Damba


Basic information
Interviewee ID: 990385
Name: Damba
Parent's name: Dorj
Ovog: Arvai
Sex: m
Year of Birth: 1941
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired, Mongolian language teacher / researcher
Belief: Buddhist
Born in: Taragt sum, Övörhangai aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
literature
repressions
belief


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? Дамба гуай.

Дамба -

Сайн. Сайн байна уу? хүүхээ.

Ариун-Ундрах -

Сайн байна аа. Та энэхүү судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?

Дамба -

Үгүй ээ би одоо энэ юуг л хараад та нарын ярьж байгаа эднүүдийг бас зарим зүйлийн юман дээр бол санал үг нэмэхэд татгалзах зүйл байхгүй.

Ариун-Ундрах -

аанхан. За танд маш их баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

Дамба -

За намайг Доржийн Дамба гэдэг. Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт 1942 онд төрсөн. Аймгийнхаа дунд сургуулийг төгсөөд хотод одоо энэ улсын их сургуульд ирж суралцаад, тэгээд их сургуулиа төгсөөд шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад. Тэгээд 1973 оны үед энэ шашны сургуульд хичээлийн эрхлэгч хэрэгтэй байна аа. Тийм хүн одоо танай хүрээлэнгээс хүн авъя аа гэж бичиг очсон юм. Тэр бичгийн хуулбар ч одоо надад бас байгаа байх. Тэгээд энэ сургуульд ирж хичээлийн эрхлэгч болсон. Намайг хичээлийн эрхлэгч болоход бол энэ сургуулийн захирлаар МУИС-ийн хичээлийн эрхлэгч байсан, ЗХУ-д оюутны асуудал хариуцаж байсан, элчин сайдын яаманд ажиллаж байсан Доржийн Чүлтэм гуай гэж их сургуулийн ахмад багш, нэртэй эрдэмтэн тийм хүн энэ сургуулийн захирал байсан. Эрхлэгчээр ажиллаад, нэг 5 төгсөлт хийлгээд 1986 онд хэл зохиолын хүрээлэнд очиж ажилласан. Тэгээд хэл зохиолын хүрээлэндээ ажиллаж байгаад, тэгээд 1991 онд МУИС-д багшаар ирж ажиллаад, тэгээд л өдий хүртэл одоо ажиллаад. Одоо бол би чинь тэтгэврийн хүн. Аа тэгээд одоо бас их сургууль маань хишиг өгөх дээр зэрэг хэдэн цагийн хичээл заачихаад ингээд л явдаг ийм хүн байна аа би.

Ариун-Ундрах -

За таны амьдралын түүхэн үеүд ямар ямар онцлогтой байсан бэ?

Дамба -

За миний ажиллаж байх, одоо бидний үеийнхэндээ 1940-н хэдэн онд төрсөн хүүхдүүд бол 50-иад оны үед хөдөө орон нутагт бол яг 8 насандаа сургуульд орж байгаагүй. Би гэхэд л 10 настай сургуульд орж байсан. Яагаад вэ? гэхээр хүүхдээ мал маллуулах, наана цаана гэхээс сургуульд суулгая гэдэг чинь бол хөдөө орон нутагт бол тэгэж түгээмэл хэлснээр нь болдоггүй байсан. Тэгээд бол сургуульд ороод л ингэж сурч байгаад л. Тэгээд тэр бага сургууль, дунд сургуульд байхад бол одоо шашин суртхууны ажил чинь хамгийн бүдүүлэг, хоцрогдсон улс оронд л шашин байдаг ийм. Аа бидний одоо Монголчууд бол хамгийн одоо дэвшилттэй, зөв замыг олсон. Энэ шашнаас л одоо салж чадсан нь бол том алхам энэ тэр гэж хэлж сурталчилдаг байсан. Тэр үеийн ч улс төрийн бодлого бол тийм л байсан. Одоо бараг та нар мэднэ дээ. Одоо улсын номын сангийн урд талын хананд “Капитализмыг бид алгасаж байна” гээд сүрхий тийм хар зураасан зам дээгүүр харайж гарч байгаа тийм цагаан морьтой хүний зураг байсан. Одоо тэр зураг байна уу? Та нар харсан уу?

Ариун-Ундрах -

Хараагүй.

Дамба -

Байхгүй болсон. Гэх мэтчилэнгээр юм бүхэн бол нэг тийм нэг цаг цагийн үед бол янз янзын сурталчилгаа байх юм. Аа тэр бол яахав улс төрийн хувьд бол тийм байдаг л байх даа. Би бол ямар улс төр сайн мэдэх биш. Тэгэхдээ ч бас дугарах юмандаа бол дугарах сонирхолтой. Би чинь бас их сургуулийн дэргэдэх түүх, философийн ангийг төгссөн юм аа. Миний үндсэн мэргэжил бол монгол хэл, уран зохиолын багш юм. Аа тэгээд би бол түүх, философийн ангийг бас төгссөн ийм хүн юм аа. Тэгээд бол би энэ их сургуульд ажиллах хугацаандаа за нэг 10 гаруй номон дээр бичиж, хийлцэж, орчуулж, аа бас нэг 30-40-өөд эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн. Аа мөн шашин түүхийн холбогдолтой 2 киноны түүхийн зөвлөгчөөр ажиллаж ингэж л яваад л өдий тэтгэвэртээ гарсан хөгшин байна даа.

Ариун-Ундрах -

За тэгэхээр таны төрж өссөн нутаг ус, аав ээжийнхээ тухай ярьж өгнө үү?

Дамба -

Өө миний аав бол угаасаа л одоо малчин хүн. Аа 1935-1940 оныг хүртэл цэргийн алба хаасан. Тэр үед бол цэргийн алба 5 жил байсан юм гэнэ лээ. Тэгээд л 1940 оны үед цэргээс ирээд л тэгээд л гэрлээд л, тэгээд би 1942 онд төрсөн бололтой байгаа юм. За миний ээж бол мөн л одоо хөдөөний малчин хүн мал малладаг байсан. Тэгээд манай аав ээж хоёр бол мал малладаг байж байгаад л тэгээд манай аав маань 1982 онд, ээж маань 2002 онд ингээд нас бараад ингэсэн байна аа. Одоо бол би 3 хүүхэдтэй. Аа 3 хүүхэд маань одоо бүгд ингээд сургууль төгссөн ажил хийдэг. Манай хөгшин бол бас насаараа эрүүлийг хамгаалах байгууллагад, эрүүлийг хамгаалах яам, энэ 1-р эмнэлэг, гэмтлийн эмнэлэгт инженерийн ажил хийж байгаад л тэгээд тэтгэвэртээ гарсан. Иймэрхүү л аж амьдралтай байна.

Ариун-Ундрах -

Тэгэхээр таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?

Дамба -

За миний хүүхэд нас бол зуны цагтаа малаа маллаад л, өвлийн цагт нь сургуульд сууж. Аа сургуульд суухад тэр үед бол гэр орноороо сууж байгаагүй. Айлд сургуульд суудаг байсан. Ингээд л одоо мөн л үе тэнгийнхнийхээ хүүхдүүдийн сургуульд байсантай л адилхан л өнгөрсөн. Тийм л байсан.

Ариун-Ундрах -

Тэгэхээр тэр тухайн үеийн хүүхэд эцэг эх хоорондын харилцааны талаар ярьж өгөхгүй юу?

Дамба -

Өө тэр биднийг бага байхад ер нь одоо бүх л миний үеийнхэн адилхан л даа. Зүгээр ер нь цөмөөрөө л ах настай хүний үгэнд орж бай. Элдэв зүйлийн зохисгүй буруу зөрүү юм хийж болдоггүй. Гэр оронд амьдардаг байсан болохоор чинь бид нар ах настай улсууд энэ тэр орж ирээд, одоо мал сурсан элдэв зүйлийн хүн орж ирэхэд бол том хүний яриа сонсдоггүй. Хүүхдүүд бол гарч байдаг ёстой. Гараад ч юм уу, нэгэн бол малд явах ч юм уу. Өө одоо эрэгтэй эмэгтэй хамаа байхгүй бид нарыг чинь араг үүрээд аргалд яв гэдэг байсан. Манай нутагт бол нөгөө мод энэ тэр үгүй учраас аргал түүдэг. Тэгээд л тиймэрхүү янзтай. Аа тэгээд хүн ирж хонох юм бол өглөө морийг нь авчирч өгдөг. Эмээллээд, унаж явахад нь бэлэн болгодог. Орой морь энэ тэрийг нь аргамжих хэрэгтэй бол аргамждаг. Нэгэн бол чөдөрлөөд тавьчихдаг бол чөдөрлөж тавьж өгдөг. Иймэрхүү л ёстой бөгөөд хүн ирэхэд хүүхэд бол заавал нохой хорьж өгдөг. Иймэрхүү л одоо. Тэгээд жирийн л малчны хүүхэд ямар байдаг вэ? Тэр янзаар л миний бага нас бол тэгэж өнгөрсөн. Аав ээждээ тусладаг. Өвлийн цагт бол за явган хонинд явдаг ийм байсан.

Ариун-Ундрах -

Таны хүүхэд насны мөрөөдөл юу байсан бэ?

Дамба -

Үгүй ээ одоо тэр нэг их тийм эрдэм номтой болох юмсан гэж мөрөөдөж байгаагүй. Одоо хаашаа ч юм бэ дээ. Ерөөсөө нэг л малын дэргэд л өссөн болохоороо л малтай байх нь сайхан юм гэж бодоод тэгээд л малд л их явдаг байсан даа. Тэгэхээр одоо тэр ер нь малтай байх л сайхан юм гэж бодож байсан байх аа. Тэгээд сүүлд нь яахав сургуульд ороод л энэ олны хүүхдүүд цөмөөрөө л сургууль соёл, хот суурин газар руу сургуульд явъя гэхээр мөн тэгээд л адилхан сургуульд явчихсан болохоос өө чухам би тийм мэргэжилтэй болно, тэгнэ энэ тэр гэж миний хувьд бол. Бусад хүүхдүүд бол бодож байсан байх аа. Би бол өөрөө бас мунхаг ч юм уу хэн мэдэхэв. Зүгээр ер нь би нэг их тийм тийм болчихъё нэг их бодоод байсан юм байхгүй. Тэгээд л одоо явж байгаад л, тэгээд л одоо их сургуульд хуваарилагдаад л, тэгээд их сургуулийнхаа монгол хэл, уран зохиолын ангийг төгсөөд л. Гайгүй одоо идэвхитэй ч гэдэг юм уу, сурах эрмэлзлэлтэй ч гэсэн юм уу тэгээд л нэг гайгүй төгссөн болохоор бол шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтнаар хуваарилсан. Тэндээ ажиллаж байсан чинь шашны сургууль одоо хичээлийн эрхлэгч хэрэгтэй. Төвдийг бас мэддэг гэсэн. Би бол Төвд хэл мэднэ гэж ямар юмаа байхав дээ. Зүгээр их сургуульд заалгаж байсан учраас бол нэг Төвд номын толгойг доош нь харуулахааргүй л хэмжээний л юм байсан. Тэгээд энд ирээд яахав хөөрхий энэ эрдэмтэн багш нарыг дагаад л. Энд чинь бол над шиг юм мэддэггүй хүн ер нь тэр сургуульд ер нь байгаагүй. Энэ өвгөн багш нар чинь цөм номын далай тийм л улсууд байсан хөөрхий. Одоо тэр захирал байсан Чүлтэм гуайг хүртэл би бага байхдаа 17-18 хүртлээ хүрээнд сууж байсан гэж. Ном их цээжилчихсэн, их номтой хүн байсан. Тэгээд манай одоо энэ Чойжамц хамба, энэ Дамбажав хамба. Тэгээд бүх одоо эхний 5 төгсөгчид мэднэ. Би бол Төвд номыг цээжилсэн ном байхгүй. Тийм учраас бол би судраа тавиад суудаг тийм байсан. Тэгээд судраа харж уншиж байгаад л тэгээд чи тэрнээс тэр хүртэл уншлаа энэ тэр гээд л, дутуу уншлаа энэ тэр гээд л. Тэгээд сүүлдээ ч яахав өвгөн багш нар бол яахав дээ тэр үед бол сонин юм байх юм л даа. Зарим хүүхдүүд бол цээжилсэн юм энэ тэр чинь заримдаа бас гацах юм байна. Аа заримыг нь бол дэвхэргэж нэг хоёр мөр цээжлээгүй бол дэвхэргэж уншаад явчих энэ тэр юм байна. Тэгээд өвгөн багш нар л өө энэ судар тавьж суудаг чинь ерөөсөө зөв юм байна. Бид нар чинь одоо чих хатуу болохоор эд нарын чинь бүдэгхэндүү ..... гээд л явчихлаар зэрэг золиг болсон байх гэж бодож байхад чинь. Судар тавьж суудгаараа л энэ хүн л ерөөсөө гарцаагүй яаж байна гээд тоглоод наргидаг байсан. Тэгээд бол ер нь манай шашны сургуулийн за эхний 5 төгсөлтийнхөн бол ихэвчлэн их идэвхитэй, чармайлттай, их сайн сурдаг. Хичээл номондоо их шаргуу оролцдог. Өө тэр үед чинь би одоо тэгэхэд чинь л бүх л улсын шаардлага байсан. Хичээл тасалсан буюу 29-ны хурал хураагүй оюутан энэ тэрийг шууд стюпентээс нь цагаар тооцоод л хасдаг. Одоо тиймэрхүү л хатуу ширүүн ханддаг байсан даа.

Ариун-Ундрах -

Та энэ сургуульд 70-н хэдэн онд ирсэн гэхээр энэ сургуулийн үүх түүх нь ямар учиртай вэ?

Дамба -

Үгүй ээ энэ сургуулийг бол одоо 1969 онд энэ Гомбожав хамба лам гуай гэж одоо энэ Гандан тэгчилэн хийдийн хамба лам гуай, аа Буриадын хамба лам Гомбаев гуай хоёр Москвад нэг хуралд очсон юм гэнэ лээ. Аа тэгээд хуралд очоод ингэж тэгээд ярилцаж байсан. Тэр үед бол дэлхий дахинд ер нь энх тайвнаар нэгдэе гэдэг ийм уур амьсгал бол даруй социалист орнуудын дунд бол их өрнөсөн байсан. Аа тийм учраас бол тэр үед бол Гомбожав хамба лам гуай, Гомбаев гуай энэ тэр бол ер нь одоо энэ Азийн бурхны шашинтнууд эвтэй, найртай байж. Энэ энх тайвныг эрхэмлэе гэсэн ийм их үнэтэй сайхан санал зөвлөгөөг тэр энх тайвны хурал дээр хэлж ярьсан. Аа тэр хуралд орж байсан дэлхийн олон шашинтны лам хуврагууд бол энэ ер нь зүйтэй юм. Энэ шашнаараа одоо нэгдэж, энэ дэлхийн 3 том шашин дотор бол ер нь их дайтаад байя гэдэг талын шашнууд бол их цөөхөн байдаг бололтой байгаа. Даруй одоо бурхны шашин бол ерөөсөө бүр энх тайвныг эрхэмлэдэг, эвтэй найртай байхыг эрхэмлэдэг ийм учраас тэр үед бол энх тайвны эрхэм зорилгыг биелүүлэх шашин шүтлэг бол бурхны шашин гэж хэлж илтгэж байсан байдаг. Ер нь ч бурхны шашны гүн ухаан, бурхны шашны үзэл бодол энэ бүхэн бол дандаа эвтэй найртай, эвсэг ийм байхыг л эрхэмлэдэг, сургадаг. Ийм ариун номын шашин болохоороо бол мөн бурхны шашныг бол дэлхийн улс үндэстнүүд бол хүндэлдэг ийм учиртай юм. Ер нь дэлхий дахинд бол хамгийн анхны шашин гэж хэлэх юм бол бурхны шашин. Аа Христос, Лалынх бол шүтлэг. Энэ бол бүр баттай хэлэх хэрэгтэй юм байгаа юм. Одоо бол ерөөсөө Христосын шашин гээд байгаа юм. Христосынх шашин биш. Аа Мусульман бол бас шашин биш шүтлэг. Шүтлэг, шашин хоёр чинь өөр юм. Шашин гэдэг чинь өөрөө санскрит үг. Эрдэм, ухаан гэсэн утгатай ийм үг. Тийм учраас бол одоо ерөөсөө энэ хэвлэл мэдээлэл, энэ сурталчилгааны юман дээр бол одоо маш их тэр заагтай заагтайгаар нь хэлэх хэрэгтэй. Тэгээд сумо бөхийг бол Монгол бөх гэж хэлж болохгүй биз дээ энэ чинь. Тийм тийм таарсан нэртэй. Хийдэг хийдэг юмтай юм болохоороо тийм ээ? Тийм учраас бол тэр таарсан таарсан нэрээр нь байх хэрэгтэй. Тэгээд энэ бурхны шашин бол дотроо бол одоо эрдэм ухааны их, бага 5 ухааны буюу нийт эрдэм ухааныг бол агуулсан байдаг. Энэ талаараа бол шинжлэх ухаантай дүйцдэг. Тийм учраас дэлхий дахинд бурхны шашныг бол шинжлэх ухааны шашин юм аа гэж үзсэн хүн ч бий. Зөндөө бий. Тийм л байдаг юм шиг байгаа юм.

Ариун-Ундрах -

Тэгэхээр таны өнгөрүүлсэн амьдралын туршид Монгол дахь энэ шашин яаж өөрчлөгдөж, ямар ямар замыг туулж ирсэн бэ? Өнөөдрийг хүртэл?

Дамба -

За энэ ном зохиолд бичиж, энд тэмдэглэснээр бол ер нь Монголын бурхны шашны түүхийг бол 3 үе болгож манай энэ эрдэмтэн мэргэн лам нар, эрдэмтэд, шинжлэх ухааны докторууд эд нар бол 3 үе болгож хуваасан байдаг. Аа нэг нь бол одоо жишээ нь Хүннүгийн үе гэхэд Монголчууд бурхны шашинтай байжээ гэж. За энэний баримт бичиг нь бол одоо тэр Хятад ном зохиолд бол байгаа. Хүннүчүүд бол бурхны шашинтай. Тэгээд алтан бурхан шүтдэг энэ тэр гэсэн. Аа түүнийг бол иш татаж Монголын нэртэй түүхч Гүнжийн Сүхбаатар гэдэг хүн бол Хүннүгийн түүх судлалын номондоо бол Хүннүн алтан бурхны тухай өгүүлсэн байдаг. Аа түүний дараагаар бол энэ бурхны шашин мөн Монголчуудад дэлгэрч байсан шинж нь юу вэ? гэхээр манай тооллын 4-р зууны үед Хятадууд бурхны шашинд ороогүй байхад Монголчууд бурхны шашинтай байсны гэрч байдаг. Тэр нь юу вэ? гэхээр Фа Сеоны тэмдэглэл гэдэг ном бий. Аа тэр бол 4-р зууны үеийн Хятадын лам Фа Саян гэдэн хүн Монголын нутгаар дайраад энэ хойшоогоо яваад, аа тэгээд хойшоо энэ Афганистанаар тойроод ингэж Энэтхэг рүү ордог. Ер нь Энэтхэг, Европ хоёрын соёлын харилцаа түгсэн нь юу вэ? гэхээр Энэтхэгээс баруун хойш одоо тэр Афганистаны нутаг тэр замаар замнаж хүн ордог болохоос шууд одоо тэр үед бол ямар усан онгоц энэ тэр ч гэж байгаагүй юм байлгүй. Аа ямар нисэх онгоц гэж ажиллаж байсан биш тэр үед чинь. Ингээд явах улсууд чинь энэ одоогын Монголын нутгаар дайрч явж, тэгээд Энэтхэгийн баруун хойд талаас нь Энэтхэг рүү орсон байдаг. Аа тийм учраас бол 4-р зууны үеийн Фа Саян гэдэг тэр лам, тэр чинь нэг хэсэг бүлэг улсууд явсан бололтой байна. Тэд нарыг Монголын нутгаар явахад сүм дугантай, хурал номын ажил их хийж байх юм. Аа тэр лам нар биднийг лам хүн, бурхны шашинтай энэ суралцах гэж явна гэж хэлж ярьсныг мэдээд биднийг их хүндэлж байлаа гэж бичсэн байгаа. Түүний дараагаар бол 7-р зууны үед бол энэ Хятадын бас алдартай зохиолд “Тамсан лам баруун газар зорчсон тэмдэглэл” гэж ном байдаг. Аа бүр хүүхдийн кино ч болсон байдаг. Ном болгоод сүүлд хэвлэсэн нь ч бий. Энэний тухайд бол бас манай ахмад лам нар ч мэддэг. Аа мөн Тамсан лам бас Монголын нутгаар явж байхад бол энэ лам бас л Энэтхэг орноос Хятад оронд бурхны шашин залах гэж яваа, сурах гэж яваа энэ эрдэм ухаанд бие сэтгэлээ зориулсан хүн гэдгийг үнэлж мөн сүм хийдийн лам нар хүндэлж байсан тухайд бол бас Тамсан лам дурдатгалдаа тэмдэглэсэн байгаа. Энэ баримт бичгүүдийг бол шинжлэх ухааны академиас бол хэвлэж гаргасан ийм баримттай юм. За энэний дараагаар бол ингэж байснаа одоо энэ эхэн үеийнх нь дэлгэрэлтийг энийг гэж хэлээд байдаг энэ эрдэмтэд. Аа 2 дахь үеийн дэлгэрэлтийг нь бол 13-14-р зууны үед бол Монголд бурхны шашин дэлгэрсэн гэдэг. Энэ нь бол 14-р зууны үед Юань улсын үед Юань улсын их хаан Хубилай бол бурхны шашинд орсон байдаг. Эхлээд бол тэр Хубилай хааны хатан бол бурхны шашны лам нарыг хүндэтгэж, бурхны шашинд орж, залбирч мөргөж, шашин шүтлэгтэй ийм хатан байсан гэдэг. Дараагаар нь бол Хубилай хаанд энэ бурхны шашны лам нарын ид эрдэм чадвар нь бол ерийн хүнээс юм уу их агуу юм аа ингэж одоо хаандаа хэлдэг байсан. Тэр бүхнийг бол хаан сонсдог байсан хэдий боловч давын өмнө бол тэр шашинд орохгүй байсан. Тэгэхээр бол тэр хаан хүний том бодлого байсан байх. Аа тэрний дараагаар нь бол тэр үед Төвдөөс Пагва лам гэдэг ламыг бол Монголд буюу Юань улсын төвд залсан байсан. Тэр Пагва лам бол “Субашид” гэдэг номыг зохиосон. Гунгаажалцан ламын дүүгийн нь хүүхэд байдаг. Тэгээд Пагва гэдэг лам бол их эрдэмтэй лам. Тэр Пагва лам бол эрдэм ухаанд их гаргуун сайн байсан учраас дараагаар нь тэр Пагва ламыг бол мөн Хубилай хаан хүндэтгэж. Тэр Пагва ламаар Монголын дөрвөлжин үсэг гэдгийг зохиолгосон. Тэгээд Монголчууд бол түүхэндээ одоо тэр 2 дахь эх бичгийг Монголчуудын зохиосон бичиг нь болж байгаа юм. Анх бол Монгол бичигтэйгээ байсан. Одоо байгаа нь дөрвөлжин бичиг гэж хэлдэг. Аа дөрвөлжин бичиг гэдэг тэр бичгийг бол Европын болон гадаадын ном зохиолд бол Пагвагын үсэг гэж хэлдэг. Яагаад гэвэл Пагва лам зохиосон учраас. Аа Монголчууд бол хэлбэр дүрсээр нь яаж байгаа учраас бол дөрвөлжин зурлагатай ийм үсэг өгөөд Төвд үсэгт суурилж ингэж зохиосон учраас тэрнийг бол дөрвөлжин үсэг гэдэг. За тэгээд дөрвөлжин бичгийг бол Юань гүрний бичиг болгож тунхаглаад, Юань улсад хэрэглэж байсан. Юань улс бол үндсэндээ хаан нь Монгол хүн. Өмнө урд талаасаа бол Чингис хаанаас удам угсаалж ирсэн учраас бол Юань улс бол 100 гаруй жил оршин тогтносон ийм байдаг. Аа тэгээд 3 дахь дэлгэрэлтийг нь бол 17-р зууны үеэс дэлгэрсэн гэж хэлдэг. За энэ 17-р зууны үе гэдэг нь бол 1640-1650-иад оны үеэс эхлээд л Монголд Богд ламын шашинг бол хүчтэй сайн дэлгэрүүлсэн. За ийм учраас Богд ламын шашин дэлгэрээд энэ үеэс эхэлж Монголын бурхны шашны судлал, одоо тэр их бага 5 ухаан нийлээд 10 ухааны хэмжээнд бол маш их хүчтэй сайн дэлгэрсэн учраас эрдэм ухааны олон салбарууд Монголд их дэлгэрч, аа түүнийг бол Төвд хэлээр ном зохиолыг Монголын лам нар уншиж мэддэг болсон. Одоо цагт нэг Англи хэл хүчээ авчихсан байгаа шиг тэр үед бол Төвд хэл хүчээ авсан учраас Төвд хэлээр ном зохиолоо туурвидаг өчнөөн төчнөөн олон зуун лам байсан. Аа түүнийг бол бүртгэж манай ахмад эрдэмтэн лам Гомбожав хамба лам гуайн бичсэнээр бол 200 гаруй лам нар Төвд хэлээр ном зохиолоо найруулан бичдэг байжээ гээд тэр лам нарын нэр усыг нь, зохиосон ном зохиолтой нь хамт ингээд гаргасан ийм товхимол энэ гандан хийдэд бий. Тэр товхимолыг бол 1960-н хэдэн онд гаргасан ийм байгаа. Иймэрхүү л гол 3 дэлгэрэлт л гэж одоо энэ судлаачид үздэг ийм байх юм.

Ариун-Ундрах -

Аан тэгээд энэ шашин цааш үргэлжлээд одоо бидний өмнөх 19, 20-р зуун гэхэд ямархуу болж ирсэн бэ?

Дамба -

За энэ тэгээд Монголын бурхны шашин бол ингэж дэлгэрсэн үеийг нь манай түүх ном зохиолд тэмдэглэснээр бол 700 гаруй сүм хийдэд 100 гаруй мянган лам хурж, ном уншлагын ажлаа хийж суралцаж, эрдэм ухааныг гийгүүлж байжээ гэж бичсэн байдаг. Аа мөн сүүлийн үеийн судалгаагаар бол даруй энэ гандан тэгчлэн хийдийн судалгааны төвийн судалгаагаар бол Монголд нэр бүхий 1020 гаруй сүм хийд байжээ гэж бүртгэл гарсан байна лээ. Ном гарсан байна лээ. Тэр номондоо тэгэж бичсэн байна лээ. Тэр нь бас аргагүй юм. Одоо янз янз. Хөдөө орон нутагт бол янз янзын л одоо 2-3-хан дугантай нэг сүм хийд байдаг. Энэ нь яахав гэх дээр чинь өнөө нүүдэлчдийн хэрэгцээнд тааруулсан тэр зүйл. Ер нь шашин гэдэг бол төр тогтож байхад шашин нь бол туслагч нь байдаг ёстой. Одоо хүний зан суртахуун, элдэв зүйлийн энэ бүхнийг чинь шашин тогтоож өгдөг. Төр бол ерөөсөө жолооддог. Аа төр бол жолооддог учраас эх орноо хамгаалахын тулд цэрэг дайны ажил болоход төр бол лам хүнийг ч цэрэгт дайчлаад цэргийн хүн болгох эрхтэй байдаг. Аа шашин нь бол төрийнхөө ёс журмыг төр улсаа бат сайн тогтоохын тулд ёс журам, ёс зүйг нь тогтоож өгдөг ийм журамтай байдаг юм байна. Тийм учраас төр шашин хосолсон улс аа гэж Монгол улсыг ингэж үздэг байсан. Тэгээд бол 1937 оноос 1944 оныг хүртэл Монголд сүм хийдийг албан ёсоор хаагдсан үе байсан. Аа тэгээд 1944 оноос мөн гандан хийдэд анх 11 лам санаачилж, хуучин лам байсан лам нар санаачилж гандан хурал гэдгийг байгуулсан ийм байх юм. Тэгээд л одоо сүүлдээ 1970 оныг хүрэхэд бол гандан тэгчлэн хийд 110 ламын данстай, 100-аад лам байх үед л би энд ирж ажиллаж байсан. Тэр 100-аад ламын нэр ус нь хүртэл одоо ганданд бол архивлачихсан юманд байх хэрэгтэй гэж бичиж барьж машиндаж хийж байсан. Би тэрийг бас машиндаж өгч байсан. Тэр байх хэрэгтэй. Тийм л байх үед нь л би энэ шашны сургууль байгуулагдаад л, тэгээд л шашны шинэ үеийн дэлгэрэлт гэдэг юм уу ингэж л болсон болох байх л даа.

Ариун-Ундрах -

Тэгэхээр энэ 1937 оноос эхэлсэн хэлмэгдүүлэлт байгаа ш дээ тийм ээ?

Дамба -

Тийм.

Ариун-Ундрах -

Энэ хэлмэгдүүлэлтийн талаар та юу ярих вэ?

Дамба -

Өө тэр хэлмэгдүүлэлтийн талаар бол тэр үед би үнэндээ ор сураггүй, огт нь чимээгүй байжээ. Тийм учраас бол өвгөн лам нараас энэ тэр л сонсож байсан. Аа тэрнээс тэрнийг бол би тийм байсан гэж надад бол одоо нүдээр харсан юм яаж байхав. Сүүлд нь ном бичгээс л уншиж барьж, монгол бичгээр болон элдэв зүйлийн одоо бас манай энэ түүх сударт бичсэн нь бол янз янзаар л бичсэн байдаг юм. Аа зарим нэг бичлэг нь бол яахав төр улсынхаа бодлогыг дагаад ингээд бичсэн байдаг. Тэр нь бол шашин бол харгис, олон түмнийг мунхруулж байсан. Энэ шашин сүм хийдийг ингэж тэгшитгэж устгаж байхгүй болсон нь бол том алхам болсон гэж бичсэн түүхэн бичгүүд ч бий. Аа тэр бол яахав улс төрийн талаа дагасан хэрэг байдаг байх. Аа зарим энэ сүүлийн үед бол олон лам нарыг ингэж хомроглон устгасан, шоронд хийсэн, цаазалсан энэ тэр гээд л бичсэн зүйлүүд бий. Мөн тийм баримтууд гаргаж ирсэн. Одоо энэ элдэв зүйлийн энд тэнд тэр л одоо Улаанбаатар хотын баруун талд байгаа гандангын энэ талаар өчнөөн ламыг ингэж ингэж сүйтгэсэн байна энэ тэр гээд л, яс үийг нь гаргасан ийм баримтууд байна. Үгүй ээ энэ бол баримт юм. Одоо тэгээд энэ баримтыг бол одоо чухам энэ түүх бичлэгийн хувьд юу гэж үздэгийг нь бол түүхчид л зөв хэлэх байх. Тэрнээс үнэхээр одоо ийм юм байсан уу? гэвэл байсан. Тэр 700 гаруй сүм хийд байсан уу? гэвэл байсан юм байна. Байхгүй болсон уу? гэвэл байхгүй болсон юм байна. Өө тийм учраас бол энүүнд ямар дүгнэлт хийх юм бол одоо энэ нэртэй түүхчид, энэ шашин судлаачид л зөв дүгнэлт хийх байх. Одоо баримт бол байхгүй болсон нь үнэн. Аа дараагаар нь бий болгох гээд одоо ингээд дахиж 1990 оноос хойш бол ингэж тэмцэж сэргэж байгаа нь үнэн. Энийг л хэлэхээс өөр бол би бол юугаа хэлэхэв дээ.

Ариун-Ундрах -

Сүүлд энэ 20-р зуунд ингээд сэргээх үйл явцад бол та байсан учраас энэ шашин номын хийдийг сэргээх, энэ бүх зүйлийг сэргээх үйл явц яаж эхэлсэн, ямар ямар бэрхшээлүүдтэй тулгарсан, ер нь яаж өрнөсөн тухай ярихгүй юу?

Дамба -

За ер нь энэ сүм хийдийг сэргээх ажил гэдэг бол энэ 90-ээд он гэхэд ч юм уу. За миний бодоход бол 1970 онд Шашны дээд сургууль байгуулсан нь, одоо энэ бол тэр тухайн үедээ бас ийм шүү. Энэ чинь зүгээр энэ гандан тэгчлэнгийн хийд өөрийнхөө саналаар Шашны дээд сургуулийг байгуулчихсан биш. Тухайн үеийн намын төв хорооны тусгай тогтоол гарч ер нь одоо ингээд Шашны дээд сургуулийг байгуулъя аа гэж. Энэ шашны дээд сургууль байгуулсан явдал нь юу вэ? гэх дээр зэрэг Зөвлөлт, Монгол хоёрын дунд бол Шашны дээд сургууль байгуулж, одоо энэ өвгөн лам нарын хойчийг залгаж энэ шашин судлаач, аа мөн сүсэгтэн олны хүсэл эрмэлзлэлийг хангах ийм хүмүүсийг бэлгэе ээ гэсэн. За энэнээс л одоо эхэлж шинэ 20-р зууны шувтарга үеэр шашин Монголд дахин сэргэж байгаа сэргэлтийн нэг баримт гэж хэлж болно гэж би энийг бодож байгаа юм. Тийм учраас бол одоо энэ Шашны дээд сургууль Монголд байгуулагдсан явдал нь бол тэр үед бол ерөөсөө энэ Буриад ...-ын бурхны шашны лам нарыг бэлдсэн. Аа түүний зэрэгцээгээр ОХУ-ын Халимаг улсын бурхны шашинтныг бэлдсэн. Ийм учраас бол мөн Монголын энэ бурхны шашны сургууль бол тухайн хөрш зэргэлдээ орны, одоогоор бол ОХУ-ын Буриад Агийн дацангын лам нарыг бол энд Шашны дээд сургууль бэлдэж гаргасан. Аа тэгээд бол 1990-н хэдэн оны үеэс эхлээд энэ Буриадад тэр Агийн дацандаа шашны сургуультай болсон. Одоо тэнд өөрсдийнхөө лам нарыг өөрсдөө бэлдэж байна. Энэ үеэс л одоо ингээд л шинэ дэлгэрэлт эхэлсэн. Тэгээд одооны байдлаар бол хөдөө орон нутаг, аймаг энэ тэрээр чинь одоо 70 гаруй сүм хийд энэ тэртэй болсон гэж байгаа юм. Тэр бол орон нутгийн ард түмэн нутаг орондоо тэнд сүсэглэж залбирах эрх нь хангагдаж байгаа хэрэг юм даа. Урд нь бол заавал Улаанбаатарт улсын хэмжээгээр нэг л том сүм хийд байсан учраас бол одоо Ховд аймгийн ч гэдэг юм уу, Дорнот аймгийн хүн сүсэг бишрэлээ хангая, буян хийе гэх юм бол заавал Улаанбаатарт ирж л ном юмаа уншуулах хэрэгтэй байсан. Тэгдэг ч байсан. Одоо бол энэ 20-н хэдэн аймагт чинь сүм хийдгүй аймаг байхгүй. Тийм учраас тэр аймаг аймагтаа сүсэг бишрэлийнхээ ажлыг гүйцэтгэчихэж байгаа болохоор бол бас хөдөлмөрчин олон, сүсэгтэн олонд мөн энэ төр засгийн бодлого бол бас л зөв зүйтэй болсоон гэж боддог. Ер нь одоо 1990 оныг хүртэл бол ерөөсөө бүх аймгуудад шашингүйн суртал нэвтрүүлгийг явуулдаг байсан ш дээ. Аймгийн намын хорооны дэргэд шашингүйн суртал нэвтрүүлгийн одоо тийм хэлтэс бас тийм албан хаагчид байсан. Энэ чинь МАХН-ын төв хорооны дэргэд шашин суртал хариуцсан хэлтэс байдаг байсан. Энэ бүх улсууд бол тэр ард түмнийг шашингүй болгох талаас нь ажил явдлууд хүчтэй хийдэг байсан шүү дээ. Энэ бол бүх баримт, тэр хийж байсан улсууд нь ч сэрүүн тунгалаг одоо байгаа даа. Тэр улсууд юу гэж хэлдэг байсан юм. одоо бол энэ байдлыг юу гэж үздэг байгаа юм. Тэр бол одоо миний хариулах, миний хэлэх үг ч биш л байх л даа. Ер нь юм байдал бол нэг ийм л байж ирсэн гэдэг нь л одоо өөрөөр хэлбэл үзсэн гэрчийн үг юм даа. Миний үг бол.

Ариун-Ундрах -

Энэ шашин шүтлэг маань өнөөдрийн байдлаар ямархуу хэмжээнд байгаа гэж үздэг вэ?

Дамба -

Өнөөдрийн байдлаар бол миний бодоход энэ шашин шүтлэгүүд сүсэгтэн олны хүслийг хангаж байгаагаараа бол бас сайн талтай байна аа. Энэ төр засгаас бол бас энэ сүсэгтэн олон түмэн, ард түмний хүслийг биелүүлэхэд ингэж анхаарсан нь бол их сайшаалтай байна. Аа нөгөө талаар бас одоо сайн юмны хажуугаар саар юм гэж байдаг. Аа тэгээд одоо нэг саар юм нь юу вэ? гэх дээр зэрэг ерөөсөө энэ шашин суртахууны баттай, зөв мэдлэгийг олж аваагүй атлаа өө би тэгдэг, би ингэдэг ингээд л одоо хүний, ард түмэн, сүсэгтэн олны элдэв зүйлийн сэтгэлийг төөрөгдүүлж, юмыг нь гайтуулж авдаг. Аа ингэж тэгээд ерөөсөө зүгээр нэг амжиргаа, элдэв зүйлийн одоо тэр мөнгө төгрөг олох ч гэдэг юм уу яадаг юм. Амжиргаагаа залгахын тулд одоо эрээ цээргүй элдэв зүйлийн юм хийдэг улсууд бол маш их болсон. Одоо ингэхэд л жишээ нь энэ гандан хийдийн хажуугаар, энэ хэрэмний хажуугаар явж байхад бол тэнд ч нэг мөнгөөр зоос гүйлгэсэн хүн, энд ч бас нэг хуучны хэдэн зоос гүйлгэсэн хүн, тэнд ч одоо нэг хэсэг чулуугаар 41 чулуу татсан хүн. За тэгээд л элдэв зүйлийн тэгдэг ингэдэг гэсэн ийм ийм улсууд бол их болсон нь үндсэндээ шашны нэр хүндийг гутаасан. Аа түүний зэрэгцээгээр мөн бас иргэний үүрэг эрхээ ч тэр улсууд зөрчиж байгаа ийм буруу юм бол бас одоо Улаанбаатар болон бас хөдөө аймгуудад ийм нүүрлэсэн ийм буруу явдлууд бол бий. Энийг бол бас хямгадаж болих хэрэгтэй. Аа харин тэр сүм хийдэд одоо жишээ нь миний л бодож байгаагаар бол энэ Монголын бурхны шашны төв гандан тэгчилэн хийдийн дэргэд бол Шашны их сургууль гэж сургууль байна. Эндээс бол зохистой хичээлийн хөтөлбөртэй ингээд шашны эрдэм ухааныг сургадаг энэ том сургууль бол мөн олон удаагын төгсөлтөөр хөдөө орон нутгийн лам нарыг төгсгөөд орон нутагт нь ажиллуулж байна. Энэ сургуулийг төгссөн дипломтой, энэ ном юмыг унших эрхийг олж авсан хүн бол тэр зохисын дагуу ер нь одоо шашинд яаж хандах ёстой вэ? Мөн одоо тэр төр засагтай зөвшөөрсөн тэр журмын дагуу сүсэгтэн олны хүслийг хангаж ингэж хурал номын ажлыг үнэнч шударгаар зөв хийж байваас шашин зөв хөгжих, дэлгэрэх, мандах энэ бүхэн болох учиртай. Тэрнээс одоо хэн дуртай хүн ингэж би тэгдэг, ингэдэг гээд одоо тэгээд л бие биенийгээ дэвэргээд ингэж одоо тийм юм хийх нь бол зохисгүй явдал гэж боддог.

Ариун-Ундрах -

Бидний одоогоор социализмын үе гэж нэрлээд байгаа тэр тухайн үед шашингүйн үзлийг дэлгэрүүлж, ер нь шашингүй байх ёстой гэж хэлээд байгаа ш дээ. Тэр үед сүсэг бишрэлийг хааж байсан ш дээ тийм ээ?

Дамба -

Тийм.

Ариун-Ундрах -

Тэр үед хүмүүс өөрсдийн шашин шүтлэг, сүсэг бишрэлийнхээ энэ хэрэгцээг яаж хангадаг байсан бол?

Дамба -

Үгүй энэ социализмын үед бол хүн бол янз янз. Муу сүсэгтэй ч хүн байна, сүсэггүй ч хүн байна. Аа тэр социализмын үед бол сүсэггүй хүнийг чи сүсэгтэй бол гэж хэлдэг ёс ерөөсөө байгаагүй. Харин сүсэгтэй улсуудыг одоо та нар сүсэггүй бол гэж шашингүйн суртал нэвтрүүлгийг хийдэг байсан. За тэр нь бол ер нь ганцхан манай улсад ч биш агуу их ЗХУ ч гэсэн мөн одоо тэр шашингүйн суртал нэвтрүүлгийг их хүчтэй хийдэг байсан. Ер нь бол энэ Октябрын хувьсгал мандаж гарч ирэхдээ ч гэлээ гэсэн энэ шашныг бол тухайн үеийн католик, протестант зэрэг тэр шашнуудаа мөн эсэргүүцэж гарч ирсэн. Аа тийм учраас бол энэ Октябрын хувьсгалын хувьсгалчид чинь бол ерөөсөө тэр шашингүйн суртлыг баримталдаг шашингүйчүүдийн хувьсгал шүү. Тийм учраас бол Монголд түүнийг нь бас биелүүлж шашингүйчүүдийн эвлэл энэ тэр гэж 30-н хэдэн онд байсан тухай ахмадууд ярьдаг юм байна лээ. Ер нь тэгээд тэр үед бол социализмын үед бол шашныг ер нь энэ социалист орнуудад бол нэг их тэгэж бадруулж байгаагүй нь илэрхий. Сүсэгтэн олныхоо тэр нутаг орондоо, улс улсдаа жоохон хэм хэмжээнд нь л барьж байсан байх. Харин зүгээр энэ Польш, Чех зэрэг улсууд бол бас шашиндаа тийм хатуу хандаагүй болов уу? гэхээр гэрч нь одоо хүртэл байдаг. Аа тэр битгий хэл дэлхийн 2-р дайны үед ч гэсэн Чехосл улс католик сүм хийдүүдээ нураалгалгүй үлдсэн баримт нь одоо байгаа.

Ариун-Ундрах -

Тэр үед яг одоо тэр 700 гаруй сүм хийдийг устгасны дараа ч гэдэг юм уу хүмүүс нөгөө хувьдаа байсан бурхан энэ тэрээ ууланд аваачиж нуудаг ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар гэртээ бурхан байлгадаггүй байдлаар одоо юу гэдэг юм зовох ч юм уу тэгэж байсан гэж хүмүүс ярьдаг. Тэр ер нь ямар үндэслэлтэй вэ?

Дамба -

Өө тэр бол чухам үндэслэл нь бол шашингүйн болгохын л үндэслэл нь байсан байх. Аа биднийг бага байхад одоо 50-иад оныг хүртэл багаасаа хонь хариулж ингэж явдаг байхад бол уулын орой дээр ном, бурхан энэ тэр бол ингээд тавьчихсан байдаг байсан. Яагаад гэвэл гэртээ бурхан байлгаж болохгүй ээ гэж хэлдэг байсан. Аа зарим нэгэн айлууд бол гэртээ зурмал бурхан энэ тэрийг бол жаазанд хийгээд, урд талд нь Ленин, Сталин, Маршал Чойбалсан, Цэдэнбал дарга эд нарын зургийг томоор угаалгачихсан юм уу олон олон зурагнуудийг хийчихээд ард талд нь тэр зурмал бурхнуудаа хийчихсэн тийм айлууд манай нутагт их байсан. Манай аав ээж ч мөн тэдний нэг л байсан. Тэгээд зарим нэг улсууд нь бол яахав ууланд аваачаад тавьчихдаг. Харин хонинд явж байхад бол тэрийг их үзэж харахад сонин сонин гуулин бурхад, янз бүрийн л бурхны зүйл, номын зүйлүүд байдаг байсан. Тэгээд бидний эцэг эх бол сүсэгтэй улсууд байсан болохоороо тэрийг одоо эвдэлж хэмхэлж болохгүй, ном энэ тэрийг задалж салхинд хийсгэж болохгүй гэж хэлдэг байсан. Тэгээд тийм учраас бол одоо сүсэгтэй орчинд өссөн болоод ч тэр юм уу тэд бүгдийг бол эвдэж хэмхэлж байгаагүй. Зүгээр харин жаал үзэж харж байгаад тэгээд заримдаа тэрэнд нь цуглуулж тавьж нэг бороонд норчихоор энэ тэр байх юм бол нэг том чулуу энэ тэрээр хороо шиг юм бариад тэрний доогуур нь тавиад. Өдөржин хонинд явж байгаа хүн чинь юу хийж явахав. Хониноосоо түрүүлж уулын орой дээр гарчихаад, аа хонио бол тэр уулаад бэлчээчихээд, тэгээд л хониноосоо түрүүлж уулын орой дээр гарчихаад л тэрийг жаал оролдож байхад нөгөө өдөр өнгөрдөг л байсан. Тэр чинь сүсэгтэйдээ ч биш. Үндсэндээ тэгээд л өдөржин хонинд явахад чинь бол өдрийн уртад тун ч яггүй ажил байлаа ш дээ. Өвлийн цагт бол би бие жижигхэнтэй, муухан давжаа муу юм байсан болоод тэр байх. Тэр нохой хөтөлж явна. Нохой бол миний хань. Яагаад гэвэл нөгөө чоно нохойноос бол одоо тэр чоно хонинд ирэхэд нохой хөтөлж явдаг. Аа тэгээд нохойг чинь одоо жишээ нь нэг 3-4 удаа хөтлөөд явчих дээр дараагаар нь нохой чинь ерөөсөө шууд өөрөө дагаад л явчихна. Тэгээд буцаад гэр рүүгээ давхина гэж байхгүй. Орой харин тэр нохой чинь бас их ухаантай. Хонио хотлуулах гээд ингээд гэрт хүрэхэд нэг газар тэг дундын үе болоод ирэх дээр зэрэг нөгөө нохой чинь түрүүлээд хэвтчихдэг юм. Тэгээд гэрийнхээ гадаа оччихдог. Нохой их айхтар ухаантай. Тийм л байдаг байсан даа.

Ариун-Ундрах -

Монголчууд бол их зан заншил, өв уламжлалаа хадгалж ирдэг хүмүүс. Тийм ээ? Бусад улсаас арай өөр зан заншил бүх зүйлээ хадгалдаг.

Дамба -

Мммм.

Ариун-Ундрах -

Тэгэхээр яг энэ социализмын үед шашныг хааж боосонтой адилхан Монголчуудын зан заншлаас хааж боох бас өмнө нь байсан зүйлийг үгүйсгэх, бүр үгүй хийх ч юм уу тиймэрхүү зүйлүүд гарч байсан болов уу?

Дамба -

За мэдэхгүй ээ. Ер нь одоо тэр 30-40-өөд оны үеийнхийг нь бол ямар юмаа мэдэхэв. Хүүхэд байж. Аа 50-иад оны үе гэхэд бол үндсэндээ нэг их тийм Монгол хүний зан заншил, элдэв зүйлийн юмыг бол нэг их тийм улаан цайм хориод байсныг нь бол одоо бас мэдэхгүй юм аа. Ер нь бол харин ч одоо ийм юм шиг санагддаг юм. Монголчуудын энэ шашны хувцас хэрэглэл нь бол харин одоо энэ Энэтхэг, Төвдийн зан заншлаа дагаагүй. Харин Монголчуудынхаа зан заншлыг хувцас нь дагасан байдаг. За яагаад вэ? гэхээр Монгол бол одоо жишээ нь бас өндөр одоо Азийн цээжинд байдаг өндөр сэрүүн нутагтай, 4 улиралтай улс орон. Аа тийм учраас бол одоо энэ Монгол хүний хувцасанд бол жишээ нь шашны зан үйлээ шингээж хэрэглэсэн гэж хэлэх гээд байна ш дээ би. Яагаад вэ? гэхээр Энэтхэгт бол жишээ нь одоо ингээд дээлтэй лам гэж бол байдаггүй ээ. За мөн Төвдөд ч бас арай өөр юм. Энэтхэгээсээ арай өөр. Энэтхэгт бол одоо жишээ нь халуун учраас лам хүн бол ер нь одоо тэгээд шалдан биен дээр тэр орхимж юм уу дан одоо тийм даавуу хөдөрч ингээд л тэр хувцас нь болдог. Ингээд байхад бол Монголд одоо жишээ нь тэр дан орхимжийг энэ шалдан биен дээр өвлийн хүйтэнд нөмөрчих юм бол тэр хүн, лам амьд байж чадах уу? Тэгээд тийм учраас бол Монголд бол яахав гэхээр мөн үстэй дээлэн дээрээ орхимжоо, аа зуны цагт бол тэрлэгэн дээр орхимжоо ороодог. Ер нь тэгээд одоо Монгол лам хүний дээл бол ийм хэлтгий захтай байна. Энэ хэлтгий зах бол магадгүй ер нь дээр үед, мөн Чингис хааны үед ч гэсэн Монголчуудын үндсэн дээл одоо ийм хэлтгий захтай байсан байна. Аа зүгээр одоо энэ Монгол бидний харчуудын өмсдөг Монгол энгэртэй дээл бол Манжийн үед гарч ирсэн. Энэ бол 16-р зууны сүүл, 17-р зууны энэ үеэс ийм зөрүүлдэг энгэртэй товчтой энэ дээлийн энгэр бол ингэж гарч ирсэн шиг байдаг юм. За түүний зэрэгцээгээр бол одоо Монгол лам хүн бол тэгэхээс арга байхгүй. Одоо энэ Монгол гутал өмсдөг. Энэ бол Монголын үндсэн өөрийн нь хувцас нь. За өвлийн хүйтэнд одоо тэр зөвхөн гэрийн шаахай шиг юмыг Энэтхэг, Шриланк, Япон энэ тэрт бол хөлдөө углачихаад л болж байна. Өвлийн хүйтэнд хүн энэ гэрийн шаахай шиг юм хөлдөө углачихаад гадаа гараад үзэхээр хүн ер нь амьд байж чадах уу? Эрүүл байж чадах уу? Үгүй ээ тийм учраас бол эсгий оймстой Монгол гутлаа өмсдөг. Энийг бол одоо жишээ нь үндсэн хувцсаа хэрэглэдэг. Тийм учраас бол шашнаа бол хүндэтгэдэг. Лам хүн бол одоо тэр мөн шовгор улаантай өвөрмөц хувцсаа өмсөөд, орхимж энэ тэрээ бол дээлийнхээ гадуур боочихоод энэ бол лам хүн юм аа гэдгийг мэднэ. Тэгээд лам хүний өөрийн нь одоо тэр сахих ёстой нарийн сахилууд бол одоо жишээ нь гэнэн хүнд нэг өөр байна, гэцэл хүнд нэг өөр байна, гэлэн хүнд өөр байна. Гэх мэтчилэнгээр тэгээд бас одоо бурхны шашныг бол Монголчууд өөрсөндөө тааруулж Монголжуулсан гэж бол хэлэх үндэс бий.

Ариун-Ундрах -

Өмнөх Монголын түүхийг авч үзвэл 17-р зууны үед байх аа. Өндөр гэгээн Занабазар, Ойрадын Галданбошигт эдгээр хүмүүсийг Энэтхэгт байх аа аваачиж сургаж байсан гэж.

Дамба -

Аан тийм. Энэ одоо Өндөр гэгээн болон Ойрадын Зая бандид Намхайжамц энэ улсууд чинь бол одоогын энэ Төвдөд суралцсан. Энэтхэг биш. Төвдөд суралцаж байсан. Харин энэ нь бол юу вэ? гэх дээр зэрэг ер нь энэ ном юм сурахад бол аль ч улсын ард түмэн бол тухайн соёл хаана цогцолж их хөгжиж байна уу? тэр газар нь очиж сурдаг. Одоо ч гэлээ гэсэн манайхан чинь Америкт, Англид очиж л Англи хэл сурвал нэг сурсан болно гэж үзээд байгаа биз дээ. Одоо Бээжинд л сурвал нэг Хятад хэлийг сурсан болно. Японд л одоо жишээ нь Япон хэлийг сайн сурч болно энэ тэр гэж байгаа. Аа тэгэхэд бол манай улсын дотор бол мөн улсын их сургуульд Япон хэлний анги ч байна, Англи хэлний анги ч байна. Одоо гадаадын 9 хэлний анги байна. Тэгэхэд тэр тэр оронд нь очиж суръя гэж байна. Мөн тэрүүнтэй адилхан Монголчууд энэ Төвд хэл соёл шашныг бол суръя гэхдээ яг уугуул нутаг дээр нь очиж суръя гэсэн эрмэлзлэлтэй байсан. Энийг бол би буруу биш гэж боддог. Аль ч улс орны ард түмэн тэгэж байсан. Тэрүүнтэй л адилхан суралцаж. Тийм учраас бол тэр Галданбошигт болон Өндөр гэгээн энэ тэр Төвдөд суралцаж байсан. Түүгээр ч үл барам одоо бас нэг багшийн шавь нар байсан ийм учир байдаг.

Ариун-Ундрах -

Яг тухайн тэр үед Монгол Манжийн ноёрхолд автсан. Тэгээд Монголыг бол удирдаж байгаа хүмүүс шашин төрийг хослуулж байж, шашинтайгаа холбож байж тэр тухайн үеийн төрт байдлаа авч үлдэх ч юм уу тиймэрхүү байдлаар тэмцсэн байдаг ш дээ. Тийм ээ?

Дамба -

Тэгдэг.

Ариун-Ундрах -

Тэр талаар та...

Дамба -

Өө тэрэн дээр бол янз янзын л одоо бодол юм байдаг байна аа. Одоо манай түүхэд ингэж байгаа. Ер нь Хятадын түүхэнд бол ингэж байна. 14-р зууны үед Юань улсын эрхшээлд орсон явдал нь Хятадын түүхэнд том алдаа болсон гэж. Яагаад вэ? гэвэл нүүдэлчин Монголчуудын эрхшээл мэдэлд ингэж орсон нь бол Хятадын түүхэнд бол нөхөшгүй гэм буруу болсон гэж үздэг. Аа бас мөн тэр Хятадын өөрсдийнх нь хувьд бол зөв л байх л даа. Тэр чинь улс орон ямар нэгэн улсын эрхшээлд байсныгаа зөв, олсон ажил гэж бол хэлдэггүй. Аа түүний зэрэгцээ 2 дахь нь бол Хятадад бол ингэдэг. 17-р зууны үеэс 1910 оныг хүртэл Манжийн эрхшээлд 200 гаруй жил болсон нь бол бас Хятадын түүхийн том алдаа. Хойшид яагаад ч давтаж болохгүй шүү гэж хэлдэг. Одоо өөрснийх нь дунд сургуулийн сурах бичгэнд ч гэсэн байна лээ. Монгол бичгээр бичсэн сурах бичгүүдэд нь байна лээ. Одоо тэгэж бичдэг юм байна. За тийм учраас бол Хятадууд ерөөсөө Юань улсын үеийн түүхэн явдлууд ч гэлээ гэсэн мөн харийн түрэмгийлэгч ч гэх юм уу, харийн Хятад биш үндэстэн гэж Монголыг үзэхээс аргагүй биз дээ. Монголыг чинь Хятад гэж яагаад ч хэлж болохгүй биз дээ. Тэгээд Юань улсын хаан чинь Хубилай хааныг чинь Хятад хаан гэж хэлж болохгүй биз дээ. Нэг үе бол Хятадын хаан, Хятад гэх мэтчилэнгээр хэлж байснаа одоо бол арай бас өөр болоод байх шиг байгаа юм. Тэгээд ийм эрхшээлд ингэж байсан. Энийгээ давтаж болохгүй ээ гэчихээд тэгээд 17-р зууны Манжийнхийг нь одоо хэлэх гэж байна ш дээ. Аа Манжийн үед бол яахав гэх дээр зэрэг Манжид одоо ингэж захирагдсан явдал бол Хятадын түүхэнд нөхөшгүй юм гэж. Энэ Хятадуудын хэлдэгээр бас зөв байж болно. Ямар ч улс гүрэн өөр орны эрхшээлд нь орсныгоо сайн гэдэг улсууд ч байдаг л байх. Саар гэдэг улсууд ч бас байдаг л юм байна. Тийм учраас Манжийн түүхийг Хятадууд бол маш их одоо Манж нарыг бол дарангуйлагч гэж үздэг. Аа манайхан бас үзэх дээр зэрэг тэр Хятадуудын хэлдэг үгээр Манж нар бол дарангуйлагч гэж хэлдэг. Тийм байх л даа. Тэр дарангуйлсан үе нь бол ерөөсөө үнэн. Манж тэр манайхыг битгий хэл Хятадыг хүртэл яаж байсан. Азийн олон одоо тэр том их хэмжээний газрыг ноёрхож байсан. Аан тэгээд харин нарийвчилж бодох юм бол Монголчуудыг Манж нар хэтэрхий их дарлаж байсан гэдэг нь бол бас эргэлзээтэй гэж хэлж болох зүйлүүд бий. Яагаад вэ? гэвэл Манжийн үед Монголын газар нутагт газрын хөрсөн дорх эрдэнийг Манж нар авсан уу? Ингээд том том одоо вагоноор ч гэдэг юм уу, элдэв зүйлийн аргаар одооны манай алт олборлож байгаа шиг ийм юм Монголд Манжийн үед ч байгаагүй, ардын хувьсгалын үед ч байгаагүй. 1990 оноос хойш л боллоо ш дээ. Тэгээд энэ бүхнийг бол одоо жишээ нь. За түүний зэрэгцээгээр энэ Хятадууд л Манж нарыг үзэн яддаг үзлээр Монголчууд Манжийн үеийн одоо тэр Манжийн түүх соёлд бол яг тэгэж үзэж би бол болохгүй гэж боддог. Аа Зөвлөлт болон Орос улс бол Манжийн тэр ноёрхлыг бол энэ одоо Хятадуудын хэлж байгаа, Монголчуудын хэлж байгаагаар л үздэг. Өөрснөө Манжтай бол Орос орон ямар ч холбоогүй учраас тэр талаар бол хамаагүй дугардаггүй. Бас тэдний ч зөв. Аа зарим зүгээр Хятадын тухай ярих, Монголын тухай ярихад Манжийн тухай дурдахдаа бол ихэвчлэн Хятадуудын бодлогоор дугардаг. Тийм учраас Манж нарыг Хятадууд 1910 оноос хойш бол Манж үндэстнийг бүгдээрэнг нь Хятадын нутгаар тараагаад байхгүй болгосон. Тэрийгээ бол том ололт гэж үздэг. Одоо Манж хүн бол зүгээр анкетан дээр Манж үндэстэн гэдгийг нь бичүүлдэг. Одоо Манж хэлээ мэддэг хүн бараг байхгүй болсоон гэж Хятадын хэвлэлүүдэд бичээд байдаг. Аа сүүлийн үед бол Манж хэл сургаж байна аа гэж бичиж л байгаа юм. Тэгээд ийм л байдаг юм байна лээ.

Ариун-Ундрах -

Та 1970-аад оны үеэс энд ажиллаад тэрнээс хойш энд ажиллаж байх хугацаандаа ер нь ямар ямар чухал ажлууд хийв гэдэг талаараа дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?

Дамба -

Өө би энд одоо Ганданд нэг их тийм чухал ажил хийчихсэн юм надад бол байхгүй Ямар юмаараа чухал байхав. Тэр үед бол сургуулийн ажлыг л сайн хийх хэрэгтэй. Оюутан залуучуудыг шашин суртахууны ном энэ тэрийг сайн сургах хэрэгтэй ийм би. Аа мөн буруудаж байсан явдал бий л дээ. Яагаад вэ? гэх дээр зэрэг одоо анхны сургалтын төлөвлөгөөн дээр ийм байдаг байсан. Шашингүйн суртал нэвтрүүлгийн хичээл, Марксист-Ленинист философи, биеийн тамирын хичээл, МАХН-ын түүх ийм хичээлүүд ордог байсан. Одоо тэр хичээлийн төлөвлөгөөн дээр бий. Эхний ангиудынханд орж байсан. Одоо энэ Чойжамц хамба, энэ Ламбажав хамба энэ тэрийнхд орж байсан байдаг юм. Аа би бол эднийг 3-р курст байхад нь ч ирсэн байх аа даа. За 2 дахь элсэлтийнхнээс эхлээд энэ хичээлүүдийг бол үндсэндээ зөрчиллөж байна гэж би тухайн үедээ бодоод, аа мөн Гандан хийдийн захиргаа, аа тэр тухайн Чүлтэм захирал энэ тэртээ ярьдаг байсаан. Нэг хичээл дээр одоо энэ бурхан шашин чинь хэрэгтэй юм аа. Ийм тийм түүхтэй. Монголчууд шүтэж байжээ. Ингэж хичээл заачихаад нэг хичээлд ерөөсөө энэ шашин шүтэх чинь буруу юм. Энэ хэрэггүй юм гэж ийм хачин хичээл сургууль байж бол яагаад ч болохгүй дээ гэж Хамба лам гуай, Гомбожав гуайд хэлдэг байсан. Чүлтэм гуайд хэлдэг байсан. Тэр ч нээрэн тийм шүү. Одоо түүнийг шашны зөвлөл, тухайн үеийн төр засгаас ингээд л шийдчихсэн байгаа юм энэ тэр гэж ингэж хэлж байсан. Тэгээд тэр хичээлийг нь бол хойшлуулаад оронд нь өөр хичээл. Одоо яахав Монгол улсын түүх, үндсэн хууль энэ тэр энэ хичээлүүдээ бол оруулдаг байсан. Энэ бол байх ёстой юм гээд. За ингэж байсан чинь нэг удаагын энэ шашны зөвлөл дээр миний ажил байдлыг авч хэлэлцсэн. Аа тэгээд бол одоо тэгэж тэгэж байснаа яахав ингээд ажлаа хийж байсан. Тэгээд бол бас намайг тэр үед тэр удирдлагууд бас буруушааж байсан. Яагаад вэ? гэхээр чи бол дэндүү залуу хүн байж их ламсуу байна аа ерөөсөө. Чи одоо энэ залуу хүн, энэ МАХН-ын бодлогоор өсөж хүмүүжсэн гэхэд эндүүрмээр. Одоо чи тэгээд өвгөн лам нартай их найзархаж, гэр орноор нь их ордог гэнэ энэ тэр гэж тэгэж байсан. Үгүй ээ тэр бол ч одоо өвгөн лам нарт би сайн байсан нь бол үнээн. Би тэднийг үзэн яддаг байгаагүй ээ. Яагаад вэ? гэвэл миний аавын ах энэ Гандан хийдийн лам байж байгаад нас барсан юм. Тэр хүн бол 1946 онд хуралд хураад, тэгээд 1974 онд нас барсан юм. Тийм учраас тэр манай аавын ах ламын танил лам нар. Тэр лам нар чинь. Тэгээд бол одоо тэр өө их хөмсөгтэй ламын зээ гэж надад тэр лам нар бол хөөрхий одоо их сайн байдаг байсан. Тэгээд ер нь яагаад ч юм. Би тэгээд уулаасаа тийм хөгшин хүнд нэг их муудаад яваагүй болоод ч тэр юм уу. Тэрийг бол зарим улсууд ерөөсөө энэ ер нь их дэвшилтэт үзэлтэй биш, хоцрогдонгуй хүн гэж мэдээлж байсан байдаг. Аа тэрийг бол манай анхны ангийнхан болон энэ дараа дараагын ангийнхан энэ тэрийн оюутнуудаас тодорхой сүүлд нь улсууд хэлж байсан. Тийм тийм хүн одоо мэдээ өгдөг байсан. Өөрийн чинь тухай ийм ийм мэдээ тэр Хишигтний зөвлөл дээр хэлсэн, бичиж өгсөн энэ тэр байна лээ шүү гэж хэлж байсан. Тэгээд тэрнээс болоод л удирдлага энэ бол бас л нэг болдоггүй үл бүтэх нөхөр байна гэж ойлгож байсан байх. Тэгээд мөн түүний зэрэгцээгээр Марксист-Ленинист философи, шашингүйн суртлын хичээл, МАХН-ын түүх, биеийн тамирын хичээл оруулсангүй. Одоо чи хассан байна гэж үнэхээр намайг зэмлэсэн. Тэр ч одоо бас тэгээд л үндсэндээ миний буруу болохоос арга байхгүй. Тэрэнд би тэр том удирдлагын өөдөөс ёстой нохойн гөлөг. Би тэр өөдөө бол дэмий. Тэгэнгүүт нь одоо ч аминдаа бол одоо ингээд биш боллоо гэдгийгээ хэлж. Шашны сургуулийн дотуур савлуур, биеийн тамирын хэрэглэлүүдээ энэ модон дотор хэдийн тавьж одоо биеийн тамирыг ингэж хийлгээд. Тэрнээс одоо энэ чинь лам хувцастай хүүхдүүдийг чинь энэ хашаан дотуур ингээд л гүйлгэж байх уу? Биеийн тамирын хичээл хийлгэж байна аа гээд л элдэв зүйлийн юм болгож байх уу? Энэ чинь бас нэг өөр юм. Аа харин лам хүний биеийн тамирын хичээл нь юу вэ? гэх дээр зэрэг сунаж мөргөөд, гэртээ өглөө эрт босож мөргөөд, орой унтахаасаа өмнө мөргөөд. Үндсэндээ лам хүний биеийн тамир нь өөртөө байдаг. Тэрийг бол би энэ өвгөн лам нараас мэддэг. Тэгээд тэрийгээ хийж бай гэсэн. Тэрийг бол нөгөө шашингүйн суртал нэвтрүүлэг ноёлочихсон. Тэгээд бидний удирдлагууд чинь голдуу Марксист үзэл бодолтой, ихэнхи нь тийм улсууд болох дээр зэрэг бол ерөөсөө энэ бол одоо энэ шашны холбогдолтой, лам нарын холбогдолтой зүйлүүд бол ихээхэн одоо өөрчлөх хэрэгтэй энэ тэр гэж ярьдаг байсан. Тодорхой хүн би шашны зөвлөлд энэ лам нар, энэ залуучууд энэ тэрийг Монгол гутал битгий өмсүүл энэ тэр гэж, лам хүүхдүүдийн хувцсыг өөрчил энэ тэр гэж надад үүрэг даалгавар өгч байсан улсууд одоо бий. Тэр улсууд одоо зарим нь ч амьд байгаа. Аа тэгээд бол үндсэндээ өөрчлөхийн аргагүй юм аа энийг чинь одоо гэж хэлэх дээр зэрэг бол энэ дэвшилтгүй хүн гэж яаж байгаа юм. Тэрийг би бол одоо тэр ахмадуудыг үзэн ядаж байгаадаа хэлж байгаа юм биш. Шаардлага бол тийм байсан. За үнэндээ тэр шаардлагаар нь хувьсгалчаар ажиллаж байгаагүй нь бол миний буруу л байх. Тэрнээс бол өөр одоо хэрэв би өөрчилсөн бол ямар хувцас ингээд ингэе гээд л пижигнүүлэх юм бол тэр үед бол эрх нь үндсэндээ бол байсан шүү, надад бол. Одоо Монгол тэрлэг шиг юм өмсүүлье ээ гээд юм уу, аа дор бүрд нь одоо жишээ нь цагаан ултай гутал өмсүүлье ээ гэчихэд бол ер дээд шашны зөвлөл болон дээд газраас бол тэрийг эсэргүүцэхгүй байсан.

Ариун-Ундрах -

Та тэр тухайн үеийн МАХН буюу намын байгууллагын талаар ярьж өгөхгүй юу?

Дамба -

Үгүй ээ намын байгууллага бол яахав тэр үедээ тэр намын дээд удирдлага нь л юу гэж байна уу? доод удирдлагын улсууд бол ерөөсөө тэр ажлыг л идэвхитэй, үнэн сэтгэлээр хийдэг байсан. Одоо ер нь бас нэг талаар бол ер нь ямарваа юманд бол хоёрдмол, гуравдмал үзэл бодолтой болгодог явдлыг бол би энэ буруу гэж боддог юм шүү. Одоо манай улсын хэмжээнд 17-18 нам байна гэж байгаа юм. Одоо энэ телевизээр ч ярьдаг, бичдэг. Энэ бол одоо ерөөсөө Монголын ард түмнийг бол үзэл бодолгүй болгож, ёстой үрэн таран хийж, 70 толгойтой могойны үлгэр болгож байгаа. Энэ бол хамгийн буруу. Ямарваа хүн бол нэг үзэл бодолтой л байх хэрэгтэй. Үгүй ээ жишээ нь сурвалжлагчынхаа өмнөөс эвгүй, буруу юм би нэг хэлье л дээ. Үгүй ээ чи одоо жишээ нь нэг нөхөртэй байх нь дээр үү? Чи хоёр нөхөртэй байх нь дээр үү? Айн. Мхмхм гэдэг чинь 2 нөхөртэй байна гэж байгаа юм уу?

Ариун-Ундрах -

Нэг, нэг.

Дамба -

Тийм үү?

Ариун-Ундрах -

Аанхан.

Дамба -

Тэгвэл одоо жишээ нь энэ улс чинь нэг л удирдлагатай байя л даа. Тэгээд нам гэж юм байх хэрэгтэй юм бол нэг л намтай байя. Шашин гэж байх ёстой юм бол нэг л шашинтай байя л даа. Бурхны шашинтай л байя. Ийм л баймаар байгаа юм. Тэрнээс одоо тэрийг чинь тэгэж хэд хэд болгочихоод, тэгээд дунд нь ингээд ацан тээг болгоод, ингээд эв нэгдэлгүй болгоод. Энэ чинь ерөөсөө л бусад нөгөө харийн шашинд ч хорлол хийж байгаа юм. Өөрийн шашиндаа ч хорлол хийж байгаа юм. Яагаад вэ? гэхээр ингээд жишээ нь Улаанбаатарт Христосын одоо 20-иод сүм байна. За тэгэхэд чинь тэд нар бол бараг энэ бурхны шашны сүм хийдийг үзэн ядах бодолтой, үзэлтэй болчихсон байна. Өө тэрний зэрэгцээгээр мөн бурхны шашны лам нар чинь үгүй ээ эд нар чинь одоо энэ Христосын шашинтныхан чинь юу гэж бидний шашныг үзэн яддаг юм бэ дээ гэж байна. Үгүй ээ бид нар чинь нутаг орон дээрээ байна. Ард түмэнтэйгээ байна. Уулаасаа шүтэж байсан. Тэр сүүлд орж ирээд одоо бараг биднийг гар гэж гэрээс хөөж байгаатай адилхан юм болох нь ээ гэж ингэнэ биз дээ. Ингээд л хоорондоо бурхиралдаж байхад чинь, ингэж Монгол түмэн бие биенийгээ үзэн ядаж байх хэнд хэрэгтэй юм бэ? Энэ Монгол түмэнд хэрэгтэй юм уу? Аль нэгэн гадны атгандаа оруулах гэсэн улс төрийн бодлоготонд хэрэгтэй юм уу? Энийг бол би төгс хариулж чадахгүй байна. Энэ бол эргэлзээтэй. Ийм гашилчихсан бодолтой, одоо төр улс маань ч ийм болчихоод л ингээд л байна ш дээ. Ямар нэгэн цэгцтэй улс бол өөрийн шашинтай, суртахуунтай, ард түмэнтэй, эх оронтой байх хэрэгтэй.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.