Tserennadmid


Basic information
Interviewee ID: 990390
Name: Tserennadmid
Parent's name: Dorj
Ovog: Ih tugtun
Sex: f
Year of Birth: 1944
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: teacher, director of 'Senior Leaders Association'
Belief: Buddhist
Born in: Öndörhangai sum, Uvs aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
childhood
politics / politicians
work
education / cultural production


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? Цэрэннадмид эгч ээ.

Цэрэннадмид -

Сайн. Сайн байна уу?

Ариун-Ундрах -

Сайн байна аа. Та энэхүү судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?

Цэрэннадмид -

Зөвшөөрч байна.

Ариун-Ундрах -

За танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

Цэрэннадмид -

Би 1944 онд Увс аймгийн Өндөр хангай суманд төрсөн. Тэгээд Увс аймгаас нийслэл хотод 1952 онд ирээд бага сургуульд ороод тэгээд боловсролын системд 35 жил ажилласан. 35 жилээс 10 жил нь багш, бусад нь дандаа удирдах ажил хийж байсан. 4 охинтой. Гэр бүлийн хүнтэй. Гэр бүлийн хүн маань хөгжимчин байсан. Тэгээд одоо боловсролын удирдах ахмад ажилтны холбооны тэргүүнээр ажиллаж байна аа.

Ариун-Ундрах -

За та өөрийгөө төрж өссөнөөсөө авхуулаад дэлгэрэнгүй амьдралынхаа түүхийг ярьж өгнө үү?

Цэрэннадмид -

За 1944 онд Увс аймгийн Өндөр хангай суманд төрсөн. Дорж гэдэг хүний том охин. Ингээд тэндээсээ би чинь 1948 онд 4 настайдаа Увс аймгийн Өндөр хангай сумаас тэмээн хөсгөөр нийслэлд ирсэн. Аав маань, би доороо нэг эрэгтэй дүүтэй. Тэгээд бид хоёрыг одоо эрдэм номын мөр хөөлгөх гэж л Увсаас ирсэн. 45 хоног нүүж ирсэн. Тэгээд ээжийн бүх дүү нар хотод байсан. Тэгээд 1 жил одооны энэ Угтаалын сангийн аж ахуйн энд ирээд ээжийнхээ ах дүү нарыг ололгүй байж байгаад, 1 жил айлд зарагдаад одоо адуу малыг нь хариулж ингэж хийж байгаад, тэгээд дараа нь ээжийн ах дүү нар бид нарыг олж авсан. Ингээд Төв аймгийн Эрдэнэ сумын харъяат Тэрэлжийн газар манайх нэг 7 тэмээтэй, 20-иод хонь туугаад, 2 уналгын машинтай ингээд явцгаагаад ирсэн юм. Тэгээд Тэрэлжид нутагласан, 10-р багт. Энэ 10-р багт нутаглаад одоогын энэ Тэрэлжийн амралтын орчимд, Тэрэлжийн голын цаад талд өвөлжөө байдаг. Тэнд манайх нутаглаж байсан. За дараа нь Уу булангын пионерийн зуслан гэж байсан. Уу булангын пионерийн зусланд манай ээж сүү хөөрүүлж, зуслангын хүүхдүүдийн сүүг хөөрүүлж өгдөг байсан. Одоо энэ Алтай гээд 25-р телевизийн аав нь Зориг, хүүхдийн зохиолч Дашдэндэв гээд ийм улсууд байсан. Тэр Зориг багшийг могой бариад явдаг их зоригтой хүн гэнэ ээ гэж тэгэж ярьдаг байсан юм. Тэгээд би 1952 онд нийслэлийн Улаанбаатар хотын 15-р бага сургуульд орсон. Өөрөөр хэлбэл нагац эгчтэйгээ, нагац ах нартайгаа манайхан гэрлээгүй байсан учраас олуулаа. Нагац ах маань тухайн үеийн намын дээд сургуульд багш. Тэгээд би Дашдаваагын гэж ингэж овоглож 15-р сургуульд орсон. 15-р сургуульд 1-р ангид ороод 5-р ангийг 15-р сургуулийг төгссөн. Ингээд ээж аав хоёр маань Уу булангаасаа Налайхд ирсэн учраас надыг манай нагац эгч энэ тэр Налайхын 10 жилийн сургуульд шилжүүлсэн. 5-р ангидаа Налайхд очсон. За энэ завсар нь Уу буланд ээж аав хоёр маань байдаг учраас амралтаараа манай нагац эгч Лхамжав гээд хүн бүх амралт болохоор надыг аваад явна. Налайх хүртэл нүүрс ачдаг тийм вагон байсан. Тэр вагон дотор суугаад, таваарын тэр нүүрсний вагонд суугаад, тэгээд Налайхаасаа цааш явган явна. Тэгээд нэг удаа 3-р улирлынхаа амралтаар явж байсан чинь манай тэр нагац эгч манайд гэрийн цагаан бүрээс хийж өгөх гээд нэг баахан цуу ембуу даавуу аваад. Тэгээд би бас нэг жижиг сажиг бэлгээ аваад ингээд явж байсан. Тэгээд ерөөсөө явж чадахгүй. Налайхаас Уу буланд чинь нилээн бас одоог бодвол зайтай байжээ. Одоо ч юу байхав л дээ. Тэгээд явж байсан чинь одоо ёстой юу ч юм бэ дээ нэг тэмээ хүрээд ирсэн. Одоо тохоштой. Нөгөө тэмээг чинь эгч барьж аваад, тэгээд нөгөөдөх л цагаан бүрээс, тэр бэлэг сэлгийнхээ зүйлийг ачаад, намайг тэмээн дээр унуулаад ингээд Уу буланд очоод. Тэгээд гараараа гэрийн бүрээс оёж, манай гэр цагаан болж байсан. Энэ бол одоо миний ээжийн дүү нар бол 7-уулаа. Их сайхан тийм нийтлэг. Дандаа манай ээж том нь. Тэгээд хамгийн том эгчийндээ баяр болгоноор ирнэ. Дандаа бэлэг, тэгээд л хүнсний зүйл өгдөг ч юм уу. Манай ээж Увс аймгийн Өндөр хангай суманд ганцаараа байсан. Дашдаваа гээд тэр намын дээд сургуулийн багш. Дараа нь худалдааны техникумд насаараа түүхийн багш хийсэн дээ. Тэр хүн эмээг аваад Увс явсан гэж байгаа юм. Тэгтэл Угтаалын сангийн аж ахуйд эмээ маань нас барчихсан. Шуудангаар явж байгаад. Тэгээд шуудангаар эмээг юунд оршуулчихаад, Угтаалд таних мэдэх хүн байхгүй ингээд цаашаа явж байсан гэдэг юм. Манай ээжийн аав нь Очир гээд тийм халимагтай хүн, гэзэр Очир гээд тухайн үедээ халимагтай, хувьсгалыг их дэмждэг тийм хүн байсан. Тэгээд л хувьсгалыг дэмждэг ийм хүн Богд уулнаас яргай мод, ташуурны яргай гээд ийм мод байдаг. Тэр яргай модыг авч болохгүй ээ гэж байхад ерөөсөө хувьсгалын юугаар тэр хамаагүй. Тэр тийм ул ус хамаагүй гэж яргай мод авсан юм гэнэ лээ, ташуурын. Тэгээд тэрнээсээ болоод нас барсан гэж ярьдаг юм. Тэр лусын хорлол догшин ийм хангай байсан учраас тухайн үедээ л хүн яаж төсөөлж байна уу тэрүүгээрээ л тэ? Тэр догшин байсан учраас тэгээд нас барсан гээд. Ингээд эмээ өвөө хоёр маань нас бараад. Тэгээд манай ээж хамгийн том нь, дороо олон дүү нартай. 6 дүүтэй. 1 дүү нь нарийн төмөр замын нөгөө симфор ...-ны машин угаадаг тийм хүн байсан. Тэгэж байгаад араас нь машин дайраад нас барчихсан юм гэнэ лээ. Тэгээд бусад нь бүгдээрээ бол их эрдэм мэдлэгтэй ийм улсууд байсан. Ингээд дараа нь Налайхын сургуулийн 5-7-р ангид Налайхд төгссөн. Тэгээд тэнд их хөгжилтэй хөгжилтэй юм бий л дээ. Жишээлбэл 15-р сургуульд төгсөж байхдаа бид нар пионерт элссэн. 2-р ангидаа би пионерт элссэн юм. Тэгээд тэр үеийн пионерт элсэхэд “Мао Цэ Дун” гэдэг дууг би дуулж элсэж байсан юм. Нэг бадаг Хятадаар, нэг бадаг Монголоор нар гарах зүг рүү ингээд зүүн гар дээрээ 1 метр галстуктай. Аа би өөрөө нөгөө Дашдаваа гээд нагац ахаараа овоглосон учраас би Орос галстуктай, их гоё тийм пансан. Тэгээд л нар луу харж зогсож байгаад л “Дорно зүгт нар мандлаа. Хятадад Мао Цэ дун төрлөө. Ард түмнийг удирдаж байна” гээд (Хятадаар дуулав) ингээд тэрийг дуулж. Одоо ач зээ нар их инээдэг юм. Мао Цэ Дун дуулж пионерт элсэж байсан. Тэгээд тэр үед харшийн сүлд модны наадам болдог. Харшийн сүлд модны наадамд би 3 удаа орсон юм аа. 1-р ангидаа ороогүй. Тэрнээс бэлэг аваад. Тэгээд хүний хүн чинь их өөр. Нөгөө харшийн сүлд модны бэлэгнүүдээсээ хамгийн сайхныг нь ээж аавдаа. Тэгээд бас тэр хүний хүүхэд учраас тэгээд үлдсэнийг нь тэр нагац эгчдээ авчирч өгдөг. Надыг сурч байхад 1952 онд Чойбалсан нас барсан. Тэгээд Монгол даяар гашуудал зарласан. Ерөөсөө тэнд цагаан сар болж байсан байгаа юм. Битүүн бол байлуу даа. Тэгээд бүх одоо ууц, тавгын идээгээ орон доогуур цааш нь хийгээд, баяр ёслолыг зогсоогоод. Тэгээд Чойбалсангын шарил Москвагаас 7 хоног явсан. Өдөр болгон шугамын радиогоор одоо тэр хотод ирлээ, энд ирлээ, одоо Иркутскд ирж байна гээд ингээд л өртөө болгон дээр яадаг. Тэгээд бид нар тэр эгч ах нартайгаа явж очиж хүлээж авч байсан. Урд нь Чойбалсангын зургийг гашуудлын байдлаар хараар зурчихсан. Тэгээд тэр Монголын ард түмэн бол Чойбалсанг ёстой үнэхээр гашуудсан. Ерөөсөө би мэдэхгүй хүүхэд л одоо 2-р ангийн хүүхэд байлаа гэхэд л гашуудаад л одоо их удирдагч нас барсан. Чойбалсан нас барсан гээд л сурталчилгаа ч их явж байсан. Ингээд яваад бид нар. Тэгээд нэг хар улаан тууз энэ ханцуйн дээр зүүчихсэн. Тэгэхэд би их баярлаж байсан. Яагаад гэвэл салаан дарга болчихсон би. Нөгөө салаан дарга болчихсон гээд. Тэр олон намын дээд сургуулийн манай шилдэг боловсон хүчнүүдийг бэлтгэдэг. Ирээдүйн өнөөдрийн улс төрийн ажилтнууд бэлтгэдэг намын дээд сургууль нэр хүндтэй сургууль байсан. Үнэхээр нэр хүндтэй, өндөр боловсролтой тийм. Тэгээд тэр гашуудлын цуглаан хийхэд би буцаж яваад нагац эгчдээ загнуулж байсан. Чи гашуудал болж хүн эмгэнэл илэрхийлж байхад чи бол... Би бол дотроо салаан дарга болчихсон гээд нөгөө гашуудлынхаа тэмдгийг ингээд явж байсан. Тэгээд нарийн төмөр зам Оросын тусламжаар Налайхаас нүүрс авч 1-р цахилгаан станцыг хангаж тэрүүгээрээ хотыг гэрэлтүүлдэг байсан. Ингээд нарийн төмөр зам яагаад тэгдэг байсан юм бэ? Хүн их онхолддог. Ингээд л 2 галт тэрэг мөргөлдөхөөр чинь урд талын тэр зүтгүүрүүд нь ингэж босож ирж байгаад л унадаг юм. Тэгээд намын дээд сургуулийн оюутнууд гар гараасаа бариад л тойроод хүрээлдэг. Одоотой адилхан бас л тэр нүүрсийг нь авах гээд зөндөө улсууд л тэнд байдаг байсан л даа. Ийм их сонин сонин юм болж байсан. Тэгээд дараагаар нь бид нар одоо энэ Энхтайван найрамдлын гүүрний доор сүүн зах байсан юм. Өглөө болгон манахаар сүүн захаар сүүгээ яачихсан Төв аймгийн худалдаачид ирнэ. Би өглөө эртээ явж чангаамал энэ сүүн захаас авдаг. Тэгээд тэрнээс эхэлж л одоо шанагыг 5 төгрөгөөр өгдөг. Энэнээс эхэлж Төв аймгийнхныг шанага нь 5, шавхруу нь 3 гэж ингэж нэрлэсэн. Зах зээлд бол маш эрт орсон. Төв аймаг л даа. Би өөрөө Эрдэнэ суманд өсөж, Тэрэлжийн 10-р багт байсан болохоороо төрснөөсөө илүү тэр өссөн нутгаа их боддог юм. Тэгээд бид нар энэ сургуульд яагаад би Налайх руу шилжих боллоо. Тэр манай сургууль дээр “Алтан өргөө”-ийн Сүмбүү бага хүүд тоглодог Октябр гээд дараа нь Зориг нэртэй болчихсон юм. Тэр Сүмбүү гээд байсан юм. Тэгээд тэр надад зодоон зааж өгч байсан юм.

Ариун-Ундрах -

Зодоон?

Цэрэннадмид -

Мммм. Одоо өөр сургуульд очно. Налайхын сургуульд очих учраас одоо өөрийгөө хамгаалах хэрэгтэй гээд зодоон заасан. Нэг хуруутай бээлий бидний үед өмсдөг байсан юм. Тэгээд надыг зодоон сургадаг. Одоо чи хүүхэд зодох юм бол эрэгтэй хүүхдэд дээрэлхүүлж болохгүй гээд. Би тэр зодооныг нь их сайн сурсаан. Ямар ч эрэгтэй хүүхдийг зодчихно. Тэгээд Налайхд юу гэж тэгээд л очихоор миний өөдөөс хэн зодолдох вэ дээ. Эмэгтэй охидуудын үед байсан. Тэгээд бид нар зодоон сураад тэр Налайхд очсон. Налайхд очиход сурган хүмүүжүүлэх ухааны доктор Бор багш манай сургуулийн захирал байсан. Манай ангийн багш Дуламжав гээд нэг газарзүйн багш хүн байсан. Одоо байхгүй. Америкт байж байгаа. Ингээд бид нар Налайхд очоод би их том дэвшсэн. Ангийн дарга болсон юм. Налайхд хотоос шилжиж очсон. Тэгээд хүүхдүүдээ яана. Манай ээж тэр сургуульд бас үйлчлэгч хийнэ ээ. Тэгсэн чинь нэг өдөр байж байсан чинь нэг Буриад охин байдаг юм. Тэр Буриад охиныг яагаад тэгсэн юм бэ? Би нэг доромжилчихсон, муухай эвгүй үгээр. Тэгсэн чинь үдээс хойш болсон чинь манай ээж Бадарч гээд дараа нь засгийн газар сайд нарын зөвлөлд ажиллаж байсан тэр хүн хичээлийн эрхлэгч байсан. Хүрээд ир гэнэ. Тэгсэн яасан их яс үндсээр ялгаварлаж доромжилдог юм чи гээд би бүр арга хэмжээ авхуулах шахаж байлаа. Тэгээд Налайхд чинь нөгөө их задгай газар учраас бид нар их цанаар гулгана. Тэгээд цанаар гулгасаар байгаад цананд их дуртай болсон. Тэгээд анх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд улсын цанын уралдаанд орсон. 10 жилийг нэгтгэсэн. Тэгээд тэндээ их амжилт гаргаж 1-р зэргийн тамирчин болоод. Тэгээд дараа нь улсын тэмцээнд орох болоод Хандгайтад бэлтгэл хийдэг. Рэнцэндорж гээд нэг багш байдаг. Хандгайтад бэлтгэл хийсэн. 10 км явахынхаа урд өдөр нь би яасан бэ? гэвэл нэг 5 км биеэ халаачихаад яваад ирдэг юм уу гээд нөгөө 7-р ангийн хүүхэд юм чинь ноосон өмдөө давхарлаж өмсөөгүй. Тэгээд явчихсан. Тэгээд хөлөө хөлдөөгөөд, зүүн талын хөл ерөөсөө битүү хөлдөөд тэгээд л нэг цав цагаан юм болчихсон. Тэгээд л улсууд сандраад л нэг мөстэй усанд хийгээд ингээд өглөө боссон чинь цэврүү. Тэр хар хөх болоод цэврүү яагаад. Тэгээд улсын тэмцээнд орж чадаагүй. Улсын тэмцээн надыг аваачиж үзүүлсэн. Тэгээд би тэр нагац эгчийнхээ тэр Дашдаваа гэдэг хүний эгчийнд одоо өсөөд өндийчихсөн юм чинь дараа нь биеийн тамир спортын хороон дээр очиж надыг одоо хүүхэд авч яваад 7-р ангийн хүүхэд хөлдөөсөн гэж их зэмлэсэн. Одоо очно гээд. Тэгээд би нуугаад хэлээгүй. Тэгээд улсын тэмцээний нэгдсэн дүн одооны энэ үйлдвэрчний соёлын ордонд болсон юм. тэгээд надыг урилга өгсөн. Тэгээд би нэг их том эсгий гутал өмсчихөөд л дүнгийн хуралд очоод, надыг нэг 35-ын тийм ороолт, нэг тийм Хятад майк энэ тэрээр шагнаж байсан. Тэгээд л надыг чи энүүхэн юмнаас болж хөлөө хөлдөөчихөөд. Тэгээд ингээд насаараа л одоо чи хишгэж чадахаа байна гэж ингэж зэмлэж байсан. Тэгээд 1958 онд байх аа 7-р ангиа төгссөн. 7-р ангиас техникумд хүүхэд авдаг байсан. Тэгээд би нөгөөдөх ангийн дарга, сурлага гайгүй болохоор 8-р ангидаа хуваарилагдчихгүй юу. Тэгсэн төгсөөд 8-д орох болсон. Тэгээд 8-д хуваарилагдсан байсан чинь манай тэр нөгөө нагац, миний овоглодог Дашдаваа гээд тэр худалдаанд багш байсан. Одоо чи том болсон. Ээж аав хоёр чинь их хөгширсөн. Чи ээж аав хоёрыгоо тэжээх ёстой гээд тэгээд багшийн сургуульд оруулна. Хаана орох уу? гээд би анагаахад гэсэн чинь багшийн сургуульд ор. Багшийн сургуулийн захирал нь хожим МУ-ын гавъяат багш болсон 1-р сургуулийн захирал Гомбосүрэн гэж хүн байсан. Тэгээд би шалгалтгүй орсон. Монгол хэл, математикаар шалгалт авдаг байсан. Би арын хаалгадаад шалгалтгүй. 9 сарын 1-нд ирсэн чинь надыг Бор нуурын сангийн аж ахуйд яв гээд тэгээд Бор нуурын сангийн аж ахуйд явсан. Манай нөгөөдөх элсэлтийн хүүхдүүд байхгүй. Дандаа ахлах ангийн 3-р курсийн багшийн сургуулийн тийм хүүхдүүд байж байгаад тэгээд би тэнд очсон. Тэгээд тэр үед чинь одооны оюутнуудтай адилхан байшин барилгагүй. Майхан барьдаг байсан. Нэг өглөө босоод ирсэн чинь майхан маань цасанд дарагдчихсан. Нөгөө ах эгч нар л гараад битгий гараарай гээд л ингээд тэр дарагдсан майхныг цасыг нь арилгаж байж тэгэж гаргаж авч байсан. Түүний дараагаар багшийн сургууль чинь их мундаг сургууль шүү дээ. Бүтээн байгуулалтанд их оролцдог. Ерөөгийн төмөр замд байсан юм. Тэгээд Ерөөгийн төмөр зам тавиад тэнд очсон. Бид нар өдөрт куб метр чулуу. Куб метр гэдэг маань өргөөшөө 1 метр, өндрөөшөө 1 метр ийм куб метр чулуу яаж байж цалин өгдөг байсан. Могой гэж учиргүй. Ерөөсөө тэнд орой ажлаасаа тэр чулуу кублэж байгаад л ирэхэд л могой орон дээр байж байдаг. Тэгээд манай хажууд нэг одоогоор бол энэ хотын архи уудаг залуучуудын нэг тийм дандаа залуучууд оччихсон. Тэгээд тэнд манай ангийнхан гэр барьсан. 1-ийн 9 гээд Нямжав багштай байсан юм. Тэгээд хөөрхий минь дээ одоо бид нар шиг л ийм багш маань үүдэндээ ороо тавиад унтдаг. Бид нарыг хамгаалж байгаа юм. Тэр залуучууд чинь архи уудаг, тэр Ерөөгийн архины эмчилгээнд явсан. Тэгээд тэд нар бол нэг нь ч бид нарыг айлгаагүй, нэг ч могой хатгаагүй шүү. Ер нь тэгээд лустай хамаагүй оролдохгүй, тэгэж айлгаж цочоохгүй бол ер нь тэр яадаггүй юм байна лээ. Тэгээд нэг Ерөө гол үерлээд нөхцөлгүй ээ. Тэгээд би нэг хүүхдүүдтэй явж байсан чинь мод болгоны мөчир дээр могой. Тэгээд одоо юу гээч нь болж байгаа юм бол оо? гэсэн зүгээр ингээд гарчихсан. Тэгсэн чинь зарим нь усны үер болоод ингээд гарчихаж байгаа юм гэсэн. Тэр могойн чуулган байсан юм байна лээ л дээ. Могойн чуулганыг чимээгүй сонсож, дотроо залбирч гуйдаг юм гэнэ лээ. Амьдрал ахуй, ирээдүйгээ. Тэгвэл их сайхан болдог гээд. Тэгээд бид нар тэгэж гуйхаа ч мэдэхгүй. Ямар ч ёс заншил мэдэхгүй. Хэрвээ ёс заншил сайн мэдэж одоо ингэж байсан бол гуйх л байх байх л даа. Тэгээд бид нар нэг чулуу гуплэж байгаад машин очиж авдаг. Тэгээд машин очоод авсан чинь нөгөөдөх дандаа 15-16-тай хүүхэд юм чинь машин дээр явж байгаад, нөгөөдөх олуулаа машин дээр сууж яваад ингэж ганхаад машин онхолдоод тэгээд өчнөөн олон хүүхэд гэмтсэн. Тэгээд тэнд чинь Сүхбаатараас ирсэн вагон яваад зогсоод тэр хүүхдүүдийг бүгдийг нь аваад тийм юм болсон юм. Тэгээд би тэрний дараагаар тэнд одоо гүйж гарч байсан юм уу яасан юм хатгаадаад Сүхбаатар хотын эмнэлэгт нэг хэсэг хэвтсэн юм. Тэгээд л манайх чинь пионерийн удирдагчын анхны төгсөлт. Багшийн сургууль пионерийн удирдагчын ангийг анх удаа төгсгөж байсан. Манай ангийн багш Гомбо гэдэг багш байсан. бид нар чинь 20-н хэдүүлээ. Зун Сэлбийн пионерийн зусланд пионерийнхоо удирдагчын дадлагыг хийнэ. Нэг нэг бүлэг хариуцаж аваад л. Тэгээд л бас зөвлөх багштай, туслах багштай. Тэр үгүй ээ мөн сайн дадлага практик болж байсан. Хүүхэдтэй яаж ажиллах уу? Ямар зан чанартай хүүхэд ажиллах вэ? гэдгийг чинь одоо амьдрал дээр сургасан. Ийм сайхан сургууль. Миний ээж бол малчин хүн мөртлөө надыг тэр дадлага хийж байхад зөндөө олон эргэж очдог байсан. Миний хүү айх юм байхгүй. Хүүхэдтэй их намуухан харьцаж байгаарай гээд л... Тэгээд нэг багш нарын тусгай ширээнд сууна. Тэгээд л анх удаал одоо удирдах ажил хийж эхэлсэн маань тэр л дээ. Тэгээд би багшийн сургуульд байхдаа багшийн сургуулийн волейволын шигшээд тоглож айсан юм. Одоо ардын багш Цэвээн гээд тэр манай багийн ахлагч. Аа тэр Ерөөгийн төмөр замаас Дашхүү гээд нэг дээд талын бид нараас 3 ангийн дээр нэг нөхөр хөдөлмөрийн хүндэт медаль авсан. Тэгээд тэр 600 төгрөгийн цалин. Одоо чинь бараг л хэдэн сая ч байдаг юм бэ? 60 сая ч байдаг юм уу ёстой тийм л юу... Тэгээд би бол нэг 200 төгрөг авлуу даа. Тэрийгээ аваад л ээж дээрээ нэг их баяртай анхны цалин авсан, яасан ийсэн гээд л. Манай тэр хоёр ямар нарийн мэргэжил байх биш. Тэгээд л аав маань яваад нэг их танзуур хормойлоод ирж байсан. Дээр үеийн улсууд чинь тор байхгүй хормойлоод л танзуур авчраад л одоо хүүгийн минь цалин буусан. Ямар их мөнгө вэ? Бид хоёр чинь ерөөсөө амьдралдаа ийм их мөнгө авч байгаагүй гээд л ингээд яасан. Тэгээд багшийн сургуулийг бид нар олуулаа төгссөөн. 29-үүлээ төгссөн. Манай ангийн багш Гомбо гээд энэ барилгын ТМС-ийн захирал Гомбо гэж хүн байсан. Тэгээд бид нарт их найрсаг тийм сайхан ханддаг байсан. Тэгээд багшийн сургууль төгсөөд Налайхын сургуульдаа буцаад очсон, бага ангийн багшаар. 10 залуу очсон байх тэнд. Тэр Олзвой гээд засгийн газар байсан тэр нөхөр хичээлийн эрхлэгч болсон. Тэгээд Санжжав гээд нэг хүүхдийн зохиолч, шүлэг бичээд байдаг байсан тэр бид хоёр нэг дор ингээд очсон. Тэгээд хоёулаа гэр бүл байхгүй. Тэгээд л очоод хоёулаа эгчийндээ нэг орон дээр унтаад л өгнө. Тэгээд манай эгч надыг за энэ нэг залуутай л суух гэж байгаа юм байна даа гэж. Тэр Санжжав маань хотод найз охинтой. Тэр нь жирэмсэн болчихсон. Тэгээд залуу нас их сонин шүү. Тэр Санжжавын авгай Налайхд хүүхдээ төрүүлчихээд очсон. Тэгэхээр нь би уурлаад тэр хоёрын дундуур унтаж байсан. Тэр эхнэр нөхөр тийм юм гэж ч бодох юм байхгүй. Тэгээд тэр маань пионерийн үнэн сонинд ажиллаж байгаад нас барсан л даа. Тэрний дараагаар Налайхаас яваад тэгээд хотод шилжиж ирсэн. Манай ээжийн ах дүү нар бүгдээрээ хотод байсан учраас бас зохих зохих албан тушаалууд, гайгүйдүү албан тушаал байсан. Хотод шилжиж ирсэн. Хотод ирээд 33-р сургуульд бага ангийн багш хийж байсан. 33 чинь 1968 онд ашиглалтанд орсон юм. Тэгээд энэ 68 онд ашиглалтанд ороход би бас 33-р сургуулийн анхны эвлэлийн хороон дарга. Бага ангийн багш, анхны эвлэлийн хороон даргаар ингэж ажиллаж байсан. Тэгээд л тэнд чинь нөгөө сургууль сургуулиас олон хүүхдүүд ирнэ. Их хэцүү. Ер нь хэцүү ангиа л явуулна шүү дээ. Тэр одоо шинэ сургууль нээгдэхээр сайхан ангиа явуулахгүй. Жаахан тааруухан багш үлдсэн ангиа л явуулдаг. Тэгээд тэнд одоо өчнөөн олон нэр хүний хүүхдүүдтэй хамт байсан. Гэтэл надыг бага ангийн багш хийж байхад 1969 онд байна уу, 1970 онд байна уу нэг улаан хамгаалагчдын юм гарсан юм. Ингээд хамраа ингэж мааждаг, хамраа улайлгаад тэгээд ингэж чимхэж байгаад татдаг. Тэгээд тэр улаан хамгаалагчдын үзэл суртал одоо ямар ч учиртай байсан юм бэ? Тэгээд хотын намын хорооны Чимид гэдэг үзэл суртал хариуцсан нарийн бичгийн даргын хүүхэд манай ангид байсан юм. Тэгсэн чинь тэр тийм болчихсон. Тэгээд аавыг нь дуудуулаад одоо энийг хориглож байгаа, иймэрхүү байна гээд тэгсэн чинь би дөнгөж сая сургуулийн захиралуудад энэ улаан хамгаалагч болж ингэж нүүр нүдээ шалбалж юу яаж байгаа улсуудыг та нар хатуу анхаар гээд би дөнгөж яриад байсан миний хүүхэд ийм болчихжээ гээд их гэмшингүй байсан. Тэр ямар учиртай ч байсан юм. Тэрийг нь сайн учрыг нь мэдэхгүй. Ерөөсөө хүүхдүүд эсвэл энэ 2 хөмсөгний хооронд ингээд татаж чимхэж байгаад улайлгаад, эсвэл ингээд маажаад улайлгачихдаг тийм юм байсан юм. Тэгээд 33-р сургуулийг ашиглалтанд ороход Зөвлөлтийн 12-р хороог чинь Зөвлөлтийн Орос цэргүүд барьсан ш дээ. Тэгээд бид нар эвлэлийн гишүүд гээд нэг эргүүлд гарна аа, орой. Баахан залуучууд. Тэгээд Шондук гээд нэг Иркутскд төгссөн залуу Орос цэргүүд дээр очоод яриад суучихна. Тэр тухайн үедээ тэр Орос цэргүүд тэр ер нь охид эмэгтэйчүүдийг айлгаж байгаагүй ээ. Бид нар дандаа залуучууд байсан. тэгээд л яриад л. Энэ 12 давхар, 9 давхаруудыг чинь бариад л, дээр нь Орос цэргүүд, дандаа Орос цэргүүд барьж байсан. Яахав дээ ганц нэг хүний сураг дараа нь дуулддаг л байсан. Ер нь Оросууд бол их хүнлэг улсууд. Их соёлтой. Тэгээд л Монголын тухай яриад л, охидуудын тухай яриад л нөгөө эвлэлийн эргүүл чинь тэгээд л явна. Тэгээд байж байтал Югославын тэргүүн Броз Тито ирсэн юм, авгайтайгаа. Тэгээд Броз Тито албан ёсны айлчлал хийгээд, авгай нь 33-р сургууль, одоо Монголд үзүүлэх ганц сургууль нь тэр л дээ. Бид нар 2-3 хоног нойргүй. Тэр одоо Титогын авгайг хүлээж авахын тулд одоо ажиллаж байсан. Тэгээд Титогын авгай ч ирсэн. Нэг их сайхан тийм Монгол маягийн хар үстэй, инээд алдсан тийм эмэгтэй байсан. Тэгээд л дандаа залуучууд байдаг юм байна. Сайхан байна. Монголын өсвөр үе их сайхан орчинд сурч боловсорч байгаа юм байна гэж хэлээд ингээд Югославын ард түмэн одоо та нартай хамт нэгэн үзэл санаатай байдаг шүү. Ингээд хамтарч ажиллаж дэлхий нийт амгалан байх болтугай энэ тэр гэсэн тийм үг хэлж байсан юм аа. Тэгээд 33-р сургуульд байж байгаад туршилтын ангиар одоо Монголын боловсролыг... 1964 онд чинь анх үйлдвэр сургалт явагдаж байсан юм. Тэгээд одоо бол мэргэжлийн сургалт гээд байна л даа. 11 жилийн сургалттай үйлдвэр сургалт гэж явагдаж байсан юм. 9,10,11-р ангидаа тусгай мэргэжлийн сургалт ордог. Гагнуурчин, токарьчин, мужаан гээд. Тэгээд энийг Налайхын 10 жил маш их сайн хийж байсан. Налайхын 10 жил чинь ЕБС-аас анхны Алтангадас одонтой сургууль. Өдрийн цайг өгч байсан юм. 1964 онд надыг ажиллаж байхад. Тэгээд одоо ч улсууд би анх яасан. Өдрийн цай гарлаа. Засгийн газар одоо ингэлээ л гээд байдаг. Энэ чинь урд нь явагдаж л байсан ажлууд. Хийж л байсан ажил. 11 жилийн мэргэжлийн сургалттай болоод. Тэгээд Налайхын сургууль чинь нөгөөдөх уурхайгаа дагаад гагнуурчин, слесер, уулын маркшейдер энэ тэрийг төгсгөж байсан шүү. Их сайхан төгсгөж байсан. Жамбааняндаг гээд нэг захирал байсан юм. За тэгээд Налайхаасаа ирээд 33-р сургуульд байж байтал бага ангийн сургалтыг 3 жилийн туршилтанд оруулсан юм. 3 жилээр сургая гээд. Одоогоор бол ойртуулж л байсан байна л даа. Энэ хөгжилтэй орнуудад Англи, Америкт ч юм уу 12 жилийн сургалтанд ойртуулж л байсан байна. Тэгээд би 1-р сургуульд анхны тэр туршилт ангиар багшаар очсон. Тэгээд туршилт ангийн багшаар очоод дараа нь их сургуульд орсон. Их сургуулийн түүхийн ангид. Тэгээд их сургуулийн түүхийн ангийг чинь 1968-1973 онд төгссөн. Түүхч, түүхийн багш гэсэн ийм юугаар. Ямар сайхан улсууд байсан юм бэ? Ү.Нямдорж гээд л философийн багш байсан, Хүүхэнбаатар гээд л багш байсан, Чимидцэрэн гээд Монголын түүхийн багш, аа Чойжилсүрэн гээд л Монгол бичгийн багш. Эстетик, этик гээд зөндөө олон тийм сайхан хүмүүсийн юугаар байсан. Ер нь МУИС, Багшийн сургууль хоёрын сургалт бол үнэхээр чанартай. Одоо ингээд л эргээд бодоход тэр хоёрын л үндсэн мэргэжил надад байна. Би дэлхийн улс орон, дэлхийн хөгжил, улсуудын юу тэрийг бүгдийг мэдсэн явдал бол энэ одоо багш нарын л ач тус. Сургалт үнэхээр сайн байсан. Би “Монголын эмэгтэйчүүд эрх чөлөөний тэмцэлд” гээд сэдвээр их сургуульд байхдаа тийм дипломын ажил хийсэн юм. Тэгээд миний удирдагч багш нь Монголын түүхийн багш, дэд эрдэмтэн Чимидцэрэн гэж хүн байсан. Тэгээд би монгол бичгээ мэдэхгүй ээ. Чойжилсүрэн багш заана. Эхлээд л нэг дэгээтэй юм байхаар нь харж байгаад л Бат гэж байна, Буд гэж байна гээд л хэлнэ. Тэгээд багш загнаад надыг чи түрэмгий. Ерөөсөө сурахыг боддоггүй. Ингээд би 1-р курсдээ 1-р семистр, 2-р семистр муу гарсан. Үл тооцов гээд. Чи ерөөсөө суръя гэж боддоггүй, түрэмгий гээд. Англи хэл дээрээ гайгүй. Англи хэл дээр Эрдэнэцэцэг гээд нэг багш байсан. англи хэлээ сонирхоно. Тэгээд 2-р курст орсон Чойжилсүрэн багш чи ерөөсөө сурахгүй юм байна аа. Чи энэ монгол уйгаржин бичиг сурвал уул нь дараа нь төгсөөд чамд ажлын боломж, одоо академид тийм байгаа, намын түүхийн институтэд хэрэгтэй энэ тэр гэж хэлж байсан. Тэгээд л хаалгачихгүй юу. Тооцов гээд л хаалгачихна. Ямар дүн тавих биш. Тэгээд дараа нь “Монголын эмэгтэйчүүд эрх чөлөөний тэмцэлд” энэ сэдвээрээ бичсэн чинь архивт суух болно оо доо. Байхгүй, ноль. Ахыгаа гуйна, нагац ахыгаа гуйна, энэ тэндээс хүн гуйна. Тэгтэл ёстой одоо би яана аа эхнээс нь сурч байхгүй. Чойжилсүрэн багшийг одоо жаахан элэг барьж, тэр одоо нөгөө бөмбөгөө л тоглох гээд байгаа ш дээ. Өөр юм байхгүй. Би урлагт тийм тааруухан биш. Спортоор бол тэшүүрээс бусдыг нь чадна, зэрэгтэй. Тэгэж байж анх одоо монгол бичиг сурахын ач тусыг мэдээд, үнэхээр одоо Монгол хүн тэр уйгаржин бичиг сурч байж л түүхээ мэдэх юм байна даа гэдгийг ойлгож авсан. Тэгээд тэнд сууж байгаад тэр шар муутуу цаасан дээр бичсэн тэр эрх чөлөөний тэмцэлд эмэгтэйчүүд хэрхэн тэмцэж байсан, яаж байсан, тэр Дашваанжил гээд эмэгтэй тэр ноёныхоо эсрэг тэр бүгдийг нь юу яасан л даа. Тэгээд би дипломынхоо ажлыг онц хамгаалсан. Тэгээд нөгөө онц хамгаалаад ингээд гайгүй болохоор надыг түүхийн хүрээлэнд нийгмийн ухааны институтэд ирж ажиллаач гэсэн урилга ирж байсан. Тэгээд би одоо яах вэ? гэж бодоод байсан чинь би өөрөө монгол бичиг мэдэхгүй. Тэгэхээр чинь тэрийг мэдэхгүй хүн чинь одоо яаж яахав гээд. Тэгээд ерөөсөө багшаа үргэлжлүүлж хийхээр уул нь их олон хүн урьсан. Одоо би хэрвээ юу яачихсан бол тэр нийгмийн ухааны институт л дээ. Тэнд академид очсон бол гавъяат болчихгүй юу. Тэгээд багш болсон юм. Тэндээсээ 50-р сургуульд пионерийн удирдагч хийж байгаад дараа нь 1974 онд хүмүүжлийн эрхлэгчийн орон тоо гараад. Тэгээд хүмүүжлийн эрхлэгч бол МАХН-ын дарга заавал байдаг. Тэгээд би МАХН-ын дарга, хүмүүжлийн эрхлэгчээр 4-р сургуульд ирсэн. Тэгээд 4-р сургуульд ирчихээд ингээд байсан. Захирал нь гадаадад явчихсан байсан. Москвад 45 хоногийн курст явчихсан байсан. Би тэгээд өөрийгөө пионерийн удирдагч том одоо дарга болсон гэж бодсон. Намын үүрийн дарга Цэрэннадмид гэсэн хаягтай өрөөнд суусан. Аа тэгээд л сууна. Завсарлагаанаар ч гарахгүй, суугаад л байна. Тэгсэн захирал ирж гээд улсуудад бэлэг өгөөд ингээд л цаашаа наашаа яваад л байсан. Захирал таныг дуудаж байна гээд нэг хүн ирж хэлсэн. Би чинь нэг ч сар болоогүй байгаа ш дээ. Тэгээд нөгөө түрүүчийнхээ хүний хичээлийн эрхлэгчийн хийсэн 3 хавтас бариад л орж байгаа юм. Инээдэмтэй байгаа биз. Миний хийсэн гэж юу байх юм, юу ч байхгүй. Тэгсэн чинь өө нэг их гоё хүүхэн. Ингээд л энгэрээрээ дүүрэн саатай цамцтай, ноолууран цамцтай, нэг их гоё хуруутай, тамхи татсан эмэгтэй. За би таныг намын үүрийн чинь даргын хувьд дуудаагүй юм шүү. Намын үүрийн даргын хувьд таньд захирагдана аа. Та хүмүүжлийн эрхлэгчийн хувьд надад захирагдах ёстой. Би тэрнүүгээр чинь дуудаж байгаа юм гэсэн. За та их конторлодог гэнэ ээ гээд л баларлаа. Тэгсэн нэг нь матчихжээ. Одоо энэ нөхөр дандаа конторт суудаг гээд. Таны гол ажил бол хүүхдүүдтэй ажиллах явдал. Завсарлагаа, хүүхдийн чөлөөт цагийн үеэр л та гол үүрэг гүйцэтгэнэ, зөвлөнө, хэлнэ. Тэгээд манай ах тэр хотын боловсролын хэлтсийн Зандан гэж хүн байсан юм. Тэгээд л ерөөсөө үг дуулаагүй. Залуу хүн гэдэг чинь ширүүн үг дуулдаггүй. Хүнийг нэг ширүүхэн хэлэхээр нэг их дургүйцдэг ийм ч юм одоо ч байгаа л даа. Тэгээд л нөгөөдөх захирлын өрөөнөөс гараад л ах руугаа явлаа. Талбай дээгүүр гараад л хотын боловсролын газар очоод л. За яасан бэ? гээд тэгсэн. Би тэр Цэвээндулам захиралтай чинь тохирохгүй юм. Надыг загнасан. Би ажиллаж чадахгүй ээ. Та надыг өөр газар шилжүүлээд өг гээд. Өөрийн ах болохоор одоо их бас юу байна ш дээ. Тэгсэн тэр манай ах их ухаантай хүн байсан юм. За чи юу ч болсон 1 сар болчих. Ингээд дөнгөж томилогдчихоод дахиад хүнийг сольж болдоггүй юм ш дээ. Чи 1 сар болчих. Тэгээд ах нь шилжүүлээд өгье. Тэгээд 1 сарын дараагаар би захиралтай зохицоод, багш нартайгаа дасаад л тэгээд 4-р сургуульд 21 жил болсон. Тэгээд 4-р сургуульд очоод миний ёстой хамгийн өөдрөг сайхан юм тэнд байсан даа. Манай сургууль гэмт хэрэг, хэв журмын зөрчилгүй хамт олон болсон. Тэгэхдээ хэрэг зөрчил гарч байсаан. Янз бүрийн юм байсан. Тэр байтугай 8-р ангийн хүүхдээс хүчингийн хэрэг ч гарч байсан. Тэгээд манайх чинь 4-р сургууль чинь 1976-1977 оны Улаанбаатар хотын цэрэгжсэн тоглолтын аварга сургууль. Аа манай сургууль улаан загалмайн нийгэмлэгийн Дуламжав гээд байгаа юм. Тэр улаан загалмайн тэргүүний ажилтан, улсын их хуралд орчихсон. Үйлдвэрчний хороо маань 4 тийм бригад социалист хөдөлмөрийн сэхээтний нөхөрлөл гэж байсан. Тэрний бригадад ороод. Тэгээд байгууллагаараа сэхээтний нөхөрлөл гээд дарга маань Чех улсад бас шагналаар амарч байсан. Ардын хянан шалгах хороо чинь тэр үед чинь одоотой адилхан биш. Нэг л сандал эвдрэх юм бол тэр сандлыг чинь ардын хянан шалгах бичээд одоо тэр овогтой тэр багшид та сандлаа 3 хоногийн дотор ирж хариу мэдэгдэнэ үү гээд. Тэгээд нөгөө багш чинь нөгөө багшийг оруулж ирж үзээд за тэдэн номерийн сандал эвдэрхий байсан. Энийг ингээд засчихлаа, ингэлээ гээд ингэж яадаг. Ингээд бүх олон нийтийн байгууллага, тэргүүний байгууллага. 1982 онд манайх чинь Улаанбаатартаа тэргүүний сургууль болсон. Би 1982 онд сургууль минь тэргүүн болсон учраас ардын боловсролын тэргүүний ажилтан цол авч байсан. За ер нь багшилж байхад их юм тааралдсан даа. Би бага ангийн багш хийгээд Налайхд байхдаа хүүхэд их бөөстөнө. Үс нь их хуурстана. Тэгээд бага ангийн багш нар тэр хуурсыг нь түүдэг байсан ш дээ. Хуурсыг нь түүгээд, үсийг нь самнаад, тэгээд Хятадын нэг хулсан шүүр гээд нэг юм байсан. Тэр хулсан шүүр байхгүй. За мөн олон ч хүүхдийн бөөсийг түүсэн дээ. Тэр бол цаг үе тийм л байсан юм чинь. Тэгээд ашгүй тэр үеэр чинь юу гарч ирсэн бэ? гэвэл соёлын довтолгоон гэж гарч ирээд бүр одоо 4 хүн байна. Нэг нэг сандалтай байна. Орж ирээд бүтээлгийг нь сөхөж хараад за танай энэ орны дэвсдэг даавуу чинь ийм байна, энэ чинь ийм байна. Дэрний уутаа 2 ээлжийн болго, нүүр гарны алчуураа 2 ээлжийн болго. Тэр соёлын довтолгоо Монголчуудыг их яасан. Ялангуяа соёлын довтолгоонд бол Орос ах нар манай Монголыг бол үнэхээр одоо нэг цэвэрлэсэн дээ. Одоо БЗХӨ-тэй өчнөөн олон хүнийг эмчлүүлсэн. Тэр бөөс хуурстай хүүхдийн дунд мөн л явж байсан. Айхтар өвгөн бүргэд гээд л ярьж байгаа тахал өвчинд бол Оросын эмч нар л явж байсан. Ер нь Орос хүмүүсийг бол бид нар үеийн үед мартахын аргагүй. Тэгэхэд бол 2 социалист орон байсан. Тэрүүгээрээ ч юм уу ер нь ёстой энэ Оросын ард түмнийг бол мартахын аргагүй. Тэр дундаасаа одоо Чойбалсанг бол би их хүндэтгэдэг. Яагаад гэвэл 1949 онд Монгол орныг тусгаар тогтносон улс мөн үү? Биш үү? гэдгийг бүх нийтийн санал хураалт болсон. Тэрүүгээр 90-н хэдэн хувь нь одоо МУ нь тусгаар тогтносон улс гээд тусгаар тогтнолыг авч үлдсэн. За дараа нь Цэдэнбал дарга байгаа. Цэдэнбал дарга бол 40 жил Монголын төрийг барьсан. Аймшигтай харгис хүн биш шүү дээ. Авгай нь Филотава гэж Орос эмэгтэй байсан. Тэр сургууль цэцэрлэгийг соёлжуулах, сургууль цэцэрлэгийн хүүхдийн төлөө тэр Филотава гэж эмэгтэй бол асар их зүйлийг хийсэн. Жишээлэх юм бол одоо сургуулийн хүүхдүүдийг формтой болгоно гэж циркэд бүх захирлуудыг цуглуулчихаж байгаад л. Тэгээд нэг захирал бас бараан өнгөөр хийнэ гэхэд заавал Монгол хүүхэд тийм хар бараан өнгөтэй байх ёстой юм уу? Яагаад Оросын хүүхдүүдтэй адилхан тийм гоё саарал өнгө байж болдоггүй юм. Тэгээд л одоо аймаг болгонд Филотава нэг цэцэрлэг байгуулсан. Улаанбаатар хотын одоо энэ чингэлтэйд Бүжинхэн гээд цэцэрлэг байж байна. Аймаг болгонд цэцэрлэг. За Цэдэнбал дарга бол үйлдвэржүүлэх, хөдөө аж ахуйг механикжуулах асар их юм хийсэн. Одоо бид нар өөрөө яг дунд нь орж байсан улсууд шүү дээ. Хөдөө аж ахуйг механикжуулж олон сангийн аж ахуйг хийсэн. Атар эзэмшсэн. Гурилаа өөрснөө хийгээд тээрэмдээд авчихдаг. Гадаадад гаргадаг, махаа гаргадаг. Тэгээд зарим улсууд хэлдэг л юм л даа. Оросуудад их өртэй, ширтэй. Орос амьдаар нь мах авсан, биднийг шулж байсан. Тийм биш. Одоо зах зээлийн үед эргээд бодоход ёстой зах зээл л байсан байгаа юм. Одоо ингэж гаргавал ингэж яана, ийм байшин барина. Одоо ингээд л 12-р хороолол, одоо миний сууж байгаа 13-р хороолол дандаа бэлгийн хорооллууд. Энэ чинь одооны юугаар бодоод л үзэхэд хичнээн төгрөг, хичнээн кв.м нь хэд байх уу? Өнөөдөр 1100$ гээд л кв.м-ийг ингэж байгаа. Ийм учраас Монголын хөгжилд, Монголыг соёлжуулахад, аа тэр цэвэрхэн сайхан байхад ер нь Оросын ард түмэн бол маш их тусалсан. Оросын ард түмнийг ёстой үеийн үед ер нь ёстой мартаж болохгүй. Яахав бусад орны өнөөдрийн туслалцаа дэмжлэг улаан загалмайн шугамаар, дэлхийн нийтийн даяарчлалын ийм юмыг бол бид нар үгүйсгэхгүй л дээ. Тэгэхдээ бид нар ямар улс байсан билээ? Тэр зурган дээр байдаг ш дээ. Зүгээр нэг хэдэн гэр хороолол, тэгээд л ганцхан өндөр Жанрайсиг харагдаж байдаг. Гэтэл өнөөдөр энэ байшин барилга, за 90 он хүртэл бодъё л доо. Тэр сангийн аж ахуй, тэр хүнсээ өөрийгөө яаж байсан. Тэгээд л хамгийн ядарсан хүмүүсийг хамгийн түрүүнд харж үздэг, үгийг нь сонсдог, тэд нарыг нилээн арга хэмжээ авдаг тийм байсан. Одоо бол өнөөдөр мөнгөтэй хүн л тэгэж үйлчлүүлнэ. Өөр юм бол байхгүй л дээ. Ингээд би бол малчин гаралтай. Миний аав надыг гаргахдаа адуун бригадын дарга байсан юм гэнэ лээ. Тэгээд миний нийгмийн гарал сэхээтэн гэж явдаг юм. Би намд орохдоо ингээд аав тухайн үедээ адуу бригадын дарга байсан гэсэн за тэгвэл чи сэхээтэн гэж явах юм байна шүү гээд. Манайх бол 3 үеийн тийм жирийн л айл. За нэг их ядуу зарагдаад байсан юм байхгүй ээ. Тэрүүн дээр бол нэг их. Тэгэхдээ манай ээжийн 2 дүү бол хэлмэгдэж байсан л даа. Яахав тухайн үеийн жишээлбэл тэр нэг дүү нь бол цэрэг техникийн үйл ажиллагаанд мөнгө зарахаасаа энийгээ больмоор байна, сургууль байгуулмаар байна энэ тэр тэгэж хэлж байсан. Нөгөөдөх нь бас намын үзэл суртал Чингисийн юугаар бас намаасаа бууж арга хэмжээ авхуулж байсан. Энэ бол хэлмэгдэл биш л дээ. Тухайн ямар нийгэм байна уу? Тэр нийгмээрээ л байна. Өнөөдөр энэ хувийн өмчийг эсэргүүцээд л, хувийн өмчийг одоо сөнөтүгэй, энэ баячууд сөнөтүгэй гэх юм бол бас л нэг өөрөөр хандана. Тийм учраас нийгмийн тэр эрээн бараан, тэр хэлмэгдэлтийг би тухайн нийгмийн нэг салхинд л гараад өнгөрсөн учраас тэрийг хэлмэгдэл энэ тэр гэж боддоггүй. Тэр бол цаг үеийн л асуудал. Тийм л ёстой бурхан багшийн юугаар товлох л тийм асуудал. Тэгэхдээ Монгол оронд хүн болгосон бурхандаа их баярладаг. Монгол газар шороон дээр Азийн энэ өндөрлөгт хүн болгосон бурхандаа бол би ёстой үргэлж залбирч байдаг. Хүнийг чинь овоо тахилгандаа, лус савдагтаа захирч байдаг. Одоо чинь болох дээр зэрэг л энэ Бат-Отгон энэ тэр бол юм болгон эзэнтэй. Юм болгон уул ус эзэнтэй. Тэндээ бодож залбирч бай гээд миний бодол таараад байх шиг байдаг юм шүү. За би 4 охин төрүүлсэн. Хүү байхгүй ээ. 4 охин төрүүлсэн. Манай өвгөн хөгжимчин. Улсын фелормонид 25 жил т.... хөгжим тоглоод тэтгэвэртээ гарсан. Аа охидууд маань том охин маань барилгын салбарт ажиллаж байна. 2 ихэр охинтой. Тэр хоёрын нэг нь халдвар судлалын төвд одоо эм зүйч хийж байна. Нэг нь инженер. Бага охин маань Баянгол дүүргийн татварын байцаагч. Одоо Гонконгын наад талын Шин Жин хотод бүгдээрээ амьдарч байна. Ингэээд бид нар бол илжигнийхэн. Илжигэн удамтай. Гэхдээ илжигэн удамтай гэж аав ээжийнхээ ярьснуу гэхээс яг тэрийгээ тогтоож чадаагүй. Увс аймгийн тэр сумынхан бол Чингисийн хар тугийг яасан тугчин овгийн. Тэр Чингисийн тугийг авч үлдсэн, харж байсан, хамгаалж байсан улсууд юм гэнэ лээ. Тэгээд илжигнийхэн гэж зарим нь бол Илжигэн гээд нэг их том чихтэй ноён байсан юм гэнэ лээ энэ тэр. Тийм биш байх аа. Илжигэн гэдэг нь тийм нэг угсаатны л тэр удам судар юм шиг байна. тэгээд бид нар чинь өөрсдийнхөө юуг сая л харин тэр угийн бичигт өөрийнхөө юмыг л сонирхож тэгээд Их тугчин овгийн ийм л хүн л дээ.

Ариун-Ундрах -

За таны хүүхэд насны мөрөөдөл юу байсан бэ?

Цэрэннадмид -

Хүүхэд нас гэдэг чинь 1952 онд 15-р сургуульд орсон. 15-р сургуульд орчихоод би эмч л болъё гэж боддог байсан. Эмч болох юмсан гээд л яаж эмч болъё доо. Хүүхэд чинь гадаад үзэмжээр нь сонгодог шүү дээ. Нэг цагаан халаад өмссөн, цагаан малгай өмссөн. Тэгэхээр эмч болох юмсан гэж их боддог. Ерөөсөө би бол эмч болно гэж бодож байсан. Ер багш болно гэж огт бодож байгаагүй. Эмч болох юмсан, эрүүлжүүлэх юмсан. Тэгээд тэр гэртээ их тийм эмчийн чагнуур барьж тоглоно. Манайх чинь нөгөөдөх миний нагац ах Дашдаваа гээд овоглосон хүн маань сэхээтэн учраас бүх юм хангалттай. Манай намын дээд сургуулийн тэр багш нарын хүүхдүүд чинь 15-р сургууль одоо 1-р цахилгаан станцын хажуу талд. Тийшээ явахдаа тэр .... гээд нугасан хошуутай нэг автобус байсан юм. Хаалгыг нь ингэж онгойлгодог. Тэр автобусаар бидний үед явдаг. Тэгээд тэр намын дээдийн багш нарын хүүхдүүд учраас дандаа Орос галстуктай. Аа Монгол хүүхдүүд бол зүгээр улаан даавуу аваад 1 метрээр нь ингээд сэмэрчихсэн байж байна. Яагаад ч оёдоггүй байсан юм. Тэгээд л багштайгаа их ярина аа. багш надад их сайн. Би их тийм өндөр нуруутай хүүхэд байсан. Магаадай гээд нэг багш, Цэнд-Аюуш гээд нэг багш байсан. Тэгээд эмч болохын тулд чи их л юм сайн сурах хэрэгтэй. Дунд ангид ороод чи химийн хичээл, биологийн хичээлийг их сайн үзэх хэрэгтэй. Тэгэхгүй бол эмч болж чадахгүй. Тэр үеийн багш нар их сайхан. Чи эмч болно оо, алдар нэртэй эмч болно. Багш нь очиж үзүүлнэ дээ. Одоо манай шавь Цэрэннадмид байж байгаа. Энэ эмчдээ үзүүлнэ, шавь минь. Гэх дээр зэрэг би их баярлана аа. Одоо ерөөсөө эмч болчихсон юм шиг л багшийг ерөөсөө би хамгийн түрүүн үзнэ гээд л их мөрөөдөж ярьдаг. Хүүхэд бол гадаад үзэмжээр нь яадаг. Тэгээд одоо хүний мөрөөдсөн хүссэн юм амьдралын эрхээр тэгээд багш болоод ээж аавынхаа юугаар. Одоо хүүхдүүд ч гэсэн одоо ч адилхан. Ах дүү, ээж аавын зөвлөгөөгөөр л мэргэжлээ сонгочихож байгаа. Тэрнээс яг.... Одоо бол ч сайхан байна л даа. Янз бүрийн дугуйланд сурна. Дугуйлангаар юмаа авна. Биеэ авч явах ёс энэ тэр гээд. Бид нарын үед чинь тийм юм байхгүй ш дээ. Тэгээд нөгөө пионерийн ажил хийнэ. Өөр юм байхгүй. Тэгээд бид нарыг сурагч байхад их гоё. Зайсан толгойн хөшөө байна ш дээ. тэрүүн дээр 1, 3-р ангийнхан, 2, 4-р ангийнхныг байлдуулж тоглуулдаг байсан, манай сургуууль байлдаан хийж. Тэгээд тагнуул барина. Тэр 1, 3-р ангийн тагнуулуудыг барьж. Одоо тэр чинь нөгөөх дайны дараах жил. 45 оны дайных учраас л одоо тийм эр зоригийн тийм хүмүүжил яасан юм байгаа биз дээ. Тэгээд би цэргийн эмчээр ажилладаг. Тэгээд л нөгөө хүүхдүүдийг чинь үзээд л юу байна эмнэлэгт хэвт гээд л. Тэгэхээр тэр цэргийн эмчээр надыг ажиллуулж байсан болохоор багш минь энэ эмчид сонирхолтой, эмчийн мэргэжил ирээдүйд магадгүй л гэж бодож байсан байх л даа. Тийм их сонин сонин сайхан юмнууд бол бага насанд хотод өссөн учраас би хөдөө мал сааж ингэж үзээгүй. Энэ хотод хүрээд ирсэн учраас. Тэгээд би нөгөөдөх Увсаас ирэхдээ 45 хоног нүүж ирэхдээ нэг орсон буурыг харсан санадаг юм. Тэгээд манайх чинь нөгөө 8-9 тэмээгээр нүүж яваа. Өглөө тэмээндээ ачаалаад л орой буулгана ш дээ. Тэгээд нэг ингээд овоохой барина. Ингээд нэг хэдэн униа ингэж босгож байгаад л одоо энэ цаатангуудын урц шиг. Тэр үгүй ээ мөн их тэсвэр байгаа биз. Өдөржин нүүгээд л яаж одоо дүү бол нялх учраас манай Увсынхан чинь модон дээр өлгөчихдөг байсан юм. Нурууг нь эгц байлгана гээд. Тэгээд дүү наранд, өдөржин л наранд шарагддаг. Тэр модон дээр өлгөөтэй. Надад нэг аяганд хэдэн ааруул тавиад өгчихнө. Араган дотор тэгээд Увсын баруун туруунаас 45 хоног нүүж ирсэн. Тэгээд би тэр орсон буур одоо ингээд л буур гээд л ярих дээр зэрэг тээр хол нэг тэмээ бэлчиж байсан. Тэгсэн чинь толгой дээрээ нэг улаан юм ингээд уячихсан тийм л тэмээ наашаа гүйгээд л ингээд толгойгоо сагсагнаад л. Тэгсэн чинь одоо орсон л буур байсан байгаа юм. Тэгээд л хаая хууя гэж хашхираад л. Орсон буур чинь тэмээгээ, хүнийг барьдаг юм гэнэ лээ ш дээ. Тийм учраас их дошгин буурыг тэгэж улаан залаа хадаж өгдөг. Болгоомжил оо гэж. Тэр урдаг нохойнд улаан хүзүүвч хийгээд өгдөгтэй адилхан. Тэрийг би бас тэнд явж байсан болохоороо тэр орсон буурыг нэг санаад байдаг юм. Тэгээд өөр юм бол мэдэхгүй. Би жоохон араганд л ирсэн юм чинь. Тэгээд л яаж ч одоо бие засаж байсан юм, хэн мэдэхэв. Тэгээд л өглөө болгон одоо 45 хоног өглөө болгон тэмээн дээрээ юмаа ачаад л, тэгээд л орой болгон буугаад л. Бас л их бид хоёрыг л эрдэмтэй боловсролтой болгоё гэж ингэж яасан. Манай дүүг Сүхбаатар гэдэг юм. Барилгын яаманд инженер, хэлтсийн дарга хийж байгаад одоо тэтгэвэртээ гарчихсан л даа. Тэгээд бид хоёр хоёулаа л дээд сургууль төгссөн. Хоёулаа л ээж аавынхаа хүслийг яг биелүүлж эрдэм номтой зохих тийм хүн болсон л доо. Ээж аав хоёрын минь зорилт ёстой бүрэн биелэгдсэн. Их баярлаж байдаг байх гэж би боддог юм.

Ариун-Ундрах -

За та тэр үеийн хүүхэд эцэг эх хоёрын хоорондын харилцааны талаар ярьж өгөхгүй юу?

Цэрэннадмид -

Тухайн 1949 оноос эхлээд л хүүхдүүд эх эцгийн харьцаа гэдэг маань энэ кино, ном зохиол дээр саваагаар зодож байсан юм яриад байдаг юм. Тийм байгаагүй ш дээ. манай ээж аав хоёр чинь хоёулаа тийм боловсрол байхгүй. Сургуульд суугаагүй. Нэг дөнгөж л өөрийнхөө нэрийг нэг Цэвэл, Дорж гээд л гарын үсэг зурдаг ийм. Тэгээд манай ээж аав хоёр тэр ер нь бусад хүний хүүхдүүд бол их чөлөөтэй байсан ш дээ. За нэг өдрийн ганц тэр загнадаг байсан юм байгаа биз дээ. Тэрийг бол би мэдэхгүй. Эх эцгүүд бол их чөлөөтэй. Ярих юмаа ярина. Одоотой юмны араар нуугдаад л хэлж чадахгүй нэг тийм хэтрүүлэгтэй кино жүжгүүд бол их бий ш дээ. Тэр үеийн хүүхдүүд бид нар чинь чөлөөтэй. Ярина, асууна. Тэгээд өөрийнхөө сонирхсон юм болгоныг чөлөөтэй ярилцана. Одоо энэ ардын эмч болчихлоо доо Баасанхүү гээд, тэрний эгч Цэндсүрэн бид хоёр их найз. Намын дээд сургуулийн тэр хойно байдаг. Төв хорооны үзэл суртлын хэлтэст байсан тэр Балхаажав гуайнх манайх айл байсан юм. Тэгээд Балхаажав гуай энэ тэр чинь их энгийн. Ер нь хүүхдийг их хүндлэнэ шүү. Би их дээс тоглодог тийм хүүхэд байсан. Тэгээд л өнөөдөх дээс тоглох гэхээр надад дүү байхгүй. Манай тэр эгчийн эрэгтэй хүүхэд надад дээс барьж өгдөггүй. Гэрийнхээ бүслүүрээс уячихаж байгаад л нөгөө талаар нь ингээд л тоглочихно. Тэгээд манай нагац ах энэ тэр манай аавыг Од гэдэг байсан юм. Одоо хүргэн ах нь шүү дээ. Өө Одын хүү дэвхэрч л байна, үсэрч л байна. Тэгээд дугуй унахыг зөвлөдөг байсан. Эрэгтэй хүний дугуйг нөгөө доогуур нь унадаг ш дээ. Тэгэж байж одоо тэр намын дээд сургуулийн ар талын довоонуудаар унаж тусан байж нэг сургасан. Тэгэж одоотой адилхан ингэж загнадаг ч юм уу, хараагаараа байдаг энэ тэр мэдэхгүй ээ. Чухам хөдөө байсан юм байлгүй. Улаанбаатар хотод лав тийм юм байгаагүй. Ээж аав нар их сайхан ярьдаг, хэлдэг. Миний ээж аав хоёр бол ажилчин болоод ч тийм юм уу миний хүү тэг ингэчих ... Ер нь миний ээж аав хоёр надыг зодож байгаагүй ээ. Нэг их чанга ч дугарч байгаагүй. Тийм учраас би бол бас л гэртээ тиймэрхүү л орчинд өссөн. Надыг хүн чанга загнаж, чанга дугардаггүй учраас тэр. 2-рт нь тэр үеийн үүх түүхээ их ярьдаг. Шашин номын учир агуулгыг манай аав бол юу гэж хэлж байсан бэ? гэвэл энэ одоо од гариг, энэ ном уншуулаад байгаа улаан цагаан шүхэрт ч байдаг юм уу, бусад энэ улаан юм ч байдаг юм уу. Энэ ном чинь бол зүгээр хий хоосон юмны төлөө биш. Энэ огторгуйд ирж байгаа их юунууд байгаа. Огторгуйд байгаа од гаригсын нөлөөлөл их хурц. Энийг л одоо зөөлрүүлж байгаа юм. Түүнээс биш хий нэг бурхан гээд нэг тийм юм тэнд байчихаад чамайг алсаас хараад ингээд удирдаад байхгүй. Аа чиний сэтгэл санаа чинь зөв, чи сайн залбираад л за би ирээдүйд их сайхан амьдарна даа. Олон хүүхэдтэй болно. Сайн нөхөртэй болно. Ингээд ээж аавыгаа асрана гээд л бодоод байх юм бол энэ чинь яг бурхан тэрийг чинь сонсдог юм. Тэгэхээр бол тэр их гүн ухааны юм байгаа биз. Өөрөөр санаа зөв байвал заяа зөв өө. Үргэлж одоо сайхан энэрэнгүй сайхан бодож бай. Муу л юм бодоод байх юм бол өөрт нь хар хүч хуримлагдаад одоо ингээд бүтэхгүй ээ. Энэ бас баруун Европын тэр Англи, Америкийн киноноос ч гэсэн тийм л байна ш дээ. Сайхан санаа дагуулбал... Тэр ээж аав нар бол их л сайхан улсууд байсан даа. Тэгээд янз бүрийн Оросоос орчуулсан хүүхдийн ном их байсан. Тэр хүүхдийн номыг их уншина. Ном л их уншуулдаг байсан. Бас гайгүй л байдаг байх л даа. Бас зарим талаар ч дутагдалтай л байдаг байх тийм ээ?

Ариун-Ундрах -

Та хамгийн анх бага сургуульд орж байсан тухайгаа ярьж өгнө үү?

Цэрэннадмид -

Би бага сургуульд Тэрэлжийн 10-р баг гээд би бага сургууль байсан. Тэгээд яагаад миний үсийг авчихсан юм бэ? Би эрэгтэй хүүхэд шиг тийм үстэй орсон, энэ ургаж байгаа халимаг шиг. Тэгээд тууз гэдэг нэг тийм эрээн юм гардаг байсан юм. Тэгээд тэр туузыг манай тэр нагац эгчийн нөхөр нь вагоны машинист байсан хүн. Тэр тууз, лент зүүгээд ингээд. Тэгээд миний үс чинь нөгөө тийм богинохон юм чинь зүүж болохгүй ш дээ. Тэгэхээр энэ үсийг ингэж боож байгаад дахиж ингэж боогоод тэр тууз яадаг. Би дандаа ноцолдож байгаад нөгөө туузыг чинь хаячихдаг. Тэгээд өнөөдөх туузыг чинь явсаар байгаад манай тэр хүргэн ах их сайн хүн байгаа биз. Надыг загналаа, чи туузаа хаясан гэхгүй. Тэгээд л зөндөө олон тууз гаргаж ирнэ. Энэ хаана байсан бэ? гээд. Тэгээд би нөгөөдөхөө хаячихдаг байхгүй юу. Тэгээд тийм үстэй 15-р сургуулийн 1-р ангид орсон юм. Тэгээд яагаад одоо ааваараа овоглоогүй. Манай аав чинь Дорж гэдэг хүн байсан юм чинь. Тэр бодвол одоо энэ хотын хүн биш энэ тэр гэсэн юм байлгүй дээ. Тэгээд миний 4-р анги төгссөн гэрчилгээн дээр Дашдаваагын Цэрэннадмид гэж байдаг юм. Тэр намын дээд сургуулийн багш Дашдаваа гэдэг хүн МАХН-ын түүх уншдаг хүн байсан. Тэр хүнийхээ юугаар би ороод тэгээд яваад очсон сургууль эхэлчихсээн. Би Тэрэлжээс ирсэн. 9 сарын 1 болоод бүр өнгөрчихсөн. Тэгээд яагаад тэгэж өнгөрсөн бэ? гэвэл энэ алаг туу чинь нэг цугладаг ш дээ, буцахаараа. Тэгээд тэр алаг тууг би хөөдөг байсан. Тэгсэн чинь одоо сургуульд сурна. Одоо ингээд сургуульгүй байж болохгүй гээд манай тэр нагац ирээд авсан. Тэгсэн би нэг халуураад бүр ёстой ааваасаа том болтлоо хавдсан юм гэнэ лээ. Одоо тэр коор байгаад туссан уу? Яасан бэ? Мэдэхгүй ээ. Тэгээд л тэр манай нагац ах холбооны хүн. Гомбо гээд хүн байсан юм даа. Энэ Поли техникийн дээд сургуульд насаараа газарзүйн тэнхмийн багш байсан юм. Тэгээд хотоос нөгөө Тэрэлж хүртэл чинь ямар автобус унаа гэж байх юм биш дээ. Морьтой яваад надад эм тариа аваачиж өгөөд. Тэгээд л ээж аав хоёр одоо надыг за өнгөрлөө. Буруу хараад хэвтэж байгаа нь зүгээр аав шигээ тийм тарган байсан байгаа юм, хавагнаад. Тэгээд л тэр нагац ахын аваачиж өгсөн эмнээс болоод хаван чинь ингээд тас тас үсэрдэг юм гэсэн. Тийм тэгэж тас тас үсрээд тэгэж эдгэсэн. Тэгээд би чинь бүр хойно орсон байх нь л дээ. Тэр өвчин тусаад ингээд алаг туу буцчихсан. Тэгэхээр одоо бодоход нэг 9 сарын 20-доор л орсон байх. Тэгээд орсон чинь нэг хүү хөөх яасан муухай өндөр юм бэ? гээд надыг тэгсэн юм. 1-р ангид орсон чинь. Тэгээд тэрний аав нь тэр намын дээд сургуулийн мах цавчдаг Балдан гэдэг хүн. Тэгээд би бас их хортой байсан л даа. Сайн харж авсан. Дамдинсүрэн гээд нэг хүү. Тэгээд дараад нь нөгөөдөх хүүхдүүд 4-р анги төгсөх болоод би Налайхын сургуульд шилжих болоод л яасан. Тэгсэн чинь нөгөөдөх зодоон зааж өгөөд. Өөрийгөө хамгаалж бай. Эмэгтэй хүн хамгаалахгүй бол болохгүй. Нөгөөдөх нэг хуруутай бээлийн дотор чулуу хийчихнэ. Тэр чулуу хийж байгаад цохихоор чинь ингээд баллана биз дээ. Ёстой тэр хэдий хөвөнтэй ч гэсэн. Тэгээд за чи очоод Дамдинсүрэнг зодчих гэсэн. Тэгээд Дамдинсүрэнг очиж зодсон юм. Тэгсэн чинь зайлуул даа ямар сайхан юм тэр үеийн эрэгтэй хүүхдүүд. Одоо надыг бол баллаад л хаяна ш дээ эрэгтэй хүүхэд. Тэгсэн чинь уйлаад л яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь муу махчин Балдангын Дамдинсүрэн гээд л. Аав нь мах цавчдаг хүн байсан. Тэгэж байж тэр сургуульд анх орж, Магаадай гэдэг багшийн ангид 1а ангид орж байсан юм аа. Тэгээд л их сайхан. Форм чинь дандаа Орос формтой, Орос партиктай. Тэр сэхээтний хүүхдүүд чинь 4 тал нь ийм доороо төмөртэй тийм цүнхтэй байсан ш дээ. Тэгээд тэр цүнхэн дээрээ ингээд гулгачихдаг тийм цүнхтэй анх орж байсан. Тэгээд би учиргүй баярлаж байсан. Тэгэхдээ гэрээ санана аа. Ёстой ингээд л энэ Баянзүрх уул руу хараад л зогсчихно. Гэрээ санаад ерөөсөө болдоггүй. Тэгээд нэг орой чийдэн унтраад ингээд тоглож байгаад, нэг нагац эгчийнхээ хүүхэдтэй дүүтэйгээ тоглож байгаад шкафанд нь ороод унтчихсан. Тэгсэн чинь л нэг мэдсэн чинь л надыг Цэрэннадмидаа гээд... Би чинь Сэссээр гэж нэртэй байсан юм. Өө нээрээ марчихсан байна ш дээ. Сэсээр гэж нэртэй байсан ш дээ. Тэгээд Сэссээр гэж нэртэй байсан чинь өвдсөн юм гэнэ лээ. Аа тэр хавдраас болоод тэгээд манай тэр ах одоо ингээд өвдөөд байх юм яасан юм бол гэсэн нэрийг нь соль. Нэг том улсын нэр авчихсан. Тэгээд 3 с-тэй бичдэг байсан. Тийм нэртэй байсан. Тэгээд Цэрэннадмид болсон. Тэгсэн надыг дуудаад байхгүй юу. Тэгээд би нөгөөдөх хүүхэд юм чинь нам унтчихсан. Тэгсэн манай нагац эгч энэ чинь одоо нас барчихсан юм байлгүй дээ гэж айж байсан гэж ярьдаг юм. Тэгэж сургуульд орж нэг их бөөн баяр. Тэгээд Орос формтой, Орос партик чинь их гоё ш дээ. Пансан тийм партиктай. Тийм л гоё хүн орж байлаа даа. Манай нагац эгч тэгээд шөнө сууж байгаад л дээл хийгээд өгдөг. Тэгээд л харшийн наадамд явна. Тэгээд нөгөө жагсаалууддаа явна шүү дээ. Октябрын баяр, Майн 1-ны баярын жагсаал болж байна. Тэрүүнд бол их хөөрнө өө.

Ариун-Ундрах -

Тэр үеийн багш сурган хүмүүжүүлэгчид нь ямар байсан бэ?

Цэрэннадмид -

Багш нар гэж одоо их залуухан залуухан тийм л улсууд байж л дээ. Одоо миний 15-р сургуулийн багш одоо энд ажилладаг юм ш дээ. Чойжил гээд. Тэгээд манай ангийг Магаадай гэдэг багш авч байсан. Тэгэхдээ ерөөсөө хүүхэд загнахгүй. Аа гэхдээ томхон биетэй өндөр хүүхдүүдийг гэртээ аваачиж гэрээ цэвэрлүүлнэ. Хүүхдээ харуулна. Одоо би 2 цаг явсан бол маргааш нөгөө Туяа ч явдаг юм уу, нөгөөдөр нь Зоригоо ч явдаг юм уу ингээд. Аа тэгээд манайх чинь өнөө нарийн төмөр замын харъяа болохоороо хангамж сайтай. Тэр одоо 1-р цахилгаан станцын тэнд одоо байдаг юм уу, үгүй юм уу. Нэг дүнзэн байшин байдаг юм аа. Тэнд 15-р сургууль анх байсан. Тэгээд тэнд тараах материал байхгүй. Оросын үзүүлэн их байсан юм. Одоо энэ бие гар яасан, тэгээд л ургамал судлалын хичээлийн үзэсгэлэн. Орос үзүүлэн маш их байсан ш дээ. Тэгээд л одоотой адилхан тараах материал, бид нарыг багшилж байхад чинь хүүхдийнхээ эх эцэгт өгөөд л тараах материал хий энэ тэр гээд л. Тийм юм байхгүй. Дандаа тийм жинхэнэ хэвлэмэл Оросын тэр хичээлийн үзэсгэлэнгүүд их байсан. Үзүүлэнгүүд их байсан. Тэр үзүүлэнгээр заана. Тэгээд эх орны дайн дууссаны дараагаар цэрэгжлийн эх орноо хамгаалах сэдэвтэй юмнууд их явагдана. Тэр дуунууд их дуулагдана. За тэгээд шүлэг зохиол орохоор Сталинг магтан дуулсан ч байдаг юм уу, одоо бусад цэрэг армийг магтан дуулсан тийм л юмнууд тэгэхэд чинь одоо бид нарыг төгстөл их явагдаж байсан даа. Тэгээд пионерийн ажил гэж явна. Пионерийн ажил чинь хамгийн сайхан ажил байсан. Пионерийн ажлаар чинь одоо бид нарыг багш болох үеийн пионерийн ажлаас чинь их өөр. Цэрэг, эх орны сэдэвтэй л байж дээ. Магтан дуулсан, Чойбалсангаа магтуулсан. Тэгээд Зөвлөлтийн ард түмнийг магтан дуулсан. Тэр үед чинь Солонгост дайн болоод, Солонгосын өнчин хүүхдүүд тэр Зайсанд ирж байсан юм. Тэгээд нэг хөөрхөн жижигхэн жижигхэн хүүхдүүд ирээд, ээж аав нь байхгүй. Бөмбөгдөлтөнд өртчихсөн хүүхдүүдийг манай Монголчууд авч асарч байсан. Тэгээд тэд нар их явна. Тэр яагаад тэгэж байсан юм. Хоригдлууд их явдаг байсан юм. Бүр энэ хотоос л 13-р хорооллын цаана чинь нөгөөдөх ямар шорон билээ? ... Тэгээд энэ хоригдлууд туугаад 1-р цахилгаан станцын тэрүүгээр ажилладаг байсан юм шиг байгаа юм. Тэр намын дээдийн багш нар бид нарыг явуулаад урд нь тамхи, лаа, шүдэнз тавьж өгдөг, хоол тавьж өгдөг. Тэгээд л өнгөрөхөд нь зүгээр ёстой нэг Германы Гитлерийн нохой шиг л зүгээр овчаркууд чинь зүгээр барьж идчих гээд л. Нөгөө 2 талд нь цэрэг харуулууд нь яагаад л. Тэгээд л яваад өнгөрөхөд нь бид нар гүйгээд л очно. Тэгэхэд чинь нөгөө юмыг нь бүгдийг нь аваад явчихсан байдаг юм. Хоёрт нь тэр шарил хадгалах талаар Монголд нэг ийм ёс байсан байгаа юм аа. Жоохон хүүхдийг нэг ой хүрээгүй хүүхдийг яахаар гээдэг байсан юм байна. Тэгээд манай тэр намын дээдийн тэрүүнд яагаад тэгэж их хүүхэд гээдэг байсан юм бэ? Манай нохой орой бяцхан хүүхдийн гар, заримдаа бүхлээр нь аваад ирдэг байсан ш дээ. Тэгээд хожуу яагаад байсан тэр хүүхэд тогтохгүй айлынх нас барсан бол гээчихдэг байсан юм байна лээ. Зүгээр морио унаж яваад л ингээд л морин дээрээ яагаад л тэгээд л гээчихдэг. Одоо харахгүй тэгээд гээчихлээ гэж боддог. Тэгэж тэрүүгээр тийм их сонин юмнууд байсан юм. Өшөө их сонин сонин юм бий. Тэр чинь бараг насны юм. Энэ Улаанбаатар хотын чинь хүмүүсийн түүх юм чинь. 1-р сургууль чинь хамгийн өндөр. 1-р сургуулийг харна бид нар. 1-р сургууль чинь хамгийн өндөр, дандаа сэхээтний хүүхэд л байж дээ. 2-р сургууль бас сэхээтний хүүхэд. Тэр чинь нэг хэсэг эмэгтэйчүүдийн сургууль 1-р сургууль болоод, 2-р сургууль эрэгтэйчүүдийн сургууль болоод. Тэгээд нэг нийлээд дахиад тарчихсан юм.

Ариун-Ундрах -

Бас тэгэж байсан юм уу?

Цэрэннадмид -

Тийм. 1-р сургууль дандаа эмэгтэйчүүдийн сургууль байсан юм. 2 чинь эрэгтэйчүүдийн сургууль. Тэгээд тэр хүүхдийн хүйсний харьцаанд нөлөөлсөн байх аа. Тэгээд дахиад нийлүүлж байсан юм.

Ариун-Ундрах -

За таны бодлоор социализмын үеийн хүүхдүүд одооны хүүхдүүдээс хэр ялгаатай вэ?

Цэрэннадмид -

Социализмын үеийн хүүхэд, одооны хүүхэд хоёр шал эрс тэс ялгаатай. За юундаа ялгаа байна уу? гэвэл социалист нийгэм чинь социалист нийгмийн бүтээн байгуулалт тэрийг л одоо дэмжих, аа тэрний талаар л одоо дуу дуулах, шүлэг унших, ном зохиолууд дандаа тэр магтан дуулсан тийм. Тэгэхдээ социализмыг бол муулж болохгүй. Аа өнөөгийн хүүхэд бол бүх мэдээлэл ил. Ерөөсөө интернэтээр ороод үзэж байна. Бүх юм байж байна. Аа тэгээд интернэтэд тэр болгон тийм сайхан юм тавихгүй ш дээ. Одоо тэр кино гэхэд л Америк дээр гардаг болсон. Одоо дандаа алаан хядаантай кинонууд, тэр дэлбэлсэн, тэслэсэн, харь гаригаас ирсэн гаригынхан. Тэгэхээр чинь тэр хүний уураг тархинд бол маш их өөрчлөлт орно. Бидний үед чинь уураг тархинд өөрчлөлт ороод шөнө унтаж чаддаггүйтэй адилхан тэр хүүхдийг тэрийг дуурайх юмсан, ингэх юмсан гээд. Аа бидний үе болохоор яахав гэвэл нэг л нийгэм байсан. манайх бол социалист нийгэм. ЗХУ байсан, Вьетнам байсан, Хойд Солонгос байсан. Тэгэхээр октябрынхаа баярыг Оросуудынхаа баярыг тэмдэглэчихнэ. Жагсана. Дээд зэргээр гоёод жагсаад, лоозон тугаа бариад, одоо Зөвлөлтийн тэр удирдагчдын зургийг бариад, өөрийнхөө удирдагч улс төрийн товчооныхоо зургийг бариад. Тэр зураг барина аа гэдэг нь улс төрийн товчоонд ийм хүн байдаг юм байна аа. Энэнийг бол одоо бид нар хүндэтгэх ёстой юм гэсэн л үзэл санаа юм л даа. Тэгээд би боддог юм одоо. Социалисмын үеийг ардчилал гараад ирэх дээр зэрэг л Цэдэнбалын тойрон хүрээлэгч, Батмөнхийн тойрон хүрээлэгч гээд л нэг их ярьсаан. Олон жил ярьсан. 4-5 жил. Тойрон хүрээлэгчид өнөөдөр Батмөнх дарга гэхэд бол манай 13-р хороонд байсан. Ерөөсөө нэг ч одоо хувийн орон сууц байхгүй. Ганц машин ч үгүй тэгээд ач зээгээ хүргэсээр байгаад бурхан болсон. Гэтэл одоо энэ 76 гишүүдийн тойрон хүрээлэгч хаа байна аа? Болохоо байхаа зэрэг л одоо дандаа мафийн сүлжээнд орж байна. Америк, Английн кино тийм л байна ш дээ. Дандаа мафийн сүлжээнд орчихсон. Аа тэр юугаа дагаад. Тэгэхээр чинь тэр тойрон хүрээлэгч нь шал өөр ойлголт болж байгаа юм. Аа хоёрдугаарт нь социализмын үеийн нэг юу бол өмч их хайрлаж хамгаална. Одоо тэгээд нэг хэсэг их шүүмжилсэн дээ. Цэдэнбал даргын 2 лоозон байсан. Хир буртаг өчүүхэн ч хүргэхгүй хайрлан хамгаалах бол одоо ингээд төрийн өмчийн юу гэсэн ийм юм. Тэгэхээр чинь өмчийг хайрлана аа гэдэг нь байгалиа хамгаална, энэ байшингаа хамгаална гэсэн үг. Одоо хэн ч байшин хамгаалахгүй. Манай энэ байшинд хойгуур нь ороод л нэг хогийн мөнгөтэй хүн шугам татаад л байшин барьчихаж байна. Өмч хамгаална аа гэдэг маань тэр. За 3-т нь хүн хүнээ хайрлах ёстой гэж социализм их сургадаг байсан. Би чамайг хайрлана. Надыг өөр хүн хайрлана. Би бусдыг хайрлана. Аа өөрийгөө хайрлаж байх юм бол одоо бусад нь яана. Аа харин зүгээр энд нэг юм хэлэхэд энэ лам нар энэ тэр социализмын бол шашин шүтлэг ерөөсөө хориод байсан гэдэг юм. Худлаа. Би ээжтэй гандан дээр очиж зөндөө л ном уншуулдаг байсан. Одоо Цагаан дарь эх ном уншуулаад л, ээжийгээ өвдөхөөр Их манал уншуулаад л. Би чинь намын үүрийн дарга байлаа ш дээ. Хэн ч надыг чи одоо Чойбалсангын 2-р хорооны иргэн Цэрэннадмид чи ном уншуулж байна лээ гэж хэн ч надыг мөрдөж мөшгөөгүй. Тэгэхээр бол шашин шүтлэг чөлөөтэй л байсан байгаа юм. Одоо энэ яагаад тэгэж улсууд худлаа ярьдгыг би мэдэхгүй. Шашин чөлөөтэй байсан. Яахав зүгээр тэр нэг 37-38 оны дэлхий нийтийн нэг тийм хомроглосон, дэлхий нийтээрээ тийм нэг юунд орсон. Нэгийгээ дуурайдаг ч юм уу яадаг ч юм. Манайхыг л Оросын тушаалаар сэхээтнүүдийг л алж байсан л гэж байгаа юм л даа. Тэгэхдээ манайхаас бас төрөөс нөлөөлсөн байлгүй дээ. Заавал бусдын бурууг хүн рүү чихээд байх. Хамгийн муу хүн чинь юу яадаг ш дээ. Тэгэхээр социализмын юу бол 1-рт тэр хүнлэг сэтгэлтэй, 2-рт нь төр хүний төлөө анхаарна. Одоо ингээд л ядуу хүн очоод юмыг тэр Дондог булаагаад авчихлаа. Одоо ингэлээ гэх дээр зэрэг өө тийм үү? гээд ингэнэ. Аа гэтэл одооны энэ нийгмийг капиталист нийгэм гэж хэн ч хэлж чадахгүй ш дээ. Айж байгаа ш дээ. Зүгээр энэрэнгүй нийгэм. Энэ чинь капиталист нийгэм ш дээ. Мөнгөтэй нь мөнгөгүйгээ яадаг манай энэ бол хамгийн харгис капитализм шүү дээ. Би бол одоо нөгөөдөх түүхийн анги төгссөн болохоор яаж байна. Тэрийг бол хэн ч хэлэхгүй. Хэлвэл буруутна ш дээ. Тийм учраас 1-рт нь хүн хүнийхээ төлөө яг социализмын үед бол чин сэтгэлээр хандаж байсан. Өмчийн тухай хувийн ч өмч бай, төрийн ч өмч байсан гэсэн энэ өмчийн талаар хүн бүр санаа зовдог. Аа ах зах хүнийг их ёс заншлаа мэддэг. Өнөөдөр би гараад автобусанд шүлсээ хаяж байгаа залууг чи яагаад шүлсээ хаяж байна аа. Энэ чинь ууршина аа. Нийгэмд муу гэхээр хуцаж бай, хөгшөөн чамд хамаагүй гэж хэлнэ ш дээ. Одоо хэлэх байх л даа. Хэлээгүй л дээ. Би бас багш хүн болохоороо үргэлж л хэлж байдаг юм. За 3 дахь зүйл бол хүний төлөө бол ажиллаж байсан шүү. За бод доо. Хүний төлөө яагаад юугаар баримтаар батлах вэ? гэвэл бүх одоо энэ Бэлх, Шадивлан, Шарга морьт, Жигжид гээд бүх зусланд засмал зам тавьчихсан. Энэ одоо хүмүүсээ ая тухтай амраах талаар яасан. Өчнөөн олон амралтын газрууд. Амралтаа аваад л хүмүүс эхлээд 21 хоног амарч байсан юм гэнэ лээ. Би ер нь амралтанд явж байгаагүй. Тэгээд 14 хоног болсон юм гэнэ лээ. Үгүй ээ энэ чинь одоо хүний төлөө анхаараагүй гэж яаж хэлж болдог юм бэ? Бүх хүнийг эрүүлжүүлсэн. Эрүүлжүүлэхэд Оросын ард түмэн тусласан. Манайх чинь одоо нөгөөдөх юуны халдварт өвчин хүйтэн тэмбүү гээд л, энэ одоо халдварт өвчин манайд бол ёстой байсан. Хамаргүй хүн энэ тэр зөндөө байсан юм гэнэ лээ. Би ч бас зах зухаас нь мэдэх юм. Тэгээд эрүүлжүүлэхийн төлөө Оросын эмч нар л бүгдийг хийсэн. Тэгээд мэргэжлийн одоо үндэсний сэхээтэн эмч нар гарч ирсэн. Ингээд хүнээ эрүүлжүүлээд, ингээд нийгэмд чиний төлөө одоо төр ажиллаж байна гээд ингээд эхлэхээр чинь энэ хоёр нийгмийн ялгаа зааг бол асар их. Энэ чинь одоо .... сорон мөлжигч капитализм шүү дээ. Зүгээр л одоо энийг бол би бол тэгэж хэлдэг юм. Капиталист нийгэм. Энэ бол нэг их ардчилсан нийгэм ч биш. Ардчиллын төлөө ардчилсан нийгэм гэж байдаг ч юм уу, үгүй ч юм уу Америкийн эрдэмтэд бичээд л байна л даа. Ийм л ойлголттой байна даа.

Ариун-Ундрах -

Заа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.