ярьдаг. Тэнд хөдөө буулгачихаж байгаа юм тэр Орос жолооч. Тэгээд л яваад өгч байгаа юм. Тэгэж Улаанбаатар анх ирлээ. Тэгээд юмаа үүрээд энэ хуучин циркийн ар талд байсан юм тэднийх. Тэгээд тэнд очлоо. За тэгээд л ... Тэгээд гараад л гүйлээ. Хувцсаа нэг сольж өмсөөд л. Тэгсэн чинь нэг булан тойроод л яасан чинь яг нэг машинтай яг дор нь орчих дөхсөн бурхан минь. Нөгөө гүйж байгаад булан тойроод нөгөө тэнэг юм чинь тэр чигээрээ явж байгаад бараг мөргөөд зогссон. Бурхан минь тэр яаж дайрчаагүй юм. Тэгэж л хөглөж явсан даа.

Ариун-Ундрах -

Одооных шиг хурдтай явбал шууд дайрах нь байна ш дээ тэ?

Цэрэн -

Тийм. Одоо бол шууд дайрна. Тэгээд л энэ чинь юу байхав дээ. Улаанбаатар чинь юу гэх дээр зэрэг л одоо дүрслэх урлагын музей байна ш дээ. Тэр чинь өндөр хоршоо гэж байсан юм. Хамгийн том дэлгүүр Улаанбаатарын. Тэгээд тэрний чинь баруун талд нэг жаахан талбайтай. Тэгээд тэнд чинь хужаагын нөгөө морин тэргүүд, одоо хүн зөөдөг. Сууваа сууваа л гээд тэгээд л нэг ийм бөмбөг хуяг шиг юмтай. Тэгээд л хоёроор нь, гурваар нь суулгаад аваад явна. Тийм хужаа нар байсан. Тэгээд тэр баруун тийш одоогын Туулаас чинь баруун тийш тэр шар байшингын дэлгүүр гэдэг юм даа. Одоо ч бий дээ. Тэр хүртэл чинь ингээд нил хужаа, дан хужаа нар. Тэгээд цаашаа бүр гандангын ёроол хүртэл дандаа бас Хятадууд байсан ш дээ. Тийм Улаанбаатар байсан. Ард кино театр байсан. Одоогын ард биш өндөр их дэлгүүрийнхаа ар талд 2-3-хан давхар юм бий дээ. Тэрний хажууханд. Тэгээд 2 театр байсан юм байна. Ленин клуб байсан юм байна. Тийм л юмнууд байсан даа.

Ариун-Ундрах -

За эцэст нь асуухад та өнөөдрийн энэ өндөрлөгөөс өнгөрүүлсэн амьдралаа харж байхад таны амьдралын хамгийн гол зорилго нь юу байв гэж та боддог вэ?

Цэрэн -

За ер нь би л боддог юм. Би энэ хүнд хэцүү амьдрал байдлыг давж, аа ер нь биеэ үл хайрлан, ер нь нэг боловсрол олж авъя, боловсролтой хүн болъё, болвол багш болъё гэсэн энэ л юм нь л давамгайлж байсан даа.

Ариун-Ундрах -

Аан тэгээд та зорилгодоо хүрээд багш болсон юм байна тийм ээ?

Цэрэн -

Тийм. Тэгээд одоо энэ тэр үеийг одоо харж байхад бол нээрээ үнэхээр ёстой би заримдаа уйлж явдаг л даа. Үнэн би их ядарсан, үнэн зовсон. Тэгээд өнөөдөр ийм сайхан сургуулийн багш болчихоод ингээд сууж байгаадаа надад бахархалтай л байна л даа. Сайхан байна.

Ариун-Ундрах -

За таны ажил амьдралд амжилт, аз жаргал хүсье ээ.

Цэрэн -

За баярлалаа.

Ариун-Ундрах -

Ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

Цэрэн -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.