Anonymous
![](../assets/images/interviewees/990443.jpg)
Basic information
Interviewee ID: 990443
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Amgaased
Sex: f
Year of Birth: 1950
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: self-employed
Belief: Buddhist
Born in: Hangai sum, Arhangai aimag
Lives in: Tsetserleg sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
literature
travel
education / cultural production
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
За сайн байна уу? Өнөөдөр 10-р сарын 2 ны өдөр би 2 дахь өдрийн ярилцлагаа үргэлжлүүлэхээр ирээд байна. Өчигдөр бид ардчилалын талаар ярилцъя гэсэн. Түүнээс өмнө өчигдрийн ярилцлагтай холбогдуулаад асууж тодруулах хэдэн зүйл байна.
Ер нь энэ соцализмын үед урлагийн нүүр царай болж байсан хүний хувьд таны хувцас их гоё юмаа. Энэ зургуудаас харж байхад. Хувцас ер нь яадаг байсан бэ? цаанаасаа хангадаг байсан юмуу, өөрсдөө хийлгэдэг байсан уу? Хаана ингэж урлуулдаг байсан бэ?
Нэргүй -
Соёлын ордонд байхад бол оёдолчин байдаг байсан. Тэнд хэмжээгээ өгөөд хийлгэдэг байсан. Өөрсдөө хэмжээгээ өгөөд иймэрхүү юм хийлгэмээр байна гэж хэлээд л. Тэр үед чинь тэгээд хоргой дурдан их ховор байсан. Шугамын хилэн даавууг хоргой дурданаар эмжээд сайхан дээл хийдэг байсан даа.
Дэжид -
Тантай ингээд ярилцаад байж байхад та их дайчин мятрашгүй хүн байсан юм шиг санагдаж байна. Та яаж цаг заваа зохицуулж, өөрийн энэ гоо сайхныг авч явдаг байсан бэ? өөртөө яаж цаг гаргадаг байсан бэ?
Нэргүй -
За би эмэгтэй хүний хувьд үр хүүхдээ асрана, эр нөхрөө халамжилна, гэр орноо авч явах гээд эмэгтэй хүнд чинь их л ажил байдаг шүү дээ. Миний хувьд бол өдөр шөнийг л ялгалгүй юмаа хийдэг байсан даа. Нэг жишээ хэлэхэд ёолкоор золгодог байлаа. 12 цагаас концерт тоглоно. Тэгээд л шөнө 3,4 хүргээд тарна. Маргааш нь золгоно. Гэр орны эзэгтэй байхгүй бол болохгүй ш дээ. Тэгээд л боорцгоо хийж, буузаа хийгээгүй бол хийнэ, гэр орныхоо тоос шороог ухна. Цэцэрлэгийн хүүхдүүдийнхээ хувцасыг угааж индүүднэ. Цаг завыг их ашигладаг байсан. Шөндөө ер нь 3, 4 цаг л унтдаг байсан байх. Өглөө 6 гэхэд л босохгүй бол амжихгүй. Хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажилдаа явахгүй бол амжихгүй. Цөмийг нь хувцаслаж, хүргэж өгнө. 4-н дөрвөн хүүхдийг өсгөнө гэдэг нэлээн л ачаалалтай байсан. миний төрөлхийн нэг чанар байдаг юм шиг байгаан. Өөрөө л хийдэг. Хүний хийсэн юм санаанд нийцэхгүй. Айлд амраад очсон ч гэсэн хоолыг нь хийлцээд л унадаг. Манай дүү нар эгч ирнэ гэнэ хоолоо сайн бэлдээрэй тэгэхгүй бол ханцуй шумлаад л ороод ирнэ шүү гээд инээдэг гэсэн.
Дэжид -
Үнэхээр энэ их ажлын хажуугаар яаж амжуулдаг байсан юм болоо гэсэн сэтгэгдэл төрж байна. Та тухайн үеийнхээ нийгмийн асуудалд хэр шүүмжлэлтэй ханддаг байсан бэ?
Нэргүй -
Би соёлын байгууллагын үйлдэврчний хорооны даргын ажлыг нэлээн хэдэн жил хийсэн. Их ач холбогдолтой ажил байсан. Ажилчдын ар гэрт юу тохиолдоно түүнд оролцдог байсан. Наад зах нь ар гэр нь гачигдалтай, хоол унд муутай хүмүүс их байдаг байсан. 53-тай байсан түүгээрээ бойруу давхиад л түүн дээрээ цувдаагаа аччихаад тараадаг байсан. Амьдрал дорой, хөгшин хөвөө яварсан хүнд туслах юмсан гэж боддог. Хүнд тус болчих юмсан л гэж боддог заримдаа өвчтэй ч юм шиг. Одоо ч сая ямар сайндаа ахмадуудын арга хэмжээ зохион байгуулах гээд 3, 4 өдөр өдөр, шөнөгүй зүтгэсээр байгаад хийлээ. Соцалист хөдөлмөрийн баригад гэдэг чинь их сайхан юм байсан ш дээ. Одоо бол сураг ч үгүй болж дээ. Тэр чинь ёстой нэг нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө гэсэн лозонтой, маш сайн захиргаадалтын үед хүний төлөө их сайн ажиллдаг байсан.
Дэжид -
Та орчин үеийнхээр бол та нэг албан байгууллагын дэд дарга, аж ахуйн даргын үүргийг хийж гүйцэтгэж байсан байхнээ.
Нэргүй -
Харин тийм.
Дэжид -
Ямар цалин мөнгө авах уу?
Нэргүй -
Ямар ч цалин мөнгө байхгүй. Өөрийнхөө санаачлагаар л ажиллдаг байсан. нийгмийн идэвхээрээ л юм даа.
Дэжид -
Хамт олон л хүрээлэх юм даа.
Нэргүй -
Тиймээ, хүний төлөө их гүйдэг, хүний төлөө их санаа тавьдаг байсан. өдий зэрэгтэй явж байгаа маань хүнд буян болж байсны тус юмуу л гэж боддог. Сайхан сэтгэлийн мөр цагаан гэж бодож суудаг.
Дэжид -
Хөдөлмөрийн баригад гэдэг чинь цол мандаттай байсан байхнээ.
Нэргүй -
3 цол мандат авсан. 5 5 жилээр гавшгайч гээд. Их үзүүлэлт байдаг. Аймгийн намын хорооноос шалгадаг комисс байсан. 10 хэдэн жил ёстой тогтмол байсан. сүүлдээ 90 ээд оны үеээс л байхгүй боллоо доо.
Дэжид -
Ардчилалын эхэн үед та юу хийж байв? Ардчилал танай аймагт яаж хөгжив? эрэгтэй эмэгтэй хүмүүс хэрхэн оролцож байв.
Нэргүй -
Ардчилал эхлэх үед би хувьсгалт намд элсэх гээд л үйл тамаа эдлээд байлаа. нэг жил, 2 жилээр гээд хойшлуулаад л бөөн юм болсон. Дагалдан, орлогчоор гээд л сунгаад байсан. Янз янзын юмаар саад хийгээд л элсүүлэхгүй байсан. Сүүлд нэг инээдтэй юм болсон. Элсдэгийн даваан дээр 2 ороод 2 дахь дээрээ орсон чинь ийм юм болсон. Ээж маань нас өндөр тул зул барьдаг байсан юм. Тэгсэн чи соёлын хүн зул барьдаг гэсэн. Хориотой байсан. Нацагдорж гэдэг багш бас байсан юм. Булган хайрханд зул өргөх гэж яваад баригдаад ажлаасаа халагдаад, сургуулиасаа хасагдаж байсан юм. Бурхан шүтдэг хүнийг үзэж чадахгүй их хэцүү байсан. Өв уламжлагдаад ирсэн юм чинь эмээ ээжээс маань эхлээд зул барьдаг байсан. Сүүлдээ айгаад өрхөө бүтээгээд, үүдээ аделаар таглаад өргөдөг байсан. Тэгээд намайг чинь соёлын хүн байж бурхан шашин шүтдэг гээд л элсүүлэхгүй байсан. Сүүдээ залхаад их гомддог. Би ч юмыг шууд л хэлчихдэг, тийм байн гээд хэлчихээр, хурал дээр босоод үг хэлчихээр нухчин дараад, үзэн яддаг байсан. Цуг ажилладаг хүмүүс бол мэднэ дээ. Сая ахмадын арга хэмжээнд нэг бүжигчин байсан эгчтэйгээ тааралдаад жаал хууч хөөрч бүр уйлсан. Ер таардаггүй байсан юм. Тэр үед ямар сайхан байв аа гээд зөндөө хууч хөөрсөн. Хүмүүсийн сэтгэлд бас үлддэг л юм байна гэж бодсон. Одоо бол тийм биш ш дээ. Би одоо театраа их боддог ш дээ. Цаг барьж байгаа юм байхгүй, уран бүтээл хийж байгаа хүн ч байхгүй, уншаад сууж байгаа хүн байхгүй тэгээд бас багш байхгүй. Дуучин хүн гэдэг чинь байнга дасгал уншиж байх ёстой гэж хэлдэг.
Дэжид -
Дасгал уншина гэхээр яана гэсэн үг вэ?
Нэргүй -
Өглөө ирээд дээш нь доош нь өнгө гаргаад л дуулна гэсэн үг л дээ. Уухай уншина. Дээшээ ахиулаад л. Өглөө бүр уншина. Би өглөө босоод л уухайгаа уншина шүү дээ. Хажуу айлууд гайхдаг болов уу гэж боддог юм. Манай 2 зээ охин хүртэл эмээ босчихоод л дуулаад байдаг юм гэж ээждээ утсаар ярьаж байсан гэсэн. дуучин хүн чинь хоолойгоо их аргадах ёстой. Хэт халуун юм ууж болохгүй, айраг ууж болохгүй уувал хоолой суучихдаг. Одооны хүүхдүүд бол идэж ууж байгаад л зарлахаар л шууд гарчихна. Бид бол дуулхаас өмнө хүнтэй ч бараг ярьдаггүй байсан. одоо бол бараг зүйрмэглэж байгаад л гараад гүйчихдэг юм шиг байгаа юм. хааяа нэг тоглолтонд ороод явж байхад энэ хүүхдүүдийг дэг журамтай байгаасай л гэж боддог доо. Бидний үед их нарийн байсан шүү. Ахмадынхаа үгийг их сонсоно. Дөнгөж дагалдангаар орсон хүмүүс бол харцаар нь л хөдлөнө шүү дээ. Намайг гэхдээ эд нар маань хүндэтгэж харьцдаг даа хөөрхий минь. Гэхдээ л санасанд хүрхээр биш байна. Эр эмгүй тамхи татаад л. Дуучин хүн бол тамхи татаж ёстой болохгүй. Тамхи татдаг хүн ярихад ямар байдаг билээ, татдаг хүн таддаггүй хүн шал ондоо. Манай нэг шавь уртын дуучин тамхи татаад байдаг юм. Чи тамхи татаад байна уу гэхээр үгүй л гэдэг юм. Нууцаар татаад л байдаг юм шиг байгаан.
Дэжид -
Та их олон шавьтай юмаа.
Нэргүй -
Тиймээ олон шавьтай, түрүүн хэлэхээ мартсан байна. Би уртын дуу, ардын дууны дугуйлан 4 дахь жилдээ хичээллүүж байна. Одоо 25, 26 орчим шавьтай. Энэ 2 шавь маань их сайн дуучин болно. Сая миний талйан тоглолтоор ирсэн. Энэ эмэгтэй шавь маань жаахан туранхай хоолойны чадал муутай. Туранхай байх чинь бас нөлөөлдөг.
Дэжид -
Та залуу дуучиддаа хэр өвлүүлж байна?
Нэргүй -
Өвлүүлнээ, хэлж ярьдпаг л юм. Энэ манай дугуйлангын хүүхдүүд. Хамгийн бага нь.
Дэжид -
Энэ олон хүүхдүүдийг мэргэжлээ сонгоход нь туслаж байна уу? Багшийн эрдэм шавиас гэдэг шүү дээ.
Нэргүй -
Өндөр шалгуураар авдаг. 10 хэдэн хүүхдийг л авдаг. Би ноднин Архангайгаас 3 хүүхэд зүтгүүлсээр байгаад бүртгүүлсэн. Дэлгэр багш намайг орохгүй байгаа аймгийн хүүхдүүд ч байгаа ш дээ. Дараа жил танайхаас авахгүй шүү гэсэн. Тэгэхээр нь би анхныхаа шавь нарыг гээд, соёл урлагийн сургуулийн өмнө бараг 3 өдөр болж байж бүртгүүлсэн.
Дэжид -
Ардчилалд та яаж оролцож байсан бэ?
Нэргүй -
Би их үнэнч, шударга юм хийдэг нам гараасай гэж боддог байсан. Ганц намын заалтаар яваад байх нь буруу даа гэж боддог байсан. Учир нь 85 онд хороо байгуулагдсан юм. Манай найз дарга нь байсан. Тэгээд би Хотонт сум руу явах гэж байсын. Тэгсэн надад нэг шар хайрцагтай юм өглөө. Хоршоодын гишүүдийн хийсэн юм байгаа юм гэлээ. Би аваад л явлаа. Зархыг нь зараад үлдсэнмйг нь буцаагаад аваад ирье гэж бодоод аваад явлаа. Тэрэн дотор нь нэхмэл юм хүүхдийн бойтог, нэхий малгай гээд хоршоодын хүмүүсийн хийсэн зүйл байсан. юм их ховор байсан учир хүмүүс их сонирхож бараг бүгдийг нь л зарчихлаа. Тэгээд ирээд өгсөн чинь 5 төгрөг өглөө. Их баярлаад л харилаа. Тэгсэн 4, 5 хоногийн дараа намын хороон дээр дуудаж байна гэлээ. Товчооны хуралд орно гэлээ. Би бүр гайхаад л яасан юм бол гэж бодож байлаа. Тэгсэн за чи дамын наймаа хийдэг гэсэн. Би санаад аан тэгсэн, би жаахан юм авч яваад зараад ирсэн гэлээ. Чамд юу өгсөн гэлээ. Би 5 төгрөг өгсөн гээд л үнэнээ хэллээ. Тэгсэн чи соёлын үрийг тарих ёстой хүн ингэж явах ёсгүй чамайг Намын хорооны товчооны хурлаар хэлэлцүүлж хатуу донгодуулна гэлээ. Тэгэхээр нь би одоо бол юу ч бишээ, цаашдаа энэ байтугай юм гарна. Хүмүүс өөрийн амьдрал ахуйгаа дээшлүүлэх гээд худалдаа наймаа хийнэ гээд хэлчихсэн чинь дэмий юм ярилаа гээд бөөн юм болж арга хэмжээ авахуулна гэлээ. Тэгээд 250 төгрөгийн цалинтайгаар дагалдан хийх боллоо.
Би өвгөндөө ардчилалд элслээ гэсэн чинь болох юмуу гэнэ. Би ядагийн гээд ХУ намд өширхөөд ардчилсан намд элссэн. Ардчилал гараад буруу юм болоогүй. Хүмүүс хотондоо малтай, өөрсдийн алаад идэх хоньтой, дарга цэрэг нар нь машинтай, хүмүүс гадаад дотоод явдаг болсон. Би бол ардчилалыг дэмждэг. Зөв талдаа гэж боддог. Сүүлийн үед намын зааг гэдэг юмаас болоод авах юмаа авч чадахгүй хэдэн жил болж байна. Намайг ардчиллын төлөө хөлөө хугалчихгээд гүйдэг авгай гэдэг гэсэн. Би өөрөө ардчилсан намых, дарга цэрэг нар нь хувьсгалт нам. Миний зиндааны ойр орчны хүмүүс бүгд Гавъяат гээд одон медаль авчихсан байгаа. Намын зааг гэдэг зүйлээр хүнийг яах гэдэг чинь их онцгүй л болж байна даа. Дарга нь хувьсгалт намын хүн байвал намынхаа хүнийг л татаад, ардчилсан намын хүн байвал буулгах гээд байдаг юм даа. Би авах шагналаа аваагүйдээ жаахан гомдолтой байдаг л юм гэхдээ яахав ээ ард түмэндээ бол өөрийгөө гавъяат авсан л гэж боддог. Манай энэ нутгийнхан чинь надад их сайн намайг их хүндэлдэг. Ногоо авах гэхээр надаас ав надаас ав гээд л, гудамжаар явж байхад бүгд л сайн байна уу гээд. Ер нь гэхдээ зөв санаатай явахад болно гэж боддог. Захиргаадалтын үеийн нэг юм ярихаа мартсан байна. 5 хүүхдээ аваад бурхан болооч бид гэр бүлээрээ тоглоод явж байваа. Намын хорооноос гэр бүлийн тоглолт хийх гээд.
Дэжид -
Танай 5 хүүхэд бүгд дуулах уу?
Нэргүй -
Тиймээ, манай хүүхдүүд бүгд авяъастай хөгжимдөнө, дуулна, бүжиглэнэ. Аавыгаа дуурайсан. 2 хөгжимчин, том охин хуучрын анги төгссөн, дараагийн Америкт сурч байгаа хүү хөгжим бүжгийн галерейтын анги төгссөн. Том хүү эмч, хамгийн бага охин Багшийн их сургуулийн сэтгүүлчийн ангийг төгссөн. Бүгд л урлагийн авъяастай. Тэгээд хүүхдүүдтэйгээ сумуудаар явдаг юм байна өө. Ямар үнэнч байсан гээч. Үнээний зэлэн дээр нь тоглолтоо хийж өгөөд л. Хүмүүс нь үнээгээ саагаад л үзээд л ямар гоё юм бэ гэдэг байсан. Баянтай, өсгөгчөөрөө зарлаад л тоглодог байсан. морьтой залуучууд ирээд л мориороо хашаа болгоод баахан бүжиглэдэг байсан. Тэгээд тоглолтоо дуусгаж ирээд тайлангаа гаргаад 6000 төгрөг тушаалаа. Ямар их мөнгө байсан гээч тэр үедээ. Тэгээд сайн явсан байна бүх айлуудаар явсан байна гэлээ гэж байсан юм. Хүүхдүүд маань бүгд бор бор болчихсон. Тэгээд бид нарт соцализмын үеийн 10аад ном, том газрын зураг, хэдэн дэвтрээр шагнасан юм. Их юм өглөө гээд л баярлаад авч байсан даа. Бас Гагарины тэмдэг хүүхдүүд өгөхөд их баярлаад л авч байсан. Хүүхдүүдээ хүртэл ингэж тамлаад л. Их ядардаг байсан. Бүх орлогоо үнэн зөв тушаагаад л билет таслаад хүмүүсээ тоолоод л ер нь хэнхэг байсан юмуу гэж боддог. Хүүхдүүддээ ганц чихэр ч аваад өгөхгүй, шоронд орно гээд л. Одоо бодхоор бүр инээд хүрээд байдаг юм.
Дэжид -
Олон жил урлагт хүчин зүтгэж байсан тань таны энэ олон сайхан зураг, бүтээл, шавь нараас харагдаж байна. Одоо ч гэсэн энэ ажлаа орхилгүй үргэлжлүүлж ажиллаж байгаа тань хүн болгонд байхгүй байх гэж бодож байна. Тэгээд маш сайхан дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа. Таны зургийн цомгоос тодорхой хэсгийг буулгаж авъя гэж бодож байна. Шавь нарын зураг, жүжигт тоглосон зураг гээд олон сайхан зураг байна. Ингээд Нэргүй эгчдээ дахин дахин талархмаар байна. Таны дуу хоолойг бичиж авч үлдэхийг хүсч байна. Ингээд та нэг дууны ая барьж өгнө үү гэж хүсч байна.
За их баярлалаа. Таны хоолой үнэхээр сайхнаараа байна шүү. Маш их баярлалаа. Улам урт насалж, сайхан дуу хоолойгоо ард түмэндээ үргэлж хүргэж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье ээ.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.