Pürev


Basic information
Interviewee ID: 990389
Name: Pürev
Parent's name: Biziyaa
Ovog: Jalair
Sex: m
Year of Birth: 1947
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: worker, building administrator(?)
Belief: Buddhist
Born in: Tsogt sum, Govi-Altai aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
work
environment
politics / politicians
NGOs


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

За ярилцлагаа үргэлжлүүлье ээ. Тэгэхээр таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу? Хэрвээ байгаа бол тэр нь ямар үйл явдал вэ?

Пүрэв -

Аа энэ нийгмийн юунд уу?

Ариун-Ундрах -

Ер нь таны амьдралын туршид?

Пүрэв -

Амьдралын туршид бол надад нөлөөлөөд нэг их сүйд болчихсон ч юм гайгүй. Тэгэхдээ би ганц тэр ах бид хоёрын байж байгаа тэр юун дээр бол тэр миний эцгийг одоо хөнөөсөн улсуудад ямар ч арга хэмжээ авдаггүй өнгөрсөн байгаа юм. Тэр мал туугаад явдаг байсан байхгүй юу. Тэнд чинь өнөө улсын бэлтгэлийн мал гэж жил болгон одоо аймаг болгон тэдэн тонн мах гээд л. Малаа Улаанбаатар хотод тууж ирж энд ганцхан мах комбинат энд байдаг байсан ш дээ. Тэгээд энэ Архангай аймгийн Чулуут сумын тэнд байж байгаад л яг л сумын 3 хүн ш дээ, тууж ирж явсан. Одоо нэг нь амьд байдаг юм. Тэгээд ах бид хоёр очиж уулзаж хэлсэн. Одоо таныг яахав дээ тэгээд ёстой буянаараа болог. Тэгэхдээ одоо ... Манай аав тэгээд нэг ийм хуруу ийм цагаан гаансны соруул байхгүй юу. Тэрүүнд л одоо шунаж буудсан гэж байгаа юм. Тэгээд нөгөө мал туугаад ингээд явахад чинь 2 нь ачаагаа ачаад, нөгөө майхан энэ тэрээ ачаад за тэнд хононо шүү гээд нэг нь малаа дагаад явдаг. Тэгээд манай аав малаа тууж явж байгаад яг майхныхаа гадаа ирээд л морио чөдөрлөж байхад нь буудсан гэж байгаа байхгүй юу, калибраар. Тэгээд тэр би тэгэхэд 3 настай л байж. Ээж уйлаад л одоо ингээд л аав нь нас барсан гээд Архангай аймаг руу явж байсан. Тэгээд тэр бол миний юунд бол их нөлөөлсөн. Хэрвээ миний аав тэгэж яагаагүй байж байсан бол миний ээж бас их зовохгүй урт наслах байсан байх, нэгдүгээрт. Хоёрдугаарт тэр үеийн нийгмийн тэр хууль дүрэм нь чухам юу байсан юм, яасан юм. Яагаад одоо тэр 1 сумын ив ил байж байгаа 3 хүн явж байгаад нэгийгээ ингээд буудчихсан байж байхад тэр хууль үйлчилдэггүй юм гэдэгт л бас их санаа зовж. Тэгээд л миний тэр хуульч болно гэдэг сэтгэлгээ тэнд л байсан байхгүй юу.

Ариун-Ундрах -

Аан тэгвэл тэр аллага л байсан байна ш дээ. Тэ?

Пүрэв -

Тийм ш дээ. Яахав тэр үеийн л одоо шунал л юм даа. Хүний одоо тэр өчүүхэн цагаан чулуу шүү дээ тэр чинь. Тэрний төлөө хүний амийг яаж байдаг. Тэр одоо бас нэг жаахан тэр нэг дээр үеийн хөрөнгөтний юу гэхэв, юу гэхэв. Нэг жаахан арай дээгүүр амьдралтай улсууд хоорондоо тийм гаанс хөөрөг, эмээл хазаараар гангардаг. Тэрүүгээрээ өрсөлддөг. Тэр өрсөлдөөнд л одоо тэр сумандаа л бол ямар ч гэсэн тэргүүний л одоо тийм гаанс байсан юм гэнэ лээ. Тэгээд тиймэрхүү юмнаас болж одоо тэгэж байгаа юманд бол ах бид хоёрын амьдралд их, бид хоёр бол их зовж өдий насыг насласан улсууд ш дээ. Миний ах одоо санхүү техникумд сурч байхдаа оройд нь нөгөө тийм грушк хийнэ. Их дэлгүүрт ачигч хийж нэг хэдэн төгрөг олдог. Тэгээд л ээжийгээ тэжээдэг. Манай жилийн идэш гэхэд чинь бол адууны гуяар л бид нар бүтэн өвөлжин болдог байсан ш дээ. Хуушуур хийж иднэ, шөлтэй хоол хийж иднэ. Аа тэгээд л одоо зарим ясыг нь чанаж иднэ. Үнэхээр одоо хүнд амьдралаар бол бид нар өссөн. Тэгээд тэр бол надад нэг их муу ч нөлөөлөөгүй л дээ. Их тийм өндөр одоо сургамж, амьдралын сургамж, тэр зовлон даадаг тийм хатуужил өгсөн байх л гэж боддог. Тэрнээс яг нийгмээс бол надад нэг их нөлөөлчихсөн юм байхгүй. Би тухайн үедээ бол бас нийгэмдээ тодорхой хэмжээгээр үүргээ гүйцэтгээд байгаад байсан учраас.

Ариун-Ундрах -

За таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Пүрэв -

За тэр нэг их ялгараад байх юм байхгүй дээ. Би бас яг л бусдын нэгэн адил одоо бүх хүмүүсийн дундаж амьдралаар л өдий хүртэл амьдраад 60-н хэд насалж байна. Онцгой тийм асуудал бол байхгүй.

Ариун-Ундрах -

За тэгэхээр таны ажил амьдралтай холбоотой, тэр тухайн үеийн нийгэмтэй холбоотой юм ярья гэхээр тэр социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямар байсан бэ?

Пүрэв -

Тэр шал өөр. Тэр чинь 1-рт хууль дүрэм нь хатуу байж. Цаанаасаа тавьж байгаа шаардлага нь өндөр байж. Тийм учраас тэр үед бол тэр би түрүүн ярьсан ш дээ. Тэр тодорхой цагтай. Тэр цагтаа л 7 хоногийн ямар ч өдөр зав байдаггүй. Тэрнийгээ одоо гүйцэтгэдэг. Баяр ёслолоор бол яаж амардаг вэ? гэвэл яг тэр нийтийн жишгээр л амардаг. Тийм учраас бас тэнд бол яасан юм бол байхгүй. Би бол дажгүй одоо нийтээс онцгойроод байсан юм бол байхгүй. Яг л нийтийн дунд явсан. Тэгээд дундаж амьдралаа одоо алдаагүй байна. Миний үр хүүхдүүд ч гэсэн яг л одоо тэр миний амьдралаар амьдарч байна одоо. Хүний дэмжлэг нэг их аваад байх юм байхгүй. Өөрийнхөө л одоо зүрхээр, өөрийнхөө бодсон санаснаар, хамгийн гол нь үйл ажиллагаагаа сайн явуулж, хөдөлмөрийг сайн хийж, өөрийгөө дайчлаж зоригжуулж чадвал тэгээд л нийгэмд нэг саад болоод байхгүй байх гэж би боддог юм ш дээ. Үр хүүхэддээ тэгэж сургадаг юм.

Ариун-Ундрах -

За таны бодлоор одооны хүмүүсийн ажилд хандах хандлага нь яаж өөрчлөгдсөн бэ?

Пүрэв -

Их сонин. Одоо би одоо ч гэсэн удирдах ажил хийгээд ингээд л байж байна ш дээ. Тэр бид нарын социализмын үеийн сэтгэлгээ бол би одоо энэ амьдарна, нэгдүгээрт. Хоёрдугаарт би энэ амьдрахын тулд ажил хийх хэрэгтэй. Тэр ажлыг чанартай сайн хийснээр би одоо хөдөлмөрийн алдар, нэр хүртэнэ. Хүмүүст нэр сайтай байна. Өөрийгөө амьдралд дайчилна гэж. Одоо бол тэр ерөөсөө зүгээр ерөөсөө л мөнгөний сонирхолтой болчихсон. Ганцхан мөнгөн дээр хүн мөнгө олохын тулд л байдаг болсон. Өөр тэр нөхрийг бодох, тэр хүнийг бодох тийм юм байхгүй. Ажлыг бодох тийм юм байхгүй. Ерөөсөө өнөөдөр яаж ийгээд л хэдэн төгрөг л илүү яах уу л гэдэг юмаа бодно уу гэхээс бол яг энэ одоо миний ажил юм шүү. Би энүүнийг амьдрахын төлөө хийж байгаа юм шүү гэсэн бодол байдаггүй юм шиг л байдаг юм. Би тэгэж ажигладаг юм. Яахав тэр миний өнөө социализмын үеийн юм нь байж бас болно л доо. Тэгэх дээр ер нь бол хүн одоо мэдэж байгаа ш дээ. Хөдөлмөрлөж байж л хүн амжилтанд хүрч байгаа ш дээ. Яг өөрснөө тэгэж их яриад байдаг мөртлөө яг одоо амьдрал дээр бол тэрнийгээ хэрэгжүүлж ажиллаж байгаа одоо сайхан компаниуд том том болчихсон хөрөнгө мөнгөтэй л гэж байна. Энэ их хурлын гишүүд болно л гээд тэгэж байна. Энэ чинь л одоо дандаа л мөнгөний ажил яваад байна ш дээ. Яг одоо тэр амьдрал руу ингээд л яваад тэр ард түмэн, улс орны хөгжлийн төлөө бодож сэтгэсэн юм бол байхгүй л гэж бодоод байна ш дээ. Бүр дороосоо авхуулаад дээрээ хүртэл нэг тийм л хачин сэтгэлгээтэй болчихсон юм уу? Тэр капиталист нийгэм нь тийм байсан юм уу? Би ямар тэнд очиж үзсэн биш. Ах бол тэрүүгээр их явж байсан, мэддэг юм байлгүй. Тэрнийг зүгээр сонин хэвлэлээс бол уншиж байсан. Би ЗХУ-ыг хэн сайн мэдэх вэ? уралдаанд би 1971 онд шалгарч Москвад 10 хоног зугаалж байсан. Оросын зардлаар. Интерполь гэдэг юмны шугамаар би тэнд явж очиж 10 хоног зугаалж байсан. АНУ-д бас ахын дэмжлэг байсан байх. Нэг тийм асуулт хариултын уралдаанд бас түрүүлж би ахтай цуг New York орж үзэж байсан. Яахав зүгээр л өөрийнхөө мэдлэгийн хэмжээнд л гадна дотны уншсан юмаар бас яахав юмыг их цуглуулдаг байхгүй юу. Сонины хайчилбар, одоо тийм улс орны амьдралыг хөндсөн, өөрт их хэрэгтэй юм шиг, энүүнийг хүүхдүүд хэрэглэвэл хрэгтэй юм шиг юмнуудаа авч хадгалдаг байхгүй юу. Тэрнээсээ ингэж байгаад тэр асуултанд хялбархаан байсан надад. Тэгээд тийм 2 асуултанд бас хариулж явж байсан шүү.

Ариун-Ундрах -

Тэр анх Москва явсан нь хэдэн онд вэ?

Пүрэв -

1971 онд.

Ариун-Ундрах -

Та Москва явсан тухайгаа бага зэрэг ярихгүй юу?

Пүрэв -

Аа тэр Москва чинь яалаа. За би чинь тэр үсэг өрөгч одоо нөгөө яг юу ш дээ. хэвлэлийн комбинатад цэргээс халагдаад ирчихсэн дөнгөж байж байгаад тэр “ЗХУ” гэж хуучин нэг сэтгүүл хэвлэдэг байсан ш дээ. Нэг өнгөтөөр. Энд ирэхээр нь Монгол үсгийг нь бид нар өрөөд, тайлбарыг нь эх зурагтай нь Монголыг нь бид нар хэвлэдэг. Оросоос зураг нь хэвлэгдээд хүрээд ирдэг тийм хэвлэл байсан юм. Тэрнээс зарласан тэр “ЗХУ-ыг хэн сайн мэдэх вэ?” гэдэг уралдаанд би орж байсан юм. Тэгээд шалгарч байсан юм. Тэгээд тэр бол их сайхан л даа. Москвад чинь анх онгоцонд сууж үзэж байгаа юм. Тэгээд л тэр Омск дээр нэг буудаг байхаа тийм ээ? Омск дээр нэг бууна. Нэг их том онгоцонд суучихсан. Тэгээд тэр онгоцонд чинь хоол өгнө, цай өгнө. Тэр үед нөгөө бид нарын ярьдаг улаан ус одоогоор бол ундаа юм даа. Улаан ус л гэж ярьдаг ш дээ. Бид нар тэгэж ярьдаг. Тийм юм өгөөд л, тахианы мах өгөөд л их гоё. Тэгээд тэр Ширмитийн 2 гэдэг буудал дээр буусан байхгүй юу. Тэгээд намайг тэр интерполийн юу надад нэг ийм чейк гаргаж өгсөн. Урт нөгөө голоос нь суудал ингээд гарчихдаг. Одоо бол ховор доо чейк гэж. Тэгээд нэг 62-той эмээ миний орчуулагч. Тэгээд тэр надад орчуулга хийнэ. Тэгээд л ингээд тэр Москвад 5 хоноод, Ленинградад 5 хоноод тэгээд ирж байсан. Тэнд тусад нь яг тэр жанжин Сүхбаатар байрлаж байсан гэж Метрополис зочид буудал байсан байх аа. Тэр ....-ын яг энүүхэн ойрхон талд. Тэнд тусгай байранд байрлуулаад, тэгээд өдөрт 3 хоол өгөөд, тэгээд л оройд нь юм үзүүлээд л. Өдөржин музей үзүүлээд л нойр хүрээд л үзүүлнэ. Тэгээд л тэр Ленинградад очоод тэр нөгөө дайны баатруудын хөшөөг чинь ингээд хүн бүрээр тайлбарлахаар нойр хүрээд тэгээд л явдаг байсан. Тэгээд радиод нэг ярилцлага өгөөдөх. Тийм мөнгө байна уу? гэсэн мөнгө байхгүй. Миний дүү тэнд сурч байсан. Волгаградад. Тэгээд манай хүргэн Москвад сурч байсан. Тэр хоёр ирээд, тэгээд надад нэг рубль өгөөд. Би чинь мөнгө юу ч байхгүй. Эндээс зүгээр л намайг тэр онгоц нь ирээд тэгээд л аваад явчихсан. Тэр рубль гэж юу ч мэдэх юм байх ч үгүй. Уул нь хямдхан юм байна лээ л дээ тэр чинь. Сүүлд нь өө 5 хоног болчихоод Москвад ирээд сүүлийн өдрөө бол тэр Улаан талбай, гүүм зүүмээр чинь ороод их явж байгаа ш дээ. Тэгээд тэр чинь нэг улаан усаа авч ууна. Гадаа нэг ийм кноп дарахаар зэрэг шорххх гээд сайхан чихэртэй ус гарч ирнэ. Тэр нь нэг 10 копейк. Тэгээд нөгөө хүндээ хэллээ. Надад мөнгө хэрэгтэй байна. Би юм авч явна. Хүүхдүүддээ, авгайдаа юм аваачиж өгнө гэсэн. Аа тэгээд би одоо мөнгө өгч чадахгүй. Та радионд ярилцлага өг гэсэн байхгүй юу. Тэгээд тэр Москвагын радио гээд 12 давхар байшингын 10 давхарт гараад нэг институт руу оруулж суулгачихаад, цаанаа өөрөө суучихаад надаас асуугаад ингээд ярьсан байхгүй юу. Тэгээд бас нэг 15 минут ярьсан байх аа. Ярьчихаад яахав Москваг үзлээ, Ленинградыг үзлээ. Анх удаа энд ирлээ. Жаахан гоё юм байна гэдгийг нь жаал ярьчихаад тэгээд тэр улс орны хөгжил гээд бас юм ярьж байгаа юмаа тэр чинь. Тэгээд ярьчихаад гараад ирсэн чинь надад нэг 36 рубль ирчихсэн байгаа юм. Доор нь ингээд 1 давхарт буусан чинь нэг юм руу торрр гээд мөнгө ороод ирсэн. Тэгээд нөгөө 36 рублиэр чинь зөндөө юм авч байгаа ш дээ тэр чинь тэнд. Тэгэж үзэж байсан. Америк бол ерөөсөө аваачаад 3 хонуулаад тэр нэг том хуралд л очуулсан л даа. Тэгээд тэр хурлыг нь нэгдүгээрт хэлмэрч байхгүй, орчуулагч байхгүй ойлгохгүй. Ерөөсөө ойлгогдох юм байхгүй юм байна лээ. Тэгээд ёстой нэг ямаагаа алдсан ухна шиг юм байж байгаад хүрээд ирсэн. Тэнд бол юу ч үзэж чадаагүй. Нэг их өндөр өндөр барилгууд л байдаг юм. Өндөр барилгуудаас өөр сонирхох юм юу ч байхгүй. Тэгэж 2 явж байсан.

Ариун-Ундрах -

За тэгээд социализмын үед хүмүүс ажилд яаж ордог байсан бэ?

Пүрэв -

Өө тэр бас мундаг шалгууртай ш дээ. 1-рт одоо гишүүнчлэлийн байдлыг үзнэ. 2-рт одооны цагдаагынх шиг цагдаагын байгууллагаар урд нь өмнө нь хэрэг төвөгт орж байсан уу? Яасан ийсэн бэ? Ямар ажил эрхэлж байсан? Эхнэртэй юу? Хүүхэдтэй юу? Тэр чинь бид нар эхнэргүй бол эхнэр хүүхэдгүйн татвар гэж төлдөг байсан ш дээ.

Ариун-Ундрах -

Харин тийм гээд байгаа юм.

Пүрэв -

Тийм. Эхнэр хүүхэдгүйн татвар гэж ингэж. Энийг чинь эмэгтэй нь ч төлнө, эрэгтэй нь ч төлнө.

Ариун-Ундрах -

Мммм би ганц эмэгтэйгээс нь авдаг гээд ойлгочихсон юм.

Пүрэв -

Үгүй үгүй. Тэгээд тэр мундаг шалгууруудыг давна. Тэгээд боловсон хүчин тэрнийг судлаад тэгээд заавал тэр байгууллагынхаа хурлаар оруулна. Тэгээд хэлэлцэнэ. Энэ нөхөр ямар юм, ямар юм гэдгийг нь сайхан хэлэлцээд за авбал авъя, авахгүй бол авахгүй. Маш нарийн шалгууртай. Тэгэхдээ одоогынх шиг бас тэгэж нэг харж байгаад хүн юм өгвөл бушуухан оруулчихдаг. Үгүй бол юм байхгүй. Ерөөсөө маш нарийн яг үнэн юмаар нь л түүх номыг нь бол үнэнээр нь судалж үзнэ, түүх намтрыг нь. Тэгээд хэлмэгдсэн энэ тэр байвал бас тэрнийг чинь авахгүй ш дээ. Бас хэцүү. Тэгээд хэлмэгдүүлэлт нь бол миний тэр өвөг эцэг энэ тэр хэлмэгдэж л байсан юм гэнэ лээ. Би тэрийг мэдэхгүй, тэр түүхийг чинь бол мэдэхгүй юм чинь. 1937 оны юмыг чинь мэдэхгүй. Тэгээд л ер нь тийм юманд орж байсан уу? Үгүй юу? гэж маш нарийн шалгана. Тийм юмнуудаар тэгээд ажлаас хасагдаж байсан хүнийг үзэж ч байсан. Өөрөө боловсон хүчин хийгээд тийм хүнийг ажилд авахгүй байж ч байсан. Тэгээд нэгэнт авсан бол тэр ажилдаа бол тэр хүн үнэнчээр шударга ажиллана. Чадахгүй бол дор нь хална. Хөдөлмөрийн хууль их нарийн. Заалтыг нь сайн хэрэгжүүлдэг, биелүүлдэг байсан ш дээ.

Ариун-Ундрах -

За одоо бол ажилд орох процесс яаж өөрчлөгдсөн бэ?

Пүрэв -

Одоо бол ажилд орох процесс бас л нөгөө түрүүний хэлдэгээр өнгө мөнгөний талд л болчихсон байх л гэж бодож байна. Ямар ч боловсролгүй. Зүгээр диплом худалдаад авчихсан хүн том албанд оччихсон байж л байна ш дээ. Тэгэхэд тэр их сургууль онц төгссөн хүн одоо ажилгүй лангуун дээр сууж л байна ш дээ. Энэ нөгөө нөг боловсон хүчний чинь шилж сонгодог нөгөө тэр бодлого чинь алдагдчихсан байхгүй юу л гэж би боддог юм. Тэрнээс бол тэр чинь одоо сайхан чадалтай залуучууд их байна ш дээ. Тэгээд энэ нам гэдэг нэг юмаар 2-3 хуваагдчихсан. Тэгээд ерөөсөө нэг л би одоо таашаадаггүй. Энэ уул нь бол их хөдөлмөрлөөд, их юм санаж сэдээд ингээд байвал л энэ их сайны юм. Зүгээр л ингээд л нэг юмны чөлөөгөөр л ингээд л ашигны төлөө яваад байвал энэ маш муу. Өөрөө ч дээшлэхгүй, хөгжихгүй. Улам л залхуу болоод л байна. Монголчууд чинь жаахан залхуу талдаа ш дээ. Тэгээд л улам залхуу болоод л байна. Дээр үеийнх шиг тэгээд л ерөөсөө тэр чинь зүгээр л өдөр тутмын хууль болчихсон. Ингэх ёстой, би тийм юм хийх ёстой гэдгээ л одоо хүн болгон ухамсарлаж тэрийгээ хийгээд л хэний ч шаардлагагүйгээр ингээд л яваад байхад чинь одоо сайхан байж ш дээ.

Ариун-Ундрах -

За таны гол бахархдаг зүйл юу вэ?

Пүрэв -

Төрсөн нутгаараа би их бахархдаг юм. Миний одоо ээж аавын төрсөн нутаг. Тэгээд миний төрсөн нутаг. Тэр одоо сайхан тэр Бурхан буудай уул гэж жалга болгоноос нь ус шажигнасан. Тэгээд тэнд манай энэ хангайнх шиг ийм ширэг ургахгүй. Ийм ийм бут бутаараа ширэг ургана. Морь ширэг гэдэг юм л даа. Ийм хавтгай одоо нэг хиагархуу юм ургадаг тийм нутаг. Тэгээд тэр тарвага, зурам тэр уул хаданд чинь тачигнатал орилно. Ан гөрөөс чинь зүгээр сэлмийтэл ингээд явж байдаг ийм сайхан нутаг. Тэгээд одоо миний тэр өрөөнд байсан Ээж хайрхан гэж сайхан уул. Тэнд чинь ингээд зуны халуунд очиход чинь зүгээр тэр хадан дээр нь гарахаар сэрүү татаад л. Тэгээд тэр нөгөө нэг элдэв амьтан, хорхой шавж, аалз их л дээ. Манай тэнд чинь говь газар учраас гүрвэл гээд л тийм юмнууд чинь одоо бужигнаад л ингээд байсан. Одоо тэгээд байхгүй. Сонгино гэхэд чинь бут бутаараа одоо энэ мод шиг ингэж ургадаг байсан байхгүй юу.

Ариун-Ундрах -

Хөө тийм том уу?

Пүрэв -

Тийм. тэгээд ухаж авахдаа захаас нь жижгээс нь ухаж аваад одоо хүнсэндээ хэрэглэнэ ш дээ. Тэгээд нүхээ ингэж булдаг байсан байхгүй юу. Одоо зүгээр онги онги татаж аваад хар хар нүх хийгээд дахиж ургахгүй. Үндсээр нь авчихаж байгаа юм. тэгээд юу ч ургахаа байсан. Нэг асганд вансэмбэрүү гэдэг чинь зүгээр ингээд л хамар сэнгэнээд л.

Ариун-Ундрах -

Тийм гоё үнэртэй юм уу?

Пүрэв -

Гоё үнэртэй яг тэр цэцэг. Тэгээд тэр тамхинд хийгээд татахаар зэрэг бүр ёстой янзын гоё үнэр нь. Тэгээд л бид нар түүгээд л нэг ийм цагаан үндэс байхгүй юу вансэмбэрүү гэдэг чинь. Тэр одоо байхгүй, бас байхгүй. Зүгээр нэг хад асга л болчихсон байна лээ. Яагаад одоо энэ байгалийн мөхөл байгаад байна гэхлээр би бол биднээс шалтгаалж байна гэж бодож байгаа. Зүгээр яахав дэлхийн цаг уурын өөрчлөлт энэ тэр нөлөөлж байгаа юм байгаа л байх л даа. Тэгэхдээ бид нар бас дэндүү одоо шунахай сэтгэлгээгээр тэрэнд хандаж байна. Тэгэж сонгиныг зулгааж аваад тэр чинь одоо ямар хэрэг байгаа юм бэ? мэдэхгүй. Тэр өвс ургамал. Тэр одоо манай тэнд чинь тарвага гэдэг чинь зүгээр шороо шиг байсан. Одоо юу ч байхгүй байна лээ. Тэр сайхан ан амьтан, тарвага зурам чинь зүгээр энд тэнд хашхираад л одоо зүгээр хадны цуурайнд чинь байсан. Одоо юу ч байхгүй. Устгаад хаячихсан. Нөгөө нэг тарваганы арьсны үнэ нь нэмэгдээд л, мэдэхгүй энэ Хятадын бодлого байдаг юм болов уу гэж би бас боддог юм ш дээ. Манай энэ ан амьтан чинь дуусчихлаа ш дээ. Тэрнээс одоо энэ өрөөнөөсөө гараад л энэ морь уралддагын чинь энд л тарвага зурам харайж л явдаг байсан. Одоо байхгүй.

Ариун-Ундрах -

Та тэр Ээж уулынхаа домгийг одоо дахиад нэг яриад өгч болох уу?

Пүрэв -

Тийм. Яахав зүгээр домог л доо. Тэр Аж Богд гэж том уул Ээж хайрханы баруун хойд талд байгаа юм. Аж Богд тэр Ээж хоёр ингээд зэрэгцээтэй 2 уул байсан байхгүй юу. Тэгээд тэр чинь яахав зүгээр нэг ерөөтэй л юутай холбоотой юм л даа, домог. Тэгээд тэр энтээ талаас нь харахад бас 300-аад км-ийн цаана одоо харагддаг. Отгонтэнгэр хайрхан харагддаг байхгүй юу. Богд Очирваань. Тэр Богд Очирваань энэ хоёрын хооронд бас тийм яриа гараад ээжийг одоо булаацалдахгүй юу. Тэгэхээр нь Ээж тэр говь руу нүүгээд явчихсан байгаа юм. Тэгэхээр нь нөгөө хэн догшин юм болохоороо зэрэг тэр нөгөө Хайрхан уул нь шороо цацаад, бие засаад сууж байхад нь хормой дээр нь шороо цацсан гэж байгаа юм. Бид нар нэг хормойгоо дэвсэж ингэж бие засдаг ш дээ. Тэгээд яг нэг сууж байгаа ээж шиг ийм уул ингэж байдаг. Тийм түүхтэй. Тэгээд Аж Богдоос болж тийшээ нүүж очиж тэр говьд ганцаараа говийн ганц уул. Хааш хаашаа 100 гаруй км газар цул говь. Цаашаа тэр Хятадын хил их ойрхон ш дээ. Бас нэг 120 км давхиад л Хятадын хил. Ийшээ энэ Алтай сум гээд 120 км. Наашаа манай сум руу явахаар 100-аад км. Ийшээ тэр нөгөө Шин Жаны нутаг руу явахаар ингээд цул говь. Тэгээд ганцхан тэр говь дээр нэг ийм уул байдаг юм.

Ариун-Ундрах -

Сонин юм тэ?

Пүрэв -

Сонин. Цул хад. Тэнд асга тэгээд ингээд яаж байгаад ийм боржигон хад. Одоо тэнд чинь их сонирхуулж хэлэхэд одоо НҮБ-ын харъяаны уул ш дээ тэр чинь. НҮБ-ын одоо хамгаалалтанд орсон уул байхгүй юу. Нэгдсэн үндэсний байгууллагын. Тийм учраас 60 км тойрсон хашаатай. Есөн шидийн амьтан оруулдаггүй. Тэр 60 км-ээс цааш ингээд бас нэг 30-аад байна гэж байгаа юм. 90 км газар нэг ийм 50 см-ийн зузаан алт байна гэж байгаа байхгүй юу. Зүгээр яг алт нь ингээд гарчихсан. Тэрийг ингэж ялгаж угаах шаардлага байхгүй. Бөөнөөрөө ингээд цулаараа байж байна. Тэгээд би өнгөрсөн тэр сонгуулиар бол тэр нутагтаа очиж бас үзсэн. Манай ах ч явсан. Харамсмаар. Алт байна гээд одоо нэг тийм аппарат шиг юм үүрчихсэн газрыг нь энд байна гээд л сэглээд сэглээд, ухаад ухаад хаячихсан. Ерөөсөө юу ч байхгүй. Мал бэлчих газар байхгүй.

Ариун-Ундрах -

Говь-Алтайд алт их байна гээд байгаа юм тэ?

Пүрэв -

Тийм. Үгүй ээ тэгээд олдог л гээд байгаа юм. Олдог юм байлгүй дээ. Хэн мэдэхэв. Тэрийг цөмөөрөнг нь энд тэнд ухаад хаячихсан.

Ариун-Ундрах -

Алтыг чинь хамаагүй ухаж болдоггүй юм гээ биз дээ.

Пүрэв -

Тэр олигтой юм харьцаж болдоггүй л юм гэсэн ш дээ.

Ариун-Ундрах -

Байгальдаа хэцүү гэсэн тэ?

Пүрэв -

Тийм.

Ариун-Ундрах -

Тэгээд эсрэгээр нь таны жигшдэг зүйл юу вэ?

Пүрэв -

Жигшдэг зүйл бол тэр нэг юун бол их би үр хүүхэддээ ч хэлж явдаг юм. Тэр нэг хачин бялдууч л занг л би ер нь их жигшдэг дээ. Худлаа үнэн нэг хүн рүү харж худлаа инээгээд. Тэгээд нэг сүүлд нь эргээд явахаараа нөгөө хүнийхээ эсрэг юм яриад байдаг. Хүний нүүрэн дээр нэг тийм их нялханасан, бялдуучилсан тийм юмыг л би үнэндээ үзэж чаддаггүй юм. Би олон жил дарга хийлээ. Тийм хүнтэй бол би харьцдаггүй. Зүгээр явуулдаг байхгүй юу.

Ариун-Ундрах -

Таныг энэ олон жилийн турш ажиллаж байх хугацаанд чинь хамгийн хэцүү хүнд, бэрхшээлтэй үе нь юу вэ? Хэзээ байсан бэ?

Пүрэв -

Би ажиллаж байх үед бол гайгүй дээ ер нь. Тэгэхдээ хэвлэлийн комбинатад ажиллаж байхад бол хүнд байсан л даа. Тэр хүүхэд байсан тэр юм хумыг бол мэдэхгүй ээ. Ухаандаа “Өдрийн сонин”-г гаргахын тулд шөнөжин үсгээр өрөөд л маргааш өглөө нь хэвлэлтэнд өгөөд ингээд л явдаг. Үдээс хойш нь дараачын сонин нь ирээд л ингээд үсгээ өрнө. Тэр бол ажлын ачаалал их л байсан болохоос нэг их зовж зүдрэх юм ерөөсөө байхгүй. Зүгээр ганцхан тэр бага насанд одоо тэр нутгаасаа ээж, ах дүү нараа явуулчихаад л ганцаараа тэр сууж байхад л хамгийн хэцүү санагдаж байсан даа. Надад бол ерөөсөө.

Ариун-Ундрах -

За бас эсрэгээр нь их амархан... Таны одоо гялалзаж явсан үе, оргил үе нь хэзээ байгаа вэ? Ажлын хувьд.

Пүрэв -

Оргил үе одоо цэргээс халагдаад 1971-1978 онд би Говь-Алтай аймгийн “Алтайн хөгжил” сонинд л мастераар ажилласан үед л. Улсууд ч хэлдэг юм. Тэр энэ таны оргил үе болсон шүү гэж. Би тэндээс эвлэлийн төв хорооны тэргүүний ажилтан залуу алтан медаль авсан. Цагдаагын олон нийтийн бригадаараа улсад шалгарч яасан. тэгээд тэр манай аймгийн дарга байсан Хүрэлээ гэж хүн тэр цагдан сэргийлэхийн байгууллагуудын юугаар эрдмийн зэрэг хамгаалсан байхгүй юу. Тэр гол нь манай бригадын ажлын юугаар ингэж хамгаалсан юм. Тэр үеийн тэр 1971-1978 онд би баярлаж явдаг. За сүүлд энэ 1978-1984 оны хооронд бол материал техник хангамжийн улсын хорооны бааз гэж байсан. Тэнд явж би 5 жил ургацын штабын даргаар явсан. Тэнд их сайхан байсан. Их ч ургаж байсан. 8 сарын 25-нд гараад л 11 сарын 20-доор л ургацаа дуусгаад ирж байсан ш дээ. Тэр бол одоо тэр жинхэнэ хөдөлмөр өрнөсөн, тоос бужигнасан. Тэр оюутан залуучуудтай, тэр олон тээвэрчидтэй. Би нэг 120 машины жолоочтой л харьцдаг. Өдөрт нэг тэр бригадуудад хуваарилж комбайн улсын будаа тийшээ тээнэ. Тэр комбайныг доторх комбайныхаа будааг ингэж авна, үтрэмийн будааг тэгэж тээнэ гээд л ингээд ерөөсөө би унтдаггүй байсан. Шөнөжин жолооч нартайгаа үүрэглээд л, тэр потчикоо хаагаад л ингээд л жолооч чинь ганцаараа хүч хүрэхээ байчихдаг юм ш дээ. Оюутнууд чинь будаандаа хэвтээд л унтчихдаг. Тэгээд нөгөөдүүлийг чинь ингээд босгохгүй бол машин дайрчих гээд, нөгөө ухрахаараа. Тэгээд л ерөөсөө би унтдаггүй 4 жил тэгэж явсан. Тэрнийг бол миний хөдөлмөрийн их сайхан бахархалтай жилүүд байж дээ гэж их л боддог юм ш дээ. Тэр одоо бүр байнга бодогддог юм. Тэр “Алтайн хөгжил” сонинд ажиллаж байсан, тэр энэ хангамжийн хорооны баазад тэр олон жолооч нартай тэр ургацын талбайд ажиллаж байсан үеэ л би миний хөдөлмөрийн оргил үе юм даа л гэж бодож явдаг юм.

Ариун-Ундрах -

За та одоо байгаа өөрийнхөө гэр бүлийн тухай танилцуулахгүй юу?

Пүрэв -

Гэр бүл маань нэг алдартай хүн бий. Завхан аймгийн хүн. Алдархаан сумын харъяат. Ганцхан байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Энэ цэргийн төв эмнэлэгт сувилагчаар насаараа 33 жил ажиллаад тэтгэвэрт гарсан. Харин одоо 3-4 жилийн өмнө харвалт өгөөд нэг жаахан өрөөсөн тал нь татамхай иймэрхүү. Тэгэхдээ яахав цайгаа хийгээд уучихна, хоолоо хийгээд идчихнэ. Надад нэг цай тавьчихсан байж байна. Орой ороход. Тэгээд тэр дажгүй. 3 хүүхэд маань гурвуулаа. Нэг нь том охин маань багшийн их сургууль төгссөн. Одоо сургуульд багшилж байна, магистр. Дунд банди маань Техникийн их сургууль төгссөн. Одоо Броу голдод механик хийж байна. Аа бага банди маань МУИС төгссөн, геологич. Бас Броу голдод геологич хийж байна. Гурвуулаа тусдаа гарчихсан. Ач зээ олонтой болсон. Одоо жаахан сэтгэл уужуу даа. Тэгээд одоо ханиа жаахан сэтгэл зовонгуй байдаг. Сайхан хөдөлмөрлөж байсан сүртэй мундаг эмч хүн. Тэгээд ийм өвчний юугаар бол одоо харвалт өгчихсөн нэг жаахан тийм. Тэр одоо харвалтын өвчин гэдэг чинь сэтгэл санаа, тэгээд мэдрэлд их нөлөөлдөг нэг айхтар өвчин байна ш дээ тэр чинь ерөөсөө. Заримдаа одоо их сайхан л байж байна. Заримдаа өвдөөд л, заримдаа зан ааш нь өөрчлөгдөөд жаахан тийм. Тэрнээс бусад бол сайхан. Одоо амьдрал тэгш болсон. Тэтгэврийн насаа тогтоолгосон. Нэг 150,000 цаасны сарын тэтгэвэр авчихдаг. Тэгээд болоо. Их Монгол байгуулагдсаны 800 жилийн ойгоор нэг Алтангадас одонгоор шагнуулсан. Тэгээд би харин их сонин байдаг юм. 5 салбарын тэргүүний ажилтан байдаг юм.

Ариун-Ундрах -

За.

Пүрэв -

Би эвлэлийн тэргүүний ажилтан, намын тэргүүний ажилтан авсан. Тэгээд материал техник хангамжийн улсын хорооны тэргүүний ажилтан гэж тэр үед энэ Баянгол амралтанд үнэгүй амардаг, жилд 1 удаа. Тийм тэргүүний ажилтан. Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан. Энэ өндөр яаманд 8 жил грашын дарга хийж байж 50 нас хүрч худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан гэж цол авсан. Хамгийн сүүлд нь бол ноднин СТА\ соёлын тэргүүний ажилтан\ гэдэг цол авсан. Нөгөө хэвлэлийн байгууллагад олон жил идэвхи зүтгэлтэй ажилласан гэж тийм шагнал өгсөн. Тэгээд би 5 газрын тэргүүн байдаг юм ш дээ.

Ариун-Ундрах -

Та тэгвэл бүр бүх газрынхыг л авчихсан юм байна ш дээ тэ?

Пүрэв -

Тийм. Хэ хэ хэ тийм.

Ариун-Ундрах -

Тэгэхээр ингэж асуух гэсэн юм. Та өөрийнхөө хувийн амьдрал, ажил хоёроо яаж зохицуулж ирсэн бэ?

Пүрэв -

Ер нь бол хүний ажил бол 2 дахь гэр ш дээ. Хувийн ажил бол одоо тэгээд хүүхдүүд тусдаа гарчихсан болохоор одоо ажил руу л анхаарна. Хувийн амьдрал бол тэртээ тэргүй тэгширчихсэн. Тэгээд хөгшин бол бие нь гайгүй бол тэгээд л. Хуучин бол би чинь нэг хүүхдээ тэврээд, нэгийг нь хөтлөөд. Манай хөгшин чинь эмнэлгийн ажилтан учраас ээлжээр ажиллана. Цэцэрлэгт нь өгнө, сургуульд нь өгнө. Тэгээд ажлаа хийнэ. Тэгээд гэр орон сууцгүй байсан. Хашаанд түлээгээ бэлдэнэ, нүүрсээ бэлдэнэ. Өө их ажилтай байсан. их зарцуулдаг байсан. Тэгээд оройгоор сурна. Тэр их ажлуудыг л давж ард нь гарсан байгаа юм. Одоо бол нэг их санаа зовоод байх юм бол байхгүй. Хүүхдүүд овоо ажиллаад байж байна. Тэгээд нэг эрхбиш аавын одоо энэ амьдралын тэр зовлон зүдгүүрийг ойлгодог байх. Тэгэхээр нь зэрэг л одоо нэг жаахан юмнуудаа цалин. Одоо эд нар чинь сая гаруй төгрөгний цалин авч байна ш дээ, сард. Аав нь бол наадах чинь жилд авч байгаагүй цалин шүү. Тэгээд наадахаа одоо нэг жаахан нааш нь цааш нь болгож хадгалж. Зүгээр л одоо авсны хэрээр үрээд байвал юм болдоггүй юм шүү. Одоо аав шиг чинь ийм юу ч үгүй амьтан байж байна. Одоо аав чинь бол толгойд чинь л та 3-ын толгойд юм хийж өгсөн. Өөр ямар ч чадал байхгүй, аав ээж хоёрт нь гэж хэлээд л сууж байдаг юм. Одоо бол ажил гээд яахав ээ. Нэг засгийн газрын энэ 10-р байр гээл хуучин .....-ын байр байсан юм. Тэгээд энийг засгийн газар аваад би одоо 9 жил танхимд. Энэ танхим чинь баар байсан ш дээ. өө архи тамхи гээд л жигтэйхэн. Бүгдийг нь хөөж гаргаад одоо албан контор болсон. Бас нэг байрны дүрстэй болсон шүү. Тэрнийг бас үнэлдэг юм аа. манай төр засгийн үйлчилгээ аж ахуйн газар харъялагдана ш дээ. Тийм байна.

Ариун-Ундрах -

Тэгээд та ажлын хамт олныхоо тухай ярихгүй юу.

Пүрэв -

Хамт олон би хаа ч явсан дандаа хамт олныг нэгтгэж, би “Алтайн хөгжил” сонинд ажиллаж байсан. Одоо би тэрнээс хойш 1978 онд наашаа ирсэн гэхэд чинь 30-аад жил болчихсон байгаа биз дээ?

Ариун-Ундрах -

Тийм байна.

Пүрэв -

Жилд нэг удаа энд ирж улс цугладаг юм ш дээ. над дээр ирж цуглана. Тэгээд мастер дээрээ цуглана гэж. Хэвлэлийн комбинатад би жоохон л хүүхэд байсан. Цехийн хэвлэлийн комбинатын буурал эмээ өвөө нар болчихсон дандаа утасдаг юм ш дээ. Уулзъя, ярья гээд. За нэг 800 жолоочийн дарга байсан би хангамжийн хорооны баазын. Одоо жолооч нар өдөрт бол 1-2 жолооч заавал утасдана шүү. Сайн уу? Юу болж байна? Ажил амьдрал дажгүй юу? гээд л. Өө хөдөөнөөс давхиад хөдөө тээвэр хийвэл ганц нэг хонины мах авчраад хаячихна. Зун бол ганц 3-5 литр айраг авчраад май даргаа уу. Би хамт олонтой бол үнэхээр ерөөсөө яаж байгаагүй. Одоо энэ 8 хүнийг 9 жил удирдаад явж байна. Би намайг бол муу хэлдэггүй байх л гэж бодож байгаа. Ямар ч гэсэн. Зүгээр л ингээд сонин болгоод хэлэхэд би энүүхэн дотроо дандаа социализмын үеийн арга барилтай байж магадгүй л дээ. Өдөрт гуанзны хоол нэг ч идүүлэхгүй. Эд нар чинь цалин бага ш дээ. 200 хүрэхтэй үгүйтэй цалингаар амьдарч байгаа. Өдөрт нэг хүн 3000 төгрөг гаргадаг байхгүй юу. Тэгээд шинэ мах аваад, гурил аваад эндээ шөл хийгээд уучихдаг юм. тэгээд сард 10, 10 мянган төгрөг нэг төрсөн өдөртэй хүний сард цуглуулаад эхний үед ингээд гэрт нь бэлэг дурсгалын зүйл авч өгөөд, сүүлд нь цахилгаан хэрэгсэл авч өгөөд, сүүлд нь одоо энэ ноднин уржнан бол гар утас авч өгсөн. Одоо энэ жил бүгдээрэнд нь эмэгтэйчүүдэд нь алтан ээмэг бөгж, эрэгтэйчүүдэд нь мөнгөн аяга энэ тэр авч өгч байгаа. Тэгээд төрсөн өдрийг нь хэдэн настай байсан ч хөгшин залуу ялгахгүй бүгдээрэнд нь одоо баяр хүргэж ингэж яадаг. Тэгэхээр хамт олон их нэгдэж ирдэг. Итгэл их тавьдаг. Нэг үг хэллээ бол яг биелүүлдэг. Хэн нь ч гэсэн. За би ингээд нэг бие тааруухан явлаа шүү өнөөдөр. За та нар ингээд байгаарай гэхээр зэрэг бүр сайн байна. Биелүүлсэн байна. тийм учраас ар талдаа нэг их санаа зовохгүй. Ажил руугаа аа тэрүүндээ хэлчихсэн баталгаатай байх. Энэ чинь үйлчилгээний ажил учраас тэнд цахилгаан болохоо байлаа, тэнд ус болохоо байлаа, тэнд гэрэл болохоо байлаа гээд л ингээд л үргэлж л наашаа цаашаа ингээд л явж байдаг. Тэр ч хөдөлгөөн надад зүгээр юм шиг байгаа юм. Энэ 3 давхарт чинь өдөрт нэг 30 гараад 30 бууж байгаа байх. Тэр явган явсантай ялгаагүй.

Ариун-Ундрах -

Хэдэн км явна ш дээ.

Пүрэв -

Тэгээд энэ 3 давхар чинь нэг 12 м юм уу. Энийг чинь ингээд үржүүлэхээр овоо хэдэн метр газар алхаж байгаа биз. Өдөрт нэг км гаруй алхаж байгаа.

Ариун-Ундрах -

За тэгэхээр хамт олноороо одоо жишээ нь энд байгаа хамт олон бол ажлаас гадуур ямар ажил амралтын арга хэмжээнүүд зохион байгуулдаг вэ?

Пүрэв -

Би бас л тэр хуучныхаа юугаар. Хуучин тэр социалист хөдөлмөрийн бригад гэж байсан. Ажилчдынхаа гэрийг судална. За гэртэйг нь очиж түлээг нь хөрөөдөж өгнө. Нүүрсийг нь далд хийж өгнө. Тэгээд тэр дотор хамт олныхоо бас юмыг ярьна. Гэрийг нь дулаалж өгнө. Тэрэнтэй яг адилхан. Одоо эд нараа тийм ш дээ. Байшинтай гуравхан хүн байдаг юм. 5 нь гэрт байдаг юм. Хашааг нь барьж өгнө. Очоод цөмөөрөө хамжаад. Гэрийг нь дулаалаад өгчихнө. Түлээ мод одоо нэг хөрөөдөх том мод байхгүй болчихсон доо. Хагалаад янзлаад сайхан өгчихнө. Тэгээд гэр оронд нь очиж танилцуулна. Ийм ийм ажилтан. Сайныг нь сайнаар нь, мууг нь муугаар нь энүүнд нэг ийм дутагдал бий, энүүнд нэг ийм сайн талууд бий гээд авгай хүүхдүүдэд нь яриад өгчихнө. Тийм юмнуудыг одоо хүртэл хийж байгаа ш дээ.

Ариун-Ундрах -

Одоо хүртэл ингэж байгаа газар ховор байгаа байх.

Пүрэв -

Өө харин улсууд тэгдэг юм. Ховор ямар сонин юм бэ? Сайхан юм бэ? Тэгээд хөгширсөн хойноо төрсөн өдрөө хийнэ. Би чинь одоо миний төрсөн өдрийг болохоор зэрэг эд нар сүйд болно ш дээ. Тэгээд тэр чинь бэлэг дарс өгнө.

Ариун-Ундрах -

За эцэст нь та социализмын үед чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг байсан бэ?

Пүрэв -

Тэр чинь харин нөгөө тэр цагуудаар байж байгаа юм чинь. Тэр 5 дахь өдөр чинь чөлөөт цаг гээд хүмүүжлийн ажлаа бэлдэнэ, концертоо бэлтгэнэ. Зааланд бөмбөгөө тоглоно. Зун бол гадаа бөмбөг өшиглөнө. Тэгээд шатар даамаа тоглоно. Голцуу л бид нар чинь концерт бэлтгэнэ дээ. Энэ АСК гээд нэг юм явдаг ш дээ. Авхаалж сэргэлэнчүүдийн клуб гэж байлуу. Тийм юм ажилладаг. Тэнд оролцоно. Тэгээд л хичээл номонд явдаг. Би одоо ерөөсөө миний “Алтайн хөгжил” сониноос ирсэн, яг тэр миний ажиллаж байсан 30 гаруй хүнээс 18 нь энд ирж их сургууль төгссөн байдаг юм ш дээ. Миний одоо 4-р анги төгссөн 41 хүнээс 8 хүн нь их сургууль төгссөн байна. Би ингээд судалгаа хийгээд байж байгаа. Энд ажиллаж байгаа хүн чинь энд 9 хүний чинь 5 нь дээд мэргэжилтэй. Одоо хамгийн бага мэргэжилтэй 4-р анги төгссөн нэг нөхрөө Техникийн их сургуульд оройгоор оруулчихсан. Оройгоор сургаж байгаа. Машин механизмын завсарын механик болгоё гээд. Тэгээд ингээд тэр боловсролд нь бас их анхаардаг юм ш дээ. Тэгэхгүй бол болохгүй ш дээ. Дандаа л ажил шаардуулаад ерөөсөө болохгүй. Тэгээд хааяа үед нь бол амьдралын зовсон гачигдал гарсан үед нь, эцэг эх нь өөд болсон үед нь улс цөмөөрөө очно, нэгдэнэ. Тусладаг хуультай, дүрэмтэй, энд сантай. Баяр ёслол болсон ч ялгаагүй. Гачигдал зовлон болсон ч ялгаагүй ийм.

Ариун-Ундрах -

За үнэтэй сайхан ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

Пүрэв -

За би ч баярлалаа.

Ариун-Ундрах -

Танд аз жаргал хүсье ээ.

Пүрэв -

Миний бас энэ яриан дотроос авах юм байвал аваад та нөхдүүдийн эрдэм шинжилгээ тэр төслийн ажилд бас тодорхой нэмэр болж байвал би бас их баярлана аа.

Ариун-Ундрах -

Заа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.