Tümendelger
![](../assets/images/interviewees/990331.jpg)
Basic information
Interviewee ID: 990331
Name: Tümendelger
Parent's name: Baatar
Ovog: Hövdüüd
Sex: f
Year of Birth: 1963
Ethnicity: Buriad
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: teacher, currently not working
Belief: Buddhist
Born in: 'Worker' raion sum, Ulaanbaatar aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: doctor
Father's profession: driver
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
foreign relations
repressions
cultural campaigns
work
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Түмэндэлгэр эгч ээ.
Түмэндэлгэр -
Сайн. Сайн байна уу?
Ариун-Ундрах -
Сайн байна аа. За хоёулаа энэ удаагынхаа ярилцлагыг эхэлье ээ.
Түмэндэлгэр -
Аанхан.
Ариун-Ундрах -
За таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?
Түмэндэлгэр -
Гүнээр нөлөөлсөн явдал ч одоо зах зээл байлгүй дээ тэ? Зах зээл л бид нарт хуучин явж ирж байсан тэр нөгөө нэг үзэл бодол тэ? Эрхэлж байсан ажил, тэгээд л амьдарч байсан аж амьдрал энэ тэрийг л өөрчилсөн байх. Өөрөөр хэлбэл яг ингэнэ тэгнэ гэсэн нэг ийм хүсэл мөрөөдөлтэй явж байсан бол тэр нь бүгд ингээд байхгүй болоод шинээр ингээд хүмүүсийн юу хийж байгааг дуурайж хийх л явдалд хүрсэн болохоор тэр л аягүй шинэ байсан байх аа.
Ариун-Ундрах -
За таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл байгаа юу?
Түмэндэлгэр -
Яг бусдаас онцгой ч юу байхав дээ. Бараг л ер нь нэгэн хэвийн л байх л даа. Тэгэхдээ онцгойлж ярих юм бол одоо юу сонирхолтой юм бол оо? Японд байсан амьдрал л сонирхолтой байх аа. Яагаад гэвэл зах зээлд ороод бас нэг зах зээл гэдэг чинь ийм байдаг гэдгийг мэдрээд нэг 10-аад жил болчихсны дараа, яваад бас 10-аад жил болж байгаа болохоор чинь тэр үед бол Японд байх үедээ Солонгос ч орж үзлээ, Америк ч орж үзлээ. Тэгээд л тэр үеүд л сонин байх аа. Аа тэрнээс биш одоо өмнөх юмнуудыг бол сайн мэдэхгүй байна аа. Хүүхэд гаргаад л яг зах зээл яаж байсан юм чинь юм аягүй ховор ч үе байсан. Тэгээд л тэр ховор үеэр аягүй хэцүү, ёстой лангуун дээр юу ч байхгүй байхад л тэгээд л хүмүүс өөрөө яг биеэ даагаад л тэр ёстой ганзагын наймаа гэдгийг хийж байж л энэ зах зээлийг яалаа ш дээ тэ? Тэрнээс биш ерөөсөө яг тэр төр засгийн ямар ч одоо тэ? Оролцоо байгаагүй учраас социалист өмч гэдэг чинь нүдэн дээр ингээд л байхгүй болоод л. Тэгээд л хүний өмч болоод л. Энэ газар энэ тэр бол тэ? Бүр ингээд л ёстой луйврын аргаар харж байхад л ёстой нээрээ хэдхэн хүний тэ? Ёс журамгүй тэгээд л энэ цэцэрлэг саад ч байхгүй. Тэгээд л бүх л юм хүний хувийн одоо угаалгын газар болоод л. Манай энд одоо бол усны хаалт байхгүй. Ерөөсөө бүх л ямар л одоо хөл гишгэх газар байна бүгдийг нь л ингээд хувьчлаад хувьчлаад авчихаж байна ш дээ. Хүмүүс тэ? хувийн өмчтэй болоод. Тэр бол аягүй зохицуулалтгүй, аягүй юугүй. Одоо нэг жаахан ямар гэх юм бэ дээ. Луйврын шинжтэй ч гэх юм уу тийм болсон нь л аягүй тийм надад жаахан юу болсон байх. Цочир ч гэдэг юм уу юу гэдэг юм. Тэгэхдээ би бол өөрөө юмтай болчихсон байвал яах ч үгүй байж магадгүй. Ер нь юмтай болох чинь буруу. Ингэж болохгүй, ингэж болохгүй гэж бодсоор байгаад л тэгээд л... Тэгсэн мөртлөө тэр хүмүүс нь тэгээд л тэрийг нэг их гоё хүүхдийн ясли байсныг нь аваад л шүдний эмнэлэг болгоод л дараа нь зарчих ч юм уу тэ? Гэх мэтээр ингээд л яг үрэн таран хийгээд л тэгээд л юм өмч бүх юмнууд нүдэн дээр л үгүй болсон нь сонин. Улсын байгууллагууд бол ерөөсөө хүүхдийн гоё гоё парк эд нар гэдэг ч тэ? бүгд байхгүй болоод л. Одоо ингээд л жоохон хүүхдүүд бол тэр энэ тэрийг мэдэхгүй ш дээ. Энэ байж байсан, энэ хүн энийг хөдөлмөрөөрөө хийсэн л гэж бодож байгаа болохоос биш яг үнэндээ бол тэр хувьчлал гэдэг нэрийн доогуур аягүй их тийм хулгай л явагдсан. Хулгай дээрэм, тонуул тийм л юм явагдаад л тэр одоо хүмүүсийн гарт оччихсон болохоос биш. Одоо бол яахав залуучууд бол зах зээлийг их хөгжүүлж л байна л даа. Энэ радио, телевиз энэ тэрт ажиллаад л өөрийнхөө чадлаар ингээд л янз бүрийн юм хийгээд л. Бид нарын үед бол яг тийм хөлөө олоогүй ч гэх юм уу, нэг тийм завсрын тийм хэдэн 10 гаруй жил яг тийм болчихсон байсан. Яг тэрнийхээ дараагаар бол нэг жоохон эвлэрээд ойлгож байх үедээ л бид нар Япон явчихсан юм чинь. Тэгээд л тэнд очоод л миний амьдралд жоохон онцгой явдал болсон байж магадгүй ээ.
Ариун-Ундрах -
За түрүүчийн ярилцлаган дээр таны хүүхэд нас, ер нь амьдралын чинь түүхийг ярьсан тийм ээ?
Түмэндэлгэр -
Тийм.
Ариун-Ундрах -
Аан тэгээд хүүхэд наснаас чинь тодруулж асуухад та тэр үеийн хүүхэд, эцэг эх хоорондын харилцааны талаар ямархуу бодолтой явдаг юм бэ?
Түмэндэлгэр -
Тэр үед хүүхэд, эцэг эх хоёр их тийм ... Зарим хүмүүс их дотно ярьдаг байсан л гэж ярьдаг юм. Ерөнхийдөө манай ангийнхан бол миний үеийн хүүхдүүд гэхээр тийм хоорондоо юмаа ярьдаг. Ээж аавууддаа ингэж юмаа, одоо өөрт болж байгаа явдал, эсвэл энд өвдөж байна гэдгээ ч бараг хэлдэггүй байсан юм шиг байгаа юм аа. Их сонин тийм сонин үе байсан юм шиг байгаа юм. Яг л тэр миний үеийн хүүхдүүд. Ер нь тэгээд эцэг эхчүүд ч гэсэн энэ хүүхэд сургуульд явах ёстой. Сургууль л энэ хүүхдийн тэр мэдлэг мэргэжлийг нь олгоод одоо тэгээд төгсгөөд л гаргах ёстой гэдэг тийм л ойлголттой байсан. Манай хүүхэд бол одоо яг бусад хүүхдүүдээс онцгой яг тийм юм сурах ёстой, яг тийм мэргэжилтэй болох гэдэг тухай ерөөсөө эцэг эхчүүд бол тэр их нарийн яадаггүй байсан байх. Үнэхээр одоо яг нэг эмч ч юм уу, нөгөө хүүхдүүддээ ийм юмаа заагаад өгчихвөл бас дараа нь хэрэгтэй юм гэдгийг мэддэг ганц нэг хүн байсан уу? Үгүй юу л тийм байсан байх. Тэрнээс бид нарын үед бол ерөөсөө нэлэнхүйдээ ямар мэргэжилтэй болох вэ? гэдгийг сургууль хэлж өгөхгүй, эцэг эх хэлж өгөхгүй. Бид нар тэгээд нэг юугаа ч мэдэхгүй ямар сайндаа тэ? Нэг мэлэрсэн, ингээд л нэг хонь шиг ингээд л найгаад явж байдаг байхав дээ. Тийм л одоо бөөгнөсөн хонь шиг тийм л хашчихаар хашчихдаг, тэгээд л хашааг нь авчихаар ингээд тараад явчихдаг тийм л байсан. Үнэхээр ямар ч тийм эцэг эхэд тийм цэгцтэй бодлого ч байгаагүй. Хүүхдүүд ч гэсэн тийм нарийн ойлголт байхгүй учраас одоогын хүүхдүүдээс огт өөр байсаан. Ерөөсөө тэр нэг үзэл суртал гэдэг юманд аймар их захирагддаг. Одоо тэр 7 жигүүрээр хичээллэ, шатар тоглох сайн, ёстой гэдэг тийм л юмаа бодно уу гэхээс биш яг тийм би том болоод тийм болчихно гээд үлгэр дуурайлал болгоод авчих ч тийм юм байхгүй л юм шиг байдаг байсан ш дээ. Аягүй тийм юм хүлээсэн шинжтэй. Тэгээд дээрээс л нэг захиас даалгавар гарч ирэхгүй л бол тэгээд л ингээд хүлээгээд л байж байдаг. Тэрийг гараад ирвэл л хөдөлдөг тийм л одоо нэг тийм гажуудал ч гэдэг юм уу даа тэ? Тэр юмаар л бид нар хүмүүжсэн. Тэр үед бол Гүррагчаа сансарт нисээд л бид нар чинь сансарт хүн нисч болдог юм байна гэдгийг ойлгож биеэр үзэж байсан. Тэр тэгээд сургууль дээр бид нарыг чинь урд ингэж зогсоогоод л тэ .... Гүррагчаа хоёр ирж байна гээд л тосуулж байсан. Тэгээд л тэрийг хараад л их гоё санагдаж л байсан. Өөр одоо тэгээд олимп одоо тэ? Өөр тэр одоо дэлхийн мисс гэдэг тийм юм бид нарт байхгүй ш дээ. Ерөөсөө онцгой тийм сонирхохоор юм байхгүй. Миний хувьд лав 9, 10-р ангид байхдаа Битлз-ийн дууг нууцаар сонсоно ш дээ. Тэр чинь ил сонсож болохгүй. Бас хөрөнгөтөн орны дуу сонслоо гээд. Алла Пугачева эд нарыг л сонсох ёстой гэж л. Тэгээд л зурагтаар нөгөө нэг Сангримо-ын фестивал энэ тэр гээд Италийн дуучныг үзээд л ёстой энэ гоё юм байна даа л гэж бодож байсан болохоос биш бид нар бол вообще ер нь тэр үед ер нь бусад энэ дэлхий ертөнцөөс хаагдмал байсан юм шиг байгаа юм аа.
Ариун-Ундрах -
Тэгээд таны аав ээж хоёр хувь хүний зан чанарынхаа хувьд ямархуу хүмүүс байсан бэ?
Түмэндэлгэр -
Аав ээж хоёр уу? Яг л тэр үеийн хүмүүс бас аягүй тийм ... ёстой нөгөө нэг бараг гэрлэлтийг нь хүртэл төр мэддэг байсан юм шиг яг тийм юу яасан. Яахав эцэг эх бол хүүхдүүдээ тэжээх ёстой, өсгөх ёстой, өндийлгөх ёстой гэдэг тийм юутай. Хүүхдүүдээ зун болохоор нэг агаарт гаргачихдаг. Манай аав бол өөрөө лагерийн байшин бариад л шар амбаар манай 2 ахтай нийлж бариад л бид нар зун зусчихдаг байсан. Тэгээд л ер нь аав бол гэрээ тэжээх ёстой. Ээж бол нөгөө аавын өгсөн мөнгийг зөв зарцуулах ёстой. Тэгээд л хүүхдүүдээ яг ингээд өдөр өдрөөр нь талх тэгээд аваарай гээд. Ёстой нэг “Гарын 5 хуруу”-н дээр гардаг шиг л яг тэгээд хуваарилаад өгнө. Тэгээд л тэрийг нь бид нар зохицуулна. Миний хувьд бол би айлын том охин гэдгээрээ тэгээд л гэрээ цэвэрлэх ёстой. Дүү нараа харах ёстой. Тэр хаана байна гэдгийг нь мэдэх ёстой. Тийм л байдаг байсан. Тэгээд аав ээж хоёр бол хоорондоо зан харьцаа нь тэр үед бол одоо яахав дээ. Яг хэрэлддэггүй гэхээр биш бас хэрэлддэг байсан юм шиг байгаа юм аа. Тэгэхдээ одоогынх шиг нөгөө нэг тэр үед чинь нууц амраг гэж байхгүй. Хэрэлдвэл, зодолдвол салчихдаг. Эсвэл зодолдоод л байгаад байна уу гэхээс биш тийм нэг одоогынхоос арай өөр байсан юм шиг байгаа юм аа. Одоо хэв маягийн хувьд тэ? Тэр нууц амраг юм уу, хамтран амьдрагч ч юм уу, одоо нэг ганц бие эх өрх толгойлсон эх гэдэг чинь... Өрх толгойлсон эх бол байж л таараа. Тэгээд арай л өөр байсан юм шиг байгаа юм. Тэгээд тийм хүмүүсийгээ бол хүмүүс аягүй тийм харж үздэг ч юм уу, тусладаг барьдаг тийм байсан юм шиг байгаа юм.
Хэлмэгдүүлэлтийн үе гэдгийг бол манайх бол хэлмэгдсэн айл ш дээ. Манай өвөө аав чинь хэлмэгдээд, баригдаад яваад Орос хэлээр ярьдаг байсан тулдаа л тэр нөгөө.... Манай хөгшин аав чинь хар байсан байхгүй юу. Нэг лам ч юм уу? Нэг хар хүнтэй ч хамт юм уу? барихад Орос хэлээр ярьдаг байсан тулдаа гуйж байж би аягүй олон хүүхэдтэй хүн, ямар ч гэм буруугүй хүн гэж байж 9 жилээр шоронд орсон. Нөгөө хүн нь бүр буудуулчихсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд 9 жилээр шоронд ороод гарч ирэхдээ бид нар тэрийг ерөөсөө мэддэггүй. Ерөөсөө ярьдаггүй тийм сэдэв байсан юм байна лээ. Тэгээд би хэзээ мэддэг байсан бэ? гэвэл бүр 89 онд манай аав 1 сая төгрөг авсан гээд тэгээд бид нарт хувааж өгч байхад нь л би мэддэг байхгүй юу. Тэрнээс өмнө бол ямар юм хийж, яаж байснаа ч хэлдэггүй. Өөрийгөө буруутай гэж боддог байсан юм уу? хаашаа юм. Тэгээд л баригдаад, тавигдаад гээд л нэг юм яригдаад л байдаг байсан мөртлөө нарийн бид нар манай хөгшин аавын буруугаас биш мөртлөө манай хөгшин аав хэлмэгдээд шоронд орсон байна гэдгийг ч тодруулж ойлгодог ч үгүй. Тэгээд чимээгүй л байдаг байсан. Бид нарыг бас 3 үеийн түүх намтар гээд л бичүүлдэг байсан ш дээ. Эвлэлд элслээ барилаа гэхэд чинь. Тэгсэн мөртлөө бид нар тэрийг бичдэггүй. Ерөөсөө шууд л алгасаад л манай өвөө жирийн малчин тэддүгээр айлын тэддүгээр хүүхэд болж төржээ гээд л ингээд л шал худлаа юм бичээд л тэгээд өгчихдөг тийм л байсан юм байна лээ.
Соёлын довтолгоо гэдэг манайд бас явагдаж байсаан. Тэр одоо хооронд нь өрсөлдүүлж одоо нөгөө нэг мууг нь ... юу билээ. Арай мэлхий, гахай гэхгүй л дээ. Тэгэхдээ нэг анги хэсүүлээд яваад байдаг тийм нэг гахай шиг юм зураад ингээд тавьчихсан. Тэгээд л манай ангид оруулж ирээд л тавьчихаар бид нар тэрийгээ хараад л ингээд л айж сүрдэж байх ёстой юм шиг тэгээд л байгаад л байдаг. Тэгээд л аягүй ангиа цэвэрлээд л ингээд байж байхад нөгөө гахай нэг эсвэл өөр муу анги руу явчихдаг юм шиг байгаа юм. Тэгээд л нэг тиймэрхүү юм байж байсан юм. Тэгээд нөгөө ариун цэврийн комисс гэдэг чинь одоо бас тийм л байсан юм шиг байгаа юм. Аа гэр оронд бол хагас бүтэн сайн өдөр бол айлуудаар явж ариун цэвэр үзнэ ээ. манай ээж бол орцны ариун цэврийн, үгүй ээ байрны ариун цэврийн ч бил үү дарга. Тэгээд л бүх айлуудаа бүртгэж аваад л айлуудаар нэг эмч байдаг байсан юм аа. Наранцэцэг гэдэг эмч. Тэгээд бас нэг хэн ч билээ нэг хүнтэй нийлээд л айлуудаар ороод л зурагтны арынх нь тоос, юу юуг бүр яг ингээд ийм шугам татаад хүснэгт биччихсэн. Зурагтны арын тоос, цагаан хэрэглэл ямар ямар ч билээ, тэгээд ванн жорлонгын ариун цэвэр, юу юу ч гэж бичсэн байсан юм мэдэхгүй. Нэг баахан тийм юм ингээд аягүй олон үзүүлэн биччихээд, айлуудын нэрийг биччихээд тэгээд очоод +, - гээд л ингээд бичээд. Тэгээд сайн, онц гээд ард нь тиймэрхүү юм хөтөлдөг байсан юм. Тэгээд тэр одоо яг хүмүүсийн амьдралд яаж нөлөөлсөн бэ? гэхээр цэвэрхэн байх ёстой гээд л аяганы алчуур чинь хаа байна гээд ингээд л шалгадаг байсан шүү. Тэр их сонин. Байгууллагууд ч гэсэн суботник аягүй их хийдэг байсан юм аа. Тэгээд суботник хийх гээд л ерөөсөө бид нар чинь бүр 120-д байсан мөртлөө анх 3-р хороололд энд ирж мод тарина гээд бүр мэл гайхаж байсан. Тэгээд л тэр үед бол суботникт явдаггүй, гардаггүй хүнийг бол шийтгэдэг тийм л байсан.
Шашин шүтлэг гэхээр чинь одоо бид нар ерөөсөө бүгдээрээ шашингүй үзлээр хүмүүжчихсэн. Ерөөсөө одоо ангид ороод ирэхэд шарын шашинтай, Христ үү? энэ тэр гээд л одоо нэг их хамаагүй асууж байгаа ш дээ тэ? Тэр үед бид нараас тийм асуух нь битгий хэл бүр асуух юм бол мэл гайхдаг байсан. Ерөөсөө шашин шүтэх бол маш буруу юм л гээд заачихсан. Тэгээд л лам эд нарыг чинь үзэхгүй ш дээ бид нар. Муу хүн л гэж боддог тийм л үе байсан. Ерөөсөө гандан руу гарж ном уншина гэж байхгүй. Бүгдээрээ л одоо нэг өөр байсан юм. Тэгээд бөө энэ тэр гэдэг тийм юм бол ерөөсөө сураг ч байхгүй. Тэр үед бол ерөөсөө таг чиг л байсан. Зүгээр дарга нар очиж нууцаар ганданд ном уншуулдаг юм гэнэ лээ гэж бид нар мэл гайхаад худлаа байлгүй гээд аягүй их гайхаж байж билээ. Түүнээс бид нарын үед бол ерөөсөө шашин шүтэх явдал бол нийгэмд бол ерөөсөө хориотой зүйл л байсан. 90-ээд он болж байж л эрх чөлөөтэй болсон болохоос биш үнэндээ бараг 60-70 хувийн хориотой байсан байх аа. Ерөөсөө бүхэлдээ тийм. Христ гэдэг юмыг чинь ерөөсөө бид нар мэдэх ч үгүй. Бараг 90-ээд оноос л дөнгөн данган тэ? Аа нэг ийм юм байдаг юм байна гэдэг нь ойлгомжтой болсон ш дээ. Ерөөсөө манайд орж ирээгүй ч байсан. Ер нь энэ Япон, Солонгос энэ тэрт чинь эртнээс орж ирчихсэн байсан ш дээ. Бүүр тэ? 19-р зуун, 20-р зуун гэхэд чинь орж ирчихсэн байсан ш дээ. Тэгээд Монголд бол орж ирээгүй. Тэгээд тэрийг бол ерөөсөө мэдэхгүй. Тэр байтугай шарын шашинаа ч сайн ойлгохгүй, буддизмаа ч мэдэхгүй тэгээд л тийм байсан юм.
Ариун-Ундрах -
За тэгэхээр хоёулаа “Ажил” гэдэг сэдвээр бага зэрэг ярилцъя гэж бодлоо.
Түмэндэлгэр -
За.
Ариун-Ундрах -
Тэгээд социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямар байсан бэ?
Түмэндэлгэр -
Тэр үеийн ажилд хандах хандлага их сайн байсан шүү. Ажилдаа л ер нь үнэнч. Амьдралаасаа илүү тэр ажил л одоо миний амьдрал гэж бодоод л ер нь ажлын төлөө үнэнчээр зүтгэнэ. Аа тэгээд нэг талаар тэр. Хоёр талаар ажлыг бол бүх хүн зайлшгүй хийх ёстой гээд жоохон тийм. Одоо бол ажил хийхгүй байж болно ш дээ тэ? Аа тэр үед бол заавал ажил хийнэ. Энэ ажилгүй гэх юм бол аягүй муу хүнд л ордог байсан юм. Манай хамаатан садангуудад ажил хийдэггүй хүн байдаггүй байсан. Нэг эгч л ажил хийхгүй, нөхөр нь жоохон уран бүтээлч тэгээд жоохон ажилгүй. Тэр жоохон тийм хороо хорины бүртгэлд орсон ч гэх шиг нэг тийм юм ярьдаг байсан шүү. Тэгэхээр ажилгүй хүний тоо гаргаад л, тэгээд л жоохон ад үздэг байсан гэхэд ч хаашаа юм. Жоохон шүүмжлэлтэй ханддаг байсан юм шиг байгаа юм аа. Ер нь хүмүүс ажилд орохдоо бол тэнд орон тоо байна гэнэ ээ гээд л тэгэхээр очихоор боловсон хүчин гээд нэг хүн байж байдаг. Тэгээд л боловсон хүчинд хамгийн түрүүнд би танайд ийм ажил хийх гэсэн юм гээд тэгэх юм бол нэг тийм мэргэжлийнхээ үнэмлэх, сургууль төгссөн үнэмлэхээ аваад л очдог. Тэгээд л нөгөө хүн нь ийм ажил байгаа гээд л нөгөө хүний юмыг нь харж байгаад л тэгээд орон тоо байгаа гэдгээр нь хараад л тэгээд л авдаг байсан юм шиг байгаа юм. Нэг их нарийн шалгуур ч гэж юу байхав дээ. Тэр үед их одоогынх шиг тийм сантиметр өндөр гэдэг тийм шаардлага тавихгүй. Аль болохоор сургуулийн диплом энэ тэрийг л үндэслээд л авдаг байсан.
Ариун-Ундрах -
Аан таны бодлоор одооны хүмүүсийн ажилд хандах хандлага нь яаж өөрчлөгдсөн бэ?
Түмэндэлгэр -
Одоо бол цагаа бариад л, тэгээд л аль болохоор нэг бүтээлтэй ч биш, бүтээлгүй ч биш явж очоод л цалингаа авчихаж байгаа байлгүй дээ тэ? Аа тэр үед бол ер нь бүтээлээр аягүй их нормоор тэ? Чанараар нь аягүй их яадаг байсан юм шиг байгаа юм аа. Дүгнэдэг байсан юм шиг байгаа юм аа. Одоо бол яаж дүгнэж байгаа нь янз бүрийн байгууллага болгон өөр л байх л даа. Ер нь тэгээд л тэр үед бас тооны хойноос их хөөцөлддөг байсан юм шиг байгаа юм аа. Тэгээд л төлөвлөгөө нормоо биелүүлсэн хүн аягүй сайн гэж ярьдаг. Тэгээд л чанарын асуудлыг бол нээрээ бүх байгууллага адилхан байсан байх аа. Тэгэхдээ хүмүүс их тээврийн жолооч энэ тэр чинь аягүй их төлөвлөгөө норм биелүүллээ гээд л алдар цолоор шагнуулаад л, хөдөлмөрийн баатар болоод л байдаг байсан ш дээ. Одоо бол яг тухайн үедээ тэр норм нь биш зүгээр олон жил ажилласан ч юм уу тэ? Тийм хүн шагнагдаад л байдаг юм шиг байна лээ ш дээ.
Ариун-Ундрах -
Аа энэ одоо ажилд орох процесс яаж өөрчлөгдсөн бэ?
Түмэндэлгэр -
Ажилд орох процесс бол ёстой их өөрчлөгдсөн. Тэр үеийнхээс бол. Тэр үед ажилд орохоор зэрэг нэг настай хүн нэг залуу хүнийг халамжлан хүмүүжүүлж аваад л тэр хүний ажил мэргэжлийг нь яг одоо эзэмштэл нь дагуулж сургаад л яадаг тэ? Одоо бол тэгэхгүй. Ерөөсөө яг л тэр сургуулиа төгсөөд л тэр ажлыг сонирхсон бол очоод л өөрөө биеэ даагаад хийх хэмжээнд л сурсан байхыг шаардаад л. Тэр хүнд тэгэж ажлын тухай сайн одоо сургаж, одоо тэр дагуулж сургадаг ч юм уу шаарддаг, шахдаг хүн нь аягүй ховор. Зүгээр яахав хамт олны зүгээс ажилдаа яаж хандаж байгаагаас нь л дүгнэдэг ч юм уу тийм л юутай. Тэр үед бол, бид нарыг ажиллаж байх үед бол хүн болгон л тэр ямар сайндаа мастер нь зааж өгөхгүй болохоор бид нар юу ч сурахгүй тэгээд байж байхав дээ. Одоо бол тэгэхгүй шууд л одоо энийг хийх ёстой гээд л тэгээд л хийх байлгүй. Тэгээд тэр үед бид нар жоохон гажуудалтайдаа ч гажуудалтай, бас энэ үеийгээ бодвол илүү гайгүй эрүүл саруул ухаантай нь ч эрүүл саруул ухаантай. Аль аль талаасаа сайн муу аль аль тал байсан шиг байгаа юм аа.
Ариун-Ундрах -
За өмнөх ярилцлаган дээр таны хийж байсан ажлуудыг ярьсан ш дээ тийм ээ?
Түмэндэлгэр -
Тийм.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр ээрмэлийн үйлдвэрт ажиллаж байхад та сард дунджаар хэдэн төгрөгний цалин авч байсан бэ?
Түмэндэлгэр -
Би аягүй сонин. Миний яг цалин бол анх эхлэхдээ 320 төгрөг гэж байсан байхгүй юу. Тэгэхдээ би лав тэр 320 төгрөгөө бараг эхний нэг жилдээ авч үзээгүй ээ. Яасан гэхээр норм биелээгүй. Яагаад биелээгүй гэхээр би биш, нөгөө нэг тасгаараа биелүүлдэггүй байсан юм шиг байгаа юм аа.
Ариун-Ундрах -
Тэгээд цалингаа тэгэж...
Түмэндэлгэр -
Тийм. Тэгээд л нөгөө улсад тушаах төлөвлөгөө нь ингээд тасалдахаар зэрэг бүгдээрээ ингээд доош нь доош нь тасалдаад бүх хүнийх л тасраад явчихдаг байсан юм шиг байгаа юм аа. Би болохоор зэрэг хийх юмаа хийчихсэн байсан ч гэсэн, одоо өөр нэг хүн хийчихсэн байсан ч гэсэн бөөнөөр нь массаар нь тэгээд яачихдаг байсан юм шиг байна лээ. Тэгээд би ерөөсөө нормоо хийж чадаагүй ч юм шиг. Тэгээд л ерөөсөө ойлгодоггүй байсан. Тэгээд л өдөрт хэдийг хийх ёстой гэдэг юмаа багцаа байдаг. Тэрийгээ хийгээд байх шиг байдаг. Тэгсэн мөртлөө нарийн ч шалгуулдаггүй. Тэр үед бол нэг их тийм, аягүй их тийм одоогынх шиг ингээд яс одоо би тэдийг хийсэн гээд тоолоод авдаг ч хүн нь бага. Ингээд л нэг дүйвээн дунд л тэгээд өнгөрчихдөг байсан юм уу бүү мэд. Тэгээд 2 дахь жилээсээ би бүгдээрээ биелээд байдаг ч байсан байлгүй мэдэхгүй. Тэгээд 320 авч байснаа сүүлдээ бүр 500-600 хүртэл нэг удаа авч үзээд бүр мэл гайхаж байсан ч тохиолдол байдаг. Тэгэхээр тэр үеийн систем нь л буруу явж байсан нь яг харагдаж л байгаа юм л даа тэ? Яг нэг хүний ажлаар биш нийтээр нь яаж биелүүлснээр нь тасаг, цех гээд явчихдаг тийм. Тэгээд төлөвлөгөө норм гэдэг нь тийм нэг сонин хавтгайрсан л дүгнэлттэй байсан юм шиг байна лээ ш дээ. Тэгээд л зарим нөгөө ээрэх цехийнх нь биелэсэн гээд л тэгэхээр самнах цех нь биелээгүй ч гэж байх шиг. Тэгээд л яг тодорхой хувь хүнийх нь хувьд хийх нормых нь ажил нь бол аягүй тийм сонин үнэлгээтэй явж байсан юм шиг байна лээ.
Ариун-Ундрах -
Дараа нь та конкурсдаад их сургуульд орсон гэсэн.
Түмэндэлгэр -
Тийм.
Ариун-Ундрах -
Тэр ямар ангид орсон бэ? та.
Түмэндэлгэр -
Би монгол хэлний ангид орсон. Ерөөсөө 1 хуваарь дээр л 15-16 хүн өрсөлдсөн байхгүй юу. Тэгээд л 3 хуваарь ирсэн байхгүй юу. Монгол хэлний ангид 2, түүхийн ангид 1 гээд. Тэгсэн чинь тэнд чинь өрсөлдөж байсан 40-н хэдэн хүн байгаа байхгүй юу. 54 ч бил үү. Тэгээд л эхнийх нь дээрээ байрлаад л ингэж явсаар байгаад тэгээд л яасан. Тэр нь аягүй шударга өрсөлдөөнтэй байсан юм шиг байна лээ, тухайн үедээ. Тэгээд л би өөрөө тэнцээд орж байгаагаа ч мэдэхгүй ингээд л байсан чинь хөөх чи орчихлоо ш дээ гээд л, чи 2-т нь байна ш дээ гээд л. Миний доор Сараа гэдэг хүн орсон. Тэгээд л 1-т нь Мөнхжаргал ороод л. Тэгээд хүмүүс л аягүй сайн мэдэж байсан. Би өөрөө ч сайн мэдэхгүй тэгээд л өө тийм үү? гэсэн чинь чиний оноо чинь тэд болж байгаа юм. Чи тэгээд орчихлоо ш дээ гээд л надад хүн хэлж байсан. Би өөрөө ч сайн мэдэхгүй тийм л хачин харанхуй байсан ш дээ. Тэгээд аав ээж хоёр өгөөд ирээрэй, амжилттай өгөөд ирээрэй гэчихээд л ажилдаа явчихна. Ерөөсөө тэр одоогынх шиг тийм. Одоо ч гайгүй. Ер нь нэг хэсэгтээ аягүй их будлиантай байдаг байсан ш дээ. Тэр үед бол тийм луйвар нь бага мөртлөө мэр сэр бас байсан л юм шиг байдаг юм ш дээ. Яг огт байгаагүй ч биш юм шиг байгаа юм аа. Хожим сонсож байхад л тийм юм сонсогдож байдаг байсан.
Ариун-Ундрах -
Оюутан байх үе чинь яаж өнгөрсөн бэ?
Түмэндэлгэр -
Оюутан байх үе бол ерөөсөө энэ ардчиллын үе. Тэгээд л энд тэндгүй ардчилал ярьсан улсууд.
Ариун-Ундрах -
Яг хэдэн оны оюутан бэ та?
Түмэндэлгэр -
Би яг 84-90 оных юм чинь. Яг тэр ардчилсан холбооны яг тэр одоо Зориг багш чинь манай ангид хичээл заадаг. Тэгээд бид нарт яг л одоо бид нар одоо ийм юм хийх гэж байгаа. Та нар очиж оролц. Цуглаан хийх гэж байгаа гээд л тэгээд бид нар чинь бөөнөөрөө очоод суудаг. Юу хийж байгаагаа ч мэдэхгүй. Би ч жоохон хүүхэдтэй байсан оюутан болохоор бушуухан энэнд нь оролцчихоод л явах юмсан гэдэг л юутай. Тэгээд л тийм их оюутнууд бол улс төрийн идэвхитэй байсан уу? гэвэл бас байгаагүй шүү. Одоогынх шиг биш. Бас жоохон айдастай. Тэгээд л багш нар чинь бас аягүй энэ цуглаанд оролцох юм бол та нарыг шалгалтанд оруулахгүй ч гэдэг юм уу тэ? Тиймэрхүү юмтай. Тийм болохоор, төгсөх анги байсан болохоор нэг их тэгэж яадаггүй байсан ш дээ. Ер нь тэгээд тэр үеийн оюутнуудын оролцоо аягүй бага байдаг ш дээ. Тэгээд ямар хүмүүс нь явж байсан юм хэн мэдэхэв.
Ариун-Ундрах -
За тэгээд таны гол бахархдаг зүйл юу вэ?
Түмэндэлгэр -
Гол бахархдаг зүйл бол яахав дээ. Мэргэжил эзэмшсэн болоод тэгээд тэрүүгээрээ амьдарч болоод байгаагаа үзүүлнэ гэдэг л бахархал байх даа.
Ариун-Ундрах -
Аа бас эсрэгээр нь таны жигшдэг зүйл юу вэ?
Түмэндэлгэр -
Шударга бус явдал. Шударга бус явдал гэдэг чинь л одоо дээрээсээ доошоо бүх хүнд. Зүгээр нэг ломбардны худалдагч, лангууны худалдагчаас эхлээд л дандаа бараагаа худлаа хэлнэ. Он, сар, өдрийг нь буруу тавина. Хүнээс илүү авахыг бодно тэ? Ерөөсөө үйлчлүүлэгчээсээ шударга бусаар илүүг авахыг бодно. Тэр тэгээд л энэ системд, энэ одоо бүх л байгууллага, тэгээд л байж байгаа зүйлүүд бол тухайн үедээ биш байлаа гэхэд хожмын хүнд шударга биш байсан гэдэг нь харагдаад л эхэлж байгаа ш дээ. Дуучин ч гэсэн нэг худлаа дуулдаг ч юм уу, ая тавьдаг ч юм уу тэ? Тиймэрхүү явдлууд гарч ирж байгаа явдал л, нийтээрээ л дээ. Би ч ганцаараа биш. Одоо хүртэл байгаад байгаа л. Тэгэхдээ яваандаа энэ бол ямар ч газаргүй л дээ. Хөгжөөд тэгээд баримтыг олоод дэлгээд тавиад байдаг үе болоод ирж байгаа болохоор тэгээд л аяндаа хүмүүс ч дургүйцнэ. Шударга бус юмнуудтай тэмцэх л байх. Тэр л одоо жигшиж байгаа зүйл.
Ариун-Ундрах -
За та олон ажил хийж байхад чинь хамгийн хэцүү зүйл бас амархан зүйлүүд нь юу юу байсан бэ?
Түмэндэлгэр -
Хамгийн хэцүү зүйл нь бол цалин мөнгө жаахан амжиргаанд хүрэхгүй зүйл байсан. Бас орон сууцны асуудал жаахан хэцүү байсан. Аа бас шударга бус явдлууд ч гэх юм уу тийм юмнууд л надад хэцүү байдаг байсан байх аа. Нэг нь юу билээ?
Ариун-Ундрах -
Амархан зүйлүүд нь юу байсан бэ?
Түмэндэлгэр -
Амархан зүйлүүд нь гэвэл яахав чаддаг юм бол амархан л байдаг байсан байх л даа. Хийдэг ажлууд дээрээ жаахан бусад хүмүүстэй харьцуулах юм бол хэл нь зочид буудалд ажиллаж байлаа гэхэд чинь арай илүү ч юм уу тэ? Тэрүүгээрээ бусад хүмүүс дуудаад авчраад л, ресторанд хүн орлоо гэхэд л зөөгч нь ойлгохгүй намайг дуудаж байх ч юм уу, одоо зочид буудлын нэг хүн юм хэллээ гэхэд reception нь ойлгохгүй ч юм уу, тэгээд л юм юманд дуудагдаад л тэрийг нь орчуулж хэлж өгөөд байдаг. Тэрэн дээрээ ч өөрөө бас нэмээд сураад тэ? Нөгөө хүнээсээ илүү мэдээлэл сонсож байгаа учраас аа энийг мэдэх ёстой юм байна. Энэ хүн ингэж асууж байгаа юм чинь дараа бас нэг хүн ийм юм асуух ёстой юм байна. Тэгэхээр нь ингэж хариулах ёстой юм байна гэдэг ч юм уу. Тэгээд л ингээд л бас өөрөө ч гэсэн сураад яваад байсан. Тэр бол амархан байсан байж магадгүй юм. Хэцүү зүйлүүд бол бас байсаан байсан. Хүний өмнөөс хариуцлага хүлээх зүйлүүд зөндөө хэцүү байсан. Жишээ нь яг нөгөө оногдсон үүрэг даалгавраа биелүүлэхгүй хүмүүс зөндөө ш дээ. Тэрийг яг тэр оногдсон даалгаврыг нь биелүүлэх гээд одоо өөрийнхөө ажлаас тэ? Давхар ачаалал үүрээд л ингээд л яваад байдаг л ерөөсөө миний ажиллаж байсан бүх газарт байсан юм шиг байгаа юм. Одоо бол харьцангуй өөр болсон ч байж магадгүй. Яг өөрийнхөө үндсэн ажлыг хийхгүй. Эхлээд л хаалгачин нь ч хийхгүй, reception нь ч хийхгүй, давхарын жижүүр нь ч хийхгүй, тогооч нь ч алга болчихдог, зөөгч нь ч байхгүй болчихдог тийм юмнууд аягүй их байна ш дээ. Тэгээд л тэр бүрийг хийлгэх гээд л. Тэр нь жаахан асуудалтай байсан байж магадгүй. Тэгээд тэр бас нөгөө нэг тэр зүтгэл нь тэгээд бас жоохон үнэлэгддэггүй ч гэх юм уу, ойлгогддоггүй ч юм уу тийм байсан ч үе байсан. Тэр нь хэцүү байсан байж магадгүй.
Ариун-Ундрах -
Аан та бас хувийн амьдрал, ажил хоёроо яаж зохицуулж байсан бэ?
Түмэндэлгэр -
Өө тэр бол ёстой аягүй хэцүү ш дээ. Хувийн амьдрал, ажил хоёроо зохицуулах гэж бид нарын үед бол одоо энэ тээврийн хэрэгсэл ийм амархан байгаагүй. Одоо бол ингээд гараад л дорхноо суучихаж байна ш дээ. Тэр үед чинь автобус яг цагийн хуваарь гэж байхгүй. Хүлээгээд л байна, хүлээгээд л байна бүр арай гэж гарна. Ирэхээрээ багтахгүй үлдчихдэг ч юм уу тэ? Тэгээд л өглөөд одоо 8 цагаас хичээлтэй гэвэл бараг цаг гаруйн өмнө л очиж зогсохгүй бол автобус олдохгүй. Тэгээд л автобуснаас хоцорчих юм бол ёстой ажил ингээд л хойшлогдоно. Тэгээд л би лав 2 дамжиж явдаг байсан. 100-р сургууль руу очиход чинь. Тэгэхээр чинь тролейбус ч явна. Тэгээд л тролейбус чинь аягүй удаан явна. Тэгээд л явж явж байснаа эсвэл гацаад л зогсчихно. Тэгээд л өвлийн хүйтэнд чинь буугаад л гүйлдэнэ. Тэгээд бүгдээрээ л тэр замаар л хөгшин залуугүй гүйлдэж байж л нэг автобусанд сууна. Тэгээд л ямар хувийн машин гэж байгаагүй. Такси гэж байхгүй. Тэгээд л яг нийтийн тээвэрт л ёстой шүтнэ. Тэгээд л нийтийн тээвэр нь аягүй уддаг. Тэгээд хувийн амьдралд бол тэр л жаахан хэцүү байсан. Цагийн асуудал тэ? За тэгээд ажил гэхээр надад зочид буудалд ажиллаж байсан цаг бол аягүй урт байсан. Дунд сургуульд бол яахав нэг багшилж байгаад 4-5 гээд тарчихна. Би тэгээд анги дааж байгаагүй болохоор бол нэг их ачаалал нь... залуу аягүй ачаалалтай байсан мөртлөө тэгээд яахав бусад багш нарыг бодвол анги дааж аваагүй нэг тийм талтай. Аа зочид буудалд ажиллаж байхад бол ерөөсөө цаг нар гэж байхгүй. Улирал аягүй хэцүү. Өвөлжингөө хүмүүсээ тараагаад заримыг нь ингээд цалингүй чөлөө өгөөд явуулчихна. Тэр чинь тэр хүмүүст бас аягүй амьдралд нь муугаар нөлөөлж байгаа юм л даа. Цалин мөнгө нь тогтмол ажил биш болчихож байгаа юм. Аа зун болохоор зэрэг цаг наргүй. Ерөөсөө өдөр шөнөгүй 5-6 өдөр наадмаар чинь аягүй их .... хэснэ. Тэгээд л нөгөө зочид буудал чинь өөрийнхөө хүчин чадлаараа л ажиллах юм чинь. Гаднаас бас нэг хүн авахдаа жоохон аж ахуйн байгууллага юм чинь хэцүү. Тэгээд л тэрийг бол тэгээд цамцаа аваад л хэдэн хоногоор л явна ш дээ.
Ариун-Ундрах -
Хувцсаа аваад уу?
Түмэндэлгэр -
Хувцсаа аваад л ажил дээрээ хоноод л. Тэгээд л аягүй ядардаг байсан байх аа. Тэгээд л ёстой залуу насныхаа юугаар л хийсэн байх. Одоо бол тэгэж ажиллахад бол аж ахуйн байгууллага ч тэгэж ажиллуулахгүй байх, хувь хүн ч бараг тэгэж ажиллахыг одоо ажил даах гээд яриад байгаа ш дээ тэ? Тэрийг бол бас хувь хүнд зөвшөөрөхөд хэцүү л байх. Тухайн үедээ бол өөрийнхөө байгууллага шиг л ёстой тэгээд л хувийн байгууллага шиг ёстой их зүтгэж ажилладаг байсан. Бүр илүү цаг гэхэд чинь ерөөсөө бараг хуулийн хэмжээнээс хэд дахин хэтэрчихсэн л, бараг тэгээд л тэнд ямар акт тавигдах биш. Тэгээд л нэг цалингын хэдэн төгрөг авна. Тэгээд л миний хувьд бол тэр манай зочид буудал чинь бас харанхуй. Гэрэлтүүлэг их муутай, агааржуулалт их муутай, өвөл халаалт их муутай. Ер нь байгууллагууд халаалт их муутай байсан ш дээ нэг хэсэг. Тэгээд тэр үеэр бол ер нь би ч гэхгүй манай тэр эмэгтэйчүүд аягүй их бөөр, давсагны өвчтэй болж байсан байх аа. Яагаад гэвэл халаалт байхгүй. Тэгээд л доороосоо их даарна. Тэгээд ажлын шаардлагаар заавал юбка өмсөнө. Тэгээд л дулаан хувцас өмсөж чадахгүй. Бүгдээрээ ингээд л даараад л, нэг адель тавиад л. Би ч гэхгүй зочин ч гэхгүй халаалт маш муу өгч байсан байхгүй юу. Улаанбаатар нэг хэсэг 1994-2000 он хүртэл ер нь 95-96 оноос хойш халаалт муутай. Аягүй их гомдол гардаг. Тэгээд л тэр асуудал чинь ерөөсөө бид нар дээр хүртэл хүндээр тусч байгаа юм. Пальтотойгоо ажлаа хийдэг байсан. Ер нь тэгээд зочныхоо урд пальтотойгоо, нөгөөх нь ч гэсэн пальтотой аймар хүйтэн ингээд л. Тэр даардаг, тэгээд харанхуй. Гэрэлтүүлэг аягүй муутай, халаалт их муутай. Тэгээд тоосжилт, нөгөө зочид буудал чинь аягүй тоос ихтэй. Тэгээд хүмүүс ер нь харшил их тусдаг, цестит их тусдаг тийм л байсан. Хөдөлмөрийн нөхцлөө сайжруулах гэдэг дээр бол нэг их яригдах ч бололцоогүй л байсан юм шиг байна лээ дээ. Ажил, амьдралаа одоо тэгэж л зохицуулж байсан байх даа. Тэгээд зун амралт байхгүй жаахан хэцүү л байсан юм шиг байгаа юм. Дандаа л ажилтай, ажил нь бүр оргил үедээ байдаг.
Ариун-Ундрах -
За та ардчиллыг анх юу гэж ойлгож байсан бэ?
Түмэндэлгэр -
Үгүй ээ ардчиллыг ингээд гарахаараа л нэг сайхан болно л гэж ойлгодог байсан. Бүгдээрээ ингээд л энэ хүнд суртал байхгүй болно гээд л тэгсэн чинь надад лав тэр авилгал, хээл хахууль гэдэг юм бас араасаа чирээд ороод ирлээ ш дээ тэ? Ардчилал чинь тэрийг. Тэгээд л анхандаа бол сайхнаар ойлгодог байсан. Дунд үедээ ер нь эргэлзэж эхэлсэн. Тэгээд л сүүлийн үедээ жаахан таашаахгүй. Тэгэхдээ бол сайн авчирсан юмнууд байгаа ш дээ. Бид нар тэ? одоо ёстой үг хэлээ хэлдэг, гадагшаа дотогшоо явдаг юу юу ч билээ. 4 дэхь засаглал гээд л тэд нар нь бол сайн талтай. Тэгэхдээ бас тийм муу талуудыг авчирсан болохоор бид нарын үед байгаагүй юмнууд тэ? Шинээр ингээд бөөн юмнууд зэрэгцэж тулгагдаж амьдрал дээр аягүй их хоосорч барьсан ч гэдэг юм уу тэ? Урд нь яг ингээд зөв, яг энэ шугамаараа явж байгаад яг урд үеийнх шигээ л замаар ингээд замнаад л өөрийнхөө амьдралаа яагаад явдаг байсан бол яг тэр юм нь цохилтонд орж байсан учраас бас жаахан нэг хэсэгтээ цочирдож л байсан. Тэгэхдээ бол одоо тэрнээс ухрахгүй гэдэг нь ойлгомжтой байсан учраас, тэгээд л тууштай бид нарын дагаж явах ёстой зам гэдэг нь ойлгомжтой болсон учраас тэгээд л дэмждэг.
Ариун-Ундрах -
Аа тэр үед та оюутан байсан гэсэн тийм ээ?
Түмэндэлгэр -
Тийм.
Ариун-Ундрах -
Аанхан.
Түмэндэлгэр -
Яг 90 онд тэр одоо ардчилсан холбоо гэдэг чинь бараг худалч хүнд бараг айл болгонд байгуулагдаад л тэ? Тэгээд л хуучин юмтайгаа тэмцдэг тийм л нэг үзэл боллоо ш дээ. Тэр бол хүн болгоны л амьдралд янз бүрээр туссан л байх л даа. Бид нарын оюутан байхад бол дээрээсээ жоохон тийм байсан. Гэхдээ бид нар бол тэрийг хийх юмсан гэж боддог байсан. Гэхдээ яаж хийгээд, ямар замаар яах гэж яваагаа бас нарийн мэдэхгүй учраас тэгээд л хүлээлтийн байдалтай л явж байгаад л эхний үеийг туулсан гэж бодоод байдаг юм.
Ариун-Ундрах -
Ер нь та анх ардчилал танд яг юу юуг авчирна гэж найдаж байсан бэ?
Түмэндэлгэр -
Яг одоо их л найдаж байсан байх. Одоо ингээд л ардчилал гарч ирээд л хуучин муухай системийг ингээд авч хаяад, шинэ засаг захиргааны систем бид нарт ирээд л тэ? Ер нь найдвар бол их өндөр байсан. Аа тэгээд замдаа бол зарим юмнууд сөрөг дагаврууд тэ? танигдаад. Тэгээд л бас цэвэр ардчилал ч гэж юу байхав гэдэг нь ойлгогдсон л доо. Жоохон 2 талтай юм байна аа гэдэг нь мэдэгдээд. Тэгээд яахав дэмжиж байсан хүмүүс ч байгаа, бүр эрс эсэргүүцэж байсан хүмүүс ч байгаа, эргэлзэж тээнэгэлзэж байсан хүн ч байгаа. Тэр 3-ыг аль алийг нь л би өөрөө бас туулж л байсан байх.
Ариун-Ундрах -
Тэр ардчилал гарч байх үеэр таны амьдрал ямар байсан бэ?
Түмэндэлгэр -
Яг амьдрал бол ёстой тааруу байсан шүү. Цалин мөнгө аягүй багатай. Тэгээд юмны үнэ чинь өдрөөс өдөрт ингээд унаад байдаг. Тэгээд л талхны чинь үнэ нэг өглөө босоод ирэхэд л 20 төгрөг, 40 төгрөгөөр нэмэгдчихсэн ч байх шиг, 50% нэмэгдчихсэн ч байх шиг. Тэгээд л ерөөсөө огцом огцомоор бүр юмны үнэ өсөөд л, юм улам ховор болоод, байхгүй болоод л тэ? Лангуу бүр хов хоосон болоод л. Ерөөсөө тэр нөгөө картны бараа эд нарыг чинь бид нар үзлээ ш дээ. Тэгээд л ерөөсөө анх эхэлж байхдаа бид нарт бол нилээн л цохилт болж байсан. Тэгэхдээ сэтгэл дотроо бол бас аягүй тийм талархлын байдалтай юмнууд зөндөө байсан л даа. Тэгээд яг бодит амьдрал дээр бол бас яг сайн байгаагүй. Ядуу байсан. Ер нь бол одоогынх шиг ингэж өмсөж идэж байсан удаа бол байхгүй байх аа. Ер нь айл болгон их ядуудуу л байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Эрэгтэй эмэгтэй хүмүүст ардчилал өөр өөрөөр нөлөөлсөн үү? гэж асууж болох уу?
Түмэндэлгэр -
Ёстой өөр өөрөөр л нөлөөлсөн ш дээ. Жишээлбэл одоо яг ардчиллын үеэр чинь ер нь хүмүүсийн сэтгэлзүйд их өөрчлөлт ороод, тийм урдын юу яаж байсан одоо итгэл үнэмшил жаахан өөрчлөгддөг юм уу тэ? Тэрэнтэй адилхан тэгээд л эрэгтэй хүмүүс бас нэг юу юугүй одоо бушуухан гэрлэе гэдэг ч юм уу тэ? Авгай авъя гэдэг ч юм уу. Тэр эмэгтэйчүүд нь ч гэсэн бушуухан одоо хүнтэй сууя ч гэдэг юм уу тэр энэ тэр жоохон өөрлөлт орсон. Жишээлбэл би одоо биеэ даагаад санхүүгийн эрх чөлөөтэй, харийн хараат байдлаас гарна гэдэг ч юм уу эмэгтэй хүмүүс тэ? Бид нарын үед бол ерөөсөө тийм юм байгаагүй ш дээ. Бас л яг л адилхан эрэгтэй хүнтэй эн зэрэгцээд л ажил хийгээд л гэр орноо тэжээх ёстой ойлголттой л байсан болохоос биш арай өөр байсан, одоогынхоос бол. Одоогын сэтгэлгээ нь бол одоо эрэгтэй нь ч тэр тэ? Бас нэг их санхүүгээр ч хүнд хараат орохгүй. Тэгээд л бас нэг биеэ даасан байдалтай байхсан ч гэдэг юм уу тэ? Тэгээд л тэрний төлөө ажил мэргэжилтэй байх ёстой ч гэдэг юм уу? Ийм юмтай уялдаад нас энэ тэр нь өөрчлөгдөж байгаа байх аа. Гэр бүлийн бүтэц нь ч гэсэн тэ? Их олон хүүхэдтэй болохгүй ч гэдэг юм уу. Эсвэл нэг болвол 4 хүүхэдтэй болоод нөгөө нэг хүүхдийн мөнгө нь арвин болох ч юм уу тэ? Тэгэхээр нь илүү мөнгө авдаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар бас яаж байсан ч үе байгаа.
Ариун-Ундрах -
Аан бас ардчилалд оролцсон эрэгтэй эмэгтэй хүмүүсийн оролцоо нь ялгаатай байсан болов уу?
Түмэндэлгэр -
Оролцоо нь ялгаатай байсан. Ер нь эрэгтэйчүүд их явж байсан байх шүү. Ер нь тиймэрхүү юманд аягүй их юм ярьдаг барьдаг. Байгууллага болгонд л тийм юу байдаг. Тэгэхдээ залуу эмэгтэй хүмүүс бас их оролцож байсан юм байна лээ. Ер нь бол аль аль талаасаа оролцож байсан байх аа. Байгууллага болгон өөр бүтэцтэй ш дээ. Зарим байгууллага эмэгтэй хүн олон, эрэгтэй хүн цөөн ч гэдэг юм уу тэ? Тийм нөгөө нэг аж ахуйн байгууллага нь бол тэр нь арай бага тэ? Аа зүгээр үйлдвэр ч юм уу одоо улс төрийн байгууллагад нь бол оролцоо нь их байсан ч байж магадгүй. Аж ахуйн байгууллага чинь одоо бас арай өөр ш дээ тэ? Тийм байсан байж магадгүй. Бүтцийн хувьд бол. Би бол аль алийг нь л үзсэн. Сургуульд ч багшилж байхдаа ч тийм улс төрийн тийм янз бүрийн цуглаан, хурал энэ тэр гэдэг юмыг байгууллагадаа дагаад л оролцоод л настай хүмүүсийнхээ эсрэг гарын үсэг цуглуулахад нь гарын үсэг зураад л тэгээд л явж байсан. Аж ахуйн байгууллагад очихоор бас л бусад нөгөө улс төрийн хүчнүүдийг дэмжих талаар бас зочид буудалд чинь даргыгаа дагаад л тэ? Аль намд хувьсгалт намын хүн ирээд тэнд байхад үйлдчилдэг ч гэх юм уу, илүү үйлчилдэг ч гэх юм уу тиймэрхүү байдлаар аж ахуйн юу чинь бас ажилтнууд нь бас жоохон захирагддаг юм ш дээ. Өө би энийг тэгэхгүй энэ тэр гэсэн юм байхгүй. Тэгээд л жоохон өөр бүтцэнд аль алинд нь би хамаарч л байсан. Ер нь бүх хүмүүс л тэгэж хамаарч байсан байх. Хамрагдаж л байсан байх.
Ариун-Ундрах -
Таныг тэр дунд сургуульд багшилж байх үед... аа нөгөө оюутан байхад чинь Англи хэл орж байсан гэсэн тийм ээ?
Түмэндэлгэр -
Тийм.
Ариун-Ундрах -
Тэр Англи хэлийг яг Монголд хэзээнээс тэгэж тийм шаргуугаар зааж эхэлсэн бэ?
Түмэндэлгэр -
Тэр ёстой гэнэт л нөгөө боловсролын яамнаас ч юм уу одоо нөгөө нэг тушаал захирамж гараад л тэ? Дунд сургуульд англи хэлийг албан ёсны хичээл болгож оруулах, эхлээд л нэг жоохон сонгон байж байснаа л хичээл болгож оруулахаар л зарлиг тушаал гараад л. Тэрэнтэйгээ уялдаад л багшаа бэлдэх одоо дээд сургуулийн 5-р курсийн оюутнуудаас шилж сонгоод зарим хүмүүсийг багшаар ажиллуулах, одоо юу яах гээд бас нэг журам гарсан юм шиг байгаа юм аа. Тэрний дагуу л манай сургуульд л нэг ангид л заавал нэг 2 хүн англи хэлний багшаар болгоно гээд л. Арай гайгүй, хичээл ном үздэг байсан тийм хүүхдүүдийн чинь дүнг нь харж байгаад ч юм уу, бас л тэрийг тийм сонирхолтой гэдгээр нь ч юм уу мэдэхгүй тэгэж л бэлтгэж байсан юм шиг байна лээ. Тэгээд нөгөө миний бодлоор 89-90-ээд онд л ер нь бүх хүн англи хэлний... монгол хэлний юу гээд л монгол бичиг бичдэг байсан ш дээ. Тэрнийхээ дараа дандаа л англи хэлний дугуйланд яваад л, зурагтаар ч англи хэл заагаад л. Тэгэхдээ нэг их шаргуу гэхээр бас нийтдээ нэг тийм боловсон хүчний хямрал байсан юм шиг байгаа юм аа. Яг заадаг тийм одоо тусгайлсан ийм курс дугуйлан гэж байхгүй. Зүгээр л байгууллага болгон өөр өөрсөд дээрээ нэг багш дагуулаад л авчраад л заадаг. Тэгээд яг гадны мэргэжилтэн багш ч ховор. Тэгээд л өөрөө өөрийнхөө хүчинд л, орос хэлний одоо юугаар л зааж байсан юм шиг байгаа юм. Одоо арга барилаар л Орос сурах бичиг ч юм уу. Тэгээд л радио телевизийн нэвтрүүлэг байхгүй ш дээ. Тэгээд л одоо англи хэлний нэг хичээл байдаг байсан юм аа. Англи хэлний нэг цуврал хичээл, 16 хичээл. Тэрүүгээр дүрмийг жоохон заадаг, яриа заадаг. Тэгээд хүүхдэд зориулсан нэг Big mazzy ч билүү юу ч билээ бас нэг кино.
Ариун-Ундрах -
Аан нэг үлгэртэй кино юу?
Түмэндэлгэр -
Тийм. Тэр эд нараар л сураад л. Тэгээд ёстой нээрээ бор зүрхээрээ сурсан гэдэг юм уу юу гэдэг юм. Бор зүрхээрээ заасан гэдэг юм уу тиймэрхүү л. Хүн болгон л тэгэж явж байсан байх. Англи хэлний багш бол нилээн дарамттай хэсэг байсан байж ч магадгүй. Аягүй их одоо цаг нар бариад байсан байдаг. Өөрөө бол тодорхой хэмжээгээр бэлтгэгдсэн боловсон хүчин муутай учраас нилээн амаргүй үе туулсан байх аа.
Ариун-Ундрах -
За та чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг байсан бэ?
Түмэндэлгэр -
Тэр үед үү? Оюутны үед үү?
Ариун-Ундрах -
Ер нь социализмын үед яаж өнгөрүүлдэг байсан бэ? Бас дараа нь ардчилал гарсны дараа өөрчлөгдсөн үү?
Түмэндэлгэр -
Өөрчлөгдсөн. Эхний үед бол бид нарын би нөгөө хэлж байсан ш дээ. Номын санд суудаг, кино үздэг, үзвэр үздэг тэ? Хүчээр одоо нөгөө сонгодог хөгжмийн цаг сонсдог тийм үе байсан бол социализмын үед яг тэр одоо нөгөө яг тэр систем нь байхгүй болоод өөрөө өөрийгөө л хөгжүүлж мэдлэг боловсрол олж авах ч юм уу тэ? Одоо ашиг орлогоо нэмэгдүүлдэг ч юм уу. Нэг тийм системийн өөрчлөлтүүд ирэхээр чөлөөт цаг ч гэсэн уялдаад л тэрэндээ явчихдаг байсан. Чөлөөт цагаараа бол манайх ямар нэмэгдэл цагийн ажил гэж байх биш. Тэгээд миний хувьд бол ер нь чөлөөтэй цагаасаа чөлөөгүй цаг нь л их байсан юм шиг байдаг юм ш дээ. Тэгээд л сүүлийн 10-аад жилд л чөлөөт цагтай байна. Тэрүүгээрээ бол одоо мэдээллийн хэрэгслийг л сонирхож байдаг байх даа. Тэрнээс биш хаа нэг үзвэр үзнэ. Тэгээд л яг тийм тухайлсан нэг шаардсан юм байхгүй болохоор чинь өөрийнхөө тэгээд л дур сонирхлоор ч гэдэг юм уу тэ? Тэгээд одоо хүмүүс бол аягүй өөр болж байна ш дээ. Одоо тэр үед бол аягүй их тийм спорт энэ тэрийг бол байгууллагын журмаар хүчээр бодлоготойгоор хийгддэг байсан. Агаар салхинд явуулдаг ч юм уу, цанаар тоглуулдаг байсан ч юм уу. Байгууллагаараа цасанд явдаг ч юм уу нэг тийм байсан бол одоо хүмүүс хувиараа л явахаас өөр аргагүй. Байгууллага бол тэрийг нэг их яагаад байхгүй. Хувь хүний эрх чөлөөг л илүү яасан учраас тэрүүгээрээ ихэнхидээ л одоо хүмүүс чинь хэл сурдаг ч юм уу, гадагшаа дотогшоо явдаг ч юм уу, арилжаа наймаа эргүүлдэг ч юм уу хувийнхаа сонирхлыг л илүү барьж байх шиг байна. Дээр үед нээрээ байгууллагын сонирхлоор хувь хүн чөлөөт цагаа өнгөрүүлж байсан юм шиг байгаа юм. Суботник хий гэхээр нь дагаж явж хийдэг. Тэгээд л үзвэр үз гэхээр нь байгууллагаараа очиж үздэг. Тэнчээнээ үүргэлж байгаад л тэгээд л гараад ирдэг. Дуртай ч, дургүй ч тэгээд л очдог. Бүртгэнэ гэж нэг хачин юм байдаг байсан юм шиг байгаа юм аа.
Ариун-Ундрах -
Бас тэрэн дээр нь бүртгэх үү тэ?
Түмэндэлгэр -
Тийм. Үзвэрийг нь ч гэсэн бүртгээд байдаг байсан юм. Тэгэхдээ манай ээжийн үед бүр хатуу байсан л гэж ярьдаг ш дээ. Сонин уншлага яадаг яадаг ч гэнэ үү? Бид нарын үед тийм сонин уншлага нь арай ардчилал гээд байхгүй болоод. Тэгээд хурал зөвлөгөөн нь ч байхгүй болчихсон байхгүй юу. Цэцэг зочид буудалд байхад лав цалин буусны дараа л хүмүүс аягүй их тийм архи уудаг байсаан. Нэг хэсэг аймар архиддаг үе. Тэгээд цалин буухаар л ингээд мөнгө төгрөгний өр аягүй ихтэй. Хүмүүс бие биендээ өрөө өгөөд л тэгээд л яваад байдаг тийм л байсан. Би ч гэсэн аягүй их өрөнд ордог. Тэгээд л өрөө өгөөд л ингээд л, авах юмаа аваад л, өгөх юмаа өгөөд л ингээд л яваад байдаг байсан. Хүмүүс ер нь бие биенээсээ аягүй их мөнгө зээлдэг байсан юм шиг байгаа юм аа, жоохон жоохноор. Тэгээд л хамт олноороо нийлж аягүй их тийм архи уудаг тийм юм байсан. Бүх бараг байгууллагад байсан байж магадгүй ээ. Одоо бол арай байж болиод хүмүүс чинь эрүүл мэндээ аягүй их анхаардаг тэ? Чөлөөт цагаараа бол гимнастикт явдаг болчихсон ш дээ. Бид нарын үед тийм гимнастик ч гэж байсангүй. Тэгэж их таргалалттай улс ч бас байгаагүй. Ерөнхийдөө бол ажил өндөртэй. Тэгээд л идэж уух юм ховор байсан ч байж магадгүй. Тэгээд л одоо энэн шиг тээврийн хэрэгсэл ийм амархан байгаагүй ш дээ. Гараад л одоо машинаар явж байна тэ? Тэр үед чинь дандаа нийтийн тээврээр л явна. Бид нар бол чөлөөт цагаа үе үедээ өөр өөрөөр л өнгөрөөж байсан байх. Дарамттай үедээ дарамттайгаар өнгөрөөгөөд тэрийгээ сайхан гэж ойлгоод явсан ч үе байна. Эсвэл одоогынх шиг ингээд жаахан чөлөөтэй, өөрийнхөө дураар өнгөрөөгөөд явж байгаа ч үе байгаа. Аль алийг нь л бас үзэж байгаа юм шиг байна.
Ариун-Ундрах -
За та Унгар руу явсан гэсэн.
Түмэндэлгэр -
Тийм.
Ариун-Ундрах -
Тэр бол анх удаа та гадаад явж байгаа нь тэр үү?
Түмэндэлгэр -
Тийм. Тэгэхдээ би аягүй сонин явсан. Ирэхдээ ч, явахдаа ч вагоноор явсан. Тэр үед онгоц одоо яадаг байсан юм мэдэхгүй ээ. Нислэг хийдэг байсан уу? Ямар ч байсан Москва руу нисдэг байсан уу? Ер нь тэгээд нисдэг хүмүүс нь цөөхөн байсан юм уу? Вагоноор явахаар нөгөө зардал нь хямд байсан ч юм уу тэ? Тийм байсан байж магадгүй. Онгоц нь бол нислэг үйлдэх нь үйлдэж байсан байх аа. Тэгэхдээ үнэтэй байсан байж магадгүй. Тэгээд би вагоноор яваад л зурагт хүртэл авч ирж байсан юм. Тэр үед чинь өнгөт зурагт энэ тэр ховор байсан учраас вагоноор бариад л ирж байсан. Тэгээд л дандаа бол наймаачид л явж байсан. Буцаж ирэхэд бас л наймаачид Москвагаас нөгөө спирт зөөдөг бил үү? Тийм наймаачид.
Ариун-Ундрах -
Нэг хэсэг спирт зардаг байсан тэ?
Түмэндэлгэр -
Тэххх спиртчид л надтай хамт ирж байсан юм. тэгээд л аягүй хачин хачин улсууд байсан шүү. Тэр хүмүүс спирт чинь одоо тухайн үедээ их л өндөр унагаадаг байсан юм шиг байна лээ ш дээ. Тэгээд л би ч одоо яг арилжаа эрхэлж байсангүй ээ. Зах зээлд бол нэг их тийм эрхэлсэн юм байхгүй. Зүгээр л аж ахуйн ажилд оролцоод л тэгэээд явсан болохоос биш хувиараа яг тийм ганзагын наймаа хийж байгаагүй.
Ариун-Ундрах -
За эцэст нь та одоо социалист нийгэм, ардчилсан нийгэм гээд энэ хоёр нийгэм яг таны нүдний өмнүүр, яг та хоёуланг нь үзсэн учраас энэ хоёрыг харьцуулаад дүгнэж ярихгүй юу?
Түмэндэлгэр -
Аанхан. Яахав дээ хоёулаа л миний нүдний өмнүүр явж байна л даа. Тэгэхдээ яг социалист нийгмийн ч бас сайн тал ч байгаа ш дээ тэ? Яг тухайн үедээ бол юм хум эзэнтэй тэ? Одоо тэгээд одоогынх шиг эзэнтэй биш л дээ. Ер нь байгууллагаараа л тэр нөгөө зүлэг ногоондоо эзэн ч байдаг юм уу тэ? Тэрийгээ цэвэрлэдэг, арчилдаг. Одоо нэг хамт олон ч юм уу тэ? Тийм одоо ямар гэдэг юм. Жоохон тийм үзэл сурталд баригдсан ч гэсэн бас нөгөө жоохон гэрэл гэгээтэй. Тэгээд олны одоо тийм сайхан сэтгэл гэдэг юм бол аягүй их байсан юм шиг байгаа юм. Одоо яг дүгнэж хэлэхэд бол аж ахуйн юу гэдэг нь бол, одоогынх нь бол, зах зээлийн нийгэм гэдэг нь бол хэтэрхий хувь хүнд шилжсэн учраас тийм нийтийнхээ төлөө сэтгэл биш. Өөрийнхөө төлөө сэтгэл л байхад хангалттай юм шигээр юманд ханддаг болчихсон учраас ер нь тэгээд дэлгүүрт ороод гарсан ч гэсэн өөрөө өөрийгөө л яана уу гэхээс нийгмийн сайн сайхны төлөө бол би бол санаа зовох хэрэггүй ч юм шиг тийм болчихсон болохоор сайн ч тал байна, муу ч тал байна. Аль алиныг нь л одоо сайнаар хүлээж аваад, аль алиныг нь бас муутай юмнууд байна тэ? Тийм л байна. Тэрнээс социализмын үед бүр 100% гоё байсан гэж хэлэхэд хэцүү. Ардчилал бол 100% муу гэж хэлэхэд хэцүү. Тэгээд аль алинд нь сайн ч юм байна. Аль алинд нь саар ч юм байна тэ? Тэгэж л дүгнэх байх даа.
Ариун-Ундрах -
За ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Түмэндэлгэр -
За ёстой зүгээр зүгээр.
Ариун-Ундрах -
Заа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.