Otgonsüren
![](../assets/images/interviewees/990343.jpg)
Basic information
Interviewee ID: 990343
Name: Otgonsüren
Parent's name: Nyam
Ovog: Örgönii otog
Sex: m
Year of Birth: 1926
Ethnicity: Halh
Additional Information
Education: literate
Notes on education: Бичиг үсэгт тайлагдсан
Work: herder, retired
Belief: Buddhist
Born in: Zag sum, Bayanhongor aimag
Lives in: Bayanhongor sum (or part of UB), Bayanhongor aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
military
collectivization
cultural campaigns
illness / health
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын наймдугаар баг буюу Шаргалжуутын тосгонд амьдарч байгаа Отгонсүрэн өвөөтэй ирж уулзаж байна. Уг нь бол аймгийн төвд амьдардаг гэсэн. За тэгээд өвөө та өөрийнхөө амьдралын түүхийг товчхон ярьж өгөөч? Төрсөн цагаасаа авахуулаад бага нас яаж өнгөрөөв? Өдийг хүртэл ямар ажил хийж байв тэр талаараа?
Отгонсүрэн -
Яахав дээ би ч одоо 13 уул юмдаа. Манай эцэг Налай Балдан гэж хүний 2 ихэр хүү байсны нэг нь юм гэнэ лээ. Манай эцэг бол наймуул хүн байсан. За би бол манай эцэг чинь 2 эхнэр авч түрүүнийх нь эхнэр зайлуул таалал болж 4 охинтой байж байгаад , тэгээд сүүлийн эхнэрийн хүүхэд нь би юм. Манай ээж энэ Засагтхан аймгийн Тайшир хошууны хүн юм байгаан. Хааны Равдан гэж Засагтхан аймаг одоо энэ Ховд мовд.
Отгонбаяр -
Говь-Алтай юмуу Завхан юм уу?
Отгонсүрэн -
Алтай, алтайн тайширынх. Алтай Завхан чинь цөм л Засагтхан байсан шүү дээ. Тэгээд манай ээж тэр хааны Равдан гэж хүний отгон хүүхэн байж байгаад тэгээд зайлуул манай эцэгтэй, эцгээс олон дүү хүн байсан гэсэн 25 дүү хүн байсан байх тийм хүн тэгээд хань бүл нь болоод сүүлийн авгайгаас нь 9 үүл төрсөн. Одоо түрүүчийн авгайн 4 эгч байсан цугаараа өнгөрчихсөн. Сүүлийн авгай 9-өөс 3 нь нэг юм байж байна. Тэгээд яахав би бол ах нар цэрэгт яваад эгч нар тусдаа гарчихаад ах нар цэрэгт явчихаад би ээжтэйгээ хоцорсон л доо аав таалал болчоод ээжтэйгээ нэг өнчин өрөөсөн хэдүүл нэг хэдэн малтай ингэж хоцроод. Тэгээд хамгийн сүүлд манай нэг бүсгүй дүү бид 2 хоцорч манай бүсгүй дүүг сургуульд оруулаад, уг нь би орох байсан тэгээд өнөө амьдралын эрхээр хэдэн малаа маллах гэж намайг сургуульгүй орхиод манай дүүг явуулж байсан. Тэгээд манай дүү сургуульд сууж байгаад нэг насаараа эмийн санд анагаахын фармаколгийн анги гэж байна шдээ. Тэрнийг төгсөөд тэгээд нэг насаараа аптект байж байгаад одоо бий. Одоо бараг 80 дөхсөн. Нэг чавганц хотод байгаа. Тийм учиртай тэгээд би мал маллаж байгаад 21 хүргэж цэрэгт явлаа. Тэр яагаад 21 болсон гэхээр нөгөө манай 2 ах цэрэгт явсан. Тэгээд цэргийн ар гэр гээд 3 гурван хүн үлддэг. Тэр үед чинь цэргийн ар гэрийг овоо харж үздэг байсан үе л дээ. Тэгээд би 21 хүрч цэрэгт яваад Өмнөговь аймгийн Говьсүмбэрт цэргийн алба 4 жил шахам хаалаа. 3 жил 11 сар хаасан. Манай ах нар бол энэ Баянтүмэн зүүн хязгаарт ч аль тэр япон мапон 39 оны үед чинь тэнчээ байж довтлож байх үед чинь тэнд явж байлаа даа. 2 уулаа ахмад дайчин. Нэг нь таалал болоод 5 жил болж байна. Нэг нь 3 жил болж байна. Дандаа 80 гараад л. Миний ээж 96 хүрч таалал төгссөн зайлуул. Тэгээд ээжийн хайрласан нас надад одоо 83 хүрээд л явж байна. Тэгээд би мал маллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс энэ газар цэрэгт явахаас өмнө энд 41 онд нөгөө шинэ бичиг гарлаа ш дээ. Тэгэхэд чинь би 40 хэдэн онд чинь дайны үе байсан юм олдохгүй. Тэгээд нөгөө үнэн сонины зах баргардуу өргөн захтай тэрнийг тэмээний утсаар үдчихээд тэрэн дээр шинэ үсэг тэмдэглэж байсан.
Отгонбаяр -
Юугаар бичих үү?
Отгонсүрэн -
Кириллээр л яахав
Отгонбаяр -
Үгүй ээ
Отгонсүрэн -
Оон нэг муу богинохон харандааны юм заримдаа калибрын сумны үзүүр энэ тэрээр тэгээд өнөө хулсан үзэгээр 4 тал нэг хуучин самбарны юман дээр бичдэг байсан. Тэгээд нөгөө 4 тал болгочихоод модон самбараа үнсэдчээд хөөдөөд тэгээд үнстээд хөөдөж нөгөө хулсан үзгээрээ бичнэ. Тэр үед чинь гурил гэж юм олдож өгөхгүй тэгээд цагаан сарыг зүгээр ерөөсөө нэг 3 кл энэ малын тэжээлийн заармаг гурилаар хүртэл цагаан сар хүртэл өнгөрөөж байлаа шдээ бид нар чинь тийм байлаа. Тэгээд намайг цэргийн алба хааж байхад тэр үед чинь Өмнөговьд байж байх тэр үед чинь Хятадад ид ардчилал өрнөөд монголын хил гэдэг чинь их чанга байсан. Өвөрмонголчууд чинь зөндөө орж ирдэг Ар Монголынхоо нутагт амьдарна гээд нэг 4 тэмээ хомночихсон нэг 4 ханатай гэртэй хэдэн тэмээ хэдэн ямаа туучихсан. Ингээд л орж ирдэг байсан тэгээд л хэд хонож байж байгаад л гаргачихдаг. Тэгээд би яахав цэргийн алба хаж байхдаа тэр үед ч бас их хатуу байсан. Бас нэг ганцаараа нэг тэмээтэй юм барьж авч бид нар тэгээд намайг тэр японы тагнуул гэсэн нэг тийм юм барилаа гээд дээш нь тодорхойлсон тэгээд одон янз бүрийн юм ирнээ л гэж байсан тэр чинь сүүлдээ ирээгүй яасан юм тэгээд бүтээгүй л юм байлгүй тэгэхэд ганцаараа ч хонож байлаа хил дээр аргагүй 2 нөхөр маань бас нөгөө бид нар хилээр юм орж ирэхээр хөөцөлдөж яваад өнөө хэнийг барих гэж яваад тасраад хээр ганцаараа жалганд л явлаа. Нилээн л бас зовлон үзэж л явлаа. Яахав тэгээд цэргийн газар ерөнхий эрдмийн сургууль байлдааны бэлтгэл сургууль энтэр заадаг байсан. Тэгээд тэндээс шинэ үсэг арай жаахан ахиу сурсан тэгээд цэргийн газар нэг тийм сурсан улсуудыг чинь боловсон хүчин ховор байсан үе тэгээд л цэрэгт явсан бол боловсон хүчин шууд аваачаад л баг суманд аваачаад тавьчихдаг. Тэгээд 50-иад онд цэргээс ирээд би багийн дарга хийж 20 төгрөгний цалинтай багийн дарга хийж байлаа. Тэгээд багийн дарга хийж байгаад жаахан гайгүй байсан юмуу яасын суманд шууд дэвшүүлээд захиргааны нарийн бичгийн дарга, орлогч дарга гээд байдаг. Сангийн аж ахуй боловсон хүчин гээд байдаг. Тийм ажлууд хийж явлаа л даа 40 шахуу жил боллоо. Сүүлдээ яахав нэгдлийн нэг нягтлан нэгдэлд бригадын дарга тийм юмнууд хийж яваад 40 жил болоод тэтгэвэртээ гараад 86 од тэтгэвэртээ гараа одоо 20 гаран жил амраад л байж байна. Тэтгэвэртээ гараад.
Отгонбаяр -
Танайхаас хэлмэгдсэн хүн нөгөө лам нарыг баривчилаж байсан ш дээ тэр үеэр хэлмэгдэж баривчлагдсан тийм хүн байна уу?
Отгонсүрэн -
За тийм баригдаагүй ээ аав бол хүн байсан манайхан тэр цохио хутаг гэж нилээн хадтай газар байж байсан тэгэхэд аавыг барих гээд 2 хүн ирж байсан манайд, би бага л байсан. Тэгэхэд нэг нь барих гээд Өлзийхутаг гэж хүн барих гээд барь гээд ингэж цохиод байдаг наана нь тэр Ерэндоо гэж хүн манай сумын дарга байсан хүн тэр толгой сэгсэрч байгаад аавыг бариагүй.
Отгонбаяр -
Аав чинь гэртээ байж байсан?
Отгонсүрэн -
Тийм гэртээ байсан. Тэгээд нэг удаа тэгж өнгөрсөн тэгээд л аав маань тэр хад цохиотой агуйтай газар байсан тэнд хүний бараанаар цохионы араар орж хадан илэг доогуур ороод тийм л байсан. Тэгээд баригдаагүй байж байгаад зайлуул 38 онд өөд болсон доо хөөрхий муу аав маань. Тийм л учиртайн.
Отгонбаяр -
Та тэр агуй орж байх тэр үеийг нь мэддэг байх нь? Бас сонсдог.
Отгонсүрэн -
Аан яахав нэг зүүд шиг д санагдаж байгаа юм л даа. Тийм л байсан бид нар яг хэлмэгдэж байсан юм байхгүй үнэндээ яг баригдаад. Хэлмэгдэлийн хувьд бол манай Заг сумын тэнд ихээхэн хэлмэгдэж байсан одоо тэр хүний баригдаж байсан хүний түрүүтэй гутал мутал зөндөө л байлаа л даа. Бид нарыг бага байхад тийм юмнууд дайралддаг л байлаа. Монгол гутал, дээл углаатайгаар нь тийм юмнууд дайралддаг л байсан.
Отгонбаяр -
Тэр яагаад бариагүй бол та юу гэж боддог вэ? Аав чинь тэр талаар юм ярьж байсан болов уу?
Отгонсүрэн -
Тэр Ерэндоо гэж хүн өөрөө бас хүрээ хийдэд сууж байсан хүн юмуу тэр үеийн боловсон хүчин байсан тэгээд сумын дарга хийж байсан. Тэгээд нээх эсэргүү юм болоогүй өөрөө зөвхөн эм барьдаг байсан. Хүнд тусладаг өөр юм байгаагүй. Тэрүүнд нь бас ард түмний хайр халамж байсан байх. Тэгээд л баригдаагүй юм шүү. Нэг удаа.
Отгонбаяр -
Тэрний дараа аав чинь эм барьдаг байсан уу эмээ барьж байсан уу?
Отгонсүрэн -
Барьж байсаан
Отгонбаяр -
Ер нь бол нууц байсан байх тэ?
Отгонсүрэн -
Нууц, барьж байгаад л таалал болсон. Тэгээд л бүх барьж байсан эм мэмийг нь энэ хүрээ маралын хийд тэнд Цэрэвдоо гэж хүн аваад явчихаж байсан юм даа. Тийм л учиртай юм.
Отгонбаяр -
Таныг ингээд цэргээс халагдаж ирээд нутагтаа ажил хийж байхад тэтгэвэрт суух хүртлэх үед бол монголчуудын сүсэг бишрэл хаалттай байсан ш дээ тэ. Тэгээд тэр үед та аав чинь лам хүн байсан. Аав чинь эм барьдаг байсан. Таны хувьд сүсэг бишрэл чинь яаж өөрчлөгдсөн вэ? Шүтдэг байсан уу?
Отгонсүрэн -
Надад бол намайг би чинь тэр хувьсгалт намд элсэж байлаа л даа тэгэхэд бас асуугдаж л байсан. Аав чинь лам байсан билүү энэтэр гээд яахав тэр үедээ бол одоо нөгөө нэг юу байлаа ш дээ. Нэг жил битгий хэл 2 жилийн батлан даалттай намд элсэх чинь батлан даагч нь сайн улсууд энэ хүнд бол ямар ч нөлөө байхгүй аав нь бол яахав эм тан барьдаг хүн байсан. Тухайн үедээ барьдаг байсан тэгээд таалал болсон. Тэгээд тэрнийг нь батлаж даадаг байсан. Нэг талаасаа би эвлэлийн гишүүн байсан. Цэрэгт байхдаа эвлэлийн байгууллага бас даалгаж авч байсан. Тэгээд 2 жил орлогчоор байж байгаад эвлэлийн даалттай 2 хүний даалттай байж байгаад тэгээд би намд анх элссэж байсан.
Отгонбаяр -
Та хэдэн онд намд элссэж байсан?
Отгонсүрэн -
Би 52 онд билүү дээ 57 оны 2 сард байхаа.
Отгонбаяр -
Цэргээс ирээд энд ажиллаж байгаад?
Отгонсүрэн -
Ажиллаж байгаад ажилласан хойно элссэн юм.
Отгонбаяр -
Хуучны намын ахмад зүтгэлтэн байна ш дээ.
Отгонсүрэн -
Өө одоо өчнөөн жил болчихлоо 50 хэдэн жил юу гэсэн үг үү 50 гаран жил болж байх шив дээ.
Отгонбаяр -
Аавын чинь тэр нөгөө бурхан тахил хэрэглэж байсан юм хум хаана үлдсэн вэ тэрнийг ер нь яасан?
Отгонсүрэн -
Манай ах за эм зэмийг нь бол тэр Цэрэндоо гэдэг хүн ачиж аваад явж байсан. Том том дандаа өнөө нэг малын шаар богийн шаар хуу хуу татаад битүүгээр нь элдээд үсийг нь аваад ёроол хийгээд шар үсийг нь юу ч үгүй шалзалж аваад
Отгонбаяр -
Эмний уут юм уу?
Отгонсүрэн -
Эмний уут дандаа тийм уут байлаа ш дээ илгэн уутнууд тийм хөөрхөэ илгэн уут. Тэгээд ийм ийм малын эврийг чинь ховил татаад тэгээд өрөөсөн талдаа цоорхойтой тэр ховил эмийн нэртэй пайз тийм байсан
Отгонбаяр -
Бурхан тахилыг нь яасан ах чинь авсан уу?
Отгонсүрэн -
Бурхан тахилыг нь ах л авсан байх, тэгээд нөгөө яасан юм энд тэнд л нууж байсан байх би тэрнийг бол нээх сайн мэддэггүй юм. Ах л аваад яасныг бүү мэд.
Отгонбаяр -
Таны хувьд сүсэг бишрэл яаж өөрчлөгдөв. Залуу намын гишүүн шүтдэггүй байлаа тэ?
Отгонсүрэн -
Өө би бол яахав дээ. Мааниа уншиж махаа иддэг монгол уламжлалаараа тэгж явсан. Аан тэгээл яахав энэ хүнтэй 53 онд бид 2 чинь айл болж гэр бүл болсон л доо. Найман хүүхэд төрүүлсэн юмдаг уг нь тэгээд нэг ч нялхаараа өнгөрсөн нэг ч том болсон хойноо энд өнгөрсөн. Яахав 8 хүүхдийн нэг яагаачгүй өнгөрчийн. 7-оос нь одоо 31 юм байна уу ач зээ нар 31 тэрнээс гарсан жич зээ гэдэг чинь одоо 11,12 хүрч байна. Сая одоо 3 гарлаа ш дээ. Манай тэр ууган энд ажиллаж байгаа бүсгүйгийн чинь.
Отгонбаяр -
4 дэх үеийнх гэсэн үг ш дээ тэ?
Отгонсүрэн -
Тийм 4 дэх үеийн. Тэгээд нэг 40 хүн байна.
Отгонбаяр -
Тийм байна 2 хүү нь тэгээд 40 болж байна ш дээ. Та нэгдэлжих хөдөлгөөний үеэр яг энэ суманд байж хүн тэр үеийг ярьж өгөөч?
Отгонсүрэн -
Тийм суманд байсан. Энэ 57 онд үгүй ээ 54 онд юм шиг манай нэгдэл байгуулагдсан. Тэгэхэд чинь яахав ээ эхний албадаж байгуулсан юм биш шүү дээ сайн дураараа амьтан чинь мал хуйгаа хүч гүйцэхгүй мянгат малчин улсууд их орж байлаа ш дээ. Хүн бүл цөөтэй мал олонтой тийм улсууд л эхлээд нэгдлээ л дээ. Тэгээд тэр Хандын Ядамсүрэн гэж хүн анхны нэгдэл эхлээд тэгээд манай одоо авга эгчтэй суусан нэг хүн мянгат малтай байсан тэр хүн ороод л эхэндээ нэг 7 хүн элсээд дараа нь 34 болоод л тэгээд тэр 34 хүн чинь нэгдлийг чинь зүгээр нэг өрхийн тэргүүлэгч нэгдлийг гишүүн гэж байлаа.
Отгонбаяр -
Авгайчууд нь нэгдлийн гишүүн биш?
Отгонсүрэн -
Тийм маягаар байлаа ш дээ. Тэгээд тэр манай авга ахын малыг би өгч байсан. Тэгээд намайг төрийн байгууллагын улсын байгууллагын албан хаагч гээд би орох гэсэн чинь эсвэл ажлаа өг эсвэл нэгдэлд орохгүй бай ингээд бас тэр тухайн үеийн нэг татгалзсан явдал байлаа. Улсын байгууллагын ажилчин сайн дураараа нэгдэх тийм юманд орохгүй. Оруулахгүй байсан. Тэгээд би сүүлд нь 57 онд нэгдэлд орж байлаа л даа.
Отгонбаяр -
Тэгээд тэр нэгдэл байгуулж байх үед анх орохгүй гэж татгалзаж байсан дургүйцэж байсан хүмүүс их байсан уу?
Отгонсүрэн -
Ер нь манай суманд тун ховор нэг 2,3 хан хүн л татгалзаж байсан. Тэгээд олноо дагаад сүүлдээ бол орсон л доо.
Отгонбаяр -
Нэгдэлд малаа өгөхөд малаа нууж байсан уу?
Отгонсүрэн -
Үгүй манай сумынхан нэг ямар юм билээ биднийг ороход “юу саад болно вэ? “ гээд кинон дээр гардаг шиг тийм юм болоогүй ээ байхгүй. Ер нь манайхан их идэвхитэй суманд орж байсан. Харин нэгдэлд сүүлд тарах үеэр нилээн дургүй. Нөгөө хамтын хүч гэдэг юм амтанд нь их ордог тэгээд ч өнөө сүүлрүү энэ чинь нөгөө бас төр засаг нэг ингэлээ ш дээ. Өнөө малын чинь төл чинь 100% оруулах юм бол 25% ыг нь авах 100 төлийн чинь 25 эзэнд нь бас нэг тийм бодлого засаг чинь тавиад ирлээ ш дээ. Тэгэхэд жаахан төгөлдөржөөд ирсэн байвал энэ ядуурал гэдэг юм болохгүйгаар санагдаж байгаан надад. Нэг 2,3 жилийн дараа энэ малд хувьд шилжих хөдөлгөөнийг хийсэн бол арай өөр амьдрал байх байсан болов уу гэж би боддогийн. Харин ч зарим нь эзэндээ очоогүй 1000 мал өгсөн улсууд чинь нэг 20 хэдэн малтай л үлдсэн нэг хүн гэхэд чинь. Тэгээд бас эзэндээ хүртээгүй их бий.
Отгонбаяр -
Тэр нэгдэл анх байгуулагдаж байх үеэр нэгдэл гэж ийм юм байдаг юм ингэж ордог юм гэж ухуулга суртал нэвтрүүлэг хэр явдаг байсан? хүмүүс яаж мэдсэн вэ тэр талаар?
Отгонсүрэн -
Тэр чинь одоо Завханы Алдархааны сангийн аж ахуй гэж байсан сүүлдээ Борхын нэгдэл гэж байгаад тэр анхны нэгдэл гэдэг байхаа. Тэр Баянхонгорын Улаан-Оч гээд хөдөлмөрийн баатар Жагар гэж хүний байгуулсан Улаан-Оч нэгдэл гэдэг чинь бас 30 хэдэн онд байгуулагдсан яагаачгүй. Тэгээд эдний хамтын юу нилээн сурталчлагддаг байсан. Үлгэр жишээ болгож. Тэгээд өмнөх өмнөхөөсөө уламжлагдаад ер нь л хамтын хүч гэдэг юм хүний хамтын хөдөлмөр гэдэг юм их давуу байдаг юм байна гэдэг юмыг их яригдаж л байсан. Тэр нь их үнэмшилтэй амьтан их хүлээж байсан. Ядуу малгүй улсууд нь малтай улсуудынхаа малыг аваачиж маллаад өнөө нэгдэл гээд тэгээд нөгөө залуучуудын амьдрал нь дээшлээд л тийм тийм байдлууд их болоод ирэхдээр ер нь хамтын хүч гэж юм их чухал юм гэж.
Отгонбаяр -
Хөдөөгүүр айлаар явж их яриа хийдэг байсан уу?
Отгонсүрэн -
Өө явалгүй л яахав. Хөдөө уулзаад л ярьж хөөрөөд л сайн дураар зарим нь бол өөрснөө ирээд л орно. Өргөдөл зөргөдөл янз бүрийн юмаа бичээд л. Энэ нэгдэлд чинь орьё гээд тэгдэг л байсан.
Отгонбаяр -
Сүүлд нөгөө Ардчилал гарч ирсний дараа өмч хувьчлал задарлаа ш дээ. Тэр үеийн түүхийг та яриач тэр үед та хаана байсан вэ?
Отгонсүрэн -
Би тэгэхэд Загт нэг бригадын дарга хийж байсан. Яахав бид 2 чинь хувьд малыг нь өгнөө гээд л тэгэхэд чинь өнөө нэг ийм байлаа ш дээ. Нэгдэл маань дүрмээрээ бол мал чинь нэг хүнд малчинд хангайн бүсэд говийн бүсэд хээрийг бүсэд гээд говийн бүсэд 75 хээрийн бүсэд 50 хангай бүсэд хэд гэж байлаа даа энд тэгээд байж байсан үе байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг мал цөөтэй хувийн мал муутай тэгээд өнөө нэг нэгдлийн мал маллаж байсан улсууд чинь нөгөө нэг маш их татагдсан л даа. Хувьд нь өгнө гээд дамаа олон ам бүлтэй айлууд чинь ам бүлтэй 10 ам бүлтэй айлууд чинь гэхэд чинь нэг айлд 22 гээд 10 ам бүлтэй айлд чинь 220 малтай болсон. Ийм юмнуудад чинь их татагдсан. Тэрлүү их хошуурсан. Тэгээд тэр нөхдүүд маань угаасаа нэг их мал маллах арга техник муутай залуу тийм төв мөвд байсан улсууд чинь нэгдлийн гишүүн гээд мал авах сонирхол нь ихдээд тэрнийг аваад зарим нь малтай болж чадаагүй л дээ. Элдэв бусын юманд үрээд янз бүрийн машин тэрэг мотоцикл тийм юманд үрээд нэг өөр юм болголоо гээд аваачаад дураараа загнаад тэр бас энэ ядуурал үүсэх нэг юм болж байна.
Отгонбаяр -
Тэр танай бригад дээр нийт мал хэд байсан нийт хэдэн айл байна. Ингэж хуваанаа гэсэн тооцоог хэн хийсэн вэ.?
Отгонсүрэн -
Нэгдэл чинь бас 2,3 нягтлантай тэгээд нэгдлийн яг урд онд тоологдсон мал энэтэрийг чинь данслаад л тэрнийг чинь өнөө өрхдөө яг хүн амдаа хуваагаад л тэгээд л тэгш хуваагаад л. Тэгээд тэр үед чинь яагаад тэгш хуваагаад давуу тал бол зөндөө л байлаа урд нь малтай байсан. Арай тэрүүнд илүү өгчмөөр юм даа 1000 малтай малаа энэ нэгдэлд өгсийн. Би хүртэл тэр авга ахынхаа малыг хүртэл өгч байсан. Жишээ нь гэхэд нэг запаастай 10 тэмээ гэхэд чинь 11 тэмээ 30 үхэр өгөхөд чинь 33 үхэр, адуу 50 гэхэд чинь 55 адуу
Отгонбаяр -
Дандаа өсгөөд нэмээд
Отгонсүрэн -
Дандаа нэмээд 10 нэг запаастай тэгж нийгэмчилэж байсан.
Отгонбаяр -
Өө за за. Тэгээд танай тэр ахын өгсөн 1000 малыг нийгэмчилсэн гэж байна ш дээ. Тэрний үр сад хүүхдүүд нь сүүлд нэгдэлд хувьчлахад хэдэн мал авсан?
Отгонсүрэн -
22, 22 толгой мал л
Отгонбаяр -
Хүнийхээ тоогоор
Отгонсүрэн -
Тийм хүнийхээ тоогоор нэг хүнд 22
Отгонбаяр -
Бид нар тухайн үед 1000 өгсөн гэж хэлсэн үү?
Отгонсүрэн -
Хэлээд яахав ийм л жишиг тогтсон юм чинь тийм л маягаар хувиарласан. Жаахан хэцүү юм болчихвуу гэж би сэтгэлдээ бодож байлаа л даа.
Отгонбаяр -
Танай бригад дээр тийм өмч гэж нэг юмнууд байлаа ш дээ. Худаг хашаа тэд нарыгаа яасан вэ?
Отгонсүрэн -
Тэр чинь ерөөсөө сүүлдээ үлдэж байгаад ер нь нээх эзэгнэх эзэн муутай болоод одоо тэр нэгдлийн чинь контор монтоор элдэв бусын юмыг чинь дотроо нэг хоршоо гэж нэг юм тэр дотроосоо гаргаж ирсэн л дээ. Нэг 10-аараа 5 -аар тийм улсууд чинь нийлээд манай хоршоо энийг авна тэрнийг авна гээд. Тэгээд нэгдлийн нэг конторыг нь авна. Аж ахуйн нэг хашааг нь авна гэх мэтчилэнгээр манайд хоршоо. Тэгээд хоршоогүй үлдсэн хүмүүс нь юу ч үгүй үлдсэн. Яг үндсэндээ тэгээд хоцорсон байгаан. Тэгээд нэг гайгүй бололцоотой улсууд чинь тэрийг чинь авчаад тэрнийхээ суурин дээр янз бүрийн юм байгуулаад аан хоршоогүй зүгээр дан дангаараа үлдсэнүүд нь ерөөсөө тэгээд хэдэн малтайгаа л үлдсэн тийм л юм байгаан.
Отгонбаяр -
Сумын төвийн албан хаагчдад юм оногдсон уу? Танай сум дээр?
Отгонсүрэн -
Адилхан өгсөн шүү. Ер нь адилхан өгсөн. Гаднаас өөр сумуудаас байсан нэгдлийн нягтлан чинь хувь өгсөн. Адил тэгш өгөх нэг тийм жишиг дээрээсээ гаргаад чиглэл өгөөд тэгээд тэрүүгээрээ явсан юм байгаан.
Отгонбаяр -
Тэр нэгдлийн өмч тараагаад задлахад ялгаатайгаар зарим хүмүүс их хүртсэн ш дээ. Тэр ямар хүмүүс ялгаатай хүртсэн вэ?
Отгонсүрэн -
Тэр чинь уг нь анхны нэгдлүүдэд анхны гишүүд гээд нэг хэдэн хүн амьд сэрүүн үлдсэн тэрнээсээ тэр хэдэн бол арай давуу өгч байсан.
Отгонбаяр -
Та тэрний тоонд орсон уу?
Отгонсүрэн -
Би ороогүйээ. Өнөө нэг улсын байгууллагад.
Отгонбаяр -
Нөгөө авгынхаа малыг өгсөн ш дээ тэр хамаагүй байсан юмуу?
Отгонсүрэн -
Өө тэр хамаагүй л дээ. Өрхийн тэргүүлэгчийн нэрээрээ хөөгөөд явсан юм чинь тэр ч хамаа ч байхгүй.
Отгонбаяр -
Одоо 2 уулаа ийм сэдвээр ярья. Соёлын довтолгоо гэж нэг юм болж байсан ш дээ. Социализмыг үед тэр юу болж байсан. Тэгэхэд юу хийж байсан? Хүмүүсийн амьдралд яаж нөлөөлж байсан?
Отгонсүрэн -
Тэгэхэд чинь би захиргааны нарийн бичгийн дарга хийж байлаа.
Отгонбаяр -
Сумын захиргааны за
Отгонсүрэн -
Тэр сонион тэр яахав дээ юу юм л даа. Соёлын довтолгооны үед бас зохих хэмжээний юм хийгээд авсан. Хүний эрүүл мэндийн талаар ер нь айл бүрийг сурч мэдэх талаасаа янз бүрийн юманд нэг хэсэг юм хийгээд авсан л даа. Би яахав сумынхаа сумыг л ярья инээд хүрэм. Тэр юу байхгүй юу би захиргааны нарийн бичгийн дарга соёл, гэгээрлийн асуудал хариуцдаг байлаа л даа. Сургууль эмнэлэг, соёл гэгээрлийн ажлыг нарийн бичиг хариудаг. Орлогч чинь эдийн засаг мал аж ахуйгаа хариуцдаг. Тийм байсан тэгээд тэр манай сум чинь бол их олон байгууллагатай энэ баруун 5 аймгаа хариуцсан тахал эсэргүүцсэн станц гэж байсан. Тэрний дарга нь улсын байцаагч байсан эрэгтэй. Аан наана нь хүний их эмчийн салбарт тэгээд хүний их эмчийн салбарын дарга нь, захиргаанаас би, тэгээд ариун цэврийн байцаагч тэгээд нөгөө айлд ороод яахав нөгөө соёлын довтолгооны асуудал орон даяар зарлагдаад явж байгаа юм чинь өнөө айлдаа байвал зохих ямар юм байна уу. Айлын ариун цэвэр ямар байна уу гээд бүх айлаа шалгадаг юмаа тэгээд дээр үед чинь их сонин байлаа том том 10 хувингууд чинь нөгөө саалийн хувингууд чинь өдий барьчихсан хялгас мялгас болчихсон сүү сааль нь нэг жаахан нүхтэй шахуу болчихсон тэгээд мөнгөн бүстэй арилгадаггүй одоо нөгөө аман хишигт муу гэдэг юм уу арай л өтөөгүй байсан. Тийм хувингууд тэгээд л нүүр гарын алчуур аль тэр хөнжил мөнжилийн даавуу маавуу тэр чинь өрх бүрдээ нэг хүндээ 2 юмуу 3 ээлжийн даавуутай байх зөндөө тийм шаардлагууд их байлаа л даа. Тэгээд бүх өрхөөр ордог юмаа сумынхаа, сумынхаа бүх өрхөөр ороод тэрийг нь цуглуулдаг юм нэг дагуулчихсан. Тэгээд нөгөө бүх өрхөөрөө ороод тэрнийг нь цуглуулж аваад нөгөө хувинг чинь нэг өрөөсөн талыг нь яг мөлчийтөл цэвэрлэж байгаан. Өрөөсөн нь хэвээрээ тэгээд нөгөө зүлгээд л нөгөө сайхан агар шар хувин мөнгөн бүслүүртэй. Нөгөө угалз хээ тавчихсан мөнгөн бүстэй. Тэгээд зүлгээд л гаргаад л өрөөсөн талыг нь тэгээд нөгөө алчуурын чинь өрөөсөн талыг нь угаагаад л тал нь хэвээрээ
Отгонбаяр -
Хэн угаах уу тэрнийг?
Отгонсүрэн -
Хүн аваад явж байгаа. Сургуулийн нэг галч өвгөн авч яваад тэр бүх юмыг нь цуглуулаад. Тэгээд зориуд ингээд угаалгаад цэвэрлүүлээд тэгээд суманд дүнгийн хурал хийж байгаан.
Отгонбаяр -
Бүх хүмүүсээ суулгах уу?
Отгонсүрэн -
Нөгөө юм хумыг нь аваад явсан айлаа зарим нь бол сайхан айлын юмыг нь аваагүй л дээ. Танайх одоо болж байна ингээд л бүртгэж аваад л бүх айлд байвал зохих юмыг чинь тэдэн сандалтай тийм даавуутай. Бүүр нарийн тэгж яваад л тэгээд дүнгийн хурал хийхэд чинь хоцорч болохгүй айл өрхүүд чинь их дуулгавартай байлаа шдээ. Янзын дуулгавартай байсан. Тэгээд л тэдний тийм тийм юмнууд нь ийм тэгээд нөгөө хувинг нь гардуулж өгөөд л энэ хувин ийм хувин байсан. Энийг ингээд цэвэрлэчих юм бол ийм энэ тал ингээд ийм ийм үстэй ийм байна. Ариун цэвэр эрүүл мэндийн хувьд энэ тохирохгүй гэдгийг нь хэлж өгөөд л тэгээд нөгөө алчуур малчуураа сайхан угаах юм бол ийм сайхан муу угаасан нь ийм гээд л үзүүлж байгаа юм л даа. Тэгэхдээр чинь амьтад чинь сийрэг ханддаг юм байна лээ ш дээ. Ер нь одоо буруу юм байна. Тэгээд
Отгонбаяр -
Олон айл тэгж гарсан уу?
Отгонсүрэн -
Олон байлгүй яахав тэр чинь одоо сумын хэмжээний бүх айлуудыг ер нь нилээн хэсэг нь гарч байгаа юм л даа. Аан тэр үед чинь яасан гэхээр гахай гэж нэг юм ариун цэвэр муутай айлд гахай тавьж хүртэл албан байгууллага хүртэл шүү. Байгууллагууд хүртэл тэр гуанз муанз сургуулийн дотуур байр нөгөө гал тогоо хоол ундны газрууд чинь зөндөө л дөө тэд нарыг бүгдийг нь ороод л янзын өөрчлөгддөг юм байна лээ. Тэгээд тэрний дүнгийн хурлыг хийгээд дараа нь хугацаа тавьж өгөөд л бүх юмаа та нар сайхан цэвэрлээд л анагаахын их эмч хүн улсын ариун цэврийн хүмүүс тэр талаас нь яриад л ингээд л тийм цэвэрлэгээний арга хэмжээ гаргаж байгаа юм л даа. Манай сум чинь улсын хэмжээний анхны 7 сумын нэг юм гэнэ лээ. Тэгээд залаа овоо гээд сумын төврүү нөмөрч орж ирсэн хогийг 7 хоног субботникоор цэвэрлэхэд нэг нуруу дээгүүр давуулсан. Унаатай унштай зүгээр нэг морь тэрэг машин зашаан дайчилгаанд тэр бүх хогийг тэгээд нөгөө бичиг үсгийн энэ боловсрол моловсролыг үзээд л заримын нь нөгөө давтан үзүүлж суулгаад л багш нарыг явуулан хичээл мичээл заалгаад л ингээд соёлын довтолгоо гэдэг юмыг чинь хийж би биеэрээ л амьтаныг шалгаж байсан хийлгэж байсан. Тэр үед чинь оросын нэг том малыг ч ялгалгүй хүнийг ч ялгалгүй үзлэг хийж байлаа ш дээ. Тэр үед чинь арьс өнгөний яр хүйтэн тэр бүх юмыг чинь дор бүр нь шалгаад үзээд үзлэгт хамруулаад тэгээд нөгөө улаан тариа ямбын тариа мариаг чинь хуу тариулаад л өвчтөйгүүдийг чинь. Малыг чинь болвол шүлхий боом янз бүрийн ям годрон гэх мэтчилэнийн өвчин чинь мал эмнэлэгийн адууны ям үхрийн мялзан гээд л эдгээд л тэр орсын хүчинд сайхан болсон шүү. Тэгээд тэрнээс хойш нэг хэсэг сайхан байсан. Сүүлдээ одоо энэ 90 оноос хойш 20 жилийн хугацаанд хүн эрх чөлөө гээд нөгөө үүрэг гэдэг юмгүй болоод эрх эрх чөлөө нийлж байгаад би нийгмийн өмнө хүлээсэн үүрэгтэй. Би өөрийгөө аваад явах үүрэгтэй гэдэг юм нь алга болсон. Тэр байтугай хүүхдэд нэг ширүүхэн үг хэлэхэд баригдаж байгаа иймэрхүү юмнууд одоо нийгэмд нөлөөлөөд залуу үеийн хүмүүжлийн асуудал сүрхий нөлөөлж. Энэ бүгд ороод 80 хэдэн насыг наслаж явна. Ан хийж байлаа хэдэн хүүхдээ тэжээх гэж ажлын хажуугаар амралтгүй ан хийж амралтаа аваад л ан хийж.
Отгонбаяр -
Танай энүүгээр ямар антай вэ?
Отгонсүрэн -
Өө зөндөө байсан. Тарвага үнэг мүнэг чоно моно гээд л ан ихтэй л байлаа л даа. Одоо буурчихажээ. Дээр үед чинь ямаан гөрөөс аргал угалз тийм юмнууд чинь ерөөсөө байхгүй болсон. Зөвшөөрөлтэй ангадаг зармыг нь тарвага зурам нь зөвшөөрөлгүй л дээ. Амьдрахын эрхэнд ан хийж байлаа. Элдүүр элдэж байлаа. Одоо сурч л элдлээ. Үхрийн шир ч л элдлээ. Хонины нэхий одоо дийлэхээ байчихдаг юм байна. Тэгж амьдарч байлаа даа хүүхээн.
Отгонбаяр -
Арьс өнгөний экспедиц явсан шдээ улаан цагаан тариа тариад тэр үед үзлэгт яаж оруулж байв. Өвчний байдал ямар байв? Та тодорхой яриач?
Отгонсүрэн -
Үзлэгт бол үн амын бүртгэл байна. Нарийн байсан ш дээ. Одоо бол сонгуулиар хүн амынхаа тоог мэддэг сонин юм. Би бас нилээн нарийн юм хийнэ гэж бодоод л байгаа 41:22-41:32 ажил хийнэ гэдэг чинь юм сурнаа л гэсэн үг. Тэгээд тэр үед чинь яахав хүн бүртгэл нарийн иргэний 5 төрлийн бүртгэл гэж байлаа. Нас баралт, гэр бүлийн салалт, төрөлт ийм бүртгэлүүд чинь нарийн тийм байсан үе тэрийг ч би хариуцдаг л байлаа. 51 оноос хойш маш нарийн болсон юм даа. Хүний хэдэн онд төрсөн 51 оноос маш нарийн болгож өгсөн байгаа юм ш дээ. Одоо байгаа юмуу мэдэхгүй. Тэгээд л хүн амын дансаа оруулна.
Отгонбаяр -
Толгой дараалан оруулна?
Отгонсүрэн -
Толгой дараалан ер нь бол нас харгалзахгүй оруулж байсан. Дээшээ доошоо.
Отгонбаяр -
Доошоо хэдтэй?
Отгонсүрэн -
10 хэдтэй 16 наснаас оруулж байсан. Сургуулийн хүүхдүүд ариун цэврийн үзлэгт ордог байсан. Тэр л хамуу мамуу одоо тэр бөөс мөөс гэж юм тэгж л ариллаа шдээ. Бас нэг тийм сайхан юм болж байлаа шдээ.
Отгонбаяр -
Өвчлөл их байсан уу тэр үед?
Отгонсүрэн -
Байсан. Их байсан.
Отгонбаяр -
Багцаагаар хэдэн хувьтай байсан вэ?
Отгонсүрэн -
Ер нь 20-30% нь хамрагдаж байсан шүү. Залуу улсуудын. Тэгээд дээр үеийн хөгшчүүл хамаргүй зөндөө л байлаа.
Отгонбаяр -
Тэгээд толгой дараалан оруулаад дараа нь толгой дараалан эмчилгээнд оруулах уу?
Отгонсүрэн -
Аан Тийм тэгээд л үзээд л тэд нь өвчтэй тэд нь тийм тийм өвчтэй гээд л нэрсийг нь гаргаад албадан эмчлээд тэгж салж байсан.
Отгонбаяр -
Өвчнөөс
Отгонсүрэн -
Тийм өвчинөөс салгасын сайхан л юм болж байсан. Хүний төлөө
Отгонбаяр -
Та тэр сумын хүн амын тооллог их нарийн хийж байсан байна шдээ. Салалт хэр их байсан вэ?
Отгонсүрэн -
Ер нь их гайгүй байсан шүү. Тэрнийг чинь нилүүлнэ. Гэр бүлийн асуудал хариуцаж авч бүртгэж байхад ийм л байсан. Жишээ нь хэн хэнтэй суух гэж байна удам судраар нь харна. Төрөл садан бол суулгахгүй. Таны амьдрал юм чинь та ах дүү ураг чинь ийм байна. Таныг бүртгэхгүй ээ. Гэр бүлийн баталгаанд батлуулах үндэс алга гээд бүртгэдэггүй. Тэгээд суусан улсууд үр хүүхэдтэй бол тэр эмэгтэйчүүдийг нь хамгаалж эрэгтэйчүүд нь зодож барьж янз бүрийн хандлага үзүүлж байсан бол өөрт нь дарамт үзүүлнэ шдээ. Төрийн хуулиар одоо бол тийм юмгүй болчихсон юм шиг байгаан. Тэгээд захиргаандаа дуудаж авчираад л та 2 эхнээсээ тэдэн сарын тэдний өдөр нэр бүлээсээ салахгүй хамт амьдрана гээд бүртгүүлээ биз дээ. Таны гарын үсэш чинь энэ мөн. Тэгээд одоо яагаад байна. Мөрдөн байцаагч шиг тэгээд ирээд ухуулга хийнэ. Ямар янзын биеэндээ хайртай болоод ямар янзаар амьдрана гээд гэр бүлийн баталгаагаа миний гараар бичүүллээ. Та 2 гарын үсэгээ зурсан энэ байна. Одоо ингээд амьдар тэгээд л эвлүүлчихнэ.
Отгонбаяр -
Эвлэрчих үү?
Отгонсүрэн -
Эвлэрнэ. Цэрэндаш гээд нэг залууг би нэг насаараа амьдарч яваа залууг би тэгээд өнгөрөөл дөө зайлуул. Шууд салахгүй тийм хүмүүс ховороо ховор ер нь салж сарних ховороо ховор. Тийм л байлаа.
Отгонбаяр -
Ер нь таны санаж байгаагаар хэдэн гэр бүл салсан вэ? Таны мэдэхээр салсан тохиолдол байна уу?
Отгонсүрэн -
Ер нь намайг ажиллаж байхад ер нь байгаагүй юм шүү.
Отгонбаяр -
Хэдэн жил?
Отгонсүрэн -
Би ч одоо захиргааны нарийн бичгийн дарга 9 жил хийв үү дээ. Лав тэр 9 жилд салаагүй. Тодхон л тэр Цэрэндаш гэдэг хүнийг л эвлүүлээд нэг насаараа амьдарч яваа.
Отгонбаяр -
Тэр бүлээс гадуур явдалтай улсыг бас захиргаан дээр дуудаж авчираад зад загнадаг байсан гэсэн тэ?яаж мэдэх үү?
Отгонсүрэн -
Аан тэгэлгүй яахав. Одоо тэр чинь илт юм чинь. Орондоо авгайгаа зоддог дарамтладаг янз бүрийн тийм мэдээ бол зөндөө ярина. Тэгээд л авгай ч байдаг юмуу нөхөр нь ч байдаг юмуу гомдол мэдүүлнэ. Манай эхнэр нөхөр өөр хүнтэй суух гээд байна ч гэдэг юм уу. Аан Дэлгэр гээд нэг малын эмч байсан. Алтайн авгайн нь Оролдохоо гээд малын бага эмч байсан. 2 уулаа малын эмч байсан. Тэр нэг 2 уулаа салаад явчихаж байсан юм. Тэгээд тэр салан ажлыг нөгөө нарийн эрхийн нь дагуу салгана. Баталгааг нь ингээд ингээд ийм шалтгаанаар салах боллоо гээд бичээд би бичээд салгаад явуулж байсан. Лав нэг салсан нэгийг эвлүүлж байсан.
Отгонбаяр -
Тэр ялангуа эцэг тогтоох гэж нэг юм болдог байсан хөдөөгүүр.
Отгонсүрэн -
Заримыг нь эцэг тогтоогоод сүүлрүүгээ нөгөө тэтгэвэр хүүхдэд нь олгодог. Тийм байлаа ш дээ. Ямар сайндаа Завханы алдар хааны сангиа аж ахуй гэж нүүж ирлээ.56 онд тэгэхэд би захиргаанд орлогч болсон байлаа л даа. Алдархааны сангиа аж ахуй гэж байхад хуучин борхын нэгдэл гэж байхад завханы тэгээд сүүлдээ тэр алдархааны сангиа аж ахуй байдрагт нууж ирээд тэгээд 16000 ямаа хоньтой ирж байсан. Тэгээд 12 толгой малтай. Тэгээд нүүж ирж байсан тэгээд Лодой гээд хүн улсын тууварчин сухбаатарын одонтой зайлуул их хурлын гишүүн хүртэл болгож байлаа.
Отгонбаяр -
Ардын их хурлын дептат болгож байсан.
Отгонсүрэн -
Тийм дептат тэр чинь одоо малчны дундаас гардаг байлаа депатат чинь ажил төрлийн шалгаруулалтаар болдог. Тэрнээс хууль мууль боловсруулах нээх тийм. Тэр боловсруулах асуудлыг нь яадгийн гэхээр дептатын итгэмжлэгдсэн ухуулагч гэж бий. Тэгээд тэр нь ард түмэнтэй уулзахдаа саналаа тавьдаг. Тэгээд тэр санал чинь хууль болж батлагддаг тийм байла шдээ. Тэр чинь бас их зүйтэй л юм байсан. Тэгсэн одоо намаар нэг сонгогдож аваад л бас чиг зарим нь тааруухан ажилаад л байгаа ш дээ. Тэгэхэд чинь жинхэнэ ард түмэн өөрөө сонгодог байсан хэрэг шүү дээ. 51 онд өнөө анхны нууцлаж эхэлсэн. Нөгөө шууд сонгууль чинь 51 онд л сонгогдлоо ш дээ.
Отгонбаяр -
Тэгээд тэр Алдархааны сангиа аж ахуй наашаа нүүж ирсэн чинь
Отгонсүрэн -
Аан Тийм тэгэхэд Буджав гээд нэг нөхөр тэр Лодой гуайн зайлуул нэг хүнтэй суугаагүй хүүхэн дээр нөгөө нааш цаашаа яваад газар үзэж барихдаа л нөгөө хонож өнжөөд хүүхэдтэй боллоо л доо. Тэгээд тэрнийг бүртгэхэд манайд нэг марзандуу нөхөр байсан захиргаанд нэг бүртгэгч хийгээд тэрнээс ерөөсөө захиргаа чинь орон тоо гэж байхгүй байлаа ш дээ. Одоо ч орон тоо их болчихож. Нисээд л дарга нарийн бичгийн дарга тэгээд нэг галчтай тэгээд ийм л байлаа ш дээ. Тэгээд тэр тэгж явж байгаад хүүхэдтэй болгоод хаячихаж л дээ. Тэгээд хүүхэн төрөөд хүүхдийг нь бүртгэж авах гээд миний дэргэд байж байгад захиргаан дээр би нөгөө дуудаж авчираад хүүхдийг нь бүртэглээ л дээ 15 хоногийн дотор сарын дотор гээд л янз бүрийн хугацаатай ш дээ хууль. Тэгээд бүртгэсэн чинь эцгийг нь хэл гэж марзагнаад дүүрсэн хэрэг Буджав гэж хэлээд л гараад явж байсан. Тэгээд эцгийг нь тэгж тодоруулж байсан. Тэр цус л тэгж байхгүй юу. Би юу гэж тэгэх үү. Тэр чинь бас хамаагүй тэгж. Тэгээд марзан юм болж л байсийн.
Отгонбаяр -
Дүүлсэн хэрэг гээд л хэ хэ. Тэр социализмын үед гэр бүлийг төрөөс намаас нам засгаас яаж дэмждэг байсан вэ?
Отгонсүрэн -
За яахав гэр бүлийн тэр хууль байгаа. Аан тэр чинь 50 хэдэн оноос эхэлсэн юмдаа. Хүүхдийн мөнгө олгодог байлаа. Хүүхдийн мөнгийг болвол энэ чинь өнөө одон медальд олгож эхэлсэн юм байгаан. 50 хэдэн оноос бас. Алдарт эхийн нэг 2-р одон тэр чинь олгогдож байлаа. Аан хүүхдийн мөнгийг олгодог боллоо. 16 нас хүртэл хүүхдийн мөнгө олгодог байлаа тэр чинь. Одоо тэр үргэлжилээд л яваад байна л даа. Янз бүрийн худлаа үнэн амлалт гараад л байгаа болохоос хэзээнээс хууль нь гараад хэзээнээс мөрдөөд эхэлсэн асуудал шүү дээ энэ чинь. Одоо л би 10 илүү өгч байгаа би л илүү өглөө гэж зарим нь яриад л байхын худлаа хэзээний гарсан мөрдөөд ирсэн. Олон хүүхэдтэй эхчүүдийг энэ цэргийн ар гэрийн хөнгөлөлт гэж байлаа. Олон хүүхэдтэй эхчүүдэд хөнгөлөлт гэж бас байсан. Мал аж ахуйн татвараас хөнгөлж 16 төрлийн татварын хөнгөлөлт байсан. 5 төрлийн эцэш мал хөнгөлдөг байсан. 5 төрлөөр малаа өсгөсөн хүмүүст хөнгөлөлт өгдөг байлаа. Цэргийн ар гэрийн олон хүүхэдтэй эхчүүд гэх мэтчилэнгийн эхчүүд албан татварын хууль байсан юм шиг байгаан. Тэр их дээр үетйн мөрдөэ байсан юм шүү. Энэ чинь зүгээл сая гарч ирж байгаа ч юм биш. Боловсронгуй л болгоод байгаа байх.
Отгонбаяр -
Тэр нь бол жирийн хүмүүсийн амьдрал дээр ирээд их нэмэртэй байсан байх.
Отгонсүрэн -
Оон тэр чинь нэмэртэй байлгүй яахав тэр үед дарамттай юм байсан л даа яахав нөгөө тухайн үедээ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн аан тэгээд нөгөө айлууд чинь нэг хонь кл уртын ноос хүрга 300 юм уу 500 грамм хурганы ноос ахар нэг 200 грамм эр хонины гэх мэтчилэнгээр ахар хурганы тийм нарийн. Жишээний адууны дэл гэхэд чинь 300 сүүл нь 20 грамм гэх мэтчилэнгийн сарлагын хөөвөр 600 грамм хялгас нь 600 грамм нэг үхрээс кл 200 грамм бүүр нарийн айл бүр нэг байсан ч 2 байсан ч 1000 байсан ч хийнэ: тийм төлөвлөгөөтэй. Тэр тэгээд яахав мал аж ахуй учраас гадаадад гаргаж тэрнийхээ оронд мал аж ахуйн юмаа авдаг. Аан өөриинхөө мах комбинат арьс ширний үйлдвэрт чинь бүтээгдэхүүнээ өгдөг тэнд хэчнээн мал ирсэн бүртгээд л мал аж ахуй юмандаа авч хэрэглэсэн мал, хэрэгцээндээ хэрэглэсэн мал зарсан мал гээд бүүр нарийн тооцоотой өнгөрсөн оныхоо малыг энэ оныхоо малтай энэ жил нэмсэн төл нь тэр маш нарийн мал аж ахуй бол янзын нарийн одоо бол нэг ам тоо аваад л мэдэхгүй одоо 200 малтай айл 20 30 малтай гээд тоолуулсан сийгэхээ байчихаж. Одоо бол 8 сая хүрсэн байх. Дандаа дутуу үнэн юм тун ховор болж.бид нарын тэр үеийн шиг бол монголын мал 50 сая бий. Захаас нь айлуудын малыг харж байхад. Ерөөсөө тийм биш хөдөөнийх ч тоолж чадахаа байж.
Отгонбаяр -
Тэр үед маш нарийн тооцоотой байж.
Отгонсүрэн -
Маш нарийн тооцоотой.
Отгонбаяр -
Та бол тэр сумынхаа хүмүүсийг толгой дараалан нэг бүрчлэн мэдэж байсан уу? Одоо тэд нар хайчив?
Отгонсүрэн -
Мэдэлгүй яахав одоо тэд нарыг овог мовог би нилээн хэлнэ шүү. Удам судрыг нь одоо
Отгонбаяр -
Овгоо таниас асуусан уу?
Отгонсүрэн -
Зарим нь асуудагын би нэг нөгөө ургийн бичиг гээд тэрнийг чинь нэг юм бичээд л байгаа л д аа. 4 дэх үеэс хойш яахын мэдэх юм алга. Тэрнийг нь одоо бичээд яваад байга л даа.
Отгонбаяр -
Танай нутагт энэ гэр бүл болох ёс хэр зэрэг хатуу вэ?
Отгонсүрэн -
Дээр үедээ бол их журамтай байсан л юм гэнэ лээ. Сүй мүй тавьж гэр бүл болдог. Сүүлийн үед чинь ерөөсөө санал нийлсэн 2 сайн дураара санал нилсэн бол эцэг эхдээ хэлэлгүй авгай нь нөхөрөө дагаад оргоод тэр айлдаа оччихдог байлаа ш дээ.
Отгонбаяр -
Оргоод уу гэрээс нь оргуулаад уу
Отгонсүрэн -
Тийм
Отгонбаяр -
Та хөгшиныгөө оргуулж авч байсан уу?
Отгонсүрэн -
Тийм
Отгонбаяр -
За та яаж оргов? Хэ хэ
Отгонсүрэн -
Яахав өмнө нь хэлж байгаан тэрүүхэндээ нэг өдөр судар ахмад улсуудаас ямаршуу юм гээд асуучихна. Тэгээд за би тэнд ирээд чамайг авна шүү. Эмээлтэй морио хөтлөөд л за чи хувцас мавцасаа бэлдэж байгаарай гэж хэлээд л авад явчина л даа.
Отгонбаяр -
Гэрийнхэнд нь хэлэх үү?
Отгонсүрэн -
Хэлэхгүй ээ л оргуулахгүй юу.
Отгонбаяр -
Гэрээр нь орох уу?
Отгонсүрэн -
Яахав орвол орно. Орохгүй бол тэгээд л тэгээд яахав мэдэж л байгаа л даа тэр айлаар орж гардаг. Энэ нөхөр манайхаас салахгүйнээ энэ ингээд байна энэ аягүй бол ингээд аваад явна гээд багцаалчихсан байгаа ш дээ.
Отгонбаяр -
Тэгээд та хөтөлгөө морьтой ирээд л авад явчихсан уу?
Отгонсүрэн -
Тийм тэгээд аваад явсан.
Отгонбаяр -
Тэгээд авч яваад яасан?
Отгонсүрэн -
Яахав дээ гэртээ авчираад л өөрснийхөө гэрийн улсуудад хэлээд л жаал жаахан юм бэлтгээд хийсэн. Бас нэг таваг тариа элдэв бусынхаа юмыг бэлдчихсэн. Тэгээд нэг ойр хавийн хүмүүс цугалвал цуглаад л цуглахгүй бол тэгээд л өөрийн болгоод авч байгаан нь тэр. Тэгээд л 3 хоноод яваад очно.
Отгонбаяр -
Буцаад
Отгонсүрэн -
Зарим дургүй нь бол тэр хойноос нь ирдэг л байсан юм гэнэ лээ. Хүүхэнээ авах гээд л аан тэгээд эцэг эх нь тэгээд зөвшөөрсөн бол явуулчихдаг тийм л байсан даа хөдөө ч одоо бараг зүгээр шахуу байж л дээ.
Отгонбаяр -
Оргуулахдаа та шөнө оргуулах уу?
Отгонсүрэн -
Шөнө оргуулна л даа тэр чинь
Отгонбаяр -
Та яаж дагаж шөнө оргож байсан?
Отгонсүрэн -
Энэ яахав хувцасаа бэлдсэн
Отгонбаяр -
Хол явсан уу?
Отгонсүрэн -
Нилээн зайтай. Түргэхэн шиг л энийг чинь мориор авч явж төрүүлдэг байлаа ш дээ одоо бол тийм машаан зашаан дуудлагын тэр юу яахав. Авч явж нэг алиа алдаж байсан мориноос унаад
Отгонбаяр -
Жирэмсэн өнөө маргаашгүй болсон. Тэгээд мориноос унаад
Отгонсүрэн -
Тийм тэгээд миний нэг морь уургалдаг халтар морь наана нь нэг том хүрэн морь 2 би тэр хүрэн морио унасан морь барьдаг халтар морио энүүнд унуулсан. Тэгээд нөгөө зөөлөвтөр яваад байсан чинь холоо хол 30 гаран км газар тэгсэн чинь хүүхэд нь жаахан шахагдсан байсан юмуу яасан явж болохгүй тэгээд давьчихья гээд давхисан чинь нөгөө хаврын морь үлийнд таварцаглаад тэгээд унаад тэгээд тийм тийм юм
Отгонбаяр -
Тэгээд гэдэс нь хагармаар юм хүүхэд нь зүгээр
Отгонсүрэн эхнэр -
Тэгээд нэг 7 хоноод гарсан. Тэгээд тэрнээс цааш сумын төв нилээн цаашаа тэгээд гэдэс зөв зүгээр болоод тэгээд доошоо суусан хүүхэд чинь дээшээ болоод аятайхан болоод засагдсын.
Отгонбаяр -
Одоо тэгээд танай энд хүү гэр барьхад гэр барихад хэр ёс жаяг болж байна.
Отгонсүрэн -
Хүүхдийн хүүхэд дөнгөж сая нэг айл боллоо гээд явлаа гээд би нэг цаас өгөөд явсан. Буурай ижий аав 2 нь өгч байгаа юм шүү өөрснөө хэрэглэх юмаа аваарай гээд нэг ганц 100 цаас тэгээд л явуулсан. Одоо чинь өмнө гуйчаад өдөр судрыг нь үзээд хоорондоо тохиролцоод өчнөөнөөр нь ирж тэр айлд нь найрлаад бараг 3 хоног найрлаад тийм л юм болдог байлаа шдээ.
Отгонбаяр -
За за их баярлалаа 2 уулаа эхний удаа ингээд өндөрлье.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.