Soronzonbold
![](../assets/images/interviewees/990399.jpg)
Basic information
Interviewee ID: 990399
Name: Soronzonbold
Parent's name: Banzragch
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1956
Ethnicity: Halh
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: self-employed
Belief: none
Born in: Tsetserleg sum, Arhangai aimag
Lives in: Tsetserleg sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: nurse
Father's profession:
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
education / cultural production
belief
keepsakes / material culture
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэж, Кэмбриджийн их сургуулиас хэрэгжүүлж буй “Монголын 21-р зууны аман түүхийн төсөл”-д өөрийн намтар түүхээс ярьж, материалаа өгөх болсонд тань талархал илэрхийлье. Юуны өмнө танаас тодруулах зүйл байна. Өнөөдрийн энэ ярилцлага тодорхой хугацааны дараа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэтээр тодорхой хэсэг нь ишлэл болох юмуу, тодорхой хэсэг нь ашиглагдвал танд татгалзах зүйл байна уу?
Соронзонболд -
За баярлалаа. Би зөвшөөрч байна татгалзах зүйл алга.
Дэжид -
Танд нэрээ нууцлах шаардлага байна уу?
Соронзонболд -
Байхгүй.
Дэжид -
Та өөрийн намтар түүхээс ярина уу. Та бага насандаа хаана, яаж хүмүүжсэн, аав, ээж ах дүүс, амраг садангийнхаа талаар тодорхой ярина уу.
Соронзонболд -
Миний аавыг Цагааны Банзрагч гэдэг. Архангай аймгийн Их тамир сумын Хан өндөр багт төрсөн. Халхын голын 39, 45 оны дайнд гар бие оролцон зүтгэж, эх орныхоо үүрэгт ажлыг нэр хүндтэй биелүүлж байсан. 1991 онд 76 насандаа өөд болсон. Би энэ айлын хамгийн отгон хүү. Дээрээ 5 ах, 2 эгчтэй байсан. Одоогоор 8 хүүхдээс би л байна. Бусад нь бүгд бурхан болооч болсон. Би 1956 онд Архангай аймгийн цанын баазын дэргэд нүүж ирээд төсөн юм гэдэг. Бусад ах эгч нар маань бүгд Их тамирт төрсөн гэдэг. Би гэртээ төрсөн. Лувсангүнгэр гэдэг хүн эх барьж авсан. Тэгээд эмнэлэгт очоод 5 хоног хэвтээд гарч байсан гэсэн. Ээж маань эх баригч, сувилагч байсан. Би түлээ хагалж ээждээ туслан бор хоол ундтай өдөр хоногийг өнгөрүүлж өссөн дөө. Тэгээд 1965 онд Архангай амгийн Долоон жилийн сургуулийг төгссөн. Дүнзэн байшинд Шаапа багшийн 3 дахь төгсөлт болж төссөн. Дараа нь наад сургуульд ээжтэйгээ мал маллангаа сурч байсан юм. Тухайн үед Лхам багшийн шавь болсон. 2 дахь багш маань юм. Энэ хоёр багшийнхаа ачийг их санаж явдаг. Лхам багш маань одоо Архангайд амьдардаг өндөр настай хүн бий. Сургуульд байхдаа их хөдөлгөөнтэй, ахлах ангийнхаа хөвгүүд нартай ана мана үзэлцдэг байсан. Мөн хүүхэд байхдаа матк, тэвэг их тоглодог байлаа. Матк гэдэг нь нэг хүүхэд нь бөмбөг шидээд, нөгөө хүүхэд нь авч, нөгөө хэсэг нь гүйдэг тийм тоглоом. Хэн сайн цохиж, хэн сайн гүйснээрээ уралддаг тоглоом доо. Цэцэрлэгт байхад ээж маань яслийн багш байсан. Тогооч нар хоолоо хийж байхад нь араас нь сэмхэн ороод чанасан мах, махтай хавиргыг нь авчихдаг, хааяа жаахан хүүхэд шоголчихдог ер нь их хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэж ярьдаг. Тэгээд ээж маань тэтгэвэрт гараад ээжтэйгээ хамт Халзангийн даваанд олон жил мал маллаж амьдарсан. Одоо Архангай амгийн Халзангийн даваанд хүүхдүүд маань ч өссөн. 5 дахь үедээ амьдарч байна. Одоо тэгээд Халзангийн Болдоо гэдэг нэртэй болсон. Хөгшин залуугүй л тэгдэг. 1998, 1999 оноос 2 хүүхэд маань оюутан болж, хотруу дагаж орж ирсэн. Улаанбаатарт таних хүнгүй нэг барилга дээр ирж байсан. Монголоор ярьдаг хүнгүй орос хүмүүс байсан. Одоогийн баруун дөрвөн замд байдаг Монгол даатгалын барилгыг суурьнаас нь 5 давхар хүртэл нь жижиг гэртэйгээ манаачийн ажил хийсэн. Тэд амьдралд минь их тусалсан. 78-80 онд Оросын ................ их сургуульд цахилгааны ангид сурсан. 8р ангиа төгсөөд ажиллаж байгаад хувиар аваад сурхаар явж байсан. Ирээд эхнэртэйгээ суусан. Одоо 4 хүүхэдтэй. 2 хүү, 2 охинтой.
Дэжид -
Эхнэртэйгээ анх яаж танилцаж байсан бэ?
Соронзонболд -
Халзангийн даваанд байхдаа л нэг үдэшлэг дээр танилцаж байсан. Нэг шар охин л яваад байсан. Дагаад явсан чинь найзтай, үерхдэг гээд ер нүүр өгдөггүй шүү. Тэгээд тухайн үеийн нэг шоклад 10г кармалчхаад өгч байсан даа. Тэгэж явсаар л нийлсэн түүхтэй дээ.
Манай ээж олон жил хувьсгалт намын гишүүн байсан. Одоо бол даяарчлагдаж байгаа өнөөгийн үед дэлхий нийтээрээ л нэг дэлхий, гэр бүл гэсэн үүднээс ардчилсан үзэл бодолтойгоор хүмүүсээсэй гэж боддог.
Дэжид -
Бага сургуульд байхад багш хүүхдийн харилцаа ямар байсан. Хичээл ямар байдлаар явагдаж байсан энэ талаар яривал.
Соронзонболд -
Бид сургуулийн завсарлагаанаар “Пионерын багш” дууг их дуулдаг байсан.
Замбуу тивийн сүлд наран
Заасан номын ...................
.
Заавал мөнх Пионерын багшаа гээд л дуулдаг байсан даа.
Завсарлангуут л бүх ангиуд гарч жагсаад дуулдаг байсан. Багш нарынхаа үгэнд их ордог ер нь их дэгтэй байсан. Багш нарыхаа бараг харцнаас айдаг байлаа. Салааны дарга, ариун цэврийн дарга гээд хумс, хуруугаа шалгуулаад их л соёлтой, журамтай байсан. Одоогийнх бол тийм биш л юм шиг байна. Хааяа нэг хүүхдийнхээ хуралд очиход тийм байдал харагдахгүй л юм. одоогийн хүүхдүүд чинь аав, ээжийгээ бараг үг хэлүүлэхгүй юм. Бид нар ингэж нийлнэ, тэгэж нийлнэ гэх юм байна шүү дээ. Манай бага сая оюутан болсон. Нэг охин маань герман хэл сурдаг. Сайн сураад улсын тэтгэлгээр германд сурч байсан одоо Бээжинд сурч байна. Дараагийн хүү маань Аварга биеийн тамирын дээд сургуулийг төгсөөд одоо магистрт сурч байна. Том хүү маань хөдөө Архангайд 8-р анги төгсөөд одоо Дарханд эмээгтэйгээ амьдардаг. Отгон хүүхэд Их засаг их сургуулийн өглөөгий ангид гаалийн эдийн засаг татаварын алба, оройгоор төрийн захиргааны ангид сурч байна. Өөрөө сурлага сайтай 11 жил онц сурсан хүүхэд.
Багадаа би тэгээд хөдөлгөөнтэй боловч хичээл тасддаггүй хүүхэд байсан. Шалгалт контролын ажил дээр ганц нэг хүүхдээс хуулж баригдаад Лхам багшдаа загнуулж, сургууль дээр хүүхэд цохиж, шоголчихоод хүүхдийн байцаагч Баянхүү гэж байдаг байсан юм. Баянхүү гуай дээр их очдог байсан. Тэгээд л ээжтэй их сайн байсын тэр хамаарахгүй 2 өдөр хорьноо гэдэг байсан. Тэгээд л 2 цаг болгоод л явуулдаг байсан даа. Ер нь их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. 1969 онд Архангай аймагт Төвийн бүсийн чөлөөт бөхий улсын аваргын тэмцээн болоод үзэх гэсэн пиг хүнтэй оруулдаггүй ээ. Гунгаа гээд цагдаа байсан юм. Оруулдаггүй шүү. Тэгэхээр нь нүүр өөд нь нулимчихсан чинь чихдүүлээд дахиад нөгөө Баянхүү дээрээ ирсэн юм. Олон хүмүүсийн өмнө төрийн цагдааг доромжиллоо гээд нэлээн загнуулж, шийтгүүлж байсан. Бага ангид байхдаа ээжийнхээ тэтгэврийн мөнгөнөөс авмаар санагдаад нууцаар авдар ухаад хоёр ширхэгийг сугалаад авсан чинь 2 ширхэг 25 төгрөг авчихсан байсан. Айгаад харьж чадалгүй эгч дээрээ 3 хонож байж билээ. Тэгээд гэртээ ирэхэд ээж маань “За яахав ээ. Ирэхгүй болхоор нь санаа зовж байлаа” гэж байж билээ. Тэр мөнгөнөөсөө 25 төгрөгийг нь эгчийнхээ хүүхдүүдэд өгч, 24 төгрөгөөр 2 хайрцаг харандаа авч, 1 төгрөгөөр нь 2 хуушуур авч идэж байсан. Зургийн хичээлд нээх сайнгүй байсан мөртлөө ангийнхандаа гайхуулж, тараахыг нь тарааж хугалхыг нь хугалж дуусгаж байсан даа. Нэг ах маань намайг тэжээвэр гахай гэж загнадаг байлаа. Багын хөгтэй хөгтэй явдлууд олон байсан даа.
Дэжид -
Ер нь та багш, хүүхэд эцэг эхийн харьцаа ямар байсан бэ? Алдаа тутагдал гаргасан үед хэрхэн яаж шийдвэрлэж байсан бэ?
Соронзонболд -
.....................
Нэг ах маань сургуулиа төгсч ирээд биеийн тамирын багшаар ирсэн юм. Тэгээд л ах дээрээ очиж хов хүргэдэг байсан. Тэр ангийн тэр хүүхэд тэгээд байна гээд л ахаараа их түрүү барьдаг байлаа.
Дэжид -
Багш нар хүүхдүүдийнхээ сурлага хүмүүжлийн талаар эцэг эхтэй нь хэрхэн яаж холбогддог байсан бэ?
Соронзонболд -
Тэр үед ангийн багшийн хурал хийж, захирлаар явуулж, мөн гэрээр нь явж хүүхэд бүртэй нэг бүрчлэн харьцдаг байсан. 30 аад хүүхэдтэй анги байхад жилдээ бараг 2 удаа гэрээр нь явж эцэг эхтэй нь уулздаг байсан шүү. Лхам багш маань өвлийн хүйтэн шуурганд 5, 6 хүүхэд дагуулчихсан л ирдэг байсан. Одоогийнх шиг унаа тэрэг байхгүй байсан учир явган л явдаг байсан даа.
Дэжид -
Таныг хүүхэд байх үед ямар хувцас моод болж байв, ямар кино, ший үзэж хүмүүжиж байв?
Соронзонболд -
Тухайн үед Оросын “Үүрэг хүлээгч цагдаа”, “Үер” киног их үздэг байсан. “Үер” киноны гол дүрийн өвгөнд их дуртай байлаа.
Дэжид -
Үзмэрийн ямар ямар газрууд байв даа?
Соронзонболд -
Нэг кино театер л байсан даа.
Дэжид -
Кино ямар үнэтэй байсан бэ?
Соронзонболд -
2 төгрөг байсан. Ангиараа ч үзнэ. Ганцаараа ч үздэг байсан. Их л оочиртой байдаг байсан даа.
Дэжид -
Та цахилгааны инженер мэргэжлээр төгссөн гэсэн. Энэ мэргэжлээрээ ажилласан уу?
Соронзонболд -
Орост мэргэжлийн сургууль төссөн. Төгсөж ирээд Эрдэнэтийн үйлдвэрт хувиарлагдсан. Тэр үед Эрдэнэт дөнгөж байгуулагдаж байсан. Гэвч би тэнд ажиллалгүйгээр ээжрүүгээ ирсэн. Эхнэр ХААИС-д оюутан байсан учир хүүхдүүдээ өсгөсөн. Одоо ачаа бас харж байна даа.
Дэжид -
Та одоо хүүхдүүдээ их зөв хүмүүжүүлж байна уу?
Соронзонболд -
Тийм, зөв хүмүүжилтэй хүн болгох гэж хичээж байна даа. Эмээ өвөө дээр өсөж байгаа хүүхдүүд их хүмүүжилтэй өсдөг гэж боддог. Эмээ өвөөгийн сургаал бол залуу ээж аавуудын сургаалиас өөр шүү дээ.
Дэжид -
Ямар ажил мэргэжлээр голдуу ажиллаж байсан. Энэ мэргэжлээ сонгоход эцэг эх тань нөлөөлсөн үү? Өөрөө шийдсэн үү?
Соронзонболд -
Ер нь бол өөрөө шийдсэн дээ. Айлын бага гэж өссөн болхоор амьдралд бас янз бүрийн л юм туулсан даа. Ээжтэйгээ модонд их явна. Нэг хэсэг анд их хорхойтой болсон. Ан гэж нэлээн явсан шүү. Тэгэж байгаад хэдэн малаа нэг шөнө 9-р нь алдаад ан гэдэг буруу зүйл юм байна гэж бодсон. Байгаль өөрөө өгч байгаад буцаагаад авдаг юм байна гэж бодсон. Тэр цагаас хойш ан хийхээ больсон.
Дэжид -
Модонд яаж явдаг байсан бэ?
Соронзонболд -
Манайх нэг номхон сарлагийн шартай байсан юм. Тэргэнд хөллөөд л Тамирын голын бургас руу явдаг байсан. Хааяа хар сарлагийн бухаа хөллөөд явдаг байлаа.
Дэжид -
Мод бэлтгэнэ гэхээр өөрсдийн хэрэгцээний түлээний модыг бэлтгэдэг байсан гэсэн үг үү?
Соронзонболд -
Тийм, дан гэрийн хэрэгцээний мод бэлтгэдэг байсан. Одоогийн Халзангийн даваа миний багын байснаас их өөрчлөгдсөн байна лээ. Дотроос харанхуйлаад л явчихдаг. Ер нь бол боломжийн амьдралтай хүмүүс л ой модыг сүйтгэж байна. Модны ченжүүд, ойн цагдаа нар ч холбогдох нь байх юм байна шүү дээ. Би 2 жил модонд явж байсан. Одоо бол явдаггүй ээ. Хар мод, тарвага 2-р баяждаггүй гэдэг нэг үг байдаг. Гэхдээ баяжсан хүмүүс ч бас байх юмаа. Одоо Архангай аймагт амьжиргааны боломж муутай, өдрийн түлшээ залгуулж амьдарч байгаа хүмүүс 100 ны бараг 60% нь байхад үлдсэн 40 % нь өөрийн гэсэн хөрөө харуул, унаа тэрэгтэй нэлээн боломжтой болчихсон хүмүүс байдаг.
Дэжид -
Та сүсэг бишрэлийг хэрхэн ойлгодог вэ? ямар шашин шүтдэг байв? Таныг хүүхэд байхад энэ талын ойлголт ямар байсан бэ?
Соронзонболд -
Намайг бага байхад Дугаржав гэдэг мундаг сайн ном уншдаг хүн байсан. Ээж маань намайг дагуулаад очдог байсан. Ном засал хийлгэж, тарнидуулдаг байсан. Одоо бол тэр үе шиг сайн ном мэдэж бүрэн дүүрэн уншдаг лам байхгүй юм билээ. Одоогийн лам нар бол бизнес хөөсөн 5, 10 мянган төгрөг л авахын төлөө хэдэн номыг тангад ном шиг цээжилсэн хүмүүс байдаг.
Дэжид -
Тэр үед шашин шүтлэг чөлөөтэй байсан уу?
Соронзонболд -
Ховор байсан. Лам нар хурал дээрээ л ирдэг байсан. Намайг өргөн өмд өмсч, үсээ ургуулхаар намын хурлаар тэрний тэр гэхгүй мөртлөө шүүмжлээд байдаг байсан гэсэн.
Дэжид -
Тэр үед танай ээжийн болоод таны ажлын цалин хөлс ямар хэмжээтэй байсан бэ? Юмны үнэ ямар байв? Хүмүүс хувцасаа хаанаас авдаг байсан бэ?
Соронзонболд -
Тэр үед ямар ч дундаж орлоготой айл 100 төгрөгөөр сарын юмаа чөлөөтэй авчихдаг байсан. 70 кг –ийн гурилаа авчихна, 1,40 мөнгөөр өдрийн талхаа авчихна, 4 төгрөгөөр элсэн чихрээ, тэгээд ааруул чихрээ авчихдаг байсан.
Би сургуулиа төгсч ирээд эхнэр аваад 86, 88 онд агентад орж байсан юм. 2 зэрэг агентийн цалин авдаг, хангалттай байсан. Их тамир, Булган сумаас цалин авдаг байсан.
Дэжид -
Агент гэхээр ямар ямар ажил орох вэ?
Соронзонболд -
Орлогын 0,3 мөнгө байсан. Юмаа зараад 30000 төгрөг улсад тушаалаа гэхэд 900 төгрөг, 50000 төгрөгийн юм зараад өгсөн бол 1500 төгрөгийн цалин авна. Булганы юмыг бөөний үнээр аваад авийчиж зардаг байсан. Агентын барааг аймгийн төвд зардаг байсан. Хүн ам ихтэйн хирээр орлого ихтэй учир. Би сард 1500 төгрөгийн цалин авдаг байсан. Сумын төвийн даргаас бараг өндөр цалин авч байлаа. Тэгээд 3 сар хүрэхгүй болоод л нэг шинэ познито аваад 10 хоног унаад зарж дахин нэгийг авдаг байсан.
Дэжид -
Познито гэж юу билээ? Танаас дахин тодруулаад байгаа нь дараа хойч үе маань энэ үгийг ойгохгүй байх магадлалтай учир тайлбарлаж, тогтотгоод явбал зүгээр гэж бодож байна.
Соронзонболд -
Из4 мотоциклын дараа гарсан мотоцикл юм. Тэр үед мотоциклтой хүн цөөхөн байсан. Сүүлд зах зээл эхлэсний дараа Сони зурагт 6000, присдавк 9000 гэж байсан. 2 зурагт, 2 присдавк бичүүлж аваад оросуудад өндөр үнээр зараад мөнгөө 2 дахин өсгөж байсан юм. Тэгээд хотод иртэл хотод бүр үнэтэй, эрэлттэй болсон байсан. Би өөрөө тэгээд гэнэн, тэр үед айхтар байгаад дагаад хөдөлсөн бол гэж боддог юм. Гэхдээ одоо бол болж байна. Үр хүүхдүүд маань л оюунлаг мэдлэгтэй хүмүүс л болж байвал болно гэж боддог.
Дэжид -
2 сумын агент хийж байсан гэлээ. Хувиарт барааг зарахаас гадна тэндээсээ түүхий эдийг авдаг байсан уу?
Соронзонболд -
Тэндээ авдаг байсан. Улирал, хэмжээг үнэлж авдаг байсан. Надад 300 орчим өрх байсан. Тэдгээр айлуудынхаа хөөвөр ноос, арьс шир зэргийг авдаг байсан.
Дэжид -
Тэр үед ер нь хөдөлмөрөөр хүүхдүүдийг хүмүүжилж байсан юм шиг санагддаг.
Соронзонболд -
Тийм, их хүмүүжилж байсан.
Оросоос ирдэг байсан гутал, халуун сав ер нь гайгүй аяга таваг, хоргой дурдан нь зэргийг сум нэгдлийн дарга нар аваад энгийн ардуудад хүрэхгүй байдаг байсан. Тэгээд 1000 м марл аваад малчин айлуудад хуваагаад ядахнаа 4 м өгчихвөл ааруул ээзгийгээ хийгээд үйлчлэх байхдаа гээд шударгаар хэлчихээр буруудчих гээд байдаг байсан. Амралтын цалин бодуулахад хүртэл яахаараа засаг даргын амралтын мөнгөөс их авдаг билээ гэж хэлүүлдэг байсан. Бас л ялгаа, дарамт байсан даа.
Дэжид -
Сургуульд байхдаа зуны амралтыг яаж өнгөрүүлдэг байв, олон нийтийн ажилд оролцдог байв уу?
Соронзонболд -
Хамгийн сайхан амралт бол зуны амралтаараа пионерын зусланд явах байсан. 6 ээлжтэй. Онц сурдаг хүүхдүүд явдаг байсан. Бас л ар өвөрийн хаалга гэдэг байлаа. 7р ангиа төгсөөд хөдөлмөр зусланд явдаг байсан. Ногоо хурааж, нэгдлийн аль хэрэгцээтэй газарлуу явдаг байсан.
Дэжид -
Тэр үед ямар улсын бараа эрэлт ихтэй байв?
Соронзонболд -
Ер нь Оросоос гадна, манай 14-н гутал, 45-н эмэгтэй гутал их эрэлттэй байсан. Цаасан болон даавуун артай хулдаас айлд 2 м л оногддог байсан даа. Тэгээд нөгөө айхтар хүмүүс нь болхоор толгойгоор нь ч авчихдаг байсан.
Дэжид -
Тэр үед соёлын довтолгоо гэж байсан байх. Ямар байсан бэ?
Соронзонболд -
Соёлын довтолгоонд аяга, оо, сойз, савангийн хайрцаг зэрэг бараа айлын нэрээр нь очдог байсан. Чанартай бараа нь хамаатан садан гайгүй малтай, гайгүй амьдралтай айдлуудад л очдог байсан. Бор амьдралтай, бага малтай айлуудад очдоггүй байсан.
Дэжид -
Худалдан авах чадвар ямар байсан бэ?
Соронзонболд -
Өөрсдөө худалдан авч, зээлээр бас авдаг байсан. Би 2 сумын агент хийхдээ нэг төгрөг ч дутааж үзээгүй. Дор дор нь тайлангаа гаргаж явдаг байсан. Одоо бодход 60 мөнгөний пичен их зарагддаг байсан. Өдөртөө хэдэн 10 авдар дуусдаг байсан. Хамгийн амттай бас хямд байсан. Мөн элсэн чихэр авдаггүй айл байгаагүй.
Дэжид -
Эх орны үйлдвэрийн бараа гэхээр?
Соронзонболд -
60 мөнгөний пичен, 16 н хавар чихэр, ирис зэрэг байсан.
Дэжид -
Хүмүүсийн дундаж цалин хэд байсан бэ?
Соронзонболд -
250-350 байсан байх. Нэлээн сайн багш л 450 авдаг байсан гэдэг. Хүмүүсийн амьдралын түвшин ойролцоо байсан. 5 төгрөгөөр хоолонд ороход хоолоо бараг барахгүй л гардаг байсан даа. 1-р хоол 70, 80 мөнгө, 2-р хоол 2,40 мөнгө, 2,50 мөнгө л байлдаг байсан. Порц ихтэй чанартай сайхан хоолтой байсан даа. Одоо бол Хятадын ногоо л идэж байна шү дээ. Бид өөрсдөө тариалаад идэх боломжтой шүү дээ.
Би саяхан 7 хоног хөдөөгүүр явсан. Аймгийн төв нь сумаасаа илүү жигд байшинтай болчихсон байсан. Яагаад гэсэн, газраа ард иргэддээ өгчихсөн байна. Тэд өөрсдөө сайхан амьдарч байна. Тэгэхэд манай аймгийн төв юу ч байхгүй. Сүүлийн 2 сонгуульд ардчилсан намаас гарсан. Харин Эрдэнэдалай сумын засаг дарга удирдлагаар хувьсгалт намаас гараад ирдэг.
Дэжид -
Хувьчлалын үед хаана байсан бэ? юм хүртэж чадсан уу?
Соронзонболд -
Хувьчлал шударга бус байсан. Дарга нягтлан нарын гараар ороод дууссан. Грүшик, манаач нар нь хоосон л үлдсэн дээ. Би бол ширхэг зүйл ч аваагүй. Хувиараа наймаа энэ тэр хийж яваад өнгөрсөн.
Дэжид -
Тухайн үеийн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаа ямар байсан бэ?
Соронзонболд -
Харилцан юмаа зохицуулаад явж байгаа хүмүүсийг бол юу гэхэв дээ. Гэрээ тэргүүлээд явж чадахгүй эр хүн, гэрээ цэвэрлэж чадахгүй эм хүн байвал хэцүү л байх даа. Би бол боломжийн наймаа хийчихдэг, эхнэр ар гэрийн ажлаа хийчихдэг хэнээс ч дутахгүй амьдарч байна даа.
Дэжид -
Танд хамгийн анхны шинэ содон зүйл юу байв?
Соронзонболд -
Архангай аймагтаа анхны суудлын зөөлөн тэрэг микро авч байсан.
Дэжид -
Хүүхэд байх үеийн гэвэл?
Соронзонболд -
2р арван жилийн сургуульд байхдаа Ленин, Сүхбаатар хоёрын хөшөөг их гайхан хардаг байлаа.
Дэжид -
Сурагч үеээ бодоход амьдралд амархан бөгөөд жигшдэг зүйл юу байв?
Соронзонболд -
Бэлэнчлэх сэтгэл л байсан даа. Тэгээд өнгөрсөн хойно л ойлгодог юм байна даа. Өөрөө одоо үр хүүхэдтэй болоод тэднийгээ өсгөсний дараа эргэн харахад амьдралд амар хялбар зүйл гэж байдаггүй юм байна. Гар хөдөлж байж л ам хөдөлдөг.
Дэжид -
Таны зургийн цомогоос харахад таны ээж их алдар гавъяатай, их хөдөлмөрч хүн байжээ. Энэ талаар
Соронзонболд -
Манай ээж 39-45 оны эх орны чөлөөлөх дайнд гар бие оролцож явсан Цагааны Банзрагч гэдэг хүн байсан. Сувилагч хийж байсан. Улаан загалмайн хүндэт гишүүн байсан. Ээжээрээ их бахархаж явдаг. 1969 оны намар 9 сарын дундуур манайд их одон медал зүүсэн 2 хүн ирж байсан. .........сүрэн баатар, Дандар баатар байсан юм билээ би бага ч байсан таниагүй. Надад тэгээд 10, 10 төгрөг өгч байсан нь их дурсгалтай байдаг юм. Миний авч байсан анхны мөнгө юм даа. Хүүхэд гэж өхөөрдөж өгч байсан байх.
Дэжид -
Таны ээж дайны үед их чухал алба хааж байжээ?
Соронзонболд -
Тийм, чухал алба хааж байсан. 89 онд Халх голын 50 жилийн ойгоор Халх гол явсан. Төрийн ордонд орсон гээд их баяртай ирж байсан. Архангайд Халх голын дайнд оролцож явсан 2 хүн байдгын нэг нь манай ээж юм.
Дэжид -
Энэ зураг хэдийн үеийн юм бэ?
Соронзонболд -
Ээжийн маань зураг, медаль байгаа юм.
Дэжид -
Таныг их эрхлүүлж байжээ?
Соронзонболд -
Тиймээ, айлын бага байсан болхоор их эрхэлж өссөн.
Дэжид -
Ажлын хажуугаар 8 хүүхэд өсгөсөн гэхээр үнэхээр бахархалтай юмаа.
Соронзонболд -
Ээж маань бидэнд та нарыг өсгөх гэж гадаа гарч эр, дотор эм болж өсгөсөн шүү. Одоо ээжийнх нь тамир дордож байна даа гэдэг байсан. Би ч залуу байсан. Ээжийнхээ ачийг бага ч гэсэн хариулж, мод түлээг нь хагалж, тусалдаг байсан.
Дэжид -
Та цахилгааны мэргэжилтэйгээс гадна байшин барьдаг гэлээ. Үүнийг хаанаас яаж сурсан бэ?
Соронзонболд -
Яг сурсан юм байхгүй. Өөрөө бие даагаад л хараад сурсан даа. 80 оноос пишин өрж сурсан. Одоо бол янз бүрээр нь өрж чадна. Пишин барина гэдэг бас ур ухаан шаарддаг. Оролт гаралт гээд нарийн тооцоотой.
Дэжид -
Тэр үед аймагт барилгын чиглэлийн ямар үйлдвэрүүд байсан бэ?
Соронзонболд -
Тоосгоны үйлдвэр байсан. Баруун 5 аймгийг хангах хүнсний үйлдвэр байсан. Одоо бол нураагаад юу ч үгүй болсон. Одоо бол томоохон байгууллага гэвэл багшийн сургууль л байна.
Дэжид -
Ер нь тэр үед хүмүүсийн хангамж хэр байсан. Гадаад дотоод хүмүүс хэр байсан бэ?
Соронзонболд -
Ховор шүү дээ. Хэдэн орос, унгар хүмүүс л харагддаг байсан.
Дэжид -
Одоо та бодож байхад өмнөх үед байсан сайхан сайхан зүйлүүд одоо байхгүй байгаад харамсч явдаг гэсэн үг үү тиймээ. Тэгэхээр соцализмд сайн зүйл байсан бол саар зүйл ч бас байжээ. Хотод хэзээ очиж үзсэн бэ?
Соронзонболд -
Анх 1971 онд очиж үзсэн. Бөмбөгөр улаан автобус явж байсан. Их гоё санагдаж байлаа.
Дэжид -
Юу нь шинэ содон байсан бэ?
Соронзонболд -
Сүхбаатарын талбайн морийг их хардаг байсан. Их гоё харагддаг байсан. Мөн хуучны бөмбөгөр ногоон театер руу их очдог байсан.
Дэжид -
Энэ ярилцлагатай холбоотойгоор танаас асуух шаардлагатай 2 асуулт байгаа юм. Таны амьдралд гүн гүнзгий шингэсэн зүйл байдаг уу.
Соронзонболд -
Үр хүүхдүүд маань л оюунлаг сайхан явбал гэж боддог доо.
1991 оны үед болсон Халзангийн их үерийн үеэр Архангай аймгийн дарга нь мазтай айлуудаар явж байснаа мазтайгаа усанд орчихож байсан. Тэр үед би нэг чиргүүлтэй трактортай байсан. Олон ч айл нүүлгэж өгсөн дөө. Түүгээрээ бахархаж явдаг юм. Тэр үерийн үеэр ч айлууд нүүлгэж тус болж байсан.
Дэжид -
Таны амьдралд бусдаас онцгой гэх зүйл байна уу?
Соронзонболд -
Бусдаас онцгой гээд байх юм юу байхав дээ. Дугуй пишин барьж сурсан маань л юм болуу даа.
Дэжид -
Таны ярианаас ингээд сонсож байхад таны бусдаас онцлог тал гэвэл техникийн авъяастай, аливаа юмыг хараад сурах чадвартай юм гэж би ойлголоо.
Тэр үеийн дарга цэрэг, ажилтнуудын харьцаа ямар байсан бэ? мөн хүмүүс чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлдэг байсан бэ?
Соронзонболд -
Тэр үеийн төр захирагааны газрууд үе дамжсан байдаг. Томооохон байгууллагууд ИНЕГ, Төмөр зам, томоохон сургуулиуд ч гэсэн. Гэр бүл шиг болсон энэ нийгэмд хичнээн хууль байгаад хөгжихгүй гэж боддог. Гаагүй ажил хийдэг хүн тэтгэвэртээ гарахдаа хүүхдээ оруулчихдаг, хүүхэд нь ажиллаж байгаад хамаатан садангаа оруулчихдаг.
Дэжид -
Таныг бага байхад ээж тань хэдэн цаг ажиллаж байсан бэ? хэдэн цагийг гэр бүлтэйгээ өнгөрүүлж?
Соронзонболд -
Өглөө, оройгүй л зүтгэдэг байсан даа. 2 ах маань хоол цайгаа зохицуулааад.
Дэжид -
Гэрт амьдардаг байсан уу?
Соронзонболд -
Тйим. Манай эмээ их аман хуур тоглодог байсан. Бас мэргэлдэг байсан. Нутгийн хүмүүс малаа алдчихаараа ирж үзүүлдэг байсан. Мундаг мэргэлдэг хүн байсан. Нэг өглөө миний хүү надад чихэртэй ирж явна. Чамд өгөхгүй гэж байсан юм. Тэгсэн нэг ах маань чихэртэй цүнх бариад ирж байсан юм.
Дэжид -
Тэр үед яаж хөдөөлүүлдэг байсан бэ?
Соронзонболд -
Эмээгээ л ил тавьсан даа. Бусдыг нь бол одоогийнх шиг хөдөөлүүлсэн.
Дэжид -
Хүүхэд оролцуулдаг байсан уу?
Соронзонболд -
Би эмээгээ хөдөөлүүлхэд явж байсан.
Дэжид -
Таныг бага байхад хэлмэгдүүлэлт их явагдаж байсан. Таны ойрын хүнээс үүнд өртсөн хүн байдаг уу?
Соронзонболд -
Ээжийн эмээ, буурай эмээ маань өртөж байсан. Хөөгдөж яваад өртсөн гэсэн. Ээж маань хамаагүй яриад яахав дээ гэдэг байсан.
Дэжид -
Ардчилалын талаар таны үзэл бодол?
Соронзонболд -
Ардчилсан нийгэмд хэлий гэснээ хэлдэг шулуун шударга, хийх гэсэн юмаа хийчихдэг, унаган байгалиа хайрладаг үр хүүхдүүддээ үлдээх юмтай байх гэж л ойлгодог.
Дэжид -
Ардчилал танд эрх чөлөө авчирсан уу?
Соронзонболд -
Өгсөн.
Дэжид -
Хэрвээ та соцализмын үед байсан бол ингээд 2,3 байшин барьсан бол ороогдох байсан байх даа.
Соронзонболд -
Тиймээ, ороогдож байсан үе бий. Өмнө нь 2 ч хашаа байшин барьж зарж байсан. Энэ нутгийнхан маань байшин Болдоо гэж бас нэрлэдэг.
Дэжид -
За танд их баярлалаа. Танаас асуух ярих зүйл их байлаа. Өнөөдөр тантай ярилцаад хүн амьдралын төлөө яаж тэмцэж болдог, яаж хөдөлмөрлөж болдогыг харж ойлголоо. Олон талын мэргэжил эзэмшиж, түүнийгээ амьдрал ахуйдаа хэрэгжүүлж байгаа ийм хөдөлмөрч хүнтэй ярилцлага хийсэндээ баяртай байна. Өөрийн гэр бүлийнхэн болоод эцэг эхийнхээ талаар дэлгэрэнгүй сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа.
Соронзонболд -
Намайг Монгол хүмүүсийн зан төлөвтэй танилцах энэ төсөлдөө оролцуулсанд бас баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.