Büdhand

Basic information
Interviewee ID: 990384
Name: Büdhand
Parent's name: Dugarsüren
Ovog: Sharaid
Sex: f
Year of Birth: 1945
Ethnicity: Buriad
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired, trader
Belief: Buddhist
Born in: Dadal sum, Hentii aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
new technologies
collectivization
privatization
cultural campaigns
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
: Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу?
Бүдханд -
Тийм нэг их гүнээр нөлөөлсөн ч үйл явдал гэх юм юу байхав дээ. Манай тэр гэр бүлийн хүн аврахд ажилладаг байсан байхгүй юу. Тэгээд аваараар нас барсан юм. Тэр ч бас гүнээр нөлөөлөх л юм л даа. Тийм ээ?
Ариун-Ундрах -
: Тийм байна тэ?
Бүдханд -
Тийм.
Ариун-Ундрах -
: За таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл байгаа юу?
Бүдханд -
Одоо бусдаас онцгой гэх юм юу байхав дээ надад. Яг л хүнийх шиг, тэгээд л 10 хүүхэдтэй. Тэгээд л адилхан л хүүхдээ хараад тэгээд л бид нар байна. Тэгээд онцгой гэх юм надад байхгүй ээ.
Ариун-Ундрах -
: Одоо ингээд ажиглаад байхад тэр үеийн хүмүүс олон хүүхэд гаргадаг. Тэгсэн мөртлөө бас хажуугаар нь ажлаа хийгээд амжуулаад байсан байгаа юм тэ?
Бүдханд -
Харин тийм. Амжуулаад байсан.
Ариун-Ундрах -
: Тийм олон хүүхэдтэй. Тэгэхэд одоо бол нэг 2-3 хүүхэд гаргаад л гэртээ суугаад биз дээ.
Бүдханд -
Гэртээ суухаас арга байхгүй. Тэгээд ажил хийх гэхэд чинь бас нөгөө ... Тэгэх үед чинь ясли гээд байсан юм ш дээ. Бүр хэдэн сартай хүүхдийг авдаг байсан. Би ч тэр яслид өгч байгаагүй л дээ. манай нэг хамаатангын хөгшин хүүхдийг маань хардаг байсан юм. тэгээд ер нь акт ч авч үзээгүй шүү. Тийм, энэ олон хүүхэдтэй байхад ер нь акт ч авч үзээгүй. Бид нар чинь танай эмээ энэ тэр сайн мэднэ дээ. Сайнбаяр гээд танай эмээгийн гудамжинд байсан болов уу? Тэр гудамжинд байсан байх аа. Тэр бид хоёр чинь тэр хүнсний дэлгүүрт ажиллана. Ерөөсөө акт авдаггүй байсан ш дээ. Хөө ёстой. Тэгээд бусад хүүхнүүд чинь хүүхэд нь өвдөнө гээд л хэвтэнэ. Тэгээд л хоёулаа зүгээр ингээд 7-8 худалдагч байгаа юм чинь. Тэр 1-р хорооны ингээд дундаа хамтын тооцоотой. Тэгээд лангууны хооронд хоёулаа гүйгээд л тэр махаа өгөөд, ногоогоо өгөөд, тэр чихэр боов, талхаа өгөөд л ингээд л гүйдэг байсан ш дээ. Тэгээд л ямар нэгэн намын хурал, янз бүрийн юм хуралдана. Тийм ой болох гэж байна. Одоо нөгөө төлөвлөгөөг чинь давуулан биелүүлнэ. Төлөвлөгөө нормоо давуулна. 7, 7 хоногоор уралдаан зарлана, биелүүлнэ. Шагнал урамшил, баярын бичиг, дурсамж юу юу ч билээ тийм юм авна бид нар чинь. 7, 7 хоногоор уралдаан зарласан байдаг. Тэгээд ажил их дайчин хийдэг байсан. Тэгээд л бас бид нарыг чинь социализмын үед сайхан юм чинь энэ хог шороо гэж ер нь бараг байхгүй байсан ш дээ. Хог шороо гэж ерөөсөө тэр гардаггүй. Энэ албан газрууд чинь өөрснөө хашаандаа оруулаад хогоо ачуулчихна. Ингээд дэлгүүр байлаа гэхэд чинь хогоо ачуулна. Тэгээд л гадуур энэ хүүхэд шуухдууд чинь цаас хог нэг их дүүргээд хаяад байх тийм юм байхгүй. Суботник гээд 4 сарын 22-оос эхлээд албан газрууд суботник хийнэ. 7 хоногийн хагас сайнд хийдэг бил үү, 5 дахьд ч хийдэг бил үү суботник хийнэ. Суботник хийхэд чинь ямар хог шороо арилгахгүй ш дээ. Тэр чинь дандаа бүтээн байгуулалтын юм хийнэ. Мод тарина, зүлэг суулгана. Энэ тосгонын чинь ингээд л тэр одоо ингээд нөгөө “Голомт” цогцолбороос наашаагаа тэр ингээд автобусны буудал хүртэл чинь дандаа тэр явган хүний зам зүлэгтэй байлаа ш дээ. Мод тарина, тэнд чинь зүлэг суулгана. Тэгээд л тосгоны дундуур чинь бас мод тарина. Албан газруудын суботникоор тийм юм хийдэг байсан. Их юм бүтээн байгуулж, суботникийн хүчээр их ажил хийдэг байсан даа, социализмын үед бол. Одоо суботник гэдэг тийм юм хийхгүй. Одоо хийдэг болж байгаа юм уу? Үгүй юу?
Ариун-Ундрах -
: За социализмын үед хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямар байсан бэ?
Бүдханд -
Ажилд хандах хандлага их сайн байсан. Шударга, ер нь юманд чинь их шударга байсан ш дээ. Ерөөсөө тэр үнэнч. Юм хийвэл ер нь үнэнч. Ер нь энийг тэгээд нэг халтуурдаад хаячихъя даа. Нэг барилга барьсан ч ингээд халтуурдаад хаячихъя гэх юм байхгүй. Үнэнч шударга, юмыг бөх бат, тэгээд үнэнч шударга юм биелүүлнэ, юм хийнэ. За нэг дарга нь юм уу, ингээд одоо захирагч нь юм уу явахаар нэг үүрэг даалгавар өгчихнө. Заавал биелүүлнэ ш дээ. Ер нь ажилд хандах хандлага сайн. Эх орноо ер нь эх оронч сэтгэлтэй байсан шиг л байгаа юм даа ер нь.
Ариун-Ундрах -
: Одооны хүмүүсийн ажилд хандах хандлага нь яаж өөрчлөгдсөн бэ?
Бүдханд -
Одооны хүмүүс бол яахав ээ мөнгө л өгвөл хийнэ. Тэр мөнгө өгөхгүй бол, за яахав бага мөнгө өгвөл багахан хийнэ. Нэг тийм бодол байдаг л байх. Зүгээр одоо бол яахав дээ бараг л хувийн компани л болчихсон юм даа. Тэгээд тэндээ ямар ажилладаг юм бэ дээ. Залуучуудыг мэдэхгүй юм сайн. Би нэг их шударга хөдөлмөрлөдөг гэж бодохгүй. Уул нь шударга л юм хийж байвал эх орноо сайхан хөгжүүлнэ шүү дээ. Ёстой нэг шударга, үнэнч юмаа, эрхэлсэн ажлаа, ер нь хариуцсан ажилдаа л үнэнч шударга, хийсэн шиг хийж байж л эх орон маань хөгжих ёстой ш дээ. Тэгэхгүй бол энэ улс орон маань хөгжинө гэж ёстой бэрх ээ. Ер нь ажил хийж, өөрийн хувийн аж ахуй ч гэсэн, хувийнхаа юмыг ч гэсэн. Бас л тэр чинь улс нийгэмдээ тустай л хөдөлмөрлөж л байгаа хэрэг. Хүн чинь өөрөө юм хийхгүй бол тэгээд амьдрахгүй ш дээ. Одоо цагт бол ямар нэг газар жоохон юм хийгээд тэдэн төгрөг өгчихнө гээд тогтмол ийм байхгүй юм. Хийхгүй л бол, ерөөсөө гараа л хумхиад суувал тэгээд л мөнгө байхгүй. Амьдрах арга алга.
Ариун-Ундрах -
: За бас социализмын үед хүмүүс ажилд яаж ордог байсан бэ?
Бүдханд -
Ажилд уу? Ажилд бол адилхан ш дээ. За нэг албан газар оръё гэж бодъё оо чи. За нэг цэргийн ангид. За тэгээд хөдөлмөрийн дэвтэр гээд одоо нийгмийн даатгал гэсэн үг. Дэвтэр хэрэгтэй. За тэгээд хэрэг төвөгт холбогдож байгаагүй гэсэн бичиг сэргийлэхээс хэрэгтэй. Өмч хөрөнгөтэй холбогдолгүй гэсэн бичиг юу гэдэг билээ нөгөө? Өмчийн төлөөлөгч гэж байсан юм, сэргийлэхэд. Тэрнээс бас бичигтэй. Аа тэгээд ингээд тэр бичиг баримтаа бүрдүүлээд ажилд орно. Аа тэгэхэд тэр албан газар аппаратаараа хэлэлцэнэ. Тэр хүнийг за энэ хүн ийм ийм ажил хийж явсан байна. Урд нь ийм юутай хүн байна гээд ажилд авах уу? Үгүй юу? гэдгийг нь аппаратын зөвлөгөөнөөрөө хэлэлцэнэ. Тэгээд л адилхан авна. Одоо бас тийм шүү дээ. Адилхан л байгаа.
Ариун-Ундрах -
: Аа тэгээд одоо бол бас ажилд орох процесст өөрчлөгдсөн талууд бий юу?
Бүдханд -
Одоо бол мэдэхгүй байна аа. Одоо бол ер нь нийгмийн даатгал хэрэгтэй байдаг юм байна лээ. За эрүүл мэнд гэсэн эмнэлгийн бичиг хэрэгтэй байдаг юм байна лээ. Аа тэгээд нөгөө 3 үеийн түүх чинь одоо хэвээрээ ш дээ. Бас адилхан социализмын үед чинь 3 үеийн түүх бас байдаг. Одоо хүртэл бас байдаг л юм байна лээ. Бас л тэгээд аппарат энэ юугаараа хэлэлцэнэ ш дээ. Тэрийг чинь ингээд энэ цэргийн анги байна гэхэд чинь одоо тэр дарга нь ч байдаг юм уу, юу нь ч байдаг юм тэр аппаратынхаа юугаараа хэлэлцэж тэр хүнийг чинь ажилд авна. Ажилд авахад чинь бас адилхан л юм шиг байна лээ ш дээ. За яахав дээ хувийн юу бол мэдэхгүй. Тэр хувиараа эрхэлж байгаа ажил бас нэг байдаг л байлгүй дээ. Зүгээр мэдэхгүй юм. Энэ төсвийн байгууллага, албан газрууд чинь тэгэж л шалгууртай авдаг юм шиг байна лээ ш дээ. Тэгээд хувийн байгууллага бол мэдэхгүй юм. Бас нэг хувь хүнийг нь үзэж харж л авах байлгүй дээ. Бодвол тэр юу гэж ямар хаанаас юу ч мэдэхгүй тэр судалж л авах байлгүй. Тэрийг мэдэхгүй.
Ариун-Ундрах -
: Та дараа нь бас нөгөө шатахуун түгээгүүрийн газар ажилласан гэсэн.
Бүдханд -
Мммм.
Ариун-Ундрах -
: Тэгэхэд яг социализмын үед бол одооных шиг ийм олон бензин клонк байгаагүй байх.
Бүдханд -
Байгаагүй. Шатахуун түгээх станц гэдэг чинь манай НИК хувьцаат компани гэдэг чинь Толгойтод байдаг байсан юм. Ганцхан бензин оруулдаг. Ерөөсөө л ганцхан бензин оруулдаг газар чинь тийм байсан байхгүй юу. Аа тэгэхэд их хариуцлагатай ш дээ. Энэ шатахуун түгээх, энэ шатахуун гэдэг чинь тэсрэх, дэлбэрэх химийн шинж чанартай бүтээгдэхүүн. Энийг чинь айл, албан газрын ойрхон ийм газар ер нь байлгадаггүй байсан. Тэрийг чинь жоохон алсхан, одоо нэг 100 метрээс нааш тийм орчин тойрон юм байх ёс байхгүй. Тийм байсан. Тэгээд их нарийн нямбай, нягт энийг чинь хэмжиж одоо энэ янз бүрийн механик хольцтой, чанаргүй бензин байна ш дээ. Манай нефть хангамжийн бааз чинь тусдаа лаборторитой, том лаборторитой байхгүй юу. Бараг улсын хэмжээгээр тийм лаборторид үзэж харж, тэр вагонаар ирсэн бензинийг чинь шинжилж бүх л 18 аймагт түгээдэг. Улаанбаатар хот болоод энэ бүх л 18, 21 аймагт түгээдэг газар. Аа тэгээд тэрийг чинь ирэхэд нь бид ингээд нэг систерээр ачуулж ирнэ ээ дээ тэр нефтиэс. Тэгэх дээр нь бид нар чинь их үзэж харна аа. Механик шинж чанар байна уу? Ус хольсон байна уу? Юу хольсон байна? Нөгөө шатахуунаасаа дутаасан байна уу? Дүүрэн дундыг нь яг тэр хэмжээд гардаг байхгүй юу, тэр савны. Тэгэж авна. Тэгээд л түгээгүүр гэдэг чинь түгээнэ ш дээ. Энэ чинь галын осол аваар гарна. Одоо их нямбай, нягт байхгүй бол болохгүй. Их өндөр хариуцлагатай юм байгаа юм ш дээ. Нефть бүтээгдэхүүн одоо бол тэгэхгүй. Нөгөө систерээр түгээгээд явж байна гэж байна ш дээ Улаанбаатарт. Тэр систерийг чинь одоо тэгээд яаж болохов. Тэр үед нэг сахилгагүй нэг нь шүдэнз зурчихвал тэгээд л пирх гээд дороо ш дээ ерөөсөө. Ингээд тэнд нэг жоохон бензин дусаачихъя. Тэгээд шүдэнз зураад ингээд хаяхад чинь ёстой дороо пирх гээд л асна ш дээ.
Ариун-Ундрах -
: Тэр үед бас нөгөө бензин авч байгаа машин нь ч ховор байсан байх тийм ээ?
Бүдханд -
Бензин авч байгаа машин нь ховор. Тэгэхдээ л их оочерлоно ш дээ, нөгөө цөөхөн болохоороо. Түгээдэг газар нь цөөхөн ш дээ. Манай энд чинь ерөөсөө хоёрхон түгээгүүр байсан байхгүй юу. Энд нэг. Энэ чинь бүр сүүлд баригдсан юм, 1984 онд баригдсан юм. Тэр урд нэг байсан юм. Бүүр тэр юуны цаана. Ерөөсөө хоёрхон. Тэгээд нөгөө он дуусахад чинь албан газрууд чинь дандаа талонтой. Тэр нөгөө талон үхүүлэхгүй гээд ингээд л оочерлоод нөгөө том машинууд чинь зогсчихно оо. Тэр талоноо үхүүлэхгүй. Он гарчихвал талон нь хүчингүй болно. Тэгээд хувийн талон гэдэг юм чинь хувийн тэргүүд цөөхөн ш дээ. Хувийн талон гэдгийг чинь зарна. 2 төгрөг хэдэн мөнгө-76 гэж байсан юм даа. Тэгээд хувийн машинууд хувийн талоноороо авна. Албаны ийм том тэргэнүүд чинь дандаа албаны ш дээ. Дандаа талонтой, албан газрын юутай.
Ариун-Ундрах -
: Аан яг мөнгө төлөхгүй. Зүгээр талоноор авах юм уу?
Бүдханд -
Талоноор авна. Мөнгө төгрөгөөр тэр нефтьтэй л тооцоо хийдэг байсан байлгүй дээ. Тэр талоноороо тооцоо хийчихдэг байсан байх даа, албан газрууд. Тийм талон гэдэг юмаар л харьцдаг байсан. Бид мөнгөтэй харьцахгүй. Хувийн тэргэнүүд цөөхөн юм чинь нэг хэдхээн. Өдөрт нэг тэр үед чинь хямдхан юм чинь дээ нэг 1000 гаран төгрөгний бензин зарна даа. Хувийн тэргэнүүд хувийн талон зарна өөрснөө.
Ариун-Ундрах -
: Одоо бензиний үнэ өсөөд байгаа ш дээ. Яг тэр үед ханш тийм байхад 1 литр бензин хэдэн төгрөг байх уу?
Бүдханд -
Нэг литр бензин чинь 2 төгрөг хэдэн мөнгө байна. 2 төгрөг, 60 мөнгө байл уу даа. Дезилийн түлш хамгийн их үнэтэй байсан даа 3 төгрөг хэдэн мөнгө байл уу даа. 93 энэ тэр чинь яахав дээ нэг 3 төгрөг хэдэн мөнгө л байсан байх. Тэр чинь одоо хэд ч гэсэн үг юм бэ дээ. Одоо чинь 93 бол 1400 шахуу төгрөг л болчихсон л байна. 1370 гээд.
Ариун-Ундрах -
: Та энэ гутал оёхыг ээжээсээ сурсан гэсэн ш дээ тийм ээ?
Бүдханд -
Мммм.
Ариун-Ундрах -
: Тэгээд ер нь Буриадын ард түмэн өөрсдөө ер нь одоо бүх айлууд нь л ингэж гутлаа оёж чаддаг байх уу?
Бүдханд -
Аа бүх айлууд... Бас тэр үед чинь оёдоггүй ч улсууд байна л даа. Ер нь нэг дээл оёдоггүй улсууд байна ш дээ. Одоо бол тэ? Тэгэхэд чинь оёдоггүй улсууд бас байдаг юм. Тэгээд хүн бүгд оёхгүй. Манай энэ ээж бол ер нь нутагтаа гаргуун гутал оёдог хүн байсан. Бүр гутал оёдог нэртэй. Сайхан гутал оёдог тийм. Хүн бүгд оёхгүй. Хүн бүгд эмэгтэйчүүд нь оёхгүй. Одоо юу болж байгаа юм бүү мэд. Зах зээл болчихсон юм чинь хөдөөний улсууд чинь дулаахан, аятайхан эсгий ултай гутал өмсөхийг бодож л байгаа байх. Тэгээд сурч байгаа юм уу? Үгүй юм уу? мэдэхгүй. Бас тэр социализмын үед 60-н хэдэн онд чинь юм бэлэн байлаа ш дээ. Хувцас хунарыг чинь нөгөө манай дотоодын энэ үйлдвэр хоршоолол гээд гоё гоё дулаахан гутал хийдэг. Тэгээд тэр улсууд чинь нөгөө бас зав муутай. Нөгөө мал ахуйдаа яагаад тэгээд бэлэн юм аваад өмсчихдөг л байсан л шүү дээ. Ер нь бэлэнчлэх бас нэг юм байсан л даа. Социализмын үед бол нэг тиймэрхүү юм байсан шүү. Тэгээд лав л 60-н хэдэн онд хүн бүхэн оёод байдаггүй л байсан. Тэгээд манай ээж л их оёдог хүн байсан. Бүр халх монголгүй л оёулдаг л байдаг байсан. Би ер нь тэгээд оёхгүй бол болохгүй юм байна гээд ер нь үхэхээс өмнө бас суръя гээд тэгээд л оёсон.
Ариун-Ундрах -
: Ер яг хажууд нь хамт хийгээд сурах уу? Эсвэл заалгаад дараа нь...
Бүдханд -
Өө хажууд нь харж байгаад өөрөө сурчихна. Амархан тийм сурчихна. За энийг ингээд ингэчихдэг юм байна, ингээд оёдог юм байна гээд. Бас хажууд зааж өгч л байсан л даа. Оёход энэ чинь ийм болж байна, тийм болж байгаа гэдгийг нь. Тэгээд л уламжлаад сурчихдаг юм байна лээ. Манай энэ эрэгтэй зарим хүүхдүүд оёчихдог юм аа. Тэгэхдээ яг өөрснөө дагнаад оёхгүй ээ. Би та нар оё, ажилгүй байгаа юм чинь та нар оёж сур, та нар миний хажууд ирээд оё л гэдэг юм. Манай бас нэг охин тавчикуудыг их гоё оёно оо. Эсгий тавчикийг ёстой 20-30-аар нь оёно ш дээ, захиалгаар нь. Хачин гоё оёдог юм. Ер нь гэрээрээ нэг жоохон үйлдвэрлэл явуулдаг хүн байгаа юм тэр.
Ариун-Ундрах -
: Тийм юм шиг байна тэ?
Бүдханд -
Тийм. Их сайхан тавчик оёно.
Ариун-Ундрах -
: Ер нь тэгээд л ийм юм хийж чаддаг байхад л хүнд хэрэгтэй л юм байна.
Бүдханд -
Хэрэгтэй ш дээ. Тэгээд өөрсөндөө ч гэсэн бас нэг 5 төгрөг болно. Энэ чинь бид нарын ахуй амьдралд ч гэсэн тэтгэвэр хараад байхад чинь тэгээд бас л тоотой юм чинь юу байхав дээ. Тэгээд л идэж уух юмаа авна. Хүний хэрэгцээ тэрнээсээ илүү гарна ш дээ. Хүн чинь аа 100-аараа ч гарна, 50-аараа ч гарна. Хүний хэрэгцээ юм болохоор тэгээд л тэр чинь юм хийчихсэн байхад чинь материал нь яахав үнэтэй л байдаг. Материалаа аваад яахав оёход зүгээр байсантай адилгүй ш дээ. Зүгээр нэг юм хийхгүй байсантай ерөөсөө адилгүй. Юм хийж байгаа хүн гэдэг чинь өөрийнхөө хийсэн юмаар мөнгө олоод юм авахад чинь бас урамтай. Хийсэн өөрийн хөдөлмөр. Тийм, хөдөлмөр шингэсэн юм.
Ариун-Ундрах -
: За таны гол бахархдаг зүйл юу вэ?
Бүдханд -
Үгүй ээ яахав дээ Монгол орондоо ингээд хүн болж төрчихөөд ажил хөдөлмөр хийгээд ингээд амьдраад, үр хүүхдээ өсгөөд ингээд явж байх чинь бас сайхан бахархал байна ш дээ. Манай Монгол орон чинь цаашдаа улам сайхан болох байх та нарын үед. Та нар л үзнэ шүү дээ. Та нар л Монгол эх орноо хөгжүүлэх л, гар бие оролцож л хөгжүүлэх л хэрэгтэй. Эрвийх дэрвийхээрээ л ажиллавал тэгээд эх орон маань ч хөгжинө. Одоо Монгол оронд иргэн болж төрчих хамгийн бахархалтай юм чинь энэ л гэж би боддог юм.
Ариун-Ундрах -
: Эсрэгээр нь таны жигшдэг зүйл юу вэ?
Бүдханд -
Үгүй жигшдэг зүйл ажилгүй, энэ архидалт хоёрыг одоо маш ёстой хэцүү. Ёстой энэ залуучууд бас ажил хийж л байна. Ажил хийсэн хирнээ тэрийгээ юм болгохгүй уучихаад байна ш дээ. Тэгээд энэ архидаж болохгүй. Ажлаа сайн хий. Амьдралаа сайн бодооч ээ л гэж одоо энэ залуучуудад хэлмээр байна.
Ариун-Ундрах -
: За та одоо энэ олон жилийн турш ажиллахад чинь хамгийн хэцүү зүйл бас бэрхшээлтэй үеүд тохиолдож байсан бол тэр нь юу байсан бэ?
Бүдханд -
За нэг их бэрхшээлтэй ч юм ер нь гайгүй шүү. Ер нь ажил хийвэл ер нь тэгээд л тэр албан газарт юу л хийх ёстой байна. Тэр л өөрийнхөө урд ноогдсон ажлыг л хийчихээд байхад л ерөөсөө тэр бахархал. Тэгээд ер нь их бэрхшээл нэг их тохиолдож байгаагүй надад ажил хийхэд. Би ер нь хүний хийдэг юмыг л хийнэ л гэж боддог ш дээ.
Ариун-Ундрах -
: Хүний хийж чадаад байгаа юмыг уу?
Бүдханд -
Тийм, чадаад байгаа юмыг л.
Ариун-Ундрах -
: Бас амархан зүйлүүд нь юу юу байсан бэ?
Бүдханд -
Өө яахав дээ ажил төрөл хийхэд чинь амархан зүйл байлгүй л яахав дээ. Тийм юм хийхэд амархан, ийм юм хийхэд амархан гэвэл.
Ариун-Ундрах -
: За та өөрийнхөө ажил, хувийн амьдрал хоёрыг яаж зохицуулдаг байсан бэ?
Бүдханд -
Өө би ажлаа ер нь цагаар нь л хийнэ. Өөрийнхөө хувийн амьдралыг бас цагтай төлөвлөгөөтэй. Тэдэн цагаас тэдэн цаг хүртэл би тийм юмаа хийнэ. Одоог хүртэл тийм ш дээ. Би за тэр хооронд чинь тийм юм, ингээд гурил зуураад боорцог хийе гэж бодъё л доо. Боорцог хийгээд тавьж нэг жоохон амраана даа. За тэр хооронд чинь нэг тийм юмаа хийчихье. Тэдэн минут болно. За тэгээд л одоо нэг юм оёж байх хоорондоо бас тэрийг чинь бас тийм юмаа хийчихнэ. Одоо тэдэн цагт нь тэгэж хоолоо хийнэ. Тэдэн цагт нь тэгье. Одоо нэг гэр орноо цэвэрлэе ч гэдэг юм уу тийм ээ? Энэ чинь ахуйн гэр орноо цэвэрлэнэ. Ажил байна ш дээ хүнд. Тэгээд ер нь цагаар л ерөөсөө зохицуулдаг. Одоо гадагшаа гарах байсан бол за байз тэдэн цагаас тэдэн цаг хүртэл би яваад ирнэ дээ. Тэр хүртэл тэгээд тийм юмаа хийнэ гээд. Ер нь цаг л их баримжаалах дуртай.
Ариун-Ундрах -
: Ер нь тэгвэл зогсоо зайгүй л ажиллаад байх уу?
Бүдханд -
Ажиллаад байх дуртай. Үгүй ээ би нэг за яахав. Ер нь нэг 5 минут хэвтвэл за одоо минут ер нь цаг болохоо байлаа гээд зүгээр ер нь нойр хүрэхгүй ш дээ, бодогдоод.
Ариун-Ундрах -
: Ер нь тэгээд сурчихдаг байх.
Бүдханд -
Сурчихдаг юм байна лээ. Манай тэр том охин тийм ш дээ бас. Тэгээд л ингээд одоо нэг лангуун дээр ногоо зарж байгаа гэж байгаа. Тэгээд тэр лангуун дээр ногоогоо зарах хоорондоо нөгөө тавчикаа оёж байдаг. Юмаа оёж байдаг. Ингээд зүгээр суугаад байхгүй нь байна ш дээ. Хүн юм авахын хооронд нь үйлчилгээгээ ч хийнэ, юмаа оёно. Бас амжуулна. Юм ер нь цагтай, минуттай, төлөвлөгөөтэй байхад ер нь буруудах юм байхгүй. Бид нарыг чинь бас тэр битгий хэл ажил хийж байхад чинь за чи энэ жил тэдэн сард юу хийх вэ? Юу яах уу? гээд бүр төлөвлөгөө гаргуулдаг байсан ш дээ. Бид нараар чинь одоо хийх ажлын төлөвлөгөө гээд, өө тэгээд энэ байгууллагад чинь мундахгүй ш дээ. Ер нь төлөвлөгөөтэй байсан нь л дээр байдаг юм. За би ер нь тэдийд тэгчихвэл ер нь болох байх. Тэгвэл тэгнэ тэгнэ гэдгийг чинь ер нь хүн чинь нэг их бичээд байхгүй ч гэсэн дотроо тэр төлөвлөгөө цагаараа л хүн чинь юмаа хийгээд амжуулаад байна ш дээ.
Ариун-Ундрах -
: За та өөрийнхөө ажлын хамт олны тухай ярьж өгөхгүй юу?
Бүдханд -
Би тэр хөдөө ойн аж ахуйд ч ажиллаж байсан. Их сайхан хамт олонтой. Тэнд миний ажиллаж байхад чинь ерөөсөө тэр контор аж ахуйд ерөөсөө ганцаараа эмэгтэй. Дандаа эрэгтэй улсуудтай ажилладаг байсан. Тэгээд л сүүлдээ ч яахав мод үржүүлгэ энэ тэр гээд эмэгтэй улсуудтай л болсон. Дандаа тийм сайн, тэр зөвлөдөг, ахмад зарим нь улсууд байсан. Тэгээд би сургууль төгсөж очиж байгаа инженер энэ тэр улсуудад би өөрөө бас зөвлөгөө өгнө. Тэгээд л их сайн хамт олонтой би ер нь ажиллаж байсан. Би худалдаанд байхдаа ч гэсэн сайхан хамт олонтой байлаа. Энэ шатахуун түгээх станцад ч байхдаа дандаа хамт олонтой л байлаа. Дандаа л олон олноороо л ажиллана шүү дээ. Энд чинь дандаа л эмэгтэй, 5-6 эмэгтэй л ажиллана. Тэгээд л ажиллаж байгаа улсуудтай эвтэй найрамдалтай ийм л байсан даа. Намайг мэдэж байгаа хүн бий бий. Тэр зах дээр Гандолгор сүү зараад явж байгаа байх. Тэгээд л бусад нь ч хөдөө гадаагаар л байгаа байх даа.
Ариун-Ундрах -
: Тэгээд социализмын үед энэ хамтач үзэл, хамт олонч үзэл гээд л ярьдаг ш дээ.
Бүдханд -
Тийм.
Ариун-Ундрах -
: Яг энэ тэр тухайн үедээ нийгэмдээ ямар ач холбогдолтой, ямар үр ашигтай байсан бэ?
Бүдханд -
Хамтарч юм бүтээнэ гэдэг чинь их юу шүү дээ. Ер нь хамтын хүч гэдэг чинь оломгүй далай ш дээ. Ерөөсөө тэгээд л хамт эв найрамдалтай, хамтаараа юм бүтээнэ гэдэг чинь их сайхан юм байхгүй юу. Бүтээл ихтэй. Юу сайндаа л тэр коммунист суботник энэ тэр гээд л хийж байсан. Тэр чинь хүртэл одоо их юм бүтээж л байсан байна ш дээ. Хамтын хүч гэдэг их оломгүй ээ. Ерөөсөө их сайхан. Тийм ч учраас нэгдэлжих хөдөлгөөн өрнөхөд улсууд чинь сайн дураараа нэгдээд ингээд ер нь хамтаараа юм бүтээх гэдэг чинь их юм бүтээх юм байна шүү. Энэ чинь ганц нэгээрээ ингээд жалга дов, энэ уул усны 2 талд байгаад байгаа улсууд чинь ер нь тэгээд бүтээл багатай юм байна гэж бодоод ингэж хамтарч нийлж л нэгдэл болсон байх л даа. Ер нь одоо хүртэл энэ чинь юу яаж л байна ш дээ. Одоо хоршоолол энэ тэр гээд байгуулах гээд байгаа биз дээ. Ах дүүгээрээ байгуулж л байгаа байх л даа хөдөө. Ганц нэг хүн, ер нь ганц нэг айл ч гэсэн юм бүтээхэд хэцүү. Хамт олноороо юм бүтээнэ, хамтын хүч гэдэг их сайхан шүү дээ.
Ариун-Ундрах -
: Бас тэр үед хамт олноороо ажлаас гадуур ямар ямар ажил, амралтын арга хэмжээ зохион байгуулдаг байсан бэ?
Бүдханд -
Өө бид нарыг чинь ингээд л өнөө албан газар байна гэхэд чинь циркийн тоглолт болно ш дээ. Циркийн тоглолтыг хамт олноороо билет аваад л ерөөсөө. Тэгээд л дэлгүүр байхад чинь дэлгүүрийн 10-аад хүн чинь тэгээд л очиж үзнэ. Хамт олноороо юманд явна, амралтанд явна. Тэгэж зугаалж цэнгээд нэг архи уугаад байхгүй ш дээ. Тэр үед чинь бас их дэгтэй. Юун тэр архийг чинь бараг амсахгүй шахуу л байна. Тэгээд л энэ үзвэр үйлчилгээ болоход чинь хамт олноор нь. Кино ч байсан нэг сайхан шинэ кино гарлаа гэхэд чинь ингээд манай 1-р хорооны энэ улаан булан гээд байна ш дээ. Энэ соёлын төв. Тэнд чинь өө за өнөө орой тийм гоё кино ирсэн. Бүгдээрээ хамт олноороо үзье гээд л. Тэгээд кино театрт байгаа тэр үйлчилгээний улсууд чинь тийм кино ирсэн шүү. Та нар үзээрэй гээд л хамт олноор нь яана. Тэгээд хамт олноороо юм үздэг хардаг, явдаг, юм бүтээдэг байсан ш дээ. Тэр нь их сайхан.
Ариун-Ундрах -
: Таны хувьд бол чөлөөт цагаараа юу хийдэг байсан бэ? Та тэр социализмын үед?
Бүдханд -
Чөлөөт цагаараа гэр орондоо л юм хийнэ. Аа амрана, бас хүүхдүүдээ асрана. Тэр чинь ажлын хооронд чинь хүүхдүүдээ асарч хамгаална. Хоол ундыг нь хийнэ. Юм хумаа угаана. Одоо гэр орны ажил их шүү дээ. Чөлөөт цагаа бол үргэлж л яахав дээ нэг харин үзвэр энэ тэр ирвэл үзнэ. Тэрийг чинь бас биеийнхээ алжаалыг тайлалгүй яахав. Үзвэр, кино, янз бүрийн урлагийн үзлэг юм үзнэ ш дээ. Тэр чинь өөрийнхөө гэр орны ажлыг амжуулаад, тэрний завсар юм хийлгүй яахав. Үр хүүхдээ өсгөхийн хажуугаар. Бид нар чинь бас цаг наргүй хөдөлмөрлөсөн хирнээ цагтай минуттай байсан байна ш дээ. Одоо бол юу сайндаа нэг лангуун дээр за нэг хүн юм авах болов уу? гээд л нэг хэдэн цаг болтол суугаад байхгүй ш дээ. Тэрийг чинь тэгээд цагтай юм цагаараа дэлгүүр нь хаана, амрана. Тэгээд л цагаасаа хоцрохгүй 5-10 минутын өмнө ажилдаа ирнэ. Ажлаасаа нөгөө ээлж авах бол тэр хүн чинь буухыг бодно. Ажлаа хүлээлцэж авна.
Ариун-Ундрах -
: За тэр худалдаанд ажиллаж байхад ч юм уу, ер нь социализмын үед таны цалин дунджаар сард хэдэн төгрөг байдаг байсан бэ?
Бүдханд -
Социализмын үед худалдаанд ажиллаж байхад бага ш дээ. 325 төгрөг л авна. Ерөөсөө сарын цалин.
Ариун-Ундрах -
: Бага юм байна.
Бүдханд -
Тийм, худалдагчийн цалин бага. Ер нь тэр касс бүр бага. Худалдагч нь одоо яахав төлөвлөгөөгөө биелүүлвэл авна аа. Бид нар 400 гаруйг л авна даа. Ер нь 325-ыг чинь тогтмол авахгүй ш дээ. Тэрийг чинь төлөвлөгөөгөө биелүүлнэ. Биелүүлэхэд тэр чинь 400 гараад л явчихсан байдаг юм. нэг 400 гаран төгрөгний л цалинтай байсан байх. 500 ч хүрнэ дээ. Тэгээд төлөвлөгөө л биелүүлсэн байвал ер нь хүн хийснийхээ хэрээр л авч байсан шүү дээ.
Ариун-Ундрах -
: Тэгэхээр худалдагч хүн ямар төлөвлөгөө норм биелүүлэх үү?
Бүдханд -
Тэр чинь ингэдэг юм. За ингээд нэг чихэр боовны тасаг байна гэж бодъё. Тэгэхэд чинь 30,000 төгрөгний орлого. Тэр үед чинь 30,000 төгрөг чинь их ш дээ. Чихэр боов чинь дандаа архитай байна. Архи зарна, тэгээд сүүлдээ архийг нь ч ялгаад. 32,000 ч гэдэг юм уу тийм төлөвлөгөө өгчихнө. Яг миний үед 30 гаруй мянга л байсан даа. Тэгээд тэрийгээ л биелүүлээд дээш нь давуулбал тэгээд л төлөвлөгөө биелүүлсэн гээд л явна ш дээ. Тэгээд хувиараа тэр чинь явчихна ш дээ. Одоо 34 энэ тэр болвол яваад өгнө ш дээ. Тэр л мөнгөн дүнээр байдаг юм.
Ариун-Ундрах -
: Тэгээд таны тэр авсан цалин тань амьдралд чинь хүрдэг байсан уу?
Бүдханд -
Одоо яахав дээ. Гэрийн хүн ажил хийнэ. Тэгээд л хүрэхгүй гээд яах юм. Хүрнэ ш дээ. Тэгэхдээ бид нар чинь одоотой адилхан хувийн юм хийхгүй. Тэгэхэд яахав дээ бас нэг ганц хоёр саалийн үнээтэй байгаа юм л даа. Ганц хоёр саалийн үнээ маань өвлийн цагт за 1 л сүүгээ зарвал 3 төгрөг. Тэгээд яахав тэр чинь бас өвсийг нь хадна. Бид нар чинь бас ажилтай. Өвсийг нь хадаад, малаа тэжээгээд, сүүгээ өөрснөө уугаад. Тэгээд илүү гарвал нь яахав дээ амьтан хүнд өгвөл өгнө. Тэгээд амьдраад болоод л, хүрээд л хүргэнэ. Хүрэхгүй байхгүй. Тэр чинь хүрнэ. Ер нь тэгээд манайхан чинь одоотой адилхан янз бүрийн гоё сайхан юм идэхгүй л дээ. Гэхдээ талхаа идээд, маслоо идээд, варианаа идээд. Тэгээд л мах шөлөө, хоол ундаа идээд тэгээд болоод л хүрээд л байдаг юм даа. Хувцаслуулна, тэр хүүхдүүдийг чинь. Тэгээд л боломжийн хүрээд л байна. Тэгээд илүү дутуу наймаа янз бүрийн юм хийх юм байхгүй ш дээ. Тэрийг чинь хийхгүй. Дамын наймаа болно ш дээ тэр чинь, социализмын үед чинь.
Ариун-Ундрах -
: Хэрэгт орох уу?
Бүдханд -
Ммм хэрэгт орно аягүй бол мэдэгдвэл.
Ариун-Ундрах -
: Дамын наймаанд аягүй муу байсан уу?
Бүдханд -
Дамын наймаа гэж хэлдэг байлаа ш дээ. Өнөө социализмын үед чинь наймаа хийсэн хүнд дургүй. Харин яахав дээ өөрийнхөө хөдөлмөрөөр ингээд нэг малгай оёдог хүн байна тийм ээ? Тарваганы арьс олоод худалдаж аваад, элдээд. Тэр чинь их хөдөлмөр. Тэгээд ингээд сайхан малгай оёод Орос янз бүрийн юманд зарсан өөрийн хөдөлмөр шүү дээ тэр чинь. Нэг дэлгүүрийн барааг аваачаад ингээд дамлаад тэрийг бол дамын наймаа болно. Өөрийнхөө хийсэн хөдөлмөрөөр одоо нэг тэр үед чинь гутал оёдог байвал, авдаг байвал тэр чинь өөрийнхөө хийсэн хөдөлмөрөөр болж л байна. Тийм ээ? Тэр чинь өөрийн хөдөлмөр гэдэг чинь тэр. Тэгээд дамын наймаа гэдэг нь маань дэлгүүрийн, хоршооны юм уу янз бүрийн юмыг чинь аваад дамлана гэдэг чинь дамын наймаа л болдог байсан байх л даа. Тийм л байсан байх тэ?
Ариун-Ундрах -
: За тэгэхээр тэр нэгдэлжих хөдөлгөөний тухай та мэдэж байгаа учраас энэ нэгдэлжих хөдөлгөөн бүр анх яаж эхэлж байсан бол?
Бүдханд -
Бүүр нэгдэлжих хөдөлгөөн гэдэг юм ер нь анх ардын хувьсгал мандаад тийм ээ? 1921 онд мандаж гэнэ ээ. Тэгээд 1930-аад онд чинь хамтрал коммун байгуулъя аа гэж улсууд ярьж гэнэ ээ. Хамтрал коммун гэдэг чинь одоо тэр Оросд л нөгөө бас хамтрал энэ тэр гээд л гарсан юм байна л даа. Тэрнийг дуурайгаад засгаас тэгсэн юм байгаа биз дээ. Бодвол тийм ээ? Энэ нам засаг төрөөс л тэгсэн юм байлгүй. Хамтрал гэдгийг байгуулъя гээд хамтарчээ. Улсууд бас нөгөө мал ахуйгаа нийлүүлээд. Тэр чинь 1934 он гэдэг ч бил үү, мэдэхгүй. Тэгсэн чинь тэр нь бас их бүтэлтэй болоогүй юм шиг байгаа юм. Тэр зарим нь дургүйцээд ороогүй л байх л даа. Тэр зарим нь ч яахав дээ орсон. Тэгээд сүүлдээ хэрэггүй гээд тэгээд тарсан юм гэнэ лээ. Тэгээд тэрнээс хойш бүүр явж явж тэр 1958-1959 онд чинь нэгдэлжих хөдөлгөөн л өрнөсөн юм байна. Ер нь энэ улсын хөгжил гэдэг чинь аяндаа шаарддаг юм байна. Тийм ээ? Шаардаад, ер нь тэгээд явж явж нилээн хэдэн жилийн дараа ер нь тэр нэгдэлжинэ гэдэг нь болмоор юм байна гэдгийг улс орон, энэ ард түмэн зөвшөөрсөн л юм шиг байна лээ л дээ. Ер нь тэгээд хамтын хөдөлмөрөөрөө ингээд хамтраад юмаа бүтээвэл ер нь зүгээр юм байна гээд. Явж явж юу сайндаа манайд чинь одоо ардчилал зах зээлд шилжлээ ш дээ. Явж явж энэ чинь ер нь тэгэхээс гарцаагүй. Дэлхийн энэ бүх улс орон чинь одоо ингээд зах зээлд шилжчихсэн. Тэгэхэд одоо манай орон бол ганцаараа зах зээл биш гээд ингээд суугаад байхгүй ш дээ. Тэр чинь аяндаа улсын нийгмийн хөгжил гэдэг маань явсаар байгаад өөрөө тэгээд аяндаа яадаг юм байна ш дээ. Сайндаа ч нэг хэдэн хүн ардчиллыг байгууллаа гээд л ингээд өөрчлөгдөөгүй. Ер нь явсаар явсаар манайх чинь ер нь тэгээд л зах зээлийн энэ юунд чинь орох нь аргагүй ш дээ. Энэ чинь Орос орчихсон. Бүх дэлхий нийтээрээ ийм байх ёстой гэдэг шиг нэгдэлжих хөдөлгөөн гэдэг чинь тэгэх л ёстой бас цаг нь болчихсон л байхгүй юу. Тэр цаг нь болчихсон л байсан юм шиг байгаа юм.
Ариун-Ундрах -
: Тэр яг нэгдэл анх өрнөж байх үеэр та хаана байсан гэлээ?
Бүдханд -
Би тэгэхэд чинь сургуульд байсан.
Ариун-Ундрах -
: Сургуульд уу?
Бүдханд -
Тийм, сургуульд байсан.
Ариун-Ундрах -
: Тэр хүмүүс нөгөө ухуулга хийгээд л явдаг гэсэн ш дээ. Тэр хүмүүс ухуулган дээрээ ер нь ихэвчлэн юу ярьдаг байсан бол? Та тэр тухай мэдэх үү?
Бүдханд -
Нэгдлийн тухай ухуулга уу?
Ариун-Ундрах -
: Тийм.
Бүдханд -
Аан нэгдэлжихийн төлөө ухуулга хийдэг л байсан байх л даа. Энэ хамтын хөдөлмөр гэдэг хэрэгтэй юм аа гэдгийг ухуулж байсан байх л даа. Өшөө юу ухуулахав. Би тэрийг нь мэдэхгүй юм. Хөдөө байгаагүй. Лав л нөгөө соёлын довтолгоо хүртэл хөдөөгүүр чинь явж л байсан ш дээ. Тэгээд сургуулийн хүүхэд бид нарыг хүртэл соёлын довтолгоонд явуулж л байсан юм чинь. Тэгээд яваад хүний нөгөө алчуур, цагаан даавуу, тэгээд л нүүр гарын угаалтуур. Тэр бүх байх ёстой юмыг чинь бас шаарддаг байсан. Тэгээд тэр үед 60-аад оноос ер нь манай хөдөөнөөс нилээн соёлжсон ш дээ. Бараг одооноос илүүтэй нилээн соёлжсон шүү. Монголчууд нилээн соёлтой болсон.
Ариун-Ундрах -
: За тэр нэгдэлжих хөдөлгөөнийг хүмүүс анх ямаршуу хүлээж авч байсан бэ?
Бүдханд -
За нэгдэлжих хөдөлгөөнийг анх зарим хүмүүс нь яахав дээ олон малтай улсууд нь жоохон эмзэг хүлээж авч байсан юм шиг байгаа юм л даа. За малгүй, сумын төвд цөөхөн малтай, нэг 5-10 малтай улсууд байна ш дээ. Тэр чинь яахав дээ тэгээд нөгөө байгаа мал ахуй чинь өөрснийн амьдралд бас нэг их хүрээд байхгүй. Худалдаад хааш нь арилжаалах вэ? Тийм учраас яахав оръё оръё гэж их саналтай байсан байх. Тийм нэг мал ахуй ихтэй, хөрөнгө ихтэй нь бас дургүйцэж байсан байх л даа. Тэр олон малыг чинь бүгдийг нь нийгэмчлээд бид нар яаж амьдрах юм. Энэ чинь одоо өөрийн, бид нарын насаараа өсгөсөн өмч хөрөнгө гэж бодож л байсан шиг байгаа юм. Тэгээд лав манайх тэрүүхэнд нутагт болохоороо тэгээд эсэргүүцсэн хүн байхгүй. Ганцхан айл л ерөөсөө нийгэмчилж тэр нэгдэлд ороогүй юм байгаа юм. Бусад нь бүгд орсон. Дээр үед чинь баг гэж байсан байхгүй юу, бас одоотой адилхан. Тэгээд баг гэж байсан. Баян зургаадугаар баг гэж байлаа л даа манай тэр нутагт. Тэгээд Баян зургаат гэдэг байсан. Баян зургаатын тэр айлууд бүгдээрээ л нэгдэлд орсон байгаа юм. Тэгэхдээ болно гэж зөвшөөрч л орсон байх. Тэгэхдээ учиргүй дургүйцсэн хүн мэдэхгүй. Тэрэнд чинь өөрсдийнх нь эрхэнд мал ахуйг нь бас үлдээсэн байгаа ш дээ. Тэр тоотой л байх л даа. Хангай газар хэдэн малтай байх уу? Говьд хэдэн малтай байх уу? Тийм тоотой л байсан байх. Тэрийгээ тэгээд цааш нааш нь болгоод, тэртээ тэргүй нэгдлийн сүү сааль, цайны сүүгүй гэж бодохгүй. Тэр чинь олон үнээгээ саагаад цайгаа сүлчихнэ. Юмаа идчихнэ. Тэгээд л болоод л адилхан л амьдраад байсан л даа. Ерөөсөө ганцхан айл ороогүй, манай тэр нутагт. Тэгээд бусад нь ер нь бүгд орсон.
Ариун-Ундрах -
: Тэгээд хувь хүн нэгдэлд яаж элсдэг журамтай байсан бэ?
Бүдханд -
Аа тэр нэгдлийн юугаар бас хурал болж элсэж ордог байсан гэсэн. Бас тэрийг чинь авах уу? элсүүлэх үү? гэж бас ярьдаг байсан гэнэ лээ. Тэр нэгдлийн захиргааны хурал гэж бас байдаг юм байх л даа. Тэгээд нэгдэлд элсэнэ ээ гээд л зарим нь тэр чинь увуу цувуу. Ороогүй нь увуу цувуу элсэж байсан санагддаг юм. Би тэр нөгөө бага сургуульд байсан болоод. Нэгдэлд орсон нь одоо нэг хуралтай гээд тэгээд орж л байсан юм шиг байна лээ. Тэгээд л бас л хэлэлцэгдээд орохгүй юу. Энэ чинь одоо тэдэн малтай, тэдэн мал нийлүүлсэн гэдэг юм уу, юу гэдэг юм. Тэгээд л өргөдөл өгөөд тэгэж л элсэж байсан. Тэгэж элсэж байсан гэж байгаа юм бүр нэгдэлд.
Ариун-Ундрах -
: Аан тэгээд малчид малаа нуудаг байсан болов уу?
Бүдханд -
Аа нуудаг ч... Тэр нэгдэл бол малын тооноор л нуудаг байсан байх.
Ариун-Ундрах -
: Тооллогоор уу?
Бүдханд -
Тийм. Яахав дээ нэг жоохон албан татвар нь. Татвар ч гэх юу байхав. Нөгөө мал мах гээд гардаг гэсэн ш дээ. Нөгөө тэр мал мах нь албан татвар л юм даа. Тэр нь арай их гарна гээд бас малаа арай дарж тоолуулдаг тийм тал байсан байх аа. Тэр нэгдэлд орохдоо ч дараад дараад ч яахав дээ тэрийг. Тэртээ тэргүй тэднийх тэдэн малтай гээд ер нь тэгээд нутаг усны улсууд чинь бараг мэдчихдэг байсан юм байгаа биз дээ. Манай нутагт тэрийг мэдэхгүй. Тэр дардаг барьдаг, нууж барьж байсныг нь мэдэхгүй л дээ. Яадаг байсан бол доо. Ямар ч байсан нэгдэлд ороод элсчихсэн тийм л байсан. Ганцхан айл л ороогүй л явсаар байгаад л сүүлдээ ч нас бараа биз. 80-н хэдэн онд нас барсан байх тэр лав.
Ариун-Ундрах -
: Тэр ямар айл байсан бэ? Олон малтай байсан уу?
Бүдханд -
Тэр нэг их олон малтай биш. Тэр яг хилийн наанахан тэр нэг 3-4 хүүхэдтэй тийм айл л байсан юм аа. Тэр л ороогүй юм. Тэгээд тэр үзэл бодол таарахгүй. Тэгээд тэрний ах дүү нь бүгд орсон байгаа юм шүү дээ. Тэр ах дүү дотроос тэр нь ганцаараа ороогүй. Ах дүү нь бүгдээрээ орсон. Тэр хүн ороогүй. Тэгээд л тэр чигээрээ дууссан байх. Сүүлдээ ч орсон байх аа. Тэр сүүлдээ 80-н хэдэн онд нас барсан, сумын төв рүү нүүж ирлээ гэсэн. Сүүлдээ ороо биз дээ. Тэр орохгүй гээд яахав дээ. Тэгээд тэр чинь орлоо гээд яахав, ороогүй гээд яахав. Тэр чинь нэгдэлд нэг их ажил хөдөлмөр хийх чадваргүй болчихсон бол юу хийхэв. Тэгээд л байж байгаа биз дээ. Уул нь орсон бол тэтгэвэр аваад сууж байна ш дээ тэр чинь. Адилхан нэгдлийн гишүүд чинь тэтгэвэр аваад байгаа юм чинь. Тэр ингээд мал малласан юм уу, тэр янз бүрийн ажил хийсэн улсууд чинь бүгд л хөлс хөдөлмөр, ажилласан жилийг нь хэдэн жил ажилласан тэрийг нь яагаад л бидэнтэй адилхан л тэтгэвэр авч байгаа ш дээ. Нэгдэлд тэтгэвэр нь бага л байсан гэсэн. Тэр бас ч гайгүй юм шиг байна лээ. Манай 2 хөгшин, манай ээж бол 81000 төгрөг л авдаг байсан ш дээ. Тэр нэгдлийн гишүүн л байсан л байна лээ.
Ариун-Ундрах -
: Аан нэгдлийн гишүүн байсан хөгшчүүдэд бас тэтгэвэр өгөх үү?
Бүдханд -
Өгөлгүй яахав адилхан ш дээ. Улсад ажилласантай адилхан. Тийм, адилхан адилхан. Тэр чинь адилхан улсад хөдөлмөрлөж байгаа юм чинь тэр бичсэн дэвтэр, нийлсэн хийсэн юмнууд нь бүгд байдаг байхгүй юу.
Ариун-Ундрах -
: За хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгдэлжих хөдөлгөөний талаар юу цацдаг байсан бэ?
Бүдханд -
Ёстой тэгэхэд чинь бага байгаад мэдэхгүй ш дээ. Одоо тэр юу цацдаг байсан юм. Лав л “Намын үнэн”, “Хөдөлмөр” сонин “Залуучууд” гэж л ийм 3 сонин л мэдэх юм байна. “Утга зохиол” гээд л энэ 4 сонин. Тэр үед мэдэхгүй одоо юу бичиж байсан юм. Би тэр үед чинь хүүхэд байгаад мэдэхгүй ш дээ. Уншдаг ч үгүй л байсан байлгүй дээ. Тэр юугаа унших вэ дээ. Нэг их муу сайн энэ тэр мэдэхгүй юм. Эсрэг юм тийм нэг сүртэй юм болж байгаагүй байлгүй дээ. Манай нутаг гайгүй л байсан юм шиг байгаа юм. Тэгээд бас нэг их тоймоо алдсан олон мал хөрөнгө нэг их сүртэй юм байгаагүй биз дээ. Тэр Буриадууд чинь бас яахав өөрийн хэдэн мал л маллаж байсан байх. Нэг их дургүйцсэн хүн байхгүй л бүгд л нэгдэлд орсон л улсууд байдаг.
Ариун-Ундрах -
: Яг танай гэрийн хувьд бол хичнээн их малтай байсан бэ?
Бүдханд -
За мэдэхгүй ээ. Ерөөсөө манайх 100 орчим хоньтой л байсан байх. За нэг 50-иад үхэртэй л байсан байх.
Ариун-Ундрах -
: Тэгээд танайх нэгдэлд элссэн нь, яг танай гэр бүлийн хувьд ямар байсан бэ?
Бүдханд -
Манай ээж аав хоёр л байсан. Тэр хоёр юм яриагүй л бушуухан л элсчихсэн байсан. Тэр үед чинь нэгдэл ингээд сумын хэмжээгээр нэг нэгдэл байгаагүй байхгүй юу. Нэг баг гэхэд чинь тусдаа нэгдэл. Тийм жижиг жижиг нэгдэл. Лав л “3 баян” гэж нэгдэл байсан. Манай тэнд. Тэгэхэд чинь тэгээд сүүлдээ нөгөөдүүл чинь өө ерөөсөө олон жижиг хэрэггүй юм байна гээд нийлээд ерөөсөө сумынхаа нэг нэрээр “Хөдөлмөр” нэгдэл гээд л тэгээд л нэрлэгдээд л бүгдээрээ нийлсэн.
Ариун-Ундрах -
: За тэгэхээр тухайн нэг нэгдэл гэхээр дотроо яг ямар ямар бүтэц, зохион байгуулалттай вэ?
Бүдханд -
Аа тэр нэгдлийн дарга гэж байна. Санхүү эдийн засаг гэж байна. Тэгээд л орлогч гэж байна, аж ахуй. 3-4 тийм л юутай байсан байх даа лав. Аж ахуйн дарга л гэж лав мэдэх юм байна би. Нэгдлийн орлогч гэж мэдэх юм байна. Санхүү эдийн засаг байдаг. Тэгээд дарга нь гэж байдаг лав. Тэгээд өшөө юу байдаг юм мэдэхгүй. Сум юм чинь тэгээд сүүлд нь сум-нэгдэл болохоороо тэгээд намын хорооны дарга, намын орлогч гээд л байдаг байлгүй дээ тийм ээ?
Ариун-Ундрах -
: Сүүлд нь энэ нэгдэл тарж байх үеэр танд юу бодогдож байсан бэ?
Бүдханд -
Энд байгаад ёстой юу ч бодогдоогүй. Уул нь нэгдэл тарж байх үед чинь тэр мал ахуйг нь, нэгдэлд өмчилсөн юуг нь ингээд хувьчилж өгч байгаа юм гэнэ гэж дуулсан. Мэдэж л байсан л даа энд. Тэр 80-н хэдэн онд ч юм уу. Тэгээд юу яагаагүй ээ. Тэгээд аав ээжийн минь юм байсан л байхдаа. Тэгээд ер нь нутаг усандаа очвол тэр чинь нэр нь, ус нь бүх л юм нь хөдөлмөрлөж байгаад л ирсэн юм чинь байгаа ш дээ. Тэгээд очиж аваагүй. Нөгөө хуваарилсан юмыг нь. Тэгээд л өнгөрөө. Тэнд байсан. Тэгээд л нэгдэл тарах үед чинь яахав дээ малыг нь малчдад нь өгчихье өө л гэж байсан. Бүгдийг нь малыг нь өгч чадсан ч юм уу мэдэхгүй. Тэгээд тэр захиргаа, аж ахуй, тэгээд үл хөдлөх хөрөнгийг чинь тэнд хариуцаж байсан улсууд л авсан юм биш үү. Бодвол одоо ингээд жишээлэх юм бол энэ “Баянзүрх” сум-нэгдэл гэж байхад чинь одоо ингээд л нэгдлийн контор, тэгээд л энэ байшин сав юу ч байдаг юм, дотор нь байгаа хөрөнгө. Тэр үед тэгээд л юмнуудыг өөрснөө л авсан юм байгаа биз дээ. Бодвол ямар юмандаа шилжүүлэв гэж дээ. Тэрийг ямар малчинд нэг, малчинд л нэг дрож гаргаад өгнө гэж байхгүй. Нэг байшин гаргаад л өгнө гэж байхгүй ш дээ. Нэг тиймэрхүү л юм болсон шиг л юм байна лээ. Тэгээд яахав дээ тэр малаа маллаад, тэр орон нутагтаа байж байгаа улсууд нь нэг жоохон жоохон юм малаасаа хүртсэн л байх л даа. Тэр хувьчлалд 20 мал авлаа, 30 гаруй мал авлаа гэж улсууд ярьдаг юм байна лээ. Тэр малынхаа юугаар хувьчлалаар авсан малнуудаа өсгөж үржүүлээд тэгээд л амьдраад л одоо болтол яваа биз энэ улсууд. Тэгэж авч чадаагүй нэг нь зөндөө л байдаг байх. Лав л би тэр 2 ээж аавынхаа юмыг очиж авч чадаа ч үгүй.
Ариун-Ундрах -
: За таны бодлоор тэр нэгдлийг тараах нь зөв байсан уу? Буруу байсан уу?
Бүдханд -
Нэгдлийг яахав тараах нь нэгэнт цугларсан тэр эд хөрөнгийг яахав улсын өмч нэгдэл гэж байхгүйгээр яамаар ч байсан юм бэ дээ. Тэр нэг жоохон хувьчлал гээд буруу явагдсан л гэж би боддог юм. Нэг их хурдан тэгэж тараагаад, нэгэнт байгуулсан тэр их юмыг тараачих дээр чинь одоо тэгээд л энэ техник тоног төхөөрөмж хүртэл чинь одоо ингээд л энэ тариа будаа чинь ингээд л ямар ч эзэн байхгүй. Зэврээд л тэгээд хэвтэж байсан. Ямар ч тариан талбай тэр эзэн байхгүй ингээд л хэдэн жил хэвтсэн ш дээ. Харин нодлингоос хойш энэ Атрын 3-р аян зарласнаас хойш нэг эзэнтэй боллоо. Бид нар хичнээн их юм цуглуулж, хичнээн их хөрөнгө хүч энэ улс олон түмний хүчээр юм байгуулагдаж байсан гэж бодно.
Ариун-Ундрах -
: Тэгээд л үрэн таран хийчихсэн үү?
Бүдханд -
Үрэн таран хийгээд. Тэгээд л тэрийгээ эргүүлээд л олох гээд л тэр чинь одоо өдий төдий үнэтэй. Тэр үед чинь яахав дээ Оросыг муу хэлж байгаад л тэр нэг зээлэнд оруулж зөндөө л комбайн авч ирж л байсан байх. Тэгээд энийг чинь хамаагүй тэгэж тараагаад бусниулчихад бас арай л эртэдсэн юм болов уу. Буруу л болсон л болов уу л гэж боддог юм. Бид нар бол тэгэж тэгэж тэгэх байсан гэдгийг мэдэхгүй ш дээ. Бид нар бол мэдэхгүй. Тэгээд арай л буруу болсон шиг санагддаг юм.
Ариун-Ундрах -
: Тэр соёлын довтолгоо болохоор таныг бага сургуульд байхад л болсон уу?
Бүдханд -
Соёлын довтолгоо гэдэг чинь 50-н хэдэн оноос л болсон юм. Тэгээд соёлын довтолгоо гэдэг чинь улсыг чинь яахав, ард түмний чинь эрүүл ахуй, тэгээд л бүх л юм л яаж байгаа юм л даа. Тэр улсуудын соёлжилт, ахуй амьдрал, тэгээд л бүх л юм ордог юм. Тэр чинь бас зүгээр л юм байна лээ ш дээ. Тэгсний ач хүчээр л тэгээд л манай Монголын ард түмэн чинь бас овоо соёлжсон ш дээ.
Ариун-Ундрах -
: Тэр соёлын довтолгоо ер нь бүр анх яаж, ямар хэрэгтэй гээд ямар хүмүүс үндэслэж, энийг улсаас зохион байгуулсан уу?
Бүдханд -
Улсаас л зохион байгуулсан. Ер нь цаанаас л тэгээд л соёлжуулах соёлын ... Ер нь нэг манай Монгол улс ч жоохон тийм хоцрогдсон л байсан юм биз дээ. Тэгээд л тэрийг ер нь тэгэж шаардлагатай бас л нөгөө нийгмийн хөгжил бас шаардаж байгаа байхгүй юу тэрийг.
Ариун-Ундрах -
: Тэгэхээр энэ соёлын довтолгооны үеэр ямар ямар салбарт чухал өөрчлөлтүүд гарсан бэ?
Бүдханд -
За за соёлын довтолгоо гэдэг чинь бичиг номтой болсон. Тэгээд л эрүүл ахуй, энэ эмчилгээ, эмнэлэг. Тэгээд л одоо бүх л энэ сургууль соёл бүх л юм орно ш дээ.
Ариун-Ундрах -
: Эрүүл мэнд, боловсрол тийм ээ?
Бүдханд -
Тийм, боловсрол.
Ариун-Ундрах -
: Тэгэхээр энэ соёлын довтолгооны үеэр тэр хүмүүсээс ер нь юу юу шаардах уу?
Бүдханд -
За яахав тэгээд л ойр зуурын л юм шаардан ш дээ. Тэгээд л шүдээ угаа, тэгээд л нүүр гарын алчуур, тэгээд л ор дэвсгэр, тэгээд л төмпөн сав энэ л гэр ахуйн, хүний бүх л хэрэглэдэг юмыг чинь одоо эрүүл сайхан байх ёстой. Айл тийм юмтай байх ёстой. Тийм л юм шаардана. Тэгээд л адгийн наад зах нь бичиг үсэгтэй байх ёстой.
Ариун-Ундрах -
: Тэгэхээр нөгөө айлуудыг шалгаж гэрээр нь явдаг байсан гэсэн үү?
Бүдханд -
Гэрээр нь явдаг байсан, тийм. Гэрээр нь явна. Танайх тийм юм байна уу? Хэдэн ам бүлтэй вэ? Тэдний юм байна уу? Одоо үгүй дээ л 5 ам бүлтэй айл гэхэд чинь 5 нүүр гарын алчуур байна уу? хүн бүр тусдаа.
Ариун-Ундрах -
: Аан хүн бүр нэг алчууртай юм уу?
Бүдханд -
Аан тэгэлгүй яахав. Тэгээд тусдаа бас гадны хүний арчих алчуур байна ш дээ. Бүх л соёлын юмнуудыг шалгана. Шаардана даа. Тэгээд тэр улсууд чинь өөрснийхөө хүч бололцоогоор тэгээд л болно. Үгүй дээ л нүүр гарын угаалтуур, гоожуур угаалтуур
Ариун-Ундрах -
: Тэгээд хүмүүс бол өөрсдөө идэвхитэй оролцох уу?
Бүдханд -
Аа идэвхитэй оролцоно, тийм. Идэвхитэй тэгнэ л гэнэ. Эсэргүүцдэг хүн гэж нэг байхгүй.
Ариун-Ундрах -
: Тэгээд тэр шалгалтын үеэр нөгөө шаардлага хангаагүй хүмүүсийг яадаг байсан бэ?
Бүдханд -
Яах ч үгүй л дээ. Тэр үед ямар торгоод л тэгээд л сүйд болоод л байх юм биш. Тийм тийм юмыг нь шаардчихаад л дахиад нэг ирэх дээр чинь 2 удаа болох дээр чинь тэр юмаа биелүүлчихсэн л юмаа хийчихсэн. Өөрснөө шаардлагатай юмыг улсууд чинь бас ухамсраараа мэддэг юм байна лээ ш дээ бас. Тийм байх ёстой юм байна. Ер нь нийгэм маань ингэж шаардаж байна. Ер нь бид нар энэ хуучнаасаа салах цаг болсон байна. Тэгээд л тэртээ тэргүй нэгдэл тэр 60-н хэдэн онд чинь тэгээд л соёлжилт ер нь цаанаас нь шаардаад л улсууд чинь өөр болох юм байна лээ ш дээ. Ингээд олон малтай нэгдлийн нэг хоньчин малчин айл байлаа гэж бодъё л доо. Тэгэхэд чинь тэр аварга сайн хоньчин айл байсан. Залуухаан 20-н хэдтэй айл, хоёулаа хүмүүс. Тэгээд тэр ингээд тэр малдаа тэжээл өгдөг. Дандаа өнөө тэр үед чинь нөгөө ийм Оросын цагаан төмпөнгүүд, ийм 13-ын төмпөнгүүд, тийм сайхан төмпөнгүүдээр малдаа тэжээл өгч байна гэж бүр ярьж байсан ш дээ. Үгүй ээ ямар сайхан байна аа тэр ёстой тэр улсуудын амьдрал ёстой сайхан байна аа. Тийм сайхан сав суулганд малынхаа тоогоор ингээд тавьчихсан байна. Хүн ажил хийж байвал хүний хөдөлмөр чинь өөрийгөө амьдруулаад ирдэг байна ш дээ. Тэр чинь мөнгө төгрөгтэй болж байна. Тэрийг чинь нэг төмпөн авахад чинь л хэдэн төгрөг. Тэр үед хямд л байсан байлгүй. Тэгэхэд чинь мөнгөгүй бол яаж авах вэ? дээ тэ? Тэр чинь ажил хийснийхээ хөдөлмөрийн үр шимээр хүн чинь мөнгөтэй, амьдралтай байж байгаа байхгүй юу.
Ариун-Ундрах -
: Тэгээд энэ соёлын довтолгоон чинь ер нь хэр удаан үргэлжилсэн зүйл вэ?
Бүдханд -
Өө тэгээд л нэг ер нь 2 жил. Тэдээс тэдэн онд тэр чинь заана ш дээ. Тэгээд бас миний тэр 60 гаруй онд ойн аж ахуйд ажил хийж байхад бас нэг соёлжилт юу ч билээ дээ. Бас нэг арай Цэдэнбалын нэрэмжит л гээгүй байгаа даа. Нэг тийм сайхан үзлэг явагдсан юм. Бас тийм.
Ариун-Ундрах -
: Тэр нь яах уу?
Бүдханд -
Тэр болохоор бас нэг соёлжилтын талаар юм даа. Бас л айлуудаар яваад ингээд ийм янз бүрийн шкаф, хананд хадаас шаалгахгүй. Хадаас шаавал ер нь их бүдүүлэг гэнэ ээ. Тэр хадаас бол ерөөсөө тэр соёл биш. Соёлгүй юм байна л даа. Тэгээд энэ хананд, тэгээд шкафандаа хүртэл нэг хадаас шаагаад ингээд хувцас хунараа өлгөдөг ш дээ. Тийм хадаас байх ёсгүй.
Ариун-Ундрах -
: Бүр нарийн.
Бүдханд -
Тийм. Тэгээд нэг бүүр соёлжилт мундаг тийм бүр явсан. Тэгээд тэр чинь бүр гэрчилгээ, соёлч айл гээд л гэрчилгээ өгөөд явж байсан юм.
Ариун-Ундрах -
: Бүр нарийсчихсан юм байна тэ?
Бүдханд -
Тийм. Улам нарийсаад. Тэр чинь бүр сүүлдээ нарийсаад бүр захиргаа, тэр дарга нар бараг л тэр захиргааны л талын улсууд бараг шалгаж яваа юм шүү сүүлдээ.
Ариун-Ундрах -
: За тэгэхээр таны амьдралд энэ өнгөрсөн 2 нийгмийн тухай та харьцуулж ярихгүй юу?
Бүдханд -
За яахав энэ одоо зах зээлийн нийгэмд шилжлээ. Тэгээд социализмаас зах зээлийн нийгэмд шилжихэд үгүй ээ яахав дээ харьцуулахад бол яахав ажил олдохгүй энэ залуучууд бас л хэцүү л байна. Тэгээд ажил олдохгүй гээд ингээд гараа хумхиад байж болохгүй. Тэр иргэн хүн өөрөө өөртөө ажил одоо гаргах хэрэгтэй байна ш дээ. Ажил хөдөлмөр ингээд эрхлээд. За яахав нэг албан газар ороход танд таараха ажил байхгүй ээ гээд. Одоо нэг 30-40 настай улсууд чинь хөгшин гээд ажил бүр олдохгүй байна ш дээ. Та нар бол яахав сургууль соёл төгсөөд нэг 20-н хэдтэй улсууд бол юун магад л даа. Тийм ажил олдохгүй бас нэг хэцүү байна аа. Тэр ажил олдохгүй гээд ингээд бас сууж болохгүй. Өөртөө ажил гаргаж л ажил юм хийж, мөнгө олох л, амьдрах хэрэгтэй болоод байна ш дээ. Ажил хийгээгүй хүн бол амьдрах арга байхгүй. Тэгээд л одоо ингээд хэцүү үе. Янз бүрийн юм хийхэд чөлөөтэй сайхан байна шүү дээ. Энэ чинь одоо тийм юм тэглээ, ийм өмч хөрөнгө үрэгдүүлчихлээ гэх юм байхгүй. Тэгээд өөрийнхөө эрхэлж байгаа юмыг хүн чинь арвижуулаад өсгөөд ингээд ямар ч болж болох юм. Социализмын үед яахав ээ хүн хийснийхээ хэрээр, хөдөлмөрлөсний хэрээр хөлсөө авч л байсан. Тэгэхдээ бас яахав улсаас бас нэг жоохон бэлэн юм өгдөг нь өгдөг л байсан. Тэгэхдээ ядуучуудад тийм юм, тэтгэвэр, тусламж, зээл тийм юм ингээд бас өгч байгаагүй л дээ. Ажил хөдөлмөр хийж байсан улсууд нь мөнгө төгрөгөө аваад. Ажилгүй хүн ч гэж байхгүй тийм л байсан. Тэгээд энэ хоёрыг харьцуулахад ер нь тэгээд л нэг дүндээ л дүн байх шиг байна. Яахав манай улс хөгжих нь хөгжиж байна аа. Гэхдээ харьцуулахад бол ер нь тухайн тэр юм тэгээд адилхан л байдаг гэж би боддог ер нь. Тэр үеийн хөгжил бол бас тухайн үедээ улс нийгмийнхээ үед болж л байсан. Энэ үеийн хөгжил бол бас дээшээгээ энэ чинь дээшээгээ л явах ёстой ш дээ энэ хөгжил гэдэг. Хөгжих гээд л бас хөгжих л байх л даа. Харьцуулахад тэгээд тийм л байх юм. Ажилгүй улсууд нь их болчихоод нийгмийн халамж нь бас их болчих дээр улс орон ч бас хэцүү. Тэр ажилгүй байгаа улсууддаа дэмжихгүй туслахгүй юм чинь яах аргагүй туслаж дэмжихгүй бол болохгүй байна ш дээ. Тахир дутуу улсууд байна. Энэ чинь одоо бүр 2 хөл байхгүй ингээд цээж болчихсон улсууд байна, гар хөлгүй улсууд байна. ямар ч хөдөлмөрийн чадвар яах ч аргагүй нилээн улсуудыг чинь бас халамжлахаас арга байхгүй ш дээ. Ер нь тэгээд дүндээ дүн л болчихоод байна. Тэгэхдээ тэгээд хөгжих л байх л даа. Бид нар социализмын үед л хөө нөгөө Америкт чинь ажилгүй улсууд байдаг гэнэ. Яана аа гэр оронгүй улсууд байдаг гэнэ. Тэр яагаад тэгдэг юм. Тийм юм байдаг юм уу гээд бүр гайхдаг байсан ш дээ. Тэгээд одоо энэ нийгэм чинь нийгмээ л дагахаас өшөө арга байхгүй л дээ.
Ариун-Ундрах -
: За ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Бүдханд -
За би их баярлалаа. Таны ажил үйлс их амжилттай байх болтугай.
Ариун-Ундрах -
: За танай гэр бүлд аз жаргал хүсье ээ.
Бүдханд -
За их баярлалаа.
Ариун-Ундрах -
: Заа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.