Anonymous


Basic information
Interviewee ID: 990443
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Amgaased
Sex: f
Year of Birth: 1950
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: self-employed
Belief: Buddhist
Born in: Hangai sum, Arhangai aimag
Lives in: Tsetserleg sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
literature
travel
education / cultural production
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

Сайн байна уу? Бид Кэмбриджийн их сургуулиас хэрэгжүүлж буй “Монголын 21-р зууны аман түүхийн төсөл”-ийн шугамаар явж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгөхөөр болсонд тань талархал илэрхийлье. Энэ төсөл нь 20-р зуунд хүмүүс яаж амьдарч байсан, соёл урлаг хэрхэн хөгжиж байсан, хэрхэн дэмжиж байсан талаар бичих юм. Та өөрөө уртын дууг олон жил дуулдаг байсан учир таны хувь нэмэр их байх болно. Та улсын байгууллагад их олон жил ажилласан одоо ч гэсэн сайхан ажиллаж байгаа хамт олонтойгоо байгаа болохоор ерөнхийд нь соёл урлаг чөлөөтэй хөгжиж байсан юмуу яаж урлагийг дэмжиж байсан юм хөдөө орон нутагт ялангуяа энэ соёлыг хөнжүүлэхэд таны оруулсан хувь нэмэр их тэгэхээр монгол хүн одоо дуутай хууртай ерөөсөө одоо төрөхөөсөө эхлээд л дуу хуур хүнийг өлгийдөж авч ийм их сайхан зүйл тэгэхээр одоо бид нар манай дуучин урлагийн хүмүүсийг их хүндэтгэж найрал дуунд тайлан тоглолтоо хийж байсан олон жил энэ салбарт таныг ажиллаж байсан гээд танаас ярилцлага авах гэж байгаа юм ярилцлага өгөх гэж байгаад танд талархаж байна. За тэгэхээр энэ хүмүүс 20-р зуунд яаж ажиллаж, амьдарч байсын, одоо ер нь соёл урлаг. Мөн та яагаад энэ мэргэжилийг сонгох болсон юм бэ? Намтар түүхээсээ яриач ер нь бол одоо яагаад энэ мэргэжил танд ийм ойрхон байсан юм? Өдий олон жил таньд энэ мэргэжилийг сонгоход өөрийн дур сонирхол байна уу? Эсвэл хүмүүсийн зааж зөвлөснөөр энэ мэргэжилийг сонгосон уу? ингээд хоёулаа товч таны намтраас эхлээд таны ажил мэргэжилийн талаар ярилцье гэж бодож байна.

Нэргүй -

За баярлалаа би хөдөө бүр хөдөө газар малчин ард Дэжидбал гэдэг хүний 4-р охин болж төрсөн. Эхээсээ 6-лаа. Тэгээд бага наснаасаа мал дээр байж байгаад л сургууль соёлд ороод ер нь тэгээд би чинь одоо мэдээ орсон цагаасаа дуутай хууртай амьдралаа холбосон хүн. Ер нь хонинд явсан ч гэсэн үнээгээ саахдаа ч гэсэн үргэлж л дуулж байдаг байсан. Ямар сайндаа орондоо дуулж байхад ээж мааэь “орондоо дуулж байгаа хүн жаргалгүй байдаг юм. Юу гэж орондоо гиншигнээд байгаа юм” гэж айлгадаг байсан. Орондоо хүртэл л дуулж байдаг. Хоёр хөлөө гозоологочоод л гэрийн хана руу гозойлгочихоод дуулж байдаг тийм хүүхэд байсан юм. Тэгээд ер нь дуу хуурыг ёстой мэдээ орсон цагаасаа л миний бурхнаас заяасан авъяас л юмдаа. Хонины хашаан дээр гараад дуулахаар бүгдээрээ намайг хараад зогсчихсон байдаг байсан. Би өөрөө тэгэж л боддог юм ээж ааваас заяасан бурхан хайрласан авъяас л юмдаа. Анхны дуу сурах гэж байхад радио чинь их ховор байлаа шүү дээ. Манай айлд Ирвэн гуай гээд хөгшин байдаг байсан, тэднийх бөмбөгөр хүрэн радиотай тэгээл түүгээр нь орой хонь малаа хотлуулчихаад л улсууд цуглаж дуу сонсоно л доо. Мэдээ зэдээ сонсдог байсан. Би бол зөвхөн дууг нь л сонирхож байсан юм. Дорждагва гуай Сүрэнхорлоо гуай дуулаад л ямар гоё юм бэ? Ингэж дуулдаг болох юмсан гэж бодож, хонины саравчин дээр гарчихаад л нөгөө дууг нь дуулдаг байсан юм. Талын таван толгой нөгөө сэрэлт дээр баян хонгорын Донай гэж хүүхэн дуулдаг шүү дээ одоо тэр байхгүй л дээ зайлуул. Талын таван толгой дууг хонины хашаан дээр гарчихаад дуулаад манай хотныхон бүгдээрээ гарч ирээд зогсчихсон байдаг байсан юм. Ээж бүр энэ жаатгар золиг саравчин дээрээс одоо нисэж үхэхээр шийджээ гээд л. Тачгинатал дуулаад л, цөөхөн айлууд өвөлжөөндөө буучихсан байхад өвөлжөний хашаан дээр гараад дуулж, өвөлжөөг нь тойроод л урд талд нь очиж дуулаад л, эргэж буцаж гүйдэг байсан. Хүүхдийн зөн совин гэж байдаг юмуу тайз тойрч байгаа юмуу хашаагаар тайз тэр цагаасаа эхэлж л урлагтай амьдралаа холбосон хүн байгаа юм. Гэхдээ яахав сургуульд сураагүйл дээ тэрийгээ би мэдээд байдаг юм. Тэгээд гартаа цана бариад явна. Нөгөө цангаа үрээд ямар ямар хэмнэлт мэмнэлтээр ялгадаг юм өөрийнхөө дураар нөгөө цангаа дугаргаад дуулаад байдаг байсан юм.

Дэжид -

Бас мэдрэмж байдаг байсан юм байна.

Нэргүй -

Мэдрэмжтэй байсан. Тэгээл нөгөө хониндоо явахдаа цангаа аваад явна. Тэгээд л цангаа цохиод л дуулаад л хонио үргээгээд л тэгдэг байсан байх юм. Тэгээд сүүлдээ сургуульд суугаад л мэдээ орсон цагаасаа хойш Жигжид гуай гэж нэг эмгэн байсан юм их сайхан яриа хөөрөөтэй их сайхан дуулдаг найрын дуу их сайхан дуулдаг хүн миний нэрийг хэлээд л танай охин чинь ерөөсөө дуучин болох хүн байна. Цангинасан хоолойтой задгай цангинасан хоолойтой энэ дуучин болох юм байна би дуу зааж өгнө гээд орой мал усалснаас хойш би тэднийд орж дуу заалгадаг байсан юм. Тэгээд эхэн хавьцаа Найдандорж гуайн ардын дуунуудыг “Баруун уулын хормойд” энэ нэгдлийн тухай дуу байсан юмуу хайшаа юм. Түүнийг зааж өгдөг байсан юм. Тэгээд заалгачаад тэр хотныхонд би заадаг. Хотхыхонтой концерт тоглодог тийм байсан ш дээ. Тэгээд сураад яахав сургуульд нөгөө хүмүүсийн ажиллаж байсан дугуйлан мугуйлан ангийнхаа зохиосон урлагийн номер гаргахад дуулана бүжиглэнэ шүлэг уншина тийм л байсан юм. Сургуулиа төгсөөд тариатын 10-н жилд Хангайгаас тариатийн 10-н жилд ирээд тэгээд одоо би 5 6-р ангидаа ороод хөгжим мөгжимтэй дуулдаг болсон юм. Одоо тэгээд л 10-н жилд байхдаа нилээд хэдэн медалтай байсан. Хүрлийг нь ч авсан алтыг нь ч авсан мөнгийг нь ч авсан тэгээд 10-р анги төгсөөд энэ багшийн сургуульд хувиарлагдсан юм. Тэгээд багшийн сургуульд орохгүй гэж бодоод, би аймийн багш болоод яах ч юм билээ гэж бодогдоод. Тэгэээд яахав 10-р ангид байхдаа манай одоо энэ бурхан болсон хөгшин маань сургуулийн хөгжим бүжгийн багш тэгээд намайг дуучин болно гэж намайг хөгжмийн мэдрэмжтэй хөгжим мэддэг хүн байсан болоод тэр юмуу дуучин болно гэж ерөөсөө их сайхан хоолойтой намайг дуучин болно гэж ярьдаг байхгүй юу. Надаас бас нэг хэд ах байсан юм. 8 ах хүн байсан юм. Их сайхан дуучин болно гээд, сүүлд нөгөө 10 төгсөөд хөдөө гарцан байсан чинь нөгөө багш маань ирдэг юмаа манайд. За тэгээд надтай л амьдралаа холбох юм яриад л манай ээжтэй би гэрийн ард талд суугаад л байсан чинь амьдрах юм яриад л сургууль мургууль гээд урлагийн мөр хөөсөн их авъяастай их сайхан дуучин болно гэж яриад би бүр санаа зовоод ичээд гэрлүүгэээ гүйж ороод намайг дуудаж байна гэхээр нь ичээд л ирэхгүй! Айлд орж суучаад. Тэгээд л яваад өгдөг юм байна. Тэгсэн намар болоод намайг сургуульд орох болсон чинь манай нэг ээжийн дүү нь багшийн сургуульд багшилдаг байсан юм. Намайг явуулахынн гэнэдээ дээл хувцас идээ цагаа бэлдээд л юм болоод л идээ цагаа бэлдээд явуулах л юм болоод байна өө. Би ч явахгүй дээ гэж бодоод л багш намайг битгий яваарай гэж зааж өгсөн юм чинь би явахгүй ш дээ тэгээд явахгүй л гээд явахаа больвоо тэгээд 11-н сард 17-той 10-р анги төгсч байгаа юм даа. Тэгээд 17-той энэ хүүхдүүдийнхээ аавтай хань ижил болоод л эднийд бэр болоод ирцэн юм. Тэгээд би номын санч манай хөгшин 10-н жилд хөгжмийн багш соёлын төв өргөөнд давхар хийдэг тийм байсан юм тэгээд одоо 67-н онд ёстой миний авъяас багш хөгжимчин тэгээд одоо ёстой 2-лаа залуу ч байж сайхан хөгжимддөг сайхан дуулдаг тийм хүн байлаа. Тэгээд миний авъяасыг одоо ёстой миний хань л нээж өгсөн байгаа юм. Би ээж аавын үгэнд ороод багшийн сургуульд орсон бол одоо ингэж дуучин болоо ч уу үгүй ч үү тиймээ.

Дэжид -

Тийм

Нэргүй -

Тэгээд миний авъяасыг хань ижил маань л нээж дуучин болгосон юм байгаа юм. Тэгээд одоо тэнд нэг нэгдэлд номын санч хийгээд хажуугаар нь нэгдлийн дарга нар ч сумуудаараа явж их дуулддаг хуурддаг улсуудаараа Намжиг баатар гээд хөдөлмөрийн баатар байна шүү дээ Намжиг гуай чинь бид 2-н нэдлийн дарга байлаа. Бид 2-г авч яваад их гайхуулна. Манай сум их сайхан дуучинтай соёлын ордонд ч байхгүй гээд тэгсэн чинь 68-н онд залуучууд оюутны 3-р их наадам болдог юм. Залуучууд оюутны 3-р их наадамд хөгшин бид 2 яахав дээ 2лаа багаасаа шалгарлаа. Манай нэг найз хүүхэн уртын дуучин Сунаа гэж байсан юм тэр бид 3 ирсэн юм. Тэгээд аймагтаа бэлдэж бэлдэж байгаад Өвөр-хангайд бүсийн тэмцээнд очдог юм. Тэгэхэд Лувсаншарав багш Намжил багш 2 комиссоор ирж байсан юм. Тэгээд Лувсаншарав багш за энэ Архангайн Нэргүй гэдэг охин ерөөсөө би одоо морины тухай их дуулдаг байсан 8 дахиулаад тэгсэн Өвөрхангайнхан Архангайн энэ хүүхэн хэдэн морьтой юм үзье гээд 8 дахиулаад 9 дахиа дуулаад байж байтал Лувсаншарав багш энэ Архангайн Нэргүй гэдэг охин маш сайхан хоолоотой охин байна. Энэ охин залуучууд оюутнуудын их наадамд Улаанбаатарт шалгарлаа. Ингээд Улаанбаатарт залуучууд оюутнуудын 3р их наадамд шалгарч очоод тэгээд тэндээсээ алтан медаль аваад сумандаа очсон. Одоо энэ дэлхийн аварга болсон хүн хүлээж авч байгаа шиг л юм бөөн юм болж, нэгдлийн дарга марга чинь хүлээж аваад л. Би чинь Улаанбаатарт ирж үзээгүй муу жулдрай хүүхэд шүү дээ 17-той хүүхэд чинь юу байхав дээ тиймээ. Тэгээд аймагт орж үзээгүй шахам байсан юм чинь. Тэгээд очлоо өвгөн бид 2 очоод өнөө уртын дуучин хүүхэн маань медальтай 3-лаа медальтай ингээд очсон чинь жигтэйхэн юм болоод, ийм сайхан юм байгаагүй гээд бид 2-ыг 200-н цагаан ороор шагнаад, манай хөгшнийг ногоон гөлмөөр шагнаж байсан юм. Их том шагнал авч байлаа. Нэг өглөө ажилд очсон чинь аймгийн дарга Цогбадрах дуудуулаад бичиг ирсэн байна гэнэ. Чамайг авна гээд аймгийн даргаас бичиг ирсэн байна гэлээ. Очсон чинь чи соёлын ордонд очно гэж ам гарсан уу гэлээ. Үгүй л гэлээ. Ийм захирамж гарсан байна. Чамайг соёлын ордонд дуучнаар авна гэсэн байна гэлээ. Манай хөгшин их дуртай биш байнаа. Манай хадам аав энэ хүмүүс уул нь өөрсдийхөө толгойг мэддэг баймаар юм тэгсэн манай энэ 2 хүүхдийн толгойг аймаг мэддэг юм байж дээ гээд тамхи татаад их л хатуухан үг хэлж байсан. Цэрэнсамбуу дарга танай 2 хүүхэд мэргэжлийн сайхан газар очих гэж байнаа гэж хэлээд л би шуудангаар аймагт ирж байсан. Бурхан болоочийнхоо дүүгийнд ирсэн юм. Тэгээд л маргааш 9 цагт соёлын ордонд ирээрэй гэлээ. Лхамсүрэн гээд соёлын ордны дарга байна. Тэгээд ортол хэд хэдэн хүн сууж байна. Ороод ир тайзруу гар гэлээ. Би байдгаараа сандарч айгаад л байлаа. Цүнхээ бариад л сандараад гарлаа. За юу чаддаг вэ чаддаг юмаа хий гэлээ. Би дуулаад, шүлэг уншлаа. Бүжиглэж чадах уу гэлээ. Би бүжиглэж үзүүллээ. Тэгсэн улаан хамартай нэг хүн нь энэ чинь харин юм юмтай хүүхэд байна дээ гэж ярьж байлаа. Тэгээд жүжигт тоглож үзсэн үү гэлээ. Би үгүй гэлээ. Тэгсэн за чи гүйгээд гараад ир. Тэгтэл чамайг нэг хүн хөөгөөд байна чи яах вэ гэлээ. Би ...........ард ороод биеэ ороогоод зогсчихлоо. Тэгсэн өө за за биеэ хамгаалж чаддаг хүн байна гэлээ. Тэгээд гараад ир гэлээ. Би жаахан айгаад л байлаа. Тэгээд за чи өнөөдрөөс эхлээд манайд дуучнаар орлоон. Мэргэжлийн үнэмлэхгүйч гэсэн дуучны цалин өгнө гэлээ. Чи 400 аад төгрөг авна гэлээ. Мундаг цалинтай болоод дотроо их баярлаж байж билээ. 2 хоногийн дараа манайх ч нүүгээд ирлээ. Тэгээд л соёлын театерт дуучнаар орсон доо. Тэгэээд 40 гаран жил ажилласан. Манай хөгшин бас хөгжимд их дуртай байсан. хөгшнөөсөө хойш ч гэсэн би зовсон хүн гээд суугаад байлгүй одооч гэсэн урлаг уран сайхныхаа ажлыг хаялгүй л явах юм сан гэж бодоод концертод оролцоод л явж байна. Өнөөдөр хүртэл ахмадуудын концерт болоод оролцсон. Соёлын театерт ороод төлөвлөгөө биелүүлэх гээд л явдаг байсан. Сар бүрийн төлөвлөгөөгөө хийх гээд л явдаг байлаа. Нэг хүн орлогын 6000 төгрөг байдаг байсан. Концерт 1 төгрөг, жүжиг 3 төгрөгөөр тоглодог байсан. 6000 их мөнгө байсан шүү. Олуулаа нийлээд хийнэ ганцаараа явна янз бүр байдаг байсан. Нэгдэлийн дарга тосч аваад хоол буудал бэлэн байдаг байсан. Орой үдэш болтол тоглоод үүрээр 4,5 гээд л жаахан унтдаг байсан. Залуу байсан болхоор л болж байсан байх даа. 34 жил тэгэж явсан. Одоо тэгээд тэтгэвэрт гараад 6, 7 жил болж байна.

Дэжид -

Та бол урлагт 40 жил, хөдөөд соёлыг тарьж байсан хүн байна. Орчин үеийнхээр бол төрөлх авяасаараа л бүхнийг хийж байжээ. Та хэдэн хүүхэдтэй вэ?

Нэргүй -

Өөрөө 4 хүүхэдтэй, 1 өргөмөл хүүхэдтэй. 2 хүүхдээ дагуулаад аваад явдаг байсан. Жижиг нялх хүүхэдтэй, давуу нь хатахгүй л явдаг байсан. 53 н ачаан дээр хүүхэдтэй эмэгтэйчүүд л явдаг байсан. Яаж гэрийн ажлаа зохицуулдаг байсын. Өдөрт 4 удаа концерт хийдэг байсан. Сарын программ гарчихдаг байсан. Тэргүүр л яс хийдэг байсан. Хүхүүл хүүхнүүд нь хүүхдээ дагуулж ирээд л цонхон дээр суулгаад, өглөө цэцэрлэгт нь хүргэж өгдөг байсан. албан газар нь нарийн цагаа барьдаг. Ажилчид нь ухамсар сайтай. Одоо бол тэгэхгүй ш дээ. Хааяа нэг дуудлагаар тоглолтонд ордог. Одоо бол төрөлжчихсөн. Драм, дуу хөгжмийн анги гээд. Дээр үед бол юм юмандаа л ордог байсан. соёлын ордон 16 хүний л орон тоотой байсан. Бараг бүх юмаа л хийдэг байсан. жүжигт тоглоно, дуу дуулна, бүжиглэнэ.

Дэжид -

Нийгэм улс даяар соёлын довтолгоо явагдаж байсан байх. Таны ажил амьдралд хэрхэн нөлөөлж байв?

Нэргүй -

7 хоногийн 3 дахь өдөр болгон бүх айлуудаар явж, хүүхдүүдийн хумс хуруу, хувцас, гар нүүрийн алчуур дундаа байна уу тусдаа байна уу, нойл, муу усны нүх байна уу гээд л шалгадаг байсан. Тэгээд муу байсан хүмүүсийг нь хурлаар оруулж хэлдэг байсан. Гудамжинд усаа асгахаар шинэ жилээр нөгөө алиалагч нар нь тэдний гудамжаар явж байгаад халтираад уначихлаа гээд л шоглоод л, зөгий сонин дээр тавьдаг байсан. Одоо бол доромжиллоо гээд бөөн юм болох байх даа. Тэр үед бол тэгэж л шахаж шаарддаг байсан. Хүмүүс нь ч ухамсар сайтай байсан.

Дэжид -

Таны үед нийгэмшүүлэх тал дээр их анхаарч байсан байх. Тухайн үеийнхээ дурсамжаас явьж өгөөч.

Нэргүй -

Төлөвлөгөө норм өгчихдөг байсан болохоор хөдөө сумдаар жилдээ бол 1, заримдаа 2 аврага энэ тэр төрлөө гэхээр бас очдог байсан. тухайн үед хөдөө сумдаар пиг дүүрэн хүмүүс л үздэг байсан. Том монгол гуталтай, том дээлтэй таягтай хүмүүс хүртэл бүжиглээд л явдаг байсан. Том нударгаараа хөлсөө арччихаад л бүжиглээд явдаг байсан.

Дэжид -

Та бид 2 н ярьж байгаа энэ ярилцлага магадгүй 10, 50 жилийн дараа интернетэд зарим нэг хэсэг нь тавигдаж тухайн үед урлаг ийм байдлаар хөгжиж байсан гээд тодорхой хэсэг нь гарч магадгүй юм. Хэрвээ тэгвэл танд татгалзах зүйл байгаа юу?

Нэргүй -

Байхгүй ээ.

Дэжид -

За манай энэ төсөлд заавал асуух шаардлагатай 2 зүйл байгаа юм. таны амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн зүйл байдаг уу?

Нэргүй -

Сайнаар уу? Муугаар уу?

Дэжид -

Сайнаар.

Нэргүй -

За даа, миний амьдралд хамгийн хүндэтгэлтэй зүйл бол багш нар маань юм. Намайг дэмжиж, түшиж өгч энэ авъяас чадварыг минь нээсэн юм. Хэрвээ тэгээгүй байсан бол би багш болоод хөдөө суманд нэг газар багшилж байгаад тэтгэвэртээ гарчихсан хэдэн малтай, тэтгэврээ аваад л амьдарч байх байсан байх. Би ер нь дуу хөгжимгүйгээр амьдарч чадахгүй байсан юм шиг санагддаг. Тэгээд ер нь хүн багаасаа өөрийн зорьсон юмандаа үхэн хатан зүтгэдэг юм байна гэж боддог. Дуу хуургүй явах юм бол сэтгэлээр унах байсан байх гэж одоо боддог ш дээ.

Дэжид -

Тариатад 10 жилд байхдаа хаана байдаг байсан бэ? дотуур байранд уу?

Нэргүй -

Ахындаа байдаг байсан.

Дэжид -

Мэдээж ийм их авяастай байсан юм чинь 10 жилдээ сургуулийн нүүрийг их тахалдаг байсан байх даа?

Нэргүй -

Харин тиймээ, сургуулийнхаа нүүрийг тахалдаг ганц хүүхэд байлаа. Нэг инээдтэй зүйл гэвэл 7р ангид байсан юм. Үсээ хоёр хувааж сүлжинэ, нэг боовол авгай гэнэ. Чихний ээмэг зүүж болохгүй гэдэг байлаа. Нэг удаа ээжийхээ бөгжийг зүүгээд явчихлаа тэгсэн нэг багш намайг авгай гэлээ. Би бүр гайхаал юу гэж байгаа юм бол доо гээд л намайг том болсон хүн гэж байгаа юм байна дээ гэж бодож билээ. Тэгээд Мягмар багш хурлаар ангийн багшид хэлээд хоёр багш маань муудалцаж байсан юм. Тэгээд ангийн багш маань миний хүүхэд авчихаа амралтаараа зүү гэж билээ. Их сайн багш байсан. Одооны хүүхдүүд бол амар болж дээ. Тэр үед автобус гэж ч байсан биш 53н ачаан дээр суугаад Тариатад тоглохоор очсон юм. Тэгэхдээ багшдаа нэг дэвтэр бэлэглэсэн юм. Тэгсэн их баярлаад багш нар дээрээ хүртэл очоод манайд сурч байсан Нэргүй надаа өгсөн гээд ярьсан гэсэн.

Дэжид -

Таны эцэг эх ямар хүмүүс байсан бэ? авъяас гэдэг өвлүүлдэг гэдэг танай удам сударт ийм авъяастай хүн байсан уу? Өөрийн бага насныхаа талаар яриана уу.

Нэргүй -

За, би ээжтэйгээ хамт байдаг байсан. Ээж маань их сайхан үнээ эвэлдэг байсан. Найранд дуутай л хүн байсан. Их сайхан хүүхэн байсан. Би бол ээжийгээ гүйцэхгүй ээ. Нутгийнхан ч ээжийг маань их сайхан хүүхэн гэдэг байсан. Ээжийгээ гүйцэхгүй ч гэсэн царай зүсийг нь дуурайсан.

Дэжид -

Тэр үед соёлын ордон их өргөн цар хүрээтэй ажиллаж байсан юм байна. хувьчлагдаад яасан бэ? хэр өргөжсөн бэ? хувьчлагдах үед мэргэжлийн хүмүүс яасан бэ?

Нэргүй -

Соёлын ордон орон тоо цөөтэй байсан. 16, 24 орон тоотой л байсан. Нэг хүн 2 мэргэжилтэй, 2-3 зүйлийг хийх чадвартай байлдаг байсан. 89, 90 оны үед урлаг их хэцүү болсон. Театер болоод олон орон тоотой болсон, тэгээд хөдөө яна, томилолт энэ тэр гээд зардлаа дааж чадахаа болиод 94, 95 оноос харин шал өөр болж байна. одоо бол олон орон тоотой боловч сайн ажиллаж чадахгүй байна гэж боддог. Менежмент муу байна. хөдөөгийн театерийг мэргэжлийн болгох хэрэгтэй байна. өөрөөр хэлбэл соёлын бодлого алдагдаж байна. тэр үед бол шаардлага их өндөр байсан. дээд зэргийн менежменттэй. Наад зах нь намайг ирж байхад за энэ хүүхэд юу чаддаг юм гээд нэлээн шалгадаг байсан. уул нь соёлын арга хэмжээг их чухалчлах хэрэгтэй гэж боддог.

Дэжид -

Намайг бага байхад соёлын ордонд орно гэдэг, түүнд бэлтгэнэ гэдэг маш сайхан санагддаг байсан. энэ хүмүүс яаж ингэж гоё бүжиглэж, дуулдаг юм бол гэж боддог байлаа. анги хамт олноороо их очдог байсан. хүүхэд байсан болоод тэр юмуу их л гоё санагддаг байсан. Одоо ингээд харж байхад шинээр нээгдсэн, нэмэгдсэн юм бага байх шиг байна. би бол 63, 64 оны л сурагч шүү дээ. Соёл олон нийтийн юм бага байх шиг байна.

Нэргүй -

Би одоо тэтгэвэртээ өөрсдөө санхүүжүүлээд чуулга байгуулсан юм. Тэр чуулга маань авъяастай хүмүүсийг оролцуулаад сардаа нэг програм гаргаад тоглолт хийчихдэг байсан юм. гэхдээ ноднин жилээс хойш байр байхгүй болоод хийж чадагүй байна. гэхдээ аймгийн дарга эд нар та нар хаяж болохгүй байр савгүй болохоор хэцүү байгаа байх гэхдээ битгий орхиорой гээд л байсан. аймгаас дэмжиж өгөхгүй л бол хэцүү л дээ.

Дэжид -

Та ер нь хаана хаана уралдаан тэмцээнд орж байсан бэ?

Нэргүй -

Ардын дуу дуулаачдын тэмцээнд 3 удаа оролцсон. 2-т нь 2-р байр, 1 т нь тэргүүн байр эзэлж байсан. 1994 онд дуурь бүжгийн театерт тайлан тоглолтоо хийсэн.

Дэжид -

Танд хамгийн дурсгалтай эд зүйл юу байна вэ? эцэг эхээс үлдээсэн ч юмуу тийм зүйл байдаг уу?

Нэргүй -

Би ч одоо өөрийн авъяасаараа л их баярлаж явдаг даа. Энэ авъяасыг маань нээж өгсөн ханьдаа баярлаж явдаг даа. Удмын гавъяатай дуулдаг хуурддаг хүн байгаагүйч өдий зэрэгтэй байгаадаа их баярладаг. Одоо хоолой маань сайхан хэвээрээ байгаа.

Дэжид -

Таны хоолойны энэ сайхан цар хүрээ одоо болтол буурахгүй байгаа нь багадаа хонь хурга хариулж явсан, төрсөн нутгийн задгай газар, онгон байгальтайгаа холбож үздэг үү.

Нэргүй -

Тэгэлгүй яахав. Миний төрсөн нутаг бол үнэхээр сайхан нутаг. 2 талаараа өндөр модтой уултай. Хонинд явж байгаа хүн чинь тэгээд хоёр талын уулыг цуурайттал л дуулна шүү дээ. Тэр сайхан нутаг усны маань энерги л гэж боддог доо. Саяхан нэг нутагруугаа хуриманд очсон. Хөгшчүүлээс 2, 3 хүн ирсэн байсан. манай нутгаас ийм сайхан дуучин төрсөнд их баяртай байна гээд уйлж байсан. нэг хүн чамайг дуулхаар би үнэхээр омогшиж байна. би ер нь ингэж байгаагүй гэж байсан.

Дэжид -

Хүнийг дэмжинэ гэдэг бол удирдлагатай холбоотой гэж боддог. Тэр үед соёлын ордны дарга ажилчид нарын холбоо ямар байсан. нийгмийн тал дээр хэр дэмждэг байсан бэ?

Нэргүй -

Нийгмийн асуудал дээр анхаарах нь муу байсан. Яагаадав гэхээр одоо бодохоор их бүдүүлэг байсан. Олон юмаар чагт тавьдаг байсан. Чи олон хүүхэд гаргадаг, сонин уншлагад ирдэггүй, өглөө хоцордог гээд л шагнал урамшуулалд тодорхойлохгүй шүү дээ. Ямар сайндаа би хувьсгалт намд элсэх гээд явж явж байхад 30 гараад элсэх гээд явлаа. Намын батлахаа авах гээд очтол урлагийн хүмүүс их хөнгөн шингэн, хөл хөнгөнтэй хүмүүс байдаг гэчихсэн чинь намын батлахаа өгөхгүй гэсэн. Манай хүн тэгсэн хувьсгалт намд яагаад элсэх гээд дурлаад байгаан, намтай ч болно, намгүй ч болно боль чи гэсэн юм. Тэгээд 90 оны үед хувсгалт нам жаахан нэр хүнд нь уналаа ш дээ. Тэр үед тэгсэн намайг элсээч гээд. Тэгээд 94 онд элссэн. 2 намын ялгаа ийм юманд их гардаг. Би хэлье гэснээ шууд хэлчихдэг байсан болхоор миний авъяас гэдэг юунд ч дарагдахгүй ээ, үнэн юм үнэнээрээ явна гэж хэлээд гарч байсан юм.

Дэжид -

За баярлалаа Нэргүй гуай. Маргааш үргэлжлүүлээд ярилцая. Ардчилалын талаар, ардчилал Архангай аймагт ямар байгаан, хүмүүс юу гэж үзэж боддог талаар ярилцая.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.