Renjin
![](../assets/images/interviewees/990312.jpg)
Basic information
Interviewee ID: 990312
Name: Renjin
Parent's name: Puntsag
Ovog: Alag aduu
Sex: m
Year of Birth: 1927
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired, literature teacher
Belief: Buddhist
Born in: Urgamal sum, Zavhan aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: smith
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
cultural campaigns
democracy
collectivization
family
childhood
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу Рэнжин гуай?
Рэнжин -
Сайн. Сайхан намаржиж байна уу?
Ариун-Ундрах -
Сайхан намаржиж байна аа? Та сайхан намаржиж байна уу?
Рэнжин -
Аа намар ч арай дуусаагүй ш дээ. Болоогүй л байна.
Ариун-Ундрах -
За хоёулаа энэ удаагынхаа ярилцлагыг эхэлье ээ.
Рэнжин -
Заа.
Ариун-Ундрах -
За түрүүчийн ярилцлаган дээр хоёулаа таны хувийн амьдралын тухай ярьсан. Тэгээд таны хийж байсан их олон ажлуудын тухай ярьсан учраас тэр үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямар байсан бэ?
Рэнжин -
За тэгье ээ. Тэр ерөөсөө бидний орхиод ирсэн социализмын үед чинь ерөөсөө л хүн ажлын төлөө төрсөн юм шиг л байсан л даа. Ер нь одоо хүн ажиллаж байж нийгмийг бүтээнэ гэдэг тийм сайхан эрмэлзэл бол хүмүүсийн тархи толгойд бүр шингэчихсэн байсан. Тийм учраас янз бүрийн уралдаан, тэмцээн, янз бүрийн бригад олон юм санаачилж гарч байсан. Социалист хөдөлмөрийн бригад энэ тэр гээд. Ялангуяа тэр залуучуудыг ажилсаг болгох, залуучуудыг нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог иргэд болгох талаар тэр үед одоо тэр тухайн нийгэм үнэхээр гайхамшигтай хандаж байсан л даа. Залуучуудын олон янзын чуулган явж байсан. Зөвлөлт- Монголын залуучуудын чуулган гээд дандаа хөдөлмөрийн талбай дээр залуучууд юу бүтээх ёстой, юу бүтээж чадаж байна гэдгийг харуулсан, бахархсан ийм юу байсан. Тэгээд ерөөсөө одоо нийгмийн захиалга бол хүнтэйгээ ямар учир шалтгаанаар холбоотой байдаг вэ? гэх дээр нийгэм бол хүнийг бий болгож, өсгөж торниулж, хүмүүжүүлж, боловсрол мэдлэгтэй болгоно. Хүн нь эргээд нийгмээ өөд нь татна. Нийгмээ сайн сайхан болгоно, нийгмээ зөв зохистой хөгжүүлнэ. Нийгмийнхээ одоо тэр л өнгө зүс, утга агуулгыг хөдөлмөрөөрөө, залуучуудын үйл ажиллагааны үр дүнгээр нийгмийнхээ өмнө бахархал бий болгох, нийгмээ цогцлон хөгжүүлэх, нийгмээ өв тэгш байлгах. Ялангуяа одоо нийгэмд хүний бүтээсэн зүйлээр нийгэм өөрийгөө чимж баяжуулах энэ эрмэлзлэл рүү залуучууд бол их хандаж байсан. Залуучуудыг их сайхан хандуулж байсан юм л даа. Ер нь нийгмийн одоо муу муухай буртаг, янз бүрийн юмыг арилгах, нийгмийг цэвэр цэмцгэр сайхан байлгах, нийгмийг зохистой хөгжүүлэх энэ тал руу их хандаж байсаан. За энэний нэг тодорхой жишээ бол тэр залуучуудын соёл хүмүүжлийн ажлыг их эрчимтэй хийдэг байсан. Ер нь одоо залуучууд чинь өглөөнөөс аваад л шөнө хүртэл одоо нэг бол хийж бүтээх, үгүй бол мэдэж сурахад л одоо хамаг анхаарлаа хандуулж байсан. Залуучуудыг энэ бололцоог нь сайхан хангаж өгч байсан даа тэр үед. Тийм учраас залуучуудын дунд, хүүхдийн дунд янз бүрийн сургалт явуулах, янз бүрийн дугуйлан секц, янз бүрийн хүмүүжил соёлын ажил явуулах энэ ажлыг бол одоо ялангуяа залуучуудын байгууллага идэвхитэй зохион байгуулж удирдаж байсан. Ялангуяа одоо монголын амьдрал чинь хөдөө аж ахуй, мал аж ахуйтай, газар тариалантай их холбоотой учраас залуучуудыг хөдөө аж ахуй руу татах, мал аж ахуй дээр ажиллуулах, тариалан дээр ажиллуулах энэ ажлыг одоо залуучуудын байгууллага бүр тэр тухайнхаа нам төр засгийн өмнө хүлээсэн үүрэг нь гэж үзэж залуучуудыг зохион байгуулж байсаан. За ялангуяа үйлдвэр дээр залуучуудыг их илгээлтээр, хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлт гэж нэг гайхамшигтай юм байлаа. Үйлдвэр, хөдөө аж ахуйд залуучуудыг залуучуулын байгууллагын илгээлтээр явуулдаг. Тэнд очиж одоо шинэ амьдрал бий болгодог, шинэ ахуй нөхцөл бий болгодог ийм байсан. Тийм учраас одоо тэр үед чинь хөдөлмөрийн хүмүүжил гэж их өндөр авч үздэг байсан. Залуучуудыг хөдөлмөрт хандах хандлагыг нь идэвхижүүлэх, хөдөлмөрөөр нийгэм бүтдэг юм байна, хөдөлмөрийн үр дүнд хүн хөгжиж цэцэглэж, нийгэмдээ хандах ийм одоо сайхан оюуны хандлагатай болдог юм байна гэдгийг үзүүлэх энэ хөдөлмөрийн хүмүүжил их ярьж явж байсан юм байгаа юм л даа. За нөгөө нэг зүйл бол одоо тухайн үед ард иргэдийг соёлжуулах, гэгээрүүлэх ажил их хийгдэж байсан. Ялангуяа хөдөөний малчин ард иргэдийг гэгээрүүлэх, соёлжуулах ийм ажил их хийгдэж байсан. Тийм учраас одоо соёлын хувьсгал гэж хүртэл явж байсан л даа. Тэр чинь юу байна уу? гэх дээр тэр соёлын хувьсгал бол ач холбогдолгүй юм байгаагүй. Маш их ач холбогдолтой байсан. Яагаад вэ? гэх дээр манай хөдөөний ард иргэд чинь тархай бутархай, төвөөсөө алслагдсан, эмнэлэг соёлын ажлаас их хол хөндий ийм байсан. Тийм учраас одоо тэр ард түмнийг соёлжуулах, гэгээрүүлэх соёлын хувьсгал гэж явж байсан. Тэр хувьсгал бол зүгээр хуучин, шинэ хоёрын дунд тэмцэл үүсгэх гэж хийгдсэн хувьсгал биш. Ялангуяа одоо хөдөөний ард иргэдийг ариун цэврийн өндөр түвшинд хүргэх, цагаан хэрэглэл хэрэглэж сурах, орчин үеийнхээ соёлыг өргөө гэртээ хувийнхаа амьдралд нэвтрүүлэх, эрүүл саруул сайхан амьдрах, ариун цэвэр боловсон сайхан айл өрх болж амьдрах энэ ажилд соёлын хувьсгал хандаж байсан ийм юм байгаа юм. Тэр соёлын хувьсгал бол их үр дүн өгсөн. Тэрний үр дүнд одоо манай хөдөөний малчид чинь цагаан хэрэглэл хэрэглэдэг, гэр орныхоо дотор тавилга энэ тэрээ шинэчлэх, өөрчлөх, орчин үеийн болгох, хүний амьдралд тохитой аятай ийм тохилог орон байр бий болгох энэ ажил соёлын хувьсгал их эрчимтэй өрнөсөн. Тэрний үр дүнд хөдөөгийн ардууд бол их соёлжсон. Ийм юм байгаа юм. Одоо энэ тухайн нийгэм бол ялангуяа одоо тэр өөрийнхөө иргэнээ хөдөлмөрч, ухаалаг ухамсартай, нийгэмшсэн байдалтай, хүн хүндээ нөхөрсөн сайхан хандах, хүн хүнээ дээдлэх энэ талаар одоо их тодорхой ажлууд хийгдэж байсан л даа. Тэр нийгмийн үед. За соёлын довтолгоон гэж явж байсан манайд. Соёлын довтолгоон бол зүгээр нэг ард иргэдийг сандаргаж яах гээгүй. Ерөөсөө одоо тэр хүний ахуйн соёлыг сайжруулах, орчин үеийн ахуйг өөрийнхөө амьдралд нэвтрүүлэх ийм л тал руу чиглэж байсан юм л даа. Соёлын довтолгоон бол. Нэг их хувьсгалч дайралт хийгээд л ингээд одоо янз бүрийн хуучин шинэ юмыг нь устгах ийм юм хийгдэж байгаагүй юм шүү. Ерөөсөө л одоо хүний ахуй нөхцөлд орчин үеийн соёл нэвтрүүлэх, дэлгэрүүлэх. Тэрний үр дүнд ард иргэд, ялангуяа хүүхэд залуучуудыг эрүүл саруул бие бялдартай болгож хүмүүжүүлэх энэ тал руу хандаж байсан юм байгаа юм. За тэгээд 1990-ээд оны үед манай оронд чинь ардчилал орж ирсэн. Ардчилал бол манай оронд тайван сайхан орж ирсэн. Ардчиллыг манай ард түмэн их сайхан сэтгэл өндөр хүлээж авсан ш дээ. Тийм учраас бид нар одоо ардчиллын ач холбогдлыг өнөөдөр амьдрал дээрээ үзэж байна. Үнэхээр одоо манай ард түмэн, манай төр засаг ардчиллыг тайван сайхан хүлээж авсны үр дүнг өнөөдөр бид нар амсаж үзэж л байна л даа.
Ариун-Ундрах -
Та анх ардчилал гарч байх үеэр юу хийж байсан бэ?
Рэнжин -
Ардчиллын үед би сургуулийн захирал байсан. Тэр үед чинь одоо нэг хөдөлмөрчдийн ерөнхий боловсролыг дээшлүүлэх, ялангуяа одоо ЕБС-д сурах боломжгүй, сургуулиас завсардсан ийм хүүхэд залуучуудыг хөдөлмөрчдийн ерөнхий боловсролоор боловсрол олгож 8, 10-р анги төгсгөх ийм ажил хийж байсан. Аа тэр үед ийм сургууль их олон байсан. За тэрнээс манай ганц сургууль ганцаараа үлдсэн юм байгаа юм. Бусад нь одоо мөнгө төгрөгний бэрхшээл, санхүүгийн юунаас болоод бүгд хаагдсан, дампуурсан. Тэр үед би энэ ажилчин залуучуудын ээлжийн ганц сургуулийн захирал хийж байсан. Хүнд үе байсан даа энэ. Сургуулиуд бол тэр үед мөнгө төсвөөр муудаад их хэцүү байсан. Тэгэхдээ одоо энэ ерөнхий боловсролын ажилчин залуучуудын ээлжийн ганц сургууль тэрнийг давж, тэсэж туулж гарч ирсэн. Энэ тухай манай эрдэмтэн Түдэв бичсэн байгаа. Ажилчин залуучуудын ээлжийн ганц сургуулийг сурган хүмүүжүүлэгчид нуруундаа үүрч, зах зээлийн хүнд нөхцлийг давж туулж ирсэн. Энэ бол одоо манай багш сурган хүмүүжүүлэгчдийн бахархмаар нэг зүйл гэж ингэж тэмдэглэж хэлсэн байгаа л даа. Бичсэн байгаа юм номондоо. Тийм учраас залуучууд бол тэр үед ардчилал гэдэг юмыг ямар учиртай юм бэ? гэдгийг нь их нарийн ойлгоогүй байсан мөртлөө ерөөсөө л энэ ардчилал гэдэг юмыг л одоо хүлээж авъя. Энэ л одоо цаг үеэрээ манай оронд орж ирэх, манай ард түмэн энэ ардчиллын үр дүнг үзэх эдлэх ёстой юм байна гэсэн ийм сайхан ухамсраар ардчиллыг хүлээж авсан л даа, манай залуучууд. Тэр үед би сургуулийн захирал байсаан.
Ариун-Ундрах -
Аа тэр ардчилал гарч байх үед таны хувийн амьдрал ямар байсан бэ?
Рэнжин -
Миний хувийн амьдрал бол хэвийн байсаан. Энд одоо ардчилал бол бид нарын амьдралд тухайн үедээ нэг их цохилт болж унагасан юм байхгүй ш дээ. Бид нар тодорхой хэмжээний ажлаа хийгээд, тодорхой хэмжээний цалин мөнгөө аваад амьдрал бол хэвийн л үргэлжилж байсан. Нэг их ядуу зүдүү юм болоод сүйд болсон юм байхгүй. Зүгээр ер нь тэр үед олон үйлдвэр дампуурч олон хүн ажилгүй болсон учраас энэ бол зүгээр ганц нэг хүний амьдралд тохиолдсон зүйл биш. Олон хүний амьдралд бас тохиолдсон, цохилт болсон ийм зүйлүүд бий л дээ. Зүгээр миний амьдрал, ялангуяа манай багш амьдрал бол нэг их айхтар цохилт болж сүйд болсон юм байхгүй. Нэг үе одоо яахав цалин мөнгө цагтаа буудаггүй барьдаггүй нэг ийм тухайн үеийн жаахан бэрхшээлүүд байсан. Энэ бол ардчиллын бэрхшээл биш юм л даа. Нийгмийн тогтолцоо, эдийн засаг, санхүүгийн харилцаа өөрчлөгдсөн учраас зайлшгүй ялгарал гарч ирж, зарим нь дээшээ ахиж байхад зарим нь доошоо унаж байдаг энэ хуулиар л явж байсан ийм юм байгаа юм.
Ариун-Ундрах -
Ер нь тэр үед ардчилал танд юу юу авчирна гэж бодож байсан бэ?
Рэнжин -
Ардчилал гэдэг чинь одоо бид нар бол түрүүн нь ардчилал гэдэг юмыг мэддэггүй, хатуу үзэл суртлын захиргаанд олон жил баригдаж байсан. Ер нь одоо тэгээд нэг их эрх чөлөөгөө алдаад сүйд болчихлоо ч гэж гомдож гоморхож байсан ч юм байхгүй. Эрх чөлөөтэй гайхамшигтай сайна байна ч гэж нэг их бахархаж байсан юм байхгүй. Ер нь одоо тэр үед бол бид бас зохих хэмжээний тухайн үеийнхээ нийгэмд л захирагдаад л явж байсан л даа. Нийгмийнхээ хууль, нийгмийнхээ ёс суртахуун, үзэл сурталд захирагдаад л явж байсан. Энэ ардчилал бол яахав дээ бид нарт одоо сайхан чөлөөтэй байх, чөлөөтэй үг хэлэх ярих, юмаа чөлөөтэй хийх. Ялангуяа одоо уран бүтээлч хүмүүс хүртэл уран бүтээлээ чөлөөтэй хийх, үзэл суртлын хашилтанд биш. Юу бичихийгээ, ямар хэмжээнд бичихийгээ чөлөөтэй сонгож авсан. Ер нь одоо тэгээд чөлөөт байдал гэдэг бол гайхамшигтай сайхан юм даа. Тэгэхдээ чөлөөт байдал гэдгийг бас хууль зөрчиж, хэм хэмжээнээс хэтрүүлж чөлөөт байдал гэж ярихдаа би жаахан дургүй хүн. Яагаад вэ? гэх дээр нийгэмд хүн байгаа цагт, нийгэм байж байгаа цагт нийгэмдээ захирагдах, нийгмийнхээ өмнө тодорхой үүрэг хариуцлагаа хүлээж, тодорхой эрхээ эдэлж, хэм хэмжээгээ барьж байх ёстой л гэж би ингэж бодож явдаг хүн. Тийм учраас би тэр нэг их ардчиллын юуг авчирлаа гээд нэг их задгай зайдан, хэмжээ дамжаагаа алдсан, хамаагаа алдсан ч юм болоогүй. Ер нь одоо хуучин сурсан тэр л одоо нийгмийн өмнө хүлээх үүргээ хүлээдэг, үүргээ биелүүлдэг, хариуцлагаа хүлээдэг ийм л зарчмаар л энэ ардчилалд орж ирж ардчилалтай холбогдсон.
Ариун-Ундрах -
Аа та өөрөө уран бүтээлч хүний хувьд таны гаргасан ном зохиолуудад ч юм уу ардчиллын дараа ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?
Рэнжин -
Гарсаан гарсан. Бид нар чинь ардчиллаас өмнө бол галелит гэж байдаг байлаа. Бидний чинь одоо уран бүтээлийг галелит бичиж хянадаг, хатуу үздэг байсан. Тийм учраас одоо баргийн ном энэ тэр чинь гарахгүй шүү дээ. Ардчилал гарснаас хойш бид нар бол номоо чөлөөтэй хэвлүүлдэг. Би одоо өчнөөн олон номоо хэвлүүлсэн. Одоо тэр бидний бичиж байгаа уран бүтээлийг хянадаг барьдаг, энэ нь болно, энэ нь болохгүй гэж ингэж одоо яадаг юм байхгүй. Ер нь уран бүтээл хийж чадаж л байвал. Тэгэхдээ хүний уран бүтээл бол ардчиллын ч бай, социалист нийгмийн үед ч байсан тэр нийгмийнхээ төлөө л байх учиртай. Хүний оюун ухааныг хөгжүүлэх, нийгмээ хөгжүүлэх, нийгмийнхээ өнгө зүсийг өөд нь өргөж тавих, нийгэмтэйгээ холбогдсон ийм л уран бүтээл явж байх ёстой. Тэгэхдээ энэ ардчилал хөгжснөөс хойш бол бид одоо уран бүтээлчид миний тэр ном гарах болов уу? Үгүй болов уу? Энэ номоо хэвлэхийг зөвшөөрөх болов уу? Үгүй болов уу? гэсэн юм байхгүй болчихсон ш дээ. Ерөөсөө л одоо өөрийнхөө тэр л уран бүтээлийг мөнгө төгрөгний бололцоо л байвал чөлөөтэй хэвлүүлж байгаа, гаргаж байгаа. Тэгэх дээр энэ бол ардчиллын одоо бас нэг сайхан тал юм л даа.
Ариун-Ундрах -
За тухайн үед болж байсан нэгдэлжих хөдөлгөөн гэдэг зүйлийн тухай ярьж өгөөч?
Рэнжин -
Нэгдэлжих хөдөлгөөн чинь одоо манайд 1950-аад оноос их эрчимтэй хөгжсөн. Тэрнээс түрүүн ч бас ганц нэг нэгдлүүд байгуулагдаж байсан л даа. 50 оноос эхлээд л ерөөсөө улс даяар нэгдэлжих хөдөлгөөнийг хүчээр шахаад оруулчихсан юм чинь. Энэ нэгдэлжих хөдөлгөөнийг манайхан нэг жаахан хүчээр оруулчихсан нь жаахан буруу болчихсон юм байгаа юм л даа. Тэрнийг эхлээд зүгээр ард түмний сайн дурын хөдөлгөөн дээр байгуулаад эхлээд явж байсан бол аяндаа тэгээд нэгдэлжих хөдөлгөөн цаашаагаа орох байсан. Ер нь нэгдэлжих хөдөлгөөний агуулга нь бол хүн тэгэж нэг их хараагаад бариад, дургүйцээд байх юм биш юм шүү. Тэр чинь нэгдэлжих хөдөлгөөн бол одоо нийгэмтэй холбоотой, нийгмийг л урагш нь явуулах, хүн ардын тэр ялангуяа Монголчууд шиг тэнд нэг ганц гэр, энд нэг хоёр гэр энэ тэр алслагдсан, бие биенээсээ хол, хөдөлмөрлөх хүч нь өөрийнхөө тухайн мал хөрөнгөндөө тохирдоггүй ийм нөхцлийг л өөрчлөх гэж хамтын хөдөлмөрийг бий болгох гэсэн. Энүүгээрээ одоо ач холбогдолтой байсан л даа. Ялангуяа одоо олон малтай, ам бүл нь тэр нэг арчилж, маллаж, ашиг шимийг нь ашиглаж чаддаггүй ийм айл өрхүүдийг хамтын хөдөлмөрт оруулаад, хамт олноороо хөдөлмөрөө хийгээд, бие биенийхээ хөдөлмөрийг хөнгөвчлөөд ингээд явах энэ агуулгын хувьд бол одоо энэ нэгдэлжих хөдөлгөөн тийм буруу, харааж зүхээд байх юм биш байсан. Тэгээд нэгдэлжих хөдөлгөөн бол тухайн үедээ Монголын ард түмэнд ач холбогдлоо өгсөн. Яагаад вэ? гэх дээр олон хүмүүс хөдөлмөрөө нэгтгээд тэрнийхээ үр дүнд хамтаараа бие биенийхээ дийлэхгүй, чадахгүй байгаа ажлыг хийгээд ингээд хамт олны хүчээр одоо тэр мал хөрөнгөө өсгөөд, маш аж ахуйнхаа ашиг шимийг ашиглаад. Ялангуяа одоо тэр газар тариаланг ашиглах энэ ажил дээр бол хамтын хөдөлмөр их чухал ач холбогдолтой байсан юм л даа. Нэгдэлжих хөдөлгөөн Монголын ард түмэнд тухайн үедээ ач холбогдлоо өгсөн. Зүгээр ер нь одоо бол бид тэрнийг юуг нь шүүмжлээд байна вэ? гэх дээр хүний хувийн хөрөнгийг хүчээр аваачиж нэгдэлжих хөдөлгөөнд хамруулсан гэдэг энэ талаар жаахан шүүмжлэлтэй хандаад байгаа юм. Энэ чинь буруу ч юм биш л юм байгаа юм. Тэгээд ямар ч байсан нэгдэлжих хөдөлгөөн бол Монголын ард түмэнд их олон талын ач холбогдол өгсөн шүү. Хөдөлмөрөө нэгтгэх, хамтарч соёлжих, гэгээрэх, бие биенийгээ өөд нь татах. Ялангуяа одоо амьдрал доройтой ийм улсуудаа нэгдэлжих хөдөлгөөнд татаж оруулж, тэдний амьрал ахуйг өөрчлөх, сэтгэлгээг нь шинэчлэх, цаашаагаа одоо боловсрол мэргэжил эзэмших энэ нөхцлийг нь бүрдүүлэх гээд л олон талаас нь авч үзвэл нэгдэл бас ач холбогдлоо өгөөд өнгөрсөн. Ийм юм байгаа юм. Би бол өөрөө нэгдэлжих хөдөлгөөнд нэг их тийм олон малтай байж ороогүй. Зүгээр ер нь аав ээжийнхээ байсан хэдэн малыг нэгдэлд өгсөн. Тэрүүгээр би хохирсон ч юм байхгүй. Сүүлд нь нэгдлээс тэрнийхээ төлбөр гэж юм авсан ч юм байхгүй. Тэгээд л өнгөрсөн л дөө. Тэгээд ямар ч байсан би одоо нэгдлийг тухайн үед ард түмэнд ач холбогдлоо өгөөд өнгөрсөөн л гэж ингэж үздэг хүн.
Ариун-Ундрах -
Юу хувь хүн нэгдэлд яаж элсдэг байсан бэ?
Рэнжин -
Тэр үед чинь одоо нэгдэлчдийг элсүүлнэ гэж ёстой гайхалтай юм болж байлаа ш дээ. Багийн ард түмний хурал хийгээд л, тэгээд л одоо Рэнжин гэдэг хүнийг нэгдэлд элсүүлэх үү? Яах вэ? гээд л тал бүрээс нь тунгаана ш дээ. Рэнжин одоо нэгдэлд элсэж байгаад нэгдлийн гишүүний үүрэг биелүүлж чадах юм уу? Үгүй юм уу? Үнэнч шударга хөдөлмөрлөж ажиллаж чадах юм уу? Үгүй юм уу? Маш хатуу элсүүлж байсан. Ер нь тэр үед чинь одоо намд ч бай, эвлэлд ч бай, нэгдэлд ч бай тэр үеийн гишүүн элсүүлэх ажил бол их нарийн дүрэмтэй, хатуу шахалт шаардлагатай ингэж элсэж байсан. Тэгээд одоо яахав ямар ч байсан одоо манай ард түмэн чинь тэр үед хувьсгалт нам, төрөөс энэ ажлыг зохион байгуулж байгаа, энэ нэгдэлжих хөдөлгөөн гэдэг ажилд бол заавал ард түмэн бүгдээрээ хамарч орох ёстой юм байна гэдгийг нь улс төрийн талаасаа ухамсарлачихсан. Дургүйцдэг хүн байхгүй. Гэхдээ ер нь их нарийн шалгуураар орж байсан юм аа.
Ариун-Ундрах -
Нэгдэлжүүлэлтийг хүмүүс анх ямаршуу хүлээж авсан бэ?
Рэнжин -
Нэгдэлжих хөдөлгөөнийг янз янзаар л хүлээж авч байсан даа. Одоо ялангуяа жаахан ядуу, дунд чинээний аж ахуйнхан бол их сайн хүлээж авч байсан ш дээ. Аа зүгээр ер нь нилээн олон малтай, нилээн баян улсууд бол жаахан дургүй байсан. Яагаад вэ? гэх дээр одоо өмчнөөсөө салчих гэж байгаа юм л гэж ингэж ойлгож байсан шиг байгаа юм л даа. Ядуу зүдүү, тааруухан амьдралтай улсууд бол харин хүчээ нэгтгэж нэгдэлд элсэж энэ амьдралаа дээшлүүлэх юм байна гэдэг талаасаа идэвхитэй хүлээж авч байсан ш дээ. Зүгээр жаахан баян тансаг улсууд бол жаахан дургүй байсаан. Тэрнийг бол би мэднэ л дээ. Нэгдэлжих хөдөлгөөнийг зохион байгуулаад би бас нам эвлэлийн ажил хийж байхдаа явж л байсан хүний нэг.
Ариун-Ундрах -
Малчид малаа нуудаг байсан уу?
Рэнжин -
Малаа нуудаг байсан айлууд бий бий, байлгүй яахав. Ялангуяа одоо баян чинээлэг айлууд чинь бас одоо их сайхан сайхан морь, үхэр малуудаа нэгдэлжих хөдөлгөөнд өгөхгүй. Малынхаа одоо жаахан тааруухнаас нь өгдөг. Сайн малаа бас нуудаг. Уул хаданд хүртэл аваачиж уяж яаж байсан нь кинон дээр бий ш дээ. Тэр чинь үнэн л дээ хөөрхий. Бас одоо олон мал нийлүүлэхэд чинь хамгийн сайхан морь малаа бүгдийг нь нийлүүлчихээс халширна. Тэрнийгээ авч үлдэхийн тулд хамгийн сайхан сүүтэй үнээ, сайхан шар энэ тэрүүдээ авч үлдэх ийм юмнууд хийгдэж л байсан л даа.
Ариун-Ундрах -
Тэр хэвлэл мэдээллээр нэгдэлжүүлэх хөдөлгөөний талаар юу гэж цацдаг байсан бэ?
Рэнжин -
Өө тэр үед чинь одоо нэгдэлжих хөдөлгөөнийг мундаг сурталчилдаг байсан. Нам засгийн бодлого гэдэг үүднээс нэгдэлжих хөдөлгөөнийг сайшааж, ард түмнийг нэгдэлжих хөдөлгөөнд хамруулах талаар ухуулга, суртал нэвтрүүлгийн ажлыг ёстой хүчтэй хийдэг байсан ш дээ. Тэрний үр дүнд ч ерөөсөө одоо ардууд бол нэг хэсэг нь нэгдэлжих хөдөлгөөн ерөөсөө хэрэгтэй юм байна. Нам засгийн бодлого ийм байна. Нэгдэлжих хөдөлгөөнд орохоос өөр арга байхгүй юм байна гэдгийг. Нөгөө хэсэг нь бас түдгэлзэж татгалзсан, эргэлзэж тээнэгэлзсэн ийм хэсгүүд ч байж л байсан л даа.
Ариун-Ундрах -
Одоо тухайн нэг нэгдэл байлаа гэхэд дотроо ямар зохион байгуулалттай байх уу?
Рэнжин -
Нэгдэл чинь ерөөсөө дотроо бол хоёрхон зохион байгуулалттай байсан ш дээ. Нэгдэл гэдэг том айл өрх. Тэрний харъяанд олон бригадууд байсан. Багууд энэ тэр гэдэг юм татан буугдаад нэгдлийн бригадууд болоод. Нэгдэл чинь дотроо олон бригадтай. Өөрөөр хэлбэл нэг баг юм уу, хоёр багийн хооронд нэг бригад, зарим багт бол 2-3 бригад. Нэгдлийн одоо гол хүч бол бригадууд нь байсан л даа. Аа нэгдэл бол төвлөрсөн удирдлагаар бригадуудаа зохион байгуулдаг, удирддаг. Аа бригадууд нь тэр нэгдлийнхээ гишүүд, жинхэнэ мал аж ахуй дээр, газар тариалан дээр байгаа ард иргэдтэйгээ ажилладаг, тэднийгээ тэр ажилд идэвхитэй оролцуулдаг ийм үүргийг бригадууд нь хүлээж байдаг байсан. Ийм 2 бүрэлдэхүүн хэсэгтэй байсан.
Ариун-Ундрах -
Нэгдлийн гишүүн хүн гэхээр ямар үүрэг хариуцлага хүлээх вэ?
Рэнжин -
Нэгдлийн гишүүд бол ерөөсөө л одоо нэгдлийн өмнө хүлээсэн үүрэг нь гол нь юу вэ? гэх дээр мал аж ахуйгаа өсгөж үржүүлэх, малаас авах ашиг шимээ сайн ашиглаж нэгдэлдээ орлого оруулах. Нэгдлээ л одоо баян чинээлэг, сайн сайхан ийм байгууллага болгохын тулд л нэгдлийн гишүүд өөрийнхөө л бүх үйл ажиллагаагаа чиглүүлдэг байсан л даа. Ер нь гол үүрэг нь тэр л дээ. За нэгдлийг одоо ингээд больвол яасан юм.
Ариун-Ундрах -
Таныг хүүхэд байхад тэр хамтрал коммун гэдэг зүйл болсон гэсэн тийм ээ?
Рэнжин -
Хамтрал коммун чинь эртний юм аа. Нэгдэл энэ тэрээс хамаагүй өөр. Хамтрал коммун чинь ер нь одоо 1930-аад оны үед Монголд үүсээд хэсэг бужигнаж байгаад л дууссан юм. Тэр чинь одоо нэгдэл байгуулагдахын л эх үүсвэр байсан байгаа юм л даа. Тэгэхдээ тэрнийгээ буруу замаар байгуулсан. Буруу замаар байгуулчихсан. Тийм учраас ард түмний дургүйцэл хүрээд. Хамтрал коммун гэдэг юм чинь ёстой л нөгөө нугалгаа маягаар хийгдэж байсан зүйл ш дээ. Нэгдэлтэй бол зүйрлэхийн арга байхгүй. Нэгдлийг ардууд тэгэж сайхан хүлээж авсан чинь хамтрал коммуныг яагаад хүлээж аваагүй вэ? гэх дээр хамтрал коммуныг бол хүчээр хийчихсэн байхгүй юу? Ард түмний хөрөнгийг чинь хүчээр булааж аваад, хүчээр нэгтгээд. Тэр одоо юмыг нь ойлгуулаагүй. Ёстой л нөгөө нугалгаа гэдгийг чинь тэнд хийсэн л дээ, хамтрал коммуныг. Би тэгэхэд жоохон хүүхэд байсан. Хамтрал коммуны зах зухыг мэднэ. Хамтрал коммун чинь тэгээд нэг их үргэлжлээгүй юм л даа. Богинохон хугацаанд 32-34 оны үед бужигнуулж байгаад тэгээд дууссан юм байгаа юм. Хамтрал коммуныг бол ерөөсөө Монголын ард түмэн хүлээж аваагүй. Тэр чинь одоо хүний хувийн юмыг хүчээр авч нэгтгэж, хүчээр хурааж авч байсан. Тэгээд ард түмний дургүй хүргэж байсан юм байна лээ. Энэ хамтрал коммуны үед үнэхээр одоо нугалгаа байсаан.
Ариун-Ундрах -
Таны өвөг эцэг бас гайгүй адуу малтай байж байгаад таны аавын үед бас жоохон цөөрсөн гэсэн тийм ээ?
Рэнжин -
Өө хүний амьдрал бол үе шатаар өөдөө доошоо уруудаж байдаг хуультай юм чинь. Миний өвөг эцэг бол их баян чинээлэг айл байсан юм байна лээ. Чимид гэж хүн байсан. Их ч айхтар сэргэлэн улсууд байсан юм гэсэн. 2-3 аймаг сумуудыг дамжиж дээшээгээ өгсөж ирсээр байгаад одоо манай Завхан аймгийн Завхан мандал суманд ирж нутаглаж тэнд нас барсан байгаа юм. Тэгээд харин хүүхдүүд нь одоо их хоосорсон. Миний аав Наянтай, тэгээд тэрний дүү Лувсан, тэрний нэг ганц охин дүү нь Хомбуу гэж улсууд байсан. Тэд нарын үед манайх их хоосорсон юм байгаа юм. Тэгээд миний үе дээр ирэх дээр тэр нэг жаахан өмнөх үеийнхээ хэдэн мал, жаахан өмч хөрөнгөн дээр л жаахан тогтсон. Баяжаа ч үгүй, бүр нэг их хоосроо ч үгүй. Тэгээд энийг бол би юу гэж боддог вэ? гэх дээр хүний хувь тавилан зарим үед дээшээ өгсдөг, зарим үед доошоо унадаг, зарим үед дунд хэмжээнд очоод жаахан тогтворждог. Би тэр тогтворжсон үед нь л төрж өссөн гэж ингэж боддог юм. Ямар ч байсан одоо миний 3 үе бол түрүүчийх нь мал аж ахуйгаар дууссан бол миний үе бол мал аж ахуйгаар биш эрдэм номоор дууслаа л даа. Миний үе бол дандаа эрдэм ном, сургууль соёлоор явж, мэргэжил боловсрол олж авч, тэрүүгээрээ одоо амьдарч. Баян ч биш, хоосон ч биш дунд зэргээр хүний амьдралын түвшинг сайхан туулаад л өнгөрлөө.
Ариун-Ундрах -
Би нөгөө хамтрал коммуны үеэр таны өвөг эцгийн хөрөнгө энэ тэрийг хураасан байгаа юм болов уу? гэж бодсон байхгүй юу.
Рэнжин -
Би зүгээр энд нэг жоохоон хөөрхөн юм ярья. Тэр манай Завхан аймгийн Ургамал сумын төв дээр хоршооны хөрөнгийг хувааж л дээ. Тэр чинь хуваах ч юу байхав дээ. Ардууд дайрчихсан байгаа юм. Хоршооны хөрөнгийг хувааж авах гээд дайралт хийчихсэн. Тэгээд манай муу аав нэг ганц шар аттай. Тэрүүгээрээ бас сумын төв орсон байгаа юм. Манай баг чинь сумаасаа хол, тэр элсний нурууг давж ордог. Яаж ч одоо тэрэнд тэгэж очсон юм байгаа юм. Тэгээд аав нэг хэдэн боодол даалимба, цуу ембүү ачаад ирсэн байгаа юм, гэртээ. Тэгээд тэрнийгээ авчраад бас нэг газар нуужээ. Тэгсэн тэр сумын төвөөс манай дээр нэг хэдэн морьтой хүн давхиад ирж байгаа юм. Тэгээд аавыг бариад аваад явсан. Тэгээд л аавыг авч явсан ээж уйлаад л, би тэгэхэд чинь одоо нэг 6-7-той байсан юм уу. Юу ч мэдэхгүй, учрыг нь мэдэхгүй. Тэгээд л манай тэндэхээр Ралхжавынхан гэж манай авга ахын талын тэр Хомбуу гэдэг эмэгтэйн нөхрийнх л дөө. Тэднийх их олон адуутай. Тэдний мал энэ тэрийг хураагаад, Лхүндэв гээд манай нэг нагац ах байсан. Тэрнийг барьж аваад тэгээд л нэг их бужигнадаг. Тэр адуу малыг нь бөөн бөөнөөр нь хураагаад туугаад их л эвгүй санагдаж байсан юм даа. Тэр үед хүүхэд болоод нарийн ч мэдэхгүй байна. Тэгээд манай муу аавыг аваад явчихсан. Тэгсэн 2-3 хоносон манай аав хүрээд ирсэн. Яасан бэ? гэх дээр нөгөө хэдэн булсан даалимба, цуу ёмбуугаа гаргаад өгчихсөн юм байлгүй. Миний авсан юмнууд энэ гээд. Тэгээд манай аав гэртээ ирж байсан. Хамтрал коммуны юмнаас одоо ухаандаа тэр хувааж авсан юмнаас л 2-3 боодол даалимба, цуу ёмбуу энэ тэр авчихъя гэж бодсон тийм сэтгэлгээтэй л байсан юм шиг байгаа юм. Тэгээд хамтрал коммунууд бол үнэхээр одоо их эвгүй байдлаар орж ирсэн. Эвгүй байдлаар ч төгссөн.
Ариун-Ундрах -
Тэр үед хувьсгалын эсэргүү хөдөлгөөн гэдэг зүйл гарч байсан уу?
Рэнжин -
Өө тэр үед чинь нөгөө лам нар энэ тэрийг баривчилж байсан үе байхгүй юу. Тэгээд нөгөө хувьсгалын эсэргүү гээд. Лам л юуны эсэргүү байхав дээ. Чааваас одоо лам л болох дээр энэ хувьсгалын эсэргүү л байж таарна гээд лам нарыг баривчилж байсан. Тэгээд манай Лхүндэв ахыг бариад аваад явсан. Манай тэр Ургамал чинь ер нь лам нар их цөөхөнтэй л дөө. Яагаад вэ? гэх дээр газар нутгаасаа хол. Тэвшийн хүрээ гэж тэр Сонгино суманд байсан юм. Тэнд очиж ганц нэг хүн лам болж ирдэг. Хэдэн жил тэнд ламын бурхны шашны ухаан судалдаг. Тэгээд лам болоод гэлэн цол энэ тэр аваад ирдэг ганц нэгхэн цөөхөөн ламтай. Тэгээд манай тэнд чинь одоо цөөхөндөхгүй тэр лам нарыг баривчилж байсан. Зарим нь одоо уул хаданд бүгэж байж тэр баривчилгаанаас үлдэж байсан ийм баримт манай сумд бий л дээ. Миний мэдэх. Тэр үед чинь би хүүхэд байсан учраас тэрнийг нарийн сонирхож барьж үзэл суртал, агуулгын талаас нь ерөөсөө ойлгодоггүй л байж. Ер нь их л хачин жигтэйхэн. Тэр үед чинь манайх хүртэл өчнөөн бурхнаа, аавынхаа бурхнуудыг аваачиж ууланд хаясан. Тэгээд би одоо тэрнээс хойш цэрэгт яваад, цэргээс ирээд албан хаагч болж аймгаар явсаар байгаад тэр бурхнаа эрж чадаагүй. Би одоо заримдаа боддог юм. Манай өвөлжөөний ууланд зөндөө олон модон хайрцагтай бурхан тавьж байсныгаа би анддаггүй юм. Тэр үед чинь бурхан гэхээс л ухаан алдчихна. Бурхантай айл л тэгээд эсэргүү айл. Тэр хамтрал коммуны тэр 37-38 оны хэрэг чинь үнэхээр одоо холыг нь хол гэж бодохгүй, ойрыг нь ойр гэж бодохгүй, ядууг нь ядуу гэж ялгахгүй, баяныг нь баян гэж ялгахгүй тэр бурхан шашныг бол үнэхээр түймэрлэж байсан юм байна. Тэгээд би одоо боддог юм. Тэр аавын минь тэр олон сайхан хайрцагтай бурхнууд одоо тэр ууланд байдаг болов уу? Үгүй болов уу? Очиж нэг эрж хайхсан гэж боддог юм. Би өөрөө аваачаад ууланд аваачаад л, ээж энэ тэр энэ бурхан одоо болохгүй. Ерөөсөө энэнийг ууланд аваачиж тавь гээд ууланд аваачаад л тавьж байсан л даа. Үнэхээр одоо тэр эсэргүүгийн үе гэдэг чинь хачин юм байсан. Үнэхээр одоо тэр үеийн ухамсартай, ухаантай хүн бол тэрнийг бодож тунгаахад үнэхээр аймаар тийм л юм болж байсан юм байгаа юм.
Ариун-Ундрах -
За социализмын үеийн хүүхдүүдийн хүмүүжил ямар байсан бэ?
Рэнжин -
Үгүй ээ социализмын үеийн хүүхдийн хүмүүжлийг би одоо үнэхээр бахархдаг юм. Социализмыг бид нар муулаад байх хэрэг байхгүй ш дээ. Тэр чинь тухайн үеийн нийгэм маань ямар социализм байна уу, юу байна капитализм байна уу, феодализм байна уу тухайн үеийн нийгэм бол нийгмээрээ л орж ирдэг хуультай. Тэгээд социализмыг бид нар буруушаагаад л, социализмын үеийн бүх юмыг муу муухай, хоцрогдсон, бүдүүлэг юмаар яриад байж болохгүй гэж би ингэж боддог. Социализмын үед бол хүүхдийн хүмүүжил, залуучуудын хүмүүжил бол үнэхээр гайхамшигтай байсан. Энүүгээр би одоо ч бахархдаг юм. Яагаад вэ? гэх дээр одоо тэр л хүүхдийг чинь бүүр нялхаас нь пионерийн гишүүн, тэгээд л дунд анги, ахлах ангид ороод ирэх дээр Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүн болгоод л ингээд л одоо хүмүүжүүлчихэж байсан. Үнэхээр одоо социализмын үед хүүхдийн хүмүүжил бол ямар гайхамшигтай сайхан байсан. За яахав одоо тэрний буруу нь юундаа байна вэ? гэх дээр хүний эрх, эрх чөлөөг л бүрэн гүйцэт хангаж байгаагүй юм байгаа биз социализм. Зүгээр ер нь одоо хүүхэд залуучуудын хүмүүжил бол социализмын үед үнэхээр гайхамшигтай байсан. Хөдөлмөрийн хүмүүжил, коммунист хүмүүжил гээд л одоо нөгөө хүүхэд залуучуудыг бүүр багаас нь одоо ингээд хүмүүжүүлчихсэн. Ухамсар гэдэг чинь одоо гайхамшигтай сайхан байсан. Одоо чиний аав ээж, ах эгч нар чинь социализмын үед бага дунд сургуулиар ороод, социализмын үед их дээд сургууль техникумаар орж боловсрол мэргэжил олж аваад ингээд хүмүүжиж байсан. Одоо эргээд харахад чиний аав ээж, ах эгч нарын чинь одоо тэр хүүхэд байх үеийн хүмүүжил ямар гайхамшигтай байсан бэ? Би энүүгээр одоо бахархахгүй байж чаддаггүй юм. Одоо зөндөө юмандаа энэ талаар бичдэг юм. Социализмын юм бүхэн буруу биш шүү дээ. Социализм бол үнэхээр одоо тэр хүүхэд залуучуудыг хүмүүжүүлэх, ухамсартай болгох, соёлтой, гэгээрэлтэй болгоход үнэхээр одоо гавъяа байгуулсан нийгэм шүү.
Ариун-Ундрах -
Таны бодлоор одооны хүүхдүүдийн хүмүүжил яаж өөрчлөгдсөн бэ?
Рэнжин -
Цаг үеэрээ юм л даа. Одоо зарим хүүхэд залуучууд надаас асуудаг юм. Багшаа таны хүүхэд байх үеийн хүүхдийн хүмүүжил, тэр үеийн таныг хүүхэд байсан үеийн хүүхэд одоо бид нар биш шүү дээ. Таниас шал өөр ш дээ бид. Өөр үнэн. Өөр байхаас өөр арга байхгүй. Гэхдээ би бас хариуд нь хэлдэг юм. Үгүй ээ би хүүхэд байхдаа та нар шиг ийм жигтэйхэн сахилгагүй, хачин жигтэйхэн замбараагүй байгаагүй юм шүү гээд авдаг юм л даа. Тэгээд одооны хүүхэд залуучууд бол үнэхээр одоо цаг үеэрээ тэр чөлөөтэй, эрх чөлөөтэй, хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн, чөлөөт ёс гэдгийг үнэхээр амьдралдаа хэрэгжүүлчихсэн ийм үе явж байна л даа. Энэний буруу гэж юу байх вэ дээ. Цаг үеэрээ л одоо хүүхэд тийм байхаас өөр аргагүй. Гэхдээ цаг үеэрээ байх ёстой гээд бас одоо хүүхэд залуучуудын энэ хүмүүжлийн буруу талыг өгдөөж болохгүй. Одооны залуучууд хүүхэд бол одоо бахархмаар юм их байна. Сэргэлэн цовоо, гадаад талаараа гоёмсог, эрх эрх чөлөөгөө сайхан эдэлсэн. Одоо тэр нөгөө хүний чөлөөт байдал гэдэг чинь одоо хүүхэд залуучуудын амьдралд нэвтэрчихсэн байна л даа. Гэхдээ энийг хэтрүүлээд хариуцлага гэдэг юмаа хаячихаад, эрх үүрэг гэдэг юмаа орхичихоод ганцхан эрх гэдэг юмаа эдлээд байж болохгүй биз дээ. Тийм учраас үүргээ биелүүлэх хэрэгтэй, хариуцлагаа хүлээх хэрэгтэй, эрхээ эдлэх хэрэгтэй. Энэ 3-ын үр дүнд Монголын төлөө зүтгэсэн, Монгол эх орноо мандуулахын төлөө, Монгол эх орноо хөгжүүлэхийн төлөө, Монгол улсаа дэлхийд алдаршуулахын төлөө, Монгол эх орныхоо сайн сайхны төлөө хөдөлмөрлөж, ажиллаж, бүтээж. Тэр одоо дэлхий ертөнцөд Монголыг алдаршуулах ийм хувь тавилантайгаа ухамсарлаж ойлгож ажиллах ёстой л гэж би ингэж бодож байгаа. Түүнээс одоо заавал хүний эрх, эрх чөлөө байна гээд л ганцхан эрх эрх чөлөөгөө эдлээд л бусдыг нь үүргээ биелүүлэхгүй хаяад байж болохгүй л гэж бодож байгаа. Тэгээд өнөөгийн хүүхэд залуучуудын хүмүүжлийг улсууд янз бүрээр л ярьж байна. Би бол хүүхэд залуучуудын хүмүүжлийг, одоогын хүүхэд залуучуудыг нэг их буруушаадаггүй хүн. Нийгэм нь тийм байна ш дээ. Социализмын үе шиг үзэл суртлаар хүүхдийг хүмүүжүүлж байсан үе өнгөрсөн. Ямар ч байлаа гэсэн одоо хууль эрхзүйн мэдрэмжтэй болгож, хууль эрхзүйгээ хүндэтгэдэг, хууль эрхзүйдээ захирагдаж үйл ажиллагаагаа явуулдаг ийм л ёсыг хүүхэд залуучуудын хүмүүжилд нэвтрүүлж хатуу барих хэрэгтэй гэж ингэж боддог юм. Ерөөсө хүмүүжил гэдэг энэ үг хэзээ ч хуучрахгүй, хэзээ ч хаягдахгүй. Социализмын үеийн хүмүүжил, капитализмын үеийн хүмүүжил гэж байхгүй ш дээ. Хүн л байгаа цагт хүмүүжил гэдэг юм байна. Хүмүүжил гэдэг үг чинь ерөөсөө хүн гэдэг үгтэй хамт үүссэн юм байгаа юм. Энэ чинь хүй нэгдлийн үед чиг л байсан, феодализмын нийгмийн үед чиг л байсан, социализмын үед чиг л байсан. Харин ч капитализмын үед хүний хүмүүжил бол бүр өндөр түвшинд байх ёстой. Тийм учраас одоо ч гэсэн манай багш нар хүүхэд залуучуудыг хүмүүжүүлэх ажлыг хаяж болохгүй. Сүүлийн үед бол хүүхдийн хүмүүжлийг нилээн орхигдуулснаас чи өөрөө мэдэж байгаа. Энэ залуучуудын дунд чинь болох болохгүй янз бүрийн юм их гарч байна ш дээ. Энэ болохгүй. Юуны урд хүнийг багаас нь хүн болгож өсгөж бойжуулах ёстой. Хүн болгож өсгөж бойжуулахын тулд гэр бүл эцэг эх маш их үүрэгтэй. Ерөөсөө л бид нар чинь би ч бай, чи ч бай тэр л анх ямар гэр бүлд, ямар эцэг эхийн нөлөө, асрамж халамжинд төрж өсөж бойжив. Тэрүүгээрээ л явна ш дээ. Хичнээн сайхан хүмүүжилтэй сайхан аав ээж, сайхн гэр бүлд өссөн хүүхэд бол шал өөр. Аа тэгээд л архи дарс уудаг, зодоон хэрүүл хийдэг тийм гэр бүлд өссөн хүүхэд бол багаасаа хүмүүжил нь эвдрээд яваад өгдөг. Тийм учраас хүүхдийн хүмүүжлийг бол эцэг эх, гэр бүлээс эхлэх ёстой л юм. Одоо харин манай зарим улсууд хүүхдээ аваачиж сургуульд нь даатгачихаад, багш нар л миний хүүхдийг хүмүүжүүлсэнгүй ингэх хандлага сүүлийн үед нилээн гарч байна. Энэ бол болохгүй. Багш ч хүмүүжүүлэх үүрэгтэй. Хамгийн гол нь хүүхдүүд гэр бүлээсээ хүмүүжлээ эхлээд багшийн гар дээр очих дээрээ багшаасаа нийгмийн хүмүүжил аваад ингээд явах ёстой л гэж ингэж боддог доо.
Ариун-Ундрах -
.... Тэр таны амьдарч байсан бага насны үед хүүхэд ба эцэг эх хоорондын харилцааны талаар дэлгэрэнгүй ярьж өгнө үү?
Рэнжин -
Тэр манай ард түмний сурган хүмүүжүүлэх ухааныг үгүйсгэхийн арга байхгүй. Энүүгээрээ одоо манай залуучууд бахархмаар юм. Бид нар ард түмнийхээ сурган хүмүүжүүлэх ухааныг мэддэггүй. Ард түмний сурган хүмүүжүүлэх ухаан гэх дээр одоо юуг хэлээд байгаа юм бэ? Ард түмэн тийм сурган хүмүүжүүлэх ухаантай улсууд юм уу? л гэсэн ухааны юм яриад байх юм. Болохгүй ш дээ. Монголын ард түмэн чинь бүр түүхэн уламжлалаараа сурган хүмүүжүүлэх гайхамшигтай. Яагаад вэ? гэх дээр хүүхдээ бүр хар багаас нь гэр дотор байхдаа ямар хөдөлмөр хийх вэ? Гэрээс гараад малынхаа хот руугаа орох дээр ямар хөдөлмөр хийх үү? Одоо тэрнийг нь бүр дэс дараалан заачихсан. Тэгээд л орой малаа хотлуулж, хонь хургаа цэгцэлж янзалчихаад л гэртээ орж ирээд хүүхэддээ үлгэр ярьдаг. Ингээд л үлгэрээр одоо хүүхдийнхээ сэтгэлийг сайхан уян налархай болгодог. Хүүхдийнхээ сэтгэл санааг сайхан зөөлөн, тавиун сайхан болгодог үлгэрээр. Үлгэр гэдэг чинь одоо ерөөсөө хүнийг л тэр ухааруулах, хүний сэтгэлийг гэгээрүүлэх, хүний сэтгэлийг нандин сайхан болгох ийм юманд л зориулагдсан байгаа ш дээ. Чи бол үлгэр мэдэж байгаа. Монголын ард түмний үлгэр эртээ урьд цагт эмгэн өвгөн хоёр байж гэнээ гээд дандаа нэг хүүхдийн сайхан өрөвдмөөр, хайрламаар эвий тэгээд тэр эмгэн өвгөн хоёрын амьдрал нь ямар байгаа бол? Ядарсан болов уу? гээд л ингээд хүүхэд уяраад ирдэг. Ийм одоо хүмүүжлийн гайхамшигтай юм. Энэ үлгэрийн цаана бас Монголын ард түмний бүтээсэн философи байж байгаа. Манай зарим улсууд ардын хар ухаан гэж яриад байгаа юм. Энэ чинь ингэж ард түмэн биднийг ингэж доромжилж болохгүй ш дээ. Ард түмний хар ухаан гэж юу байдаг юм. Ард түмэн чинь харин бүр гэрэлтэй гэгээтэй, жинхэнэ цагаан гүн ухаантай ард түмэн байхгүй юу, манай ард түмэн чинь. Яагаад одоо тэр Инжинаш “Улаан асрын зүүд” тэр гайхамшигтай романуудаа бичээд, тэгээд тэр романыг дуусгаж чадалгүй нас барчих дээр яагаад дүү нь гүйцээгээд ингээд байгаа юм. Тэр чинь Монголын ард түмэн бол энэ романаар хойч үед нэг юм аваачиж өгөх ёстой юм. Хойч үе бид нарын энэ романаас өмнөх үе юу бүтээж байсан юм, ямар гэгээн саруул ухаантай хүмүүс байсан гэдгээ харуулж бидний үед чамд авчирч өгсөн байхгүй юу. Тэр романуудаараа “Хөх судар” энэ тэр гэж тэр алдартай романууд. Тэгээд Монголын ард түмэн энэ үлгэрийг чинь зүгээр өөрснөө зохиож байсан. Тийм гайхамшигтай байхгүй юу. Тэр үед чи бид хоёр шиг МУИС төгссөнгүй. Тийм сургууль байсангүй. Тийм сургуулиар тэр үлгэрийг зохиосон улсууд чинь хүмүүжсэнгүй. Зүгээр л малаа маллаад л, ангаа хийгээд л, тариагаа тариад л амьдралаа аваад явж байдаг тэр улсууд тэр гайхамшигтай үлгэрүүдийг чинь зохиосон байгаа юм. Тэгэхээр бид нар ард түмний хар ухаан гэж ярьж болохгүй биз дээ. Энэ чинь хар ухаан биш. Ямар сайндаа Дамдинсүрэн багш хэлсэн л дээ. Хар авдранд ном бий, Харчгар өвгөнд эрдэм бий. Энэ чинь юу гэж байгаа юм. Хар авдар нь үнэхээр Монголын ард түмэн чинь тэр тансаг сайхан, тэр л одоо “Гэсэр”, “Жангар” гээд л тэр алдартай номнуудыг чинь хар авдрандаа хадгалж байсан. Хүнд өгөхгүй. Тэр номон дээгүүр гишгэж алхвал алдас, амны хишиг чинь алдас болно гэж. Тэр хар авдранд ном бий гэдэг чинь тэр байхгүй юу. Харчгар өвгөнд эрдэм бий гэнэ. Энэ бид нарыг хэлээд байна ш дээ. Энэ сурган хүмүүжүүлэх ухаан, энэ философийг чинь тэр л өвгөн эмгэнүүд л бид нарын үед авчирч үлдээж өгсөн. Тэгэхээр бид нар бол тэр үеийн хүүхдийг яаж хүмүүжүүлж байсан бэ? гэх дээр сургууль соёл байгаагүй, сургуульд суудаг хүүхэд гэж байгаагүй тэр үед. Яагаад тэр одоо алдартай, гайхамшигтай хүмүүс төрж өссөн юм бэ? Данзанравжаа энэ тэр гээд л эд нар чинь чамтай адилхан их сургууль төгссөн хүн биш ш дээ. Ард түмнийхээ буянаар, тэр ард түмнийхээ сургаалийг сонсоод л, тэр л ард түмнийхээ бүтээж өгсөн тэр л үлгэр домог, зүйр цэцэн үг, тэр гайхамшигтай юмнуудыг судлаад, тэгээд л одоо өөрснөө тэр оюун ухааныхаа гэгээрлээр, оюун ухааныхаа тэр гайхамшигаар тэр тансаг сайхан бүтээлүүдийг үлдээгээд энэ хойч үед хэрэг болно. Би энэнийг хийх ёстой, би энэнийг хийж хойч үед үлдээж өгөх ёстой гэж бодсон учраас тэр гайхамшигтай хүмүүс чинь энэ чи бид нарын үзээд, гайхаад, бишрээд байгаа энэ. Энэ чинь ард түмний хар ухаан биш. Энэ чинь Монголын ард түмний философи, Монголын ард түмний сурган хүмүүжүүлэх ухаан, Монголын ард түмний агуу их гэгээрэл. Энэний үр дүнд бичсэн. Энүүгээр одоо хүүхэд хүмүүжиж ирснээс биш одоогынхтой адилхан энэ сургууль соёлоор 1-р ангиас яваад 10, 11-р анги төгсгөөд, дараа нь их сураад ингэж төгссөн улсууд энийг бүтээгээгүй. Тийм учраас ард түмний хар ухаан гэдгийг битгий дахиж ярьж байгаарай за.
Ариун-Ундрах -
Хүүхдүүд эцэг эхээ яаж хүндэлдэг байсан бэ?
Рэнжин -
Юу гэнэ ээ?
Ариун-Ундрах -
Хүүхдүүд эцэг эхээ хэрхэн хүндэлдэг байсан бэ?
Рэнжин -
Хүүхэд ерөөсөө эцэг эхээ хүндлэх, асрах тэтгэх юм чинь одоо байгалиас заяасан эцэг эх, үр хүүхдийн хоорондын харилцаа ш дээ. Тийм учраас тэр дээр үед чинь манайхны хүүхдүүд бол бүр тэртээ тэргүй эцэг эхээс төрлөө, эцэг эхийн гайхамшгаар би хүн болж төрлөө гэдгийгээ ухаарчихсан. Тэгээд эцэг эхийн ач буяныг би хариулах ёстой гэдгийгээ тархи толгойдоо, мах цусандаа шингэтэл ойлгочихсон байсан ш дээ. Одоо харин энэ нэг жаахан өөр болчихсон байна уу? Үгүй юу? Арай үгүй байгаа даа. Үнэхээр одоо тэр үр хүүхэд гэдэг чинь ардын дуунд бол тэрийг зүгээр дуулж байгаа ш дээ. Өрөл гэдэг модоор өлгий хийсэн аав минь, Өвлийн шөнийн хүйтэнд өндийж хөхүүлсэн ээж минь. Хүүе тэгээд энэнээс илүү одоо яаж хэлэх юм бэ? Тэр эх эцгийгээ хүндэтгэх, хайрлах. Би тэр эцэг эх хоёрын дундаас төрсөн үр нь. Тийм учраас тэр ач буяныг нь одоо би хариулах ёстой гэдгийг ингэж дуугаар хүртэл ингээд яачихсан байгаа ш дээ. Тэгэхээр одоо эцэг эхийн харилцааг бол би д нар ерөөсөө одоо төдийд муу байсан, өдийд ийм болчихлоо гэж ингэж ярих арга байхгүй. Хүн төрөлхтөн байгаа цагт, эцэг эх хоёрын дундаас хүүхэд төрж байгаа цагт эцэг эх хоёрын ач буяныг хариулах гэж бодохгүй байхын арга байхгүй. За хариулаад бид нар тэртээ тэргүй барахгүй л дээ. Ээж аавын ачийг хариулж дууслаа, би одоо боллоо гэдэг хүн байхгүй ш дээ. Ээж аавын ачийг энэ насандаа чи битгий хэл хэн нь ч хариулж дуусгаж чадахгүй. Тэгэхээр энэ эцэг эхийн харилцаа бол гайхамшигтай уламжлалын юм аа. Монголын ард түмний уламжлалын юм. Аав ээжтэй холбогдосон одоо: Аавын бий дээр хүнтэй танилц, Агтны бий дээр газар үз гээд. Энэ чинь юу гээд байгаа юм бэ? Чи аавыгаа байхад чиний ах чинь эрэгтэй юм бол чи л одоо аавыгаа байхад л аавынхаа бодож байсан, санасны хэмжээнд л хүртэл хүн шиг хүн болох ёстой л. Энэнээс илүү олон юмаар би тайлбарлаад байхын хэрэг алга. Тэгэхээр манай ард түмний чинь эцэг эх, үр хүүхдийн хоорондын харилцаа бол үнэхээр хосгүй юм. Үнэхээр энийг одоо дэлхий дээр эцэг эхийгээ хүндэтгэдэггүй хүн төрөлхтөн ч гэж байхгүй л дээ. Тэгэхдээ Монголын ард түмэн бол одоо бид нарын ярьдгаар 21 оны хувьсгалаас хойш соёл гэгээрэл их хөгжсөн гэж бодоход тэрнээс өмнө өнөөгийн энэ соёл гэгээрэл хөгжсөн нийгмийн энэ үе шиг эцэг эх, үр хүүхдийн хоорондын харилцаа бол өндөр түвшинд хөгжсөн. Бүүр одоо ёстой гайхамшигтай уламжлалтай. Одоо бид нар энүүгээр бахархахгүй юугаар бахархах вэ дээ.
Ариун-Ундрах -
Таны аав ээж хоёр хувь хүнийхээ зан характерийнхаа хувьд ямархуу хүмүүс байсан бэ?
Рэнжин -
Өө тэр одоо дээр үеийн малчин ардуудын зан аашыг бид нар үнэхээр одоо гайхахаас өөр арга байхгүй. Би одоо бас л энэ цаг үетэйгээ л холбож боддог хүн. Одоо энэ зарим эцэг эхүүдийн зан ааш ажиглаж харж байхад хачин байна аа. Тэр үед чинь архи дарс ууна гэж байдаггүй бараг. За тэр үед чинь одоотой адилхан нэг их өндөр градустай архи байсангүй. Нэг нэрмэлийн архи. Тэрнийгээ хааяа хааяа нэг жаахан балгадаг тийм л байсан л байлгүй. Үгүй ээ ер нь одоо тэр үеийн хүмүүсийн чинь зан авир гэж ямар сайхан байсан юм. Монголчууд чинь ерөөсөө бие биенээсээ юмаа харамлах барих юм ч байгаагүй. Ямар сайндаа алс холын айлууд хүртэл өдөр хаалгаа цоожлохгүй малаа туугаад явчихна ш дээ. Тэгээд л тэр хойгуур нь явуулын улсууд гэрт нь очоод л унд цай чанаж уугаад л, тэгээд л идэж уугаад сайхан гэр орныг нь цэвэрлээд л янзалчихаад л яваад өгдөг. Одоо Монголчууд нээрээ үнэхээр бие биендээ итгэдэг, бие биенээ хайрладаг. Одоо тэгээд л нэг хүнийг орж ирэхэд нэг цай чанахгүй, хамгийн сайхан цайгаа чанахгүй ийм айл гэж ер нь Монголд байхгүй ш дээ. Монголын тийм одоо гэрийн эзэгтэй гэж байхгүй. Нэг хоноцын хүн ирлээ. Тэрний чинь одоо морийг нь аргамжина. Тэр ирж хонож байгаа хүнд ерөөсөө ямар ч хөдөлмөр хийлгэхгүй. Маргааш өглөө нь хүүхэд нь яваад морийг нь авчраад эмээллээд ингээд гадаа уячихна. Үгүй ээ тэр хүнийг хүндэтгэнэ гэж тэр чинь одоо тийм л юмыг хэлнэ биз дээ. Тэгээд л тэр хоноцын хүн чинь морио унаад л яваад өгнө. Монголчуудын тэр хүний хоорондын харилцаа гэж үнэхээр одоо гайхамшигтай зүйл байна даа. Би энэ эцэг өвгөдийнхөө харилцаагаар, ганц өөрийнхөө аав ээжийг ч биш. Ерөөсөө одоо чиний ч, миний ч Монголын ард түмний эцэг өвгөдийн тэр хоорондын харилцаа бол үнэхээр агуу, үнэхээр агуу, гайхамшигтай, үнэхээр бахархахгүй байхын арга байхгүй. Миний ээж Халтар гэж Адиа гэж нэрлэдэг байлаа миний ээжийг. Ёстой нэг орсон гарсан бүхэнд байдаг жаахныгаа тэмтэрдэг. Адиагын цайг ууна гэж Увсын Өндөр хангайгаас хүртэл өчнөөн улсууд намарт манайхаар ирдэг. Увсын мал наашаагаа Ургамал руу ороод ирнэ. Малаа хойноос нь хөөцөлдөөд Халтар Адиагын цайг ууна гээд л манайд ирдэг. Миний ээж бол гайхамшигтай сайхан харилцаатай, сайхан зантай хүн байсан. Тэгээд би одоо ээж шигээ тийм зантай болж чадсан юм уу? Үгүй юм уу? Миний эгч нар ээжийг тэгэж дуурайж чадсан ч байсан юм уу? Үгүй ч байсан юм уу? Тэр одоо дээр үеийн хүмүүсийн хоорондын харилцаа нь ямар гайхамшигтай юм. Тийм л байсан байгаа юм даа.
Ариун-Ундрах -
Та хүүхэд байхдаа ихэвчлэн ямар тоглоомоор тоглодог байсан бэ?
Рэнжин -
Юу гэнэ ээ?
Ариун-Ундрах -
Хүүхэд байхдаа ямар тоглоомоор тоглодог байсан бэ?
Рэнжин -
Өө намайг хүүхэд байхад чинь одоо янз бүрийн тоглоом байдаг. Хамгийн том мундаг тоглоом нь шагай. Шагайгаар хийхгүй юм байхгүй. Үүчир гэж нэг тоглоом байсан. Үүчир тоглоно. За тэгээд шагайгаар чинь шагалцана, морь уралдана, шагай харвана. Миний одоо тоглож өссөн тоглоом тэр л дээ. Одоо ч гэсэн би шагай сайхан харвана. За тэгээд цагаан мод гэж нэг тоглоом байдаг юм. Одоо тэр чинь цагаан мод яана гэж шөнө, сайхан сартай шөнө тоглодог. Тэгээд тэр чинь бүр уухайтай. Одоогын энэ та нарын одоо нөгөө янз бүрийн шоу энэ тэр маягтай л. Тэгээд л нэг 2 хэсэг болчихно. 2 тал хоорондоо нилээн хол зайтай. Өөрөөр хэлбэл тэр цагаан модыг ингээд би шидлээ гэхэд тэр талын газар очиж унана. Нөгөө тал цагаан модоо шидлээ гэхэд манай талд ирнэ. Тэгээд тэр цагаан модоо хамгийн түрүүн олсон хүн дээд зэргийн мундаг хүн. Шөнө ш дээ тэр чинь шөнө. Цагаан мод гэдэг чинь тэр газартайгаа өнгө нь холилдчихсон, барагтай олддоггүй. Тийм тоглоомоор тоглож байсан. Тэгээд одоо бодоход тэр цагаан модыг тоглоход тэр л айл орчны залуучууд, тэр багийн орчны залуучууд л тэр чигээрээ бөөгнөж 2 хэсэг болоод л тоглодог. Тэрний дундаа зодоон нүдээн гарна барина тийм юм байхгүй. Бөөн хөхрөлдөөн, шуугилдаан болоод л бие биенээ барьж түүдэгдээд л ингээд байдаг тийм тоглоомоор би их л тоглож байсан. Өөр нэг их тоглоом байхгүй дээ. Тэгээд одоо хамгийн гол нь хүүхэд чинь ажил хийнэ. Хонь хургаа маллана. Ер нь одоо тэгээд зав зай байхгүй л байсан шиг санагддаг юм даа. Би хүүхэд байхдаа өдөр хонио хариулна, орой хонио хотлуулна. Тэгээд хурга ишгээ барина, хонио холбож ээж энэ тэрээр саалгана. Тэгээд хурга ишиг чинь эхийгээ хөхөөд, тэгээд дахиад л хурга ишгээ барьж хөгнөнө. Шувт ажилласаар байгаад л шөнийн бор хоног болоод л гэртээ нэг юм орж ирнэ. Гэрт орж ирэх дээр сайхан үлгэр энэ тэр ярина. Миний хүүхэд байсан үе ер нь тэр дэл сул элдэв цаг ерөөсөө байгаагүй. Тэгээд л унага даагаа барина, унага даагаа сургана. Даага сургана гэдэг чинь одоо хүүхдийн ажил ш дээ. Тийм 13-14 нас хүрсэн эрэгтэй хүүхэд бол ерөөсөө л даага сургах үүрэгтэй. Тэр даагаа сургана, тэр даагаараа хонио хариулна. Даагаа сургаад унадаг болчихвол тэгээд хониндоо явган явахгүй. Үргэлж л программтай юм шиг л янз бүрийн ажил явсаар байгаад тэгээд л шөнийн бор хоногт нэг унтана. Ийм л байсан юм даа. Бид нарын тоглож байсан тоглоом тийм их юм байгаагүй. Даалууг чинь хүүхэд барагтай тоглохгүй ш дээ. Настай улсууд тоглоно. Хүүхэд тэр даалуунд орно гэж байхгүй. Тийм л байсан.
Ариун-Ундрах -
Чулуугаар тоглох уу?
Рэнжин -
Чулуугаар тоглоно оо. Яахав дээ чулуугаар чинь голцуу... Морины хомоол гээд нэг хомоол байдаг юм. Чи мэдэх үү?
Ариун-Ундрах -
Аанхан.
Рэнжин -
Тэр дотор чинь морь гээд, гүү гээд тэр хомоолоо тус бүрт нь ялгачихна. Нэг хэсгийг нь морь, нэг хэсгийг нь гүү. Тэгээд бүр унага дааганы жижигхэн хөөрхөн тийм баасаар унага энэ тэр хийчихнэ. Чулуугаар хөөрхөн гэр барина. Бүүр ийм том дугуй хөөрхөн гэр барьчихаад, тэгээд тэр дотор чинь тавилга энэ тэр гээд хөөрхөн авдар гээд дандаа чулуугаар тоглоно ш дээ, хээр чинь. Бид нарын үед ямар юмны тоглоомны материал гэж байхгүй ш дээ. Тэгээд тэрүүгээр чинь дотор нь одоо тэгээд л хөөрхөн ноён, авгай нөхөр хоёр хүртэл суулгана. Дандаа чулуугаар. Чулуугаараа хөөрхөн гэр барьчихаад л тэгээд дотор нь одоо тэр тулга тогоо гээд л байхгүй юм байхгүй. Тэр л айл гэдэг л дотроо ямар тавилгатай байдаг уу? Тэрнийг нь бүгдийг нь чулуугаар төлөөлүүлээд хийчихнэ. Тэгээд одоо ингээд бодоход тэр л одоо авгай гээд тавьсан чулуу бол нээрээ ингээд харахад эмэгтэй хүнэрхүү ч юм шиг. Эрэгтэй хүн гээд л тавих дээр нээрээ авгайгаасаа өндөр мөртлөө үгүй ээ энэ яах аргагүй эрэгтэй хүн юм аа гэмээр тийм л чулуугаар олж тэр гэр энэ тэр барьж байсан байгаа юм. Тэгээд тэр адууны баас энэ тэрээр чинь одоо маш олон адуу яагаад энэ азарга нь, энэ хурдан морь, энэ гүү, энэ унага нь гээд ингээд одоо тэр адууны баасаар чинь. Адууны баас нь өөрөө зүгээр нэг баас гардаггүй. Тэр чинь дотроо янз янзын хөөрхөн хөөрхөн үнэхээр л одоо морь гэмээр, морь гэж хэлэхээс өөр арга байхгүй тийм юугаар баадаг юм ш дээ, адуу. Тийм л юмаар тоглож байлаа л даа бид нарын үед. Тэгээд тэр тоглоом маань бол үндсэндээ дандаа л нэг тийм хүнийг хүмүүжүүлээд нэг юманд л нэг сайхан ханддаг, нэг л одоо цэмцгэр сайхан айл гэр болж байгаагаар, малаа их сайхан... Багаасаа малаа янз бүрээр зүслэдэг. Морь гэж энийг хэлдэг юм, гүү гэж энийг хэлдэг юм, унага гэж энэ, даага гэж энийг хэлдэг юм, үрээ гэж энийг хэлдэг юм, байдас гэж энийг хэлдэг юм гэдгийг нь дандаа л тэрнийгээ танин мэдэхүйтэй холбоотой толгоом сонин. Шагайгаар бол олон янзын тоглоом бий дээ. Монголын чинь шагайны хамгийн гайхамшигтай, одоо ч ер нь хэвээрээ байна даа. 4 бэрх гэж 4 янзын мал унадаг тоглоом байна ш дээ. За тэрүүгээр чинь мэргэлнэ. Тэр үхрийн годон сүүл гээд нэг юм байдаг юм. Тэр үхрийн чинь годгор ийм сүүл бий ш дээ. Тэрнийг чинь өвчөөд тэгээд тэр чинь хамгийн нарийхнаасаа дээшээ хамгийн том. Тэгээд бид нар нэг жоохон байхдаа үхрийн годон сүүлээр мэргэлнэ ээ. Тэгээд тэрнийг яаж мэргэлдэг вэ? гэх дээр үхрийн годон сүүлийг чинь ингээд өрчихдөг юм. За энэ одоо Ариунаа, энэ Туяа, энэ Чимгээ ч гэдэг юм уу ингээд охидууд болгож байгаа байхгүй юу. Ингээд охидуудыг өрөөд тавьчихдаг юм. Тэгээд нохой чинь их сонин. Гөлөг авчирна. Гөлөг авчраад л за тэгээд гөлөгөө за чи хамгийн эд нарын хэн нь хамгийн түрүүнд нөхөрт гарах нь вэ? Чи тэрийг шүүр гээд гөлгийг тэгдэг юм. Гөлөг чинь харж харж байгаад нээрээ ухасгээд нэгийг нь аваад идчихдэг юм. Их сонин шүү, хүн шиг. Тэгээд л ухаандаа хамгийн түрүүнд Ариун-Ундрах гээд тавьсан тэр юуг аваад явбал хамгийн түрүүнд Ариун-Ундрах нөхөрт гарах нь гээд бөөн инээдэм. Өө хэдэн охидуудыг ёстой шоглож байгаа юм ш дээ. Тийм тийм хөөрхөн тоглоомнууд дандаа л танин мэдэх, дандаа нэг юмыг өрөвдөх, хайрлах, дандаа нэг юмыг тааж мэдэх ийм чигтэй. Монголын ард түмний тоглоом хүртэл дандаа ухаанаар бүтсэн агуу их тоглоом доо. Одоо энэ хоцрогдсон тоглоом гэж заримыг нь одоо хаясан, мартчихсан шиг байна. Монгол тоглоомыг бол сэргээмээр байгаа юм аа. Монгол үндэсний тоглоомыг бол сэргээмээр байна. Дандаа танин мэдэх, ухааруулах, хүнийг хүмүүжүүлэх, энэрэнгүй сэтгэлтэй болгох, юмыг хайрладаг тийм одоо мэдрэмжтэй болгох. Монголын ард түмний бүтээсэн тоглоомууд бол үнэхээр одоо агуу. Тэр чигээрээ хүмүүжил, тэр чигээрээ философи. Тэгээд би энийг одоо ялангуяа сурган хүмүүжүүлэх ухааны дээд сургууль төгссөн, тэрний дотроос одоо улс төрийн шинжлэх ухааны анги төгссөн энэ улсуудыг би, энэ залуучууд та нарыг юу гэж боддог вэ? гэх дээр энэ Монголынхоо ард түмний өнгөрсөн үеийн юмыг жаахан үнэлээсэй. Тэрийгээ одоо жаахан судалж мэддэг болоосой. Тэрнийгээ жаахан үнэлж, тэрүүгээрээ жаахан бахархаасай гэж боддог юм. Одоо ингээд л энэ чинь дээд сургууль төгсчихөөд өө би философи, би тийм одоо бизнес, би тийм менежмент гээд л ийм л юм яриад явахаас Монголын ард түмний тэр одоо ууган шинжлэх ухаан хаа байна аа? Ууган шинжлэх ухаанаа олж судлаач ээ гэмээр байдаг юм даа. Тэр л их дутагдалтай байна. Тэгээд бид нар чинь одоо ард түмнийхээ уламжлалын тэр гайхамшгаар бахархахгүй юм бол дэлхий даяар юугаараа бахархах вэ дээ. Чингис гээд л хашхираад байна, Чингисийн тэр сурган хүмүүжүүлэх ухааныг яаж одоо олж судлах юм. Тэрнийг судалж гаргасан юм байна уу? Тэр нууц товчоонд байгаа тэр сурган хүмүүжүүлэх ухааны тэр Өүлэн ээжийн тэр 5 хүүхдээ хүмүүжүүлж байгаа тэр арга нь, ард түмний сурган хүмүүжүүлэх ухааны арга нь дандаа бодитой. Хүн ерөөсөө биеэрээ үйлдээд энийг ингэж хийх нь зүйтэй юм байна, энийг ингэвэл болохгүй буруу юм байна. Дандаа тэр бодитой юмаар сурган хүмүүжүүлэх ухаанаа бий болгодог. Энийгээ бол мэдэхгүй байж одоо бид нар нэг л их холын юм Америкийн сурган хүмүүжүүлэх ухаан, Японы сурган хүмүүжүүлэх ухаан гээд хол руу яваад дотор байгаа хоолоо идэхгүй л юм даа. За ийм байна. Тэгээд би одоо яахав энэ хорвоо дээр би сайхан амьдарсан. Би амьдралаараа бахархаж байгаа. Би түрүүн хэлсэн байх. Би төрийн бүх одон медалийг хүртсэн. Надад хүртээгүй одон медаль гэж нэг ч байхгүй. Энэ бол намайг чи бас гайгүй шиг хүний дайтай амьдраад ирсэн шүү, дажгүй нөхөр. Чамд энийг өгчихье гээд өгөөд байсан зүйл байх гэж би ингэж бодож байгаа. Би тэгээд боловсрол, мэдлэг ухаан, авъяас 3 нийлж байж уран зохиолч болдог юм. Одоо манай Нацагдорж энэ тэр чинь байгалиас заяасан авъяастай хүн байхгүй юу Нацагдорж. Тэгээд тэрэн дээр нь аваачаад Герман энэ тэрт явуулаад мэдлэг өгчихсөн. Тэгээд байгалиас заяасан ухаан байж байсан. Энэ 3 нийлчих дээр тэр Нацагдорж чинь тэр гайхамшигтай зохиолуудыг бичихээс өөр арга байхгүй ш дээ.
Ариун-Ундрах -
За баярлалаа.
Рэнжин -
Хэ хэ хэ.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.