Gaanjuur


Basic information
Interviewee ID: 990330
Name: Gaanjuur
Parent's name: Höhüür
Ovog: Har Bürged
Sex: m
Year of Birth: 1946
Ethnicity: Zahchin

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired, singer, dancer
Belief: none
Born in: Zereg sum, Hovd aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: vet


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
literature
education / cultural production
childhood
military
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? Гаанжуур гуай.

Гаанжуур -

Сайн. Сайн байна уу хүү минь? За сайхан намаржиж байна уу?

Ариун-Ундрах -

Сайхан намаржиж байна аа. За та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?

Гаанжуур -

За тэгэлгүй яахав. Зөвшөөрч байна.

Ариун-Ундрах -

За танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

Гаанжуур -

За ах нь 1946 онд Ховд аймгийн Зэрэг сумын нутагт Таян Хөхүүр гэдэг айлын 4-р хүү болон мэндэлсэн юм аа. Аа тэгээд бага насаа эх эцгийн гар дээр хүмүүжиж байгаад Ховд аймгийн Зэрэг сумын дунд сургуулийг дүүргэж, 1962 онд Ховд аймгийн хөгжимт драмын театрт жүжигчнээр орж ажиллаад, тэндээ бүжигчин хийж ажиллаж байгаад тэгээд 1965 онд одоо эр хүний заавал ч үгүй гүйцэтгэх ёстой үүргийн нэг болох ардын цэргийн албанд хугацаат цэргийн албаар 3 жил 096-р ангид хугацаат цэргийн алба хааж дуусгасаан. Хугацаат цэргийн алба хаасныхаа дараагаар одоо энэ манай аж үйлдвэрийн комбинат гэж сайхан том 5000 гаруй ажилчинтай их сайхан газар байсан ш дээ. Тэгээд тэрний чинь ажилчны соёлын ордон гэж байсан. Тэгээд тэр ажилчны соёлын ордонд жүжигчнээр орж ажиллаад, тэгээд тэндээ жүжигчин, бүжигчин, хөгжимчин одоо янз бүрийн л төрөл мэргэжлийн ажлуудыг хийж байсан. Тэгээд соёлын ордон гэдэг бол ер нь одоо юу юм л даа. Хүнд бол бүжгээ ч хийдэг, хөгжмөө ч тоглодог, дуугаа ч дуулдаг, жүжгээ ч хийдэг тийм олон талын авъяасыг бүрдүүлдэг. Тэр соёлын ордон бол маш их тийм хүний авъяас талантыг нээлгэдэг тийм сайхан газар байсан юм аа. Тэгээд тэр соёлын ордонд 6 жил жүжигчин хийж байгаад одоо 1974 онд манай үйлдвэрчний төв зөвлөлийн харъяа хотын бүх соёлын ордонгууд татан буугдсан юм. Тэгээд тэр татан буугдах дээр зэрэг би ардын армид одоо офицер болон дэвшээд. Тэгээд тэр яахав гэхээр 152-р анги гэж одоо энэ Сүхбаатар аймгийн тэнд нэг тийм манай зэвсэгт хүчний армийн тусгай бателон байсан юм. Тэгээд тэр тусгай бателонд клубын даргаар орж очиж ажиллаад бага дэслэгч цолтой офицер болоод. Тэгээд тэндээ 4-5 жил ажиллаж байгаад энэ 107-д клубын даргаар ирж бас хэдэн жил ажиллаад. Тэрний дараа энэ Хандгайтаас дээшээ цэргийн амралт гэж байсан. Тэр цэргийн амралтын соёл олон түмний ажлын зааварлагчаар бас тэнд очиж хэдэн жил ажиллаад. Тэгээд 1983 онд Зүүнбаянгын девизийн танкын 138-р хорооны клубын даргаар ажиллаж байгаад. Тэгээд 1989 онд тэтгэвэртээ гараад л. Тэгээд л тэрнээс хойш одоо яахав одоог хүртэл ингээд л энэ Налайх... Би 1993 онд Налайхд ирсэн юм. Тэгээд 93 оноосоо одоог хүртэл ингээд Налайхд л ажиллаж байгаа. Аа энэ хугацаандаа би бол яахав урлаг соёлын ажлыг бол олон жил хийсээн. Тэгээд би бол одоо 1962 оноос л одоог хүртэл ер нь энэ урлаг соёлын ажлыг л хийж байгаа хүн л дээ. Тэгээд мэргэжлийн одоо жүжигчин хүн. Би мэргэжлийн дуучин хүн. Аа бас хөгжим тоглодог. Бас одоо бүжгийн багш. Ийм л одоо талын мэргэжилтэй хүн л дээ. Тэгээд энэ урлагийн анхны энэ ийм сайхан урлагт орох анхны энэ замыг манай Ховдын хөгжимт драмын театрын уран сайхны удирдаач Раднаа гэж хүн байсан юм. Тэр Раднаа гэдэг хүн бол 1962 оны Ховд аймгийн Зэрэг сумын дунд сургуульд сурагч байхад очиж нэг одоо Ховд аймгийн хөгжимт драмын театрыг чинь шинэчилсэн. Дандаа залуучуудаар шинэчилсэн. Реформ явагдаж байсан үе л дээ, 62 онд. Тэгээд тэр Раднаа багш маань очиж намайг шалгаж одоо Ховд аймгийн хөгжимт драмын алтан тайзан дээр анх миний урлагийн хөлийг тавиулж, одоо миний амьдралыг залгаж, урлагийн одоо тийм хүн болоход анхны минь эх суурийг тавьж өгсөн хүн бол миний багш Раднаа гэж хүн бий. Тэгээд тэрнээс хойш би бол олон сайхан багш нараар урлагийн талын авъяас билгээ нээхэд олон сайхан багш нар маань надад тусалж байсан л даа. Ховд аймгийн хөгжимт драмын театрт одоо энэ МУ-ын төрийн шагналт, ардын жүжигчин Жамъяндагва гэдэг багш маань миний одоо бас багшилж байлаа. Надад Банзрагч гэж МУ-ын соёлын тэргүүний ажилтан бас миний бүжгийн багш. Одоо ардын цэргийн дуу бүжгийн чуулгын бүжгийн багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан сайхан хүн багш маань байгаа. Мөн одоо унин Долгорсүрэн гэж Монголд алдаршсан, бас ардын багш, МУ-ын гавъяат жүжигчин Долгорсүрэн гэдэг сайхан багшаараа багшлуулж байлаа. Тэгээд урлагийн бол олон сайхан багш нараар багшлуулж байсаан. Тэр багш нарынхаа тийм сайхан ач гавъяагаар би одоо өдий хүрч бас урлагт олон жил ажиллаж, амьдарч яваа юм аа. Тэгээд урлагт ажиллаж амьдарч байх хугацаандаа би бас одоо Гэгээрлийн яамны жуух бичиг, за тэгээд л МУ-ын 1999 онд МУ-ын соёлын тэргүүний ажилтан болсон. Аа тэгээд ер нь урлагт ажиллаж байх хугацаандаа энэ бүх ард түмний урлагийн их наадам гээд ер нь оролцож байгаагүй газаргүй л дээ. Тэгээд энэ урлагт ажиллаж байсан маань надад бас их сайхан гоё юм бол би Монголынхоо бүхий л 18 аймгаар, 300 гаруй сумаар тоглолтоор явж манай Монгол нутгийнхаа өсгөсөн сайхан байгаль орон, хүн ардынхаа зан заншил, тэр их одоо хамгийн сайн сайхан юмнуудтай танилцаж, мэдэлцэж ингэж явсан ийм сайхан түүхтэй юм аа. За ер нь тэгээд бас энэ хугацаандаа би армид бас их олон жил ажиллалаа. 18 жил 6 сар ажилласан. Манай арми бол сайхаан. Армид бол одоо олон аавын хүүхдүүд ирдэг. Ялангуяа манай Зүүнбаянгын девиз гэдэг чинь бол одоо асар их том девиз байсан юм шүү дээ. Тэгээд тэрний хорооны клубын дарга гэдэг бол бас л нилээн том албан тушаалын ийм хүн. Тэгээд тэр дайчдынхаа дунд соёл олон түмний ажлыг зохион байгуулах ажил хийх, тэгээд л төрөл бүрийн ажлуудыг зохион байгуулах ажилд офицер ажилчид, албан хаагчид, цэрэг түрүүч нарын дунд л одоо тийм ажлыг зохион байгуулж явсаан. Тэгээд тэтгэвэртээ гарснаасаа хойш энэ Налайхд хүрэлцэн ирээд Налайхын одоо энэ соёлын ордонд анх... Одоо энэ чинь манайх мэргэжлийн жүжигчинтэй соёлын ордон байсан юм шүү дээ. Бас л тэр үед яг тэр миний түрүүний хотын соёлын ордонгууд татан буугдахад татан буугдаад тэгээд нэг мэргэжлийн хэдэн багш нартай, тэгээд одоо уран сайханчид ажилладаг ийм байсан. Тэгээд энд би ирж 93 оноос хойш энд урлаг соёлын ажлыг хийж, зарим газарт нь багшилж, зарим газарт нь одоо дуулж хуурдаж, хөгжимдөж, бүжиглэж ингэж явж өдийг хүрсэн юм аа. За тэгээд урлагийн хувьд бол ийм байх шив дээ. За миний амьдралын хувийн түүх бол би бол ээж ааваасаа 6-уулаа. Одоо тэгээд Дарханд нэг ганц эгч маань байдаг юм. Миний одоо бусад нь бол байхгүй болсон. Ингээд одоо хоёулахнаа байж байгаа. Нутаг ус маань хол. Тэгэхдээ Монголын нутаг бол сайхан нутаг юм аа. Ингээд би өөрийн одоо жинхэнэ өөрөө урлагийн талаар юу хийсэн хүн бэ? гэж бас хүн асууж, лавлаж болох юм л даа. Тэгээд би бол урлагт яахав гэхээр зэрэг нэг 40 гаруй жил зүтгэхдээ олон сайхан дууны аяыг хийсэн. Би нэг 20 гаруй дуу хийсэн хүн байгаа юм. Аа тэгээд бас 20 гаруй дууны шүлгийг бичсэн. Өөрөө бас жаахан яруу найраг оролддог. Мөн ая зохиодог ийм хүн. Тэгээд энэ маань яахав гэхээр миний 1995 онд МУ-д нисэх хүчин байгуулагдсаны 70 жилийн ойн нэрэмжит дуу зохиогчдын улсын уралдаанд “Шонхорууд нисч байна” гэж нэг сайхан дуу хийгээд, үг аяыг нь өөрөө хийж өөрөө дуулаад, тэр дуу маань улсад тэргүүн байрын шагналыг хүртэж байсан юм аа. Тэгээд ч би одоо энэ Гордокын энд байдаг зэвсэгт хүчний 137-р анги гэж манай Нисэхийн сайхан анги байдаг юм. Манай ард түмэн бол шунгиндаг онгоцныхон гэж ярьдаг. Тэгээд тэр цагаан онгоцны клубын дарга байхдаа би энэ дууг хийж тэр дуу маань одоо ангид дуун хөшөө болон сүндэрлэж байгаа. Ноотыг нь бичээд сайхан хадан дээр сийлбэрлэсэн. Одоо тэр манай Намсрайжав гуайн “Халуун элгэн нутаг” шиг тийм сайхан дуун хөшөө болон сүндэрлэж байдагт би их маш их баярлаж явдаг юм аа. За тэгээд би “Хан буурал аав минь”, Халх голын ялалтын 60 жилийн ойгоор би “Халх голын тулалдаан” гэж бас нэг сайхан дууг үг аяыг нь хийж, МУ-ын одоо ардын жүжигчин болсон МУГЖ Баярмагнай дуулж МУ-д бас 3-р байранд орж байсан. Тэгээд миний хийсэн сайхан “Мөнгөн дуулгат Алтай” гэж сайхан дуу бий. Би хэдэн сайхан дуунууд хийсээн. Аа тэгээд тэрнээс гадна би олон жүжгийг найруулан тавьсан юм аа. Энэ жүжгүүдийг найруулан тавьж, өөрөө гол рольд нь тоглож байсан. Манай Зүүнбаянд бол ардын театр гэж одоо анх эхэлж бид бас 70-аад оны үед ардын театр гэдгийг зохион байгуулж тэрэндээ жүжигчингээр ажиллаж байхдаа тэнд ардын театрын олон сайхан авъяастай дандаа клубын дарга нар, тэгээд л одоо маш их сайхан авъяастай улсууд ардын театр байгуулж, тэр манай театр бол маш их сайхан нэр хүндтэй, их мундаг сайхан театр байсаан. Тэр сайхан театрын дотор бол би жүжигчингээр ажиллаж байлаа. Мөн бидэнтэй хамт ажиллаж байсан Сүхбаатар гэж сайхан жүжигчин, Лувсаннямаа гээд, Долгоржав, аа тэгээд Аюурзана, Эрхэмбаатар гээд одоо бид сайхан сайхан жүжигчид ажиллаж байсаан. Тэгээд тэнд байж байхдаа бол “Маш нууц” гэж сайхан жүжгийг тавьж байлаа. Найруулан тавьсан Лодой гуайн “Сэтгэлийн шуурга” гэж сайхан жүжгийг найруулан тавьж байлаа. Өөрөө гол рольд нь тоглож байлаа. За тэгээд л ер нь олон сайхан жүжгүүдийн гол рольд тоглож байсан даа. “Мандухай сэцэн хатан” ч гээд тавьж л байлаа. “Ийм нэгэн хаан” гээд тавьж л байлаа. Тэгээд л ийм урлагийн талын юмнуудаар бас ийм сайхан жүжиг юунд бол тоглож байсаан. Тэрнээс гадна би бол бүжгийн мэргэжилтэй учраас бүжгийн багшийн курсийг төгссөн. Тэгээд бүжгийн багшийн курсийг төгсөөд одоо олон сайхан бүжгүүдийг бас өөрөө бол тавьсан. Уулзалт, Монгол, за тэгээд л Казак, Дөрвөд, Баяд. Би өөрөө бас ерөнхийдөө баруун Монголын хүн учраас тэр талын бүжгийн бас нэг анхны тийм мэдэгдэхүүнтэй. Миний одоо багш Жалхаажав гэж бас их сайхан баруун Монгол талын багш. Мөн тэрнээс гадна одоо МУГЖ Дугараа гэж манай Ховдын хөгжимт драмын театрын бас их сайхан жүжигчин миний багш байсан. Одоо тэр багш маань бол надад ёстой олон сайхан одоо тэр баруун Монголын чинь олон үндэстэн ястангуудын сайхан бүжгүүдийг зааж сургаж, би тэрнийхээ юугаар бас одоо урлагт бас олон сайхан шавь нар төрүүлж, олон сайхан шавь нартай, олон сайхан бүжгийг дэглэж тавьж байсан. Мөн одоо олон сайхан найрал дуу, ансамбль, дөрвөл энэ тэр хийж 1976 оны МУ-ын их наадмаар би Андреевын ежимный гэдэг нэг сайхан дөрвөлийг хийж, тэр дөрвөл маань улсад алтан медаль авч байсан ийм түүхтэй юм аа. Тэгээд би урлагийн хувьд тиймэрхүү. Миний амьдралын ерөнхий нэг тийм юу бол урлаг талаасаа ер нь бага хүүхэд залуу, залуу идэр насны энэ үед байхад бол иймэрхүү байх шив дээ. Зүгээр хувийн амьдралын хувьд бол би 8 хүүхэдтэй. Аа хөгшин маань тэтгэвэрт байдаг. Миний 8 хүүхэд бол одоо бүгдээрээ эрийн цээнд хүрээд одоо нөхөртэй нь нөхөртэй, эхнэртэй нь эхнэртэй болоод биеэ даагаад ингэж амьдарч байна аа. Аа одоо миний хамгийн том охиныг Эрдэнэчимэг гэдэг юм. За тэгээд тэрний дараачын охиныг Оюунчимэг, тэгээд Гэрэлт-Од, за тэгээд дараачых нь Ганцацрал, тэгээд 4 сайхан бандитай. Наранбаатар гэж нэг хүү бий. Наранбаатар гэж миний тэр хүү сайхан хүү, манай хамгийн том банди. Цогтбаатар гэж байгаа, аа Гангэрэл гэж банди бий. Ингээд манай хүүхдүүд бол бүгдээрээ тус тусдаа гарчихсан ингээд сайхан амьдарч байдаг ийм юм аа. Тэгээд би бол яахав ер нь одоо урлагынхаа хажуугаар бас энэ МУ-ын шагай наадам гэж их сайхан наадам байдаг юм. Энэ шагай наадам гэдгийг би бас их сонирхож одоо ингэж залуугаасаа орж байсан. Тэгээд 1974 онд би Сүхбаатар аймгийн Барон цэргийн анги гэж ард түмэн ярьдаг байсан юм. Зэвсэгт хүчний 152-р ангийн клубын даргаар байхдаа манай санхүүгийн дарга Лувсанбадам гэж нэг сайхан шагай тоглодог хүн байсан. Тэгээд тэр маань надыг анх багшилж, манай машины аккумлятрын дэрээр хашлага хийгээд өгчихсөн, нэг жижигхэн дугуй сум аваад. Тэгээд анх л надад тэнд шагай гэдэг юмыг зааж сургаж байсан юм аа. Тэгээд тэрнээс хойш бол би шагайнд маш их хорхойтой сайхан болж. Одоо шагай чинь бол үндэсний наадам гэж байснаа болиод одоо бүр спортын төрөлд орсон. Монголын одоо эрийн гурван наадмын 4 дэхь төрөлд багтаж орсон. Дотроо бол алдар цол ихтэй. Аа дээд тал нь бол спортын мастер, за тэгээд л харьшгүй гарамгай мэргэн. За тэгээд л ер нь маш их сайхан цол гуншинтай ийм сайхан спортын наадам болсон юм ш дээ. Тэгээд энэ шагайнд бол яах вэ? гэхээр Монголын шагайны анхны дууг бол би үг аяыг нь хийсэн. “Шагайн наадам” гэдэг сайхан дууг хийж, одоо манай шагайчдын бол сүлд дуу нь болсон ийм сайхан дуу байдаг аа. Тэгээд би өөрөө бол яахав өөрөө шагайн олон төрлийн тэмцээнд орж 2007 оны ахмадын улсын аваргын алтан медаль, 2003 оны улсын аваргын хүрэл медаль. За тэгээд л тэрнээс хойш манай Налайх дүүргийнхээ наадам, өдөрлөг, за тэгээд л бусад аймаг сумдаар энэ тэр явж тоглосон том том тэмцээнүүд энэ тэр бол олон медалиуд авч байсаан. Одоо миний зөвхөн шагайнд авсан медаль бол нийллээ гэхэд л одоо нэг 17-18 медаль байдаг юм. За тэгээд тэрнээс гадна би МУ-ын хүндэт харваач гэдэг цол тэмдгээр шагнагдсан ийм хүн. За шагай наадмын хувьд бол ийм байх юм аа. Би тэрнээс гадна бас урлаг спорт их сонирхдог хүн. Урлаг спортыг сонирхохдоо волейволын спорт, энэ чөлөөт бөхийн барилдаан, Монголын үндэсний бөхийн барилдааныг бас сонирхож, залуудаа бас найранд 3 дуутай, наадамд нэг 3-ын даваатай явлаа. Тэгээд би 1976 онд Сүхбаатар аймагт аймгийн начин цол хүртэж бас аймгийн начин цолтой. Залуудаа бас гайгүй ноцолдож барилдаж явсан. Ер нь юм юмны захаас л ингэж оролдож явдаг бас нэг тийм нэг ёсны саваагүй ч гэх үү, нэг ёсны тийм авъяаслаг ч гэх үү нэг тиймэрхүү л хүн дээ. За ер нь миний амьдралын ерөнхий түүх иймэрхүү л байх шив дээ.

Ариун-Ундрах -

За хоёулаа бүр эхнээс нь тодруулж ярья гэвэл таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?

Гаанжуур -

Хүүхэд нас гэдэг бол ер нь хүн бүгдэд их гоё л доо. Би ч одоо жоохоон бага байхдаа ер нь мэдээ орсон цагаасаа эхлээд л аав ээжийнхээ хажууд одоо хонь малын захад л өссөн хүн шүү дээ. Аа тэгээд л хүүхэд байхдаа, жоохон байхдаа ч одоо юу яадаг байлаа. Хурга, ишгээ хариулахаас өгсүүлээд л бүр жаахнаасаа эхлээд л, тэгээд л дараа нь хонь малаа хариулахаас өгсүүлээд л ингээд л байдаг байлаа. Тэгээд энэ Дарханд байгаа миний эгчийг Сүнжидмаа гэдэг юм л даа. Тэгээд тэр Сүнжидмаа эгчтэйгээ бид хоёр хонь хургаа хариулдаг, мал хонио хариулдаг. Манай нутаг чинь яахав зун болохоор маш их айхтар тийм ялаа шумуул ихтэй учраас хонь малыг чинь их өглөө эрт бэлчээрлүүлдэг байхгүй юу. Тэгээд л одоо өглөө чинь 4 цагийн алданд л ээжийг маань дуудаад л босгоод л хониндоо явуулдаг. Тэгээд намайг ер нь одоо нутгийн улсууд ярьдаг. Үгүй ээ энэ Хөхүүр эмчийн ... Манай аав бол малын эмч хүн л дээ. Тэгээд энэ Хөхүүр эмчийн энэ банди ер нь л одоо мундаг малч, гярхайч хүн болох юм шиг байна аа. Үгүй ээ нэг 4 цагт босоод л хонь малаа бэлчээрлээд, хонио дагаад явж байх юм даа гэж ингэж нутаг усныхан хүртэл бас яаж ярьдаг байсан. Бага байхад хөгтэй явдал бас болно л доо. Манай энэ эгч болох дээр зэрэг бид хоёр нөгөө ээлжил хонио хариулдаг. Тэгээд л эгчийн ээлж болоод л би түрүү өдөр нь хонио хариулж ирсний дараа маргааш нь эгчийн ээлж болохоор зэрэг эгч маань гадаа гараад л бас нэг жаахан тийм хэлгийдүү хүн шиг байсан юм уу даа. Тэгээд Гандуулаа, Гандуулаа гээд л намайг дууддаг. Тэгээд л хоёулаа гараад би нэг ухасхийгээд л гарах дээр зэрэг ээж маань аа өчигдөр хүүхэд хонинд явсан. Өнөөдөр хүүхэд дагуулж явлаа гээд л ээж маань эгчийг жаахан загнангуй маягтай байна л даа. Тэгээд л гадаа нэг сөртэй ааруул гэж юм байдаг юм. Гэрийн дээр хажуу талд тавьчихсан тийм 2 мод босгоод тэгээд нэг таваг шиг дөрвөлжин юман дээр ааруулаа тавьж хатаадаг л даа. Тэгээд тэр ааруулнаас надад нэгийг аваад өгчихөөр л эгчийгээ дагаад л хөөрөөд л хониндоо хоёулаа яваад өгдөг л. Тэгээд бага насанд хөгжилтэй юм их л тааралдаж байдаг юм. Тэгээд арай том болоод би ч одоо, манай нутагт чинь 9-тэй энэ тэр сургуульд ордог байлаа шүү дээ. Тэр үед яагаад тэгэж байгаа юм бэ? гэхээр чинь одоо нөгөө мал энэ тэрээ л хариулуулах гээд л одоо тэр их манайх чинь их малтай айл байсан. Манай эцэг бол ер нь Хар сарлагтын Таян Хөхүүр гэж Ховд аймгийн Манхан, Зэрэг, Дувт гээд 3 сум дамжсан мундаг их баян айлын ганц эрэгтэй хүүхэд л дээ би. Аа тэгээд тэр мал энэ тэрээ л хариулуулах гээд л одоо зарим улсууд чинь их орой хүүхдээ бүр 10 энэ тэр өнгөрсөн 11 настай ч хүүхдээ оруулдаг байлаа л даа. Манай эцэг бол бас тэгээд өөрөө малын эмч байсан хүн болохоороо биднийг бол ер нь сургууль хичээлд оруулах маш их эрмэлзэлтэй, эрдэм ном сургах юмсан гэсэн, одоо бодоод байхад манай эцэг бол их ухаантай хүн байсан байна. Тэр их малыг хариулуулж зүгээр малчин хүн болгохгүйгээр эрдэм номтой хүн болгох гэж биднийг ерөөсөө сургууль соёлоос хоцроож байгаагүй. Бид нар чинь одоо ингээд л бага байхдаа бүр 20-иод км газраас заримдаа машинд дайгдана, заримдаа явган явна, заримдаа мориор тэмээгээр одоо ингэж сургуульдаа хүртэл явуулж байсан. Тэгээд эцэг маань бол биднийг эрдэм ном сургах гэж их мэрийж байсанд би эцэг эхдээ бол маш их баярлаж явдаг юм аа. Одоо сургууль номтой хүн болгох гэж зүтгэж байсан. Тэгээд миний одоо өөрийн нэг жаахан байгалиас заяасан авъяас ч гэдэг юм уу тэгээд тэр маань хөтлөөд би одоо жүжигчин болсон хүн л дээ. Тэрнээс биш дээд сургуульд оруулахад бол бүрэн бололцоотой байлаа. Бидний үед чинь ямар одоотой адилхан төлбөр гэж тийм юм эх эцгээ шаналгаж байсан юм байхгүй байсан юм чинь. Харин ч сургуульд сураач л гэж шаардаж шамдаж байсан үе л дээ. За миний бага нас бол нэг иймэрхүү маягтай өнгөрсөөн. Миний эцэг эхийн хувьд бол миний эцэг эх хоёр бол 1939 оны Халх голын дайнд хоёулаа хамт явж дайтаж явсан улсууд. Тэр үед эмэгтэй хүн сайн дураараа цэргийн албыг хааж байсан юм гэнэ лээ. Тэгээд аав ээж хоёр минь хоёулаа Тамсагын 6-р ...-д хоёулаа дайны жилүүдийг өнгөрөөж ирсэн ийм түүхтэй юм аа. Манай аав бол малын эмч мэргэжлийн хүн. Манай ээж бол яахав угийн тийм одоо малчин тийм л хүн л дээ. Тэгээд манай ээж бол маш их одоо тийм эршүүд сайхан хүн байсан. Нутаг хошууныхан бол бүгдээрээ их гайхдаг. Ер нь одоо морийг чинь уургална, эмнэг сургана. Үгүй ээ ерөөсөө ямар ч эрэгтэй хүнээс дутахгүйгүйгээр тийм их мундаг эрэмгий ийм сайхан хүн байсан юм аа. Тэгээд манай аав мориноос их айдаг хүн байсан. Жаахан чих нь улбалзсан юм л бариад өгөх дээр зэрэг л үгүй ээ Хорхой чи нэг мордоодохооч хөө, хөөе ий гээд л. Тэгээд ээж маань морийг нь мордож нэг тойрж байж дасгаж өгч байж аав маань морь унадаг тийм. Ээж маань нэг тийм их мундаг эршүүд тийм сайхан хүн байсан. Бас их сайхан ч хүн байсан. Их дуу хөгжимтэй. Хөгжим их гоё тоглодог, дуулдаг. Тэгээд манай нутгийнхан бол ерөөсөө ээжид минь зориулж, манай ээж Батын Хорхой гэдэг нэртэй хүн байсан юм аа. Тэгээд ижийд маань зориулж “Номхон хээр морь нь ногтоороо наадаад байна аа. Нохой Батын Хорхой нүдээрээ байна аа” гэж бүр тийм нутаг орны залуучууд ээжид минь зориулсан дуу хүртэл зохиож дуулж байсан ийм түүхтэй юм гэнэ лээ. Тэгээд миний аав ээж хоёр маань 1976 онд ээж маань өөд болсон. Аав минь 81 оны үед өөд болсон. Тэгээд аав ээж хоёр минь хоёулаа өөд болсоон. Тэгээд би аав ээжийнхээ тэр сайхан одоо гэгээн сургаалийг өөртөө мөрдлөгө болгож, ер нь тэгээд хүнээс дутахгүй сайхан амьдарч, эрдэм боловсролтой сайн хүн болох юмсан л гэж эрмэлзэж бодож ингэж явдаг байлаа. Тэгээд тэр маань яахав ерөнхийдөө одоо жүжигчин хүн боллоо гээд тийм нэг их айхтар надад тийм нэг их айхтар муугаар нөлөөлсөн юм байхгүй. Одоо би МУСТА цол хэргэмээ авчихсан. Одоо надад бол гомдоод байх юм байхгүй. Мэргэжлийн газраа ажиллаж байсан бол гавъяат болохоор ч бололцоо байсан юм билүү хэн мэдэхэв. Тэгээд иймэрхүү маягтай л байна даа миний хүү.

Ариун-Ундрах -

Та анх сургуульд орж байсан тухайгаа ярьж өгөөч?

Гаанжуур -

Анх сургуульд 1956 онд Ховд аймгийн Зэрэг сумын сургуульд орж байгаа юм аа. Аа тэгээд тэнд яахав гэхээр нэг тийм одоогоор бол багийн ухуулагч гэж хүн байсан байх нь ээ дээ янз нь. Тийм улсууд л тэгээд л хөдөөний тийм нөгөө л малчин айлуудаар энэ тэр орж л, очиж л нөгөө хүүхдүүдийг чинь бүртгэж аваад л. За танайх өнөө жил 8 нас хүрсэн хүүхэдтэй юм байна шүү. За тэрнийг сургуульд оруул гэж ингээд шаардаж шахаж ингэж явдаг байлаа л даа. Тэгээд анх сургуульд орж байхад чинь манай эгч 1-р анги төгсчихсөн 2-р ангид орж байгаа. Би 1-р ангид орж байгаа ухаантай юм аа. Тэгээд тэр үед чинь яахав гэхээр манай баруун Монгол чинь бас л их л үнэхээр тийм одооныхтой адилхан ийм тансаг тийм сайхан цүнх ном хүртэл байгаагүй юм ш дээ. Бид нар чинь яахав гэхээр нэг эрэгтэйчүүд нь цэнхэр даалимбан тэрлэгтэй, аа цэнхэр даалимбан цүнхтэй, улаан тийм даавуугаар 5 хошуу хадчихсан тийм цэнхэр даалимбан тэрлэгтэй анх эхэлж сургуульд орж байлаа. Тэгээд сургуульд орчихоод л одоо тэр үед чинь яахав гэхээр эрдэм ном гэдгийг анх заалгаж миний анхны багш маань одоо МУ-ын ардын багш Бадамцэнд гэж хүн бий. Одоо ч байгаа даа. Тэр Бадамцэнд багшийнхаа гар дээр сургуульд орж, одоо тэгээд тэр Ховд аймгийн Зэрэг сумын 7 жилийн сургуулийг дүүргэж сургуулийн бага нас маань өнгөрсөн юм аа.

Ариун-Ундрах -

Аанхан. Аан та сургуульд сурахдаа гэрээсээ хол байсан уу? Гэртээ байсан уу?

Гаанжуур -

Өө хол. Би чинь сургуульд сурахад чинь бид нар чинь янзын бүр 20 гаруй км зайтай газраас чинь сургуульд явдаг байлаа. Тэгээд л тэнд чинь өглөө бүүр харанхуй шөнөөр, даамай өвлийн хүйтэнд чинь яахав гэхлээр бүр 20 гаруй км газраас чинь тэмээгээр явна. Одоо яагаад тийм гэхээр нөгөө тэмээ чинь ингээд 2 сайхан бөхтэй болох дээр зэрэг тэр нөгөө бөхнийх нь дунд муу жаахан хүүхдүүд ингээд суугаад, тэр чинь дулаахан ингээд нөгөө бөхөнд нь наалдаад л тэгээд тэмээгээр явдаг байлаа. Мориор ч явдаг байлаа. Явган ч явдаг байлаа. За тэгээд сургуулиа тарчихаад л одоо гэр лүүгээ явах болохоор чинь унаа малгүй байсан үедээ нэг замын машинд гараа өргөөд л яана. Тэгээд замын машинд суугаад л заримдаа гэртээ ирнэ. Тэгээд л тэр үед чинь яахав өнөө ноос ачсан тээвэр хийж яваа жолооч нар их байлаа л даа. Тэгэхэд тэр үед ингээд жолооч нарыг ирэхээр нь зэрэг л би ч их баярлаад сүйд болоод л. Тэгээд л ээждээ хүртэл ингээд оруулж ирээд л жолоочдоо нөгөө цай унд өгөөд л, хоол унд хийлгэж өгчихөөд л ээжээ нэг төлөг бариад өгчих үү? гээд л тэгдэг байлаа. Мал ихтэй ч байж дээ. Манай аав ээж ямар тэр нэг төлөг бариад өгсөн гэдгийг мэдэх юм биш. Тэгэхээр нь л захаас нь тааралдсан нэг сайхан том хониноос нь бариад өгчихнө. Тэгээд л тэрийг огт мэдэх ч үгүй байдаг байж л дээ. Тэр чинь нөгөө хүүхэд учраас зайлуул баярладаг байж. Бас нэг хөгтэй юм нь нөгөө морь мал байхгүй ид явж байгаад л машин зам дээр ингээд гараа өргөөд зогсохоор жолооч нар авахгүй давхиад явчихна л даа. Тэгэхээр л бага байхдаа одоо энэ миний Сүнжидмаа эгчтэйгээ хамт хоёулаа нөгөө машины зам дээр ингээд өөрийнхөө даах чинээний чулуу ингээд хөндлөн тавьчихдаг байхгүй юу. Замыг нь одоо хааж байгаа ухаантай юм уу даа. Энд ирээд л машин зогсоох гэж байгаа гэж. Тэгээд тэгэхээр л хоёулаа нэг жаахан дэрсний ард ороод л нуугдчих дээр зэрэг л нөгөө машин хажуугаар нь давхиад явчихна ш дээ. Юун тэрэн дээгүүр тэгэж явж байхав. Тэгээд аминдаа л машин зогсоочихно гэсэн тийм л санаатай л байсан байна даа. Хүүхэд нас гэж одоо гэнэн бага байж дээ. Дотуур байранд байж үзлээ. Айлд байж үзлээ, сургуульд байхдаа. Тэгээд одоо айлд байх гэдэг бол үнэхээр хүнд хэцүү. Аа бид хоёрыг одоо ингээд л миний нэг эмэгтэй дүү байсан. Тэр маань талийгч болсон л доо. Тэгээд бид 3-ыг нэг айлд өвөлжүүлж сургуульд намар айлд суулгасан байхгүй юу. тэгээд тэр айлдаа суулгахад чинь одоо ухаан нь тэр үед чинь бид 3-ын хүнс гээд ингээд 7 хонь, 7 ямаа, 1 үхэр, 1 тэмээ, 1 адуугаар хүнс хийж өгч байгаа юм. Тэгээд тэр айл яахав гэхээр бид нарт тэр мах шөлнөөс ерөөсөө өгөхгүй. Тэгээд л одоо нэг шар будаа л хийж өгнө. Аа тэгээд л аав ээжийг энэ тэр хааяа нэг эргэж бариад ирэхээр нь зэрэг чинь л аа миний хүүхдүүд хоолоо идэцгээ гээд л бид 3-т чинь мах энэ тэр чанаж өгөөд л, тусад нь нэг хавирга энэ тэр өгөөд л. Тэгээд л аав ээждээ хэлээд л, худлаа тэгэж байгаа юм. Та нарыг байхгүй болохлоор бид 3-т тэрийг чинь юм өгдөггүй юм энэ тэр тэгдэг гээд л. Үгүй ээ тэгээд тийм их хүнс өгч байхад хө одоо энэ 3 хүүхдэд нэг цадтал нь хоол өгчихдөггүй ямар учиртай байсан юм байгаа юм. Тэгээд л одоо ер нь бага байхад тэгээд л хүүхдүүд нэг их айхтар тийм одоо энэ махтай хоол энэ тэрийг тэгэж. Бид гэдэс бол цатгалан л даа. Манайх бол яахав гэхээр чинь зэрэг асар их олон малтай. Тэр цагаан идээ, тэр өрөм, ааруул, бяслаг, хоормог үгүй ээ тэр ерөөсөө маш элбэг л дээ. Үгүй ээ тэгээд л тэр үед чинь нэг махан хоол л идэх юмсан л гэж бодоод, өлсөөгүй мөртлөө л нэг л махан хоол идэх юмсэн л гэж бодоод байдаг л тийм үе байдаг байлаа. Тэгээд одоо хааяа нэг зочид гийчид холоос энэ тэр ирэхээр нэг хонь мал гаргана. За тэр үед нэг хонь мал гаргахаар зэрэг л одоо нэг гэдэс цувдаа идэж, мах иддэг тийм л байлаа л даа. За тэгээд манай аав бол бас их мундаг анчин хүн байсан юм. Тэгээд би багаасаа аавыгаа дагаж, одоо би чинь 7 настайгаасаа эхлээд л зурам буудаж. Калибрын сум чинь, одоо энэ айхтар үнэд хүрээд байгаа калибрын сум чинь 2-хон төгрөгний үнэтэй бүтэн 50 ширхэг сум. Тэгээд аавынхаа калибраар, манай аав 1939 онд Халх голын дайнд орж байхад маршал Чойбалсангаас л аавд тийм гарын үсэгтэй, дурсгалтай тийм богинохоон 100 м тусгалтай тийм калибр байсан юм. Тэгээд тэр калибраар би тэмээний хоргол буудаж сургууль хийж байгаад л, тэгээд л зурам энэ тэр алдаг. Тэгээд л тарвага алдаг. Тэгээд аавтайгаа хамт аргал, угалз, янгир. За тэгээд л намар болох дээр чинь зэрэг хулсны гахайн энэ тэр анд аавтайгаа хамт явж би ангийн хорхойтой. Одоо ч гэсэн би бол ангийн хорхойтой хүн. Тэгээд одоо ямар яахав дээ тэгээд ингээд өнгөрч дээ. Иймэрхүү л миний амьдралын түүх ийм байна даа. Асуугаад байх юм бол ахад нь одоо тэгээд яриад байх юм бол зөндөө байлгүй яахав дээ.

Ариун-Ундрах -

Сургуулийн багш нар, хичээл ямар байсан бэ?

Гаанжуур -

Аа тэр үед чинь одоо сургалт гэж үнэхээр тэр юм сургах юмсан гэсэн багш нарын эрмэлзэл, ер нь юм суръя гэсэн сурагчдын эрмэлзэл ч их байсан байгаа юм. Одоо миний бодоод байхад багш нар чинь бол ёстой нөгөө аманд нь халбагаар хоол хийж өгч байгаа юм шиг заадаг байлаа шүү дээ. Аа тэгээд бид нар бол яахав гэхээр зэрэг тэр үед чинь нөгөө одоо сургуульд багш нар чинь ерөөсөө зүгээр самбар дээр бүх юмаа бүгдийг нь бүр ёстой А, Б-ээс нь авхуулаад, одоо бага ангид байхад ч яахав дээ бичиг үсэг дөнгөж нэг л тайлагдах төдий юм л байдаг байж. Тэгээд нэг арай нэг 5, 6, 7-р ангид ороод ирэх дээр чинь зэрэг бас хичээл арай жаахан хүндрээд. Тэгээд одоо багш нарын сургалт бол үнэхээр сайн байсан. Аа сурагчдын эрмэлзлэл ч сайн байдаг байж. Аа тэгэхдээ нэг ёсондоо тэр чинь нэг тэр үед яахав гэхээр тийм нэг ойлгодоггүй, мэдэрдэггүй л байж л дээ. Одоо ухаан нь физик, геометр, алгебрийн хичээл энэ тэрт бол одоо хүүхдүүд ер нь их тийм онц ойлгодоггүй байсан. Зүгээр миний хувьд л тийм байсан юм. Аа би тэр геометрийн бодлогын хураамж гэдгийг бол үнэн дургүй, ерөөсөө ч дургүй. Тэр юм мэддэг ч үгүй. Тэгээд Орос хэл гэж нэг юманд одоо бас заана аа. Тэр Орос хэлэнд нь мэдэхгүй. Ямартаа манай сургуулийн багш Эрдэнээ гэж Орос хэлний багш Эрдэнээ гэж хүн байсан. Тэгээд л Гаанжуур давай на доска гээд л тэгнэ. Аа мундаг нэг самбар дээр нь гараад яахаар садить с двойка гэж байдаг сан. Миний санаанаас гардаггүй. Тэр нэг намайг самбар дээр гар гээд дуудна. Тэгээд самбар дээр нь гараад л нөгөө Оросоор л юм асуудаг байсан байна л даа одоо бодоход. Тэгээд тэрийг нь мэдэхгүй болохоор суу 2 гэдэг. Аа тэгээд бусад хичээлүүдэд бол ер нь гайгүй ээ. Зүгээр би бол яахав гэхээр тэр хэл бичиг, уранзохиолынхоо хичээлд бол их дуртай, сонирхолтой. Аа алгебрийн хичээлд бол бас их дуртай сонирхолтой байсан. Тэгээд яахав дээ нэг овойж оцойтол нэг их мундаг их олон жил дараалан онц энэ тэр сурч байгаагүй. Зүгээр ер нь яахав нэг зарим би нэг 4-р ангийг онц төгсдөг ч юм уу, 5, 6-аа нэг сайн төгсдөг ч юм уу тиймэрхүү маягтай л сурагч байсан. Тэгээд нэг их айхтар мундаг онц сурлагатай сурагч ч байгаагүй л дээ. Аа миний бага нас бол тиймэрхүү л байх шив дээ.

Ариун-Ундрах -

Таны хүүхэд насны мөрөөдөл юу байсан бэ?

Гаанжуур -

Би хүүхэд насныхаа мөрөөдөлдөө бол ерөөсөө л аа тэгээд манай нутаг дээр чинь одоо би нөгөө түрүүн чамд ярьсан ш дээ. Машинд суугаад л ингээд сургуулиасаа гэртээ ирдэг байсан гэж. Тэгээд би ер нь том болчихоод л жолооч болно гэж л маш их боддог байлаа. Жолооч болоод л би чинь одоо тэгээд л манай нөгөө кино гаргадаг нэг тийм, киноны хальс гаргадаг ийм дугуй төмөр байдаг юм л даа. Дамран төмөр. Тэрнийг чинь ингэж барьчихаад л би чинь Навчсыг алдан сэржигнүүлсээн гээд л нөгөөдөхийгөө тэгээхээр зэрэг айл хашаа байсан улсууд энэ тэр орж ирээд л үгүй ээ энэ манай энэ Ганжуур ер нь дуучин болно, жолооч ч болно гээд л тэгдэг байсан. Тэгээд тэр жолооч маань ч болж чадалгүй байсаар байгаад, тэгээд л одоо энэ хажуугаар нь жүжигчин болоод ингээд өнгөрсөн юм. Аа тэгээд би бас нэг хажуугаар нь яахав гэхээр ийм одоо цагдаагын гүйцэтгэх ажилтан болох юмсан гэж би ерөөсөө маш их мөрөөддөг байсан. Бидний бага үед чинь чекист гэж ярьдаг байлаа л даа, тийм хүнийг. Тэгээд чекист гэдэг юмыг л болох юмсан гэж их мөрөөддөг байсан. Тэгээд миний тэр 2 мөрөөдөл хоёулаа үндсэндээ биелээгүй л дээ. Тэр нэг нь бараг биелэх дөхсөн юм байгаа юм. Би 1968 онд цэргээс халагдчихаад хотод байсан. Тэр нэг хэдхээн хүүхдүүдээс, цэргээс халагдсан залуучуудаас энэ ...-ын нэрэмжит хөдөө аж ахуйн техникумд ЗХУ-д суралцуулахаар ХААЯ-н дээр бид нар тийм томилогдсон байхгүй юу. Тэгээд тэр томилолт өгсөн чинь тэр нь 9 сарын 1-нд явна гэж байсан сургууль. Тэгээд би нутагтаа дөнгөж очиж аав ээжтэйгээ уулзчихаад тэгээд би буцаад хүрээд ирсэн чинь тэр намар нь тэр сургууль нь явахаа больчихоод. Тэгээд одоо бүр яадаг ч аргагүй. Яадаг юм билээ гээд бүр гайхаад тэгээд байж байсан чинь цагдаа болох юмсан гэж бодоод байсан чинь миний бас нэг ээжийн хамаатны дүүгийн эгч маань цагдаа болж яах гэсэн юм бэ? гээд байхаар нь үгүй ээ би цагдаа болмоор байна гээд тэгсэн. Тэгээд тэр эгч маань бас нэг тийм цагдаагын газрын хүнийг таньдаг байсан юм байна лээ л дээ. Тэгээд тэр цагдаагын газрын хүнийг надтай уулзуулсан чинь за хө чи 6 сар качгар хий. Одоо албан газрын тийм уурын зуух байна ш дээ. Тэр уурын зуухны нүүрс качгар хийж галч болоод, тэгээд 6 сарын дараагаар чамайг сайн ажиллах юм бол цагдаа болгоно гэхээр нь зэрэг ингэж байна гэж би эгчдээ ирж хэлэхгүй юу. Тэгсэн чинь өө юу гэж байгаа юм. нүүрс 6 сар качгар болж юу ухаад байхдаа яадаг юм. Тэгвэл тэр мэргэжлээрээ юу яахгүй юу чи, урлаг соёлын газар орохгүй юу гээд. Тэгээд барилгачдын соёлын ордонд шалгуулах санаатай очсон чинь одоо энэ МУАЖ Цэндээхүү гэж нөгөө “Сэрэлт” кинон дээр нэг ламд тоглодог тэр хүн намайг шалгадаг юм аа. Тэгээд за хө чи юу хийж чаддаг хүн бэ? л гэж байна. Аа би ч яахав дээ дуулж чадна, бүжиглэж чадна, хөгжимдөж чадна, жүжиглэж чадна гээд л баахан авлаа даа. Тэгсэн хажуу талд нэг тийм дугуй хар малгайтай, нэг гандчихсан бор торгон дээлтэй, нэг тийм барзгар нүүртэй бас нэг хүн сууж байсан юм. Тэгээд намайг хөгжимдүүлж үзлээ, дуулуулж үзлээ, жүжгийн бас нэг тийм монолог энэ тэр хийлгүүлж үзлээ. Тэгээд тэрнийхээ дараагаар яасан чинь тэр нөгөө хүнээ Гомбо чи энэ хүүхдийн нэг бүжгийг нь шалгаадах гээд л тэгсэн. Тэр хүн маань босоод л нэг хөдөлгөөн хийлгээд л яаснаа л над руу нэг тийм муухай харж байгаа юм шиг харснаа л та гарч бай гээд тэгэж байна. Тэгээд л би гадаа гараад л үгүй ээ энэ чинь тэнцээгүй юм байна даа гэж бодоод зогсож байсан чинь нөгөө хүн гараад ирдэг юм. Тэр хүн гараад ирсэн чинь л за миний хүү чи намайг таних уу? гээд нэг их хүүхэн хүн шиг хачин ярьдаг тийм хүн байлаа. Тэгээд би танихгүй гээд тэгсэн чинь би МУГЖ Лувсангомбо гэдэг хүн шүү дээ. Би энэ ажилчдын соёлын ордны бүжгийн багш байгаа юм. Би нэг чам шиг ийм гоё авъяастай нэг сайхан залуу олж авах гэж үгүй ээ мөн их бодож байсан. Чи яг миний сэтгэлд таарлаа. Би цаад муу Цэндээхүүд чинь юу ч чаддагүй юм байна гээд худлаа хэлчихлээ. За одоо би чамайг дагуулаад явна аа. Чи манай соёлын ордонд орох уу? гэж байна. Үгүй ээ тэгээд нөгөө ажилгүй байсан хүн чинь юу гэхэв зүгээр бушуухан л орохын түүс болж байгаа юм чинь. Тэгээд тэр анх Лувсангомбо багш минь намайг ажилчны соёлын ордонд жүжигчингээр авчраад. Тэгээд дараанаас их хөгжилтэй. Үйлдвэрчний эвлэлийн 10-р их хурал гэж Улаанбаатар хотод болсон юм. Тэгээд тэр нь хотын бүх соёлын ордонгууд нийлж дуурийн театр дээр нэг том хүндэтгэлийн концерт хийхээр болсон байсан юм л даа. Тэгээд тэрэнд цуглаж байсан чинь өнөө Лувсангомбо багш бид хоёр очсон чинь Цэндээхүү багш тэр концертон дээр ирсэн чинь Лувсангомбоо чиний нөгөө нэг огт юу ч чаддаггүй хүн чинь энэ үү хө? гэсэн чинь заа тиймэрхүү юм байлгүй яахав дээ Цэндээ минь гэж манай багш нэг бөөн хөхрөөн болж байж билээ. Тэгэж би ажилчны соёлын ордонгоос бас одоо урлагийнхаа замыг эхэлж байсан ийм учиртай юм аа. Тэгээд ажилчдын соёлын ордонд байхад чинь би одоо гоцлол хөгжимчин, гоцлол дуучин, гоцлол бүжигчин, гоцлол жүжигчин. Аа тэгээд л олон сайхан том том гоё жүжгүүд найруулж тавьдаг. Тэгээд тэр жүжгийн гол ролиудад энэ тэр тоглодог. Тэгээд энэ соёлын ордон гэдэг бол үнэхээр одоо маш их сайхан урлагийн талын олон сайхан авъяасыг хөгжүүлдэг маш их сайхан юм байсан. Одоо тэгээд энэ соёлын ордон гэдэг юм маань огт байхгүй болчихоод, одоо тэгээд байхгүй тасарчихлаа л даа. Тэгээд өө хөдөө бригад тоглолтоор их явна ш дээ. Энэ чинь одоо Монголын 18 аймаг, 300 гаруй сум нэгдлүүд байсан. Тэгээд тэрүүгээр чинь зөндөө тэгэж тоглолтоор явна. Би ер нь одоо Монголынхоо ер нь 18 аймгийг бол бүгдийг нь үзсэн. Аа тэгээд 300-аад сум нэгдлээс би нэг ямар ч байсан 200 гаруй сум нэгдлийг үзсээн. Тэр үед чинь сум нэгдэл гэж байлаа ш дээ. Энэ дандаа тоглолтоор явдаг. Монголынхоо аль л сайхан гоё байгальтай газар, байгалийн сайхантай ийм газруудаар их олон сайхан газруудаар явсан л даа. Одоо манайхан чинь нэг ингээд байх болчихож. Ерөөсөө л юм болох дээр зэрэг л гадаадын их сайхан орон үзнэ, гадаадын их сайхан газар очно гээд ингээд байдаг болчихож. Үгүй ээ манай Монгол гэдэг чинь гайхамшигтай нутагтай, унаган төрхөөрөө байгаа байгалийн гоо сайхантай ийм гоё газар шүү дээ. Үгүй ээ тэгээд Монголынхоо тэр л их олон сайхан гоё түүх дурсгалын гоё газрууд байна, тэр их олон маш гоё үзэсгэлэн төгс их сайхан гоё газрууд байна. Тийм газруудаа үзчихсэн байхад бол ер нь заавал тэр нэг их гадаадад очиж тэр Хайнан л гээд байдаг, тэр ямар юмны арал ч гэнэ үү? Тийм юм руу яваад байх надад бол тийм юм таалагддаггүй. Одоо ч гэсэн би ерөөсөө ингээд нэг, одоо ч яахав тэртээ тэргүй чөлөөтэй болчихож. Тэтгэвэртээ гарчихаад дуртай газраа, явъя гэсэн газраа явдаг боломжтой болчихсон. Тэгэхээр Монгол гэдэг чинь бол үнэхээр гайхамшигтай орон. Монголын ард түмэн гэдэг бол үнэхээр гайхамшигтай ард түмэн шүү дээ. Тэгэхээр Монгол гэдэг эх орондоо ингэж хүн болж төрсөндөө, өдий хүртэл 60 гаруй насалсандаа би бол баярлаж явдаг юм аа миний хүү. Монгол гэдэг чинь бол үнэхээр одоо маш их ёс жаягтай, ард түмэн маань маш их хүндэтгэлтэй, ард түмэн маань маш их элэгсэг дотно. Социализмын үеийн гэж одоо яриад байх болж л дээ. Тэр социализмын үе гэж бол нээрээ үнэхээр сайхан байсан. Ганц нэг жишээ ярихад одоо ухаан нь бид нар ингээд тоглолтоор явахад чинь замд энэ тэр явж байгаад л бас нэг цангаж ангаад энэ тэр явж байхад нэг айлуудаар 2-3 айл энэ тэр байна л даа. Нэг замын дагуу энэ тэр. Тэгээд тэр айлуудаар очиход чинь ерөөсөө тэр айлын тэр гэрийн цоож гэж ерөөсөө юу ч байхгүй. Ерөөсөө гадна талаас нь нэг жаахан дээсээр бүслүүрээс нь ингээд ороогоод хавчуулчихсан. Тэгэхээр угаасаа гэрт нь ороход бол тэр гэрийн эзний хүний тэр гаанс, хөөрөг, даалимба, тэр ерөөсөө тэр гэр оронд нь тогоотой сүү нь өрөмтэй хэвээрээ. Үгүй ээ тэр л одоо гадаанаа байгаа тэр одоо ухаан нь нэг тэнд бол хулгай зэлгий гэсэн тийм юм ерөөсөө огт байхгүй байлаа. Огт үгүй. Тэгээд тэр айлд бол ерөөсөө нэг сайхан цай чанаж уучихаад л, тэр сайхан сүүнээс нь сүүтэй цай чанаж уучихаад тэгээд явахад бол тэрэнд ерөөсөө юу ч байхгүй. Тэр бид нар бол ингээд нэг жаахан авч явсан чихэр үзэмнээсээ тэр тавганд нь хийж тавьчихаад, тэр гэр дотор нь сайхан цай чанаж уучихаад, өөрснөө бас хоол ундаа хийж идчихээд танд их баярлалаа, танайд их баярлалаа шүү гээд тавагтай чихрэн дээр нь чихэр үзэмнээсээ тавьчихаад явж л байсан. Үгүй ээ одоо бол юун тэр одоо тэр 40-ын бетон, тэр л их гоё тогоо, тэр гэр оронд нь тэр л их мөнгөн хазаартай эмээл хазаар. Үгүй ээ тэр бүх юм чинь, тэр гэр орон, авдар сав нь ерөөсөө цоож гэж байхгүй тийм байлаа ш дээ. Үгүй ээ одоо бол юу вэ? гадаанаас нь 10 бетон байсан ч аваад явчихна ш дээ. Тэр гэрийг нь бараг одоо бол нүүлгээд явчих байлгүй. Тийм байсан. Тийм одоо тийм сайхан одоо юу гэдэг юм бэ? дээ. Гүндүүгүй гэдэг юм уу? Тийм Монгол хүний зан чанар гэж нэг тийм сайхан байлаа. Тэгээд одоо бол яахав энэ зах зээлд ороод одоо бол юм хэцүү үе болж дээ. Тиймэрхүү байх шив дээ. Тэр зах зээлд орсноос хойшхи тухай асуудал мэдээж асуудаж хариулагдах байлгүй. Тэр зах зээлд орсноос хойшхи талын юмнуудыг бол би дараа нь ярьж өгье өө.

Ариун-Ундрах -

Та өөрийнхөө энэ олон авъяасыг анх ер нь яаж нээсэн бэ?

Гаанжуур -

Аа энэ ингэдэг юм. Бас ингээд нөгөө сургуульд орчихсон байж байхад чинь сургуулиуд чинь одоо дуу хөгжмийн багш гэж байсан юм ш дээ. Дуу хөгжмийн багштай. Тэгээд тэрнээсээ гадна дугуйлан гэж явдаг байлаа. Бүжгийн дугуйлан гэж явна, дууны дугуйлан гэж явна. Аа тэгээд тийм дугуйлангууд явагддаг байсан. Тэгээд би бол яахав гэхээр надад анх тийм нэг ээж маань надад ингээд мандлин авч өгсөн. Гармони гэж 210 төгрөгний үнэтэй хөгжим аав ээж хоёр маань надад авч өгсөн. Ээж маань яагаад тэр мандлин авч өгсөн гэхээр ээж маань өөрөө мандлин их гоё тоглодог хүн байсан юм. Тэгээд шанз, мандлин, хуучир их гоё тоглодог. Тэгээд надад тэр мандлиныг зааж сургахад амархан гэж л байсан юм уу даа. Тэгээд одоо мандлинаар анх эхлээд надад тэр “Хүмүүн төрөлхтөн” гэдэг аялгууг зааж өгч, тэгээд тэр би мандлин сураад. Тэгээд тэр дараагаар нь яахав гэхээр нөгөө миний одоо багш байсан хүн Дамдин гэж сүүлд манай цэргийн сум нэгдлийн дарга байж байгаад өнгөрсөөн зайлуул. Тэр хүн бас их баяан хөгжим их гоё тоглодог. Тэгээд тэр надад тэр гармони гэдгийг Түмэндэмбэрэл гэж миний найз энэ Налайхд цагдаа байж байгаад өөд болсон доо. Тэр бид хоёр Ховдын хөгжимт драмын театрт хоёулаа жүжигчин байсан хоёр. Тэгээд тэр бид хоёрт гармони хөгжмийг зааж өгч. Тэгээд л одоо тэрэн юу яахаар зэрэг тэр гармони хөгжим, тэр мандлин гэдэг хөгжмийг бид хоёр бас их нилээн сайн тоглодог. Манай тэр Түмэндэмбэрэл маань гармони их гоё тоглодог. Би мандлин тоглодог тийм байж байгаад, тэгээд хажуугаар нь яахав гэхээр нөгөө нэг дууны, шүлгийн, хөгжмийн гээд л одоо төрөл бүрийн тэмцээнүүд явагдана л даа, сурагчдын дунд. Тэгээд би бас нэг байгалиас заяагдсан тийм бас нэг жаахан тийм дуулах хоолойтой байсан юм шиг байгаа юм. Тэгээд би чинь их хөөрхөн дуулчихдаг. Тэгээд тэр дууны тэмцээнд нь ороод сургуулийн аварга болоод л сүрхий тийм байдаг байсан. Тэгээд Ховдын драмын театрт орохдоо бүжигчнээр орсноосоо гадна драмын мэргэжлийн театрууд чинь дотроо ерөөсөө дуу хуурын анги, тэгээд бүжгийн анги, жүжгийн анги, хөгжмийн анги гээд тус тусдаа л даа. Соёлын ордонтой адилхан тийм байхгүй. Зүгээр тус тусдаа байдаг. Ерөөсөө бүжигчин хүн бол бүжгээ л дан дагнадаг, дуучин хүн бол дуугаа л дан дагнадаг. Аа тэгэхдээ бас хааяа нэг ингээд нэг хөдөө энэ тэр тоглолтоор явахад одоо бас нэг жаахан дууны авъяастай тийм улсуудыг бол бас эрэгтэй чуулга ч юм уу тийм юманд дуулуулаад бариад аваад явдаг тийм тал байдаг байсан юм. Аа тэгээд би театрт байхдаа бас их хөөрхөн дуулчихдаг байсан чинь намайг бол бага Зангад гэж нэрлэдэг байсан юм. Зангад багш чинь одоо миний дууны багш хүн шүү дээ. Тэгээд бага Зангад гэж нэрлэдэг байсан. Би чинь Зангад багштай их адилхан тембертэй дуулдаг, их нарийхан гоё хоолойтой ийм дуулдаг байсан. Тэгээд хожмоо том болоод энэ соёлын ордонд ороод ирснийхээ дараагаар одоо дуучин болох анхных нь эх үүсвэр тавигдсан. Тэгээд би дуугаараа бол одоо бүх ард түмний урлагийн их наадамд алт мөнгөн медалиуд олон авсан даа. Тэгээд би бол одоо ч гэсэн дуулж л явдаг. Одоо бол би чинь яахав гэхээр их сайхан CD бичүүлчихсэн. Одоо тэгээд понограммтай хаа ч очсон дуулаад л явдаг. Мөн одоог хүртэл би Монголын улаан загалмайн нийгэмлэгийн донорын холбоо гэж байдаг юм. Тэр донорын холбооны одоо нэг хэсэг уран сайханчид байдаг юм л даа. Тэр донорынхоо тухай танилцуулга, сурталчилгаа явуулсныхаа дараагаар бас нэг бяцхан концерт тоглоод өгчихдөг. Тэрний одоо хамт олонтой ороод би одоо бас энэ концертоо дуулаад, тэр концертон дээр дуулаад л, хөгжимдөөд л явж байгаа. Аа иймэрхүү л байна даа.

Ариун-Ундрах -

За та бага сургуульд дотуур байранд байсан тухайгаа ярьж өгөөч?

Гаанжуур -

Аа дотуур байранд байлаа. Тэгээд тэр дотуур байр чинь яахав гэхээр зэрэг хоол унд сайхантай, аа бас тэр дотуур байр чинь их аятайхан байсан юм ш дээ. Тэр дээр үед чинь бол юм элбэг сайхан байжээ. Тэгээд дотуур байранд чинь яахав гэхээр бас тэр хүүхдүүдийнх нь хоол унд энэ тэрийг бас эх эцгээс нь өгч байсан юм шиг байгаа юм. Малын мах энэ тэр, цагаан идээ. Аа тэгээд тэнд чинь бас нэг талх гэдэг юм барина. Еэшээ гээд нэг хөгшин байсан юм. Зайлуул тэр маань талх барьдаг. Тэгээд дотуур байранд байхад чинь яахав гэхээр зэрэг бас нэг идээшдэггүй, яг гэртээ байдаг шиг бас байдаггүй юм л даа. Тэгээд дээр үеийн чинь дотуур байр гэдэг чинь одоотой адилхан тийм сайхан тохилог байсан биш дээ. Одоо бараг нэг л тийм нэг наар шиг юман дээр хавтгайгаараа, нэг муу модон наар шиг юман дээр л тэгээд л бүгдээрээ л эрэгтэй хүүхдүүд нэг тусдаа өрөөтэй, эмэгтэй хүүхдүүд нэг тусдаа өрөөтэй. Тийм нааран дээр л үстэй дээлээ нөмрөөд унтана шүү дээ. Тэр хөнжил гэж байхгүй. Үстэй дээлээ нөмрөөд тэгээд л унтдаг. Тэгээд сургуульд байхдаа гэрээ, тэр дотуур байранд байхад гэрээ их санана аа. За тэгээд л аав ээж маань эргэж энэ тэр ирэх дээр зэрэг л нар гардаг. Хөө чухам ёстой нэг үгүй ээ тэр дотуур байранд өлсөж барьж байгаа үгүй л байсан л даа. Тэгсэн мөртлөө л тэр нэг аав ээжийн минь авчирч өгсөн цагаан идээ, тэр аав ээж маань сайхан мах шөл чанаад л энэ тэр одоо аль л сайн сайхныгаа л үр хүүхэддээ авчирч өгнө шүү дээ. Тэгээд тэрнийг л идэхээр л одоо маш их сайхан байдаг юм шиг санагддаг л тийм л байж дээ. Тэгээд л одоо дотуур байранд байсаан. Би чинь 2-3 жил дотуур байранд энэ тэр байсан юм. Энэ Дарханд байгаа эгчтэйгээ хамт хоёулаа дотуур байранд байж л байсан. Тэгээд айлд ч байж л байлаа. Тэгээд сүүлд нь тэр манай аав ээж хоёр минь ерөөсөө энэ айлд хүүхэд зутраагаад яах юм. Ерөөсөө 3 хүүхдээ ер нь тусад нь нэг байлгая гээд. Тэгээд нэг муу жижигхэн шавар байшин барьж өгөхгүй юу бид 3-т. Тэгээд тэр шавар байшинд 3-уулаа байхдаа ёстой нөгөө хүний гараар тос уухаар өөрийн гараар ус уу гэлээ гэдэг шиг тэнд байхад чинь өө аав ээж минь ингээд л тэр нөгөөдөх цагаан идээг нь бэлдээд аваад өгчихсөн. Тэгээд л тэр гурил, будаа, мах шөл бүгдийг нь аваад өгчихсөн. Үгүй ээ тэнд 3-уулахнаа нэг хоол ундаа хийж идээд өөрөө байхад бол ёстой нэг жаргаж нэг жил өвөлжиж, тэгээд 7-р анги төгсөх жилээ бол ёстой нэг жаргаж өвөлжиж байлаа. Гурвуулаа өөрснөө хоолоо хийгээд идчихнэ. Өөрийн гэсэн хөөрхөн байртай. Тэр түлээ модыг нь бүгдийг нь аав ээж маань бэлдээд өгчихнө. Тэгээд л тэрүүгээр яагаад 7 төгсөхдөө би бас их сайхан, бид 3 гурвуулаа их сайхан төгсөж байсан. Тэр маань яахав гэхээр тэр нэг айлд байсан, дотуур байранд байсан энэ тэрээс бүр хамаагүй ялгаатай сайхан санагдаж байсан л даа. Хүүхэд байхад тиймэрхүү л олон талын юм үзэж байсан даа.

Ариун-Ундрах -

За таны бодлоор таны бага нас тэр үеийн бусад хүүхдүүдийнхээс юугаараа ялгаатай вэ?

Гаанжуур -

За даа ер нь нутаг орны хүүхдүүдийн хувьд бол ер нь нэг их ялгаа байдаггүй юм. Хөдөөний, даамай манай баруун Монгол чинь ер нь одоо үндсэндээ тийм нилээн сүүл хүртэл хөгжөөгүй. Одоо хүртэл ч манай сум бол бас л нэг л ядуухан л байдаг л ийм юм байдаг юм. Тэгээд хүүхдүүдээс нэг их ялгагдах юу байхав. Зүгээр ер нь одоо хичээл ном, сургуулийн хувьд бол бид нар адилхан сурдаг л, сайн нь сайн, муу нь муу, онц нь онц л сурдаг тийм л ялгаатай байсан байх. Би зүгээр яг хүүхдүүдээс ялгагдах юм бол тэр анги дотроо бол үнэхээр тийм урлагийн талын авъяасаар би арай л өөр ялгардаг тийм хүүхэд байсан л даа. Бүжиглэдэг, дуулдаг, бас тийм хошин хөөрхөн юм ярьчихдаг, жүжиг юманд оролцчихдог. Тэгээд нэг хүүхдүүдээс арай ялгаатай нь би урлагийнхаа талаар л арай жаахан ялгаатай байсан байх, нэгдүгээрт. Хоёрдугаарт бас яг тэр манай ангийнхаа үеийн хүүхдүүд дотор би бас арай өндөр нуруутай, хамгийн нуруу турууны хувьд арай өндөр, бие ялгаатай байсан. Би чинь 9 настай сургуульд орсон юм. Аа тэгэхдээ одоо тэр түрүүний жилийн сургуулийн хүүхдүүдтэй харьцуулах юм бол ер нь... Одоо манай үед чинь нөгөө нэг пионерийн бүлгийнхэн энэ тэр гээд л өнөө сургуулийн хүүхдүүд чинь жагсдаг энэ тэр байхад чинь би ер нь хамгийн 1-рт л жагсдаг байсан. Тийм өндөр нуруутай, ер нь биерхүү тийм хүүхэд байсан л даа. Тэр талаар л арай ялгаатай байсан байх. Өөр бусдаар сургуулийн хүүхдүүдтэй л ижилхэн л дээ.

Ариун-Ундрах -

За та хүүхэд ба эцэг эх хоорондын харилцааны талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч? Тэр үеийн эцэг эх, хүүхдүүд хоорондоо ямархуу харилцаатай байдаг байсан бэ?

Гаанжуур -

За даа эцэг эх, хүүхдүүд гэдэг бол зүгээр ер нь аав ээжийнхээ алганы амтыг үзээгүй хүүхэд гэж бидний үед бол байгаагүй. Аав ээжийнхээ алганы амтыг үзсэнээрээ бид нар муудсан юм нэг ч байхгүй. Ер нь тэр үед яахав гэхээр өнөө хүүхдүүдийн эх эцэг гэдэг бол одоо эх эцгээсээ маш их эмээдэг, эх эцгээ их одоо хүндэлдэг. Эх эцгээ хүндлэхээсээ гадна ахмад настангуудыг хүртэл хүндэлдэг тийм байсан. Хүүхдийн хүмүүжил бол бидний үед маш их өндөр байсан, маш сайн байсан гэж би ингэж ойлгодог. Аа тэр битгий хэл хониндоо явж байгаад нэг хээр гадаа бас нэг жаахан салхи шуургатай үед нөмөрлөөд энэ тэр унтчихсан байж байх юм бол, зүүрмэглэчихсэн байж байхад гадны хүн, одоо огт танихгүй хүн хүртэл ирээд чи хонины зах дээр ингэж унтаж байдаг яасан задарсан золиг вэ? Хөж гээд нэг шилбүүрээр шилбүүрдчихсэн байхад бол ер нь тэрэнд зодлоо нүдлээ, тэглээ гэсэн тийм юм одоо ер нь байж байгаагүй. Харин ч битгий хэл гэр орондоо ирээд одоо аав ээждээ тэр гуай тэглээ гэх юм бол аав ээждээ бүр өшөө дээрээс нь нэмэж загнуулдаг тийм л байсан үе л дээ. Тэр манай аав ээж бол одоо үндсэндээ аав маань бас мундаг боловсролтой хүн байсан байгаа юм. Тэр чинь одоо малын эмч мэргэжилтэй хүн байсан учраас бас боловсролтой байсан учраас биднийг бол тийм одоо нэг их айхтар загнадаг, зоддог тийм юм бол байгаагүй л дээ. Гэхдээ л ер нь одоо бас хааяа нэг сахилгагүйтэх барих, нэг зохисгүй юм, сэтгэлд нь таарахгүй юм хийсэн барьсан үед бол нэг зандрах барих, бас нэг хошногон дээр нь алгадах төдий юм бол байлгүй яахав дээ. Тиймэрхүү юмыг бол аавынхаа алганы амтыг бол үзэж л байсан зүгээр. Тэгэхдээ л одоо аав ээжийн тийм сайхан юу байсан. Тэгээд манай аавын минь би нэг ганцхан сайхан юм. Аавтайгаа нэг жаахан бас ам муруйсан талын юм надад байсан юм. Тэр яагаад байсан юм бэ? гэхээр зэрэг аав маань намайг сургуулиар явуулах гэж байсан, дотор санаа нь бол. Би бол яахав гэхээр нөгөө өөрийнхөө жаахан авъяасандаа тулгуурлаад одоо урлагийн хүн болох юмсан гэсэн тийм эрмэлзлэл бүр салшгүй холбоотой болчихоод тэгээд Ховдын хөгжимт драмын театрт орсон юм байгаа юм. Тэгээд аав маань одоо жаахан дургүй байсан. Сургуульд явуулах ёстой, сургууль ном сурах ёстой байсан. Чи одоо ингээд жүжигчин болчихлоо гэж аав маань жаахан дургүй байдаг байсан. Тэгээд сүүлд нь яахав гэхээр би бас нэг тоглолтоор одоо манай суманд ирээд, аймгийн хөгжимт драмын театрынхан чинь одоо тэр орон нутгийнхаа сумуудаар их олон тоглолтоор явна шүү дээ. Тэгээд суман дээр ирээд аав ээждээ өөрийнхөө тоглолтыг энэ тэр үзүүлээд ингээд дуулж бүжиглээд энэ тэр яасан за миний хүү одоо яахав ээ. Бас чамд бол цаанаасаа, байгалиасаа заяагдсан тийм авъяас байгаа юм байна. Одоо тэгээд нэгэнт ингэж явж байгаа юм чинь яахав энэ урлагийнхаа ажлаар л яв даа гээд тэгээд юу яасан юм. Тэгээд би нөгөө театраа орхиод хугацаат цэргийнхээ албанд ирээд, хугацаат цэргийнхээ албыг хаагаад төгсчихөөд би чамд түрүүний ярьсан ш дээ. Тэр нөгөө ЗХУ-д ...-ын нэрэмжит Хөдөө аж ахуйн техникумд явахаар болоод байсан. Тэр сургууль маань явахаар боллоо гэж аавдаа очсон чинь аав минь надад их баярлаад за миний хүү эрдэм ном сурах гэж байна. Их сайн байна. Бас ийм гадаад дотоод явж юм үзэж нүд тайлвал их сайн байна гээд аав минь надад чинь өөө 1200 төгрөг өгөөд. Тэр үеийн 1200 төгрөг чинь их мөнгө шүү дээ. Тэгээд дээрээс нь намайг хувцасны мөнгө гэж за миний хүү дуртай хувцсаа авч өмс гэж надад 2000 төгрөг өгөөд.

Ариун-Ундрах -

Пөөх.

Гаанжуур -

Ингээд би чинь аймаг орж их мундаг хувцас авчихаад, тэгээд хотод ирээд дээд сургуульд явна гэж байгаад. Дээд сургууль маань тэгээд явж чадаагүй байсан чинь л нутаг буцъя аа буцаж чаддаггүй. Аавдаа нэг их мундаг сургуульд явна гээд одоо хүрээд ирсэн хүн чинь сургуульд явж чаддаггүй. Тэгээд энэ сайн дурын нийгэмлэгийн тэр ажилчны соёлын ордны жүжигчингээр орсон юм л даа. Тэгээд жүжигчингээр орсон чинь дахиад жүжигчин болчихлоо гэсэн чинь аав маань за тэгээд одоо яахав. Чамтай надад ярих юм байхгүй. Чи тэгвэл тэр юугаараа л яв. Чи тэр сургууль соёлд сурахгүй хүн байна яршиг. Тэр өөрийнхөө л тэр бодсоноороо л тэр жүжигчингээ хийгээд яв гэж. Тэгээд тэр жүжигчин болсноосоо хойш би чинь аав ээждээ, нутаг хошуундаа очиж бас тэр аав ээждээ зориулсан, би одоо “Хан буурал аав минь” гэж аавынхаа гэгээн дурсгалд зориулж бичсэн нэг сайхан дуу бий л дээ. Үг аяыг нь бичсэн. Тэгээд тэр дуугаа хүртэл аавдаа дуулж сонирхуулж өгөөд аав маань уйлаад за миний хүү үнэхээр одоо чи урлагийн авъяастай юм байна аа. Тийм хүн байна аа. Одоо тэгээд энүүгээрээ хоолоо олж ид дээ гээд. Тэгээд сүүлд нь цэргийн дарга болоод бүр. Тэгээд аав минь чи минь ер нь юу болж холион бантагнаж явна даа л гэж тэгэж л ярьдаг байсан юм даа. Тэгээд цэргийн дарга болсноор надад муудсан юм байхгүй ээ. Одоо тэгээд л сайхан цэргийн дарга олон жил хийлээ. Тэгээд армиас би чинь ахмад цолтой тэтгэвэртээ гарсан хүн шүү дээ. Офицер армиас ахмад цолтой. Тэгээд одоо ч гэсэн надад чинь ингээд л анги байгууллагууд чинь ахмадуудаа хүлээж авдаг. Армиуд энэ тэр чинь их сайхан. Бид нар чинь бас нэг уулзаж учирсан тэр залуу зандан насандаа сайхан офицер байсан тэр юу маань одоо улсуудтайгаа уулзаж, хууч ярилцаж сайхан байдаг. Цэргийн амьдрал бол сайхан л даа. Би чинь цэргийн амьдралд 20 гаруй жил цэргийн амьдралаар амьдарсан хүн л дээ.

Ариун-Ундрах -

Аанхан. Та бага байхдаа хэр сахилгагүй хүүхэд байсан бэ?

Гаанжуур -

Аа сахилгагүй. Сахилгагүйгээр барах уу. Ерөөсөө Гаадоржийн Гантөмөр, Хөхүүрийн Гаанжуур, Ганганмөрөнгийн Түмэндэмбэрэл гэж одоо Ховдийн Зэрэг сумын 7 жилд чинь одоо жинхэнэ айхтар нэг, одоо нөгөө дээр үеийн Цэдэнбал даргын хэлдгээр нөгөө нэг “Хэцүү хүүхэд” гэлээ гэдэг шиг ёстой хэцүү 3 хүүхэд байлаа шүү дээ. Үгүй ээ ерөөсөө үнэхээр сахилгагүй. За тэгээд л одоо зодоон нүдээн хийнэ. Одоо тэгээд л ер нь хамгийн сахилгагүйтдэг нь. Маш их сахилгагүй. Бид одоо өвөл манайд ингээд л морьтой хүн ирдэг байхгүй юу. Морьтой хүн энэ тэр ирэхээр нь зэрэг буруу талын дөрөөнд нь нөгөө нойтон үхрийн баас шаваад хөлдөөчихнө. Тэгээд л нөгөө хүн чинь гэрээс ингээд л мордоод явах дээр нь зэрэг хүн чинь нөгөө мордоод цаад тал руугаа заавал нөгөө биеийн хүчээ өгдөг юм байна л даа. Тэгээд нөгөө дөрөөгөө олохгүй ингээд л мориныхоо буруу тал руу унахаар нь зэрэг аа хөхрөөд л ёстой жигтэйхэн сахилгагүй. Тэгээд манайд чинь яахав гэхээр нөгөө манай нутаг чинь ингээд хөдөө байхад ийм одооныхтой адилхан тийм шал, тийм дэвсгэр хивс гэж байхгүй. Зүгээр нэг тийм адууны шир, үхрийн шир энэ тэр баруун зүүнээрээ хаячихсан. Тэгээд бусад нь бүр газраараа л байж байдаг байлаа л даа. Тэгэхээр чинь зэрэг нөгөө ингээд л Монгол дээлтэй хүн ирээд л манайд ингээд суухаар нь зэрэг л дээлийнх нь хормойг аваачаад л нөгөө зун чинь ингээд сайхан хаяа ярчихсан. Тэгээд хананы нүхээр нөгөө нарийхан мод үзүүрлэж байгаад дээлийнх нь хормойг аваачаад, хойн сул хормойг нь газартай нөгөө гадаслаад хадчихна. Тэгээд л нөгөө хүн босох гээд босч чадахгүй болохоор нь хөхрөөд байдаг. Ерөөсөө их сахилгагүй хүүхэд байсан юм би. Тэгэхдээ тэр нэг айхтар тийм одоо хорон санаатай биш. Зүгээр нэг л одоо юу гэдэг юм бэ дээ. Нэг тийм л, хүүхдийн л нэг тийм зан характераар л нэг сахилгагүй тийм л хүүхэд байсан. Ер нь нилээн хөдөлгөөнтэй хүүхэд байсан шүү. Ер нь багш нар бол голцуу л одоо Гаанжуур сахилгагүйн тоонд л ордог тийм л хүүхэд байсан л даа.

Ариун-Ундрах -

Аан ямар ямар тоглоомоор тоглох уу?

Гаанжуур -

Одоо би юу?

Ариун-Ундрах -

Хүүхэд байхдаа?

Гаанжуур -

Өө хүүхэд байхдаа бид нар чинь одоо за анх эхлээд л хүүхэд байхад чинь хөдөө гэр барьж тоглоно гэж. Одоо тэрэн дээр чинь манай л хүүхэд бүрийн л юу шүү дээ. Монгол хүн бүгдийн л зан заншил юм даа. Хөдөө гараад л нэг чулуугаар ингээд тойруулаад гэр барьж тоглоно. Аа тэгээд л гэр дотроо тэр чинь авдар савтай. Аав ээж маань тэр байна, ор маань тэр байна, одоо зуух яндан маань энэ байна гээд бүр. Одоо миний хүүхэд байхдаа тоглож байсан тоглоом манай тэр зуслан дээр Цагаан давааны хашаат гэдэг газарт миний тэр хүүхдийн тоглоом одоо хүртэл л тэр нутаг хошуундаа байдаг юм. Аа тэгээд л хүүхэд байхад чинь тэвэг их өшиглөнө өө, хөл бөмбөг тоглоно оо, канкигаар гулгана бас. Аа тэгээд л одоо би бас шатрын жаахан хорхойтой хүүхэд байсан, багаасаа тийм шатар дааманд. Тэгээд бас шатар даам ааваараа заалгаж шатар даам тоглоно. Тэгээд одоо цүү хаяж тоглох барих энэ тэр гээд л одоо тэр дээр үеийн тоглоомнуудыг чинь л ерөөсөө бүгдийг нь л тоглодог байлаа. Тэгээд буга тоглох энэ тэр гээд л одоо тиймэрхүү тоглоомнуудаар тоглодог байсан даа, хүүхэд байхдаа.

Ариун-Ундрах -

Аанхан.

Гаанжуур -

Аа одоо том болоод ирэхээр чинь жинхэнэ нөгөө муушик, тэгээд л одоо хөзөр тоглодог тийм юманд л хорхойтой болж, даалуу тоглодог. Тэгээд би энэ даалуу гэдэг тоглоомыг би нэг их сонирхдоггүй юм. Миний эцэг надад хэлсэн юм. За миний хүү одоо архи тамхи ч яахав. Чи одоо ингээд... том болсон хойноо би чинь архи ч уудаг, тамхи ч татдаг болчихлоо л доо. Тэгээд архи тамхи чинь ч яахав одоо ингээд өнгөрч, биеэ тааруулаад явдаг юм байгаа биз. Мөрийтэй даалуу тоглоом битгий тоглож байгаарай гэж. Манай эцэг бас мөрийтэй даалуу тоглоом тоглодог хүн байсан байгаа юм. Тэгээд тэр нь яахав гэхээр нөгөө гэрээ мөрийнд алдчихаад, ээж маань гадаа, гэргүй гадаа зуухан дээр цайгаа чанаад самраад зогсож байсныг би бүүр түүрхэн мэддэг юм. Тэгээд аав маань надад даалуу битгий тоглоорой гээд захьсан юм. Тэгээд би аавынхаа захьсан тийм юмнаас ерөөсөө тэр үнэхээр тэр даалууг нь бол мөрийтэй тоглодоггүй. Ер нь бараг даалуу мэдэх ч үгүй. Даалуу тоглодоггүй. Тэгээд бусад тоглоомоор бол тоглоно оо.

Ариун-Ундрах -

Аан тэр үед бас тэр даалууг мөрийтэй тоглодог байсан юм уу?

Гаанжуур -

Мөрийтэй тоглодог байсан юм. Ер нь одоо тэр даалуу, өшөө бас ямар юм ч гэлээ тоглоом мөрийтэй тоглож байсан юм. Ихэнхи нь л даалуу байсан юм даа. Тэр даалууг бол ерөөсөө тэр давхрын гэж манай нутагт ярьдаг байсан юм. Тийм тоглоомоор тоглож их мөрийтэй тоглодог байсан. Тэр чинь одоо бүр хонь мал, үгүй ээ тэгээд л тэр гаанс хөөргөө хүртэл тавиад алдаж барьдаг тийм юмнууд л тоглож байсан юм байна лээ. Тэгээд ямар сайндаа аав маань тэр гэрээ хүртэл мөрийнд тавьж алдчихаад байж байсан. Тэгээд л аав маань их хаширсан юм шиг байгаа юм л даа. Тэгээд л надад за миний хүү одоо ... бас театрт орчихсон байсан. Би тэгээд зуныхаа амралтаар ирээд аав надад ярьж байсан. Одоо тэгээд даалуу битгий мөрийтэй тоглож байгаарай гэж.

Ариун-Ундрах -

За та цэрэгт анх очсон тухайгаа ярьж өгөөч?

Гаанжуур -

1965 онд би Ховдийн хөгжимт драмын театрт жүжигчин байсан үе. Тэгсэн чинь миний үе тэнгийн надаас арай 1 ах энэ тэр тийм найз залуучууд маань цэргийн алба хаагаад ирэхгүй юу, нутагтаа. Аа жигтэйхэн ганган ганган хувцас өмсчихсөн, ёстой хачин жигтэйхэн гоё нэг л генерал шиг юм л очдог байлаа л даа. Тэгээд л одоо цэргийн алба бол маш сайхан гээд л. Цэргийн албанд сайн дураараа явсан хүн бол бүр жаргадаг юм. Зовно гэж байхгүй. Ёстой хамгийн сайхан дураараа байдаг гээд тэгэж яриад л байсан чинь би 19 настай сайн дураараа цэрэгт явна. Ховд аймгийн хөгжимт драмын театраас намайг явуулахгүй гэхгүй юу, драмын театрын захиргаа. Тэгсэн чинь би заавал явна гэсээр байгаад ерөөсөө тэр комиссынх нь газар очоод л. Одоо нэг л том цэргийн дарга улсууд л очиж тэр комиссоор оруулж байсан юм байна л даа. Тэгээд би ерөөсөө би заавал явна гээд. Тэгсэн чинь үгүй ээ энэ одоо яасан зовлонтой хүүхэд вэ? Одоо тэгээд явна гээд байгаа хүн, нуруу туруу ч сайхантай юм байна. Энэ яршиг яахав за 19 настай сайн дураар нь авчих гээд. Уул нь тэр үед 20-28 нас хүртэл татдаг байсан юм. Тэгээд би чинь 19 настай анх 1965 онд цэрэгт ирдэг юм, хугацааны цэрэгт. Тэгээд одоо энэ доод нисэх гэж энэ доошоогоо шувуун фабрикийн наад талд тэр 1000 цэргийн карентин гэдэг юман дээр анх эхлээд ирж байгаа юм аа. Тэр ёстой үнэхээр үзээгүй гайхамшигтай юм. Өө зүгээр ёстой ярайсан их олон тийм шовгор шовгор майхан барьчихсан. Одоогоор бол цэргийн платка л даа. Тэгээд 1000 цэрэг карентины 45 хоногийн хугацаанд цэргийн эрдэм боловсролын анхны юмыг л суралцдаг тийм юманд авчирч байгаа юм. Тэгээд эхлээд л яасан чинь ирээд л халуун усанд оруулж байгаа юм аа. Халуун усанд оруулаад л, халуун усанд оруулсныхаа дараагаар тэр хувцсыг нь бүгд тайлж аваад л бүгдээрэнд нь цэргийн хувцас өмсүүлээд. Тэгээд нөгөө нутгаас ирсэн найз нөхдүүдээ танихгүй болчихож байгаа юм чинь. Бүгдээрээ яг ижилхэн хувцастай, бүгдээрээ толгой нүцгэн. Тэгээд анх эхлээд 1000 цэргийн карентинд гэдэг дээр ирээд тэнд цэргийн албанд л анх эхлээд л одоо жагсаалаас өгсүүлээд л, тэгээд л баруун зүүн тийшээгээс нь эхлүүлээд л, тэгээд л одоо заалгах цэргийн эрдэм эхэлж заалгаад л. Тэгээд энд нэг 45 хоног карентинаа дуусгаад. Тэр карентины хугацаанд “Түмний нэг” гэж киноны энэ Налайхын ийшээгээ, энэ Гордокоос цаашаа байдаг Зуунмод гэдэг газар “Түмний нэг” гэдэг кинонд зураг авсан юм. Тэгээд баахан дайчидтай. Тэгээд би тэнд нэг надад нэг Япон цэргийн хувцас энэ тэр өмсүүлээд. Тэгээд нэг Японы цаанаасаа одоо тэр кинон дээр харамсалтай нь ёстой нөгөө буруу хараад гарчихсан байна лээ. Тэрнээс биш нөгөө гараа өргөөд бууж өгч байгаа Японых нь тэр зурган дээр, тэр “Түмний нэг” гэдэг кинон дээр нэг кино зураг авхуулаад. Тэгээд л тэр цэрэгт байхад чинь юун сайн дураараа ирэв дээ. Пээ энэ цэргийн алба гэдэг чинь ёстой ийм хэцүү юм байдаг юм уу? Үгүй ээ тэр ёстой нээрээ чухам л невалууд хойд шугамандаа, невалууд баруун шугамандаа, невалууд зүүн шугамандаа гээд л шөнөжин бархираад л байна, бархираад л байна. Тэгээд л гүйгээд л байна, пижигнээд л байна, жагсаад л байна. Үгүй ээ тэгээд халуун наранд чинь зэрэгц командтай, тэр нөгөө Туул голын эрэг дээр аваачаад зогсоочихоод л тэгээд халуун наранд зогсоод байна. Тэгээд цэргүүд чинь ингээд л пид пид гээд унаад байна л даа зайлуул. Тэгээд тэр унасныг нь нэг жаахан усаар шавшчихаад нэг жаахан амраадаг. Тэгээд би нэг үгүй ээ ерөөсөө энэ нэг уначихвал арай жаахан амрах юм байна гэж бодоод л нөгөө хоёр гараараар газар тулж байгаад л. Эхлээд нөгөө түрүүчид илтгэе, миний дотор муу болоод байна гээд тэгсэн чинь чи зэрэгц командтай юм ярьдаг юм уу? Дуугүй зогс гээд загнаад хавьтуулахгүй байхгүй юу. Тэгэхээр нь зэрэг гараараа газар тулж байгаад ойчоод өгсөн чинь өө энэ муу шинэ цэрэг чинь баашилж унаж байна гээд. Тэгсэн чинь яг жинхэнэ үнэхээр үнэнээсээ унаж байгаа цэрэг бол зүгээр ерөөсөө пад гээд унадаг юм байна л даа. Би болохоор нөгөө амиа хайрлаад бас газар тулаад унаж байхгүй юу. Тэгээд тэгэж загнуулаад л аа чухам. Тэгээд нөгөө үгүй ээ тэр бас хатуу байжээ. Ингээд зэрэгцээгээр нь 2 эгнээ явуулж байгаад зогс, баруун зүүн тийш эргэ, болно бие зас шээ гээд шээлгэчихдэг байхгүй юу. Тэгээд нэг өдөр нэг юм тараасан болоод бие засахаар нь зэрэг л бид хоёр хамт ирсэн юм. Шүхэр гэж миний найз залуу Хөдөө аж ахуйн техникумаас тэр Солнце гэдэг тамхи татдаг байлаа л даа. Тэгээд хоёулаа нэг их мундаг. Өнөө зогсоогоороо бие засаж тараадаггүй байсан юм чинь нэг тараахаар нь хоёулаа нэг их мундаг сүрхий суучихсан нөгөө тамхиа татаад л өө сүрхий байж байсан чинь жагс гэхгүй юу. Тэгээд л жагс гэхээр нь зэрэг нөгөө Шүхэр маань тамхиа хаячихсан юм байж. Би нөгөө тамхиа атгаад жагсчихсан байсан байхгүй юу. Тэгээд тэр манай жагсаалын дарга Зүүнхараагын хилийн хар Билүүш гээд нэг залуу байсан юм, ахлах дэслэгч цолтой. Армийн жагсаал хэн шатаах гээд байгаа юм бэ? гээд л урд хойгуур хөндлөндөөд л. Тэгсэн чинь л одоо би бас дэглүүлэх нь гэж айгаад л хөөрхий үнэнээ хэллээ. Би байлдагч Гаанжуур л гэлээ шүү. Гаргаад ир чи гэхгүй юу. Тэгээд гаргаад ирсэн чинь нөгөө бага даргад юм хэлээд явуулсан чинь тэр үеийн “Улаан-Үүд” сонины чинь нөгөө өрөөсөн талыг 4 хуваасны нэгд зүгээр гурилын гулууз мод шиг нэг ийм улаан тамхи, зүгээр ийм манцайсан юм аваад ирчихээд л тат чи гэж байна шүү. Тэгээд эхлээд л их мундаг нэг хэд сайхан татсанаа сүүлд нь зүгээр ингээд нүд шаргалтаад л, юм бутраад ингээд. Тэгээд ухаан алдаад унаж байгаа байхгүй юу, нөгөө тамхи татуулаад. Үгүй ээ тэгээд дэг гэж бас мундаг хүнд л байдаг байлаа. Тэгээд л тэр карентиныхаа хугацааг дуусчихаад бага даргын сургуульд хуваарилагддаг юм. Тэгээд энэ Улаанхуарангын бага даргын сургууль гэдэгт ирээд миний анхны бага даргын сургуулийн роотын захирал Батсүрэн гэж одоо хурандаа цолтой, тэтгэвэртээ гарсан, одоо амьд бий. Тэгээд тэр манай роотын дарга. Их гоё сайхан, өө ёстой янзын гоё сайхан биетэй сайхан залуу байсан юм. Тэгээд аа тэр бага даргын сургуулийг төгсгөөд би чинь түрүүч цолттой Улиастайн бригад гэж тэр бригадын 096-р ангид хуваарилагдаж ирдэг юм, бага даргаар. Тэгээд тэнд зифүгийн роот гэж нэг 4 амтай буу, агаараас .... хамгаалах 4 амтай тийм сайхан бууны батерей л даа. Халтар гэж манай салаан дарга байсан. Тэр Халтар гэдэг салаан даргын туслахаар ирж, тэгээд тэндээ жагсаалын дарга болоод тэгээд 68 онд цэргээс халагдсан юм. 3 жил тэнд бага дарга хийж байгаад халагдсан. Яг хугацаат цэргийн арми бол, алба бол бас сайхан даа. Олон аавын хүүхэдтэй танилцаж, олон аавын сайхан залуучуудтай цэргийн 3 жилийг хаана гэдэг бол тэр бие бялдрын хүмүүжил, тэр одоо сэтгэл санааны хүмүүжил. Ер нь тэгээд цэргийн алба чинь үнэхээр 3 жил дотор ёстой нэг эр хүнийг чинь л эр хүн болгодог юм чинь л цэргийн алба байдаг юм ш дээ. Одооны цэргийн алба ч яахав ганцхан жил болчихож. Тэгээд одоо ганц жил дотор чинь яг бидний сурч байсан шиг юм юу сурахав. Зүгээр хурдалчилсан, түргэвчилсэн сургалтаар цаанаасаа зохион байгуулалттай хийдэг нь хийж л байгаа байх л даа. Зүгээр тэгэхдээ бидний үеийнх шиг тийм байхгүй л дээ. Аа тэгээд би бас нэг тэр армийн 3 жил цэргийн алба хаахдаа бас нэг сайхан завшаан тохиолдсон юм. 1967 онд энэ хойно Сибирьт, одоо хуучнаар ЗХУ-д нөгөө олон улсын армийн их буучдын тийм тэмцээн болсон юм. Тэгэхдээ би тэнд хугацааны цэрэг байхдаа бас энэ Оросын хилийг нэг гаталж тэр Сибирьт нэг 45 хоног буудлага хийгээд. Тэгээд би энд бага даргаар ажиллаж байгаад тэр Сибирийн тойргын командлагч нь армийн генерал Пльев гэж одоо энэ “Говь хянганд тулалдсан нь” гэдэг киноны зохиолыг бичсэн, ЗХУ-ын баатар тийм хүн Сибирийн тойргын командлагч байсан юм. Тэгээд би чинь яахав гэхээр тэр нөгөө роотын жагсаалын дарга байсан. Тэгээд тэр Пльев генерал манай тэр юун дээр ирсэн байхгүй юу. Буудлагыг үзэх гэж манай тэр роот дээр ирсэн. Би тэгэхэд чинь Оросоор илтгэл өгөөд л юу яасан чинь өө мундаг ёстой намайг чинь энэ ёстой жинхэнэ офицер шиг ямар мундаг сайн байна. Надыг чинь ёстой нэг хойно ЗХУ-д офицерийн сургуульд явах уу? Войны учитель гэж байсан юм л даа. Офицерийн дунд сургууль, тийм сургуульд чамайг авч үлдье, явах уу? гэхээр нь би явахгүй гээд үлдээд. Тэгээд нэг комендирский гэж нэг тийм цаг ар талд нь армийн генерал Пльеваас гарын үсэгтэй нь дурсгав гэсэн. Хугацаат цэрэг байхдаа, ахлах түрүүч цолтой байхдаа тийм сайхан ЗХУ-ын хилийг нэг алхаж, бас тэр одоо тэр мундаг сайхан генерал хүний, ЗХУ-ын баатраас бас тийм сайхан цагаар шагнагдаж байсан. Бас тэр маань одоо залуу насны бас их сайхан дурсамж байдаг юм даа. Хугацааны цэрэг байхдаа бол тэгэж явсан гэж тийм сайхан дурсамж байдаг юм аа.

Ариун-Ундрах -

Та нөгөө нэг энэ хотод байж байгаад буцаад орон нутаг руугаа явчихсан юм уу? Цэрэгт явахаасаа өмнө?

Гаанжуур -

Би хотод тэр ажилчдын соёлын ордонд жүжигчин байж байгаад түрүүн чамд ярьсан ш дээ. Тэр хотын соёлын ордон татан буугдах дээр зэрэг армид би очоод клубын дарга болоод, тэгээд Сүхбаатар аймагт клубын даргаар 152-р ангид анх эхэлж офицер болж очсон, бага дэслэгч цолтой. Тэгээд л тэрнээс хойш чинь одоо би 15 жил 6 сар офицер хийгээд л ахмад цолтой армиас чөлөөндөө гарсан даа.

Ариун-Ундрах -

Тэгэхээр тэр социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямар байсан бэ?

Гаанжуур -

Тэр бол үнэхээр мах цусны шингэсэн, одоо ухаан нь социализмын үзэл суртал гэж. Аа одоо тэр социализмын үзэл суртал гэдэг бол үнэхээр одоо тэр ажилд ёстой жинхэнэ махраж, үнэхээр үнэнчээр ханддаг тийм хүмүүжлийг олгож байсан байхгүй юу. Үзэл суртал гэдэг нэртэй болов чиг одоо тийм хүмүүжлийг олгож байсан. Одоо дээр үед бол яахав гэхээр чинь одоо нэг боловсрол, хүмүүжил хоёр чинь хоёр өөр юм л даа. Хичнээн боловсролтой, мэргэжилтэй байгаад хүмүүжилгүй хүн бол юмыг хийж чадахгүй юм байхгүй юу. Одоо ухаан нь жишээлбэл мундаг их дээд мэргэжлийн хүн байлаа гэхэд тэр хүн хүмүүжилгүй бол тэр ажлыг хийж бүтээж чадахгүй. Аа хичнээн 4-р анги төгссөн гэлээ ч гэсэн хүмүүжилтэй хүн бол жинхэнэ ажил үүргээ гүйцэтгээд явж чаддаг тийм байсан. Тэр хүмүүжлийг яахав гэхээр тэр социализм буюу үзэл суртал гэдэг юм бол бид нарт хүмүүжүүлсэн. Одоо тэр хүмүүжил хэдий чинээ хүмүүжил сайтай байснаас ер нь муудсан юм гэж бол огт байхгүй. Тэр яахав гэхээр ажилдаа маш их махруу, үнэнч шударга, нөгөө цагийг жинхэнэ барьдаг. Бидний үед чинь ёстой цагийг чинь яс барьдаг. Аа одоо бол манайхан чинь нэг 9 цагт цуглая гэхээр 10 цагт ирдэг, 10 цагт цуглая гэхээр 11 цагт ирдэг тийм болчихсон байна ш дээ. Аа тэр үед чинь ажилд өглөө очиход 8 цагт ажил цугладаг байсан бол 8 цагаас 15 минутын урд яг ажлын байран дээр ирчихсэн, бэлэн болчихсон байдаг байлаа ш дээ. Одоо ухаан нь театр соёлын ордонгууд чинь яахав гэхээр зэрэг 8 цагт цугла гэхэд чинь 8 цагаас 15 минутын урд ирээд багшаа хүлээгээд яг гамм дасгалаа хийхэд бэлэн болоод, багшийгаа хүлээгээд хувцас хунараа өмсөхөд бэлэн болчихсон байж байна. Орой 5 цагт ажил тарлаа 5 цагтаа ажлаа тараад ирнэ. Аа тэгээд одоо урлаг соёлын хүн бол үнэхээр цаг хязгааргүй ажилладаг л даа. Урлаг соёлын хүнд бол цаг хязгаар гэж байхгүй. Шөнийн 12 цаг хүртэл одоо жүжгийн сургууль хийж, концертын сургууль хийчихээд би комбинатын соёлын ордонгоос одоо энэ 15-р микро район бий ш дээ. Тэнд манай ахынх байдаг байсан. Би тэр ахындаа байдаг байлаа. Эхнэр хүүхэд байхгүй, ганцаараа. Тэгээд би шөнө комбинатаас явган алхаад л 15-р микро районд ирдэг байлаа, гэртээ ирдэг байсан. Өглөө босоод л автобусанд суугаад ажилдаа оччихоод л явдаг. Тэгэхэд л би тэр ажил таслаж үзээгүй. Бидний үед үнэхээр хүмүүжил гэдэг юм бол дээд зэргийн хүмүүжилтэй. Тэр ажилд бол үнэхээр үнэн санаанаасаа зүтгэж махарч ажилладаг. Тэр нэг жишээ нь яахав гэхээр манай комбинат чинь 5000 гаруй ажилчидтай их мундаг том үйлдвэр байсан ш дээ. Дотроо бол олон салбар үйлдвэрүүдтэй. Гутал, шир, за тэгээд л шовроо, шивроо, тэгээд л ноос, нэхий гээд л. Тэгээд л тэр чинь юу гэхээр зэрэг л өглөө чинь зүгээр ингээд л уурын зуухны яндан дугардаг байсан юм. Тэр одоо комбинатын яндан дугардаг. Өглөө тэр тэгэхэд чинь зүгээр л ерөөсөө тэр Яармаг талаасаа, Нисэх талаасаа ингээд л, хойноосоо Энхтайваны гүүрээр нааш нь гарч ирээд л тэнд зүгээр ингээд л ёстой нэг наадам болж байгаа юм уу гэмээр өглөө ингээд л ажилчид нь тэр хаалгаар. Нэг их том цагаан хаалгатай. Тэр хаалгаар чинь ажилчид нь автобуснаас буугаад л тэр наадам болж байгаа юм шиг. Тэгэхэд чинь зөрөөд л нөгөө шөнөжингөө ажилласан шөнийн ээлжийнхэн нь буцаад л гарч ирнэ. Зүгээр ерөөсөө зүгээр яг л нэг наадмын талбай дээр болж байгаа юм шиг л. өдөр болгон шүү дээ тэр чинь. Дандаа өдөр болгон тэр чинь шөнийн ээлжинд явна, Өдрийн ээлжинд явна гэхэд тийм. Тийм мундаг сайхан үйлдвэрүүдтэй байсан юм даа, манай комбинат. Тэгээд одоо бол ийм юм байхгүй болчихож л дээ. Манай ажилчны соёлын ордон гэж одоо ч байгаа л даа. Тэр соёлын ордондоо би бас хааяа нэг тэрүүгээр ордог юм. Ороод энэ соёлын ордонд бас анх эхэлж цэргээс халагдаж ирчихээд энд урлагийнхаа алтан тайзан дээр нь анх гарч байж билээ гэж бодож хааяа нэг тэрүүгээр орж харчихаад тэгээд л явдаг юм. Соёлын ордон маань 1 давхар байсан. Одоо 2 давхар болчихсон юм байнал ээ. Тийм л байгаа юм даа. Ажилд бол үнэхээр ер нь гуталчин хүн ч бай, ширний үйлдвэрт ажилладаг хүн ч бай, ноосны үйлдвэрт ажилладаг хүн ч бай ерөөсөө яг тэр ажлаа бол норм төлөвлөгөөтэй. Тэр чинь бид нарын үед норм төлөвлөгөө гэж өгдөг байхгүй юу даа, ажилчиддаа бол. Миний жүжигчидэд ч ямар тийм юм байсан биш. Аа тэгэхдээ бас бид нар чинь төлөвлөгөө гэж өгнө. Тэр төлөвлөгөөг биелүүлэхийн тулд бид нар чинь хөдөө тоглолтоор бригадаар явна. Олон аймаг сумуудаар явж тэр төлөвлөгөөг нь биелүүлж, одоо тэр төлөвлөгөө биелэгдсэн мөнгө маань улсад л орж байсан юм байна л даа, одоо бодоход бол. Тэгээд тэр норм төлөвлөгөөг биелүүлэхийн тулд бол үнэхээр цаг наргүй ажиллаж, үнэхээр ажилдаа бол маш их махруу. Би бас тэр үйлдвэрийн ажилчдын тэр цаг нарандаа, ажилдаа үнэхээр үнэнч байдгыг яагаад мэдэж байгаа юм бэ? гэхээр зуныхаа амралтаар би тэр том ширэнд нь нэг сар амардаг байсан бид нар. Тэгээд тэр амралтаараа би бас нэг аминдаа яахав нутаг явах бол бас нэг хэдэн төгрөг цуглуулах, олох гэж л тэгээд. Би чинь 450-хан төгрөгний цалинтай жүжигчин байсан. Тэгээд тэнд нэг сар ажиллаад би 1200 төгрөг авсан. Тэгээд тэр том ширэнд ажиллахад пөө тэр нойтон ширийг чинь үүрээд 2 давхарт гараад, 2 давхарт гарсныхаа тэр нойтон ширийг чинь нэг сетки шиг юманд хатаагаад ингээд чимхээд. Нөгөө юм угаагаад улсууд нэг хавчаараар хавчаад байна ш дээ. Тэрэн шиг тийм үхрийн ширийг чинь ингээд ...-даг тийм юугаар. Тэгээд тэрнийг хатаасныхаа дараагаар дахиад тэрнийг чинь бүгдээрэнг нь үүрээд овоолоод тэгээд үгүй ээ тэр ёстой нээрээ үнэн хүнд. Тэр үнэхээр хүнд ажил байдаг гэдгийг би тэнд үзсэн. Үнэхээр тэр одоо тэрэн дотор ажиллаж байсан хүмүүсийн тэр махрашгүй зүтгэж, ёстой жинхэнэ хөлсөө гаргаж ажиллаж байна гэдгийг л тэр үйлдвэр дээр ажиллаж байдаг юм байна аа гэдгийг бас биеэрээ үзэж байсан юм байгаа юм. Тэгээд би энэ улсуудын тэр одоо ажил төрөлдөө тийм их махруу, үнэнч шударга зүтгэж байсныг би сайн мэдэх юм. Тэр 5000 ажилчин 5000-уулаа л тэгэж байсан. Тийм байх.

Ариун-Ундрах -

За таны бодлоор одооны хүмүүсийн ажилд хандах хандлага нь яаж өөрчлөгдсөн бэ?

Гаанжуур -

Одоо ч яахав дээ тэгээд одоо хүн бүр бүгдээрээ бидний үеийнхтэй адилхан... Одоо чинь дээд сургууль төгссөн хүн маш их олон болчихож. Бидний үед чинь дээд мэргэжлийн улсууд бол өдрийн од шиг байлаа ш дээ, үндсэндээ. Арай ч ахиу цалинтай, дээд мэргэжлийн сургууль төгсөөд ирсэн хүн гэдэг чинь арай өөр байдаг байлаа. Одооны зүгээр ингээд харж байхад бол бас нэг хэсэг 1990-2000 он хүртэл ер нь нэг тийм үнэхээр ажил ч биш, юу ч биш нэг хачин байдалд орсон ш дээ. МУ чинь нэг хэсэг зах зээлийн юунд шилжснийхээ дараагаар МУ чинь нэг хэсэг архинд живлээ ш дээ. Ерөөсөө одоо архи л, ердөө байдаг юм нь архи гэдэг л тийм одоо нэг айхтар юм болчихлоо. Тэгээд ер нь тэр ажил үйлс нь тэр цаг нар тэр ердөө хамаа байхгүй. Тэр ажил гэж хамаа байхгүй. Одоо харин энэ бас сүүлийн хэдэн жилүүдэд ингээд ажиглаад байхад бол бас ажилд хандаж байгаа хандлага энэ тэр нь бол үнэхээр эрс өөр болчихсон юм шиг надад санагддаг юм. Тэгээд манай залуучуудын юу бол их сайхан болчихожээ. Залуучуудын хүмүүжил одоо бас ер нь тэгээд юм үзэж, нүд тайлна гэдэг бол үнэхээр өөр юм байна л даа. Залуучууд чинь бол одоо их сайхан өөрснөө дотооддоо манайх чинь их олон ч их сургуулиудтай болчихож. Гадаадад юм үзэж, нүд тайлж, гадаадад их сайхан сургууль соёлд их явж байна. Гадаад оронд их ажиллаж хөдөлмөрлөж байна. Тэгээд одоо ирээд.... одоо энэ Улаанбаатар хотод ингээд явж байхад бол үнэхээр тэр залуучуудын хувцасласан барьсан, тэр хоорондын харилцааны соёл, тэр энэ автобусанд ч бай, хаана нь ч бай ер нь их сайхан болсон байна шүү. Одоо бол би энэ залуучуудыг бол маш их хайрлаж явдаг юм. Одоо манай залуучууд бол их сайхан болж байгаа юм байна аа гэж одоо бодож явдаг юм. Залуучууд бол их сайхан болсон байна лээ.

Ариун-Ундрах -

За социализмын үед хүмүүс яаж ажилд ордог байсан бэ?

Гаанжуур -

Социализмын үед бол яахав ээ бас ажилд ороход ч ер нь бас жаахан шалгууртай байсан шүү. За тэр мэдээжийн хэрэг өргөдөл, түүхт байдал бичнэ. Тэр чинь тэгээд аль намын гишүүн гэдэг. Бас нэг намын талын юм чинь бас их нөлөө бүхий байлаа ш дээ. МАХН-ын гишүүн хүн бол ер нь ажилд орчих нь арай түрүүнд. Одоо чи бид хоёр ухаан нь жишээлбэл би гишүүн байлаа гэхэд би түрүүлээд ажилд орчих жишээтэй. Бас намын талаасаа тийм нэг намын үзэл суртал гэдэг юм тэнд аргагүй байсан. Аа тэгээд л өргөдөл, түүхт байдлаа бичнэ. Тэгээд тэрүүгээр чинь шалгана. Бас тэр хүний чинь ар байдлыг судална. Судалгаа бас явагддаг байсан. Одоо ухаан нь намайг ажилд авахад чинь за энэ хүн бол одоо гэр бүлийн талаар ямар хүн байдаг юм байгаа юм. За одоо ахуйн хэрэгсэл нь ямар юм байдаг юм. Гэр оронтой юм уу? Үгүй юм уу? За ямар намын гишүүн юм. Одоо эвлэлийн гишүүн юм уу? гэх жишээтэй тийм судалгаа гэж бас нэг тийм 45 хоног явагддаг байсан юм. Тэгээд 45 хоногийн дараагаар тэр хүнд хариуг нь өгдөг. Тэгээд ажилд ордог. Тийм байсан юм.

Ариун-Ундрах -

Бүр нэг хүнийг тэгэж судлах уу?

Гаанжуур -

Тийм, нэг хүнийг л ерөөсөө тэгэж судалдаг. Тэгээд жишээлбэл бас тэр хүн чинь зүгээр нэг хар ажил хийх гэж байгаа, нэг ачигчаар орох гэж байгаа биш. Арай бас өөр одоо тийм жаахан ажил төрөл нь өөр тийм алдар цол, албан тушаалын хувьд бол арай дээр тийм юманд орох гэж байгаа хүн бол бүр нилээн шалгуураар ордог тийм байсан. Зүгээр одоо нэг ачигч хийх гээд явж байгаа хүн бол бас арай нэг өөр л дөө. Гудамжны цэвэрлэгч хийх гээд ирж байгаа хүн бол бас тэр болгон тэгэж нэг 45 хоног байхгүй л дээ. Зүгээр ордог. Гэхдээ л тэр хүний цаад талын судалгаа заавал хийгдэж байсан тийм л үе ш дээ.

Ариун-Ундрах -

Аа одоо бол ажилд орох процесс яаж өөрчлөгдсөн бэ?

Гаанжуур -

Одоо би тэрнийг бол үнэхээр мэдэхгүй ээ. Зүгээр ер нь миний мэдэж, сонсож дуулж байгаагаар ер нь мөнгөтэй хүн л ажилд ордог юм байна гэж одоо гадуур ард түмэн тэгэж л ярьдаг болчихлоо ш дээ. Одоо чинь ерөөсөө бараг юу гэлээ дээ энэ чинь бас нилээн жаахан гайгүйхэн шиг ажилд орох гэж байгаа хүн бол ер нь бараг хагас сая шахуу төгрөг өгч байж энэ тэр нэг ажилд ордог л болж байгаа юм гэж тэгэж л ярих юм байна ш дээ. Би чинь ажлаасаа гараад одоо өчнөөн төчнөөн жил болчихлоо. Тэтгэврээ аваад идэж байгаа болохоор яг одоо чухам яаж ажилд төрөлд орж, яаж байгааг нарийндаа сайн мэдэхгүй. Зүгээр хүн амьтны дам сураг, наана цаана улсуудын зүгээр цуурч ярьж байгаагаар бол нэг гайгүй ажилд оръё гэсэн бол мөнгөтэй хүн л ажилд орно гэж л ярьж байгаа ш дээ.

Ариун-Ундрах -

Та социализмын дараагаар юу хийсэн бэ?

Гаанжуур -

Өөв?

Ариун-Ундрах -

Социализмын дараагаар та ямар ажил хийсэн бэ?

Гаанжуур -

Би 1989 онд тэтгэвэртээ гарсан. Аа тэгээд тэтгэвэртээ гарчихаад Зүүнбаянгын девизээс энэ Чойр гэж байдаг юм. Дорноговь аймгийн Чойр гэж сум байсан юм. Одоо тэр чинь өөр нэртэй Говьсүмбэр гэдэг аймаг болоод. Тэгээд тэнд соёлын төвийн даргаар ажиллаж байгаад. Тэгээд тэрнээсээ наашаагаа хот руу энэ Налайхын энд Гордок гээд тосгон байдаг юм. Тэр Гордок гэдэг тосгоны тэнд миний нэг эмэгтэй дүү байсан. Тэр эмэгтэй дүүгийндээ их сайхан байр энд элбэг, их сайхан байр гээд тэр байранд нь ирж, тэгээд суурьшаад энэ Гордокт ирээд, тэгээд тэрний 137-р анги гэж тэр ангийн соёлын төвийн ажилтан болоод. Тэгээд тэрэнд ажиллаж байгаад тэгээд л 1999 онд энэ Налайхад орж ирээд. Тэгээд Налайхад орж ирснээсээ хойш ажил хийсэнгүй дээ. Юм хийсэнгүй. Зүгээр өөрийнхөө мэргэжлийнхээ дагуу энэ тэндэхийн урлагийн үзлэг юманд, концерт хийх, багшлах барих тийм юмаар ажиллаж, зүгээр хувийн уран бүтээлээ өөрөө хувиараа бие даасан уран бүтээл хийгээд энд тэнд тоглолт хийдэг тиймэрхүү л юм хийгээд явж байна даа.

Ариун-Ундрах -

За таны гол бахархдаг зүйл юу вэ?

Гаанжуур -

Миний бахархдаг зүйл үү? Их олон юм бий. Би хамгийн ганцхан маш их бахархаж явдаг юм бол юу гэхээр далайн гарцгүй ч гэлээ гэсэн манай ихэс дээдэс, өвгөд дээдэс ийм сайхан баялагтай, ийм сайхан газар нутагтай, ийм сайхан орныг би бахархаж, Монгол орон гэдгийг энд байгуулж өгсөнд л би хамгийн, Монгол хүн болсноороо л үнэхээр бахархдаг юм. Азтай төрсөн Монгол хүн юм даа гэж би бахархаж явдаг юм. Одоо ингээд л зүсэн зүйлийн зурагт телевиз, одоо тэгээд янз бүрийн юмаар ингээд л харж байхад л одоо тийм үнэхээр хэцүү хэцүү, аймшигтай аймшигтай орон бол олон байна шүү дээ. Тэр л тероризм гэж байна, тэр л айхтар газар хөдлөлт, тэр л байгалийн их аймшигтай одоо юунууд, гашуудмаар тийм их мундаг мундаг үзэгдлүүд явагдаж байгаа тэр тийм аймар юм, тэр далайн шуурга цунами гээд л одоо энэ гадна дотны юманд мэдээ харж байхад үнэхээр хүнд байхад манай Монгол орон бол нээрээ үнэхээр ёстой гоё. Баялаг сайхан, тэгээд одоо агаар, Монголын хөх тэнгэр, Монгол хүний уужуу сайхан тийм сэтгэл хоёрт нэг үнэхээр “Монголын тал нутаг” гэж нэг сайхан дуу бий. Тэр үнэхээр гайхамшигтай дуу. Үнэхээр тэр л одоо Монгол хүнээрээ л би бахархаж явдаг юм даа. Миний хамгийн бахархаж явдаг юм. Аа 2-рт нь одоо манай Монголын залуучууд маань маш их сайхан болжээ. Асар их өндөр мэдлэг боловсролтой болсон байна. Одоо манай үнэхээр сайхан. Одоо тэрнээсээ гадна манайд урлаг спорт гэдэг юм бол маш их сайхан хөгжиж байна. Энэ урлаг гэдэг чинь нэг хэсэг бүр тасарсан ш дээ. Энэ юунаас хойш бүр огт байхгүй болсон. Одоо урлаг гэдэг юм бол маш их сайхан болсон байна. Спорт гэдэг юм. Үгүй ээ ямартаа манай Монгол орон үгүй ээ одоо бод л доо миний хүү. Одоо хичнээн олон жил хүлээж байсан тэр олимпийн алтан медаль гэдэг юмыг Монгол орноос хөрш зэргэлдээ болсон энэ орноос чинь манайх чинь одоо алтан медаль гэдэг юмыг Монгол авчирлаа ш дээ. Үгүй ээ энэ чинь бахархал биш юу юм бэ? Үнэхээр Монгол хүнээрээ бахархахаас өөр яахав дээ. Тэр 2 алтан медаль, 2 мөнгөн медаль олимпоос авчирна гэдэг бол нээрээ зүгээр хүний харьцангуй тоонд нь шилжүүлээд үзэхэд бол үнэхээр бахархал байхгүй юу. Үгүй ээ тэр миллиард 300 сая гаруй хүн амтай Хятад бол одоо бүгдийг нь л авч байх ёстой байхгүй юу. Үнэхээр одоо тэр хүнээрээ зодож авдаг юм бол. Тэгэхэд 2 сая гаруй хүн амтай Монгол улсаас алтан медаль 2, мөнгөн медаль 2-ыг аваад ирнэ. Одоо мөн дөнгөж сая хүртэл одоо тэр чөлөөт бөхийн дэлхийн аварга болж ирж байна. Гэх жишээтэй. Үгүй ээ тэгэхээр чинь нээрээ үнэхээр одоо Монгол хүнээрээ бахархахаас өөр яахав. Ийм сайхан бахархууштай олон сайхан зүйл байна. 3-рт нь Монголынхоо энэ их сайхан одоо байгалийн сайхан тогтоц, унаган төрхөөрөө үлдсэн, хэзээ ч давтагдахгүй. Энэ Монголын энэ сайхан байгалийн энэ унаган төрх бол ерөөсөө хэзээ ч давтагдахгүй. Гадаадын оронд очоод би ямар тийм их олон орноор явж үзсэн биш. Зүгээр ер нь үндсэндээ л дандаа л хиймэл, тарьмал байгаль байна гээд байгаа ш дээ. Тэгвэл манайх бол жинхэнэ газар дэлхий яг байгалиараа байж байгаа. Энүүгээрээ бол одоо хэзээ ч давтагдашгүй сайхан байгальтай орон болохоор Монголоороо л бахархдаг юм даа.

Ариун-Ундрах -

Эсрэгээр нь жигшдэг зүйл чинь юу вэ?

Гаанжуур -

Аа жигших юм бас байна аа миний хүү. Энэ Монголын ард түмэн энэ архи гэдэг юманд үнэхээр аймар живсэн. Ер нь одоо аливаа нэгэн амьдралд ч бай, юунд ч бай энэ архи гэдэг бол ерөөсөө үнэн... Архи гэдэг юм бол уйтгар гуниг, үхэл хагацал, өнчрөл зовлон л авчирна. Өөр юм авчрахгүй архи гэдэг бол. Ерөөсөө энэ нийгмийн дунд энэ хэв журмын зөрчлийн хамгийн ихэнхи дийлэнхи хувь нь дан архинаас болж байгаа ш дээ. Энэ архийг яагаад ингэж их айхтар задгай тавьсан бэ? гэхээр л энэ 2000 оноос урагшаа л, 2004-2005 он хүртлэх хугацаанд энэ архийг их задгай тавьснаас болж л манайх ерөөсөө Монголын ард түмэн бол аймаар болсон. Ерөөсөө айхтар их, маш их ард түмнийг ёстой сүйрүүлж байгаа юм чинь энэ архи. Аа тэгээд дээрээс нь хажууд нь яах вэ? гэхээр миний хамгийн бас их эмзэглүүштэй, санаа одоо маш их зовж явж байгаа асуудал бол энэ цэврүү шиг сайхан охидууд маань биеэ үнэлж явах асуудал. Энэ бол одоо Монгол хүнд үнэн байж болохгүй ёс суртахуун. Үнэхээр одоо энэ Монголын тэр, Монгол хүний, тэр ариун сайхан хөх толбот Монгол хүний цэвэр сайхан цус бол өөрчлөгдөж байгаа. Гадаадын хүнтэй их сууж байна. Амьдралын эрхээр тэгдэг биз дээ ер нь тэгээд л. Одоо биеэ үнэлж байгаа. Энэнд бол би нээрээ үнэн харамсаж явдаг. Би нэг жишээ дурдахад миний нэг хоёр найзын минь охин алга болчихгүй юу, нэг сарын хугацаатай. Тэгээд тэр хоёр минь намайг дуудаад тэгдэг юм. Үгүй ээ Ганжуураа чи тэр Улаанбаатарын үүдэн дээр бид хоёр цаана нь хажууд сууж байя. Чи тэр зогсож байгаа машинууд дотор очоод хараад ир. Хэрвээ байж байвал тэнд байдаг байх. Байхгүй бол бид хоёрыг очвол бас мэдээд зугтаагаад алга болчихно гэж. Үгүй ээ тэр чинь ямар учиртай юм бэ? гээд тэгсэн чи зүгээр дуугүй л яваад очоод тэнд үзчихээд ир гээд тэгсэн байхгүй юу. Би тэр биеэ үнэлдэг, тэр машин дотор байдаг юм гэж огт мэдэхгүй байсан. Тэр чинь одоо бүр 93 онд шүү дээ. Тэгээд одоо би тэр машинуудад нь яваад очсон чинь тэр охин байхгүй байсан л даа.

Ариун-Ундрах -

Аанхан.

Гаанжуур -

Тэр машинууд дотор. Үгүй тэгэхэд чинь л одоо тэр цэврүү шиг жоохон жоохон охидууд чинь хөө нэг залуу машины кабинд суучихсан ах хүү сонирхож байна уу? Дуртайгаа ав энэ тэр гээд. Нөгөө охидуудыг чинь гадагшаа гаргасан нэг муу жоохон жоохон юбка шиг юм өмсчихсөн жоохон охидууд алхуулж гишгүүлээд. Одоо аминдаа тэр гуа сайхныг нь үзүүлж байгаа юм биз дээ. Тэгээд одоо тэрнийг зарж байдаг юм байсан юм байна л даа. Би тэрийг бол мэддэггүй байсан. Тэгээд тэрнээс хойш л одоо ухаан нь энэ биеэ үнэлж байгаа энэ асуудал бол нийтдээ хавтгайрч байгаа. Тэр биеэ үнэлсний үр дүнд юу гарч байна гэхээр тэр эмэгтэй хүний ариун сайхан бие өвчний үүр болж л дуусч байгаа, нийгмийн халдварт өвчин тарааж байгаа. Одоо манайх чинь социализмын үед одоо тэр өнөө бөөс хуурс, аа энэ яр тэмбүү гэдэг юмнаасаа салсан байхгүй юу. Үнэхээр салсан, огт байхгүй болсон байхгүй юу. Одоо чинь бол яахав гэхээр эргээд одоо тэр айхтар нийгмийн арьс өнгөний өвчин, тэр дээрээс нь нэмээд одоо айхтар муухай тэр олон улс гүрнийг гутааж байгаа тэр муухай ДОХ гэдэг өвчин хүртэл Монголд ороод ирчихээд одоо өчнөөн төчнөөн хүн болчихоод байна ш дээ. Энэ чинь л одоо тэр садар самуун явж байгаа, тэр өөрийнхөө сэтгэл оюунаа барьж чадахгүй байгаа тийм л асуудлаас болж ингэж байгаа. Энд л би жаахан жигшиж явдаг юм даа. Энэ архи, тэр одоо ухаан нь Монголын үзэсгэлэн төгс тэр сарнай цэцэг шиг сайхан охидууд ийм эвгүй байдалд орж байгаа энэнд л би одоо жигшиж явдаг юм даа. Миний жигшиж явдаг юм бол.

Ариун-Ундрах -

За та өөрийнхөө хувийн амьдрал, ажил хоёроо яаж зохицуулж байсан бэ?

Гаанжуур -

За даа ер нь цэргийн дарга хүн, соёл урлагийн ажилтан хүн хоёрт бол ер нь цаг нар байдаггүй юм аа. Үнэхээр хүнд. Ер нь одоо цэргийн дарга байхад бол бараг нуулгүй хэлэхэд ерөөсөө хүүхдээ өглөө унтаагаар нь босч яваад л, орой унтчихсан байхад нь ирдэг. Тэр гэр бүлийн талын ажил төрөлд бол яг нууцгүй хэлэхэд цэргийн дарга хүн бол үнэхээр хүнд. Тэнд одоо туслах зүгээр аргагүйн эрхэнд л гэр бүлдээ нэг хэдэн төгрөгөө л авчирч өгөөд тэгээд гэр бүлийн хүн маань нэг зохицуулдаг. Манай гэр бүлийн хүн маань бас цэргийн хүн байсан л даа. Тэгээд бид хоёр хоёулаа цэргийн хүн. Тэгээд л одоо би чинь 8 хүүхэдтэй. Тэгээд хэдэн хүүхдүүд маань үндсэндээ нэг одоо түрүүлж гарсан хэд нь л сүүлд гарч байгаагаа л аваад өргөөд л, тэгээд хүний зэрэгт л хүргэсэн юм даа. Аа гэр бүлийн тэр ажил төрөлд ч үнэхээр тун хүнд. Аа жүжигчин хүн бас ялгаа байхгүй. Одоо шөнө 12 цаг хүртэл, заримдаа бол бүр тэр театр соёлын ордон дээрээ хононо, шөнөжингөө сургууль хийнэ. Аа тэгээд үргэлж л хөдөө гадаа тоглолт бригадаар тэгэж явна, ингэж явна гээд л гэрийн бараа харна гэж байхгүй. Би зүгээр ер нь одоо үнэхээр тэр гэр орны амьдрал байдлыг зохицуулж байх талд л маруухан байсан хүний нэг. Тун тааруухан байсан. Тэгээд одоо байсаар байгаад залуу насаа ч үдсэн, аа ид дунд үе насаа ч үдсэн. Тэгээд одоо тэтгэвэрт гарлаа, хижээл нас болсноосоо хойш бол одоо юу хийх вэ? Одоо надад хийх юм гэж байх биш. Хүүхдүүдийн хийж өгсөн хоол унд идчихээд л тэгээд л байж байхаас биш өөр надад гэр бүлийн ажил тусална барина гэж одоо бол бүр байхгүй ш дээ. Зүгээр дуртай цагтаа шагайгаа тоглоод л, дуртай цагтаа тэр наана цаана концерт юманд тоглох юм байдаг юм бол тоглоод л, дуртай цагтаа амралтандаа амраад л одоо. Үгүй ээ одоо би жаргах гэж эх орондоо хийдэг юмаа хийчихсэн хүн. Одоо бол жаргана гэж бодоод л яваад байгаа ш дээ.

Ариун-Ундрах -

Таны сарын цалин дунджаар хэдэн төгрөг байсан бэ? Социализмын үед?

Гаанжуур -

Миний цалин их байсан. Би дээд мэргэжлийн хүнээс илүү цалин авч байсан. Даамай цэргийн дарга байхдаа. Зүгээр урлаг соёлын байгууллагад ажиллаж байхдаа би гоцлол хөгжимчин, дуучин гэдэг нэрийдлээр 500 цаасны цалин авч байсан. Аа цэргийн дарга болсноосоо хойш бол би миний сарын цалин бол 1100 гаруй төгрөгний цалин авч байсан. Говийн нэмэгдэл, цолны нэмэгдэл, за тэгээд үндсэн цалин энэ тэр нийлээд би 1100 гаруй цалинтай. 1100 гаруй цалинтай газар хэлтсийн дарга ч ховорхон байсан байх. Тэр үед бол их цалин шүү. Их цалин авч байсан. Цалингын хувьд бол үнэхээр их цалин авч байсан. Тэгээд ч одоо тийм юмнаасаа ч гэдэг юм уу даа. Тэтгэвэр бол би бас гайгүй тогтоогдсон. Одоо би нэг 160 гаруй мянган цаасны тэтгэвэр авдаг юм. Аа тэгээд надаас илүү тэтгэвэртэй хүн олон л доо. Би армийнхаа 25 жилээ гүйцээгээд гарчихсан бол би одоо нэг 200 гаруй мянган цаасны тэтгэвэртэй байж байх бололцоотой байсан юм. Тэгээд тэрнийг гүйцээж гараагүй, хувь тэнцүүлсэн тэтгэврээр гаргасан байсан учраас би арай бас бага тогтоогдсон л доо. Аа зүгээр ажиллаж байх хугацаанд бол үнэхээр цалин бол, тэгээд цэргийн армид би ч одоо нэг их насаараа л мундаг сайхан цэргийн ахмад дарга л аа цэрэг захирсан. Тэгээд л нэг их мундаг сайхан цэргийн дарга л байх юм бодож явлаа ш дээ. Одоо өдийд ийм байна гэж бодоогүй. Цаг үе ийм болно гэж бодоогүй. Бууз хийж идье гэвэл складанд ороод л ердөө шууд хонины тарган гуяыг чинь шууд аваад явна. Офицеруудын чинь хангалт их сайхан байж, арми ч юмтай байж. Мах чанаж идье гэвэл тарган хааг нь аваад л тийм л. Ногоо цагаа гэдэг чинь бол ерөөсөө зүгээр машинаар гэрт нь хүргэж өгдөг байлаа л даа. Офицеруудад чинь одоо заа Гаанжуур ахаа таны ногоо энэ, төмс төчнөөн шуудай, манжин төчнөөн шуудай, лууван төчнөөн шуудай, байцаа төчнөөн шуудай, сонгино төчнөөн шуудай гэж гэрт нь авчирч буулгаж өгдөг. Үгүй ээ одоо чинь юу вэ? 1 кг төмс, 1 кг сонгино авах гэж хэдэн ... болж байгаа билээ дээ.

Ариун-Ундрах -

Тэр бүр цалингаас гадна юм уу?

Гаанжуур -

Цалингаас гадна мөнгөгүй өгч байгаа байхгүй юу, өгдөг хангамж. Аа тэрнээс яахав гэхээр нэг 76-хан цаас л суутгаж авч байсан юм байна даа намар. Одоо тэр бүх ногоонуудад шүү дээ. Тэр чинь 10 шуудай төмс, хичнээн шуудай байцаа ногоо ч билээ тийм юм авчихаад нэг 76 төгрөг суутгаж авахаар нь бас одоо нягтлантайгаа энэ тэр чинь юу вэ? Энэ чинь ногооны мөнгө ямар их мөнгө авдаг юм энэ тэр гэж. Үгүй ээ юун тэр чинь одоо 1 кг төмс, 1 кг сонгино сармис нь ямар үнэтэй байгаа билээ дээ. Тэгээд л бодох дээр чинь зэрэг үнэгүй авч байсантай ижилхэн байхгүй юу тэр чинь. Тийм сайхан хангамжтай сайхан байсан даа. Ер нь одоо хамгийн сайхан гоё үе минь л одоо армид офицер байсан тэр жилүүд байж дээ. Үнэхээр хангалттай. Ёстой буянаа тэнд л одоо дуусгасан юм байна л даа гэж боддог юм.

Ариун-Ундрах -

Таны тэр авсан цалин бол амьдралд тань хүрнэ биз дээ?

Гаанжуур -

Хүрэхээр барах уу. Би чинь 8 хүүхэддээ тэр үед ёстой ямар л одоо хувцас өмсүүлдэг юм. Ямар хоол иддэг юм. Тэрнийг чинь одоо үнэхээр юу л дуртайг нь хэрэглүүлээд л, одоо хөгшин бид хоёр хоёулаа цэргийн хүн байсан. Авгай ч бас 1000 гаргаж авдаг байсан. Манай гэр бүлийн хүн бол барилгачдын цэргийн хүн байсан л даа. Засал чимэглэлийг хариуцдаг. Тэр нь надаас илүү их цалин авдаг байсан. Тэгээд бид хоёрт бол 2300-2400 цаас бол үнэхээр хангалттай л байсан. Цалин бол үнэхээр хүрэлцээтэй. Одоо бол 2000 төгрөгөөр юу авах уу? Юу ч авахгүй шүү дээ үндсэндээ. 2000 төгрөгөөр 1 таваг хоол авч идэж чадахгүй шүү дээ одоо. Тэгэхэд тэр үеийн 2000 цаас гэдэг чинь ямар их үнэтэй мөнгө байсан гэдэг нь бол мэдэгдэж байгаа юм л даа.

Ариун-Ундрах -

Аа тэгэхдээ тэр үед нөгөө мөнгөө хурааж хуримтлуулах юм уу тиймэрхүү тал байдаггүй байсан уу?

Гаанжуур -

Огт тийм санаа байдаггүй байж. Миний нэг ганцхан алдсан алдаа л наадах чинь байгаа юм. Би зүгээр цалингаа байг ээ. Цалингаа үрээд дуусдаг юм байж хамаа алга. Би зүгээр тэр офицер хүний цолны мөнгө гэж, удаан жилийн мөнгө гэж, жилийн нэмэгдэл гэж өгч байсан мөнгө л 200 гаруй 300-аад төгрөг байсан байхгүй юу. Үгүй ээ би тэрийг л, сард л би 300 төгрөг л банкинд хийчихээд л. Өөрөө зүгээр үндсэн цалингаа авчраад л 300 цаас л сард банкинд хийчихээд байдаг байсан бол би 20 жил дотор үгүй ээ мөн их мөнгө хийнэ ээ дээ. Үгүй ээ тийм л ухаан байдаггүй. Тэгээд би бас инээд хүрдэг байлаа. Миний нэг таньдаг ахлагч хүүхэд байсан байхгүй юу. Тэр ахлагч хүүхдийн ахлагчын цолны мөнгө гэж 60 төгрөг авдаг байхгүй юу. Тэгээд тэр мөнгөө банкинд хийгээд байдаг байхгүй юу тэр. Тэгээд бид нар чинь шоолоод инээдэг байсан юм. Чи 60 төгрөг банкинд хийж ёстой нээрээ баяжихна дээ гэж. Үгүй ээ юу вэ? Тэр хүүхэд 10-20 жилийн дараа тэр хүүхэд машин аваад уначихсан явж байгаа байхгүй юу. Гаанжуур ахаа гэнэ л дээ намайг. Гаанжуур ах минь таны надыг шоолж байсан мөнгө чинь энэ шүү дээ гэж машин унаад явж байгаа байхгүй юу. Тэгэхэд би сарын 300 төгрөг зүгээр өгч байгаа байхгүй юу. Засгаас зүгээр өгч байгаа. Тэгэхэд чинь одоо тэгээд л бас би чинь архи уудаг байж. Тэгээд л одоо ямартаа манай хэлтсийн дарга та нар ямар архи уудаг юм, задарсан. Ерөөсөө тэр цолныхоо мөнгө, цалингаа бүгдийг нь авгай хүүхэддээ аваачиж тушааж бай, задгай мөнгөтэй нь хүртэл өгч бай. Цолныхоо мөнгө, хувийн нэмэгдлийн мөнгө, удаан жилийнхээ мөнгийг битгий өгч бай. Тэр чинь офицер хүний хувийн юм. Хэрэв авгай чинь авна гэвэл хуцав аа гэдэг шиг тэр цолны мөнгө энэ тэрээр чинь бол зүгээр архи л ууж байлаа ш дээ. Үгүй ээ тэрнийг л одоо ухаан нь банкинд хийчихээд л байсан бол одоо юу гэж өдийд чинь би орох оронгүй, оочих аягагүй ингээд явж байхав дээ.

Ариун-Ундрах -

За хоёулаа түр өндөрлөе өө.

Гаанжуур -

За тэгье.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.