Luvsandorj


Basic information
Interviewee ID: 990388
Name: Luvsandorj
Parent's name: Shagdar
Ovog: Baaran
Sex: m
Year of Birth: 1932
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: history professor
Belief: Buddhist
Born in: Mandah sum, Dornogovi aimag
Lives in: Han-Uul sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
relations between men and women
urban issues
foreign relations
work
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

За таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?

Лувсандорж -

За яахав энэ бол миний амьдралд, сэтгэл санаанд одоо гүн гүнзгий үлдсэн зүйл бол 1953 онд эхнэртэй болсон явдал миний амьдралд нилээн тийм эргэлт болсон. Өөрөөр хэлбэл нэг л бүжиг танце эргүүлсэн тийм нэг залуу байснаа л эхнэртэй болчихлоор чинь зэрэг л тэгээд л гэр орноо бараадас гээд нилээн л тогтдог л юм байна лээ л дээ хүн чинь. Тэрнийг бол хэлж болж байна. За 1964 онд би чинь одоо хөдөөнөөс 63 онд хотод шилжиж ирээд тэр оройн сургуулийн хичээлийн эрхлэгч болоод гэрт сууж байлаа ш дээ. Одоо энэ Ленин клубын дэргэд хотын намын хорооны ажилчдын байр гэдэгт хотын намын хорооноос гэр аваад гэрт сууж байлаа ш дээ. Тэгтэл 1964 онд Хятадын барьсан 120 мянгат ашиглалтанд ороод, Улаанбаатар хотын намын хорооны ажилчдад 10 байр хуваагдахгүй юу. Тэр чинь өнөө намын байгууллага гэдэг чинь бас их давуу байсан учраас тийм олон байр авч байхгүй юу. 10 байр аваад 10 дахийг нь авах хүн байхгүй байсан учраас дөнгөж ажилд ороод ганцхан жил болж байгаа надад 2 өрөө байр өгсөн ш дээ.

Ариун-Ундрах -

Ямар азтай юм бэ?

Лувсандорж -

Тийм. Тэр орон сууц гэдэг чинь хүний амьдралд том эргэлт болдог юм. Би тэрүүнд одоо баярлаж явдаг юм. Тэгээд сая бол яахав тэр байрыг үнэгүй л авч байгаа юм чинь. Зүгээр хуваарилаад л, зүгээр албан байр болгоод л өгчихөж байгаа юм чинь. Энэ бол миний амьдралд их том өөрчлөлт болсон. За сая бол МУ-ын ерөнхийлөгчөөс гавъяат цол авахад бас их сэтгэл хөдөлсөн л дөө. Тэгэхдээ бол би боддог юм л даа. Багш хүн гавъяат авна аа гэдэг бол ерөөсөө л ганц үндэс нь бол шавь байх. Ерөөсөө шавьгүй бол багш хүн юун гавъяат авахтай. Тэгээд ингээд үзэхлээр би чинь 54 жил багшлахдаа ингээд сургууль төгссөн үнэмлэх буюу дипломон дээр нь тавих дүн тавьж өгсөн оюутны тоо гэхэд 30000-д л орж байгаа юм. 30000-аад хүнд л дипломон дээр нь тавих дүнгийн хичээлийг заасан байгаа юм. Аа зүгээр намайг багшаа гэдэг оюутан бол тэрнээс гадна хичээл заагаагүй, одоо ШУТИС-ийн 24000 оюутан чинь намайг хичээл заагаагүй ч гэсэн багшаа л гэж дуудна ш дээ. Тэгдэг багш бол одоо хувийн сургуульд ч байна... ийм байгаа юм л даа. Тэгэхлээр нөгөө талаар би бол энэ гавъяат болсон явдлаа бол энэ ШУТИС-ийн 900-аад багш нар, энэ багш нарын дотор би одоо бүрэн нагрускатай багшилж байгаа багшийн хамгийн ахмад нь ш дээ. Хамгийн ахмад нь би бүрэн нагрускатай ажиллаж байгаа. Тийм учраас энэ 900 гаруй багш нар намайг багш гэж хэлэхгүй хүн нэг ч байхгүй. Багшаа л гэнэ. Лувсаа багшаа, Лу багшаа л гэнэ шүү дээ. Тэгэхлээр ингэх дээр чинь зэрэг л энэ хамт олон маань бол надад их нөмөр нөөлгө болж явдаг юм байна л гэж би ингэж боддог байхгүй юу. Тэгэхлээр ингээд би бол олон шавиараа их бахархаж явдаг. Надаар хичээл заалгасан багш нарын дотор бол ардын болон гавъяат цол хүртсэн 20 гаруй хүн байна. Эрдмийн зэрэг цол хамгаалсан 30 гаруй хүн байгаа юм. Тэгэхдээ энийг чинь ямар би гавъяат болгочихсон биш. Тийм хүнд би хичээл зааж явснаараа л бахархдаг байхгүй юу. Тэрнээс биш ямар би хичээл заагаад л гавъяат болгочихсон биш. Тэгэхэд л ухаандаа одоо Монголын багш нарын дотор бол Улсын баатар Дандараар багшаа гэж дуудуулж байсан 2-3-хан багш байгаа ш дээ. Тэрний нэг нь би байж л байна. Намын дээд сургуулийг Улсын баатар Дандар эчнээгээр төгсөхөд нь би хичээл зааж байсан. Тэр энэ тэр чинь бол ингээд эргээд санахад бол бас бахархалтай л.

Ариун-Ундрах -

Багш, шавь хоёр байсан гээд үү?

Лувсандорж -

Тийм..... За энд бол би зайлшгүй хэлэх ёстой асуудал гэвэл энэ эрэгтэй, эмэгтэйчүүдийн харилцааны тухай асуудал байж болно л доо. Ер нь Монголчууд чинь их сонин шүү дээ. Ер нь эрт дээр үеийнх нь уламжлалыг үзэхлээр бол Монголд эмэгтэй хүнийг нилээн дорд үзэж байсан тийм түүх байдаг юм ш дээ. Ухаандаа Монголчуудын дотор бол бүсгүй хүнийг бол богино жолоотой гэж хэлдэг. Үс нь өсгийдөө хүртэд ургах боловч ухаан нь улаан хоолойдоо хүрэхгүй гэж хэлдэг байсан. Тэр чинь бол эмэгтэй хүнийг жендерийн асуудалд маш доогуур үнэлэгдэж байгаа биз дээ. Тийм ээ? Аа гэтэл социализмын үед, 24 онд үндсэн хууль батлагдсанаас хойш Монголын эмэгтэйчүүд бол эрэгтэйчүүдтэй тэгш эрхтэй гээд заачихсан. Тэгээд л сургуулиар сурах явдал чөлөөтэй, эмэгтэй хүн. Албан тушаал ахиж байж, улсын их хурал, улсын бага хурлын тэргүүлэгч гишүүн энэ тэр чинь эмэгтэй хүн зөндөө л байлаа ш дээ. Тэгээд одоо ингээд л өнөөдөр үзэх юм бол эмэгтэй хүн бол эсрэгээрээ болчихсон байхгүй юу. Ухаан нь бол одоо өлмийдөө хүрч байна. Тийм их ухаантай болж. Гэтэл үс нь шилэндээ хүрэхгүй богинохон болж байгаа.

Ариун-Ундрах -

Эсрэгээр нь үү?

Лувсандорж -

Тийм, эсрэгээр нь. Тэгэхлээр энэ чинь эмэгтэй хүн манай Монголын нийгэмд бол зүгээр төрийн дээд байгууллагад суудал цөөхөнтэй боловч эмэгтэй хүний эрх мэдэл бол Монголд одоо бол шал өөрөөр эргэчихсэн. Бараг л эхийн эрхэт ёс ноёрхох гэж байна гэж ярьдаг шиг. Манай сургуулийн оюутан гэхэд эмэгтэй оюутнууд л одоо голлож байна ш дээ. Олон байна, дээд сургуулиудын оюутны дотор. Багш нар гэхэд чинь л одоо дунд сургуульд багш нарт бол эрэгтэй багш 4-5 л гэж ярихаас биш. Биднийг багш байхад бол, Дундговьт багш байж байхад 10 жилийн дунд сургуульд ерөөсөө л эмэгтэй багш 3-хан байсан ш дээ. Бусад нь дан эрэгтэй багш. Одоо тэгэхэд эрэгтэй багш нь 3-4-хөн, эмэгтэй багш нь олонхи болчихоод явж байх жишээний ийм л юм л даа энэ чинь.... За яахав амьдралдаа би одоо төрийн ч гэдэг юм уу, сургуулийн ч гэдэг юм уу ач гавъяагаар ЗХУ-д 2 удаа мэргэжил дээшлүүлсээн. Эрхүү хотод 3 сар, Москвагын их сургуульд 5 сар мэргэжил дээшлүүлсэн. Ингээд л гадагшаа алхана аа л гэдэг чинь хүний нүдний ялгаа арилдаг юм байна лээ л дээ, бага болдог. Бүр дараа нь одоо сүүлд зээ охиныхоо ачаар дэлхийн диваажин гэж нэрлэдэг Хавайн аралд очлоо. Зээ охиныхоо урилгаар. Тэгээд л говийн өвдөгнөөсөө дээш усанд туулж үзээгүй би Номхон далайн усанд хүнээр хөтлүүлээд л энүүгээрээ таттал л явж үзлээ л дээ. Тэр аймшигтай л юм байна лээ. Бас өөрийнхөө охнны урилгаар Сеатл хотод очоод л бас тэр том усан онгоц гэдэгт сууж үзэж, олон цагаар аялаж явж үзлээ. Тэр хүний эрх, эрх чөлөө гэдэг, хүнд үйлчилдэг явдал ямар гайхамшигтай байдгыг тэнд үзэхэд бол бидний нүдний ялгаа маш их юм байна лээ. Маш их ялгаатай байсан. Тийм юм ингэж үзэж явж байгаа юм. Тэрнээс биш өшөө их олон орноор тэнэж хэсүүчилж яваагүй хүн л дээ. Багшийн ажил гэдэг чинь тийм л эд шүү дээ.

Ариун-Ундрах -

Энэ мэргэжил дээшлүүлсэн гэхээр социализмын үед ингэж мэргэжил дээшлүүлэх тал дээр их анхаардаг байсан уу?

Лувсандорж -

Тийм, анхаардаг байсан юм. Би Москвагын их сургуулийн дэргэд социалист орнуудын нийгмийн ухааны багш нарын мэргэжил дээшлүүлэх факультет төгссөн ш дээ. Тэнд очсон хүн бол заавал 5 сар сурдаг. Тийм л байсан л даа. Тэгтэл тэр Москвад одоо тэр чинь ийм шүү дээ. 97 онд билүү очсон ш дээ. Тэгэхэд л тэнд бидний хичээл зааж байсан багш нар бол энэ ардчилал өөрчлөлт, шинэчлэлтийн уур амьсгал орчихсон байсан, тэр багш нарт. Ухаандаа Лениний сургаалаар бол капитализм гэдэг бол мөхөж сөнөж байгаа капитализм гэж хэлдэг шүү дээ. Тэгэж нэрлэдэг байсан бол тэр багш нар, би одоо анх сонссон л доо. ...... капитализмы... очень паретный гэж. Тэр ялзарч мөхөж байгаа капитализмын үнэр нь бидэнд их тааламжтай байна гэж тэгэж хэлж байсан. Тэгэхэд л тэгэж үгийг нь сонсоод л үгүй ээ энэ чинь одоо яасан хачин юм хэлж байна аа гээд бодож л байсан даа.

Ариун-Ундрах -

Тойруугаар тэгэж ярьж байгаа юм уу?

Лувсандорж -

Үгүй ээ бүр шууд лекцэн дээр тэгэж хэлж байгаа юм чинь, бидэнд лекц уншихдаа.

Ариун-Ундрах -

Уур амьсгал орчихсон.

Лувсандорж -

Уур амьсгал орчихсон. Тэр тийм байсаан.

Ариун-Ундрах -

Та бүр анх, хамгийн анх бол Москвад очсон уу?

Лувсандорж -

Тэгсэн.

Ариун-Ундрах -

Гадаад улсуудаас...

Лувсандорж -

Хамгийн анх Эрхүүд очоод дараа нь Москвад очсон.

Ариун-Ундрах -

Хамгийн анх ер нь Монголоос гараад гадаад улсад очиход ямар байсан бэ? Юу гэж бодогдож байсан бэ?

Лувсандорж -

Үгүй ээ ер нь яахав тэр чинь гал тэргээр яваад л одоо гаалийн шалгалт янз бүрийн юмаар туулаад л ингээд л яваад л Москвад очиход чинь одоо тэгээд л үгүй ээ бас ийм лут газар байдаг юм аа л гэж бодогдож байж. Тэгээд л Улаан талбай дээр оччихоод л ингээд зогсож байхад бол энэ түүхийн юм бодогдож байгаа юм л даа. 1240 онд Монголын Өгөөдэй хааны үед Монголчууд Москваг эзэлж аваад модон байшинтай, модон хэрэмтэй байсан Москваг галдан шатааж байсан түүх байдаг байхгүй юу. Тэр санаанд орж байгаа юм чинь. Энэ Улаан талбай, энэ Керемлийн хаана нь бидний өвөг дээдэс нум сумаа агсчихсан, морин дээрээ баатрын хувцсаа өмсчихсөн зогсож байсан юм бол оо? гэж бодогдож байгаа юм л даа. Тэр гэх мэтээр тэр чинь бол тийм түүхийн юм санаанд орж л байсан даа надад бол.

Ариун-Ундрах -

Тэр түүхэн газар нь яваад оччихсон болохоор тийм ээ?

Лувсандорж -

Тийм, тийм.

Ариун-Ундрах -

Тэр анх гадаад явахад тэгсэн. Бүр та анх Улаанбаатарт орж ирэхэд Улаанбаатар хот ямархуу хот байсан бэ?

Лувсандорж -

Өө Улаанбаатар чинь тэр үед жижигхэн хот байсан юм ш дээ. Биднийг 51 онд орж ирэхэд чинь одоо энэ талбай тойрсон хэдэн байшин байсан. Засгийн газрын ордон баригдаж байсан.

Ариун-Ундрах -

Яг энэ байран дээрээ юу?

Лувсандорж -

Тийм, энэ байран дээрээ баригдаж, бэлтгэлд сураад төгсөж байхад засгийн газрын ордон ашиглалтанд орсон. Тэгээд өнөө 10-р анги төгссөн хүүхдийг бэлтгэлд авчихсан учраас, 10-р ангидаа дахин сууж байгаа учраас бид нарыг чинь тийм суботникийн ажилд, тэр 9-р анги төгсөөд ирсэн хүүхдийг нь бол хичээллүүлээд, 10-р ангийн биднийг тийм ажилд дайчилдаг байсан. Тэгээд л энэ ордны чинь шалыг зүлгээд л ингээд л үйл тамаа үзэж байгаа юм. Чингэлтэйн уулан дээгүүр гарахад л биднийг чинь тэр л 10 төгссөн хүүхдийг дайчлаад л. Их сургуулийн багш нар, оюутны байрны хоолны газрын түлшийг бэлдэнэ. Их сургууль Туулаар чинь сал урсгаж ирээд мод авчирдаг байлаа ш дээ. Тэр ирж байгаа салыг бид уснаас татаж гаргадаг. Тэр мэтчилэнгээр л ингээд биднийг чинь тийм л юманд дайчлаад хичээл хийх нь бага. Өнөө 10 төгссөн учраас тэгээд л явдаг байсан л даа. Тэгэхэд бол энэ талбай дээр чинь за яахав энэ хөрөнгийн бирж байгаа чинь Элдэв-Очир кино театр байсан юм. За тэрний хойдох нь бол Алтай зочид буудал гэж байсан. Одоо захиргаа байж байгаа, зочид буудал байсан, дороо ресторантай. За дуурийн театр, тэгээд үйлдвэрчний зөвлөл, гадаад яамны байшин байсан, Ленин клуб байсан, их сургуулийн байшин байсан. Яг их сургуулиас аваад л одоогын энэ тэр чинь цөм гэр хороолол.

Ариун-Ундрах -

Гэр хороолол уу?

Лувсандорж -

Гэр хороолол байсан. Тэгээд л одоо жаахан л явбал баахан л Хятадын голдуу хувийн гуанз, хувцасны газар, малгайчингууд, гуталчингууд дандаа л голдуу Хятадууд ажиллаж байсан. Тийм л газар байсан. Жоохоон жижигхэн хот. Ганц нэг ганц хаалгатай нэг муу автобусанд суугаад зорчин явдаг. Нэг буудал явахад 15 мөнгө.

Ариун-Ундрах -

Аан дахиад буудал явбал нэмэгдэх юм уу?

Лувсандорж -

Дахиад 2 буудал явбал 30 мөнгө. Та хэдэн буудал явах вэ? гээд л асууна ш дээ. Тэгээд л оюутан бид чинь мөнгөө дутуу төлөхийн тулд 3 буудал явах байсан бол 2 буудал явна аа гээд л мөнгөө өгчихдөг тийм. Билетээ тэгэж авдаг байсан ш дээ.

Ариун-Ундрах -

Аан бүр буудлаар нь тоолох уу?

Лувсандорж -

Буудлаар нь тоолно. Тийм жижигхэн хот байсан даа. Бид нарыг ирэхэд хүн ам цөөтэй нэг мэдэхгүй ээ. Тэр үед Улаанбаатар хотын хүн бол нэг 300000 байж чадсан юм уу, үгүй юм уу? Тийм хот байсан. Тэгэхдээ л тэр чинь аймгийн төвөөс бол хамаагүй л том.

Ариун-Ундрах -

Аймгийн төвөөс бол том тэ?

Лувсандорж -

Тэххх хамаагүй том. Одоо энэ номын сангаас цааш чинь бол юу ч байхгүй ш дээ. Үйлдвэрийн комбинат гээд нэг тээр цаана цахилгаан комбинат, үйлдвэрийн комбинат гээд завсар нь юу ч байхгүй.

Ариун-Ундрах -

За бас нэг асуулт байна. Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл байгаа юу?

Лувсандорж -

За даа нэг их онцгойлоод байх зүйл юу байхав. Зүгээр ер нь онцгой доо гэж одоогоор онцгойлж хэлвэл би чинь одоо 80 нас хүртлээ баглах гэж байна ш дээ. бүрэн нагрускатай багш 80 хүртэл насална гэдэг бол энэ чинь манай энэ ШУТИС-ийг анх 90-ээд онд өөрчлөн шинэчлээд жинхэнэ орчин үеийн сургууль болгосон хүн бол одоо Москвад сууж байгаа ЮНЕСКО-ын газрын захирал байгаа Бадарч гэж хүн байгаа. Энэ хүн чинь захирал байхдаа ахмад багш нартаа өөрөө хэрэг төвөг удахгүй, архи ууж согтуурахгүй, хичээлээ зааж чадаж байдаг бол өөрөө та больё оо гэтлээ л энэ сургуульд багшилж байх эрхийн тусгай өргөмжлөл өгчихсөн байхгүй юу. Тэр өргөмжлөлөөр явж байгаа хүн ш дээ. Би архи уудаггүй, хэрэг хийгээгүй. За харин одоо би өнгөрсөн намар амралтандаа сууя аа гэсэн чинь сургуулийн 50 жилийн ой өнгөртөл байж бай та, танд гавъяат цол олгуулна аа гэж ингэж хэлээд яасан. Тэгээд би хэлсэн. 2010 оны 1 сарын 1-ны №01 тушаалаар л би больно шүү. Одоо чих ч хатуурч эхэлж байна, одоо ядардаг болчихлоо, насны эрэмбээр болохгүй болж байна аа гэсэн. Тэгээд л за яахав тэгээд та бол одоо гавъяат болчихлоо. Багшлахгүй ч гэсэн зөвлөх багшаар 1 жил ажиллана шүү л гэж байна лээ. Тэгээд л одоо ингээд 55 дахь жил багшилж байж л суух юм уу, үгүй юм уу? Тийм л үндэстэй байж байна даа. Энэ бол онцлог л доо. Надад, миний амьдралд онцлог. Тэтгэврээ аваад, дээрээс нь цалингаа аваад ингээд.

Ариун-Ундрах -

Таныг бол явуулахгүй л гээд байна уу тэ?

Лувсандорж -

Тийм. Одоо гайгүй бол та байж бай даа гээд, нөмөр нөөлгөтэй гээд ингээд байдаг юм л даа эднуус чинь.

Ариун-Ундрах -

За тэгээд таны ажиллаж байсан багшийн ажлыг ярьсан. Тэгээд социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямар байсан бэ?

Лувсандорж -

Ёстой одоо тэр сахилга бат их чанга байсан шүү. Ажлын цаг бүртгэх энэ тэр гэж лут байсан ш дээ. Ажлын цагаас гадна өглөөний улс төрийн сонсгол, нийтийг хамарсан лекц энэ тэр бүгд бүртгэдэг учраас ажлаас хожигдох, таслах гэдэг юм бол ер нь тун бага байсан юм шүү. Ер нь хатуу байсан л даа. Одоо намын гишүүн хүнд бол бүр хатуу. Одоо ажил таслах л юм бол намын хороон дарга дуудаад л за нөхөр минь намын улаан батлахтай чинь ярина шүү гээд л ингэдэг. Тэр улаан батлахнаас салчих юм бол ажилгүй л болох аюул байхгүй юу. Тийм учраас бол тэгээд л зүтгэх шиг болж байсан шүү дээ ер нь.

Ариун-Ундрах -

Та нээрээ мартсанаас тэр МАХН-д элсдэг журам, яаж элсүүлж байсан, бас шийтгэл донгоддог барьдаг гээд ярьдаг ш дээ. Тэр талаар ярьж өгөхгүй юу?

Лувсандорж -

Намд элсэхэд чинь заавал намдаа өргөдөл гаргана. 3 үеийнхээ түүхийг бичнэ. 2 хүнээр батлан даалгана. Энэ нөхрийг намд элсэх ажлыг хариуцна гэж хэлж байгаа үг шүү дээ. Хэрвээ тэр хүн намд элссэн хойноо ямар нэгэн зөрчил энэ тэр гаргах юм бол батлан даагчтай нь бас ярина ш дээ. Чи яагаад ийм хүнийг намд элсүүлсэн юм бэ? Тэгэж элссэн юм. Би Дундговьт багш байхдаа 62 онд МАХН-д сургуулийн дэргэдэх намын үүрт элссэн. За яахав намд намын үүрээр элссэний дараа аймгийн намын хороогоор батлагдана ш дээ. Тэр чинь батлагдаж байж 1 жил орлогчоор явна. Тэгээд ажил амьдрал дээрээ амжилт гаргах юм бол дахиж хурлаар хэлэлцээд намын жинхэнэ гишүүн болдог. Тийм байлаа л даа. Тэгээд би чинь намд элсчихээд л ингээд л Дундговьт байхдаа бол яахав биеийн тамираар нилээн хичээллэдэг, бас нэг улсын зэрэг цолтой тамирчин байлаа л даа. Тэгээд намын орлогч гишүүнээр элсчихээд л ингээд л байж байтал, одоо жинхлэх дөхөчихөөд л байж байтал Дундговьт зуны 5 сар гарсан хойно нэг их аюултай шуурга болоод нэгдлийн 1000 эр хонь, нас гүйцсэн эр хонь ингээд хотоороо үхсэн. Тэрүүн дээр намын хорооны шийдвэр гараад Лувсандорж багшийг 10 жилийн 9-р ангийн бүх эрэгтэй хүүхдүүдийг аваад тэр 1000 эр хонийг очиж өвчиж арьсыг нь бүтнээр нь ав, өөхийг нь тосло гээд явуулсан байхгүй юу. Тэгээд л тэр Холт суманд очоод л тэр ажлыг хийсэн. Тэгээд л яахав өнөө эрэгтэй хүүхдүүд чинь өнөөх хонийг чинь, тэр 1000 хонийг өвчинө гэдэг чинь лут ажил шүү дээ. Тэгээд л өнөө хүүхдүүдтэйгээ өөрөө оролцоод л эвсээд л өвчөөд л. Өнөө бүр сүүл нь ийм бандгар сүүлтэй эр хонь үхсэн байдаг. Бүх сүүлийг нь огтолж аваад л чанахад нэг ч тос гарахгүй. Ёстой дусал ч тос гарахгүй. Тэгээд бүх тэр өөхнийхөө бүх шимийг барж байж үхдэг юм байна лээ ш дээ.

Ариун-Ундрах -

Аан өөх чинь тийм хэрэгтэй юм байна. Тийм ээ?

Лувсандорж -

Тийм. Тэгээд тос гарахгүй юм байна аа гэдгийг нь тогтоогоод би тослох ажлаас чөлөөлөгдөөд. Тэгээд тэр эр хониудыг илжилчихгүйгээр арьсыг нь авсан. Аваад л хүрээд ирсэн чинь намын хорооны товчоогоор орж орлогч гишүүнээр батлагдах байсан чинь харин намайг ирэхээс өмнө тэр ажлаа амжилттай хийсэн гээд намын орлогч гишүүнээр баталчихсан байдаг юм. Хурлаар оролгүйгээр ингээд... Дараа нь 63 онд жинхлэх болоод л ирсэн чинь л улсын аварга шалгаруулах волейволын тэмцээн боллоо. Дундговийн багийн бүрэлдэхүүнд би холбогчоор тоглодог байсан. Тэмцээнд оролцоод энд улсад 2-р байр эзлээд мөнгөн медальтай хүрээд очсон чинь намын хорооны товчоо шууд жинхлүүлчихсэн л байсан л даа. Тэгээд л би намд элсэж байсан. Тэр нь нилээн нарийн шүү. Намд элсэхэд бол нилээн тийм чанга л байсан даа. Тийм учраас МАХН бол залуучуудаас болгоомжлоод их нэг үе бол намын эгнээг залуучуудаар өргөтгөөгүй явдал сүүлд нь тэрнийхээ лайг үзсэн дээ.

Ариун-Ундрах -

Тэр МАХН-ын гишүүн хүн гэхээр ямар үүрэг хариуцлага хүлээдэг байсан бэ?

Лувсандорж -

Ерөөсөө тэр хариуцаж байгаа ажлаараа л олон түмнийг л манлайлж байх л ёстой.

Ариун-Ундрах -

Намын гишүүн хүн бол уу?

Лувсандорж -

Тийм л манлайлж явах үүрэгтэй.

Ариун-Ундрах -

Тэр сахилга батын зөрчил ч юм уу янз бүрийн зөрчил гаргахад намаас хөөх үү?

Лувсандорж -

Өө хөөнө. Намаас чинь донгодно, хатуу донгодно. Хатуу донгодох юм бол хувийн хэрэгт нь тэмдэглэнэ. Зүгээр донгодвол тэмдэглэхгүй. Хувийн хэрэгт нь тэмдэглэчихнэ. Энэ бол намаас хатуу донгодуулж байсан тийм хүнийг бол шилжээд нэг өөр ажилд тавья гэхэд өө намын арга хэмжээтэй нөхөр байна аа энэ чинь, болохгүй гэж үздэг л байсан байхгүй юу. Чанга. Тэгээд хөөвөл одоо бүр ажилгүй л болгоно ш дээ.

Ариун-Ундрах -

Бас гайгүй шиг албан тушаалын ажилд ороход намын гишүүн байх нь нөлөөлөх үү?

Лувсандорж -

Нөлөөлнө, маш их нөлөөлнө. Албан тушаал ахихад бол ер нь тэр намын гишүүн хүн нилээн нөлөөтэй шүү дээ. Ухаандаа л дээд сургуулийн нийгмийн ухааны багш нарыг бол намын төв хорооны нарийн бичгийн дарга нараар хэлэлцэж зөвшөөрч байж багш болгодог байсан ш дээ. Нийгмийн ухааны багш нарыг ш дээ. Инженер юм уу, математик юм уу тэрнийг бол тэгэхгүй. Ердөө л түүх, философи, улс төр, эдийн засгийн ухаан заадаг багш бол төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр намын гишүүн ч бай, биш ч бай тэрүүгээр заавал орж батлагддаг. Төв хорооны мэдлийн хүн гэж явдаг байсан.

Ариун-Ундрах -

Тэгэхээр социализмын үед хүмүүс ажилд яаж ордог байсан бэ?

Лувсандорж -

За ажил яахав дээ одоо тэгээд сургууль төгсөхлөөр бол шууд л хуваарилчихна ш дээ. Ерөөсөө тэр хуваариасаа зөрчих эрх хэнд ч байхгүй. За би бол тэгээд л Дундговьт багшаар яв аа л гэхэд шууд л тэгээд явчихна. Эмч хүн бол за тэр суманд оч гэхэд тэгээд л явчихна. Ерөөсөө явахгүй барихгүй гэх тийм хүн, толгой байгаагүй бидэнд. За энэ чинь бол бүр 80-аад он хүртэл үргэлжилж байлаа ш дээ. Манай инженерүүд чинь төгсөөд л хуваарилагдсан газар л явдаг. Өөр газар явбал дипломыг нь өгөхгүй. Явахгүй гэвэл дипломыг нь өгөхгүй. Тийм байсан. Одоо бол энэ үндсэн хуулиар дуртай газраа ажлаа сонгож хийх эрхтэй гээд заачихсан учраас сургууль төгссөн ер нь хэрэгцээтэй газар явах хүнгүй болчихоод байна ш дээ. Улаанбаатарт л байна гээд байдаг. Тийм л болчихоод байна.

Ариун-Ундрах -

Ер нь одоо бол хүмүүс ажилд яаж орж байх шиг байна. Таны бодлоор?

Лувсандорж -

За ажил бол хотод маш хэцүү болж. Одоо хүйсээр нь ялгаад, царай зүсээр нь ялгаж зарлаад байна ш дээ. Энэ чинь одоо телевизээр тийм ээ? 170 см-аас дээш өндөртэй, царайлаг, 18-21 насны охидыг авна аа л гэдэг. Ингээд л зарлачихлаар чинь 25-тай царайлаг ч байсан тэгээд л орох аргагүй байна ш дээ энэ чинь. Тэгээд л ерөөсөө одоо бол ажилд авахад пүүс компаниуд ялангуяа хувийн хэвшлийнхэн бол тэр ах дүү, нутаг усаа татаж байна.

Ариун-Ундрах -

Эсвэл танил талаа.

Лувсандорж -

Тийм, танил тал. Тийм л юмнуудаа татаж байна ш дээ.

Ариун-Ундрах -

Энэ таны бодлоор одооны хүмүүсийн ажилд хандах хандлага нь яаж өөрчлөгдсөн бэ?

Лувсандорж -

Ажилд бол мэдэхгүй ээ. Үнэн сэтгэлээсээ хандаж байгаа хүн байгаа юм уу, үгүй юм уу? л гэж боддог юм би зүгээр. Хариуцлага бол үнэхээр суларсан. Захирах, захирагдах ёс гэдэг бол төвөгтэй болж дээ одоо. За ухаандаа л ингээд яам албан газар орох гээд л өглөө 9 цагт очиход бол за ер нь ажилдаа ирж байгаа хүн цөөхөн байна ш дээ. 10 болж, 10 өнгөрөөж байж ирж байх жишээтэй. Орой болоход чинь 6 цагт тарах ёстой бол 5 гэхэд байхгүй ч болчихож байх шиг. Тэгээд л хүнийг чирэгдүүлдэг одоо тийм маргааш ир, нөгөөдөр ир гэдэг ч юм уу ингээд л. Тийм явдал бол одоо их л байна даа ер нь. Сайн сайн газар байлгүй яахав дээ. Ер нь бол олонхи газарт бол тийм болчихож дээ одоо.

Ариун-Ундрах -

Тэгээд та бол мэдээж багшийн ажилдаа дуртай л байсан тийм ээ? Тэгээд энэ олон жилийн турш багшлахад чинь хамгийн бэрхшээлтэй хэцүү үеүд бас амархан зүйлүүд нь ч юм уу юу юу байсан бэ?

Лувсандорж -

Үгүй ээ яахав багшийн ажилд бол нэг их сүрхий онцгой бэрхшээл гэж бол гайгүй л дээ. Зүгээр ном, сурах бичгээр дутагдах явдал бол оюутанд байна. Ном, сурах бичгээр дутагдаж байгаа явдал оюутанд бол байна. За ер нь бол гол бэрхшээл бол одоо сүүлийн үед л аваад л үзэхэд энэ өөрчлөлт шинэчлэлтээс хойш бол ардчиллыг жаахан буруу ойлгож байгаа юм уу даа. Хичээлд суухгүй оюутан зөндөө байна. Ном уншиж өгөхгүй болчихоод байна, оюутан. Тэгээд л ухаандаа хичээл дээрээс чимээгүй гараад явчихна. 30 минут, 40 минут, цагийн дараа хичээлдээ ирж байх жишээтэй. Тэгэхлээр л энэ би боддог юм л даа. 8-р Богдын лүндэнд ном байсан ч унших хүнгүй болох цаг ирнэ. Хууль байсан ч биелүүлэх хүнгүй болно. Дэлхий дахиныг донсолгосон аюулт өвчин дэлгэрнэ. Хүний мөс чанар айхтар доройтно гээд л байдаг шүү дээ. Тэр үе нь болчихоод байгаа юм уу? л гэж боддог юм л даа. Одоо ном унших оюутан тун бага шүү дээ.

Ариун-Ундрах -

Байгаад байхад уншихгүй тэ?

Лувсандорж -

Тэххх байгаад байхад уншихгүй. Уран зохиолын ном энэ тэрийг уншихгүй ш дээ. Одоо нэг ангийн 40 хүүхдээс за чи энэ сүүлийн 2 жил ямар роман уншив гэхэд ганц нэгхэн хүүхэд нэг ном нэрлэнэ. Ихэнхи нь уншсан ном байхгүй байж байх жишээтэй. Тиймэрхүү зовлон гарч л байна л даа. Энэ чинь түр зуурын нэг ийм бэрхшээл байдаг юм болов уу даа, энэ нийгмийн хөгжлийн явцад. Яадаг юм бол мэдэхгүй. Тэрнээс биш багшлах ажилд бол нэг их одоо бэрхшээгээд байх юм гайгүй л дээ. Ер нь гайгүй. Тэгээд л энэ багш хүн гэдэг чинь багшлах ажилдаа л үнэхээр л дуртай бол тэгээд л ер нь юу ч байсан л давдаг юм ш дээ.

Ариун-Ундрах -

Ямар ч бэрхшээлийг үү?

Лувсандорж -

Тийм.

Ариун-Ундрах -

Танд ингээд л бас яг амархан сайхан санагдаад байдаг зүйлүүд нь юу юу байдаг вэ? Багшилж байх үед чинь?

Лувсандорж -

Үгүй ээ яахав дээ одоо ер нь ухаандаа л ингээд коридороор сургууль руу ороод ирэхэд багшаа сайн байна уу? гээд л ингэхэд энэ үгийг сонсоход чинь л надад бол тийм нэг таатай. Өөрөөр хэлбэл одоогын хэлээр юм бол би энерги авч байгаа юм уу л гэж боддог юм. Их сайхан ш дээ. Ер нь тэгээд л нэг энэ сургуульд чинь олон жил багшилчихлаар энэ хичээлгүй өдөр байсан ч гэсэн би сургууль дээрээ ирдэг юм ш дээ. Ирмээр л санагдаад байна. Тэгээд л одоо энэ оюутнууд чинь зуны амралт болоод юм уу, өвлийн амралт болоод л тараад л явчихлаар нэг их эзэнгүй ганцаардсан юм шиг болчихдог. Ингээд л шатан дээр багтахгүй зөрөлдөөд л, чихэлдээд л явж байх нь жаргал ч юм шиг санагддаг. Тийм л болчихдог юм даа.

Ариун-Ундрах -

Та шавь нараараа бахархдаг гэж түрүүн ярьсан тийм ээ? Аан бас таны өөр гол гол бахархалууд юу байдаг вэ?

Лувсандорж -

Өө яахав дээ би чинь Монголын түүх заадгын хувьд бол эзэн Чингисээсээ аваад л өвөг дээдсээрээ бахархана. Бидний ямар их ухаантай өвгөдүүд байж вэ? гэж бахархана. Одоогын эх орноороо бахархана би. Мэргэжлээрээ бахархана. Шавь нараараа бахархана. Одоо ийм л сайхан орон ш дээ. Одоо би хүүхдүүддээ бол байнга захидаг үг байдаг юм. Үгүй ээ та нар энэ сайн сайхан амьдарч байгаа чинь Чингис хааны хэлсэн үг байдаг юм шүү гээд л. Чингис хааны сайхан үг байдаг юм л даа. Бидний хойч үе алт мөнгөн тоногтой эдлэл хэрэглэж, амттан шимттэнийг идэж ууж, явдал зөөлөн хүлэг унаж, ялдам бүсгүйг тэврэн саатаж байхдаа энэ бололцоог өвгөд дээдэс маань бидэнд олгосон юм шүү гэдгийг мартаж болохгүй гэсэн. Би энийг л оюутан та нарын энэ жаргаж цэнгэж байгаа чинь эзэн Чингисээс аваад л 2 дахь тэр өвөг дээдсүүдийн чинь л та нарт бэлдэж өгсөн юман дээр л туйлж байгаа юм шүү л гэж тэгэж л хэлдэг юм л даа.

Ариун-Ундрах -

Аа эсрэгээр нь таны жигшдэг зүйл юу вэ?

Лувсандорж -

За ер нь зусар дулимаг байдалд би их дургүй дээ. Ер нь зусар зулимаг байдал, худлаа магтах ч юм уу. Магтаал, зэмлэл хоёрт хоёуланд нь ноо байдаг гэж байгаа юм шүү дээ ер нь. Тийм шударга биш юманд л би жаахан дургүй дээ ер нь.

Ариун-Ундрах -

Зэмлэлд нь ямар ноо байдаг юм бол?

Лувсандорж -

Зэмлэлд бол байна ш дээ. Хичнээн зэмлэж байлаа ч гэсэн тэр хүнд тэр хүнийг хайрлах юм байж байдаг. Сайн хүн болгохын тулд хэлж байгаа элгэсэг санаа байж байдаг гэж байгаа юм. Магтаж байгаа юманд бол зусардах хэлбэр байж байдаг учраас хоёуланг нь л ноотой байдаг юм гэж нэг ухаантан хэлсэн байдаг юм л даа.

Ариун-Ундрах -

Гоё хэлсэн байна тэ?

Лувсандорж -

Тэххх.

Ариун-Ундрах -

За та өөрийн хувийн амьдрал, ажил хоёроо яаж зохицуулж ирсэн бэ?

Лувсандорж -

Өө яахав дээ тэгээд л хувийн амьдралд чинь одоо би өрх гэрийн амьдралд бол нэг их оролцоод байдаггүй ш дээ. Зүгээр хоол унд бол хийнэ ээ би бол. Ер нь хоолыг бол муугүй хийнэ. Аа цалингаа аваачиж өгнө, амьдралдаа. Хөгшиндөө аваачиж өгнө. Хөгшин тэрнийг зарцуулна. Хүүхдүүдээ хоол ундныхаа зүйлийг бэлдүүлнэ, ойртуулна. За ажил дээрээ бол би тэгээд л ерөөсөө энд л өнгөрөөж байдаг хүн шүү дээ ер нь. Хичээлтэй ч байсан, хичээлгүй ч байсан энд ирээд л багш нарынхаа хичээлд нь суувал суугаад, зөвлөвөл ярилцвал ярилцаад л, инээж ханиавал инээж харилцаад л, идэж уувал хамт оролцоод л ингээд л энэ л надад жаргал юм шиг л байдаг юм даа.

Ариун-Ундрах -

Сургууль бол таны 2 дахь гэр чинь л байх нь тийм ээ?

Лувсандорж -

Тийм. Ерөөсөө л тийм.

Ариун-Ундрах -

Та бол одоо тэгээд л сургуулиас гараад л гэр лүү, гэрээс гараад л сургууль руу гээд л энэ хоёрын хооронд л байх нь тийм ээ?

Лувсандорж -

Тийм тийм.

Ариун-Ундрах -

Энэ ажлын хамт олныхоо тухай та дурсаж ярихгүй юу?

Лувсандорж -

За манай энэ нийгэм технологийн сургууль гэж байгаа юм. Манай сургууль хуучин хүмүүнлэгийн ухааны гэж байсан юм. 17 сургуультай ш дээ, манай сургууль чинь.

Ариун-Ундрах -

Дотроо юу?

Лувсандорж -

Дотроо. Тэрний нэг сургууль нь энэ нийгмийн ухааны талын хичээлүүдийг хариуцсан багш нар хамрагдсан нийгмийн технологийн сургууль гэж энэ намраас тэгэж нэрлэх болчихсон. Энэ сургуульд 30-н хэдэн багштай. За мөн манай хамт олон бол одоо 3 профессорын багтай. Түүх, аялал жуулчлалын профессорын баг гэж нэг баг байж байна. Энэний багийн ахлагч нь бол профессор, доктор Валима гэж сая одоо профессор цол хүртсэн Валима гэж эмэгтэй хүн байгаа. Орос, Англи хэлтэй, одоо өндөр боловсролтой. Философи, улс төр судлалын профессорын баг гэж байгаа юм. Энэний ахлагч нь бол энэ сургуульд захирал байж байгаад багш болсон бас доктор, дэд профессор Энхбаатар гэж хүн байгаа. За нийгмийн ажлын профессорын баг гэж байгаа. Энэний ахлагч нь Амаржаргал гэж мөн доктор, дэд профессор эмэгтэй хүн байж байгаа. За энэ манай хамт олон бол ерөөсөө сургалт, эрдэм шинжилгээний ажилд гар нийлсэн л хамт олон л доо. Гар нийлсэн сайхан хамт олон байдаг юм. Манай энэ 30 хэдэн багш нарын бараг 30% шахам нь эрдмийн зэрэг цолтой. Эрэгтэй, эмэгтэй хүйсний хувьд бол бараг одоо адилхан тоотой. Сүүлийн үед бол айхтар чадалтай сайхан залуу багш нараар эгнээ одоо өргөжиж байна. Бид бол ахмад багш гэвэл Цэрэн гэж нэг багш бий. Бид 2 л байж байгаа юм.

Ариун-Ундрах -

Аан түүхийн багш тийм ээ?

Лувсандорж -

Тийм. Бид хоёр л байж байгаа юм. Тэгээд одоо бид хоёр бол зайгаа тавьж өгөх цаг болж.

Ариун-Ундрах -

Аан ер нь бол залуужаад байгаа юм уу?

Лувсандорж -

Залуужсан. Залуу хандлагатай болсон. Ийм сайхан хамт олон бий. Намайг бол хүндэтгэдэг, хайрладаг л ийм хамт олон доо. Би ч эдэндээ ижил дасал болчихсон. Ийм л нэг хамт олны дунд насныхаа сүүлийг элээж явна.

Ариун-Ундрах -

Та социализмын үед чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг байсан бэ?

Лувсандорж -

Өө чөлөөт цагийг бол яахав дээ гар бөмбөгийн спортонд одоо нилээн тоглодог байлаа. За тэгээд л урлаг уран сайхны үзвэр үздэг. За хааяа кино үздэг байлаа. Одоо тэгээд сүүлийн үед энэ чинь нас ахиад ирэхлээр зэрэг л бараг хаагдчихдаг л юм байна л даа. Хариад л нэг хувцсаа тайлаад л нэг юм идэж уугаад хэвтвэл тэгээд л телевизор үзэхээс өөр юмгүй болоод л. Кино театр, ший жүжиг ч үзэхгүй болчихдог л юм байна шүү дээ энэ чинь. Чөлөөт цагаа бол бид сайхан л өнгөрүүлж байсан л даа. Ер нь одоо сургууль хоорондын тэмцээн чиг л болдог. Багуудын хооронд, сургуулиудын хооронд болно. Бусад сургуультай тоглоно. Ингээд сайхан л байдаг байсан.

Ариун-Ундрах -

Социализмын үед хамт олноороо ажлаас гадуур ямар ажил, амралтын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг байсан бэ?

Лувсандорж -

Социализмын үед яахав дээ одоогоор бол салхинд гарах л гэж нэг юм байдаг байлаа л даа, амралтын өдрүүдэд. Одоо ч гэсэн үргэлжилж байгаа. Жилд нэг 2 удаа хамт олноороо ингээд ойролцоо жуулчны бааз, амралтын газруудад нэг хоногоор юм уу, өдрөөр яваад ингээд чөлөөт цагаа өнгөрөөдөг. За тэрнээс гадна манай сургууль бол одоо жилд 1 удаа ахмад багш нарын аялал гэж зохион байгуулдаг юм. Чулуун гэж даргатай, манай ахмадын зөвлөл бол. Энэ эргэн тойрны 4 уулын оргил дээр ахмад багш нараа гаргалаа. Бурхан Халдун дээр гаргалаа. Сүхбаатар аймгийн Алтан овоон дээр очлоо. Өнөө энергийн төв гээд байдаг Ханбогд сумын Дэмчигийн хийд дээр очлоо. Отгонтэнгэрт гарлаа, Отгонтэнгэрийн хажууд очлоо. Бадархундагын хажууд очиж явлаа. Хөвсгөл нуурын эргээр явлаа. Энэ мэтчилэнгээр ахмадын аялал гээд жилд 1 удаа сургуулиас мөнгийг нь гаргаад ахмадуудаа аваад ингээд явдаг юм. Тэгээд энэнд бол би оролцоод л явдаг юм.

Ариун-Ундрах -

Энэ ямар гоё арга хэмжээ вэ тэ?

Лувсандорж -

Гоё. 10 гаруй микро автобусаар ингээд л олон багш. 50-60-аараа багш л явна ш дээ, бөөнөөрөө. Энэ чинь бол тэгээд л хөдөө хээр зогсоод л, буугаад л наргиж суугаад ингээд л, хонож өнжөөд л, идэж уугаад л ингээд л явахад чинь одоо хөгжилтэй шүү дээ. Одоо ирэх жил өнөө Буриадын Итгэл хамбын юу байна ш дээ.

Ариун-Ундрах -

Тийм, тэр их сонирхолтой.

Лувсандорж -

Тэнд очно, Байгаль далайд очно гэж байгаа. Түүний дараа жил Утаа гүмбэн явна гэж байгаа юм. Ийм төлөвлөгөөтэй л байж байгаа юм ш дээ. Жилд 1 удаа зохион байгуулдаг ийм сайхан арга хэмжээ байдаг юм.

Ариун-Ундрах -

Сайхан юм байна аа.

Лувсандорж -

Тэххх.

Ариун-Ундрах -

Тэр та нөгөө мэргэжил дээшлүүлсэн гээд тэгэхэд тэр бүх зардал хөрөнгө ч юм уу орж байгаа зүйлүүдийг нь бүгдийг нь улсаас даах уу?

Лувсандорж -

Тийм, сургууль даана. Энэ сургууль даана ш дээ. Мэргэжил дээшлүүлэх багш нарыг бол дандаа даана ш дээ. Аа хувиараа бас одоо бол хувиараа явж болно. Өөрөө зардлаа төлөөд явж болно. Тэгэж явж байгаа багш нар зөндөө байна ш дээ. Пүүс компаниар даалгаад, эсвэл хувиараа одоо бас баяжчихсан улс ч байна шүү дээ. Хэд хэдэн оронд яваад мэргэжил дээшлүүлж байгаа хүн байна ш дээ. 1 жилд 2 ч юм уу 3 ч газар явчихаж байгаа хүн байж л байна ш дээ. Мөнгөтэй л бол энэ чинь одоо хаашаа ч мэргэжил дээшлүүлж болж байна ш дээ.

Ариун-Ундрах -

Тэгээд социализмын үеийн таны сарын цалин дунджаар хэдэн төгрөг байсан бэ?

Лувсандорж -

Оройн сургуулийн хичээлийн эрхлэгч байхад 750 авч байсан. 750 төгрөгний цалингы чинь аваад гэртээ харихад бол бүтэн хонины мах авчихдаг, костюм аваад өмсчихдөг, орон сууцныхаа мөнгийг төлчихдөг. Хүрч л байлаа ш дээ. Намын дээд сургуульд очиход ахлах багш цолтой байсан би. 950 төгрөгний цалин авч байсан. Тэнд бол бүр хангалттай л одоо амь зуултанд хүрч байсан. Манай хөгшин ч үйлдвэрийн нягтлан бодох байсан учраас ингээд социализмын үед бол мөнгөөр гачигдах юм гэж байгаагүй. Ерөөсөө боломжийн л байсан. Тэгээд л утасныхаа мөнгө, гэрэл цахилгааны мөнгө, орон сууцныхаа мөнгө, халаалтын мөнгө бүгдийг нь төлөөд л цаана нь идэж уух юмаа хангалттай аваад л, өмсөж зүүгээд л явж байсан.

Ариун-Ундрах -

За та тэр ардчилал гарч байх үеэр хаана ажиллаж байсан бэ?

Лувсандорж -

Энэ сургуульд багш хийж байсан.

Ариун-Ундрах -

Аан энэ сургуульдаа ирчихсэн байсан юм уу?

Лувсандорж -

Энэ сургуульд багш хийж байсан. Манай цуг ажиллаж байсан багш нарын дотроос л одоо энэ ерөнхий сайд байсан Амаржаргал байж байна. Энэ чинь одоо манай багш хийж байсан. Халзан Ганболд гээд байдаг ш дээ. Халзан Ганболдын аав Даваадорж гээд эрдэмтэн байсан. Тэр байж л байсан. Батсүх гээд л одоо бидэнтэй их ойр дотно байсан хүн тэр шинэ дэвшилт холбооны тэргүүн гээд л. Тэднуус чинь ингээд л бидний дундаас төрөөд л гарсан ш дээ. Бид бол ардчиллыг ер нь зөв, зүйтэй л гэж үздэг байсан. Эсэргүүцдэггүй байсан. Эсэргүүцдэггүй байсан. Би бол тэгээд яахав энэ ардчилал шинэчлэлтийн үед чинь өнөө хувьсгалт нам чинь янз бүрийн асуудалд бол холбогдоод л ингээд байж байсан. Намын онц их хурал гэж боллоо ш дээ. Одоо Политехникийн дээд сургуулийн 200 гаруй гишүүнтэй намын хороо байсан. Энэ намын хорооны гишүүдээс бүх нийтийн саналаар онц их хуралд орох төлөөлөгчдийг сонгоход 3 хүн сонгогдсон. Тэрний нэг нь би орчихсон. Одоо энэ ректор байж байгаад одоо профессор болсон Дашжамц гэж хүн. Батсайхан гэж одоо энэ Дарханы нэхий үйлдвэрийн дарга. Батсайхан бид 3 ингээд л бүх намын гишүүдээс чөлөөтэй санал гаргаад л ингээд за сонгоё гэсэн хүний нэрийг нь бичүүлэхэд л, тэгээд санал тоолоход л бид 3-ын нэр л тэргүүнд гарч ирсэн юм. Тэгээд хуралд оролцож байсан л даа.

Ариун-Ундрах -

Та ардчиллыг тэгэхээр дэмжиж байсан гэсэн үг тийм ээ?

Лувсандорж -

Дэмжиж байсан. Бид нар дэмжиж байсан. Ерөөсөө тэрнийг буруу зөрүү гэж хашхичиж гуагачиж байсан юм байхгүй.

Ариун-Ундрах -

Аа бас ямар ямар байдлаар оролцсон бэ? Ардчиллын үйл явц эхэлж байх үед?

Лувсандорж -

Үгүй ээ яахав дээ тэр зүгээр хурал цуглаанд нь ингэж оролцоод байсан юм байхгүй. Талбай дээр болж байгаа явдалд очиж харж л байлаа. Шаардлага тавиад л хашхичиж одоо тэгье ингэе гэхэд нь бас тэнд л зогсож л байсан. За ер нь яг тэр хөдөлгөөн, жагсаал цуглаан юм уу янз бүрийн юманд нь идэвхитэй гишүүнээр бол оролцож яваагүй. Зүгээр хараад л ингээд л явж байсан. Аа тэнд оролцож байгаа танил нөхөддөө зөвлөж чи боль боль гэж хэлж байсан юм бол байхгүй.

Ариун-Ундрах -

Тэгэхээр тэр үед та энд багшилж байсан гэсэн тийм ээ? Тэгээд таны амьдрал тэр үед ямар байсан бэ?

Лувсандорж -

Тэр чинь ийм юм болж байгаа юм л даа. Өөрчлөлт шинэчлэлт болоод ингээд дээд сургуулийн сургалтанд өөрчлөлт орлоо ш дээ. Дээд сургуульд бид чинь МАХН-ын түүхийн заадаг байсан ш дээ. Энийг чинь больлоо ш дээ. Тэрний оронд Монголын түүхийг заадаг болгосон. Би бол ерөөсөө намын дээд сургуулиас аваад МАХН, улсын түүх хоёрыг хоёуланг нь заагаад явж байсан багш байхгүй юу. Тийм учраас намын түүх заах явдлыг зогсоочиход надад бол бэрхшээл гарахгүй байсан. Улсын түүх цаана нь байж л байгаа, мэдэж л байгаа юмыг чинь. Аан тэр дан намын түүхээр мэргэшсэн багш нар бол бэрхшээлд орсон л доо. Улсын түүх рүү шилжих хэрэгтэй болж байгаа юм тэр чинь. Хэдийгээр түүхийн анги төгссөн, заалгаж байсан боловч олон жил тэрнийгээ заагаагүй. Намын түүх л зааж байсан улсууд чинь эргээд улсын түүх болоход бэрхшээл учирч байсан. Тэрүүн дээр нь би бас тус дэм болохыг л хичээж явсан. Тийм л бэрхшээл тулгарч байсан л даа.

Ариун-Ундрах -

Ер тэр ардчиллын үеийн үйл явдал танд яаж нөлөөлсөн бэ?

Лувсандорж -

За би боддог юм аа. Сайн ч юм байна, муу ч юм байжээ л гэж боддог юм. Хүний эрхийн тухай асуудалд бол үнэхээр хүний эрх бол дээдлэгдсэн шүү дээ. Ер нь дээшээ өргөгдсөн, хүний эрх бол. Ухаандаа л хуучин чинь ингээд л би чинь хувьсгалт намын түүхийн 3 боть сурах бичиг бичихэд оролцож байсан хүн. Тэрнийг бичээд хэвлүүлэх гэж байхад ямар ин цензурээр дайрч дамжиж байлаа. Намын түүхийн институтээр уншуулж зөвшөөрөл авна. Хэвлэлийн утга зохиолын хянах газраар... Тэгээд л тэр номыг чинь хэрэгтэй хэрэгтэй юмыг нь хасаад л хаяхад одоо татгалзах эрх байхгүй. Тэр цензурыг давж юм хэвлүүлдэг байлаа ш дээ. Ардчиллын үед болох дээр цензур байхгүй болсон. Хүн дуртай үгээ хэлж, дуртай номоо бичнэ. Өөрийнхөө бодлоор бичиж байна ш дээ. Тэгээд л одоо сонгох сонгогдох эрхэнд ч гэсэн их өөрчлөлт орсон. Ийм олон талын ач холбогдол байж байгаа. За хувийн өмчийг дэмжээд эхэлсэн. Хүний эрхийг дээдлээд ингээд хүний эрхийн чинь гол асуудал өмч эзэмших явдал шүү дээ. Тэгэхлээр тэрнийг чинь сайхан чөлөөтэй болгоод өгсөн ийм сайн талууд учиргүй бий. Гэхдээ ардчиллын үед бол хэлэхгүй байх аргагүй дутагдал бас бий л дээ. Бүхнийг харлуулаад, өмнөх юмаа харлуулаад. Тэр л социализмыг бол бүхэлд нь харааж зүхээд, хийсэн барьсан юмгүй мэт болгоод. Тэр социализмын үед багшилж байсан багшийг чинь зарим нэг нь аягүй бол энэ одоо хуучинсаг үзэлтэн гэж үзэж гадуурхах ч юм уу тийм байдал ажиглагдаж л байсан. Тэр намайг тэгэж хэлж байгаагүй ээ, зүгээр. За тэгээд л өмч хувьчлалын асуудал дээр бол ер нь овсгоотой нь л авсан шүү дээ. Мөнгөтэй, овсгоотой нь л авчихсан. Тэнд бол их олон хүн улсын өмчийг хямдхан л авсан даа. Банк энэ тэрийг чинь ингээд л хувьчлаад л. Тэнд бол би жаахан сэтгэл дундуур л явдаг юм. За багш бидэнд бол ямар юмны өмч хувьчилж авах юу байхав дээ. Аваад ч тэр өнөө багш хүн чинь нэг их олигтой тэрнийг удирдаж чадах ч юм уу, үгүй ч юм уу? Хөдөө аж ахуйд бол бас их эвгүй байдалтай. Нэгдэл тараад л бүх өнөө хашаа байшинг нь одоо ингээд улсын хамгаалалтанд байсан тэр малын хашаа чинь эзэнгүй болоод үлдсэн. Тэгээд л дуртай нь буулгаж аваад л түлээд л, хувийн амбаараа бариад л хашаанууд чинь байхгүй болсон. Өнөө гүн өрмийн худгуудыг чинь төмрийн цуглуулагчид тоноод л ингээд л сүйтгэсэн ш дээ. Ийм мэтийн айхтар дүртэй юмнууд учирсан л даа. Энэнд бол зүгээр сэтгэл эмзэглэж л байдаг юм. Тэр бол ямар ардчиллын юу биш л дээ. Ардчиллыг далимдуулаад л овсгоотой луйварчингууд л одоо нилээн юм идсэн дээ ер нь. Тийм юм гарсан.

Ариун-Ундрах -

Өмч хувьчлалаар уу?

Лувсандорж -

Зүгээр онигдоод гарсан шүү дээ. Чи мэдэх үү?

Ариун-Ундрах -

Үгүй.

Лувсандорж -

Хулгай залиар баяжсан анддаа итгэх нэг хэцүү гэж. Онол суртлаараа зөрөлдсөн намуудад итгэх нэг хэцүү. Охид хөвгүүдийг чангаадаг лам нарт итгэхэд нэг хэцүү гээд ертөнцийн 3 хэлц үг гээд тийм онигдоод гарчихсан шүү дээ.

Ариун-Ундрах -

Хэцүү л юм тэ? Энэ ардчилал танд юу юу авчирна гэж та анх бодож байсан бэ?

Лувсандорж -

Үгүй ээ энийг бол тийм юм аваад ирэх байх гэж нэг их урьдаас бодсон юм бол байхгүй. Тэр л ЗХУ-д Горбачевын өөрчлөн байгуулалт гээд эхлэхэд л бид чинь тэр үедээ үзээд л одоо их хачин юм болох юм болов уу даа. Энэ чинь яадаг юм бол доо гэж байтал л Монголд чинь залуучуудын цуглаан болоод л, Сүхбаатарын талбай дээр өлсгөлөнд суугаад л. Сүхбаатарын талбайд өлсгөлөнд суусан залуучуудын дотор... би чинь ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнээтэй худ болсон хүн. Мишигийн Цэдэндоржтой худ болсон. 2 нэртэй зохиолчтой худ ураг болсон.

Ариун-Ундрах -

Ямар гоё юм бэ?

Лувсандорж -

Тийм. Тэгтэл л тэр талбай дээр өлсгөлөн зарласан улсад чинь худын маань хүү Бат-Үүл өлсгөлөнд суучихдаг. Үгүй ээ энэ чинь одоо ингээд л өлсөөд үхдэг юм байхдаа л гэж бодож байсан ш дээ. Тэгэхээр ямар сайндаа ээжид нь би утасдаад үгүй ээ энэ чинь одоо хүүгээ өлсөөд үхчихвий дээ, хөлдөөд үхчихвий дээ гэхэд Эрдэнээ гуай тэгэж байсан. Аа миний чонон хөнжлийг аваад суусан. Тэр хөлдөж үхэхгүй ээ гээд тэгэж байсан юм байгаа юм.

Ариун-Ундрах -

Аав нь бас мэдэж байна тэ? Энэ Эрдэнээ гуай аягүй сайн зохиолч ш дээ тийм ээ?

Лувсандорж -

Тийм. Эрдэнээтэй худ ураг болсон боловч бид бол улс төрийн талаар ер тэгэж хоорондоо ярьж, ардчилал тэглээ гэж ингэж ердөө ярьдаггүй. Манайхаар уриад л очдог. Эрдэнэ гуай чинь их сонин хүн шүү дээ. Ерөөсөө их тайван, хачин дуу цөөтэй. Тэгээд л манайхан хуушууранд их дуртай. Тэгээд хуушуур хийгээд өгнө. Хөмүүлэнд их дуртай. Говьд ургадаг хөмүүл гэж мэдэх үү чи?

Ариун-Ундрах -

Ургамал уу?

Лувсандорж -

Тийм. Дарсан хөмүүлэнд их дуртай. Би нөгөө говийн хүн чинь манайд хөмүүл байдаг байхгүй юу. Тэгээд л ингээд соокны шилэнд таглаад өгчихнө. Барьдаг цүнхэндээ хийгээд явна ш дээ. Гэрийнхэндээ өгөхгүй. Цүнхэндээ хийгээд өөрөө хоол идэхдээ хэрэглэдэг тийм байсан байхгүй юу. Цэдэндорж бол манайд ирнэ. Согтуу энэ тэр л ирнэ л дээ. Хөөрхий зайлуул тэгээд л халамцуу ирээд л ярина. Тэгээд л чи бид хоёр сүнсээрээ холбогдсон. Чиний энэ дүрийг чинь би яруу найрагт гаргана гээд л ингэдэг байсан байхгүй юу. Хөөрхий тэгээд тэгэж чадаагүй л өөд болчихсон л доо. Тэрний хамгийн том охинтой нь манай хүү суусан юм. Тэгээд манай хүү цэргийн алба хааж байгаад дарга нартайгаа зодолдоод ингээд шоронд суучихгүй юу. Тэгэхлээр нь би Цэдэндоржыг ирэхээр нь хэллээ л дээ. Одоо ингээд шоронд орчих юм байлгүй. Тэр чигтээ шийтгэгдээд л явах байлгүй. Одоо охиныхоо амьдралыг бодох юм биш үү дээ та гэсэн чинь тэр ярихгүй. Ленин шоронд сууж байсан ш дээ гээд л тэгэж байна. Тэр үед Ленинийг тэгэж хэлэхэд хэцүү байсан шүү дээ. Тэгэж хэлдэг хүн байсан юм. Ленин шоронд байж байсан. Тэрнээс ердөө айх юм байхгүй гээд л ингэдэг хүн байсан юм. Сонин шүү бас.

Ариун-Ундрах -

Энэ ардчилалд оролцсон эмэгтэй, эрэгтэйчүүдийн оролцоо нь өөр байсан байж болох уу?

Лувсандорж -

Одоо нэг их өөр юу байхав. Тэнд чинь одоо тэгээд л ардчиллыг дэмжээд л энэ ардчилсан хөдөлгөөнд чинь анх оролцсон эмэгтэйчүүд маш олон бий ш дээ. Ерөөсөө тийм. Нэг их ялгаатай. Тэр нь илүүтэй оролцсон гэх юм би хэлж мэдэхгүй. Тэгэж хэлж чадахгүй. Адилхан л оролцож байсан байх.

Ариун-Ундрах -

За та одоо сүүлд нь энэ ардчилсан нийгэм, социалист нийгэм хоёрыг хооронд нь харьцуулж ярьвал юу ярих вэ?

Лувсандорж -

Тэгэхлээр энэ ийм юм аа. Одоо манайх чинь иргэний ардчилсан нийгэм л гэж яриад байгаа юм л даа. Зүгээр энэ талаар би Америкийн одоо нөгөө хэн нь билээ? Зохиогчынх нь нэрийг мартчихаж. “4 дэх Кенниди” гэдэг номыг уншсан л даа. Тэр сэрэмжлүүлэгч роман гэж байгаа юм. Бусад энийг уншигч орнуудыг сэрэмжлүүлэхэд зориулж бичсэн роман байгаа юм. Тэр дотор бол одоо яг манай энэ нийгмийн дүр төрх яг болж байгаа юм. Тэгээд тэр хүн хэлсэн байгаа юм. Энэ нийгмийг ардчилсан капитализм гэж хэлдэг юм гэж. Тэгэхлээр бидний нэрлээд байгаа энэ иргэний ардчилсан нийгэм гэдэг чинь формацийн онолын үүднээс аваад үзвэл ардчилсан капитализм. Би тэгэж ойлгодог байхгүй юу. Жишээг нь аваад л ярихад энэ ардчилсан капитализмын үед хуулийн байгууллага бол хуулийн худалдаалчин болдог юм гэж бичсэн байгаа юм. Хуулийг худалдагчид болдог юм гэж. Энэ бол өнөөдрийн манай хуулийн байгууллагад ясаараа болж байгаа ш дээ. Ердөө л мөнгөтэй хүн бол хэрэгт орохгүй. Тэр хуулийг худалдаад авчихаж байна ш дээ. Тэр ялыг худалдаад авчихаж байгаа ш дээ. Гэх мэтчилэнгээр ингээд л сонгуулийн тэр луйвар гардгыг яг бичсэн байгаа юм. Ингэж ингэж луйварддаг гээд л бичсэн байх жишээтэй. За тэгээд л яаж баяждаг вэ? Яаж ядуурдаг вэ? тэр энэ тэрийг чинь одоо, тэр бүгдийг ингээд буулгахад одоогын манай нийгмийн дүр төрх л тэр чигтээ л байж байгаа юм. Аа социализмд бол бас сайн ч юм бий, муу ч юм бий. Социализмын сайн юм нь бол Монгол орны хувьд бол одоо энэ үйлдвэр, хөнгөн болоод хүнсний үйлдвэр, түлш эрчим хүчний үйлдвэр, уул уурхайн үйлдвэр энэ бүхэн чинь социализмын үед л байгуулагдсан. Энэ олон орон сууцны хорооллууд социализмын үед л байгуулагдсан. Социализмын үед л Монголд дээд боловсролын систем тогтсон. Одоогын манай сэхээтнүүд бол социализмын үеийнх, ихэнхи нь л байж байгаа ш дээ. Ийм сайн юмнууд их бий. Би бол социализмыг бүхэлд нь харлуулахгүй. Харлуулж үзэхгүй. Аа социализмд муу юм бий юу? гэвэл байгаа. Тэр нь юу вэ? гэхлээр зэрэг л хувийн өмчийг зад хориглочихсон. МУ-ын эдийн засгийн үндэс бол улсын ба хоршооллын өмч гээд л нэрлэчихсэн ерөөсөө. Хувийн өмч гэж тэнд хэлээгүй. Тэгэхлээр хувийн өмчийг үзэн ядах тийм одоо буруу юм бол социализмын үед бий болсон. За сонгуулийн хувьд ч гэсэн социализмын үед буруу л юм хэрэглэж байсан л даа. Намын төв хорооны хуралдаанаар шийдсэн хүний нэрийг л нэг тойрогт өгчихдөг. 1 тойрогт нэг л хүн очно. Сонгох гэдэг утгагүй болчихож байхгүй юу. Ганцхан хүн учраас тэрнийг сонгоё тэрний төлөө саналаа өгөх үү? Үгүй юу? л гэдэг болохоос биш. Хоёр юм байвал нэгийг нь сонгоно гэх сэн. Тийм юм байхгүй болчихож байгаа юм.

Ариун-Ундрах -

Сонголт байхгүй.

Лувсандорж -

Тийм, байхгүй болчихож байгаа юм. Тэгэж байх жишээтэй. За тэгээд бүх юмыг үзэл сурталжуулаад. Тэрнээс өөрөөр гажсаныг нь бол намын эсрэг бүлэг болгоод л, буруутгаад л. Өчнөөн төчнөөн хүнийг л одоо ажил амьдралаас нь салгалаа ш дээ. Энэ бүхэн бол тэр нийгэмдээ гэж хэлэхэд ямар ухаантай юм. Зүгээр тэр үеийн, тухайн үеийн нийгмийг удирдаж байсан удирдлагын нөхдөд л гол буруу нь байж байгаа ш дээ. Тэр намд нь л байж байгаа ш дээ.

Ариун-Ундрах -

За иймэрхүү. Би таниас ингэж асууя гэсэн. Та хамгийн анх сургууль төгсөөд хамгийн анх заасан хичээл чинь ямархуу байсан бэ?

Лувсандорж -

За Дундговийн 10 жилд очоод одоо чухам аль ангид нь эхэлж орлоо? Би санахгүй байгаа юм. Зүгээр анхны хичээлүүд дээр юу гэж ажиглагдсан бэ? гэхээр зэрэг Дундговийн 10 жилийн сургуульд 10-р ангид сурч байгаа хэсэг хүүхдүүдэд хичээл орсон л доо би. Тэгэхэд тэр 10-р ангид намын гишүүн 2 хүүхэд байж байсан ш дээ.

Ариун-Ундрах -

Хөөх.

Лувсандорж -

Намд элсчихсэн. 23 настай. Би 25-тай багш очиж байхад 23 настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд хувьсгалт намын гишүүн. Тэгээд л ерөөсөө дандаа насанд хүрчихсэн 18 хүрчихсэн хүүхдүүд 10-р ангид сурч байсан ш дээ. Тэгээд би нэг самбар дээр өнөө заах хичээлийнхээ гарчигыг бичиж байсан юм. Би бол тэгээд ер нь бичгээрээ бол бас сайхан бичдэг л гэж ярьдаг юм л даа намайг. Тэгээд л байнга самбар дээр хичээллээд л. Монголын түүхийн хичээл шиг санагддаг юм. Бичихэд л өнөө би ингэдэг байхгүй юу. Ухаандаа Т үсгийг бол ингэдэг ш дээ. Хүн ингэж бичдэг шүү дээ.

Ариун-Ундрах -

Тийм.

Лувсандорж -

Тэгтэл би бол ингэж бичдэг байхгүй юу. Араас нь ингэчихдэг. Тэгээд л ийм маягаар ингээд л жигтэйхэн гоё бичсэн чинь л хүүхдүүд хаа яа яа ямар айхтар бичдэг багш вэ л гэж байсан юм байгаа юм. Тэгээд одоо манай энэ сургуульд Түгдсүрэн гэж физикийн багш байж байгаа. Тэр одоо надад ярьдаг юм. Би таны бичгийг дуурайж байж бичгээ сайхан болгосон шүү. Тэр самбар дээр эхлээд багш хүн ажиллахад бол санууштай юм гэж боддог юм. Хүүхдэд өөр сэтгэгдэл төрдөг юм байна лээ. Тэгэж л байсан нь санаанаас гардаггүй юм. Тэр ерөөсөө.

Ариун-Ундрах -

Нөгөө хамгийн анх өөрийгөө таниулж байгаа. Тийм ээ?

Лувсандорж -

Тийм.

Ариун-Ундрах -

За үнэтэй ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

Лувсандорж -

За за...

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.