Luvsandorj


Basic information
Interviewee ID: 990388
Name: Luvsandorj
Parent's name: Shagdar
Ovog: Baaran
Sex: m
Year of Birth: 1932
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: history professor
Belief: Buddhist
Born in: Mandah sum, Dornogovi aimag
Lives in: Han-Uul sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
cultural campaigns
collectivization
NGOs
repressions


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? Лувсандорж гуай.

Лувсандорж -

За сайн байна уу?

Ариун-Ундрах -

Сайн байна аа. За та энэхүү судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?

Лувсандорж -

Өө зөвшөөрөлгүй яахав дээ. Энэ судалгааны чинь дагуу одоо би хариулахад бэлэн байна.

Ариун-Ундрах -

За танд маш их баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

Лувсандорж -

За энийг эхнээс нь аваад ярих юм уу?

Ариун-Ундрах -

Аанхан. Та хэзээ хаана төрсөн бэ?

Лувсандорж -

Аан. За би XVI жарны усан мичин жил буюу 1932 онд одоогын Дорноговь аймгийн Мандах суманд ээж Дарьсүрэнгийнхээ отгон хүү болж төрсөн ийм хүн байгаа юм. За ингээд бага наснаасаа сумынхаа дунд сургуульд, 1940 онд манай суманд анх бага сургууль байгуулагдахад тэрний анхны сурагч болж ороод, 1945 онд аймгийн дунд сургуульд шилжин суралцаж, аймгийн дунд сургууль 10 жилийн дунд сургууль болсон учраас үргэлжлүүлэн сураад, 1951 онд Дорноговь аймгийн төвийн 10 жилийн сургуулийн анхны төгсөгч болоод, МУИС-ийн багш нарын факультетад түүхийн мэргэжлээр сурч 1956 онд түүхийн багш мэргэжлээр МУИС-ийг дүүргээд, гэгээрлийн яамны томилолтоор Дундговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд багшаар очсон юм аа. За ингэж очиход бол тэр үед их сургууль төгссөн багш хүнийг сурган хүмүүжүүлэх бүрэн дээд боловсролтой багш гэдэг байсан. Дундговь аймгийн хэмжээнд би бүрэн дээд боловсролтой 5 дахь багш болж очиж байсан. Ингээд Дундговийн 10 жилд 7 жил багшлаад 1963 онд Улаанбаатар хотод шилжин ирж, Улаанбаатар хотын намын хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмийн оройн их сургуулийн хичээлийн эрхлэгчээр томилогдсон. Ингээд энэ сургуульд хичээлийн эрхлэгчийн ажил, багш хоёрыг хавсарч 7 жил ажиллаад, 1970 онд намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр Сүхбаатарын нэрэмжит намын дээд сургуульд багшаар томилогдсон. Тэнд 10 жил багшлаад 1979 оны сүүлчээр МУИС-ийн түүхийн тэнхимд багшаар ирсэн. Тэнд багшилж байтал Политехникийн дээд сургууль МУИС-ийн бүрэлдэхүүнээс салж бие даасан сургууль болсон учраас түүхийн багш нар Политехникийн дээд сургуулийн үндсэн багш болж шилжихэд би тэнд, энэ одоогын ШУТИС-д үндсэн багш болж ирээд 30 жил ажиллаж байна. Ингээд 30 жил ажиллахдаа энэ хооронд бол “Монголын улс төрийн боловсролын зарим асуудал” гэдэг сэдвээр түүхийн ухааны доктор, Ph D хамгаалсан. Эрдмийн зэрэг цол олгох улсын комиссоос буюу БАК гэж нэрлэж байсан тэр комиссоос дэд профессор цол хүртсэн. За дараа нь МУ-ын ШУТИС-ийн хүндэт профессор болсон. Ингээд сая ШУТИС-ийн 50 жилийн ой тэмлэглэхээс сар гаруйгын өмнө Монгол улсын гавъяат багш цол хүртээд л ингээд л явж байгаа хүн дээ.

Ариун-Ундрах -

За хоёулаа бүр эхнээс нь дэлгэрүүлж ярья гэвэл таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?

Лувсандорж -

Мммм. За би бол тэр Мандах суманд ээжийнхээ отгон хүү болж төрөхөд бол тэр цаг үе маань бол Монголын хүн ам 750000 байсан үе. Тэгэхлээр 750000 хүн амын нэг нь болж л төрсөн хүн дээ. Тэгэхэд бол МУ-ын төрийн тэргүүн буюу ерөнхий сайдаар Жигжиджав гэж хүн байхад төрсөн. Ингээд МУ-ын ерөнхий сайд А.Амар, П.Гэндэн нарын үед балчир насаа өнгөрөөгөөд, МУ-ын ерөнхий сайд болсон Чойбалсангын үед сургуульд ороод, МУ-ын ерөнхий сайд байсан Цэдэнбалын үед бүрэн дээд боловсролтой болж төгсөхөд Монголын хүн ам 850000 байсан. Тэдний нэг болж МУ-ын хэмжээн дээр МУИС-ийг төгссөн 1006 дахь төгсөгч. Миний дипломны номер бол 1006 гэсэн номертой байдаг. Ийм л байдлаар одоо явж ирлээ. Тэгээд бага насандаа бол эцэг эхийн дэргэд мал маллаж, малын ашиг шимийг хүртэж өссөн. Манайх бол нэг 100 хүрэхгүй малтай ядуувтархан айлын хүн л дээ. Би эхээс 3-уул. Манай ээж бол тулгын 3 чулуу шиг 3 хүү төрүүлсэн хүн. Миний дээд талын ах бол надаас ганцхан ах Доржсүрэн гэж хүн байсан. Тэр маань насаараа нягтлан бодохын ажил хийж байсан. Аа хамгийн том ах маань Лувсангончиг гэдэг хүн насаараа тээврийн тэрэгний жолооч хийсэн. Аа би бол насаараа Монголын боловсролын бүх шатыг дамжаад, дараа нь боловсолдоо багшлаад ингээд насныхаа 69 жилийг ерөөсөө л боловсролын байгууллагад өнгөрөөсөн хүн. Ийм л хүн дээ.

Ариун-Ундрах -

Таны төрж өссөн нутаг ус ямар байсан бэ?

Лувсандорж -

За миний төрж өссөн нутаг бол одоо говь нутаг шүү дээ. За яруу найрагчдын хэлснээр бол миний төрсөн нутаг бол эрт цагт тэнгис далай давалгаалсан, ой мод битүү ургасан, араатан жигүүртэн багширсан ийм сайхан нутаг байсан юм гэнэлээ л дээ. Гэтэл цаг агаарын нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс болоод ганган улаан тэмээнээс бусдыг нь халуун нар дээрээс нь шараад, хатсан элс доороос нь сороод ингээд говь болгочихсон. Гэхдээ би бол энэ говь нутгаараа бахархаж явдаг юм. Үлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан, орсон буурын шүд бол өвөл нь тачигнаж байдаг, орог саарал зэрэглээ зун нь жирэлзэж байдаг ийм сайхан нутаг даа.

Ариун-Ундрах -

Та бүр анх бага сургуульд орж байсан тухайгаа тодруулж ярихгүй юу?

Лувсандорж -

За бага сургуульд 1940 онд сумын бага сургууль байгуулагдахад анхны сурагч болж орсон гэж би түрүүн хэлсэн. Тэгээд тэр үеийн сурагчийн амьдрал ямар байсан бэ? гэхлээр хичээлийн байр бол гэр, Монгол гэр. Столь, ширээ байхгүй. Явган суугаад ч юм уу сөхөрч суугаад өвдгөн дээрээ жаахан хавтгай мод тавиад, дэвтэр шиг юмаа тавиад, тэгээд л дээр нь юмаа бичдэг. Дэвтэр, харандаа гэж туйлын ховор. Тэр чинь дайны жил болчихсон үе шүү дээ. Тэгэхлээр одоо нэг балын харандаа л бол 100 төгрөг хүрч байсан үе шүү дээ. Дэвтэр гэдэг юм бол нэг ийм хатуу бор цаастай дэвтэр мөн одоо сургуулиас бидэнд тавьж өгдөг. Тэр дэвтэр юу бол маш ховор тийм нөхцөлд сурч байсан. Сурах бичиг гэж бол ерөөсөө байгаагүй. Багш л юу заана тэрнийг л яадаг. Кирилл үсэг заалгасан, 4 аргын тоо заалгасан, Дэлхийн байдал гэдэг хичээл үзэж байсан нь санаанд байдаг юм. За тэгээд л жагсаал биеийн тамирын хичээл гэж хөл гарын сургууль хийсэн тийм хичээлийг л өнгөрөөж байсан л даа. Гэхдээ л одоо байр энэ тэр бол тэр үед мөн л дотуур байр бол гэр. Тэгээд сургууль түлш муутай учраас өвөл бол гэр гэж хүйтэн учраас бидэнд чинь хонины нэхийгээр хийсэн ийм уутан хөнжил өгдөг байсан ш дээ. Тэр дотор л гадуур хувцсаа тайлаад л тэгээд бусад хувцастайгаа бол шөнө орж унтдаг. Тэгээд л хүйтэн учраас л тэгэж байгаа хэрэг ш дээ. Монгол дээлтэй, Монгол гуталтай, за нэг улаан хацартай нэг л ийм жоохон бор хүү. Би одоо тэр анх сургуульд орсон хүүхдүүдийн дотор хамгийн жижиг нь Чулуу гэдэг хүүхэд бид хоёр байсан юм. Гэтэл биднээс 5-6 ах хүүхдүүд 1-р ангид цуг орж байлаа ш дээ. Тэгээд л 4-р анги төгсөхөд тэд нар чинь 17 хүрчихсэн төгсөж байсан. Тийм одоо сонин, насны ялгаа ч байхгүй тэгэж нэг ангид ороод сурч байсан ийм л сургууль байсан даа.

Ариун-Ундрах -

Таны хувьд ямар ямар хичээлдээ илүү сонирхолтой байсан бэ?

Лувсандорж -

За тэр үед бол яахав дээ одоо ерөөсөө тэр л бичиг үсэг гэдэг юмандаа сурах нь чухал л гэж бодоод л одоо тэгээд л кирилл үсгийг л заалгасан. Яг кириллээр эхлэхэд л би чинь сургуульд орсон хүн шүү дээ. Хуучийн монгол бичгийг бол дунд сургуульд байхдаа нэг жоохон заалгасан. Тэгээд л унших төдий л хүн л дээ. Тэгэхдээ одоо тэр үед чухам тэр хичээл нь гоё юм даа гэж бодож байсныг би одоо ерөөсөө санадаггүй юм. Зүгээр ер нь тоо боддог, тэгээд л уншиж бичдэг ийм л болчихоод л бага сургууль төгссөн дөө ер нь. Тийм учраас тэр үед чинь бичиг үсэг мэддэг хүн бага учраас цэргийн албанд бол 5 жилийн хугацаатай улсууд явдаг байсан.

Ариун-Ундрах -

Хөөх бүр 5 байсан юм уу?

Лувсандорж -

5 байсан. Тэгээд 5 жил явахад ерөөсөө эцэг эхтэй нь холбоо барихгүй байлаа ш дээ. Тэр цэрэгт явж байгаа хүн бичиг үсэг мэддэггүй, ар гэрийнхэн нь бичиг үсэг мэдэхгүй. Тэгэх дээр зэрэг л нөгөө бичиг мэддэг улсууд хааяа нэг захидал бичиж өгнө, эцэг эхэд нь. Тэр захидлын үгийг бид тогтоож авч байгаад л сүүлд одоо цэргийн хүүхдэд захидал бичдэг. Ирсэн захидлыг уншиж өгдөг л ийм л улсууд байсан шүү дээ. Тэр захидлын үг нь бол одоо болтол миний цээжинд яг ингээд л байж байдаг юм. Тэр бүр өнөө захидлын эхэлдэг үг нь бол их тийм сонин үгтэй ш дээ. “Үүлтэй тэнгэрийн доогуур Үзээртэй модны дээгүүр Өндөр уулыг давуулан Өргөн голыг гатлуулан Ам цагаан цаасыг бий болгож Алтан номын үсгийг хэл болгон Амар мэндийг чинь эрж байна аа.” Гээд ингээд л захиадал бол тэгэж эхлээд л тэгээд хойш нь өөрсдийнхөө амьдарч байгаа тухайгаа бичээд залгуулаад л. Тийм захидал бичиж өгдөг үүрэгтэй, хөдөөний улсуудад. Тэгээд үгээ тогтоочихсон. Хүн болгоны захидалд л тэгэж эхлээд л захидал бичиж байлаа даа. Тийм л байсан.

Ариун-Ундрах -

Аа бүх хүн рүү бичихэд тэгэж л эхлэх үү?

Лувсандорж -

Тэгнэ. Тэгээд л ерөөсөө цээжилчихсэн тэр юугаараа л тэгээд л бичнэ.

Ариун-Ундрах -

Тэгэхээр таны хүүхэд насны мөрөөдөл юу байсан бэ?

Лувсандорж -

За мөрөөдөл бол ерөөсөө нэг л ер нь багаасаа л би чинь энэ багшийн мэргэжил л, багш хүн л сайхан юм даа л гэж боддог байсан хүн дээ. Багш л болох юмсан л гэж боддог байсан. Тийм учраас энэ мэргэжлийг сонгож аваад, энэ мэргэжлээр 54 дэхь жилдээ багшлаад явж байна.

Ариун-Ундрах -

За та бага сургуульд, дунд сургуульд сурахдаа дотуур байранд байсан уу?

Лувсандорж -

Дотуур байранд сууж байсан. Аймгийн төвийн дунд сургуульд суралцаж байхад байна ш дээ. Дотуур байрны хүүхэд гэдэг чинь 10 жилийн дунд сургууль чинь байшинтай, дотуур байр нь бас л нэг муу галладаг пийшинтэй байшинтай. Тэгэхдээ байранд суусан хүүхэд бол жилд 135 кг мах сургуульдаа тушааж байж сурдаг байсан ш дээ. Тэгэхлээр төлбөртэй байсан болж байгаа юм л даа. 135 кг мах ар гэрээс нь тушааж байгаад, дотуур байрны хоолны хэрэгцээнд тушаагаад тэгээд байранд суулгадаг байсан. Тэгээд яахав байрны хүүхэд бол мэдээж шүү дээ. Өлсөнө шүү дээ, бас өлсөнө, цангана. Тийм зовлон байж л байсан. Тэгэхдээ яахав тэр бол түр зуурын юм. Тэгээд л өнгөрч байсан даа.

Ариун-Ундрах -

Гэрээ санах уу?

Лувсандорж -

Санана аа, гэрээ санана. Ер нь одоо сургуульд байхад чинь гэрээ санах гэж одоо за ер нь 8, 9-р ангид орсноос хойш бол ер нь гайгүй дээ. Тэрнээс өмнө бол гэрээ санана аа. Ангийн хүүхдүүдээс зөндөө хүүхдүүд хөдөө тийшээ оргоно оо. Тэгэхдээ би бол оргоогүй ээ. Зүгээр оргосон тийм хүүхдүүд бол зөндөө байж байгаа. Тэгээд сургуулиас гарчихсан нь ч бий. Хойноос нь багш нар нь хөөцөлдөөд эргүүлээд авчирсан хүүхэд ч байдаг. Бүр 56 онд намайг багш болчихоод Дундговьт очиход миний ангид 5-р анги анх дааж авахад л тэндээс л одоо 4-5 хүүхэд оргоод явчихаж байгаа юм чинь. Тэгээд л өртөөнөөс морь унуулаад л, сургуулийн захирал тэр хүүхдүүдийг олж ир гээд хойноос нь хөөгөөд хөөж ол гээд. Тэгээд хойноос нь жоохон явна. Тэр чинь хол явчихвал, аймгийн төвөөс хэтэрхий хол явчих юм бол өөрөө төөрөөд явчих газар шүү дээ тэр чинь. Тийм учраас тэгээд жаал явж байгаад л арай төөрөхөөргүй газраар за нөгөө хүүхэд чинь гүйцэгдсэнгүй ээ гээд л буцаж эргээд л ирдэг байлаа л даа. Тийм л үед багшилж байсан даа. За миний амьдарч байсан үе бол яахав дээ тэр түрүүн хэллээ дээ би. Түүхээр бол хувьсгалын ардчилсан шат гэдгийн үед төрөөд л, аа улс орон социализмын үндсийг байгуулах гэдэг үед, тийм одоо нэртэй байсан үед сургуулиар сураад л, дараа нь социализмын материал техникийн бааз байгуулах зорилтыг дэвшүүлсэн ийм үед л ажиллаж амьдарч байсан. Ийм л онцогтой доо миний амьдарч байсан үе бол.

Ариун-Ундрах -

Таныг бүр бага байхад хамтрал коммун гэдэг зүйл болсон байх тийм ээ?

Лувсандорж -

Үгүй. Бид тэрнийг мэдэхгүй. Нялх хүүхэд байсан учраас 32 онд төрсөн юм чинь. Хамтрал коммун чинь 30-аад оноос эхлээд 34-35 он гэхэд тэгээд дуусчихсан.

Ариун-Ундрах -

Ухаан ороогүй юу?

Лувсандорж -

Тийм. Сайн ойлгохгүй, мэдэхгүй. Тэрнийг бол мэдэхгүй байсан.

Ариун-Ундрах -

Таны аав ээж хоёр ямар хүмүүс байсан бэ?

Лувсандорж -

Би бол бутач хүн. Тэгээд тэр миний ээж бол Пунцаг гэж хүнтэй сууж байгаад тэр нь нас барчихсан байсан юм гэнэ лээ. Тэгээд дараа нь яагаад ч би төрсөн юм мэддэггүй. Тэгээд одоо би ээжийгээ сэрүүн тунгалаг байхад нэг удаа асуухгүй юу. Үгүй ээ миний аав гэж ямар хүн байсан юм бол оо ээжээ? гэсэн чинь манай ээж бол тийм сүрхий их хатуу талын хүн шүү дээ. Үгүй ээ миний хүү ээж чинь л байж байхад болоо ш дээ. Байхгүй хүний төлөө чи тэрнийг одоо, одоо тэрний хэрэг чамд ч байхгүй гэж тэгэж хэлсэн учраас би дахиж мухарлаж асуугаагүй л дээ. Тийм юм байгаа юм.

Ариун-Ундрах -

За бага сургуульд байхад өөр сонирхолтой зүйлүүд нь юу байсан бэ?

Лувсандорж -

За сонирхолтой зүйл бол юу байхав дээ гэх дээр дайны үе байсан болохлоор одоо юм ховор шүү дээ. Одоо манай сумнаас 700 гаруй км явж байж, одоогын Дорнот аймагт байсан дамжлага баазаас тэмээн жингээр улсууд гурил будаа, даавуу даалимба юм олж ирдэг байлаа ш дээ. Тийм учраас тэмээн жингээр тэр чинь сар гаруй явна, тэр хооронд. Тэгээд л яахав нэг 10 тэмээнд юм уу, нэг тэмээнд 3 шуудай гурил ачаад л ирнэ. Тэгээд л ирсэн гурилыг нь айлуудын хүн амын тоонд нь цөөхөн гурилыг бол нэг хүнд 500 грамм гурил. Аа арай ахиухан бол 1-2 кг гурил ноогдуулаад ингээд айлд хуваагаад худалддаг байсан байхгүй юу. Чихэр гэж бол ерөөсөө байсангүй. Домбон сахар гэж нэг бүдүүн хад шиг бөөн бөөн сахар л одоо дэлгүүрт байдаг чихэр гэвэл тийм л байсан. Будаа гэдэг бол ховор. Тэгээд яг тэр үед чинь бага сургуульд сурч байхад 44 оны мичин жилийн зуд гэж аюултай зуд болж олон амьтны хот харлалаа ш дээ. Тэгэхэд манайх ихэнхи малаа үхүүлээд ядуурсан бүр. Тийм аюултай жил хүртэл тохиолдож л байсан л даа. Тэгээд л одоо дайны үед чинь болохлоор бас л өнөө фронтод морь бэлэглэнэ, морио худалдана. Улсууд чинь одоо Зөвлөлтийн армид бэлэглэнэ гээд л ээмэг бөгжөө хүртэл бэлэглээд л. Бага сургуулийн хүүхэд бидэнд чинь тэр үед хоршооноос авах юм байхгүй. Амьтан хүн 5, 3 төгрөг өгнө. Тэрнийг нь хадгалаад л байгаад байна. Ерөөсөө төгрөг зөндөө олонтой. Тэрнээсээ бага сургуулийн хүүхэд бас фронтод бэлэглэдэг л байсан ш дээ. Фронтын хэрэгцээнд бэлэглэдэг байсан. Тийм л одоо жилүүд өнгөрсөн дөө. Бага сургуулийн амьдрал бол нилээн тийм хүнд. Дайны жил учраас хүнд жилүүд өнгөрч байсан. Санаанд байдаг юм одоо. Одоо тэрний муу гэж бол бидэнд болсон юм байхгүй л дээ.

Ариун-Ундрах -

Та өөрөө багш болохыг хүсдэг байсан гэхээр таны багш нар ямар хүмүүс байсан бэ?

Лувсандорж -

За бидний багш нар бол бага сургуульд Гүрцэрэн, Цэгмид, Дашням, бас Лувсандорж гэж нэртэй ч тийм багш байсан. Тэгээд олон багш нарын гар бид дамжсан л даа. Аа аймгийн дунд сургуульд ирсэн үед бол тэр үеийн багш нар гэдэг чинь голдуу Арфа гэж ....-ын факультет гэдгийг Оросод Улаан-Үүдэд сураад төгсчихсөн. Их чадалтай, Орос хэлтэй, гар бөмбөг, хөл бөмбөг сайхан тоглоно, модон морин дээгүүр харайна, турнекэнд янз бүрийн номер хийнэ. Дуулна, бүжиглэнэ, хөгжимдөнө. Ёстой бас ч одоо зарим нэг нь бол хөөрхөн одоо зарим үед уураа хүрсэн үед бол зодолдоно. Сүрхий тийм багш нар багшилж байсан ш дээ бидэнд. Тийм сүрхий, гарамгай сайхан багш нар багшилж байсан. Тэгээд яг 10 төгсөх үед бол харин их сургууль төгссөн 2-3 багш очиж багшилж байсан юм ш дээ. Тэрнээс өмнө бол зүгээр багшийн сургуулийн факультет төгссөн, эсвэл Арфаг төгссөн улсууд л багшилж байсан юм байгаа юм. Аа их сургуульд орсон хойно бол шал өөр. Том том эрдэмтэд одоо МУ-ын Ширэндэв гуай байна, Нацагдорж гуай байна, Түдэв гээд багш байлаа, Баатар гээд л багш байлаа. Зөвлөлтийн мэргэжилтэн багш нар багшилж байлаа. Тэр сайхан лут багш нартай байсан хүн дээ.

Ариун-Ундрах -

Та их сургуульд анх яаж орж байсан бэ?

Лувсандорж -

Их сургуульд ингэсэн юм. 51 онд 10-р анги төгсөөд хүрээд ирлээ. Манай сургуулийн захирал Балжинням гэж хүн байсан юм. Сургууль нэг муу ЗИС машинтай. 10 төгссөн хүүхдээ тэр машиндаа ачаад ингээд л Дорноговиос, Дорноговь энэ хоёрын хооронд чинь 100 хонож ирдэг байлаа ш дээ. Тэгээд авчраад л их сургуульд оруулна гээд ингээд их сургуулийн үүдэнд биднуус цөмөөрөө цуглараад л, буугаад л ингээд л одоо сургуульд орсон гэсэн. Тэр үед их сургуулийн хүн эмнэлгийн факультет, мал эмнэлгийн факультет, багш нарын факультет гэсэн 3 факультеттай. Хүн болгон багш нарын факультетад л орно гэдэг. Хамгийн сонирхолтой мэргэжил нь тэр. Тэнд орж чадаагүй хүн хүн эмнэлгийн факультет, мал эмнэлгийн факультетад орвол орно. Орохгүй бол тэгээд тэрнийг сонирхохгүй бол тэгээд шууд бэлтгэл рүү ордог байсан. Тэгээд л бид чинь 10 төгсөж ирчихээд багш нарын факультетийн орон тоо дуусчихсан учраас багш болохын тулд мал эмнэлэг, хүн эмнэлэг рүү ор оо гээд байхад орохгүйгээр л бэлтгэлд нь дахиж суугаад 10-р анги дахиад төгсөж байгаа юм чинь. Бэлтгэл төгссөн хүн багш нарын факультетийг сонгох давуу эрхтэй байсан. Тэгээд л бэлтгэлд дахиж нэг жил сууж байж багш нарын факультетад орсон ийм л хүн дээ.

Ариун-Ундрах -

Тэр багш нарын факультет гэдэг нь бас өрсөлдөөнтэй юу байсан байна тэ?

Лувсандорж -

Өө багш нарын факультет чинь дотроо Монгол хэл бичгийн ангитай, тоо физикийн ангитай, хими-биологийн, аа түүхийн гэсэн ийм 4 мэргэжлээр сурч байсан. Бэлтгэл төгссөн хүүхдүүд энэ 4-өөс л дуртайгаа сонгодог.

Ариун-Ундрах -

Та тэр үед 5 жил сурсан уу?

Лувсандорж -

4 жил. Бэлтгэлтэйгээ 5 жил болчихож байгаа юм.

Ариун-Ундрах -

Аан бэлтгэл нь бас орчихож байгаа юм уу?

Лувсандорж -

Тийм.

Ариун-Ундрах -

Тэр 4 жилийн хугацаанд түүхийн анги гэхээрээ ер нь ямархуу түүх ордог байсан бол?

Лувсандорж -

Үгүй ээ тэр чинь их сонин. 30-аад хүн түүхийн ангид элссэн юм. Тэр дотор 10-р анги төгссөн буюу тэр бэлтгэлээс орж байгаа ерөөсөө 6-хан хүүхэд. Бусад нь бол цөмөөрөө ажил хийж байгаад орсон улсууд. Ховд аймгийн нарийн бичгийн хорооны дарга байсан Ламжав гэдэг хүн орж байлаа ш дээ. Тэр хөдөө намын хороон дарга байсан хүн. Соёл урлагийн газар гэж одоогын бол Соёлын яамтай дүйцэх газар шүү дээ. тэрний дарга байсан Жамцын Болд гэдэг хүн гэх мэтчилэнгээр улсын их хурлын депутат Лувсандандар гэж хүн. Тийм улсууд бидэнтэй цуг нэг ангид орж байсан байхгүй юу. Тэгэхлээр тэр ерөөсөө 10-р анги төгссөн 6 хүүхэд бол тэдний чинь дотор ерөөсөө тэр хэдэн настай улс, ахмадуудаасаа л их будаа иднэ шүү дээ. Будаа иднэ, семинарт бэлдэхдээ тэдэнтэйгээ их хамтарч ажиллана. Одоо тэр төгсөгчдийн маань дотор их сургуулийг тэгээд хоргодсоор байгаад 25-уул төгссөн юм. Одоо бол 6-хан нь сэрүүн тунгалаг байж байна. Хамгийн ахмад нь одоо 90 настай хүн байж байгаа. 2 дайнд оролцож явсан дайчин эр. Бидэнтэй цуг төгссөн тийм өвгөчүүл. Манай ангид одоо сэрүүн тунгалаг байгаа 6 дотор дайнд оролцож явсан ахмад дайчин 3 байна ш дээ. Ийм сонин суралцаж байлаа даа. Тэдэнтэй тэгээд яахав эхлээд бол ахаа эгчээ л гэж бодож л явж байсан. Сүүлдээ бол тэгээд ер нь нас сүүдрээ ч гэж ялгадаг юмгүй чи бигүй болж хоцроод л нөгөөдүүлтэй чинь цуг л тэгээд төгсөж байгаа юм л даа. Хичээл бол яахав ерөөсөө бүх төрлийн түүх үзнэ ш дээ. Эртний дэлхийн түүх орно, дундад зууныг үзнэ, шинэ, шинэхэн түүх үзнэ, Монголын түүх үзнэ, МАХН-ын түүх үзнэ. Дээрээс нь СССР-ын түүхийг бүр одоо 2 семистр үзэж байсан ш дээ. Тэгээд л дээр нь Марксизм-Ленинизмийн үндэс гэдгийг үзнэ. Гүн ухааны диалектик материализм, түүхийн материализм гэж үзнэ. Улс төр, эдийн засгийн ухаан гэж үзнэ. Тэгээд л сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, Орос хэл, Монгол хэл, Монголын утга зохиол, Орос-Зөвлөлтийн утга зохиол гээд л ингээд л ийм л олон хичээлүүдийг үзэж байсан даа.

Ариун-Ундрах -

Та Орос хэлийг бол ер нь яаж сурсан бэ?

Лувсандорж -

Орос хэлийг бол одоо тэр их сургуульд л анх заалгаад л, тэгээд л яахав дээ одоо зүгээр нэг мэргэжлийн ном ашиглах л хэмжээнд эзэмшсэн дээ. Ярианы хэл бол муутай. Тэгээд яахав тэгэхдээ дэлгүүр хоршоо юм уу хоолны газар орвол тэрнийгээ нэг юм хэлээд авчиж чадах тийм л хэмжээнд л сурсан л даа.

Ариун-Ундрах -

Тэгээд таныг сургууль төгсөхөд чинь шууд томилолтоор ажилд томилсон уу?

Лувсандорж -

Би сургууль төгсчихөөд диплом авсны дараа намын төв хорооны мэдэлд хуваарилагдсан. Тэгээд одоо энэ чинь багш л болох юмсан. Энэ чинь яагаад ингээд хуваарь өгдөг юм гээд хүрээд очихгүй юу. Намын төв хорооны боловсон хүчин хүлээж аваад л бидэнтэй танилцаж байснаа л за хүү МАХН-д хэдийд элссэн бэ? гэсэн чинь би намд элсээгүй байгаа гэсэн. Өө тийм үү? Тэгвэл энэ чинь энд тавигдах албан тушаал чинь заавал намын гишүүн байх албан тушаал учраас энд чи бол болохгүй юм байна аа. Гэгээрлийн яаманд чамайг шилжүүллээ гээд гэгээрлийн яам руу томилолт өгчихсөн байхгүй юу. Тэгээд л би чинь одоо багш болох нь гээд баяртай л гэгээрлийн яаманд очиж байсан юм. Тэр тавих гэж байсан албан тушаал нь дотоод яамны архивийн эрхлэгч байсан юм байна лээ. Тэгээд миний оронд гэгээрлийн яамнаас хуваарилагдсан, Монгол хэл бичгийн анги төгссөн Дүйнхэржав гэдэг хүнийг миний оронд авсан. Тэгээд тэр хүн дотоод яамны архивийн эрхлэгчийг насан туршдаа хийж байгаад өөд боллоо ш дээ. Тэгэхлээр би тэнд оччихсон бол юун багш болох, яах ч байсан юм бүү мэд. Би энэ багш болсондоо их баярладаг юм.

Ариун-Ундрах -

Бас яг тэгээд хувь тавилан л юм байна. Тийм ээ?

Лувсандорж -

Тийм.

Ариун-Ундрах -

Тэгээд та тэрнээс хойш ер нь тасралтгүй багшаа хийгээд өөр ажил бол хийж байгаагүй тийм ээ?

Лувсандорж -

Хийгээгүй. За Дундговь аймагт байж байхад болсон томоохон үйл явдал бол соёлын довтолгоон гэж боллоо ш дээ. 59 оноос эхэлсэн. Энэ чинь 3 лоозонтой явагддаг. Хүн бүр боловсролын талаар шат ахина. Бичиг мэддэггүй хүн бага мэдэгч, бага мэддэг нь дунд мэдэгч, дунд мэдэгч нь бүрэн сайн мэддэг. Бага сургуулийн хүүхэд бол 7 жилийн боловсролтой болно. 7 жилийн боловсролтой нь 10 жилийн боловсролтой болно. 10 жилийн боловсролтой нь дээд боловсролтой болно. Энэ чинь боловсролын талаар шат ахих гэж ийм лоозон. Аа хоёрдугаарт бол хувийн болоод үйлдвэрлэлийн ариун цэврийг сахина. 3 дахь нь бол хүн болгон эрүүл энх аж төрнө гэдэг ийм 3 лоозонгын дор соёлын довтолгоон явагдсан юм л даа. Тэгээд өнөө тэр үед соёлын довтолгоон зуны амралт болох дээр л багш нарыг соёлын довтолгооны багшаар томилдог. Би Дундголийн Адаацаг суманд соёлын довтолгооны багшаар явж байсан. Тэнд очоод л бичиг мэдэхгүй улсад бичиг заана. Кирилл бичиг заана, тоо бодлого заана. Орой болохлоор дуу хөгжим заана. Нийтийн бүжиг, дуу энэ тэр заана. Өдөр нь болох дээр зэрэг бичиг үсэг заахын хажуугаар сумын эмчтэй цуг айлуудаар явж одоо өнөө ариун цэврийг нь шалгана ш дээ. Тэр соёлын довтолгооны ариун цэврийн шалгалт гэдэг чинь одоогоор бол хүний эрхийг лут эвдэж байсан, түрэмгийлж байсан эд шүү дээ. Айлд ороод л орыг нь хуу татаж хаяад л одоо дэвссэн даавууг нь хиртэй байна уу? Бөөс байна уу? Үгүй юу? гээд л үзнэ. Хувцсыг нь тайлуулаад л ингээд л суга энэ тэр нь бөөс байна уу, үгүй юу гээд л, усанд орсон уу, үгүй юу гээд л. Одоо кино үзсэн бол тасалбараа ингээд хадгалж байдаг. Тасалбар дээр нь тэдэн сарын тэдний өдөр гээд биччихсэн байдаг. Халуун усанд орсон хүнийг бас тэрийг хуудсан дээр нь тэдний өдөр усанд орсон гээд биччихсэн бичиг. Тэднуусээ халгалж байдаг. Тэрнийг нь шалгана ш дээ. За та одоо энэ чинь усанд оролгүй сар болчихсон байна ш дээ. Одоо усанд ор гээд л шаардана. Та кино үзээгүй одоо энэ чинь зөндөө удчихсан байна. Одоо кино үз гээд л ийм л байдлаар соёлын довтолгоо гэдэг чинь тэр үед явсан юм. Тэгэхдээ соёлын довтолгоон бол бас их өгөөжтэй юм болсон юм шүү. Ерөөсөө Монголын хүн амын 90% гаруйг нь бичигтэн болгосон. Кирилл бичигтэн болгосон. Аа айл болгон цагаан бүрээстэй болсон. Айл болгоны гэр бол цагаан бүрээстэй. Хүн болгон орны цагаан хэрэгсэл, хоёр ээлжийн цагаан хэрэгсэлтэй болсон. Тэгээд үс засуулах, усанд оруулах юмыг чинь яагаад л. Тэр үед нэг бөөс гэдэг шимэгч шавжнаас Монголчууд салсан юм байгаа юм ш дээ. Зүгээр ер нь хэтрүүлсэн юм бий юу? гэвэл байж байсан л даа. Ухаандаа эмгэн өвгөн хоёр байж байхад л заавал шүдний оотой, шүдний сойзтой, амаа заавал угаадаг бай гээд л ингэхэд чинь амандаа нэг ч шүдгүй хүн л шүдний ой аваад л, сойз аваад л, нөгөө комисс ирээд үзэхээр үзүүлээд л. Амаа та одоо ингээд яг шүд байхгүй байхад угаадаг уу? Угаана аа гээд л нөгөөдүүл нь өөдөөс нь хэлдэг. Тийм юм л байсан л даа. Хэтрүүлдэг юм бол байсан, бас.

Ариун-Ундрах -

Уг нь бол их ашигтай л байсан л даа. Тэгэхдээ яг айлд ороод л ариун цэврийг нь шалгаад л...

Лувсандорж -

Тийм, тэр одоогоор бол хүний эрхэнд халдаж байгаа юм л даа. Тэр чинь тийм л байсан. Одоо албан газар чинь ороод л ингээд албан газрын ариун цэврийг шалгана ш дээ. Цагаан хөвөн барьж байгаад ингээд шкафны дээд талыг арчаад тоостой байвал ийм л байна ш дээ нөхөр минь гээд л ингээд, тэгээд шалгалт ирнэ гэхээр чинь зүгээр сандраад л албан хаагчид нь өрөө тасалгаа цэвэрлээд л, цонхны раммыг сайн арчаад л ингэдэг л байсан л даа.

Ариун-Ундрах -

Аан та тэгэхээр бүр тэгэж шалгаж явдаг байсан юм уу?

Лувсандорж -

Тэгээд яахав би эмчтэй цуг соёлын довтолгооны багш учраас тэгээд дагаад л явж байдаг. Эмч л тэр ариун цэврийг чинь үзээд, би хараад л дэргэд нь одоо ингээд л зогсож байдаг л байсан л даа.

Ариун-Ундрах -

Аанхан. Тэр шалгалтын үеэр шаардлага хангаагүй тохиолдолд юу болдог байсан бэ?

Лувсандорж -

Зэмлэдэг л байсан. Түүнээс торгож барьж байгаагүй. Аашилж загнадаг л байсан. Та одоо ингэсэнгүй, тэгсэнгүй. Ингэх ёстой, тэгэх ёстой гээд л одоо зэмлэдэг л байсан даа.

Ариун-Ундрах -

Хүмүүс өөрсөдөө идэвхитэй оролцсон уу?...

Лувсандорж -

Өө идэвхитэй. Тэр ерөөсөө тэр идэвхи гэж дээ. Одоо дээрээс нь шахчихсан юм чинь шахалтанд ороод тэгээд л ерөөсөө л тэр.

Ариун-Ундрах -

Тэгэхээр энэ соёлын довтолгоон гэдэг зүйл хэр удаан үргэлжилсэн зүйл вэ?

Лувсандорж -

2 жил явагдсан. 2 жил яваад, тэгээд дүн нь гараад л Монголын хүн ам бичигтэн боллоо, хүүхэд сургууль завсардалт багаслаа гээд л ингээд дүгнээд л яасан л даа.

Ариун-Ундрах -

2 жил гэхээр тэр 2 жилийн дараагаас хүмүүс одоо ингээд ариун цэврээ сахиад сурчихсан байгаа ш дээ тийм ээ? Тэр нь тэрийгээ больдог ч юм уу тиймэрхүү байдал ер нь гараагүй байх. Ер нь тэгээд л нэг тэр чигтээ хэвшчихсэн үү?

Лувсандорж -

Тэр чигтээ тэгээд л ер нь хэвших нь хэвшээд л, тэгээд л ерөөсөө гайгүй болсон юм аа.

Ариун-Ундрах -

Тэгэхээр соёлын довтолгоо бол бас ийм үр ашигтай байжээ.

Лувсандорж -

Ашигтай байсан. Төр улсын юм бас бий. Тийм л юм байгаа юм.

Ариун-Ундрах -

Тэр нэгдэлжих хөдөлгөөн гэдэг зүйл бас болсон байх тийм ээ?

Лувсандорж -

Аа тийм. Яг тэр чинь 50-иад оны сүүлчээр болсон явдал шүү дээ. Би зуны амралтаар сумандаа очоод ээжтэйгээ цуг ингээд амарч байсан чинь одоо нэгдэлд элсүүлэх хурал гэж боллоо. Тэгээд л манай ээжийг л одоо ээж бас өрхийн тэргүүлэгч тэр хуралд ирж суухад нь би дагаад л очиж байсан л даа. Дунд сургуулийн багш болчихсон хүн тэгээд л дагаж очоод л яадаг юм бол гээд л харж байсан. За ингээд л олон хүн цуглуулаад л хамтын аж ахуйн давуу тал гэдгийг л улсуудад тайларлаж байгаа юм, ятгаж байгаа юм. Тэгээд л одоо энүүнд л орвол ингэж ингэж амьдрал чинь одоо дээшилнэ, сайжирна. Улс орны нийгэмд одоо ухаандаа л үйлдвэрүүдийг түүхий эдээр хангахад бол энэ хамтын аж ахуйтай байж л хангана. Тэрнээс хувийн аж ахуйгаар бол үйлдвэрийг түүхий эдээр хангах боломж алга. Аа хүн амыг хүнсний зүйлээр хангахад ч гэсэн одоо энэ хамтын аж ахуй л бололцоотой гээд ингээд л ятгаж байгаад л за хэн хэн элсэх үү? гээд л санал авч байсан. Тэгэхэд бол манай ээж би оръё оо гээд л саналаа өгч байсан. Би тэрийг тэгээд л хажууд нь хараад сууж байсан. Зүгээр ер нь тэгээд нэгдэлжих хөдөлгөөн чинь яасан ш дээ. Ядуу аж ахуйтан эхлээд орчихсон юм. Малаа нийгэмчлээд аминдаа хэдхэн, говьд бол 50 толгой мал шүү дээ. Тэгээд л бусдыг нь нийгэмчлээд нэгдэлд ороод л. Тэгээд нэгдлийн мал малласны хөдөлмөрийн өдрийн хөлс гэж аваад тэгэж цалинжаад байхгүй юу. Ядуучууд чинь тэгээд эхлээд орчихгүй юу. Ядуучууд орчихлоор нөгөө чинээлэг аж ахуй чинь нөгөө чинээлэг аж ахуй чинь тэр ядуу аж ахуйтнаар малаа маллуулж байсан улс чинь малаа дийлэхээ больчихож байгаа юм, ажиллах хүчгүй болоод. Тэгээд сүүлдээ тэр чинээлэг аж ахуйтнууд чинь орохоос аргагүй болоод л, шахагдаад нэгдэлд орчихож байгаа юм л даа. Тэрнийг одоо манай зарим улс төрчид ярихдаа бол нэгдэлжих хөдөлгөөн гэдэг чинь амьтны малыг одоо булааж авч, бөөнөөр нь булааж авч, бараг л дээрмийн аргаар шахуу л байгуулсан гэж. Би бол тэгэж ерөөсөө үзэхгүй. Саналаараа орж байсан. Чинээлгүүд нь бол тэгээд малаа дийлэхгүй олон малтай болчихсон. Эхнэр хүүхэд 3-уулхан. Өнөө малыг чинь маллаж чадахгүй, одоо ноос үсийг нь ч авч чадахгүй, албан татварыг нь ч төлж дийлэхгүй ийм болоод өнөө ядуу аж ахуйтнууд чинь нэгдэлд орчихсон. Тэдэнд зарцлагдах хүнгүй болчихгүй юу. Тэгээд л шууд ерөөсөө орохоос өөр замгүй. Тэгэж л байсан юм даа. Тэгээд нэгдэлжих хөдөлгөөнийг бол би ерөөсөө бас муу болоогүй л гэж үзэж байгаа юм. Нэгдэл байгуулагдсанаас хойш айл болгоны гадаа ингээд л 2-3 машин өвс аваачаад буулгаж өгөөд л хураалгачихдаг. Дулаан хашаа бариад малд нь өгчихдөг. Худаг гаргаад өгчихсөн. Ухаандаа өвлийн зуд болоход бол нэг 15 хоног бол малыг бэлчээхгүй хооллочих тэжээлтэй байлгадаг байсан ш дээ. Тэгээд л сүүлд нь ийм юм байхгүй болчихсон. Одоо бол цаг агаарын бэрхшээл гарахад л тэгээд 2-3-хан хоногт л бүх малаа үхүүлж байна ш дээ. Тэгэх дээр яахав нэгдэлд бол тэр социализмын үед чинь хамтын хөдөлмөрийн өмчийг өндөрт тавиад, хувийн өмчийг гадуурхчихсан. Тэрүүнд л буруу байгаа юм л даа. Тэрэнд орох нь ороод л, орохгүй нь тэгээд хувийнхаа мал аж ахуйг эрхлээд явах аргагүй болгоод хаячихсан. Тэрүүнд л одоо буруу нь тэнд л байж байгаа юм.

Ариун-Ундрах -

Хувь хүн нэгдэлд яаж элсдэг байсан бэ?

Лувсандорж -

Саналаараа л орно. Тэгэхдээ орохдоо бол одоо тийм тийм зүсний, тийм насны, тийм малаа би нэгдэлдээ өгнө гээд л ингээд данслуулна ш дээ. Ийм ийм малаа бид авч үлдэнэ ээ гээд л ингээд. Энэ нэгдэлжих хөдөлгөөнийг хийхэд бас их сонин дүн гарч байсан ш дээ. Одоо амьд үлдэж байгаа малын ихэнхи нь үхэр үлдэж байсан. Тэр чинь одоо таваарлаг мал шүү дээ. Хамгийн таваарлаг мал нь. Тэгэхлээр үхрийнх нь тоог тогтоогоод өгчих дээр зэрэг яасан бэ? гэхлээр хамгийн өндөр шимтэй мал нь, их сүүтэй үхрүүд нь аминд үлдээд. Тэгээд дандаа тийм малчид чинь бас тийм их ухаантай хийж байгаа юм л даа. Тэрнийг чинь тэгэж байсан ш дээ. Нэгдэлд ороход чинь тийм бэрхшээлүүд байж л байсан. Тэгэхдээ сүүлдээ бол “Нэгдэл бол нэг л биш ээ” л гэж байгаад л тэгээд цөмийг нь тараачихсан л даа. Тэгээд тараах ажил бол бараг л хүчээр явагдсан ш дээ. Тийм л юм байгаа юм.

Ариун-Ундрах -

Хүмүүс анх нэгдэлжих хөдөлгөөнийг ямаршуу хүлээж авч ойлгож байсан бэ?

Лувсандорж -

Нэг хэсэг нь өнөө хамтрал коммуныг үзчихсэн улсууд бол дургүй байсан ш дээ. За өнөөх чинь давтагдах нь. Тэр хамтрал коммун гэдэг чинь бол аюултай юм байсан байхгүй юу. Ерөөсөө тэр бүх малаа нийгэмчилнэ. Тэгээд л хийсэн хөдөлмөрөөрөө биш, хэрэгцээнийхээ хэрээр нэгдлээс юм авна гэдэг. Коммунизмын зарчим гэдэг юм нь л тийм байхгүй юу. Тэгээд л зарим нэгдэл чинь одоо 16-хан хоногийн дотор бүх малаа алж идээд дуусч байсан хоршоо байсан ш дээ. Хэрэгцээгээр нь хуваарилна гэчихсэн юм чинь. Тийм явдал хүртэл тэр үеэр чинь гарсан нь түүхэнд байж байдаг юм ш дээ. тийм аюултай юм болох нь л гэж нэг хэсэг нь бол айж сандарсан явдал бий л дээ. Тэгэхдээ тэр нь бол тэр хамтын аж ахуйн нэр хүндийг тэр хамтрал коммун гэдэг бол айхтар унагасан байсан тийм л юм. Зүгээр нэгдэл бол тийм хувийн аж ахуйгаа эрхэлье, хөгжүүлье гэж бодсон хүмүүст бол таалагдаагүй ээ. Тийм хувийн сонирхолд бол ноцтой нөлөөлсөн, муугаар нөлөөлсөн тийм тал бий.

Ариун-Ундрах -

Энэ нэгдэлжих хөдөлгөөнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ер нь юу гэж мэдээлдэг байсан бэ?

Лувсандорж -

Хамтын хөдөлмөрийг л одоо ерөөсөө тэнгэрт гартал л магтана шүү дээ. Аа нэгдэлд ороогүй хүмүүсийг бол нэрээр нь дуудаад л одоо тийм тийм хүмүүс одоо бас нэгдэлд орохгүй байна энэ тэр гээд л хэлдэг, ярьдаг л байсан. Манай суманд ерөөсөө ганцхан айл нэгдэлд ороогүй үлдсэн ш дээ. Тэр хүн бол ганц бие эрэгтэй хүн байхгүй юу. Маш олон тэмээтэй, ганц бие эрэгтэй хүн. Өөрөө ингээ саагаад л, цагаан идээгээ боловсруулаад л идэж уугаад явдаг ганцхан эрэгтэй хүн. Эхнэр байхгүй, хүүхэд байхгүй. Тэр хүн бол насан туршаа нэгдэлтэй тэмцэж байгаад өөд болсон ш дээ. Хоньчин хийд гэж хуучин сүм хийд байсан газрын нэг нурсан байшинг сэргээж засаад нөгөө хүн чинь. Унтах, хэвтэх ортой нэг өрөө гаргаад, гал тогооны нэг өрөөтэй болгоод. Тэр унтах хэвтэх өрөөнд нь цагаан даавуутай, хөнжил гудастай ор тавиад. Гал тогооных нь өрөөнд цай чанах ус, данх, тогоо шанага, идэх боорцог, хурууд, ааруул, чихэр, ёотон энэ тэр тавьж идээ засаад. Тэгээд ерөөсөө цоожлохгүй орхичихно. Говийн тэмээний эрэлчингүүд, тэр чинь маш тийм хүн амьтан нутагладаггүй нутагт байхгүй юу. Өнөө тэмээгээ алдсан улсууд чинь тэмээгээ эрээд тэр говиор явж байгаад өлсөж цангахлаараа тэнд очиж хоноглодог, идэх тийм үнэгүй үйлчилгээтэй тийм юмыг насан туршдаа хийж байгаад тэгээд хөөрхий өөд болсон ш дээ. Тийм ажил хийдэг.

Ариун-Ундрах -

Их л сонин хүн байж дээ. Тийм ээ?

Лувсандорж -

Тийм. Тийм сонин. Яахав дээ тэр хамтын аж ахуй, нэгдлээс тийм юм байгуулаагүй байхад хувиараа тийм юм байгуулж байна гэдэг чинь тэр юутай л бас хөөрхөн л хувиараа тэмцэж байгаа л тэмцэл л дээ.

Ариун-Ундрах -

Хувийн юмыг хөгжүүлсэн бол бас хөгжиж болохоор...

Лувсандорж -

Болохоор, тийм бололгүй яахав. Тэрийг чинь олон түмэн дэмжээд л очсон бол тэр чинь бас л нэг хөөрхөн үйлчилгээний тов хийсэн газар болох л байсан байх л даа. Тэгээд ганц бие хүн чинь өөрөө тэмээгээ аваад л тэр элсэн говь руугаа явчихна. Тэр юман дээрээ хэд хоноод л эргэж ирээд л боов чихрийг нь сэлбэж тавьчихаад л, усыг нь сольж тавьчихаад л ингээд л байж байдаг байсан байгаа юм.

Ариун-Ундрах -

Нэгдэлтэй нэгдэлгүй болоод л байсан байна. Тийм ээ?

Лувсандорж -

Тийм.

Ариун-Ундрах -

Тэгээд энэ малчид малаа нуудаг байсан тохиолдол байгаа юу?

Лувсандорж -

Нуух ч гэж дээ. Ямар ухаантай юм бэ дээ. Тэр нэг малаа одоо тэр кинон дээр гардаг шиг бас нэгдэлд өгчихгүй юмсан гэсэн малаа жоохон нутгаасаа зайлуулж байсан тийм явдлууд байсан юм гэнэ лээ. Байсан юм гэнэ лээ.

Ариун-Ундрах -

Аан сайн малаа л?

Лувсандорж -

Тийм, хамгийн сайн малаа л тэр аминд үлдэх малынхаа тоонд оруулахгүйгээр илүү авч үлдэж байхгүй юу даа. Тийм юм байсан юм.

Ариун-Ундрах -

Энэ нэгдлийг тараах үйл явц нь яг яаж болсон бэ?

Лувсандорж -

Үгүй ээ яахав дээ одоо энэ өөрчлөлт шинэчлэлт болоод л, энэ хамтын аж ахуй гэдэг чинь ерөөсөө одоо буруу. Хувийн өмчийг дээдлэх нь чухал гээд л ингээд л нөгөө ардчилсан өөрчлөлт шинэчлэлт чинь ийм л асуудал тавиад л, нэгдлүүдийг тараах. Гишүүдийнх нь хурлыг хийлгээд л одоо бүх хөрөнгийг нь тоолоод л үзээд, малыг нь тоолоод л. Тэгээд нэгдлээс гаръя гэсэн улсуудыг нь бол гарахдаа тэр өнөө анх нийгэмчилсэн малынх нь хэмжээтэй харшуулсан тоогоор л мал өгөөд л ингээд гаргачихсан юм ш дээ. Аа нэгдлээсээ гарахгүй гэсэн айлууд бол одоо зүгээр хоршоолол нэртэй байж л байгаа ш дээ. Тэгэхдээ л тэр чинь одоо бол өнөө өвс авах тэр л бүх зардал нь дийлэхгүй. Тэр хоршооллын амьдрал бол их төвөгтэй л байгаа л даа.

Ариун-Ундрах -

Бас уу?

Лувсандорж -

Тийм.

Ариун-Ундрах -

Та тухайн нэг нэгдэл байлаа гэхэд дотроо ямар ямар бүтэцтэй, зохион байгуулалттай байх вэ? Тэрийг ярьж өгөөч?

Лувсандорж -

Нэгдлийн зөвлөл гээд байгууллагатай ш дээ. Нэгдлийн зөвлөл гэж одоо тэр нэгдэлд элссэн улсын төлөөлөгчид ч оролцсон, бригадын дарга нар ч оролцсон, нягтлан бодох нь оролцсон, удирдлага нь оролцсон тийм дээд байгууллагатай. Тэгээд нэгдлийн гишүүдийн хурал гэж бас байна. За тэгээд л нэгдлийн дарга удирдана. Дарга нь бол орлогчтой, ерөнхий нягтлантай, тооцооны нягтлантай. Тэгээд хөдөө яг мал дээрээ бол бригад гэсэн зохион байгуулалттай. Тийм ийм бригад гээд ингээд зохиосон. Бригад болгон даргатай. Тийм л байсан л даа.

Ариун-Ундрах -

Жишээлбэл танай нутагт байсан нэгдэл ямар нэртэй байсан бэ?

Лувсандорж -

“Социализмын зам” гэсэн нэгдэлтэй.

Ариун-Ундрах -

Аан бас ”.... зам” юм байна тийм ээ?

Лувсандорж -

Тийм. “Социализмын зам” гэсэн нэртэй нэгдэлтэй байсан.

Ариун-Ундрах -

Тэр үеийн нэгдлийдүүдийг янз бүрийн ...зам, ...зам гэж нэрлэдэг...

Лувсандорж -

Аа тэгэлгүй яахав. “Улаан туг” энэ тэр гээд л тийм одоо өнөө л социализм, хувьсгалын уур амьгал бүх нэгдлийн нэрэнд холбоотой ш дээ.

Ариун-Ундрах -

Бас нэг асуух асуулт нь энэ социализмын үеийн намын байгууллага, эвлэлийн байгууллага гээд ийм том байгууллагууд байгаа ш дээ тэ?

Лувсандорж -

Тийм.

Ариун-Ундрах -

Энэ байгууллагуудын талаар та тайлбарлаж ярьж өгөхгүй юу?

Лувсандорж -

За социализмын үед бол Монголд одоогын хэлээр гэх юм бол 1 намын тогтолцоо, 1 намын ноёрхол тогтсон ийм байлаа л даа. Тэгээд энэ МАХН гэдэг байгууллага чинь бол бараг 200,000 шахам гишүүнтэй их том байгууллага. Аа намын байгууллагагүй албан байгууллага, сум, хот гэж бол байхгүй. Одоо нэгдэл байсан ч дэргэд нь намын үүртэй. Намын үүрийн дарга юу гэж хэлнэ тэрнийг нэгдлийн дарга биелүүлж байх ёстой. Үйлдвэрийн газрын дэргэд үйлдвэрийн намын хороо гээд байна. Намын хорооны товчоо үйлдвэр дээр авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцсэний дараа тэр шийдвэрийн дагуу үйлдвэрийн дарга шийдвэр гаргаж байх ёстой. Улсын их хурлын чуулган хуралдана аа гэхэд л өмнө нь намын төв хорооны бүгд хурал хуралдаад тэр шийдвэрийг ийм ийм шийдвэр гаргавал зүйтэй, их хурлаас гаргавал зохино гэж чиглэл өгөх дээр зэрэг их хурал тэрний дагуу шийдвэрээ гаргадаг байсан. Сургуулиудын дэргэд, ухаандаа манай энэ ШУТИС-ийн дэргэд бол сургуулийн намын хороо, сургуулийн эвлэлийн хороо, сургуулийн үйлдвэрчний хороо гээд бүр орон тооны байгууллага ажиллаж байсан ш дээ. Тэгээд л одоо сургуулийн дэргэд намын хорооны товчооны хурал хуралдаад л ректорыг тийм тийм шийдвэр гарга гэж чиглэл өгнө. Тэгсний дараа ректор бол тэр намын хорооны шийдвэрийг үндэслэж байж шийдвэрийг нь гаргана. Ийм учраас ерөөсөө тэр намын байгууллага гэдэг чинь өнөө программд нь “МАХН бол нийгмийг удирдан чиглүүлэгч хүч” гээд заачихсан учраас ерөөсөө л бүх юм тэр намын байгууллагаар дамжиж байж төрийн байгууллага шийдвэрээ гаргадаг. Тийм байлаа ш дээ.

Ариун-Ундрах -

Бүр бүх л шатаараа...

Лувсандорж -

Тэххх. Тэгээд л одоо сургууль гэхэд чинь сургуулийн намын хороо гэж байдаг. Факультет дээр факультетийн намын үүр гээд байж байдаг. Тийм байлаа ш дээ. Тэр намын үүрүүд нь орон тооны биш. Ямар нэгэн багш л ажиллана.

Ариун-Ундрах -

Давхар тийм ээ? Ажлынхаа хажуугаар?

Лувсандорж -

Тэр анхан шатны намын үүр бол намд хүн элсүүлнэ, гишүүн элсүүлэх үүрэгтэй. Тэр одоо намын гишүүдийнхээ мэргэжил боловсролыг дээшлүүлэх, дугуйлан, улс төрийн сонсгол, нийтийг хамарсан лекц уншуулна. Үзэл суртлын ажлыг л голлож хийдэг тийм байгууллага байсан.

Ариун-Ундрах -

Аа тэр эвлэлийн байгууллага нь ялгаатай юу?

Лувсандорж -

Эвлэлийн байгууллага бол залуучуудыг л хамарсан байгууллага л даа. Залуучуудын байгууллага. Тэгэхдээ бол тэнд голдуу намын хорооноос өгсөн чиглэлийн дагуу л оюутны дунд одоо ямар уралдаан тэмцээн зохиох вэ? Оюутны дунд ямар хүнээр ямар лекц уншуулах вэ? ч гэдэг юм уу, тэгээд л аялал жуулчлал ч гэдэг юм уу, одоо хөдөө гадаа явах ч гэдэг юм уу, салхинд гарах ч юм уу тэр бүх ажил энэ тэрийг чинь эвлэлийн байгууллага л оюутнуудынхаа бүх ажлыг зохицуулдаг байлаа ш дээ. Суманд бол тэр эвлэлийн байгууллага гэдэг чинь залуу малчидтайгаа л ажиллана.

Ариун-Ундрах -

Тэгэхээр та түрүүн хэлсэн л дээ. Таныг бүр бага байхад Гэндэн, Амар гэдэг хүмүүс байсан тэ? Тэгэхээр энэ хэлмэгдүүлэлт гэдэг зүйл бол яг таны амьдралын үед бас болоод өнгөрсөн зүйл байх тийм ээ?

Лувсандорж -

Тийм. Тэгэхлээр хэлмэгдүүлэлтийн үед чинь би нэг 7 настай л байсан юм даа. 7-8 настай л байсан. Тэгэхдээ би бол нэг л юм санаанаас гардаггүй юм. Тэр Өлгий хийдийн лам нарыг юм шиг байгаа юм л даа. Би бол, миний тойнд үлдсэн юм бол нэг их олон лам нарыг л тэмээ унуулчихсан л ингээд л олон лам нар бөөнөөрөө явж байсан нь л санаанд байдаг юм. Тэр баривчлагдаад л явж байсан юм байна лээ л дээ. Одоо бодоход баривчлагдаад явж байсан юм байна лээ. Тэгэхдээ манай талд бол лам хүн байхгүй байсан. Яг миний ээжийн талд өөр эрэгтэй хүн байхгүй юм чинь, 3 хүүхдээс нь өөр. Манай тэр том ах бол хийдэд шавилан сууж байсан. Тэгээд л хийдээс оргож ирээд дандаа л загнуулж аашлуулж байсан л юм гэнэ лээ. Тэрнээс манайд бол том лам байгаагүй, улс төрийн том албан тушаалтан байгаагүй учраас хэлмэгдэл гэдгийг манайхан огт үзээгүй. Аа манай гэр бүлийн хүн бол тэр Өлгий хийдийн их том лам нарын удмынхан юм байгаа юм. Тийм учраас тэр манай гэр бүлийн одоо эхнэрийн талын улсууд бол ерөөсөө бүр ойрынх нь садны 4-5 хүн хэлмэгдсэн. Тэрнийх нь улс төрийн хэлмэгдлийн нөхөн олговор гэж байлаа ш дээ. Тэгээд энэ манай эхнэр, манай эхнэрийн ах энэ тэр бол тэр нөхөн олговрыг нь авсан. Зүгээр ер нь ах дүү, төрөл садан гэх юм бол 10-аад хүн хэлмэгдсэн юм гэнэ лээ. Тэгэж ярьдаг юм. Дандаа лам нар байсан учраас хэлмэгдэж байсан гэж ярьдаг юм байна лээ. Тэгээд ингээд л би чинь туулсан замаа эргээд харахлаар байна ш дээ. Ингээд л Жигжиджавын Мядаг ерөнхий сайдын үед төрөөд л өссөнөөс хойш ингээд өнөөдрийг хүртэл бол 18 ерөнхий сайдын төрийг үзлээ ш дээ. Одоо сүүлийн хэдэн жилд бол 10-аад ерөнхий сайд солигдохыг бол үзлээ ш дээ.

Ариун-Ундрах -

Тийм байна тэ?

Лувсандорж -

Тийм.

Ариун-Ундрах -

Тэгээд энэ хэлмэгдүүлэлт гэдэг зүйл бүр болоод өнгөрөөд намжчихсаны дараа бол тухайн үедээ огт ярьдаггүй байсан уу?

Лувсандорж -

Огт ярьдаггүй байсан. Ерөөсөө огт ярьдаггүйгээр барахгүй байна ш дээ. Намайг багш болсноос хойш бол хэлмэгдүүлэлтийн тухай Монголын түүх, МАХН-ын түүхэнд намын дээд сургуульд хэлмэгдлийн тухай ярихыг зөвшөөрдөг. Иргэний дээд сургуулиудад хэлмэгдлийн тухай заахыг хориглож байсан ш дээ.

Ариун-Ундрах -

Энэ хэлмэгдүүлэлтийн тухай төр засгаас юу гэж тайлбарлах уу? Одоо ингээд л хүмүүсийг нь бариад л аваад явчихдаг. Тэрийгээ одоо юу гэж тайлбарладаг байсан бэ?

Лувсандорж -

Өө тэгээд яахав дээ тэр чинь нэг хэсэгтээ бол одоо энэ ... яг энэ цагаатгах ажил чинь бол социализмын үед л эхэлсэн юм ш дээ.

Ариун-Ундрах -

Аан уг нь уу?

Лувсандорж -

Тийм уг нь цагаатгах ажил социализмын үед л цөөхөн цөөхнөөр нь хэлмэгдлийг цагаатгаж байсан. Тэгээд өөрчлөлт шинэчлэлтээс хойш бол энэ бүхэлд нь цагаатгалаа л даа. Зүгээр ер нь хэлмэгдэлтийн тухай бол намын гишүүдэд бол ярьдаг. Олон түмэнд бол тэр болгон нэг их ийм юм болсон гэж ярьж тайлбарладаггүй л байсан.

Ариун-Ундрах -

Яг таныг ингээд ажиглаж байхад танай нутгаас ингээд айл саахалт хүмүүсээс ч юм уу баривчлаад явж байсан тийм зүйл тэр лам нараас өөр байхгүй юу?

Лувсандорж -

Тэр сүүлдээ би чинь өнөө 10 жилдээ 45 онд дунд сургуульд очсоноос хойш бол ерөөсөө тэгэж баривчлагдаад явсан хүн гэж бол байхгүй. Ерөөсөө байхгүй.

Ариун-Ундрах -

Тэр нэг хэсэг бол тэгээд л...

Лувсандорж -

Тийм, нэг хэсэг л бараг хомроглоод, тэгээд сүүлдээ бол зүгээр ганц нэгээр нь татагдаж байсан юм уу? бүү мэд л дээ. Тийм юм бол манай ойр төрлийн дотор л байхгүй. Зүгээр ер нь би боддог юм. 40-н хэдэн онд бол сумнаас хааяа зарим хүн дотоод яамны ногоон малгайтан ирж гэнэ ээ гэж улсууд ярьдаг байсан юм. Тэгээд л байж байгаад л ганц нэг хүн сураггүй л болчихдог байсан. Тэгээд сүүлд бодохнээ тэр нэг тагнуулаар явуулдаг байсан л юм байна лээ л дээ. Дотоод яамнаас аваачаад л энэ Өвөр Монгол руу тагнуулд явуулж байсан. Ганц нэг хүн эргэж ирсэн шүү. Тагнуулаас олонхи нь тэнд үхсэн юм байна лээ.

Ариун-Ундрах -

Хорлогдчихдог юм уу?

Лувсандорж -

Баригдаад л үхчихгүй юу. Тэр тийм янзаар хүн алга болох явдал бол бас ганц нэг байсаан. Их олон байгаагүй ч гэсэн манай нутгаас бол миний л мэдэхийн ганц нэг хүн, 2-3 ч хүн тэгэж л алга болсон.

Ариун-Ундрах -

Яасан сонин юм бэ? Тэ?

Лувсандорж -

Тийм. Тэр бол хэлмэгдэлт биш. Тэгээд одоо нууц ажиллагааг үүрэг гүйцэтгүүлэх гээд явуулж байсан юм шиг байдаг юм.

Ариун-Ундрах -

Таны эхнэрийн тэр гэр бүлээс хүмүүс хэлмэгдсэн гэсэн. Тэр хэлмэгдсэн хүмүүсийг цааш нь барьж аваад яасан тухай мэдээллийг олж мэдсэн болов уу?

Лувсандорж -

Сүүлд л мэдсэн.

Ариун-Ундрах -

Аанхан. Нөгөө цагаатгах үед тийм ээ?

Лувсандорж -

Тийм, цагаатгах үед л одоо асууж яриад л ингэсэн чинь ингээд цөмөөрөө л тэр Дорноговийн Далайн хөтөл гэж байдаг юм даа, тэр баруун хойд талд. Тэнд л буудуулчихсан юм байна лээ л дээ.

Ариун-Ундрах -

Аан бүр буудчихсан юм уу тэ?

Лувсандорж -

Тэххх.

Ариун-Ундрах -

Зарим хүмүүст бас нөгөө 10 жилийн ял ч өгдөг байсан юм шиг байна лээ.

Лувсандорж -

Тэдний лам нарын дотроос 10 жилийн ял аваад амьд үлдсэн хүн байхгүй. Цөмөөрөө л тэр хомроглоход л яачихсан юм шиг байна лээ.

Ариун-Ундрах -

Буудчихсан тийм ээ?

Лувсандорж -

Тэххх.

Ариун-Ундрах -

Аанхан. За та өөрийнхөө гэр бүлийнхээ тухай танилцуулж хэлж өгөөч?

Лувсандорж -

За яахав би бол 1953 онд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харъяат Ринчингийн Гүндаваа гэдэг охинтой гэр бүл болсон. Тэгэхээр энэ бас сонин. Оюутан байхдаа ш дээ. Оюутан байхдаа гэр бүл болсон юм. Тэгээд өнөө манай ангид чинь тэр ажил хийж байсан ахмадууд их олон учраас эхнэртэй болсон гэж хэлэхээсээ ичээд ерөөсөө хэлдэггүй байсан байхгүй юу. Тэгтэл сүүлдээ тэр миний монгол хэлний ангид сурч байсан найзууд манай тэр ахмадуудад энэ чинь эхнэртэй болсон шүү гэж хэлсэн бололтой байгаа юм. Тэгсэн нэг өглөө хичээлдээ хүрээд ирсэн чинь л өнөө ахмадууд чинь л намайг бариад авлаа. Манай ангийнхан тэр ерөөсөө хичээлийн завсарлагаанаар л зав чөлөөгүй ноцолддог байсан юм чинь. Бие биенийхээ бөгс рүү нэг их алгадна. Тэгсэн одоо өнөө бөгс рүү л алгадах гэж байгаа юм байх гээд л ингэсэн чинь барьж аваад л хамрын үзүүр дээр ингээд дардаг юм байна. Ингээд л дарснаа л хөөе энэ чинь эхнэртэй болчихсон байна ш дээ. Хамрынх нь үзүүр дээр .... гарчихсан байна энэ чинь гээд л тэгэхгүй юу. Тэгээд би бүр үхтлээ ичиж л байсан. тэгээд эхнэртэй болохлоор хүний хамрын үзүүр дээр ацтай болчихдог юм байхдаа л гэж тэгэж итгэчихээд байхгүй юу. Тэгэхнээ тэр бол хүнийг тэгэж л шоглодог уламжлал байсан юм байна лээ л дээ. Тэгээд худлаа дуулчихаад л хамрын үзүүр дээр дарж л тэгээд намайг ичээж байсан л юм байгаа юм. Тэгээд сургууль төгсдөг жилээ анхны хүүгээ төрүүлсэн. Хүү төрсөн, анхных нь мичин жилд төрсөн. Би өөрөө мичин жилтэй. Миний 25-ны мичин жил дээр сургууль төгсөж хүүтэй болж байсан. За тэгээд Дундговьт очоод олон хүүхэдтэй болсон доо. Улаанбаатарт эргэж ирээд ч бас нэг 2 төрсөн. Ингээд 4 хүү, 3 охинтой. Одоо тэдний үр ач нар, бүр ач гуч ч нийлээд ингээд 40-өөд хүн болчихоод явж байгаа юм.

Ариун-Ундрах -

Өнөр өтгөн л болж тийм ээ?

Лувсандорж -

Тийм, өнөр өтгөн. Үхэл хагацал үзээгүй. Ингээд л явж байна, үр хүүхэдтэйгээ. Яахав хүүхдүүд маань ЗХУ-д сургууль төгссөн ч бий, энд ТМС төгссөн ч бий, энд дээд сургууль төгссөн ч бий. Тэгээд л одоо цөмөөрөө л яахав ажил амьдралтай явж байна. Одоо заримд нь ч боловсрол багатай нэгэнд нь бол ажил олдохгүй л болчихож л дээ. Энэ чинь одоо бол жаахан тиймэрхүү л янзтай нэг тийм. 2 өрөө байртай. Ингээд амралтын өдрүүд болохлоор хүүхдүүд, ач гуч нар шавсан нэг ийм эмгэн өвгөн хоёр л амьдарч байна даа.

Ариун-Ундрах -

Тэр социализмын үед бол таны хүүхдүүд ихэвчлэн дандаа сургууль цэцэрлэгээр явсан уу?

Лувсандорж -

Тэгсэн.

Ариун-Ундрах -

Заа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.