Jambajav
![](../assets/images/interviewees/990387.jpg)
Basic information
Interviewee ID: 990387
Name: Jambajav
Parent's name: Choidash
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1933
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired, teacher, director of lessons
Belief: Buddhist
Born in: Hujirt sum, Övörhangai aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
collectivization
herding / livestock
authority
NGOs
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Жамбажав гуай.
Жамбажав -
Сайн. Сайн байна уу? Ажил нь сайн уу? миний хүү за.
Ариун-Ундрах -
Сайн байна аа. Ажил сайн байна. За та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?
Жамбажав -
Зөвшөөрч байна аа.
Ариун-Ундрах -
За танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Жамбажав -
За би 1933 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт Цагаан толгой гэдэг газар төрсөөн. За тэнд нутагтаа 6 нас хүртэл байж байгаад аав ээжийнхээ хамт энэ Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг 10-р бага гэж байсан Бөхөгийн голд ирж тэнд бага насаа сургуульд ортлоо бол өнгөрөөгөөд. Тэгээд 8 настай Төв аймгийн Сэргэлэн сумын бага сургуульд орж Сэргэлэн сумын нутагт 1 жил өвөлжчихөөд Төв аймгийн төв дээр ирж 2-р ангиасаа эхэлж сургуульд суралцаад 1949 онд Төв аймгийн 7 жилийн сургууль гэж байсан даа тэр үед. Тэгээд 7 жилийн сургуулийн 7-р ангийг 1949 онд төгссөн. 1949 онд төгсөөд 1950 оноос энэ Төв аймгийн Баянзүрх сумын бага сургууль гэдэгт энэ одоо Налайхын Туулын голын наад талд хуучин байсан юм. Баянзүрх сум нэгдэл гэж. Тэнд 1 жил ажиллаад тэгээд 51 ондоо Төв аймгийн Галтбадрах сум гэж байгаад сүүлдээ одоо Заамар сум болоод байгаа даа. Хуучнаар бол Галтбадрах сум гэж. Тэнд 1959 он хүртэл бага ангийн багшаар ажиллаад. Тэгээд энэ хугацаанд 1956-1959 он хүртэл багшийн сургуульд суралцаж, тэгээд 1959 оноосоо дахиад Улаанбаатар хотын 3-р 10 жилд бага ангийн багшаар 1961 он хүртэл ажиллаад, тэгээд 1961 оноос багш нарын 3-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдоод, тэгээд цаашдаа сургуульд суралцахаар өргөдөл өгсөн боловч одоо их суралцуулсан, одоо 2-3 жил ажилла гээд зөвшөөрөөгүй. Тэгээд 1963 онд улсын багшийн дээд сургуульд орж суралцаад 4 жил суралцаж 1967 онд монгол хэл, уран зохиолын багшийн ангийг төгсөөд тэгээд Налайхад ирсэн. Тэгээд Налайхад ирснээсээ хойш одоо 42 жил болж байна. Тэгээд Налайхад анх ирээд энэ одоо “Голомт” цогцолбор гэж байгаа. Энэ тэр үед бол нэр нь өөр байлаа. 1-р 10 жил гэж. 1-р 10 жилд нэг хагас жил хэрээтэй. Тэгээд 8-р анги өгсөн. 8-р ангийг дааж байтал 1968 оны 2 сараас ажилчин залуучуудын оройн сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажилла гээд ингээд томилолтоор оройн сургуулийн хичээлийн эрхлэгчээр 1971 он хүртэл ажиллаад. Тэгээд 1971 оноос одоо “Эрдмийн оргил” нэртэй сургууль байна. 100-р сургууль гэж. Энэ сургуульд 1984 он хүртэл хичээлийн эрхлэгчээр ажиллаад. Тэгээд 1984 оноос өөрийнхөө хүсэлтээр 3-р 8 жилд мэргэжлийн ажлаа хийж, 1991 он хүртэл тэнд хэл уран зохиолын багшаар ажиллаад. Тэгээд 1991 оноос насны тэтгэвэрт гарч одоо тэгээд насны тэтгэвэрт гарснаасаа хойш ардчилал ч үүслээ. Би тэтгэвэртээ гарлаа. Тэгээд хөдөө энэ Гандан аманд хоёулаа гэр энэ тэр төхөөрөөд тэгээд одоо гэр бэлтгээд тэгээд хөдөө гарч Гандан аманд нэг 10 жил байлаа. Тэгээд 1991-2001 он хүртэл энэ хооронд нэг үхэртэй, хэдэн хонь бог малтай ингээд хоёулаа хөдөө гарч амьдарсан. Энэ хугацаандаа бас тэгээд 5-р хорооны 3-р хэсгийн даргаар 2001 он хүртэл ажиллаа. За тэгээд хэсгийн даргаар ажиллах хугацаандаа бас Гандан амны байгаль хамгаалагчаар ажиллаж. Тэгээд 2000-2004 он хүртэл одоо бол Гордок гэж нэрлээд байгаа энэ Налайхын 5-р хорооны иргэдийн хурлын даргаар сонгогдож 4 жил ажиллаад. Тэгээд 2004 оны сонгуулиар ажлаа өгөөд. Тэгээд одоо энэ дотор шугамын хороодоор явдаг микрот одоо хуучнаар диспичер гэж ярьдаг. Одоо энэ цаг бүргэгч л юм даа. Энд ажиллаад л иймэрхүү л ажилтай л миний явсан түүх иймэрхүү замналтай л явж байна даа хүү минь.
Ариун-Ундрах -
Одоо хүртэл ажиллаад л байна уу?
Жамбажав -
Одоо хүртэл ажиллаж л байна. Тийм. Ер нь бол багшийн ажлыг 40 жил хийгээд гарсан.
Ариун-Ундрах -
За тэгэхээр хоёулаа таны амьдралыг бүр эхнээс нь дэлгэрүүлж ярья гэвэл та өөрийнхөө төрж өссөн гэр бүл, ээж аавынхаа тухай ярьж өгөхгүй юу?
Жамбажав -
За миний ээж аав хоёр бол аав бол Чойдаш гэж энэ Өвөрхангайн Хужирт сумын хүн байлаа. Ээж ч мөн Хужирт сумын хүн Сүрэн гэж. Тэгээд ээж аав хоёр маань наашаа ах дүүс нь энэ Төв аймгийн нутагт ингэж шилжиж ирсэн учраас тэд нарыгаа бараадаад намайг бага байхад бол наашаа шилжиж ирсэн юм байна лээ. Аа гарал нь бол ерөөсөө л малчин хүмсүүд. Хэдэн цөөн малтай, тэрүүгээрээ амьдардаг ийм л хүн. За би бол яахав малчин гаралтай боловч сургууль соёлоор явж байгаад багшийн ажил хийгээд ингээд сэхээтний юу руу орсон. Аа одоо бид хоёр чинь нэг 10 хүүхэдтэй. Тэгээд ингээд хүүхдүүд бол тус тусдаа яахав зүгээр нэг хувийн ажил эрхлээд, зарим нэг нь ч яахав ажил хийгээд ингээд л тус тусдаа гараад явчихсан. Тэгээд хувиараа бол одоо би нэг жаахан хэдэн ногоо тарина. Өөрийнхөө идэшний, одоо хэрэгцээнд хэрэглэх ногоогоо тарьж иднэ. Аа нэг 60-70 мод тарьсан. Тэрнийгээ өнөө усална, арчилна. Аа хөгшин бол одоо бас яахав нэг Буриад гутал уллана. Ингээд л одоо тэтгэврийнхээ хэдтэй, арай зүгээр суухгүй нэг ийм амьдралтай л ажиллаж байна даа.
Ариун-Ундрах -
Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?
Жамбажав -
Миний хүүхэд нас одоо ер нь жирийн хүмүүсийн л малчин хүний хүүхэд ямар байсан бэ? Сургуульд орохоосоо өмнө одоо хонио хариулна, ээждээ одоо үнээ эвэлгэж өгнө. Өглөө эрт ээж үнээнд үхэртээ гарахдаа намайг дуудчихаад тэгээд би хувцаслаад л тэр үед чинь одоо хөл нүцгэн гүйгээд гарна. Аа хөл даарахлаар нь үхрээ саах үнээгээ босгочихоод, дулаан хэвтэр дээр нь хөлөөрөө нэг гишгэчихээд жаал зогсож байгаад ингээд ээждээ үнээ эвэлгэж өгдөг байлаа. Сүүлдээ хонь, хурга хариулна. Ийм ажилтай байж байгаад сургуульд ороод. Тэгээд сургуульд орсноос хойш бол ер нь зуны амралтаар бол яахав ээж аав дээрээ байж байгаад л 1950 он хүртэд ер нь ээж аавынхаа гар дээр л бараг тусдаа гараагүй. Тэгээд л тийм л амьдралаар байж байгаад л манай Монголын малчдын хүүхэд ямар амьдралтай байсан бэ? Малчид ямар амьдралтай байсан бэ? Тэр л дэг журмаар л, жаягаар л явж байгаад ингээд өдий хүрсэн дээ.
Ариун-Ундрах -
За та тэр үеийн хүүхэд ба эцэг эх хоорондын харилцааны талаар юу ярих вэ?
Жамбажав -
Тэр үеийн хүүхдүүд бол ерөөсөө л эцэг эхийн үг л одоо ерөөсөө л хууль. Эцэг эхийнхээ одоо юу гэж л хэлнэ л эцэг эхийн үгнээс гардаггүй байлаа. Аа эцэг эхийнхээ дэргэд гадны зочин гийчин байж байхад бол тэр гэртээ цуг зочинтой цуг ээж аавынхаа дэргэд ингээд л энэ тэнд нь гараад суугаад л яваад байдаггүй байлаа. Тэгээд л ээж яг л өнөө нэг үггүй зэмлэсэн хайраар гэж харсаар гэдэг шиг л одоо аав ээж л хүн орж ирж байхад, хүн одоо зочинтой байхад ороод ирэх юм бол нүднийхээ харцаар харахад л тэгээд л гараад яваад өгнө. Ийм л хүмүүжилтэй. Их даруулгатай. Тэгээд одоо тэр үед эцэг эхийн сургаал үгнээс гадна тэр үеийн ахмад хүмүүсийн үгийг бас бол ерөөсөө их хүлээж авна. Тэр үеийн ахмад одоо нэг жаахан хүүхдийн цагаан сэтгэлээр жаахан зүггүйтсэн ч гэсэн айл аймгийн настай хүмүүс алгадаад авсан ч бид нар бол тэгээд л нэг уйлаад юм уу уйлахгүй ч гэсэн тэгээд цаашаа эргээд л явна. Эцэг эх ч өмөөрнө гэж байхгүй. Болж, сайн одоо наадахаа сайн алгадаад ав, цохиод ав гэх маягийн харин ер нь дураараа одоо тэгэж нэг хамаагүй зоргоороо байдаггүй. Тэгэхдээ энийгээ бол бид нар эцэг эхээ хүндэлдэг, ахмад хүнийг их хүндэлдэг ийм байсан учраас бол одоо миний л буруу байна гэж ойлгохоос биш тэр бусад хүмүүс рүү бол одоо бурууг нялзаах тийм юм бол байдаггүй байлаа. Бид нар бол тийм. Тэр л хүмүүжлээрээ яваад л тэгээд л хүүхдээ ч гэсэн тэр л хүмүүжлээр л одоо тэгээд л манай хүүхдүүд ч гэсэн одоо биднийг юу гэж хэлнэв тэрүүгээр л тэгээд л хүмүүжиж сурсан ийм л замналаар явлаа даа.
Ариун-Ундрах -
За та бас хүүхэд байхдаа ямар ямар тоглоомоор тоглож нааддаг байсан бэ?
Жамбажав -
Биднийг хүүхэд байхад чинь одоо шагай их тоглодог байлаа. Ерөөсөө шагайгаар чинь одоо алаг мэлхий өргөнө, 4 бэрх хаяна, аа ... няслана. Ер нь гол тоглоомууд бол тэр л байлаа даа. Тэгээд ээж аав бол ахмад хүмүүсийн сургаалийг их хэлж өгнө. Ер нь сайн явбал санааных. Өөрийн санаагаар л одоо хөдөлмөрлөж сур, ажил төрөл сайн хий гэж ингэж л сургасан. Тэр сургаалийг л одоо ч гэсэн энэ ээж аавынхаа сургаалийг санаж, ер нь болвол зүгээр байхгүй юмсан, хөдөлж л байя гэсэн энэ үндсэн дээр л тэгээд ногоо тарих, мод тарих ийм ажлуудыг л одоо гардан хийж л ингэж л явна даа.
Ариун-Ундрах -
Тэр үеийн Монголын уламжлалт баярууд хэрхэн болдог байсан бэ?
Жамбажав -
За уламжлалт баяр чинь одоо Монголын цагаан сар гэдэг чинь бас нэг хэсэг тасарлаа. Цагаан сар хийдэг байсан. Сүүлдээ бол цагаан сарыг чинь хориглоод нэгдэлчдийн баяр гэж ингэж хийж байлаа. Аа нэгдэл анх одоо 1953 оноос эхлээд л 1959 он хүртэл нэгдэлжих хөдөлгөөн гэж Монгол даяар нэгдлүүд байгуулагдаж. Би бас Төв аймгийн одоогын тэр Заамар сум. Энэнд нэгдлийн гишүүн болж байлаа. Тэгээд нэгдлийн гишүүн болох хүн бол, бид нар тэр үед нэг 4 багш бас нэгдлийн хөдөлмөрт, нийгмийн тустай хөдөлмөрт оролцоно гэж үхрийн фермийн саравч барьж зуныха амралтаар. Ингэж нэгдэлжих хөдөлгөөнд оролцож элсэхдээ өргөдөлөө өгөөд 25 төгрөгөөр нэгдэлд орсон. Ингэж нэгдлийн гишүүн болж байгаад яахав тэгээд тэнд байхад нэгдлийн гишүүддээ бас мах сүү хөнгөлөлттэй үнээр энэ тэр өгнө, багш нарт. Тэгээд яахав Улаанбаатар хотод шилжиж ирснээс хойш тэгээд л нэгдэлдээ ч эргэж очсонгүй ингээд л өнгөрсөн дөө. Ийм л амьдарлаар л явлаа.
Ариун-Ундрах -
Аа нэгдэлд ороход бас 25 төгрөг өгдөг юм уу?
Жамбажав -
Тийм, 25 төгрөгөөр элсэнэ, малгүй хүн. Бид нар чинь багш нарт бол мал гэж юу байх вэ дээ. Зүгээр л одоо эндээ очсон хүүхдүүд л байгаа ш дээ. Нэг 16-18-тай хүүхдүүд л очсон. Тэгээд л тэр нэг 4 багштай. Аа тэгээд л бидний чинь үед бас ажил бол шаардлага их өндөр байлаа ш дээ. Орой нь ингээд үдээс өмнө бол хичээлээ хийгээд 4 цагийн хичээлээ хийчихнэ. Аа тэгээд нэг өдөр бол багш нар ээлжлээд жижүүр хийнэ. Жижүүр багш бол дотуур байрны бүх асуудлыг хариуцна. Дотуур байртай. Дотуур байрны хүүхдүүдийг хагас бүтэн сайн өдөр таарах юм бол усанд оруулна. За хоол унд, хувцас хунар, гадаа орны хэрэглэл, гудас, хөнжлийг нь гадаа тавиулна, шороо тоосыг нь гөвүүлнэ. За жижүүр багш бол дотуур байрны хүүхдийн хоолыг болчих дээр зэрэг заавал амсаж үзэж байж одоо энэ хоол бол хүүхдэд өгч болох уу? Үгүй юу? гэдгийг зөвшөөрөл өгнө. Тэгээд үдээс хойш болох дээр зэрэг хүмүүжлийн ажил өнөө дугуйлангууд явагдана. За тэгээд л дууны, шатрын, даамын, бүжгийн янз бүрийн дугуйлангууд явагдана. За тэгээд орой болохлоор 7 цагаас эхлээд хичээлийн бэлтгэл хийнэ. Яг сууж байж хичээлийн бэлтгэлээ хийгээд оройн 19 цагаас өмнө 19 цагийн үед юм уу хичээлийнхээ бэлтгэлийг захиралд шалгуулж батлуулна. Ингэж байж ажилд орно шүү дээ, маргааш нь. Тэгээд тэгэж ажиллаж байлаа даа. Тэгээд яахав 81 онд ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан. Аа боловсролын байгууллагад ажиллаад их хуралд нэг удаа суулаа. За иймэрхүү л ажил хийж явлаа даа.
Ариун-Ундрах -
Та бүр анх бага сургуульд орж байсан тухайгаа ярьж өгөхгүй юу?
Жамбажав -
Бага сургуульд Сэргэлэн сум гэдэг чинь Төв аймгаасаа урагшаа нэг 40-өөд км-ийн зайд байсан юм. Ганц худаг гэдэг газар. Тэгээд тэнд бол анх сургуульд очоод дотуур байранд суусан. Дотуур байранд чинь тэр үед гэрт хичээллэнэ. Дотуур байрны хүүхэд ч гэрт, хичээл ч гэрт хичээллэдэг. Тэгээд дотуур байранд чинь ингээд нэг 5-6 хүүхэд нэг гэрт байна. Ингээд ор тавиад өгчихсөн. Нэг нь бол байрны тасгийн дарга. Өө тэрний арай жаахан ахмад, бас тэр үед чинь хүүхэд бол сургуульд бараг зарим нь 11-12-той ч байхдаа ордог байлаа ш дээ, 1-р ангид. Тэгээд арай бас нэг сургуульд 8 настай ороогүй хүүхдээс нь дарга тавьчихсан. Тэгээд биднийг чинь орон дээр ингээд 2 гарыг зөрүүлж тавиулаад суулгачихна. Дөнгөж 1-р ангид орсон хүүхэд чинь одоо яахав тэгээд л тэгдэг л юм байх гээд сууж байна. Тэгээд л бие засахдаа хүртэл ингээд гараа өргөөд бие засъя гэнэ. Тэгэхээр жагсаалаар аваад тасгийн дарга, байрны дарга жагсаагаад бие засуулна. Тэгээд 1 жил болж тэгэж 1-р ангиа төгсөөд хойтон жил нь Төв аймгийн 7 жилийн сургууль гэж байсан. 7 жилийн сургуульд ирж суралцахад бас гэрт хичээллэж байсан. Аа төв аймгийн тэр 1-р 10 жилийн сургуулийн барилгыг нөгөө олзлогдсон Японууд тэр барилгыг барьж байсан. Тэгээд бид нар бол гэрт хичээллэж нэг 200-ын торхоор зуух хийгээд тавьчихсан. Аа тэгээд л өглөө тэр сургууль бол галчтай. Сургуулийн галч гэж байх. Тэр галч өглөө эрт ирж 4-5 цагийн үед бараг ирж галлана. Гэхдээ бол гэр бол тийм амархан бүлээцэхгүй, том торхтой юу. Тэгээд бид нар чинь бол одоо их яана ш дээ. Черниль бол хөлдчихнө. Хичээлээ бичих гээд л ингээд эхний 2 цаг бол ерөөсөө л чернилиэ гартаа атгачихаад л ийм чернильний сав байлаа. Тэрнийгээ ингээд гадуур нь гэр хийгээд, даавуугаар гэр хийлгээд. Тэгээд өнөөхөө нэг гартаа атгачихаад л нэг дүрээд бичиж байгаад л хөлдөхлөөр нь амандаа нэг үлээчихээд л. Тэгэхэд бас бид нарыг чинь хичээлийн хэрэглэлгүй, нөгөө дайны үе. Тэгээд хичээлийн хэрэглэл их ховор. Аа гэхдээ 8611 гэсэн номерийн үзгээр бичүүлнэ. Нэг шар гуулин үзгээр. Тэгээд үзэгний иш гэж одооныхтой адил олдохгүй шүү дээ. Тэгээд нэг мод зороод юм уу энэ зэргийн мод зороод өнөө үзгээ утсаар ингээд ороогоод бүр сайн бэхэлчихээд л. тэгээд л элементээр бич гээд өнөө даралтаар ингэж бичдэг үзгээр чинь яг элементээр бичүүлж сургана. Бид нарын үзэг тийм үзэгтэй байлаа. Тэгээд чернилиэ үлээчихээд л ингээд л гэрт хичээллэдэг ийм л амьдралтай. Сургуулийн анхны одоо манай боловсролын байгууллагын анхны яахав дээ тэр чинь одоо одоотой адил юу байх биш. Дөнгөж байгуулагдсан, олон жил болоогүй. Дайн болсон. Юм юм ховор тийм л байлаа. Бид нар чинь одоо манай ээж намайг нэг анх сургуульд ороход 2000 метр цагаан ёмбуу. Одооны энэ цагаан ёмбуу байна ш дээ, гэрийн бүрээс хийгээд байгаа. Энэ цагаан ёмбуугаар чинь өмд, цамц хийж өгч. Сургуульд орох гэж байгаа нь их л гоё хувцастай очиж байгаа нь тэр. Тэгэж очиж байсан юм. Тэгээд санаанаас тэр багын юм гардаггүй юм. Одоо бол юм элбэг дэлбэг, сурах боломж бол их хангалттай сайн болж дээ. Ёстой эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг л болсон байна одоо бол. Тэр үеийн багш нар нь ямар хүмүүс байсан бэ? Багш нар чинь ерөөсөө л 4-р анги төгссөн хүүхэд, аа 7-р анги төгссөн хүүхэд хоёр чинь л одоо багшилж байлаа ш дээ. 7-р анги төгссөн хүүхэд бол одоо нилээн бас боловсролтой, бүрэн бус дунд боловсролтой хүүхэд. Тэгээд би бол 7-р анги төгссөн багш байлаа. Анх бага ангийн багш байхдаа. Аа 4-р анги төгссөн хүүхдүүдээс чинь бас эхлээд нэг бичиг үсгийн багш гэж. Одоо тэгэхэд чинь манайхан чинь өнөө бичиг мэдэх явдал бол 100% болоогүй байлаа ш дээ тэр үед. Тэгээд өнөө одоо хөдөөний чинь саальчин, малчин ийм улсууд чинь бичиг үсгээ мэдэхгүй тэгээд тэдний чинь одоо өдөрт 2 цагаар ч юм уу өнөө Чимид багш гээд нэг кино гардаг биз дээ. Одоо тэр л бичиг үсгийн багш гээд. Тийм бичиг үсгийн багш хийж байлаа. Тэгээд 1959 онд хүртэл би гэхэд бага ангийнхаа багшийг хийхийн зэрэгцээгээр миний хичээл үдээс хойш ордог байсан. 3-р сургуульд ажиллаж байхад, 1959-1963 он хүртэл. Тэгэхэд чинь тэр 7 буудлын тэр лүү нөгөө гэрийн ажилтай хүмүүс чинь үдээс өмнө бичиг үсэг заа гээд тэнд явуулчихдаг байсан ш дээ. Тэгээд тэнд чинь 2 сар энэ тэр хичээл заана. Өнөө 35 үсгийг чинь нүдлүүлээд, холбуулаад, уншуулаад, дараа нь шалгалт аваад. Тэгээд яахав нэг 5-8 алдсаныг нь яахав тэгээд тайлагдсан гэж дүн тавиад. Тэгээд тэгэхэд соёл түгээгч гэж бас тэмдэг өгч байлаа. Тэр бичиг үсгийн багш хийгээд. Тийм тэмдэгээр аа нэг их соёл түгээгч багш болчихсон гээд л тэмдгийг нь зүүчихээд л нэг хэсэг тэгэж ингэж л явлаа даа хүү минь.
Ариун-Ундрах -
Дотуур байранд байх хэцүү байсан уу? Үгүй юу?
Жамбажав -
Дотуур байранд байхад гайгүй. Гэрээ жаахан санана. Тэгээд сумын төвд нэг одоо 7 хоноод л бүтэн сайн өдөр байрны хүүхдүүдийг жагсааж очоод сумын дэлгүүр дээр дагуулж жагсаалаар нь аваачаад. Одоо энэ цэргүүд шиг жагсаачихаад явна. Тэгээд нэг 5-6 чихэр юм уу даа. Арай л нэг 10-аад чихэр биш байх. Тэр бүтэн сайн өдөр л нэг чихэр өгдөг байсан юм. Жагсаалаар нь ингээд атгаад атгаад хэдэн чихэр өгнө. Нөгөө чихрээ аваад л бөөн баяр болоод тэгэж чихэр идэж байлаа. Тэр бид нар гэрээ санах юу энэ тэрт бол хөөрхий жижиг нялх хүүхдүүдийг бас яаж л байсан юм байна л даа. Одоо бодоход бол чихэр өгч бас дасгаж сургаж л байсан байна гэж боддог юм.
Ариун-Ундрах -
Тэр хүүхдийг гэрээсээ сургуульд өөрсдөөсөө хол явуулж байгаа эцэг эхийн хувьд юу боддог байсан бол?
Жамбажав -
Эцэг эх чинь одоо хөөрхий тэр үед чинь унаа ховор шүү дээ, байхгүй. Тэр хол дандаа нөгөө малаа дагаад оторлоод хөдөө. Манай ээж аав хоёр л ирж чаддаггүй байсан. Тэгээд бүр хол одоо 60-70 км-ийн цаанаас хоёулахнаа байж байгаа улс чинь бол нэг нь хониндоо явна, нэг нь үхэр малаа янзалдаг байсан биз одоо бодоход. Тэгээд ээж аав хоёрыгоо нөгөө зав зайгүй болохлоор ирээсэй ч гэж бодохгүй. Яахав тэгээд л бас дотроо санаж л байсан байна. Тэгээд ээж аав ч их л санадаг байсан биз. Лав л би ээжийгээ сургуульд ороогүй байхад, орох жил аав маань гадуур бас ямар ч ажилтай юм яваад өгсөн. Ээж маань хонинд яваад өгсөн. Их олон хоньтой. Тэгээд ээж өглөө хонио авч яваад орой л ирнэ шүү дээ, нар шингэх үед. Тэгээд нар шингэхийн өмнөхөн л би чинь түлээ нэг аргал түүгээд л, гадуур шуудай бариад тэгээд л ээжийгээ ирэхээс өмнө цай чанаж тавих гээд. Будаатай цай чанах гээд л. Тэгээд нэг шар будаа. Тэр үед чинь одоо шар будаа л байж байвал дээд зэрэг шүү дээ. Тэгээд нэг цай чанаад, ээжийгээ ирэхэд нь халуун цай чанаад би тавьж л байсан. Их л баярлаж байсан, манай ээж. Миний хүү ээждээ цай хийгээд тавьчихсан байна гээд л. Тэгээд иймэрхүү л амьдралтай хөдөөний амьдрал. Ээж аав маань ч гэсэн хэдэн малаа дагаад л яваад өгнө. За тэгээд л нэг нутаг дээр чинь удахгүй шүү дээ, тэр хөдөөний улсууд чинь. Одоо нэг 2 сар хэрээтэй юм уу, нэг сар гаран болоод л нүүгээд л отор солиод малаа соргог бэлчээрт байлгана гээд л аваад явна. Тэгээд ээж маань ачаагаа хөтөлчихөөд л. Аав маань ачаагаа хөтөлчихөөд, ээж маань одоо малаа туулцаад л, би бүр жижигхэн 5-6-тай байхдаа өөжин гээд нэг юманд суулгачихдаг байлаа. Үхэр тэргэн дээр нэг, одоо тэр үед чинь үхэр тэрэг хар модон дугуйтай, нэг ийм үхэр хөллөчихдөг. Тэгээд тэр дотор чинь нэг дөрвөлжин араг, аргал түүдэг араг тавьчихаад би дотор нь дээл тавьж байгаад хүйтэн сэрүүн болж байгаа цагт бол хүүхдээ тэгээд суулгачихдаг. Тэгээд л ингээд нүүдэл хийхдээ ийм маягаар нүүнэ. Тэгээд тэр урдны улсууд чинь бол их сайхан ш дээ. нүүж явахад, айл ойролцоохон шиг нэг км-ийн зайтай ч юм уу, 500 м орчим зайд айл нүүж л явбал данхтай цайгаа бариад л. Тэгээд л тавагтай идээ бариад л. Ааруул, тэрэн дээрээ өрмөө тавиад л, нэг одоо бин шарвин ч юм уу тавиад ингээд л цай уулгаад явуулдаг. Тэгдэг л байлаа. Тэгээд тэрийг чинь нүүдэл зогсож байгаад цайг нь уугаад л тэгээд цаашаа хөдлөөд л явдаг. Монголчуудын амьдрал нэг иймэрхүү л маягтай л байсан даа. Тэгээд сүүлд бол нэгдэлжих хөдөлгөөнд ороход чинь хөдөлмөрийн өдрийн хөлс гэж өгдөг байсан юм ш дээ. Хөдөлмөрийн хөлс гээд олон малчиддаа хэдэн төгрөг өгнө. За бид нарт бол яахав малгүй ингээд ажилчин албан хаагчид, багш энэ тэр нэгдэлд орчихсон хойно бол өвлийн идшэнд бас хонь мал, нэг хоёр багшийн дунд нэг үхэр ч юм уу, нэг 2, 2 хонь ч юм уу ингэж өгдөг байлаа. Тэр нөгөө хөлсөнд нь өгч байгаа юм. Тэгээд бид нар чинь бас зүгээр байхгүй ш дээ. Нэгдэлдээ ажиллаад юм хийнэ. Тэгээд иймэрхүү байдалтай нэгдлийн гишүүн ч болж үзлээ, багш ч болж үзлээ. Тэгээд сүүлдээ тэтгэврийн өвгөн болоод ингээд л байна.
Ариун-Ундрах -
Тэр үед тэгэхээр нүүхэд тийм олон хоног шаарддаг байсан уу?
Жамбажав -
Нүүж байгаа газрын багцаанаас л болно л доо. Нүүж байгаа багцаа чинь тийм сунгуу нүүхгүй шүү дээ. Ер нь зүгээр нэг 30-аад км юм уу яваад дахиад 60 км бол тэр чинь хашаагаа буулгахгүй ш дээ. Үхэр малаа бол тэрэгнээс нь чөлөөлөөд л тэрэгтэй нь ачаагаа тавьчихаад л. Тэгээд л нэг жаахан сэрүүн цагт бол нэг 2 хана, 3 хана дугуйлж байгаад нэг шовоохой гээд нэг юм барьчихдаг байсан юм. Нэг 4-5 унь ингэж дээд талыг нь боож байгаад, тэгээд ханандаа өлгөж байгаад л тэр дотроо хоолоо хийж идчихээд л. Тэгээд л маргааш өглөө нь нүүх болвол нөгөө нэг тэргээ задлаад л, идэж уух юмтай тэргээ задлаад л хоолоо хийх юугаа аваад. Хонохоор бол шовоохойгоо бариад л хоночихно. Тийм л байлаа. Нүүдэл бол яахав урт нүүдэл бол тэр чинь тэгээд замдаа бас 2-3 хонож таарна л даа. Отроор өвөлжих газраа нүүж ирвэл жаахан урт нүүнэ. Тэрнээс намрын одоо энэ малаа таргалуулах гээд энэ тэр нүүхэд бол нэг 20-30 км яваад, 40-50 км яваад тэгээд буучихдаг. За нүүнэ гээд л ачилгаа яагаад л, аав нүүнэ. Аа за маргааш өглөө нүүнэ гээд тэгэх дээр л их баярлана даа. Нэг нутаг сэлгээд л. Тэгээд л нэг шинэ нутаг дээр буух чинь их сайхан даа. Сэргэлэн тэгээд л за нүүнэ гээд л. Тэгээд тэр үед чинь нүүх, аа нэг сэрүү ороод хонь мал энэ тэр төхөөрч муулж идэх энэ тэрт чинь их баярлана даа, хүүхэд. Тэр үед Монголчууд чинь цагаан идээгээ л их иддэг байлаа ш дээ. Айргаа ууна, таргаа ууна, ааруул иднэ. За өглөө ээж нэг аяганд нэг ааруул, өрөм энэ тэр хийгээд тавьчихсан байна. Тэрнийгээ л идчихээд тэгээд дахиад өшөө тэгэж юм идэх гээд байхгүй. Сурчихсан, бүр хэвшчихсэн. Тэгээд цагаан идээ иддэг, махан хоол бол бага иднэ. Өвөлжөөндөө очсон хойно л идэш бууж идэш идэж байж махан хоолтой гурилтай хоол энэ тэр хийхээс биш. Тэгээд өвөл Монголчууд чинь ерөөсөө л нөгөө борцоо хийчихдэг учраас борцоо хэдийд дууснав тэгээд дараачын сэрүү ортол мал төхөөрч идэхгүй. Тэгээд цагаан идээгээрээ орой унтахдаа нэг аяга тараг уучихна. Аа ээдэм гээд нөгөө тарагнаасаа жаахан үлдээгээд дээр нь хөөрүүлсэн сүүнээсээ хийгээд ээдмээ идчихнэ. Тэгээд л унтаад өгнө ш дээ. Тийм ч учраас бие ч их сайн байсан юм уу? Сайн байгаа л даа мэдээж. Монголчууд чинь бол ерөөсөө манай Монголын ард түмэн гэдэг чинь маш их ухаантай ш дээ. Тэр идэх уух юмаа тохируулж иднэ. Аа тэнд чинь янз бүрийн одоо бол яахав өвөл зунгүй өдөр шөнөгүй л мах л иддэг болсон байна ш дээ. Зун сэрүүнд дулаанд ч гэсэн гэхгүй. Дээр үед бол дулаан цагт мах идэхгүй. 9 сар энэ тэр гаргаж байж л иднэ шүү дээ. Тэгээд л өвөл идсэн идэшнийхээ борцыг 5-6 сард дууссан бол тэгээд 6 сараас 9 сар хүртэл мах идэхгүй. Цагаан идээгээрээ байж байгаад л. Тийм л байсан. Тэгээд сайхан цагаан идээгээ иддэг болохоор чинь витаминлаг сайхан ч байсан юм байгаа биз. Одоотой адил газар нутаг талхлагдаагүй, өвс ургамал ч их сайхан ургадаг байсан. Тийм л байсан даа.
Ариун-Ундрах -
За Монголчууд маш их хөдөлмөрч хүмүүс учраас тэр үеийн бага насны хүүхдүүдэд ямар ямар хөдөлмөр оногддог байсан бэ?
Жамбажав -
Бага насны хүүхдүүд ерөөсөө л байна ш дээ. Бүр багаасаа одоо 5-6-тайгаасаа эхлээд л хурдны морь унана. Хургаа хариулна. Бүр бага хүүхэд нь бол хургаа хариулна ш дээ. Жаахан томроод 10 гараад ирэх дээрээ зэрэг хонь хариулна.
Ариун-Ундрах -
Аан багадаа бас бага мал хариулах юм уу?
Жамбажав -
Бага мал хариулна. Дээр үед чинь одоо хонио 2 саадаг байлаа. Хонио 2 саана. Тэгээд нөгөө олон хонийг чинь өдөр 11 өнгөрөөгөөд ч юм уу одоо бодож байхад цаг нь тийм байсан юм уу даа. Хонинд явсан хүн хонио хураагаад ойртуулаад ирнэ. Тэгэхээр нөгөө хургаа хүүхэд туугаад л хурга буруулах гэж ярина. Эхээс нь холдуулаад өшөө айлын хоньтой нийлүүлж, саахалт айлын хоньтой нийлүүлж байлгаж байгаад саагаад дуусахлаар нь нааш нь авчирдаг юм уу, үгүй бол тусад нь нөгөө хүүхэд чинь хариулаад нэг шилбүүр барьчихаад л хургаа аваад холхон шиг. Ойрхон бол алдчихна шүү дээ. Эхийнхээ дуунаар давхиад ирнэ. Тэгээд нилээн хол далд газар, устай газар, хонхор газар энэ тэр оруулж хургаа байлгаж байгаад хонио бэлчээд явчихсан хойно хургаа авчраад ингээд зөрүүлээд. Тэгээд орой нэг 4 цагийн үед хонь ирээд дахиад яана. Тэгээд хонийг чинь өнөө холбож саана. Тэгээд л саадаг хонинуудаа бариад бариад одоо 4-5 айл байна гэхэд чинь өөр өөрснийхөө хонийг бариад л холбочихно. Тэгээд л хонио саагаад дууссаны дараа, орой 4 цагт хонио дуусах дээр зэрэг л хурганы хүүхдийг ингээд нэг даавуу, алчуураар даллана ш дээ, ирэх цаг болохлоор. Тэр чинь тийм. Тэр хонинд явах болох дээр чинь нөгөө цаг байхгүй. 12 цаг болж байна уу? Үгүй юу? Шилбүүрээр ингэж ингэж 4 зурчихаад л. Тэгээд энэ дунд нь шилбүүрээ гозойлгоод үзэхэд энэ хойд талын энэ зураасан дээр л одоо сүүдэр давхцаж байвал аа 12 цаг болж гэж бодоод л нэг 12 цагаас хойш чинь одоо тэдэн цагт ирсэн. За 12 цагт хонио ил гаргаад ирээрэй гэсэн бол байс хийгээд цагаа хараад л. Цаг нь тэр л болж байгаа юм чинь. Газар дээр зурчихаад шилбүүрээ ингэж гозойлгож байгаад л тэгээд л хонио туугаад ирнэ. Тэгээд одоо ээж холхон явчихсан бол би ээжийнхээ дууг ч андахгүй. Хөөе гээд ингэхэд л, даллахад нь л одоо ирэх болж байгаа юм байх, байн байн хараад л, ирэх болж байна уу? гэж харж байгаад л. За тэгээд даллах дээр зэрэг л хургаа туугаад л ингээд ирнэ. Тэгээд иймэрхүү маягтай жаахан 10 гараад 15-16 хүрээд ирэхлээрээ адуу манана, адуунд явна. Хөдөөний хүүхдүүдийн ажил энэ. За тэгээд өглөө бол эрт босчихдоогоо зэрэг ээждээ үнээ эвэлгэж өгнө. Хонийг нь холбож өгнө. За хониноос нь бас саах гэж би ч их суудаг байлаа. Ээжийн саасан хонины юуг дахиж байгаа гээд нэг жоохон ийм литрийн хувин барьчихаад л шувтраад л. Ийм маягаар л хөдөөний хүүхдүүд. Аргал түүнэ дээ. Ээж маань байхгүй би хурганд яваад өгсөн байж байгаад яахад ээж аргалгүй болчихоод арагаа үүрээд араг нь байхгүй л байвал хаашаа явж байгааг нь хараад л. Тэгээд л ээж рүүгээ гүйж очоод аргалаас нь түүлцэж өгөөд. Ингэээд араг үүрээд л ээж маань аргал түүгээд яваад өгдөг иймэрхүү амьдралтай.
Ариун-Ундрах -
За таны хүүхэд насны мөрөөдөл юу байсан бэ?
Жамбажав -
Хүүхэд наснаасаа ерөөсөө би бол ер нь сургуульд л оръё, ном уншиж л суръя гэж ингэж л боддог байсан. Би ер нь багш болно ч гэж анх бодож байгаагүй. Тэгээд ерөөсөө л бичиг үсэгтэй л одоо ийм л хүн болно гэж бодоод. Тэгээд би 4-р ангиа төгсчихөөд, биш ээ. 7 төгссөнийхөө нэг жил юм байна. Тэгэхэд чинь 9 сард мал тоолдог байлаа ш дээ.
Ариун-Ундрах -
Бүх айлынхыг уу?
Жамбажав -
Тийм. Одоо энэ малын тооллого гэж 12 сард болдог ш дээ. Одоо энэ Монголын хэмжээгээр. Тэгээд өнөө малын тооллогонд явна аа гээд намайг чинь дуудна. Өнөө бичиг үсэгтэй. Тэр үед чинь 7 төгссөн хүн чинь одоо их мундаг бичиг үсэгтэй хүн байлаа шүү дээ. За тэгээд л одоо бич хүү минь гээд надаар нөгөө дансаа бичүүлэх гээд. Тэрийг нь бичээд л. Тэгээд л тэгэхэд чинь малын тооллого 9 сард болно. Айраг авчраад л улсууд малаа тоогоо өгөх гэж байгаа улсууд айраг авчраад майханд ингээд том том асар барьчихдаг. Асар гээд майхнаас том ийм дөрвөлжин юмнууд байна ш дээ, нэг эрээн. Тийм асар барьчихаад л. Тэр дунд чинь дандаа одооныхтой адилхан энэ цахилгаан тоолуурын юу гэж байхгүй ш дээ. Одоо энэ сампин, Хятад сампин. Хятад сампинг чинь ингээд хүн за одоо тэдэн цаас, тэдэн цаас, адуун дээр тэд, морин дээр тэд гээд л ингээд дуудчихад чинь ерөөсөө хийгээд хийгээд л сампин цохино. Тэгээд нөгөөдөх юуг нь би бичээд дансыг нь хөтлөөд л малын тоонд бас явж байлаа намар. Тэгээд иймэрхүү л амьдралаар. Тэгээд эмнэг сургана, жаахан том болсон нь. 15-16 хүрсэн нь бол ерөөсөө дааганд нь давтаж сургана, шүдлэнд нь шүтнэ гээд морийг чинь бүр адууг чинь ингээд дааганаас нь эхэлнэ. Хүүхдэд даага л унуулна ш дээ. Даага сургуулаад л юу яагаад. Тэгээд амыг нь зөв хоргодолгүй болго гээд л. Ингээд амыг нь зөв залахгүй зөөлхөн шиг тавьчихаад байвал нөгөө даага чинь эх рүүгээ юм уу уяа руугаа явчихаад явж өгөхгүй ингээд эргэлдээд хүүхдийг элэг барина бас.
Ариун-Ундрах -
Хн.
Жамбажав -
Тийм. Тэгэхээр нь сайн ташуурдаж байгаад явуулаад сургаад яачихвал хоргоддог морь болгохгүй шүү гээд л. Одоо тэр хоргоддог морь чинь ердөө явж өгөхгүй. Тэгээд хөтөлж гаргаж байж энэ тэр унаад явахгүй бол явдаггүй ийм л байсан.
Ариун-Ундрах -
Та хурдны морь унаж байсан уу?
Жамбажав -
Хурдны морь би унаагүй ээ.
Ариун-Ундрах -
Та тэр 7-р анги төгсөөд анх багш болж байсан тухайгаа ярьж өгөөч? Тэгэхэд бараг хүүхдээрээ л байсан байна ш дээ тэ?
Жамбажав -
Тийм, 17-той. Одоогын чинь бараг 9-р ангид орох хүүхэд юм уу даа. Тэгээд миний анхны ажлын гараа бол одоо энэ Базар багш энэ тэрийн байгаад байгаа нэг дэнж байна ш дээ. Туулын наад талын. Энэ дээр чинь Баянзүрх сум гэж байсан байхгүй юу. Тэгээд сүүлд нүүж ирээд энд ирсэн байгаа юм. Одоо манайхны энэ айлууд буугаад байгаа энд чинь. Тэгээд энэ нэгдэл тараад Баянзүрх сумыг чинь тараагаад Сэргэлэн суманд манайхаас ийшээ нүүгээд, Налайхаас зүүн талыг энэ Эрдэнэ сумд нийлүүлээд ингээд. Тэгээд цэргийн ангид энэ хэдэн байшин шилжиж байгаад ингээд үлдээд тэгээд л. Одоо тэгээд яахав хороолол айлууд болоод байж байгаа юм.
Ариун-Ундрах -
Аан энэ хавьд л анх болж байсан юм уу?
Жамбажав -
Энэ яг Баянзүрхээс л эхэлж байхгүй юу, 1950 онд. Миний багшилсан гараа энд 1 жил ажиллаад л тэгээд Заамарт яваад л.
Ариун-Ундрах -
Та тэгэхээр хамгийн анх яаж хичээл оров? Ер нь багшлах талаар юу бодож байсан бэ?
Жамбажав -
Одоо ерөөсөө хүүхдэд ороод юу зааж байснаа өөрөө бараг мэддэггүй юм. Бодвол ороод л... тэгээд нөгөө намайг энэ Баянзүрх суманд анх 17-той ирээд багш гээд яахад 4 эрэгтэй багш. Нэг нь би 17-той, 18-тай, 19-тэй ингээд 16-тай ч байлуу ингээд 4 эрэгтэй багшид 4 ханатай гэр бариад өгчихсөн. 4 талд нь ингээд 4 цэрэг төмөр ор тавиад өгчихсөн. Тэгээд хоолоо, түлшээ... сургууль тэр багш нарт түлээ олгодог байсан юм тэр үед. Тэгээд сургуулийн түлшнээс 2 нь нэг өдөр түлээгээ бэлддэг. Түлээ бэлдсэн 2 нь, нөгөө түлээ бэлдээгүй 2 нь хоолоо хийдэг. Ингээд 4-үүлээ 4 эрэгтэй залуу. Залуу ч байсан юм уу даа хүүхэд шахуу л байсан юм. Хоол ундаа хийдэг. Тэгээд орой нэг хичээлийн бэлтгэл энэ тэр хийж байгаад л хоол хийх 2 нь одоо хоолоо хийх гээд яахад нөгөө мах нь хөлдүү. Цөмөөрөө бас нэг адуу, нэг үхэр ч билүү дундаа худалдаж. Тэгээд тэрнээсээ нөгөө хөлдүү юугаа ингээд сүхээр цохиод л чөмгийг чинь хугалаад л нэг ийм сургуулийн түлээн дээрээс мод авчирч байгаад л түлээд буцалгаад л жаал буцалгаж байгаад л иднэ. Дотор тал нь түүхий. Гадна талаас нь жаахан болчилж идэж байгаад л хэдүүлээ хүүхдүүд юм чинь тэгээд л унтаад өгнө, жаахан шуугиж байгаад. Маргааш нь өглөө босоод төмпөнд нөгөө дутуу чанасан юу нь хөлдчихсөн л байж байх. Тэгэж байгаад яаж ч нэг юм өдөр нь гэсгээж идэж байсан юм. Чанаад л дахиад иддэг л байсан байлгүй дээ. Тэгээд үдээс өмнө 4 цагийн хичээл заачихаад тэр үед дотуур байранд байсан хүүхдүүд бараг надтай, 14-15-тай бараг насаар ойролцоо хүүхдүүд байсан байхгүй юу. Одоо энэ Эрдэнэ-Очир заан бил үү, арслан бил үү? Улсын арслан бил үү? Өлзийсайханы Эрдэнэ-Очир гэж одоо нэг над шиг өвгөн байна. Тэр энэ тэрийг чинь байрны том хэдэн эрэгтэй хүүхдийг дагуулаад би энэ Туулын голоор бас калибр барьчихсан. Багш нь юм болох дээрээ тэгээд калибр бариулж л байсан юм байлгүй дээ. Одоо хэн мэдэхэв. Хэний ч калибрыг аваад явж байснаа санадаггүй юм. Тэгээд өглөө хичээлд ороод ирнэ. Хичээл тараад л байрны хүүхдүүд хоолонд орно. Хоолноос нь гарах дээр зэрэг нэг хэдэн хүүхэдтэй Туулын одоо тэр тохой энэ тэрээр л явж байсан санадаг юм. Тэгэж байгаад ирж байдаг байсан юм. Тэгээд одоо нэг ийм багш гэж бодвол одоо энэ сурах бичиг энэ тэрээ л дамжуулж байсан байх аа даа. Сурах бичиг дээр байгааг хэн нэг нь уншиж өгдөг байсан юм уу? Ном уншуулдаг байсан байх одоо бодвол. Тэр үед чинь тооны хүрдийг бүр цээжлүүлдэг байсан ш дээ. Одоо бол тооны хүрд бараг мэдэхгүй 10-р анги төгсөж байгаа юм шиг байна.
Ариун-Ундрах -
Аа ер нь бага ангийн багш гэхээр тоо, монгол хэл хоёуланг л заана ш дээ.
Жамбажав -
Тоо, монгол хэл орно. Биеийн тамираа орно, дуугаа орно, зургаа орно. Зургийн хичээл гээд нэг 7 хоногт 1 орно...
Ариун-Ундрах -
Тэгээд та тэр үедээ бага сургуульд хэдэн жил багшилсан бэ?
Жамбажав -
Ер нь бага ангийн багшийг би 1950 оноос 1963 он хүртэл гэхээр чинь 13 жил үү? Тийм, 13 жил бага ангийн багшаар ажиллаад. Тэгээд бага ангийн багшаа хийж байхад би Улаанбаатар хотод 3-р сургуульд ирчихээд нөгөө хөдөө байсан хичээлийн бэлтгэлээ хийдэг шиг л тэр үед чинь их сонирхож байлаа. Хотод ороод ирсэн. Багш нарын конторт л би ганцаараа суугаад үлдчихсэн л үдээс хойш нөгөө хичээлийн бэлтгэлээ хийгээд л суугаад байх. Үдээс өмнө хичээлдээ орчихоод дунд ангийн багш нар тараад тараад яваад л өгдөг юм. Дунд ангийн багш нь ингээд л яваад өгдөг юм байх даа гэж бодоод л. Тэгээд би өнөө бага ангид хичээл заахад чинь одоо хичээлийн нөгөө үзүүлэнгээ бодитой хийнэ. Ингээд одоо А үсгээ дармалаар нь бичээд, бичмэлээр нь бичээд. Энэн дээр нь нэг одоо алим. Алимыг зурчихаад, доор нь алимаа ингээд бодитоор нь өнөө картонон цаасан дээр утсаар ингээд оосор хийгээд тэрэнд нь зүүчихнэ. Тэгэхлээр чинь нөгөө бага ангийн хүүхдүүд чинь бараг алим руу л хараад байна ш дээ. Тэрэнд нь л их дуртай, зүгээр бараг л сайхан санагдаад л, алим ч ховор байсан юм байгаа биз. Тэгээд тэгэж байгаад за энэ алим гэж бичихэд чинь энэ А гэдэг үсэг эхэнд нь ордог юм гээд дармалаар бичвэл ингэж бичнэ, бичмэлээр бичвэл бичнэ шүү гэж ингэж үзүүлэнгээ хийдэг байлаа.
Ариун-Ундрах -
Мундаг үзүүлэн байна ш дээ.
Жамбажав -
Тэгээд 35 үсгийг нь тэгэж нүдлүүлээд ойлгуулчихсан учраас манай хүүхдүүд бол ерөөсөө маш түргэн сураад л. Тэгээд л яасан чинь намайг тэр жил багш нарын 3-р их хуралдана гэсэн чинь төлөөлөгчөөр сонгочихсон байсан юм. Тэгээд их л сайн ажиллаж байна гэж, хөдөөнөөс ирсэн л гэж тэр хичээлийн эрхлэгч дүгнэсэн юм шиг байна, сургууль. Би яагаад ч сонгогдсоноо мэдээгүй л нэг очсон төлөөлөгчөөр сонгогдсон. Одоо хуралд сууна шүү гээд л тэгэж байсан юм. Тэгэж бэлтгэлээ хийдэг байлаа л даа. Одоо ч яахав тэгээд материалууд нь бэлэн болчихсон учраас яахав ээ. Тэгээд хүүхдүүд ч их мэдлэг түргэн олж авдаг болж. Зурагт ч байна. Тэгээд янз бүрийн мэдээлэл олж авдаг их сайхан болжээ.
Ариун-Ундрах -
Аа төлөөлөгчөөр сонгогдоод юу хийсэн юм?
Жамбажав -
Төлөөлөгчөөр сонгогдсоныхоо жил сургуульд орох гэхгүй юу. Би одоо багшийн дээдэд орно гээд өргөдлөө сургуульдаа өгчихсөн. Сургуульдаа өгчихөөд байгаад байсан чинь намар боллоо. Намар ч гэж дээ. Тэр чинь 6 сард юм аа. 6 сард надтай нэг цуг ажиллаж байсан, пионерийн удирдагч байсан нэг залуу хотын эвлэлийн хорооны дарга гэж тэнд ажлаар томилогдоод явчихсан байсан юм. Тэгсэн тэр маань нэг өдөр над дээр гүйгээд ирлээ. Тэр чинь утсаар ярьчих гэж юу байхав дээ тэр үед. Үгүй ээ чи Жамбажав өнөө сургуульд орно гэсэн яасан бэ? Үгүй ээ би өргөдөл өгчихсөн. Би захирал дээр өргөдлөө өгчихсөн байгаа. Үгүй ээ тэр өргөдөл чинь байхгүй байна. Одоо ингээд яам руу улсууд маргаашнаас нь яавал хоцорлоо. Тэгснээ сургуулиудын намын хороо гэж байсан юм. Тэр сургуулиудын намын хорооны дарга дээр маргааш өглөө ерөөсөө ирээгүй байхад л 7 цагт яваад очоод өрөөний үүдэнд нь сууж байхгүй бол чи хоцорлоо. Өргөдлөө аваад очоод суу. Тэгэхээр нь захирал дээрээ яваад орсон. Миний өргөдөл хаа байна? Очоогүй байна гээд тэгсэн чинь өө мартчихаж гээд худлаа яагаад гаргаад ирлээ л дээ. Тэгээд өргөдлөө аваад. Тэгээд маргааш өглөө 7 цагт очоод тэр хотын намын хорооны, сургуулиудын намын хорооны даргын үүдэнд сууж байсан нэг хүүхэн бас сууж байна. Тэрний дараа би очоод суулаа, 2 дахь хүн нь. Дарга нь ч ирлээ, 7 хагасын үед. Тэгээд тэр хүүхэн орчихоод л нилээн сууж байгаад л гараад явчихлаа. Дараа нь би очсон чинь надад өгдөггүй шүү. Өө та болоогүй. Тэгэхэд ч би 3 хүүхэдтэй байсан юм. Болоогүй ээ, гэхдээ танай сургуулиас одоо нэг эмэгтэй багш орох гээд эмэгтэй хүн юм тэрийг нь оруулахаас. Эрэгтэй хүн одоо хойтон нэг жил өнжөөд орж болно гээд. Тэгэхээр нь би чинь гуйчихсан. За нэг эр хүний хувьд ч гэсэн, эцэг хүний хувьд ч гэсэн би одоо 3 хүүхдээ тэжээх гээд хэцүү байна. Энэ олон хүүхэдтэй болчихлоо. Намайг л энэ жил оруулаад аль гээд суугаад байсан. Ер нь би бараг цаг шахуу суусан байх, гарч өгөхгүй. Тэгсэн надад бичиг хийгээд өгчихсөн шүү. Тэгээд би сургуульд орсон юм. Тэгэхгүй бол сургууль тэр чинь юу яасан ш дээ. 63 онд анх хуралд сууж ирчихээд өргөдөл өгье гэсэн чинь болоогүй ээ. Чи хуралд суусан хүн. 2-3 жил ажлынхаа бүтээлийг гаргаж байж, үр бүтээлтэй ажиллаж байж орно гээд. Тэгээд 63 он хүртэл надыг чинь оруулаагүй байхгүй юу. Тэгээд 63 онд очсон тэнд бас зөвшөөрөхгүй болохлоор нь суусаар байгаад нэг юм зөвшөөрөл авч байж. Тэгээд би нэг юм сургуульд орсон ш дээ. Тэгээгүй бол тэгээд л өнгөрсөн бол нас ахиад явчихна. Сургуульгүй нэг бага ангийн багш хийж байгаад л тэгээд яачих байсан.
Ариун-Ундрах -
Тэгээд та багшийн дээд орсон уу?
Жамбажав -
Тийм. Улсын багшийн дээд сургуулийн хэл уран зохиолын ангид ороод л 4 жил суралцаад л. Аа 63 онд орчихоод бас их сонин. Би ерөөсөө биологи их сонирхдог хүн байхгүй юу. Тэгээд хими-биологийн ангид орно гээд өргөдөл биччихсэн явж байсан чинь багшийн дээд дээр тэр элсэлт авч байна гээд л байна. Тэр элсэлт авч байгаа газар нь яваад очсон өө 10 төгссөн хэдэн хүүхдүүд л, охидууд хөвгүүд гүйлдээд байна. Бичиг чинь муухай байна гээд авсангүй л гэнэ. Зарим нь бүртгээд авлаа л гэнэ. Үгүй ээ энэ тэгээд ямар хүн бүртгэж байна гээд харсан багшийн дээдийн тэр нэг одоо хичээлийн эрхлэгч байсан Рагчаа хэлний хүн. Тэрийг нь ч танихгүй юм. Тэр Дамдинжав багш гээд одоо багшийн дээдийн бас Баянчандманад намайг бага ангийн багш байхад Баянчандманад хэлний багш хийдэг Дамдинжав гээд өнөө багш нарын юунаар уулздаг байхгүй юу, бид нар танил. Тэр үед багш нарыг чинь 1 сар энэ аймгийн төв дээр семинар хийлгэдэг байсан юм. Яг бүтэн сар хийлгэнэ ш дээ. Семинарт суулгадаг.
Ариун-Ундрах -
Заавал ч үгүй юу?
Жамбажав -
Тийм. Тэгээд нөгөө тэр үед семинарт суусаар байгаад Дамдинжав багшийг нэг зүс таньдаг юм. Баянчандманийн Дамдинжав гээд. Тэгээд ер нь тэр үед семинарт сууж байсан улсууд бие биенээ танина даа, голдуу. Тэгсэн харсан Дамдинжав багш сууж байх юм. За Дамдинжав багш байгаа. Ер нь таних хүнгүй бүртгэж авах болов уу? Үгүй болов уу? Зүс таньдаг юм байна. Ер нь ороод үзье гэж бодоод доошоо боловсон хүчин дээр нь гүйж очоод нэг цаас өгөөч гэж гуйсан. Нэг цагаан цаас аваад өргөдлөө монгол хэлний ангид гэж биччихээд тэгээд л зогсож байлаа. Хэдэн хүүхдийн ард. Тэгээд орсон л тэр Рагчаа багш л за энэ нөхрийг яана Дамдинжав аа л гэж байна. Бүртгэчихье ээ л гэж байна шүү. Тэгэхлээр нь баярлаад. Тэгээд бүртгүүлчихээд за тэр хуваарийн дагуу. Хуваарь доор гарчихсан байгаа. Шалгалтандаа ор. Шалгалтандаа бэлтгэ л гэж байна. Тэгээд доошоо очоод хуваарийн дагуу хэлний шалгалт авдаг, түүхийн шалгалт авдаг, орос хэлний шалгалт авдаг. 3 шалгалт нэг нь юу билээ дээ.
Ариун-Ундрах -
Аан бүр бүгдийг нь өгөх ёстой юм уу?
Жамбажав -
Тийм. Тэгэж авдаг байсан ш дээ. Тэгээд тэр хуваарийн дагуу шалгалтаа өгчихлөө. 8 сарын 10-дын үеэр элсэлтийн хурал боллоо. Элсэлтийн хурал боллоо. Хүүхдүүд аа орчихлоо, авчихлаа намайг л гээд л гарч ирээд байна. Миний нэр гарч ирдэггүй ээ. Энэ чинь одоо намайг хасчихсан юм биш байгаа даа гэж бодоод л. Бүр тэр үед чинь 100-аад хүүхэд авсан ш дээ. 2 ангид 102 хүүхэд авлуу тийм. 110 хүүхэд авсан юм байна. Тэгсэн чинь ер нь миний ард 2-3-хан хүүхэд үлдлээ шүү. Тэгэж байсан Дамдинжав багш нэг гараад ирлээ, бие засах гээд. Өө багшаа миний нэр байна уу? гэсэн байгаа байгаа. Одоо орох байх аа л гэж байна. Тэгээд л орсон чинь харин надаас олон ч юм асуусангүй. Би өнөө ажиллаж байгаад очсон болохлоор аа комисс гээд ингээд нэг 10-аад хүн суучихсан л байж байна. За нөхөр сангийн аж ахуй явахад бэлэн үү? л гэж байна. Бэлэн л гэлээ. Тэгэлгүй яахав дээ. Тэгээд 8 сарын 12-ны өглөө энд 7 цагт бэлэн байж байгаарай. Пүүгээ дэвсгэртэйгээ ир. Тэгээд 8 сарын 12-нд нь пүүгээ дэвсгэртэйгээ яваад л багшийн дээд дээр очсон. Өө 30 машинд л суулгаад л сангийн аж ахуй чинь оюутныг чинь ёстой 25, 25-аар нь суулгаад л Батсүмбэрийн сангийн аж ахуйд хуваарилагдаад явлаа. Тэгээд нэг орой үдээс хойш 5-6 цагийн үед хүрсэн байх. Оччихоод яасан чинь нэг шувууны байр ч юм уу, тахианы ч юм уу, арай гахайных биш ч юм уу нэг том оо нэг ийм саравч шиг юманд л орууллаа даа, бид нарыг. Тэгээд л тэр нь яахав дээ пүүгээ дэвсгэрээ тавиад л цөмөөрөө нэг энд тэндгүй л хэвтээд өглөө. Тэгээд маргааш өглөө нь хуваарилна л гэнэ. Хуваарилсан чинь Мандал толгойн хадлангын бригадад 10 хүүхэдтэй намайг тэрнийг ахлагчаар нь аваад яв гэнэ ээ. Ажиллаж байсан юм болохоор арай юу байсан биз дээ, хүүхдүүдийг бодвол. Тэгээд орос хэлний Даш гэдэг нэг багш хүүхдүүдийг авч явсан юм, ерөнхийд нь. Аа бүр багшийн дээдийн хэмжээгээр энэ одоо уулын Зориг, энэ Алтайгын аав Зориг багш ерөнхийд нь төв дээр хариуцдаг. Батсүмбэрийн төв дээр байж байдаг. За бусад нэг хэдэн багш нарыг ингээд нөгөө бригад бригад хариуцуулаад өгчихсөн. Тэгээд би тэр Даш багшийн бригадад тэгээд тэр нэг 10 хүүхдийн ахлагчаар нь ингээд тэр Мандал толгойн хадлан дээр оччихоод л 42 хонолоо. Очсон чинь азаар бригадын дарга нь миний насны юм байна. Хоёулаа их үерхлээ. Нэг насны улсууд чинь бас арай ойлголцох нь дээр. Тэгээд л уралдаан зарлана. Манай бригад түрүүллээ. 40 литр айраг, тэгээд л за Жамбажаваа ямар мах авах вэ? Одоо нэг үхэр алж байна л гэнэ. Сүвээний 6 хавиргыг нь гуяны нь махтай авна гээд л би. Нөгөөдөх чинь яахав дээ бригадын дарга юм болохоороо өгөөд л. Тэгээд манай хүүхдүүд чинь урамшаад л их сайн ажилласан. Дандаа баруун аймгийн хүүхдүүд байсан юм. Баян-Өлгий, Увс, Ховдын хүүхдүүд байсан юм. Тэгээд тэр хүүхдүүд ч цөмөөрөө сайхан танилцлаа. Тэгээд хадлан дээр чинь 42 хоночихоод байж байтал Булганы нэг хүүхэд гэрээс цахилгаан ирсэн. Хүний бие муудсан гээд аав нь ч гэнэ үү, ээж нь ч гэнэ үү. Тэгээд Зориг багш дээр яваад очжээ. Тэгээд би тэр Хаянхярваа гээд бригадын даргадаа хэлчихсэн байхгүй юу. За чи хадлан руугаа явуулаарай, ногоо руу битгий явуулаарай гээд. Хадлангаа дуустал энд чинь өвөлжөө засах юм байвал бид нар засаад хийгээд өвсөн дээрээ ажиллаж байгаад л буцна шүү гээд ингээд хэлчихсэн юм. Тэгэхээр нөгөө бригадын дарга маань тэнд хэлээгүй. Зориг багшид бол манай бригадын хүүхдүүдийг явуулсан гэж хэлээгүй юм байна. Дарчихсан байж. Тэгэж байсан гэнэтхэн л тэр нөгөө Дашдаваа гэдэг Булганы хүүхэд яваад л Зориг багш дээр очсон чинь л чи хаанаас ирэв? Мандал толгойгоос ирсэн. Хаана байгаа юм? Хадлан дээр байгаа. Тэнд хүн байх ёсгүй дээ. Өө байгаа, манай бригад байгаа гээд хэлчихэж. Тэгсэн чинь орой л нэг тэрэг давхиад ирлээ шүү. Тэгээд л Өтлөг Баянголын ногоон дээр үхрийн манжин хураана аа, ногоо хураана гээд л биднийг чинь аваачаад л очсон. Очоод буулгаад за тэр майханд орцгоо гээд. Тэгээд л орцгоо гээд л яасан нэг Орос хэлний бас Дамдинсүрэн гэж нэг багш байсан юм. Тэрний бригадад л шилжээд очиж байгаа юм байна л даа бид нар. Тэгсэн нөгөө баруун аймгийн хүүхдүүд болох дээр зэрэг за юмаа буулга гээд тэгсэн. Нөгөө хүүхдүүд чинь яахав нутгийнхаа аялгаар л паа гээд л тэгэхгүй юу. Аа эд нар бүр их айхтар хүүхдүүд байна. Ёстой юм хийгээгүй. Одоо та энэ хэдэн хүүхдүүдийг өөрөө ер нь их муу зан сургасан байна. Ногоон дээр ч гаргуулахгүй. Ирээд л паа пүү гээд байна энэ тэр гээд нөгөөдөх чинь бүр бидэнд муудчихлаа. Маргааш өглөө 5 цагт байцаа ачна шүү танай бригад гээд. За тэгээд одоо үгүй гэх арга байхгүй ш дээ сургуульд орж байгаа улс чинь. Өглөө машинд л байцаа ачаад байсан л энэнээс чинь доош л нойтон. Өглөө чинь нөгөө эрт байцааны чинь ус жигтэйхэн их байдаг юм байдаг юм байна ш дээ. Тэгээд ингээд нөгөөхийг чинь хэрчээд унагаагаад л байдаг. Тэгэж нэг сангийн аж ахуйд оюутанд ногоо хурааж, хадлан дээр гарч хэдэн хүүхэдтэй явж байгаад л ирсэн чинь 1-ийн Б гэдэг ангид орчихжээ. Тэгсэн 1б-д ороод сууж байсан өнөө боловсон хүчин байсан хүн маань манай ангид байж байна. Тэр бас орсон юм байна. Жамган гээд. Тэгээд Жамганыг ангийн даргаар тавиад. Ингээд нэг анги бүрдээд нэг 7 хоног хичээллэх гээд байж байсан чинь намайг дуудаж байна гэнэ. Декан дээр дуудаж байна л гэнэ. Декан дээр яваад орсон Жанчивдорж багш дээр очсон. Чи тооцоогоо хийгээгүй ирсэн юм байна. Одоо яв. Суудлаар яваад тооцоогоо хийж ир гэж байна гээд тэгэж байна.
Ариун-Ундрах -
Тооцоо гэдэг нь юу юм бэ?
Жамбажав -
Одоо нөгөө бригадын даргаас чинь хийсэн гүйцэтгэсэн ажлын юу хийж өгөхгүй юу. 42 хоногт хийсэн, эд нар тийм ажил хийж өгсөн. Одоо өвс гэхэд чинь төчнөөн бухлыг хийсэн, нуруу төчнөөнийг хийсэн ч гэдэг юм уу ингээд л ажлын тооцоо. Тэгээд өнөө Хаянхярваа дээрээ яваад очлоо. Вагоноор Батсүмбэрийн төв дээр буучихаад, Батсүмбэрийн төв дээрээсээ ногоо бригад руу ногоо ачиж байгаа машинд суугаад. Тэгээд Хаянхярваа дээрээ за чи нэг гайгүй шиг л юм бичээд өгөөрэй. 42 хоногт нилээн юм хийснээр бичиж өгнө шүү гээд л очсон чинь нягтлан нь... аа тэгээд Хаянхярваагаасаа бичиг авчихаад ногооны машинаараа буцаж ирээд нятглан дээр нь орсон. Бичгээ өглөө. Тэгсэн чинь ерөнхий нягтлан нь аймаг явах гэж байна гарын үсэг зуруулаад ир гээд намайг тэгэж байна. Тэгээд тэр үед нэг ингэсэн байхгүй юу. Ахлаж явсан хүнд өдрийн 10 төгрөг өгнө гэж. Тэгэхээр нөгөө 10 төгрөгийг авах санаатай би бас ахлаж явсан юм чинь. Тэгсэн тэр бол уг нь багш нарт л өгсөн юм байна лээ л дээ. Тэгээд ахлаж яваа хүнд өгнө. Тэгээд гарын үсэг зуруулаад ир гэх дээр нь очсон чинь аа шуудангын машинд нь суучихсан л байж байна. Тэр чинь дандаа машинаар л явж байсан юм чинь... Тэгэхээр нь энэ нягтлан ч зурж өгөхгүй байх даа. Намайг оюутан гэж мэднэ гэж бодоод шуудангын машиныг хөдлөөд явчих дээр нь зэрэг л буцаад л нөгөө хүн дээрээ яваад очлоо. Өөрийг чинь мэдээд өгчих гэж байна аа. Шуудан хөдлөөд явчихлаа л гэлээ. Тэгсэн чинь нөгөө ....-ны нягтлан байсан юм байлгүй. Тэр нь надад ч нэг 42 хоногийн 420 төгрөг. Тэр үед чинь их төгрөг байхгүй юу. Тэгээд л тэрнийгээ авчихаад л хүүхдүүдийнхээ мөнгийг нөгөө тооцоог өгчихөөд. Тэгээд яваад ирсэн чинь өө хүүхдүүд чинь 10-аад хоногийн дараа мөнгө нь ирлээ гэнэ. Нөгөө нэг Баян-Өлгийн бас нэг ажиллаж байгаад орсон нэг багшийн бригадад ерөөсөө мөнгө гараагүй байна. Тэр чинь өнөө Хорлоо гээд энэ хөдөлмөрийн баатар тэдний юун дээр ажиллаж байсан юм. Тэгсэн нөгөө Хаянхярваа маань надад юм бичээд өгсөн чинь хөөрхий хүүхдүүдэд нилээн юм биччихжээ. Хүүхдүүд нөгөө оюутнуудад чинь нэг 200-аад шахуу төгрөг гарчихсан байна. Тэгээд нөгөөдүүлийг нь би өөрөө тусдаа мөнгө авчихсан хүн чинь нөгөөдүүлдээ нөгөө мөнгүүдийг нь хуваагаад нэг 200-аад, 200-аад төгрөг өгөөд бөөн баяр нөгөөдүүл чинь дандаа холоос ирснийг яахав. Тэгэж нэг оюутны намрыг өнгөрөөж. Оюутан ч мартагдахгүй сайхан шүү дээ, оюутны намар бол ёстой.
Ариун-Ундрах -
Хичээл нь ямархуу байсан бэ?
Жамбажав -
Айн?
Ариун-Ундрах -
Хичээл нь?
Жамбажав -
Хичээл яахав ээ. Хичээл бол ерөөсөө л одоо түүхэн хэлзүй орно. Гадаадын уран зохиол орно, Монголын түүх орно, Монголын уран зохиол, эртний уран зохиол орно, Орос хэл орно. Тэгээд л мэргэжлийн хичээлүүд орно доо. Хэл заах аргууд, уран зохиолын арга, хэл заах арга энэ тэр гээд л дандаа сайхан багш нартай байсан. Тэр үеийн дандаа их ахмад ахмад сайн сайн багш нар байсан. одоо энэ эртний уран зохиол бол Цагаан гээд эмэгтэй багш байлаа. Надмид багш гээд авиа зүй ордог байлаа. Жанчивдорж багш түүхэн хэл зүй ордог байлаа. Манай декан. Их сайхан багш нараар хичээл заалгаж сурсан даа. Би их азтай тийм хүн.
Ариун-Ундрах -
Аа тэгээд 4 жил сураад төгсөөд томилогдсон гэсэн үү?
Жамбажав -
Мммм төгсөөд л одоо... Төгсөөд би чинь намайг бас Төв аймагт хуваарилчихваа.
Ариун-Ундрах -
Шууд цаанаас нь л хуваарилна биз дээ тэ?
Жамбажав -
Тийм, яамнаас л. Төв аймагт яваад очсон. Төв аймгийн боловсролын хэлтсийн дарга нь одоо энэ гавъяат багш Гаваа. Улсын гавъяат багш Гаваа гэж нэг багш одоо өнгөрсөн дөө. Энэ Гаваа багш хэлтсийн дарга нь. Тэгээд Гаваа бид хоёр Заамарт цуг 4 жил цуг ажиллаж байсан юм. Нэг гэрт байсан юм, бас. Гаваа маань захирал нь, би багш нь. Хоёулаа авгай хүүхэдгүй. Тэгээд нэг том 5 ханатай гэрт 2 төмөр ортой 2 талд ингээд байж байдаг. Ингээд хэдэн жил болсон юм. Тэгээд эндээс өнөө нэг 2 дахь даргаас Налайхад ирэх бичиг аваад Төв аймаг дээр очсон чинь 3 хонуулчихдаг юм. Намайг нөгөө Гаваа маань. Туваанжав гээд нэг боловсролын хэлтсийн дарга нэг өөр хүн очсон юм. Тэгээд аль өглөө тэр дарга дээр нь очихоор Гаваа энэ нөхрийг яах юм гээд л тэгнэ. Тэгэхээр нь Гаваа дугарахгүй. Тэгээд Гаваагындаа би байж байдаг. Өнөө дээрээс хоёулаа цуг нэг гэрт байсан юм болохоор чинь би чинь таних айлгүй тэднийд л байна биз дээ. Тэгсэн чинь 3 хонуулсны дараа л өглөө нь бас үгүй ээ би ирээд л өдрийн цайнаар авъя гээд ирээд тэгнэ. Үгүй ээ чи л намайг ерөөсөө дугарахгүй юм. Намайг нэг бичиг хийгээд өгчихөд яадаг юм гэхлээр л дугарахгүй нөгөөдөх чинь. Тэгсэн яахав нөгөө цуг байсан юм болоод намайг нэг 3 хонуулах гээд л тэгээд байгаад байсан юм байна лээ л дээ. Тэгээд сүүлд нь 3 хоногийн дараа дарга дээр нь орсон. Гавааг дуудаад л энэ хүнийг ер нь одоо яах вэ? Яаж шийдэх юм? Явуулах юм уу? гээд. Аа явуулчихъя даа л гэж байна шүү. Аа тэгвэл бичиг хийгээд өгөөд явуул гээд. Тэгээд нэг наашаанаа заахаар ирсэн ш дээ би ч бас. Тэгсэн намайг Төв аймагт бүр Баян суманд хуваарилчихсан байсан. Хичээлийн эрхлэгчээр тэнд томилоод тэгээд би наашаа Төв аймгаас шилжиж орж ирж. Тэгээд Налайхд 42 жил болчихдог юм байна, одоо ингээд.
Ариун-Ундрах -
Та бүр анхнаасаа хичээлийн эрхлэгчээр томилогдсон юм уу?
Жамбажав -
Анхнаасаа би ирээд л энд оройн сургуулийн, ажилчин залуучуудын оройн сургууль гэж байлаа ш дээ. Тэрний хичээлийн эрхлэгчээр 1971 он хүртэл 3 жил гаруй ажиллаад. Тэгээд 1971 онд 100-р сургууль шинэ байранд ороход нь тэнд хичээлийн эрхлэгчээр очоод. Тэгээд л Налайхад л ингээд суурьшчихсан даа.
Ариун-Ундрах -
Ммм одоо байгаа тэр байр нь шинээр орсон юм уу?
Жамбажав -
Тэгсэн юм. 1971 онд орсон юм. Намайг ирэхэд чинь энэ Налайхын сургуулиудын багш нар чинь дандаа сайхан 20-н хэдтэй 30-аадтай тийм л багш нар байлаа ш дээ. Сайхан шижигнэсэн. Тэгээд хичээл талдаа сайхан багш нар байсан. Тэгээд одоо бүгд цөөрч дээ зайлуул.
Ариун-Ундрах -
Аан тэгээд та хичээлийн эрхлэгчээсээ өөр албан тушаал хашсан уу?
Жамбажав -
Пионерийн удирдагч хийж байлаа, хөдөө. Өвөл одоо пионерийн удирдагчаар ажиллаж байсан нэг зураг байдаг юм. Энд үстэй дээлтэй зураг байна уу? Тэр өвөл Төв аймаг дээр семинар хийгээд. Тэгээд сум сумын пионерийн удирдагчид цугласан нэг, би нэг үстэй дээл өмсчихсөн юм энд бий байх аа. Тийм ажил хийж байлаа бас. Тэгээд бага ангийн багш, бага ангийн хичээлийн эрхлэгч бас байсан юм. Тэгээд дунд ангийнх болоод сүүлд нь. Дунд ангийн хичээлийн эрхлэгч олон жил хийсэн дээ. Ийм л ажлууд хийлээ дээ.
Ариун-Ундрах -
Пионерын байгууллага бол хүүхдийн байгууллага уу?
Жамбажав -
Хүүхдийн байгууллага, тийм.
Ариун-Ундрах -
Яг ямар үйл ажиллагаа явуулдаг байсан юм бэ?
Жамбажав -
Пионерийн байгууллага чинь ерөөсөө л одоо энэ бүлгэм дугуйлан гээд их хариуцдаг байлаа ш дээ. Тэгээд пионерын байгууллага чинь одоо бүр цэргийн маягаар раборт өгнө, салаа салаагаараа жагсана. Бүлгийн даргадаа салаан дарга раборт өгнө, бүлгийн дарга нь пионерийн удирдагчдаа раборт өгнө. Тэгээд л анги болгон чинь нэг бүлэг. Аа ангийн нэг бүлэг чинь дотроо 3 салаатай 10-н хэдэн хүүхдээр. Энэ бүр бараг цэргийн зохион байгуулалттай шахуу ажилладаг байлаа ш дээ. Тэгээд тангаргаа уншина. Тэгээд хүмүүжлийн ажлыг л хариуцна даа. Ер нь бүлгэм, дугуйлан тэгээд л хичээлээс гадуурх л бүх л хүмүүжлийн ажлуудыг чинь хариуцдаг байлаа ш дээ.
Ариун-Ундрах -
Тэр үед нэг хүчтэй байсан байгууллага намын байгууллага гэж байсан ш дээ.
Жамбажав -
Тийм. Их намын байгууллага ерөөсөө л одоо намын байгууллага л юу гэсэн байна тэрний үгээр ш дээ. Намайг байгууллага л оройлж байсан юм чинь.
Ариун-Ундрах -
Та намын гишүүн байсан уу?
Жамбажав -
Өө би намын гишүүн. Би энэ Заамарт оччихоод 18 настай намд ороод.
Ариун-Ундрах -
Өө тийм эрт үү?
Жамбажав -
Би чинь одоо 1953 оны намын гишүүн ш дээ. Одоо 53 оны гэх дээр чинь 56 жил болж байгаа юм уу? Хувьсгалт намд тийм. Тэгэхэд чинь намд ороход чинь их мундаг шалгуураар авна ш дээ. Бүтэн жил одоо нэг хүнээ 2 хүнээр даалгаж орно. Даалт гаргаж өгнө, 2 ахмад намын гишүүн. Тэгээд дагалдангаар жил юм уу 6 сар байсан. Жил байсан байх. Жил дагалдангаар явна. Тэгээд намын дүрэм программыг чинь бүгдийг мэдэж байж орно. Тэгээд эхлээд намын анхан шатны үүрээр ороод тэрүүгээрээ хэлэлцэгдэж байгаад дараа нь тэр дүүрэг юм уу, Улаанбаатар хотын юугаар орно. Би Төв аймгийн тэр сумын намын үүрээр орж тэнд батлагдаж ирээд Төв аймгаас жинхэнэ элсүүлнэ, нөгөө даалтын хугацаа дуусчих дээр зэрэг орлогч гишүүн гэж явдаг байсан юм. Орлогчийн хугацаа дуусчих дээр зэрэг дахиж хэлэлцүүлэгдээд. Тэгээд тэр аймгийн чинь намын хорооны товчоо гэдэг чинь оруулаад л нөгөө дүрэм программыг чинь ч ёстой хэлүүлж өгнө дөө. За намын гишүүн хүний үүрэг нь юу юм? Эрх нь юу юм? гээд л одоо ингээд л дэс дараалан хэлүүлээд л. За тэгээд дараа нь шалгалт өгч байж орно оо. Аа тэгээд их шилж авна. Янз бүрийн одоо зөрчил гаргасан хүнийг бол авахгүй. Тэгээд намын гишүүн хүнийг дэвшүүлнэ ш дээ. Ажил албан тушаалд. Намын гишүүн биш бол бас дэвшүүлэхгүй, удирдах ажилд. Тэгээд би чинь 1968-1971 он хүртэл юм аа. Энэ оройн сургуулийн хичээлийн эрхлэгч байхдаа одоо энэ 99-р сургуулийн намын үүрийн дарга байлаа, бас.
Ариун-Ундрах -
Аан бас. Тэр орон тооны бус юм уу?
Жамбажав -
Орон тооны бус. Тэр үед батлах солилт болоод л. Тэгээд шинэ батлах солих ажилтай, оройн сургуулийн хичээлийн эрхлэгчийн ажилтай. Яахав дээ нас тэгэхэд бол залуу байж, нэг 30-н хэдтэй. Тэгээд л ажлыг нь гүйцэтгээд л явж байсан.
Ариун-Ундрах -
Аан бас намаас хөөх тохиолдол байх уу?
Жамбажав -
Намаас хөөнө ш дээ. Ялангуяа эд хөрөнгийн зөрчилтэй юм уу? Одоо бол авилга авлаа л энэ тэр гээд байна. Ийм юм дуулсан л байвал тэгээд л хөөчихнө шүү дээ.
Ариун-Ундрах -
Бүр дуулаад л.
Жамбажав -
Тийм. Аа бага шиг хэрэг хийснийг нь сануулна. Дараачын бас нэг жаахан юу бол донгодно, хатуу донгодно гэнэ, шийтгэлүүд нь. Тэгээд хамгийн эцсийн арга хэмжээ нь намаас хөөнө.
Ариун-Ундрах -
Аа намаас хөөгдчихвөл ажил хийхэд хэцүү болно гэсэн үг юм байна тийм ээ?
Жамбажав -
Тийм. Одоо ямар нэгэн мөнгө төгрөг бага зэрэг ч бай, их ч бай идсэн уусан ийм л юм, одоо хөрөнгө мөнгө шамшигдуулсан энэ тэр бол тэгээд л хөөгдөнө. Тийм хүнийг чинь байлгахгүй ш дээ.
Ариун-Ундрах -
За таны амьдарч байсан түүхэн үеүд ямар ямар онцлогтой гэж та боддог вэ?
Жамбажав -
Миний амьдарч байсан үе бол их дэг журамтай, сахилга баттай, аа хүний төлөө бас их санаа тавьдаг, хүн бие биендээ их тусархаг ийм сайн чанаруудтай л байсан гэж боддог юм.
Ариун-Ундрах -
Одоо таныг амьдарч байхад ямар ямар онцлог үйл явдлууд болж байсан бэ?
Жамбажав -
Намайг чинь одоо ажиллаж байх хугацаанд чинь одоо энэ баяр ёслолуудыг бол их тэмдэглэдэг байлаа шүү дээ. Энэ Октябрын баярыг тэмдэглэнэ, Майн баярыг тэмдэглэнэ, Хөдөлмөрчдийн баяр гээд ойн баяр гээд тэмдэглэнэ, жагсаал хийнэ. Лоозон, сонин гаргана. Лоозон, туг эсгэнэ. Одоо их сүртэй тэмдэглэнэ шүү дээ. Ялангуяа Октябрын баяр энэ тэрийг чинь одоо тэгээд л их тэмдэглэдэг. Намын баяраа тэмдэглэнэ. Баяруудыг их сайхан тэмдэглэдэг. Аа хөдөлмөрчдийн дотор чинь бол социалист уралдаан гэж өрнөдөг байлаа. Одоо энэ хөгшин бид хоёр чинь хоёулаа л .... юу билээ. Би чинь 7-р 5 жилийн гавшгайч, 8-р 5 жилийн гавшгайч гээд байна. Социалист хөдөлмөрийн бригад гэж ажилладаг байлаа. Социалист хөдөлмөрийн бригадын гишүүн байж үзлээ. Оюутны соёлч нөхөрлөл гэж тэр бригадын чинь оронд оюутан байсан учраас оюутны соёлч нөхөрлөл гэж байлаа. Тэгээд оюутны соёлч нөхөрлөл чинь бас тэр 6-р оёдлын үйлдвэр гэдгийг бас нэг бригадтай шифийн холбоотой ажилладаг. Тэгээд ийм онцлог явдлууд их байсан. Тэгээд социалист уралдаан их өрнөнө ш дээ. 7 хоногоор, 15 хоногоор, сараар. Тэгээд дүгнэнэ. Тэр үед чинь бол энийг чинь үйлдвэрчний хороо гэж жинхэнэ уралдаан өрнүүлдэг газар байлаа. Бас би 100-д очоод үйлдвэрчний хороон дарга хийж үзлээ, нэг хэдэн жил. Ийм л юмнууд хийж л байлаа.
Ариун-Ундрах -
Тэр шифийн холбоо гэж юу байдаг байсан бэ?
Жамбажав -
Шифийн холбоо чинь яахав одоо шиф тогтооно гэдэг чинь нэгдэл бол одоо ухаан нь 2 нэгдэл хоорондоо шиф байж болно. Байгууллагатай шиф ч байж болно. Улс оронтой шиф ч байж болно. Тэгээд шиф гэдэг маань бол 2 биендээ л тусална гэсэн үг. Ямар шаардлагатай зүйл байна. Ухаан нь хөдөө аж ахуйн би нэг нэгдэлтэй манай сургууль шиф байна гэвэл ногоог нь тарьж өгнө, ногоог нь хураалцаж өгнө. Аа цаад шиф нэгдлээс бол одоо манайд чинь цагаан идээ, хүнсний зүйл, мах шөл өгнө, хүнсэнд нь. Гэх мэтчилэн одоо тийм холбоотой л хамтран ажилладаг л байгууллага байсан л даа. Шифлэнэ гэдэг чинь.
Ариун-Ундрах -
Та нэгдлийн гишүүн байсан гэсэн ш дээ. Тэгэхээр нэгдэлжих хөдөлгөөн бүр анх яаж эхэлж байсан бэ?
Жамбажав -
Нэгдэлжих хөдөлгөөн бол ерөөсөө л одоо багуудаар хурал хийгээд л. За тэгээд нэг 10 хүн нийлээд юм уу, 6-7 хүн нийлээд юм уу эхлээд одоо нэгдэл байгуулъя аа хэдүүлээ санаа нийлээд. За мал хөрөнгө хэдийг нийлүүлэх вэ? Танайх хонь хэдийг өгөх вэ? Үхэр хэдийг өгөх вэ? гэж ингэж хоорондоо ярилцаад нэгдлийн даргаар хэнийгээ сонгох вэ? Орлогчоор нь хэнийг сонгох уу? Нятглангаар хэнийг яах уу? Зохион байгуулалтаа ингэж хийдэг. Тэгээд л энэ Заамарын нэгдэл чинь эхлээд бол “Туяа” гэдэг нэртэй нэгдэл байгуулна гэж нэг 10-аад настай хүн нийлээд тэгэж байгуулсан юм. Сүүлдээ Заамар сумын “Заамар” нэгдэл болсон юм. Намайг явснаас хойш юм билээ. 60-70-аад оны үед Заамар сум гэж нэр нь өөрчлөгдөөд “Заамар” нэгдэл гэж бий болоод. Тэгэхээр тэр үеийн одоо намд ажиллаж байсан, ер нь захиргааны ажилд бас эв дүйтэй, жаахан боловсролтой. Тэр үед ч яахав дээ. Их боловсролтой дээд сургууль төгссөн хүн бол ховор шүү дээ. Зүгээр нэг өөрийнхөө одоо бас нэг ой сайтай тийм том улсууд байсан ш дээ. Тийм улсуудаа л нэгдлийн даргаар сонгоод л, хурлаа хийгээд л ингээд л байгуулагдаж байсан. Тэгээд нэгдэлд чинь орохгүй хүн гэж зөндөө л байлаа. Орохгүй гээд л олуулаа нийгэмчлэхгүй гэж дургүйцээд л. Тэрэнд чинь өнөө намын гишүүд чинь ухуулга хийнэ шүү дээ. Ямар сайндаа намын хурлыг чинь сар бүрийн 25-нд намын хурал хийдэг. 25-нд хийхдээ намаас даалгавартай явна. Сарын төчнөөн хүнд ухуулга хийж ир ээ. Төчнөөн хүнтэй яриа хий. Тийм тийм сэдвээр ямар сэдвээр хийснээ хий гээд л ингээд даалгавар өгчихдөг. Ямар сайндаа манайд нэг хөдөөний Дэндэв гээд нэг тэр үед 70 гарчихсан л өвгөн байсан. Намын гишүүн. Тэгээд нөгөө намын даалгавраар хуралд 25-нд үдээс өмнө ирчихээд сумын төвийн айлуудаар ороод л. Одоо манайд орж ирээд л юу яадаг. Нэг сонин, за сум нэгдлийн юунууд гээд ... ч их муу байсан. Тэгээд л сонины нэг бичиг биччихсэн явна аа нөгөөдөх чинь зайлуул. За ухуулгаа хийнэ ээ, суугаарай гээд л. Тэгээд л нөгөө суугаад яах дээр хүнийг чинь хүндэтгээд суугаад л одоо ухуулагч орж ирээд байж байхад чинь. Тэгээд л нүднийхээ шилний дээгүүр ингээд сонсож байна уу? Үгүй юу? гэж ингэж шилнийхээ дээгүүр хараад л. Тэгэж байгаа нь санаанаас гардаггүй юм. Залуу байхад яахав дээ тэгээд л бодвол нэг 2 хүн, 3 хүн гэж тэмдэглэж байгаад л нөгөө хүний тоо төчнөөн хүнд ухуулга хийсэн гээд л намын үүртээ өгдөг. Зарим газрууд хүртэл одоо чулуу хүртэл ганзаглаад ир гэж даалгавар өгч байсан юм байна лээ ш дээ.
Ариун-Ундрах -
Яагаад?
Жамбажав -
Одоо нэг сандлын хэрээтэй 2 чулуу аваад ир гээд. Тэгээд өнөө нэгдлийнхээ барилгыг барих гэж байхгүй юу. Тэр чинь цуглуулаад, хөсөг унаа гэж байхгүй, машин гэж байхгүй тэгэхэд чинь. Манай нэгдлийн дарга тэгэхэд чинь Дашпунцаг гэдэг хүн байсан юм. Одоо бол их зах зээлийн байхаар. Тэр Дашпунцаг дарга говь руу очиж тэр үеийн 2700 цаасаар тэр чинь 1000 гэдэг чинь их байлгүй яахав ээ. Нэг хуучин ЗИС-5 ч биш юм аа. Ямар тэрэг билээ. Нэг пулуу тэрэг худалдаж аваад. Пулуу ч биш юм аа. Пулуу авсан юм уу? Хотоос нэг акталсан тэрэг л авсан юм байна лээ. Тэрнийгээ Өмнөговь руу аваачиж 100 тэмээнээс өгчихөөд, 100 тэмээгээ Хөвсгөл аймагт очиж 100 хайнагнаас өгчихөөд, 100 хайнагаа төв засан хориход аваачиж өнөө хорихын хоригдлууд чинь ууланд мод бэлтгэдэг байлаа ш дээ. Хайнагаар чирээд доош нь буулгадаг. Тэгэж хайнагнаас өгчихөөд тэр хайнагныхаа мөнгөнөөс бас нэг машин аваад. Тэгээд одоо их сайн ажилласан гэж нэг 51-аар шагнуулаад. Тэгээд 2 машинтай болчихсон. Зүгээр ёстой хаашаа л бол давхиад л, юм бөөгнүүлээд давхиад. Тэр чинь өнөө сүйхээтэйхэн наймаачин хүн бол ёстой нэгдлийг дор нь хөл дээр нь босгож байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Тийм байна тэ?
Жамбажав -
Тийм. Тэгэж л ажиллаж байсан даа. Дээр үеийн одоо сайн сайн зүтгэлтэй нэг нь бол. Тэгээд нэгдэл нь ч их бэхэжсэн. Сүүлд Солонгост мэргэжил дээшлүүлэх гэдэг ажлаар яваад энэ хойд ардчилсан Солонгост. Тэгээд эргэж ирээд сумандаа ч ажиллаагүй. Тэгээд л сүүлд нь өөд болчихсон сурагтай байсан. Тэгэхдээ авгай хүүхэд хоёроо Заамарт орхичихоод эхний жил тэр Булганы Хишиг Өндөрийг авгай хүүхдийнхээ хоол ундыг даагаарай гэж өгчихөөд, нэгдлийн дарга нар чинь бас бие биендээ. Тэрний хойтон жил нь Дашинчилэнгийн нэгдлээр хоол ундыг нь даалгуулаад. Ирэх сүүлийнхээ 3 дахь жилээ өөрийнхөө нэгдлээр хоол ундыг нь даалгаад хүртэл авгай хүүхдээ тэгэж даалгачихаад явчихаж байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Тэр ухуулга хийхдээ юу ярих вэ?
Жамбажав -
Ухуулга яахад бол одоо дандаа цаг үеийн юм ярина ш дээ. Олон улсын байдал ярина.
Ариун-Ундрах -
Яг юу гэж ярих уу? Тодорхой.
Жамбажав -
Тэгээд одоо Америк энэ тэрийг чинь бол одоо түрэмгийлэгч гээд л ярина шүү дээ. Фашист Герман энэ тэр гээд л одоо энэ социалист орнуудынхаа хэдийг бол магтана. Тэр харилцаагүй байсан одоо Америк юм уу, одоо Германаа бол муу талыг нь ярина. Тэнд одоо тэгэж ажилгүйдэл, Америкт төчнөөн хүн ажилгүй байна, төчнөөн өлсгөлөн болж байна. Германд бол одоо ингээд Гитлер бол төчнөөн хүний амь насанд аюултай хэрэг хийсэн гээд одоо ингээд л. Одоо ярих юм бол олон улсын хоорондын байдлыг эвдэхээр шахуу юм ярьж л байсан байх. Тэгээд газрын зураг дээр их заалгана ш дээ. Тэр үед чинь одоо хүүхэд байхад чинь хүртэл биднийг чинь одоо зарим нэгийг нь бүр цээжлүүлэх ёстой юмыг цээжлүүлнэ ш дээ. Тооны хүрдийг бол бүр яг цээжлүүлнэ. Газрын зураг дээр бол дандаа нөгөө тив ялгуулна. Уралын нуруугаар ороод шинэ газраар ороод, тэгээд л Каспийн далайн зүүн эргээр ороод ингээд гээд тэр үед чинь нөгөө тив ялгаж байсан чинь ингэж санаанд орж ирнэ. Тэгээд сурагчдын дүрэм бол 22 дүрэмтэй. 22 дүрмийг чинь яг цээжлүүлнэ. За ингээд нэг хүүхэд жаахан тэнд ингээд суучихсан л байвал сурагчдын дүрмийн 9-д юу гэж байгаа билээ? Босоод л нөгөө хүүхэд чинь ширээ тохойлдож лаглайн сууж болохгүй. Тэгш сууж багшийн яриаг хичээнгүйлэн сонсох ёстой гээд ингээд л. Тэгээд л за сайн байна. Дүрэм мэдэж байна. Суу. Дахиад битгий яагаарай. Ингээд л тийм маягаар.
Ариун-Ундрах -
Аа нэгдлийн тухай ухуулж юу ярих уу?
Жамбажав -
Нэгдлийн тухай ч одоо нэгдэл бол хөдөлмөр энэ тэрийн хөлс л, ажил сайн хийвэл хөдөлмөрийн өдрийн хөлс их сайн авна. За ажил тааруухан жаахан залхуураад юм хумыг нь хийгээгүй бол хөлс бага гарна. За тэгээд тэр чинь их нарийн дүрэмтэй ш дээ. Төл бойжуулахад чинь ухаан нь одоо тэгээд 100 эх малаас 100 төл аваад төл бойжуулсны хөдөлмөрийн өдрийн хөлс өгнө. Аа 100 хурганы чинь бойжуулсны хөлс өгснөөс гадна тэр үс ноосыг нь хичнээн кг ноос өгсөн. Аа төчнөөн хурга бойжуулвал төчнөөн хөдөлмөрийн өдрийн хөлс нь юутай байхгүй юу. За 100 хурганаас одоо 100% бол төчнөөн хөдөлмөрийн өдөр, 80-ыг бойжуулсан бол төчнөөн хөдөлмөрийн өдөр ч гэдэг юм уу. Аа ноос одоо хичнээн кг тушааснаар нь тэр хөдөлмөрийн хөлс, хичнээн хонь хяргасан хонины тоогоор төчнөөн хөдөлмөрийн өдөр гээд. Тэгээд л нөгөө хөдөлмөрийн өдрийн юуг нягтлан нь бодоод л. Тэгээд нэг хөдөлмөрийн өдөрт тэднийх хэлэлцэж байгаад одоо нэг хөдөлмөрийн өдрийг 5 төгрөгөөр ч боддог юм уу, 7 төгрөгөөр ч бодох байна, 10 төгрөгөөр ч бодох байна. Нэгдэл нэгдэл өөрийнхөө санхүүгийн чадамжаар. Тэгээд л тэрүүгээрээ хөдөлмөрийн өдөрт нь сард хагас жилд ч байдаг юм уу хичнээн гарсан байнав нягтлан нь бодоод тэгээд мөнгийг нь олгоно доо.
Ариун-Ундрах -
Тэр хувь хүн нэгдэлд яаж элсдэг журамтай байсан бэ?
Жамбажав -
Хувь хүн малтай хүн бол 25 мал, 50 мал бил үү, хэд билээ сайн санахгүй байна. Тэгээд тийм мал нийлүүлээд л, өөрөө сайн дураар ч нийлүүлж болно. За би одоо нэг 10 үхэр, нэг 100 хонь нийлүүлье ээ ч гэдэг юм уу. Аа би нэг 50 хонь, 20 үхэр нийлүүлье ээ ч гэдэг юм уу нэгдэлдээ. Тэгээд тэр чинь дундын хөрөнгө болгочихож байна ш дээ. Тэгээд л ордог. Аа зүгээр өнөө мань мэтийн одоо ажил хийж байгаа улс энэ тэр нэгдэлд оръё гэвэл өргөдөл өгөөд л, нэг 25 төгрөг өгөөд л тэгээд л ордог. Манай тэр нэгдэл л лав тийм байсан. Тэгээд харин би бол за за яршиг гэж... өнөө нэгдэл тараад. Тэгэхэд би бас тэр нэгдэлдээ очоод ярьж хөөрсөн бол надад нэг жоохон хувьцаа юм өгөх л байсан байх. Би тэгээд тийшээ яваа ч үгүй. Сүүлдээ нэгдлийн гишүүн ч гэж намайг сүүлдээ ч мартаа биз дээ. Бараг тэгээд сэргээгээд яваад байсан бол нэгдлийн гишүүн л байсан юм, анх.
Ариун-Ундрах -
Тэр малчид малаа нуудаг тохиолдол байдаг байсан болов уу?
Жамбажав -
Малаа нууна аа. Тэр чинь одоо нөгөө тоолсон малын тоогоор татвар өгчихдөг байхгүй юу. Тэгээд их олон малтай хүн бол татвар нилээн юм өгнө биз дээ. Тэгэхээр малнаасаа бас нэг ингээд тараагаад хүүхдүүддээ хэсэглээд тоолуулчихдаг ч байсан юм уу? Одоо бол нуух байтугай харин мянгат болох гээд бараг хүүхдүүдийнхээ малыг нийлүүлж байгаад тоолуулаад 1000 болчихож байна ш дээ. Тэр үед эсрэгээр нь болчихож байсан.
Ариун-Ундрах -
За тэгээд нэгдэлжих хөдөлгөөний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр юу гэж мэдээлдэг байсан бэ?
Жамбажав -
Нэгдэлжих хөдөлгөөнийг чинь одоо аймгийн сонингуудаар л аймаг аймгийн нэгдлүүдийг л гаргана ш дээ. Тэгээд жилд л одоо нэг байгууллагуудыг, нэг компаниудыг одоо ингээд одоо бол үйл ажиллагаагаар нь дүгнээд л ингэж байна ш дээ. Энүүн шиг чинь л нэгдлүүдийг чинь аймаг л одоо нэг 20 сумтай байхад л 20 нэгдэл. Сум болгонд нэг нэгдэл. 25 сумтай бол 25 нэгдлийнхээ юуг л бас энэ компаниудыг дүгнээд л гаргаад байгаа биз дээ. Одоо тэгээд л ашиг орлогоор нь дүгнээд л, сайн ажилласанаар нь дүгнээд л, аа хандив тусламж өгснөөр нь юу яадаг шиг л ноосоо хэр зэрэг тушаасан юм, хөдөлмөрийн өдрийн хөлс нь одоо ахиж байна уу? Үгүй юу? Нэгдлийн гишүүдэд олгож байгаа мөнгөний санхүүгийн эргэлт нь ямар байна уу? Малын өсөлт нь хэр зэрэг байна уу? Нодлингынхоо үеийнхээсээ хэр зэрэг өссөн байна вэ? Энүүгээр нь өнөө байр эзлүүлээд, дүгнээд. Тэгээд л тэр дүгнэлтээрээ хүртэл манай тэр “Заамар” нэгдэл 51 машинаар шагнуулчихаж байхгүй юу. Гэх мэтчилэн хөдөө аж ахуйн яам, нэгдлийн холбооны дээд зөвлөл гэж байсан ш дээ. Энэ чинь хөдөө аж ахуйн яамны дэргэд. Тэгээд сүүлдээ ч тусдаа нэгдлийн холбооны дээд зөвлөл гээд байж байгаад нэгдэл тарсан хойно тэр юу ч тарлаа шив дээ тэгээд. Тэгэж нэгдлүүдээ тэгээд улсын хэмжээгээр аймаг аймгаар нь, тэгээд сүүлд нь аймгуудаа нэгтгэж байгаад улсын хэмжээгээр ингэж шалгаруулдаг л байлаа ш дээ.
Ариун-Ундрах -
Тэр нэгдэлд элсэх бүр огт дургүй эсвэл ер нь бүр элсээгүй хүн байсан болов уу?
Жамбажав -
Байсаан. Цөөн байсан тэр бол. Нэгдэлжих хөдөлгөөн чинь ер нь тэгээд нэг 90-н хэдэн хувьтай л байсан ш дээ, ялсан нь бол. Тэгээд сүүлдээ яахав тэгээд ороогүй нэг нь ороогүй чигээрээ байж байгаад л мал хунараа бодоод. Тэгээд ер нь нэгдэлжих хөдөлгөөнд ороогүй хүн бол бараг л тэгээд л нэг одоогын ажил хийгээгүй хүн шиг л болчихгүй юу даа. Тэгээд ажилгүй хүн шиг л. Тэгээд л цаанаас нь ажил нэгдлээс чинь хараад байх юм байхгүй. Өөрийнхөө зоргоор хэдэн малаа зарвал зараад л. Тэрнээсээ хооллоод, ундлаад л, жоохон малтай юм тэгээд л. Тэгээд сүүлдээ зарим нь ч нэгдэлжих хөдөлгөөнийг их ойлгоод өнөө хөдөлмөрийн өдрийн хөлс гэж авдаг болохоор ер нь мөнгө авч байх нь зөв юм гэж бодоод тэгээд нийтээрээ орсон шүү дээ. Тэр чинь тэр байтугай нэгдэл байхад чинь бор эсгий гутал нэгдлээс тавиад өгчихнө.
Ариун-Ундрах -
Зүгээр үү?
Жамбажав -
Тийм, тэрийг хөдөлмөрийн өдрийн хөлснөөс нь суутгачихна ш дээ.
Ариун-Ундрах -
Тэр бүр огт элсдэггүй хүмүүс яг ямар үндэслэлээр тэгэж элсдэггүй байсан юм бол?
Жамбажав -
Одоо хөрөнгөө л нийлүүлэхгүй л гэж.
Ариун-Ундрах -
Олон малтай улсууд уу?
Жамбажав -
Тийм, олон малтай улсууд л хөрөнгөө нийлүүлэхгүй л, өгөхгүй л гээд л. Нийтийн хөрөнгө болгочихлоо л гэж үзээд байхгүй юу. Тэгээд нэгдэл чинь бол одоо ингээд нэгдэлд орчихсон хүн чинь малгүй ч хүн орж байгаа, малтай ч хүн орж байгаа ш дээ. Тэгэхэд чинь одоо манай гэрийн хүн амаржих боллоо. Нэг шөл өгье өө гэхээр чинь нэгдлийн даргаар цохуулаад, тэгээд нэг бригадын дарга дээр очиж бригадын дарга нь малчиндаа цохож өгөөд, малчин нь тэгээд нэг хонь зааж өгнө. Тэгэж л байлаа ш дээ. Хөдөлмөрийн хөлснөөс нь нөгөө хониныхоо мөнгийг суутгачихна. Нэг хонь нэгдэлд ямар үнэтэй байх вэ? Эм хонь ямар үнэтэй байх уу? Эр хонь ямар үнэтэй байх уу? Төлөг ямар үнэтэй байх уу? ингээд үнэлгээтэй. Тэгээд тэрүүгээр нь авсан хониныхоо мөнгийг суутгачихна.
Ариун-Ундрах -
За та сүүлд нь энэ нэгдлийг тараах үйл явцыг ажиглаж байхад танд ямархуу болсон юм шиг санагддаг вэ?
Жамбажав -
Аа тэгээд л одоо нийтийн хөрөнгө л тэгээд л цөөхөн хэдэн хувь хүний гараар ороод л тэгээд дууссан л гэж боддог юм. Тэр тухайн үед удирдаж байсан хэдэн нэгдлийн дарга, одоо удирдлагын гишүүдэд нь байсан гишүүд ч зарим нэг нь хувьцаа гээд нэг, зарим нь бага мал өглөө эд нар гэж чамлаж л байсан юм байна лээ л дээ. Малаа бол яахав тэгээд оруулсан хөрөнгөний тоогоор нь ч байдаг юм уу, яг тоогоор нь өгсөн ч юм уу, үгүй ч юм уу. Мал хунар нийлүүлсэн хүнд нь тэгээд хувьцаа гэж өгөөд л. Тэгээд л байшин барилга ч байдаг юм уу. Тэр үеийн чинь худаг ус, янз бүрийн үл хөдлөх хөрөнгөнүүд их байлаа ш дээ. Энэ чинь бол тэгээд л бараг л хувь хүн, тэр тухайн үед хариуцаж байгаа улс ийш тийш нь болгочихсон л юм шиг санагддаг юм.
Ариун-Ундрах -
За та эхнэртэйгээ анх яаж танилцаж байсан бэ?
Жамбажав -
Мммм.
Ариун-Ундрах -
Эхнэртэйгээ яаж анх танилцаж байсан тухайгаа ярьж өгөөч?
Жамбажав -
Аа одоо энэ чинь яахав бид хоёр тэгээд л... Анхны хань маань бол өөд болчихсон юм. 4 хүүхэдтэй байж байгаад. Тэгээд сүүлд энэнтэйгээ суугаад, ер нь бараг санамсаргүй тохиолдлоор л суучихсан даа. Бид хоёр Налайхд ирээд л.
Ариун-Ундрах -
Аан энд ирсэн хойноо юу?
Жамбажав -
Энд ирсэн хойноо. Одоо 30-аад жил болж байна даа.
Ариун-Ундрах -
Заа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.