Gaanjuur


Basic information
Interviewee ID: 990330
Name: Gaanjuur
Parent's name: Höhüür
Ovog: Har Bürged
Sex: m
Year of Birth: 1946
Ethnicity: Zahchin

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired, singer, dancer
Belief: none
Born in: Zereg sum, Hovd aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: vet


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
privatization
new technologies
cultural campaigns
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? Гаанжуур гуай.

Гаанжуур -

Сайн. Сайн байна уу? хүү минь. Сайхан намаржиж байна уу?

Ариун-Ундрах -

Сайхан намаржиж байна аа. За хоёулаа энэ удаагынхаа ярилцлагыг эхэлье ээ.

Гаанжуур -

Заа.

Ариун-Ундрах -

За тэгэхээр түрүүчийн ярилцлаган дээр таны ажил, амьдралын тухай ярилцсан тийм ээ?

Гаанжуур -

Заа.

Ариун-Ундрах -

За тэгэхээр нөгөө нэг танайх их олон малтай байсан гэсэн ш дээ. Тэгэхээр та нэгдэлжих хөдөлгөөний талаар бага зэрэг ярихгүй юу?

Гаанжуур -

За манайх бол ер нь малын хувьд бол 50 толгой гаруй их малтай байсан айл. Даамай тэр дундаа бол сарлаг гэдгээр, манай эцгийг бол хар сарлагтын Таян Хөхүүр гэж хүн байсан юм. Тэр Ховд аймгийн Дуут сум, Манхан сум, Зэрэг сум 3 сумыг дамжиж, хамгийн сүүлд нь тэр Зэрэг суман дээр ирж нутагшсан айл л даа. Тэгээд тэр нэгдэлжих хөдөлгөөн гэдгийг эхэлж байхад би чинь 56 онд сургуульд орж байсан юм. Тэгэхэд л одоо тэр үед мал нийгэмчилж байхад манайх зөвхөн үхэр гэхэд л тэр нэгдэлд 400 гаруй үхэр нийгэмчилж байсан байхгүй юу. Тэгээд тэр манайх мал гэхэд манайхаас хойшоогоо одоо энэ Шин жань руу жин тээдэг байсан юм. Тэгэхэд зөвхөн манайхаас 20 атан тэмээ бүр хомбон амбаатай зөвхөн манайхаас авч явж байсан. Мал маш ихтэй байсан. Аа тэгээд нэгдэлжих хөдөлгөөн өрнөсний дараагаар тэр нэг 60-аад оны үед чинь ажилчин, албан хаагчдын малын толгойг 16 болгож тогтоосон юм ш дээ. Бүр дээрээс ерөөсөө 16-аас илүү толгой мал байхгүй гэж. Тэгээд бүх малаа бүгдээрэнг нь хууд нь нэгдэлд өгсөн. Тэгээд тэр нэгдэлд бүх малнуудаа өгөөд, мал нийгэмчлээд 16 толгой малтай болсон гэхэд манай мал бол малтай л байдаг байсан. Намайг жаахан 16 настай залуу театрт очиход, амралт энэ тэрээр ирэхэд бол манайх малтай л байдаг байсан. Тэр малнууд нь яахав гэхээр бас л тэр нэг аав ээжийн минь бас нэг дээр үед нөгөө нэг кинон дээр гардаг шиг бас нэг нууж барьж байгаад нөгөө Бумаа авгай хэн хоёр баригддаг шиг, тэрэн шиг бас нэг мал залаасаа өөр газар тоолуулж барьж ч байсан юм уу? Тэгээд л малтай л байдаг байсан л даа.

Ариун-Ундрах -

Аргалаад аваад үлдчихсэн үү?

Гаанжуур -

Тэгээд л аргалаад аваад үлдсэн мал л байсан байлгүй дээ. Одоо бодоход бол тэр 16 толгой малаас л илүү мал байсан байхгүй юу. Тэгэхээр тэр чинь малтай л байсан гэсэн үг. Аа тэгээд бүр аав ээж минь өнгөрөх хүртлээ манайх малтай л байсан. Аа тэгээд би яахав гэхээр ерөөсөө тэр малнаас хувьчлалд бол мал аваагүй. Би чинь нөгөө цэргийн дарга болоод наашаа цаашаа яваад шилжээд. Тэгээд би сүүлд нь бас нэг тэр мал хөдөө чинь эргүүлээд малыг нь нөгөө эздүүдэд нь хувьчилж өглөө ш дээ. Аа тэгэхэд тэр үед бол манай аав ээж минь нас барчихсан байхгүй өнгөрчихсөн байсан үе л дээ. Тэгээд би зүгээр сум нэгдлийн даргатайгаа нутаг руугаа нэг амралтаараа явж байх үедээ тааралдаад бид нарт ер нь нэг тийм хувь байдаггүй юм уу? Одоо ямар учиртай юм бэ? Тэр малнаас чинь гэсэн. Тэгээд тэр яахав. Нэгэнтээ нийгэмчлэгдээд өнгөрсөн. Тэр мал бол аль дивангарын юм. Одоо та нарт буцааж тийм мал өгөх барих боломж байхгүй гэсэн тийм юу өгсөн. Тэгээд л би ерөөсөө төлөг ч аваагүй, буцааж. Надад нийгэмчилсэн малны талаар ерөөсөө тийм юм огт байхгүй, мал аваагүй.

Ариун-Ундрах -

За 16 толгой мал гэхээр таны аав нөгөө нэг малын эмч байсан гэдгээрээ албан хаагч болчихсон юм уу тэ?

Гаанжуур -

Ммм тийм. Тэгэж байхгүй юу. тэр чинь нөгөө албан хаагч гэдэг чинь одоо малын эмч болохоор албан хаагч гэсэн тийм юунд орчихож байгаа юм. Тэгээд 16 толгой малтай л үлдэж. Яг 16 толгой малтай үлдэж, манайх чинь бүр ганц саалийн үнээтэй, нэг унах морьтой, нэг шөлний хэдэн хонь ямаатай л үлдэж байсан. Би тэрийг бол мэддэг юм. Би чинь 5-6-р ангид байх үед бол манай бүх малыг бүгдийг нь ёстой хотыг нь харлуултал туугаад л аваад явсан байхгүй юу. Бүгдийг нь юу ч үгүй аваад явсан, манай малыг. Тэгээд тэрний дараагаар тэр мал чинь өсөөд ч тийм болсон юм уу? Намайг театр байх үед бол бас л овоо хэдэн малтай болчихсон л байсан л юм.

Ариун-Ундрах -

Тэр хувь хүмүүс нэгдэлж яаж элсдэг байсан бол?

Гаанжуур -

Аа тэр үед нэгдлийн гишүүнд элсэх гэдэг чинь бас тийм амар байгаагүй юм. Одоо тэр нөгөө нэг “Хүргэн хүү” кинон дээр Дэмбэрэлийг нэг нэгдэлд элсүүлдэг зураг байдаг ш дээ. Тэрэн шиг тэр чинь яг үнэн бодит амьдрал байхгүй юу. Тэр чинь яг тэгэж элсүүлж байсан юм. Багийн хурал хийгээд, сум нэгдлийн хурал хийгээд, нэгдлийн зөвлөл гэдэг нь хуралдаад. Нэгдлийн зөвлөлийн хурлаар оруулаад за энэ Хөхүүр гуайг одоо нэгдлийн гишүүн болгох уу? Тэр үед чинь одоо тэр зан харьцааг нь хүртэл судалж байсан байгаа юм шүү, тэр нэгдлийн гишүүнд ороход чинь. Одоо энэ ер нь ямаршуу зантай хүн юм. Одоо нийгмийн дунд ямаршуу биеэ яаж авч явдаг хүн байгаа юм. Зан аашаар ямар юм. За мал хөрөнгөөр ямар юм гэдгийг нь энэ тэр хүртэл харж нэгдэлд авч байсан. Тэр чинь бас нилээн хатуу шалгуураар авч байсан байгаа юм ш дээ, одоо бодоод байхад бол. Өргөдөл, түүхт байдлаа бичнэ. Нэгдлийн гишүүн болохыг хүссэн өргөдөлөө бичнэ. Тэгээд тэр чинь хурлаар ороод, тэгээд одоо нийт гишүүдийн санал хураалтаар нэгдлийн гишүүн болгоно. Тэгээд яг нэгдлийн гишүүн болчихсон хүн бол ухаан нь нэгдлийн 500 мал хариулж байхад л ганц төлөг л зүгээр өөрийнхөө бодлоор нэг шөл гаргаад идчих л тийм л одоо эрхгүй байсан үе. Тэгэхээр л бас хатуу байсан байгаа юм шүү. Нэгдэл гэдэг чинь олон түмэнтэй хамтын хөдөлмөртэй, өөрийн гэсэн хөрөнгөтэй, өөрийн гэсэн санхүүтэй, өөрийн гэсэн машин техниктэй. Нэгдэл гэдэг чинь мундаг том айл байсан байхгүй юу. Тэгээд тэр нэгдэл гэдэг юмыг байхгүй болгосонд би их харамсдаг юм. Энэ сангийн аж ахуй, нэгдэл гэдгийг бол яасанд л би харамсдаг юм. Тэр яагаад тэгэж байна гэхээр нэгдэл гэдэг чинь миний түрүүний хэлдгээр хамтын хүч хөдөлмөртэй, өөрийн гэсэн биеэ даасан хөрөнгө мөнгөтэй, машин техниктэй. Тэр нь яагаад тэгэж байгаа юм бэ? гэхээр одоо жишээлбэл ингээд би нэгдлийн гишүүн байлаа ш дээ. Нэгдлийн гишүүн байхад чинь бол одоо намар чинь өвс ноосыг нь хадаад авчраад бүр трактор машинаар буулгаад өгчихдөг. Хадлан тариалангаа өөрснөө бүр одоо хамтын хүчээр хураагаад авчихдаг. Үгүй ээ тэр ер нь нэгдлийн байх үед бол тэр их олон мал ер нь одоо ухаан нь зуд боллоо гэхэд үхэж хатаж байсан, осгож байсан, тэгэж байсан юм гэж ерөөсөө байгаагүй. Өө тэгэхээр тэр нэгдлийг тараасан нь бол би одоо маш их буруу юм болсон гэж боддог юм. Одоо тэр нэг жишээг авахад одоо ухаан нь нэг жоохон амины хүмүүст мал өгчихсөн л гэж байна. Их мундаг болоод л мал эзэндээ очсон л гээд байдаг. Тэгээд тэр хэдэн мал чинь, баян хүн нэг л шуурганаар үгүй болдог гэдэг чинь үнэн ш дээ. Одоо ухаан нь нэг жаахан зуд болохоор чинь зэрэг тэр нэг уулын аманд байгаа тэр их малтай айл чинь яах юм. Тэгээд л дуусч байна ш дээ. Тэгээд одоо бүр аргаа барчихаад энэ нэгдэл гэдэг юмнаасаа ичээд, энэ томчууд ичээд нэгдэл гэж хэлж чадахгүй. Одоо зүгээр хоршоо байгуулж байна, хүмүүсийн хоорондын хоршоод гэж юм яриад байгаа ш дээ одоо. Тэр чинь бас тэр нэгдлийн нэг л хэлбэр лүү орж байгаа гэсэн хэрэг байхгүй юу. Хамтын хүчээр нийлж одоо ухаан нь нэг айл байсан бол 10 айл болж бүгдээрээ нийлээд мал хөрөнгөө хүртэл хариулдаг, үс ноосоо хадаж авдаг, хадлан тариалангаа бэлтгэдэг гэсэн. Тэр чинь бас нэг тэр нэгдлийн нэг хэсэг рүү л орж байгаа шинж байхгүй юу. Одоо тэрнийгээ нэгдэл гэж чадахгүй байхгүй юу, эд нар ичээд. Нэгдлийг нь устгаад хаячихсан юм чинь. Тэгэхээр нэгдэл гэдэг бол үнэхээр ашигтай тустай юм байсан нь ойлгомжтой. Тэр сангийн аж ахуй гэхэд. Аа тэгээд тэр амины мал, хувийн мал хоёрын харьцааг одоо барьж байсан асуудал надад их буруу гэж боддог юм би. Одоо жишээлбэл ухаан нь амины мал бид нарыг 16 толгой мал болгочихлоо ш дээ. Тэгчихээд тэр нэгдлийн 500 мал тэднийд өгч байхад чинь, түүнд орвол хэрвээ юм мэддэг шиг хүн байсан бол за таны амины мал чинь 5 толгой дээр одоо хэдэн мянга ч болсон хамаа байхгүй ээ. Та аминыхаа малыг өөрөө ав, танайхаас юу ч авахгүй. Та нэгдлийн 500 хонины тэр л сүү сааль, ноос үс, тэр малын бүтээгдэхүүнийг нь яг тушаагаад 500 одоо төчнөөн хурга өгдөг ёстой байсан бол төчнөөн хурга та тушаана аа. Өөрөө та тэр өөрийнхөө амины малаараа зах зээл дээр тэр өөрийнхөө амьдралдаа тус болох ашиг хонжоогоо өөрөө ол оо гэсэн бол хотонд байгаа малыг бол нэгдлийн мал, амины мал гэж малчин хүн бол хэзээ ч ялгаварладаг тийм байхгүй. Тэгээд л одоо амины мал байхгүй, юу ч үгүй болгочихсноос болж л одоо ард түмний амьдрал байдал нэг хэсэг их доройтсон ш дээ. Аа тэгээд дараагаар нь яахав гэхээр одоо энэ малтай хөрөнгөтэй болгоод, хувьчлал хийгээд, энэ малтай улсууд нь бол яахав. Зүгээр энэ яг одоо бол ингэж яриад байгаа юм. Малчдын амьдрал муу байна гэж. Яг амьдрал дээр ингээд хөдөө гадаа тоглолтоор нааш цаашаа ингээд явахад малчид шиг баян амьдралтай улсууд байхгүй байхгүй юу. Малчид чинь бол ерөөсөө дор хаяж нэг мотоцикльтой, гадаа нь фортер тэрэгтэй. Аа тэгээд хөнгөн тэрэгтэй. Нэг айл чинь бол мотоцикль, 2 машинтай энэ тэр айл байна ш дээ одоо хөдөө чинь. Үгүй ээ тэгээд дуртай цагтаа цагаан идээгээ, дуртай цагтаа махаа аваад идчихнэ. Манай хотынхон бол бид нар яаж байна, кг махыг хэдэн төгрөгөөр авч идэж байгаа билээ. Аа тэгэхэд чинь нэг ганц литр сүү ямар үнээр авч ууж байгаа билээ, жишээлбэл. Үгүй ээ тэгэхэд чинь малчид бол үнэхээр баян байгаа байхгүй юу. Тэгэхэд одоо гудамжинд өлсөж цангаж явж байгаа орох оронгүй, оочих аягагүй ядарсан траншейны хүүхдүүд гэж Монголчууд яриад байгаа. Тэр хүүхдүүдийг байж байхад ямаанд 5000 төгрөг өгч байгаа байхгүй юу нэг хүн. Үгүй ээ тэр ямаагаа ноолуураа тушаагаад хэдэн төгрөг болгоод амьдарна уу, байна уу тэр хувь хүний хэрэг ш дээ. Тэр ямаанд мөнгө өгч байна гэдэг асуудал дээр би бас их харамсаж явдаг. Үгүй ээ түүнд орвол тэр ямаанд өгч байгаа тэр. Хэдэн мянган, ганцхан айл байхгүй ш дээ, Монголд чинь малчин айл чинь. Тэгээд түмэн ямаа байж байгаа ш дээ. Үгүй ээ тэр олон ямаанд мөнгө өгч байсанд орвол тэр өгсөн мөнгөөрөө тэр ядуу зүдүү амьдралтай байгаа сургуулийн хэдэн хүүхдүүдэд нэг сурах бичгийг нь хүртэл, хичээлийн хэрэглэлийг нь хүртэл авч өгөөд баярлуулчихгүй яасан юм бэ? дээ гэж би тэрэнд харамсаж явдаг. Хөдөөний амьдрал бол үнэхээр одоо бол сайн байгаа ш дээ. Үнэхээр сайжирсан байгаа. Хотынхонтой зүйрлэх юм байхгүй. Би жишээ нь гэхэд л 8 хүүхэдтэйгээ орох орон, оочих аягагүй айлын байр түрээслээд л амьдраад явж байгаа ш дээ. Би 1989 онд армиасаа халагдаад тэтгэвэрт гарснаасаа хойш одоог хүртэл би орох орон, оочих аягагүй л. Би одоогын энэ 10 жилд л айлын байр хөлслөөд л ингэж амьдарч явж байгаа ш дээ. Тэгэхэд чинь хөдөөний айл чинь юу вэ? Тэр малтай, зүгээр ёстой жигтэйхэн баян байж байгаа ш дээ. Ийм хот хөдөө хоёрт бол хотынхон бол ядарч яваа болохоос биш хөдөөнийхөн бол ядарч яваа юм байхгүй гэж боддог юм би дотроо.

Ариун-Ундрах -

Нэгдэлжих хөдөлгөөнийг анх эхэлж байхад хүмүүс ямаршуу хүлээж авсан бэ?

Гаанжуур -

Аа тэнд чинь би бага болоод бас сайн мэддэггүй юм аа. Тэр чинь одоо миний үнэхээр бага байхад болж байсан асуудал шүү дээ. Зүгээр тэр кинон дээр гарч байгаа, ярьж байгаа нь бол яг л үнэн бодит амьдрал, тэр “Хүргэн хүү” гэдэг кинон дээр л үнэхээр тэр гарцаа байхгүй яг тэр нэгдэлжих хөдөлгөөний үеийн амьдрал байдал яг гарч байгаа юм. Яг л нэг тийм байсан байх л гэж би боддог юм. Миний зүгээр нэг ухаан ороод байж байх үед нэгдэл гэдэг юм бол их сайхан юм байна гэж ч ярьж л байсан үе байсан. Аа нэг ганц төлөг, ганц борлон алаад идчих тийм эрхгүй болохоор чинь зэрэг хэцүү юм байж гээд. Одоо ухаан нь нэг малчин айл байлаа гэхэд гэр бүлийнх нь хүн хүүхэд гаргалаа гэхэд тэрэнд нэг шөл уулгах гэж үгүй ээ чухам багаасаа өргөдөл гаргаад, багийн даргаар цохуулаад, багаасаа сум орж сум нэгдлийн даргаар цохуулаад, эргэж ирж цохолт хийлгэж байж нэг ганц төлөг авч алж идэж байх жишээтэй тийм хүнд байсан байхгүй юу даа. Тэгэхээр тэр бол яг өөрийн гэсэн малгүй байсан учраас нэгдэлчдийн хэцүү нь хэцүү л байсан байх. Тэрүүхэн үедээ. Аа сүүлдээ бол нэгдэл чинь ХААЯ-ны харъяа нэгдлийн дээд зөвлөл гэж байгуулагдаад нэгдэл гэдэг чинь их мундаг сайхан том айл болсон ш дээ. Нэгдэл гэдэг чинь мундаг, их сайхан хөл дээрээ тогтож, маш их сайхан болж байх үед нь нэгдлийг тараачихсан даа. Тэр жаахан харамсалтай юм болсон.

Ариун-Ундрах -

Тэр үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгдэлжих хөдөлгөөний талаар юу цацдаг байсан бэ?

Гаанжуур -

Үгүй ээ тэр нэгдэлд ор, хамтын хөдөлмөрт ор, нэгдэлд орох тийм тийм ашигтай гэсэн тийм сурталчилгаа ухуулгын юм бол явж байсан юм. Радиогоор ч ярьдаг л байлаа. Одоо сонин хэвлэлээр ч ярьдаг л байсаан. Энэ суртал ухуулгын талын юмнууд бол явж байсан. Тэгээд л багийн ухуулагч нар гэж байсан юм, тэр дээр үед чинь. Тэгээд л ухуулагч чинь тэр тасаг, фермүүдээр явж, сумын хөдөө байгаа тэр хэсгүүдээр явж энэ тэр суртал ухуулгын тийм ажлуудыг хийж байсан үед л тэр нэгдэл гэдэг хөдөлгөөн ялж, нэгдэл гэдэг чинь хөл дээрээ зогсохоор тийм том айл болсон юм ш дээ. Тэр бас нэг суртал ухуулга сайн явагдаж байсны үр дүнд л тэгсэн байх гэж бодож байгаа юм.

Ариун-Ундрах -

Жишээ нь тодорхой бүлэг хүмүүс нэгдэлжих хөдөлгөөний тухай одоо ухуулга хийнэ ш дээ тийм ээ?

Гаанжуур -

Ааан.

Ариун-Ундрах -

Тэр ухуулга дээрээ бас тодорхой юу юу ярьдаг байсан бол?

Гаанжуур -

Одоо би тэрнийг сайн мэдэхгүй. Нэгдэл гэдэг бол ингээд зүгээр миний нилээн сайн ухаан орсон үед сонсож дуулж байсан юм бол нэгдэл гэдэг бол тийм хамтын хөдөлмөртэй, нэгдэл гэдэг бол өөрөө биеэ даасан санхүүтэй, нэгдэл гэдэг бол одоо унаа машин тэрэгтэй, техниктэй. Одоо тэгээд энд орсон хүн бол жишээлбэл ер нь одоо эрх тэгш амьдралтай сайхан болно гэдэг тийм л талын суртал ухуулга хийж байсан юм байгаа юм. Тэр нь ч одоо арга байхгүй үнэн байсан. Тэр нь яахав гэхээр одоо ухаан нь жишээлбэл нэг хадлан бордоог нь бүгдээрэнг нь нэгдлээс өвөл болох дээр машин тэрэг, трактор комбайн юмаар аваачаад өгчидөг. Тэгээд өөрснөө хадлангаа хадаад авчихдаг. Хамтарч нийлээд бүгдээрээ хадлангаа авчихдаг. Жишээлбэл нэг сүүн фермийн 10 айл байлаа гэхэд чинь тэр 10 айл чинь хамтраад хадлангаа хадаад авчихдаг. Тэгээд дээрээс нь нэгдлийн тэр нөгөөдөх нөөц хөрөнгөнөөс өвс тэжээлийг нь авчраад өгчихдөг тийм байсан. Тэр талын тэр ухуулгад л ийм ийм ашиг тустай юм гэдгийг л ярьдаг байсан байгаа юм. Тэрнийг бол би зах зухаас нь сонсдог байсан. Хүүхэд байсан даа. Хааяа нэг багийн хурал гээд л нэг айлуудыг чинь бөөгнүүлээд л. Завод гэхэд чинь л одоо нэг доод тал нь 30-40 айл байлаа ш дээ. 30-40 айл чинь нэг завод гээд болчихсон. Тэгээд тэрэнд чинь нөгөөдөх сүү саалиа тэр заводдоо тушаадаг, өгдөг. Тэрний сүүгээр чинь одоо энэ масло гэдэг юмыг чинь манайх дотооддоо зүгээр нэг завод дээр хөдөөний айл л масло торх торхоор нь тийм гоё гоё масло чинь одооны маслотой зүйрлэхээр биш, гоё масло гаргаж авч байсан байхгүй юу, тэр цөцгий энэ тэрийг чинь. Тэгээд одоо тэр үед л яг тийм тийм ашиг тустай юмаа л гэж тэгэж ярьдаг байсан юм байгаа юм.

Ариун-Ундрах -

Та социализмын үед чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг байсан бэ?

Гаанжуур -

Социализмын үед бид нар чөлөөт цагаа бол яахав ээ зүгээр ер нь яг миний хувьд бол чөлөөт цагаа өнгөрүүлнэ гэж бараг байхгүй шахуу байсан. Энэ 20 жил цэргийн дарга байсан. Тэр үед бол тийм чөлөөт цаг гэж надад бол үнэндээ гарч байж байгаагүй. Тэр битгий хэл ер нь 7 хоногт амардаг өдөр ч гэж ер нь бараг байгаагүй. Аа зүгээр жүжигчин байх үедээ бол 7 хоногт нэг өдөр нь амардаг. Хагас бүтэн сайнд бол соёл урлагийн байгууллагууд чинь амардаггүй юм ш дээ. Ер нь бүх тийм соёл урлагийн байгууллагууд 2 дахь өдөр амардаг байсан. Тэр 2 дахь өдрөө бол яахав дээ одоо кино ший үздэг, бүжиг наадамд ордог, нааш цаашаа агаар салхинд гарах, тоглох наадах тиймэрхүү маягаар л одоо чөлөөт цагийг өнгөрөөдөг байсан. Би бол өөрөө волейволын спортод их сонирхолтой байсан учраас амралтынхаа өдөр бол волейвол тоглоно. Би чинь хоршоолол нийгэмлэгийн шигшээд тоглож байсан хүн шүү дээ, волейволоор. Миний багш солгой Дангаа гэж МУ-ын спортын мастер хүн бий. Тэр хүний шавь байж тэнд одоо явдаг байсан. Тэгээд би волейвол тоглох дуртай. Тэгээд тэрүүгээрээ л шатар даам тоглох, найз нөхдүүдтэйгээ наргиж цэнгэх, бас хааяа одоо нэг ресторанд суух барих. Бидний үед чинь бас ресторан гэж байлаа. Энэ чинь Монголд чинь 3-4-хөн ресторан байсан юм чинь. Тэр дотор дугуй ресторан гэж байсан, Улаанбаатар ресторан гэж байсан юм, тэгээд Хэрлэн ресторан, Алтай ресторан гээд нэг хэдхээн ресторан байсан. Тэнд л бас нэг чөлөөт цагаараа, столь авна гэж нэрлэнэ ээ тэр чинь бас. Тэр нэг столь дээр чинь одоо ухаан нь ингээд л архийг нь тавьчихсан, пиво тавьчихсан, тэгээд л хоол унд тавьчихсан, тэгээд л тэр столь дээр байгаа чихэр, үзэм, жимсийг нь тавьчихсан. Тэгээд столийг чинь одоо ухаа нь 50 төгрөг, 70 төгрөг энэ тэр гээд тийм столь үнэтэй. Одоо ухаандаа бид нар 4 хүн байлаа гэхэд л нэг тэр столь дээр 4 хүний л хэрэглэх хэрэгцээний идэх уух юм, тэр л архи дарс юмыг нь тавьчихдаг байсан юм байна л даа. Тэгээд тэрнийг баяр ёслолын үеэр шүү дээ. Тэгээд л тэр столь авна гэж ярьдаг байсан юм. Тэгээд тэрнийг л авдаг. Тэгэж л бас нэг зарим чөлөөт цагаа тиймэрхүү маягаар өнгөрөөнө. Тэгээд эхэндээ би бас нийтийн бүжгинд их хорхойтой. Тэгээд нийтийн бүжгинд л би ер нь миний ихэнхи л чөлөөт цаг бол нийтийн бүжгэнд л орж байсан юм байна даа. Би чинь одоо нэг амардаг өдрөө бол ерөөсөө тэгээд энэ барилгачдын соёлын ордон, зургаагын соёлын ордон, тэгээд төмөр замын соёлын ордон, ажилчны соёлын ордон, энэ залуучуудын соёлын ордон, их дэлгүүрийн соёлын ордон гээд энэ тэрт чинь ингээд одоо 12 цагаас их дэлгүүрийн соёлын ордонд орчихоод, 2 цагаас барилгачдын соёлын ордонд орчихоод, 4 цагаас зургаагын соёлын ордонд орчихоод, 6 цагаас төмөр замд орчихоод, төмөр замаасаа 8 цагаас энэ залуучуудын соёлын ордонд бүжгинд орчихоод явган комбинат руу шөнө алхаад явдаг л байлаа. Тэгээд нийтийн бүжгинд чинь Монхор Чулуун гэж миний нэг найз байсан, комбинатын. Тэр үед чинь одоо хүүхнүүд бол бид хоёрт үнэхээр хуйларч байсан үе. За энэ комбинатын Гаанжуур, Чулуун хоёртой л нэг бүжиглэчихвэл болоо гээд хүүхнүүд чинь бүр тэгээд ингэж дөхөж зогсдог. Одоо их гоё бүжиглэдэг хүүхнүүд дөхөж зогсдог байлаа ш дээ. Тэгээд л ер нь бүжгинд орчихоод л тэгээд л нөгөө ёстой нэг лааз өшиглөөд гэдэг шиг Энхнтайваны гүүрээр чинь л хэдүүлээ нийлж наадаж хөхрөлдөөд л явган алхаад л гэртээ харьчихдаг. Тийм бүжигний л их хорхойтой байсан даа. Би тэгээд ямартаа ээж маань нэг хөдөөнөөс ирсэн байсан юм. Энэ эмэгтэй дүүтэйгээ хамт байсан. Тэгээд нөгөө бүжгинд явах гэсэн чинь ээж гурил зуурч байхгүй юу, нөгөө хоол хийх гээд. Тэгсэн чинь гадаа найзууд ирээд шүгэлдсэн чинь л юун зүгээр шууд нөгөөдөх гурилын ганжингаа авсан чинь ээж за хүү минь чи ёсой энэ гэрт ирэхгүй юм шиг загнаж байна аа чи, хоолгүй хононо гэж мэдээрэй л гэж байдаг шүү. Нөгөө бүжгээ тарчихаад л шөнө 12 өнгөрөөгөөд шөнө ирэхэд чинь л хөөрхий хүний ээж гэж сайхан даа. Миний хүү хоолоо халаагаад ид, ээж нь хоолыг нь хийгээд тавьчихсан. Хоолоо халааж идээрэй л гэж байдаг сан. Тийм нэг бүжгэнд л их хорхойтой байсан даа би.

Ариун-Ундрах -

Аа та бол тэр найзтайгаа хоёулаа эмэгтэйчүүдээс бүр шилж сонгож байгаад урих нь байна ш дээ тэ?

Гаанжуур -

Тэгнэ ш дээ. Тэр чинь мэдээжийн хэрэг. Тэр бүр ижил дасал болчихсон. Ерөөсөө тэрэнд чинь бүр хамгийн тэр нь сайхан бүжиглэдэг хүүхэн, тэр нь сайхан бүжиглэдэг залуучууд гэдэг нь ойлгомжтой байхгүй юу. Ерөөсөө тэр аль л гоё бүжиглэдэг хүүхнийг л зүгээр тэрийг чинь одоо зүгээр холхог зогсож байгаад нүдээ ирмэнэ ш дээ. Тэгээд л энэний дараачын бүжгинд хоёулуу бүжиглэнэ шүү л гэсэн санаа байхгүй юу тэр чинь.

Ариун-Ундрах -

Өө тэгээд л ойлголцчих уу?

Гаанжуур -

Тийм, тэгээд л ойлголцчихно. Тэгээд л ерөөсөө тэр хүүхэн бол тэр нөгөө нэг хүнтэйгээ бүжиглэж байгаад л шууд тэр бүжигнээсээ гарангуут л над дээр ирээд л, тэгээд л хоёулаа дараагын бүжгийг бүжиглэх жишээтэй тийм. Бүжгинд бол ёстой үнэн хорхойтой байлаа.

Ариун-Ундрах -

Би бас таниас нээрээ ингэж асуух гэсэн юм. Та дуулдаг, бүжиглэдэг, бас хөгжимддөг, тэгээд жүжиглэдэг гэхээр яг энэ хэд дотроосоо алинд нь хамгийн их дуртай вэ?

Гаанжуур -

Би одоо яг унаган мэргэжил бол бүжигчин учраас би бүжгиндээ их сайхан байсан юм. Тэгээд бүжиг бол их олон жил бүжиглэдэггүй. Бүжгийн урлаг бол хүн ерөөсөө одоо манай энэ мэргэжлийн их том том театр балетийн бүжигчид чинь 20 жил бүжиглээд л тэтгэвэрт гарч байгаа ш дээ. 18-20 жил бүжиглээд л. Тэгээд бүжиглэх чадвар бол бий. Бүжиглэх чадвар бол нэг 35-40 хүртэл бол байна л даа. Аа ер нь тэгээд явцгүй урлаг. Миний хамгийн дуртай энэ урлаг бол дуучин болох. Би дууг бол одоо ч сайн дуулна шүү. Ер нь одоо Налайхд ч гэсэн намайг сайн дуучин гэдэг юм. Би ер нь хаана ч очсон дуулчихаж чадна шүү. Дуу бол одоо 60 гарсан ч гэсэн. Би одоо 64-тэй дуулж байхад энэ ямар ч мэргэжлийн дуучингаас би нэг их дутахгүй дуулна шүү. Би дууныхаа урлагтаа дуртай. Энэ айлын найр наадам хийлээ гэхэд чинь ерөөсөө очиход л Гаанжуураар дуулуулъя л гэж байдаг юм даа. Дуундаа бол би хайртай. Одоо миний хамгийн дуртай юм бол шагай л байгаа юм. Шагай тоглох л дуртай.

Ариун-Ундрах -

Энэ шагайг та хэзээнээс эхэлсэн бэ?

Гаанжуур -

Өө энэ чинь харин 74 онд, би түрүүн ярьсан. 74 оноос хойш л одоо хүртэл энэ шагай гэдгийг харваж явж байгаа. Энэ бас тэгээд бас их хэцүү тоглоом оо. Зай зав байхгүй, бас гэрийн ажил их алдуулдаг бас хэцүү тоглоом энэ чинь одоо. Нэг хорхойсчих юм бол зүгээр энэ чинь тэгээд ерөөсөө юун тэр гэр орон. Би чинь одоо бид нар чинь одоо ингээд л нэг тэмцээн болох гээд л тэгэхэд чинь шөнөжин бэлтгэл хийгээд, шөнөжин тоглоод л, өглөө үүрээр 4 цагийн алдад, 5 цаг, заримдаа өглөө бүр 8 цагт энэ тэр ч харина ш дээ. Ёстой үнэн сайхан тоглоом. Монголын ёстой эр хүний хийморь сэргээсэн гоё тоглоом чинь энэ хулангын тоосонд орно гэж ярьдаг юм бид нар. Шагайчид ярьдаг. Тэр нь яахав гэхээр нөгөө улсын их том том чанартай тэмцээнүүдэд ёстой аймаг, сум одоо бүр ёстой асар их олон багууд ирж тоглодог байхгүй юу. Тэгээд тэрнийг чинь хулангын тоосонд орно гэж ярьдаг тийм. Тийм мундаг том том тэмцээнүүдэд ороход сайхан байдаг. Уухайн дуу хангинаад л тас хийтэл нь оноод сууж байх чинь бас эр хүнд хийморьтой л харагддаг гоё тоглоом доо. Шагайнд дуртай. Бас хажуугаар нь би билльярд их сонирхоно оо. Билльярданд дуртай. Билльярд тоглоно би чинь.

Ариун-Ундрах -

Энэ та түрүүн нөгөө шагай харван цолуудыг хэлээд байсан ш дээ. Тэрийг нэг нэрлэж болох уу?

Гаанжуур -

Шагай чинь их олон цол хэргэмтэй. Дэд мэргэн, мэргэн, улсын дэд мэргэн, мэргэн, тэгээд гарамгай мэргэн, үлэмж дархан мэргэн гээд тэгээд спортын мастер гээд одоо бүр энэ чинь спортын мастер зэрэгтэй ш дээ. Дээд тал нь бол спортын мастер зэрэгтэй. Тэгээд манай ахмадууд болохоор чинь зэрэг яахав хүндэт мэргэн харваач, харьшгүй мэргэн харваач гээд ийм тусгай цол хэргэмтэй. Тэгээд би одоо харьшгүй мэргэн цол авахад нэг ганцхан хуруу дутуу байгаа юм. Би бол хүндэт харваачаа авчихсан. Одоо улсын чанартай тэмцээнд 3 удаа медальт байранд орсон тохиолдолд харьшгүй мэргэн авах ёстой. Би одоо 1 алтан медаль, 1 хүрэл медаль авчихсан. Одоо энэ өнөө жил улсын аварга болно. Энэ улсын аваргаар нэг медаль авчих юм бол тэгээд л би харьшгүй мэргэн гэдэг мундаг цолтой, улаан залаатай малгай энэ тэр өмсөөд л гангарна даа.

Ариун-Ундрах -

Тэгээд хоёулаа ардчиллын тухай одоо нэг бага зэрэг ярья аа.

Гаанжуур -

За.

Ариун-Ундрах -

Яг ардчилал гарч байх үеэр та юу хийж байсан бэ?

Гаанжуур -

Би ардчилал гарч байх үед Говьсүмбэр аймгийн соёлын төвийн даргаар ажиллаж байлаа. Тэгээд одоо дэлгүүрт бол үндсэндээ давс, цайны идээ хоёроос өөр юм байхгүй л байсан үе. Тэгээд би тэр зах зээл гэдэг юмыг бол одоо би үнэхээр мэдэрч ойлгохгүй байсан л даа. Ойлгодоггүй байлаа. Үргэлж л тэр сайхан баян хангалуун, тэр сайхан цэргийн дарга тэр хэвээрээ л байдаг юм байх л гэж ингэж боддог байлаа. Тэгээд нэг үе манайх үнэхээр хүнд байсан л даа. Одоо ардчилал гараад л зах зээлд шилжих үед бол үнэхээр хүнд байсан. Тэгээд л тэр үед би тэнд байж байгаад тэгээд 93 онд энэ Налайхаас арай ийшээ нэг 10 гаруй км газар Гордок гэж. Тэр Гордокт 137-р ангид соёлын төвийн ажилтангаар тэнд ирээд, тэгээд зах зээлийн үеийн одоо энэ сүүлийн хэдэн жилийг л энэ Налайхд, энэ ардчиллын бүх 18 жилийг л энд Налайхд өнгөрөөж байна даа.

Ариун-Ундрах -

Та тэр үед ардчиллыг дэмжиж байсан уу?

Гаанжуур -

Дэмжиж байсан. Би зүгээр тэр эдийн засгийн зах зээлийн хувьд бол тэр би нэг ойлгодоггүй, мэдэрдэггүй байсан. Зүгээр ардчилал гэдэг юмыг бол би ардчиллын залуучууд, одоо 90 оны манай ардчиллын хувьсгал гэдэг юм хийлээ ш дээ. Энийг бол би нэг ёсондоо гайхаж байсан, нэг хэсэг. Энэ чинь одоо ямархуу юм бэ дээ. Монгол хүн гэдэг чинь одоо ингээд өлсгөлөн зарлаад сууж байдаг нь ямар ухаантай юм. Үгүй ээ тэр дундаа бүр эх нялхсын баярын өдөр, Мартын 8 эмэгтэйчүүдийн баярын өдөр ингээд өлсгөлөн зарлаад, тэрэн дотроо томчуул нь хүртэл одоо ингээд өлсгөлөнд ороод сууж байдаг. Энэ одоо юу болох гээд байгаа гэдгийг би нэг их эхлээд бас жаахан ойлгохгүй байсан. Аа тэгээд сүүлдээ тэр ардчилал гэдэг юм ялаад, ард түмэнд ойлгогдож мэдрэгдээд ирсний дараагаар бол ардчилал гэдэг бол үнэхээр одоо, зүгээр ер нь ардчилал гэдэг бол их олон сайхан юмыг дагуулж ирсэн. Саар юмыг ч бас дагуулж ирсэн. Ардчилалд хүн бол өөрийнхөө бодож сэтгэж, санаж байсан юмаа чөлөөтэй илэрхийлэх эрхтэй болсон. Одоо ямар нэгэн сайхан боловсролтой мэргэжилтэй хүн байлаа гэхэд социализмын үед чинь бас дарагдаж байлаа ш дээ. Хүний урдаас юм хэлж болохгүй. Санаа бодлоо хэлж болохгүй байсан тийм үе байсан. Одоо ухаан нь жишээлбэл энэ хүнд сурталтай дарга нарыг шүүмжлэх эрх байхгүй байлаа. Тэгвэл ардчилал гэдэг бол тэр үнэхээр одоо хүний оюун санаандаа бодож тунгааж байгаа юмыг, өөрийнхөө санаа сэтгэлийг бол ямар ч хүнд хэлж чадах тийм эрхтэй болгосон, ардчилал гэдэг бол. Ардчилал гэдэг бол улс эх орныхоо төлөө ард түмэн бол тэгш эрхтэй байх тал дээр их юм авчирсан. Ардчиллын залуучуудын манай хамгийн гоё хийсэн юм бол улс эх орон хөгжинө гэдэг бол зүгээр миний бодлоор бол ерөөсөө хэдхээн зүйл дээр тулгуурладаг байх гэж би ойлгодог юм. Улс эх орныг хөгжих хамгийн гол үндсэн зүйл нь бол юу гэхээр зам тээвэр, холбоо. Үгүй ээ одоо замгүй байгаад ямар зах зээл, тэнд ямар улс орон хөгжих юм бэ? Хөгжихгүй ш дээ. Одоо ухаан нь энэ мянганы зам гэдэг сайхан юм байгуулснаас хойш одоо бид нар хичнээн сайхан. Энэ зам гэдэг юм маань ямар сайхан болж байна вэ. Зам тээвэр, холбоо. Манай ардчиллын залуучуудын ганц гоё хийсэн юм бол энэ холбоо. Бид нар дээр үед чинь Ховдоос Улаанбаатар руу ярихад чинь бүтэн 7 хоног байна уу? байна уу? гэж бархираад тэгээд бүр сүүлдээ аргаа ядаад тэгээд байхгүй өнгөрдөг байлаа ш дээ. Нэг утсаар ярих гэж. Тэгэхэд чинь одоо хар л даа. Хүн бүр гар утастай. Хүн бүр гадаадад нэвтэрч чөлөөтэй ярьж болж байна. Одоо тэгээд бүр хөдөөгийн баг, сум нэгдэл, баг хүртэл одоо холбоогоор богино долгионы радио станцаар хоорондоо ярьж байна. Малчин хүн хөдөөнөөс зүгээр уулын орой дээр гарч байгаад хотод хүүхэдтэйгээ ярьж байна ш дээ. Энэ чинь одоо холбоо гэдэг юм бол асар их юу байхгүй юу. Манай ардчиллын залуучуудын хийсэн хамгийн сайхан юм нь энэ гэж боддог юм би. Маш их сайхан.

Ариун-Ундрах -

Та бүр анх ардчилал танд юу юу авчирна гэж найдаж байсан бэ?

Гаанжуур -

Үгүй ээ би ч одоо яг тэр үед нь бол ойлгож байгаагүй. Одоо тэр л өлсгөлөн зарлаад л одоо тэгэж байна, ингэж байна, ингээд байна гээд байхаар нь би огт ойлгоогүй байсан. Тэгээд сүүлдээ энэ ардчиллын жилүүд явагдаад, манайд чинь бидний үед бол... Би МАХН-ын гишүүн ч биш, Ардчилсан намын гишүүн ч биш. Би ерөөсөө намын гишүүн биш. Би лам шүтдэггүй, нам шүтдэггүй хүн байсан. Ямартаа би батлан хамгаалах яамны коллегийн хурал дээр намайг нэг ЗХУ-д .... курст явуулах гэсэн байхгүй юу, соёлын дээд курст. Тэгсэн чинь МАХН-ын гишүүн биш гээд намайг хасаж байсан байхгүй юу. Би тэгэхээр нь би лам ч шүтдэггүй, нам ч шүтдэггүй гэж хэлчихээд тэрнээс гараад явж байсан байхгүй юу. Тэгээд би алиныг нь ч шүтдэггүй байлаа л даа. Аа зүгээр гэхдээ би МАХН-ын яг жинхэнэ ид оргил үед нь МАХН-ын тэр үзэл суртлаар хүмүүжиж өсөж, өдий зэрэгтэй одоо боловсрол мэдлэгтэй болж, өдий зэрэгтэй амьдарч байгаа учраас би МАХН-ыг бол нэг их тийм муу гэж боддоггүй. Аа ардилсан намынхныг ч гэсэн би бол муу юм гэж боддоггүй. Ардчилсан нам бол бас нилээн л улс эх орондоо, ер нь улс эх орныгоо хөгжүүлж л чадаж байвал тэр ардчилсан нам нь ч байна уу, МАХН нь ч байна уу тэр чинь хамаагүй ш дээ. Тэр чинь сонголт бол сонгууль хийхдээ л тэр хүний хувийн сонголт юм чинь. Ардчиллын хувьд бол би зүгээр бас одоо нэг жаахан яг тэр ардчилал гэж хэлж ярьж гарч ирснээсээ арай бас жаахан ухарч байна уу даа гэж би боддог юм, одоо бол. Бас арай нэг тэр ярьж байсан үеийн юмнууд нь одоо бол арай нэг бас биелэгдэхгүй тал руугаа орж байгаа юм биш үү? гэдэг. Тэгээд ардчилал гэдэг юм дэндүү ихсэх юм бол анархист болно гэж миний нэг багш хэлдэг байсан юм. Тэр ардчилал гэдэг юм нь бас эмх замбараагүй болгохын нэр биш шүү дээ. Одоо бол бас нэг тийм ухагдахуун байна шүү. Ардчилал гэдгээр хэлэх эрхтэй болсон гэдгийг далимдуулж одоо тийм дэндүү задгай, хүмүүжилгүй загнаж байгаа. Энэ чинь бол ардчилал биш л дээ. Ардчиллыг бол жинхэнэ ардчилал гэдэг ёсоор нь авч үзэхгүй бол ардчиллыг хэтрүүлэх юм бол анархист болно гэдэг нь үнэн юм шиг байгаа юм шүү.

Ариун-Ундрах -

За эцэст нь асуухад урлагийн хүний хувьд хамгийн хэцүү тал нь юу байдаг вэ?

Гаанжуур -

За даа урлагийн хүний хувьд хэцүү тал нь тэр уран бүтээлээ гаргах гэж зовж байгаа тэр л агшин байдаг юм даа. Уран бүтээлээ хийж, одоо ухаан нь нэг жүжигт тоглох гэлээ гэхэд л тэрний гол ролийг авсан бол тэр гол ролийг яг тэр тайзан дээр гарч тоглож, олон түмэнд хүргэх хүртэлх хугацаа. Үнэхээр нойр хоолгүй ажиллана. Тэр ролио судлана, роль дотроо орно, тэгээд тэр ролио цээжлэх, за тэгээд тэр жүжиглэлт нь ямар одоо дүр бүтээх гэж байгаа юм. Тэр дүрээ бүтээх босгох. Хэцүү үе нь л тэр байдаг юм даа. Тэгээд тэрийг ялан дийлээд гарсныхаа тэр бүжиг ч бай, жүжиг ч бай, тэр хөгжим ч бай, дуу ч бай одоо тэр л хэцүү үеийг туулаад гарчихаад нэг ничигнэсэн алга ташилтаар хүлээж аваад, тайзан дээр нэг ёслоод зогсож байх бол урлагийн хүний жаргал тэр л байдаг юм, хамгийн сайхан юм нь

Ариун-Ундрах -

За таны амьдралд аз жаргал хүсье ээ. Ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

Гаанжуур -

За баярлалаа миний хүү. Чамд ч гэсэн уран бүтээлийн өндөр амжилт хүсье ээ.

Ариун-Ундрах -

Заа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.