Jambajav


Basic information
Interviewee ID: 990387
Name: Jambajav
Parent's name: Choidash
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1933
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired, teacher, director of lessons
Belief: Buddhist
Born in: Hujirt sum, Övörhangai aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
belief
work
politics / politicians
education / cultural production
life in wartime


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

За хоёулаа ярилцлагаа үргэлжлүүлж ярья аа. За тэгээд таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу? Хэрвээ байгаа бол тэр нь ямар үйл явдал вэ?

Жамбажав -

Амьдралд нэг их гүнээр нөлөөлсөн тийм асуудал байхгүй ээ.

Ариун-Ундрах -

За таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Жамбажав -

За бусдаас онцгой ч юу байхав. Ер нь нэг их онцгойлоод байх ч юм байхгүй дээ. Зүгээр манай хөгшин бид хоёрын дунд бол ер нь л хөдөлмөрлөх их сонирхолтой. Хоёулаа л ер нь зүгээр сууж чаддаггүй л улсууд. Нэг тийм л одоо хэвшил ч болчихсон юм уу? Тийм л онцлогтой доо, манай гэр бүл бол.

Ариун-Ундрах -

За та 1933 онд төрсөн гэсэн тийм ээ?

Жамбажав -

Тийм.

Ариун-Ундрах -

Тэгэхээр тэр үед дайны жилүүд, бас ер нь олон зүйлүүд болж байсан байх. Яг танай нутагт тэр хэлмэгдүүлэлт гэдэг зүйл болж байсан уу?

Жамбажав -

Хэлмэгдүүлэлтийн талаар бол би ерөөсөө мэдэхгүй юм аа. 1932 онд одоо тэр нөгөө хэлмэгдүүлэлт чинь одоо ид явагдаж байсан байна ш дээ, эсэргүү. Тэгэхээр 1945 онд бол яг намайг сургуульд байхад, 4-р ангид байхад дайн болоод дуусч байсан тийм. Тэрнээс хэлмэгдүүлэлтийн талаар бол би өөрөө сайн мэдэхгүй. Манайханд тийм лам ч хүн байсангүй. Манай аав бас нэг жаахан ном уншдаг хүн байсан шиг байгаа юм. Сүүлд би Заамарт суусан хойноо аав ээж хоёроо нэг эргээд, дэргэдээ нэг гэр барьж өгөөд өвөлжүүллээ. Тэгсэн манай аав бурхнаа ар ууцандаа ингээд нуугаад, бурхан ил тавихгүй ш дээ. Тэгээд манай нэг дүү тэгэж байсан юм. Манай нэг эгчийн хүүхэд бөөр аав бурхнаа ардаа хийчихээд, дээлнийхээ ард хийчихээд явсан шүү гэж над руу захиа бичиж байсан юм. Тэгээд өнөө бурхан шүтүүлдэггүй, тахиулдаггүй байлаа ш дээ. Тэгээд 1952 онд Маршал Чойбалсанг нас барахад цагаан сар хийх гэж байсан чинь болиулаад л. Тэгээд тэрнээс хойш цагаан сар хийлгэхгүй нэг хэсэг түгжигдэж байгаад тэгээд л нэгдэлчдийн баяр гэж нэрлээд л. Малчдын баяр гэж нэг үзээд, нэгдэлчдийн баяр гэж нэг үзээд ингээд л. Одоо бол чөлөөтэй л хийдэг болж яахав.

Ариун-Ундрах -

За хоёулаа ажил гэдэг сэдэв байгаа. Тэрүүгээр нэг бага зэрэг ярья аа. Тэгээд социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямар байсан бэ?

Жамбажав -

Социализмын үед ажилгүй хүн гэж байхгүй. Тийм их бага хэмжээгээр ямар ч гэсэн цалин авна. За тэгээд нэг жирийн одоо цэвэрлэгч, техникийн ажилчид бол нэг 200-н хэдэн төгрөг авна, 230-240. За тэгээд л бусад нь яахав нэг 400-500, 600, дээд сургууль төгссөн хүн нэг 700-800 ийм л мөнгө цалин авчихдаг. Тэгээд ер нь ажилгүй хүн байхгүй болохлоор бол цөмөөрөө баян хүн ч гэж нэг их онцгойроод байх юм байхгүй. Ядуу хүн, одоо өнөө тэднийх идэх хоолгүй гээд суугаад байгаа ч хүнгүй. Ийм л байсан. Аа тэгэхдээ социалист өмч хөрөнгийг хамгаална гэдэг асуудал бол одоо маш их хүчтэй явагдана. Ямар сайндаа л нөгөө улсын хөрөнгийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаал гээд л Цэдэнбал даргын юу хүртэл байсан биз дээ. Одоо тэгээд л социалист өмчөө бол их хамгаалдаг. Ер нь л улсын хөрөнгөнд бол гар дүрэх, цаанаасаа ч гар дүрүүлэхгүй, дүрэх ч дургүй тийм л байсан байна. Тэгээд ер нь цөм ажилтай болохоор яахав дээ. Ерөөсөө л адилхан амьдралтай. Нэг сольж өмсөх костюмтай, нэг нь костюмгүй. Нэг нь яахав тэгээд л хөвөнтэй куртик өмсчихөөд л хар ажлаа хийчихээд ингээд л. Тэгэхдээ энэ хүн болгон бол өнөө ажил хөдөлмөрт бол жигд ханддаг учраас бас одоо энэ тариа будаа ч их сайн ургуулж байсан байна. Гурилаа өөрснөө хангачихна. Малын өсөлт харин нэг жаахан тааруу. Өнөө хувийнх биш болчихсон, нийгмийнх болчих дээр. Тэгээд нэг нэгдлийн гишүүд чинь дандаа одоо хөдөөний малчид. Тэгээд зарим нь залуучууд ховор, настай улсууд их байсан. Ядардаг, зүдэрдэг байсан биз. За тэгээд төлөө ч одоо нийгмийн өнөө мал учраас олноор маллуулна. Тийм үед жаахан хүнд байсан байх. Ухаан нь нэг хүн одоо нэг нэгдлээс чинь хонь хариуллаа гэж бодоход чинь л одоо 200 хонь өглөө гэхэд 200 хонь төллүүлэхэд чинь одоо тэр хоёр хүн л хоёулахнаа л гэрийн эзэнтэйгээ л мал өсгөнө шүү дээ. Төлийг чинь тэ? Одоо бол хувьдаа шилжчихсэн учраас хувийн өмчийн бүгд олон малтай хүн чинь ажилчин авчихсан. Одоо малчин авчихсан. Малчнаараа төлөө хариулуулчихаж байна, хургаа төлөө бойжуулуулчихаж байна гэх мэтчилэн ажилчин аваад цалинжуулаад өгчихөж байгаа учраас бол ажил нь бас жаахан хөнгөвчлөгдсөн байлгүй яахав.

Ариун-Ундрах -

За таны бодлоор одооны хүмүүсийн ажилд хандах хандлага нь яаж өөрчлөгдсөн бэ?

Жамбажав -

Одооны ажилд хандах хандлага бол яахав ээ. Хувьд одоо бүх юм шилжи байгаа учраас бол хувийнхаа төлөө бол ерөөсөө ямар нэгэн юм эрхэлж байгаа хүнд бол сайхан чөлөөтэй байна. Юм эрхэлж байгаа хүнд. Одоо нэг дэлгүүр гаргаад ч ажиллуулчихаж л байна. Аа зүгэрэ ажилгүй, хөрөнгө мөнгө муутай, мөнгө төгрөггүй ажилгүй хүнд бол жаахан хүндхэн байна. Эд чинь одоо яаж амьдрах учир зүйгээ ч олохгүй. Зээл авъя гэхлээр барьцаанд тавих юм байхгүй. Барьцаанд тавиад тэрнийгээ нэг хэдэн төгрөг авъя гэхээр төгрөг олдохгүй. Төгрөггүй болохоор одоо юу хийх юм. Тэгээд л аягүй бол байгаль руугаа хандах энэ ажил бол одоо ер нь л нэг мод энэ тэр ой сүйдчихлээ, байгаль сүйдчихлээ энэ тэр гээд байдаг чинь энэнтэй л холбоотой юм шиг л байгаа юм. Хүн болгон бол боломжтой амьдралтай бол гайгүй л байх л даа. Тэгээд манайх чинь одоо мөнгө төгрөг ховортой ч юм байгаа. Шинээр ч одоо энэ нийгэмд орчихоод байгаа болох дээрээ тэгдэг юм уу? За дээгүүрээ ч бас буруу зөв зарцуулдаг юм их байдаг юм шиг байна. Ерөөсөө л мөнгөөр хөдөлдөг нийгэм юм болохлоороо жаахан доогуураа бас их ядуу, зүдүү хэцүү амьдарч байгаа улсууд бол маш их л байна гэж ингэж харагдаад байгаа юм.

Ариун-Ундрах -

За социализмын үед хүмүүс ажилд яаж ордог байсан бэ?

Жамбажав -

Ажилд бол ерөөсөө л ажилгүй хүн байхгүй. Ажилгүй хүнийг чинь ерөөсөө чадах чинээгээрээ мэргэжил боловсролоороо л орно шүү дээ. Дээд сургууль соёл төгссөн бол яахав ухаандаа хийж чадах ажил дээрээ тавигдчихна. Томилолтоор томилоод оруулчихна. Аа зүгээр сургууль соёл багатай нэг бүрэн дунд боловсролтой ингээд ийм хүмүүс бол яахав ажилд оръё гээд ороход бол орон тоо л байвал авна шүү дээ. Тэр үед бол тийм. Одоо бол ажил байхгүй ээ л гэнэ. Хэдэн нас заасан. Тэр үед бол нас заагаад яахав тэтгэвэрт гараагүй л бол янз бүрийн ажил, манаа занаа тэгээд л хийж чадах юмаа хүн хийгээд л хэдэн цаас аваад л байдаг учраас амьдралд нэг их дээшээ баян чинээлэг биш ч гэсэн тэгээд тухайн үед бол амьдраад л явсан ийм л нийгэм. Тэгэхдээ ажилд хандах хандлага бол их үнэнч хандана шүү дээ. Тэр үед чинь уралдаан зарлаад явуулчихна. Тэгээд түрүүлснийг нь шагначихна. Аа ер нь л одоо хийхгүй за яршиг энэ ажлыг хийхгүй гээд хаячих хүн бол бараг байхгүй дээ. Тэгээд тийм л байсан санагддаг юм.

Ариун-Ундрах -

Таны ажилд хандах хандлага бол аа социализмын дараагаар өөрчлөгдсөн үү? Үгүй юу?

Жамбажав -

Ерөөсөө социализмын үед би яаж хандаж байсан тэр бол хэвшил болчихсон байдаг юм байна лээ. Үгүй дээ л цаг баримтлана гэхэд чинь л би өглөө хичээлийн эрхлэгч хийж байхад чинь би эндээс чинь 7 цагт гараад алхана ш дээ. Тэгтэл би тэнд 7.30-д байж байсан бол 7.30-даа байж байгаад л хүүхдээ ч бүртгээд л, багш нараа ч бүртгээд л, ажлаа эхлүүлээд ингээд л. Одоо тэр чанар бол надад хэвшчихсэн шиг байдаг юм. Нэг ажлыг бол тэр хүн яаж багаасаа ер нь дадаж хэвшинэ үү тэр хэвшил бол манийн үеийн улсад бол бараг хэвшдэг юм шиг байна. Зүгээр одоогын энэ залуучууд бол ямар байдаг юм. Би нэг их сайн мэдэх ч үгүй юм. Сүүлийн бараг 20-иод жил цуг ажилласангүй. Тэгээд зүгээр хувиараа л өнөө цагтаа л юмаа хийдгээрээ л бид хоёр чинь цагтаа юмаа хийгээд л. Хувийнхаа нэг усаа авсан ч л өнөөдөр ингээд нэг 11 цагт ус авна гэсэн бол гараад тэрнийгээ авахаас нааш санаа амрахгүй. Тэгээд л хийчихдэг. За өнөөдөр үдээс хойш нэг түлээгээ хөрөөднө гэсэн бол хөрөөдөхөөс нааш санаа амрахгүй. Тэгээд ийм л болчихдог юм байна. Ажил бол одоо хэвшчихдэг юм байна бие организмд. Тэгээд өглөө цаг сэрэлт хүртэл тийм одоо. Унтаж чадахгүй, одоо өглөө 7.30-д л босдог л бол яг л тэрэндээ сэрээд л босоод л ажлаа хийгээд л яваад өгдөг. Одооны залуучууд бол яахав хувийнх учраас ажиглаж байхад шөнө их орой болтол хийдэг бололтой юм. Тэгээд л өглөө жаахан яаралгүй эхэлдэг бололтой юм шиг байх юм. Тэгээд хувийн ажил болохоор яахав тэр юмаа бүтээж л байвал болж л байгаа юм шиг байна л даа. Тэгэхдээ энэ албан хаагчдын хувьд бол ямар байдаг юм бэ дээ. Төрийн байгууллагад ажиллаж байгаа, төсвийн байгууллагад ажиллаж байгаа улс чинь бас одоо багш нараас л харж байхад ер нь нэг их тийм мэдээлэл нь ч элбэг болчихсон юм байх. Өөрт нь ч нэг их сонирхдог юм уу? Үгүй юм уу? Энэ дээд сургууль энэ тэрийг ч гэсэн ажиглаж байхад ер нь төлбөрөө л өгчихвөл тэр оюутан сууна уу, байна уу шахуу хамаагүй юм шиг. Гаднаас нь ажиглаж байгаа хүнд. Би ямар дотор нь ороод ажиллаж байгаа биш. Нэг тийм болчихсон юм шиг. Тэгээд сурч байгаа оюутан ч яахав мөнгөө өгчихсөн юм чинь яадаг юм. Суусан ч яадаг юм, байсан ч яах юм. Дипломоо л авбал болж байгаа юм уу гэсэн шиг маягтай юм шиг санагдаад байх юм. Тэр бол уг нь тэгмээргүй байгаа юм. Сайн сурч аваад, сайн мэргэжилтэн болоод улсдаа ажиллавал хэрэгтэй л юм шиг санагдаад байгаа юм. Тэгэж байгаа юм уу? Үгүй юм уу? Би яг амьдрал дээр нь баталж хэлж мэдэхгүй. Зүгээр ажиглахад тийм юм шиг санагдаад байна.

Ариун-Ундрах -

За таны гол бахархдаг зүйл юу вэ?

Жамбажав -

Би бол ерөөсөө хөдөлмөрөөр л бахархдаг хүн. Ер нь л одоо хөдөлмөр их сайн хийж байгаа хүн л их сайхан санагддаг даа. Ер нь тийм.

Ариун-Ундрах -

Эсрэгээр нь таны жигшдэг зүйл юу вэ?

Жамбажав -

Мммм

Ариун-Ундрах -

Таны жигшдэг зүйл юу вэ?

Жамбажав -

Энэ залхуу хүнд л их жигшинэ дээ. Одоо энэ сүүлийн үед бол энэ залуучууд бол одоо энэ архинд бүр нилээрээ орчихоод бас хэцүү болчиж байна уу л гэж нэг их зовох юм даа. Ялангуяа эмэгтэйчүүд, за эрэгтэй ч ялгаа юутай залуучууд. Энэ улс орныг , энэ биеэ яаж авч явна даа л гэж бодохоор санагдах юм. Тэгээд ямар сайндаа энэ архины дэлгүүр нь ч одоо бага байж болдоггүй юм болов уу? гэж боддог юм. Одоо хувиараа хийдэг юм болох дээр тэр мөнгөнөөс хэн татгалзах вэ дээ. Одоо тэгээд л тийм.

Ариун-Ундрах -

За таныг энэ олон жилийн турш ажиллаж байхад чинь хамгийн хэцүү бэрхшээлтэй үеүд нь юу юу байсан бэ?

Жамбажав -

Надад бол нэг их тийм бэрхшээгээд байсан үе бол тохиолдоогүй шүү. Ер нь ажлаа хийдэг цагтаа хийчихээд ингээд л яваад байгаа учраас бол за байз одоо энэнээс яана даа гэж нэг их шантраад тэгээд байсан юм энэ тэр зүйл бол гайгүй. Хийдэг юмаа цагтаа би чинь хийчихсэн хүн юм байна. Тэгээд л яахав. Тэгэхдээ яахав ээ зүгээр ер нь яг сурч байх үед бол бэрхшээл их байсан л даа. Ялангуяа бага сургуульд, дунд сургуульд энэ тэр сурч байх үед бол тэр чинь одоо сурах бичиг гэж байхгүй ээ. Дайны үе юм улс орон хүн хэцүү. Ямар сайндаа чернилээ үлээгээд бичиж байхав дээ. Тийм учраас тэр чинь бэрхшээл л байсан байна, одоо бодож байхад. Тэгээд бэрхшээлийг бол хүн яахав дээ өөрснөө сонирхолтой байвал тэгээд л давдаг туулдаг л юм чинь тэгээд туулаад л тухайн цаг үед бол яахав улс орны хөгжлийн дагуу тэгээд л адилхан бас жаахан хөгжихөд л ингээд явчихсан юм байна л гэж бодож байдаг юм.

Ариун-Ундрах -

Та социализмын үед чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг байсан бэ?

Жамбажав -

Бидний үед чинь чөлөөт цагаа өнгөрөөхөд бол их амархан ш дээ. Одооныхтой адил ямар тэр усан бассейн байхгүй байна, усанд орж болохгүй байна, нарлаж болохгүй байна л гээд байгаа юм. Бидний үед чинь одоо гадаа сетки зоочихсон гар бөмбөг тоглодог байлаа. Нар шингэж бүрэнхий болтол тоглоно оо. Өнөө ажлынхаа чөлөөт цагаар л. Ер нь тэгээд энэ спортоор их юу яана шүү дээ. Тэр үед чинь хоорондоо одоо тоглоно. Одоо даам, шагай, тэгээд гар бөмбөг. Сагс бол нэг их тоглодоггүй байсан юм байна тэр үед. Ийм юмнуудаар ингээд тоглоод чөлөөт цаг өнгөрнө. Бас юунд оролцоно оо. Одоо бүр өөрөөсөө зовмоор. Энэ сумын улаан булан, уран сайханчид энэ тэр гэдэг чинь орой 11 цаг хүртэл концерт бэлдэж байна гээд л одоо чинь идэвхитэй тэнд чинь суучихсан л аа тэгээд л одоо тийм жүжиг, жоохон шог юм ч бас тоглох гэж байгаа юм уу, тэр үед тэгэж байсан юм уу даа гэж одоо бодогдож байдаг юм. Залуу байхад сайхаан. Тэгээд...

Ариун-Ундрах -

Бас тийм сонирхол байна уу?

Жамбажав -

Тийм. 20-н хэдэн настай байхад чинь ичиж зовно ч гэж байхгүй. Тэгээд л тэнд оролцох дуртай. Яахав цаг өнгөрөөж л байсан байна л даа тэр. Тэгээд л залуучууд чинь дуулна, уран сайханд одоо оролцоно. Тэгээд одоо бол юу ч үлдээгүй л юм байна лээ. Тэгэхээр хийхгүй болохлоор тэгээд гар хуруу ч эвлэрэхгүй тэгээд л.

Ариун-Ундрах -

Та бүжгинд ордог байсан уу?

Жамбажав -

Өө нэг ч их бүжиглэхгүй ээ. Тэгэхдээ бас жаахан зүгээр байхгүй. Тэр үеийн улсууд бүгд хийнэ шүү дээ. Тэгээд л тийм. Хүмүүн төрөлхтөн, тэгээд л Жаахан Дулмаа гээд л янз бүрийн дээр үеийн юунууд.... тэгээд орой энэ хөгжим их бас нэг хөдөө байхад чинь нэг 3-4-хөн эрэгтэй багш нар чинь тэгээд л нэгнийдээ орчихоод л хөгжим тоглоод л, нэг нь дараад л ингээд сууна шүү дээ. Нэг гар бөмбөг жаал тоглож байгаад орж ирээд л нэг хөгжим дараад л, чадсан чадаагүй орилуулаад л байна. Тэр үед чинь гармони хөгжим айлд олон шахуу байлаа. Хүүхдүүд бол мандлин хөгжмөөр дандаа их хамтлагаар тоглодог байлаа. Одоо мандлин, гармони маань үзэгдэхээ байсан шахуу юм шиг. Байхгүй болсон байх. Тийм маягаар л тэр үеийн залуучуудын л чөлөөт цагаа өнгөрүүлж байсан жам ёсоор л өнгөрөөчих шиг боллоо.

Ариун-Ундрах -

Одоо бол чөлөөт цагаа та яаж өнгөрүүлдэг вэ?

Жамбажав -

Одоо миний чөлөөт цаг ерөөсөө л энэ хэдэн мод. Зун нь бол одоо энэ ногоо. Тэгээд л одоо ингээд усандаа яваад өгнө. Усаа зөөж услана. Аа чадахгүй юм. Чаддагсан бол хашаан дотроо нэг өнгөний ус ч болсон гаргачихаад хэдэн модоо сэргээгээд авахсан. Энийгээ л үхүүлчихгүй юмсан гэж. Тэгээд энэ мод тарих бол 1-рт агаар сийрэгжиж хүний эрүүл мэндэд ашигтай л гэх юм. 2-рт энэ шашин номын улсын ярьж байгаагаар бол буян болдог л гэх юм. Тэгээд одоо нас өндөр болж байна. Тэгээд л буян хийж байгаа юм даа. Би бол яахав тэгээд. Надаас хойш нэг хэдэн мод нь байх нь байгаад үгүй нь үгүй. Хариуцаж байгаа, аваад үлдэх хүнээс л шалтгаалах байх.

Ариун-Ундрах -

Аан энэ хашаан дотор байгаа юм уу?

Жамбажав -

Энэ гадаа, энэ хашаан дотор.

Ариун-Ундрах -

70-аад мод гэсэн тэ?

Жамбажав -

Тийм. 60-70. Одоо бараг наад юунуудтайгаа... Би нэг үрсэлгээ хийчихсэн юм, чацарганы. Тэрэнд нэг 50-иад үр байгаа. Одоо цасаар хучаад таглачихсан. Тэгээд бусад нь бол яахав цаана нэг 70-80-аад ч мод байгаа байх. Ер нь энэ үрсэлгээтэйгээ би бол нэг 100 болгочих болов уу л гэж бодоод. Тэгэхдээ ногоон мод их тарьж чадаагүй ээ. Дандаа жимсний мод голдуу үхрийн нүд, чацаргана, долоогоны мод тийм л юмнууд голдуу.

Ариун-Ундрах -

Аан та энэ моднуудаа хэзээ анх тарьсан юм бэ?

Жамбажав -

Би чинь одоо өнөө 2003 оноос хойш л одоо тарьж байна ш дээ. Одоо ерөөсөө 6 жил болж байна. Жилд л нэг 2-3 мод нэмээд л явдаг юм. Их хэмжээгээр авч тарьж чадахгүй, тэтгэврийн улс чинь сонирхол байсан ч гэсэн.

Ариун-Ундрах -

Таныг ажиллаж амьдарч байх үед чинь та өөрийнхөө хувийн амьдрал, ажил хоёроо яаж зохицуулдаг байсан бэ?

Жамбажав -

Ер нь ч албаа л эхэнд гүйцэтгэнэ шүү дээ. Албаны ажил дууссан цагаар, тэгээд л хагас бүтэн сайн өдөр. Хагас сайн өдөр ч бараг хагас амардаг байлаа. Бид нарын үед чинь ганцхан бүтэн сайн өдөр амардаг байлаа. Бүтэн сайн өдрийнхөө юунд л хувийнхаа ажлыг л бөөгнүүлж авна даа. Голдуу тийм. Тэгээд л алба амь хоёроо хослуулна л гэсэн үг л дээ. Тэгэхдээ албаны цагаас бол би ер нь бид нар тэгэж 5 цагаар, өдрөөр хумслахгүй ээ. одоо ч тэр сурчихснаараа л энэ хэдэн микрийг чинь ингээд 2.30-д очдог юм. Би эргээд одоо ингээд 2.30-д гараад очно. Орой нэг 5 өнгөртөл сууна, тэнд зогсоно. Тэгээд л ирсэн очсон цагийг нь бичиж аваад тэгээд л бүртгэнэ дээ.

Ариун-Ундрах -

Тэгээд та өөрийнхөө ажлын хамт олныхоо тухай ярьж өгөхгүй юу?

Жамбажав -

Ер нь миний ажиллаж байсан хамт олон бол ер нь дандаа л сайхан хүмүүжил сайтай, чадалтай. Их сайхан хамт олон ер нь миний ажлын хамт олнууд байсан даа. Ерөөсөө л дандаа нэг нас биеэр ч ойролцоо улсууд байлаа. Тэгээд цөмөөрөө сүүлийн үед дандаа сургууль төгсчихсөн боловсрол сайтай ч улсууд байсан. Ялангуяа намайг Налайхд анх ирж байхад бол дандаа жигдхэн сайхан залуухан багш нар. Ажлаа ч ёстой тас няс хийтэл хийчихээд л. Тэгээд л бүтэн сайн өдөр амралтынхаа өдөр болоход чинь за тэгэж бөмбөг тоглох уу? Үгүй бол хөдөө мотоцикльтой тэгэж зугаалаад ирэх үү? Тэнд очоод ирэх үү? гээд ингээд л их найрсаг, эвтэйхэн. Одоотой адилхан хоорондоо ажил төрлөөс зөрөлдөөд, хэрэлдээд байх юм бол байхгүй. Тийм эвсэг хамт олон дотор л би ажиллаж л үзлээ дээ. Их сайхан хамт олон дотор л байсан.

Ариун-Ундрах -

Ер нь тухайн үед хамт олноороо нийлээд ажлаас гадуур ямар ямар арга хэмжээ зохион байгуулдаг байсан бэ?

Жамбажав -

Гадуур за яахав тэр анх би багш болж байхдаа бол хэдэн багш нар нэгдэлд орж байх үед бол үнээний ферм, саравч барьж байлаа. Аа энд ирсэн хойноо бол би тэр чинь одоо энэ хамт олноороо явж улсын фондны өвс хаддаг байлаа ш дээ, байгууллагууд чинь. Энийг чинь хүүхдүүд авч яваад хүүхдүүдээр өвс хадуулна. Аа тэрнийгээ хадуулснаа ачиж ирнэ, тушаана. Аа сүүлд нь энэ ногоон дээр ажиллуулдаг байлаа, хүүхдүүдийг авч явж. Тэгээд тэрнийгээ одоо энэ хүүхдүүдийг бас эргэж тойрч одоо энэ манай захирал Дамдинсүрэн энэ тэр байхад чинь тэгээд цуг яваад л цөмөөрөө тусалж энэ сум нэгдэл энэ тэрийн ажилд бас тусалж л байлаа, хүүхдүүд. Тэгэхэд чинь одоо энэ оюутнууд энэ тэр чинь, одоо энэ цэргүүд энэ тэр дандаа л ногоо тариа хураалцахад чинь яваад ингээд л хамт олноороо ажилладаг байсан. Тэр л хэвшил маягаар бас анхны үед бол тэгэж явж байсан даа. Тэгээд одоо намайг тэтгэвэрт орсноос хойш бол одоо тэгэж явахаа байсан байх л даа.

Ариун-Ундрах -

Тэгээд социализмын үед таны сарын цалин дунджаар хэдэн төгрөг байсан бэ?

Жамбажав -

Одоо миний хичээлийн эрхлэгчийн цалин бол 840 л дөө. Тэгээд яахав нэг 12 цаг заах бас юутай. Тэрнийхээ дагуу тэгээд л нэг 1000-1100 ч юм уу авчихна. Зүгээр би анх багш болоод бол 240 төгрөг. Оюутны стюпент нэг 240. Тэгээд л бараг нэг 1967 он хүртэл бол нэг 200-н хэдийг л авна. Тэгээд энэ төгсөж ирснээсээ хойш бол яахав 720 нэг хэдэн жил авсан байх. Тэгээд 840-ыг аваад, тэгээд тэтгэвэр тэрүүгээрээ гараад л тэгээд байж байгаа юм.

Ариун-Ундрах -

Тэр таны авдаг байсан цалин тэр үедээ амьдралд тань хүрдэг байсан уу?

Жамбажав -

Өө яахав болоод л байсан. Элбэг хүрдэг байсан. Хүн чинь ер нь авсныхаа хэрээр л амьдардаг байсан юм билээ ш дээ. Ер нь одоо бодож байхад 200-г ч авч ч байсан. Тэрүүгээрээ болгоод л өнгөрүүлж байсан. 700-800 ч авсан. Тэрүүгээрээ тэгээд л нэг их илүү гараад байгаа ч юм байгаагүй. Дутаж хэцүү тийм юм байхгүй. Дутаад байгаа ч юм гайгүй. Тэгээд л дараачынхаа сарыг хүргэчихээд л цалингаас цалингын хооронд тэгээд л яваад байсан байна.

Ариун-Ундрах -

За та одоо бодоход социализмын үеийн хүүхдүүдийн хүмүүжил одооны хүүхдүүдийнхээс ямар ямар ялгаатай байсан бэ?

Жамбажав -

Өө шал өөр байж. Тэр үеийн хүүхдүүд чинь үгүй дээ архи уухгүй. Багш нарын үгэнд орно. Бас хажуугаар нь одоо тэр үед чинь үгүй дээ л энэ хог цэвэрлүүлдэг байлаа ш дээ, хүүхдүүдээр. Их цэвэрлэгээтэй гээд анги ангид юу өгчихнө. Тэндээс тэр хүртэл ингэж хог цэвэрлэнэ. Замаг шуудуу цэвэрлэгээ, нийгмийн ажилд бол их оролцуулна ш дээ. Ангиуд суботник гэж хийнэ. Тэгээд суботникт оролцоогүй бол бас арга хэмжээтэй. Тэр чинь тэгээд л хурал дээр хэлэлцэх ч юм уу, тэгээд хүүхдээ бүрэн оролцуулаагүй ч гэдэг юм уу багшид бас зэмлэл ч өгч байж магадгүй. Тэгээд яахав нийтээрээ тийм хэвшмэл юутай байсан учраас тэгээд тэрнийгээ л мөрдөнө. Байгууллага болгон ажиллах дотоод журамтай. Дотоод дүрэм журмаараа ажиллана. Ийм л байсан. Тийм учраас ч ер нь жигдэрхүү ажиллаж байсан юм уу л гэж би боддог юм. Одоо хүүхэд бол ер нь их тийм сурах эрмэлзлэл энэ тэр бол гайгүй байсан ш дээ. Хичээл тасалж байгаа хүүхэд энэ тэртэй чинь тэгээд л нарийн тооцоо хийнэ. Аа энэ ангиас хэдэн хүүхэд өнөөдөр тасалж байна. Тэрийг нь анги болгоноос очиж мэдээ авна, орно. Нэрсээр нь авна, журналаас нь тэмдэглэнэ. Тэр чинь одоо тэгээд тийм байсан юм чинь. Одоо бол тэгдэг юм уу, үгүй юм уу мэдэхгүй. Арай л өөр болчихоод байгаа юм шиг л байгаа юм. Сургалт хүмүүжил хоёр нь өөр болчихоод байх шиг л санагдаад байдаг юм. Тэгэхдээ одооны хүүхэд мэдээлэл сайн авчихсан болохлоор тэгээд гайгүй байдаг байх л даа. Зурагт, компьютер энэ тэр ингээд тоглоод байдаг болохоор гайгүй байдаг байлгүй дээ.

Ариун-Ундрах -

Та нөгөө шинэ үсгийн багш хийж байсан гэсэн.

Жамбажав -

Тийм.

Ариун-Ундрах -

Тэр бүр багадаа юу?

Жамбажав -

Бичиг үсгийн багш. Тийм, багадаа ч биш дээ. Тэр чинь одоо энэ хотод шилжиж ирээд 1959 онд шилжиж ирээд л 1959 оноос хойш. 1959 оны чинь үед манайх бас бүрэн тайлагдчихаагүй улсууд байсан юм ш дээ. Ялангуяа гэрийн ажилтай одоо хороодоор. Би тэр 7 буудалд очиж хичээл заадаг байлаа. Үдээс өмнө нэг 2 цаг хичээл орно. Тэгээд үдээс хойш ирээд нөгөө хүүхдүүддээ хичээлээ заана. Тэгээд л нэг өдөр ажил тэгэж байтал орой болчихно ш дээ. Тэгээд л тийм.

Ариун-Ундрах -

Та яг тэр үед багшилж байхдаа тэр багшийн ажилдаа дуртай байсан уу?

Жамбажав -

Аа сонирхолтой байлгүй яахав. Одоо нэгэнт л тэгээд тэр ажил мэргэжлийг сонгоод ялангуяа бага ангийн хүүхдүүдтэй ажиллах бол их хөөрхөн. Цагаан сэтгэлтэй, бодох санах юм байхгүй их хөөрхөн ш дээ жижиг хүүхдүүд. Ер нь хүүхэдтэй ажиллах бол сайхан ш дээ. Хүүхдийн шуугиан дотор байж байдаг. Ямар сайндаа гадны хүн завсарлагаанаар орж ирээд манай 100-д ажиллаж байхад үгүй ээ энэ одоо та нарын энэ хүүхдүүдийн дунд одоо тэгээд энэ их шуугианд яаж ажилладаг юм бэ? гээд. Бид нар өөрсдөө мэддэггүй юм. завсарлагаанаар чинь тэгээд нэг хүүхдүүд анги ангийн жижүүр багш нь хариуцаад шалгаад явчихна. Өөрөө давхар шалгаад явчихна. Хүүхдүүд чимээгүй л сайхан дуу дуулаад л байж л байдаг. Тэгсэн гадны хүн ороод ирэхэд бол за дотор нь байх аргагүй шуугиантай байдаг юм байна даа. Тийм л байсан. Тэгээд тэр дуу шуугианаас чинь ингээд холдох бас анх тэтгэвэрт гараад их эвгүй шүү.

Ариун-Ундрах -

Үгүйлж байна уу?

Жамбажав -

Тийм, үгүйлээд л. Амралт энэ тэрээ аваад багш нар тараад явчихлаар өнөө хэдэн дүнгүүдээ гаргана гээд хичээлийн эрхлэгч суучихна ш дээ. Тэгэхэд чинь нэг л ганцаараа ч юм шиг санагдаад л, эл хуль болчихсон юм шиг санагдаад л байдаг. Тэгээд сурдаг л юм билээ л дээ хүн.

Ариун-Ундрах -

За ямар ч л байсан таны амьдралын туршид бол 2 нийгэм өнгөрсөн тийм ээ?

Жамбажав -

Тийм, тэглээ.

Ариун-Ундрах -

Тэгэхээр та энэ социалист нийгэм, ардчилсан нийгэм хоёрыг хооронд нь харьцуулж ярихгүй юу?

Жамбажав -

Социализмын үед бол ерөөсөө бүх юм дэг журамтай. Аа хүн бол хийсэн ажилтай. Ёстой хийсэн ажилтай, хэлэх үгтэй. Аа тэгээд нэгэнт одоо мөрддөг жаягтай. Ажиллаж байгаа хүн ч гэсэн тэр байгууллагын дүрмийг биелүүлдэг. Аа хүүхэд шуухад ч гэсэн одоо эцэг эхийнхээ болоод багш нарынхаа үгэнд бол их сайн ордог ийм байсан юм уу даа. Одоо бол энэ нийгмийн үед бол яахав бүх юм чөлөөтэй учраас аа хүн чөлөөт сэтгэлгээгээрээ л явж байдаг. Аа зөв сэтгээд явж байгаа нь бол дэг журам сайтай гайгүй. Буруу сэтгээд одоо их чөлөөтэй, биеэ барихгүй ийм хүн нь бас нэг хэрэг төвөгт орчих гээд, архи дарсанд ч орчих гээд ч юм уу. Хэтэрхий одоо эрх чөлөөгөө эдэлчихээд байгаа юм уу даа л гэж бодмоор л байгаа юм. Тэрнээс юм бүгд чөлөөтэй байгаа нь бол юм элбэг дэлбэг одоо чөлөөтэй байна ш дээ. Тийм юм нь бол сайхан л юм байна гэж л боддог юм. Харин энэ ажилгүй улсууд л их байдаг л их муу юм даа л гэж ингэж бодогдож байдаг юм. Залуучууд одоо энэ чинь 40-н хэдтэй хүн гэдэг чинь манайд 40 настай эр, 4 дарсан ат гэдэг чинь ид л одоо хүчин дээрээ яваа юм гэж байгаа ш дээ. Тэгэхэд чинь 40-н хэдтэй хүн ажилгүй гээд сууж байхаар чинь тэгээд л нэг л хэцүү байдаг юм уу даа л гэж бодож байдаг юм. Тэгээд одоо улсаас хувь хүнийг харж үзэх л янз бүрийн шугамаар төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тэгээд юугаар улсууд юм хийдэг л юм байна. Тэгэхдээ л бол Монголын чинь энэ цөөхөн хүнээс чинь бас бүрэн хангагдаж чадахгүй л байна ш дээ. Зөндөө л ажилгүйчүүд ажилтай юу? Ажилгүй ээ. Ажилд орохгүй яасан юм бэ? Ажил авахгүй юм байна ш дээ. Би чинь өвөө ч биш, залуу хүн ч биш л болчихсон юм байна гээд л ингээд л тэгэж л байх юм байна. Тэгээд их хоёр өөр юу бол байна л даа. Энэ чинь аргагүй хоёр өөр нийгэм юм чинь өөр өөрснийхөө л шугам шугам жаягаар л явж байсан юм чинь тэгээд л. Харьцуулаад харахад бол сайн ч юм их байна хоёуланд нь, тааруухан муу ч юм л байгаа л юм байна.

Ариун-Ундрах -

Хоёуланд нь?

Жамбажав -

Тэххх.

Ариун-Ундрах -

За эцэст нь асуухад та ингээд өнөөдрийн энэ өндөрлөгөөс өөрийнхөө өнгөрүүлсэн амьдралыг харж байхад таны амьдралын хамгийн гол зорилго нь юу гэж та боддог вэ?

Жамбажав -

Энэ өндөрлөгөөс одоо амьдарч байсан хугацаагаа харахад миний амьдралд яахав ээ ер нь ажил төрлийн хувьд, амьдралын одоо гэр ахуй амьдралын хувьд надад бол тийм их гунигласан, гутарсан, одоо их зовж байна, зүдэрч байна, одоо яадаг юм билээ дээ гэхээр юм бол байсангүй ээ. Ер нь аль ч нийгэмд нь би сайхан л явж л байна л гэж бодож явдаг юм. Одоо ч гэсэн би яахав улсынхаа хайр хишгээр яахав тэгээд тэтгэврээ авчихаад л, тэтгэврээс тэтгэврийн хооронд хэдэн төгрөгөө болгох гээд л. Тэгээд л өшөө илүү юм хийж чадахгүй. Одоо нас өндөр болчихлоо. Тэгэхээр чинь одоо ямар юм эрхэлнэ гэж байхав. Тэгээд ямар сайндаа зүгээр ч сууж чадахгүй учраас та хэдэн микро бүртгэнэ үү дээ гэхэд нь тэгье дээ гээд л очоод сууж л байгаа юм. Бас нийгэмдээ яахав зүгээр сууж байхаар гэж бодоод л тэгээд иймэрхүү л яахав. Өөрийнхөө амьдралыг нэг их муу болчихжээ гэж, муу ч амьдарч явна гэхээргүй. Их сайхан дээд зэргээр сайхан амьдарчихлаа ч гэж бодох юмгүй. Тэгээд л хоёр нийгмийн завсарт байгаа хүн чинь одоо тийм л байх байлгүй яахав дээ. Тэгээд хоёуланг нь дайраад туулсан хүн чинь.

Ариун-Ундрах -

За ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Таны амьдралд аз жаргал хүсье ээ.

Жамбажав -

За би бас их баярлалаа. Ажилд чинь амжилт, та нарт бүгдээрэнд нь одоо энэ төсөлд оролцож байгаа улсуудад баяр хүргэе ээ. Баярлалаа. Их баярлаж байна аа.

Ариун-Ундрах -

Баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.